Categories
мэдээ цаг-үе

Ч.Болдбаатар: Иргэд цагдаагийн ажлыг үнэлгээний хуудсаар дүгнэдэг болно

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатартай ярилцлаа.

-Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг нээлттэй, иргэдийн оролцоотойгоор анх удаа сонгон шалгарууллаа. Та уг шалгаруулалтад найман зорилтот бүхий “Иргэний төлөө-Найрсаг цагдаа” хөтөлбөр дэвшүүлсэн. Яагаад найрсаг цагдаа гэх хөтөлбөр гаргав?

-Цагдаагийн албаны тухай хууль шинээр гарч мөрдөгдөж байгаа. Энэ хуулийн үндсэн зарчим нь иргэдийн оролцоотой цагдаагийн байгууллагыг бий болгох. Ийм үндсэн зарчмын хүрээнд цагдаагийн байгууллага, тэр дундаа Улаанбаатар хотын Цагдаагийн газрыг байгуулсан. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын үндсэн үүрэг чиглэл бол Улаанбаатар хотын иргэдийн амгалан тайван байдлыг хангах. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлэхийн тулд иргэдийн оролцоотой буюу иргэдээс ирсэн бүх санал хүсэлтийг цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд хэрэгжүүлнэ. Дэлхий нийтийн цагдаагийн байгууллагуудын хөгжсөн үндсэн зам нь иргэдийнхээ итгэлийг олсон явдал. Иргэдийнхээ итгэлийг олж байж л цагдаагийн байгууллага хөгждөг. Улаанбаатар хотод гарч байгаа нийт гэмт хэргийн тодорхой хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргүүд эзэлдэг. Үүнийг багасгахад эргүүлийн болон иргэдтэй нүүр тулж уулздаг хэв журмын цагдаагийн үүрэг оролцоо их. Иргэд хохирсон болон цагдаагийн байгууллагад бусад зөрчлийн талаар гомдол мэдээлэл гаргахад хамгийн түрүүнд очиж байгаа нь цагдаагийн байгууллагын ажилтан. Тийм учраас үүргээ зохих ёсны дагуу хэрэгжүүлэх ёстой. Энэ нь Цагдаагийн албаны үйл ажиллагааны журмаар зохицуулагдчихсан.

-Иргэдтэйгээ яаж ойртож ажиллах вэ. Иргэдийн оролцоотой цагдаагийн байгууллага гэж та дээр ярилаа?

-Эхний ээлжинд бид цагдаагийн байгууллагад хандсан бүх санал, гомдол, өргөдөл дээр ажиллана. Одоо ч ингэж ажиллаж байна. Зөвхөн утсаар мэдээлэл аваад зогсохгүй бусад бүх мэдээллийн хэрэгслээр дамжуулж мэдээлэл авна. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдол, санал, мэдээлэл дээр ажилласан цагдаа нарыг иргэдээр үнэлүүлдэг үнэлгээний хуудас гэдэг зүйлийг гаргаж ирж байна. Дуудлагад очсон цагдаа тухайн иргэнээр үйл ажиллагаагаа үнэлүүлэх юм. Үйлчилгээ үзүүлснийхээ төлөө үнэлүүлнэ гэсэн үг. Иргэн болгон цагдаагийн байгууллагад хандаж, гудамж талбайд гарсан зөрчлийг мэдээлэх бүх сувгийг нь нээлттэй болгох бэлтгэл ажил нь хангаагдаад явж байна.

Бид иргэдээс ирсэн дуудлага болгонд хүртээмжээ хүргэхийн тулд ажиллаж байна. Улаанбаатарт 69 машин 24 цагаар зөвхөн иргэдийн дуудлага болон тухайн нутаг дэвсгэр дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажилладаг, машинтай эргүүлүүд шүү дээ. Дээр нь явган эргүүлүүд бас ажилладаг. Урьд шөнийн байдлаар гэхэд цагдаагийн байгууллагад 4968 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүний 1776 нь гэмт хэрэг зөрчлийн шинжтэй байжээ. Энэ болгон дээр цагдаа нар ажилладаг.

-Цагдаа нарын зан харилцаан дээр иргэд шүүмжлэлтэй ханддаг. Энэ байдал сүүлийн үед багасч байна уу даа гэж харагдаж байгаа?

-Ноднин бид судалгааны байгууллагуудаар цагдаагийн албан хаагчдын зан харьцаанд судалгаа хийлгэж үзсэн л дээ. Нийт иргэдийн жар орчим хувь нь цагдаагийн алба хаагчдын харьцаанд шүүмжлэлтэй хандсан. Үүнийгээ бид засч залруулах ёстой гэж үзэж байна. Тэгэхийн тулд бид нэгдүгээрт ажлын ачаалал болон хөдөлмөрийн үр бүтээлийг нь зөв дүгнэдэг болж тухайн алба хаагчийнхаа ажилдаа хандах итгэлийг нь дээшлүүлж байгаа. Тухайн алба хаагч өөрийн хувийн гэсэн ямар нэгэн стрессгүй, элдэв янзын зөрчилгүй болоод ирвэл аяндаа иргэдтэйгээ тэр хэмжээгээр харьцаад эхэлнэ.

Гэхдээ цагдаа хуулийн хүрээнд үйлчилгээгээ албадах журмаар ч хэрэгжүүлж болно. Яагаад гэвэл цаана нь иргэний эрх ашиг зөрчигдөж байгаа учраас зөрчиж байгаа иргэнд хуулийн хүрээнд албадлагын арга хэмжээ авна.

-Нийслэлийн шуурхай зөвлөгөөн дээр Улаанбаатар хотод согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо эрс өссөн талаар ярьж байна лээ. Ийм төрлийн гэмт хэргийг багасгахад яаж ажиллабал дээр вэ?

-Нийт гэмт хэргийн жараад хувь нь согтуугаар үйлдэгддэг. Бусдын бие махбодид гэмтэл учруулах болон танхайн гэмт хэргүүд голчилж байна. Тийм болохоор архидан согтууралтай тэмцэх, архины зөв хэрэглээг төлөвшүүлэх зэрэг нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаанд зөвхөн цагдаагийн байгууллага биш төрийн болон төрийн бус бусад байгууллагууд ч ажлаа чиглүүлэх шаардлага гарч ирж байна. Гэвч энэ нь нийгмийн янз бүрийн шалтгаанаас болоод биелэгдэх нь удаашралтай байна. Гэсэн ч бид цаашид бүх ажиллагаагаа ийшээ чиглүүлэхээс өөр арга байхгүй. Ер нь урьдчилан сэргийлэх нь цагдаагийн байгууллагын үндсэн ажил. Хэрэг гарсны дараа хөөцөлдөх биш урьдчилан сэргийлж, шалтгаан нөхцөлийг нь тогтоогоод, түүнийг нь арилгуулах талаар бид ажиллаж байгаа.

-Нийслэлийн цагдаагийн газрыг Улаанбаатар хотын Цагдаагийн газар болгож өөрчиллөө. Дотоод бүтцэд нь ямар өөрчлөлт оров?

-Бид цаашид хороо болон анхан шатны нэгж дээр байдаг буюу хорооны хэсгийн байцаагч, эргүүлийн цагдаа, эргүүлийн офицеруудынхаа үйл ажиллагааг илүү нягтаршуулъя гэсэн бодлогыг баримталж байгаа. Орон тоог нь нэмж, ачааллыг нь багасгана.

Одоо 167 олон нийтийн цагдаагийн албан хаагч дүүргүүдэд ажиллаж байгаа. Эхний ээлжинд гэрээгээр ажилласан. Өнөөдөр бид энэ үйл ажиллагааныхаа нээлтийг хийнэ. Нийтийн хэв журмыг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хуулийг сурталчлах гэсэн ийм үндсэн гурван чиглэлээр эдгээр албан хаагчид маань ажилладаг.

-Улаанбаатар хотын Цагдаагийн даргад өрсөлдөхдөө дэвшүүлсэн хөтөлбөрийг тань иргэд ихэд дэмжсэн байна лээ?

-Иргэдийн зүгээс өөрийгөө хамгаалуулах гэсэн дуудлага өгөхөөс гадна ойр орчныхоо гэмт хэрэг зөрчлийн тухай мэдээллэх тоо өсөөд байна. Өөрөө холбогдоогүй ч гэсэн миний хажууд ийм зөрчил байна шүү, энийг ирж шалгаарай. Энд нэг согтуу хүн унтаж байна, тэнд тийм хүн явж байна, манай хажуу айлын хаалга онгорхой байна гэдэг ч юм уу энэ мэтээр хандах хандлага их өсөөд байгаа. Үүнийг бид иргэдийн цагдаад итгэх итгэл гээд байгаа юм. Хоёрдугаарт, цагдаагийн албан хаагчид талархсан, магтсан магтаал ирэх нь өссөн байгаа. Олон нийтийн сүлжээгээр цагдаагийн зөв үйлдлүүдийг ч сайшаасан, нийтэд түгээсэн мэдээлэл их явж байна. Үүнээс үзэхэд иргэд бидэнд итгэж байна гэж ойлгож байгаа.

-Иргэд цагдааг өөрт нь хэр үйлчилснээр нь дүгнэж, үнэлгээний хуудас бичдэг болж байгаа нь сонирхолтой дуулдаж байна?

-Үнэлгээг янз бүрийн хэлбэрээр авна. Дуудлагаар очсон бол цагдаа үүргийнхээ дагуу үйлчилнэ. Иргэд үнэлгээгээ цаас болон бусад сүлжээг ашиглаж өгөх юм. Эхний ээлжинд цаасаар үнэлгээг нь авна. Сэтгэл ханамж, хүсэлт зэргийг нь хүлээж авах юм. Иргэдийн санал бидэнд маш чухал шүү дээ. Иргэдээс ирсэн үнэлгээг харгалзаад алба хаагчдаа зөв үнэлдэг, дүгнэдэг болно.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *