Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганхуяг: Хөрөнгө оруулагчид манайхыг том зах зээлийн дэргэд байгаа гэдгээр нь л ирдэг юм шүү

Сангийн дэд сайд асан, Хас Банкны үүсгэн байгуулагч, “Ард” санхүүгийн
нэгдэлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.

-Эдийн
засгийг эрчим­жүүлэх 100 хоног дуус­чихлаа. Хүмүүс сайн муу янз бүрээр ярьж байна?

-Монголын эдийн засаг хэдий жижиг ч гэсэн зах зээлийн үндсэн суурь
болсон итгэлцлийг бий болгоход 100 хоног хангалттай биш л дээ. Тодорхой ажил хийгээд
үр дүнг нь харахад яаж ч бодсон хангалттай хугацаа биш гэдгийг бүгд мэдэж байгаа
байх. Засгийн газраас 100 хоног итгэлийг бий болгоход зориулсан хугацаа байж болох
байсан ч энэ тал дээрээ төр зангидсан гар шиг нэгдэж чадсангүй гэж бодож байна.
Засгийн газрын зүгээс 100 хоногийн ажлыг санаачлан хийж болно. Хувийн хэвшлийг оролцуулж  болох­гүй байсан зүйлсээ ярилцан ажил явуулах,
эдийн засгийг идэвхжүүлэх тал дээр гацаанд орсон хуулиудыг бат­лах тал дээр ажиллаж
боло­хоор байв. Гэтэл өнөөдөр 100 хоно­гийн хугацаа нь дуус­чи­хаад байхад Их хурал
нь зав­сарласан хэвээрээ л байгаа шүү дээ. Бидний олимпийн ганц найдвар гэгдэж байсан
Оюутолгой компани зургадугаар сарын 30-нд ТЭЗҮ-ээ өргөн барьж, есдүгээр сарын
30-нд дараагийн зур­гаан тэрбум долларын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж
байсан ч тэгсэн­гүй. Зургадугаар сарын 30-наас хэдхэн хоногийн өмнө татварын байцаагч
очоод 130 сая долларын торгууль тавьж байгаа нь асуудлын эрэмбэ хаана явааг харуулж
байгаа хэрэг. Энэ улсад жолоодлого, манлайлал, удирдлага гэж байгаа юу гэдгийг ойлгоход
тун бэрх болсон.

-Долларын
ханш өссөөр байна. Өмнө нь 1700 хүрсэн доллар 400 орчим төгрөгөөр бууж байсан түүх
бий. Энэ удаа хэд хүртлээ буух боломжтой вэ?

-Цаашид долларын ханш яах вэ гэдэг нь өөрөө хүлээлт үүсгэчихдэг юм.
Тэгэхээр ингэнэ тэгнэ гэхэд бэрх. 2009 онд дэлхийн эдийн засаг хямралд өртөхөд Мон­голын
үндэсний валют суларч, хоёр банк дампуурч байхад долларын ханш 1300 төгрөгөөс огцом
дээшилж 1700 шүргээд сарын дотор буцаан тогтворжуулж чадсан. Засгийн газар, Монголбанк
холбогдох газрууд нэг зорилго чиглэлтэй, нэг баг болж ажил­лаж чадсаны үр дүн байлаа.
УИХ-аараа төсвийн тодотголыг хийж, гадаадаас орж ирэх тусламжийн мөнгийг батлуулж,
Засгийн газар, Мон­голбанк уялдаатай ажил­лаж, төсвийн болон мөнгөний бодлогыг зөв
хэрэгжүүлсний дүнд төгрөг тогтворжиж улмаар 2010, 2011 оны эдийн засгийн өсөлтийг
бий болгосон. Экспортын хэмжээ нэмэгдэж, гаднаас ихээхэн хэмжээний валют орж ирэх үед
эсрэгээрээ бидэнд 2010, 2011онуудад төгрөг хэт чангарах аюул нүүрлэж байсан. Тухайн
үед төгрөгийн хэт чангаралтаас эдийн засгаа хэрхэн хамгаалах вэ гээд ажлын хэсгийг
Монголбанк Сангийн яаман дээр байгуулан ажилласан. Тэр үед өнөөдрийнхөөс эсрэг зовлон
бидэнд учирч байлаа.

-Гадны хөрөнгө оруулагчид
өмнөх оноос 63 хувиар багасчихсан гэдгийг Я.Содбаатар гишүүн хэлж байсан. Үнэхээр
тийм зүйл болоод байна уу?

-Өнөөдөр бидэнд итгээд мөнгөө бариад ирэх хүн алга болжээ гэдгийн нэг дохио
энэ юм. Манайхан орчноо сайн мэдрэхгүй байна. Бид зэс, нүүрс гээд одоо яриад бүх
зүйлээрээ дэлхийгээс сондгойрч онцгойрохгүй. Монголыг сонирхох гол шалтгаан нь зах
зээлийн эдийн засгийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн, бизнес явуулах боломжийг
20 жилийн дотор бий болгож чадсан улс гэдэгтээ байгаа юм. Хятад гэдэг том зах зээлийн
дэргэд байгаа гэдгээр нь л манайхныг зорин ирж байгаа. Гэтэл “Эдийн засгийн алуурчид”
гэдэг номыг орчуулж тавиад “Тэд орж ирвэл биднийг шулж дуусах нь. Монгол Улсыг алах
нь байна” гэж бидний гараар өөрсдийг маань боолгож, жинхэнэ утгаараа эдийн засгийг
элгээр нь хэвтүүлж байна. Манай залуус гадаад хүнийг хараад “Энэ хүмүүс биднийг
мөлжихийн төлөө ирсэн” гэдэг сэтгэхүйтэй болчихож. Үүнийг нь мэддэг улстөрчид нь
гадаадын хөрөнгө оруулагчдыг муулж оноо авдаг болсон нь харамсалтай. Ам л нээвэл
“Бүгдийг Монголдоо үйлдвэрлэнэ” гээд явж байна. Монгол Улс энэ дэлхийн хамтын нийгэмлэгийн
нэг л гишүүн нь юм. Өөрийн гэсэн онцлог давуу талаа ашиглан өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг
хөгжүүлж,бүхнийг биш чаддагаа хийж олсон орлогоороо бусад орны эдийн засагт гарсан
сайн зүйлсийг авч хэрэглэдэг гэсэн ойлголтыг үгүй хийж бүр хүй нэгдлийн үе рүү явуулж
байна гэсэн үг. Дэлхий нийтийн тогтолцоонд бид байраа олж байж манай орон уул уурхай,
аялал жуулчлал, хөдөө аж ахуйн улс гэдэг ч юм уу нэг зүйлээ л сайтар барьж авах
ёстой. Гурван сая хүн амтай улс бүхнийг өөрсдөө хийгээд явна гэдэг яаж ч бодсон
утопи гэдэг нь ойлгомжтой.

-Манай орны бизнесийн
хамгийн том хөрш бол Хятад.  Гэтэл Хятадын
зах зээлийг хүлээж авах нийгмийн сэтгэлзүй бүрдээгүй юм биш үү?

-Гадныхан Хятадын зах зээлд Монголын урдуур нүүрсээ зарах гэж улайрч байгаа
гэдгийг бид ойлгох ёстой. Хятад бол дэлхийн хамгийн том зах зээл. Бид хувийн харилцааны
асуудлыг бизнест оруулах нь дэмий. Бид хятадуудад дургүй байж болно. Гэхдээ бид
өөрсдөдөө ашигтай бизнес явуулах хамгийн том боломж Хятад юм шүү гэдгийг харж сурах
хэрэгтэй байна. Хий хоосон цээжээ дэлдэн Хятадыг үзэн ядах үзэлд автаад байвал хаашаа
ч явж чадахгүй. Монголын иргэд баян, залуус нь боловсролтой болж байж Хятадаас дээгүүр
гарч монгол хүн бусад орнуудын иргэдээс сайхан амьдрах боломж бүрдэх ёстой. Тэгэхийн
тулд бид ухаалаг байх хэрэгтэй. Хөдөлмөрлөх шаардлагатай. Уужим сэтгэх хэрэгтэй.

-Долларын ханш хэд
хүртэл буух боломжтой байгааг танаас дахин асууя. Энэ талаар ярьчих болов уу гэсэн
эдийн засагчид үг унагахгүй байна?

-Доллар цаашид хэд хүрнэ гэдгийг шууд хэлэх хэцүү л дээ. Өнөөдөр бид ямар
бодлого явуулахаас л доллар цаашид хэрхэх нь тодорхой болно. Үндэсний валютын хувьд
тухайн улсын эдийн засгийн бодлогыг нь гадны улсууд болон манай иргэд хэрхэн үнэлж
байгаагаас шалтгаална. Үндэсний валют бол тухайн эдийн засагт итгэж буй итгэлийн
илрэл. Эдийн засаг хэр халуунтай байгаагийн хэмжүүр. Өнөөдөр төгрөгт итгэхгүй байна
гэдэг нь төгрөгийн худалдан авах чадвар, цаана нь баталгаажих эдийн засгийн хүч
нөөцөд итгэхгүй байна гэсэн үг. Товчхондоо энэ Засгийн газрын бодлогод, энэ Засгийн
газрын гишүүдэд итгэхгүй байгаа юм. Эдийн засгийг хэт улс төржүүлэх нь буруу байдаг.
Чөлөөт эдийн засагтай улсад төр нь хувийн хэвшлийнхээ өмнөөс гүйж ажил хийгээд байх
зохимжгүй. Дотроо хагаралдаад нүх ухаж байгаад бие биенээ түлхэж унагаад байх нь
тухайн улсад итгэх итгэлийг үгүй хийдэг. Үүний нэг илрэл нь төгрөг. Итгэлийг хэрхэн
олж авах вэ гэдэг асуудал тулгараад байгаа.

Стратегийн хөрөнгө оруулалтын хуулиа өөрчлөөд нэлээдгүй хугацаа өнгөрлөө.
Уул уурхайтай холбоотой хуулиуд, Үнэт цаасны тухай хуулиа батлан гаргаад хэрэгжүүлж
эхэлсэн. Эдийн засагтай холбоотой гайгүй хэд хэдэн хуулийг цогцоор нь гаргасан.
Гэсэн ч байдал өөрчлөгдсөнгүй. Өнөөдөр дорвитой арга хэмжээ авахгүйгээр ажил явахгүй.
Засгийн газрыг тогтвортой байлгана гэдэг нь муу юмыг тогтвортой байлгана гэдэгтэй
агаар нэг.

-Таныхаар тэгээд
ямар гарц ажиглагдаж байна вэ?

-Улс төрийн шийдэл хэрэгтэй. Ноднин би гарах гарц байна гэж ярьж байсан.
Тэр нь гэхдээ Засгийн газар унахаас наагуур зүйл байсан. Н.Алтанхуяг сайд чемодандаа
хувцсаа хийгээд, онгоцонд суугаад Орос, Хятадаас тодорхой хэмжээний концессуудыг
хэлэлцэж авч ирэх ёстой байлаа. Таван толгой, Чалкогийн асуудал ид яригдаж байсан
үе. Си Жиньпин даргатай уулзаж “Та нар энэ жил авах ёстой байсан 30 сая тонн нүүрсээ
аваач ээ. Авахдаа өмнөх Засгийн газрын үед хийсэн хэлцлийн үнээр аваач” гэж гуйх
байсан юм. Өнөөдөр хариуцлага тооцож байж шинэ сайдууд гарч ирэн мэргэжлийн технократ
Засгийн газар бүрэлдэж байж ажил явна. Сонгуульд ялахын төлөө явдаг Засгийн газрын
шийдвэрүүд буруу байдгийг хангалттай харлаа. Манай нам засаг барилцаж байхад ямааны
50 тэрбум төгрөгийг сонгуульд ялсан жилдээ өгч байсан. Тэгэх шаардлагагүй байсан
юм. Ийм популизм хийж болохгүй. Одоогийн Засгийн газрын нөхдүүд ч гэсэн яг адилхан.
Арай жаахан ухаантай байх болов уу гэтэл яг адилхан. Бонд оруулж ирээд л тараагаад,
цацаад дуусгалаа.

-Чингэс, Самурай
бондын үр дүнгийн талаар та юу бодож байгаа вэ?

-Надаас асуултгүй бүгд л харж байна. Өнөөдөр бид Таван толгойн уурхайд төр
оролцоод юу болдгийг харлаа. Гадны компаниуд орж ирээд хөрөнгөө оруулаад явъя гэхээр
манай улс төрчид шийдвэрээ гаргаж чадаагүйн улмаас ийм байдалд хүрсэн. Манай иргэд
гадны компанийг
хадны мангаа гэж хардаг болсноос ийм болсон. Гадныхныг болохоор бүх зүйлийг зөөгөөд
дууслаа гэдэг. Төр нь авахаар энэ хэдэн дарга нар нь хуваагаад идчихлээ гэдэг. Одоо
бид яах ёстой юм. Хэн нэгэн хүнд өгөхөөр энэ муу авлигач, олигархи гээд барьж идчих
гээд байдаг. Бид харин зүгээр л хараад сууж байя гэсэн ганц гарцтай болчихсон. Нэг
нөхөр орж ирээд цариг гээд монголчуудыг айлгадаг. Юу юугүй хятадууд орж ирээд Монголыг
хувааж идэх гэж байна гэсэн айдсыг бий болгодог. Бидний мэдлэг, мэдээлэлгүй байгаа
дээр айдсын тоглолт хийж байна. Нөгөө талдаа манай хэдэн дарга нар өөрсдөө хэд хэдэн
том машин худалдаад авчихсан. Улсын компанийн нүүрсийг хямдхан худалдаж аваад Хятад
руу зөөж машины түрээснээс мөнгө цохьдог бизнестэй. Тиймээс гадны компанид өгчихвөл
тэр бизнес нь хаагдана гэсэн өчүүхэн хувийн эрх ашгийн үүднээс ажлыг зогсоож байна.
Миний, таны хүүхдүүдийн ирээдүй, сайхан амьдрах боломжийг хааж байна. Энэ бол бидний
тэнэгийн балаг. Үүнд нь Монголын ирээдүй болсон үр хүүхдүүд чирэгдэж байгаа нь харамсалтай.

-Хоёр хөршийн төрийн
тэргүүний айлчлал ямархуу үр дүнтэй болох бол. Эдийн засгийн хувьд хувьсгал гарах
уу?

-Өнөөдөр би шийдвэр гаргадаг байсан бол энгийн зүйлс л ярих байсан. Орос
Украины байдлаас болоод нэлээд хавчигдмал байдалд орсон. Энэ нь Хятад руу гараа
сунгах, Хятадтай ойртох боломжийг нээж өгсөн. Хятад энэ боломжийг өөрт ашигтайгаар
шийдэж Оростой харилцаагаа зузаатган АНУ, Европыг шахах бодлого явуулж байна. Энэ
дунд Монгол яах вэ. Тэгэхээр эдгээр орнууд Монголыг байх ёстой байранд нь оруулъя
гээд манайд айлчилж байна. Америкт дохио өгч байна. Манайх гуравдагч хөрш гээд л
байдаг. Үнэндээ бид Хятадын хойд, Оросын өмнөд хөрш. Бид хаашаа ч явахгүй гэдэг
дохио. Үнэндээ Буш нэг өдөр манай оронд зогсоод л явсан. Өгч буй ач холбогдлыг нь
бид бодитоор харах ёстой. Нэгэнт Хятадын зуун эхэлсэн энэ үед амьдарч байгаагийн
хувьд бид тооцоондоо оруулах хэрэгтэй. Айлчлалын үеэр бид том зүйл яримааргүй байгаа
юм. Хийн хоолойг улиг болтол ярилаа. Үүнийг бидэнтэй бидэнгүй шийдчихнэ. Нүүрсээ
зарах тухай гуйх хэрэгтэй.

Хоёр хөршийн тэргүүний айлчлал тэр бүр болоод байдаггүй тул үүнийг бид шүүрч
авах ёстой. Монголчууд нэгдэж байгаад асуудлуудаа шийдэх ёстой. Манайхан айлчлалыг
хэр үр дүнтэй болгох вэ гэсэн чин сэтгэлээс хамаарч айлчлалын үр дүн төдий чинээ
гарна.

-Монголын эдийн
засаг хэр хугацаанд сэргэх боломжтой байна вэ?

-Манайхан Ерөнхийлөгчийг дагаж Япон явлаа. Их тэнгэрийн аманд хөрөнгө оруулагчдыг
аваачиж хурал хийлээ. Тэр хүмүүс мөнгөө өгч байгаа нь хаана байгаа юм. Бидэнд итгэхгүй
байна. Итгэл төрүүлэхүйц хүмүүсийг гаргаж ирээд нүүрийг нь угааж байгаад манайхан
энэ хүмүүсийг тавьчихлаа. Арай өөрөөр ажиллана, та нарын эрх ашгийг хамгаална, дахин
та нарыг гомдоохгүй гэсэн мэдэгдлийг хийх ёстой. Эдийн засгийн форум, хөрөнгө оруулалтын
чуулганаа хийлээ. Бүгдийг нь буруу хийгээд байх юм. Нүүрээ хичнээн сайхан угааж,
зангиаг нь солиод ч нэмэргүй. Гурван удаа хулхидуулсан хүмүүс шинэ хүнтэй л харилцана
гэж байна. Бизнесийн байгууллагууд эсрэгээр дуугарвал хүчний байгууллагууд нь барьж,
хорьдог, хүчирхийлдэг айдастай нийгэм рүү татаж байгааг би буруу гэж үздэг. Тухайлбал
Ерөнхий сайдын ахлах зөвлөх байна. Энэ хүн мөнгө идчихлээ гээд хэвлэлээр зарлачихдаг.
Дараа нь бариад хорьчихдог. Ард түмэн “Муу хулгайчийг барьчихаж” гээд сүйд болдог.
Ингэж болохгүй шүү дээ. Манайд нэг нэгнээ ангуучлах ажиллагаа явагдаж байгаа. Аливаа
чөлөөт нийгэмд хувь хүний эрх чөлөө, нэр төр хамгийн өндөрт явах ёстой. Буруу үйлдэлд
хардаж, сэрдэж байгаа бол шалгах үйл ажиллагаагаа нууцаар явуулж шүүх дээр буруутай
эсэх нь тогтоогддог байх хэрэгтэй. Гэм буруутайг нь тогтоогоогүй байж хорьдог байдлыг
зогсоох шаардлагатай. Өнгөрсөн нийгмийн үед бид хангалттай харчихсан. Энэ бүхэн
дуусчихлаа гэж бодож явсан чинь харамсалтай нь тийм биш байж. Хүмүүс шинээр юм хийхээс
айж байна. Энэ нь төр ард түмнийхээ эсрэг хийж буй террор шүү дээ. Гаднаас мөнгө
олоод ирэхээр нь мөнгө угаалаа гээд шоронд хийчихээр хэн юм хийе гэх юм бэ. Лиценз өгсөн хүнийг
нь нас бартал нь шоронд хорьж байна. Нас барсных нь дараа өршөөж, цагаатгалаа гэдэг.
Нэгэнт үгүй болсон хүнд энэ ямар хэрэгтэй юм бэ. Хүнийг шалгаж болно. Гэхдээ шоронд
байлгаж байгаад үхтэл нь шалгаж болохгүй шүү дээ.

 Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *