Categories
редакцийн-нийтлэл

Жамсранжавын Амарзаяа: Миний аав үнэндээ сод хүн байсан

Хөгжмийн нэрт удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Чойсүрэнгийн Жамсранжавын охин СТА Ж.Амарзаяатай ярилцлаа. Тэрбээр “Black box” театрын жүжигчин, “G intertainment” студийн найруулагч юм.

-Таныг орчин үеийн театр “Black box”-ын жүжгүүдээр олны өмнө гарч ирэхэд агуу удирдаач Жамсранжав гуай эрхгүй санагдаж байлаа. Тэгээд аавын тань тухай дурсан ярихыг хүссэн юм. Олон түмний сэтгэлд аав тань сонгодог хөгжим, Ховд нутаг хоёроороо дэндүү тод овоглогдон үлджээ?

-Миний аав уг нь нийслэл хотод төрсөн хүн. 1943 онд. Өвөө, эмээ хоёр маань бараг л хотын уугуул. Ээж, аавын тал аль аль нь хотын уугуул. Гэсэн ч Ховдоор овоглочихсон, Ховдын Буянт сумынх гэж явдаг юм. Манай дээд өвөг элэнц хуланц маань Жамьян гэж хүн байсан юм. Жамьян өвөө маань Ховдод анх театр байгуулсан хүн л дээ. Түүгээр нь Ховдынх гээд овоглочихсон юм билээ. Удирдаач Чулуун ах манай өвөөгийн дүү. Тэгээд л тэд маань бүгдээрээ Ховдоор овоглож явдаг юм. Үр хүүхдүүд нь аавынхаа удмыг дагадаг жишгээр Ховдынх л гэдэг. Миний аав бол арван тав зургаахан насандаа Оросын Москва хотын хөгжим бүжгийн коллежид сурсан байгаа юм. Төгсч ирээд ажиллаж байгаад бүр сүүлд 1967 онд Ленинградын консерваторт явсан юм билээ. Тэр хооронд аав Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, Ардын дуу бүжгийн чуулгад удирдаач хийж байсан. 1973 онд Ленинградын консерватор төгсч ирээд Дуурийн театрын хөгжмийн удирдаачаар ажиллах болсон.

-Арван хэдтэй хүүгийн Москвад өнгөрүүлсэн он жилүүд ямар байсан бол?

-Миний аав айлын ганц хүү. Хүний ганц хүү учраас их дэврүүн, эрх танхи өссөн юм байна лээ. Эмээ өвөө хоёр маань хоёулаа дээд мэргэжилтэй, өндөр боловсролтой хүмүүс байсан. Нэг нь хүүхдийн эмч, нөгөө нь малын эмч. Тэр үеийн техникумд сурч байхдаа танилцаж гэр бүл болоод аавыг төрүүлж. Хүүхдэдээ маш их анхаарал тавьдаг байсан байгаа юм. Хоёулаа хөгжим тоглочихдог байсан гэдэг юм. Удам судраар нь хөөгөөд үзэхээр Жамьян өвөөгийн урлагийн авьяас өвлөгдөж, манай аав, Чулуун ах, Чулуун ахын хүү Чинбат, Чинбатын Амараа гээд ерөнхийдөө удам угсааны авьяас яваад байдаг юм. Тэгээд ганц хүүгээ Москва явуулчихаад эмээ маань их санадаг байсан нь мэдээж шүү дээ. Тэр үед их дэг жаягтай, их мундаг сурч байсан гэдэг юм билээ. Оросууд бол авьяастай хүнийг сайн төрүүлж чаддагаараа алдартай шүү дээ. Аавыг Ленинградад байхад би нэг хоёрхон ойтой жаахан байсан болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ л тэнд байсан үеийнх нь зургийн цомгийг харж байхад хүртэл их л бие даасан хүүхэд байсан харагддаг юм. Өөрийнхөөрөө байх чөлөөг ч гэсэн эмээ өвөө хоёр гаргаж өгдөг байсан шиг байгаа юм. Ер нь сод авьяастай гоц хүмүүсийн нэг онцлог байдаг шиг байгаа юм. Өөрийнхөөрөө, маш их бие даасан шинжтэй, бусдаас харьяат бус, хэзээ ч юунд ч шантардаггүй тийм хүмүүс байдаг юм шиг ээ.

-Ээж, аав хоёрын тань гэр бүл болсон түүх гэвэл?

-Ээж Анагаахын дээд сургуульд сурч байсан үе гэдэг. Ээж маань хүүхдийн эмч л дээ. Тэгээд аав анагаахын дээдийн оюутнуудыг урлагийн үзлэгт бэлдүүлж байгаад ээжтэй танилцсан юм билээ. Нэг өдөр эмээ, өвөө хоёрын дунд орж суугаад аав хэлж гэнэ. “Би нэг их гоё ногоон нүдтэй охинтой танилцлаа” гэж ярьсан гэнэ ээ. Аав өнгө нэрээр нь ялгадаггүй байсан байхгүй юу. Тектоник гэж ярьдаг даа, тийм хүн байсан. Тэгсэн эмээ өвөө хоёр нэг их норгоон нүдтэй бэртэй болох юм байна даа гээд хөхрөлдөж байсан гэдэг. Ээж маань их цэвэрч нямбай, эмч бүсгүй аавын гэрт орж ирсэн гэж ярьдаг. Ээж маань аав ээж нь эрт өөд болчихсон учраас эмээ өвөөгийнхөө гар дээр өссөн. Аав ээж хоёр бие биедээ их хайртай, тэрийг нь хичнээн балчир ч гэсэн хүүхдүүд нь харж мэдэрч өсч. Одоо би боддог юм. Хүн үр хүүхдэдээ үлгэрлэж амьдарна гэдэг чинь их гоё юм байна. Зүгээр нэг зааж зааварлахаас илүү өөрийнхөө амьралаар үлгэрлэж амьдарч байж хүүхдүүддээ хайрын атмосфер гэх юм уу нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгдөг юм байна. Аавтай танилцах үедээ ээж хоёрдугаар курст байсан юм билээ. Миний эгч ээжийн адил эмч мэргэжилтэй. Манайд ер нь урлагийнхан, эмч гэсэн хоёр янзын хүмүүс байдаг юм. Их сонин. Өвөө эмээ, ээж, эгч гээд бүгд эмч нар.

Өвөө эмээ хоёр Чулуун ахыг аавд тусалдаггүй байсан гэж ярьдаг сан. Чулуун ах аль хэдийнэ урлагт хүндтэй байр суурьтай болчихсон байсан тэр үед аав дөнгөж сургуулиа төгсч ирээд хөлөө олох гээд явж байж л дээ. Би тэр тухай ингэж ойлгодог юм. Урлагийн хүн бол цэвэр өөрийнхөө хүчээр босч ирэх ёстой. Заавал хэн нэгэн татаад л, нөгөө нь татуулаад байх шаардлагагүй гэж. Өнөө цагийнхны бодлоор бол нэг нь их л том түшиг нөмөр нөөлгөнд ирж байгаа хүн, нөгөөх нь под хийтэл хажуудаа татаж аваад л орлогчоо болгочиход юухан байхав дээ гэмээр. Гэтэл тэр үеийн хүмүүс яг л номоороо, өөрийнхөө хүч авьяасаар байр сууриа олж авч байж. Тэгээд аав маань Дуурь бүжгийн эрдмийн театрт 22 дуурь, балет тавьсан. Дуурийн таетрын вэб хуудас руу ороод би сая зарим юмыг нь сэргээж харлаа л даа.

-Эдний вэб хуудсаас одоо урын сангийнх нь үнэн зөв мэдээллийг авах боломжгүй болсон байна лээ. Аль дээр үед тавьсан жүжгүүдийн удирдаач, найруулагч нарын нэрийг хийсэн бүтээлээс нь хасаад өнөө цагт дохисон хүнийхээр болгочихсон байна лээ. Ж.Чулуун, таны аав, Баатаржав, Санжмятав нарын удирдаачид, тэр бүү хэл Билэгийн Дамдинсүрэнгийнх нь нэр ч бараг байхгүй болчихсон байгаа. Одоо хүмүүс өөрсдийнхөө түүхийг зориуд буруу бичдэг болж байгаа юм уу даа. Бүгд худал мэдээлэл явж байгааг та анзаарсан уу?

-Хүний найруулаад тавьчихсан бүтээлийг дараа нь үргэлжлүүлээд тоглох амархан шүү дээ. Хөгжмийн жүжгийг анх тайзанд тавина гэдэг чинь өнөөдөр сэргээгээд тоглуулахаас шал өөр биз дээ. Миний аав хар багаасаа Орост сурч олон жил тэнд амьдарсан болохоор маш сайн орос хэлтэй. Эх зохиолуудыг нь их сайн уншиж судална, пянз их авчирдаг байсан, тэрийгээ гэртээ байнга сонсоно, сонсоод өөрөө дохиж сургуулилж байнга давтана. Аавын төгөлдөр хуур бол бид нарын хувьд музейн үзмэр шиг л байдаг байлаа. Ээж бид нар зөвхөн арчиж гялалзуулдаг. Нэг ч удаа хуруу гараа хүргэх эрх байхгүй. Бид нарыг яг тийм чанга хатуу дэг журамтай, урлагийг дээдлэх үзэл бодлоор өсгөсөн л дөө. Аав уран бүтээл хийж туурвиж байх үедээ аягүй их нисдэг байсан шиг байгаа юм. Халил ихтэй, хийж байгаа юмандаа өөрөө бүр дотор нь орчихдог, түүгээрээ өвчилчихдөг байсан. Хүмүүстэй уулзахдаа тэрийгээ яриад, энэ жүжгийг тэнд тэгж тавьсан байна, тэндэхийн тэр театрт намайг үзэж байхад тэгж тавьж байсан гэхчлэн олон хувилбараар нь ярина. Тэр уран бүтээлчийн уйгагүй эрэлхийлэл нь аавд их хэрэг болж байсан болов уу. Би урлагийн хүн болохоор хожим ч гэсэн мэдрээд байдаг юм. Энэ олон том бүтээлийг найруулж тавих социализмын үе байсан юм чинь амархан гэж зарим хүмүүс бодох байх л даа. Яагаад гэвэл бүхнийг улсаас дэмжээд нөхцөл бололцоогоор хангаад өгчихсөн гэдэг ч юм уу. Гэхдээ л хүмүүс нь алтан үе байсан байсан байхгүй юу. Оюун, Ганбаатар бүжиглээгүй бол, Уртнасан, дараа нь Жавзандулам дуулаагүй бол тэр олон бүтээл тэгж цогц гарах байсан уу, үгүй юу. Яг тэр алтан үе нь өөрөө маш өндөр түвшинд боловсорчихсон хүмүүс байжээ. Оркестр нь гэхэд л бүтэн оркестр суухад дандаа дээд мэргэжлийн хөгжимчид байгаа юм. Одоо ингээд бүтэн концерт сонсоход яагаад ч юм миний аавын удирдаж тоглуулж байсан шиг санаанд хүрдэггүй. Тэгээд оркестроо өөр хэн нэгэн удирдаачгүйгээр, аав удирдаж байгаагаар төсөөлөөд сонсохоор ямар гоё сонсогддог гээч. Нэг тийм амьд сүнслэг орчинд орчихдог юм. Одоогийн удирдаач нарыг би муу гэдэг ч юм уу уран бүтээлийг нь муу гэж байгаа юм биш шүү. Хамгийн гол нь энэ бол уран бүтээлчид санаа нэгдэх, бие биенээ дэмжиж, хайрлаж, дандаа нэгэндээ тусалж, урам зориг өгч байх тэр сэтгэл нь чухал. Миний аавын хамтарч ажиллаж байсан үеийнхэн бол үүгээрээ гойд байжээ. Хийсэн бүтээснээс нь мэдрэгддэг юм. Миний аав бол харахад их ширүүн дориун зантай, эрс шийдэмгий, хүнд үнэнийг хэлэхдээ ерөөсөө цааргалдаггүй хүн байсан. Тэр чанараараа үеийнхнээ, хамт ажиллаж байсан уран бүтээлчдээ байлдан дагуулж чадсан байх. Зөвхөн дуучид биш шүү дээ, балетчид, найрал дуучид, найруулагч, оркестр гээд хөгжмийн театрт бол удирдаач л тэр бүгдийг зангидаж жүжиг тавина шүү дээ. Ер нь Дуурийн театрт миний аавын тухайн өдрийн настринаар бүх юм шийдэгддэг байсан шиг байгаа юм.

-Мэдээж. л дээ, тухайн удирдаачийн л бодол санаа, мэдрэмж, тэр бүү хэл зан характераар хөгжмийн бүтээл тайзан дээр шинээр төрдөг юм чинь. Ингэхэд таны аав хоёр охиноо театртаа дагуулж очдог байв уу?

-Ер нь урлагийн тогоонд чанагдаж байгаа хүний хүүхдүүд тэгтлээ тэр чигээ дагаад, аав ээжийгээ дагаад “хүлээс”-нд өнжөөд байдаггүй. Би тийм амьдралыг мэдэхгүй. Театрын ертөнцийг тахиж шүтэж, үзэгчийн суудалд сууж өссөн. Хэрэв тайзны ар руу явбал алуулна шүү дээ. Тэр бол уран бүтээлчдийн орчин. Хүүхдүүд бидэнд тийшээ гишгэх эрх байхгүй. Би харин Драмын жүжигчдийн хүүхдүүдийн ярьдаг, тайзны ард дуулж жүжиглэж өссөн гэх мэтийн яриаг ойлгодоггүй юм.

-Аав тань хөгжмөө удирдан тоглуулахдаа бүр багтаж ядсан гоц эмоцитой хүн байлаа. Бичлэгийг нь харж байхад. Сэтгэлийн илэрхийлэл асар өндөртэй удирдаач. Тэр чанар нь танд хэр зэрэг удамшсан бэ?

-Тэр багтаж ядсан эмоци гэдэг чинь урлагт их чухал юм даа. Аав бол тэгж төвлөрдөг байсан. Түүгээрээ ч онцгой ялгардаг байлаа. Би багадаа балет их сонирхдог байв. Тэгээд гуравдугаар ангид байхдаа хэнд ч мэдэгдэлгүй балетад шалгуулаад тэнцлээ. Жамьяндагва тэргүүтэй хүмүүс ОХУ-ын Перьмийн Балетын сургуульд элсэх хүүхэд шалгаруулж авах үе таараад би тэнцчихлээ. Ямар ч байсан сургуульд нь орчихлоо гэсэн бодолтой, гуравдугаар шатны үзлэгт нь орох гэж байтал аав мэдчихээд эрс эсэргүүцсэн. Манайх тэгэхэд арванхоёр давхар байрны хамгийн дээд давхарт байдаг байв. Аав охиноо балетчин болгохгүй гээд намайг арванхоёр давхарт түгжиж байсан гээд бод доо. Биеэр дамжуулж гаргадаг урлаг, хамгийн хүнд хөдөлмөр учраас аав тэгтлээ дургүйцсэн байх. Оюун гуайг л бод л доо. Бие, сэтгэл, амьдрал бүх юмаа зориулж, шавхаж байж одын түвшинд очно шүү дээ. Сонгодог урлаг гэдэг чинь тийм нандин, ариун зүйл. Би ч балетад дэндүү дуртай хүүхэд байлаа. Тэр үед бараг цонхноос үсэрчихмээр санагдаж байсан. Гэсэн ч аав явуулаагүй.

– Дуурийн театр дахь аавын тань амьдралын сүүлийн жилүүд ямархуу байсан бэ?

-Миний аав 1994 онд тэнгэрт буцсан. Орос, Монгол аль аль талдаа л ардчилал бий болж, театр үнэхээр том уналтад орсон. Театр хаалгаа бараг барьсан. Тэр үеэр аав ОХУ-ын Буриадын Дуурийн театрын урилгаар Ерөнхий удирдаачаар нь очсон юм. Тэнд бас нэлээн уран бүтээл хийсэн. Эргэж ирээд байж байтал дахиад урилга заллага болоод Буриадад очсон. Эргэж ирээгүй. Миний аав бол эрүүл саруул биетэй, амьдралын өндөр дэг соёлтой хүн байсан. Удирдаачийнхаа хувьд бол үнэндээ сод хүн байсан.

-Та театртаа хэд хэдэн жүжиг найруулан тавьсан. Жүжиг найруулахдаа ер нь юу мэдрэв. Болмоор юм уу?

-Найруулга гэдэг бол ерөөсөө л тухайн найруулагчийн өнцөг юм байна гэж боддог болсон. Би сэдвээ аль өнцгөөс яаж харах вэ гэдэг л асуулт миний өмнө гарч ирнэ. Манай Мийгаа ах(Боролдой студи, С.Мягмар найруулагч) хэлдэг юм. Чи найруулагч хийх юм бол уншаач, энд тэндэхийн юмнуудыг судлаач гэдэг юм. Гэтэл би бусдыг харахаас илүү өөрийнхөө дотоод ертөнц дээр, ой тойндоо босгож ургуулж хийх дуртай. Бүтээл хийж дууссаныхаа дараа бусдынхтай харьцуулж болно шүү дээ.

-Найруулагч бүтээлээ цэвэр өөр дээрээ босгож ирнэ гэдэг чинь театрын оюун санаанд том үзэл байна. Бид олон л найруулагчийн яриа хөөрөө, үзэл бодлыг хуваалцаж байсан. Ийм зоримог хандлага сонсдож байсангүй?

-Бусдын хийснийг үзэж харж, судалж хийдэг арга барилтай хүмүүс байдаг байх л даа. Тэгээд ч би нэг ч их олон бүтээл найруулсан биш. Зүгээр нэг тийм бодол надад байдаг. “Хирс”-ийн дараа “Хатагтайн айлчлал” дээр ажиллалаа. Аль алинд нь тэр бодлоороо л хандсан.

-Танай театр жүжигчдийн тоглох орон зай нь их гоё юм байна лээ. Үзэгч тоглолтыг араас нь дагаж үзэхийн оронд найруулагч зохиолч хоёртой зэрэгцээ оршиж, өөрөө шийдэл эрж хайх жишээтэй. Ингэхээр тэнд байгаа бүх хүмүүс ямар ч хөшиг хаалтгүй, маш нээлттэй харилцаанд орчихож байна?

-Манай театрт орж ирсэн хүмүүс хөдлөхөөсөө ч айдаг. Хуучны сонгодог уламжлалт театрт ямар дэг жаяг байдаг билээ тэр бүх дэг жаяг өнөөдөр “Black box” театрт байна. Тайз гэдэг чинь өөрөө тавилга биш, хувцас ч биш. Ерөөсөө л жүжигчдийн том баг байдаг. Яг үүн шиг миний аавын Дуурийн театрт ажиллаж байсан хүмүүс нь гайхамшигтай хүмүүс байжээ. Миний аавын хорин хоёр дуурь балет байдаг. Тэр бүгдийг аав ганцаараа хийгээгүй. Яг тэр цаг үед алтан баг, алтан боломж тохиосон учраас тийм олон бүтээл хийж чадсан. Уртаа эгч, Эрдэнэбулган ах, Нацагдорж ах, Гунгаасүх ах гээд цааш нь бүгдийг нь мэдээж нэг дор нэрлэхэд хэцүү. Тэднийг би жинхэнэ алтан үеийнхэн л гэж боддог.

-“G intertainment” студи тань танай гэр бүлийн студи уу?

-Тийм ээ. Нөхөр минь продьюссер хийдэг юм. Ганболд гэдэг залуу бий. Бид гурван хүүхэдтэй. Эгч бид хоёр хоёулхнаа өссөн болохоор олон хүүхдэд дуртай.

-Жамсранжав гуайн өөрийн зохиол дуу, дан хөгжмийн хориод бүтээл бий. Тэднийг нь та эмхэлж цэгцэлж, хамгаалж байгаа юу?

-Хөгжим гэдэг чинь урлаг дотроо их нарийн урлаг. Би драмын жүжигчин болохоос биш ноот мэдэхгүй. Хүн ер нь чаддаг юмаа хийгээд явчих юм. Тэгээд аавынхаа бүтээл рүү орж чадахгүй л байна. Харин миний эгчийн хүү Мишээл гээд Орост хөгжмийн сургуульд сурч байгаа хүү байна. Тэр маань өвөөгийнхөө бүтээлийг цэгцлэх байх. Хөгжимд гоц авьяастай. Оросын жирийн дунд сургуульд сурч байхад нь энэ ерөөсөө гений хүүхэд байна гээд хөгжмийн сургуульд нь авчихсан юм билээ.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

Туулын хурдны зам ашиглалтад орвол нийслэлчүүдийн шатахууны зардал гурав дахин багасна

CPC группийн захирал Ж.Батсайхантай ярилцлаа.

-Танай компани Туул голын хойд хэсгээр тавиг­дах хурдны замын зураг төслийн ажлыг хийж гүйцэт­гэсэн. Яг хаанаас хаана хүртэл тавигдах билээ?

-“Туулын хурдны зам” төслийн хувьд Улаанбаатарын зүүнээс баруун чиглэлд буюу Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл Туул голын хойд талаар явах юм. Нийтдээ 36 километр. Хурдны замын нэг онцлог нь техникийн шийдлээрээ хамгийн хүндэд тооцогддог. Япон гэхэд анхны хурдны замын зураг төслөө хийхдээ германчуудаас техникийн тусламж авч байсан. Хэрэгжүүлэх явцдаа өөрсдөө асар сайн суралцсан, судалсан. Тийм ч учраас Японд анхны хурдны замын төсөл хэрэгжиж эхлэхэд л япон мэргэжилтнүүд өөр орнуудад хурдны замын төсөл хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм. Энэ талаас нь харахаар хэлэхгүй орхиж болохгүй нэг өнцөг бий л дээ. Монголд анхны хурдны замын зураг төслийг хийхэд монгол компани шалгараад амжилттай гүйцэтгэнэ гэдэг бол бидний мэргэжлийн түвшний илэрхийлэл гэж боддог. Хурдны замын энгийн замаас ялгаатай нэг зүйл нь уулзварууд нь хоёр түвшинд явах юм.

-Хоёр түвшинд гэдгээ тодруулаач?

-Гүүрэн замаар дээшээ, доошоо явна гэсэн үг. Нэг түвшинд орчихоор гэрэл дохио таарах зэргээс эхлээд зогсч цаг алддаг. Харин хурдны замын хувьд тийм юм байхгүй. Туулын хурдны зам руу орлоо гэхэд ямар ч саадгүйгээр давхиж хотын нэг захаас нөгөө захад хүрэх боломжтой.

-Хурдны замын нэг том давуу тал нь нийслэлийн замын түгжрээг бууруулах гэж ярьдаг. Туулын хурдны зам баригдсанаар нийслэлийн замын түгжрээг төчнөөн хувиар бууруулна энэ тэр гэсэн бодитой судалгаа бий юу?

-Бидний хийсэн судалгаагаар автомашинууд Улаанбаатарын зам дээр 4.2 км/цаг хурдлах боломжтой гэсэн тооцоо гарсан. Явган хүн цагт дунджаар таван км/цаг алхдаг. Тэгэхээр хотын ачаалалтай замаар явж байгаа машин явган хүнээс удаан явдаг болж таарч байна. Ер нь ганц Улаанбаатарт ч биш хот суурин газрын замын бодит хурд 30км/цаг орчим гэсэн судалгаа бий. Түгжрэлгүй хэсэгт 80 км/цаг гишгэж хурдалсан байлаа ч үндсэндээ A цэгээс B цэг рүү очиход цагт 30 км хурдтай явах л боломж бий гэсэн үг. Хурдны зам барьснаар Улаанбаатар хотын нэг хязгаараас нөгөө рүү нь хүрэхэд цагт 100 км хурдлах боломжтой болох юм. 100 км/цаг бол бидний тооцоолж байгаагаар жирийн хурд. Үүнээс ч нэмэх бололцоотой. Гэхдээ өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа хөдөлгөөний дүрмээр бол 100 км-ээс илүү гарч болохгүй. Ийм хурдтайгаар зүүнээс баруун чиг рүү явахад ердөө л хориод минут зарцуулна. Замын түгжрээг яг төчнөөн хувиар буулгана гэсэн нарийн тоо хэлэх боломжгүй байна. Гэхдээ нэг тооцоо бий. Улаанбаатар хот 400 хүрэхгүй км замын сүлжээтэй. Туулын хурдны зам баригдсанаар Улаанбаатар хотын замын сүлжээг гучаад хувиар өргөтгөсний хэмжээний үр дүн гарна гэсэн тооцоо байдаг. Тэр хэмжээний өчнөөн км замыг гучхан км зам бариад шийдчихнэ гэсэн үг. Түгжрэлээс гарах олон арга бий. Гэхдээ хамгийн үр дүнтэй арга нь хурдны зам.

-Улаанбаатарын өнөөдрийн замын түгжрэл мэдэгдэхүйц буурна гэж ойлголоо?

-Улаанбаатар хот зүүнээс баруун тийшээгээ сунаад тогтчихсон учраас зүүнээс баруун чиг рүү хамгийн их хөдөлгөөнтэй байдаг. Одоогоор Энх тайвны гудамж, Нарны зам, Зуун айлын зам гэсэн гурван чиглэлийн зам зүүнээс баруун чиг рүү нэвтрүүлж байгаа. Туулын хурдны замыг барьсны дараа энэ гурван чиглэлийн хөдөлгөөн эрс буурах бололцоотой. Хурдны замын үр ашгийг сайн байлгахын тулд хөндлөнгөөр нь холболтууд хийх ёстой л доо. Хойноосоо урагшаа холболт хийгдэх учиртай. Жишээ нь Сэлбийн хурдны замыг дагаад урагшаа холбоно гэж яригдаж байгаа.

-Баянзүрхийн товчоо­ноос 22-ын товчоо хүртэл Туулын хойд талаар энэ замыг тавина гэсэн төсөөлөл хүмүүст бий. Маршрутыг нь нарийн хэлж өгөөч, таны түрүүний хэлсэн гүүрэн замаар бусад замтай огтлолцох хэсэг нь яг хаагуур байх вэ?

-Маршрутын хувьд 22-ын товчооны Дархан, баруун аймгууд руу явдаг дугуйрсан хэсгээс Хөлийн голын цаахна буюу Баянзүрхийн товчооны цаад талд Налайхын замтай холбогдож байгаа хэсэг хүртэл явна. Баянзүрхийн товчооноос наашлаад Маршалын гүүрний дээгүүр гарах юм. Ажилчны гудамж буюу Барилгын эрдэм шинжилгээний институтийн хажуугийн замыг урагшаа Зайсангийн замтай холбосон уулзвар гарна. Мөн Сонсголонгийн зам дээр хоёр түвшний байр байраа сольдог уулзвар гарах юм. Гурвалжингийн гүүр рүү явдаг зам бас ийм уулзвартай байна.

-Энэ хурдны зам баригдсанаар эдийн засаг талаасаа ямар үр өгөөжтэй вэ, хийсэн тооцоо судалгаа бий юу?

-Ер нь банк, санхүүгийн байгууллагууд арваас дээш хувийн ашигтай төсөлд мөнгө өгөх бололцоотой гэж үздэг. Найман хувийн ашигтай бол ашигтай гэсэн тоо ч яригддаг. Энэ бол олон улсын жишиг. Туулын хурдны зам төслийн хувьд эдийн засгийн үр ашиг нь 23 хувь гэж гарсан. Яах аргагүй ашигтай төсөл гэсэн үг. Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчмийн төсөөлөл гэсэн судалгаа хийсэн. Энэ төсөөллөөр бол тээврийн нэгж өртөг гурав дахин хямдарч байгаа. Тээврийн нэгж өртөг гэдэгт цаг хугацаа, машины шатахуун болон элэгдэл хорогдлын зардал, хугацаанаас үүдээд тухайн хүний үйл ажиллагаа явуулах зардал гэсэн гурван зүйл багтдаг юм. Мөн байгаль орчинд нөлөөлөх нөлөө талаас нь харвал үр өгөөж нь өндөр. Наад зах нь агаарын бохирдлоос илүү аюултай гэгддэг хотын тоосжилт эрс багасна.

-Төслийн хэрэгжилт ямархуу байгаа бол?

-Захиалагчийн ярьж байгаагаар санхүүжилтийн хувьд шийдэх боломж байгаа юм билээ. Гүйцэтгэгчээр нь урьдчилсан байдлаар дөрөв таван компани сонгогдчихсон. Богино жагсаалт нь гарчихсан гэсэн үг. Жагсаалтад байгаа компаниудын дунд тендер зарласан гэж сонссон.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Хоточ банхартаа хоолноосоо нуугаад илүүчилдэг байлаа

Өнөө жил ардчиллын 25 жилийн түүхт ой болох гэж байгаа юм аа даа. Манай “Өдрийн сонин”-ы хувьд энэ талаар мэдэж байгаа ч юм алга, тоож байгаа ч янзгүй. Бүтэн 25 жил гэдэг чинь бас их цагийг элээсэн байна шүү. Энэ сонины бодлого энэ тэрээс болж хамаг хэргийг хар толгойгоороо дааж хичнээн ч олон удаа хавчигдаж, хэрчигдэж үйл тамаа үзэж байв. Тэгснээ ялах нэг өдөр, үнэнд гүйцэгдэх үе эргээд л ирнэ. Хээрийн боохойтой хэрэлдэж шөнөжин нойргүй хуцаж хотоо манасан монгол банхар өглөөгүүр амьхандаа гавьяагаа магтуулчих санаатай үүдээр сагсалзаж байж гэрийн эзэнд хэмх ороолгуулан тэргэн доогуур шурган чимээ алдарна. Нар дээр мандсан хойно дулаан хэвтрээс сая боссон гэрийн муусайн тэжээвэр хавнууд дуу шуу орон айлын хүүхэд охидыг айлгаж цочоон, жиргэж яриад ер зүгээр байхгүй. Бодвоос нөгөө улс төр гээч юм нь амилж бялуугаа хувааж идэх цаг нь иржээ.

Буддын шашинтны гэгээнтэн өвгөний үлгэрт тосгоны ядуу бүсгүйг ламхай жирэмслүүлж муухай хэрэг тарьсан байна. Хүмүүс орилолдон шуугилдаж улмаар хөөрхий нялх үрийг лам дээр аваачин өсгөж өндийлгөн сая нэг санаа амарцгаалаа. Гэгээний хэдэн шавь хичнээн үнэнийг хэлээд ч үнэмшээгүй төдийгүй Багш нь хүртэл “Яах вэ зайлуул манайд байж л байг” гээд юу ч болоогүй юм шиг амарлингуй.

Цаг хугацаа ч чилээлгэ­сэнгүй. Худалч хүүхний эр буцах замдаа хүүхдээ гүтгэж мөрөөрөө яваа санваартнаар тэжээлгэсэнд ихэд хилэгнэн нүглээ наманчилжээ. Шавь нар нь “Та одоо нэрээ цэвэрлээч” гэхэд аанай л тоож байгаа ч юм байхгүй “Яахнав хөөрхий минь” гээд байдгаараа л байсан хэвээрээ…

Манай Монгол ардын дорно чигийнхний хүмүүжил ноён нуруу бүхэлдээ нэг иймэрхүү. Сайнтай муутай хорвоогийн холион бантан дунд эвдрээгүй гүдэсхэн ааш зан, угийн сэрүүн дотортон аль аль нь алаглан оршицгооно. Тэр болгоныг аймаг сум, үндэстэн ястан, нам эвсэл, шашин номоор нь хамаатуулан ялгаж салгахын ч аргагүй.

1990-ээд оны ардчилсан хөдөлгөөн хувьсгалын үйл хэрэгт Улаанбаатарынхан хамгийн их идэвхтэй оролцож Сүхбаатарын талбай дээр хэдэн арван мянгаараа бүр 100 мянга гаран олуулаа жагсан МоАХ байгуулагдан босоод ирэхэд, өнөөгийнх шиг дайн тулаан бүү хэл олигтойхон хээрийн сургууль ч үзээгүй үлбэгэр эрх баригчид сүнсээ зайлтлаа айж мэгдэн бүгд бууж өгөн огцорцгоож билээ. Эзэнгүй төр, эдгүй залуус, дураараа дургиж, замбараагаа алдсан энэ улс орныг одоо эргээд санах нь ээ бүр нүдэн дээр харсаар байтал турж эцэн алдаж, дампуурцгаан хариуцлага сахилга бат хөсөр хаягдан жиргэж донгодохоос өөр үйл мэтгэхээ больчихсон юм шүү. 1996 оны сонгууль болоход нийслэлд ардчиллынхан хавтгайдаа ялцгаалаа. Бүгдээрээ дарга сайд, улс төрчид болцгоон хилийн дээс давж барууны орныг очиж үзэцгээв. Төрөл арилжиж эргээд уулзахгүй юм шиг томорцгоон хоорондоо үзэж тарж, хөдөө гадааны хэдээ баалж шоолдог, нэр усыг минь таг мартан хэсэгтээ л “Алтан загасны үлгэр”-ийн төрөл арилжсан сэхүүн эмгэд болцгоосон юм даг. Эдэн дотроо арай гайгүй төрийн ажил хийгээд нухлуулчихсан, хариуцлагатай, тууштай хэсгийнхэн нь МАХН-ын гишүүд байсан юм уу даа. Тэд гүрийсээр байгаад хамаг самрыг хичээнгүйлэн түүж цөмөн багийн даргын сонгуулийг нь хүртэл голж шилэлгүй эр хүний 13 мэхийг угсруулан санал хурааж, хөөрхөн луйвардсаар байгаад орон нутагт хангалттай сайн ялалт байгуулаадахлаа. Манай ардчилсан холбооныхон гэх угаасаа улс нийгэмд гойд ажил төрөл хийж үзээгүй, хүнтэй таарч тохирдоггүй, үе үе архидан согтуурч хэрүүл зарга үүсгэн хөөгдөж туугдахдаа тулдаг, дарга нарын хорхой идсэн шүдэнд зуугдан удирдах мэргэжлийн сургууль номноос үргэлж хасагддаг тийм л хүмүүс зонхилдог байсан ч юм байгаа. Бурхны хайр хүртэх ээлж цаг нь ирж үүд хаалга өөрөө онгойгоод ирэв. Манайхан ганц олдсон алтан боломжийг ашиглан мөрөөдлөө хангах, эрх мэдэлд хүрч санаачилгыг гартаа аван улс орны хувь заяа хөгжил дэвшлийг зөв шударга замд нь оруулах юм болсон чинь цагаа тулахаар ажил хийж чаддаг амьтан хүн гэж алга аа. Зарим нь бүр шившгээ тарин шивэртэйгээ хутгалдан булайгаа чирцгээв. Муугаа мэдэхгүй хэвтэж байж бас “Энэ муу М.Энхсайхан хэзээ ийм пээдгэр болчихов, юу гээд коммунист зан гаргаад зарчим марчим ч гэх шиг. Огцруулж хая” гэж шударга царайлан эвдрэлийн үрийг тарьж, тэрнээс хойш 2000 он хүртэл хэрүүлийн бузар нүүрлэж өөдлөхөө ч байлаа. МАХН гэдэг сөрөг хүчинтэй сүрэг болон нийлж сэм эвсэн аль тамын тогооноос цухуйсан болгоныг татаж ойчуулан засаг төрийг удаа дараа сольж холин бусниулж өглөө. Гайхамшигт дөхөж очсон ардчиллаас гадаад ертөнц гайхан ойлгохоо байж улмаар ард түмэн ч уйдаж залхаж орхилоо. 2000 оны сонгуулийн ялалтаа тэмдэглэж даргаа хийх гээд ирсэн улс төрчид маань эхний урьдчилсан дүнг сонсонгуутаа одон тэмдгээ сэмээрхэн нууж шууд амиа хичээн долигоноод эхэлдэг байна шүү. Ажил л хийж өгөөгүй болохоос хаа очиж элбэж идэж эвхэж түрийлж хага нуга баяжиж цулайсан юмгүй лааз өшиглөсөн 15000 төрийн албан хаагчид хуугаараа архинд орцгоон дахиж жагсаал цуглаан тэмцэл хийх чадамжаа алдан нэр нүүрээ ч барж дууслаа. Өнгөрсөн борооны хойноос цув олж нөмөрсөн намууд сая л нэг сэхээ орж нэгдсэн болоод мэдлэг боловсролоо дээшлүүлж, хүчээ аваад одоохон ирнэ гээд хаашаа ч юм сураг алдран алга болцгоов. Ардчиллын нэр барьж эх орончийн дүр эсгэсэн чанга дуутнуудын ханд нь хага дарагдаж, хэрэг түвэгт орж дуудагдахаас өмнө өрсөөд Америк Европ руу бүгэн бөг бөг чичирцгээн, зугтлаа. Тэднээс цөөнгүй нь Солонгос гарч харлан тэндээ шингэж жагсаал цуглаан хийж явснаа тас нуун ичээд дурсахаа ч байв.

Энэ нийгэм бүр коммунизмоосоо долоон дор юм боллоо. Шударга ёс, хууль шүүх, хээл хахууль замаа алдаж, аймшигт гэмт хэрэг аллага таллага, дээрэм тонуул хэвийн үзэгдэл болж, баян хоосноороо улам ялгаран, үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын асуудал ч эгзэгтэй болоод явчихав. Алтны уурхай, түлш эрчим хүч, банк, ноолуур, гар утас гээд өөрсдөө ноцолдоод овоо мөнгө олчихоор боломж гарах тоолонд ард нь нэг аймаар гадны нууц ноёнтон аль хэдийнэ өөр хүний нэрээр мөнгөөр зодоод авчихсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй цуу яриа тэнэнэ.

Энэ болж бүтэхээ байчихсан юмны араас Э.Бат-Үүл трактортой тэмцээд цагдаа нарт няц дарууллаа. Гүндалайг онгоцны буудал дээрээс барьж аваад “ганц худаг”-т аваачиж хорив. Бусад нь ч түрүүлээд зугтаж амжсан байх. Бусад байгаль хамгаалах төдий шальдар булдар хөдөлгөөнүүд үйл ажиллагаагаа зогсоож үндэсний их удирдагчаа тойрон хүрээлж тэмцдэг сонин моод дэлгэрдэг байна шүү. Нөгөө шар хэвлэл, чөлөөт сэтгүүл зүй, радио, телевизүүд “Богдын их шавь боллоо” гэгчээр хайр ивээлд нь багтаж эрх баригчдыг амаа олохгүй уралдан магтан дуулдаг болсон юм. Социализмын үед ч ингэж нам засгаа, зөвлөлтүүдийг тийм сайн шүүмжилж чадсан юм болов уу. Оросууд их өрийг маань тэглэж орхилоо гээд үнэнээсээ бахархан жинхэнээсээ уйлцгаасан шүү. Яг хойд Солонгосын ажилчин тариачин шиг юм болсон доо.

Ердөө цорын ганцхан хэвлэл буюу “Өдрийн сонин” ганцаархнаа ардчилал, шударга ёсны төлөө эрх баригчтай улаан гараараа улаан цагаан тэмцэж хайр найргүй шүүмжилж, энэ дэглэмийг нураах гэж мөн ч олон жил үзэж тарсан даа. Эхлээд зориуд тоохгүй дүр эсгэж байснаа сүүлдээ олны сэтгэл санаа хоёрдоод байдал бишдэхээр бяр нь амтагдаж ааг омог нь багтаж ядан няц гишгээд хаячихмаар санагддаг юм билээ. Хэмжээгүй эрхт төр тэр муу сонинг яасан ч болохоор байлаа. 2004 он гэхэд Монголд ардчилал гэчихмээр хүнд үзүүлэх юу ч байхгүй, ганц ч сөрөг хүчний төлөөлөлгүй, жагсаал цуглаан хийхээ больчихсон, хөдөө орон нутаг балгас болон хаягдаж, хот тоос шороондоо дарагдан ядуурал бодитойгоор нүүрлэж дампуураад эхэлчихсэн байсан. Дипломат ёс журмыг ягштал баримталдаг гадаадын Элчин сайдын яамныхан, тэр дундаа АНУ-ын элчингийнхэн бүр тэсэхээ байгаад Монголын Засгийн газарт хандан “Танайх наад Өдрийн сониноо зүгээр л орхичихооч. Бусад нь ч дүүрч. Арай хэтэрч байгаа юм биш үү” хэмээн дуу алдсан байсныг бид тээр хожим мэдэцгээсэн ба тэгж нэг удаа амь аврагдсан юм шүү.

Одоо Төв Азийн ба бусад ардчилал хөгжүүлэх гэж байгаа улс орнууд манай эрх баригчид, лидерүүд, улс төрчдөөс туршлага суралцъя гэж их хүсдэг юм билээ. Ёстой үнэнээ хэлье, тэр талаар бид сайн мэдэхгүй, харин солилцож болно гэж их зөв хариулт өгцгөөдөг. Ялагдсан улс төрийн хүчнүүд хилийн чанад руу сүүлээ хавчаад зугтацгаадаг гэлтэй биш юугаа ч ярих юм. Харин бидний хувьд үхсэн ч сэхсэн ч энэ довон дээрээ хоцордог тул “Тэгэхлээр нь ингэдэг байхгүй юу” гэж мөн ч олон арга зааж өгнө дөө. Монгол оронд болж өнгөрсөн улс төр, нийгмийн бүх үйл явдал, хангалттай их баримт материал бидэнд байдаг юм. Сонирхоод байвал ирээд үзэхгүй юу.

Манай жирийн уншигч мянга мянган сэхээлэг иргэд, манай шуудангийн салбарын ажилтнууд сониныг маань сэмээрхэн нууж захиалан уншицгааж, хэзээ ямагт нэг л зангаараа байцгаасны их буян заяа түшиж шударга ёс бүрэлдсэн юм даа.

Categories
редакцийн-нийтлэл

Монголын нуураас өмнө нь судлагдаж байгаагүй сам хорхойн төрлийг илрүүлжээ

Испанийн Барселоны Их сургуулийн доктор, нуур судлаач Мигэл Алонсотой ярилцлаа. Тэрээр Монголын 957 нуурыг судлах явцдаа шинэ төрлийн сам хорхой илрүүлжээ.

-Та хэзээнээс Монголын нууруудыг судалж эхэлсэн бэ. Ямар учраас манай орны нуур цөөрмийг судлах болов доо?

-Би Монголын нуур, цөөрмийг судлаад арван жил болж байна. Монголын нууруудыг судлах болсон нь нэгдүгээрт их өргөн уудам тал нутагт маш их нуур цөөрөмтэй. Хоёрт нуурууд нь хүмүүсийн үйл ажиллагаанд тийм ч их өртөөгүй, цаг агаарын аюул гамшигт сүйдээгүй онгон дагшин чанараа хадгалж үлдсэн учраас их сонирхол татсан юм. Нөгөө талаас Монголын нуурууд Испанийн нууруудтай маш адилхан. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монголын 957 нуурыг судалсан байна.

-Бусад орны нуураас манай нуур цөөрмийн онцлог ямар байх юм. Та Монголоос өөр ямар орны нуурыг судалж байсан бэ?

-Би Испанийнхаа бараг бүх нуурыг судалсан хүн л дээ. Хэдийгээр дэлхийн хоёр захад байдаг ч гэсэн Монголын нуурууд Испанийн нуурууд хоорондоо үнэхээр адилхан. Энэ нь Монголын нууруудыг судлах бас нэг шалтаг болсон. Яагаад гэхээр Испанийн нуурууд газар тариалан хүмүүсийн нөлөөлөл, үйлдвэрлэлээс болоод ихэнх нь устах аюулд орчихсон, зарим нь устаад ширгээд алга болчихсон. Зуун жилийн өмнө тэдгээр нууруудаа судалж байсан бол энэ нуур ийм байжээ гэсэн судалгаатай байх байсан. Даан ч одоо тийм юм алга. Тийм ч учраас Монголын нууруудыг судалж мэдээлэлжүүлж, бүртгэлтэй болгоё гэж бодсон юм. Монголд миний судалгаа хийсэн нуур бүр өөрийн гэсэн онцлогтой, судалгаа бүрээр олон гайхмаар зүйл олдож байсныг дурдахгүй байхын аргагүй. Тухайлбал, Увс, Хяргас, Бөөн цагаан нуурууд тун өвөрмөц. Эдгээр нууранд амьдардаг бичил биетүүд миний анхаарлыг илүүтэй татаж байсан. Увс нуураас л гэхэд өмнө нь хаана ч илрүүлж байгаагүй нэгэн шинэ төрлийн бичил биет амьтан илрүүлсэн.

-Ямар онцлогтой ямар амьтан юм бол?

-Увс нуураас илрүүлсэн энэхүү “Alona flossneri” гэх бичил биет нь энгийн нүдэнд бараг харагдах боломжгүй, нэг миллметрийн урттай дэлхийн өөр хаана ч олдоогүй бичил биет юм. Испаниас үүнтэй төстэй “Alona salina” гэдэг бичил биетийг илрүүлж байсан. Гэхдээ төстэй болохоос яг нэг төрлийн амьтан биш л дээ. Энэ хоёр амьтан нь газарзүйн байршлаараа дэлхийн бөмбөрцгийн хоёр талаас олдсон гэдгээрээ их анхаарал татаж байгаа юм.

-Бас Хөвсгөл нуураас шинэ төрлийн сам хорхой илэрсэн гэж сонссон?

-Монголд сам хорхойн төрөл зүйлүүд маш олон нууруудад байдаг. Хөвсгөл нууранд ч олноороо байгаа. Харин шинээр нээсэн нэг сонирхолтой зүйл гэвэл давстай нуураас сам хорхойн өмнө илрүүлж байгаагүй төрлийг илрүүлсэн. Түүнийгээ “Phallocryptus Tserensodnomi” гэж нэрлээд байна. Энэ нь 4-5 см орчим хэмжээтэй, цагаан саарал өнгөтэй амьтан юм. Яг үүнтэй адилхан амьтан өмнө нь хаана ч илэрч байгаагүй. Би тэр амьтныг Монголын анхны нуур судлаач Цэрэнсодном гуайн гэгээн дурсгалд зориулж ийм нэр өгсөн юм. Энэ хүн Монголын нууруудын анхны судалгааны каталогийг хийж, нуур судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулж байсан хүн л дээ.

-Ер нь Монголын нууруудад дэлхийн бусад улс оронд тэр болгон байдаггүй ховор төрлийн ямар загас, жараахай, сам хорхой байдаг юм бол?

-Судлагдаагүй маш олон төрөл зүйлийн амьтан байна. Цаашид ч дэлхийн өнцөг буланд илэрч байгаагүй шинэ төрлийн амьтад эндээс олноор илэрнэ гэж бодож байна. Монголын нууруудыг дэлхийн эрдэмтэд тэр бүр судалж амжаагүй. Онгон дагшин байдал, бүтцээ хадгалж үлдсэн, хэн ч сүйтгээгүй эртний байгалиараа байгаа учраас амьтад нь ч тэгтэл устаж алга болоогүй нь судлаачдын сонирхлыг татахаас аргагүй.

-Ер нь монголчууд сам хорхой битгий хэл загасыг ч тэр бүр өргөнөөр хүнсэндээ хэрэглээд байдаггүй. Гэтэл Монголын нууруудад сам хорхой байдаг гэхээр сонин санагдаад байна л даа. Энэ сам хорхой нь импортоор орж ирдэг сам хорхойнуудтай адилхан юм уу. Хүнсэнд хэрэглэж болох эд үү?

-Монгол оронд байгаа бүх л загасыг хүнсэнд хэрэглэх боломжтой. Харин сам хорхойн хувьд тийм их хэмжээгээр байхгүй. Хоёрдугаарт идэхэд зориулагдсан ч сам хорхой биш.

-Таныг арван жилийн өмнө анх судалгаа хийж байх үеийн Монголын нуурууд, одоогийнхоосоо хэр өөрчлөгдсөн байна, юу ажиглагдав?

-Энэ арван жилийн хугацаанд би нэг газраараа олон явсан. Нуур судлаач хүний нүдээр харахад ерөөс тийм таагүй сөрөг нөлөө гарах, ширгэх үзэгдэл ажиглагдаагүй. Яг л хэвээрээ байна. Мэдээж жил бүрийн онцлогоосоо шалтгаалаад бага зэргийн нөлөөлөл байдаг. Гэхдээ Монголын хувьд ойрын хэдэн арван жилдээ онгон дагшин байдлаа хадгалж чадна гэж бодож байна.

-Нутаг орны минь нуурууд жилээс жилд жижгэрч, ширгэж байна гэж манайхан ярьцгаадаг. Монголчууд цэвэр усны нөөцөөрөө дэлхийд ховорхон Хөвсгөл нуурандаа хүртэл хариуцлагагүй хандаж байна л даа. Таны судалгаагаар энэ байдал хэр ноцтой гарч байна вэ?

-Би жилдээ судалгааны ажлаар нэг сарын хугацаатай нэг л удаа ирдэг. Энэ хугацаандаа би аль болохоор өөр, өөр газрын олон нуур судлахыг боддог. Энэ жил Хөвсгөл нууранд хоёр дахиа очсон. Тэгэхэд өмнө нь ирж байснаас усны бохирдлын түвшин нь тэгж айхтар муудаагүй байна лээ. Усны хэмжээ, давслаг, бохирдлыг нь хэмжиж үзээд ийм дүгнэлтэд хүрсэн.

-Нуур судлаач хүний хувьд байгалийн харагдац үзэсгэлэнгээс нь гадна сонирхол татдаг нуур гэж байдаг байх. Танд Монголоос хамгийн их таалагдсан нуур юу вэ?

-Хамгийн их таалагдсан, сонирхож судалсан нуур бол Хяргас нуур.

-Юу нь таны сонирхлыг татсан юм?

-Хөвсгөл нуур ч юм уу, өөр илүү үзэсгэлэнтэй нуурыг би хэлж болох ч судлаач хүний нүдээр харахад Хяргас нуур их анхаарал татдаг. Учир нь энэ нуур маш том, давстай нуур мөртлөө эргээр нь давс харагддаггүй. Хоёрдугаарт үзэсгэлэнтэй бөгөөд гүн. Хяргас нуурын давслагийн хэмжээ гүн болгондоо өөр өөр найрлагатай, өөр өөр байдаг.

-Ер нь Монголд давстай нуур нь их юм уу, цэнгэг нуур нь их юм уу. Хүмүүс удахгүй цэвэр усны хомсдолд орох нь гээд л яриад байдаг?

-Миний судалснаар цэнгэг устай нуур нь илүү их байна. Гэхдээ энэ нь нуурынхаа тоогоор бус эзлэхүүн хэмжээгээрээ юм шүү. Монгол орон цэвэр усны хомсдолд орох аюул нүүрлээд байна гэж хэлж чадахгүй. Ойролцоогоор жижиг цөөрөм, тойромтойгоо нийлээд 12 мянга орчим нуур байна. Бүгдийг нь барахгүй ч цаашид чадлынхаа хэрээр судлахыг хичээнэ. Надтай хамт МУИС-ийн Биологийн факультетийн Ус судалгааны төвийн эрдэмтэд багш, оюутнууд хамтран судалгаа хийдэг. Энэ дашрамд МУИС-ийн Биологийн факультетийн Нэргүй, Н.Сонинхишиг багш нарт баярлалаа. Би тэдэнтэй хамтран оюутнуудад лекц, сургалт явуулдаг. Цаашдаа Монголын сайн нуур судлаачдыг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог доо.

Э.НОМИН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж мөнгөө өсгөх боломж иргэдэд нээгдэж байгаа

Эдийн засагч Л.Бямбаагаас  хөрөнгө оруулалтын сангийн талаар тодрууллаа.

      
Монголд хөрөнгө
оруулалтын сан ажиллах хууль эрх зүйн орчин хэр сайн бүрдэж байна гэж та боддог
вэ. Хөрөнгө оруулалтын сангийн хууль дагасан журмууд хэзээ гарах бол?

      
Монголд энэ чигийн хууль эрх
зүйн орчин өмнө нь бараг байхгүй байсан гэж хэлж болно. Харин өнгөрсөн оны аравдугаар
сарын эхээр Монголд анх удаа Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан
нь том дэвшил болсон. Одоо Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох журмуудыг
боловсруулж байна. Эхний хоёр, гурван журам бэлэн болсон. Тэгэхээр ерөнхийд нь
дүгнэвэл эрх зүйн орчин бүрэлдэж байна гэж үзэх байх.

      
Хөрөнгө оруулалтын сан
байгуулах зайлшгүй шалтгаан, хөрөнгө оруулалтын сантай байхын давуу тал
таныхаар юу вэ?

      
Товчхондоо бол компаниуд
санхүүжилтийн нэмэлт, удаан хугацааны эх үүсвэртэй болж байгаа. Өмнө нь зөвхөн
банкны зээлээр санхүүждэг байсан бол одоо шууд өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулалт
татах боломжтой боллоо гэж ойлгож болно. Энэ нь санхүүжилтийн шинэ хувилбарыг
нээж өгөхөөс гадна санхүүжилтийн зардлыг бууруулах сайн талтай. Ард иргэдийн
хувьд  хөрөнгө оруулалтын шинэ сонголт
бий болгож байгаа. Өөртөө байгаа хөрөнгөөр нэгдэх боломжтой  гэсэн үг. 
Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хамтран хөрөнгө оруулалт хийж,
оруулсан хөрөнгийнхөө өгөөжөөс хүртэх боломж нээгдэж байгаа.

      
Иргэд хуримтлуулсан мөнгөө хөрөнгө оруулалтын санд өгч
өгөөжийг нь хүртэнэ гэдэг том давуу тал л даа. Хүмүүсийн хувьд хөрөнгө
оруулалтын санд хөрөнгөө хийхэд ямар нэг эрсдэл бий юу?

      
Сангаар дамжуулж хөрөнгө
оруулалт хийх нь иргэдэд хэд хэдэн давуу талтай. Заавал өөрөө зах зээлийг
ажиглаж, дүн шинжилгээ хийхгүйгээр цагаа хэмнэх сайн талтай. Нөгөө талаар
мэргэжлийн үйлчилгээ авч байгаа нь онцлох давуу тал. Иргэдийн оруулсан хөрөнгө
оруулалтыг тархаан байршуулдаг. Ингэснээр эрсдлийг бууруулж байгаа юм. Нэг
компанийн хувьцааг авбал тухайн компанийн хувьцаа унахад л хөрөнгөнд нь эрсдэл
учирна. Харин хэд хэдэн компанид тараан байршуулвал ийм эрсдэл гарахгүй. Хуримтлал
нь инфляцид идэгдэх, эсвэл валютын ханшны савалгаанаас болж буурах эрсдэл  иргэдийн хувьд гардаг. Харин санд нэгдэх замаар
хөрөнгө оруулалт хийвэл мэргэжлийн багийн үйлчилгээ авч олон талын эрсдлээ хаах
боломжтой. Тэгэхээр хөрөнгө оруулалтын санд нэгдэн хөрөнгөө оруулсан иргэдэд
ямар нэг эрсдэл байхгүй гэсэн үг.

Бид гадаадын шууд хөрөнгө оруулалт гэж их  ярьдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалалтын ард
хөрөнгө оруулалтын сангууд байх нь түгээмэл. Сангийн хөрөнгө оруулагч нь энгийн
иргэд л байдаг шүү дээ.

      
Хөрөнгө оруулалтын сан
байгуулах ажил ямар явцтай байгаа вэ?

      
Одоогоор хөрөнгө оруулалтын сангийн менежементийн
компанийн тусгай зөвшөөрөл авсан цөөхөн аж ахуйн нэгж  байна.

      
Хөрөнгө оруулалтын сан
байгуулах сонирхол ер нь хэр байна?

      
Хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах сонирхол нэлээд
байна. Гэхдээ журмууд нь дөнгөж л батлагдаж байгаа болохоор бэлтгэл ажлаа л
хийж байгаа болов уу.

      
Хөрөнгө оруулалтын сан
ямар процессоор яаж ажиллах бол?

      
Сангийн хувьд эхлээд нэгж эрх буюу хувьцааг хөрөнгө
оруулагчдадаа санал болгоно. Ингэхдээ сангийн хөрөнгө оруулалтын хугацаа,
эрсдэл, хөрөнгө оруулах актив, хөрөнгө оруулалтын бодлого зэрэг бүх мэдээллийг
багтаасан сангийн танилцуулга гэж баримт бичгийг боловсруулна. Тэгээд
боловсруулсан баримт бичгээ хөрөнгө оруулагчдадаа танилцуулна. Баримт бичгийг
нь хүлээн зөвшөөрч байгаа бол санд нэгдэж болно гэсэн үг. Сангаас хийгдэх
хөрөнгө оруулалтыг сангийн менежер гүйцэтгэнэ. Менежерийн хувьд  сангийн үр ашгийг  тогтмол мэдээлэх үүрэг хүлээнэ. Олсон бүх
ашгаа буцаагаад хөрөнгө оруулагчдадаа хуваарилж өгнө.

      
Монголд үйл ажиллагаа
явуулж байгаа хөрөнгө оруулалтын сангуудын ажил хэр урагштай явж байгаа бол?

      
Одоогоор яг Монголд бүртгэлтэй сангууд бол алга байна.
Харин гадаадад бүртгэлтэй сангууд Монголын хувьцаа, үл хөдлөх, хөрөнгө
оруулалтын бусад активт хөрөнгө оруулсан жишээ зөндөө бий. Гадна бүртгэлтэй болохоор
гүйцэтгэлийн мэдээллийг нь  авах
боломжгүй. Сангийн менежер, юунд хөрөнгө оруулсан, ямар сан зэргээс хамаараад
өгөөжийн хувь хэмжээ нь ялгаатай байдаг юм.

      
Хөрөнгө оруулалтын санг
амжилттай ажиллуулахын тулд төр, хувийн хэвшлээс зайлшгүй хийх учиртай ажил
гэвэл та юуг онцлох вэ?

      
Төрийн зүгээс бодлогоор дэмжиж
өгвөл сайн. Мэдээж орчныг бүрдүүлэх, зохицуулалтын орчныг хангах, хөрөнгө
оруулагчийн эрх ашгийг хамгаалах, сангийн ач холбогдлыг ойлгуулах чиглэлийн
ажлуудыг хийх ёстой. Мөн улсын хувь оролцоотой баялгийн сан үүсгэн байгуулах
санаа ч олон жил яригдаж байна. Төрийн өмчит компаниудыг хувьчлахдаа хөрөнгө
оруулалтын сангийн загварыг ашиглах боломжтой. Харин хувийн хэвшлийнхэн мэргэжлийн
мэдлэг, мэргэшилдээ анхаарах, хөрөнгө оруулагчийн итгэлийг хэрхэн олох тал дээр
түлхүү ажиллах ёстой болов уу.

Ц.Баасансүрэн

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Цэндэм: “Халуун элгэн нутаг”-ийг миний хань л дуулах ёстой юм шиг болчихсон байсан

“Учиртай гурван
толгой” дуурийн Балганы дүрээрээ,  “Халуун
элгэн нутаг” дуугаараа түмний сэтгэлд мөнхөрсөн Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн
нэрт дуучин Д.Жаргалсайхан агсны  гэргий Ц.Цэндэмтэй
ярилцлаа.

-“Халуун элгэн
нутаг” гэхээр л хамгийн түрүүнд хань тань санаанд буудаг. Энэ дуутай холбоотой нандин
дурсамж өчнөөн бий байх?

-Тийм шүү. “Халуун
элгэн нутаг” дууг манай өвгөн л дуулах ёстой юм шиг болчихсон байсан. Өвгөн маань
урлаг соёл, улс төрийн том арга хэмжээнүүдийн төгсгөлийг “Халуун элгэн нутаг”-аараа
хийнэ. Бараг л ёс болсон байсан даа. Ханийгаа амьд сэрүүн байх үед манай ширээ амьд
цэцгээр тасардаггүй байлаа. Энэ дуугаа дуулсных нь дараа хүмүүсийн хүндэтгэж өгсөн
цэцэгс гэрт минь үнэхээр сайхан уур амьсгал бүрдүүлдэг байжээ. 

-Жаргалсайхан агсныг  Дорнодын театрт ажиллаж эхэлсэн гэдэг байх аа.
Дуурийн театрт хэдэн оноос ажиллаж эхэлсэн бэ?

-Өвгөн маань Дорнод
аймгийн Дашбалбар сумын хүн. Дорнодын театрт 1957 онд ажилд орсон юм. Тэнд хоёр
жил ажилласных нь дараа 1959 онд Улаанбаатарын төв театрт татаж авсан байдаг. Тэрнээс
хойш  Дуурийн театртаа тасралтгүй ажилласан
даа.

-Балганы дүрд  тоглосон тоог нь гаргаж үзсэн үү?

-Балганы дүрд яг хэдэн
удаа тоглосон бэ гэж тоолж байгаагүй  юм байна
шүү. Тоймгүй их тоглосон доо. Би анхны тоглолт болгоныг нь үздэг байлаа.  Миний хань 30 гаруй дуурийн 40-өөд дүрд тоглосон.
Тоглосон концертыг нь тоолж байсангүй дээ. Ямар ч байсан 30 гаруй орноор аялсан
байдаг юм. Жаргалсайхангүй төрийн концерт, Жаргалсайхангүй эхэлдэг үйл ажиллагаа
гэж байгаагүй. Дуурийн хамаг голыг нугалж байсан алтан үеийнхний сүүлч байсан даа,
миний хань. Соёлын өдрүүд хаана болно  явдаг
байлаа шүү дээ.

-Хуучин цагт урлагийнхан
гадаад явахаас гадна бригадаар хөдөө гадаа явж концертонд орохоос  эхлээд гэртээ бараг л үзэгддэггүй байсан гэдэг.
Арын албаа яаж амжуулж байв?

-Хүүхдүүдээ өсгөхөд  хадам ээж маань их дэм болдог байсан. Тэр үед
хүүхдээ төрүүлээд сар хагас болоод л шууд ажилдаа ордог байсан юм. Манай хүн урлагийн
бригадаар их явна. Хэд хэдэн орноор дамжиж тогловол сар болох энүүхэнд. Би хүүхдүүдээ
төрүүлснээс хойш 1976 онд Германд аспирантурт таван жил сурсан юм. Тэр хугацаанд
хадам ээж минь л арын алба хариуцаад үлдэж байсан. Нөхөр бид хоёрын хол байсан хугацааг
тоолбол бараг 15 жил болдог юм. Хол байна гэдэг хайрын бас нэг шалгуур болдог юм
билээ.

-Та хоёрыг нэг
голын хүүхдүүд байсан гэж дуулсан. Нутгийн тань хүү хайраа яаж илэрхийлж байсан
бэ?

-Тийм ээ, бид хоёр
чинь нэг голынх. Улз голын хүүхдүүд байгаа юм. Баян-Уул сумын дунд сургуулийн зургадугаар
ангид орох жил Жаргалсайханыг анх харж байсан. Тэр маань нэг ангиар ах. Долдугаар
ангийн сурагч. Бүсээ доогуур бүсэлсэн шар залуу хааяа концертонд дуулдаг байлаа.
Тэр үед улаан буланд кино үзүүлнэ. Киног бүлэг бүлгээр дамарт ороочихоод үзүүлдэг
байсан цаг.  Нэг бүлэг дуусаад л кино зогсож
дамраа сольдог байсан юм. Нэг киноны завсарлагаар би арагшаа хараад инээсэн юм билээ.
Тэрийг л манай хүн “Намайг хараад инээсэн” гэж ярьдаг юм. Би инээмтгий хүүхэд байсан
л даа. Тэр үедээ “Би чамайг харж инээгээгүй” гэж их  маргана. Тэгээд нэг л мэдэхэд  надад захиа өгдөг болчихсон юм. Бас их дүрсгүй,
хоёулаа түлээний хажууд уулзмар болно оо. Нэг өдөр дотуур байрандаа унтаж байтал
бөөн шуугиан болоод явчихлаа. Өвөрт хүйтэн хөлтэй нэг хүн ороод ирдэг байгаа. Манай
тасгийнхан цочсондоо хашгирч бөөн юм боллоо. Дотуур байрныхаа багшид баригдаж арга
хэмжээ авахуулж байлаа. Би тэр жилээ төгсөөд аймгийн сургууль руу шилжсэн юм. Дараа
нь Жаргалсайхан маань зургадугаар фестивальд явж, театрт орж урлагийн хүн болсон
доо. Би найзуудтайгаа тоглолтыг нь үздэг байсан. Тэгж байтал  Улаанбаатарын төв театр руу татаж авсан юм.

-Нэг хэсэг холбоогүй
байжээ дээ?

-Тиймээ, тэр үеэс
хойш хэсэг хугацаанд таарахаа больсон. Дараа нь их сонин учралаар таардаг юм. Би
1961 онд арван жилээ төгсөөд Москвад сургуульд сурахаар боллоо. Сүхбаатарын талбай
дээр ангийнхаа хүүхдүүдийг хүлээгээд сууж байсан юм. Ангийнхаа нэг хүүхэдтэй хамт.
Тэгсэн Дуурийн театр талаас манай хүн гараад ирдэг байгаа. Бид хоёртой мэндлээд
юм ярьж хэсэг суудаг юм. Их гоё залуу болчихож. Явахдаа  “Би Учиртай гурван толгой дуурьд дуулна. Та хоёрыг
урья” гэж байна. Бид хоёр ч яваад очсон. Анх удаа тэгэхэд л Балганд дуулж байхыг
харсан даа. Их гоё дуулсан. Би тэр үед Жагаагийн садангийн охиныд хамт байсан юм.
Дуурь дуусаад намайг хүргэж өглөө. Тэгж л дөрвөн жилийн дараа бид хоёрын үерхэл
сэргэсэн. Дуурийн театрын ард өрөө хөлсөлж амьдарч эхэллээ. Тэгээд 1961 оны намар
би Москвагийн Ангаах ухааны дээд сургууль руу эм зүйчээр, өвгөн маань Болгарын Хөгжмийн
дээд сургууль руу дуурийн дуулаачаар сурахаар болсон. Тэр үед биднийг гаргаж өгөх
цайллага хийсэн юм. Бид хоёр тэр цайллагыг 
хуримынхаа өдөр гэж тооцдог. Ингээд бодохоор 50 жил ханилсан байна даа. Багадаа
танилцсаныг бодвол 55 жил л дээ.

-Танай хүүхдүүдээс
урлагаар явсан хүн гэвэл лав Чингис байна. 
Өөр мэргэжлээр сурсныхаа дараа  аавынхаа
мэргэжлийг өвлөж дуулдаг болсон?

-Ариунаа, Чингэс,
Оюунаа гээд гурван хүүхэдтэй. Ариунаагаа 1963 онд оюутан байх үедээ төрүүлсэн. Одоо
Хөгжим бүжгийн коллеж, “Сити” дээд сургуульд багшилдаг. Бага охин Оюунаа энд Ангаах
ухааны дээд сургуулийг хүний эх эмчээр төгссөн. Одоо шүүхийн шинжилгээний үндэсний
хүрээлэнд биологийн шинжээч хийдэг. Хүү Чингэс маань 1967 онд төрсөн. Одоо Оюу толгойд
ажилладаг. Чингэс Дүрслэх урлагийн дээд сургууль төгссөн зураач хүн. Төгсдөг жилээ
дуулдаг авъяастай гээд гэнэт шалгалт өгөөд тэнцчихсэн. Тэгээд л аавынхаа сурсан
Болгарын Хөгжмийн дээд сургууль руу дуурийн дуучнаар буюу аавынхаа мэргэжлээр сурч
ирсэн юм. Ирээд дуурьт хэдэн жил ажилласан. Бас рок, поп урсгалаар ч дуулсан. Хэл
сурна гээд Америк руу Калифорнийн их сургуульд яваад Компьютер график дизайны анги
төгсөөд ирсэн. Манай хүү гурван мэргэжил эзэмшсэн хүн. Аав нь үүнд нь их л олзуурхдаг
байсан. 

-Ханийнхаа байнга
ярьдаг байсан үгийг дурсаач?

-Манай өвгөн хүн амьдралд
заавал гурван юм хийсэн байх ёстой гэж ярьдаг байсан. Тэр нь байшин барих, мод тарих,
үр хүүхэдтэй болж удмаа үлдээх. Тэднийгээ бүгдийг нь  хийсэн дээ. Шадивлан зусланд өөрөө байшин барьж
байлаа. Тэндээ мод, ногоо тарьдаг байсан. Биднийг хүндэлдэг сайхан хүүхдүүд маань
байна. 

-Хань тань олон
сайхан найзтай байх?

-Олон сайхан найзтай.
Гавьяат багш Б.Цэрэндорж их ирдэг байсан, доктор Мөнхбаатарынхтай гэр бүлийн сайхан
найзууд. Ангийн найз нь Ч.Цэдэн-Иш гээд гавьяат эмч бий. Буриад, Монголын гавьяат
жүжигчин Ухнаа байна. Хэлээд байвал дуусахгүй олон доо.  Ч.Цэдэн-Иш маань багаасаа нөхөрлөсөн андын хувьд
манай хүнийг их дурсаж ярина.  Эв дүйтэй,
найрсаг, санасан зүйлээ хийж байж санаа амардаг хүн гэж ирээд магтдаг юм. Тэр хоёр
нэг ч удаа ам зөрж байгаагүй гэдэг юм билээ.

-Та хаана ажиллаж
байсан бэ?

-Би төгсөж ирээд эмийн
заводод ажиллаж байсан. Цехийн мастераас эхэлж байлаа. Технологич инженер хийж байгаад  Улсын эм хангах үйлдвэрлэлийн газар гэж байгуулагдахад
мэргэжилтнээр очиж байлаа. Герман руу аспирантурт яваад төгсөж ирээд Ардын  эмнэлгийн хүрээлэнд олон жил ажилласан. Тэндээсээ
тэтгэвэрт гарсан даа.

-Нөхөр тань хэр
халамжтай хүн байсан бэ?

-Хачин их халамжтай.
Хүүхдүүд нь өвчин тусвал манай өвгөн л эмнэлгээр авч явна. Голдуу орой ажилладаг
болохоор л тэгдэг байсан юм болов уу. Надад эмнэлгээр явах зав бараг л гардаггүй
байсан юм. Бид хоёр орой байнга  телевиз үзэж
үзэл бодлоо хуваалцана. Их шооч.  Дандаа л
инээлгэдэг байлаа. Өвгөн маань өвдсөн байхдаа ч сэтгэлийн хаттай амьдарсан. Байнга
л хошин юм ярьж инээлгэдэг байлаа. 

-Хүү чинь дуурьт
ажиллаж байхдаа Балганы дүрд тоглож байсан уу?

-Манай хүн хүүгээрээ
их бахархдаг гэж бичсэн байсан. Балганы дүрд нэг удаа  тоглосон. Японы Юми сан гээд охин Нансалмаад тоглоход
мань хүн нэг удаа Балганд тоглосон байдаг юм. 
Удаан тоглоогүй л дээ. Аав нь үзээд их сайхан болсон гэж байсан. Саяхан Чингэс
маань наймдугаар сарын 18-нд “Алтаргана” наадмаар арав гаруй Буриад дуутай CD гаргасан.
Аав нь хүүдээ “Би дан буриад дуугаар CD гаргаж амжсангүй, чи гаргачихаарай” гэж
захисан байсан юм.

-Хүүгээ дууриар
явуулах хүсэлтэй байсан байх даа?

-Тийм ээ. Хүү маань
“Мэргэжлийн дуучин хүн ямар ч жанрын дууг дуулж чаддаг байх ёстой гэж аав та өөрөө
захидаг биз дээ” гэж хэлж байсан. Тэгээд л аав нь өөр жанраар явахыг нь зөвшөөрсөн
дөө.

-Хань тань нэлээд
хэдэн  ном бичсэн хүн. “Мартаагүй” гэсэн ном
нь олон их хүрсэн санагддаг?

-Тэгсэн нэлээд олон
ном бий шүү. Театраас тэтгэвэрт гараад Хөгжим бүжгийн коллежид багшилж байсан юм.
Ер нь л гэртээ байх хугацаандаа зүгээр суухгүй. Тэгээд л хэд хэдэн ном гаргасан
юм. Өвгөн маань мэнд байхдаа “Мартаагүй 1” номоо бичсэн дээ. Уран бүтээлч талаасаа
бичсэн ном учраас хүмүүст илүү хүрсэн байх. Бурхан болсоных нь дараа би  “Мартаагүй 2” 
гэдэг ном бичсэн. Өвгөнөө ямар хүн байсныг нь бичсэн дурсамж ном л доо. Тэр
номондоо “Хагас зууныг хамтдаа” гэсэн нэр өгсөн. Учир нь 50 жил ханилсан дурсамжаа
сийрүүлж бичсэн юм. Одоо бас тэр номоо орос хэл рүү орчуулах гээд ажиллаж байна.   

-Танай хүн энд
тэнд соёлын өдрүүдэд их оролцдог байсан. Тэр өдрүүдээс нь сэтгэлд үлдсэн дурсамж
өчнөөн байх. Онцолж нэг тохиолдол яриач гэвэл та алийг нь онцлох вэ?

-Өө тоймгүй их явна
шүү дээ. Надад ямар дагаж явах боломж байх биш. Найз нөхөд, өөрийнх нь ярианаас
л сонсож байсан. Москвад болсон соёлын өдрүүдээр манай хүнийг үнэхээр сайхан хүлээж
авсан гэж ярьдаг. Манай хүн урын сандаа хэдэн орос дуутай байсан л даа. Ф.И.Шаляпины
“Петрийн гудамжаар”, “Согтуу хүний дуу” зэргийг дуулахад алга ташаад тайзнаас буулгахгүй
байсан гэдэг юм. Бас Чехэд 1979 онд “Худалдагдсан бэр” дуурьд Гецал гэдэг хошин
дүрд тоглож байсан юм. Прагийн дуурьт дуулахад 
их хүндэтгэлтэй хүлээж авлаа гэж маш их баярлаж байсан даа. Тоглолт дууссаны
дараа нэг эмэгтэй хүзүүнээсээ зүүлтээ аваад өвгөнд маань зүүж өгсөн байдаг. Их гоё
олон өнгийн чулуунууд хэлхсэн уртаа гэгчийн зүүл. Хэд, хэд ороож зүүдэг  байлаа. Тэр 
зүүлтийг би насаараа зүүж байна.

-Ханиасаа бэлэг
их авч байсан уу. Тэр үед гадаад яваад ирсэн хүн сонин содон юм их авчирдаг байсан
байх даа?

-Манай хүн соёлын
өдрүүд гээд гадаад яваад ирэхээд голдуу л хүүхдүүддээ бэлэг авчирч өгдөг байсан
юм. Урлагийн хүн болохоор мэдрэмжтэй гэж жигтэйхэн. Хятадаас ирэхдээ барын нүдэн
ээмэг бөгж авчирч өгсөн юм. Бас нэг шинэ жилээр сайхан даашинз хийлгэж өмс гээд
гоё материал авчирч өгч билээ. Хамгийн сүүлд өвгөн маань өвдсөн байхдаа “Чамдаа
өөдтэй бэлэг өгч байсангүй, энэ л санаанд нийцлээ” гээд сувдан хослол авч өгсөн.
Миний хамгийн дуртай чимэг зүүлт маань тэр сувдаг зүүлт. 

 С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Төр газар тариалангийн компани, гурил үйлдвэрлэгчдийн дундуур орж үнэ тогтоох ёсгүй

Тариаланчдын холбооны тэргүүн Ч.Пэрэнлэйтэй цаг үеийн асуудлаар
ярилцлаа.

-Тариаланчид
салбарын яамнаас гаргасан мэдэгдлийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Үүн дээр Тариаланчдын
холбоо ямар байр суурьтай байна вэ?

-Тариалангийн бүс нутгуудаар сүүлийн хоёр гурван өдөр бороо хур ороод
тариа хураалт саатсан. Энэ үед тариаланчид талбай дээрээ цуглаж санал бодлоо солилцсон.
Ер нь бид цөөн хэдэн зарчмын асуудал л ярьж байгаа. Нэгдүгээрт цаг хугацаа алдалгүй,
хаягдал багатай хураагаад авчихъя. Хоёрдугаарт хураасан тарианы чанар, хэмжээ болон
дэлхийн зах зээл дээрх үнийг харгалзан буудайн үнээ гүрилын үйлдвэрүүдтэйгээ тохиролцож
заръя гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ өнөөдөр тариаланчид нэг ч гурилын үйлдвэртэй
албан ёсоор үнэ тохирч гэрээ хийгээгүй байна.

Тариаланчид эсэргүүцлээ илэрхийлэх болсон гол шалтгаан нөхцөл нь
газар тариалангийн компани, гурил үйлдвэрлэгчдийн дундуур салбарын яам орж, үнэ
тогтоосон явдал. Энэ бол туйлын буруу. Яам бол Засгийн газрын тогтоолын дагуу Тариалан
эрхлэлтийг дэмжих санд авах буудайн үнийг л тогтоохоос бус хэдэн төгрөгөөр гурилын
үйлдвэрт буудай нийлүүлэхийг тогтоох ёсгүй. Энэ бол зах зээлийн зарчмаар л явах
ёстой асуудал. Буудайн чанар, хэмжээнд тулгуурлан гурилын үйлдвэрүүд, тариаланчидтайгаа
үнээ тохирсоор ирсэн, тэгэх ч ёстой. Өмнөх жилүүдэд яамнаас тариалан дэмжих сандаа
хуримтлуулах будааны үнийг л тогтоосноос гурилын үйлдвэрүүдэд зарах буудайн үнийг
өнөөдрийнх шиг тогтоож байгаагүй. Өмнөх жилүүдэд энэ жишгээр буюу зах зээлийнхээ
жишгээр гурилын үйлдвэрлэгчид нь худалдаж аваад үйлдвэрлэлээ хэвийн явуулсаар ирсэн.

Ийнхүү жинхэнэ зах зээлийн гольдрил руугаа дөхөж явтал төр үнэ тогтоодог
бол хамгийн эрүүл бус үзэгдэл. Тодруулбал ҮХААЯ-ны тогтоосон энэ үнээр улаанбуудайгаа
борлуулахгүй бол хүнсний улаанбуудайг элеватор нөхцөлөөр 500 мянгаас дээш төгрөгөөр
борлуулсан тохиолдолд тонн тутамд нь 100 мянган төгрөгийн урамшуулал олгохгүй, хямд
үнэтэй импортын улаанбуудай оруулах зөвшөөрөл олгоно гэдэг нь хэн хэндээ маш халтай
хууль зөрчсөн мэдэгдэл. Учир нь Тариалангийн тухай хуулинд үндэсний гурилын үйлдвэрүүд
болон Тариалан эрхлэх санд тушаасан чанарын шаардлага хангасан улаанбуудайн урамшуулал
олгоно гэсэн. Харин урамшууллын хэмжээг УИХ-аас тогтооно гэж заасан. Өөрөөр хэлбэл
урамшууллыг олгуулахгүй хасах, багасгах эсэхийг яам дан ганцаар толгой мэдэн шийдчихдэггүй
байх нь.

Хамгийн гол нь тариаланчид улаанбуудайн үнээ хөөрөгдөөд зохиомлоор
өсгөөд байгаа юмгүй. Өнөөдөр ам.долларын ханш хэд болчихоод байгаа билээ. Тэгтэл
газар тариалангийн сэлбэг, ургамал хамгааллын бодис, үр бордоо нь гадаад валютаар
хэмжигдэж байна.

-Тариалан
эрхлэгчид ҮХААЯ-ны дээрх мэдэгдлийг “Улаанбаатар гурил” үйлдвэрийн захирал Ц.Баатарсайханы
хямд үнээр буудай худалдан авах гэсэн явуулга гэж тариаланчид үзэж байсан. Энэ хэр
үндэслэлтэй вэ?

-Миний хувьд өнөөдөр тэр энэ гэж чичилж, бурууг тохохдоо гол нь биш.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд кг гурилыг 730 төгрөгөнд барих гэсэн гэрээ
хийж, хэд хэдэн гурилын үйлдвэрлэгчдэд төрөөс дэмжлэг олгосон. Үүний нэг нь “Улаанбаатар
гурил” компани. Харин энэ хязгаарт үнээ барихад хүндрэлтэй болчихлоо, хөтөлбөрөө
эргээд харвал яасан юм гэдгийг “Улаанбаатар гурил” үйлдвэрийн захирал Ц.Баатарсайхан
яамандаа гаргасан гэсэн. Тиймээс гурил үйлдвэрлэгчдийн буруу биш.Гэхдээ үйлдвэрлэл
эрхлэгч хэн ч гэсэн санал хүсэлтээ энэ мэт харьяа яамандаа гаргах эрхтэй. Үүнийг
нь тариалан эрхлэгчид маань өнгөц, харж ташаа дүгнэсэн байх талтай.  “Алтантариа” компани эх орны дотоодын гурилын
хэрэгцээний таван кг тутмын хоёрыг үйлдвэрлэн нийлүүлдэг. Харин “Улаанбаатар гурил”
үүний дараагаар орох томоохон үйлдвэр. Жилдээ 100 мянган тонн удаанбуудай авдаг.
Өнөөдөр хүний нэр барьж, тэрний буруу гэж дайрч давшлах бус хэн хэндээ ашигтай шийдэлд
хүрэх нь чухал.

Өнөөдрийн байдлаар хэдхэн томоохон үйлдвэрлэл эрхлэгчдэд тариаланчид
талбайгаасаа багахан хэмжээний улаанбуудай нийлүүлсэн. Их хэмжээгээр нийлүүлж эхлээгүй
байна. Нийлүүлэх нь бүү хэл улаанбуудайн хураалт дөнгөж эхлэл шатандаа явж байна.
Энэ асуудлын талаар ҮХААЯ судалгаа шинжилгээ, тодорхой баримт сэлтэнд тулгуурлан
мэдэгдэл хийж, авах арга хэмжээгээ тодорхойлох ёстой. Түүнээс ҮХААЯ-ны тоомжиргүй
мэдэгдэл шиг тариаланчид нь замбараагүй өндөр үнээр буудайгаа борлуулах гээд, нөгөө
талдаа үйлдвэрлэгчид нь хэт бага үнээр худалдан авах гээд байгаа хэрэг биш. Ийм
буруу уур амьсгалыг нийгэмд түгээж байна. Өнөөдөр дотоодын үйлдвэрлэгчдийн нэгдүгээр
гурил кг нь 850-900 төгрөг байгаа. 730 төгрөгийн үнэтэй гурил идээд байгаа хэрэглэгчийг
мэдэхгүй юм.

-Улаанбуудайн
тонн тутмыг тариаланчдын санал болгож байгаа шиг 550-600 мянган төгрөгөөр гурил
үйлдвэрлэгчдэд борлууллаа гэхэд яамны санал болгосон үнээс 50-100 мянган төгрөгөөр
нэмүү гэсэн үг. Энэ тохиолдолд гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ хэр нэмэгдэх вэ?

-Эрдэм шинжилгээний байгууллагын судалгаагаар сүүлийн гурав дөрвөн
жил гурилын үйлдвэрүүд л өндөр ашигтай ажилласнаас газар тариаланчид үйл ажиллагаагаа
хэвийн явуулж чадахааргүй хэмжээнд хүртлээ алдагдалтай ажилласан. Наадмын дараа
гурил 1000 төгрөгт хүрэхэд иргэд яагаа ч үгүй. Хэрэв тонн буудайг гурилын үйлдвэрүүд
550-600 мянган төгрөгөөр худалдаад авбал гурилын үнэ нэмэгдлээ гэхэд 850-950 төгрөгийн
хооронд хэлбэлзэхээс 1100, 1200 төгрөгт хүрэхгүй. Гэхдээ бид буудайн үнээ тогтмол
барьж байж гурилын үнээ барина. Ингэж тогтмол байлгаж хэвшмээр байна.

Ийм шалтгаантай учраас газар тариалангийн компаниуд илүү үнэд хүрдэг
гэдэг утгаар нь улаан буудайг биш рапсыг түлхүү тариалах болсон. Үнийг хэт бариад,
нийгэмд сөрөг мэдээлэл цацаад ирэхээр үйлдвэрлэл ингэж доголддог байхгүй юу. Энэ
хооронд Оросоос хямд үнэтэй гурил, улаанбуудай импортоор орж ирвэл дотоодын гурил
үйлдвэрлэгчид ч, тариаланчид ч “цохиулна”. Харин төр улаанбуудайн тонн тутмын үнэтэй
зууралдахын оронд дотоодын буудайн хэрэгцээгээ бүрэн хангасан бодлогоо цаашид доголдуулалгүй
хэрхэн авч явахаа л тодорхойлох ёстой. Төр бодлогоо тодорхойлохоос аж ахуй байгуулаад,
бизнес хийх гэж байгаа биш шүү дээ. Угтаа та нар ийм үнээр улаанбуудайгаа гурил
үйлдвэрлэгчдэд өгөхгүй бол бид хямд үнэтэй буудай импортоор оруулж ирнэ гэхийн оронд
харин ч зах зээлээ хямд үнэтэй буудай, гурилын импортоос хамгаалсан бодлого явуулах
ёстой. Өнөөдөр газар тариалангийн 1000 гаруй аж ахуй нэгж байна. Үүний цаана дор
хаяж дөрвөөс таван мянган ам бүл бий.

-Яамны
холбогдох албан тушаалтнууд газар тариалангийн компаниудыг шатахуун, ургамал хамгааллын
бодисоор  хангаад, хөнгөлттэй нөхцөлөөр хангасаар
ирсэн гэж мэдээлсэн. Үнэхээр тэгсэн бол улаан буудайн тонн тутмыг 500 мянган төгрөгөөр
үнэлсэн нь алдалгүй юм биш үү?

-Энэ бол тун хариуцлагагүй мэдэгдэл. “Газар тариалан эрхлэгчид чинь
төрөөс асар их бараа, материалыг үнэгүй авчихаад, үр тариа, буудайгаа өндөр үнээр
зарах гэлээ” гэсэн сөрөг уур амьсгалыг ий болгочих гээд байна. Угтаа бол дээрх арга
хэмжээ нь арван тариаланч тутмын гуравт нь л хүртээлтэй байдаг. Тэр бүхэнд ийм цөөн
тариаланчид хамрагддагаас бус бүгд хамрагдаж чаддаггүй. Хамрагдах бололцоо ч байдаггүй.
Ийм байж бүх газар тариалан эрхлэгчдэд тав, 30 хувийн урьдчилгаатайгаар шатахуун,
хэрэглэгдэх үр бордоог нь өгч, хөнгөлөлттэй нөхцлөөр тоног төхөөрөмжөөр хангасан
мэтээр ярих нь буруу. Хамрагдаж чадаагүй нь банкнаас журмынх нь дагуу зээлээ аваад,
шатахуунаа зах зээлийн ханшаар худалдаж аваад үйл ажиллагаагаа явуулж байна.

-ҮХААЯ-ны
өртгийн тооцоогоор нэг тонн улаанбуудайн өөрийн өртөг 395 мянган төгрөг гэсэн. Үүн
дээр тариаланчдын зорилтот ашгийг 18-20 хувь байхаар тооцоход улаанбуудайн тонн
тутмын үнэ 460 мянга болж байна гээд байгаа. Тиймээс 500 мянгаар гурилын үйлдвэрүүдэд
борлуулахад хэн хэндээ ашигтай гэсэн зүйлийг дэд сайд Ц.Туваан хэлсэн л дээ.

-Тооцоог ямар ч аргаар хийж болно. Тариаланч бүр өөр өөр зардлаар
буудайгаа тариалж байна. 100 хувь химийн уриншаар эсвэл бордоогоор тариагаа ургуулж
байна. Нэг нь өндөр бүтээмжтэй сүүлийн үеийн техник хэрэгсэл ашиглаж байхад Оросын
хуучирсан техникээр зүтгүүлж байгаа нь ч бий. Ер нь дундаж аж ахуй нэгжийн зардал
420-430 мянга, бүр зардал нь 500 мянгад хүрсэн аж ахуй нэгж ч байна. Дахиад хэлье.
Угтаа бол яам ингэж өртөг, үнээр хөөцөлдөхийн оронд дэлхийн зах зээл дээрх улаанбуудайн
ханшид уялдуулан улаанбуудайн үнээ тариаланчид, гурил үйлдвэрлэгчид тохиролцож чадсан
эсэхэд хяналт тавих ёстой. Мөн дотоодын хэрэгцээгээ үндэсний үйлдвэрлэгчид нь хангаж
чадах эсэх, хэрэв үгүй бол авах арга хэмжээгээ боловсруулах зэрэг бодлогын түвшний
зүйлдээ л анхаарах хэрэгтэй.

Гурилын үйлдвэрүүд буудайн чанар, худалдан авах хэмжээтэйгээ уялдуулан
хэд хэдэн үнийн саналыг тариаланчдад аль хэдийн хүргүүлчихсэн байсан. Чанартайг
нь өндөр үнээр чанар муутайг нь хямдаар гэж. Мэдээж дэлхийн зах зээл дээрх буудайн
үнэнд харгалзуулсан тоо гаргасан. Энэ бол туйлын зөв. Гурилын үнийг аль ч төр өсгөхгүй
барих ёстой. Гэхдээ ухаалгаар барих ёстойгоос бус үндэсний үйлдвэрлэгчдээ “унагаж”
барьдаггүй юм.

-Уринштай
талбайн 20 хүртэлх хувьд рапс тариалахыг салбарын яамнаас зөвшөөрсөн байдаг. Бодит
байдал дээр хэрхэн биелэлээ олж байна вэ?

– Рапсыг тариан талбайн 20 хүртэлх хувьд тариалах ёстой гэж яамнаас
үүрэг өгсөн ч амьдрал дээр тэс өөр шүү дээ. Тоон мэдээгээр 40-50 мянган га-д рапс
тариалах ёстой ч албан мэдээгээр 70 гаруй мянга га-д тарьсан. Албан мэдээнд ороогүй
асар том талбай бий гэдгийг санах хэрэгтэй. Ингээд л дээрээс нь шахаад, ургац тариалах
хэмжээ, худалдах үнэ зэргийг нь тогтоогоод байвал энэ салбар урагшлахгүй, ургацын
бодит хэмжээ ч гарахгүй.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

“Талын айл” тайлагдашгүй оньсого мэт монголчуудын философи

Талын айл. 1955 он. 80х120 см. Тос, зотон

Манай сонин өмнө нь дэлхийн урлагийн сонгодог бүтээлүүдээс цувралаар
танилцуулсан билээ. Уг цув­ралыг энэ удаа Монголын дүрслэх ур­ла­гийн сонгодгуудаар
үргэлжлүүлэн хүргэ­хээр бэлтгэлээ. Цувралыг 
уран зургийн сод бүтээ­лүүдээр эхлүүлж эхний дугаартаа ардын зураач, төрийн
шагналт, хөдөлмөрийн баа­тар Ням-Осорын Цүлтэмийн “Талын айл” хэмээх бүтээлийг танилцуулж
байна.

Энэ бүтээлийг олонх хүмүүс Монголын тал нутгийн байгаль, нүүдэлчин
монголчуудын аж байдлыг харуулсан зураг гэдэг. Үнэн хэрэгтээ байгалийн, аж байдлын
гэхээсээ илүү монголчуудын гүн ухааны илэрхийлэл болсон бүтээл билээ. Хязгаар хярхаггүй
уудам орон зай, хязгааргүйн доторх дүрсүүд, алслал, өнгө, бичилт энэ бүгд нь Монголын
тал нутгийн амьдралын хэв маяг, тааварлахад бэрх, нууц далд ухааныг хүүрнэнэ. Зохиомжоороо
хязгааргүйн дундах амьдралыг өгүүлэх мэт хэдий ч эсрэгээрээ, хүний амьдрал дотор
оршин буй орон, цагийн хязгааргүй давтамж, монгол гэрийн дотор оршин байдаг орчлонт
ертөнцийн дүр эндээс харагддаг. Монгол гэр, хоёр бөхтэй тэмээ, алс руу зурайх зам
зэрэг монгол ахуйг бүрдүүлэгч байгалийн зүйлс, туйлын энгийн деталиуд нь, тэнгэр,
үүлсийн дүрслэл дэх онцгой бичилтээрээ далд нууцлаг учир шалтгаант нүүдэлчин иргэншлийн
төрхийг бүтээжээ. Зургийн хавтгай дээрх дүрслэл нь үзэгчид нөлөөлөх агаар амьсгалаараа
оршин байхуйн нэгэн агшны амсхийлт, юуг ч юм хүлээх зуун жилийн хүлээлт шиг, мянган
эриний зогсолт ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Тайлагдашгүй оньсого мэт бүтээл юм.
Гэхдээ уран зургийг унших тухайн уншигч бүр үл тайлагдах ийм оньсоготой нүүр тулдаг
боловч өөр өөрийнхөөрөө тайлах эрх чөлөөг эдэлдэг нь сод туурвилуудын бас нэгэн
мөн төрх, чанар чансаа нь байдаг.   

Үндэстнүүдийн бүтээсэн соёл иргэншил нь өөр өөрийн унаган төрхөөрөө
ялгарч, бие биенээсээ ондоошин онцгойрохдоо ертөнцийг үзэх үзэлдээ суурилсан байх
нь мэдээж. Манай үндэстний бүтээсэн “нүүдэлчдийн өвөрмөц” гэх тодот­голтой соёлын
үндэс суурь нь зүгээр л цаг уур, газар усны таатайг дагаад нүүгээд байсан малчны
ухамсар төдий биш болох нь ялангуяа урлагийн бүтээлүүдээс улам бүр харагдах юм.
Ертөнцийн тухай төсөөлөл, түүнийг үзэх үзэл, түүн дотор хэрхэн амьдрах тухай монголчуудын
зохиронгуйн ухааныг өөртөө агуулсан урлагийн нэгэн сод бүтээл “Талын айл” уран зургийн
хосгүй үнэ цэн юундаа вэ. Байгалиас тасран холдох бус байгальтай найрсан зохирох,
нэгдэн зохилдох зарчмаар явдаг монгол хүний философи. Энэ философийн уран сайхны
илэрхийлэл болсныхоо хувьд “Талын айл” нь Монголын уран зургийн сонгодог бүтээл
юм.      

Өнгөрсөн 2013 оны зургадугаар сард Засгийн газар 1921 оноос хойш
тоологдох  орчин үеийн уран зургийн сан хөмрөгөөс
таван бүтээлийг “хосгүй үнэт бүтээл” хэмээн үзэж уг ангилалд албан ёсоор бүртгэсэн.  Уг таван бүтээлийн нэг нь энэ “Талын айл”, нөгөө
дөрөв нь  Марзан хочит Балдуугийн Шаравын
1922 онд зурсан “В.И.Лениний хөрөг”, ардын зураач Гэлэгийн Одонгийн 1958 онд зурсан
“Ажлын дараа”, төрийн шагналт, ардын зураач Очирын Цэвэгжавын 1958 онд зурсан “Азарганы
ноцолдоон”, төрийн шагналт, ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн 1958 онд зурсан
“Өвгөн хуурч” хэмээх бүтээлүүд.  Орчин үеийн
уран зургийн галерейн сан хөмрөгт өдгөө 3500 гаруй бүтээл хадгалагдаж байгаа гэсэн
албан мэдээлэл бий. Гэхдээ манай улс уран зургийн бүтээлийг урлагийн үнэт өв болохынх
нь хувьд “хосгүй үнэт” хэмээх зэрэглэлд зэрэглэж байгаагүй, ердөө л  “ердийн өв” хэмээн үзэж ирсэн бол энэ таван бүтээлээр
уран зургийг хосгүй үнэт бүтээлийн өвд тооцдог олон улсын жишигт хөл тавьсан нь
энэ.   “Талын айл” нэртэй энэ сод бүтээл нь
77х159см хэмжээтэй, тосон будгийн зураг юм. Бүтээлийнхээ санааг  Н.Цүлтэм гуай хөдөө явж байхдаа олсон гэдэг. Н.Цүлтэм
гуайн амьдрал намтраас сонирхвол, 1924 онд одоогийн Архангай Аймгийн Өндөр-Улаан
суманд төрсөн байна. Ардын хувьсгалын он жилүүдэд төрсөн зураачийн өсч өндийсөн
хүүхэд нас нь монголчууд төр нийгэм, иргэншил соёлын шашин төвт ухамсраас иргэний
ухамсарт, колоничлолоос эрх чөлөөнд хөл тавих шилжилтийн адармаатай он жилүүд байж.
Тухайн үед хүмүүс эрэгтэй хүүхдээ номд суралцуулахаар хий­дэд суулган ламхай болгодог
байсан жишгээр Цүлтэм гуайг до­лоон настайд Хүрээнд авчирч Зүүн хүрээний Жамбаа
гавж гэдэг ламынд суулгасан аж. Гучаад оны дундуур сүм хийдүүдэд шавилан сууж байсан
ламхай нарыг сургуульд оруу­лах аян өрнөх үес 1937 онд лам багшийн гэрийг орхиж
сургуульд орсон тухайгаа Цүлтэм гуай хожмоо дурсамждаа бичсэн байдаг. Уг дур­самжид,
“Нийгмийн амьдралд ардчилсан шинэ ёс тогтож, хувьс­галт өөрчлөлтүүд өргөжих тусам
сүм хийд, лам нарын шашин но­мын ажлыг улам бүр хавчин хяз­гаарлаж эхэлсэн нь мэдээжийн
хэрэг. Жишээлэхэд, сургуулийн хүүхдүүдийг хүрээ Гандангаар явуулж лам банди нарыг
хар болгож сургуульд оруулахыг ятгуулах, лам хүүхдүүдэд түвд номын зэрэгцээгээр
монгол бичиг заах, тэр ч байтугай нэг удаа лам хүүхдүүдийг орос хөлөөвт(Ленинклуб)
аваачиж суулгаад гэрлийг нь унтрааж тас харанхуй болгов. Айж гайхаж суутал гэнэт
өргөн цагаан даавуун дээр хөдөлгөөнтэй батиар зураг гарч, орос хүмүүс гүйлдэж, буудалцаж,
ярилцаж байгаа нь цөм дуугарч байх нь маш сонин гайхалтай байсан бөгөөд тэр нь Зөвлөлтөд
шинэхэн гарсан “Чапаев” гэдэг кино байсныг хожим мэдэж билээ. Сонирхолтой юм үзсэнээ
ах ламдаа ирж ярихад “Ямар л олигтой юм байв гэж, нас буйнд хор барцадтай өлзий
бусын эд” гэж зэмлүүлж билээ. Тэр явдлаас хойхно 1937 оны хавар лам хүүхдүүдийг
монгол бичиг заадаг бүлгэмийн газар дуудаж цуглуулаад хэдэн цэргийн дарга хүүхдүүдийн
нэр овгийг асууж, хоёр хэсэг болгон хувааж дүү бид хоёр ногоон малгайтай дарга нарын
хэсэгт орсон тул биднийг гэр оронд нь ч очуулалгүй нэг ёсондоо дайчлан баривчилж
өндөр хоршооны зүүн талд байсан Дотоод яамны харьяа төв сургуулийн байр, хэдэн дүнзэн
байшинд оруулав. Тэндээс биднийг одоогийн Туул рестораны орчим, Сэлбийн салаа голын
дэргэд байсан хувийн халуун усанд оруулж, биеийг цэвэрлүүлээд дотуур цагаан хувцас
өмсүүлж, хүүхэд бүрийн нас биед тохирсон цэрэг ногоон өмд цамц, ажлын хар гэж нэрлэгддэг
бахиал гутлаар хувцаслаж гаргаснаар До­тоод явдлын яамны харьяа цэргийн бага сургуулийн
сурагчид болж билээ. Манай сургууль хэдийгээр тухайн цагтаа хүн бүхний зүрхийг шимшрүүлсэн
Дотоод яамны харь­яаны дүрмийн хувцас өмссөн, тусгай хангамжтай, эрх дархтай сургууль
байсан боловч бидний азаар хүмүүсийг тагнаж мөрдөх, мэдээллэж матах, тарчилган зовоох
мэтийн чекистийн үндсэн хүчин болгох мэргэжлийн талын ямар ч ном дүрэм заагаагүй,
зүгээр л ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөр монгол хэл бичиг, тоо, газарзүй,
жагсаалын сургууль төдийхөн заасан. Тэр ч бүү хэл 1940 оны хавар манай сургуулийг
тарааж, биднийг ердийн дунд сургуулиудад тараан өгсөн юм. Бидний үеийг дундад эртний
шашны сүм хийдийн нэгэн хэвийн хүлцэнгүй уйтгартай амьдралаас ангижруулж, иргэний
боловсрол эзэмших үндэс суурийг тавьж өгсөн бага насны минь нэгэн аз жаргалтай үе
болж үлдсэн анхныхаа сургуулийг хэзээд хайр, сэтгэлтэйгээр бахархан дурсаж явдаг”
гэжээ. Н.Цүлтэм зураачийн дүрслэх урлагийн анхны ажил нь “Цогт тайж” киноны жижиг
хэрэгсэл, зэр зэвсгийн загвар байсан гэдэг. Киноны ерөнхий зураачаар Л.Гаваа, хувцасны
зураачаар Д.Чойдог, Ү.Ядам­сүрэн нар ажиллажээ. Арван зургаатайдаа Бөмбөгөр ногоон
театрт ажиллаж эхлэн, анхны цалин болох гучин төгрөгөө ээждээ аваачиж өгө­хөд ээж
нь ихэд баярласан гэж мөн дурссан байх аж. Хожмын ар­дын зураачид болох Н.Цүлтэм,
Г.Одон гуай, мөн театрын зураач Ц.Доржпалам гуай энэ гурав  1945 онд Москвагийн Суриковын нэрэмжит уран зургийн
дээд сургуульд элсч байжээ. Бидний харж буй, Монголын уран зургийн хосгүй үнэт бүтээл
болох “Талын айл”, “Нэхмэлчид” бүтээлүүдээрээ төрийн шагнал хүртсэн бол 1984 онд
ардын зу­раач, 2000 онд Монгол Улсын хөдөл­мөрийн баатар цол хүртсэн. Хамгийн сонирхолтой
нь, тэрбээр их урлагт бүтээсэн туурвилуудаасаа гадна нийгэм, соёлын нэн өргөн хүрээнд
ажиллаж амьдарсан. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үндэслэн байгуулж,
Дүрслэх урла­гийн сургуулийг бие даасан сургууль болгон  байгуулсан бол МУЭ-ийг 33 жил удирдсан байдаг.
Уран бүтээлчийнхээ хувьд зөвхөн өөрийн бүтээлд зориулах цаг машид хомс байсан нь
намтрыг нь үзэхэд илэрхий. Хөдөлмөрийн хүндэт медалиас хөдөлмөрийн баатар хүртэлх
манай улсын төрийн бүх одон, медаль, шагнал, цолыг хүртсэн нь бас л нэгэн сонирхол
татам түүх ажээ. Цүлтэм гуайн урлаг судлалын бүтээлүүд болох Монголын сон­годог
урлагийн шилдэг бүтээлийн “Уран зураг”, “Уран баримал”, “Г.Зана­базар”, “Гоёл чимэглэлийн
урлаг”, “Монголын орчин үеийн дүрслэх урлаг” зэрэг номыг өнөөгийн урлаг сонирхогчид
мэдэх байх. Харин зураачийн амьдрал бүтээлийн тухай “Ням-Осорын Цүлтэм” нэртэй ном
англи хэлнээ өнгөрсөн 2005 оны үед гарчээ. Н.Цүлтэм зураачийн өнгөний тухай түүний
хүү Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжингөөс санаа бодлыг нь хуваалцахад,
“Аавын өнгө бол онц­­гой, тослог монгол шинжтэй. “Талын айл” бүтээлийн хувьд, монгол
нутгийн тал, нүүдэлчин ахуйг дүрсэлсэн зохиомжид нь хоёр тэмээ их үүрэгтэй. Үүлс,
тэнгэр, газар, тэмээ гурваар санаагаа дэвшүүлсэн гэж боддог” гэлээ. 

Н.Цүлтэм зураачийн бүтээлүүд дотор
“Борогчингийн замд”, “Буянтай ээж минь” нэртэй тун онцгой хоёр бүтээл бий. Ялангуяа,
“Буянтай ээж минь” нэртэй хөрөг зураг. Зураачийн өөрийнх нь ээжийн хөрөг гэнэ. Нөгөө
л “тослог монгол өнгө” нь, сонгодог бичилтээрээ хараа салгамгүй нан­дин бүтээлүүд
байх бөгөөд энэ хоёр ч мөн Үндэсний Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж
байна.

 Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

Түлэнхийн төвд дэмжлэг хэрэгтэй байна

Түлэнхийн төв гэж байсан. Муу ч гэсэн байртай байлаа. Одоо “Мөнгөн гүүр” эмнэлэгт өрөө түрээслэх болсон. Түлэнхийн төвөө байгаад тасаг болчихож. 2012 оноос хойш тасаг нэртэй яваа гэнэ. 2013 оны хоёрдугаар сараас энэхүү “түр хоргодох байр”-ндаа иржээ.   “Уул шугамандаа бол”  300 мянган хүн тутамд  нэг түлэнхийг эмчилдэг тасаг байх учиртай ч өдгөө гурван сая хүнд ганц тасаг ногдох болов. Түлэнхийн  гол хохирогч нь 0-5 насны хүүхдүүд байдаг. Өнгөрсөн жилд гэхэд л 1078  хүүхэд тус тасагт хэвтэж эмчлүүлсэн гэнэ. Харин тус эмнэлэгт хандаж анхны тусламж авсан  хүний тоо  өнгөрсөн жил 4300 байсан агаад  үүний 2800 нь хүүхэд байсан аж.   Улсын эмнэлэг, төсвийн байгууллага учраас эм тарианаас авахуулаад дутагдсан гачигдсан зүйл өчнөөн.  “Нас баралт өндөр байдаг. Эм тариа, боолт материал  их ордог учраас зардал ихтэй. Хүүхдүүд шарх сорвиноосоо болоод бусдаас тусгаарлагдах, сэтгэлийн дарамттай явах нь  бий” гэж Түлэнхийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрах эмч хэлсэн юм.  Сэтгэл зүйчээс илүү аминд тулсан зүйл нь мэс засал, эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай байгаа хүчилтөрөгчийн аппарат, зөөврийн монитор, памп  аж.  Эмч нар нь чадлаараа тэмцдэг. Сүүлийн хоёр сарын турш сэхээний тасаг  12-19 хүнтэй байна. Эрчимт эмчилгээний тасагт зургаан орны дунд хоёр ширхэг хүчилтөрөгчийн аппараттай. Уг нь хүнд өвчтөнүүдэд  ийм аппарат хүрэлцдэг  бол  хүний амь насыг аврахад тустай сан. Хоёрхон хүчилтөрөгчийн аппараттай байхад  сэхээний тасгийн өвчтөнүүд  20 хүрсэн тохиолдол бий аж. Судсаар тариа хийдэг памп  аппарат энд  гуравхан бий. Энэхүү аппаратыг  бөөр, зүрхний дутагдалд орохоос сэргийлдэг тариа хийхэд ашигладаг. Нийт хэвтэж  эмчлүүлэгчдийн 70-80 хувь нь мэс заслын болон эрчимт эмчилгээний тасгаар дамждаг гэнэ. Нэг ийм аппарат хоёроос гурван жил ашиглагдана гэвэл мөн ч олон хүний амийг аврах нь тодорхой. Түлэнхийн тасгийн эрхлэгчийн яриаг Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар буюу Мээдээ анхааралтай сонсч суув. Тэрбээр Түлэнхийн тасагт  юу хэрэгтэй байгааг судлахаар ирсэн юм.   Тасгийн эрхлэгч нь ч олны танил хүн дэмжлэг үзүүлэхээр ирсэнд талархан нөхцөл байдлаа сайтар тайлбарлав. Дуучин Мээдээ түлэнхийн хохирогч болсон хоёр ч жаалын эмгэнэлт түүхийг мэддэг юм билээ. Хол юм шиг сонсогддог түлэнхийн хохирогч нь түүний  таньж мэддэг хүмүүсийн хүрээнд байсан болохоор тэрбээр Түлэнхийн төвийг сонгожээ. Улсдаа ганцхан байдаг энэ тасагт шийдвэр гаргагчдын түвшинд төдийгүй  хүмүүнлэг үйлстэн хэн бүхний тусламж дэмжлэг үгүйлэгдэж байгаа билээ. 

Түлэнхийн төвийн эмч нарыг сургах талаар анхаардаг эсэхийг дуучин залуу лавлаж байна лээ.  Э.Галбадрах эмч 2011 онд Солонгос руу явж сурсан. Дараа жил нь өөр хоёр эмч Францад явжээ. Гэхдээ л өрхийн эмч нар түлэнхийн анхан шатны тусламж үзүүлж чаддаг бол, дүүргүүдэд түлэнхийн тусламж үзүүлэх кабинетууд байдаг бол  түлэнхийн тасгийн хүртээмж  нэмэгдэнэ дээ. “Хотод байгаа мөртлөө бидэнд үзүүлж чадалгүй есөн жил болж байж ирсэн хүүхэд байна” гэж тус тасгийн эрхлэгч хэлсэн юм.            

Түлэнхийг эмчлэхэд  үнэхээр өртөг өндөртэй юм билээ. Түлэгдсэн хойно нь эмчлэх гэж зовсоноос түлэгдэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх нь тустай ажээ. Урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь эцэг эхчүүдэд мэдээлэл түгээх юм.    Хүүхдээ түлж гэмтээхгүйн  тулд юу анхаарахыг сайтар зөвлөхийг Мээдээ хүслээ.   Түлэнхийн  нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрахын  зөвлөгөө үнэхээр энгийн байлаа. Гэсэн ч бид наад захын мэдлэггүй болохоор энэ олон хүүхдүүд эмнэлэгт хэвтэж, зовж шаналдаг нь хүлээн зөвшөөрөхөд хэцүү  бодит үнэн.  

-Хүүхэд орчноо таньж мэдэх насандаа яваа учраас өртөмтгий байдаг. Хамгийн эхлээд амьдрах орчин  аюулгүй байх ёстой гэв. Гэр хорооллын хүүхдүүд түлэгдэж гэмтэх нь их.  Гэрт гал түлдэг зуух ил.  Намхан ширээн дээр халуун хоол, цайгаа тавьчихдаг.  Мөн хүүхдийг хүүхдээр нь харуулах нь их байгаа нь хүүхэд гэмтэх нөхцөл бүрдүүлжээ.

“Халуун зүйл, түлж мэдэх бүхнийг  хүүхэд хүрэхээргүй газар байрлуулах хэрэгтэй” гэж Э.Галбадрах эмч онцолсон. Зуухыг тойруулж  хашлага хийж болно. Халуун тогооноос бага насны хүүхэдтэй айлууд аль болох татгалзах хэрэгтэй.  Халуун тогоотой ус цай, хоол руу бага насны хүүхэд унаж түлэгдсэн тохиолдол маш их гардаг.   Гэр хорооллын айлуудад тохиолддог бас нэг анхаарах зүйл усанд орох гээд ванндаа эхлээд халуун усаа хийчихдэг юм байна. Тэр хооронд  хүүхэд нь гүйж ороод түлэгдчихсэн тохиолдол ч бий. Ядаж эхлээд хүйтэн усаа хийх хэрэгтэй шүү дээ. Халуун хоол идэхдээ хүүхдээ өвөр дээрээ суулгах нь эрсдэлтэй.  20-30 хоногтой нярай дээрээ халуун хоолоо асгаад түлчихсэн  удаатай. Боорцогны тосоо хөргөх гээд хаяандаа тавьчихдаг. Нөгөөдөх рүү нь хүүхэд нь орчихдог. Дээхнэ үед хүүхдээ уячихдаг байсан даа. Болохгүй бол ийм арга хэрэглэхэд ч буруудахгүй гэв.  Хүн бүр түлэгдэх албагүй шүү дээ. Үүнээс сэргийлж болно гэж эмч хэлсэн шүү. 

Нэгэнт түлэгдсэн хойно хийж болохгүй зүйлс бас байдаг гэнэ.

Баавгайн тос, барааны саван, нохойн цус, гутлын тос, элсэн чихэр, үхрийн баас тус бус хор  болдог гэнэ шүү. 

Хэрэв түлэгдсэн тохиолдолд хамгийн түрүүн түлэгдэлт үүсгэж байгаа зүйлээс холдуулаад, түлэгдсэн хэсэг хувцастай бол хувцсыг нь маш болгоомжтой тайлна. Хувцсыг нь тайлсан бол түлэгдэлт лавшрахгүй. Үүний дараа урсгал усанд барих хэрэгтэй. Ус нь тасалгааны температуртай байх учиртай. Крантны хүйтэн ус тохиромжтой байдаг.  Хэт хүйтэн мөстэй  усанд удаан байлгах нь осголтод хүргэсэн удаатай. Хүүхдээ ваннтай хүйтэн усанд удааснаас хатгаа тусгах тохиолдол байжээ.  Тиймээс 10-20 минутаас хэтрэхгүйгээр хүйтэн усанд бариарай. Хүйтэн усанд  түлэгдсэн хэсгийг барих нь мөн өвдөлтийг намдаадаг байна. Үүний дараа өвдөлт намдаах эм өгөөд,  цэвэр материалаар боолт хийн, эмнэлэгт яаралтай хүргэх ёстой. Өвдөлт намдаагаагүй тохиолдолд эмнэлэг хүрэх замд өвчтөн өвдөлтийн шоконд орох аюултай байдаг аж. 

Баавгайн тос  шархыг хурдан төлжүүлдэг гэдэг ч  хүндхэн сорив үлдээдэг байна.             

Түлэнхийн тасгийнхан  нийтдээ 80 ортой. 15 эмчтэй, 28 сувилагчтай ажиллаж байна. Түлэнхийн төвд туслах сайн санаатай хүмүүс гардаг ч өөрийн байргүй болохоор элдэв тоног төхөөрөмж суурилуулахаас авахуулаад олон боломжийг алдсан гэнэ лээ. 

Түлэнхийн төвд хүүхдийн уйлах дуу сонсогдоно. Энэ бяцхан хүүхдүүдийг  түлэгдэж гэмтэхээс сэргийлж болох л байсан. Түлэнхийн төв орхигдсон, мартагдсан хүмүүсийн арал шиг сэтгэгдэл төрнө.  Эрүүл мэндийн яам,  Монголд ганцхан байдаг Түлэнхийн төвийн барилгаа хурдан бариулж өгөөч. Төрийн эрх мэдэлтэнүүдийн анхаарлын гадна үлдсэн  аврал эрсэн хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаач, олон түмээн. 

Б.Янжмаа   

Categories
редакцийн-нийтлэл

Хуримын даашинз дунджаар 400-700 мянган төгрөгийн үнэтэй байна

-ЭНЭ ЖИЛ МӨРГҮЙ,
ЗАГАСАН ЗАГВАРТАЙ ДААШИНЗ ЭРЭЛТТЭЙ БАЙНА-

Дурлалт хосуудын хамгийн сайхан баярын нэг бол яах аргагүй хурим.
Хосуудын амьдралд ганц тохиох баяраараа ямар даашинз, хослол өмсөх вэ гэсэн асуулт
толгойны өвчин болдог гэхэд болно. Хосуудын хуримын их ажлаас бага ч гэсэн хөнгөлж,
цаг завыг нь хэмнэх үүднээс хуримын даашинз болоод костьюмны үнийн талаар сурвалжиллаа.
Өмнөх жилүүдийг бодвол энэ жил хуримын даашинз худалдаалдаг дэлгүүр нэлээд олон
болжээ. Бидний сайн мэдэх “Торго” салон болон “Шилмэл загвар”-ын даашинзнууд хамгийн
үнэтэй төдийгүй өнгө загварын хувьд өргөн сонголттой аж. Үндэсний хээ угалз, өнгө
төрхийг илтгэснээрээ тус салоны даашинзууд тансаг зэрэглэлийнх гэдэг нь харагдаж
байв. “Торго” салоны хамгийн үнэтэй даашинз нэг сая 900 мянган төгрөг. Гэхдээ энэ
бол салон дээр нь бэлэн зарагдаж байгаа даашинз. Харин хүссэн загвараа сонгоод захиалгаар
хийлгэвэл үүнээс ч үнэтэй болох гэнэ. Гэхдээ захиалга ихтэй байгаа аж. Загварын
хувьд мөргүй, бэлхүүсээрээ барьсан загасан хэлбэртэй даашинз тус салонд эрэлттэй
байгаа юм байна. Мөн үндэсний хээ, угалз даашинзандаа шигтгэж өгчээ. “Шилмэл загвар”-ын
хувьд мөн л захиалга ихтэй байгаа бөгөөд энэ сарын сүүлээр дахин захиалга авах боломжтой
аж. Үнэ ханшийн хувьд 600.000-1.000.000 төгрөгийн үнэтэй бөгөөд сүйт бүсгүйчүүд
дизайнертайгаа уулзаж өөрийнхөө биед ямар загварын даашинз тохирох талаар ярилцаж
материалаа сонгоод захиалга өгөх боломжтой юм байна. Тус салонуудад  сүйт залуугийн хувцас мөн л хийц, өнгө загвараасаа
хамаараад үнийн хувьд өргөн сонголттой юм билээ.

Ингээд тэндээс гарч Улаанбаатар их дэлгүүрийн гурван давхарт байрлах
“Габаяа Гламур Бутик” дэлгүүрээр орлоо. Тус дэлгүүр хуримын даашинзнаас гадна гоёлын
тансаг загвартай даашинзуудыг худалдаалж байв. Мөн үдшийн цэнгүүн, баяр ёслол, багт
наадам, тоглолтын хувцаснуудыг нийлүүлдгээс гадна хуримын гэрч бүсгүйчүүд, хүүхдүүдийн
даашинз өнгө загварын хувьд өргөн сонголттой байна. Учир нь сүүлийн үед европ маягийн
хуримын заншлыг дуурайж сүйт бүсгүйн гэрч болох найз хүүхнүүд нь ижил өнгийн даашинзаар
гангарах болсон. Тус дэлгүүрийнхэн эдгээр даашинзуудаа Хонгконгоос оруулж ирдэг
ажээ. Загвар бүрээс нэг, нэг ширхэг л байгаа гэдгийг дэлгүүрийн эзэн дуулгасан.
Тус дэлгүүр нь үйлчлүүлэгчдийнхээ хүсэлтээр бүх төрлийн даашинзандаа энэ сарыг дуустал
30-70 хувийн  хямдрал зарлажээ. Одоогоор нийтдээ
38 төрлийн даашинз бэлэн худалдаалагдаж байгаа бөгөөд наймдугаар сарыг дуустал
500-700 мянган төгрөгийн хооронд зарагдана гэж “Габаяа гламур бутик” дэлгүүрийн
захирал   Ё.Байгаль хэллээ.

 

“Габаяа гламур бутик” дэлгүүрээс хуримынхаа гоёлыг сонгохоор ирсэн
20 гаруй насны О.Отгонханд гэх сүйт бүсгүйгээс зарим зүйлийг тодруулав.

 

-Хуримын
даашинзаа сонгохоор үзэж байна уу. Хэзээ хуримтай вэ?

-Тийм ээ. Ирэх сарын дундуур хурим болно.

-Ямар
даашинз таалагдаж байна?

-Хараахан сонголтоо хийгээгүй л байна. Дээгүүрээ мөргүй, сиси хормойтой
даашинз авдаг юм билүү гэж бодож байгаа. Элдэв гял цал чимэглэлгүй цэвэрхэн даашинз
л хайгаад байгаа юм.

-Ер
нь өөр дэлгүүрээр орж үзсэн үү?

-Тийм ээ. “Шилмэл загвар”, “Торго” салоноор орсон. Захиалгатай амжихгүй
гэсэн. 25 дугаар эмийн сангийн тэнд байдаг нэг газраар бас орсон. Түрээсэлдэг юм
билээ. Нэгэнт л дурсамж болгож үлдээхээс хойш түрээсэлснээс авсан нь дээр байх гэж
бодож байна.

-Сүйт
залуу чинь хослолоо сонгосон уу?

-Хамт л сонгоё гэж бодоод явж байна. Бид хоёр гурван настай хүүтэй.
Хүүдээ бас хослол харж байна.

-Та
гурвын хуримын гоёл хэдэн төгрөгт багтах юм шиг байна?

-Эрэгтэй хослол доод тал нь 300 мянган төгрөг гэж байсан. Хүүхэд
болохоор 100 мянгаас хэтрэхгүй байх. Харин даашинзаа дунджаар 450 мянгад л авч таарах
байх. Тэгэхгүй бол үндэсний хувцас, гоёлын хувцас гээд авах юм зөндөө байна.

-Ер
нь танай хуримд хичнээн төгрөг орох юм шиг байна?

-Саяхан нөхөр маань хуримдаа зориулж ажлаасаа 10 орчим сая төгрөгийн
цалингийн зээл авсан. Тэгсэн ажлаас нь хуримдаа хэрэглэ гээд хоёр сая төгрөг бэлэглэсэн
байна лээ. Харин надад бид хоёрын хуримтлуулсан таван сая төгрөг бий. Тэгэхээр ямартай
ч хүргэхийг л бодно доо. Хурим бол амьдралд ганц л тохиох баяр. Тиймээс хэн хэндээ
мартагдахааргүй сайхан дурсамж үлдээхийг хүсч байна гэв.

Тэндээс гараад зорьж очсон “Star shop” дэлгүүрт Италийн
“Aolisha” брендийн хуримын  даашинзуудыг худалдаалж  байв. Токио, Сөүл, Вашингтон гэх мэт дэлхийн
18 томоохон хотод салбартай “Aolisha” брэнд жилд 400 гаруй хуримын даашинзны загварыг
гаргадаг аж. Тус брэндийн даашинз 400 мянгаас хоёр сая төгрөгийн хооронд худалдаалагдаж
байна. Бүх загварыг “Аolisha”  брэндийн сайтаас
харж кодоор нь захиалах боломжтой гэнэ. Үүнээс гадна хүссэн даашинзаа бэлэн авахаас
гадна захиалах боломжтой. Захиалга өгсөн тохиолдолд 30-45 хоногийн дотор таны гар
дээр ирэх юм байна. Мөн хуримын даашинзтай дагалдаж гоёлын зүүлт, ээмэг, баглаа
цэцэг гэх мэт зүйлүүд худалдаалагдаж байгаа аж. Эрэгтэй хуримын хослол 140-300 мянган
төгрөгийн хооронд байв. Өнгөний хувьд хар, цагаан гэсэн ёслолын костьюмууд байгаа
гэсэн. Харин хосуудын хүүхдэд зориулсан охидын даашинз 38-100 мянган төгрөгийн хооронд
байна. Мөн жирэмсэн бүсгүйчүүдийн хуримын даашинзыг зарж байна лээ. Бүх даашинз
размерын хувьд өргөн сонголттой байлаа. “Star shop” дэлгүүр нь “MaxMall” дэлгүүрийн
гурван давхарт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Мөн “Love salon” нь хуримын хос дээл, хуримын даашинзнуудыг худалдаалах
болон түрээслүүлж байна. Хийц загвар материалаасаа шалтгаалаад, захиалгаар дээл
хийлгүүлэх  болон худалдан авахад 400-500
мянган төгрөгийн ханштай. Харин уг дэлгүүр хуримын даашинзаа Хонгконгоос оруулж
ирдэг байна. Хуримын даашинзны үнэ 400-500 мянган төрөг бол түрээслэхэд 200-250
мянга төгрөгийн үнэтэй гэнэ. Загварын хувьд өргөн сонголттой бөгөөд нэг загвар нэг
л ширхэг худалдаалагдаж байгаа “love salon”-ныхон ярив.

 Д.ДАВААСҮРЭН

 У.УУГАНЦЭЦЭГ