Categories
онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд хууль зөрчсөн учраас мэдүүлэг авна гэв

АТГ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, УИХ-ын гишүүн, Байгаль орчны  сайд асан Л.Гансүх болон түүний туслах, хамаатан зэргийг баривчилсан билээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3, 166.1.2-т заасан хүнд, онц хүнд гэмт хэрэгт буруутайд тооцон яллагдагчаар татсан юм. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Л.Гансүхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд энэ сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Дээрх хэрэг явдалтай холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг ахлах зөвлөх нь саатуулагдсантай холбоотойгоор мэдэгдэл гаргасан билээ. Тэгвэл өчигдөр АТГ-аас сэтгүүлчдэд мэдээлэл хийж, албан ёсны мэдэгдэл хийлээ. Л.Гансүх туслахаар нь ажиллаж байсан Н.Даваахүү, Л.Эрдэнэбулган, Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин Б.Мөнгөнтуяа, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Улсын Их Хурлын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Ерөнхий сайдын охин А.Саранзаяа, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Э.Төмөрбаатар нартай хамтран хувийн аж ахуйн нэгжүүд үүсгэн байгуулж ард иргэдэд хямд үнэтэй нүүрс нийлүүлэх “Нүүрс”  хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоомжийг зөрчиж, өөрсдийн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж АТГ-ынхан хэлж байна. Монгол Улсын Төрийн өмчит компаниас 2012-2014 онд 279.000 тонн шигшиж, ангилсан чанартай нүүрсийг  тонныг нь 27.500 төгрөгөөр авч, ард иргэдэд тонныг нь 80.000 төгрөгөөр худалдаж их хэмжээний ашиг олж, төрийн өмчит компанид олон тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж  шалгаж байгаа аж. 

Л.Гансүх цагдан хоригдсонтой холбоотойгоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг АТГ-ын мөрдөн байцаагч Д.Золжаргалд яллагдагчтай  уулзах талаар ЗГ-1/150 дугаар мэдэгдлийг энэ сарын 31-ний өдөр ирүүлжээ. Мөрдөн байцаагч Д.Золжаргал Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авч, “Яллагдагчтай уулзуулах нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн долдугаар зүйлийн 7.2.4-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна. Тиймээс Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.2-т заасан эрхийнхээ дагуу Л.Гансүхтэй уулзуулах боломжгүй” гэж  хариу мэдэгдсэн байна. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд очиж 2014 оны долдугаар сарын 31-ний өдөр яллагдагч Л.Гансүхтэй цаг гаруйн хугацаанд уулзсан гэнэ. АТГ-аас гаргасан мэдэгдэлд “Энэ үйлдэл болон Ерөнхий сайдын долдугаар сарын 31-нд гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн яллагдагчийг баривчлах, шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.2 дахь заалтыг зөрчиж хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрөлгүй хоригдсон этгээдтэй уулзсан.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245.2 буюу Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан болон Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан “Баривчлах цагдан хорих байрны дотоод журам”-ын 12.1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна” гэжээ. Иймд АТГ Ерөнхий сайдын энэхүү үйлдэлд хариуцлага тооцно гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, холбогдох албаны хүмүүстэй нь уулзаж, Ерөнхий сайдыг дуудан мэдүүлэг авна гэсэн юм. 

Мөн Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр алдагдалтай ажилласан, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолоор 854 сая төгрөг, Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсвийн тусгай сангийн хөрөнгөнөөс Үндэсний хөрөнгө оруулалтын банкаар дамжуулан 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хууль бусаар гаргуулан авч төсвийн хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдэгдэв. Хэвлэлийн бага хурлын үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хамт Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд очиж байгаа дүрс бичлэгийг үзүүлсэн юм. Мөн энэ өдөр Л.Гансүхийн өмгөөлөгчид хэвлэлийн бага хурал зарлаж АТГ-ыг хууль зөрчиж байна хэмээн мэдэгдлээ. Л.Гансүхийн хуулиар олгогдсон өмгөөлөгчтэйгээ уулзах эрхэнд АТГ зүй бусаар халдаж байгаа талаар тэд онцолсон юм. 

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

“Инээсэн, мэндэлсэн хүн байна, АТГ-т мэдэгдье”

Твиттерчдийн дунд “Манай орчинд инээж ханайсан, мэндэлсэн хүн бий болчихлоо. АТГ-т мэдэгдэх юмсан” гэдэг яриа гарсан байна лээ. Хэдийгээр хошин яриа боловч өнөөгийн нийгэмд яг таарч байх шиг. Баян хүн аз жаргалтай. Аз жаргалтай хүн инээдэг. Баян хүн бусадтай зөв харьцах, сайхан мэндлэхэд суралцчихсан байдаг. Гэтэл ийм аз жаргалтай, инээсэн, мэндэлсэн хүнд бусад нь дургүй болчихож. Олонхиороо үзэн ядаж, луйварчин нэр зүүдэг. Баяжсан, баялаг бүтээсэн бүхэн төрөөс луйвар хийсэн хэл аманд унаж байна. Төрийн юм гэдэг үнэндээ үнэгүй л байсаар ирсэн. Төрийн мөнгө хэзээд үнэгүй байдаг. Эзэнгүй юмнаас авах нь хүний төрөлх мөн чанар. Үүнийгээ ашигласны төлөө нүд үзүүрлэгдэх нь юу билээ. Төрд ард түмний өмч бий гэвэл тэр луйвардсан гээд нүд үзүүрлэгдээд байгаа нөхөр ч ард түмний нэг хэсэг. Ард түмний өмч гэвэл миний ч юм байгаа. Тэглээ гээд луйвардчихлаа гэж би л лав гомдол нэхэхгүй. Яагаад гэвэл тэр нөхөр овсгоотой учраас эзэнгүй, үнэгүйдсэн юмыг өөрийн болгосон болохоос луйвар хийгээгүй. Өөрөөр баялаг  бүтээх  боломж  Монголд л лав алга. 

Улстөрчид олонхид таалагдахын тулд популизм хийсээр уул уурхайн салбараа бараг хаачихлаа. Улс төрд орохгүйгээр бизнес хийсэн бүхнийг хуулийн байгууллагатайгаа нийлээд хааж, хавчиж байна. Ийм хэцүү орчинд маш олон жил хөдөлмөрлөсөн, баялаг бүтээсэн цөөн хэдэн хүн л инээмсэглэж байгаа. Тэднийгээ төрөөс төрсөн тэрбумтан гэх зэргээр цоллож, бөөнөөрөө боорлох юм. Бүр инээсэн, нуруу тэнэгэр байгаа хүнийг АТГ-т матдаг. АТГ нь хэлмэгдүүлэлтийн үеийн “ногоон малгайтнууд” шиг аяглаж байна. Тэд инээсэн хүнд дургүй хэн нэгний матаасаар байгууллагаараа хөдөлж баялаг бүтээгчийн ах дүү, найз нөхөд, бизнесийн хамтрагч гээд холбоотой бүхний гэр орон, ажлын байрыг нь нэгжиж, үг сольсон бүхнийг нь байцааж, айлгадаг болсон. АТГ-ын комиссар бизнесмэний ширээн дээр гадаад англи хэл дээрх зохиолын номыг үзээд “Энэ муусайн олигархиуд гүйцэгдэхээ болилоо. Гадаад хэл сурахгүй бол хоцрох нь” гэснийг “Өдрийн сонин”-д ярилцлага өгсөн иргэн өгүүлсэн. Тэд “Энэ мөнгөтэй юм чинь “но”-той”  гэж ухаж төнхчидөг болсон. Хөрөнгөтэй, баялаг бүтээсэн болгоноо хэдэн сараар шорон дамжуулж хорьж олон нийтээс үнэлгээ авдаг байгууллага болсон. Баялаг бүтээгчийг хорьсноор өчнөөн зүтгэж хөл дээр нь босгосон компани нь хямралд орж, хэдэн зуун ажилтан нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Ингээд олон сар хоригдож, өвчний үүр болсон баялаг бүтээгчийг бүх юм өнгөрсөн хойно  “буруугүй юм байна” гэж цагаатгадаг. Ингэлээ гээд түмэнд наалдах ашиг гэж үгүй. Нэгэн цагт их ажил өрнөж явсан компани нь дампуурч, тэнд гялалзтал ажиллаж явсан хүмүүс аль хэдийнэ ажилгүйчүүдийн эгнээнд шилжчихээр хичнээн цагаатгаад яах ч билээ. Асуудал ингээд зогсохгүй нь бүр харамсалтай. Өчнөөн зовлон туулсан баялаг бүтээгч маань баялгаа бүтээе гээд ханцуй шамлах хүсэл зориггүй нэгэн болж хувирах нь хамгийн том эмгэнэл. “Ногоон малгайтнууд”-ын буулганд сөхөрсөн баялаг бүтээгчид  эцэст нь өнөө ярвайсан нөхдүүдийн эгнээнд шилжих болсон.  

Монголчууд ингэж айхавтар эвдэрч байна. Гудамжинд инээж ханайсан хүн бараг харагдахаа болилоо. Зүгээр байгаа нь хүртэл хэрэлдэж байгаа мэт гэж “Өдрийн сонин” арын нүүрэн дээрээ бичиж байсан нь саяхан. Толгой гудайлгаж, ярвайж, ууртай явбал элдвээр хэлүүлэхгүй, хардуулахгүй амьдарч болоод байдаг. Учир нь ядуу хүмүүс баячуудыг үзэж чаддаггүй. Инээлээ, төрөөс луйвар хийлээ гэж дээр, дооргүй ярьж гүйсээр байгаад шоронд орохоор нь баярладаг. Олон сар шоронд хориод л байвал өөрсдөд нь аз ирсэн мэт баярлацгаадаг боллоо. АТГ-т шалгуулж байгаа бизнесмэнүүдийн талаарх мэдээллийн доорх сэтгэгдлийг уншихад талаас илүү нь “Хохь чинь. Яах гэж мөнгөтэй болсон юм бэ” гэсэн утгатай байдаг болсон. 

“Тамын тогооны үлгэр” гээчийг монголчууд ярьдаг. Тэр үлгэрт өгүүлснээр тамын тогоонд чанагдаж байгаа олон үндэстнүүдээс ганцхан монголчуудын тогоо л манаачгүй байдаг. Тамын тогооны эзнээс энэ тухай асуухад “Монголчуудыг чанаж байгаа тогоонд манаач хэрэггүй. Учир нь тэд энэ тогооноос гарах гэж оролдсон нэгнийхээ хөлнөөс татаад унагачихдаг. Тэд хэзээ ч тогооноос гарч чадахгүй” гэсэн гэдэг. Ингэж дээш зүтгэсэн, баяжсан нэгийгээ доош зулгааж мууг нь үзэх тухай бодож, байж ядаж байхаар өөрөө баяжих юмсан гэж толгойгоо гашилгаж, өдөр шөнөгүй ажиллах ёстой баймаар. Өдөр шөнөгүй ажиллаж байж баялаг бүтээнэ. Өөрөө адилхан баяжиж инээж ханайсан, мэндэлсэн хүмүүс болцгоомоор байна. Тэгвэл дээр өгүүлсэн “Манай орчинд инээж ханайсан, мэндэлсэн хүн бий болчихлоо. АТГ-т мэдэгдэх юмсан” гэдэг хошин яриа “Манай орчинд ярвайсан нөхөр явах боллоо. Ажиллуулъя” гэдгээр солигдох учиртай. Хөдөлмөр хийж байж л баяжина. Хөдөлмөр хийлээ гээд өнөөдөр инээхгүй. Маргааш ч инээхгүй. Нөгөөдөр  баяжиж инээнэ. Учир нь маш их хөдөлмөрлөсний дараа инээх боломж гардаг. Өнөөдөр инээж байгаа хүмүүс маш олон өдөр инээхгүйгээр хөдөлмөрлөсөн. Инээхгүйгээр хөдөлмөрлөж байхдаа хэнд ч анзаарагдаагүй. 

Ингэж хөдөлмөрлөснийхөө үр дүнд сая инээж бусдын анхааралд өртөж байгаа хэрэг. Дэлхийн олонхи баячуудын түүх ийм л байдаг. Билл Гейтс гэхэд хүүхэд байхаасаа л компьютерийн программ хангамж, программист болохын төлөө өөрийгөө хөгжүүлж ажиллаж эхэлсэн гэдэг. 

Хөдөлмөрлөхгүйгээр гэнэт баяжсан хүн дэлхийд бараг байхгүй.  Тиймээс баяжиж байгаагаа улам баяжуулж инээлгэе. Өөрсдөө ч түүн шиг инээхийн төлөө хөдөлмөрлөе. Баячууд л ажил олгогч, үйлдвэрлэгч, хэрэглэгч байж бусдыгаа чирдэг. Тэр хэрээр улсаа өөд нь татдаг. Хятадын коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дэн Сяопин “Бүгд баяжигтун” гэж уриалсны дүнд хятадууд нийтээрээ аж ахуй эрхэлж, газар тариалан хөгжүүлж хөдөлмөрлөсөн. Өнөөдөр БНХАУ ямар хүчирхэг улс билээ. Улсын бодлого тодорхойлогчид ч “Төр өмчөө буцааж авлаа”, “Төрийн өмчийг авчихсан учраас тэр баян нөхрийг шалгуулна” гэж гоншигонохын оронд бүгдээрээ баяжиж, инээж явъя гэмээрсэн. 

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Цагийн шалгуур

Амьдран буй нийгмээ сольцгоож, түүнээ хүлээн зөвшөөрөөд 25 дахь жилдээ орлоо. Яллаа, ялагдлаа, хямарлаа, гэнэт баяжлаа, тэгснээ бас хямарлаа. Юм юм л болоод өнгөрөв. Дөрвөн жил тутамд гурваас доошгүй сонгууль, мөн түүнээс цөөнгүй ган зуд, өн хүртэл үзээд амжсан байна шүү. Басчиг дэмий яриад улстөржөөд, иргэний дайн гаргангаа ал¬даад суугаад байсангүй. Олон сайхан барилга, үндэсний үйлдвэр, олноор төрөн гарч, 400 мянган тонн тариа, 40-50 сая мал, бүгдээрээ шахуу унах машинтай болоод авчихлаа. Хамгийн олзуурхууштай нь мисс охид, саятан бүр тэрбумтнууд нүдэнд илүүтэй өртөж, гуйлгачин, траншейнийнхан харагдахаа болио юу даа. Бөөс бүр нүдний гэм болоод удаж байна.  

Хувьсгалын жилүүдэд Монголын алтан ургийнхан хийгээд сэхээтнүүдээ 700 гаруй сүм хийдийн хамт  устгасан гэдэг шиг дээрх гэгээлгийн хажуугаар энэ хорь гаран жилд социалист бүтээн байгуулалтын үеийн нүсэр байгууламжуудын ихэнхийг  нураагаад зөөчихсөн. Улс орныг улдан чангаагч улаан толгойтнууд төрийн болон хувийн байгууллагуудаар зай­гүй шигдчихсэн байсныг  увуу цувуугаар нь огцруулаад шахаад дуусч байна. Ха­рин буудаж сөнөөгөөгүй ээ хөөрхийсүүдийг. Одоо “Цагаантны үлдэгдлийг” Алтанхуяг жанжны шинэчлэл гүйцээн цэвэрлэснээр Монгол орон дэлхийн бусад гүрэн улстай өндөр намаараа ижилсэн, ялгаагүй болох замдаа шуударлаа.

Өнөөдөр хувийн тооцоо, урьдны өс хонзонгийн сэдэлтэй л биш бол дахиад цаана нь нураах, солих, өөрчлөх шаардлага  үндсэндээ дуусч байна. Яахав анхнаасаа л ярьсаар л яваа МИАТ, Эрдэнэт, Төмөр зам зэрэг улс төр олон улсын шинжтэй асуудал бол бий. Өмнөх нийгмийн үед байгуулагдсан засаг захиргаа, албан газар, хувийн хэвшлийнхний зарим нь сохор азаар ч юм уу хөл алдалгүй өнөөдөртэй золгочихсон жишээ бас бий. Өнөө зун  ерэн жилийнхээ ойг тэмдэглэж байгаа олон сум нэг хэсэг их ядарсан даа. Энүүхэн хотын хажуу дахь Атар, Нөхөрлөл, Залуучууд, Угтаал, Баянцогт сум САА-нуудын ард иргэд нь хот суурин руу дайжин одож эмнэлэг сургууль эзгүйрэн, үүдэн шүдээ цөм цохиулчихсан мэт гудамжууд нь онгойсон. Шалтгаан нь удирдлагын муугийнх, эсвэл угаасаа амьдрах тохь тухгүй орчинд хүмүүсийг албадан цуглуулсан нь цагийн шалгуурыг даагаагүй. Тэгвэл энэ хүнд үед адилхан хажууд нь оршин буй Жаргалант, Зүүнхараа, Батсүмбэрийнхэн зах зээлд төдийлөн барьц алдалгүй тэсээд гарсан төдийгүй одоо улам өргөжин тэлж хөгжих өнгөндөө оржээ. Бүр дотогшоо нарийвчлан сонирхвоос аль 1960 оны үеийн технологитой талх, халуун усны газар нь хэдий хувьчлагдсан ч ажлаа үргэлжлүүлсээр явааг бахархахгүй байхын аргагүй. Иймэрхүү объект, субъектуудыг ашиггүй байсан ч авч үлдэн, дээр үеийн болхи хийц загварыг нь хөндөлгүйгээр түүхчилэн үлдээвэл  сая 1937 оноос шал өөр бидний хүссэн ардчилсан хувьсгалын утга илэрхийлэгдэх учиртай. Ямар юм өөрчлөх шинэчлэхийн дон туссан биш дээ. Монголын үндэсний бөхийн холбоо түүний удирдлага, бөхийн өргөө тойрсон хэрүүл, үндэсний спортын тухай хуулийг хүртэл өөрчлөн тэмцэлдэж байв. Энийг өөрчилчихвөл өөрчилчихөөр улс төрийн хүчин, жагсаал цуглаан, нам лам засаг төр зөндөө л солигдлоо. Зайлуул бүгдэд нь тэсээд гараад ирчихлээ. Одоо Нямдоржийг нь солилоо гээд юу ч сайжрахгүй ба муудахгүй. Цаашид харин уламжлалт монгол бөхийн асуудлыг эднийхэн есөн үеэрээ дамжуулаад аваад явчихвал хэн хэндээ аштай амар уу.  Хувь хүнийхээ хувьд Нямдорж тэргүүний үйл ажиллагаа маньд таалагдаггүй л дээ. Ер нь тэгээд бүх л юмс заавал надад, манайханд таалагдаж байх албатай ч биш. Бусдад таалагдах, тэдний эрх ашгийн төлөө өөрийгөө золиосолдог байсан тэр бурангуй тогтолцооноос салах гэж тэлчлээд байгаа улс шүү дээ бид чинь. Төрийн есөн туг хөхлийг ч хэн нэгэн айл дагнаад явчихвал бас л нэг уламжлал. Хожим иймэрхүү түүх соёлын чигийн зах зээл ашигтай болоод ирэхийн цагт урьдынх шиг баахан дууриамлууд гараад ирэхийг байг гэхгүй. Одоо энэ номын сан, музей дэх ховор нандин эд зүйлийг үндэсний баячуул, арилжааны банкны эзэд давхар маналцдаг, шаардлагатай бол гэр орондоо байршуулах, хэрэглэх, арилжих эрхийг ч өгсөн нь дээр дээ.

Гандан ба түүний удирдлагыг тойрсон хэрүүл үе үе босч ирдэг. Тэрнийг л шинэчлэхгүй үлдээчихвэл улс орон болохоо байчих юм гэнэ дээ. Орчлонгийн хамаг хүнд суртал энэ дэнж дээр тунараад хоцорсон бол одоо бандан тас. Энэ олон өөрчлөлт хувьсгалын аль нэгнээр тэр муу шар феодалуудыг арчаад хаячихгүй юугаа хийж байсан юм.

Эрүүл мэнд, боловсрол, цэрэг, гадаад харилцаа,хөдөө аж ахуйг удирдддаг төрийн яамд байгууллага, төрийн ордон засгийн газарт бүх цаг хугацааны турш тогтвортой нэг ажлаа хийсээр буй ажилтнуудын ажлаа үргэлжлүүлэх баталгаа гаргаж, улмаар боломжтой бол үр хүүхдэд нь өвлүүлдэг болговол энэ улс чинь сая л нэг бүрэн гүйцэд өөрийн гэсэн онцлог голомт, уламжлал нь бүрэлдэх юм. Харин тэр шүүх цагдаа, НАХ, чигийн школ тогтолцоог өөгшүүлэн үлдээвэл арай ч хэтрэнэ ээ.  Суманд насаараа ажиллаж байгаа сумын нарийн бичгийн дарга, зарим багийн даргыг одоо сольж яах гээд байгаа юм. Хонзонтой юу, өөр нам уу?. Тэр одоо өнгөрсөөн. Ажлаа муу буруу хийдэг байсан ч ийм олон жил тэр мээстэн дээр донхойж үлдсэн бол одоо сэтэрлэхээс өөр яахав. Ямар нэгэн асуудал гарахад дараа нь компьютерийн файлнаас яаж доор байдаг юм. Хэвлэл мэдээллийн салбарт гэхэд өдөр тутмын сониноос “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, телевизээс “Улаанбаатар”, “ТВ-25, “ТВ-5”,”ТВ-9” сувгууд өөр өөрийн үзэл бодол, үйл ажиллагаагаа цагийн эргүүлгэнд солилгүйгээр унаж босон арав хорин он жилийг туучин энэ өдөртэй золгосон юм.Тэдэнд өөрийн гэсэн үзэгч уншигч, үзэн ядагч аль аль нь бий. Тиймдээ л сайхан шүү дээ.Интернэт сайт тэргүүтэй бусад мэдээллийн хэрэгслүүд дээрх хэд шиг тогтвортой ажиллаж хараахан амжаагүй, дархлаа суусан гэх баталгаагүй, мөн цөөнгүй нь цагийн аясыг даган хамелион шиг өнгөө өөрчилж , эздээ сольж  ашиг сугалаа хөөцөлдөн нэр нүүрээ барцгаасан байдаг. Одоо эдний дотоод хэрэгт оролцон төрөөс хууль санаачлан улс төрдөө ашиглахаар санаархан бужигнуулах нь хорвоогийн бүх өргөсийг түүж барахтай ялгаагүй хэрэг. 

Өнөөдрөөс эхлээд дахиж холио солио хийхгүй гэвэл ёстой муухай луйвар чинь тэр л болох байх. Тэгээд ч дараа нь өөр улс төрийн хүчин гарч ирээд улам л заналтайгаар авч хаях байлгүй. Би энд зөвхөн бүх цаг хугацааны турш тэсч үлдэгсдийг л хөндөж байгаа юм. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 2000 оноос өмнө бий болсон, байсан мөртлөө одоо “амьд мэнд” яваа сайн муу ололтуудыг өнгө алаглуулан хэвээр нь орхимоор байна. Дөрвөн жил ч юм уу жаахан байж байгаад л энэ улс орон час улаан, эсвэл гүн хөх өнгөтэй болоод байвал ард түмэн аяыг нь даахгүй. Ер нь одоо дараагийн сонгуулиас хэтэрхий лут мөрийн хөтөлбөр гаргаж улам жаргаана гэдгээ болих хэрэгтэй. Тийм амьдралаас тасарчихсан юм гэж юу байдаг юм. Амьдрал ямар ч драмгүй диваажин мэт байх нь мөн л зовлон болдгийг хөгшин Европ хэлдэг боллоо.  

Бид 1990 онд эрх чөлөө¬гөө шинээр тунхаглаж өөрч¬лөлт хийхийн сацуу Чингэсийн Монголын үеийн уламжлалуудаа сэргээх гэсэн чинь эзэн хааны өрөөсөн оймс ч үлдээлгүй өмнөх үеийнхэн маань устгаад хаячихсаныг харамсаад бардаггүй.  Одооны энэ түүхэн зураг хөрөг хөшөө дурсгал бүгд шал худлаа фантазууд. Эртний хаадын сэрэг дүрийг гэхэд л Мандир гэдэг нөхөр нэг амьсгаагаар санаанаасаа зохиогоод зурчих луу яалаа. Дахин дахин ингэж худлаа явмааргүй байна. Өнгөрөгч 25 жил нь дундад зууны үедсэн бол зуу, 200 жилд ч амжимгүй бүтээн байгуулалт, эвдэн сүйтгэлт цуг чихэлдээд өнгөрлөө. Уг цаг хугацааны шалгуурыг шувтлан гарсан, тэсэн үлдсэн тохиолдол тийм ч элбэг бишээ. 

Categories
онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Гадаадад байгаа монголчууд Хойд солонгосчуудаас гэнэн биш гэж найдъя

Хойд Солонгосын эрх баригчид хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа
иргэдээ татахаар ухуулга, сурталчилгаа явуулж эхэлжээ. Тэд гадаадад дүрвэсэн иргэдээ
эргэж ирвэл орон сууц бэлэглэнэ гэж амласныг 
хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Эрх баригчид нь эх орондоо ирсэн
иргэдээ шийтгэхгүй гэнэ. Гэхдээ яаж тэсэхэв, хөдөлмөр хийлгэж жаахан хүмүүжүүлнэ
гэсэн байна лээ.  Хойд Солонгосын энэ ажил
манай төр засгийн бодлоготой адилхан мэт санагдах боллоо. Амлаж байгаа амлалт нь
ч, гаргаж байгаа зан ааш нь ч яг ижил мэт бодогдох юм.

Манайхан гадаадад ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүдээ “Монголдоо
ирж сайхан амьдар” гэж дуудаад л байдаг. Гадаадад дарамт шахалтгүйгээр нэр төртэй
ажил хийж, бизнес эрхлээд гэр бүлээрээ элбэг хангалуун сайхан амьдарч байгаа монголчуудыг
яагаад наашаа дуудаад байгааг ойлгодоггүй. Бидэнд захирагдахгүй зоргоороо сайхан
амьдраад байна гэж атаархдаг юм уу. Хэсэг монголчууд авлига өгөхгүй бизнес нь цэцэглээд
жаргаад байна гэж занадаг юм уу. Эсвэл нам, фракцийг нь санхүүжүүлэхгүй байж мөрөөрөө
сайхан амьдраад байна гэж хорсдог юм уу. 
Монголд хийгээгүй ажлаа хийгээд, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдарч байгаа
хүмүүсийг зөгий… юу юу ч билээ амьтны нэрээр нэрлэчихсэн. Юунд нь дургүйцэж, хорсоод,
атаархаад байдаг юм, байсхийгээд л “Монголдоо ир” гээд байдаг болсон. Яг Хойд Солонгосын
удирдагчид шиг Монголд л ирвэл ажлын байраар хангана, сайхан амьдруулна, жаргаана
гэж ятгах боллоо.

Дүрвэсэн иргэдээ буцаж ирэхийг ятгасан хүмүүст Хойд Солонгосын эрх
баригчид өндөр шан харамж өгнө гэсэн байна лээ. Үүнтэй ижил манайд ч гадаадад байгаа
монголчуудаа буцаж ирэхийг ухуулдаг, уриалдаг олон төрийн бус байгууллага засгаас
мөнгө авч байгаа. Тэд үүнийхээ хариуд улс орнуудаар явж тэнд байгаа монголчуудтай
уулзалт зохион байгуулан, эх оронд нь бизнес хийх боломж, өндөр цалинтай ажлын байр
байгаа мэтээр ухуулдаг. Хойд Солонгосын дүрвэгсэд нутагтаа буцаж очвол тариалангийн
талбай эсвэл уурхайд хүнд хүчир ажил хийнэ. Хүнд ажил, дарамтаас амьд үлдэж чадсан
нь байртай үлдэх л байх. Гэхдээ бараг тийм боломж байхгүй гэдгийг Хойд Солонгосын
Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн төрийн бус байгууллага эрх баригчдынхаа эсрэг мэдэгдэл
хийхдээ онцолсон байна лээ. Манайд ч гадаадаас ирж байгаа бизнес эрхлэгчид, боловсролтой
залуус амаараа шороо үмхдэгийг бид харж байна. БНСУ-д ажил хийж цуглуулсан мөнгөөрөө
Монголд тавилгын үйлдвэр нээхээр ирсэн залуу төрийн байгууллагын албан хаагчдын
гарыг цайлгасаар байгаад бизнес нь эхлэлгүй дампуурсан талаараа “Өдрийн сонин”-д
ярьсан. Бас АНУ-ын нэр хүндтэй их сургууль төгсөөд ирсэн Ю.Оргил гэдэг залуу дипломоороо
биш аавынхаа нутгийн танилыг гуйж байж ажилд орсон тухайгаа манай сонинд ярихдаа
“Эх орондоо ирдэггүй байж гэж бодох боллоо. АНУ-д би мэдлэгээрээ хоолоо олж иддэг
байсан. Харин энд яам, тамгын газарт танил тал хайж амьдарч байна” гэсэн байна лээ.
Тэдэн шиг Монголд ирсэндээ харамсч, төр засгийн сайхан амлалтад хууртсандаа гэмшиж
байгаа хүн олон бий.

Монголдоо буцаж ирж байгаа иргэдэд мэдлэг боловсрол, туршлага хэрэг
болдоггүй. Харин огт өөр сонголт өмнө нь ирдэг. Тухайн үед эрх барьж байгаа намд
элсэх хэрэгтэй болдог. Өөрийнхөө ажилд хамаарах яамны сайдын цүнхийг барьж, бэлэг
сэлт барин урд хойно нь гүйх шаардлага гардаг. Танил тал хайж, аль нэг фракцид элсэн
түүнийгээ санхүүжүүлэхээс аргагүйд хүрдэг. Харин баруунд боловсрол эзэмшсэн, төр
засгийн дарамтгүй ажиллаж сурсан залуус ингэж явахыг хүсдэггүй. Тэд өөрийнхөө толгойгоор,
өөрөө бизнес эрхлэхийг хүсдэг нь эрх баригчдад таалагддаггүй. Тэгээд л Хойд Солонгос
шиг шалгуулж, дарамталж эхэлдэг. Манайд тэгж шалгадаг, дарамталдаг байгууллага нь
АТГ. Өөрийнхөө хүчээр бизнес эрхэлснийхээ “шан”-д АТГ-т шалгуулж, хэн ч биш болсон
жишээ Монголд олон байна. Германд аялал жуулчлалын компанитай байсан Х.Анхбаяр гэдэг
залуу Монголдоо ирээд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татаж, чамлахааргүй ажил
хийсэн. Намд элсэлгүй бизнес хийж байгаа нь эрх баригчдад таалагдаагүй учраас АТГ-т
шалгуулж, эцэст нь ажилтандаа зарсан байрыг нь авлигынх  болгож ял оноолоо. Үүн шиг олон жишээ байгааг
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн. Тэрбээр “АТГ өндөр
боловсролтой, 100 бизнесмэнийг шоронд хорьсон. Тэдний нэг л нь зуу, цаашлаад мянган
хүнийг ч ажлын байртай болгох чадалтай гэдгийг бодооч. Тэр бизнесмэнүүд чинь валют
үйлдвэрлэдэг хүмүүс” гэсэн нь баримт болж үлдсэн. 

Монголд шүүхэд очуулалгүй хоёр жил шоронд хатааж болдог хуультай.
Эрүүгийн хуулийн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр шалгаад эхэлбэл, хоёр
жил ч шоронд хорьж болдог. Тэр хооронд эхлүүлсэн бизнес нь дампуурч, эдийн засгийн
чадваргүй болдог. Эцэст нь хорт хавдартай, хөл гар нь өвддөг бизнес эрхлэх ямар
ч чадваргүй болсных нь дараа “Хэрэг чинь нотлогдсонгүй. Азтай хүн юм” ухааны юм
яриад гаргачихсан тохиолдол ч бий. Ингээд гадаадад тайван сайхан амьдарч байсан
гэр бүл хэцүү байдалд ордог. Эргээд гадаад руу явъя гэсэн ч тэнхэлгүй болгоод орхидог.

Ерөөсөө л Монголд өөрийнх нь нам, фракцид ороогүй л бол хэн ч биш,
нохойн гөлөг гэж үздэг. Тийм ч учраас өндөр боловсролтой нэгэн биш даргын жолооч
сайд болсон жишээ ч бий. Бие хамгаалагч нь дэд сайд болсон тохиолдол ч байгаа. Харин
гадаадад өндөр боловсрол эзэмшиж ирээд сайд, дарга болсон түүх, тохиолдол Монголд
байгаагүй. Монгол төрийн чадамж ийм сул, дорой байгааг боловсролтой залуус шоолдог.
Дэлхийд дээгүүрт ордог хоёр их сургууль төгссөн залуус гадаадад дүрвэх талаар ярьж
байна. Тэд ялагдсан намын гишүүн учраас, ажилгүй болсон учраас гадагшаа явах гэж
байгаа нь тэр. Монголд байдал ийм л байна. Ийм байхад гадаадаас ирээд хүссэн ажилдаа
орж чадах уу. Сонирхсон бизнесээ эхлүүлж амжих уу.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа та бүхэн минь “Монголдоо ирээд сайхан
амьдар” гэсэн төр засгийн уриалганд хууртав аа. Сонголтоо зөв хийгээрэй гэж гадаадаас
ирсэн олон монгол хүн хэлж байна. Гадаадад байгаа монголчууд Хойд солонгосчуудаас
гэнэн биш гэж найдъя.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхий сайдын халагдах өргөдөл

-МАРКСИСТ ЛЕНИНИСТ ҮЗЭЛ СУРТАЛГҮЙ ТҮҮХЭН ТЭМДЭГЛЭЛ-

Коминтерний элдэв хавчлага мөрдлөг дор Монгол төрийн Ерөнхий сайдын
албыг зургаан сар хашсан Бодоо төрийн ажлаас халагдах өргөдлөө өглөө. Коминтерний
алан хядагчдын үндсэн нэг арга бол төрийн албанаас халагдах өргөдлийг нь өөрөөр
нь өгүүлдэг юм. Дараа нь өөрийн буруугаа өөрөө хүлээж өөрийгөө илчлэх.

Ардын намын анхны Ерөнхий сайд Бодоогийн хувь заяа ч гэсэн энэ дарааллаас
хаашаа ч зайлаагүй.

 

ЕРӨНХИЙ САЙД БОДООГИЙН АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ АНХНЫ ӨРГӨДӨЛ

 

Өчүүхэн Бодоо хичээн­гүйлэн сөгдөж Ардын намын Төв хорооноо гаргав.
Тушаалаас чөлөөлж биеийг сувилуулан амьдруулахыг гуйн мэдүүлэх учир:

Өчүүхэн хүн угаас ихээхэн хэрэг албан өнгөрүүлж явсан зүйлгүй. Гагцхүү
өчүүхэн сургагч бичээчийн алба хааж явсан төдий. Төрөлхөөс гадаадын эрдэм сургуульд
боловсорсонгүй ба гадаад улсын нарийн ухааны зүйлийг үл мэдэх байтугай, сонссон
газар үгүйн дээр эзэрхэг түрэмгий ба эрх хэмжээ, өөрийн бусдын алин болохыг ялгаварлан
үл чадах ядмаг ухаан мөхөс мэдлэгтэй боловч ертөнцийн олон улсын ёсон эргэж хөрвөж
байгаа энэ цагт, Ардын засгийг байгуулах санаа үүсэхээс нь эхлэн, их хэрэгт тэнүүчлэн
чармайн явж, харин гадаад Монголыг Хятадын эрхнээс ангижруулан тогтнохыг үзсэний
тул одоо өчүүхэн хүний эрдэмгүй ба эмгэг ядралтай болсон биеийг тушаалаас чөлөөлж
санаа амруулан сувилуулах зэргээр амьдрал олгохын хүсч үүний тул өргөв.

Бодоо гэжээ.

(МАХН-ын төв архив)

Эл өргөдлийг 1921 оны арванхоёрдугаар сарын 18-ны МАН-ын төв хорооны
13 дугаар хурлаар ийн хэлэлцжээ.

Ерөнхий сайд Бодоо чөлөө олгоно уу хэмээсэн тухайг хэлэлцээд “Ерөнхий
сайдын тушаалыг түлхэж, мэдүүлсэн төдийгөөр чөлөө олгуулахыг хэрэгсэхгүй болгон
хойш явуулаад аливаа бэрхийг засч, будлианыг арилгаж, засч залруулан шийтгэвээс
зохих тушаалын доторхи хэрэг тул тушаалыг хэвээр агуулан шийтгүүлье” гэсэн хариу
өгч Бодоогийн анхны өргөдлийг хүлээн аваагүй байна.

Бодоо Ерөнхий сайдын албаа өгье гэснээс хойш 20-иод хоногийн дараа,
халагдах өргөдлөө дахин өгсөн  байна.

 

БОДООГИЙН БҮХ АЛБАН ТУШААЛААСАА ТАТГАЛЗСАН ХОЁР ДАХЬ ӨРГӨДӨЛ

 

Намын Төв
хорооны орлосон дарга Бодоогоос

Монгол ардын засгийн хэргийг бүгд захиран шийтгэх газарт өргөсөн
бичиг.

“….Ядуу биеийн өвчнийг сувилуулж тэнхрүүлэхийг гуйн мэдүүлэхийн
учир. Өчүүхэн хүн арваад наснаас эхлэн, сургууль албанд хорь гаруй жил явж бие махбодь
доройтсон ба, уул санаа тогтворгүй болсны дээр, өнгөрсөн жил халуун хүйтэн газар
тэнүүчлэн явж, бөөр нуруу өвдөх зэрэг өвчин олсон хийгээд эдүгээгийн байгуулсан
Ардын засгийг үүсвэрлэхээс эхлэн ихэмсэг хүнд тушаалын асар зузаан үүрэгт дарагдаж
эгнэгт зовиуртай болсны тулд ийнхүү учрыг Монгол ардын намын Төв хороо Засгийн газар
өргөн мэдүүлэн гуйх нь :

Өчүүхэн хүний ядуу биед давхар давхар оногдсон Ерөнхий сайд ба гадаад
яамны тэргүүн сайд, Намын төв хорооны орлосон дарга, гишүүнээс бүрэнмөсөн чөлөө
олгуулж, үүрд улс төрд их бага албан хэрэгт татагдахгүй болгон миний ардын хувьд
бүхий л эрх чөлөөг бататгах ажаамуу” гэжээ.

/МАХН-ын төв архив. Ф-4, д-1, хн-130/

Бодоогийн өргөдлийн дагуу 1922 оны нэгдүгээр сарын 8-нд Засгийн газрын
өргөтгөсөн хуралдаан болж, 33 дугаартай тогтоол гарчээ. Засгийн газрын өргөтгөсөн
хурлаар Бодоогийн асуудлыг авч хэлэлцээд “албан тушаалаа түлхэх” өргөдлийг ёсоор
болгон бүх албан тушаалаас нь чөлөөлснийг онцлон тэмдэглэсэн байна. Бодоог өөрийнх
нь хүсэлтээр Ерөнхий сайдын албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гарахаас өмнө дараагийн
албан тушаалыг нь Монголд  Бодоо өөрөө биш
Эрхүүд Шумяцкий шийдчихсэн байжээ.

Шумяцкий “Москвад суух Монгол Улсын Элчин сайдаар Бодоог явуулна
уу” гэсэн бичгийг Бодоог анхны халагдах өргөдлөө өгөөгүй байхад Монгол Улсын Гадаад
яамны нэр дээр ирүүлсэн байв. Угийн зөрүүд зантай Бодоо үүнд уур нь хүрээд хэгжүүрхээд
ажлаас халагдах өргөдлөө өгсөн гэж зарим түүхчид бичсэн байна билээ. Ерөнхий сайд
Бодоо “Зүгээр ажлаа хийж байхад эд нар ингэдэг юм. Гэрлээгүй байхад хуримлууллаа
гэгч болоод байх шиг байна” гэж их уурлаж байжээ. Харин Бодоо бүх албан тушаалаа
“түлхээд” бие өвчтэй гэж сул иргэн болж Шумяцкийн өгсөн элчин сайдын ажлаас татгалзжээ.
Зарим судлаачдын үзэж байгаагаар намын дарга Данзан Бодоод өс санасандаа Бодоог
зайлуулж байгаа юм биш, Сүхбаатар Ерөнхий сайдад санаархан Бодоогоор оролдсон юм
биш ерөөсөө л Ринчино, Шумяцкий  нар холиож
явжээ.

Шумяцкий Данзан тэргүү­тэй Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг
Москвад /Ленинд/ танилцуулахдаа Сүхбаатарыг Монгол Улсын Ерөнхий сайд, Данзанг Сангийн
сайд гээд “андуурчихаж”. Москвад Монголын төлөөлөгчдийг хэн нь Ерөнхий сайд, хэн
нь Сангийн сайд гэдгийг даанч мэдэхгүй. Шумяцкий ингэж “андуурах” шалтгаан байсан
юм. Шумяцкий Монгол Улсын Ерөнхий сайд Бодоог нэр зааж энэ удаад Москвад ирэх Монголын
төлөөлөгчдийг ахалж ирнэ үү гэж бичиг ирүүлсэн. Харин Бодоо “их ажилтай” гээд очоогүйгээр
барахгүй төлөөлөгчдийн ахлагчаар Намын дарга, Сангийн сайд Данзанг өөрийнхөө оронд
явуулсан нь цаанаа их учиртай байжээ. Бодоо Данзанг өөрийнхөө оронд  явуулахдаа зүгээр нэг явуулаагүй мөнгө олж ир
гэж явуулсан байдаг. За одоо л Сангийн сайдын хэрэг гарна даа. Ардын засаг улаан
мөнгөгүйг та бид хоёр мэдэж байгаа. Тэр Шумяцкий та хоёр хуучин тооцоогоо тааруул.
Чагдаржав, Шумяцкий та гурав түрүү Орос явахдаа Ардын намд өгсөн зэр зэвсэг тусламжийн
мөнгийг Шумяцкий л мэдсэн. Оросын большевик намаас мөнгө өгсөн л юм гэсэн. Данзан  шинэ засаг байгуулагдахад 1000 алтан зоос өгсөн
өөр мөнгө өгөөгүй. Оросуудын өгсөн нөгөө их зэр зэвсэг Шумяцкий л мэдсэн гэсэн яриа
гарчээ. Ерөнхий сайд Бодоогийн Шумяцкий, Данзан нарыг мөнгөнд хардсан хардлагын
үгийг Шумяцкийд дуулгах төлөөлөгчид тэр үед Бодоогийн дэргэд олон байсан. Шумяцкий
бол тэр үед коминтернээс Монголд явуулах ажиллагааг удирдаад зогсоогүй  Азийг эзлэх бүх ажиллагааг гардан удирдаж байв.

Categories
редакцийн-нийтлэл

Туул гэж уг нь дүүрэн гэсэн үг

Баабар ингэж өгүүлэв

1940 оны 1-р сарын 3-нд Чойбалсан, Цэдэнбал нар Сталинтай уулзжээ. Энэ бол их хядлагын дараахь анхны уулзалт байлаа. Язгууртан, лам нар, ангийн итгэлтгүй нөхдийг хуугаар нь устгаж, 30 мянган хүний аминд хүрч, цаана нь 20 мянган хүн шоронд хадгалж байсан тул БНМАУ нь тэдний ойлголтоор ангигүй нийгэм болж, социализм байгуулах үндсэн болзлоо хангажээ. Иймээс шинээр буй болгосон туршилтын нийгмийнхээ дараагийн шат руу орохын тулд Үндсэн хуулиа өөрчлөх, намын их хурлыг хуралдуулж программ зорилтыг нь шинэчлэх шаардлагатай болсон байна. Иймээс л Ерөнхий сайд ба намын дарга хоёр зөвлөгөө авах нэрээр шинэ даалгавар хүлээхээр Кремлийн эзэнд бараалхсан хэрэг.

Үндсэн хуулийн шинэ хувилбар болон намын дүрэм программыг Зөвлөлтийн мэргэжилтнүүд нэгэнт бэлдээд Сталинд үзүүлчихсэн байсан тул уулзалтад энэ асуудлыг бага хөндлөө. Ерөнхий сайд Амарын дараагаас улсын гол таван яамыг зэрэг толгойлж байсан Чойбалсанг энэ чухал ажлаа өөр хүнд даатгаж болохгүй, одоохондоо бүгдийг нь үүрээд явж бай гэж үүрэгдсэн нь түүнээс өөр итгэлтэй хүнгүй байсантай холбоотой байх. Дөнгөж 24 настай Цэдэнбалыг намын дарга болгож буй нь их хядлагаас хойш түүнээс өөр бэлдсэн хүнгүй байлаа. 

Үнэхээр ч их хядлагаар хамаг боловсон хүчинг нь шударчихсан болохоор Кремлийн хувьд Монголын удирдлагын шинэ багийг бэлдэж амжаагүй аж. “Юуны өмнө итгэлтэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй. Тэр хүмүүс чиний яв гэсэн газар явж, хий гэснийг чинь хийхээс буцахгүй байх хэрэгтэй… Заавал эрдэм боловсрол гэх шаардлагагүй, бичиг үсэг муутай ч хамаагүй. Гол нь итгэмжтэй байх нь чухал. Чи өөрийн шугамаар тав гурван хүн нааш явуул, бид сургаад өгье… Лам нарын дотроос ухуулга таниулга явуулах боломжтой нэгийг нь өөртөө тат, худалдаад авсан ч болно. Тэд нам засгийн төлөө, чиний төлөө мөргөл үйлдэж байг. Болохгүй нэгийг нь дахиад суулгахгүй юу…” гэж Чойбалсанд зааварлалаа. Ярианд Ворошилов оролцон “Өөрийгөө тойруулсан итгэлтэй 20-иос доошгүй хүнийг олж, хариуцлагатай ажилд тавь” гэснээ гэнэт монгол бичгийг дэндүү олон үсэгтэй гэж муушаагаад орос үсэг авч хэрэглэх заавар өгөв.

Уулзалтын явцад Монгол Улсын шинэ сүлдний тухай зөвлөлдлөө. “Монгол Улс газар тариалангийн орон биш учир тариа ногоо сүлдэндээ оруулах нь зохихгүй. Монгол бол мал аж ахуйн орон учир мал олонтой гэдгээ харуулахын тулд сүлд чинь голдоо морьтой хүнтэй, тойрсон янз бүрийн малын дүрстэй байвал зохино.” гэж Сталин зааварлав. Энэ ярианаас урган Монголын малын тоо толгойг ойрын хугацаанд 200 сая хүргэх даалгавар гарч ирэв. Их жолоодогч Сталины даалгаврыг биелүүлж малаа ойрын хугацаанд 200 сая хүргээрэй хэмээн Берия хажуугаас нь “ерөөв”. Дагалдаад 1940 ондоо багтааж монголчууд 30 мянган тонн хонины ноос, мянган тонн тэмээний ноос, мянган тонн ямааны ноолуур бэлдэж ЗХУ-д худалдах даалгавар нэмэгдлээ. Энэхүү дааж давшгүй захиалгыг Чойбалсан, Цэдэнбал нар харин ч даваадуулан жилийн хугацаанд 40 мянган тонн хонины ноос тушааж даалгаврыг давуулан биелүүлэхээр амлах нь тэр.  

Монгол нь асар их уудам нутагтай ч малын бэлчээр нь хязгаарлагдмал. Говь цөл, өндөр уулс, усны хомсдолтой тал нь ихэнх нутгийг эзэлнэ. Иймээс бэлчээрийн даац нь малынхаа тоо толгойг хязгаарлана. Энэ нутаг 20-30 сая нүүдлийн хагас зэрлэг малын багтаамжтай. Байгалийн эрхшээлд байдаг нүүдлийн малын тоо толгой аятай үед 30-40 сая хүрч, элбэг тохиолдох ган зудын үед 15-20 сая хүртэл хорогддог жамтай. Малын тоо толгой нь хүнийхээ тоог хязгаарлана. Ийм тооны малыг нүүдлийн аргаар маллах хүний тоо нэг саяас хэтрэх боломжгүй. Монгол нутгаас үеийн үед  маш олон дайн байлдаан, дүрвэлт, их нүүдэл, миграци гарч байсны нэг гол шалтгаан энэ. Түрэг, манж овгийн олон үндэстэн, овог аймаг чухам өнөөгийн Монгол нутгаас нүүдэллэн Хар тэнгисээс Номхон далай хүртэл уудам нутагт тархан суурьшижээ. Монгол угсаатан ч бэлчээрийн дутагдлаас болж ийш тийш их нүүж байсны нэг жишээ нь өнөөгийн халимагууд аж. Нүүдлийн дагнасан мал аж ахуйгаас салж үйлдвэржилт, модерникацийн замд орсны хүчинд л хүн амын үлэмж хэсэг нь нүүдлийн мал аж ахуйгаас гадуур өөр ажил эрхлэх болсноор Монголын хүн ам 1960 онд нэг сая, 1990 онд хоёр сая, одоо бараг гурван сая болжээ. Хотжил үүсэн Улаанбаатар 1960 онд анх удаа 100 мянган оршин суугчтай болсон ба өдгөө энэ тоо 1,3 саяд хүрчээ. Малын тоо толгой 40 саяд хүрсэн боловч нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид хүн амын 15 хувийг эзэлж байна. Хүн амын 85 хувь нь хот суурин газар нүүдлийн мал аж ахуйгаас өөр ажил төрөл эрхэлж байгаа юм. Малын тоо толгой урьд байгаагүй ихээр нэмэгдсэн авч мал аж ахуйн үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хувь 15 хувь хүртлээ буурчээ.

1940 онд 700 мянган хүн амтай байсан энэ орон 24 сая малаа арав дахин өсгөж 200 саяд хүргэнэ гэдэг үлгэрийн мөрөөдлийн хэв хэмжээг ч давж байлаа. Гэвч дарангуйллын тоталитар нийгэм нь хүн ардаа сайтар шахаад өгвөл юуг ч бүтээж болно гэсэн ойлголттой байдгийн хувьд малын тоог 200 саяд хүргэж, эхний жилдээ 40 мянган тонн ноос цуглуулах нь амархан ажил гэж үзлээ. Гол нь сайн л шахах хэрэгтэй. Малын тоо  толгойг 200 саяд хүргэхийн тулд ердийн математик арга хэрэглэв. Бүх эм мал жил болгон төл гаргах ёстой, ингэхээр малын тоо толгой жилд 50 хувиар өснө. Малчдыг сайтар шахахын тулд эм мал болгоноо төллүүлсэн гэж тооцоод мах ноос, ноолуурын татварыг нь нэхнэ. Өгч чадахгүй бол шууд л шорон. Ингэснээр малын тоо толгой хэдхэн жилийн дараа мэдээж 200 саяд хүрнэ, харин далимд нь мөнөөх амласан 40 мянган тонн ноосыг тэр жилдээ хөнгөхөөн бэлдчихэнэ. Үүний тулд “Ноос алт” гэсэн хөдөлгөөн улс даяар өрнүүлэв. Нам засгийн тооцоо ийм амархан.

Чойбалсангийн дараа Дотоодыг хамгаалах яамны сайд болсон хүн нь Жамбалдорж гэгч этгээд. ЗХУ-д КУТВ буюу Дорно дахины коммунист сургууль гэгчийн хоёр жилийн курс төгссөнөөс өөр боловсролгүй нэгэн. Ард түмнийг шахах ажлыг тэр хариуцав. Жилийн дараа гэхэд Монголын бүх малчин дааж давшгүй өрөнд орлоо. Яаж ч хяргаад төрөөгүй малын мах ноосыг олж чадахгүй. Ингэхээр гэрийн бүрээс эсгийгээ задалж эргэж ноосорхуу юм болгоно. Дээл, өмднийхөө үсийг юу ч үгүй хяргаж хусна. Нохойгоо ч зүгээр байлгахгүй ноос ноолуурыг нь хяргаж хачирлана. Тэгээд ч дутна. Улсын даалгавар биелүүлээгүй хэргээр малчид бөөнөөрөө шорон явах болов. Энэ үед “ялтай мал” гэсэн нэршил гарчээ. Хэдий олон малтай нь төдий их өртэй. Малаасаа салахын түүс болон малгүй ядуучуудад үнэгүй бэлэглэх гэсэн уралдаан боллоо. Цаадуул нь тэнэг биш учир бэлэгнээс шууд татгалзана гээч. “Ноосоо тушаачихлаа, намаасаа хөөгдчихлөө, эхнэрээсээ салчихлаа, одоо ч шулуудлаа даа” гэсэн одоо хүртэл яригддаг онигоо тэр үед л гарсан юм даа.

 Аз нь шовойж буудуулалгүй амь гаран 10-15 жилийн ял авсан улс төрийн хоригдлууд дээр ноос дутаасан 10 мянган малчин нэмэгдэж Монголын шоронг хахаав. Энэ том армийг хооллоно гэдэг ядуу улсад бөөн дарамт. Гэтэл тэднээр хийлгэх хөдөлмөрийн фронт олддоггүй. Зөвлөлтийн ГУЛАГ-т Сибирь, Ураалаас мод салаар урсгадаг туршлагыг хэн нэг нь санажээ. Монголд ийм бололцоотой ганцхан газар байгаа нь Туулын эхээс Хэнтийн модыг гол дагуулан Улаанбаатар руу урсгах арга байна. Ингээд арван жилийн турш хоригдлууд Туул голоор сал урсгасан юм. Модыг Улаанбаатарт урсаад ирэнгүүт нь татаж гаргаад түлшинд хэрэглэнэ. Туул тэр үед том гол байлаа. Зарим нэгний баталж байгаагаар үерлэхээрээ Гандангийн дэнж хүрдэг ч гэх. Өдгөө Түрэг улсад Туул, Орхон гэх тэр байтугай Орхонтуул гэх овог элбэг тааралддаг нь эдгээр гол нэн эртнээс аль зэрэг том байсныг гэрчлэнэ. Сэлэнгэ гэдэг бол “төмөр гол” гэсэн манж нэр, тэгэхээр энэ гол Орхон, Туулаас илүү алдартай биш байсан бололтой. Хэдийгээр Орхон, Туул нийлж байж Сэлэнгэ болдог ч ой тайгаар урсан Байгал далайд цутгадаг болохоор талын нүүдэлчид төдийлөн тахидаггүй байсан байх. Орхон нь Хангайн нурууны их ойгоос, Туул нь Хэнтийн их тайгаас эх авна. Усны хагалбарт энэ газраас чухамдаа ой мод л энэ голуудын эх үүсвэр билээ л. Их ачааллын үед заримдаа гол харагдахгүй болтол их сал хот руу урсдаг байсныг ахмадууд дурсдаг. Ингээд Туулын эхийн мод ч хожигорсон, гол ч дундарсан. Хотынхон хэдэн жилдээ түлээ модоор тасарсангүй өнтэй сайхан өвөлжицгөөлөө. Тэр үед л “хөрөөд, хөрөөд” хэмээн хөрөө үүрсэн олон хүн гудамжаар орилолдон айлын мод хөрөөдөх болсноор ажлын байр ч давгүй нэмэгдсэн байх. 

1956 онд Хрущёвын дулаарал болон хоригдлууд цагаадаж шорон хэсэгтээ дундарлаа. Голын эхний мод дууссан учир хөдөлмөрийн фронт ч алга болж. Харин гол хариугүй нарийсав. Мод бол гол усны эх үүсвэрийг хангахаас гадна урсгалыг тааруулдаг. Ийм тохируулагч үгүй болсон тул 1966, 1967 онд Туул айхавтар үерлэв. Энэ бол Туулын сүүлчийн “чарлаан” байлаа. Түүнээс хойш улам нарийссаар далаад оны сүүлч гэхэд хавартаа шургадаг болов. Хур багатай жил шургадаг нь бүр дадал болсон. Орхон голын эхэнд Бат-Өлзийтийн модны үйлдвэр байгуулагдаж олон жил идэвхтэй ажилласны дүнд Улаан цутгалан ч тасрах болов. Тосонцэнгэлийн модны үйлдвэр ч Идэр голын амийг таслах шахав. 

Уул нь Туул гэдэг бол түрэг үг ба “дүүрэн” гэсэн утгатай юм гэнэ лээ.

2014.5.18 

Categories
редакцийн-нийтлэл

Хубилай хааны үеийн дөрвөлжин үсгийн номын тасархайг “танилаа”

ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар Хубилай хааны үеийн дөрвөлжин үсгийн номын тасархайг аль номын хэсэг болохыг нь тогтоосон байна.  14 үгтэй алга дарам хэвлэмэл номын тасархайг археологийн эрдэмтэд Торгоны зам дагуух эртний Монголын  Хар хотоос олсон юм байна.  Өвөр монголын эрдэмтэд эндээс олон хэл бичгийн 100 гаруй тасархай  олсон юм. Эрдэмтэн Ёшида Жүн-ичи, Чимэддорж нар удирдан хориод эрдэмтний хүчээр “Хар хотоос олдсон монгол дурсгалын судалгаа”   номыг 2008 онд япон, хятад хэлээр Токио хотод хэвлэн гаргажээ. Харин энэхүү номд орсон дөрвөлжин бичгийн тасархайг  мөнөөх эрдэмтэд ямар ном болохыг нь таниагүй аж. ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Отгонбаатар үүнийг хоёр монгол бичмэл эхтэй тулгаж таньсан аж. Тэр нь Сажа нутгийн эрдэмтэн Пагва лам Лодойжалцаны зохиосон “Шэйжэ равсал шэйжавын данжой” буюу “Мэдэгдэхүүнийг бэлгэтэеэ гийгүүлэгч нэрт шастир”-ыг Монголын дөрвөлжин үсгээр хэвлэсэн ном гэнэ.  Уг олдсон тасархайг одоогийн үсгээр буулгавал “…(цагт)  болбоос нэгэн бээр болъюу. Эд үлгэрээр сав ертөнц хийгээд амьтны биесийн цагийг цаглан үлгэртъюү. Сав ертөнц бүтэхийн шалтгаан  нь тэнд төрөгчид амьтны хамт үйлдсэн заяаны эрхээр бүтьюү. Бүтэхийн ёсон (нь)…” гэх мэт үгс бүхий өгүүлбэрүүд аж. Энэ номыг Хубилай хааны хүү Чингим хаан хүү  зохиолгосон гэх. Энэ ертөнц хүн амьтан бүх юмыг тэвч гэсэн утгатай өгүүлбэр юм байна.  Уг шастир нь таван бүлэгтэй том ном юм. XIII зууны сүүлийн мөчлөгт хамаарах дурсгал аж. 

Дөрвөлжин үсгийг Хубилай хааны зарлигаар Пагва лам  1269 онд зохиосон гэнэ.  Тухайн үед уйгаржин монгол бичиг байсан ч Юань гүрний үед Түвд, Монгол, Дундад Азийг хамарсан нэгдсэн нэг бичиг хэрэгтэй гэж үзсэн учраас ийнхүү дөрвөлжин үсэг мэндлэх хөрс суурь бүрджээ. Их Юань улсыг мандаж байх үед дөрвөлжин бичиг нь 100 орчим жил ихээр хэрэглэгдэж байжээ.   

Р.Отгонбаатар гуайг дөрвөлжин бичиг судлаад хэр удаж байгааг лавлахад “Монгол хэл бичгийн багш хүн учраас эрхбиш ухааныг нь мэднэ. Гэхдээ дөрвөлжин үсэг таньдаг томчууд нь таниагүй юм” гэв. 

Б.ЯНЖМАА

Categories
арын-нүүр булангууд редакцийн-нийтлэл

“Шилжилтийн нас” гэх нэрийдлээр үр хүүхдээ баллах юм даа

“Манай хүү шилжилтийн насандаа яваа юм. Сүүлийн үед их эмзэг, нэг л хачин болоод байна” гэж ээж аавууд өөрсдөө сүржигнээд байх шиг. Зүв зүгээр байсан хөвгүүд охидод “Шилжилтийн нас” гэж томъёоллыг тулган хүлээлгээд буруу зүйл рүү хөтлөөд давхичихаж байгаа нь анзаарагддаг. Тухайн хүүхэд огт санаандгүй байдлаас ах эгч нарынхаа өөдөөс цоролзох юм уу, хэн нэгэнд яльгүй гомдоллож тунирхахыг харангуутаа өнөө хэдийг нь загнаад “Эмзэг насандаа яваа хүүхдийг та хэд ойлгохгүй байна. Дүүд чинь ямар хэцүү байгааг ухаарч байна уу” гэх зэргээр баахан сүржигнээд болохыг нь байлгачихдаг.
Ижий аав нь тэгж бөөцийлөн хэн хүнээс өмөөрч нялхамсч нялцганаад эхлэнгүүт өнөө хүүхэд дүрдээ орох нь тодорхой. Тэгж л арван хэдтэй алиа хонгорууд жинхэнэ шилжилтийн үетэйгээ золгож ёстой л уньсан тунисан, ихэрхэж пээдэлзсэн, үг хэл авахгүй, аливаад жигтэйхэн шантарсан ул суурьгүй, сэтгэлийн хатгүй болох эхлэл тавигдаад ирж байгаа юм.
Учир мэдэх хүмүүс “шилжилтийн нас” гэх энэ томъёоллыг огтоос тоодоггүй шиг билээ. “Бидний багад лав тийм зүйл мэдрэгдээгүй дээ. Аав ээж тэгж нялганаж, наашаа цаашаа болж байхыг мэдэхгүй юм” гэж өгүүлэх нь бий. Арван хэдэн насанд мэдээж дуу хоолой бүдүүрэхээс аваад бие физиологийн хувьд өөрчлөлт ордог. Түүнээс сэтгэл санааны гүн цочролд автаж, эмзэг туяхан болдог нь юу л бол.

Н.Гантулга        

Categories
мэдээ редакцийн-нийтлэл цаг-үе

Солонгосчууд наашаа кимчи, сөжүгээ зөөж байхад монголчууд тэнд “Мах импэкс”, “Сүү”-гийн бүтээгдэхүүнээ хэрэглэж чаддаггүй

-СОЛОНГОС РУУ
БОРЦ, ЛААЗАЛСАН МАХ, ААРУУЛ АВЧ ЯВБАЛ ЕСӨН САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛНА-

Эх орноосоо хол ажил­лаж амьдарч байгаа хүн нутгийнхаа идээ ундаа,
хоол хүнсийг санагалзах нь хүний ёс. Тийм ч учраас харь улсад ажиллаж, амьдарч байгаа
ах дүү, хамаатан садандаа ганц уут борц, хэдэн ширхэг ааруул явуулахыг хичээдэг.
Орчин үед гэртээ хатаасан борцоо нүдээд явуулна гэж юу байх вэ. Үндэснийхээ томоохон
үйлдвэрүүдэд сав­ла­сан борц, хатаасан мах, хиам зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн
технологийн дагуу үйлдвэрлэсэн бүтээг­дэхүүнээ явуулдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүний
тухайд ч “Сүү” хувьцаат компани, “Мон фрэш” зэрэг технологи, стандарт нь олон улсын
шаардлагад нийцсэн үйлдвэрлэгчдийн бү­тээгдэхүүнийг гадаад руу явуулдаг. Гэтэл малыг
бэлчээрт нь нядлаад махыг нь шууд хилээр гаргах гэж байгаа, сүүг нь малчны хотноос
онгоцоор зөөвөрлөсөн мэтээр хориглож, ад шоо үздэг.

 Инчоны нисэх онгоцны буудал дээр гэхэд “Улаанбаатар-Сөүл чиглэлийн
зорчигчдын анхааралд. БНСУ-ын хилээр оруулахыг хориглосон малын гаралтай бүх төлийн
бүтээгдэхүүн болох мах, махан бүтээгдэхүүн (даршилсан, лаазалсан, вакумдсан, нухшилсан),
сүү, сүүн бүтээгдэхүүнийг гар тээшиндээ тээвэрлэсэн зорчигчийг Инчон нисэх буудлын
Мал эмнэлэг, хорио цээрийн албанаас таван сая хүртэлх воноор торгож байгааг анхаарна
уу” гэсэн зар тавиад доор нь манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний зургийг
тавьжээ. Өөрөөр хэлбэл, дээрх эд зүйлийг авч явбал монгол мөнгөөр есөн сая шахам
төгрөгийн торгууль төлөх нь. Ийм өндөр торгуультай ч монголчууд яаж ийгээд ганц
уут хатаасан мах, хэдэн ширхэг ааруул аваад явчихыг боддог. Гаалийнхан ч монголчуудын
энэ “дутагдал”-ыг анддаггүй аж. Инчоны нисэх онгоцны буудал дээрх “гаалийн ажилтан”
жижиг нохойг Солонгос руу олон удаа зорчдог иргэд андахгүй. Тэр нохой хүмүүсийн
ачаа тээшийг үнэрлээд л ааруул, махан бүтээгдэхүүн, борц байгааг төвөггүй мэдчихнэ.
Ингээд байцаагчид зорчигчдын цүнх, савыг онгичиж хиам, ааруул, хатаасан мах, борц,
сүү зэргийг авч төмөр сав руу шидэлнэ. Дараа нь торгуулийн асуудал босч ирж бөөн
гуйлга, хэл ам болдог.

 ОРОСЫН БАЙРНЫ ПОДВАЛЬД ҮЙЛДВЭРЛЭСЭН ШПРОТНООС МОНГОЛ ХИАМ ЮУГААРАА ДУТУУ
ГЭЖ

Монголоос Солонгост мах, махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ яагаад
экспортолж болдоггүй талаар үйлдвэрлэгчдээс асуухад “Гадаадад Монголыг хуучны үзлээр
ойлгодог. Мах, сүүгээр нь дамжиж олон төрлийн нян орж ирж өвчний голомт болно гэж
харддаг. Мах, махан бүтээгдэхүүн нь олон улсын стандартад нийцтэл боловсруулагддаггүй
гэж ойлгодог хүндрэлтэй. Үүнд Монголын талын сурталчилгаа маш их хэрэгтэй. Монголд
дэлхийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа гэдгийг олон улсад ойлгуулах
шаардлага байна” гэж байсан юм. Өөрөөр хэлбэл, манай улсын талаарх иймэрхүү буруу
ойлголтоос болж хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бараагаа экспортолж чаддаггүй
аж. Тэгсэн атлаа Солонгосын захын дэлгүүрт Орост савласан загасны мах, Австралиас
авчирсан мах, Америкаас зөөсөн тахиа байдаг. Оросын нэг байрны подвальд үйлдвэрлэсэн
шпрот Солонгост зарж болоод байхад Монголын “Мах импэкс”, “Сүү”, “Мон фрэш” зэрэг
топ компаниудын бүтээгдэхүүнийг яагаад тэнд борлуулж болохгүй гэж.

Солонгосын гаалийн байцаагчид нисэх буудал дээр монголчуудын цүнх
савыг нэгжээд Оросын шпрот гараад ирвэл “Энэ болно” гээд явуулчихдаг. Тэгсэн атлаа
“Мах импэкс”-ийн хиам авч явбал “Болохгүй, торгууль төл” гэдэг.

“Мах импэкс” компани 68 жилийн түүхтэй Монголын ууган үйлдвэрлэгч.

Тус компанид Германы автомат ажиллагаатай иж бүрэн тоног төхөөрөмж
бүхий итгэмжлэгдсэн сорилын лаборатори ажилладаг. Хүнсний бүтээгдэхүүний химийн
найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлох нитритийн спектрофотометр, спекол,
ариутгалын ламинар бокс, өндөр нарийвчлалтай микроскоп, электрон жингүүд зэрэг орчин
үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон манай улсын махны салбарын лабораториуд дотор
хамгийн том багажтай анализын лаборатори ажилладаг. Өөрөөр хэлбэл, хиам, махан бүтээгдэхүүний
бүх стандартыг хангасан аж. Тус компани америк стандартаар адуу, үхрийн хатаасан
мах үйлдвэрлэдэг. Мөн “Нүүдэл” брэнд нь үндэсний шилдэг бүтээгдэхүүн болсон. “Сүү”
хувьцаат компани гэхэд сүү боловсруулах, аарц цөцгийн тос, зайрмагны үндсэн гурван
цех, олон улсын шаардлагад нийцэхүйц лабораторитой. Бүтээгдэхүүн нь өндөр хяналтанд
орсон аюулгүй бүтээгдэхүүн. Ийм орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, аюулгүй,
эрүүл хүнс үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүнийг гадаадад экспортлоход бизнес
эрхлэгчид, салбарын яам анхаарах цаг болсныг эдийн засагчид хэлж байна. Хэрвээ Солонгосын
дэлгүүрт “Мах импэкс”-ийн хатаасан мах, хиам, “Сүү” хувьцаат компанийн аарц байвал
монголчуудаас гадна солонгосууд олноороо худалдаж авна гэдгийг иргэд ярьсан. Гурван
жилийн өмнөөс монгол залуус Солонгост хувиараа “Баялаг хиам” нэртэй хагас боловсруулсан
бүтээгдэхүүн үйлдвэрлэх болжээ. Хагас кг бүтээгдэхүүнээ 10 мянган воноор зардаг
аж. Уг бүтээгдэхүүний борлуулалт маш сайн байгааг Солонгост амьдарч байгаа монголчууд
ярьдаг. Учир нь уг хиамны амт Монголд үйлдвэрлэсэн хиамныхтай төстэй байдаг гэнэ.
Өөрөөр хэлбэл, тэнд монгол махан бүтээгдэхүүний зах зээл байна. Нөгөө талаар албан
ёсоор худалдаад эхэлбэл монголчууд хулгайгаар борц, ааруулаа зөөж өндөр торгууль
төлөх шаардлагагүй болно.

 “КОМПАНИЙН НЭРЭЭР КИМЧИ, ЗАГАС, СӨЖҮГЭЭ СААДГҮЙ ОРУУЛДАГ”

Монголд бол гадаадаас хүнсний бүтээгдэхүүн саадгүй орж ирдэг. Монгол
Улсын хилээр мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж
хэрэгсэл, мансууруулах ургамлыг хилээр гаргаж, оруулахыг хориглодог. Мөн зайлшгүй
хяналтад байх эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай эд эрхтэн, донорын цус,
бичил биетний өсгөвөр зэргийг Эрүүл мэндийн яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны хяналт
дор оруулдаг. Үүнээс гадна онцгой хортой химийн бодис, буу, зэвсэг, байлдааны хэрэгсэл,
тэдгээрийн эд анги, тэсрэх бодисыг хязгаарлалттайгаар нэвтрүүлдэг юм байна. Хүнсний
бүтээгдэхүүний тухайд гаалийн бүрдүүлэлт хийгээд холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн
байхад асуудалгүй аж. Тиймээс солонгосчууд иддэг кимчи, цагаан будааны гурил, уудаг
сөжү гээд бүх хүнсний бүтээгдэхүүнээ Монголд оруулж ирдэг. Хүнсний тухай болон Хүнсний
бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулиар Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж
байгууллагууд л хилийн чинадаас хүнсний бараа бүтээгдэхүүн оруулж ирэхийг зөвшөөрсөн
байдаг. Мөн Хүнсний бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулж ирэхдээ тухайн улсаас
бараагаа экспортолсон аж ахуйн нэгжтэй гэрээгээ хийсэн байх ёстой. Мөн хилээр оруулах
хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй байх ёстой гэсэн
шалгуур тавьдаг аж. Энэ шалгуур ёсоор иргэд компанийн нэрээр бүтээгдэхүүнээ оруулж
ирдэг гэдгийг ярьж байсан. Яг үүнтэй адил шалгуураар Монголд үйлдвэрлэсэн хүнсний
бүтээгдэхүүнийг гадаадад экспортлох боломжийг бүрдүүлэх шаардлагатайг бизнес эрхлэгчид
хэлж байлаа. Нэрээ хэлэхийг хүсээгүй бизнес эрхлэгч “Монголд монголчуудтай ижил
төрлийн бизнес эрхлээд хөлжиж байгаа олон солонгос хүн байдаг. Энэ олон солонгос
барааны дэлгүүрийн ард ихэвчлэн солонгос хүн байгаа. Тэднийг хорь, цагд гэж байгаа
юм биш. Адилхан нөхцөлтэйгөөр харилцан бараагаа нэвтрүүлдэг баймаар байна. Тэгэхгүй
бол манай улс ч гэсэн далд хориг саад тавьж, арга хэмжээ авах шаардлагатай. Ингэвэл
тэд манайд тавьж буй нөхцөлөө зөөллөж таарна” гэсэн юм.

 Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
мэдээ редакцийн-нийтлэл цаг-үе

Наран мандах зүгт эх орны хил тайван байна

Эх орны өргөн уудам нутгийг торгон хилийн зурвас эмжиж, эргэх дөрвөн
цагт тангараг өргөсөн хилчид нүд цавчилгүй манана. Энэ удаа бид мандах наран зүгийн
хязгаар нутгийг зорилоо. Хатаж гандсан өнжүүл борог хагдарч хөл дороос хавар цагийн
яргуй өндөлзөнө. Нар тэнгэрийн хаяа тийш мэхийх үеэр Дорноговь аймгийн нутагт байрлах
Улаан-Уулын отрядын Харагчингийн заставт дөрөө мулталлаа. Зах нь харагдахгүй их
талын хэсэгхэн газар хөндлөн гулд тогтсон толгод байх бөгөөд толгодын ар бэлд Харагчингийн
заставын амьдрал бужигнана. Хятадын Шилийн гол аймагтай хил залгаа эл заставын хажуухан
талд харуулын өндөр байр сүндэрлэх нь сүртэй. Буутай цэргүүд харуулын манаанд ээлжлэн
гарч хол ойр хөдөлж сортойх хулгана зурмыг хүртэл андахгүй дурандаж цагийн байдлыг
застав руу илтгэх аж. Говийн нутагт хаа нэг хуй дэгдэж, хуруун чинээ гүрвэлээс
өөр үзэгдэх юмгүй. Харин хилийн торноос цаана гурван километрийн орчимд Хятад улсын
хилийн манаа харагдана. Хилчдийн ярьж буйгаар ойрын хэдэн жил элдэв зөрчил гараагүй
гэсэн. Хааяа тэнэж яваад төөрсөн урд хөршийн “бадарчин”-гууд хил давах тохиолдол
гардаг байна. Энэ заставт гэрээт цэргүүд алба хаадаг юм байна.

Гэрээтийн орон тоо бий болсноос 
хойш цэргийн алба хаах сонирхолтой залуус ихэсчээ. Гэрээт цэргүүд хоёр жилийн
алба хаагаад сард 600 орчим мянган төгрөгийн цалин авч байна. Хот суурин газраас
хол учраас мөнгө үрээд байх шалтгаан ч байхгүй. Гэр бүлээ орхиод ирсэн нэг нь сардаа
цалингаасаа 100 гаруй мянган төгрөгөө бэлэн аваад дансаар тэдэндээ явуулдаг байна.
Хоол хүнс, дүрэмт хувцас гээд бүгдийг л улсаас бэлдээд өгчихнө. Амьдрах байр нь
хүртэл тансаг зэрэглэлийн буудлаас дутахааргүй юм билээ. Ингэхээр тэд хоёр жилийн
дараа 10 гаруй сая төгрөгтэй гэртээ харина гэсэн үг шүү дээ.

Мөнгийг нь бодоод гэрээт цэргийн алба хаахаар ирж байсан зарим цэргүүд
цэргийн амьдралын утга учрыг ойлгоод ирэхээрээ застав, отряддаа торгон хилээ манахаар
үлддэг гэнэ. Ийм олон хүн хилийн цэргийн ангид алба хааж байна. Говийн нутгаар хөндлөн
гулд давхисаар Цагаан-Овоогийн заставт хүрэв. Харагдаж үзэгдэх уул толгод ч үгүй
энэ эзгүй газар хилчид өөрсдийн вант улсаа байгуулж эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байгааг
харахад хотын хүүхнүүд ч гурав хонохгүй уйлаад Улаан­баатар гүйх байхдаа гэсэн бодол
хөвөрнө. Цагаан-Овоо­гийн застав хад асга гээд хараг­дах юмгүй мөртлөө чулуун хороогоор
хашаа хороо босго­жээ.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Онгоны отрядын салбар ангид ирсэн нь
энэ. Бусад заставыг бодвол их малтай аж. Бод, бог гээд нийтдээ мянга орчим малтай.
Таван хошуу мал бүгд бий. Гэхдээ ганцхан тэмээтэй. Ганц тэмээ нь ус зөөх үүрэгтэй
гэсэн. Зуны цагт заставын хүүхнүүд үнээгээ сааж, сүү саалиа боловсруулж  хүнсэндээ хэрэглэнэ. Заставын малыг Пүрэвням,
Одхүү хоёр малладаг байна. Энэ хоёрт цаг нөхцөөхөд тусладаг ганц найз нь хөгжим.
Флашаараа сүүлийн үеийн дуу хуулуулж авчраад сонс­чихно. Өдөрт хоёр хоол хийж иднэ.
Дандаа цуйван, хааяа шөлтэй хоол хийж иддэг тухайгаа хөөрөлдөв. Ер нь хилийнхнийг
мал хуй өсгөж, жимс жимсгэнэ түүж, хүнсний ногоо тарьдаг арчаатай айлын нэгэн тод
жишээ гэмээр. 

Анх залуучууд цэрэгт ирээд мал төллөх үеэр хурга ишигнийхээ эхийг
танихгүй будилна. Хэд хоноод 200 гаруй хурга, ишгийг дорхноо нүдэлдэг талаар заставын
дар­га Мөнхбаатар ярьж байсан. Малын хашааны өмнөхөн хөшөө босгосон хоёр булш харагдсан.
1980-аад оны үед тус заставт алба хааж байсан ахлах ахлагч, байлдагчийн хамт цасан
шуурганаар төөрч амиа алджээ. Эрлийн баг олох үед тэрээр байлдагчдаа өмсч явсан
хамаг хувцасаа тайлж өгөөд өөрөө осгосон байжээ. Тайван цагт эх орныхоо төлөө мөнх
бусыг үзсэн цөөнгүй хилчин байдаг гэсэн. Тиймээс Хил хамгаалах ерөнхий газар болон
салбар ангиуд тэдний эр зориг алдар нэрийг мөнхжүүлэх ажил өрнүүлж байгаа. Тайван
цаг гэснээс дайны үед нуувчинд отолт хийж байсан газартай хаяа дэрлээд малчид нутагладаг
юм билээ. Малчид малаа маллаад зогсохгүй эх орныхоо хилийг манана. Нэг ёсондоо хилийн
цэргийн туслах хүчин гэсэн давхар алба эрхэлдэг гэсэн үг. Шуурганд хил тулаад мал
хуй ороод ирвэл хилчдийнхээ хамт хоргоож, эзэнд нь буцааж өгөхөөс эхлээд хилчдээс
дутахааргүй сонор соргог малчид байсан. Малчин С.Энхбат “Манайх үе удмаараа туслах хүчин явсан. Хилчидтэй мөр зэрэгцээд эх орныхоо хилийг манаж байгаа гэж бодохоор
үнэхээр сэтгэл огшдог юм” гэв. Мэдээж хилийн дээстэй ойрхон нутагладаг болохоор
санаа зовних үе байх ч хилчдийнхээ ур чадварт тэр хавийн айлууд ихэд итгэж найддаг
нь илт. Арга ч үгүй биз. Эх орныхоо хилийг хэр баргийн өвсөнд бүдрэхээргүй аавын
хүү хаах нь ойлгомжтой.  Баянтөхөм, Бударын
застав гээд үнэхээр ч даргын тушаал, эх орондоо өргөсөн тангараг гээчийг жинхэнэ
утгаар нь мэдэрсэн эрчүүд л хилийн ангид үүрэг гүйцэтгэж байна. Бударын чулуун дундах
заставт Баясгалан гээд цэрэг алба хаадаг байж. Тэрээр нэг өдөр хоёр цэргийн хамт
харуулд гарч байсан гэнэ. Гэтэл Хятадын иргэн хил давж баригджээ. Тухайн үед баригдсан
этгээд өөрийгөө мэргэшсэн тагнуулч болохоо хэлсэн бөгөөд “Би танай гурван цэрэг
битгий хэл арван хүн байсан ч өлхөн дийлнэ. Гэхдээ танай тэр бор цэргийн харцыг
бараагүй, баригдчихсан. Тэр нүдээ нэг ч цавчаагүй, зоригтой эр” гэжээ. Ингэж онц
ноцтой тагнуулыг барьсан удаатай. Баясгалан гэх цэргийг алдаршуулсан хад хүртэл
байдаг аж. Ер нь Бударын  застав хааш хаашаа
гурав, дөрвөн километр үргэлжлэх том хад цохиотой. Гэхдээ энэ байгалийн онцлог бүхий
газар урд хөршийн нутагт үргэлжлэн тогтсон. Манайд зөвхөн энэ өвөрмөц тогтоцтой
газрын 30 хувь нь үлджээ. Бударын застав Онгоны отрядтайгаа ойрхон байршдаг юм билээ.
Хил дагасан заставынхан хоорондоо дотоод холбоогоор мэдээлэл солил­цохоос биш гар
утсаар хүссэн үедээ аав, ээж, найз нөхөд, эхнэр хүүхэд рүүгээ ярина гэж байхгүй.
Зайлш­гүй хэрэг гарвал дор хаяж 60-70 км давхиж байж сумын төв орж ярьдаг гэсэн.
Хол болохоор сардаа л нэг удаа сум орж утсаар ярьдаг тухайгаа хилчид ярьсан. Үнэндээ
хот газар шиг машин зам дээр түгжирч нэг нэгнийгээ харааж, зүхэж бухимдахгүй, толгой
амраахгүй утас байнга хангинаж стресстэхгүй ёстой л амар амгалан хөдөөд байна. Ялангуяа
хилчид удам дагаж хүслээрээ энэ хол газар ирсэн гэх. Түүнчлэн үр хүүхдээ хилчин
болгоно гэсэн битүүхэн хүсэлтэй.

Хэдий санаа зовох зүйлгүй, сэтгэл амар амьдарч байгаа ч гэсэн жил
бүрийн өдийд хилчдийн сэтгэлд жаахан гуниг сэвэлзээд эхэлдэг гэнэ. Учир нь нэг жилийн
хугацаат цэргүүд халагдах дөхөөд тэр. Гэвч дахиад л шинэ цэргүүд ирнэ.

Гэхдээ цэргүүд халагдах өдрөө хоног тоолон хүлээдэг үе өн­гөрсөн
талаар Онгоны отрядын захирагч С.Энхсүх ярьсан. Энэ жил халагдах цэр­гээс нэ­лээд
хэд нь отряддаа үлдэхээр өргөдлөө өгчээ. Учир нь цэргийн ангийн талаар төсөөлөлгүй
явсан залуус хэдий нэг жил алба хаагаад буцаж байгаа ч эх орон, эр хүн гэж чухам
юуг хэлээд байгаа тухай бага ч гэсэн ойлголттой болдог байна. Ангийн захи­рагч шинэ
цэргүүдийг цэргийн тангараг өргөснийх нь дараа халхын сайн эр Торой бан­дийн домогт
Шилийн богд уулнаа гаргаж эрийн тангараг өргүүлдэг гэнэ. Мөн Алтан овоо зэрэг байгалийн
түүх дурсгалт, үзэсгэлэнт газрууд­тай танилцуулдаг нь цэргүүдэд ихэд нөлөөлдөг талаар
отрядынхан ярьж байна лээ. Үүний тод жишээ бол ахлах түрүүч Б.Мөнх-Эрдэнэ. Тэрээр
хилийн цэргийн ангидаа үлдэх өргөдөл өгчээ.

Түүнтэй цөөн хором ярилцсан юм.

-Нутаг
хаана вэ?

– Дорноговь аймгийн Айраг сумаас ирсэн.

-Цэргийн
алба хаах ямар байна?

-Маш гоё. Манай зарим найзууд цэргийн алба хааж ирээд намайг цэрэгт
яв гэж ятгасан. Би цэргийн анги, тэр дундаа хилийн анги ямар байдаг талаар ойлголтгүй
ирсэн. Цэрэгт татагдсан анхны өглөө 6.00 цаг гээд босох тушаал сонсоход нойроо дийлэхгүй
ийм хэцүү юм уу гэж бодож байлаа. Одоо бол хэдэн ч цагийн манаанд гарсан нойрмоглохгүй
шүү.

-Цэргийн
ангид ирээд юу сурав?

-Ороо ёотон хурааж сурсан. Өнцөг булан бүр нь дөрвөлжин яг л ёотон
шиг харагдахаар гэсэн үг. Бараг 14 хонож байж сурсан. Бас турник дээр бүтэн сонс
эргэж сурсан.

-Анх
цэрэгт ирэхдээ хэд суниадаг байсан бэ?

-20.

-Одоо
хэд суниаж байна?

-Доод тал нь 60 суниадаг болсон.

-Өөрийг
тань их авьяастай гэх юм билээ?

-Би хотод Хөгжим бүжгийн коллежийг төгссөн. Лимбэ, төгөлдөр хуур
тоглодог. Одоо отрядад ямар нэгэн арга хэмжээ болвол хөгжим тоглоно. Бас цэрэгт
ирээд Задгай цагаан, Хүмүүн төрөлхтөн зэрэг арван бүжиг сурсан.

-Яагаад
цэргийн албанд үлдэхээр шийдэв?

-Цэрэгт явна гэдэг маш сайхан санагдсан. Тэр тусмаа эх орныхоо хилийн
манаанд зогсоно гэдэг бахадмаар юм билээ. Миний үеийн залуус эх орон, миний Монголын
газар шороо гэж ирээд л ярьдаг. Ядаж нэг жил алба хаагаад харуулын манаанд зогсоод
үзвэл жинхэнэ эх орон гэж юу байдгийг мэдрэх болно. Наад зах нь хувь хүний зохион
байгуулалттай, алхаа гишгээ хүртэл чанга болдог юм байна. Тэгээд ч хотод очоод хийх
ажилгүй байснаас төрд зүтгээд, цэргийн хүн болох нь  дээр гэж бодсон гэв. 

Б.Мөнх-Эрдэнэ шиг бо­дол­той залуу олон байсан. Түүнчлэн өвөө, аав
гээд удам дамжсан хилчид ч байна. Отрядын Сэтгэлзүй, соёл, сурталчилгааны албаны
ахлах ажилтан Б.Баярмагнай Ховд аймгийнх бөгөөд өвөө Лхамжав, аав Бямбажав нар нь
хилчин байсан гэнэ. Тэрээр дөнгөж 20 гарч яваа ч барилдана, дуулна, шүлэг уншина,
бөх цоллоно, тайлбарлана гээд элдэвтэй нэгэн. Хүнгэнэсэн сайхан хоолойтой. Цагдаагийн
ерөнхий газрын нэрэмжит наадмын бөхийг гурван жил дараалан тайлбарлажээ. Тэрээр
мөрөөд­лөө дагаад урлагийн салбарт хүч сорих байсан ч удмынхаа хувь заяа, сэтгэл
зүрхнийхээ дуудлагаар хилийн хязгаарт иржээ.

 Үргэлжлэл
бий

 Д.ДАВААСҮРЭН