ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн багш, зөвлөх архитектор, доктор, профессор Ч.Дагшигдоржийг энэ удаагийн “Багш” буландаа урьж ярилцлаа.
-Та өөрийнхөө багш болсон түүхийг хуваалцахгүй юу?
-Би 1964 онд Москвад Архитектурын их сургууль төгссөн. Мэргэжлээрээ ажиллаад 10 жил болж байхад МУИС-д Архитектурын мэргэжлийн анги нээгдэж, анхны элсэлтээ авсан юм. Тэнд багш хэрэгтэй болж, намайг Намын төв хорооноос томилсон. Ингээд МУИС-ийн анхны архитектурын багш нарын нэг болсон доо. 1973 онд анхныхаа 30 гаруй оюутныг элсүүлж, таван жилийн дараа тэднээс 17 нь төгсөж байсан түүхтэй. Тэр үед Монголоос дөрөв, таван багш, ЗХУ-аас гурван багш ажиллаж байлаа. 1978 онд анхны шавь нараа төгсгөснөөс хойш өнөөг хүртэл багшилж байна. Тухайн үед байгуулагдсан сургууль өнөөдрийн ШУТИС-ийн салбар болсон. Анх Политехникийн их сургууль гэж МУИС-иас салбарлаж гараад, дараа нь Техникийн их сургууль болж өргөжөөд, одоо Шинжлэх ухаан технологийн их сургууль буй болсон. Манай Архитектурын сургууль анхны салбаруудынх нь нэг. Өнөөдөр энэ салбараар 1600 гаруй архитектор бэлтгэгдэн гарчээ. Би анхны архитекторуудаас эхлээд одоо төгсөн буй архитекторуудын багш нь гэж болно. Товчоор бол ийм л түүхтэй хүн дээ.
-1973 оноос өнөөг хүртэл 45 жил багшилжээ…
-Би 1973 онд гэрээт багшаар ажиллаж байгаад, дараа жил нь жинхэлсэн юм. Тэтгэвэрт гараад багагүй хугацаа өнгөрсөн ч эндээ багшилсаар л байна. Багш нарын хүрэлцээ муу, оюутан олонтой учраас тэр л дээ.
-Шавь нартаа юуг чухалчилж сургадаг вэ. Нэг үгээр бол залуу архитекторуудад шүү дээ?
-Зааж сургах юм их байлгүй яах вэ. Мэргэжлийн, боловсролын, онолын, амьдралын, дадлага туршлагын гээд маш олон юм бий. Тэгээд ч архитекторын мэргэжил бол их олон юмны нэгдэл байдаг. Хүний ажиллаж амьдардаг орон зайг төлөвлөдөг улс. Тиймээс зөвхөн архитектур гэдэг уран сайхан талаас нь биш, агаар, салхивч, гэрэл гээд бүх юмыг хамтад нь төсөөлж, төлөвлөж зургийг нь гаргадаг. Барилгыг эхлээд цаасан дээр зурж сүндэрлүүлээд дараа нь газар дээр босгодог ийм л ажилтай. Тэгэхээр тэдэнд хэлэх, ярих юм байлгүй л яах вэ. Миний гол хэлдэг зүйл бол архитектор хүн гэдэг бол хүний төлөө хамгийн нигүүлсэнгүй, хамгийн сайхан сэтгэлээр юм хийдэг улсууд. Тийм учраас хуурамч, худлаа, дутуу юм хийж болохгүй. Мэргэжлээ бүрэн эзэмшиж, хийсэн шиг хийж, чиний хийсэн юм хүнд үлдэнэ гэдгийг бодож яв. Чиний хийсэн юм түүх болж үлддэг гэдгийг захидаг даа. Архитектур гэдэг бол нийгмийн, тухайн улс орны амьд түүх болдог. Үүний цаана нэр хүндийн том асуудал байдаг гэдгийг би хэлдэг. Өөр бусдын юмыг минийх биш гэж бүү бодож бай. Хүнтэй холбоотой бүх юм чиний тархи толгой, чиний сэтгэлээр дамжина шүү гэж би оюутнууддаа хэлдэг юм. Энэ хүрээнд ярихаар замбараагүй их юм ярина даа (инээв).
-Таны анх багш болсон үеийн болон өнөөгийн залуусын хооронд ялгаа бий юу?
-Энэ их хэцүү асуудал шүү. Тэр үеийн залуучууд гэвэл би өөрөөсөө эхэлж ярих болох нь. Аливаа юм нийгмээ дагаж өөрчлөгддөг. Нийгмээ дагаж хөгждөг гэдэг үгийг болгоомжтой хэлэх хэрэгтэй байх. Харин нийгмээ дагаж өөрчлөгддөг гэдэгт олон учир бий. Тэнд өсөх юм бий, уруудах юм бий. Социалист нийгмийн бид дан цэвэр сайхан яваагүй. Сайн, муу зүйл байсан. Өнөөдөр тийм л хэмжээнд явж байгаа. Үүнийг би сайн, муу талаас нь харна. Харин нэг зүйл хэлэхэд энэ нийгмийн үйл ажиллагаа, өнөөгийн байдал, залуучуудын орчинд сайнтай, муутай юм байна. Үүнийг тоочино гэвэл би барахгүй. Ер нь бол их өөрчлөгдсөн. Хөгжлөө дагаж байна. Залуусыг ажилгүй болгочих вий, буруу ойлгуулчих бий гэж би дотроо бодож явдаг. Мөн гадны нөлөө их орж ирэх болж. Гадны нөлөөнөөс авах юм байна. Авахаасаа авахгүй юм бас байна. Залуучууд үүнийг сайн ялгахгүй байх шиг. Би үүнд жаахан эмзэглэдэг хүн дээ.
-Та олон шавь бэлтгэсэн хүн. Үүн дотор амжилттай сайн яваа шавь зөндөө бий байх..?
-Тийм ээ. Би шавь нараа магтахаар өөрийгөө магтчих гээд, муулахаар өөрийгөө муулчих гээд их хэцүү байдаг юм. Мэдээж сайтай, муутай л байдаг байх. Мэргэжлээрээ ажиллаж байгаа, сэргэлэн, овсгоотой, чадалтай хүүхдүүд байхад зарим нэг мэргэжлээрээ юм хийж шалиагүй, өөр ажил хийж байгаа нь ч бий. Ерөнхийдөө би шавь нараараа бахархдаг. Өнөөдөр намайг тойроод ажиллаж байгаа багш нар ч миний шавь нар. Эрдэмтэй номтой хүмүүс, гавьяатууд гарч байна. Ингээд бодохоор бүгдийг нь өөрөө хийчихсэн юм шиг онгирч явдаг. Багш гээд ганц хүн байдаггүй юм. Харин хамт олон байдаг. Тэр хамт олны цаана сургууль гэж том юм бий. Энэ сургууль, боловсролын том уурхай дотор байдаг учраас эндээс төрж гарсан хүн мэргэжлийн, чадалтай сайхан улс л байдаг. Энэ салбарын ихэнх багш нар миний шавь нар байдаг. Би эд нараараа бахархдаг. Олон шавь нар маань компани байгуулан тэндээ олон хүн ажиллуулаад явж байна. Үндсэндээ тэдний маань бүтээл энэ хот сууринг босгожээ. Улаанбаатар өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтөд миний шавь нарын оюуны хөдөлмөр шингэсэн дээ гэж би боддог.
-Нэгэнт Улаанбаатар хотын талаар ярьсан дээрээ асуухад мэргэжилтний хувьд хот төлөвлөлтөд үүсээд байгаа асуудлуудыг юу гэх вэ?
-Ярих юм олон бий. Улаанбаатар юу болж байгааг ард түмэн мэдэж байгаа шүү дээ. Дээрээсээ, доороосоо ч тэр. Хотын иргэд гэж том масс байгаа. Хотын иргэд гэдэг хэдий үеийн, хэн билээ гэдэг асуулт яваад байдаг. Өндөр хөгжилтэй, нийгмийн олон үе шатыг даваад ирсэн Америк, Орос, Хятад, Япон, Солонгос гээд эд нар бүгд өөр өөрийн онцлогтой. Тэд нарын амьдралын түүх гэж айхтар юм байгаа. Түүнтэй харьцуулаад үзэхэд бид дажгүй яваа. Бид өөрсдийнхөө нөхцөлд болж байна гэх гээд байна. Тэдэнтэй зэрэгцэх гээд үзэхээр бид гологддог. Өнөөдрийн барилга, байгууламжийн асуудал их замбараагүй болчихсон. Үүнийг хот төлөвлөлттэй уялдуулж ярина. Ерөнхий төлөвлөгөө эвдэрдэг талтай. 2020 оны ерөнхий төлөвлөгөө гэж боловсруулаад л, Улаанбаатар хотыг хөгжүүлнэ гээд зөндөө юм ярьсан. Тэгтэл одоо тэрийгээ залруулаад 2030 оны ерөнхий төлөвлөгөө гаргаад явж байна. Нөгөө талаасаа улсын нийслэл юм байна өндөр барилга байлгүй л яах вэ. Гуч, дөчин давхар луу л гүйцгээж байна. Энэ хэрэгтэй юу, үгүй юу гэдэг дээр бодмоор юм. Мэргэжлийн бус хүмүүс гоё өндөр гээд тэр лүү зүтгээд л, гадны зураг төсөл оруулж ирж бариад л өнөөдөр бүгдээрээ түрээсийн оффис болчихлоо. Энд тэндгүй түрээсэлнэ гэсэн үнэтэй хоосон тасалгаа. Хэрэгцээгүй юм хийчихсэн байхгүй юу. Үүнийг буруутгахдаа хүмүүсийн нүүдэл суудалтай холбодог. Тэр ч бас нэг тал нь. Төрийн бодлого, мэргэжлийн байгууллагын бодлого гол замаасаа салаалчхаа юу гэж би боддог. Социализмын сайн, муу дал, наян жилийн дараа мэдэгдэж шүүмжлэл дагуулж эхэлсэн. Түүн шиг ардчилсан нийгмийн талаар дал, наян жилийн дараа ярьж эхлэх болов уу. Одоо бол хэлэхэд хэцүү.
-Таны хүүхэд нас, дунд сургуулийн талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Та аль нутгийн хүн бэ?
-Би Өвөрхангай аймгийн Богд сумын хүн. Ер манай нутаг говь тал руугаа. Манайх хөдөө байж байгаад 1947 онд Улаанбаатарт нүүж ирсэн юм. Тэр үед би есөн настай байлаа. Үлгэр жишээ Гуравдугаар бага сургуулийн нэгдүгээр ангид 10 настайдаа орж, дөрөв дэхь төгсөлт нь болж төгсөж байлаа. Манай сургуулийг нэртэй улсууд төгссөн байдаг юм. Тэр үед надад багшилсан багш нар харамсалтай нь өдгөө бурхан болцгоожээ. Тухайн үед сургуулийн захирал байсан Сүрэнжав гуай амьд сэрүүн бий. Одоо ингээд бодоход багш нар минь алт шиг хүмүүс байж дээ. Арван жилийнхээ багш нарыг их дурсаж явдаг юм. Багшийн сургууль төгссөн гээд их л залуухан хүмүүс багшаар ирж байлаа шүү дээ. Москвагийн их сургуулийн багш нар маань ч гэсэн сайхан улс байж. Би их сургуулийнхаа зургийг гэртээ өлгөсөн. Тэр миний бурхан болдог юм.
-Багш нарын тань хэлж байсан үнэтэй сургаалыг дурдвал?
-Бидэнд бол ерөөсөө л сур гэдэг үг байсан. Нийгэм дотор, хүмүүс дунд хүндэтгэлтэй, нэр төртэй явахыг заадаг байлаа. Үүнийг нь бид амьдралдаа хэрэгжүүлж ирсэн.
-Таныг Монголын анхны архитекторуудын нэг гэж ойлгосон. Энэ талаар?
-Тэгж хэлж болно. Намайг төгсөж ирэхэд Монголд дөрвөн архитектор байсан. Тэд нар маань бас л хойно төгссөн. Анхны архитектор Б.Чимэд гэж хүн байсан. Энэ хүний 90 насны ой энэ жил тохиож байгаа. Дараа нь Б.Дамбийням, А.Хишигт, Т.Мишиг гэж хүмүүс архитектороор ЗХУ-д төгсөж байлаа. Үүний дараа надтай хамт гурван хүн хамт төгссөн.
-Тухайн үед ЗХУ-д сурах болсон түүхээ хуваалцахгүй юу. Монголд архитектурын салбар төдийлөн хөгжөөгүй байсан үе шүү дээ. Мэргэжлийнхээ талаар ямар ойлголттой очиж байв?
-Анх надад Германы Машин, механизмын дээд сургуулийн хуваарь өглөө. Гайгүй сурлагатай хүүхдэд л гадаадад сурах хуваарь өгдөг байсан гэхээр овоо сурлагатай байсан юм байлгүй. Герман явна гэхээр жоохон дургүй. Дайны дараахан үе байсан юм. Германчуудыг чинь фашистууд, энэ тэр гээд л. Тийм улсад очно гэхээр дотор нэг л биш. Тэр үед ЗХУ бидний алтан гадас байлаа шүү дээ. Тэгээд би хичээлийн эрхлэгч Цэгмид багшдаа Герман явмааргүй байна, Зөвлөлтөд сурмаар байна гээд хэллээ. Сургуульд үзүүлэн хийдэг, гайгүй зургийн авьяастай хүүхэд байсан учраас багш надад Москвагийн архитектурын сургуульд яв гэсэн юм. Архитектур гэдгийг чинь би мэдэхгүй, сонсоогүй. Одоо ч манайд архитектур гэдгийг мэдэхгүй хүүхдүүд ирдэг хэвээрээ. Тэгээд ямар учиртай мэргэжил юм гээд багшаас асуухад “Чамд бол хэрэгтэй. Байшингийн хээ угалз зурдаг мэргэжил шүү дээ” гэлээ. Би зуръя гэвэл хээ угалз байтугай зурна шүү дээ гэсэн ухааны юм дотроо голонгуй бодсон ч Зөвлөлтөд сурна гэсэн болохоор явсан даа. Надтай хамт гурван хүүхэд ЗХУ-д очлоо. Элчин сайдын яамнаас хүн тосож, Архитектурын институт гэдэг дээр нь хүргэж өглөө. Тэгсэн коридорт биднийг суулгаад, урд нэг гибсэн баримал тавиад гурван цагийн дотор зур гэдэг юм байна. Би ч сайн зурдаг юм болохоор бараг гурван минутад л аваад хаячихлаа. Тэгсэн нөгөө гурав маань зурахдаа тааруу юм аа. Арай сайн таньдгаар нь Г.Батбаярынхаа зургийг зураад өгчихсөн. Нөгөө хоёрынхоо зургийг арай тааруухан зураад өгчихлөө. Тэгээд биднийг маргааш ир гэлээ. Маргааш нь нөгөө зурсан зургуудыг гаргаад ирлээ. Миний зурган дээр улаан үзгээр том хоёрын тоо тавьчихаж. За баларлаа, өнгөрсөн юм байна гэж бодоод байж байтал Г.Батбаярын зурсан зургийн доор нь нэгийн тоо тавьчихсан байв. Тэгэхээр нь би арай дээр байх нь ээ гэж бодлоо. Тэгсэн нөгөө хоёрын зурган доор тэг тавьсан байв. Тэнцээгүй хоёрыг Барилга, үйлдвэрийн сургууль руу хуваарилж, Г.Батбаяр бид хоёр Архитектуртаа элссэн түүхтэй. Ингэж л хөглөж явлаа. Оюутан байх үеийн эхний хэдэн жилүүдэд хөглөсөн юм их бий. Ярих юм биш /инээв/.
-Архитектур гэдгээ мэдэхгүй хүүхдүүд ирдэг хэвээрээ гэж хэллээ. Энэ ямар учиртай юм бэ?
-Архитектор гэдэг нь хүнийг хэлж байгаа юм. Архитектур гэвэл бүтээлийг нь хэлнэ. Хүмүүс намайг харчихаад архитектур явж байна гэх жишээтэй. Эсвэл нэг байшин харчихаад архитектор гэдэг. Энэ буруу хэлээд байдаг нэр томьёоны ойлголтыг засмаар л байдаг юм.
-Багш хүний зовлон, жаргалын талаар?
-Би өөрийгөө багш гэж бодохоор дотроо их өөдрөг явдаг. Монголд нэлээд олон сайхан улсуудыг бэлдээд өгчихлөө. Хийсэн ажил, бүтээсэн зүйлтэй гэдгээрээ өөрөөрөө бахархдаг. Харин өнөөдрийн архитекторууд мэргэжлээрээ буруу ажиллаж байгаад сэтгэл гонсгор явдаг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийнхээ ажлыг дутуу дулимаг, буруу зөрүү хийх, эмчээр ярих юм бол буруу эмчлэх жишээтэй. Эмч хүн бол хүнийг эм тариа, мэсээр эмчилдэг. Архитектор хүн орон зайгаар эмчилдэг гэж үг бий. Тэр орон зайг буруу бүтээвэл хүн өвддөг, амьдралын үйл ажиллагаа алдагддаг аюултай. Тийм юм их гарч байгаа. Гэхдээ би оюутнаа загнаж чаддаггүй юм. Хааяа зүйр үгээр шоглоно. Багш хүн шавь нартаа эцэг эх шиг нь санаа зовж явдаг юм.
-Та өөрийнхөө хийсэн судалгаа, бүтээлийг ярихгүй юу?
-Зөвлөлтөд төгсөөд ирэхдээ би “Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” гэдэгтэй ижил бодолтой байсан. Эргүүлээд өгье гэсэн сэтгэлтэй ирсэн. Тийм юм гэж яаж байх вэ дээ. Улсын төсөв, хөрөнгө, үйлдвэрлэлийн хүчин чадал гэж юм бий. Анх Зургийн студид ажилд ороход хөшөөний зураг хийх ажил даалгасан. Халх голын дайнд амиа алдсан Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын хөшөө миний анхны проект болсон. Энэ хөшөө маань Чойбалсан хотод бий. Дараагийн том ажил нь Соёлын газрын зураг хийх болсон. Түүний дараа Оргил рашаан сувиллын зураг төслийг хийсэн. Энэ дээр судалгаа хийж их явсан. Рашааны усан,шавах эмчилгээний талаас, бусад спорт, нийтийн объект гээд олон зүйлийг судалсан. Нэлээн ч юм үзсэн. Тухайн үед ЗХУ-ын Чита хотод шинэ рашаан байгуулагджээ. Тэрийг Төв зөвлөлийн Амралт, рашаан сувиллын газраас хөрөнгө гаргаад үзүүлэхээр явуулж байсан удаатай. Очиж үзлээ, судаллаа, түүнээс жоохон будаа авлаа. Тэгээд Оргил рашаан сувиллыг бариулж байсан. Энэ ажил намайг чиглүүлж, амралт, рашаан сувиллын чиглэлээр судалгаа хийдэг болж, 10-аад жил ажилласан. Тэгж байгаад архитектурын докторын зэрэг хамгаалсан даа. Гэхдээ олон нийтийн барилга, орон сууц гээд юм юм хийсэн. Багш хүн ер нь заавал эрдэм, судалгааны ажил руу ордог. Зүгээр нэг ном уншаад суудаггүй. Барилга, хөшөө дурсгалын 50 гаруй юм босгосон.
Э.ЯНЖМАА