Categories
нийгэм редакцийн-нийтлэл

Н.Жуков: Эверестэд авирахын тулд Зайсан толгой руу алхаж бэлтгэлээ базаадаг байлаа

Уулчин Н.Жуковтой ярилцлаа.

-Таныг Эверестэд авирсан анхны Монгол хүн гэдгийг хүмүүс мэднэ. Уулчин гэдэг таны эзэмшсэн мэргэжил үү эсвэл тохиолдлоор холбогдож байв уу?

-Би Баян-Өлгий аймгийн Алтай сумын Урианхай хүн. Эцэг минь насаараа сум, нэгдэлд даргаар ажиллаж ээж 15 хүүхдээ өсгөхөөр ёстой л өглөөн нарнаас үдшийн бүрий болтол борви бохисхийдэггүй байлаа. Шууд хэлбэл 15 хүүхэдтэй айлын нэг нь би. Ер нь би уулчин болж төрөөгүй хүн юм. Яагаад гэвэл би 1983 онд сургуулиа төгсөөд хилийн 0165 дугаар ангид биеийн тамирын офицероор ирсэн ухаантай. Тухайн үед НАХЯ-ны харьяанд Хүч нийгэмлэг байлаа. Хүч нийгэмлэгийн уулчид байнга манай ангид ирнэ. Магванноров гэж Хүч нийгэмлэгийн Уулчдын хорооны дарга, хурандаа хүн байсан. Т.Гүррагчаа хэмээх 74 настай хүн Эверестэд авирах гэж байна гэж яригдаад байсан даа. Тэр хүн уулын ахлах дасгалжуулагч хийдэг байв. Би ийм замаар л уулчидтай холбогдож Хүч нийгэмлэгийнхэнтэй анх удаа Мөнххайрхан, Цамбагаравт авирсан түүхтэй. Гэтэл Магванноров хурандаа “Чамайг хүч нийгэмлэгт авлаа. Чи ууланд шууд гарч, асуудалгүй бууж ирлээ” гээд уулын спортын хоёрдугаар зэрэг олгочихсон юм. Түүнээс хойш жил бүр Хүч нийгэмлэгийнхэн ирнэ. Таванбогд, Цэнгэл, Отгонтэнгэр, Дэглий цагаан гээд Монголынхоо уул бүрт л авирах болсон доо. Ер нь зөвхөн “Хүч” нийгэмлэг бус “Алдар”, “Хөдөлмөр” нийгэмлэгээс уулын клубийнхэн бүгд ирнэ.

-Таванбогдод уулчдыг авахаар ярьсан нисдэг тэрэг унасан тохиолдол бий. Тэнд таны нэр нэлээд тод яригддаг байх шүү. Хэдэн он билээ?

-Польш, Герман, Чех улсын цэргийн уулчид ирээд байсан юм. Сүүлд Онцгой байдлынхантай гал түймэр унтраахаар явж байгаад амь эрсэдсэн гавьяат Т.Сугар нисгэгч нь байсан юм. Тэгэхэд Ш.Арвай генерал, НАХЯ-ны хэлтсийн дарга Авирмэд, дэд хурандаа Ганболд гээд бүгд тэнд байсан. Цаг агаарын таагүй нөхцөл үүсээд бид Таванбогдод гарч чадалгүй гурав хоног саатчихаад байлаа. Нэг хоноод эргэхээр товлож зэхсэн хүнсгүй явчихсан учраас бараг л өлсгөлөн, тэр их хүйтэн шуурганд гурав хоног нүдүүлсэн дээ. Тэгэхэд нисгэгч Т.Сугар агаараас багахан хоол, шатахуун өгч бидэнд тус болж байсан. 1988 ны наймдугаар сарын 20-доор болсон асуудал л даа. Шуурга арилж Таванбогдод гарчихаад буцах үед бидэнтэй станцаар холбогдож вертолётоор авах болсноо хэлсэн. Бид ч заасан цэгт ирээд байтал нисдэг тэрэг ойртож бидний дээгүүр эргэлдэн буух газраа хайж байсан юм. Тийм осол ёстой л хормын дотор болдог юм билээ. Яг газардах нь гэж бодоод би бөхөлгөө засахаар тонгойх хооронд миний хажууд зогсч байсан дэд хурандаа Ганболд “Вертолёт” гээд хашхирахгүй юу. Өндийтөл нисдэг тэрэгний сүүл хэсэг нь шидэгдэж харагдсан. Ахиулаад хартал Хоног толгойд нисдэг тэрэгний их бие аль хэдийнэ зоогдчихсон байх жишээтэй. Бид гүйлдээд очиход нисгэгч Чулуунбаатар, Т.Сугар хоёр бэхэлгээтэй учраас ил бэртэлгүй ухаан алдчихсан байсан. Ахмад цолтой цэргийн эр вертолётийн цонхоор 20 гаруй метрт шидэгдчихсэн бас л ухаангүй. Т.Гүррагчаагийн эхнэр Хумбаа, “Эх орны манаа” сонины сурвалжлагч Цэндэв, Герман эмэгтэй Сузана тэгэхэд явж байсан. Вертолёт мөсөн уулыг мөргөөд инерциэрээ дээшээ 100 орчим метр шидэгдсэн юм билээ. Дээшээ хөөрөхөд хаалга, сүүл нь салсан байдаг. Буцаад унах явцад Сузана Хумбааг тэврээд цас руу үсэрчихсэн байгаа юм. Сурвалжлагч Цэндэв за энэ хүний дараа үсэрье гэж хулгасаар байгаад яг үсрэх гэж байхад нь вертолётийн сандал салж ирээд хөлийг нь хуга цохьчихсон юм билээ. Өндөр уулын салхинд цохиулаад арваадхан секундын дотор тийм айхтар сүйрэл болчихсон. Золоор хүний амь эрсдээгүй. Т.Сугар нисгэгч чадварлаг хүн тулдаа тогтоож чадахгүйгээ мэдсэн даруйдаа бүх цахилгааныг салгаж амжсан байдаг юм. Тэгээгүй бол дотор сууж явсан хүмүүс, эргэн тойрон 100 метрт байсан бид бүгд сүйдэх байсан байх.

-Гадны уулчид, цэргийн дарга нар тэгэхэд явсан. Уулнаас буулгах гэж бөөн асуудал үүссэн биз дээ?

-Оросын геодезийн вер­толёт гэж байсан. Холбоогоор дуудахад л хүрээд ирнэ. Ш.Арвай генерал, Авирмэд, Ганболд гээд бүгдээрээ ботинктой. Буух гэхээр цасан дунд явж чаддаггүй. Тэдний хажууд нэг өндөр герман эрийн хавирга, Сузанагийн гар, Цэндэвийн хөл хугарсан байсан. Майхнаараа дам­нуурга хийж дамжлаад л зүтгэцгээсэн. Гэмтэлтэй хүмүүсээ авч явж байгаад эргээд ботинктой дарга нараа дамнуурга дээрээ суулгаж зөөнө. Бараг замынхаа талд орж байхад Оросын вертолёт ирж үндсэн баазад хүргэж ирсэн. Гадныхан тийм зүйлийг ёстой тоодоггүй юм билээ. Бид л айж, мэгдээд сүйд болж байгаа юм.

-Таны амьдралын торгон үе Гималайн нуруу, Эверестэд авирсан өдрүүд байх. Та чинь тийшээ хоёр удаа явсан гэдэг бил үү?

-Анх 1994 Гималайн нурууны Жонли оргилд буюу далайн түвшнээс дээш 6632 метр өндөрт гарсан. Манай баг нийт 10 хүнтэй явсан юм. Эмэгтэйчүүд нь Балбын талд очиж таван мянга гаруй метрийн өндөрт авирсан байдаг. Биднийг ахалж УИХ-ын гишүүн асан Алтайн аав Р.Зориг багш явж байгаа юм. Р.Зориг гуайн санаачилгаар бид Хөх тэнгэр холбоо байгуулсны үндсэн дээр гадаадын уулчдыг эх орондоо урьж, гадныхны урилгаар бид дэлхийн нэртэй оргилуудад авиралт хийдэг байлаа. Ингэж явахад буудлагын О.Гүндэгмаагийн аав Д.Отрядын бие тун муудсан. Тэр хүн чинь бас л эхнээсээ уулын спортын бус шүхэрчин хүн байсан юм. Тэгэхэд таван мянган метрт хүрээд гэнэт уулын өвчинд нэрвэгдсэн. Тэр өвчин их аюултай. Хүнийг ерөөсөө л суумал бурхан болгочихдог. Хоёр нүд харж байна, толгой зүгээр гэх мэтээр ил мэдэгдэх зүйлгүй. Тэгсэн хэрнээ ярьж чадахгүй, хөдөлж чадахгүй болгочихдог. Үг хэлэхээр сонсохгүй. Энэтхэгийн эмч явсан учраас анхан шатны тусламж үзүүлж гуурсаар шээлгэх гэх мэт тусалсан. Нэг удаа шээлгэхэд л гурван литр шингэн гарч байх жишээтэй. Нэн даруй доош буулгахгүй бол тархины үйл ажиллагаа зогсоод нас бардаг. Бидний нэг хэсэг маань доош нь гурван мянган метрт буулгаж Энэтхэгийн нисдэг тэрэг дуудсан. Тэгээд хэд хоногийн дараа бид бууж ирлээ. Ирээд эмнэлгээр ортол нөхөр маань босоод явж байна. Юм асуухаар хариу байхгүй. Уулын өвчин их удаж байж гардаг. Зүгээр болчихсон хэрнээ л гарах хаалгаа олохгүй нөгөө тийшээ явчихдаг юм билээ. Улаанбаатарт ирэн иртлээ түүнийг ээлжээр хөтөлж явсан. Бүхэл бүтэн 14 хоночихоод байхад тийм байсан юм шүү. Элчин сайдын яаманд байсан Р.Зориг багш, Чимэддорж, Очиржав, одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар их тус болсон доо.

-Энэ удаагийн авиралт Эверест рүү дайрах томоо­хон бэлтгэл болж таарсан уу?

-Намайг Эверестэд авирахад буюу 1996 онд Монгол мөнгөгүй байсан. Р.Зориг багш Энэтхэгийн талаас “Гурван хүн явуулаач” гэж хүссээр байгаад нэг л хүний квот зөвшөөрүүлж чадсан. Дараа нь сонсоход намайг зөвхөн хувцаслахад 28 мянган ам.доллар болсон байсан. Тэгээд 300 сарлаг хэрэглэнэ, нэг сар бэлтгэл хийхдээ буудалд байрлана, ачааны машины зардал гээд мөнгөний хэрэглээ асар их. Машинаар Түвдийн өндөрлөгт хүрэхэд л 30 хоног явдаг байсан юм. Машин таван мянган метрт хүрнэ. Зардал их гардаг учраас л нэг хүний квот олгосон юм билээ. Би тун эвгүй нөхцөлд явсан л даа. Монгол Улсаас анх удаа Эверестийн оргилыг очиж үзэх гэж байж өмнө нь явсан ямар ч туршлага байхгүй. Маршрутын, хоол хүнсний, хэл мэдэхгүйн зовлон их. Тэдний хоолыг амандаа ч ойртуулахын эцэсгүй. Товчхондоо хоолгүй, ганцаардлын дунд 9О хоног байлаа.

-Яагаад хоолгүй гэж?

-Би хоёрдугаар сарын эхээр явсан юм. Тэгэхэд намар идэшний үеэр хийсэн борц хатаагүй байсан учраас жил өнжсөн жаахан борц олж авсан. Бас жаахан арвайн гурилтай. Авч явсан ачааныхаа ихэнхийг уулын хэрэгсэл, төмөр чирээд явчихсан. Нөгөө төмөрнүүд нь очоод ямар ч шаардлага хангахгүй учраас хог болж байгаа юм. Түүний оронд жаахан ч болов борц нэмээд авчихгүй дээ гэж тэсгэл алдрах өдрүүд ч байсан. Очсон өдрөө л байдал бишдэж арвайн гурилаа, борцоо буцах өдрөө хүртэл тэнцүү хувааж хуваарилалт хийсэн. Тэгээд өглөө эрхий хурууны хэрийн зуурсан арвайн гурил идэж цай ууна. Өдөр борц үнэртүүлсэн нэг аяга шөл ууна. Оройн хоол гэж байхгүй. Би Гималайн нурууны 6500 метрт хоёр сар болохдоо ийм л хоол идэж байсан. Бас 6500 метрт оччихоор үс өвс шиг болчихдог. Гар хүрэхэд л хугарч унадаг. Тийм байдалд орохоороо хүн үхлээс айхаа больчихдог юм билээ. АН-24 онгоц 6500 метрийн өндөрт нисдэг байсан юм шүү. Тэр өндөрт ийм хоолтой байна гэдэг үнэхээр шөрмөс шалгаж байлаа. 6500 метрээс дээш бид замаа өөрсдөө тавих ажилтай. Байнга 30 килограмм ачаа үүрч явна. Энэтхэг-Монголын багт 35 хүн эхлээд байсан бол явцын дунд 24 нь үлдэж найм наймаараа гурван баг болж хуваагдсан. Эхний ээлжинд бид яваад нэг хэсэг газар олс тавиад ирэхэд маргааш нь нөгөө баг явж жаахан цаашлуулаад ирэх жишээтэй. Ингэж 6500 метрийн өндрөөс дээш бид гурван лагер байгуулах ёстой. Хамгийн сүүлийн лагерийг 8300 метрийн өндөрт байгуулдаг. Шууд хэлбэл 8300 метрт лагер байгуулахын тулд байнга 6500 метрийн өндөр дэх лагераас дээшээ явж жаахан ажиллачихаад эргэж ирнэ гэсэн үг. Бид бүтэн өдрийн турш дээшээ явж явж рельефээ харахад байсан түвшингээсээ ганцхан метрээр л дээшээ ахисан байх жишээтэй. Лагер гэдэг нь найман хүн унтах майхан, идэх хоол, амьсгалах хүчитөрөгч гээд бүхнийг аваачиж байрлуулна гэсэн үг. Ингээд лагер байгуулах ажил дуусч эхний найман хүн 8300 метрт өдрийн 12 цагт очсон юм. Очингуутаа даргалж явсан нөхөр нь уулын өвчинд нэрвэгдсэн. Баг хоёр хуваагдаж хоёр гишүүн нь даргаа доош буулгаж үлдсэн тавыг нь авиралтаа эхлүүл гэсэн команд өгсөн байдаг. Командаар дөрвөн уулчин авиралтаа эхлүүлж нэг нь 8300-гийн кэмпдээ үлдсэн байдаг. Ер нь 6500 метрийн өндрөөс 11 хүн уулын өвчинд нэрвэгдэж доош буусан түүхтэй.

-Амжилтгүй болсон бил үү?

-Өндөр ууланд хамгийн аюултай зүйл нь нар жаргасан л бол харанхуй болдог. Тэр орой Японы уулчид 8300 метрт очиж таарсан. Би хоёр дахь ээлжинд орчихсон хүлээгээд байгаа. Харамсалтай нь хамгийн түрүүлж оргилд гарсан дөрвөн хүн маань бүгд нас барсан. Эхний дөрөв маань яг нар жаргах үеэр оргилд гарч амжсан. Бид оргилыг бусад 14 орны уулчдаас хамгийн түрүүнд эзлээд бөөн баяр болсон ч шөнө болж байгаа учраас хамгийн их айцгааж байсан. Харанхуй болсон ч оргил дээр удаан байж, хонож чадахгүй учраас эргээд буух ёстой. Доошоо буухад тэд гурван цаг зарцуулах ёстой ч ирээгүй. Хүчилтөрөгчийн аппарат нь долоон цаг л барьдаг. Майханд үлдсэн нөхөртэй станцаар байнга холбогдож асууна. Ирээгүй гэсэн ганцхан хариу л өгнө. Тэгээд л шөнө дунд болоход ойлгомжтой боллоо гээд нөгөө их баяр хөөр, бүх зүйл алга болж байгаа юм. Өглөө Японы уулчид авиралтаа эхлүүлж оргил руу давшсан. Тэгээд станцаар танай уулчид 100 метрийн зайтай олсондоо нас барсан байна гэж мэдэгдсэн. Бөөн асуудал үүсч 8300 метрт үлдсэн хүнээ татаж, түрүүлж доошилсон хүмүүс ч хөл гараа хөлдөөчихсөн эргэж ирсэн.

-Заавал орой болсон хойно оргил руу дайрах шаардлага байсан юм уу?

-Удирдлагууд ийш тийшээ яриад л байсан. Шуурга ч ихэсч, цасан нуранги ч ихээр үүсч эхэлсэн. Бидэнтэй параллель авиралт хийсэн Японы дөрөв, Английн гурван уулчин цасан нурангид дарагдаж амиа алдсан мэдээ ч бас ирлээ. Тэр өдөр 11 хүн нас барж авиралт хийж байсан 14 орны багийн удирдлагууд хуралдаад бүх авиралтыг зогсоох команд өгсөн. Би 7850 метрийн өндөрт байгуулсан лагерт дайралт хийхээр зэхэж байсан ч буух команд ирсэн. Биднийг 1996 онд явахад 320 хүн нас барсан байсан юм. Бидэнтэй цуг авиралт хийгээд амиа алдсан 11 хүнийг нэмээд тэр тоо шууд 331 болж байсан, тийм л аюултай газар. Яагаад тэр дөрвөн хүн нас барсан бэ гэвэл тэнд байсан 14 орны уулчид хоорондоо өрсөлдсөн хэрэг. Тэгээд л нэгнээсээ түрүүлж оргилыг эзлэхээр улайрцгааж боломжгүй тохиолдлуудад ч гэсэн команд өгсөөр байсан юм. Эцсийн үр дүнд нь 11 хүн нас барж үлдсэн хүмүүс нь дэлхийн дээвэрт гарах мөрөөдлөө орхиод бууцгаасан байдаг. Ийм л зүйл болсон. Гэхдээ би 8300-гийн кэмп байгуулахаар удаа дараа явж тийм өндөрт хүрч үзсэн. Оргилд хүрэхэд гуравхан цаг, 500-хан метр газар л үлдчихээд байсан юмсан.

-Тэр газар чинь оршуулгын газар шиг байдаг юм гэсэн биз дээ?

-Нас барсан хүнийг авах ямар ч боломж байхгүй. Хүмүүс өөрсдөө 30 килограмм ачаатай явна. Тэр их өндөрт чинь хүн хөдлөх ч тэнхэлгүй болчихдог юм билээ. Унагасан бээлийгээ ч авч чадахгүй тийм тэнхэлгүй болдог.

-Гурван сар шахам хугацаанд 6500 метрээс өндөр газар амьдарчихаад нам дор газар бууж ирэхээр ямархуу байдаг юм байна?

-Тэр нөхцөлд хоёр сар болоход үнэхээр дасан зохицчихдог юм билээ. Машинд явж чадахгүй, амь тэмцээд л байна. Таван мянган метрт бууж ирэхэд л амь тэмцэж эхэлнэ. Эхний шөнө нэг секунд ч унтаж чадаагүй. Хоёрдугаар сарын 25-нааставдугаар сарын 25-ны өдөр хүртэл явсан минь энэ. Ерөөсөө л тэр цасны хүн буюу алмас гэдэг шиг болчихсон байна билээ. Би 14 килограмм турсан. Хилийн цэргийн Даш генерал, ах дүүс минь намайг тосохдоо “Огт зүс үзээгүй хүн шиг болчихсон байна” гээд нулимс унагаж байсан юм.

-Ер нь та ямар шалгуураар Монголоос Эверестэд авирах анхны Монгол хүнээр сонгогдож байсан юм бэ?

-Нийт 100 уулчнаас 10-ыг нь шигшиж тэр арваас Б.Ганбаатар, П.Болдсайхан бид гурвыг үлдээсэн бид нэг сарын турш бэлтгэл хийгээд эмчийн үзлэгээр орж би явсан. Бид гурвуулаа Оргил рашаан сувилалд байрлаж Зайсан толгой руу байнга алхаж дасгал хийнэ. Эверестийн оргил гэдгийг анх очиж харсан түүх минь ингэж л эхэлсэн. Сүүлийн үед 120 сая төгрөгтэй болчихвол эрсдэл багатай авиралт хийдэг болчихсон байна. Г.Өсөхбаяр миний шавь. Л.Готовдорж хэмээх спортын мастер хүн бол түүний аав нь. Бас уулчин хүн. Би ийм зүйлийг авч явах ёстой, үүнийг анхаар гээд анх явахад нь мэддэг бүхнээ л хэлж өгөхийг хичээсэн дээ. Гэхдээ тэр үеэс өнөөдөр тэс өөр болчихсон юм билээ. Г.Өсөхбаяр маань “6500 метрийн өндөрт очлоо. Энд ирэхэд миний майхны дөрвөн буланд цэцэг хатгасан байна” гээд ярьж байсан. Би хоёр сар шахам өлөн явсны зэрэгцээ өөрөө очиж майхнаа барьдаг байсан бол одоо бүх зүйл нь бэлэн болчихсон юм билээ. Цаг үе ингэж сайхан өөрчлөгджээ. Компаниуд ивээн тэтгэдэг болчихож. Одоо хүн төрөлхтөн дэлхийн дээвэрт гарах бус харь холын гаригт хөл тавих нь хамгийн сонирхолтой зүйл болсон бололтой. 20 жилийн дотор л хүн төрөлхтөн ингээд өөрчлөгдчихөж байна.

Л.Мөнхтөр

Categories
мэдээ редакцийн-нийтлэл цаг-үе

Киногоороо бид гэр бүлийн хайр, нандин учралын тухай харуулахыг зорилоо

“Аврора” энтертайнментийн уран бүтээлчдийг бид “Зүрхэнд гэрэлтэх од”, “Дуудлага”, “Танхай тээгч” зэрэг уран бүтээлүүдээр нь таньдаг болсон. Тэгвэл тус хамт олон залуусын хайр сэтгэлийн тухай өгүүлэх “Учрал” нэртэй зургаа дахь бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгоод байна. Хүн бүрийн сэтгэлийн нандин утсыг хөндөх тус киноны ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, хоёрдугаар найруулагчаар Ц.Золжаргал, зураглаачаар Г.Хосбаяр, хөгжмийн зохиолыг Л.Балхжав, С.Гантөр нар бичсэн бол гол дүрүүдэд О.Дөлгөөн, Т.Баттулга, Э.Алдар, Г.Анхмаа нар тогложээ. “Учрал” бүрэн хэмжээний уран сайхны киноны ерөнхий найруулагч Б.Чингүүнтэй цөөн хором ярилцлаа.

-Киноныхоо санааг хэзээ олов?

-Оны өмнө арванхоёрдугаар сарын үед бид шинэ кино хийе гэж төлөвлөөд “Учрал” киноны зохиолыг бичиж эхэлсэн. Тухайн үед “Танхай тээгч” бэлэн болгосон байсан. Нэгдүгээр сард “Танай тээгч” уран сайхны киног нээсний дараахан киноны зураг авалтанд орсон.

-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Сар гарангийн хугацаанд зураг аваад дууссан.

-“Учрал” киноны зохиолын хувьд яриач. Нийгэмд юу үзүүлэхийг зорив?

-Зохиолоо ямар нэг ном, зохиолоос сэдэвлээгүй. Энгийн амьдралаас урган гарсан. Ямар ч хүний амьдралд хайр оршин тогтносоор л байдаг шүү дээ. Тэр утгаараа хайр бол мөнхийн сэдэв. Киногоороо бид гэр бүлийн хайр, нандин учралын тухай харуулахыг зорилоо. Үзэгчид киногоо үзээд дүгнэлт хийх байх.

-Дүр сонголтын хувьд … ?

-Дүр сонголтын хувьд сэтгэл хангалуун байгаа. Ямар ч кинонд дүр чухал шүү дээ. Киноны гол дүрд О.Дөлгөөн, Т.Баттулга буюу Батуушка, Г.Анхмаа, Э.Алдар гэсэн дөрвөн залуу тоглосон. Харин туслах дүрүүдэд П.Цэрэндагва, Л.Дэмидбаатар, Б.Базаррагчаа, Ц.Ганзориг, Ш.Алтанцэцэг, Б.Баяржавхлан, Б.Шинэбаяр, Б.Мишээл нарын чадварлаг уран бүтээлчдийг сонгосон байгаа.

УЧРАЛ КИНОНООС РОМАНТИК МЭДРЭМЖҮҮДИЙГ МЭДЭРСЭН

“Учрал” киноны гол дүрийн залуу Ивээлийн дүрд тоглосон жүжигчин Т.Баттулгатай ярилцлаа.

-Киноны нээлтийн сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш сайхан байна. Киноны баг хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Ямар нэг урлагийн ажил дандаа хамтын бүтээл байдаг.

-Яагаад энэ кинонд тоглохоор болов?

-Дөнгөж он гарах үед киноны найруулагч Чингүүн маань надад санал тавьсан. Очиж уулзаад зохиолоо уншихад үйл явдал нь нүдэнд их гоё буусан л даа. Тэгээд тоглоё гэж бодсон. Миний хувьд 2015 оны анхны маань кино. Мөн хайр дурлалын кинонд анх удаа тоглолоо. Энэ жил уран бүтээлийн олз омог их байх нь гэж бэлгэшээж байгаа.

-Хайр дурлалын кинонд тоглох ямар байсан бэ?

-Мэдээж их гоё байсан. Ер нь дурлалт залуугийн дүрд тоглоё гэж боддог байлаа. Би найз охингүй болоод ч тэр үү бүтэн хоёр сар дурлалт бүсгүйтэй юм шиг явахад сэтгэлд их сайхан байлаа. Манай хамтлагийн дүү Дөлгөөн миний портнер болж тоглосон. Киноноос романтик мэдрэмжүүдийг маш сайхан мэдэрлээ дээ.

-Сургуулиа хэзээ төгсөж байв. Хэн хэнтэй суралцаж байсан бэ?

-2006 онд СУИС-ийг Н.Ганхуяг багшийн ангийг төгссөн. Манай ангийн олон залуус мэргэжлээрээ ажиллаж байгаа. Алтаншагай байна. Шинэ үеийн Ганбаа, Отгоо, Пароди хамтлагийн Нямка, “Х-түц”-д байсан Хулан гээд бүгд манай анги.

-Ажлын гараа хаанаас эхэлж байв?

-Ажлын гараа “Шинэ үе” продакшнаас эхэлж байсан. Оюутан байхдаа төгсөх курсэд ороод анхны жүжгэнд гарч байлаа. “Буруу эргэлт” гээд анхны кино маань мөн л “Шинэ үе”-ээс эхэлсэн. Миний анхны гэсэн бүх зүйл “Шинэ үе” хамтлагтай салшгүй холбоотой. Энэ дашрамд хэлэхэд Бооёо ахдаа маш их баярлаж явдаг шүү гэдгээ хэлье. Бооёо ахаасаа их юм сурсан шүү. Одоо ч гэсэн сурсаар л явна.

-Танд амьдралд баримталдаг зарчим бий юу?

-Амьдралд стресстээд байдаггүй минь миний давуу тал юм уу даа. Аль болох стрессгүй хөнгөн байдаг. Хямарсан ч аль болох өөр тийшээ өөрийгөө эргүүлж чаддаг.

-Залуу хүний хувьд үе тэнгийнхэндээ хандаж хэлэх үг байна уу?

-Адилхан залуу хүн юм чинь шүүмжлэл бол хэлмээргүй байна. Одооны залуус мундаг байна л даа. Анзаараад байхад залуус бие хаандаа ихээхэн анхаарал тавьж фитнесст явдаг болж. Архи дарснаас ч хол байдаг болсон байна.

-Та өөрөө хэр шоучин бэ?

-Би чухал гэсэн хүлээн авалт, хурим найранд гарч оролгүй яахав. Хүн л болсон хойно хааяа өөрийгөө тэгж баясгана шүү дээ. Зав гаргаад бүжиглэнэ, дуулна гээд хааяахан гарах үе бий.

-Таны өндөр, жин, дуртай өнгө гээд близ асуултанд хариулаач?

-Өндөр 182 см, жин 81 кг. Тэнгэр лүү харахад сэтгэл сэргээд сайхан байдаг учраас би “тэнгэр шиг” усан цэнхэр өнгөнд дуртай.

-Сүүлийн үед юу хийгээд байна?

-Манай Мөрөөдлийн театр хамтлагийнхан “Мөрөөдлийн баг дэлхийг аварна” гээд шоу ид дундаа тоглогдоод явж байна. Сүүлийн үед кино гэж яваад хамтлагийнхаа ажлыг жаахан цалгардуулсан. Одоо хамтлагийнхаа ажилд түлхүү анхаарч байгаа.

ЭНЭ КИНОГ ОРЧИН ЦАГИЙН РОМЕО ЖУЛЛьЕТтА ГЭЖ БОДОЖ БАЙГАА

Учрал киноны Намууны дүрд тоглосон жүжигчин О.Дөлгөөнтэй ярилцлаа.

-Учрал кино таны хэд дахь уран бүтээл вэ?

-Миний зургаа дахь бүрэн хэмжээний уран сайхны кино байх. Би энэ киног орчин цагийн Ромео Жульетта гэж үзээд байгаа. Амьдрал хүмүүсийн харилцааг харуулсан уран бүтээл болсон. Энэ удаад Намуун гээд гол дүрийн охинд тоглолоо. Би Аврора филмсийн залуустай анх удаа хамтарч ажиллаж байна л даа. Чадварлаг хамт олонтой хамтарч ажиллахад маш их таалагдсан шүү. Дээрээс нь дандаа залуу хүмүүс учраас илүү шинэ сэтгэлгээтэй санагдсан. Сар гаруй хугацаанд хамт байна гэдэг бага хугацаа биш. Бүгдээрээ хамт байгаад дассан байна лээ.

-Киноны санал тавьсан уу, зохиол нь ямар санагдсан бэ?

-Чингүүнээ ахыг ер нь богино хэмжээний киногоор мэддэг байсан л даа. Кинонууд нь өөрийн гэсэн өнгө, шийдлүүдийг чадварлагаар гаргаж байгаа харагддаг. Чингүүнээ ахыг “Учрал” кинонд тоглооч гэсэн санал тавихад их баярласан. Зохиолоо уншаад бүх их таалагдсан.

-Хэзээ сургуулиа төгссөн бэ. Анх яаж олны танил болж байв?

-2012 онд СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Анх Үндэсний телевизийн “Амьдралд тавтай морил” гээд 80 ангит киноны Золоогийн дүрээр олонд танигдаж байлаа. Тэр киноны багийхандаа маш их баярлаж явдагаа хэлмээр байна. Цаашлаад “Мөрөөдлийн театр”-тай хувь заяагаа холбосон. Хамтлагтаа ажиллаж байхдаа голоор нь хэд хэдэн уран сайхны кинонуудад тоглочихоод байна.

-Олны танил хүнээс охид үлгэрлэл авдаг байх. Биеэ авч явах тал дээр хэр анхаардаг вэ?

-Фэйсбүүк хуудас руу маань жаахан охид их юм бичдэг. Олны нүдэнд байнга харагдаж явдаг хүн учраас өөрийгөө зөвөөр авч явахгүй бол хүмүүс янз янзаар ярих тохиолдол зөндөө. Тэгэхээр хаана ч гэсэн биеэ аятайхан л авч явах шаардлага гардаг.

-Урлагийн хүнд өөрийн чинь ажлыг ойлгох хань чухал. Уншигчдадаа нөхрөө танилцуулахгүй юу?

-Манай нөхөр Гадаад харилцааны менежер мэргэжилтэй Очирпүрэв гэдэг залуу бий. Одоогоор хувиараа бизнес эрхэлж байгаа. Харьцангуй урлагаас хол, урлагийн хүн биш ч гэсэн намайг маш сайн ойлгож дэмждэгт нь баярлаж явдаг. Цаг наргүй ажилдаг намайг ойлгодогт ханьдаа баярлалаа гэж хэлмээр байна.

-Яаж танилцаж байв?

-Манай нөхөр “Next electronics”-т гадаад харилцааны менежер хийдэг байсан юм. Би “Next electronics”-ын нүүр царай нь болоод гэрээтэйгээр ажилладаг байхад нэг залуу байнга намайг хараад байдаг байсан. Тэр үед танилцсан даа. Бид хоёр одоо хөөрхөн хүүтэй болсон.

-Хүүхэд чинь их содон нэртэй юм билээ. Нэрийг нь хэн өгч байв?

-Хүүг маань Ивээлт-Од гэдэг. Нэрний хувьд Очирпүрэвийн О үсэг, Дөлгөөний Д үсгийг нийлүүлээд ямар ч байсан Од-той нэр өгнө гэж бодож байсан. Тэгээд л хоёулаа ярилцаж байгаад Ивээлт-Од гэж нэр өгсөн. Одоо миний хүү нэг ой өнгөрч байгаа.

-Охид бүсгүйчүүдэд сонин байх болов уу. Өндөр, жин, биеийн харьцаагаа хэлээч?

-Би 49 кг жинтэй, өндөр 163 см. Сүүлд үзэхэд өгзөгний тойрог маань 90 см байсан шүү.

-Залуусын амьдралын хэмнэл ямар байгаа юм шиг санагдаж байна?

-Залуустаа хэлэхэд ид залуу байгаа дээрээ завгүй байгаарай. Завгүй байвал маш их зүйлийг амжуулдаг юм шиг санагддаг. Миний хувьд бүх юм амжихгүй юм шиг мөртлөө гүйгээд байхаар их зүйл амжуулчихсан байдаг. Тэгэхээр ид эрч хүчтэй, энергитэй байгаа дээрээ завгүй амьдраарай. Эргээд харахад залуу насаа харамсахааргүй өнгөрөөх хэрэгтэй шүү дээ.

-Цахим ертөнцөд хэр идэвхтэй вэ?

-Фэйсбүүк, инстаграм гээд цахим ертөнцөд идэвхтэй. Би ч гэлтгүй бүх хүмүүсийн салшгүй хэрэглээ болж. Тэрийгээ л харахгүй бол болохгүй ч юм шиг болчихож. Дээрээс нь миний мэргэжилтэй уялддаг юм шиг санагддаг шүү. Хүмүүстэй илүү ойр харьцдаг. Олон хүмүүс надаас юм асуудаг. Тэр болгонд уулзаж чадахгүй болохоор фэйсбүүкээр хариу өгдөг.

-“Халз нүүрээ угаая аян” яваад байгаа. Өөрөө тэрэнд орсон байна лээ?

-Хүмүүс ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ, арьсаа яаж арчилдаг вэ гэж фэйсбүүк, аск.мн-ээс их асуусан. Би хангуг косметикийн Монгол дахь нүүр царай болоод бүтээгдэхүүнийг нь хэрэглээд жил гаруй болж байна л даа. Үнэхээр миний арьсанд таардаг юм. Тиймээс тэр асуултуудад хариу өгч “Халз нүүрээ угаая аян”-д орж бичлэг хийж фэйсбүүктээ тавьсан. Бичлэгтээ өөрийнхөө хэрэглэдэг бүтээгдэхүүнээр нүүрээ яаж буддагаа үзүүлсэн. Тэрийг сонирхсон хүн л үзэх байх л даа.

-Яагаад Мөрөөдлийн театрт оров?

-Энэ бол хувь хүний сонголт л доо. Гуравдугаар күрсэд байхад минь “Мөрөөдлийн театр”-т орох уу гэсэн санал тавьсан. Оюутан байхад минь намайг голохгүй тайзны уран бүтээлд оруулсан ах нартаа маш их баярладаг. Тэр утгаараа надад их үүрэг хариуцлага ирсэн л дээ. Бүтэн драмын жүжгийг хүмүүс үзэх гэж ирнэ шүү дээ. Оюутан байсан учраас би тэр дүрд тоглож чадах болов уу гэсэн айдас байдаг байсан. .

-Тоглохыг хүсдэг дүр бий юу?

-Жүжигчний мэргэжлээр төгссөн охидууд Жульеттад тоглохыг мөрөөддөг. Миний мөрөөдөл бол драмын театрт Жульеттагийн дүрд тоглох.

-Сүүлийн үед юу хийж байна?

-Хамтлагийнхаа шинэ тог­лол­тод оролцож байгаа. Мөн ирэх зунаас шинэ киноны зураг авалтад орох гэж байгаа.

С.Ариунжаргал

Categories
редакцийн-нийтлэл

Манай хамтлагийн дуу зөнгөөрөө ард түмний дуу болчихсон

“Madness” хамтлагийн ахлагч дуучин Ч.Оюунсайхантай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-“Madness” солиорол гэсэн утгатай юм билээ. Яагаад ийм нэр өгч байв аа?

-Манай хамтлаг 1994 онд трэш метал стилиэр тоглож эхэлж байсан. Хөх тэнгэр радио дээр арав гаран дуугаа бичүүлчихээд Оюунтунгаа хөтлөгчтэй шууд ярилцлагад орж байсан юм. Оюунтунгаа тэр үед та нарт “Madness” гэж нэр өгчихмөөр байна хамтлагийн чинь нэрийг сольчихож болох уу гэсэн. Тухайн үед өөр нэртэй байсан юм л даа. Жаахан ч байж тэгье гээд л “Madness” нэртэй болсон түүхтэй. “Madness” хамтлагийн хувьд метал хөгжим хөөж байгаад 1997 онд “Хотын гудамж” гэж дуу хийснээр стилиэ зөөллөж рок, поп урсгал руу орсон.

-Тухайн үед бөмбөрчин чинь орос байсан байх аа. Анхны бүрэлдэхүүнд хэн хэн байв. Одооны гишүүдийн хувьд…?

-Анх бөмбөрчин Вадим, соло гитарчин Тамираа, гитарчин Ганга, басс гитарчин Гэрэлтнаран гэсэн бүрэлдэхүүнтэй байлаа. Вадим Монголд арав гаран жил амьдарсан залуу байсан. Тухайн үед аав нь Ленин клубийн Орос талын захирал байсан юм. Одоогоор Вадим Орост амьдарч байгаа. Бас манай нэг гишүүн маань Хятадад амьдрахаар болсон. Ганга маань одоогоор тусдаа уран бүтээл хийж байгаа. Хамтлагийн нэрний эрх над дээр байдаг учраас “Madness” нэрээрээ залуу баг бүрдүүлсэн. Одоогоор дуучин Ч.Оюунсайхан, соло гитарчин М.Гэрэлт-Од, бөмбөрчин М.Алтан­шагай, басс гитарчин Т.Боорч гэсэн бүрэлдэхүүнтэй байна.

-Анх байгуулагдаж байсан үеэ дурсаач?

-Би оюутан болж ирээд л ХААИС-ийн клубийн эрхлэгчийн хүүхэд Дөлөө гээд залуутай танилцаж байлаа. Тэгээд бид хоёр ярилцаад хамтлаг байгуулъя гэж байтал Саруул компанийн том техник хэрэгсэл дээр гэнэт буучихсан. “Madness” хамтлаг хангалттай хөгжим техник хэрэгсэлтэй болчихсон.ХААИС-ийн урлагийн заалыг ашиглаж бэлтгэл хийснийхээ оронд оюутны шинэ жилийн баяраар дуулж өгдөг замналаар л эхэлж байсан. Тэрнээс хойш Вадимтайгаа нийлээд Ленин клубын техник хэрэгсэл дээр очсон. Тухайн үед “Нисванис” манай өрөөнд ирж бэлтгэл хийдэг байлаа. Бид зэргэлдээ сургуулийн нэг үеийн л хоёр хамтлаг байгуулагдаж байсан юм.

-Танай хамтлагийг “Хотын гудамж” дуугаар нь мэдэхгүй хүн байхгүй. Дуу төрсөн түүхээсээ хуваалцаач?

-Би Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. Арван жилээ төгсөөд Улаанбаатар хотод ирээд хөгжмийн сургуульд орж байлаа. Оюутан болж Улаанбаатар хотыг харсан сэтгэгдэл маань энэ дуунд гарч байгаа юм. Тэр нь хүмүүст их таалагдсан.

-“Madness” хамтлаг одоогоор хичнээн цомог гаргаад байгаа вэ?

-Манай хамтлаг гурван цомог, 20-оод видео клиптэй. Удахгүй дөрөв дэх нь гарах гэж байна. Дөрөв дэх цомог маань “Best of Madness” гээд өмнө нь орсон гурван CD-ны дуу болон өмнө нь ороогүй дуунууд орно.

-Таныхаар амьд хөгжим тоглож байгаа хамтлагуудаас танай хамтлаг аль түвшинд явж байгаа бол?

-Бидний өмнө “Харанга”, “Хурд”, “Никитон”, “Соёл Эрдэнэ” хамтлаг байгуулагдаж байсан. Бидний үед “Нисванис” манайх хоёр байгуулагдсан. Сүүлд их олон хамтлаг гарч ирсэн байна. Тэр бүгдийг хийсэн уран бүтээл, хүнд хүрсэн байдлаар нь сонсогчид дүгнэх байх.

-Шинэ залуу амьд хөгжмийн хамтлагуудын хувьд танд ямар санагдаж байна?

-Амьд хөгжмийн хамтлаг олон гарч ирэх тусмаа сайн. Тэр утгаараа бид нар бэлтгэлийнхээ байранд 4,5 хамтлаг бэлдүүлж байгаа. Нэг таалагдаагүй юм нь туйлбаргүй юм шиг. Тэр нь нийгэмтэйгээ холбоотой юм уу даа. Ганц сар болоод нэг хүн солигдох ч юм уу. Эсвэл бүр хамтлаг тарах асуудлууд байна. Яг болж байгаа “A sound”, “Lemons” бол гоё байна. Үнэхээр сонсох дуу тэдэнд байна. Тэрнээс доош залуу хамтлагууд нэг л хөлөө олохгүй байх шиг. Бид нар өмнө нь тоглох гээд очсон газар бөмбөргүй байдаг байсан. Тэр үед хувийн машин гэж байсангүй. Таксинд өсгөгч, бөмбөрөө ачиж аваачаад зоож тоглочихоод явдаг байсан. Одоо харьцангуй гитар, бөмбөрийн палкаа барьж очоод л тоглочихдог болсон. Амархан болчихоод байна шүү дээ. Үүний төлөө тэмцэх залуус сул байгаа юм болов уу.

-Хуучин дуунуудаа шинэчилж дуулсан байна лээ. “Хотын гудамж” дууг Харангийн Лхагваа, Зочин дууг реппер Gee-тэй хамтарсан байсан?

-Өөрсдийнхөө мартагдсан дууг сэргээж дуулах хэрэгтэй юм байна гэж үзээд “Чамдаа зориулъя” гээд Дорнодын “Цуурай” хамтлагийн ахлагч Энхтүвшин бичиж байсан дууг дуулсан. Мөн “Зочин” дууг тэр үед манай гитарчин дуулчихсан байдгаар нь хүнд хүрчихсэн. Тухайн үед банзан гитартай дуулсан гитарын тоглолттой дуу байсан л даа. Бид ярилцаад дундуур нь жаахан ритмтэй болгоё гээд Gee-тэй хамтарч дуулсан. Тэр шинэчилсэн хувилбар маань хүмүүст таалагдсан. “Зочин” дууг одоо хаана ч очсон дагаад дуулдаг шүү. Харангийн Лхагва ахтай “Хотын гудамж” дууг Улаанбаатар хотын ойгоор дуулсан. Одоо Агиймаатай “Сүүлчийн хавар” гээд төгсөгчдийн дуугаа шинэчилж дуулж байна.

-Сая гадаадаар тоглолтоор яваад ирлээ. Хүмүүс хэр хүлээж авч байв?

-“Madness” Европоор дөрвөн жилийн өмнө тойрсон. Тэр үетэй харьцуулахад одоо тоглолт их очоод Монголдоо байгаа юм шиг болсон байна. Сард нэг тоглолт очоод монголчуудыгаа баярлуулчихдаг болж. Амьд хөгжим гэдэг утгаараа үнэ цэнтэй байна. Сая Лондонд мартын 8-аар явсан. Шинэ жилийн ажил дуусаад амралт маягаар Шингений 6,7 орноор ороод монголчуудтайгаа уулзлаа. Тоглосон заал нь дүүрэх ч тоглолт байсан, тал ч байсан, бага ч байсан.

-Хамгийн их үзэгчтэй орон нь аль байв?

-Швэд, Герман, Швецарь дажгүй байлаа шүү. Тоглолт хийх зуураа Парист “Уйдсан сэтгэл” гээд уянгын хайрын дууны клипний зураг авалт хийчихээд ирсэн. Тэр клипний монтаждаа орох гэж байна.

-Байгуулагдаад хичнээн жил болов. Монголдоо хэзээ тоглолт хийх вэ?

-17 жил болж байна. Одоо тоглолт хийх гэхээр жаахан чамлалттай байна. 15 жилийн өмнө хийсэн зүйлээ тайлагнаад концерт нэгэнт тоглочихсон. Одоо бид тоглолт хийхийн тулд дор хаяж 2,3 цомгийн дараа хийх ёстой. Хэр их дайчин ажиллаж, хэр их уран бүтээл хүнд хүрч байна гэдгээс шалтгаалаад тоглолтоо төлөвлөнө. Нийтийн дууны нөхдүүд шиг нэг дуу дуулаад л нийлээд концерт хийгээд байж болохгүй л дээ. Тиймээс дор хаяж 3,4 жил болно.

-1990 оны залуус болон одоогийн үеийн залуусын сонирхол хэр өөр байна?

-Бид уран бүтээлээ өөрсөндөө таалагдах хэмжээнд хийж байж кайф авдаг. Одооны залуус юу сонсож байна гээд хувираад байх хэцүү л дээ. Интернет, утас, зар гээд л бүх талаараа 180 градус эргэчихсэн цаг үе. Бид ҮЭСТО-нд 1994 онд тоглоход шөнөжин гудамжаар автобусны буудал дээр канондсон цаас наагаад л явж байсан. Одооных шиг аннонс байдаггүй байлаа. ҮЭСТО урд даавуун дээр гараар зурчихсан хохимой толгойтой аннонс наагаад л найз нөхдийнхөө хүрээнд л реклам хийнэ. Одооны залуучуудын сэтгэхүй шал өөр болсон. Бидний хувьд залуусыг барих гэж дуу хийхгүй. Madness-ийг сонсох масс байж л байгаа. Бид өөрсдөндөө таалагдаад л явна. Тэртэй тэргүй “Хотын гудамж”, “Зочин”, “Минийх”, “Нэг өдөр” дуунууд маань хүнд хүрчихсэн. Тэр дуунуудыг бид нийтийн дууныхан шиг FМ, телевизээр тавьж гүйж байсангүй. Бид дуунуудаа гаргаад нэг телевизэд өгөөд орхиж байсан. Тэгэхэд манай телевизэд авчирч өгсөнгүй гэж гомдож байсан үе бий. Одоо зарим нөхдүүд дуу гаргаад FМ-ээр зоолгоод мөнгө төлөөд, телевизээр өдрийн 5,6 гаргая гээд л гүйдэг болж. Бид одоог хүртэл тэгж үзээгүй. Зөнгөөрөө 5,6 дуу ард түмний дуу болчихсон байгаа.

-Дууны үг, ая хэн бичиж байна?

-Үг, ая голдуу минийх. Манай Гэрэлтнаран гээд басс гитарчны аянууд бас их зонхилдог.

-Клипний зураг авалт санаа нь содон байдаг. Санааг нь яаж гаргадаг вэ?

-Дээр үед дуугаа аваачиж өгөөд “G-entertainment”, “Hero”-гийн Баатар ийм зохиол байна гэхээр л гоё санагдаад хийчихдэг байсан. Сүүлийн үед тэрэндээ бас оролцох сонирхолтой болчихож. Ингэвэл гоё, ийм гээд л. Гэхдээ “Madness”-ын хувьд үлгэр домог шиг клип сонгохоосоо илүү энгийн клипнүүдийг сонирхдог. Дууг нь сонсохгүй дүрсийг нь үзээд байхгүйгээр үгийг нь л сонсох гол шүү дээ. Өмнөх дөрвөн клипийг “G-entertainment” хийж байсан. Тэрнээс хойш дандаа “Roll entertainment” манай клипэн дээр ажиллаж байгаа.

-Хөрөнгө мөнгөний хувьд яаж шийдэж байна?

-Миний хувьд хөгжим маань хобби маягаар явж байна. Хувиараа бизнес эрхэлдэг. Яагаад гэвэл Монгол гурван сая хүн амтай. Бид нар 300 сая хүнтэй байсан бол Хотын гудамжийг дуулаад би тэрбумтан болчихсон байгаа. Өөр юу ч хийхгүй амьдарч болно шүү дээ. Тиймээс заавал хажуугаар нь юм хийх ёстой. Долгион ах “Хөгжимд нэг л орвол гарч чаддаггүй” гэж надад хэлж байсан. Урлагт хайртай, амьд хөгжимдөө дуртай учраас би явж байна. Дээрээс нь хүн миний дууг сонсоод дагаад дуулж байгаагаас кайф авдаг.

-Хамтлагийн студийнхээ талаар яриач. Хэзээ байгуулагдаж байв?

-Студи байгуулагдаад хоёр жил болж байна. Цэвэр өөрсдийн уран бүтээлээ хийдэг. Одоо ганц, хоёр дуучинтай хамтраад уран бүтээл, ард талын ажлыг нь хийх санаа байна.

-Сүүлийн үеийн шинэ уран бүтээлийнхээ талаар яриач?

-Одоо “Best of Мadness” цомог гарч байна. Манай хамтлаг шинэ гурав, дөрвөн дуу хийгдчихсэн байгаа юм. Энэ жилдээ багтвал дахиад шинэ цомог хийх санаа байна. Тэр нь “Madness 5” цомог нь байна. Шинэ цомог стилийн хувьд баригдмал биш. Би өөрөө сонсогч. Өдөр болгон зурагтаар хөгжмийн нэвтрүүлгээр барууны дууг сонсдог. Тэдний стиль нь миний чихийг нүдэж, толгойг угааж байна. Тиймээс жаахан шинэлэг дуунууд хийнэ.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Хүн хэзээ хэрхэн үхэхээ мэддэггүй шүү дээ

-БИ ХДХВ АВСНАА АМЬДРАЛДАА ТУУЛАХ ЁСТОЙ ЗАМ МИНЬ Л ГЭЖ БОДДОГ-

Одоогоос 13 жилийн өмнө Ка­ме­руны иргэ­нээс ХДХВийн халд­варыг нэгэн монгол эмэг­тэй авсныг манай­хан санаж байгаа биз ээ. Тухайн үедээ ихээхэн дуулиан бол­гон ярьж байсан энэ хэ­рэг өрнөх үед хүмүү­сийн ХДХВ болон түү­нээс улбаалан үүсдэг ДОХын тухай бодол өнөөд­рийнхөөс өөр бай­сан. Одоо энэ өвчний виру­сээр халд­варлагд­сан хүмүүсийн тоо дал гарч, бас цөөн­гүй хүн уг өвч­ний ул­маас хорвоо­гоос халиад байна. Биеэ үнэлэгч учраас энэ өвч­ний халдварыг авсан гэж хүмүүст адлуулж, бас ХДХВийн халдва­рыг авсан анхны мон­гол эмэгтэй гэгддэг тэр нэгэн бүсгүйтэй хийсэн ярилцлагыг хүргэж бай­на. 1992 онд гадаадад ажиллаж байгаад ирсэн нэгэн залуу ХДХВ тээгч болсноор уг өвчин бүрт­гэгдсэн орны тоог Мон­гол нэгээр нэмж бай­лаа. Харин дараа нь 1997 онд гадаадын иргэ­нээс ну­таг­таа халд­вар авсан энэ тохиолдол хоёр дахь нь болж байв. Тэр­бээр ДОХын эсрэг ажил­лаж ир­сэн бөгөөд одоо хилийн чинадад суралцаж бай­гаа юм байна. Бид энэ ярилцла­гаа онлайнаар хийлээ. Мэдээж, ярилцагч эмэг­тэйнхээ эрхийг хүн­дэтгэн түү­ний нэрийг тавиагүй болно.

Та гадагшаа яваад хэр удаж байна вэ. Мон­голдоо байгаа мэдээл­лийг авч байгаа биз дээ. ДОХын тохиолдол байн­га л шинээр бүрт­гэг­дэж байна

-Би
эх нутгаасаа яваад бараг жил болох гэж байна. Энд би хэлний курст суралцдаг юм. Цааш­даа жаахан сурч боловсрох төлөв­лөгөө байна. Монголынхоо ту­хай мэдээллийг интер­нэтээр байнга авалгүй яахав. ДОХ-ын шинэ то­хиол­дол бүртгэгдэх бү­рийд сэтгэл эмзэглэн хү­лээн авдаг. Хамгийн сүүлд гэхэд нэг өдөр гурван тохиолдол бүрт­гэгд­эж, хэд хоногийн өмнө дахин хоёроор нэ­мэгдлээ. Тэр тоо бүрийн ард ахуй амьд­рал, гэр бүл байдаг. Өөрөө тэр зов­лонг биеэ­рээ туулж ирсэн боло­хоор тэр хүмүүст ямар хэцүү байгаа бол, дэргэд нь хэн байгаа бол, хэн сэтгэлийг нь тайт­гаруу­лан тэврэх бол гэж бод­дог. Энэ өвчний халд­вар авсан хэн ч бай эх­лээд үүний­гээ сэтгэлдээ хүлээн зөв­шөө­рөх хэрэг­тэй бол­дог. Харин тэгж чадталаа их хэцүү үеийг туулдаг боло­хоор ийм мэдээлэл бүр надад шууд тусдаг даа.

Нэг тохиолдол бүрийн цаана 100 ч билүү хүн халдвартай гэж ойлгож болно гэдэг?

-Тийм ээ. Тэгж ярьдаг. Гэхдээ яг тийм тоо байгаа гэж хатуу үзэх нь боломжгүй гэж би боддог. Одоо нэг их тоо хэлдэг л болчихсон байна. Нэг тохиолдлын цаана яг тийм тоо байна гэж хатуу хэлэх боломжгүй шүү дээ. Ямар ч байсан өөрөө халд­вартайгаа эхлээд мэдсэн то­хиол­долд эрүүл мэндээ хя­наж, бусдыг халдвар авахаас сэргийл­дэг учраас шинжил­гээ өгөх хэрэгтэй гэж санадаг.

Таны дараагаас бүрт­гэгдсэн олон хүн хор­воогоос явжээ. Харин өөрийн тань бие сайн байгаа талаар мэргэж­лийн хү­мүүс ярьж бай­сан. Хэдий­гээр ингэж асуух нь эвгүй ч гэсэн бие тань сайн байгаа гэж бодож байна?

-Бие маань сайн. Би ви­рус тээгч хэвээрээ байна. Ерөнхийдөө яг тийм хуга­цаанд вирус тээгээд тийм хугацаанд өвчилнө гэсэн зүйл байхгүй. Тухайн хүний биеийн дархлаа, суурь өвч­нөөс шалт­гаалдаг. Би эмэн­дээ ороод ес дэх сардаа явж байна. Миний амьдарч бай­гаа энэ оронд ХДХВ-ийн халд­­вартай, ДОХ-той амь­дарч байгаа хүмүүстээ эмийг улсаас нь үнэгүй өгдөг юм. Би энд ирээд халдвартайгаа хэлж бүртгүүлсэн. Тэгээд байнга эмчийн хяналтад эмнүүдээ сонгож уугаад сэт­гэл амар амьдарч байна аа.

Манайд ч эмнүүдийг үнэгүй өгдөг биз дээ?

-Улсаасаа үнэгүй өгдөг юм байхгүй ээ. Гадны төсөл хөтөл­бөрийн хүрээнд л ийм халдвартай хүмүүст эм өгдөг юм. Халдвар бүртгэгдсэн эх­ний жилүүдэд олон улсын эрүүл мэндийн байгуул­ла­гууд ийм маягаар анхаарч ирсэн ч энэ нь хэр удаан үргэлжлэх юм мэдэхгүй шүү дээ. Одоо төслөө хаагаад гараад явлаа гэхэд төр зас­гийн зүгээс халдвартай хү­мүүс­тээ хэрхэн хандах нь бас л бүрхэг. Энд бол намайг хяналтад аваад шинжилгээ хийж олон төрлийн эмнээс хамгийн тохиромжтойг нь сонгуулж байна. Эмч нар нь “Та ийм, ийм онцлогтой юм чинь” гээд зөвлөгөө өгдөг. Угаасаа би эмэнд орох бо­лоод ирэхийнхээ алдад га­даадад л амьдарна даа гэж төлөвлөдөг байсан. Түүний­хээ дагуу л явж байна. Манайд бол эм уух шаард­лагагүй гэж байсан. Энд ирсэн чинь эмч нар эмээ уугаад эхэлбэл зүгээр гэсэн учраас би эмэндээ ороод явж байна. Түүнээс янз бүрийн зүйл байхгүй ээ. Энд биеийг өвдөхөөс нь өмнө эмээ өгдөг юм байна. Энд вирусийн ачааллыг нь нэмэхгүй гэж өгдөг гэсэн. Тухайлбал ми­ний энд ууж байгаа эм гэхэд л Монголд байхгүй шүү дээ.

Хэр үнэтэй эмнүүд вэ?

-Би эмчийнхээ бичсэн дээрээс харахад сардаа 1372 ам.долла­рын эм уудаг юм билээ. Энд уух эмийг бэлдээд зөвлөгөөг маш на­рийн түвшинд өгдөг. Хүний­хээ төлөө гэсэн хандлагыг энэ нийгэмд мэдрэхэд надад үнэхээр сайхан байсан шүү. Монголд бол салба­рын яам нь, төр засаг нь иргэнээ ха­ламжлахдаа хэзээнээс муу шүү дээ. Энд би надад тавьж байгаа анхааралд нь үнэ­хээр баярлаж, заримдаа нулимс унагахаа шахдаг үе ч байдаг.

Эмийн сөрөг нөлөө гэж байх юм уу. Уухгүй байж бол­доггүй юм уу?

-Эхний 2-3 сар хөдөл­мөрийн чадвараа алдана. Зарим эм нь таарахгүй байх ч явдал байдаг гэж байсан. Эмийг уухгүй яваад бай­вал вирусийн хэмжээ нь өснө гэсэн үг шүү дээ. Би анх энд ирээд эмэнд орохдоо виру­сийн хэмжээ 14 мянга байсан, уугаад гурван сар болсны дараа 50 ширхэг л үлдсэн байна лээ. Эмч эм уух шаардлага байна гэж үзсэн учраас намайг уу гэсэн биз ээ.

Олон төрлийн халдварт өв­чин бий. Гэтэл ДОХ гэхээр хүмүүс маш эмзэг хүлээж авдаг. Та энэ өвчний вирус тээгчийн хувьд үүнд хэрхэн ханддаг вэ?

-Өнөөдөр вирусийн болоод бактерийн гаралтай олон өвчин байна л даа. Сүүлийн үед яриг­даад байгаа H1N1 гэхэд Д виру­сээр халдварлагдаж байна. Шинэ вирусийн эсрэг вакцин болон эмийг цаг тухайд нь гаргаад явдаг. Энэ вирусийн хувьд вакцин нь гараагүй байгаа учраас л хүмүүс нэг талаас хүнд хүлээж аваад байна.

Өөрийг чинь энэ вирусийн халдвар авсан анхны монгол эмэгтэй гэдэг, гэтэл энэ виру­сийн халдвар авсан нь тогтоог­доод удаагүй байх­даа хүмүүс нас барж байна. Энэ нь эрт халдвар авсан байсан гэсэн үг үү, эсвэл биеийн дархлаа, гам хэр барь­сантай холбоотой байна уу?

-Би вирус тээгч гээд биеэ энх­рийлээд байдаг зүйл байхгүй ээ. Тамхи татаж, заримдаа шар айраг ч уучихдаг. Бас учиргүй витамин энэ тэр уугаад сүйд болоод байдаггүй. Ер нь ээж минь намайг эрүүл саруул төрүүлж, энх тунх сайхан өсгөжээ гэдгийг би одоо илүүтэй ойлгож байна. Ээж минь эрүүл сайхан бие бялдар өгсөн ч залуу насны алдаагаар халдвар авсан. Удамшлын болоод элдэв суурь өвчингүй учраас өнөөдөр ийм дайтай байна. Гэхдээ би сүүлийн үед тамхинаас гаръя гэж төлөвлөөд байгаа шүү.

Халдвар тээгээд яг хэдэн жил болж байгаа билээ?

-Арван гурав дахь жилдээ явж байна. Туулах ёстой зам минь байж дээ гэж би боддог юм. Хувь төөргөөрөө бүх зүйл явж байгаа. Гэхдээ би амьдралын зураг зур­лага нь энэ гээд идэвхгүй утгагүй амьдрахыг хүсдэггүй ээ.

Би өөртэй чинь халдвар аваад удаагүй үед чинь ярилц­лага хийж байсан. Тэр үед халд­вар авсан Каме­руны иргэнийг үзэн яддагаа ярьж байсан. Одоо энэ бодол чинь өөрчлөгдсөн үү?

-Тухайн үедээ би түүнийг үнэ­хээр үзэн яддаг байсан. Одоо тэгж бодогдоод байх зүйл байдаггүй. Үзэн ядаад байх юм ч алга, өршөөж уучлаад байсан юм ч байхгүй. Надад тэрний тухай бодох ч шаардлага алга.

Гэхдээ биднийг хүүхэд байхад бэлгийн амьдралын талаар, бэл­гийн боловсролын талаар эцэг, эхчүүд ч, багш сургуулийн зүгээс юу ч хэлж өгдөггүй байсанд би их харамсдаг. Тэр үед мэдэхгүй, чадахгүйнхээ улмаас амьдралдаа алдсан олон хүн байдаг. “Хүүхэд бүр эцэг, эх болно гэдгийг санах хэрэгтэй” гэдэг шиг хүүхэд бүр өсч том болоход нь шаардлагатай мэдлэг мэдээллийг нь өгч баймаар санагддаг. Би Монгол орон зах зээлийн нийгэмд шилжээд дээр дороо хөлөө олохгүй байсан тэр үед амьдралын их хаалгыг татсан. Ээж маань олон хүүхэдтэй нэгэн байсан. Хүүхэд нас маань тийм ч сайхан байгаагүй. Би бага залуудаа том алдаж энэ замаар явж байгаадаа харамсдаг ч залуу үеийнхэндээ юунаас алддаг, юунаас урьдчилан сэргийлж болох тухай хэлж байгаагүй тэр нийгмийг заримдаа буруутган боддог юм.

Дэлхийн бусад газарт хүнийхээ төлөө нийгэм байгуулаад болоод байхад бид яагаад чадахгүй байна гэж санагдах үе ч бий.

Төрсөн нутгаасаа хол байхад наана чинь хэр байна даа?

-Би Монгол Улсын иргэн. Төрсөн эх орноороо бахархдаг. Гэхдээ надад энэ газар эх орноос минь дутахгүй сайхан санагдаж байна. Яагаад гээч. Яагаад гэвэл энд хүний төлөө нийгэм байна. Өнөөдөр олон арван залуу нутгаа орхин явсаар байна. Харийн нутаг ч гэсэн хүнийг хүн гэж үздэг нийгэм байгаа учраас тэд ингэж явж байгаа хэрэг. Энд би ДОХ-ын халдвартай амьдарч байгаа ч гэсэн намайг хүн гэдэг утгаар нь амьд явах эрхтэй гэж хүндлэн харьцаж байна. Гэхдээ хаа газар сайнтай, муутай байдаг болохоор хүмүүс янз янз л даа. Ямартай ч энэ нийгэмд хүн гэдэг хамгаас чухал гэдгийг хүмүүс нь бүгд ойл­госон байх юм. Би энд ирээд эмнэлэгт бүртгүүлж, эмчтэй бол­сон. Эх орондоо мэдэрч үзээгүй хайр халамжийг энд л мэдэрч байна.

Өмнө нь хийж байсан ярилц­лагадаа анхны хайртайгаа учирч юугаа ч мэдэхгүй охин хүүхэд­тэй болж үлдээд, амьд­ралын эрхэнд биеэ үнэлж эхэлсэн тухайгаа та ярьсан байдаг. Та хүүгийнхээ аавтай хэр холбоотой байдаг вэ?

-Нэг их холбоотой байдаггүй ээ. Ер нь гадны орнуудад хүмүүс гэр бүл болж амьдраагүй ч нэг хүүх­дийн эцэг, эх болсон бол тэр хариуцлагадаа туйлын анхаарал­тай ханддаг шүү дээ. Хүү маань амьдралдаа нэг ч удаа ааваа гэж хэлж үзээгүй. Гэхдээ хүү маань тэгж хэлэх эрхтэй учраас би хүүгээ ядаж ганц удаа боловч аавтай нь уул­зуулж, ааваа гэж дуудаж үзээсэй гэж боддог юм.

Хүүгээ том болохоор халд­вартай гэдгээ хэлнэ гэж байсан. Хэлсэн үү?

-Хүү маань овоо том болж бай­гаа ч надад жаахан хэвээрээ л санагдах юм. Хэлнэ гэж боддог ч хэлье гэсэн үе ойртоод ирэхээр хойшлуулаад л байгаа. Хорь хүрэ­хээр нь хэлье гэж бодож байгаа. Ер нь хуучин шигээ хэзээ мөдгүй өвдөнө гэж бодохоо больсон шүү дээ. Тухайн үедээ 35 нас л хүрчих юм сан гэж боддог байлаа. Одоо би 35 настай. Надад дахиад арав хорин жилийн нас байгаа гэж бодож байгаа шүү. Би хүүгийнхээ хүүхдийг харна гэж боддог. Бас өөрөө ч дахиж төрнө гэж боддог болоод байгаа. Ер нь ойрын үед сайхан хайртайгаа учирч, хүүгээ дүүтэй болгож өгнө гэж бодож байна.

Таны энэ гэгээн яриа их сайхан санагдлаа. Монголд ДОХын халдвартай гэж ши­нээр бүрт­гэгдсэн тэр хүмүүст таны яриа итгэл найдвар, эрч хүч өгөх байх. Халдвар авчихаад шаналж бай­гаа тэр хүмүүст та юу гэж хэлэх вэ?

-Зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин гэдэг дээ. Би халдвар авснаа мэдээд бүтэн жил гэрээсээ ч гараагүй. Олон хайртай хүн чинь халдвар авсныг чинь мэдээд танаас дайжиж зугтаж байна уу. Тэр үед нь тэднийг буруутгаж шаналах хэрэггүй ээ. Зүгээр л тэдэнд хугацаа өгчих гэж хэлмээр байна. Миний багын найзууд халдвар авсныг минь дуулаад надаас зугтаж байсан ч долоо найман жилийн дараа эргээд л ирсэн. Гэр бүлийнхэн маань эхлээд хэцүүхэн ханддаг байсан. Харин одоо тэд миний төлөө санаа зовдог, надад хайрын дулаан үг хэлдэг тэр хүмүүс маань болсон. Цаг хугацаа бүх асуудлыг шийддэг юм. Маргааш нар мандана аа гэдэг шүү дээ. Ямар ч хүн өөрийгөө хэзээ үхэхээ мэддэггүй. Эв эрүүл хүн хүртэл өглөө гараад орой нь бур­хан болчихсон л байдаг шүү дээ. Тэгэхээр нэгийгээ ДОХ-той энэ тэр гэж адлах хэрэггүй. Амьд байхад нь л нэгийгээ хайрла. Би О.Даш­балбар гуайн “Амьддаа бие биеэ хайрла”, “Тэнгэр шиг бай” гэсэн шүлгүүдэд их дуртай. Хайртай хүмүүс чинь таны дэргэд л байдаг юм шүү гэж өөрийгөө эдгэршгүй өвчнөөр өвчилсөн гэж бодож бай­гаа тэр хүмүүст хэлмээр байна даа.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Канад инээмсэглэл 2

Төгсгөл. Түрүүч нь
¹022 (3412) дугаарт
Бидний аяллын дараагийн
хот Эдмонтон байв. Цас их орсон ч нэмэх градустай байлаа. Яагаад ч юм Улаанбаатарыг
санагдуулав. Онгоцны буудлаас хотын төв рүү явахад яг л Монголдоо яваа мэт. Гэхдээ
зам нь донсолгоогүй. Неф­тиэр баялаг энэ хот Альберто му­жид харьяалагддаг бөгөөд
энд Монголоос цагаачлан ирээд амь­дарч байгаа
Баатарцогт, Бат­баатар гэх хоёр гэр бүлийнхэнтэй танилцав. Арван гурван монгол айл
энэ хотод байдаг бөгөөд ха­раар ажиллаж амьдардаг хүн алга. Угаасаа харлах тухай
ойлголт байхгүй. Албан ёсны зөв­шөөрөл­гүй бол ажил олдоно гэж үгүй. Тэд өөрсдийгөө Канадад амьдардаг монголчууд биш,
канад монгол хүн гэж байсан.

Нэгэнт л эндхийн хүн
болчих­сон тэдний энэ үг хилээр хөл тавих үед таарсан хятад за­луугийн хэл­сэн үгийг
санагдуулав. Баатарцогт нь нисэхэд дис­пет­черийн
албаны дарга хийж бай­сан. Орост сургууль
төгссөн нэгэн. Хотдоо тээврийн машин барьдаг. “Манайд л дарга болохыг хүн бол­гон
хүсдэг. Энд хүн ажлаа л хийж чадаж байвал сайхан амьдар­чихна. Хүн ер нь сайхан
амьдарч байвал илүү юу хүсэхэв. Энд зээл­гүй хүн гэж байхгүй. Ажил хийж байгаа бол
аяндаа төлчихнө. Харин манайд зээлтэй хүн
өртэй гээд сүйд болдог” талаар ярина лээ. Хувийн байшинтай, эхнэр, хүү, охинтойгоо
амьдардаг юм байна. Хүү нь нээрээ л канад монгол болчихож. Энэ байшин­гийнхаа
зээлийг төлж дуусч байгаа гэнэ. Бас дахиад нэг хаус барьж байгаа бөгөөд одоо амьдарч
бай­гаа­гаа түрээслүүлэхээр төлөв­лөжээ. Гэ­рийн эзэн анх энд пиц­цаны газар ажилд
орох гээд анкет бөглөхдөө баахан дээд сургууль төгссөн, том дарга хийж байснаа бичээд
өг­чихөж. Ажил олддоггүй.

Гэтэл тэр анкетанд
нь хэн итгэх вэ дээ. Тийм олон сургууль төгсөж, дарга хийсэн хүн пицца зөөнө гээд
байхаар худалч нөхөр гэж бодсон биз. Дараа нь анкет бөглөхдөө аль хийж чадах юмаа
бичдэг болж. Тэрээр биднийг “Дэлхийн зөн”-гийн шу­га­маар Монголд амьдрахаар явж
буй нэгэн фермерийн эзэнтэй та­ни­лцуулав. Хотоос зайдуу энэ газраа түрээсэлдэг
бөгөөд гэр бүлийнх нь бизнес юм байна. Тэд тариа тарьж, будаагаа Энэтхэг, Хятад
руу экс­портолдог аж. Ид ажлын үед ердөө гуравхан гэр бүл ирж эднийд хөл­сөөр ажилладаг.
Бусад үед нь өөрсдөө бүхнийг амжуулна. Бид­нийг очиход зас­варын газраас тостойгоо хутгалд­чихсан нэг нөхөр гараад ирсэн
юм. Эзэн нь хэн юм бол гэж бодож зогстол нөгөө тосон­доо хутгалдсан хүн фермерийн
эзэн болж таарав. Хэдэн адуутай бөгөөд манайх шиг малын саравч бас байх юм.

Аяллын төгсгөлд бид
өвлийн олимп болох Ванкувер хотыг зо­рилоо. Сэвсийсэн цас болсон хот байх юм бодсон,
эсрэгээр өмнөх очсон газруудаас хамгийн ду­лаа­хан буюу +18 градусын дулаантай байв.
Байнга бороо шивэрч, өвс ногоо модод нь ногооноороо байх юм. Буудлын цонхоор Ванкуверын
олимп сурвалжлах сэтгүүлчдийн байрлах газар харагдана. Зарим улсаас мэргэжил нэгт
нөхөд минь эрт наашилсан бололтой. Мэр­гэж­лийн камер барьсан те­ле­визийн­хэн энд
тэнд зураг аваад завгүй харагдах нь сэтгэлд ойр.

Мөн том усан онгоцон
дээр зайгүй олон контейнер байр­луул­жээ. Олим­пийн аюулгүй байдлыг нь хангах албаныхан
энд байрлах юм гэнэ. Яагаад усан дээрх хөлөгт байрлаж байгааг ойлгосонгүй. Өвлийн
олим­пийн зарим төрөл энэ жил анх удаа битүү стадионд бо­лох юм. Олимпод зориулж
онгоцны буудлаасаа хот хүртлээ цахилгаан галт тэрэгний зам тавьжээ. “2003 онд олимпийн
эрхээ авснаас хойш тасралтгүй хөдөлмөрлөсөн” гэж биднийг энэ хотод хүлээж авсан
Бритиш Колум­биа мужид суугаа Монгол Улсын өргөмжит консул Тоббин Роббинс тайлбарласан
юм. Хот тэр аяараа олимпийн өнгө аястай болжээ. Олимпийн бэлгэ тэмдэг болсон зурагт
хуудас, туг далбаа хотоор нэг намирчээ.

Өргөмжит консул маань
со­циализ­мын үед Монголд ирсэн дурсамжаа хуваалцав. Хотын замд ганц ч машин харагдахгүй хэрнээ замын цагдаа замын
голд зогсож байсныг ярив. Замын цагдаа ма­шин­гүй
зам дээр юу хийж зогсдог байсныг ойлгоогүй гэнэ. Тэр үед Монгол руу явах виз авах
гэж бөөн чирэгдэл болж байсан аж. Мань хүнийг Улаанбаатарт буусан ца­гаас нь НАХЯ-ны
бололтой хүн хаа ч явсан хажууд нь дагаж явж бай­жээ. Хөрөнгөтөн орноос ирсэн гэж
л сэрдэж дагасан нь тэр.

Ванкувер дэлхийн хамгийн
таатай хотоор сүүлийн арваад жил шалгарч байгаа аж. Тэрнийхээ хэрээр юмных нь үнэ
тэнгэрт хад­чих­сан. Хамгийн доод талын хаус хоёр сая таван зуун мянган ам доллараас
буухгүй.

Энд хууль бол хууль
байдаг юм байна. Бүгд ягштал дагах юм. Үгүйсэн бол газар газрын цагаачид учраа олж
амар амгалан амьдарч чадахгүй байхсан. Хүүхдүүдийг
хов зөөлөө гэж загнадаг бол энд­хийнхэн сайн ховч болохыг сур­гадаг. Тэгээд бэлтгэгдсэн
ховчид нь насанд хүрэхээрээ дутагдлын ха­жуу­гаар дуугүй өнгөрч чаддаггүй, хууль
зөрчсөн нэгэн рүү харж канад инээмсэглэл илгээлээ ч зохих байгууллагад нь ховлож
орхидог бай­на. Хэн нэгэн хууль зөрчсөнөөр өөрийнх нь эрх зөрчигдөх учир ингэж асуудлыг
дор нь шийдчихнэ.

Тусгай зориулалтын
газар там­хилна. Казино, баар, олон нийтийн газраа ч тамхи татахгүй хориглоно. Хууль дүрэм зөрчиж та зөвшөөрөл­гүй газар тамхи
татвал 250 доллар, автомашиныхаа бүсээ зүүгээгүй бол 130 доллар. Улаан гэрлээр давхиад
явчихвал 400 доллар гээд л түрийвчтэй нь яриад эхлэхээр аргагүй дүрэм, журам хуулийг
мөрддөг болдог юм байна.

Хог боловсруулж дахин
ашиг­ладгаараа дэлхийд тэргүүлдэг. Бидний
очсон монгол айлын хүү шил хуванцар савнууд цуглуулж тушаагаад мөнгө олдог бяцхан
бизнестэй. Бизнес нь ашигтай байх нь ааваас нь шалтгаална. Аав нь гайгүйхэн пиво
уугаад байвал шил их цуглардаг гэж хошигнов.
Зарим­даа хүү хогийн сав очиж ухаад шил түүдэг байна. Манайд жирийн амьдралтай айлын
хүүхэд ингэж явбал яасан их муулах бол. Олсон
мөнгөөрөө өөрийнхөө дуртай зүй­лийг авна. Хүүхдийг багаас нь хөдөлмөрт сургах нь
боловс­рол­той бол гэхээс илүүтэй хэрэгтэй зүйл болохыг анзаарав.

Энд замын асуудал үнэхээр шийдэгдэж чаджээ. Хороолол бий болгохын тулд хамгийн түрүүнд замаа
л тавьдаг юм байна. Манайх шиг баахан замбараагүй байшин барилга, гэр, сууцаа барьчихаад
дараа нь замаа шийдэх гэж зовдог­гүй нь илт.
Жаахан ч газар үл­дээлгүй ашиглаж сурсан тэдэнд машины зогсоол гэдэг хүндрэлтэй
асуудал. Томоохон албан байгуул­лага орон сууцууд газар доорх зогсоолд машинаа тавих аж. Тат­вар татаас гэдэг туйлдаа хүрчихсэн газар юм.
Дэлгүүрт тавьсан бараан дээр татвар нэмэгдэнэ.
Төрсөн нь үнэн, үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг энд жинхэнэ ёсоороо
байна. Та үхсэн хойноо ч төлөх ёстой өр, татвараа төлнө. Төр танаас татвараа бол
яаж ийгээд авчихна. Хэзээ өр дуусна тэр цагт л яс амрах жишээтэй. Энд тат­варгүй
ганцхан зүйл байдаг. Тэр нь лото. Аз үзсэн лото тоглоом тоглох нь энд элбэг. Лото
тоглоод хожвол татвар авахгүй.

Канадчууд монголчуудыг
мэд­дэг болжээ.Таксинд суухаар Оса­ма Бин
Ладены хамаатан гэлтэй араб царайтай, үс сахал болсон нөхөд жолоо барьж байх юм. Үгэнд дуртай гэж жигтэйхэн.
Заа­вал хаанахынх вэ гэж асуух юм. Нэг таксины
жолоочид монгол хүн гэж хэлтэл би бас монгол гэдэг байгаа. Харахаас араб тэр
нөхрийг яаж ч үгүйсгэх гээд өөрийгөө монгол
гээд байх юм. Бодвол Чингэс өвөг Арабд байлдан дагуулалт хийхдээ мань нөхрийг
бас монгол цустай болгох зам тавьсан юм байлгүй дээ.

Бид ч хөгжил, цэцэглэлт,
их хотын үймээнт амьдралаас дэндүү хол зэрлэгээрээ, дураараа бай­гаа­­гаа их хотын
шуугиант амьд­ралаас Улаанбаатарт буухдаа л мэдэрлээ. Бидний эрх чөлөө тэд­нийхээс
тэс өөр юм. Канад инээм­сэглэл надад лав
таалагдаагүй.

Ванкуверийн олимпод бэлтгэж буй хүүхдүүд

Categories
редакцийн-нийтлэл

Канад инээмсэглэл

Канадын хил рүү ороход
хи­лийн шалган нэвтрүүлэх цэг дээр нэг ази
царайтай нөхөр паспорт бичиг баримт шалгаад сууж байна. Бичиг баримтаа шалгуулангаа
хамт явсан нэг маань үгэнд дурлаж “Өөрөө хаанахын хүн бэ” гэтэл “Канадын хятад”
гэж байна. Инээд­тэй санагдлаа. Манай хилийн
шалган дээр хятад залуу паспорт шалгаад зогсож
байвал ой тойнд буумгүй. Ямархуу интернационал улсад ирснээ төвөггүй
мэдчихлээ. Үнэхээр цагаачдаар дүүрсэн
тэр тусмаа Азийнхан ихтэй юм. Хоёр алхаад л нүүрэндээ инээмсэглэл тодруулсан шар
толгойтнуудтай таарна. Таньдаг юм шиг инээгээд
мэндлэх нь манайд бол хачир­халтай
санагдана. Хэзээ уулзлаа гээд араас нь бодоод олохгүй юм болно. Канад инээмсэглэл
гэдэг нь энэ. Зүгээр л найрсаг сэтгэгдэл төрүүлэх энэ инээд тийм ч үнэн сэтгэлийнх
биш, хуурай хөндий санагдав. Гэхдээ уур хүрэхгүй,
харин ч хариу инээмсэглэх хэрэг гарах юм. Таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддагийг
энд ёстой хамаг байдгаараа мэ­дэр­нэ. Бусдын
эрх чөлөөг хар­галзан үзэхгүй бол таны эрх чөлөө “будаа” болно гэсэн үг.

Эндхийн амьдрал сайхан
юм аа. Утаа униар алга. Хөгжил цэцэг­лэлт
нь нүдэн дээр ил. Өвөлжин цас будрах бүүдгэр тэнгэрийнх нь дор амар амгалан ноёлох
мэт. Тиймдээ ч эмэгтэйчүүдийн дундаж наслалт
85, эрчүүдийнх нь 75 нас бол­чихоод байна. Эрүүл мэнддээ ан­хаарна гэж тоймгүй. Мөн түргэн
хоол идсээр гамбургер шигээ бие­тэй болчихсон хүмүүс ч олон тааралдах юм.

Зам тээвэр их хөгжсөн
бө­гөөд хальтиргаа гэж алга. Далайн дав­сыг
хайр найргүй замаараа цац­чихдаг бололтой.
Тиймээс маши­нууд нь өвөлдөө мөсөн гулгуур шиг замаар давхихгүй нь сайхан.
За­маар нэг цацсан давс арьсан гутлыг бол
юу ч үгүй болгоно. Дараа жил гутлаа өмсөх гээд гаргаж ирэхэд ул нь хагарчихдаг гэнэ. Сайны ха­жуугаар саар гэдэг энэ юм уу даа.

Аяллаа Оттава хотоос
эхлэв. Фэйрмонд хэмээх буудлын сүл­жээгээр
хот болгонд бууж явсан юм. Тэнд амьдардаг монгол айлын хүүхэд биднийг сүнстэй буудалд
буучихаж гээд шоолоод болдоггүй. Учрыг лавлатал их эртний ал­дартай буудал юм.
“Титаник” усан онгоцны эзэн энэ буудлыг ба­риулжээ. Буудлынхаа тавилгыг “Титаник” хөлөг дээр ачиж яваад эргэж
ирээгүй юм гэсэн. Засгийн газар, парламент нь энэ хотод төвлөрчээ. Хөгшчүүд голдуу
энд амьдрах аж. Хоёр давхраас хэт­рэхгүй
өндөртэй хувийн байшин­гууд хаа сайгүй байх ч эмх зам­бараатай баригджээ. Нөгөө
алдарт канад дүнзэн байшингууд нь энэ. Сэв­сийсэн цасанд дарагдсан бай­шин­гууд
үлгэрийн юм шиг атлаа уйтгар төрүүлэх аж.
Манайхан шиг хатуу ширүүн хүмүүс бол нэг ууран­даа байшингийнхаа ханыг цоолж,
нураачихмаар нимгэн, хэврэг юм шиг.
Уг нь гэр хорооллоо эднийх шиг өртөг багатай, хурдан барьчихдаг байшингуудаар дүүр­гэвэл зүгээрсэн. Байгалийн хий­гээр халаалтаа шийдчихсэн бо­ло­хоор
даарах зовлон алга. Үүргэвчтэй аяллынхан Канадыг “Айхавтар хүйтэн газар юм” гээд
зурагтаар яриад байсныг энд амьдардаг мон­гол­чууд үгүйсгэв. Ямар ч байсан Мон­голдоо
даараад байсан бид энд даарсангүй. Сүрхий дулаалж үслэг хувцастай явсан биш
ичих ч шиг болсон. Байгаль хамгаалах
үзэл ихтэй тэд амьтны арьс нөмөрсөн хүнийг ад үздэг бололтой. Нэг канад залуу хажуугаар
нь өнгөрөх үед “арр, арр” гэхээр нь эргэж харахаар гэмгүй царайлаад зогс­чих юм.
Эсэргүүцэж байгаа нь тэр. Тэр зэрэгтэй өнгөрсөн нь их юм. Бүр будаг цацах, өндөг
шидэх зэргээр байгаль ан, амьтныг өмөөр­дөг
гэсэн. Ер нь энд амьтны арьс нөмөрсөн хүн таараагүй шүү.

Хэдийгээр нутгийн
үндсэн иргэд гэхээсээ илүүтэй цагаачид олон ч хууль дүрмээ барина гэж жиг­тэй­хэн.
Нутгийн уугуул иргэд нь индианчууд болон инуитууд Азийн нүүдэлчдээс гаралтай бөгөөд
Си­бирь, Аляскаар дамжин энд ирж суурьшжээ. Нутгийн индианууд төрхөөрөө бидэнтэй
адил юм аа. Уугуул иргэдийн хувьд мөхөх тийшээ ханджээ. Ихэнх нь архичин, ажилгүй
бөгөөд харж үзэж байгаа нь гэж халамжаар бөмбөгдсөөр мөхөл рүү нь илгээж байгаа
нь энэ юм уу даа. Манай­хаар бол өвгөнтийнхөн голдуу хүмүүс уугуул иргэд нь. Манжийг
хятадууд хөлд нь сууж бөөцийл­сөөр байгаад үгүй хийсэн гэдэг жишээ индианчуудад
ирсэн аж. Аливаа жижиг үндэстэн өөрийн бодолтой байхгүй бол яаж үгүй болдгийн жишээ яруу тодоор
энд байна.

Канад улс Их Британийн
хамтын нийгэмлэгт багтдаг. Их Британийн хатан хаан энэ улсын төрийн тэргүүн бөгөөд хатан хааны бие төлөөлөгч нь эдний амбан захирагч.
Амбан захирагч нь улс төрийн намаас хамааралтай биш дипломат буюу цэргийн албан
хаагч, нийгмийн зүтгэлтнүүдээс сонгон Ерөнхий сайдын санал болгосноор хатан хаан Канадын англи, франц хэлтнүүдээс
таван жилийн хугацаатайгаар ээлжлэн сонгодог байна. Парламент, Зас­гийн газратай
бөгөөд олон намын тогтолцоотой. Тэглээ гээд
улс төр канадчуудад падлийгүй.

Канадад цагаачилсан монгол айлын шинээр барьж буй байшин.

Дараагийн хот Торонто
От­тавагаас огт өөр юм. Энд амьдрал буцалж байна. Хүмүүс нь за­луу­жиж, хувцаслалт
нь хүртэл өөр болоод ирлээ. Онтариа мужийн нийслэл Торонто хотын нэр нь хурал чуулганы
газар гэсэн утгатай үг ажээ. Биотехнологи, техник технологийн төв, банк санхүүгийн
хамаг л гол төвүүд энд бий. Бас алдарт Торонтогийн биржийг хэлэх ёстой. Дэлхийд хамгийн цөөн гэмт хэрэг гардаг хотоор
шалгарсан энэ хотын бахархлын нэг нь алдарт Си Эн цамхаг. Жуулчдыг олноор нь татдаг
энэ цамхаг нь олон арван телевиз, богино долгионы радио дамжуулах цэг төдийгүй
533.33 метр өндөр байгууламжийн 360 метрт байрлах ресторан нь нэг цаг 12 минутад
нэг удаа бүтэн эргэдэг байна. Энэ ресторанд суух зуураа хотыг бүхэлд нь харчихаж
болно гэсэн үг. Торонтод Ниагара хэмээх үзэсгэлэнт
хүрхрээг очиж сонирх­лоо. Өвөл болсон ч хөлдөөгүй,
дуу чимээ ихтэй урсах аж. Эргийн цаана байгаа
Америкийг эндээс харж болох бөгөөд тэндхийн бай­шин­ууд нь ойрхон харагдах юм. Ниагара
хүрхрээ Канад, АНУ-ын хилийн зааг нутгаар
урсдаг бөгөөд жилд 12 сая гаруй жуулчид ирж
сонирхдог. Дэлхийд хоёрт ордог энэ хүрхрээг зорьж ирэх жуулчдын мөнгийг давхар саачих
ухаанаа канадууд олжээ. Ниагара хүрхрээ Америкаас ч харагддаг гэсэн. Ха­рин Канадын
талаас харахад илүү сүрлэг сайхан харагддаг юм байна. Олон давхар барилга бүхий ка­зинод нь хүний хөл тасарсангүй. Үүдээр нь лимузин
тасралтгүй цувах бөгөөд бодвол хөрөнгө чинээ ихтэй их гарын тоглогчид бололтой.

Үргэлжлэл бий.

Categories
редакцийн-нийтлэл

Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил: Хувь хүний эрхэнд шууд халддаг ийм байдал газар авсаар байвал утгагүй

-ШҮҮХ ШИЙДВЭРЭЭ ГАРГАЧИХААДБАЙХАД ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭГЧ НАР НАДААС МӨНГӨ АВНА ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА-

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асанЦ.Мөнх-Оргилыг хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэлөчигдөр өдөр тутмын заримцахим хэвлэлээр түгсэн юм. Уг мэдээлэлд түүнийг авлига, уул уурхайн асуудлаар шалгагдаж байгаа бөгөөд энэ хэрэгтэй ньхолбогдуулан хилээр гарахыг нь хориглосон тухай өгүүлсэн байв. Өмнө нь Ц.Мөнх-Оргилыг Сүхбаатар дүүргийн шүүхэд дуудсан талаар хэвлэл мэдээллээр цацагдаж байв. Тэрбээр Улаанбаатар хотод байхгүй байгаа аж. Түүнтэй утсаар холбогдож заримасуултад хариу авлаа.

-Таныг авлига, уул уурхайн асуудлаар шалгаж байгаа тул хилээр гарахыг хориглосон гэх мэдээлэл байна. Ямар хэрэгт таныгбуруутган шалгаж байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, намайг ямар нэгэн хэрэгт холбогдуулан хуулийн байгууллага шалгаа­гүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Энэ бол худлаа мэдээлэл. Юуных нь авлига, уул уурхайн асуудлаар шалгах вэ дээ. Гүжирдлэгийн чанартай юм байна.

-Авлигын хэрэгт холбогд­сон гэхээр нь Авлигатай тэмцэх газраас тодрууллаа. Миний олж мэдсэнээр тус газраас таныг шалгаагүй гэсэн хариу өгсөн. Тэгэхээр гүжирдлэгийн чанартай мэдээллийг хаа нэгтээгээс тараагаад байгаа болюуны учраас болохыг нь та мэдэж байна уу?

-“Монголын сагсан бөмбөгийн холбоо” Баянгол зочид буудалд өртэй юм байна лээ. Тэр асуудлаар байх.

-Таныг тус холбооныерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ихээхэн хэмжээний мөнгөний асуудалд орсон гэлцдэг. Шүүхээс тайлбар мэдүүлэг авахаар хэд, хэдэн удаа дуудсан ч цааргалаад очоо­гүй гэсэн. Тэр мэдээллээс болсон хэрэг үү?

-Наад мэдээлэл чинь бас дэгсдүүлсэнюм байна. Монголын сагсан бөмбөгийн холбоо Баянгол зочид буудалд өглөгтэй гэж түрүүн хэлсэн.

Энэ нь шүүхээр шийдэгдээд Сагсан бөмбөгийн холбоо тус зочид буудалд мөнгө төлөхшийдвэр гарсан юм билээ. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан надаас тэр мөнгийг гаргуулах гээд байгаа бололтой. Шийдвэр гүйцэтгэлийн хуудсандчухам юу гэж бичсэнийгби одоохондоо мэдэхгүй байна. Уг нь холбоо, аж ахуйн нэгж байгууллагын өр, авлага, өглөгийг тухайн үед удирдаж байсан хүнээс нь гаргуулах гээд буй нь сонин байна. Хууль дүрмээрээ бол тухайн аж ахуйн нэгж байгууллага хэнд өртэй, тэр өрийгямар байгууллага төлөх нь тодорхой байдаг. Гэтэл тухайн үед удирдаж байсан гээд Ц.Мөнх-Оргил гэдэг хүнээс нэхээд байх юм. Би үүнийг ойлгохгүй байгаа. Шүүхийн шийдвэр гарсан бол тэр холбооны данснаас тэр мөнгийг гаргуулах хэрэгтэй шүү дээ. Энэ бол хэнд ч ойлгомжтой асуудал.

-Тэгвэл энэ таныг Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч байх үед үүссэн асуудал юм уу?

-Тэр үеийн асуудал. Гэтэл холбоог толгойлж байсан хүн буруутай мэтээр олон нийтэд ойлгуулаадбайна. Үүнийг би Нийслэлийншүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гарсан байх гэж таамаглаж байгаа. Хэрэваж ахуй нэгж төрийн бус байгууллагаас болон холбооноос авлагатай бол данснаас нь авчихдаг, эсвэл тус холбооноос гаргуулдаг. Хувь хүнтэй холбоод байх шаардлагагүй. 2013 оноос хойш битус холбооны ерөнхийлөгчөөр ажиллахаа больсон шүү дээ.

-Тухайн үед Баянгол зочид буудал болон Сагсан бөмбөгийн холбоо хоёрын дунд ямар маргаан үүссэн юм бэ. Та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Монголынсагсан бөмбөгийн холбоозочид буудалтай 2012 оны зургадугаар сарын 19-ний өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Азийн залуучуудын сагсан бөмбөгийн аваргашалгаруулах тэмцээнд оролцсон 100 тамирчинг буудалдаа байрлуулах, буудлын нийт үнээс 10 хувь хөнгөлөх үүрэгтэй байсан хэмээн Баянгол зочид буудлын зүгээс шүүхэд нэхэмжлэх гаргасан байдаг. Тус буудлынхан энэ үүргээ бүрэн биелүүлсэн. Харин тус холбоо зардлыг гурав хоногийн дотор төлж барагдуулах үүргээ бүрэн биелүүлээгүй гэж хандсан юм билээ. Иймд тэд холбооноос 66 гаруй сая төгрөг, надаас 11 сая гаруй төгрөг нэхэмжилсэн.

-Шүүх хэргийгхэрхэн шийдвэрлэсэн юм бэ?

-Иргэний хэргийн шүүх “Ц.Мөнх-Оргилболон зочид буудлынхооронд харилцанэрх үүрэг үүсгээгүй, төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй байдалд тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Мөнх-Оргилын буруутай үйлдэл нөлөөлсөн гэх нэхэмжлэл үндсэн баримтаар нотлогдоогүй” хэмээнБаянголзочид буудлын шаардлагыгхангах үндэслэлгүй хэмээн хэрэгсэхгүй болгосон.

-ШүүхЦ.Мөнх-Оргил гэдэг хүндхамаагүй гээд байхад яагаад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчтанаас мөнгө нэхээд байдаг юм бэ. Хуулийн байгууллагынхан уялдаа холбоогүй эсвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид буруу ойлгов уу?

-Үүнийг би ч ойлгохгүй байна. Төрийн бус байгуул­лагын тухай хуулийн 12.2-т ТББ-ын гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг заасан байдаг. Үүгээр гүйцэтгэх захирал дор Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах мөн хууль, гэрээнд заасан бусад бүрэн эрхийг эдлэх тухай бий. Миний хувьд 2013 онд Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж Удирдах зөвлөлийн шийдвэрээр Ч.Ганхуяг томилогдсон байдаг тул түүнээс хойш холбооны үйл ажиллагаанд оролцох эрх зүйн үндэслэл байхгүй болсон гэсэн үг. Гэтэл энэ холбоо хоёр хуваагдчихсан байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа шүү дээ.

-Холбооны хоёр хуваагдсан байдал таны энэ асуудалд ямар холбоотой гэж?

-Улсын бүртгэлийн газар ерөнхийлөгч нь солигдвол Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэр протоколыгаваачиж өгөөд дараагийнерөнхийлөгчийнхөө нэрийг өөрчлүүлдэг. Тэгж байж баримт бичиг, тамга тэмдэг ньдараагийн ерөнхийлөгчийн мэдэлд ордог. Гэтэл Улсын бүртгэлийн газраас лавлагаа автал Ц.Мөнх-Оргил гэдэг хүний нэрийг өөрчлөөгүй байсан байгаа юм.Одоо Тамир гэдэг залуу бий. Энэ бол шуудтус холбооны удирдах зөвлөл дараа дараагийн ерөнхийлөгчийнхөө нэрийгөөрчилж, солиулаагүй байдлаас үүссэн. Холбооны удирдах зөвлөлийн хариуцлагагүй байдал гэж хэлж болно.

-Таныг хилээр гарахыгбитүүний өдөр хоргилосон гэдэг мэдээллийг авлаа?

-Үүнээс улбаалаадшүү­хийн шийдвэр барагдуулахгүй байгаатайчинь холбоотой хилээр гарах эрхийг чинь хориглоно гэсэн утгатаймэдэгдэх хуудас ирсэн гэсэн. Сар шинийн өмнөхөншинжилгээ хийлгэхээрявсан. Улаанбаатарт очихоороо энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж бодож байгаа.

-Бид мэдээллийг тэнцвэртэйхүргэх үүднээс болсон явдлыг танаас асууж байгаа юм. Та одоо хаана байгаа вэ. Таны ярианаас үзвэлшинжилгээ өгнө гэхээр гадаадад байгаа юм уу?

-Хотод энэ долоо хоногтоо багтаад оччих байх. Бодвол хилээр гарахыг хориглосонюм байлгүй. Болсон зүйл бол ердөө энэ. Түүнээс авлига, уул уурхайн асуудал үүнд ямар ч хамаа байхгүй.Хаанаас Баянгол зочид буудал мөнгө авах нь тодорхой байхад хилээр гарах хориг тавина гэдэг арай дэндэж буй асуудал. Хувь хүний эрхэнд шууд халддаг ийм байдал газар авсаарбайвалутгагүй л юм байна гэв.

Энэ асуудлыг Нийслэ­лийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Н.Цэрэнсодном хариуцан ажиллаж байгаа юм байна. Түүнээс ямар учраас хилийн хориг тавьсан,энэ нь хуульд нийцсэн асуудал уу, шүүх Сагсан бөмбөгийн холбоо гаргана гээд байхад яагаад тэр мөнгийг хувь хүнээс гаргуулах гээд буй зэргийг хууль зүйн үүднээс тайлбарлаж өгөхийг хүсэ­хэд манайд албан бичгээр хүсэлтээ тавь гэсэн хариу өгсөн юм.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Жанцанноровын ДАМДИНЦЭРЭН: Хүнд олон хобби байж хөгжих боломж гардаг

V.R хамтлагийн гишүүн Ж.Дамдинцэрэнтэй ярилцлаа.

-Та төрийн хошой шагналт Н.Жанцанноровын хүү. Хөгжмийн зохиолч гэж сонссон. Хөгжим зохиох ажилдаа загвар өмсөгч, хамтлагийн гишүүнээсээ илүү анхаарч чадаж байна уу?

-Сайн уран бүтээл төрүүлэхийн тулд маш их хөдөлмөрлөж, ажиллах хэрэгтэй. Одоогоор хөгжмийн зохиол дээр ажиллах цаг, зав хомс л байна. Японд сурч байхдаа бөөгийн хэнгэргийг Европын цохиур хөгжимтэй хослуулан морин хуур, хөөмийтэй аялгуу зохиож байсан. Мөн Морин хуур, дунд хуурт зориулсан зохиолыг анх бичиж байсан. Бас нэг зохиол бичсэн нь Морин хуурын чуулга одоо ч гэсэн тоглодог. Заримдаа төгөлдөр хуурын сайхан аялгуу сонсохоор бэлтгэл хийх хүсэл төрдөг л юм. Ер нь мэргэжлийн төгөлдөр хуурч хүн өдөрт гурваас доошгүй цаг бэлтгэл хийхгүй л бол гар хуруу эвлэхээ больчих гээд байдаг гэм бий. Төгөлдөр хуураа яг мэргэжлийн хэмжээнд давтаагүй 13 жил болжээ. Хүмүүсийн хувьд урлагийн гэр бүлд өссөн гэхээр содон амьдралтай байдаг байх гэж боддог байх л даа. Манай аав бусдын нүдэнд ихэмсэг төрхтэй хөгжмийн зохиолч шиг харагддаг бол бидний хувьд жирийн л эцэг хүн. Аав маань надад гар хүрч үзээгүй. Хааяа нэг үг хэлэхдээ юм бодогдуулсан гүн утгатай зүйл хэлдэг.

-Яриагаахамтлагийн чинь талаар үргэлжлүүлье.Загвар өмсөгч дөрвөн залуу яагаад хамтлаг байгуулахаар шийдсэн бэ?

-Бид дөрвүүлээ “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгчид. Дуулах сонирхолтой найзууд нэгдэж хамтлаг байгуулъя гээд л байгуулсан. Зарим нь бага байхдаа хүүхдийн ордонд явдаг байсан юм. Бид өөр өөр ажил мэргэжилтэй, өөрсдийн мөрөөдөлтэй хүмүүс. Мөрөөдлийн маань нэг хэсэг нь дуулах. Бид энэ мөрөөдөлдөө хөтлөгдөн нийлсэн хүмүүс. Залуу хүн мөрөөдөлдөө хүрэхийн тулд ямар нэг алхам хийж түүнийхээ төлөө тэмцэж, эхлүүлж чаддаг байх хэрэгтэй гэж боддог.

-V.R гэдэг ямар үгийн товчлол вэ?

-V.R гэдэг нь “We are” буюу “Бид бол” гэсэн үг. Зүгээр нэг хамтлаг гэхээсээ илүү залуусыг уриалан дуудах ямар нэг зүйл хийе гэж нэгдсэн. Жишээ нь “Бид бол Монголын ирээдүй болсон залуус” эсвэл нийгмийн сайн үйлсийн аян өрнүүлэхээр бол “Бид бол хүмүүнлэг залуучууд” ч гэдэг юм уу уриа маягийн зүйл гаргаж түүнтэйгээ уялдсан олон ажлуудыг хийe гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж дан ганц нийгмийн үйлст оролцоно гэвэл өрөөсгөл ойлголт л доо.

-Танай хамтлагийг хүмүүс хэр хүлээж авч байна?

-Загварынхан зүгээр загвараа л өмсөх ёстой гэсэн коммент харагдаж байсан. Дуучин гэхээр л яагаад ганцхан дуулаад явах ёстой гэж. Залуу хүн хүсэл мөрөөдөлдөө автан хийж чадах зүйлээ хийх хэрэгтэй. Анхны уран бүтээл хүмүүст хоолой шаардсан дуулалттай болж харагдаагүй байх.

-Анхны дуу чинь”Чи намайг санах уу” гэсэн нэрээр гарсан. Цаашдаа ямар уран бүтээл хийх вэ?

-Бидэнд цаана нь гурав, дөрвөн дуу бэлэн байгаа. Бидний найз “A Sound” хамтлагийн Д.Мөнхболд анхны дууны маань үг, аяыг зохиосон юм. Клипний зураг авалтыг нь Өгий нуур, Цэцээ гүнд авсан. Бид өөрсдийн ажилтай ч гэсэн мэдээж хамтлагаа орхихгүй. Цаашид дуугаа үргэлжлүүлэн гаргасаар байх болно. Бүгдийг нэг дор хийж чадахгүй хугацаа шаардах ажил шүү дээ. Анхны дуу маань уянгынх. Яваандаа төрөл жанраа эвдээд өөр өөр урсгалаар дуулах бодолтой байгаа. Мэдээж айхтар хүнд төрлөөр дуулахгүй. Хараад байхад Азийн нэрд гарч байгаа одод нь загвар ч өмсдөг, кинонд ч тоглодог бас дуулаад явдаг. Бидний нэг хүсэл бол Монголдоо энэхүү шинэлэг зүйлийг нэвтрүүлэхийг бодсон юм.

-Та ямар мэргэжилтэй билээ?

-Төгөлдөр хуурч, хөгжмийн онол судлаач, хөгжмийн зохиолч, урлагийн менежер мэргэжилтэй. Токиогийн урлагийн их сургуулийг төгссөн. Одоогоор “Гэр Монголын маркетингийн агентлаг” компанийг байгуулаад ажиллаж байна. Нэлээд тоглолт зохион байгуулсан. Олон улсын төрийн бус JCI байгууллагын Монгол дахь байгууллагын нарийн бичгийн дарга, мөн “Жанцанноров сан” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. Багаасаа завгүй ажиллаад сурчихсан учраас зүгээр сууж чаддаггүй.

-Урлагийн хүн хэрнээ загвар руу орсон нь сонирхол татаж байна. Загвар өмсөх бас таны мөрөөдөл үү?

-2001 онд нэг танил маань “Гоёл” наадамд оролцох уу гэсэн санал тавьсан. Тэгээд тухайн жилдээ “Монгол модель” агентлагт ажиллаж эхэлсэн түүхтэй. Загвар бол миний дагалдах хобби.

-Гэр бүлийнхээ талаар яриач?

-Би хоёр охинтой. Том маань дөрвөн настай. Бага маань хоёр хүрнэ дээ. Эхнэролон улсын банкинд ажилладаг. “Монгол модель” агентлагт ажиллаж байхдаа танилцаж байлаа. Анх хараад л миний эхнэр болох хүн гэж мэдэрсэн. Гэр бүл минь халуун дулаан уур амьсгалтай. Эхнэр маань энэ бүгдийг зохицуулж явдаг ухаалаг бүсгүй бий.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Аялах хоббитой. Хөдөө, ой модонд, уулын оройд бодох зүйлгүй суух сайхан. Ажлаас болоод байнга явж чаддаггүй л дээ. Фото зураг авах хоббитой. Ер нь харагдсан сэтгэлд буусан зүйлийн фотог авчихна шүү.

-Гэр бүл найз, нөхдөдөө цаг зав хэр гаргаж байна?

-Манай гэр бүлийн хүн ажил дээрээ завгүй сууж байгааг минь мэддэг учраас ойлгодог. Ажлаа тараад хүүхдүүдээ аваад гэртээ хариад байцгааж байдаг. Найз нөхдийн хувьд залгахаар чи хэрэг болохоор л залгах юм гэдэг. Миний хувьд найзтай болохоор л залгаж байгаагаа ойлгуулдаг л даа. Ер нь уулзаад суух зав тэр бүр гардаггүй. Тэгж суугаагүй удаж байна.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Хальтирч хөл, гараа гэмтээсэн 78 хүн эмнэлэгт ханджээ

Хүйтний улиралд хальтиргаа, гулгаа ихэсч иргэд хөл, гараа гэм тээдэг. Тэгвэл хальтирч унахдаа хөл гараа гэмтээсэн, хөлөө хугалсан 78 хүн гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна.

Тиймээс өвлийн улиралд тохирсон аль болох хальтирдаггүй ултай гутал сонгож өмсөх, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой байхыг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу албан байгууллагууд өөрийн эзэмшлийн барилга байгууламжийн 50 метр орчмын тохижилт, цэвэрлэгээ, арчилгааг хариуцахыг уриалж байна.

Categories
редакцийн-нийтлэл

Уламжлалт анагаах ухаанаар ходоодны шархыг эмчлэх боломжтой болжээ

-КИМЧИ ИДЭХ, ИХ ХЭМЖЭЭГЭЭР УС УУХ НЬ ХОДООДОНД СӨРГӨӨР НӨЛӨӨЛНӨ-

Мамба дацан хийдийн хамба Д.Нацагдоржтой ярилцлаа.

-Танай эмнэлэг ходоодны шархыг уламжлалт аргаар эмчилж байгаа гэсэн мэдэгдэл гаргасан байна. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Сүүлийн гурван жил Тайванийн болон Монголын талаас хамтран ходоодны шархыг уламжлалт аргаар эмчлэх төсөл хэрэгжүүлээд судалгаа хийж байгаа юм. Үндсэндээ Соёл шинжлэх ухааны яам, Монголын шинжлэх ухаан технологийн сангийн шалгаруулалтад Тайванийн дөрвөн их сургууль, Оточ марамба дээд сургууль, Мамба дацан хамтарч ороод судалгааны ажил хийгдэж байна. Судалгааны ажилд Хятад, Монгол хоёр талд адилхан ходоодны шархтай өвчтөнүүдийг сонгож аваад өөр өөрийнхөө уламжлалт аргаар эмчилж байгаа. Өөрөөр хэлбэл, Тайвань хятад уламжлалт ухаанаар, манайх монгол уламжлалт ухаанаар ходоодны шархтай өвчтөнийг эмчилж байна.

Уламжлалт анагаах ухаанд хэл оношилгооны багаж гэж байдаг юм. Өвчтөн судалгаанд хамрагдаж эхлээд хэл оношилгооны тусгай багажаар эмчилгээний дараа яаж өөрчлөгдөж байгааг хянаад бүгдийг нь тодруулаад гаргаад ирдэг. Монгол талаас энэ судалгааг хийгээд бараг хоёр жил болоход 70 гаран хүн эмчилгээнд хамрагдаад байна. Судалгааг хийгээд явах үед уламжлалт эмээ өгөөд 15 хоног болон сар тутамд хяналт хийж, давтан зураг аваад, дахин дурангийн шинжилгээ хийдэг юм. Энэ явцад маш сайн үр дүн гарсан. Үнэхээр олон хүн сайжирч байна. Зарим нь бүр 45 хоногт үр дүн гарсан. Дурангаар харахад шарх сорви нь эдгэчихэж байгаа үр дүнгүүд зөндөө бий. Өмнө нь энэ судалгаа хийгдсэн хийгдээгүй өдөр тутам хүнээ үзээд явж байхад ийм төрлийн өвчин маш их байдаг байсан. Мөн судалгаа зөвхөн ходоодны шархтай гэж заагдсан байгаа ч бид ходоодны хавдартай гэсэн хоёр хүн авч үзсэн. Хэл оношилгоонд нь оруулаад адилхан эмчилгээ хийхэд сайхан эдгэрч байгаа нь давтан үзлэгээр нотлогдсон. Энэ маягаар хяналт судалгаа үр дүнтэй л явж байна.

-Хэд хоног эмчилгээ хийж байна. Ямар дэглэм барих вэ?

-15 хоног тутамд хяналтаар явж байна. Бид тодорхой эмнүүдээ өгөөд өөр зүйл холихгүй байгаа. Эмчлүүлэгчдэдээ хоолны дэглэм сайн барих зөвлөгөө өгдөг. Тухайлбал, эсгэлэн зүйлүүд, архи, дарс, айраг, ундаа, гаазтай ундаа, халуун ногоо, кимчиг хорьж байна. Мөн хоолны хэмжээг тохируулж идэх талд их зөвлөгөө өгдөг. Бага бага хэмжээгээр ходоодонд их ачаалал өгөхөөргүй идэхийг зөвлөж байгаа. Мэдээж монгол хүн юм чинь махан хоол идэхийг хорихгүй. Гэхдээ өөх, тостой зүйлийг хэтрүүлж хэрэглэхийг сэрэмжлүүлж зөвлөгөө өгдөг. Оюун санаагаар их тайван байхыг зөвлөж байгаа. Монгол хүн чинь өвдөнө гэдэг зовлон. Зовлонгийн цаана нүгэл хилэнц байдаг. Гадны шалтгаан байна уу гээд эмчилгээ хийгдэж байгаа хүнийхээ засал номыг уншаад өгчихдөг юм.

-Судалгаанд оролцож байгаа хүнийг ямар шалгуураар авсан бэ?

-Судалгаанд оролцъё гэсэн хүнийг өөртэй нь ярилцаад сонгоод судалгааны өгөгдлүүдийг бүгдийг нь хэлээд л эмчлүүлж байгаа.

-Төсөл хэзээ дуусч, батлагдах вэ?

-Амжилттай сайхан төсөл хэрэгжээд 2015 оны эхний хагас буюу наймдугаар сард дууслаа. Төсөл дуусахад аль аль талдаа судалгааны ажлын үр дүнг баримтжуулж байнга хүлээлгэж өгч байгаа журмаараа л явж байна.

-Ходоодны шарх цаашлаад хавдар болох уу. Яг юунаас болоод өвчлөл үүсээд байна?

-Ходоодны шархаа эмчлүүлэхгүй удвал хавдар болох үндэс нь бүрддэг. Сүүлийн үед монголчууд их буруу хооллолттой байна. Хүмүүс анх ходоод өвдсөнийг тоохгүй он удаан жилээр явж байна. Эмчилгээгээ дутуу хийлгэдгээс болдог. Хоол ундны дэглэм их алдагдаж байна. Сэтгэл оюун, санаа нь их хямарч, стресстэй байх зэрэг шалтгаан бүрдээд байна л даа.

-Танай эмнэлэг ямар, ямар өвчин эмчилж байна?

-Хавдартай хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхэд, дотор, мэдрэл, сэтгэц, үе мөчний өвчнүүд, арьс цайрах, хүүхдийн цусны өвчин зэргийг уламжлалтаар эмчилж байгаа. Бүр брэнд болсон эмчилгээнүүд ч бий. Тэр нь эрчүүдийн түрүү булчирхай томролт, шамрам, эмэгтэйчүүдийн киста, нионыг мэс хүргэхгүй эдгээж байна. Мөн үргүйдлийг эмчилдэг.

Манайх ходоодны олон хавдартай хүмүүсийг авч эмчилж байсан. Зарим нь үнэхээр гурав, дөрөвдүгээр шат, төгсгөлийн шатандаа хүрчихсэн хүмүүс ч ирсэн. Хэцүү л дээ цаг хугацаа алдчихсан. Тийм хүмүүс эмчлүүлээд өвчингүй байж байгаад орчлонгийн мөнх бусыг үзүүллээ гэж ар гэрийнхэн нь амар, өвдөх зовиур шаналгаа багатай байлаа гэдэг. Зарим хүмүүс шарх нь эдгээд арав гаран жил зүгээр явчихсан хүн ч бий. Надад нэг хүн ээж нь хэдэн сарын настай бие нь хүнд байхад ирж үзүүлж байсан. Тэр хүн миний мэдэхийн найм, есөн жил амьдарсан. Бас Эрдэнэтэд байдаг нэг хавдартай хүн эмчлүүлсэн юм. Тэр эм уугаад л яваад байдаг байсан. Сүүлд хүүхэд нь ирээд хавдрыг нь гадна талаас нь хучаад ямар ч өсөлтгүй болгоод нэг ёсондоо бараг капсулдсан юм шиг болгосон байсан гэсэн. Тэр нь бусад эрхтэндээ үсэрхийлэхээргүй болсон гэсэн үг. Эмч нар ямар эм уухаараа ингэдэг байна гэж гайхсан гэсэн.

-Танай эмнэлэг эм, тангаа өөрсдөө хийдэг үү?

-Эм, тангаа Мамба дацан эмийн үйлдвэрт үйлдвэрлэсэн. Мамба дацан эмийн үйлдвэр дотоодын эмийн лабораторитой. Улсын төв мэргэжлийн хяналтын том лабораториор орчихсон эмийг л хүнд өгч байгаа. Харин ч Монгол Улс уламжлалт анагаах ухааны эмийн чанарт ямар нэгэн стандарт, нарийн дүрэм журамтай явдаг. Хүмүүс хэдэн ургамал боогоод өгчихсөн юм шиг л бодоод байдаг.

-Ханиад томуу их байх үед хүмүүс одоо халуун ногоо идэх хэрэгтэй гэсэн ойлголттой болж. Энэ нь эргээд ходоодонд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Монголчууд кимчи их идэж байна. Кимчи зөвхөн ходоодны өвчин биш бүр олон өвчнийг бий болгоно. Дэлүү, элэг, цөсний ходоодны үйл ажиллагаанууд маш их сөрөг үр дагавартай. Монголчууд бас нэг зүйл ойгохгүй байна. Тэр чинь халуун, маш их чийглэг уур амьсгалтай орны хүмүүс идээд араас нь бараг литр ус уудаг. Гэтэл монгол хүмүүсийг харж байхад кимчи идчихээд араас нь халуун цай уучихдаг. Ингээд л харахад Монголд буруу хооллолт гэдэг зүйл их байна. Тэр кимчи нь өөрөө хүнийг хар тамхи шиг дадал болгодог. Түүнд автаад өөрийнхөө эрүүл мэндийг хохироочих юм. Ер нь хүмүүс эрүүл мэндийн боловсролгүй, мэдлэггүй болчихож. Хуучин бол хүмүүс мэдлэгтэй байсан. Юм болгоныг тамшаалж иддэггүй байсан. Одоо бол их олон зүйл тамшаалж идсэн хүн сайхан харагддаг болж. Тэгээд л тийм өлөн сэтгэлтэй болчихсон юм болов уу гэж би бодоод байгаа.

-Таны санааг зовоож байгаа, монголчууд хэрэглэж болохгүй хүнс юу байна?

-Архи, кимчи, гаднаас орж ирсэн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнд ямар ч судалгаа шинжилгээ байхгүй зүйлийг рекламаар үзсээр байгаад хэт итгэж маш үнэтэй зүйлийг ашиглаж эрүүл мэндээ хохироож байна. Мөн болсон болоогүй бясалгалд явж эрүүл мэндээ хохироосон хүмүүс зөндөө байна. Тэд оюун санаагаараа хохирч байна. Оюун санаагаа буруу удирдаад сэтгэцийн өвчтэй маш олон хүн бий болжээ. Бас цагаан хоолонд орсон хүмүүс зөндөө байна. 60, 70 настай хүмүүс хүртэл цагаан хоолонд орсноос тэжээлийн дутагдалд ороод нас барж байгаа хүмүүс бидний дунд харагддаг болсон.

Өвчин намдааж байгаа эмийг сайн гээд л байна. Тэрний цаана маш их хор бий. Тэрийг хүмүүс ус, цай шиг л уудаг. Мөн монголчууд ус их уудаг болж. Энэ нь ходоодны үйл ажиллагаанд буруу үр дүн гаргадаг. Ус ихээр уух нь ходоодны гал илчийг буулгаж хаван гүйлгэдэг нь ходоодны архаг өвчнүүд үүсгэнэ. Их хэмжээгээр ус уух нь буруу.

-Хүүхдийн ханиад ихсээд эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна. Танайх үүнийг эмчилдэг үү?

-Тэрийг ёстой нэг сайхан эдгээгээд өгдөг. Хүмүүс үүнийг мэдэхгүй хол хөндий байна. Тэгтэл хоёр жил хүүхдээ ханиадтай гээд эмчлүүлсэн хүн манайд ирээд хэдэн эм уугаад л бүрэн эдгэрчихлээ. Эхний үе шатанд ямар ч хурц ханиад байлаа гэхэд ул мөргүй эмчилчихээр байхад архагшуулаад байна. Хүүхдийнхээ уушгийг тийм аймаар болгоно гэдэг нэг талаар эцэг эхийн ч буруу биш. Эмнэлэгт найдаад болно гээд л хүүхдээ аваад яваад байгаа. Гэтэл цаанаа тэр эмэн эмчилгээ нь төгс эмчлэхгүйтэй холбоотой. Эмч нар оношоо буруу тавьчихсан юм биш. Ерөөсөө европ анагаах ухааны нэг хэсэг эм нь өвчнийг архагшуулдаг. Тийм эмнүүдийг ууж байгаагаа ч бид мэдэхгүй байна. Манайд үзүүлээд уламжлалтаар эм бичүүлээд ажлаа хийнгээ яваад л болоо.

-Хүүхнүүд тураах зорилгоор их хэмжээний зүйл хэрэглэдэг. Уламжлалтаар тураадаг юм уу. Зүү тавьж тураана гэж байдаг байх аа?

-Хүн хоол, хүнсээ буруу хэрэглэснээс болоод жингийн илүүдэлтэй болчихсон. Гэхдээ тэрийг монгол анагаах ухаанаар эдгээгээд өгдөг арга зөндөө бий. Гэтэл тэрийг хэрэглэхгүй л байна. Нөгөө талаараа биеийн жингээ хасахад заавал хөдөлгөөн хэрэгтэй. Уламжлалтад тэр хөдөлгөөн байдаг. Ийм хөдөлгөөнийг ингэж хий гээд заагаад өгдөг. Нэг ёсондоо тэр чинь өвчлөл. Тэрийг эдгээгээд өгөхөөр илүү жин гэж юу байхав дээ. Маш хүчтэй сүлжээний эмэнд ороод хохирчихсон хүн над дээр хэдэн жилийн өмнө ирж уулзаж байсан.

-Хоолны дуршил буулгах эм ихээр уудаг шүү дээ?

-Байгалийн физиологийн үйл ажиллагааг тэгж механикаар өөрчилж болохгүй. Зөв хэрэглээд турдаг арга байсаар байтал заавал тэрний эсрэг механикаар хүчээр турах хэрэггүй. Гэлээ гээд зарим буяны тарга байвал яах вэ. Бас удам дагасан тарга ч бий. Яахав механикаар хүчтэй эмээр турлаа дараа нь тэр хүн тав, арван жилийн дараа ямар өвчтэй болох вэ гэдэг нь тодорхой. Тэгэхээр хүмүүс хэний төлөө юуны төлөө биеэ зовоож байна вэ гэдгээ ухаарах хэрэгтэй. Биедээ таарсан махтай байж эрүүл сайхан урт наслаад энэ орчлонгийн сайхныг үзээд явах уу. Аль эсвэл амьтдыг дагаж өөрийн эрүүл мэндийг үгүй хийж эрт үхэх үү гэдгээ л шийд.

-Уламжлалт анагаах ухаанаар эмчлүүлдэг хүн багассан хэрэг үү?

-Монголчууд уламжлалт анагаах ухааныг үнэхээр сайн эм, эмчилгээтэй гэдгийг мартчихаж. Хүмүүс эрүүл мэндийн боловсрол, соёл дутагдалтай байна. Тэр нь 60, 70 жил энэ салбарыг муулчихсантай холбоотой. Хүний ой тойнд ороод уламжлалтаас бүр зугтдаг болтол нь муулчихсан учраас уламжлалт анагаах ухааныг мэдэхгүй байна. Ийм том муу суртал энэ анагаах ухааны чөдөр тушаа болж байна. Би эмч хүнийхээ хувьд ийм чухал анагаах ухааныг гаднаас хайх биш Монголдоо бага зардлаар эмчлүүлээсэй гэж хүсдэг.

С.АРИУНЖАРГАЛ