Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Гидробиологийн загас судлалын лабораторийн эрхлэгч, доктор Ч.Аюушсүрэнтэй ярилцлаа.
-Загас нь биологийн талаасаа ямар онцлогтой амьтан бэ. Шинжлэх ухааны тодорхойлолт нь юу гэж байдаг юм?
-Загас нь усанд амьдардаг сээр нуруутан амьтан. Тэд заламгайгаар амьсгалдаг. Нуруу, цээжний болон хэвлийн хос сэлүүрүүдтэй. Бие нь хайрсаар хучигдсан. Загас усан орчинд бэлэн болсон органик бодис ургамал болон амьтнаар хооллодог.
-Манай оронд хичнээн төрөл зүйлийн загас байдаг вэ. Тэрэн дундаа ховор ямар ямар загас байдаг юм бол?
-Монгол орон далай тэнгисээс алслагдмал, Ази тивийн төв хэсэгт оршдог. Манай орны нуур, голууд Умард мөсөн далайн, Номхон далайн, төв Азийн гадагш урсгалгүй гэсэн гурван ай савд хамрагддаг. Ай сав бүрт амьдрах усны амьтан, ургамлын зүйлийн бүрдэл өөр хоорондоо ялгаатай. Монгол орны нуур, голуудад найман баг, 15 овгийн 47 төрөлд хамрагдах 79 зүйл загас амьдардаг. Монгол оронд ховор буюу Улаан номонд орсон шивэр хилэм, хар мөрний хилэм, тул, омуль, шаргал үхэрдэй, зантаахай, номхон далайн могор зэрэг зүйлүүд бий.
-Сүүлийн үед ургамал, амьтны генийн бүтцэд өөрчлөлт орж зарим нь устаж үгүй болж байна гэдэг. Үүнтэй адил устаж байгаа загас байгаа юу?
-Өнөөгийн байдлаар Монгол оронд устаж үгүй болсон, генийн өөрчлөлтөд орсон загас тэмдэглэгдээгүй байна. Гэхдээ хилэм загас маш их ховордсон юм.
-Танай хүрээлэнгээс загасны чиглэлд ямар судалгаа, шинжилгээний ажил хийж байгаа вэ. Сүүлийн үеийн ажлаасаа сонирхуулж болох уу?
-Гидробиологи загас судлалын лаборатори Монгол орны нуур голуудын хөвөгч болон ёроолын амьтан, ургамал, загасны судалгааг хийдэг. Усанд загас, шавьж, элдэв зөөлөн биетэн дун, хорхой, хясаа, усны ургамал түүнчлэн энгийн нүдэнд харагддагүй нэг эст амьтан, замаг зэрэг маш олон төрөл, зүйлийн амьд биес усны гүний ёроолын хурдас, чулуу, элс, хайрга, наанги, лаг шавар болон хөвд, элдэв ургамал, хагдарч унасан мод, усны гүн хэсэг, өнгөн гадаргуугаар тархан амьдардаг. Эдгээрийг салган нэг амьтныг нь судлах боломжгүй, усан орчны биологийг бүхэлд нь судлах шаардлага гардаг. Тухайлбал, манай орны судлаачид, ОХУ-ын загас, гидробиологийн судлаачидтай хамтран сүүлийн жилүүдэд баригдаад байгаа Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын нуур үүсэх гидробиологийн процесс, говийн нууруудын усны хэмжээний хэлбэлзлээс хамаарах загас, усны амьтны биологийн үзүүлэлтүүдийн судалгааг хийж байна. Цаашид Монгол орны нуур голын загас, усны амьтны судалгааг өргөжүүлэн хийх нь тулгамдсан асуудлуудын нэг болсоор байна. Иймд манай лаборатори 2019 оноос Өгий нуурын амьтан, ургамал, загасны тархац, нөөцийг тогтоох судалгааг эхлүүлээд байна.
-Саяхан УИХ-ын гишүүн А. Сүхбат Туул голын загаснууд бүгд эм сүвтэй болсон талаар ярьсан нь анхаарал татсан л даа. Энэ үнэн үү. Тийм зүйлийг та бүхэн мэдээгүй өнгөрнө гэж байхгүй байх?
-Голын аль хэсгээс нь загас барьсан юм бол доо. Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Галттай, Хөл, Улиастай, Сэлбэ, Хар бух, Нэргүй, Намъяа зэрэг олон голуудын бэлчрээс эхлэн Орхон голд цутгах хүртлээ 704 км замыг туулдаг. Үүний 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамрагддаг. Голыг бүхэлд нь хамарсан эм загас тархах үзэгдэл байж болохгүй юм.
Харин голын тодорхой хэсэгт зарим зүйл загас түрс шахалтын үедээ эхлээд эм загаснууд бөөгнөрч усны ургамал, элс, хайрган дээр түрсээ орхиод түүн дээр нь эр загас сүнгээ шахаж үр тогтдог. Мөн байгаль дээр хэлтэг загасны сүрэгт байнга эм загас давамгайлж байдаг онцлогтой. Түрсээ зөвхөн эм загас анхаарч арчилдаг. Түүгээр ч барахгүй сүргийн бүтцэд эр загасны тоо хэмжээ ихсэх нь тэдгээрийн амьдрах нөхцөл муу байгааг илтгэдэг. Тухайлбал, Амар мөрний савд тархсан мөнгөлөг хэлтэг загасны хүйсийн харьцаанд эр бодгаль 2.3 хувийг эзэлдэг бол Монгол орны хамгийн нам дор газар орших Хөх нуурын мөнгөлөг хэлтгийн сүрэгт эр, эм загасны харьцаа 1:11 байх жишээтэй.
-Нэг нуурын загас бүхэлдээ өвчиллөө гэхэд бүгдийг нь устгадаггүй байх. Нийтээр нь эмчлэх, эдгээх зэрэг арга байдаг уу?
-Монгол орны нуур, голууд нь харьцангуй сэрүүн бүс нутагт хамрагддаг, усны сэлгэлт сайтай зэрэг хүчин зүйлүүдээс хамааран байгалийн нууранд загас өвчлөх тохиолдол харьцангуй бага байдаг. Харин цаашид загасны аж ахуй эрхлэх сонирхол бүхий хүмүүс нэмэгдэж буйтай холбогдуулан хэлэхэд аж ахуйн загасны өвчлөл нь гадны олон оронд маш их гардаг болохыг анхаарч байх нь зүйтэй юм. Загасны аж ахуйн найдвартай ажиллагаа явуулж байх үндсэн нөхцөл нь загасаа өвчлүүлэхгүй байх юм билээ.
-Туул голд хэдэн зүйл загас байдаг юм?
-Манай хүрээлэнгийн судлаачид Туул голын загасны судалгаа хийж арван овгийн арван зургаан зүйл загас амьдарч байгааг илрүүлэн, тэдгээр нь орчин зүйн өөр өөр нөхцөлд бүлгэмдэл үүсгэн тархаж байгааг гаргасан байдаг. Загасны бүлгэмдлийн бүтэц нь усны бохирдолтын түвшинээс ихээхэн хамааралтай. Туул голын эх хэсэг загасны зүйлийн бүрэлдэхүүнээр илүү баялаг бөгөөд энд бохирдолт их биш байгааг гэрчилнэ. Туул голын хамгийн их бохирдсон хэсэгт болох Халдвартын эмнэлэг, Үйлдвэр комбинат, Сонгино цэгээс дээш, доошхи хэсэгт зөвхөн дөрвөн зүйлийн загасны жарамгай тархах бөгөөд энэ нь усны биоценозын бохирдолтын сөрөг нөлөөний илрэл юм.
Өөрөөр хэлбэл урсгал усанд элдэв хорт бодис бүхий бохир ус байнга хаяснаас усны бүлгэмдэл, түүний дотор загасны жарамгайн амьдрах орчин доройтолд орж бодгалийн тоо цөөрч, жигд биш тархалттай болдог. Энэ бүлгэмдэлд орчны нөхцөлд мэдрэмтгий үнэт загаснууд ховордож, агнуурын ач холбогдол багатай, тухайн орчны өөрлөлтөд дасан зохицох чадвар сайтай загаснууд тэдгээрийн орон зайг эзэлж зүйлийн бүрэлдэхүүний бүтэц өөрчлөгдөхөд хүргэдэг байна.
Ус чандмань эрдэнэ гэдэг үгийг монгол хүн бүр мэдэх байх. Гэсэн хэдий ч нуур голын ойролцоо амарч, зугаалах явцдаа хогоо хаях нь хүмүүст энгийн үзэгдэл мэт, таны хаясан хог тэр чигээрээ усанд орж усны амьтан, ургамал бүхэнд хор хөнөөл учруулдгийг санах хэрэгтэй.
Б.БЯМБАСҮРЭН: ЗАГАСНЫ ЭР, ЭМИЙГ ЭНГИЙН ХҮН ХАРААД ТАНИХАД ХЭЦҮҮ
“Тунгалаг Буянт” спорт загасчлалын холбоо болон Монгол хадран спорт загасчлалын клубийн тэргүүн Б.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Та загасчлалын спортоор хичээллээд хэдэн жил болж байгаа вэ?
-Миний хувьд загасчлаад их удаж байгаа. Яг спорт загасчлалаар дөрвөн жил болж байна.
-Загасчдыг хараад байхад хоёр төрөл байдаг юм. Нэг нь барьсан загасаа шараад идчихдэг. Нөгөөх нь барьчихаад буцаагаад тавьдаг. Энэ нь ямар учиртай юм?
-Сүүлийн үед хүн бүхэн загасанд явах дуртай болж уурга барьж гол, нуур руу зүглэдэг болсон. Миний хувьд спорт загасчлалаар хичээллэдэг. Спорт загасчлал гэдэг бол байгальд ээлтэй, барьсан загасаа буцааж тавьдаг, хуулийн хугацаанд нь барьдаг юм.
Гэхдээ шөлний ганц хоёрыг л авна. Зөвхөн кайф буюу мэдрэмж авах гэж л загасчилдаг. Ядаж л хогоо хаяхгүй загасчилдаг төрөл л дөө. Нөгөө нэг хэсэг нь загасыг их хэмжээгээр барьдаг, барьсан загасаа том, багагүй авдаг. Тийм хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэр бүү хэл хориотой үед нь барьдаг, тороор барьдаг, эдийн засгийн сонирхлоор барьдаг хүмүүс их бий. Бид аль болох зөв мэдээлэл өгч, спорт загасчлалыг хөгжүүлэхийг эрмэлздэг.
-Та ямар гол, мөрөнд голчлон дэгээ шиддэг вэ?
-Миний хувьд Ховд аймагт амьдардаг болохоор Буянт гол, уулын жижиг голуудад болон Хар-Ус нууранд голдуу загасчилдаг. Загасчлалын чиглэлээр Сэлэнгэ мөрөн, Хэнтий аймгийн Онон Балжийн гол, Баян-Өлгий аймгийн Хотон хурган нуур, Загаст нуур, мөн тус аймгийн сумдыг дайран урсдаг Ховд гол дагуу загасчилж байсан.
-Иддэггүй загас, барих хориотой загас гэж байдаг байх. Загасчлах хориотой гол, нуур гэж байдаг уу?
-Монгол орны хувьд иддэггүй загас ховор. Бараг бүх загасыг идэж болдог.
Монголын Улаан номонд орсон цэнгэг усны хаан Тул загасыг барихыг хориглосон байдаг. Барьсан ч буцааж тавих хэрэгтэй. Манай баруун аймгийн хувьд Тусгай хамгаалалттай газар загасчлахыг хориглодог.
-Энгийн хүмүүс загасыг хараад ямар нэртэй, ямар онцлогтой загас вэ гэдгийг мэдэхгүй. Загасны эр, эмийг яаж ялгах вэ?
-Монгол оронд олон төрөл, зүйлийн загас байдаг. Загасны эр, эмийг ялгахад жаахан түвэгтэй. Загасчин хүмүүс гэхдээ ялгаж чаддаг. Сэлүүр, сэрвээ, өнгөөр нь ялгаж таньдаг.
-Энгийн хүмүүс тэгвэл мэдэх боломжгүй юм байна, тийм үү?
-Тийм ээ. Гаднаас нь харахад ялгаж танихад хэцүү байдаг.
-Загасчид зарим тохиолдолд усан дотор, эрэг дээр олон цагаар сууж байгаа харагддаг. Ингэж удаан суухад хэцүү юу?
-Загасчид бүтэн өдөржингөө гол дагуу алхаж, голын эрэг дээр бараг амьдардаг. Хобби болохоор ядарснаа мэддэггүй.
-Ер нь гол ус, загас жараахайтай ойр байхын давуу тал нь юу вэ. Загасчлалын спортоор хичээллэснээр хүнд бие болоод сэтгэл зүйн ямар чадвар суудаг вэ?
-Загасчлах нь хүний эрүүл мэнд, сэтгэл санаанд маш эерэг нөлөө үзүүлдэг. Өдөржин алхаж, ямар нэгэн зүйл бодолгүй анхаарлаа загасанд хандуулдаг. Байгальдаа ойрхон байж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах хүмүүжил төлөвшилтэй болдог. Стресс тайлж, сэтгэл зүйн болон биеийн тамирын дасгал болдог гэж хэлж болно.
-Дөрөвдүгээр сарын 1-нд загасны хорио эхэлсэн. Зургадугаар сарын 15-нд уг хорио нь дуусна. Ингэж хорьдог нь загасны тоо толгой болоод үржилд анхаарсан хэрэг байх. Манайд энэ хориог хэр сайн мөрддөг вэ. Загасчид бол сайн мөрддөг нь ойлгомжтой байх?
-Манай клуб энэ үеэр холбогдох төрийн байгууллагатай хамтран ухуулга сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулж шторк, постер, тараах материал хийж хамтран ажилладаг.
-Та Монгол хадран спорт загасчлалын клубийн тэргүүн юм байна. Чухам яагаад хадран загасыг ийнхүү онцолж байгаа юм?
-Монгол хадран загас нь зөвхөн баруун аймагт их байдаг. Тэр дундаа Ховд, Буянт голд байдаг болохоор Монгол хадранг онцолсон юм. Ховд аймагт Алтайн сугас, Монгол хадран гэсэн хоёр төрөл зүйлийн загас байдаг.