Categories
редакцийн-нийтлэл

МҮОНТ-д ужигарсан асуудлыг ард түмэнд ил болгосонд дарга, уран бүтээлчид нь дургүй байна

МҮОНТ-ийн зарим ажил­чид телевизийнхээ
захирал Ч.Даваабаярыг ажлаас нь чөлөөлүүлэх тухай өргөдөл гаргасан. Өргөдөл гаргасан
ажил­чид Ч.Даваабаяртай  хол­боотой гэх баримтуудыг
дэлгэж “…Олон нийтийн төлөөлөл болж МҮОНРТ хэмээх их айлын галыг маналцаж яваа Үндэсний
зөвлөлийн эрхэм гишүүд та бүхэн “ухна, ишигний зовлонг ойлгохгүй” гэсэн зүйр үгийг
бодолцон, со­нирхлын зөрчлийн хууль хийгээд одоо хэрэгжиж буй бусад хууль журмаа
эргэн харж, Ч.Даваа­баярыг ажлаас нь чө­лөөлнө гэдэгт итгэлтэй байна. Уг асуудлыг
аж­лын тав хоногийн дотор шийдвэрлэхгүй бол бай­гууллагын нэр хүнд хийгээд хамт
олны эрх ашгийн үүднээс тэмцэх болно” гэсэн.

Өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл
ху­рал­даж, энэ талаарх асууд­лыг хэлэлцсэн юм. Үндэсний зөвлөлийн ху­рал 11.00
цагаас зар­лагд­сан. Гэтэл МҮОНТ-ийн өргөдөл гаргасан гэх сэтгүүлч, дарга нар өглөө­нөөс
авахуулаад энд тэнд цугларч өөр өөрсдийнхөө хүрээнд ху­ралджээ. Тэд байдал эв­гүй
тийшээ эргэж байгаа учир үлдсэн ажилчид буюу дахин 150 гаруй хүний гарын үсгийг
яарал­тай цуглуулах хэрэгтэй хэмээн гарын үсэг цуглуу­лах ажил өрнүүлж бай­гааг
тэндхийн эх сурвалж ярьсан юм.

МҮОНРТ-ийн Үндэс­ний зөвлөлийг зохиолч,
сэтгүүлч Л.Пүрэвдорж дар­галдаг. Харин гишүү­дээр нь Үндэсний аюул­гүй байдлын зөвлөлийн
Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал Д.Ганбат, “Эрдмийн унд­раа” цогцолбор
сургуу­лийн багш Д.Гоошоохүү, ахмад дипломатч Ц.Гом­босүрэн, Хүний эрх, ард­чиллын
судалгааны тө­вийн тэргүүн, Хэлцэл хууль зүйн товчооны захи­рал, хууль зүйн ухаа­ны
доктор С.Цэрэндорж,  Дашчойлин хийдийн хам­ба
лам Ч.Дамбажав.

Мөн “Үндэсний шуудан” сони­ны ерөнхий
эрхлэгч Б.Ганболд, Төрийн шагналт Д.Сосорбарам, Төрийн шагналт, Төрийн шагналт зохиолч,
сэтгүүлч Б.Цэнддоо, “Борол­дой” студийн захирал С.Мягмар, “Эй Би Ай”  хүрээлэн­гийн захирал Ш.Бат­цэцэг, Аялал жуулчлалын
тогт­вор­той хөгжил төвийн тэргүүн, “Аялал Жуулчла­лын Тогтвортой хөгжил” сэтгүүлийн
ерөнхийлөгч Д.Ган­төмөр, Монго­лын залуу­чуу­дын холбооны ерөн­хийлөгч А.Мөнхбат,
Ирээдүйг аврах хөдөлгөөний тэр­гүүн, Монго­лын олон ангит кино компанийн захирал,
Монголын хэвлэл мэдээл­лийн байгууллагын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны
ерөнхийлөгч Ален Арман, Канад улс дахь Мон­гол Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр
нарийн бичгийн дарга Ц.Зоригтбаатар нар ажилладаг юм байна.

Үндэсний зөвлөлийн эдгээр 15 гишүүнээс
өчигдрийн хуралдаанд 11 нь иржээ.

Ингээд хуралдааны үеэр Үндэс­ний зөвлөлийнхөн
юу ярьс­ныг тоймлон хүргэж байна. Хурал­дааны эхэн хэсэгт өргөдөл гаргасан уран
бүтээлч, сэтгүүлчдийн төлөө­лөл оролцож үгээ хэлсэн юм.

-Сэтгүүлч Л.Цагаандалай “Манай хамт
олны зүгээс өргөсөн өргөх бичигт дурдсанчлан Ч.Даваа­баярын ашиг сонирхлын зөрчил
мөн хамт олонтой харьцахдаа том телевизийг удирдан авч яваа захирал хүний хувьд
наад захын ёсзүйн хэм хэмжээ алдагдсан гэх шалтгаануудаас үүдэн цаашид хамтарч ажиллаж
чадахгүй” хэмээн яагаад өргөх бичиг гаргасан талаараа тайлбарлав. Мөн “Энд нэг юм
нэмээд хэлэхэд бидний хамт олонд харамсалтай байна. Манай телевизийн захирал биднийг
бай­гуул­лага дээрээ дотоод асуудлаар ярилцаж байхад өчигдөр оройноос (20-ны оройг
хэлэв.) эхлэн хэвлэл мэдээлэлд албан ёсоор мэдээлэл хийж, байгууллагынхаа нэр бүхий
уран бүтээлчдийг ямар нэгэн баримт үндэслэлгүйгээр олон сая төгрөг идсэн гэх мэтээр
үзэгчдийн өмнө, олон нийтийн өмнө байгуул­лагаа, өөрийнхөө удирдлагад ажилладаг
уран бүтээлчдээ шууд гүтгэн доромжилсон ийм үйл ажиллагаа болсон явдалд бид бүхэнд
маш их харамсалтай байна” гэсэн юм.

Л.Пүрэвдорж дарга “Нэг хүн гурван
минут л ярьдаг юм шүү. Үндэсний зөвлөлийн гишүүд хүртэл тэгдэг юм” гэж сэтгүүлч
Л.Цагаандалайд сануулаад “Өөр ярих хүн байна уу” гэв. Ингээд уран бүтээлчид
ярьж эхэллээ.

-Олон дарга нартай ажиллаж үзсэн,
олон сайхан хамт олонтой байж үзсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг ийм байдалд хүрч байсныг
үзээгүй. Маш их харамсч байна. Энэ бол хэдхэн хүний хоорондоо муудалцсан зүйл гэж
бодохгүй байна. Энэ хүмүүс, хамт олны дундаас яриад байгаа юмнууд бол худлаа, хэн
нэгэнтэй өш хонзон бодсон ч юм уу, хувийн сонирхлын үүднээс ярьж байгаа зүйл гэж
огт бодохгүй байна. Энэ бүхнийг маш баримттайгаар гаргасан. Үүнийг зөв эерэгээр
хүлээж авах болов уу гэтэл олон жилийн түүхтэй телеви­зийн хамт олныг маш эвгүй
бай­далд оруулж байна л даа. Өчигдөр, уржигдраас эхлээд хүмүүсийн нүүрийг харахад
өмнөөс нь ичмээр байдалд оруулж байна. Энэ олон хүмүүсийг дайрч доромжилж, тэр олон
сайт, мэдээл­лийн хэрэгслүү­дээр ингэж байгаад харамсч байна. Тийм учраас үүнийг
Үндэсний зөвлөл маш нухацтайгаар авч үзээд хамт олны гаргасан хүсэл­түүдэд хүндэтгэл­тэйгээр
хандана гэдэгт найдаж байна.

Уран бүтээлийн дөрөв­дүгээр
нэгдлийн дарга М.Эрдэнэ­бат:
Ер нь бол Ч.Даваабаяр гэдэг захирал МҮОНТ-ийг
удирдан авч явах ямар ч ёс зүйгүй хүн. Энэ бүхэн нь өнгөрсөн нэг жилийн хугацаанд
ажиглагдлаа. Харилцааны ямар ч соёлгүй, урлаг соёлын ямар ч мэдрэмжгүй. Сүүлийн
үед хэвлэл мэдээллээр шинэчлэл хийж байгаа мэтээр цалин цуух, байгууллагыг идэвхижүүлэх
гэж байгаа мэтээр олон нийтэд мэдээлэл өгөөд бай­гаа юм. Энэ бол ямар ч үндэс­лэл­гүй.
Энэ бүхэн дороосоо уран бүтээлийн алба, нэгжид байгаа бид бүхний гаргасан санал
санаа­чилгыг бүр тодруулж хэлбэл, Соё­лын гавьяат зүтгэлтэн Золжаргал, Ариунжаргал
найруулагч, Прог­раммын хэлтсийн дарга Оюунчимэг нарын бодож боловсруулаад хийж
байгаа үйл явцыг мэдээллийн хэрэгслүүдээр өөрчлөлт шинэчлэл хийх гэсэн чинь тодорхой
хэдэн хүний эсэргүүцэлтэй тулгарлаа гэж ярьж байгаад харамсч байна.

Энэ бүгдийг бид бүхэн дороо­соо санаачилж,
өдөр тутмын ажлыг явуулж уран бүтээлчдийн санал санаачилга байсан юм шүү гэдгийг
хэлэх гэсэн юм гэв.

Гэтэл сэтгүүлч Л.Цагаандалай,

-Би тайлбараа гүйцээгээд хэлчихье
гэтэл Зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж,

-Чи сая ярьсан ш дээ гэлээ. Гэсэн
ч Л.Цагаандалай шаард­лагыг хүлээж авалгүй үргэлжлүүлж ярьж гарлаа. Тэрээр “Өчигдөр
хэсэг бүлэг хүмүүсийг шалгахаар болж байгаа гэсэн үндэслэлтэй юм яриад байгаа юм,
олон нийтийн мэдээл­лийн хэрэгслээр” тэгтэл Л.Пүрэв­дорж дарга,

-Чи өөрийнхөө тухай ярих гэж байна
уу гэвэл,

-Үгүй ээ, би тэр нөгөө “Адуучин” тэмцээний
талаар ярих гэж байна гэчихэв. Гэтэл зөвлөлийн гишүүд Л.Цагаандалайд хандан “Үндэс­ний
зөвлөлийн дарга юм ярьж байхад та шууд босоод яриаг нь таслаад энэ чинь яаж байгаа
юм. Тэртэй тэргүй таныг хүмүүс сонсч байхад хүнийг хүндэл л дээ” хэмээн зөвлөлийн
хуралд хүндэтгэлтэй хандахыг хатуухан хэлэв.

Уран бүтээлчдийн тайлбар үргэлжиллээ.

-Үндэсний телевиздээ ажил­лаж байгаа
юу гэхэд “Тийм ээ” гэж хүн рүү нүүр бардам хардаг байсан бол одоо харж чадахаа байчихлаа.
Үнэндээ энэ дотор ажиллаж байгаа хүмүүсийг ингэж хувь хүнийх нь талаас доромжилж,
гарч байгаа тэр сайтуудын мэдээлэл, Ч.Даваабаяр захирлыг хэвлэл мэдээлэлд нөлөө­тэй,
олон мэдээллийн сувагтай хүн гэдгийг нь мэднэ. Олон хүнийг ингэж хувь хүний үүднээс
ингэж байгаад эргээд бид яаж хүмүүстэй харьцаж, яаж нэвтрүүлэг босгож, яаж мөнгө
төгрөгний тухай ярих вэ гэдэг асуулт тавигдаад байна. Одоо шинэ жил болох гэж байна.
Дараа дараагийн том төслүүдээ босгох гэж байна. Биднийг очихоор “Та нар өөрсдөө
хармаалчихдаг юм байгаа биз” гэж хэлэх болов уу гэхээс миний яс хавталзаж байна.
Үнэхээр сэтгэл өвдөж байна. Арай ч ийм юм болчихно  гэж бодоогүй. Өчигдөр бол үнэхээр би яахаа ч мэдэхгүй
шоконд орсон. Хүн бол­гон над руу утасдсан. Энэ маш хэцүү байна. Шинэчлэлийн асуу­далд
нэг юм хэлчихье гэж бодож байна. Бид нар шинэчлэлийг хийх гэж орол­дож байна. Дэлхийн
жи­шиг рүү орох гэж оролдож байна. “ETV” телевизээр явсан мэдээнд “Бид нарыг продюссерын
системд орох гэж байгаа” гэж ярьж байна. Ийм систем гэж байхгүй. Бидний хэн нь ч
ийм юм яриагүй. “МҮОНТ-ийн ажилчид өргөх бичиг барьжээ” гэж байна. Бид ажилчид биш.
Гэх мэтчилэнгээр ерөнхий жижиг юм­наас авахуулаад томоор доромж­лоод байна.

-Би энэ өргөх бичигт гарын үсэг зураагүй.
Миний хувьд ОБЕГ-тай хамтарч хийж байгаа “Нарны жим” олон ангит кинон дээр ажиллаж
байгаа. Манай МҮОНТ “Тусгай салаа”-наас эхлүүлээд олон ангит ийм киног хэд хэд хийсэн.

Удирдлагын арга барил, зохион байгуулалт
муугаас энэ киноны ажил хойшлоод байна. Улсад ажиллаж, улсын олон ний­тийн байгууллагын
уран бүтээлч­дийг ямар нэгэн байдлаар удирдаж чадах чадваргүй. Дандаа хувийн байгууллагад
захиран тушаах, хөөж туух, хооронд нь бие биенийг нь тагнуулах ийм арга барилаар
ажиллаад сурчихсан хүн гэдэг нь харагдаад байгаа байхгүй юу. Энэ хүн буцаад энэ
ажилдаа үлдлээ гэхэд яг телевизийн ажил зогсох юм уу, гацах болчихоод байгаа байх­гүй
юу. Гарын үсэг зурсан хүмүүсээ өршөөж, уучилж чадахгүй. Нөгөө­дүүл нь орж ажлаа
шийдүүлж чадахгүй. Энэ хүнээс болж телевизийн байгууллага гацна.

Үйлдвэрчний эвлэлийн хороо­ны
дарга Наранцэцэг:
Бид Үндэс­ний зөвлөлийн төлөөлөгчид­тэй уулзахдаа захирлаа
хүндэт­гээд Ч.Даваабаяр захирлыг хэвлэл мэдээллийнхнийг өөрөө авчирчих­сан байхад
нь хаалттай хийсэн. Асуудал тогоон дотроо байвал дээр юм болов уу гэж бодож байтал
харамсалтай нь Ч.Даваабаяр захирал маань харин гадагшаагаа задруулчихлаа.

-Нэгдүгээр нэгдлийн дарга Гэрэл: Ер нь энэ хүнтэй цаашид хамтарч ажиллахад хувь хүний характер,
ажлаа удирдаж авч явах чадваргүй, дарамталдаг. Өрөөн­дөө дуудаж оруулж ирж загнадаг.
Тэр бол ажлын төлөө биш. Энэ хүн хувь хүний характераар “Наад хүнийхээ амыг хамхиарай”,
“Ингээ­рэй. Чадахгүй бол чи өөрөө ажлаа өгөөрэй”, “Тэр хүн хурал дээр амаа хамхихгүй
ажлаас нь хална” гэж байнгын удаа дараагийн дарамтыг бидэнд үзүүлж байсан. Энэ маш
хэцүү байдаг. Хоёрдугаарт, та өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр ярьж байна лээ.
Хурган дарга, доод алба, нэгжийн дарга нар нь өөрсдөө студи, продакшнтай, хувийн
компанитай. Ингээд гэрээ хэлцэл байгуулаад хувьдаа мөнгө завшдаг. Доод уран бүтээлчдэдээ
мөнгө өгдөггүй гэж хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр гарсан байна лээ. Миний тухай материал
ч зураг хөрөгтэйгээ гарсан байна билээ. Би нэр төрөө сэргээлгэхийн төлөө шүүхдэнэ.
Шалгуулахад бэлэн. Энэ асуудал яаж шийдэгдсэн байсан ч бид нэр төрөө сэргээлгэнэ.
Таны энэ алдаа дутагдалтай эвлэрч чадахгүй ээ.

-Уран бүтээлч хүнийхээ хувьд өчигдрийн
хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээллийг хараад сэтгэлд юм гогодчихоод
байсан. Ямар муухай юм бэ. Энэ уран бүтээлийн байгууллагыг тэр аяар нь Монголын
нийгэмд шо­роонд хутгачихлаа. Олон жилийн түүхтэй энэ байгууллага, хамт олон, салбарыг
шороонд хутгана чинээ төсөөлөөгүй.

-Энэ хүн хариу мэдэгдэл хийгээд энд
тэнд мэдээлэл өгч болно, эрхийнхээ үүднээс. Гэхдээ энэ бол манай дотоод асуудал,
би энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлэх гэж байгаа. Би танд ярилцлага өгөх боломжгүй
байна гээд хэлчихэж болмоор юм гэж харсан. Далан булчирхайгаа тоочоод “Тэр нь ингэдэг”,
“Энэ нь ингэдэг” гэсэн нь ямар дээд зэргийн ёсзүйгүй вэ гэдгийг баталлаа.

-Л.Пүрэвдорж дарга: Л.Цагаан­далай
чи товч түргэн яриарай. Юу тайлбарлая гэнэ ээ. Товч яриарай

-Л.Цагаандалай: Манай  гэр бүлийн хүний даралт нь ихсээд, зүрх нь жаахан
муу л даа. Даралт нь ихсээд ажилдаа яваагүй. Манай хүүхэд сургуульдаа яваагүй. Өчиг­дөр
оройны мэдэгдлээс болоод гээд “Адуучин” УАШТ-ийг хэрхэн зохион байгуулсан талаар
товч хэлтэл Л.Пүрэвдорж дарга “Өөр ярих хүн байна уу. За байхгүй бол Ч.Даваабаяр
ярь” гэв.

-МҮОНТ-ийн захирал Ч.Даваа­баяр “Сайн
байцгаана уу. Нэг дэх өдрийн өглөөний хурлын дараа М.Наранбаатар даргатай өрөөнд
нь уулзаад сууж байтал тав, зур­гаан телевиз дагуулаад өөрсдөө орж ирээд өргөх бичгээ
бариад Ч.Даваабаяр гэдэг нөхөр ийм, ийм юм байна. Энэ хүнийг ажлын тав хоногийн
дотор ажлаас нь чөлөөл гэж уншаад орон даяар цацсан. Гурав хоног харлаа, тэвчлээ.
Өчиг­дөр яалт ч үгүй хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Ер нь байгуул­лагад юу болоод
байгаа юм. Миний өгсөн ярилцлага, бичиж өгсөн тайлбарт бүх юм тодорхой байгаа. Үүн
дээр хэлэх миний үг бол энэ байгууллага яагаад хохирчихов. Энэ байгууллагыг би юугаараа
хохироочихов оо гэдэг нь хууль эрхзүйн хүрээнд л яригдах ёстой байх гэж бодож байна.
Тийм учраас надад өөр хэлж ярих, өөрийгөө өмгөөлөөд байх юм алга аа. Тий­мээс гишүүд
маань өөрсдийнхөө эрхийн хүрээнд асуудлаа хэлэл­цэж шийдвэрлэнэ биз ээ. Баяр­лалаа”
гэлээ.

МҮОНР-ийн захирал Л.Цэрэн-Очир: Захирлууд мөнгө төгрөг иддэг гэж баахан ярьсан. Надад хувийн студи алга (зарим захир­луу­даас
хувьдаа студи, продакшнтай эсэ­хийг нь асууж байлаа) гээд Ч.Даваабаяр дарга ойлголтын
зөрүүтэй мэдээлэл гаргаж байгаа гэв.

-МҮОНРТ-ийн Үндэсний зөв­лө­лийн
гишүүн, Төрийн шагналт Д.Сосорбарам:
Үндэсний
зөвлөл­дөх хороо энэ асуудлыг шийдэх­гүй. Шүүх хурал шиг юм асуугаад байх ч шаардлага
ч байхгүй. Би зүгээр шууд л бодлоо хэлэхэд ийм байна. Энэ Ч.Даваа­баяр бол өөгүй
хүн байна гээд энд тайлбар ирсэн байна. Эсэргүүцэж байгаа хүмүүс бас л ажлаа сайн
хийж байсан өөгүй хүмүүс. Өөгүй баахан хүмүүс хоорондоо маргалдаж байна л даа, миний
харж байгаагаар. Тэгэ­хээр би Үндэсний зөвлөлийн гишүүн бус байхдаа МҮОНТ энэ тэрийг
анзаарч байхад өөгүй хүний тухай биш харин бүр ужигарсан тийм газар болчихсон юм
байна гэдгийг л хардаг байсан, уран бүтээлч хүнийхээ хувьд. Үндэсний зөвлөлийн хорооны
гишүүн болс­ноос хойш би энэ телевизийн элдэв нэвтрүүлэгт орохоос татгалз­даг байсан.
Яагаад гэвэл Үндэсний зөвлөлийн гишүүн байж энэ телеви­зээр их хэмжээгээр их гарах
эрх байхгүй гэж үздэг. Миний бод­лоор МҮОНТ-ийн дотроо ярих зүйлийг та үүдээр нь
дэлгэчихсэн л байхгүй юу. Миний санаа зовж байгаа юм юу вэ гэхээр бүх юм дууссан.
Одоо ичээд ч хэрэггүй, та нар. Та нарын өмнөөс ичиж байгаа юм юу вэ гэхээр ийм мэргэжлийн
өндөр түвшний сэтгүүлчид зиндаа нь арай өндөр байх хэмжээний хүмүүс ийм юм яриад
сууж байна гэдэг бол ертөнцийн онигоо. Энэ онигоогоо та нар яаж арилгах ёстой юм
бэ гэхээр шууд шүүхэд ханд. Үүнийг Үндэсний зөвлөлдөх хороо шийддэг ч юм биш. Энэ
бол цагийн гарз. Шууд шийдвэр гаргаад энийг хал тэрийг ингэ гэх хууль эрхзүйн үндэс
байхгүй.

Ч.Даваабаяр ч шалгуул. Та нар ч шалгуул.
Аудитын шалгалт орохоор юм гардаггүй байхгүй юу. Энд нэг л бугшмал юм байгаад байгаа
юм. Өнөөдөр радио, телевизийг удирдаж байгаа дарга нь гэнэт л алга болох уу (Ерөнхий
захирал М.Наранбаатарыг хэлэв.). Гэхдээ өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг гэдэг.
Гэхдээ энэ өдөр утсаа авахгүй алга болно гэдэг цаана нь нуугдмал юмтай л байгаа
байхгүй юу. Тийм учраас та нар энэ ужигаа өөрсдөө арилга. Яаж арил­га­даг юм бэ
гэхээр шүүх байгаа ш дээ. Өөрсдийгөө шалгуул. Тэр 200 хэдэн сая төгрөг идсэн, уусан
нь үнэн байна уу. Үндэсний зөвлөл­дөх хороон дээр орж ирээд цаг бараад байх шаардлага
байхгүй. Ажлаа хий. Ч.Даваабаяр шалгуул. Ч.Даваабаяр ч та нарыг шалгуулаг. Аяндаа
илэрнэ. Энд бүгд өөгүй хүмүүс хүрч ирээд ярьж байгаа нь ажил хэрэг ч биш, хов. Ийм
зиндаа­ны сэтгүүлчид хов яриад. Энийгээ боль. Би хувь хүнийхээ хувьд, эр хүнийхээ
хувьд Үндэсний зөвлөл­дөх хорооны гишүүний хувьд гэж үзнэ үү, падгүй. Би хувь хүнийхээ
хувьд та нарт ингэж л хандаж хэлнэ. Бидний дунд, уран бүтээлч хүмүү­сийн дунд ийм
яриа баймгүй бай­гаа юм. Зүгээр л энэ байгуул­ла­гын нэр төрийг хөөдчихсөн юм байна.
Та нар ч бас тав зургаан телевиз дагуулж орж ирсэн нь бас л буруу зүйл. Та нар яваад
шал­гуул. Хур­дан шийд. Болдоггүй юм бол та нар сайн дураараа огцор. М.Наран­­баатар
чинь алга байна. Та нар гомдлоо гарга, шалгуул, тогтоо гүйцээ. Өөр юм байхгүй. Одоо
телевиз, радиогоор сүйд болоод байх хэрэг байхгүй. Хэвлэл мэдээллээр хэрэлдээд ч
хэрэггүй. Тэгвэл бүр онигоо шүү. Гомдлоо өгөөд урдах ажлаа хий. Нэг бай­шинд амьдарч
байгаа хүмүүс гарч орохдоо хөмсөг зөрөлдөөд, аягүй бол гар зөрчих гээд байх хэрэггүй.
Өнөөдөр М.Наранбаатар дарга нь өөрөө алга байна ш дээ. Ямар шийд гарах юм. Байсан
бол ондоо юм ярина. Энэ телевиз дунд их бугшмал юм байгаа нь ингээд нотлогдож байгаа
байхгүй юу. Тэсрээд одоо дэлбэрч байна хэмээн ярилаа. Энэ үеэр хурлын танхим чимээгүй
болж, хүмүүс түүний яриаг анхааралтай сонсч байв.

Ингээд Үндэсний зөвлөлдөх хороо хаалттай
хуралдсан юм.

Манай сонины дугаар шил­жих
мөчид МҮОНРТ-ийн Үндэс­ний зөвлөлийн хурал шийдвэр гаргаж, ирэх сарын 2-ны даваа
гаригт ээлжит бус хуралдаанаа хийхээр болжээ. Тэр хүртэл идэж, уусан гэгдээд байгаа
нөх­дүү­дийг зохих газруудаар нь шалгуулж, дараа­гийн хурал­даанд М.Наранбаатар
захирлыг заавал байлгахыг үүрэгд­жээ. Өчигдрийн хурал­даанд ерөн­хий захирал М.Наран­баатар
“Одоо очлоо” хэмээсээр байгаад сүүл­дээ утсаа ч аваа­гүй алга бол­жээ. Хаалттай
хуралдааны үеэр түүнд арга хэмжээ авах тухай санал хэд хэдэн удаа гарчээ. Дараагийн
хуралдаанд Н.Наран­баатарын  талаар авч хэлэлцэ­хээр
болсон юм байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ази Европыг холбосон авто замтай боллоо

“Аглут” ХХК-ийн захирал А.Дөл удахгүй ашиглалтад орох 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн ажлаа Ерөнхий сайдад танилцуулж байгаа нь

-АЛТАНБУЛАГ ЗАМЫН-ҮҮДТЭЙ 1100 ГАРУЙ КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОГДЛОО-

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засаг
хөгжлийн сайд Н.Батбаяр, Сан­гийн сайд Ч.Улаан, Зам тээврийн дэд сайд Х.Ержан тэргүүтэй
алба­ны­­хан Дорно­говь аймгийн Замын-Үүд, Сайншанд зэрэг сумдын бүтээн байгуу­лалттай
танилц­сан юм.

ОХУ-ААС ГАДНА ХЯТАД, СИНГАПУР,
СОЛОН­ГО­СООС ШАТА­­ХУУ­­НАА ИМПОРТОЛНО

Замын-Үүдэд шингэн түлш шил­жү­ү­лэн
ачих байгуу­ламжийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үнд­сэн­дээ дуусчээ. Өмнө
нь сар­даа 15 мянга хүрэхтэй үгүйтэй шингэн түлшийг шилжүүлэн ачдаг байсан бол ийн
өргөт­гө­снөөр 40 гаруй мянган тонн болтол нэмэг­дүүлэх боломж бүрджээ. Хэрэв энэ
хүчин чадалдаа хүрч ажил­ла­вал дотоодын шатахууны хэрэг­цээ­­ний­ тэн хагас нь
тус шил­жүү­лэн ачих төвөөр дамжих гэнэ. Шингэн түлшнийхээ 90 гаруй хувийг дан ганц
ОХУ-аас биш Хятад, Сингапур, Солонгос зэрэг бусад улсаас импортлох боломж­той болж
байгаа аж.

Ингэс­нээр “Рос­неф­ьт”-ээс импор­­тол­дог
шатахууны хэмжээ 25 хувь хүр­тэл буурах боломжтой боло­хыг албаны­хан онцолж бай­лаа.
Ерөнхий сайд Н.Алтан­хуяг “Газрын тосоо түүхий чигээр нь Хятад руу гаргаж, тэнд
нь боловс­руулан түлш болгоод эргүү­лээд татаж бай­гаа. Тиймээс бидэнд зайлш­гүй
шингэн түлш шилжүүлэн ачих байгуу­лам­жийнхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгцээ
тул­гар­­сан. Үүнийг хугацаанд нь чанар­тай хийж гүйцэтгэсэнд сэтгэл хангалуун байна”
хэмээн ярьж байв.

ЗАМЫН-ҮҮДЭД БҮТЭЭН БАЙ­­­­­ГУУЛАЛТ
ИД ӨРНӨЖ БАЙНА

Замын-Үүдэд бүтээн бай­гуу­лалт ид
өрнөж байна. Тод­руул­бал 960 хүүхдийн сур­гууль, 150 хүүх­дийн цэцэрлэг, 100 ортой
эмнэл­гийн бари­л­га, дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламжийн ажил ид үргэлжилж
байна. Ус цэвэршүүлэх байгуу­лам­жийн ажил дуусах шатан­даа орсон бол чөлөөт худалдааны
бүс байгуулах төсөл эхлээд удаагүй байгаа юм. 
Сургууль, цэцэр­лэг, эмнэ­лэг, дулааны цахил­гаан станцын байгууламжуу­дыг
ирэх хавар ашиг­лалтанд хүлээлгэж өгөх гэнэ. Барилгын ажил хуваарийн дагуу хэвийн
үргэлжилж бай­гаа хэмээн гүйцэтгэгч компа­нийн удирд­лагууд уламжил­сан юм. Гүйцэтгэлээ
хянуулж, да­раагийн шатны санхүүжилтээ авахаар олон дарга нарын үүд сахиж, бага­гүй
хугацаа алддаг гэж компанийнхан ярьж байсан. Засгийн газрын тэргүүн ч энэ асууд­лыг
нааштайгаар шийд­вэ­р­­лэн, хүнд суртлыг халахын төлөө ажиллана гэдгээ мэдэг­дэв.
Хятадаас Монголын Зас­гийн газар 300 сая ам.дол­ла­рын хөнгөлөлт­тэй зээл авс­наас
58 сая ам.доллар буюу 90 гаруй тэрбум төгрөг нь Замын-Үүдийн энэ бүтээн байгуу­лалтад
“шингэж” байгаа аж. 

Н.АЛТАНХУЯГ: ГААЛИЙНХАНД ҮҮГЭЭР
МАШИН ГАРГАХ СОНИРХОЛ АЛГА

Замын-Үүдэд 2011 онд улсын төсвийн
хөрөнгө оруу­лал­таар том оврын автома­шиныг шалган нэвт­рүү­лэх тоног төхөөрөмжийг
суури­луул­сан хэдий ч одоогоор нэг ч ашиглагдаагүй байна. Учир нь тухайн үед хилийн
зурвас хоорон­дох 11 км хүнд даа­цын автома­шины зам бариг­даагүй байсан аж. Харин
энэ жил тус замыг барьж дуус­гаад суурилуулсан тоног төхөө­рөм­жөө ажиллагаанд оруу­лах
гэтэл ашиглаагүй удсан учраас зарим тохиргоо нь алдагджээ. Түүнчлэн арваад сая төгрөгийн
тохи­жил­тын ажил дутуу байгаа аж. Суурилуулж өгсөн компани нь Бээжинд төвтэй Хятадын
ком­па­ни бөгөөд мэргэжилтнээ ирүүлэх хүсэлт өгчихөөд бай­гаа гэнэ. Ерөн­хий сайд
Н.Алтанхуяг энэ байдалд ихэд сэтгэл дундуур байгаа­гаа нуусангүй. Тэрээр “Хонх нь
бай­хаар дамар нь таг, дамар нь дуу­гарахаар хонх нь таг гэдэг л болж байх шив дээ.
Үүнийг бари­хад гурван тэрбум төгрөг зарцуулсан. Ажил­лах­гүй, ашиг­лахгүй болохоор
ямар хэрэг байх вэ. Өнгөр­сөн хавар ирэ­хэд “Бид ачаа­ны автомашины тэвшин дэх зүйлсийг
явуут дунд нь хардаг рентген аппарат суурилуу­лчи­хаад авто замтай болохыг хүлээж
байна. Замыг нь тавиад өгчихвөл Замын-Үүд дээрх автомашин урсга­л түгжрэл энэ тэр
арилах гээд байна” гэсэн. Замтай болгоод өгсөн чинь суури­луул­сан тоног төхөөрөмж
нь ажиллахгүй болчихдог. Ерөө­сөө гаалийнханд үүгээр машин гаргах сонирхол алга.
Дээр нь ийм ч ажил нь дутуу, түүнийгээ ч хийгээгүй гээд шалтаг тавина. Гурван тэрбум
төгрөгөөр бүтээн байгуулалт хийчихээд ашиг­лах гэхэд 10 сая төгрөгийн тохи­жил­тын
ажил нь дутуу гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгж яривал орон нутгийн чинь төсөвт зөвхөн
хилээр гарч орох иргэдээс авдаг 1000 төгрө­гийн хураамж сардаа 50-60 сая төгрөг
болдог шүү дээ. Тэр мөнгийг захиран зарцуулах эрх нь орон нутагт бий. Мөн­гөгүй
гээд шалтаг тоочихын­хоо оронд болгоё, хийе, бүтээе гэсэн эерэг сэтгэлгээ­тэй баймаар
байна” гэсэн юм. Ирэх сарын 1 гэхэд тус тоног төхөөрөмжийн тохиргоог нь хийл­гэн
ашиглаж өгнө хэмээн холбог­дох албаныхан Ерөн­хий сайдад амлалаа. Ерөн­хий сайд
ч тухайн үед нь амлалтандаа хүрсэн эсэхийг шалгахаа сануулав.

ЗАМЫН-ҮҮД САЙНШАНД, САЙНШАНД ХАМРЫН
ХИЙД ЧИГЛЭЛИЙН ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТОЗАМЫГ НЭЭЛЭЭ

Ерөнхий сайдыг Дорно­говь аймагт ажиллах
үеэр хоёр ч чиглэлийн авто замын албан ёсны нээлт болсон юм. Үүнд Замын-Үүд Сайншанд
чиглэлийн 116 км, Сайншанд Хамрын хийд хоорон­д 42 км хатуу хучилттай авто за­мыг
тус тус албан ёсоор нээсэн юм. Замын-Үүд Сайншандыг хатуу хучилттай авто замаар
хол­босноор Замын-Үүдээс Алтан­булаг боомт хоорон­дын 1100 гаруй км авто зам бүрэн
хатуу хучилттай болж байна. Энэ нь Европ Азийг холбосон Азийн авто замын сүл­жээний
хам­гийн дөт зам болж байгаа­гаараа давуу юм. Энэ 116 км авто замын нийт өртөг нь
35 сая ам.доллар.  Азийн хөгжлийн банк­ны
буцалт­гүй тусламж болон зээлийн санхүү­жилтээр China machinery industry
construction компани ийн барьж ашиглалтад оруулжээ.

Харин Сайншандыг Хам­рын хийдтэй
42 км хатуу хучилт­тай авто замаар холбо­сон нь аялал жуулчлалын чухал ач холбогдол­той
аж. Нийт 16.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий тус замын гүйцэт­гэгчээр нь ӨМӨЗО-ы
“Хинчан” барилга угсралтын компани, “За­мын битум” компа­нитай хамтран ажил­ла­жээ.
Аялал жуулчлалыг хөгжүү­лэхээс гадна байгаль орчинд чухал ач холбогдол­той гэдгийг
Зам тээврийн  дэд сайд Х.Ержан онцолж байсан
юм. Тэрээр экологийн тэр дундаа хөрс­ний эмзэг бүтэцтэй говийн хувьд Хамрын хийдийг
үзэж сонир­хохоор жуулчин, сүсэг­тэн олон шороон замаар тоос татуулан давхицгаа­даг
асан “хэцүү” цаг ард хоцор­сонд талархаж байгаагаа уламжилсан юм.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

З.Энхболд: Ирэх жилийн төсөвт гомдолтой олон хүн байгаа

УИХ-ын дарга З.Энх­болд өчигдөр
“TV5” те­ле­визийн “УИХ-ын дар­га ба иргэд, сэтгүүл­чид” нэвтрүүлэгт орол­цож цаг
үеийн асууд­лаар ярилцлаа. Уг нэвтрүүлэгт “Өдрийн сонин”, МҮОНРТ,  “ETV”, 
“TV5”, “Eagle” теле­визийн сэтгүүлчид бо­лон  Хан-Уул дүүргийн иргэд оролцсон юм. Энэ­хүү нэвтрүүлэг
арваннэгдүгээр сарын 26-нд буюу анхдугаар Үндсэн хууль баталсан өдөр олон нийтэд
хү­рэх ажээ. Сэтгүүлч­дийн асуултад УИХ-ын дарга З.Энхболд хэрхэн хариулсныг бүрэн
эхээр нь хүргэж байна.

-УИХ ирэх оны төс­вөө баталлаа.
Төсвийн тухайд УИХ-ын гишүүд янз бүрийн байр суурь­тай байна. УИХ-ын дар­гын хувьд
ямар дүг­нэлт өгч байгаа вэ?

-Төсөв батлах гэдэг бол УИХ-ын тухайн
жи­лийн хамгийн чухал ажил байдаг. Өнөө жил энэ чухал ажлынхаа ард хуу­лийн хугацаандаа
багтаж гарлаа. Олон шинэлэг зүйлийг хийсэн учраас өнөө жилийн төсөвт гом­долтой
хүмүүс их байгаа. Засгийн газрын хувьд төсвөө их тануулсан. Олон обьектын хөрөнгө
оруулалтыг царцаасан учраас барилгын компа­ниуд ч их дургүй байгаа. Олон жил явж
ирсэн зар­чим нь өөрчлөгдсөн. Урьд жилүүдэд УИХ цаг хуга­цаанд хавчигдаад хүссэн
болгонд нь мөнгө өгдөг байсан. Өнөө жил энэ байдлыг халлаа. Үүнийг иргэдэд тайлбарлах
зорил­гоор гишүүд хөдөө явж эхэлсэн. Нэг үгээр хэлбэл хүмүүсийн олон жил тогтсон
зарчмыг өөрч­лөн гомдолтой үл­дээж,  төсвийг
шат ша­танд нь нээлттэй хэлэлцсэн.

-Улсын төсвийг хэ­лэлцэх үеэр байнга
ша­хам гардаг нэг шүүмж бий. Тэр нь батлагдсан төсвийн хэрэгжилтэд УИХ хяналт тавьж
байх. Гэтэл УИХ энэ ажлыг хийж чаддаггүй гэдгийг Төсвийн байнгын хороо­ны дарга
хүлээн зөв­шөөрсөн. Харин та УИХ-ын даргын хувьд ямар бодолтой байдаг вэ?

-УИХ-ыг Засгийн газ­рынхаа халаасанд
орсон гэх мэтээр хэлж байна. Өнөөгийн байдлаар УИХ бие дааж үйл ажиллагаа явуулж
буй нь харагдаж байгаа. Жишээлбэл, ирэх жил дарга нарын гадаад, дотоод томилолтыг
хас­сан байгаа. Ингэснээр төсөвт хэмнэлт гарна. Гаргасан хэмнэлтээрээ сургууль,
эмнэлэг, цэцэр­лэгийн барилга барина. Тэр бүү хэл зарим сал­барын хөрөнгө оруулалт
тэр чигээрээ хасагдсан. Тухайлбал, МХЕГ, Гаалийн ерөнхий газрын хөрөнгө оруулалтыг
тэг болголоо. Үүнд сайд нар их дургүй хандаж байгаа. Энэ нь УИХ Засгийн газ­раа
хянаж чадаж байна уу, үгүй юу гэдгийн ха­риулт болно. Ийм зарч­маар олон асуудлыг
шийд­сэн. Сайд нар дургүй байна гэдэг нь УИХ хийх ёстой ажлаа хийж байна гэсэн үг.

-“Том төрөөс ухаа­лаг төр рүү”
гэсэн уриаг Ерөнхийлөгч гаргаж тави­лаа. Өнөөдөр бүх эрх мэдэл УИХ дээр төвлөрч
байна. Ухаалаг төртэй болохын тулд та юуг чухалчлах вэ?

-Улсын төсөв батлагд­саны маргааш
“Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн уриаг дэвшүүлсэн хурал болсон. Улсын төс­вийг
арваннэгдүгээр сарын 15-нд батлахдаа “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн ажлыг хийчих­сэн
байгаа. Жишээлбэл, МХЕГ-ын олон тэрбум төгрөгийн төсөв хэрэггүй гээд хассан. Энэ
байгуул­лага ирэх жил татан бууг­дах гэж байгаа учраас төсвийг нь хассан гэсэн үг.
Мөн ирэх жил Гаалийн ерөнхий газрын хөрөнгө оруулалтаар баригдах бүх ажлыг хассан
байгаа. Яагаад вэ гэвэл гааль дахиж өөрийн гэсэн хө­рөнгөтэй байхгүй. Боом­тын захиргаа
гэж бай­гуулаад бүх хөрөнгийг нь шилжүүлж байгаа. Тэгээд Боомтын захиргаа тэр гаалийн
барилгыг нь барих уу үгүй юу гэдгийг нь шийдэх учраас хасах юм. Хамгийн гол шинэч­лэл
нь УИХ дээр төсвөөр дамжиж хийгдэнэ. Ши­нэчлэл хийх хүсэлтэй, хүслээ биелүүлж байгаа
байгууллагуудыг урам­шуулж төсөв тавина. Эс бөгөөс “уучлаарай” гэдэг зарчмыг энэ
Их хурал хийж байгаа. Цаашид сайжруулах олон асуу­дал бий. Мянган хүнтэй суманд
гурван зуун хүний суудалтай соёлын төв барих шаардлага байна уу, үгүй юу гэдгийг
асууна. Ингэхгүйгээр бүх сумын төв адилхан Соёлын төв­тэй байх ёстой гээд төсөв
тавиад байтал мянган хүнтэй суманд 300 хүний суудалтай Соёлын төв баригдаж байна.
Тэгэхээр төсвийн мөнгөн дээр ухаа­лаг төрийн хамгийн эхний шийдлүүд орчих­сон явж
байгаа юм. 240 обьектын 200 гаруй тэр­бум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт цар­цааж
тэг болгосны учрыг олох гээд байгаа юм. Таг­нуулын  ерөнхий газрын байшинг барьж дуусга­хад дахиад
л олон тэрбум төгрөг шаардаж байна. Үүний оронд тэр барил­гыг худалдаад хуучин бай­шиндаа
багтвал ямар вэ гэдэг асуудлыг л ярьж байгаа. Ерөнхийлөгчийн ярьсан ухаалаг төрийн
зарчмууд энэ УИХ-аар хийгээд явж байна.

-Гишүүдийн мөнгө гэгддэг нэг тэрбум
төг­рөгийн асуудал далд утга руугаа орчихсон юм шиг. Гишүүдийн тэр­бум төгрөг танагдсан
уу?

-Өнгөрсөн 2012 оны УИХ-аас эхлээд
үүнийг болиулсан. Учир нь АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “… гишүүд тө­сөвт
мөнгө суулгаж өөрийн­хөө нэрээр тууз хайчилдгаа болих хэрэг­тэй” гэж үзсэн.  Хамгийн эхлээд УИХ өөрөөсөө мөнгө хэмнэсэн. Гурван
тэрбум зургаан зуун ар­ван долоон сая төгрөгөөр тоног төхөөрөмж буюу чуулганы танхим,
байн­гын хорооны дөрвөн заа­ланд телевиз, санал ху­раах төхөөрөмж, хурууны хээгээр
ирц бүртгэдэг аппа­рат зэргийг авахаар байсан. Энэ бүгдийг бу­цаа­сан. Дараагийн
хас­сан мөнгө нь Үндсэн хуу­лийн Цэцийн мэдээллийн технологи цахилгаан хан­гамжид
төсөвлөгдсөн байсан 1.7 тэрбум төгрөг байгаа. Есөн гишүүнтэй Цэц 1.7 тэрбум төгрөгөөр
компьютер авч болохгүй. Энэ мэтээр бүх байгуул­лагуудын мөнгө хасагдаж байгаа. Мөн
улс даяар 1.1 их наяд төгрөгийн хөрөн­гө оруулалт хийгдэж бай­на. Үүнийг бүх тойрогт
хувааж үзвэл их хэм­жээ­ний мөнгө болно. Гэхдээ УИХ-ын гишүүний орол­цоо байхгүй
болж бүх эрх мэ­дэл Засгийн газарт шил­­жиж байгаа. Ийм заагийг энэ Их хурал тодорхой
болгосон.

-Сая төсөв хэлэлцэ­хэд Монгол Улсын
өрийн босгыг 60 хувь хүргэх гэсэн ч дэмжлэг аваагүй. Ер нь байдлыг ажиглахад улсын
төсөв урсгал засвар хийгээд өнгөрдөг. Харин томоо­хон бүтээн байгуулал­тыг эхлүүлж
чаддаггүй. Саяын энэ шийдвэр бүтээн байгуулалтыг хязгаарлаж байгаа юм шиг харагдаж
байна?

-УИХ гадаад өрийг өнөөгийн хуулинд
байгаа түвшингээс хэтрүүлэхгүй байхаар шийдсэн. Энэ хууль УИХ-ын гишүүдийн гуравны
хоёр хувийн саналаар гардаг учраас бид МАН-ын гишүүдийг яаж ч чадалгүй зөвшөөр­сөн.
Уг нь Засгийн газрын мөрөөдөл нь хоёр тэрбум ам.доллар гаргах бай­сан. Гэхдээ зээлгүйгээр
амьдар гэж хэлж байгаа учраас өөр яах ч арга байхгүй. Өрийн босго 40 хувь гэдэг
тоо хоёр зүй­лээс хамаарч байгаа. Жил бүр гадаад өрөө төлж байгаа. Тэр хэмжээ­гээр
өрийн хэмжээ багасч байна. Мөн ДНБ жилд багадаа 10, ихдээ 15 хувиар өсч байгаа учраас
энэ завсраар бонд гаргах боломж нээгдэнэ. Гэхдээ энэ нь тэрбум ам.долла­раар хэмжигдэхээр
их байж чадахгүй.

-Нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа
бүх зүй­лийг УИХ-д улстөр­чид их хэмжээний мөн­гө хаяж орж ирсэнтэй холбон тайлбарладаг.
Сонгуулийн үеийн хөрөн­гө оруулалт, улс төрийн намуудын сан­хүүжилтийн асуудлыг
шийдэхийн тулд хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Энэ асуудал Сонгуу­лийн хуультай шууд хол­боотой. Сонгуулийг
их мөнгөөр хийдгийг бо­лиулж байгаа. Шинээр олон зүйлийг хийж эхэл­сэн ч хүссэн
хэмжээнд хүрээгүй. Улс төрийн намын санхүүжилтийг сон­гуулийн хуулинд тусга­сан.
Гэхдээ дахиад сайж­руулж, төгөлдөржүүлэх ажлыг хийж байгаа. Гадаад орнуудад их,
бага мөнгөөр сонгууль явуул­даг зарчимд шилжиж бай­на. Тэгэхээр 2016, 2017 оны сонгууль
мөнгө бага зарцуулсан, зар­цуул­сан мөнгөө хаанаас яаж олсноо тайлагнадаг хуулиар
явна. УИХ, орон нутгийн сонгуулийг тусад нь хийдэг байсныг болиу­лахаар санал оруулсан.
Энэ нь дахиад л мөнгө хэмнэж байгаа юм. 

Айлуу­дад нэг ухуулах хуудас тараахдаа
сум, аймаг, УИХ-д нэр дэвшиж бай­гаа нэр дэвшигчдийг танилцуулсан байхаар тооцож
байгаа. Хэрвээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадвал багийн Засаг даргад өрсөлдөгч­дийг
ч тухайн ухуулах хуудсанд багтаана. Ингээд шат шатанд нэр дэвшигч­дийг санал тоо­лох
автомат машин унш­даг байхаар тооцож бай­на. Хичнээн олон сонгуу­лийг нэг өдөр явуулна
төдий чинээ их мөнгө хэмнэнэ гэсэн үг. Ийм ажлуудыг хийж байна даа.

-Төмөр зам гэх мэт том бүтээн байгуулалтаа
яах ёстой болж байгаа вэ?

-Том бүтээн байгуулалтыг төсвөөр хийх
боломжгүй. Үнийн дүн нь хэт их. Ирэх жилийн төсвөөр бид нэг сая ам.доллараар бүтээн
байгуулалт хийхээр төлөвлөсөн. Гэтэл нэг км төмөр замын өртөг нэг сая ам.доллар
болчихоод байна. Тэгэхээр олон км зам төмөр зам тавьж байгаа нөхцөлд хөрөнгө оруулалт
татаж хувийн компаниу­даар бариулж, түүгээрээ мөнгөө төлж болдог хөрөнгө оруулалтын
арга руу шилжихээс өөр аргагүй болж байна.

-Ам.долларын ханшийг ирэх жил
1384 төгрөгөөр тооцсон нь төсөв батлагдсаны дараа ч гэсэн яригдаж байна. Гадаад
өрийг төлсөн тохиолдолд ч энэ байдал нь эргээд төсөвт дарамт болох юм биш биз?

-Ам.долларын ханшийн хувьд түр зуурын
байдал. Доллар бол чөлөөтэй хөрвөж байх ёстой ба­раа. Тиймээс ирэх жилийн орлого,
зарлагаа тооцож байгаа ханшийг нь тодорхойлсон. Харин улсын гадаад өр төлөгдөхөд
илүү төгрөг л урсана гэсэн үг. Ер нь орон сууцны найман хувийн зээлтэй  үүнийг харьцуулж үзээд байгаа юм. Нэг өрх найман
хувийн зээл гарахаас өмнө баруун зүүнээрээ наймаалцдаг байсан. Тэгэхэд хүн байртай
болох магадлал бараг байхгүй байсан. Харин найман хувийн зээл гарснаар иргэдийн
ажилтайд итгэж байгаа учраас банк зээл өгч эхэлсэн. Ямар нэгэн хөрөн­гө барьцаалалгүйгээр
байртай болж байна. Өнгөрсөн хорин жил байр худалдаж авахдаа мөнгийг нь тоолж өгдөг
байсан нь зээлгүй, бонд гаргаагүй Монгол Улсын жишиг. Харин найман хувийн зээл­тэй
хүн бондтой Монгол Улсын жишээ. Ирэх жил МАН-ын бүлгийн саналаар хоёр тэрбум төгрөгийн
бонд гаргахгүй болсон гэдгийг нэг өрхтэй дүйцүүлж үзвэл найман хувийн зээлгүй өрх
гэсэн үг. Уг нь бонд гэдэг хүн айх зүйл бус улс орны хөгжлийг түргэсгэдэг  хэрэг­сэл. Гэхдээ УИХ-ын гишүүд бондын тухай хууль,
Өрийн менежментийн тухай хуулийг гаргасны дараа энэ асуудлыг дахин хэлэлцэж болох
юм гэж үзсэн.

-Авлигажсан төсвийн тухай яриад
эхэллээ. Энэ жилийн төсвийг авлигажсан, авлигажаа­гүй гэж байна. Энэ асуудлыг яаж
харж байгаа вэ?

-Ерөнхий сайд арга ядахдаа авлигажсан
төсөв гэж хэлсэн. Анх гурван тэрбум төгрөгөөр барих тооцоотой байсан обьект өнөөдөр
30 тэрбум болчихоод хугацаандаа дуусахгүй, жил бүр мөнгө нэхээд байхаар нь ингэж
хэлэхээс өөр арга байгаагүй гэдгийг хэлж байна билээ. Үүнийг УИХ тасалж өгөхгүй
бол үргэлжилсээр байх болно. Таслан зогсоох ажлыг УИХ хийсэн. Одоо төсөв хэтэрсэн,
хугацаа хэтэрсэн ажилд хэн ямар буруутайг нь шалгаж байна. Жил бүр төсвийг нь нэмж
өгдөг байсан УИХ буруутай юу, буруутай. Захиалагч нь УИХ-ын зөвшөөрсөн нэг давхар
бай­шинг хоёр давхар болгож өөрчил­дөг яамд, жил бүр мөнгө нэмж авдаг гэрээнийхээ
үүргийг биелүү­лээгүй компани буруутай юу буруу­тай. Энэ олон буруутай хүмүүсийн
хэн нь хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг тодруулсны дараа дууд­лагаар зарах эсвэл
нэмэлт хөрөнгө оруулалт хийж үргэлжлүүлэхийг нь шийднэ. Харин компани буруутай байвал
хар дансанд орж улсын ажил дахиж хэзээ ч авахгүй болно. Бас хар дансанд оруулчихаад
байхад өөр компани байгуулж орж ирээд байдаг явдлыг зогсоохын тулд тухайн эзэмшигчийн
регист­рийн дугаарыг бүртгэлд оруулж өгөх юм. УИХ өөрөөсөө эхэлж алдаагаа засч байгаа.
Дахин цаг хугацаанд хавчигдаж авлигажсан төсвийг баталж өгөхгүй гэдэг дээр бүх гишүүн
санал нэгдсэн.

-Цалин тэтгэврийг нэмэгдүү­лэхээр
200 гаруй тэрбум төгрөг суусан. Үүнийг хэзээ олгож эхлэх бол?

-Засгийн газар төсвийн хуулийг өргөн
барихдаа цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор 200 тэрбум төгрөг төсөвлөн оруулж
ирсэн. Хэлэлцүүлгийн үед 35 тэрбум төгрөг нэмж тэтгэврийг ирэх жил 10 орчим хувиар
нэмэхээр болсон. Яг хэзээ тэднээс тэтгэврийг нэмэх талаар санал хураалт явуулаагүй
учраас сайн мэдэхгүй байна. Бод­вол ирэх нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүү­лэх байх.
10 хувийн цалин тэтгэв­рийн нэмэгдэл нь инфляцийн түв­шин­гээс хамааран гарч байгаа
асуудал. Өмнө нь инфляц өсөх бүрт цалин, тэтгэвэр нэмж байсан нь буруу гэсэн дүгнэлтэд
хүрч байна. Цалинг 30 хувиар нэмчи­хээд л дэлгүүр ороход барааны үнэ 30 хувиар нэмэгдсэн
байдаг нь утгагүй тогтолцооных. Үүний оронд инфяцийн түвшин, хөдөлмөрийн, бүтээмжтэй
уяж цалин, тэтгэвэр нэмж байна. 

-Инфляц 10 хувийг зааж бай­гаа
ч бүтээгдэхүүний үнэ 20 ху­виар өссөн нь тогтоогдсон. Тө­сөвт тодотгол хийхдээ цалин,
тэт­гэврийн асуудлыг авч үзэх үү?

-Цалин, тэтгэвэрийг хязгааргүй нэмж
болохгүй. Одоохондоо 100 гаруй мянган төрийн албан хааг­чийн, 100 гаруй тэтгэврийн
насных­ны асуудлыг ярьж байгаа. Гэтэл 1.2 сая хүн ажил хийж байна. Төрийн албан
хаагчдын цалинг нэмээд байхаар хувийн хэвшил чирэгдэнэ гэсэн үг. Цалингийн өсөлт
ийм аюултай. Төрийн албан хаагчдыг харахаасаа илүү нийт эдийн засгаа бодох ёстой.

-Жил бүрийн намар төсвийн бүрдүүлэлт
тасарч тодотгол хийдэг. Бас царцаасан барилгуу­дын асуудлыг шийдэхээр тодот­гол
хийнэ. Эндээс ирэх оны төсөвт хоёр удаа тодотгол хийнэ гэж харж болох уу?

-Төлөвлөсөн экспортоо хийнэ. Гэхдээ
үнийг нь бид хянаж чадах­гүй. Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ буурвал
төлөв­лөж байсан орлого буурна. Энэ асуудал төсвийг тодотгох хэмжээнд хүрэх эсэхийг
мэдэхгүй байна. Ер нь төсөвт тодотгол хийх хийхгүйг хэн нэгэн дураараа шийддэггүй.
Юуг баталгаатай хэлж чадах вэ гэвэл төлөвлөгөөт бүтээгдэхүүнээ гадны зах зээлд нийлүүлдгээрээ
нийлүүлнэ.

-Та төсвийг танаж хэрэгтэй зүйлд
нь зарцуулахаар хууль­чилсан гэлээ. Тэгвэл та ирэх жил хэдэн төгрөгийн төсөв зарцуулах
юм бол. Өнгөрсөн жил хэдэн төгрөг зарцуулав?

-УИХ-ын төсөв 2013 онд 17-18 тэрбум
төгрөг байсан. Гадаад томилолтоо буцаан, 20 хүн цомхот­гон, гишүүн сайдын цалинг
Засгийн газарт шилжүүлж 1.7 тэрбум төгрөг буцааж өгсөн. Харин ирэх онд 20 орчим
тэрбум төгрөгийн төсөв төлөвлөгдсөн. Гишүүдийн тойрогт ажиллах мөнгө гэж 2.5 тэрбум
төгрөг нэмсэн урчаас ингэж өссөн.

-Өсөн нэмэгдэх роялтын татварыг
2.5 хувь болгоно гэж ярьж байна. Үүнийг Оюу толгойд зориулсан хууль гэсэн шүүмж
байгаатай та санал хийлэх үү?

-Алтны худалдааны ил тод байдлын тухай
хуулийг хэлэлцэж байгаа. Үүн дотор манай алтны татвар өндөр учраас Монголбан­кинд
тушаахгүй байна. Тиймээс Монголбанкинд тушаавал 2.5 ху­вийн татвар, өөр газарт тушаавал
өндөр татвар төлөх зарчмын асууд­лыг ярьж байгаа. Мөн Оюу толгой хамгийн том алт
олборлогч болчихож байгаа. Оюу толгойн алт Монголд үлдэх хэрэгтэй байгаа юм. Хятадын
төв банкинд орчихвол монгол төгрөгөн дээр гарах гэж байсан эерэг үр дүн юань руу
шилжчихэж байгаа юм. Хятадын татвараас бага болгож байж Оюу толгойн мөнгө Монголд
үлдэнэ гэсэн үг. Гишүүд жилдээ 80 сая ам.доллар авна гэж үзвэл татвар буурахгүй
байх. 80 сая ам.долла­раа алдаад нэг жилд тэрбум ам.долларын алт Монголбанкны подвальд
авах хэрэгтэй гэж үзвэл хууль батлагдах байх. Төгрөгийн ханш ямар байхыг Монголбанкны
подвальд хадгалагдаж байгаа алт тодорхойлдог. Тийм учраас ийм хууль ярьж байна.  

-УИХ-ын гишүүн Р.Амар­жар­гал бүрэн
эрхээсээ татгалзах хүсэлтээ танд хүргүүлсэн. Энэ асуудлыг хэзээ хэлэлцэх бол?

-Р.Амаржаргал гишүүний асууд­лыг УИХ
дэгийнхээ дагуу удахгүй хэлэлцэнэ. Гэхдээ Р.Амар­жаргал гэдэг нэртэй хүн очоод сонгогдчихоогүй.
АН-аас Ерөнхий сайд хийж байсан. АН-аас нэр дэвшүүлсэн, сонгуулийн хуудсан дээр
нь Р.Амаржаргалын нэрийн ард АН гэж тодорхойлсон учраас энэ суудал түүний хувийн
өмч биш. Тиймээс намын бүлэг энэ асуудалд нь “үгүй” гэж хэлсэн байгаа.

-Явах хүнээр ачаа бүү татуул гэсэн
үг байдаг. Бас УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзсан хүн Р.Амаржаргал ганцаараа биш.
У.Хүрэлсүх л гэхэд сүүлийн жишээ. Яагаад түүнийг авч үлдэх гээд байгаа юм?

-У.Хүрэлсүхийг явахад МАН-ын бүлэг
кноп дараад гаргачихна билээ. УИХ-д байх хэрэггүй гэж үзсэн юм уу, бид сайн ойлгоогүй.
Харин АН-ынхан Р.Амаржаргалыг байх ёстой л гэж үзэж байгаа. Энэ хүн сонгогчдодоо
амласан амлал­таа биелүүлэх үүрэгтэй. Зүгээр гүйж байгаад УИХ-ын гишүүн болоо­гүй,
Сүхбаатар дүүргийг хөгжүүлнэ гэж байгаад л УИХ-д орж ирсэн.  

-Ирэх жилийн төсвийг илүү чанартай
батлагдах болов уу гэж байтал батлагдахаасаа өмнө тодотгол хийх нь тодорхой бол­сон.
Батлахаасаа өмнө тодотгол хийнэ гэсэн санал гарсанд ямар тайлбар өгөх вэ. Энэ мэт
шалт­гаа­наас бол Р.Амаржаргал ги­шүүн бүрэн эрхээсээ татгалзаж байгаа гэсэн?

-Энэ бол авлигажсан төсөвтэй тэмцэж
байгаа бидний арга. Үгүй бол хуучин шигээ явах боломж байгаа. Хуучин замаараа замнаа­гүй
учраас ийм алхам хийхээс өөр арга байхгүй. Р.Амаржаргал эндээс явчихвал энэ бүхэн
сайхан болчихгүй.   

-М.Энхболд АН-тай хамтар­сан Засгийн
газар байгуулна гэж хэлсэн. Үүнийг улс төрийн ямар тооцоолол дээр үндэслэж хэлсэн
юм бол?

-Манай намын дарга хэлэхдээ “МАН-ын
дарга тийм зүйл яриагүй” гэсэн. Тэгэхээр худлаа үг болж таарч байна.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Монголд орчин үеийн театр нээгдлээ

Д. Богославский. “Хүн хүний хайр” жүжгийн хэсгээс

-ЖҮЖГҮҮДИЙН ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН НЭЭЛТИЙГ ЭНЭ САРЫН 22-24-НИЙ ӨДРҮҮДЭД
“Black box” ТЕАТРТ ХИЙХ ЮМ БАЙНА-

Зураач, найруулагч С.Мяг­марын
“Black box” театр Японы нэрт зохиолч Акатугавагийн “Ши­рэнгэнд”, Францын зохиолч
Э.Инэскугийн “Сандлууд”, Оросын зохиолч Богославскийн “Хүн хүний хайр” хэмээх гурван
жүжгийг тайз­наа тавьж бямба гаригт анхны тоглолтоо хийв. Сонгодог, абсурд, реалист
энэ гурван жүжгийн  ерөн­хий найруулагч, арт
зөвлөх, ерөн­хий зураачаар С.Мягмар ажиллаж, ОХУ-ын Буриадын төрийн шаг­налт, найруулагч
Олег Юмов хамтран ажиллажээ. Үүгээр Мон­голын театр урлагт анхны орчин үеийн театр
үүд хаалгаа нээлээ. Монголчууд бид бултаараа зөвхөн уламжлалт сонгодог театрын үзэгчид
учраас Монголдоо энэ анхных болж байна. Гучин хэдэн оны Бөмбөгөр ногооноос жаран
хэдэн онд эмхэлсэн Дуурь ба­летын, Драмын, мөн Хүүхэд залуучуудын, Хүүхэлдэйн театрыг
хүртэлх ная гаруй жилийг үдсэний дараа модерн театр гарч ирж байгаа нь үнэн хэрэгтээ
Монголын театр урлагт гарч буй хувьсгал юм. “Black box”-ынхон театрын шинэч­лэлийн
бодлогоо зарлаж буй дээрх гурван жүжгийн талаар одоо сонирхуулъя.

БИДЭНД “ҮНЭН” БИЙ ЮУ?

“Black box” орчин үеийн театрын анхны
бүтээл “Ширэнгэнд” жүжиг юуг өгүүлж байна вэ. 
“Бидний амьд­ралд “үнэн” бий юу?” “Эсвэл үнэн үгүй юу?”, “Үнэн гэж чухам
юу вэ”, “Хүмүүс үнэнийг ойлгодог уу” гэсэн асуул­туудыг үзэгчдэд тавьж байна. Акатугавагийн
бүхий л зохиол энэ асуултад төвлөрч байдаг гэж най­руулагч нар нь хэллээ. Уг жүжгийг
орчуулагч Б.Батаагийн орчуулгаар үзэгчдэд хүргэж буй аж.

 Жүжгийн үйл явдалд амьд хү­мүүс үнэнийг хайж, түүнд
үхсэн хүн ч оролцож байна.  Үнэнийг бүгд эрж
хайх боловч хэн нь ч бодит үнэнийг олсонгүй. “Жүжгийг үзээд хэн боловч мэлрэн гайхаж,
амьд­ралдаа эргэлзэх болно. Энэ  эргэл­зээ
л амьдралын хоосон чанарын тухай эргэцүүлэл ажээ. Дандаа гоё сайхан юмны тухай өгүүлдэг
манай сүрлэг бадрангуй урлагийнхан нэгийг бодож, сүрлэг бадрангуй амьдарсаар ирсэн
үзэг­чид нэгийг санах биз ээ” гэж С.Мягмар найруулагч онцоллоо.

Амьдралын баригдашгүй үнэ­нийг, хүний
тодорхой бус мөн чана­рыг онцолсон ийм жүжиг, өөрөө тэр жүжгийн үйл явдалд оролцож
буй мэт мэдрэмж тө­рүүлж, үзэгчдээ жүжигт шууд татан оруулж буй чөлөөтэй дэг най­руулга,
тайз сэлтээр үзэгчид үнэ­хээр ангаж цангажээ. Үзэгчид бид театраас юу хүсч очдогоо
“Black box” орчин үеийн театрт нэг өдөр гурван жүжиг үзэж өнжихдөө илүү тодорхой
мэдэж авлаа.

АБСУРДААР ОРШИХ БИДНИЙ АМЬДРАЛ 

“Black box” театрын хоёр дахь жүжиг
абсурд хөтөлбөр нь энэ өдөр бүгдийг “ангайлгаж” орхив.  Энэ нь анти театрыг үндэслэгч Францын жүжгийн
зохиолч Эжен Инескугийн “Сандлууд” хэмээх эмгэнэлт инээд­мийн жүжиг байлаа. “Ертөнц
абсурд шинжтэй, түүнийг гагцхүү эмгэнэл инээдэм хоёрын дундах урлагийн хэлбэрээр
л илэрхийлж болно” гэж зохиолчийн хэлснийг С.Мягмар найруулагчийн театр онцолж байна.
Энэ жүжгийг ерөнхий найруулагч С.Мягмар өөрөө орчуулжээ.

Жүжигт 90 гаруй настай өвгөн, эмгэн
хоёр, 40-45 настай уран илтгэгч гэсэн гурван бодит дүр, мөн үзэгчдэд харагдаж үзэгдэхгүй
олон дүр гарч байна. Абсурд гэхээр манайхан ойлгомжгүй зүйл гэж бодоод байдаг. Тэгвэл
хамгийн ойлгомжтой, хамгийн тод томруун нь “Сандлууд” жүжиг байлаа. Үзэгчдэд хамгийн
их таа­лагдсан нь ч энэ “Сандлууд”. Дэг найруулгаараа Монголдоо анх удаа абсурдизмыг
бүрэн утгаар нь ха­руулж буй юм. Тайзыг театрын байшинд байдаг тавцан гэж эндүүрдэг
хүмүүс цөөнгүй байдаг. Үнэн хэрэгтээ жин­хэнэ тайз бол хүмүүсийн зүрх сэтгэл юм.
Тэр тайзан дээр тоглож чадсан нь мөнхийн бүтээл болж үлддэг байна. Анти театрт зориулан
тавьсан С.Мягмарын “Сандлууд” абсурд жүжгийг үзээд үзэгчид театр гудам­жинд биш
өөрийнх нь сэтгэл зүрхэнд оршин байдгийг илүү тод мэдрэх болов уу. Дэлхий дээр театр
оршин амьдрахдаа зөвхөн хүмүүсийн зүрх сэтгэлд л оршин амьдарч иржээ. 

Д.НАМДАГ ГУАЙН ЖҮЖГИЙГ САНАГДУУЛСАН
“ХҮН ХҮНИЙ ХАЙР”

С.Мягмарын театрын гурав дахь жүжиг
Оросын жүжгийн зо­хиолч, найруулагч Дмитрий Богос­лавскийн  “Хүн хүний хайр” хэмээх реалист жүжиг. Энэ найруулагчийг
Оросын театрын амьдралд сүү­лийн үед нэлээн дуу шуутайхан орж ирсэн, “Евразия-2011”
жүж­гийн зохиолын уралдааны тэргүүн байрын шагнал­тай гэж танил­цуулсан юм. Түүний
“Хүн хүний хайр” гэдэг зохиолыг “Black 
box” театр орчуулагч Ж.Амар­заяагийн орчуулгаар тавилаа. Хүн бүр өөр өөрийн
дотоод ертөнцтэй ч жаргал зовлонгоороо нэгдмэл, ижил хувь тавилантайг өгүүлэх боловч
энэ жүжиг үндсэн санаа, өгүүлэм­жээрээ наяад онд Драмын театрт тавигдсан Д.Намдаг
гуайн “Шинэ байшинд” жүжгийг санагдуулж байв. Урлаг яагаад хүмүүсийн зүрх сэтгэлийг
мөнхөд соронзон мэт татаж байдаг вэ, эсвэл урлаг, бодит амьдрал хоёр юугаараа ялгаатай
вэ гэж ганц удаа ч болов бодож үзсэн үү гэх асуултыг үзэгчийн хувиар заримдаа уран
бүтээлчдээс асуумаар санагддаг.

Монголынхоо театрын урлагт гайхмаар
том алхам хийж буй орчин үеийн энэ шинэ театрынхан цаг үеийнхээ хуулбар болчих аюу­лаас
үргэлж зайлсхийж байгаасай гэж бодно. Өнөөдөр манайд драмын урлаг “Х ТҮЦ”-үүдийн
шуурганд илт дагаж уруудаж бай­гааг “Black box” битгий давтаасай.

Япон, Франц, Оросын зохиолчдын энэ
гурван жүжгээр “Black box” Монголынхоо театр урлагт туурвил зүйн шинэ төрлийг хэрэгжүүлж,
нийгэмд оюун сэтгэлгээний шинэ үүд хаалгыг нээж байна. Найруулагч С.Мягмар “Black
box” театраа “театр лаборатори” гэж нэрлэдэг юм байна. Задлан шинжлэх болон боловсруулах
үүрэг, зорилго эндээс төвөггүй харагдах юм. Теат­рын урлагийг номоор нь хийхийн
тулд ийнхүү театр лаборатори гэж тодотгосон биз ээ.

Орчин үеийн театрын анхны жүжгүүдийг
үзсэн үзэгчдээс зураач Н.Санчир, кино найруулагч Х.Дам­дин, Б.Цогтбаяр нарын сэтгэгдлийг
мөн энэ үеэр хуваалцлаа.

-Орчин үеийн театрын анхны үзэгчийн
хувьд та юу хэлмээр байна?

-Зураач Н.Санчир: Би ч зураач хүн
болохоор жүжиг талаас нь гэхээсээ илүү мэргэжлийнхээ үүднээс харна л даа. Шийдлийн
хувьд яри­хад, тайзны меномолизм  манайд ихэд
газар авч байгаа юм байна. Тэгээд юмыг төлөөлөн бодох ургуу­лан бодох ажил ид явж
эхэлж байна. Эрэл хийж эхэлж байна. Шинэ театр гарч ирж байгаа нь ерөөсөө маш их
жаргалтай сайхан юм. Хамгийн гоё нь, ийм хүнд юмыг хүмүүс олноор ирж сонирхож байна.
Гурван жүжиг гур­вуулаа хүнд. Ийм хүнд юмыг дуустал нь үзээд суусан, дундаас нь
хаяж яваагүй үзэгчид нь тэгж их анхаа­ралтай сонсч гарч ирж байгаа нь үнэхээр бахархууштай,
сайхан байна. Энэ чинь үнэлгээ гэсэн үг юм.

-Уламжлалт театрын дэргэд ийм театрууд
нийгэмд ямархуу байр суурьтай байх бол?

-Одоо бол театрын багаахан, багашаархан
зуугаад үзэгчийн суу­далтай жижигхэн театрууд олшрох тусам бидний бололцоо улам
том болох учиртай. Нэг л театрт, тэнд тавьдаг нэг политик биш, маш олон театр улс
даяар хичнээн зуу байх тусмаа юм сонин сайхан болно шүү дээ. Энэ нь театрууд хоорондоо
өрсөлдөж эхлэх жинхэнэ эрүүл өрсөлдөөн бий болох нөхцөл юм. Нөгөө талаар, энэ чинь
мөнгөний эх үүсвэр. Мөнгөний эх үүсвэр бодоод нөгөө хошин шог гэх мэт элдвийн юм
руу гулгаад орчихгүйхэн шиг иймэр­хүү юм руугаа орох хэрэгтэй байгаа юм.  Мягмар маань юу гэж хэлж байна вэ гэвэл, цаана
чинь Японы тэр олон урсгалууд байна, Европын тэр олон урсгалууд байна, Оросын олон
зохиолч байна гэж үзүүлж байна л даа. Бид нар Оросынхоо юмыг мэднэ, гэхдээ Оросын
албан ёсны, төрөөс нь явуулж байсан бодлогынх нь хэмжээнд жаал зугаа юм мэдэж байгаа
болохоос биш цаана нь байгаа, хэвлэгдээгүй юмнуудыг нь мэдэж байгаа юм байхгүй шүү
дээ. Тэрнээс нь зөв түүж орчуулж ингэж хүртээх их чухал. Тэгээд ингэж монголчилж
тавьж байгаа тавил нь өөрөө дэлхий дээр өдөр болгон тавигдаж байгаа л туршилтууд
юм. Бүх жүжгүүдэд цул эксперимент хийж байна шүү дээ. Дандаа л шинэ бүтээлүүдийг
гаргаж байна.

 Эд нарт нэг хүндрэл бий. Маш том хүндрэл. Нүүдэлчин
иргэншил бол тэр суурин иргэншлээс шал өөр ертөнц.  Ямар ч суурин иргэншил ч юм уу, бусадтай адил
юм байхгүй. Жишээ нь, Солонгос Герман хоёрын хооронд ямар ч ялгаа байхгүй. Хагас
ялгаа байхаас биш онцын ялгаагүй. Гэтэл манайх огт өөр амьдрал байхгүй юу. Бидний  бусдаас ялгарах бүх юм маань шал өөр юм. Огт ондоо,
өөр ертөнц юм. Бидний хамгийн том зорилт бол энэ ертөн­цөө орчин үеийн болгоод,
гэхдээ авч үлдэх явдал. Тэдний ертөнц рүү гулгаж орохдоо биш юм. Бид нар дуурайж
амьдрах хэрэггүй. Ер нь театрын гол үүрэг нь энэ юм шүү дээ. Өнөөдөр ингээд харж
байхад бас л соёл дутагдаж байна. Манайх инээдэм рүү гулгаж орох гэж байна шүү дээ.
Тэгж болох­гүй байх л даа. Соёл гэдэг чинь устаж үгүй болоход их амархан байдаг.
Нэг хүн нир­хийгээд инээхээр цаадах бодол нь арилаад явчихдаг. Тэр их аюултай. Хувцсаа,
биеэ хөдөлгөх барих мэтийн тийм нэг, маш хямдхан юм руу гулсаж орох л аюул байгаа
байхгүй юу. Классик урлаг чинь ерөөсөө тийм юмыг өр­шөөдөггүй юм. Юмыг жинхэнэ номоор
нь, их өндөр хэмжээтэй, өндөр хариуцлагатай тоглож болно. Зүгээр бааранд ороод марзаганаж
тоглож болно. Энэ хоёрын ялгаа л энд яригдах учиртай юм.

Кино найруулагч УГЗ Х.Дамдин:

-Өнөөдөр урлагийнхан бидэнд их сайхан
өдөр тохиож байна. Энэ бол манайд төдийлөн тавигдаж байгаагүй шинэлэг юм байна л
даа. Ялангуяа абсурд жүжиг манайд тавигдаж байсангүй гэж би бодож байна. Тавих цаг
нь болсон уу гэвэл болсон. Ийм жүжиг жүжигчдийн ур чадварыг ихээхэн шалгадаг. Үзэгчид­тэйгээ  их ойрхон, үзэгчидтэйгээ шууд харьцаж тоглодог.
Бид театрт нэлээн хэдэн метрийн цаанаас үздэг бол энэ жүжгүүд бидний яг дэргэд тоглож
байна. Заримдаа бид нартай шууд харьцаж тоглож байна. Хүн өөр өөрийн үзэл бодол,
сэтгэлгээтэй. Тэгэхээр та нар яаж сэтгэж байна гэдгийг өөрсдөөсөө ухаж олж авахад
абсурд жүжиг их хэрэгтэй байдаг. Сая бид “Сандлууд” гэдэг абсурд жүжиг үзлээ. Орчин
үеийн  жүжгийг ялангуяа монгол зан заншилд
ойртуулж тавьсан нь их сайн талтай. Бид нар чинь ерөөсөө гаднаас шууд хуулдаг, ялангуяа
кино энэ тэрийг бол шууд хуулдаг нөхцөлд амьдарч байлаа л даа. Энэ жүжгийн тавилт,
үг яриа, хувцас хунар, хэрэглэж байгаа бүх юмс нь монгол аж байдалдаа ойр­туулсан
нь их сайхан санагдлаа. Энэ бол манай урлагт нэг шинэ хэлбэр, шинэлэг зүйлийг нээж
өгч байна. Ер нь хүнд сэтгэл зүтгэл байвал юм бүтдэг л юм байна. Энд жишээ нь өөрийнхөө
байгаа юмаа ашиглаад тайз барьчихсан л байна шүү дээ. Энэ тайз нь тэгээд утга санаатай,
жүжигчдийн хөдлөх явах үзүүлэх бүх боломжийг бүрдүүлчихсэн, хямд төсөр материалаар
хийчихсэн, их утга төгөлдөр юм. Би өнөөдөр их сэтгэл хангалуун байна.   

Кино найруулагч Б.Цогтбаяр:

-Мягмар бид хоёр Москвад киноны дээд
сургуульд хамт сурч байсан. Би нэг юм хэлмээр байна. Манай Драмын театр, Дуурийн
театр гээд улсын төсвөөс мөнгө аваад, үүрэгт ажлаа хийгээд цалингаа авч байгаа улсууд
шүү дээ. Тэгтэл есөн жорын зар сурталчилгаа явуулаад л байдаг. Урагшилдаггүй. Мягмар
бол өөрөө жинхэнэ зар сурталчилгааны мастер хүн шүү дээ. Тэгтэл энэ дээр их даруу
загнаж байна. Театрууд улсаас мөнгө аваад, сүржигнэж хийгээд байгаа хэрнээ нэг их
олигтой явдаггүй. Тэгэхэд энэ бол юмхнаар юм хийсэн байна. Энэ бол орлуулах биш,
зураач хүний нүд, уран бүтээлч хүний сэтгэхүй харагдаж байна. Юм хийе гэвэл болдог
юм байна, бүтдэг юм байна. Уйлъя гэвэл сохроосоо, өгье гэвэл ганцаасаа гэдэг дээ.
Монголдоо бас нэг шинэ хэлбэрийн юм гаргаж ирж байна. Энэ жүжгийг тоглохоос өмнө,
дөнгөж барьж авах үед нь би хэлж байсан. Тайз гэх юм мань эрд байхгүй. Тэгээд яахав,
би тоглоом шоглоомоор тэрийг нь хэлж баалж л байлаа. Гэтэл болгоод бүтээчихсэн  байна. Ялангуяа тайз­ны тавилт, гэрлийн шийдэл
зэрэг нь нэлээн шинэлэг байна. Төсвөөс аваад байдаг аваад байдаг, гээд олигтой явдаггүй
улсын нэртэй театрууд байна . Үүрэгт ажил нь шүү дээ, тэр нь.  Гэтэл Мягмарт шинийг тавь гэсэн үүрэг байхгүй
шүү дээ. Энэ хүн өөрийнхөө сэтгэлээр ийм сайхан юм хийж байна. Тиймээс найздаа баяр­лалаа
гэж хэлье. ВГИК төгссөн нэг үеийн уран бүтээлчид бид зориуд ирж цугларч, үзэж байгаа
энэ мөчид найздаа урам хайрлая.

Ийнхүү мэргэжлийн болон бусад үзэгчид
сэтгэгдлээ ху­ваалцлаа. Энэ гурван жүжгийн олон нийтэд зориулсан нээлтийг  энэ сарын 22-24-ний өдрүүдэд “Black box” театрт
хийх юм байна.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

Шаравын Сүрэнжав: Халх гол сумын зочид буудалд “Ерэн баатрын дууль”-аа бичиж билээ

Монгол Улсын ардын уран зохиолч,
төрийн шаг­налт Шаравын Сүрэн­жав­тай хөө­рөлд­сөн ярилцла­гын төгс­гөлийн хэсгийг
хүргэж байна.

-Та аавынхаа тухай нэг их ярьдаггүй
санагдана. Учир нь юунд юм бол?

-Аавыгаа ярьдаггүй гэдэг үнэн юм аа.
Ер нь би ижий аав хийгээд өөрийгөө нэг их яриад байдаггүй. Харин бусад хүмүүсийн
тухай утга зохиолын өмнөх үеийнхний авар­гууд, өөрийн үеийн нэр­тэй най­рагчдыг
үргэлж ярьж, уран бүтээ­лийг нь дуулсаар иржээ. Миний аав “жонжин” Шарав гэж хүн
бай­сан. Багад жанжин гэж ойлгоод цэргийн жанжин шиг лут эр гэж боддог байлаа. Гэтэл
жонжин юм билээ л дээ. Тэмээ шиг жон­жуулж явдаг хүн байж дээ. Миний өрөөл­дөж гишгээд
түргэн түргэн алхалж явдаг чинь аавтай холбоотой байх­гүй юу. Зургаан жилийн цэрэгт
татагдаад тэр чигээрээ салаад явчихсан юм билээ. Төв газар өөр хүнтэй нийлээд явчихсан
хэрэг.

-Тийм үү, хожим нь та аавтай­гаа
уулзаж байв уу?

-Намайг сургуульд орохын өмнөхөн аав
нэг ирсэн. Духан дээр минь үнсчихээд л яваад өгч билээ. Сүүлд би олон түмэнд танигдсан
найрагч болчихоод гэргийгээ дагуу­лаад аав дээрээ ёс төртэй очсон. Ээж дараа нь
Батцэнд гэж хүнтэй нийлсэн юм. Харин тухайн үеийн хүүхнүүд их жудагтай байж шүү.
Орхиод явсан хүнээр хүүг нь овог­лоно гэдэг монгол жудаг биз дээ. Би бол эмээ дээрээ,
бидний ав­гайлдгаар Нээм дээрээ өссөн галын бурхан нь юм. Манай­хан Авдарбаян, Үнээгийн
уул зэрэг дүнэгэр сайхан уулс, идэр есийн хүйтэнд хөлддөг­гүй дороосоо орги­лон
цан хүүрэг савсуулж байдаг Цан­тын голоор үе удмаараа нутаг­ласан айл. Үндсэн халх
хүмүүс л дээ. Харин хуучнаар Авдарбаян одоогийн Баян сумын нутагт Манлай ван Дамдинсүрэнг
дагаж ирсэн баргууд байдаг. Манай Дул­маа (яруу найрагч Шагдарын Дулмаа) барга гээд
байдаг нь тийм учиртай.       

-Батцэндийн Пүрэвсүх гэж төрийн
шагналт зураач байлаа. Таны төрсөн дүү дээ?

-Тэгэлгүй яахав. Эцэг өөр ч эх нэгтэй
улсууд. Алдарт “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын ерөнхий зураачаар
ажил­ласан хүн шүү дээ. Намайг бодоход архи дарс уудаггүй, хазгай буруу яваагүй
хүний дээд байлаа. Гэвч дүү минь богино насалсан. Наян най­ман онд миний бие “Ерэн
баатрын дууль”, “Багш” най­раг­лалаараа төрийн шагнал хүртээд, дараа жил нь Пүрэв­сүх
маань “Мандухай цэцэн хатан”-аараа төрийн шагнал хүртээд ах дүү хоёр жил дараа­лан
төрдөө үнсүүлж билээ. Хоёр хүүгээ төрийн шагнал жил дараалан хүртэ­хэд ижий минь
сэрүүн тунга­лаг байж чадаагүйд жаахан харамсдаг. Ах дүү хоёр гэс­нээс аав хүү хоёр
депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хуу­лийг батлалцаж байсан түүх бас бий. Миний
ганц хүү Да­ваа­сүрэн Сэлэнгийн Дулаан ханы модны үйлдвэрийн дар­га байхдаа тэндээс
сонгогдож байсан. Би чинь эхээс дөр­вүүлээ, манай Цэндээ мөн эхээс дөрвүүлээ, бид
хоёр нийлээд дөрвөн хүүхэд тө­рүүлсэн нь бас сонин тохиол санагддаг.   

-“Миний нутгийн бараа” гэж ардын
дуу шиг сайхан бүтээл бий. Жараад оны дундуур бичигдсэн байх шүү?

-Жаран дөрвөн онд бич­сэн юм. Манай
Баттөмөрийн аялгуу шүү дээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн Дашдаваа­гийн Баттөмөртэй
миний бие хэдэн сайхан бүтээл хийсний нэг нь “Миний нутгийн бараа” л даа. Манай
Баттөмөр чинь Явуугийн “Туулын урсгал шөнө­дөө сайхан”, Долгорын Нямаагийн “Цэцэгт
цэнхэр алчуур” гээд  жар, далаад оны хит дуунуудын
эзэн. Нэг өдөр намайг цайны цагаар гэртээ дуудлаа. Яваад очтол хөгжим сонсгож байна.
Үндсэндээ хоёр дууны аялгуу биччихээд байж. Би бол хөгжим сонсоод хөг ордог хүн
биш юм аа. Бадраа гуай хөгжим сонсоод л шүлэг бичнэ. Аянд нь таа­руулаад биччихдэг
байсан. Баттөмөр маань хэлж байна. “Нэг нь нутгийн тухай дуу, нөгөө нь хайрын тухай
ритм­тэй дуу” гэж тодотголоо. Тэр даруйд л

“Газрын холоос цайвалзсан

Ганган цагаан гэрүүд байна аа

Ганцхан надад заяасан

Миний нутгийн бараа юу даа

Сүргийн бэлчээр чимэг­лэ­сэн

Сүйхэн цагаан гэрүүд байна аа

Сүүгээ өргөөд хоцорсон

Миний ээжийн өргөө юу даа…” гэх мөрүүд шууд л ороод ирлээ. Тэгтэл өнөөх чинь давраад
хайрын тухай дууны шүлгийг бас нэхээд болдоггүй ээ. Байн байн тө­гөл­дөр хуураа
дарж, хайрын аялгуу эгшиглүүлж ч байх шиг. Гэргий нь сайхан хоолоор дайлаад л. Манай
хүн бол төгөлдөр хуураа налаад суу­чихсан, надаас нэг зүйл гарна гэдгийг мэдээд
ч байх шиг. Тийм л ахуйд гэнэт л

“Намуухан үдэш гадаа налайж

Найрсагхан чи минь гараа өглөө

Уяранхан дуулмаар оройн тогтуунд

Уужимхан хорвоо онцгой сайхан

Цэнгэлтэй бүжгийн ганган алхаанд

Цэлмэгхэн харц минь хайраар гийлээ

Учиртайхан тусах ялдам мишээлд

Хүсэлтэйхэн зүрх минь янагшин даслаа…” гэх мөрүүд нэгэн амьсгалаар бичигдэж, Баттөмөрийн са­наанд
ч нийцэв бололтой. Ингэж л цайны цагаар хоёр дууны шүлэг биччихээд Дунд­говийн хөвүүн
хөгжмийн зо­хиолч­той ганц ганц хундага төгөлдөр хуурыг нь түшис­хийн тулгачихаад
ажил руу­гаа алхаж билээ. Уран бүтээл усны урсгал шиг долгилон төрж байсан цаг юм
даа. “Миний нутгийн бараа”-д ээж минь дуртай байсан. Ялан­гуяа “Сүүгээ өргөөд хоцорсон
миний ээжийн өргөө юу даа…” гэх мөрүүдийг нь нулим­саа арчиж байгаад л дуулдаг сан.
“Хүү минь намайг дуунд мөнхөллөө” гэж баярладаг байсан биз дээ, хөөрхий минь.

-“Ерэн баатрын дууль” найраглал
таныг ихэд алдар­шуулсан даа. Энгэрт тань төрийн шагналын тэм­дэг ч гялалзуул­сан?

-Хэлээд юүхэв. Жаран гурван оны есдүгээр
сарын 10-ны өглөө С.Удвал гуай, Ц.Цэдэнжав гуай, Умбаа буюу Ц.Уламбаяр гуай нартай
Зохиолч­дын хорооны өмнөөс Халх голыг зорьж байлаа. Удвал гуай “Эр бор харцага”-ыг
намуухнаар аялаад хөдөл­сөн тэрхүү зам мөр надад “Ерэн баат­рын дууль”-ийг өгсөн.
Олон сайхан эрсийг өвөртөө мөнх нойрсуулсан газар эх үг шивнэж, түүнийг би зүрхээрээ
сонсч бичсэн гэж боддог. Чогдон баатрын зас­таваар өнгөрө­хөд ухагдсан хонхрууд
олонтаа таарч, зоригт эрс минь хяруут намар, хайруу өвлийг энд хэвтэж өнгөрүүлсэн
дээ гэж бодог­дохуйд сэтгэл жирс гээд л явчихаж байгаа.

“Бусдын газраас сөөм ч авах­гүй, өөрийн
нутгаас төө ч өгөхгүй” гэсэн бичээс бүхий Яковлевын хөшөөний дэргэ­дээс Халх гол
туналзан хараг­даж, цаадах нь тэнгэр нь хөхөртсөн өнгөөр зэрэг­лээ­тэн үзэгдэж байлаа.
Халхын голын уснаас амсч магнайдаа адислаад, өндөр нарийхан улаан бургас шигүү ургасан
ерэн баат­рын дурсгалын хөшөөнд очсоны тэр орой бид Халх гол сумын зочид буудалд
ирж хоноглосон юм. Машинаас буугаад алхаж явахад оюун тархинд буусан онгодын хур
цалгичих гээд хэцүү байж билээ. Зөөлхөн зөөлхөн алхсаар зочид бууд­лын жижиг өрөөнд
ороод л туурвиж гарсан даа. Хажууд Умбаа гуай, Цэдэнжав хоёр уугаад, хоорон­доо
муудаад л. Тэгснээ тэврэлдээд л. Тийм л цаг дор би “Ерэн баатрын дууль”-аа гучин
минутын хуга­цаанд л бичсэн юм. Маргааш нь тус сумын багш сураг­чидтай уулзалт хийлээ.
Урьд шөнийн бүтээлээ нэг л уншмаар санагдаад, уншиж орхилоо доо. Хүмүүс байн байн
алга ташаад сүйд. Манай гурав баяр хүргээд Удвал гуай “Золтой л уйл­чихсангүй” гэж
үнэн зүрхнээ­сээ хэлсэн нь хамгийн том урам байсан.

-Тантай ийнхүү бүтээ­лүү­дийн тань
тухай ярина гэвэл бараг­дахгүй. Бүтээл бүхэн өөрийн түүхтэй, он цагтай байдаг. Харин
цагдаа тонгорч шуугиулж явсан үеийг тань дурсмаар байна?

-Залуу идэр цагийн алдаа оноог шүүж
яаж барах билээ дээ. Ёстой л нөгөө салхи шуурга шиг явж, цалги­лан долгилж байх
үедээ л эрдэ­нийн чулууд шиг бүтээлүүдээ туур­висан байх юм. Цагдаа тонгордог явдал
өнөө л ууж идэж явсантай холбоотой нь мэдээж. Яахав, ха­лам­цуухан тууж явахад нэг
цагдаа бариад авахгүй юу. Тэгээд намайг сэргийлэхийн газраа аваачна гэж чирлээ.
Тэгэнгүүт угийн омогтой шазруун хүн чинь мөрөн дээрээс атгаж аваад ташаалдаад тонгор­чих­лоо.
Өнөө цагдаа маань тархиар газар хатгаад яваад өгдөг юм аа. Байдал улам бишдээд явчихлаа,
төрийн цагдаа тонгорч шидсэн хэр­гээр баригдаж 200 төгрөгөөр торгууллаа. Бас зүгээр
бай­сангүй ээ. “Улсад түрүүлсэн бөх 500 төгрөгийн шагнал авдаг юм гэсэн. Надад тон­горуулсан
цагдаа 200 төгрө­гийн шагнал авдаг юм байжээ” гэж хэлээд зугтчихаж билээ. Мөн ч
манаргадаг байж дээ. Сүүлд тэр тухай манай Давааням (хүүхдийн зохиолч Данигайн Давааням)
бичсэн. Ёндонжамц гэж тэрхүү эргүү­лийн цагдаа Даваа­нямын найз байж ээ. “Танай
Сүрэн­жав ч дархан ташаатай лут эр байсан шүү. Туул рестораны шатан дээр намайг
тонго­роод, би үйлчлэгч хүүхнүү­дээс нь үхтлээ ичиж билээ” гэж ярьсан байдаг.

-Дархан ташаатай гэс­нээс та барилддаг
байсан уу?  
  

-Налайхын сургуулийн ес­дүгээр ангийн
сурагч байх­даа Майн нэгний баярын барилдаанд зодоглож Мяг­мар гэдэг залууг унагачих­лаа.
Тэгтэл “Эр бор харца­га” зэрэг олон сайхан роман бич­сэн, “Сарьдаг өндрийн оройгоор
сайхан яргуй урга­на, саахалт айлын хонь сархиа­гаа дагаад идээшилж байна” гээд
эхэлдэг дууны эзэн Загарын Сандагаа ирээд уурладаг юм. “Гүйх нохойд гүйхгүй нохой
саад гэгчээр спар­такиадад бэлдэж байгаа бөхийг маань унагачихлаа гээд. Тэгэхэд
намайг Завханы Идэрийн Лхагва арслан засаж байсан юм.

-Өнөө “урт гарт” Лхагва арс­лан
уу?

-Тийм ээ, шоронгоос гарч ирээд Налайхад
барилгын даамал хийж байсан үе. Тэр чинь 1950-иад оны дунд үе. Шляпан малгайтай,
дээд уруул дээрээ япон сахалтай, өндөр хөх хүн байсан. Лхагваа гуай зассаны хүч
юм уу даа, тэр Мягмар гэдгийг нь унагачихсан. Тэгэхээр би гэдэг хүн төрийн наадмын
түрүү хүртэж явсан “Урт гарт” Лхагва арслангаар засуул хийлгэн  бөхийн дэвжээнд зодоглож  байсан түүхтэй. Харин бөх болж чадаагүй. Түүнийгээ
нөхөх гэж “Гарьд магнай” хэмээх бөхийн тухай кино зохиол бичсэн. Алдарт Ший­тэрийн
зээрд, Наваанмөрийн Падын хүрэн, Сан­жаа­бүрэгийн цавьдар гээд төрийн түмэн эхүүдийн
тоо­сон дунд өссө­ний хувьд “Тод магнай”-гаа бичсэн. Наадмын тухай цуврал гурван
кино­ноос ялангуяа, “Гарьд маг­най”, “Тод магнай”-гаас хүмүүс одоо хэр нь уйддаггүйд
би баярладаг. Дэжидийн Хишигт, Жамъянгийн Бунтар нарын гавьяа шүү дээ. Мон­гол эмэгтэй
хүний нэр бол яагаад ч юм Удвал гэж санагдаад, “Гарьд магнай”-гийн гол дүрийнхээ
эмэг­тэйг би Удвал гэж нэрлэсэн. Тэгээд Бунтартаа “Дугуй цагаан царай­тай, жаахан
махлаг­дуухан, нүдээ­рээ инээсэн даруухан эмэгтэй байх ёстой шүү” гэж хэлсэн, яг
ёсоор нь Удвалын дүрийг сонгосон байдаг. Тэр тухайгаа би Удвал гуайд ч хэлж байлаа.
Их л баярлаж билээ.

-“Жараад оны яруу туульс” гэж ном
бичиж байгаа гэсэн. Их л сайхан бүтээл гарах нь мэдээж?

-Биднийг утга зохиолд ирж байх үе
буюу жараад он бол онцгой цаг байсан санагд­даг. Утга зохиолын аваргууд бүгд амьд
сэрүүн байж, уран бүтээлээ ид туур­виж байжээ. Дамдинсүрэн, Ринчен гуай хоёр зүүн,
баруун жигүүрийг магнайлан боссон аваргууд шиг, араас нь Явуу, Эрдэнэ, Цэдэндорж,
Түдэв, Гайтав, Пүрэвдорж, Ширчинсүрэн залган гарч ирж тэгээд л жараад оныхон гэгдэх
Бадарч, Пүрэвсүрэн, Дулмаа, Чойном, Шагдар­сүрэн гээд гарч ирж билээ. Тэднийхээ
тухай хөрөг туульс туурвиж байна. Тэр жил цэр­гийн ачааны “жаран гурав”-ын тэвшин
дээр Явуу, Эрдэ­нэ, Ширчинсүрэн, Бадраа, Лхамсүрэн, Цогт, Бадарч бид суугаад Дар­хадын
цэнхэр хотгор орж билээ. Алдарт Өлийн даваанаа гарч арван гурван овоог нь тойрон
шүлэг уншицгаагаад, манай Жамъян­жав (ардын жүжиг­чин, “Зэрэг нэмэхийн өмнө” кино
Дол­дой) дуурийн хоо­лойгоор дуугаа дуулж, нар­гиантайхан явсан даа. Тэгж явж байхдаа
Бадарч маань “Дархадын цэнхэр хотгор”-оо бичиж, бидэндээ уншаад, жолооч “шар” Найдангаа
уйлуулж явсан даа. Пүрэв­сүрэнгийнхээ тухай бас л том туульс бичихээр бодож сууна.
Бид хоёрт алдаж асгаж явсан өдөр сарууд олон. Ямар сайн­даа л Пүрэвсүрэнгийн тань­даг
айлаас арвын бидон гуйж аваад түүндээ дэлгүүрээс пиво авч дүүргэлээ. Голын хөвөөнд
очоод өнөөхөө уух гэтэл өвлийн хүйтэнд бидоны хөн­гөн цагаан таганд хэл наалдчихаад
болдоггүй. Ингээд манайд очин халааж уухаар болоод арвын бидон­тойгоо дамжлаад алхлаа.
Би ч гал түлж тогоо тавиад дор нь халаатал бүлээн ус бол­чихож байгаа юм чинь. Энэ
мэт гэгээн дурсамжууд би­дэнд зөндөө байна. Чой­номын тухайд бол ярилтгүй. Хүнд
хэцүү цагт бид хоёрын хэрхэн андалж явсныг хүмүүс мэднэ. Тэднийхээ тухай л “Жараад
оны яруу туульс” номоо бичиж байна даа.

Ийнхүү “Онгодын цагт би тэнгэрийн
харьяат” хэмээн омог төгөлдрөөр өөрийгөө тунхагла­сан авьяас билэгт найрагчтай хөөрөлдсөн
ярилц­лагаа өндөрлөж байна. Түүний “Би тэнгэрийн хүү” хэмээх сод туурвилын тухай
шинжлэх ухааны нэртэй эрдэм­тэн, түвдэч Лхамсүрэн­гийн Хүрэл­баатар агсан “Тэн­гэрийн
соёл ба тэнгэрийн зүүдний хүү” хэмээн машид нарийн гаргалгаа­тай ер бу­саар нээж
бичсэнийг ардын зохиолч “Урам хайрласан үгс” номынхоо эхэнд оруул­сан байдаг.

Цаг ямагт цалгилсан сэт­гэлээр
долгилон байдаг тэрээр наян нас руу дөтлөн яваа ч билэг авьяас нь бул­гийн ус шиг
ундарч буй нь үнэндээ бахтай. Түүний тухай Очирбатын Дашбалбар агсан “Тэнгэрээс  заяатай яруу найрагч”, “Дүрэлзэн бадрах галын
амьсгал” тэргүүт гурван цуврал хөрөг бичиж, оюун санааны оргил Лодонгийн Түдэв гуайгаас
аваад бүхий л аваргууд цагт ямагт халуун сэтгэлээр хандаж, бүтээл туурвилаа дээжлэн
барьж ирсэн нь Шаравын Сүрэнжав хэмээх уянга-ухааны оргилыг улам өндөрсгөдөг билээ
л.

Н.ГАНТУЛГА          

Categories
редакцийн-нийтлэл

МҮОНТ-д үүсээд буй “бослого”-ыг хэдэн хурган дарга л хийж байгаа гэв

МҮОНТ-ийн удирдлагуудад тус телевизийн зарим ажилчин гомдол
гаргасан. Тэд тус телевизийн захирал Ч.Даваабаярыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж
түүний эсрэг хэд хэдэн баримт дэлгэж ажлаас нь чөлөөлж өгнө үү гэсэн утгатай
зуу гаруй хүний гарын үсэг бүхий өргөдөл өгсөн байна.

МҮОНТ-ийн уран бүтээлчдийн
Үндэсний зөвлөлдөө хүргүүлсэн захидлын эхлэлээс сонирхуулъя.

Захидал

МҮОНТ-ийн нийт уран
бүтээлчид бид мэдээлэл, урлаг соёлын 46 жилийн түүхтэй ууган байгууллагад
ажиллаж, түүхийг бичилцэн явааг чухалчлах нь илүүц биз ээ. Энэ 46 жилийн
хугацаанд 20 гаруй дарга солигдож байжээ. Тэр бүхий л удирдлагуудтай телевизийн
хамт олон зохицон ажиллаж, ард түмэндээ үйлчилсээр ирснийг түүх гэрчилдэг юм.

Өнгөрсөн 2012 оны наймдугаар
сард МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд ажиллаж буй та бүхэн эрх мэдлийнхээ хүрээнд
сонгон шалгаруулалт зарлан Ч.Даваабаяр гэдэг хүнийг МҮОНТ-ийн захирлаар сонгон
шалгаруулж дэмжиж томилсон. Хамт олон бид МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шийдвэрийг
хүндэтгэн “Ирдэг, буцдаг дарга нарын нэг биз” хэмээн шүд зуун нэгэн жилийг
ардаа орхилоо.

Анхнаасаа манай хамт олон
төдийгүй олон түмний мэдэх “ETV-ийн Ч.Даваабаяр” гэх тодотголтой энэ хүн
МҮОНТ-ийн захирлын албан тушаалд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн альхан
цоорхойгоор нь морилсныг та бүхэн мэдэх биз. Удирдан зохион байгуулах анхан
шатны мэдлэггүй, хамт олныг үл тоомсорлодог, уран бүтээл хэмээх үндсэн зорилгоо
ойлгож амжаагүй, (нэг жил гаруй хугацаанд) боловсролын түвшин тодорхойгүй энэ
хүнтэй (Ч.Даваабаяр) цаашид хамтарч ажиллах боломжгүй байна.

Хамт олон тэр тусмаа уран
бүтээлчид бид Ч.Даваабаярыг МҮОНТ-ээр овоглох эрх бүхий хүн БИШ ЭЭ гэдгийг
дараах үндэслэ­лээр тайлбарлаж байна.

1. Ч.Даваабаяр эрх
ашгийн том зөрчилтэй.
(Монгол Улсын Сонирхлын зөрчлийн хуулийн
3.1.2 болон 3.1.3 дахь заалт)

-“Имержмедиа” группыг эзэмш­дэг
бөгөөд “Инфо ТВ” сэтгүүл, “Үдшийн шивнээ” сэтгүүл, “ТВ суваг” сонин, “Hot news”
сэтгүүл, “Их Монгол” FM 99.7, noyon.mn зэрэг хэвлэл мэдээллийн компаниуд
багтдаг.

-Түүний үүсгэн байгуулсан
тус телевизийн 80 хувийг эхнэр н. Мөнхжаргалын нэр дээрх “Билэгт-Дөлгөөн ХХК”
эзэмшдэг.

-“Өглөө” хөтөлбөрөөр бүтэн
сарын турш 1950 лавлахыг сурталч­­лахыг үүрэгдэж, өдөр бүр шторкоо явуулсан
байна.

-2013 оны гуравдугаар сард
ETV-д ашиглаж байсан хоёр камерыг “Миний хувийн юм шүү” хэмээн тодотгон авч
ирэн Спортын мэдээ, “Өглөө” хөтөлбөрт өгсөн. Камерын үнэ мөнгийг хэрхэн буцааж
авсан нь тодорхойгүй.

-Мөн 2013 оны Улсын их баяр
наадмаар ажиллаж буй уран бүтээлч­дэд хоол өгөх нэрээр “Ноён зууч пицца”
компанийн 3 сая төг­рөгийн өртөг бүхий шарсан тахиаг авч ирэн тараасан. Тэр
компанид төлбөрөө хэрхэн барагдуулсан нь мөн тодорхойгүй.

-Тус телевизийн зохион бай­гуул­­сан
БНСУ-ын хамтлагуудын тоглолтын билетийг маш олноор тараасан нь эдийн засгийн хувьд
эрх мэдэлтэй гэдгийг баталж байна. (багаар бодоход 10 гаруй сая төгрөгний билет
тараасан)

-УБЕ -0004 улсын дугаар
бүхий Lexus-570 маркийн автомашин нь ETV телевизийн нэр дээр бүртгэлтэй байдаг
бөгөөд энэ машинаа МҮОНТ-ийн өдөр тутмын албан хэрэгцээнд ашигладаг.

-MCS группын маркетингийн
удирдлагуудтай МҮОНТ-ийн захирлын өрөөнд уулзалт хийхдээ ETV телевизтэй хамтран
ажил­лахыг санал болгосныг албаны эх сурвалж мэдээлж байна.

-Ч.Даваабаяр нь 2013 оны нэг­дү­гээр
сард “Баянчандмань милк” ХХК-тай дур мэдэн бартерийн гэрээ байгуулан арилжааны
зар суртал­чилгааг өдөрт дөрвөн удаагийн давтамжтайгаар 28 хоног цацаж, тус
компанийн бүтээгдэхүүн болох 200 граммын савлагаатай 750 ширхэг таргийг ажилтан
тус бүрт нэг ширхгийг тараасан. Энэхүү үйлдэл нь долоон сая гаруй төг­рөгийн
зөрчил болохыг санхүүгийн шалгалтаар тогтоосон. Үүнийг МҮОНРТ-ийн Захирлуудын
зөвлө­лийн хурлаар хэлэлцэж, Ч.Даваа­баярт сануулах арга хэмжээ авч байсан
болно…

…Олон нийтийн төлөөлөл
болж МҮОНРТ хэмээх их айлын галыг маналцаж яваа Үндэсний зөвлө­лийн эрхэм
гишүүд та бүхэн “ухна, ишигний зовлонг ойлгохгүй” гэсэн зүйр үгийг бодолцон,
сонирхлын зөрчлийн хууль хийгээд одоо хэрэгжиж буй бусад хууль журмаа эргэн
харж, Ч.Даваабаярыг ажлаас нь чөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Уг асуудлыг ажлын
тав хоногийн дотор шийдвэрлэхгүй бол байгуул­лагын нэр хүнд хийгээд хамт олны
эрх ашгийн үүднээс тэмцэх болно гэжээ.

МҮОНТ-ийн захирал
Ч.Даваа­баяртай уулзаж үүсээд буй нөхцөл байдлын талаар тодруулсан юм.

-МҮОНТ-ийн ажилчид
таныг ажлаас чөлөөлүүлэхийг хүссэн өргөдөл гаргажээ. Уг өргөдөлд хичнээн хүн
гарын үсгээ зурсан юм бэ?

-Өнгөрсөн баасан гаригаас
энэ шаардах бичгийг ерөнхий захирал болон Үндсэний зөвлөлд хүргэх ажил
эрчимжсэн. Өнгөрсөн амрал­тын өдрүүдээр манай телевизийн ажилчдын дунд гар
бөмбөгийн тэмцээн болсон юм. Тэмцээний үеэр манай уран бүтээлчдийн дунд цаас
явуулаад гарын үсгийг нь зуруулаад байсан гэсэн. Тэмцээ­ний дундуур гарын
үсгийг нь авсан болохоор тэмцээнтэй холбоотой л юм байх гэж бодоод олон хүн
гарын үсэг зурсан юм билээ.

Тэгтэл даваа гаригийн
өглөөний хурал дээр ярих юмаа ярьчихаад өндөрлөх гэж байтал манай Цагаандалай,
Эрдэнэбат гэсэн сэтгүүлчид гарч ирж зарласан. Бид нар ийм захидлыг Үндэсний
зөвлөлдөө хүргүүлж байна. Та бүхэнд уншиж танилцуулъя гэсэн. Цагаандалай тэр
захидлыг чанга дуугаар их сайхан уншсан. Тэр үед би ажилчид, уран бүтээлчдээ
сайн ажигласан. Уншиж танилцуулсных нь дараа би “Бид өнөөдөр ардчил­сан нийгэмд
амьдарч байна. Үг хэлэх эрх хэнд ч бий. Хамгийн гол нь хуулийн хүрээнд баримт
нотол­гоо­той ярих ёстой. Үүнийг чинь хүлээж авлаа” гээд өнгөрсөн хуга­цаанд
хийж гүйцэтгээд буй бодло­гын чанартай хэдэн ажлаа танил­цуулсан юм. Би хорин
минут орчим ярьсан. Намайг ярьж байхад тэр зааланд суусан бүх уран бүтээл­чид
хүлээж авч сонссон. Хэрвээ зуун хэдэн хүн өргөдөлд гарын үсэг зурсан байсан бол
тэр мөчид ганц ч хүн намайг сонсохыг хүсэхгүй бүгд хурлыг хаяад гараад явах
байлаа. Тэгтэл ганц хоёрхон хүн л “Болиоч ээ” гэж дуугарч байсан. Энэ тэмц­лийг
зохион байгуулж буй ганц нэг хүний эрх ашиг явж байгааг би тэгэхэд мэдэрсэн.
“Энэ бүхнийг хамт олон минь хийгээгүй юм байна” гэдгийг ойлгоод өрөөндөө орж
ирэхэд над руу маш олон хүн мессеж бичсэн, зарим нь орж ирж уулзсан. “Дарга аа,
ийм юм байсан гэдгийг бид мэдээгүй. Тэглээ ч тавьж байгаа шаардлагууд нь ямар
сонин юм бэ. Олон л дарга нартай бид хамтарч ажиллаж байсан. Тэгэхэд бидэнд
тахиа, пицца байтугай гамбир ч өгч байсан дарга байгаа­гүй” гэцгээсэн.

-Та өнөө жилийн улсын
их баяр наадмаар уран бүтээлч­дэдээ “Ноён зууч пицца” компа­нийн шарсан тахиа
тараасан юм уу. Төлбөрөө хэрхэн бараг­дуулсан нь тодорхойгүй гэж танай
телевизийн­хэн үзжээ?

-Телевизийн уран бүтээлчид
маш их ажилладаг. Хагас, бүтэн сайнгүй ажилладаг. Би телевиз, сонин, радиод
ажиллаж байсан хүний хувьд уран бүтээлчдийнхээ зовлонг мэднэ л дээ. Наадмаар
гурван өдрийн турш 200 орчим уран бүтээлчид ажиллахад манай байгууллагаас
тодорхой хэмжээ­ний мөнгийг хоол унданд нь дотоод журмынхаа дагуу бодож гаргаж
өгсөн. Энэ жил бид урьд хожид байгаагүй багийн зохион байгуулалттайгаар
наадмаар ажил­ласан. Манай хамт олон нийлээд ямар хүчтэй вэ гэдгийг өнөө жилийн
наадмаар харуулсан. Наадмын дараа манай байгуул­ла­гын дотоод уур амьсгал их
гоё болчихсон байсан шүү. 1967 оны баяр наадмаар анх ингэж бүрэн
бүрэлдэхүүнээрээ ажиллаж бай­сан тэр мөч дурсагдаж байна гэц­гээ­сэн. Түүнээс
хойш анх удаа ийм юм хийлээ гэж манай гавьяатууд олон жил ажилласан хүмүүс
маань хэлсэн. Юм өөрчлөгдөж байна. Уур амьсгал ч өөрчлөгдөж байна. Та наадмын
үеэр бүх хэсгүүдээр очиж, хоол ундаар тусалж, дэмжиж бай­гаа нь гоё байсан гэж
байв. Наадмаар, долдугаар сард өгсөн хоолны мөнгийг яасан бол гэж хардаад байх
юм. Би хоол өгсний мөнгөө аваагүй. Би зүгээр л хамт олноо дайлсан юм.

-Бас сүү, тараг
тараасан. Хаанаас яаж ямар мөнгөөр авсан нь тодорхойгүй гэжээ?

-Би архи сурталчлаагүй,
тараа­гаа­гүй. Тэр үед цагаан сар болж байсан юм. Сүү, тараг тараасан. Ийм нэг
байгууллага санал тавиад байна гээд Ерөнхий захирлаасаа зөвшөөрөл аваад сүү,
тараг тараа­сан. Манай МҮОНТ-д хувь хүн ч бай, байгууллага ч бай, хэн ч бай
хандаад сурталчилгаа явуулах боломжтой. Хоногт эфи­рийн хоёр хувьд нь
сурталчилгаа явуулж болно гэж хуулинд байгаа. Үүний дагуу гэрээгээ байгуулаад
тал мөнгийг нь телевизийн дансанд оруулаад, үлдсэнийг нь бартер хэлбэрээр аваад
ажилчдадаа өгсөн. Бартер ч гэсэн мөнгө ш дээ. Тухайн үед бүх төлбөрийг нь
мөнгөөр хийчихэж болох байсан. Цагаан сар болж байсан учир сүү, тараг, хорхой
ааруул зэргийг манайхан хүлээж авсан гар хөлийн үсэгтэй баримт нь байгаа.
Түүнээс биш би ямар нэг ашиг хүртээгүй, тэндээс нь мөнгө аваагүй. Хүмүүстээ л
сүү тараг өгсөн юм, мөнгө нь орох ёстой данс руугаа орчихсон юм. Ийм л юм
болсон.

-Тэмцэл хийгээд
байгаа хүмүүс дотроосоо, өөрсдийнхөө нэгийг л таны оронд суулгах гээд байгаа ч
юм шиг анзаарагдаад байна. Танай телевизийн “Өглөө” нэвтрүүлгийн Гэрлээг таны
суу­далд суухыг санаархаж байна гэсэн мэдээлэл яваад байх юм?

-Хэвлэл мэдээллийнхэн маань
болж байгаа үйл явдлыг анхаарал­тай ажиглаж өөр өөрсдийн өнцгөөс бичиж байгаа.
Тийм учраас Гэрлээ нь дарга болох гээд байна уу, намайг авч хаях гээд байна уу,
тэр бослогыг хэн удирдаад байна вэ гэдэг дээр би юм хэлэх боломжгүй.

Би өмнө нь ийм юм үзэж
байсан­гүй. Надаас өмнө энд олон дарга нарыг шантрааж, янз бүрийн байд­лаар нэр
төрийг нь гутааж, хөөж тууж байсан ийм л “сайхан” уламж­лал гэх юм уу, хуучны
бугшсан дадал туршлагатай газар юм би­лээ. Тэрүүгээр л одоо намайг ингэж байна
гэж харж байгаа. Ний нуугүй хэлэхэд, би МҮОНТ-д удирдлагын багийн хувьд үнэхээр
ганцаардаж байгаа. МҮОНТ-ийн шинэчлэлийн бүтэц, зохион байгуулалтын ажлыг яриад
ажлын хэсэг гарч ажиллаад, өргөтгөсөн ажлын хэсэг ажилдаа ороод ирэх сарын
дундуур Үндэс­ний зөвлөлөөр орж батлуулаад шинэчилсэн бүтэц зохион байгуу­лалт,
нэвтрүүлгийн шинэчилсэн бодлогоор цаашид явах юм. Юм болгоныг үр дүнтэй ашигтай
бол­гоно. Халамжийн системээр өнөөд­рийг хүртэл явж ирсэн энэ систе­мийг больё.
Хийснээрээ авч, үр дүнгээр цалинждаг болъё л гэж байгаа юм.

-Та албадын болон
нэгдлийн дарга нартайгаа хамт АТГ-т шалгуулъя гэж уриалсан. Энэ ямар учиртай
юм?

-Манай байгууллагын хүмүү­сийн
тал нь дарга ш дээ. Том жижиг олон дарга байна. Санхүү, стра­теги, тамгын
газар, алба, нэгдэл, хэлтсийнх гээд маш олон даргатай. Гэтэл уран бүтээл хийдэг
наяхан л хүн байна.

Үүсээд буй нөхцөл байдалтай
холбогдуулаад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл хийж бай­гууллага руугаа
дайрч, муулаагүй. Манай хамт олон, уран бүтээлчид үүнд ямар ч буруугүй.
Тодорхой нэг хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонир­хол зөрчигдөх гээд байгаа юм.
Түүнээс болоод л ингэж эсэргүү­цээд байна. Энэ олон нэгдэл, албаны дарга нар
өөрсдөө биш юм аа гэхэд нэгдэл дотроо ажилладаг, аль нэг сэтгүүлчээ компанийн
захи­рал болгоод явуулдаг. Түүгээр бизнесээ явуулдаг. Хэрэгт унавал жирийн нэг
тэр сэтгүүлч хэрэгт унадаг. Намайг энэ ажлыг авснаас хойш ийм гашуун юм болсон.
“Үдшийн хэмнэл”-ийн захирал нь хариуцлага хүлээхгүй харин ч дотроо тушаал
дэвшээд үлдчихэж байгаа юм. Өнөө сэтгүүлч нь хариуц­лага хүлээгээд ажлаасаа
халагдаад явсан. Ийм түүх байгаа. Гэтэл Үйлдвэрчний эвлэл ийм асуудал дээр
ажиллахгүй мөртлөө эвлэлийг толгойлж байгаа Наран­цэцэг гэдэг энэ хүн яагаад
бослого тэмцлийг удирдаж зохион байгуу­лаад байгаа юм бэ. Хамт олныхоо эрх
ашгийн төлөө ажиллаад байна уу, хувийнхаа ашиг сонирхлын төлөө ажиллаад байгаа
юм уу. Дунд шатны хэдэн дарга нар бол доод уран бүтээлчдээрээ ажлаа хийлгээд
тэдэндээ жаахан шагнал мөнгө өгнө. Дээшээгээ дарга нарт их мөнгө л өгнө. Ийм л
дотоод сүлжээ байгаа ш дээ. Ах дүү, амраг садан, найз нөхдөөрөө нийлсэн олон
жил бугшсан ийм дотоод сүлжээтэй.

Хэтэрхий олон жил нэг менеж­мен­тийн
баг, нэг багийнхан ажил­лаад ирэхээр нэг нэгэндээ шаард­лага тавьж чадахаа
байчихдаг юм байна. Тэр юм нь явсаар байгаад өөрсдөө дотоод журам, бүр хуулиа ч
мөрдөхгүй болчихдог юм байна. Тэрийгээ арилгая гэхээр арилгаж чадахгүй, цагдаад
өгье гэхээр өгч чаддаггүй. Шалгуулъя гэхээр хам­гаа­лаад “тэрний минь”, “үүний
минь”, “насаараа ажилласан юм” гээд. Ямар ч байгууллага том, жижиг ч бай хууль
эрх тэгш үйлчилнэ. Хуулийн дор ажиллаж, амьдардаг.

Энэ олон хурган дарга нарын
хууль бус үйл ажиллагааг хүлээн зөвшөөрч чадахгүй учир хоёр, гурван нэгдэлд
дотоод аудит оруулсан юм. Дотоод аудитын шалгалт оруулсан нэгдлийн зарим нөхөд
бослогын голд дүрд нь явж байгаа.

-Сэтгүүлч
Л.Цагаандалай таны эсрэг бослого тэмцэлийг удирдаж байгаа хүмүүсийн нэг юм уу?

-Л.Цагаандалай бол манай
сайн сэтгүүлчдийн нэг. Гэхдээ “Адуучин” нэвтрүүлэг нь МҮОНТ-ийн оюуны өмч,
брэнд нэвтрүүлэг. Гэтэл энэ нэвтрүүлгийг ашиглаад “Нүүдэлчний дуу хоолой” гэдэг
төрийн бус байгууллагаараа дам­жуу­лаад 240 гаруй сая төгрөгөөр тэмцээнээ
зохион байгуулаад теле­визид 3, 4-хөн сая төгрөгийг нь л өгч байх жишээний.
Ингэхээр энэ хүн телевиздээ хайртай хүн мөн үү, телевизийнхээ төлөө явдаг хүн
мөн үү. Тийм юм бол телевизтэйгээ гэрээ байгуулаад эндээс телеви­зийн уран
бүтээлчид томилогдоод, техник тоног төхөөрөмж ажиллаад манай эфирээр зарлагдаад
гарах ёстой. Ийм гэрээ одоо хүртэл байхгүй. “Адуучин” гэдэг тэмцээн яаж явж
дуусав гэдэг тайлан ч байдаггүй. Тийм болохоор энэ асуудлыг хурлаар оруулна
гэтэл Л.Цагаандалай амраад алга болчихож байгаа юм. Тэгээд амарч ирээд бослого
тэмцэл хийгээд эхэлж байна. Энэ одоо юу гэсэн үг юм бэ.

“Нэг сая нэг минут” гэдэг
нэвт­рүүл­гийг манайхан сайн мэднэ. Манай сэтгүүлч Г.Ханхүү гэдэг залуу
хөтөлдөг. Сайн сэтгүүлч. Гэхдээ түүнийг хурган дарга нар ашигласан.
Г.Ханхүүгийн нэр дээр компани байгуулаад мөнгийг нь аваад дотор нь байгаа
найруулагч, нэвтрүүлгийн хэлтсийн дарга Батцэнгэл, IV нэгдлийн дарга Эрдэнэбат
нар хувааж авдаг байс­наа хүлээн зөвшөөрсөн. Батцэн­гэл, Эрдэнэбат хоёр нь
яваад өгөнгүүт Г.Ханхүү би яах вэ гээд ороод ирж байгаа байхгүй юу. “Энэ
мөнгийг хоёулаа хувааж авъя аа” гээд. Ийм ёс зүйгүй юм байж болох­гүй. Ийм юм байж
болохгүй. Би ингэдэг хүн биш. Наад мөнгөө телевизтэйгээ гэрээ байгуулаад авдаг
журмаараа ав гэсэн.

Урд нь ажиллаж байсан Үндэс­ний
зөвлөл сайн ажиллаад бичиг цаасыг нь сайтар боловсруулчих­сан юм билээ. Гагцхүү
энэ бичиг цаасыг мөрдөж ажиллахгүй байгаа нь том зөрчил байгаа байхгүй юу. Энэ
зөрчлийг дотоод аудитаар батлаад нотлоод гаргаж ирэхээр хариуцлагаа тооцдоггүй.
Дотоод­доо л шийддэг. Уг нь МҮОНТ бол 2.9 сая хүний өмч шүү дээ. Гэтэл тэрэн
дотор ажиллаж байгаа хэд­хэн хурган дарга нарын эрх ашгаар хөдөлдөг телевиз
болчихоод бай­на. Үүнийг л би эсэргүүцээд байна. Жирийн уран бүтээлч,
сэтгүүлчид хохироод байна. Тэрнийг ашиглаж, гарын үсгээр нь гэрээ хийлгэж,
мөнгийг нь данс руу нь оруул­чи­хаад авчихдаг. Мөнгө угааж байгаа том хэлбэр
энэ байна. Үүний цаана хөөрхий сэтгүүлч, уран бүтээлчид  л хохироод үлддэг. Ингэж хохирсон
сэтгүүлчдийг би харсан. Одоо Г.Ханхүү хохирох гээд л байна. Түүнийг хохирох
гээд байхад нэгд­лийнх нь дарга уран бүтээл­чийн­хээ төлөө, мөнгийг нь телевиз
рүү гэрээ хийж оруулахын төлөө явахын­хаа оронд бослого тэмцэл удирдаад явж
байгаа байхгүй юу.

-Одоо ямар арга
хэмжээ авбал МҮОНТ-д үүсээд байгаа бугшсан эл байдал арилах юм бэ. Юу хийвэл
энэ бүхэн зөв чигтээ орох бол?

-Би буцахгүй ээ. МҮОНРТ-ийг
шинэчлэх, өөрчлөх цаг нь болсон. Би 23 дахь дарга нь. Маш олон дарга нарыг
ингэж шантрааж, гомдоож, хөөж тууж, хаалга үүдийг нь скочдож, өлсгөлөн зарлаад
янз бүрийн арга барилаар явдаг. Энэ чинь маш нарийн сценариар явдаг. Сценарийг
нь боловсруулдаг, түү­нийг нь хэрэгжүүлдэг хэдхэн бүлэг хүмүүс байдаг. Тэд уран
бүтээлч­дийг ашигладаг. “Манай уран бүтээл­чид ийм саналтай байна. Энэ
захиралтай ажиллахгүй гэнэ ээ” гэж уран бүтээлчдийн нэрийг барьж явдаг. Ингэж
явдгаа одоо болих цаг болсон. Урьд нь ингэж уран бүтээлчдийнхээ нэрийг барьж
олон захирлыг явуулж байсан бол намайг явуулж чадахгүй. Би бол нэртэй, төртэй,
хийсэн бүтээсэн юмтай хүн. Энэ байгууллагаас явлаа гээд надад алдах юм байх­гүй.
Энэ байгууллагад ажиллаад бохир заваан юмнаас нь цэвэрлээд эдийн засгийн хувьд
орчин үеийн телевизийн зах зээлд голдирлоор нь л хөгжүүлэх ёстой. Би өнөөдөр
бодлого барьж ажиллаж байна. Хуультай байгууллагыг удирдаж байна. Олон нийтийн
төлөө үйл­чилж, олон нийтийн төлөө ажилла­даг ашгийн бус байгууллага. Гад­наа­саа
ингэж харагддаг ч дотор нь орохоор хувьцаат компани шиг л байна.

Би ийм зүйлтэй эвлэрэхгүй.
Намайг зогсооно гэж байхгүй гэд­гийг тэмцэл зохион байгуулж бо­соод байгаа
хүмүүст хэлье. Ерөнхий захирал М.Наранбаатар, Үндэс­ний зөвлөлийн дарга Л.Пүрэв­­дорж
нар энэ асуудлыг ухаалгаар шийднэ гэдэгт найдаж байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

“Бодь” группийн эзэд хөрөнгөө хуваажээ

Монголын том биз­нес­мэнүү­дийн хоёр
нь өнгөрсөн долоо хоногт хөрөнгөө тусгаарлалаа. 
“Бодь” группийн хувь эзэм­шигчид болох 
Лу.Болд, Д.Баясгалан нар  хөрөнгөө
албан ёсоор салгах гэрээнд гарын үсгээ зурж, хэн хэндээ амжилт хүсчээ. Маргал­даж
хоёр тийшээ харсан эрхмүүд эцэс­тээ эв найр­тайгаар гараа атгалцан салахыг илүүд
үзжээ. Лу.Болд нь “Бодь цамхаг”-аа, “Бодь
даатгал”-аас эхлээд груп­пээр овоглодог охин компаниуд­тайгаа авахаар болж.  “Бодь” гэдэг нэрийг Болдын аав эрдэмтэн С.Лувсан­вандан
гуай өгч байсан аж.  Түүний эзэмшилд медиа
групп нь бас очиж байгаа. Үүн дээр нэмэх нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн.  Харин Д.Баясгалан “Голомт”-оо удирдаж явна гэсэн
тохироо хий­жээ. Тэр Монголын томоохон  банкны
нэгд зүй ёсоор багтах “Голомт”-ыг УИХ-ын гишүүн М.Зоригт­той хамтран эзэмшинэ.    

Хоёр бизнесмэний дунд мар­гаан өрнөж
байж хөрөнгөө хуваах шийдэлд хүрсэн гэдгийг өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдал гэрчил­нэ.
УИХ-ын гишүүн, Гадаад харил­цааны сайд Л.Болд “Бодь”-ийн хувь эзэмшигчийн хувьд
маргаан байгаа гэдгээ олонд ил болгож байв. Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд
өнгөрсөн тавдугаар сарын 24-нд өмгөөлөгч З.Сүх­баата­­раараа дамжуулан гурван нүүр
дүүрэн захидал хүргүүлсэн байдаг. “2012 оны намраас эхлэн Голомт банкны тухайн үеийн
зарим албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас банкны болон бусад хууль тогтоомжийн
тодорхой заалтууд ноцтой зөрчиг­дөн улмаар харилцагч хадгаламж эзэмшигчдийн хууль
ёсны эрх ашиг, сонирхолд хортой үр дага­варт хүрч болзошгүй нөхцөл бай­дал үүссэн
болно. Ийм хууль бус үйл ажиллагааг одоо ч үргэлж­лүү­лэн хийсээр байна” гэж эхэлсэн
захидал долоон ширхэг баримт дэлгэсэн байдаг. 
Банкны программ хангамжийн цахим систем гэмтсэн шалтгаар бүх л мэдээлэл устаж
байсан, банкны хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдын үлэмж хэм­жээ­ний мөнгөн хөрөнгийг
банкны гүйцэтгэх удирдлагын зарим албан тушаалтан хувь хүний нэр дээр данс нээж
байршуулсан зөрчил гарсан гэх мэт баримтуудыг “Бодь”-ийн хувь эзэмшигч Л.Болдын
өмгөөлөгч З.Сүхбаатараас  Н.Золжар­галд хаягласан
албан бичгээс харж болно.  

Дараахан нь “Бодь” группийн удирдлагууд  хэвлэлд хандаж бай­лаа. Лу.Болдыг дотоод  маргаанаа хэвлэлийнхэнд ил болгох үед  иргэ­дэд нэг болгоомжлол автоматаар төрсөн юм.
“Голомт” эвгүйдсэн учраас эд ингэлээ гэсэн шум хүчээ авч, иргэд хадгаламжаа татах
эрсдэл өндөр байсан учраас нөгөө талаас мэдээлэл хийж, “Бодь”-ийн удирдлагууд Монголын
том группын хувьцаа эзэмшигчдийн үл ойлголцол олонд ил болж байв. “Хувь эзэмшигчдийн
маргаан банкны хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй” гэж байсан юм. Л.Болдын зүгээс
ч дахин элдэв яриа үүсгэлгүй асуудал тэгсгээд намжиж байв.

“Бодь”-ийг үүсгэн байгуулагч­дын нэг  Лу.Болд 
оюутан байхдаа хоёр Германы хооронд ганзагын наймаа хийж анхны хуримтлалаа
үүсгэж байсан гэдэг. Ардчиллын дараа Монголын оюутны холбоонд хамт ажиллаж байсан
М.Зоригт, Д.Баясгалан нартай хамтарч “Бодь групп”-ыг байгуулсан түүхтэй. “Бодь групп”
байгуулагдсанаасаа хойш компьютерийн наймаанаас багагүй  ашиг олж, тэр ашгаараа  “Голомт”-ыг байгуулж байж.  “Голомт” энэ зууны эхээр “Сэргээн босголтын банк”-тай
нэгдсэн байдаг. Тус банкнаас салсны дараа хурдтайгаар томорсон гэж банкны салбарынхан
ярьдаг.

Ямартай ч “Бодь” гэсэн нэр дор нэгдсэн
Монголын толгой бизнес­мэнүүд энэ хүрээд тус тусынхаа замаар бизнесээ томруулахаар
шийдэж хөрөнгөө хуваацгаажээ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

А.Бакей: Р.Амаржаргал бусдын өмнөөс хариуцлага хүлээлээ гээд байдал өөрчлөгдөхгүй

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын
байнгын хорооны дарга А.Бакейтэй ярилцлаа.

-УИХ өнгөрөгч долоо хоногт
2014 оны төсвийг баталлаа. Таны хувьд төсвийн тал дээр өөрийн байр суурийг нэлээдгүй
хэлж ха­рагд­­сан. Тийм болохоор ирэх оны төсөв таны­хаар хэр ханатай бол­сон бэ?

-Монгол Улсын 2014 оны төсвийг дэгийн
дагуу хэлэлцэж, хуулийн хуга­цаанд буюу арваннэг­дүгээр сарын 15-нд баг­тааж баталлаа.
Энэ жил манай орны эдийн засаг, санхүүгийн төлөв байдал нэлээд хүндрэлтэй бай­лаа.
Ирэх жилийн хувьд ч энэ байдал үргэлжлэх төлөв ажиглагдаж байгаа учир Засгийн газраас
өргөн барьсан төсвийн төслийг хэлэлцэж батлах нь тийм ч амар байгаагүй. Ямартай
ч УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд өргөн баригдсан төсвийн орлого, зарлагын аль алинд
зохих өөрчлөлт оруулж, “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” зарч­маар нухацтай хандсан
төсөв болсон гэж үзэж байна.
Яам, агентлаг гэх мэт төрийн байгуул­ла­гуу­дын  хэрэгцээнд шаард­ла­гатай ширээ, сандал, тавилга,
компьютер, тоног төхөөрөмж, унаа машин худалдан авах гэх мэтийн төлөвлөж оруулж
ирсэн хөрөнгийн зардлыг бага­гүй хэмжээгээр бууруулж, мөн боломжтой урсгал зардлыг
ч танасан нь “бүсээ чангалах” зарчимд нийцсэн болов уу. 2007-2012 онуудад манай
эрдэс баялгийн түүхий эд дэлхийн зах зээлд өндөр үнэтэй бай­сан, тэр хэм­жээгээр
төс­вийн орлого ч өссөн он жилүүдэд ха­маа­гүй ца­маан загнаж, төсвийн урсгал зардал
ч, хөрөнгө оруулалт ч ихээ­хэн өргөж­сөн билээ. Үүнээс шалт­гаалж он дамж­сан, төсөвт
өртөг нэмэгдсэн дуусаа­гүй обьек­туудын тоо ч олширсон байна. Энэ нь Засгийн газрын
мөрийн хөтөлбөрт тус­гагдсан то­моохон зорил­туудыг хэ­рэгжүүлэхэд саад болох шинжтэй
бол­сон. Төсвийг хэлэлцэх явцад энэ бай­далд УИХ бодитой дүг­нэлт хийж, баригдах
хуга­цаа нь удаа­­ширсан, тө­сөвт өртөг нь батлагдсан хэмжээ­нээс өссөн 240 обьектыг
ирэх жилийн төсөвт “0” дүнтэй тусгаж, Улсын ерөнхий аудитын газ­раас шалгаж няг­талс­ны
дараа нэгдүгээр ули­ралд багтаан төсвийн тодот­голоор эргэж хэ­лэл­цэн шийдвэрлэхээр
бол­сон. Энэ бүхэнд тулгуур­лаж дүгнэхэд, Монгол Улсын төсвийн төслийг УИХ дээр
хэлэлцэж ирсэн түү­хэнд анх удаа 2014 оны төсөв бол төсвийн зар­лагын реформ хийсэн
төсөл болсон.

-Ирэх оны төсөв “Ав­лигажсан төсөв”-ийг
түр царцаасан төсөв боллоо гэх юм. Энэ хэр үнэний ортой вэ?

-2013 оны төсөвт то­дот­гол хийх,
2014 оны төсвийн төслийг хэлэлцэх явцад Ерөнхий сайдын амнаас дээрх үг гарсан нь
санамсаргүй хэлсэн үг биш байх гэж бодож бай­на. Хэрэв төсвөө анхнаас нь бодитой
төлөвлөж, хө­рөнгө оруулалтыг анх батлагдсан хэмжээнд төсөвт өртөгт нь багтааж хугацаанд
нь хэрэгжүүлж ирсэн бол өнөөдрийн яриад байгаа хүндрэл, бэрхшээл гарахгүй байх байсан.
Тендерт орж ял­сан компани ч анхнаасаа төсөвт тусгагдсан өртгөөр хугацаанд нь, чанартай
гүйцэтгэнэ гэж орчихоод эргээд элдэв бэрхшээл тоочоод төсвөө нэмэг­дүүлдэг муу зуршилтай
болсон. Түүнийг нь Зас­гийн газар мэдсээр байж нэмж өгөөд ирсэн нь үнэ­хээр харамсалтай.
Иймд ирэх жилийн төсөв бат­лагдсантай холбогдуулан авах зарим арга хэм­жээ­ний тухай
УИХ-ын тог­тоо­лоор он дамжсан за­рим хөрөнгө оруулалтыг түр царцаасан нь дээрх
“муу зуршил”-д том дохио боллоо.

Ер нь цаашид төсвийг төлөвлөх, хэлэлцэх,
бат­лах, хэрэгжүүлэх бүх шат дамжлагын хариуцлагыг эрс сайжруулах талаар тодорхой
арга хэмжээ авах шаардлагатай байна. 

-МАН-ын бүлэг тө­сөв дээр нэлээд
шүүмж­лэлтэй хандаж байсан ч тэгэс гээд нам гүмхэн баталчихлаа. Үүний ард улс төрийн
тохироо явагдсан гэх хардлага байна?

-Миний мэдэхээр 2014 оны төсвийг УИХ
дэгийн дагуу хэлэлцэж баталсан. УИХ дахь на­муудын бүлэг тус бүртээ ажлын хэсэг
гаргаж ажил­луулсан, үүн дээр Төс­вийн Байнгын хорооны ажлын хэсэг ажиллаж, нэгдсэн
санал, дүгнэлтээ танилцуулсан. Мэдээж санал нийлэхгүй асуудал дээр тал талаас ярилцаж,
аль болох зөв гарцаа олсон гэж үзэж байна. Төсвийг УИХ дахь эрх баригч намын бүлгийн
гишүүд дангаараа бат­лах ямар ч боломжгүй, бусад нам, эвслийн бүл­гийн зүгээс шүүмжлэлтэй
хандаж байсан нэлээд асуудал төсөвт тусгагд­сан. Тиймээс гишүүдийн олонхийн санал,
дэмж­лэгээр батлагдсан төсөв бол муу ч бай, сайн ч бай хамтын бүтээл шүү. Хариуцлагаа
ч хамтдаа хуваалцах учиртай.

-Ирэх оны төсөвт Оюу толгойгоос
450 мянган ам.доллар орж ирэх болов уу. Энэ оны төсөвт 445 мянган ам.доллар тусгагдсан
ч нэг ч төгрөг орж ирээгүй гээд байгаа?

-Оюу толгойн төслөөс орж ирэх орлого
нь хоёр зүйлээс хамаарна. Тус ордоос эксортод гарга­хаар төлөвлөсөн зэс, алт­ны
хэмжээг бүрэн хэрэг­жүүлэх. Мөн дэлхийн зах зээл дэх эдгээр түүхий эдийн үнэ төсөвт
төлөв­лөсөн түвшингээс унах­гүй байхаас шалтгаална. Засгийн газар энэ хоёр хэмжигдэхүүнийг
боди­той төлөвлөж, эрсдлийг тооцсон байж таарна.   

-Төсөв дээр урсгал зардал хассан
нь хэр зөв шийдэл вэ. Төсвийн байнгын хороо, ажлын хэсгийнхэнтэй ойр бай­сан гишүүд
өөрсдийн сонгогдсон тойргийн бү­тээн байгуулалт болон сургууль, цэцэрлэгийн засвар,
машины мөн­гийг суулгасан байна гэх юм?

-Би түрүүн хэлсэн. Зас­гийн газар
төсвийг анхнаасаа бодитой, зөв төлөвлөж оруулж ирвэл төсвийг нэмэх, танах асуу­дал
гарахгүй шүү. Урсгал зардлыг хамаагүй дур мэдэж танах юм бол тухайн салбарын, бай­гуул­лагын
хэвийн үйл ажиллагаа алдагдана. Гэхдээ төсвийн төслийг боловсруулах, хэлэлцэх шатанд
буруу субьектив хандлага мэр сэр ажиг­лагддаг юм. Харин таны асууж байгаа шиг тойрог­тоо
хөрөнгө оруулалт хий­хийн тулд урсгал зард­лыг танасан гэж үзэхгүй байна. 

-Төсөв хүндрэлтэй байгаа энэ үед
УИХ-ын гишүүд орон нутгийн томилолтын зардлаа хассангүй хэмээн шүүмж­лэлтэй байгаа
харагдсан. Томилолтын зардлыг танах боломж байгаагүй юу?

-УИХ-ын гишүүн хуу­лиар тогтоосон
бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд төрийн зүгээс баталгаа, нөхцөлийг бүрдүүлэх хууль­тай.
Ялангуяа, тойр­гоос сонгогдсон гишүүд жилдээ боломжийнхоо хэрээр хэд хэдэн удаа
тойрогтоо очиж ажиллах ёстой. Ядаж л шинээр батлах хууль тог­тоом­жийн төслийн талаар,
мөн урьд баталсан хуу­лиу­дын хэрэгжилтийн бай­далтай газар дээр нь танилцаж, сонгогч
олны саналыг авах учиртай. Нэг ёсондоо амьдралын гүнд орж ажиллаж байж сая хууль
тогтоох дээд байгууллагад хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадна гэсэн үг. Гэтэл УИХ-ын
гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж нөх­цөл төсөв, санхүүгийн хувьд бүрэн хангагдаагүй
явж ирсэн юм. УИХ-ын тухай хуулийн 35.3 дахь заалтад “Гишүүний сон­гогдсон тойрогтоо
ажил­лахтай холбогдсон зард­лын хэмжээг УИХ тог­тоо­но” гэж заасан байдаг.

-Сүүлийн үед Р.Амар­жаргал гишүү­ний
асуудал ихээр яриг­даж байна. Төрийн бай­гуу­лалтын байнгын хороо үүн дээр ямар
байр суурьтай байгаа вэ?

-Р.Амаржаргал ги­шүүн УИХ-ын тухай
хуу­лийн 6.6.3 дугаар заалтын дагуу буюу “… хүндэтгэн үзэх шалтгаанаар…” УИХ-ын
гишүүнээс чөлөө­лөг­дөх хүсэлтээ гаргасан байна. Энэ асуудлыг хол­богдох хууль тогтоом­жийн
дагуу УИХ-аар хэ­лэлцэж шийдвэр гаргана. Ямар шийд гарахыг би урьдчилан хэлж чадах­гүй.
Ямартай ч даваа гаригт хуралдсан УИХ дахь АН-ын бүлэг уг асууд­­лыг хэлэлцээд гишүү­ний
өргөдлийг хүлээж авах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Эцсийн шийдвэр УИХ-ын нэгдсэн
чуулганы хуралдаанаар гарна.

-Танай хороо хэзээ Р.Амаржаргал
гишүү­ний асуудлыг хэлэлцэх вэ?

-Хуулиар гишүүн өргө­дөл гаргаснаас
хойш төдий хугацаанд УИХ-аар хэлэлцэнэ гэсэн тодор­хой зохицуулалт байхгүй байна.
Ямар ч гэсэн ойрын хугацаанд хэлэлцэнэ.

-Одоогоор Р.Амар­жар­гал гишүүн
хариуц­лагагүй төрийн өмнөөс хариуцлага хүлээхээр бүрэн эрхээсээ тат­гал­заж байна
гэсэн ойл­голтыг нийгэмд төрүү­лээд байна. Тантай Амар­жаргал гишүүн хэд хэдэн удаа
уулзсан гэ­сэн. Чухам ямар шалт­гаанаар бүрэн эрхээсээ татгалзаж байна гэсэн бэ?

-Би Р.Амаржаргал гишүүнтэй хэд хэдэн
удаа уулзаж ярилцсан. Надад одоогоор УИХ-ын гишүү­ний бүрэн эрхээс татгал­заж байгаа
шалтгааны талаар тоймтой зүйл хэлээ­гүй. Амаржаргал бусдын өмнөөс хариуц­лага хүлээлээ
гээд бай­дал өөрчлөгдөхгүй. Хэ­лэл­цэх явцад байдал тодорхой болно биз ээ. 

-АН-ын бүлэг Р.Амар­жаргал гишүү­ний
хүсэлтийг нь хү­лээж аваагүй. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг
заавал оруу­лах шаардлагатай юу?

Хуулийн дагуу УИХ-аар заавал орж хэлэл­цэг­дэнэ.
Энэ бол зөвхөн гишүүний хувийн асуудал биш, уг гишүүнийг сонго­сон сонгогч олон
түмний мандат цаана нь байгаа.

-Таны хувьд намын­хаа журмын нөхрийн
уг шийдвэрт ямар бо­дол­той байна вэ?

-Р.Амаржаргал ги­шүүн бол анх удаа
сон­гогд­сон шинэ гишүүн биш. Харин ч хал үзэж халуун чулуу долоосон туршлагатай
гишүүн гэд­гийг бид мэднэ. Би жур­мын нөхрийн хувьд энэ сонголтоо сайн тунгааж бодоорой
дахин зөвлөж хэлмээр байна.

-УИХ-аас түүний бү­рэн эрхийг түдгэлзүү­лэх­гүй
байж магадгүй. Харин Р.Амаржаргал гишүүн Байнгын хороо, нэгдсэн чуулгандаа суух­гүй
бол ард түмэн хохирно. Тэгвэл Амар­жаргал гишүүнд тооцох хариуцлагын механизм гэж
бий юу?

-Энэ талаар одоо мөр­дөж байгаа хуулинд
тодорхой заалт бас байх­гүй. Тэгэхдээ амьдрал баян юм чинь хэрэв тийм шийд гарлаа
гэхэд гарцаа олох байлгүй.

-АН-ын бүлэг түүнд сайдын албан
тушаал өгсөнгүй хэмээн гом­донгуй явсан тул бүрэн эрхээсээ түдгэлзэж бай­гаа гэх
юм. Хэр үнэ­ний ортой вэ?

-Үүнийг би мэдэхгүй юм. Энэ асуултыг
өөрөөс нь асуувал илүү оновчтой хариултыг олох байх.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Монголын сэтгүүл зүй популистуудыг биш баялаг бүтээгчдийг дэмжихээ төрийн тэргүүний өмнө амлалаа

“Том төрөөс ухаалаг төр рүү”
сэдэвт үндэсний зөвлөл­дөх уулзалт өнгөрсөн бямба гаригт Төрийн ордонд бол­лоо.
Энэ үеэр олон салбар хуралдаан болсны нэг нь сэтгүүлчдийнх байв. Уг хуралд
сонин хэвлэлийн удир­дах албан тушаалт­нуу­дыг сурвалжлагчийн биш төлөөлөгчийн
хувиар урьж оролцуулсан юм. Тиймээс Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэ­лийн тэргүүн
Б.Галааридаас эхлээд хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхлэгч зэрэг хариуцлагатай
хүмүүс энэ хуралд суулаа. “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт уул­зал­тын
салбар хуралдаанууд хаалттай болсон юм. Энд яригдсан зүйлийг гадагш нь задалж
болохгүй учраас нууц­лах гэсэндээ тэгсэн юм биш. Телевизийн камераас хол
хэлэлцэж, ярилцах гэсэн­дээ ийм зарчмаар хуралдсан хэрэг. Яагаад гэвэл сүүлийн
үед камер харахаараа бус­даас ялгарах гэж босоод зогсчихдог, элдэв гаж зүйл
ярьж олны анхаарал татахыг хичээдэг, бусдад таалагда­хын тулд хүмүүн бус авир
гаргадаг өвчтэй хүмүүс олшир­чихсон болохоор тэр.

Энэ зөвлөгөөн дээр том төрөөс
ухаалаг төр рүү шилжи­хийн тулд яахав, ямар дэмжлэг хэрэгтэй вэ гэдгийг авч
хэлэлцсэн. Хэвлэл мэдээл­­лийнхнээс гадна биз­нес, улс төрийн хүрээнийхэн
оролцож олон санаа, оноо дэвшүүлсэн. Тэр бүгдийг нь нэгтгэж, том төрөөс ухаалаг
төр рүү сэдэвт уулзалтаас гаргах нэгдсэн шийдвэрт тус­гуулав. Сэтгүүлчдийн
салбар хуралдааныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд
Ч.Сайханбилэг, Сэт­гүүлч­­дийн нэгдсэн эвлэ­лийн тэргүүн Б.Галаарид нар
хөтлөн  явуулсан билээ. Харин Ерөнхийлөгч
энэ хурлыг сонирхоод араар сэмхэн орж ирээд суучихсан харагдсан.

Хурал эхлэхэд сэтгүүлчид цугласан
газар болгон яригд­даг улиг болсон нэг санал хөндөгдөж байна лээ. Тэр нь
сэтгүүлчдийн байгууллагыг тарааж, нэг хүнд 30-аас илүү хувь эзэмшүүлэхгүй гэдэг
санаархал. Зүүний өтгөсийн өвчнөөр өвчлөгсөд энэ сана­лыг гаргасан.  Дээхнэ үед мах комбинатад хонь дагуулдаг
хэсэг ямаа байсан юм гэнэ лээ. Дагаж орж ирсэн хонинуудыг нь херлинтэй усанд
оруу­лаад, үүргээ гүйцэтгэсэн ямаа­нуудыг цааш нь туугаад гаргадаг байсан юм
гэдэг.  Үүн лугаа зүүний өтгөсийн өвч­нөөр
өвчлөгсөд хурал бүр дээр ярьдаг саналаа хамгийн түрүүнд тавьсан. Ер нь сүү­лийн
үед болж буй сэтгүүлчид цуглуулсан хурлууд энэ маягаар өрнөнө гэдгийг ийм нууц
паролиор илэрхийлдэг болчихоод байгаа.

Гэвч энэ удаагийн   хурал дээр тэрхүү улиг болсон сана­­лыг
дэмжээгүйгээр барах­­­гүй үүнээс тэс өөр эсрэг, тэсрэг санаа, онооны тухай
хэвлэл мэдээллийн хэрэгс­лүү­дийн эрхлэгчид ярилцлаа. Хурлаас олон санал
гарсан. Тухайлбал, “Төр бизнест битгий садаа бол. Хувийн өмч рүү халддагаа
зогсоо, хувьс­галаар эхэлсэн ардчиллыг нийгэмчлэлээр дуусгах гунигт төгсгөлийг
харах болж байна уу, хувийн өмчийг хамгаалах хууль гаргая” гэх мэтээр ярив.
“Төр бизнест оролцдоггүй, хэрэгтэй үед нь тусалдаг, сонирхлын зөрчилгүй байх
ёстой. Өнөөдрийн дарлагд­сан ард бол бизнес эрхлэг­чид. Бизнес эрхлэгчдийг дар­ла­даг
бүхэл бүтэн тогтолцоо байна. Үүнийг зогсоох цаг болсон” хэмээн оролцогчид
илтгэв. Төр бизнесийг хич­нээн дарамталж, дарлалаа гээд хэмжээ хязгаар нь хэт­рээд
ирэхийн үед сад тавин цаг хугацаа эргэдэг юм байна. Тиймээс бизнесийг дарлах
тогтолцооны эсрэг зогсох цаг нь ирснийг ярьж тохирлоо. Хурал ийм л уур
амьсгалтай болсон юм.

Мөн сэтгүүлчдийн салбар
хуралдаанаар популизмийг дэмжихээ больё гэдэг дээр тогтлоо. Харин түүний оронд баялаг
бүтээгчдийг дэмжих тухай хэлэлцлээ. Энэ үеэр нэрт сэтгэгч, нийтлэлч Баабар үг
хэлсэн юм. Тэрээр “Татва­рыг шударга болгомоор бай­на. Манай төр татвар төлдөг­гүй
компанийг яадаг ч үгүй. X тайланг нь аваад, 
толгойг нь илээд явуулдаг.  Гэтэл
нэг жил гурван сая төгрөгийн татвар төлчихсөн компаниас дараа жилээс нь зургаан
сая төгрөг нэхдэг зантай. Ингээд бодо­хоор компаниуд  татвар төлс­нөө­сөө эс юм болж хувирна.
Тэгснээс татвар төлөхгүй Х тайлан гаргаад явж байх нь амар гэж бодогдоно. Үгүй
гэвэл  төр хэн нэгний эрхэлж байгаа
бизнест бөөн садаа, дарамт болж айлгадаг” тухай ярьж байв. 

Үүнээс үүдэн татвараа төлж байгаа
компаниудад яаж хандах, татвар төлдөггүй хэсгийг нь юу гэж нэрлэх вэ гэх
зэргийн олон зүйлийг хэлэл­цэж тохирсон. Энэ бүхнийг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэ­лийн
тэргүүн Б.Галаарид нэгд­сэн хуралдаанд танил­цуул­сан билээ. Тэрээр “Мон­голын
сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгс­лийн
90 гаруй  хувь нь хувийн өмч байдаг.
Харамсалтай нь сүүлийн үед хувийн өмч рүү янз бүрийн хэлбэрээр дайрч, булааж
авах оролдлогууд хийгддэг боллоо. Төр засаг хувьдаа өмчтэй хүмүүсийг ийн ад
үзэж, тэдний бизнес эрх­лэх, ажлын байр бий болгох, улс орноо хөгжүүлэх ажилд
чөдөр тушаа болон дарам­талж байна. Энэ нь 1990 онд олж авсан ардчиллаасаа
ухрах нэг шат болох аюулыг ойрхон авчирлаа. Тиймээс үүнийг таслан зогсоохын
тулд хувийн өмчийг хамгаал­сан хуультай болох хэрэгтэй. Дээрээс нь популизмыг
биш баялаг бүтээгчдийг дэмжмээр байна” хэмээн хэлсэн билээ.

Сэтгүүлчдийн гаргасан энэ саналыг
Ерөнхийлөгч олзуурхан хүлээн авч, дэм­жиж байгаагаа хурлын төгс­гөлд
илэрхийлсэн. Ерөнхий­лөгч “Бизнес эрхлэгчид олон зүйл хүсдэггүй. Тэд тогт­вортой,
тэгш, тунгалаг эрх зүйн орчинг хүсдэг. Мөн өрсөл­дөхүйц, зохистой, төлөв­лөж
болохуйц татварын орчинг л хүсдэг. Бизнес эрх­лэгч­дийг дарамталдаг тогтол­цоог
эвдэж, энэ байдлыг хална” гэдгээ нүүр бардам хэллээ. Түүгээр ч зогсохгүй гэмт
хэргийн тухай хуульд орж байгаа хувийн өмчид халтай заалтуудыг эргэн харж,
хувийн өмчийг хамгаалах хууль гаргана гэдгээ хэллээ.

Гэхдээ энд нэг зүйлийг хэлэх
хэрэгтэй.  Хувийн өмч рүү халдан довтолж,
одоо­гийн нийгмийг бий болгоход сэтгүүлчдийн оролцоо, үгийн нөлөө байсан.
Үүгээрээ энэ нийгмийн үндэс суурийг сэтгүүл­чид тавьсан ч гэхэд болно. Тэгвэл
өөрсдийн бий болголцсон энэ нийгмийг эргээд эрүүлжүүлэх ажлыг сэтгүүлчид
өөрсдөө хийж чадна гэдэг нь “Том төрөөс ухаалах төр рүү” сэдэвт уулзал­таас
харагдсан юм.  Хүн өмчтэй, хөрөнгөтэй
байж болохгүй. Хэрэв мөнгөтэй байгаад, баялаг бүтээдэг бол   “муу сайн баячууд”  болон хувирдаг энэ буруу үзэл ойлголт өнөөдөр
ардчиллыг  мухардалд оруулж байна.
Ардчилал мухардалд орсны уршгаар зарим хэвлэл мэдээл­лийн хэрэгсэл хаалгаа
барьж, сэтгүүлчид нь амаа үдүүлсэн гашуун түүх ч сая­хан тохиосон. Харин үүнийг
засч залруулах амлалт “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт уулзалтаас  гарсан юм.

Мөн энэ хурлын үеэр нэгэн бодол
төрсөн нь сэт­гүүл­чид сүүлийн үед зурагт, радио, хэвлэлээр гарахын дон туссан
популистуудыг  нийгэмд зарлах хэрэгтэй юм
байна гэдэг санаа. Яагаад гэвэл популистуудыг сэтгүүл зүй өөрөө төрүүлсэн юм.
Тэгвэл популистууд гэж хэн юм бэ. Миний бодлоор олон нийтэд таашаагдахын тулд
хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр хашгирдаг хүмүүсийг хэлдэг юм байна. Тэд телеви­зийн
камер харахаараа өөрийн эрхгүй суудлаасаа өндөлзөж, ярих тоолондоо түмэн олонд
таалагдахыг хичээдэг. Гэвч амнаас нь 
гарч байгаа үгс ард түмэнд ашиг­гүй. Хэнд ч хэрэггүй байдаг.   Популистууд барааны үнийг бууру­улна гэж
ярьдаг.  Хөрөн­гө хураана, нийгэмчилнэ,
цалин нэмнэ, улсаа үлгэрийн орон болгоно гэх мэтийн амлал­тууд өгдөг. Хүний
санаанд оромгүй мэдэгдлүү­дийг үе үе хийнэ. Гайхаж цочирдом хуулиуд санаачил­на.
Ерөөсөө дараагийн сон­гуу­­лиас өөр юм боддоггүй хүмүүсийг популистууд гэдэг юм
байна. Өнөөдөр Монго­лын хүн амын 30, 40 хувь нь ядуу амьдралтай. Тэгвэл популистууд
тэдний эсрэг баялаг бүтээгчдийг сөргүүлэн тавьдаг. Баялаг бүтээгчдийн хөрөнгийг
булааж ядууст тарааж өгдөг шинэ үеийн Тоорой бандийн дүрд тоглог­сод нь
популистууд юм байна. Тэд зах зээлийн нийгэм жамаараа хөгжиж, үндэсний
хөрөнгөтнүүд нь бусдыгаа аваад явахад саад болж бай­на. Тиймээс ихэнх популис­тууд
сонгуулиас сонгуулийн хооронд л оршин тогтнож чаддаг юм. Үнэндээ ийм л хоёр,
гуравхан жилийн нас­тай популистууд 20 жилийн түүхтэй ардчиллыг нухчин дарж
байна. Иймийн учир  үүний эсрэг зогсч,
тэднийг нийгэмд зарлая, оронд нь баялаг бүтээгчдийг дэмжье  гэдгээ Монголын сэтгүүлчид төрийн
тэргүүнийхээ өмнө амлалаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Шаравын Сүрэнжав: Явууд загнуулчихаад “Дахиад шүлэг бичихгүй” гэж өөртөө тангараг тавьж байсан сан

Монгол Улсын ар­дын уран зохиолч,
тө­рийн шаг­налт Шара­вын Сүрэнжав­тай хөө­рөлдсөн ярилц­ла­гын­хаа үргэлжлэлийг
хүргэж байна.

-Өмнөх ярилцлага­даа Чимид, Эрдэнэ,
Ван­ганы тухай ярьсан. Энэ удаад мөн л
авар­гуудын талаар асуу­маар байна. Бямбын Ринчен гуайтай та хэр ойр байсан бэ?

-Тавин нэгэн онд Ав­дар­баяны бага сургуу­лийг төг­сөөд нэг жил
хөдөө гарч мал малласан юм. Гэвч сургууль соёлын мөр хөөх тухай бодол өдрөөс өдөрт
лавширч, тархи толгойд хүндрээд болдоггүй. Эрдмийн зүг тэмүүлэх сэтгэ­лийн жи­гүүрийг
Авдарбаяны уулс, Цантын голд ургуулж өгсөн хүн бол Бямбын Ринчен гуай.

Түүний туурви­сан “Үүрийн туяа” роман
намайг адууны бэлчээрт ява­хад хэвлэгдэж, “Цог” сэтгүүлд “Тарас Бульба” туужийн
орчуулга цувралаар нийтлэг­дэн дугаараас дугаарыг шим­тэн хүлээхэд хүргэж байлаа.
Би гэдэг хүн “Үүрийн туяа” романд өөрийн эрхгүй сэтгэл татагдан, айл айлд уригдан
очиж ярьсаар сүүлдээ Ринчен багшийн үг найруулга ой тоонд хоногшиж, нэрийг нь харалгүйгээр
түүний бичсэн зүйлийг хэвлэлээс ялган тань­даг болсон. Ингээд малчны хүү би тавин
найман онд Монгол Улсын их сургуулийн босгыг догдлон алхсаны сүүл­чээр эчнээ танил
болсон эрдэмтэн зохиолчтойгоо нүүр учрах завшаан тохиосон доо.

-Их эрдэмтэнтэй уул­заж, үг яриаг
нь сонсч явсан дурдатгалуудаасаа хуваалцахгүй юу?

-Жаран нэгэн оны гурав­дугаар сарын
зургааны үдэш Их сургуулийн 170 дугаар өрөөнд Ринчен гуайтай уул­залт хийснийг мартдаггүй.
Дорно дахины хүн гэдгээ илтгэсэн хөх өмд, хүрэн тэр­мэн дээл дээр мөнгөн арал­тай
бүс бүсэлчихсэн нь сонин сайхан харагдаж билээ. Мөрөө шүргэсэн буурал үс, дээд уруул
дээрээ хоёр тийш сэрвийлгэсэн сахал тэргүүтэн нь овор оруулсан болохоос уг нь ануухан
хүн байв. Царайд нь үрчлээ ховор, духаараа ширтэн духайж, толгойгоо үл ялиг сэжисхийн
ярихад нь бид бүгдээ ам ангайн сонсч бай­сан даа. Ринчен багшийн лекцэнд олонтаа
сууж, Зохиолч­дын хороонд болон гэрээр нь хааяа учралдан ярьж явсан туульс сэтгэлд
долгилдог юм. Нэгэн өдөр шар торгон дээлээ намируул­саар Зохиолчдын хороогоор ороод
ирэв. Бие багавтар хийгээд билбүүрдэж гүйхдээ шаламгай нэгэн Ринчен баг­шийн өөдөөс
гүйж очоод тол­гой дээрх дугуй малгайных нь оройны товч унасны ормоор буурал үс
нь цухуйж буйг ширтэн “Ринчен гуай таны наад толгой дээрх чинь мал­гай юм уу, юу
юм” гэхэд, Миний энэ ч эрдэмтний гэгээн тэр­гүүн дээр тавиастай юм боло­хоо­роо
малгай нь чиг малгай л даа. Харин таны наад ган­ган бүрхний доорх чинь толгой юм
уу, юу юм бэ гэж билээ. Мань хүний сэтгэх аяс нь циркийн шидэх банзны ойлт шиг бодох
завгүй тэр дор нь хариу өгдгөөрөө гайхал­тай. Улаанбаатар зочид буу­далд М.Цэдэндорж
бид гурав дотносон ярилцсан хормыг мөн л сайн санаж байна.

-Тийм үү, түүнээ тодот­гооч?

-Зөвлөлтийн монголч эрдэм­тэн Клара
Якоповская авгайг хүлээх зуур бид гурав энэ тэрхэнийг ярьж билээ. Ринчен гуай сахлаа
имэрс­хийн “Би нэг айхтар юмтай учирч билээ” гээд цааш ярь­сан нь “Ерөнхий сайд
асан Амар гуайг сахал багшид (Сталинг хэлж байна) бараал­­хахад би хэлмэрчээр дагаж
Москвад очсон юм. Амар гуай Сталинтай уулза­хын өмнө ихэд сүсэлж хадаг бэлтгэж ёс
төрийг дээдэлж байлаа. Төрийн өргөөнд нь очоод сахалтад яг бараалхах үед тэднийхэн
өөрсдөө орчуул­на гээд намайг үүдэнд үлдээлээ. Ороод зөндөө удлаа. Тэгж тэгж гарч
ирэхдээ Амар гуай үхсэн хүн шиг үнсэн хөх царайтай болчих­сон “За ёстой амьдын хар
нүгэлд ганц мөсөн уналаа даа. Гучин мянган хүний тол­гой залгих хэрэгт тулгагдлаа”
гэж гутран цухалдаж байсан сан. Сталинд ч нэгмөсөн сүжиг нь буурсан юм даг” гэж
тамхиа асаан ойр ойрхон сорж бодлогошрон байж билээ. Ринчен багшийг таа­лал төгссөн
тэр хавар нэг л гунигаар дүүрсэн, элгэн цаа­на үүлс бараагнасан сонин цаг улирал
өнгөрч билээ.

-Одоо Явуугийн тухай яриач. Жараад
оны “унага”-нууд болох Бадарч, Пүрэв­сүрэн, Дулмаа, Шагдасүрэн, хоёр Шагдар та бүхэн
Явууг багшаа гэж ихэд дотносдог доо?

-Түүний яруу найраг нь түүний шавь
нарыг төрүүлсэн юм. Жараад оны бид нар эсэн мэнд байгаа цагт Явуу бидэн­тэй хамт
Монголын утга зохиолд мөнх оршиж буй. Тэрээр яруу найрагт үнэндээ шинэчлэл хийсэн
хүн. Үг өөрийн өнгө гэрэлтэй, хөг аялгуутай байдгийг чухамхүү тэр л бидэнд хэлсэн.
Шүлэг найргаар ид өвчилж явах үедээ Явууд бут ниргүүлэн “дахиад шүлэг бичихгүй”
гэж өөртөө андгай тангараг өргөж явсан өдрүүд надад бий. Яруу найргийн зөвлөлийн
дэргэдэх нэгдлээр залуучуу­дын шүлэг зохиолыг хэлэлц­дэг байлаа. Миний шүлгүүд бусдаас
арай л өөр мэт санаг­даад, өөртөө их итгэлтэй байх үед “Чамд зүрхний үг хэрэгтэй
байна.Уянгын хөг аяс дут­маг…” гэж баахан шүүмжлээд хэлэх үггүй болгосон сон.
Шүлэг бичихгүй гэж байсан хүн чинь долоо хоноод тэсгэл­гүй үзэг цаасаа шүүрч билээ.
Явууд донгодуулсны дараахь шүлгүүд нэг л өөр болоод, өмнөхүүдээ уншиж үзэн ихэд
голж байлаа. Тэгээд нэгэн багц шүлгүүд өвөртлөн Явуу багшийн гэрийн босгыг зоримогхон
алхаж “Би чамаас ийм л юм хүсээд бай­лаа” хэмээн талимаарсан нүдээр хэлэхэд нь сэтгэлд
баяр төрж билээ. Далан хоёр онд “Нутгийн цэнхэр уулс” номоороо Монголын зохиолч­дын
эвлэлийн шаг­нал хүртэхэд Явуу багш манайд хэд хоног тухалж Цэндээгээр хоол хийлгэн,
ганц нэг юмны бөглөө мултал­сан шигээ сэтгэлийнхээ үгийг ярилцаж байсан даа.  Намайг Горькийд суралцаж байхад захидал явуулж
түүндээ “Лхамсүрэн, Гайтав, Чимид нарыг үгүйлж буйгаа дурдаад Чехэд суугаа дүү Амартаа
хэдэн хайрцаг тамхи явуу­лах”-ыг аминчлан захисан байв. Наян нэгэн оны хавар нарлаг
Казахстаны нийслэл Алма-Атад хамт зорчиж, Ала-Тоо уулын үүл манан хуралд­сан алаг
хөх оргилуудыг сэтгэл хөдлөн харж явсан сан.

-Өнгөрөхийнх нь өмнөх жил байж
шүү?

-Тийм юм. Бидний сүүл­чийн аялал байсныг
тэр үед даанчиг бодоогүй явж билээ. Агаарын хөлгийн гэгээвчээр харахад Балхаш нуур
тэртээ дор цэнхэртэнэ. Балхаш нуурын тухай багадаа уншиж байсан шүлгийн мөрүүд санаанд
орж түүнээ өгүүлэ­хэд Явуу багш урд талын суудлаас эргэн харж зөөлхөн инээмсэглээд
“Багын юм санаа­наас гардаггүй юм. Би аавынхаа авласан ангаа ганза­галаад ирж байсан
дүр зургийг ер мартдаггүй. Тэгээд морио амгайвчлан услахад савируулсан дуслаас нь
цагираган хээ татуулан түүн дотор аавын минь залуухан дүр төрх далбилзан хараг­даж
байсан нь бодол оюунд тодхон байна. Тэр тухайд шүлэг зохиолдоо ч оруулсан даа” гэв.
Тэгээд намайг нут­гаа­раа хамт очихыг хүсэм­жилж байлаа. Явуу багшийг бие барсны
хойтон жил төр­сөн нутагт нь очиж, цаст гэгээн Отгонтэнгэрийн тэргүүн оргил өөд
хараа бэлчээн зогсохдоо Явуугаар ямар их дутаж, түү­нийг үгүйлэн гансарч “Цаст цагаан
уулыг эзэгнэнхэн төр­лөө, би” гэх гайхамшигт найр­гийг нь уншин нүдэндээ нулимс­тай
явсан даа. Дараа­хан нь би Хар далайд амрах­даа мөн л тэсэхүйеэ бэрхээр санан шөнө
дүлээр босч “Алаг дэлхийд төрсөн минь учир­тай” хэмээх хөрөг тэмдэглэл бичээд санаа
жаахан ч гэсэн уужирч байв. Явуу бол үнэн­дээ ер бусын хүн байсан. Халх Монголыг
даасан Очир­ваани бурханы дүрээр мөн­хөр­сөн уул Отгонтэнгэр хайр­хан Монголын яруу
найрагт нэгэн хүү өгсөн нь Явуухулан юм даа. Түүнтэй ойр дотно явсан минь яасан
их хувь заяа вэ. Явуугийн надад үлдээсэн ширэн гэртэй гоёлын хутга, дотуур хантааз,
тэхийн дүрс бүхий бариултай үнсний сав зэргийг нандигнан хадгалдаг юм аа.

-Цэгмидийн Гайтав гуайн тухай бас
асуулгүй өнгөрч болохгүй нь…?

-Гайтавыг надтай Дор­жийн Гомбожав
танилцуулж билээ. Тэрээр хэлэхдээ “Энэ нөхөр хүн нь алт шиг сайн хүн байгаа юм.
Даанч буруу замаар явчихсан” гэж байсан. Буруу замаар гэдэг нь нөгөө намын шүлэг
голчлон бичдэ­гийг нь хэлснийг хожим ухаар­сан даа. Хүний хувьд бол нээрээ л одоо
болтол түүнийг муулж хэлж байгааг нь би лав сонссонгүй. Хүнээс мөнгө зээлбэл яг
л хэлсэн цагтаа өгдөг, худлаа хэлдэггүй, дээш доош нь бичиг цаас шиддэг­гүй, тушаал
хэргэм хөөцөлд­дөг­гүй, долгинож шарвахыг тэвчдэггүй, нүднээс далд муу хэлдэггүй,
нүүрэн дээр нь шүлэг зохиодог зарчим, намч хүн байжээ. Тэр ямар ч согтуу байсан
айлд хонодоггүй байлаа. Жаран хэдэн оны зун Хүрхрээгийн зусланд бид наргиад шөнө
дунд өнгөрч ор дэр засуулсан байтал Гайтав заавал харина гэж зүтгээд Бадарч бид
хоёр үглэж дуулж байж Баянзүрхийн гүүр гаргасан. Харанхуйд сондуул дундуур бүдчүүлэн
явж хот орох машинд суулгаж өгсөн юм даг. Түүнийг намын шүлэгч энээ тэрээ гэж “ухаант­нууд”
цоллох гээд байдаг. Би л хувьдаа зүрхний хөг чавхда­сыг хөндсөн, ард түмний цэцэн
цэлмэг авьяасыг шин­гээ­сэн яруу сэтгэлийн уянгыг ухааны номлолоос дорд үзэ­хийг
зөвшөөрөхгүй ээ. Гайтав бөхөөр зүйрлэвэл тавиад оны дундаас сүүл үе хүртэл дэвжээн
дээрээ босоо байсан шиг санагддаг. Түүнд цагийг эзэгнэн дийлдэшгүй явсан үе бий.
Ямар сайндаа Эрдэнэ­батын Оюун “Миний үеийн цогт яруу найрагч” гэж түүнийг бахдан
бичиж байхав дээ.

-Ингээд л өмнөх үеийнх­нийхээ тухай,
Монголын утга зохиолын домог бол­сон хүмүүсийн талаар танаар яриулахад амттай байна.
Донровын Намдаг гуайтай та бас л наана цаана явсан даа?

-“Амьдрал судлах гэдэг зохиолчид гол
зүйл. Амьдрал бол мөнхийн багш. Амьдра­лаас юм авна гэдэг авьяастай холбоотой. Авьяас
гэдэг бол эмзэглэл” гэж Намдаг гуай онцлон хэлдэг сэн. Нэг удаа өмнөх ширээгээ гараараа
алгадаад “Муу зохиол бичсэ­нээс бичээгүй нь дээр. Хүн өөрийнхөө дотрыг гадагш нь
дэлгээд харуулж буй хэрэг. Би ийм л хэмжээний хүн гэдгээ үзүүлж байгаа явдал. Тэгж
өөрийнхөө мууг амьтанд дэлгэж харуулахын хэрэг байна уу даа” гэж нухацтай өгүүлсэн
билээ. Далан оны өвлөөр Намдаг гуайтай Дундговь аймагт “Уран үгсийн чуулган”-аар
цуг явж байхдаа хээр хөдөө машинаас буун хоёулахнаа цастай талаар агаарт сэлгүүхэн
алхаж явах­даа нэгэн зүйлийг аминчлан асуусан юм. Тэр нь өнөөх архины тухай л даа.
“Нацаг­дорж архинаас болсон гэлц­дэг. Таны үед одоо шиг намын хурлаар оруулна гэж
байгаагүй. Шөнийн хэдэн цагт ч тогшсон хужаагийн цонх бэлэн архи өгдөг байсан цаг.
Та энэ бүхний хаагуур нь өнгөрсөн хэрэг вэ” гэхэд хэсэг дуугүй бодлогошрон алхса­наа
дуугаа өндөрсгөн толгой­гоо цогнолзуулаад “Тэгэхээр болбол ийм юм. Хэрвээ би архи
уувал миний дайснууд баярлана. Ухаантай хүн болбол дайснаа баярлуулъя гэж боддоггүй
юм” гэв. Тийм л бодлын чагт тавьж өөрийгөө захирахын эрдмийг үзүүлсэн хүн билээ.
Энэ хүний үг миний нэг насны турш мар­тагд­сангүй. Ухаантны үг тийнхүү мэргэн тарни
лугаа хүний амьдралд тус хүргэдэг байна. Би уг нь Намдаг гуайд хадаг барьж шавь
орсон ч түүнээ нэг их ярьдаггүй дээ.

-Яагаад?

-“Дуулалт жүжиг зохиоход чинь тустай
байж магад” гэж хэлүүлсний учир би гэрт нь очсон юм. Энэ тухай Х.Занд­раа­байды
“Заяа дутсан бурхад” номондоо халуунаар дурссан нь бий. Багаасаа зохиол бүтээлийг
нь уншиж биширсний хувьд сэтгэлээрээ эрт шавь орсон гэж болно. Тэгэхдээ би мөн л
Зандраа­байдыгийн адил багш гэж хэлж заншаагүй юм. Далан найман онд Өвөрхангай аймагт
“Уран үгсийн чуулган” болж Намдаг гуай бид хоёр нэг гэрт хамт хоноглосон юм. Тэгэхэд
би түүнээс бас нэг сонирхсон зүйлээ асуугаад амжиж билээ. “Та шоронгоос яаж гарснаа
ярьж өгөөч. Гар­сан даруйдаа ямар санагдаж байв. Орох айл уулзах хүн хэр олдож байсан
бэ” гэхүйд “Би арван жил аваад зургаан жил, найман сар, хорин гурав хоносон юм.
Шоронгоос гаруут шууд яваад очих газар байдаггүй. Гурван хүүхэдтэй эхнэр минь байсан
хэдий ч сүүлдээ тэсвэр нь барагдаад хүнтэй болсон хэрэг. Шөнө дүл болтол ногоон
дээр жаал суулаа. Салхи сэвэлзэж, тэнгэрт од мичид гялтганан, хаа нэгтээ ноход хуцаад
нэг л чөлөөтэй. Сэтгэл ч уужрах шиг. Ямар ч гэсэн эндээс холддог хэрэг гэж бодоод
хэд алхлаа. Эргэж харахад шоронд үлдсэн нөхөд минь зовж байгаа нь нүднээ тод­ров.
Шаравдоогийнд л ордог юм билүү дээ гэж бодогдож байлаа. Театрын ажилчдын байр Хэвлэх
үйлдвэрийн тэнд байсан юм. Айл амьтан унт­чих­сан байдаг. Тэгтэл ашгүй нэг айл гэрэлтэй
байхаар нь хаалгыг нь таттал үүдэнд нь байсан хүн цочихдоо огло харайн хоймортоо
гарч бай­сан. Аргагүй шүү дээ, улс төрийн хэрэгтэн орон шорон­гоос гарсан хүн шөнөөр
гэнэт ороод ирэхээр…” гэж ярьж байсан даа. Намдаг гуай амьдралын булингарт урсга­лыг
тэгж л сөрж орчлонгийн сайн мууг үзэж ухаажсан хүн байв. Миний бие хэсэгхэн хугацаанд
Явуугийн оронд зөвлөлийн эрхлэгч хийж байх­даа “Намдаг зохиолч “Цаг төрийн үймээн”
рома­наа­раа төрийн шагнал хүрт­жээ. Харин жүжгийн зохиол­чийн хувьд юмгүй байна”
хэмээн Цэдэвт хэлж “Ээдрээ”, “Оролмаа” жүжгүүдийг нь шагналд дэвшүүлэн Соёлын яам
ч дэмжсэн юм. Ингэж Намдаг гуай сэрүүн тунгалаг­таа төрийн шагналыг хоёр дахь удаагаа
өөрийн ууган шавь Дэмбээгийн Мягмарын хамт хүртэж магнай тэнийсэн билээ.

Н.ГАНТУЛГА