УИХ-д өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр тал бүрийн төлөөллийг байлцуулан хэлэлцүүлэв. Уг хэлэлцүүлэгт хуульч эрдэмтэд, хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсгийн гишүүд, цагдаагийн алба хаагчид оролцов. Ажлын хэсгийнхний хэлж буйгаар Цагдаагийн албаны тухай хууль 2013 онд батлагдаж, 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн боловч тодорхой бэрхшээлтэй асуудлууд байсан. Үүнийг шийдвэрлэх зорилгоор шинэчлэн найруулжээ.
Хуулийн гол өөрчлөлт нь дагалдах хуулиуд хэрэгжиж эхлээгүйн улмаас бүдгэрээд байсан эрхзүйн орчин болон тодорхой зохицуулалтыг нарийвчлан тусгасан байна. Шинэчилсэн найруулга цагдаагийн байгууллагын ажилчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, байгууллагын соёл, үнэт зүйл түүхэн уламжлалыг авч үлдэх, сэргээх, цагдаагийн байгууллага иргэдэд ойртсон үйл ажиллагааг илүү үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэжээ. Жишээ нь, иргэдэд шаардлага тавих, орон байранд нэвтрэх, тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад хэрхэх вэ зэрэг тодорхой асуудлыг хуульчлан баталгаажуулж өгсөн байна. Түүнчлэн иргэдийн эрх чөлөөнд үндэслэлгүйгээр халдах, хязгаарлахаас урьдчилан сэргийлэхээс гадна цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд улам илүү ойртоно гэж үзэж байгааг албаныхан хэлж байв.
Мөн цагдаагийн алба нь “Хууль сахиулах байгууллага” гэснийг “төрийн тусгай алба” хэмээн өөрчилсөн байна. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын болон харъяа алба, нэгжийн бүтцийг цагдаагийн байгууллагын дарга тогтоохоор тусгаж, хотын цагдаа гэсэн ойлголтыг хасчээ. Түүнчлэн цагдаагийн төв байгууллагын орон тооны хязгаар, зохион байгуулалт бүтцийг Засгийн газар тогтоох юм. Томилгооны хувьд томоохон өөрчлөлт оруулж байгаа нь цагдаагийн байгууллагын даргыг Хуульзүйн сайдын саналыг үндэслэдэг байсныг өөрчилж, Ерөнхий сайдын саналыг үндэслэхээр, тэргүүн дэд дарга, дэд даргыг салбарын сайд шууд томилдгийг өөрчилж, цагдаагийн байгууллагын даргын саналыг үндэслэн томилохоор зохицуулсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Ж.Амгалан:
-Тусгай ажиллагааны заавар журмыг Ерөнхийлөгч, юмуу Ерөнхий сайд батлахаар нэмж оруулж өгвөл зүгээр. Тусгай хэрэгсэл ашиглаж цагдаагийн байгууллагын хүн хүчийг хэмнэх боломж байдаг. Сүхбаатарын талбай дээрх хайснаас харж болно. Байлдааны болон тусгай техник ашиглах талаар судалж заалт нэмэх боломжийг судлах хэрэгтэй. Цагдаагийн байгууллага зөвхөн энхийг сахиулах ажиллагаагаар хязгаарлагдахгүйгээр олон улсын хосолсон арга хэмжээнд оролцох зэргээр эрхзүйн баталгааг анхаарах хэрэгтэй. Цагдаагийн албан хаагчид ном журмаар нь үүргээ гүйцэтгээд явбал дараа нь асуудал гарахгүй. Олон улсын жишиг иймэрхүү байдаг юм билээ.
Хуульзүйн ухааны доктор Б.Пүрэв:
-Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эвдэлгүй энэ чигээр нь баталчихвал хуульзүйн үндэслэл бэхжинэ. 1993, 2013 оны хуулиас уламжилж авах зүйлсийг сайн авсан байна. Тодруулах засч сайжруулах зүйл ч цөөнгүй хийж. Цагдаагийн алба хаагч хүний эрхийг хүндэтгэж хуулийг сахиж ажиллах ёстой. Нөгөө талаар үүргээ гүйцэтгэх эрх боломжийг нь олгох ёстой. Энэ хоёрын тэнцвэр, заагийг олох учиртай юм. Цагдаагийн албан хаагч ямар үед хүний биед үзлэг хийх ёстой. Суурь зарчмыг зааж өгсөн. Цагдаагийн албан хаагч ямар үед бичиг баримт шалгах ёстой гэдэг заалт бүрхэг тодорхойгүй байсныг хэд хэдэн талаас нь тодруулж өгсөн. Өөрийнхөө ойлголтоор биш хуулийн заалтыг харж, мөрдөж ажиллана гэсэн үг юм.
ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Ч.Амарболд:
-Шинэчлэн найруулсан хуулийн төсөл өмнөхийг /2013 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хууль/ бодоход амьдралд ойр, хэрэгжиж болмоор заалттай, аятайхан хууль болж гэж үзэж байна. Гэхдээ зарчмын саналууд байна.Тухайлбал, Цагдаагийн байгууллагын даргыг Хууль зүйн сайд, Ерөнхий сайдын санал болгосноор чөлөөлж, томилно гэж үүнд тодорхой хугацаа тавьж өөрчилмөөр байна. Цагдаагийн дарга өөрчлөгдлөө гэхэд хувь хүний хувьд солигдож л байдаг. Харин цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хортой, үр дүн муутай болдог. Хэрэгжиж байсан үйл ажиллагааг тасалдуулж, доор байгаа бүрэлдэхүүнийг бужигнуулдаг. Алба хаагчид албандаа итгэлгүй болдог зэрэг сөрөг талтай. Тиймээс цагдаагийн байгууллагын даргыг 5-6 жилээр буюу сонгуулийн хугацаа давхцахгүй байхаар томилж, чөлөөлдөг байвал байгууллага тогтвортой болох болов уу гэсэн бодол байна. Мөн энд тэнд олон нийтийг хамарсан эмх замбараагүй явдал гардаг боллоо. Энэ үед эмх замбараагүй байдал бий болсон үед цагдаагийн байгууллагын ажлыг энэ хуульдаа ингэж ажиллана, тийм үүрэг гүйцэтгэнэ гээд маш тодорхой заагаад өгчих хэрэгтэй.
ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:
-Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээлийг судалж үзсний үндсэн дээр хуулийн төслийг зайлшгүй шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзсэн. Одоогийн хуульд цагдаагийн албаны үйл ажиллагаатай холбоотой болон нийгмийн баталгаатай холбоотой зарим харилцааг тухайлан хуулиар зохицуулна гэж заасан ч хуулиуд батлагдаагүйн улмаас эрхзүйн орчин тодорхойгүй. Иргэдэд шаардлага тавих, тайлбар авах, тээврийн хэрэгслийг зогсоох, иргэдийн орон байранд нэвтрэх зэрэг бүх үйл ажиллагааг ямар үндэслэл дэс дарааллаар зохицуулахыг нарийвчлан заасан. Ингэж хуульчилж өгөхгүй бол цагдаагийн албан хаагчид чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө буруутгагдаж, иргэдийн эрх чөлөө тодорхой хэмжээнд зөрчигддөг болсон. Алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах баталгааг ойлгомжтой болгож өгсөн. Цагдаагийн албыг иргэдэд ойртуулж, бэхжүүлэх чухал ахиц дэвшил авчирна.