Categories
редакцийн-нийтлэл

Г.Ханхүү: Хэрвээ би идэж уусан бол цугтаа л халагдмаар юм

МҮОНТ-ийн зарим уран бүтээлч,
алба нэгд­лийн дарга нарыг санхүүгийн зөрчилтэй эсэхийг нь Дотоод аудит нь эхнээс
шал­гаад дуусч байгаа. “Hey hey”, “Нэг минут нэг сая” зэрэг нэвтрүүл­гээрээ хүмүүст
та­нигд­сан хөтлөгч, сэт­гүүлч Г.Ханхүүг нэгд­лийн дарга нь ашиглаж, нэр дээр нь
хувийн ком­пани байгуулж, мөнгө угаадаг байсан гэх мэ­дээлэл гарсан. Энэ талаар
Г.Ханхүүтэй уулзаж тодрууллаа.

-Таныг гадаадад байх хоогуур МҮОНТ-д
томоохон асуудал үүсч олны анхаарлыг тат­лаа. Та өнөө өргөх би­чигт нь гарын үсэг
зур­сан уу?

-Зурсан. Тэр үйл яв­дал өрнөдөг долоо
хоно­гийн пүрэв гаригт нь билүү дээ, албад цуглаад хурал хийцгээсэн. Тэр өдөр нь
би ирсэн. Гурван хуудас бичиг байсан. Бүгд тэрэн­тэй нь танилцан дэмжиж гарын үсгээ
зурсан юм байгаа юм. Үүнээс болж гадагшаа зугтсан юм байх­­гүй. Бямба гаригт нь
хувийн болон албаны ажлаа амжуулах гээд га­даг­шаа явсан. Гадаадад байхдаа сайтуудаар
гар­сан мэдээллүүдийг унш­сан л даа. Би дунд нь орж зохион байгуулаад гар­даад хийж
байгаа юм шиг ойлголтыг Ч.Даваабаяр захирал ярилцлагадаа хэлсэн байна лээ.
Тэгэ­хээр энд тийм юм байх­гүй гэдгийг хэлье. Уран
бү­тээлчид бүгдээрээ санал нийлээд гарын үсэг зур­сан. Тэр дунд нь би бай­сан. Хэлээд
байгаа зүйл нь “Нэг минут нэг сая” нэвтрүүлгээр идэж уудаг гэж бичсэн байлаа. Би
өөрийгөө нохойд барьдаг мод нь болсон юм уу даа гэж ойлгосон шүү дээ. Түүнээс биш
бидний хоо­ронд муудах сайдах тийм зүйл байхгүй. Уран бүтээлийн тал дээрээ л уулзаж
ярьдаг.

-Таныг хөтөлдөг нэвт­рүүлгүүдээрээ
за­рим томоо­хон компа­нийг сур­тал­чилж олсон мөнгөө хувь­даа авдаг. Энэ нь олон
нийтийн телевизийн хуу­лийг зөрч­дөг гэж тайлбар­ла­сан?

-Анх тайз заслын мөн­гийг телевизээс
гар­гаж хийсэн. Нэвтрүүлгийн гол утга нь долоо хоног бүр хэрвээ авч чадах юм бол
сая төгрөгийг бэлнээр нь өгдөг учраас теле­визээс долоо хоног бол­гон байнга сая
төгрөг юм уу, зуу, хоёр зуун мянган төгрөг гаргуулах боломж­гүй. Ийм учраас хамтран
ажиллах байгууллагаа сонгосон. Ч.Даваа­баяр захирлыг ирэхээс өмнө Ц.Оюундарь захиралтай
ярьж хийж эхлүүл­сэн нэвтрүүлэг л дээ. Тэгээд хамтран ажиллах бай­гуул­лагаа олох
гэж бид өөрс­дөө хөө­цөл­дөж гүйдэг бай­сан. Гэрээ хэлц­лийн асуудал нь манай телевиз
дээр хийгд­дэг байсан. Ийм нэвтрүү­лэг хийж байгаа гэдгийг анх “Ариун”, “Пепси”,
“Кока кола” дэмж­сэн. “Кока кола” нэг жилийн гэрээ­тэй­гээр ажилла­сан. Анхны хамтран
ажилла­сан компаниуд бол эд нар. Гэрээ нь телевиз дээр хийгд­дэг байсан. Эндээс
биднээр дамжаад ялагчдаа мөнгийг нь гардуулдаг. Үүн дээр л дал­дуур идэж уусан байж
магад­гүй гэсэн таамаглал гаргасан байх.

-Өөрийг чинь ингэж хардсанд та
хувь хүнийхээ хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Өргөх бичигт хүмүүсийн гарын үсэг
зурсан хүмүүсийн эхэнд миний гарын үсэг явж байсан байж болох юм. Энд тэнд л хүмүүс
гарын үсэг зураад байсан байхгүй юу. Зарим айж, эмээсэн хүмүүс нь тэр бичигт гарын
үсгээ нууж бичсэн ч байж болно. Надад айх юм байгаагүй. Хаашдаа л зурж байгаа учраас
гарын үсгээ зурсан. Нэг хувь нь Ч.Даваабаяр захиралд очсон тухай ярилцлагаас нь
ойлго­сон. Тэгэ­хээр миний нэр байсан болохоор өширхөх тиймэрхүү зүйл байсан юм
болов уу. Тийм учраас идэж уудаг гэх нэрэнд нь орсон байх.

-“Нэг минут нэг сая” нэвт­­рүүл­­гийг
МҮОНРТ-ийн Дотоод аудит шалгасан гэсэн. Тийм үү?

-Тийм. Шалгагдаад угаа­саа хариу нь
гарчихсан байгаа ш дээ.

-Шалгалтаар Ч.Даваа­баярын хэлээд
байгаа шиг зөрчил илэр­сэн юм уу?

-Хэрвээ би идэж уусан бол цугтаа л
халагдмаар юм.

-Аудитын албан ёсны хариуг танд
танилцуулсан юм уу?

-Дуусаагүй байгаа. Энэ бол эхний удаа
орж байгаа зүйл биш ээ. Өмнө нь хоёр, гурван ч удаа орсон. Манайх чинь шинэ дарга
нар ирэхээ­рээ ингэж аудитаар оруулдаг. Миний нэвтрүүлгүүд орж байсан. Гэхдээ тэнд
асуудал байхгүй.

-Ч.Даваабаярыг МҮОНТ-ийн багийг
хууллаа. Алба, нэгдлийн дарга нар Г.Хан­хүү шиг залуу сэтгүүлч­дийн нэрийг ашиглаж
хувийн компани байгуулж мөнгө угаадаг хууль бус үйлдлийг нийтэд дэлгэлээ гэж үзэх
хүмүүс байна?

-Энд мөнгө угаагаад байх асуу­дал
ерөөсөө байхгүй ш дээ. Манайх чинь арилжааны телевиз биш. Зар сурталчил­гаа нь хуулиа­раа
хоёр хувь гэж явдаг. Тэгэхээр хуулийн­хаа хүрээнд л явдаг. Бид нар санхүүгийн асуудалд
орол­цох эрх ч байхгүй. Боломжгүй зүйл. Баг хуулаад ч байх зүйл байхгүй. Бид нар
багны ард байдаггүй. Ил л явж бай­гаа. Уран бүтээлүүд маань ил л явж байгаа. Тийм
болохоор багсаад байх юм байхгүй. Хүмүү­сийн сайтад бичсэн сэтгэгдэл юу гэнэ вэ.
Тэр бол хамаа байхгүй. Бид ч гэсэн найз нөхдөөрөө, хэн нэгнээр ч бичүүлж болох л
байхгүй юу. Надад тийм шаардлага байхгүй.

-Энэ асуудалд Ч.Даваа­баяр, түүний
эсрэг тэмцээд байгаа уран бүтээлчид ч өөр өөрийн гэсэн хариулт, няцаалт өгч, холбогдох
газруудад нь ханд­чихаад байна. Гэтэл таныг анзаа­рахад нэлээд тайван, уужуу байгаад
байх шиг?

-Тэр гарын үсгүүдийг хара­хад л ойлгомжтой.
Уран бүтээл­чид л нэгдээд даргаа сольё гэсэн зүйл байгаа. Нэг талаас ажлаа өгөхгүй
гэж байгаа нэг хүн байгаа, нөгөө талаас хамт олон байгаа.

Үүн дээр мэдээж хариуц­ла­гыг нь ярих
гэхээр албадын дарга нар бүгд хүмүүсээ хурал­дуулаад ший­дэгд­чих­сэн зүйл учраас
албадын дарга нар дээр нь тохогдох хэм­жээнд байгаа. Би уран бүтээлч­дийнх нь нэг
учраас уран бүтээлч­дийн­хээ дунд байхаас биш толгой­лоод, зохион байгуулаад, өөрөө
идэж уучихаад уначих гээд байгаа зүйлгүй. Ийм боло­хоор сандрах зүйл алга.

Би ирсэн өдрөө жаахан эмзэг­лэ­сэн
л дээ. Олон хүн байхад хоёр гурван хүний нэрэнд дунд миний нэр явж байсанд эмзэгээр
хүлээж авсан. Гэхдээ ирээд хамт олон­той­гоо уулзаад ийм учир начиртай ийм үйл явдал
болоод өнгөрлөө гэдгийг сон­соод бас нэр бүхий уран бүтээлчид өөрсдийнхөө байр суурийг
илэрхийлж хурал зохион байгуулж байхад нь би давхцаад явах шаард­лагагүй.

Хариу нь гараад ажлаа өгөх нь өгөөд
үргэлжлүүлээд ажиллах нь ажлаа хийгээд явж байгаа. Ийм хов живийн юманд аль болох
оролцох­гүйг хичээдэг л дээ.

-Таныг нэгдлийн дарга­тайгаа мөнгөний
асуудлаас болж муу­дал­цаад гар зөрүүлж, улмаар гадагшаа явсан гэх мэдээлэл бий.
Энэ үнэн үү?

-Хэрэлдэж зодолдсон юм байх­гүй. Маргаан
бол бай­сан. “Дөрвөн урилга” нэвт­рүүлэгт манай телеви­зэд харь­яалалгүй Ганжавхлан
гэдэг залууг хөтлөгчөөр ажил­луул­­сан. Манайд гаднаас хөтлөгчдийг авч ажиллуулах
боломжтой л доо. Түүнийг ийн ажиллуулахыг ганц би ч биш манай уран бүтээлчид, найруу­лагчид
ярилцаад “Гад­наас Ганжавхланг ажил­луулъя” гээд оруулж ирсэн. Гэтэл тэрээр өөр
телевизэд нэвтрүүлэг хийгээд эхэлсэн. Манай удирдлагуудаас “Олон нийтийн телевзизээр
гарч байгаа хүн өөр телеви­зээр гараад байх нь хэр зохимж­той вэ” гэсэн зүйл ярихад
нь төслийн хүрээнд ийм ажил хийж байгаа, дахиж өөр юман дээр гарахгүй гээд учрыг
нь тайлбарласан. Үүн дээр л жаахан маргаан гарсан. Түүнээс биш зодолд­сон, хэрэлдсэн
юм болоо­гүй. Одоо энэ дэвэргээд байгаа асуудлын талаар тэгэхэд а үсэг ч дурдагдаагүй.
Уран бүтээлийн шинжтэй маргаан байсан. Цаг хугацаа нь ойрхон л байж таарсан­даа
л хүмүүс тэгж ойлгосон байх.

-МҮОНТ-ийг хүмүүс нийлээд ингээд
хувьдаа завшаад шам­шиг­дуулаад байгаа бол ерөөсөө хувь­чилъя. Менежментийг нь өөрчилье
гэх хувилба­руудыг хүмүүс дэмжээд эхэллээ?

-Тийм юм байхгүй ш дээ. Би Японд сурч
байсан. Теле­виз, сэтгүүл­зүйн салбарыг тодорхой хэмжээнд судалсан л даа. NHK телевизийг
та бид мэднэ. Олон нийтийн теле­виз. Гэхдээ айл бол­гон татва­раа төлдөг. “NHK-д
үзэх юм байхгүй” гэж хүмүүс бас ярьж л байдаг. Үндэснийхээ соёл, өв уламж­лал гээд
бүгдийг NHK гар­га­даг. Тэрийг нь тодорхой хэмжээний хүмүүс үзэх юмгүй гэж ярьдаг.
Олон нийтийн статус нь угаасаа тийм шүү дээ.

Хөдөө орон нутгийн сурвалж­ла­гыг
хэн явж хийдэг вэ, манай теле­ви­зийнхэн явж хийдэг. Өв уламж­лал, ёс зан­шил, жүжиг,
баримтат кино, аяллын нэвтрүүлэг гээд дурд­вал манайд олон нэвтрүүлэг бай­даг. Хүссэн
хүсээгүй аль ч оронд ийм телевиз байдаг учраас байх л ёстой.

Энэ телевизийг хувьчлах, хувьч­лах­гүй
гэдэг тал дээр хэн ч яриад өөрчлөх зүйл биш байх гэж бодож байна. Мань мэтийн мэдлээс
хэтэрсэн асуудал.

-Хэрвээ хувьчилна гэвэл та дэмжих
үү?

-Дэмжихгүй. Юу гэж дээ. Олон нийтийн
телевиз байх ёстой. Энд идэж уугаад байх тийм мөнгө төгрөг байдаггүй. Хурааж авдаг
1500 төгрөгийг л бид нарыг ууж иддэг гэж хүмүүс ойлгоод байх шиг.

-Танай телевизийн уран бүтээлчид
“Бид нар идэж уугаад эндээ шигдэх гээд байгаа юм биш ээ. Багахан цалингаараа амьдардаг,
уран бүтээлч сэтгэ­лээ­рээ нэгдсэн хамт олон” гэж тайлбарлаж байсан?

-Тийм шүү дээ. Яг ний нуугүй ярихад
намайг энд ажилласан таван жилийн хугацаанд өндөр цалинтай санал тавьсан газрууд
бай­сан. Энэ миний мөрөөдөл. Үндэсний телевизэд ажил­лана гэдэг нэр төрийн хэрэг
учраас эндээ ажиллана. Миний гол зорил­го бол хүмүүст цэнгүүлэх зорилго­той нэвтрүүлэг
хүргэнэ. Аль болох хар бараан зүйлүүдээс хол байя гэж нэвтрүүлгүүдээ хий­дэг. Ирээ­дүйд
ч хийгээд явна. Тийм учраас бид нарт идэж ууж боломж байхгүй гэдгийг л мэдэх хэрэгтэй.

Хувийнхаа зүгээс хэлэ­хэд, манай нийгэмд
бухимдал их байгаа шүү дээ. Өглөө гарч яваад гэртээ орж ирэхэд ямар их бухимдал
дунд явдаг билээ. Гэтэл гэртээ ирээд телевизээ үзэхээр дахиад бухим­дал байвал хүн
яаж тэсэх юм бэ. Би мэдлэг мэдээ­лэл өгөхгүй ч гэсэн тэр хүн тухайн агшинд стрессээ
тай­лаад инээж хөөрөг гэдэг утгаар нэвтрүүлгүүдээ хийдэг. Цаашдаа ч хийх болно.
Энэ бүхнийг зөв, буруу­гаар ойл­гож байгаа хүмүүс зөндөө л байгаа аж. Гэхдээ аль
болох эерэгээр нь хүлээж авахыг хүсч байна.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

“Сургуулийн эргүүл” журамд эцэг, эхчүүдэд цалинтай чөлөө олгохоор заажээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн
“Иргэдийг нийтийн эргүүлд гаргах” гэсэн заалтыг үндэслэн нийслэлийн ИТХ-ын дарга
Д.Баттулга сургуу­лийн орчинд үүрэг гүйцэтгэх “School police” эргүүлийн ажиллах
журмыг баталсан. Энэхүү журам нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагч­дыг гэмт
хэргээс урьд­чилан сэргийлэхэд эцэг, эхчүү­дийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх
зорил­готой бөгөөд журмын хэрэгжилтийг тухайн сургуу­лийн захиргаа бүрэн хариу­цаж
ажиллах юм. Аав, ээжүүд эргүүлийг хоёр ээлжээр буюу 07.30-13.30, 13.30-19.00 цагт
хийж байгаа юм. Харин эргүүлд гарахад ажил олгогч байгууллага нь хагас өдрийн цалинтай
чөлөө олгохоор дээрх журамд зохицуулалт хийжээ. Хэрэв аав, ээжүүдэд цалинтай чөлөө
олгохгүй бол тухайн байгууллагын удирд­лагад Монгол Улсын Захир­гаа­ны хариуцлагын
тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн арга хэмжээ
ног­дуу­лах гэнэ. Хүүхэд, багачуу­даа аливаа гэмт хэрэг халд­ла­гаас хамгаалахад
төр захир­гаа, хууль хяналтын байгууллага, сургуулийн удирд­лага, багш, эцэг, эхчүү­дийн
хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэж албаныхан үзэж байгаа юм. 2000 сурагчдаас авсан
судалгаагаар “Хүүхдүүд хамгийн ихээр хаана гэмт халдлагад өртөж байна вэ?” гэсэн
асуултанд 28 хувь нь сургууль дээрээ, 24 хувь нь сургууль, гэрийнхээ ойр гудамж,
талбай, орцонд гэж хариулжээ. Мөн насанд хүрэгчдээс авсан санал асуулгын дүнд “Таны
хүүхдийн сурдаг сургуулийн орчинд аюулгүй орчин хэр зэрэг бүрдсэн гэж та үзэж байна
вэ?” гэсэн асуултанд судалгаанд оролц­сон нийт 500 хүний 255 буюу 51 хувь нь дунд
зэрэг, 200 буюу 40 хувь нь хангалтгүй гэж хариулсан байна. Сургуулийн эргүүлийн
журмыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Сургуулийн эргүүл “School
police” журам

Журмын зорилго:

*Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд сураг­чид
гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэр­гий­лэх
ажилд сурагчдын эцэг, эхийг татан оролцуулах замаар эргүүл зохион байгуулахад оршино.

Эрх зүйн үндэслэл:

*Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай Монгол
Улсын хуулийн арванхоёр­ду­гаар зүйл “Гэмт хэргээс урьд­чилан сэргийлэх ажилд иргэ­д­ийг
татан оролцуулах”, 12.1.1 хэсэгт “Иргэдийг ний­тийн эргүүлд гаргах” гэсэн заалтыг
үндэслэн сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “School police” эргүүлийн ажиллах журмыг
Нийслэлийн Иргэ­дийн Төлөөлөгчдийн хурлын дарга энэ оны арав­ду­гаар сарын 25-ны
өдөр баталсан.

Давуу тал:

*Сургуулийн орчинд “School police” эргүүлийн үүрэг
гүйцэтгэж байгаа иргэнд ажил олгогч байгууллага хагас өдрийн цалинтай чөлөө олгоно.
(Тус журмын 1.3 заалт)

Удирдлага зохион байгуулалт:

*Ерөнхий
боловсролын сургуулийн удирдлага сур­гууль болон түүний орчинд ажиллах “School
police” эргүү­лийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлага зо­хион байгуулалтаар хангаж
хяналт тавин, тасралтгүй явагдах нөхцөлийг хангаж ажиллана.

*Ерөнхий
боловсролын сургуулийн захирал тухайн хичээлийн жилд сургуулийн орчинд эргүүлийн
үүрэг гүйцэтгэх сурагчдын эцэг, эх (асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн хуваарийг
гар­гаж батлан эргүүлд ажиллах иргэдэд урьдчилан арван хоно­гийн өмнө мэдэгдэнэ.
Эргүү­лийн хуваа­рийг хичээ­лийн өглөөний ээлж (07.30-13.30 цаг), өдрийн ээлж
(13.30-19.30 цаг)-т тус бүр хоёр хүн гарахаар зохион байгуул­на.

*Нутаг дэвсгэрийн цаг­даа­гийн байгууллага, сургуу­лийн
удирдлага эргүүлд ажил­лаж байгаа сурагчдын эцэг, эх (асран хамгаалагч, харгалзан
дэмжигч)-д мэргэ­жил, аргазүйн дэмжлэг туслал­цаа үзүүлж, гэмт хэрэг, зөрчлийн талаарх
мэдээлэлд шуурхай очиж ажиллана.

Эргүүлийн үйл ажил­ла­гаа, тавигдах шаардлага:

*Сургууль болон түүний орчинд ажиллах “School
police” эргүүлд 18 насанд хүрсэн, согтууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлд­мэл
хэрэглээгүй, сэтгэцийн өвчингүй, эргүүлийн үүрэг гүйцэтгэх эрүүл мэндийн чадвартай
сурагчдын эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг урьдчилан гарга­сан хуваарийн
дагуу ажил­луул­на.

*Эргүүлийн үүрэг гүйцэт­гэх иргэн энэхүү журамтай
урьдчилан танилцаж сур­гуу­лийн нийгмийн ажилтан, жижүүр багшаас зааварчил­гаа авч
“School police” гэсэн хантаазыг өмсөж эргүүлд ажиллана.

Эргүүлд ажиллаж бай­гаа иргэн дараахь үүрэг хүлээнэ:

а/Сургуулийн бүсэд сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд
холбогдох, өртөхөөс урьд­чи­лан сэргийлэх чиглэлээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ.

б/Хичээл орох болон тарах цагуудад сурагчдыг сургуулийн
орчинд байгаа (сургуулийн бүсэд хамаарах) замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход дэмжлэг
үзүүлнэ.

в/Хичээлийн завсарла­гаа­­наар сургуулийн орчинд
болон сургууль дотор эргүү­лийн үүрэг гүйцэтгэж Монгол Улсын хууль тогтоомж болон
сургуулийн дүрэм журамыг мөрдөх талаар шаардлага тавьж ажиллана.

г/ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
сургуу­лийн зүгээс болон Хууль сахиу­лах байгууллагаас зохион байгуулж буй ажил,
арга хэмжээнд идэвхтэй оролцоно.

д/ Сургуулийн удирдлага, анги даасан багштай харил­цан
тохиролцсоны үндсэн дээр сурагчдад хууль тог­тоомж, мэргэжлээ сонгох зэрэг чиглэлээр
яриа таниул­га хийж болно.

е/ Эргүүлийн үүрэг гүйцэт­гэх хугацаанд сургуулийн
орчинд гэмт хэрэг, захиргаа­ны зөрчил гарсан тохиол­долд мэдээллийг цагдаагийн байгууллагад
нэн даруй мэдээлнэ.  

ё/ Эргүүлийн үүрэг гүйцэт­гэ­т­гэх хугацаанд
“School police” хантаазыг бохир­дуулж, гэмтээхгүй өмсөж хэрэглэж эргүүлийн үүрэг
гүйцэтгэх хугацаа дуусахад ажилласан талаарх илтгэх хуудсыг бичиж хантаазын хамт
сургуулийн нийгмийн ажилтан болон жижүүр багшид өгнө.

Хориглох зүйл:

*Эргүүлд ажиллаж байгаа иргэн үүрэг гүйцэтгэх
хуга­цаан­даа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж иргэд, хүүхдүүдтэй зөв боловсон
харьцах ба төрийн байгуул­ла­гын ажилтны нэр барьж хууль бус үйл ажиллагаа явуулахыг
хориглоно.

*”School police” эргүүлд ажиллах иргэн хүндэтгэн
үзэх шалтгаангүйгээр таслахыг хориглох бөгөөд хэрэв хуваа­рийн дагуу эргүүлд ажиллах
боломжгүй болсон тохиол­долд энэ талаар сургуулийн удирдлагад гурав хоногийн өмнө
урьдчилан мэдэгдэнэ.

Хариуцлага:

*Эргүүлийн үүрэг гүйцэт­гэж байгаа иргэн үүрэг
гүйцэт­гэх хугацаандаа халдлагад өртсөн тохиолдолд Монгол Улсын Гэмт хэргээс урьдчи­лан
сэргийлэх тухай хуулийн /22-р зүйлийн/ холбогдох заалтын дагуу төрөөс хохирлыг барагдуулна.

*Эргүүлийн үүрэг гүйцэт­гэ­хээс санаатай зайлсхийсэн
тохиолдолд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 32 дугаар зүй­лийн
32.1 дэх хэсэгт (Иргэ­дийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас харьяа нутаг дэвсгэртээ
бүх нийтээр дагаж мөрдүүлэхээр хууль тогтоом­жийн дагуу гаргасан шийдвэ­рийг зөрчсөн
бол) заасны дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулна.

Х.ЦЭНД

Categories
редакцийн-нийтлэл

Р.Амаржаргал: Би аль хэдийнэ шийдчихсэн

Төрийн
байгуулалтын байн­гын хорооны өчигдрийн хуралдаанаар Тэмдэглэлт өдөр, нийтээр тэмдэглэн
өнгө­рүүлэх баярын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах, Нийтийн албанд, ний­тийн
болон хувийн ашиг сонирх­лыг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх товтой байв.  Хуралдаан эхлэхэд УИХ-ын гишүүн Р.Амар­жаргал
гишүүн Төрийн байгуулалтын байн­гын хорооны даргад хандан “Би УИХ-ын гишүүнээс чө­лөөлж
өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Яагаад хэлэлцэх­гүй байна. Энэ асуудлыг хэ­лэлцэхийн
төлөө байнгын хорооны удирдлага ямар нэгэн алхам хийсэн үү. Өнөө­дөр асуудлыг хэлэлцэж
өгөөч. Миний мэдэхгүй асуу­дал өрнөсөн үү” гэсэн хүсэл­тийг гаргалаа. Байнгын хо­роо­ны
дарга А.Бакей “Амар­жаргал гишүүн УИХ-ын даргын нэр дээр өргөдлөө гаргасан. Байнгын
хорооны хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн тодорхойлдог. Даргын
дэргэ­дэх зөвлөлийн хуралд хэ­лэлц­сэн. Одоохондоо хэлэл­цэх болоогүй байна” гэсэн
нь багагүй маргаан дагуулав. Ингээд тухайн үед гишүүд ямар байр суурь илэр­хийлс­нийг
тайлбаргүйгээр хүргэе.

Р.Амаржаргал: Одоохон­доо болоогүй байна гэсэн юу гэсэн үг юм бол.

А.Бакей: Холбогдох дар­га нараас асуусан нь дээр.
Миний ойлгож байгаагаар та Ардчилсан намаас сонгогд­сон гишүүн. Сонгогч олон түмний
мандат байгаа. Үүнийг хувь гишүүнийхээ хувьд тун­гаан бодох байх гэж үзсэн байх.

Р.Амаржаргал: Намайг бодох хугацаа олгож байгаа юм бол би аль хэдийнэ
бод­чих­сон. УИХ 76 гишүүнтэй. Тэднийг төрийн түшээд гээд өргөмжилчихсөн байдаг.
Харин хүмүүс асуудал тавьж байхад УИХ-ын удирдлага болоод байнгын хорооны удирдлага
ойшоож үзэхгүй байна. Түргэн шуурхай хэ­лэл­цэх нь зөв гэж бодож байна уу.

-Р.Гончигдорж: Байнгын хорооны дарга толгой дааж шийдэхгүй. Бас мэдэхгүй.
Р.Амаржаргал гишүүн та ху­ралд суудаггүй болохоороо мэддэггүй байж магадгүй.

Р.Амаржаргал: Үүнд тайл­бар, тодруулга өгөх со­нир­холгүй
байвал миний хү­сэлтийг хэлэлцэж өгөөч ээ гэж хүсч байна. Санал хураалгаж өгнө үү.

А.Бакей: Одоо мөрдөг­дөж хуулиар төдий хугацаанд
хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн тодорхой хуулийн зохицуу­лалт байхгүй байна. 

Р.Гончигдорж: Р.Амар­жар­гал гишүүн өөрөө өөрийн­­хөө
хүсэлтийг хэлэл­цүү­лэхээр санал оруулж бай­гаа нь сонирхлын зөрчилтэй учраас энэ
удаа хэлэлцэх боломжгүй.

О.Баасанхүү: Энэ чинь ямар сонирхлын зөрчил байдаг
юм.

Д.Эрдэнэбат: Р.Амар­жар­гал гишүүн өөрийнхөө асуудлыг хурдан шийдүүлье
гэж яарч байна. Би бодохдоо төрд орж гарах асуудал цен­зуртай, өндөр хариуцлагатай
байх ёстой гэж боддог.  Бушуухан гаргая гэдэг
дээр яаран санал хураах хэрэг байна уу. Мөн энэ долоо хоногийн төлөвлөгөөнд энэ
асуудал тусгагдаагүй. Заавал тусга гэсэн заалт ч байхгүй. Гэхдээ ойрын хугацаанд
хэлэлцэх нь зөв. Тиймээс энэ баасан гаригт даргын зөв­лөлийн хуралдаанд албан ёсоор
оруулаад явах нь зүйтэй гэж үзэж байна.

Н.Батцэрэг: Ийм асууд­лыг хурдан шуурхай шийдээд явсан
жишиг бий. Тэгэхээр анхаарах нь зүйтэй байх.

М.Энхболд: Р.Амар­жар­гал гишүүн өөрийнхөө асууд­лыг
хэлэлцэж өгөхийг хүсч байгаа нь зүй ёсны шаард­лага. Энэ хүсэлтийг нь байн­гын хороо
шийдээд УИХ-д ороод шийдэгдэнэ. А.Бакей дарга та АН-аас сонгогдсон хүн гээд нам
дээрээ асуудлыг ярих гэж байгаа юм шиг байх юм. УИХ-ын асуудлыг нам руу татаж оруулах
нь зохимжгүй. Уг нь өнгөрсөн долоо хоногт асуудлыг хэлэл­цэ­хээр даргын дэргэдэх
зөвлөл баталчихсан л байсан шүү дээ.

Ийн УИХ-ын
гишүүн Р.Амаржаргал гишүүний бүрэн эрхээсээ татгалзах тухай хүсэлтийг хэлэлцэх эсэхийг
шийдэхээр санал хураахад байнгын хорооны олонх дэмжсэнгүй. Асууд­лын дараа тэмдэглэлт
өдөр, нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд өөрчлөлт оруу­лахыг байнгын хороо дэмжиж
УИХ-ын гишүүн З.Батзан­дангийн санаачилсан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд
өөрчлөлт оруулах төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хуулиар оффшор бүсэд данс эзэмшихийг
хориглож, төрийн түшээд гадаад эхнэр, нөхөртэй байхыг хориглохоор тусгасан байв.
Гэвч байнгын хорооны гишүүд уг асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн.

Л.ТӨР

Categories
редакцийн-нийтлэл

М.Батчимэг: Гадаад харилцааг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн хувь нэмэр чухал

УИХ-ын гишүүн М.Батчимэг­тэй
ярилцлаа.

-Манай оронд Зүүн хойд Азийн эмэгтэй
парламентчдын чуулга уулзалт боллоо. Уг хурлаас ямар үр дүн гарсан бэ?

-Юуны өмнө бүс нутгийн орнуу­дын парламентын
гишүүд нэг дор цуглаж хуралдсан нь эхний том үр дүн. Зүүн хойд Азийн бүс нутгийн
орнууд улс төрийн тогтолцоо ха­рил­цан адилгүй, мөн газар нутгийн, түүхэн, соёлын
гээд олон шалт­гаанаар өөр хоорондоо зөрчилтэй, тэр бүр бүс нутгаараа нэгдэн цуг­лаад
байж чаддаггүй. Энэ удаагийн чуулга уулзалт магадгүй бүс нут­гийн эмэгтэй парламентчдын
анх­ны чуулга уулзалт гэдгээрээ ихээ­хэн онцлог байсан. Хятад, Орос, Хойд болон
Өмнөд Солонгосын парламентын эмэгтэй гишүүдийн төлөөлөгчид оролцлоо. Харин Японы
парламентын төлөөлөгч дотоод шалтгааны улмаас орол­цож чадаагүй ч манай санаачилгыг
дэмжиж мэндчилгээ ирүүлсэн.

Хуралд оролцогчдын зүгээс “Монголын
эмэгтэй парламентчид маш чухал санаачилга дэвшүүлж, манлайлал үзүүлж чадлаа. Энэ
санаачилгыг дэмжиж, цаашид үргэлж­лүүлэх хэрэгтэй. Нэг удаа­гийн уулзалт хийгээд
дуусгах бус, цаашид бүс нутгийн хэмжээнд эмэгтэй парламентчдын сүлжээ болгон өргөжүүлэх
нь зүйтэй” гэж байсан нь зохион байгуулагч бидэнд их урам өгсөн. Бид энэ уулзалтыг
нэг удаагийн ажил биш, урт хугацааны хүчин чармайлтын эхлэл гэж харж байна. Цаашид
энэ санаачилга үргэлжилж тогтмолжиж чадвал монголчууд бидний зүгээс, түүний дотор
эмэгтэйчүүд бидний зүгээс бүс нутгийн энх тайван, хөгжил дэвшилд оруулах хувь нэмэр
болно. Монгол Улс бусдын гар харж тусламж хүсдэг төдий биш, харин бүс нутагтаа,
олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхт улс байгаасай гэж бид бүгдээрээ хүсдэг
шүү дээ.

-Эмэгтэйчүүдийн хурлыг Ерөнхийлөгчийн
санаачилгаар зохион байгуулсан гээд байгаа?

-Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд
айлчлах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Зүүн хойд Азийн олон улсын харилцааг хөгжүүлэхэд
чиглэгдсэн Улаан­баатарын яриа хэлэлцээний меха­низмуудыг дэмжин хөгжүүлэхийн төлөө
байгаагаа хэлсэн. Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтыг санаачилж
зохион байгуулж байгаа нь манай эмэгтэйчүүдээс Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж,
үүнд оруулж байгаа хувь нэмэр гэж хэлж болно.

-Энэ чуулга уулзалтын гол онцлог
гэвэл та юу хэлэх вэ?

-Бүс нутгийн төлөөлөл нэгэн дор цуглаж,
хамтдаа энх тайван, хөгжлийн тухай ярьж байгаа нь өөрөө онцлог бөгөөд чухал гэдгийг
хэлсэн шүү дээ. Чуулга уулзалтын үеэр Өмнөд, Хойд Солонгосын төлөөлөгчид Монгол
Улсад хамт хуралд оролцож байгаадаа таатай байгаагаа хэлж байлаа. Түүгээр ч зогсохгүй
нэгдмэл Солонгос үн­дэстний ирээдүйн төлөө байгаагаа илэрхийлж байсан. Бусад орны
төлөөлөгчид ч энэ төрлийн арга хэмжээг бүс нутгийн бүх оронтой найрсаг дотно харилцаатай
Мон­гол Улсад зохион байгуулах нь хамгийн тохиромжтой юм гэж байс­ныг онцгойлон
дурдмаар байна.

-Хуралд оролцогч бусад ор­нуу­дын
эмэгтэй парламентчид шийдвэр гаргах түвшний хэм­жээнд нөлөөлөл үзүүлж чаддаг болов
уу?

-Өмнөд Солонгос 2012 оны Ерөнхийлөгчийн
сонгуулиар анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй болсон. Үүнтэй холбоотойгоор тус улсад
шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байна. ОХУ-ын Холбооны
хурлын Холбооны зөвлөлийн дарга буюу манайхаар бол Улсын Их Хурлын дарга нь эмэгтэй
хүн байдаг. Хятадад Ардын төлөөлөгчдийн их хурлын гишүүдийн 23 хувь нь эмэгтэйчүүд
байгаа нь Зүүн хойд Азидаа хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Манай улсын хувьд
2012 оны сонгуулиар УИХ-д анх удаа 11 эмэгтэй гишүүн сонгогдож, бид улс нийгмийнхээ
хөгжилд тустай зүйл хийхийн төлөө бүгд л хичээн ажиллаж, үр дүнгээ ч өгч байна.

Энэ удаагийн арга хэмжээ нь Монголын
эмэгтэйчүүд зөвхөн гэр бүл, нийгмийн асуудалд анхаарал хандуулах бус, бүс нутгийн
энх тайван, хөгжил дэвшилд Монгол Улсын гүйцэтгэх үүрэг оролцоо, байр суурийг ахиулж,
гадаад ха­рил­цааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадна гэдгийг харуулсан гэж бодож
байна.

-Чуулганы үеэр эмэгтэйчүү­дийн
боловсролын асуудлыг хөндөж байсан. Манай орны эмэгтэйчүүд бусад орнуудаас боловсролын
түвшингээрээ илүү гэж байсан даа?

-Монголын эмэгтэйчүүд бо­ловс­ролоороо
дэлхийн дундажтай харьцуулахад, бас бүс нутагтаа ч дээгүүрт ордог гэдгийг НҮБ-ын
төлөөлөгч онцлон дурдаж байсан. Ер нь Зүүн хойд Азийн эмэгтэй­чүүдийн боловсролын
түвшнээр дэлхийд харьцангуй дээгүүрт тоо­цогддог. Гэхдээ тодорхой хэмжээ­ний дэвшил
гарсан хэдий ч цаашид их  ажил хийх шаардлагатай
байна гэдгийг оролцогчид сануулж бай­лаа. Эмэгтэйчүүдийн боловсролд хийж буй хөрөнгө
оруулалтыг нийгмийн ирээдүйн сайн сайхны суурь гэж үздэг. Эцэг хүн өрх гэрээ авч
явдаг бол эх хүн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж, тэдэнтэйгээ хамгийн ойр байдаг. Тиймээс
эмэг­тэй хүн хэдий чинээ боловсролтой байна, үр хүүхдийн ирээдүй, ний­гэм төдий
чинээ сайхан, гэгээлэг болно.

Мөн хурлын үеэр ярьсан өөр нэг чухал
асуудал нь боловсролын асуудлаас гадна иргэний боловсрол байлаа. Монгол Улс НҮБ,
ЮНЕСКО-оор иргэний боловсролыг дэмжих хоёр том тогтоол санаачилж батлуулсан. Үүгээрээ
олон улсын хэмжээнд манлайлж байгаа орон.

-Сүүлийн 20 жилийн хуга­цаанд манай
парламентад хамгийн олон эмэгтэй гишүүн 2012 оны сонгуулиар бүрдсэн. Та бүхний ажил
хэр байгаа вэ?
       

-Энэ удаагийн парламентад эмэгтэйчүүдийн
эзлэх хувь өмнө­хөөс хавьгүй нэмэгдсэн. Гэхдээ би УИХ-ын 11 эмэгтэй гишүүнийг олон
гэж бодохгүй байна. Манай улсын нийт хүн амын 51 хувь нь эмэгтэй­чүүд. Улс төр гэдэг
улс нийгмийн амьдрал, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө үйл ажиллагаа
байх ёстой. Улс төрийг эрх мэдэл олж авахын төлөө өрсөлдөөний талбар гэж харвал
хэт явцуу болно. Иймээс бидний амьдралд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд эрэгтэй
нь ч, эмэгтэй нь оролцож байж асуудлын шийдэл илүү зөв болно. Өрх гэрийн амьд­ралтай
адил. Эмэгтэйчүүд бидний оролцоо гэр бүлийн, нийгмийн сайн сайхны үйлсэд төдийгүй
гадаад харилцаа, аюулгүй байд­лын салбарт ч хэрэгтэй. Бид ингэж л итгэж, гар хумхилгүй
зүтгэж яваа. Тодорхой үр дүнгүүд гарч байгаа гэж бодож байна. Цаашдаа улс төр дэх
эмэгтэйчүүд улам олон болоосой гэж боддог.

-Өнгөрөгч долоо хоногт Хилийн боомтын
тухай хууль нэгдсэн чуулганаар орж ирж нэлээд ширүүхэн хэлэлцүүлэг явагдсан. Боомтын
тухай манайхны бодол ямар байгаа бол?

-Хилийн боомтын хуулийн гурав­ны нэг
дээр санал хураагд­сан. Санал хураалт энэ пүрэв гаригт үргэлжилнэ. УИХ-ын ажлын
хэсэг хуулийн төслийг нэлээд сайжруул­сан гэж бодож байна. Төсөл дээр ажиллах үед
“боомт” гэж юу болох талаар манайхан нэгдмэл ойлголт­гүй байгаа нь анзаарагд­сан.
Боомт бол зөвхөн хилээр гарах гарц биш. Нэг талаасаа Монгол Улсын хилээр нэвтэрч
буй аюулгүй байдлын хяналтын бүс, нөгөө талаасаа эдийн засгийн чухал ач холбогдолтой
бүс юм. Үүгээрээ боомтын асуудал бол аюулгүй байдлын ч, хөгжлийн ч асуудал. Улсынхаа
үүд хаалга болсон боом­тын хөгжлийг төрөөс нэгдсэн бодло­гоор зохицуулж байдаг газар
байх ёстой. Тиймээс боомтын газрыг улсын тусгай хэрэгцээний газар болгож, боомтын
захиргааг байгуулан боомтын бүсийн аюул­гүй байдал, нэгдсэн төлөвлөлт, хөгжлийн
асуудлуудыг сайжруу­лахаар хуульд тусгасан байгаа.

-Боомтын хууль батлагдаад хэрэгжээд
эхэлбэл хилийн наанаа ядуу буурай, харин хилийн цаанаа хэд хэдэн өндөр хөгжилтэй
Эрээнийг бий болгох юм биш биз гэсэн болгоомжлол байна?

-Энэ бол буруу ойлголт. Өнөөд­рийг
хүртэл боомтын бүсийн хил хязгаарыг тогтоогоогүй, орон нут­гийн бөөрөнд хавчуулж
орхисон, нэгдсэн захиргаа гэж байхгүй явж ирснээс манай боомтууд өөдтэй хөгжөөгүй.
Тэгэхэд Замын-Үүдийн цаана байгаа Эрээнд энэ бүх зохион байгуулалт нь байдаг. Бүр
боомт хотын статустай. Төвийнхөө бодлогоор хөгжиж ирсэн. Манайх бол боомтоо Замын-Үүд
суманд даатгаад орхисон шүү дээ. Энэ хууль батлагдсанаар энэ бүх байдал өөр болно.

Э.ЭНХБОЛД

 

Categories
редакцийн-нийтлэл

Хонгор нутгийн хоёр сум хөгжлөөрөө аймгийн төвөөсөө дутахааргүй болно

Хэзээ ажиллаж бай­сан нь үл мэдэгдэх эв­дэрхий
уурын зуух, бал­гас болсон соёлын төв, сургууль. Хүн амьдардаг үгүй нь мэдэгдэхгүй
хууч­ны барилгууд.  Сумын төв гэхээр л ийм
дүр зураг толгойд өөрийн эрхгүй бууна. Монголын 21 айм­гийн 360 гаруй сумын алинд
нь ч очсон иймэр­хүү өнгө төрх угтдаг гээд хэлчихвэл нэг их буруу­тахгүй байх. Харин
Баян­хонгор аймгийн Баянлиг сумаар ороход дээрх бод­лууд тархинаас ул мөргүй арчигдах
нь тэр. Шөнийн 03.00 цагийн орчимд тус сумын нутаг дэвс­гэрт бидний хэдэн нөхөд
дөрөө мулталлаа. Хаана юу байгаа нь мэдэгдэхгүй сумын төвийн амьдралыг олж харах
нь битгий хэл хажуугаар нь олохгүй зөрөөд явсан тохиолдол олонтаа. Тэгвэл энд арай
өөр. Төвийн зам дагуу гэрэлтэх цэлийсэн гэрэл сумын төвийг бага ч гэсэн гэрэлтүүлнэ.

Цөлжсөн 
газраар олон зуун километр давхиж яваад Баян­лиг суманд ирэхэд бараг л аймгийн
төвөрхүү том сууринд ирсэн юм шиг санагдсан. Тус суманд бүтээн байгуулалтын ажил
ид өрнөж байна. Энэ жилээс “Шинэ сум төсөл” хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд
Баянхонгор айм­гийн Баянлиг, Бууцагаан хоёр сумыг сонгож хөгжлийн цоо шинэ түвшинд
хүргэхээр зорьсон аж. Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн албан ёсоор бүтээн байгуулалтын
ажлыг эхэлжээ. Баянлиг сумаас мянгат малчин олон төрж гарсан. Мал ихтэй , тэр дундаа
тэмээ ихтэй сум гэдгээрээ алдартай. Тэгвэл уг сумын урдхан хоёр, гурван давхар нийтдээ
зургаан барилга сүндэр­лэжээ. Энэхүү барилгын ажлыг “Их модун”, “Ти ти энд би” компаниуд
хамтарч гүйцэтгэж байгаа аж. Захир­гаа, 20 ортой эмнэлэг, 640 гаруй хүүхдийн багтаамжтай
сургууль, 180 хүүхдийн цэцэрлэг, 150 хүүхдийн дотуур байр, соёлын төв гээд цогц
бүтээн байгуулалтыг бий болгожээ. Одоогоор бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай явж
байгаа бөгөөд он гаргахаас өмнө дуусгахаар шамдаж байгаа гэнэ. Барилгыг зөвхөн Канад
модоор, Канад технологийн дагуу барьж байгаа аж. Харин барилгад хэрэг болох төмөр
арматурыг Дарханаас авчирч байгаа юм байна. Цаг, хугацаа, эдийн засгийн хэмнэлтийг
бодож өөрсдөө цементээ зуурч, элстэй холиод эргэн тойрон дахь явган хүний зам болон
авто зам тавьжээ. Замаа дагаад бүрэн гэрэлтүүлэг хийсэн харагдсан.

Канад нь манай оронтой уур амьсгалын хувьд төстэй
учраас иргэдэд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй гэнэ. Учир нь иргэдийн дунд мод амархан
галд шатдаг, салхи их сийгдэг гэх яриа бий. Тэгвэл “Их модун” компанийн захирал
Б.Цогтсэргэлэн үүнийг үгүйсгэж байна. Тэрээр “Энэхүү Канад мод нь галд тэсвэртэй,
дулаанаа удаан хадгалах давуу талтай. Хавартаа элсээр шуурч угалз босдог энэ нутагт
ч хамгийн тохиромжтой, найдвартай барил­гын материал юм” гэв. Аймгийн төвөөс хамгийн
алслагдсан энэ сум урагшаа 200 километр дахиад Шивээ хиагтын боомттой хиллэх хэдий
ч Барилгын модоо Канадаас оруулж ирэхдээ Хятадаар дам­жуулж авчирдаг юм байна. Ингэх­дээ
Хятадад үйлдвэрийн дамжла­гаар оруулж Монгол руу гаргадаг гэнэ. Уг нь бүтээн байгуулалт
оноос өмнө дуусах төлөвлөгөөтэй байсан ч хилээр модоо авчрах гэж хоног алддаг байна.
Тиймээс өөрсдөө үйлдвэртэй болоод Канадаас шууд модоо авчирвал цаг хугацаа, эдийн
засгийн хувьд ч асар их хэмнэлт хийж болохыг инженерүүд ярьж байна лээ. Өглөөний
жихүүн жавар хацар хайрч, амнаас гарах уур агаарт тэр дороо сарних үеэр ч тэндхийн
ажилчид ажралгүй ажлаа хийж байгааг харахад иргэн хүний хувьд бахадмаар. Учир нь
ажилчдын нэлээд хувь нь орон нутгийн иргэд гэсэн. Ажлын тохилог байр, эрүүл мэндийн
найдвартай орчин, үр хүүхдийнхээ сурч боловсрох таатай орчинг бий болгохын тулд
эцэг, эхчүүд гар бие оролцож байгаа аж. Зургаан барилгыг тойроод хүүх­дийн тоглоомын
талбай, бялдар­жуулах дасгалын талбай, хөлбөмбөгийн талбай байгуулжээ. Биднийг очих
үеэр сурагчдын дунд хөл бөмбөгийн тэмцээн болж байсан бөгөөд шинэхэн зүлэгжүүл­сэн
талбайд наймдугаар ангийн сурагчид хөлбөмбөг тоглож, зураг­таар л харж байсан хөлбөмбөгийн
талбай нь суманд нь бий болсонд баяртай байгаагаа ам уралдан ярив. Тэд хөлбөмбөгт
дуртай хэдий ч элсэн бужигнуулан бөмбөг өшиглөхөөс хэтэрдэггүй гэнэ. Мөн сүүлийн
үеийн спорт төв шинэ барилгуудын яг гол хэсэгт баригдаж байна лээ. Хараахан барилгын
гадна ажил дуусаагүй харагдсан. Харин бүх цахилгаан, уурын зуух, халуун хүйтэн усны
системээ холбочихсон бэлэн болгочихсон байсан. Цэвэр усны нөөц сумын төвд ойрхон
байхгүй учраас хайгуул хийж байж 800 метрийн холоос усаа татаж байгаа юм билээ.

Баянлиг сумаас 300 гаруй километр зайтай Бууцагаан
сум мөн “Шинэ сум төсөл”-д хамрагд­сан. Баянлиг сумыг бодвол барил­гын ажил арай
хожуу эхэлжээ. Гэхдээ ирэх оны гуравдугаар сар гэхэд бүтээн байгуулалтын ажил дуусна
гэсэн. Барилгын зураг төсөл яг ижилхэн. Эмнэлгийн орны тоо, сургуулийн багтаамж
гээд. Яагаад гэхээр Бууцагаан сум, Баянлиг сум тус тус 3500 орчим хүн амтай аж.
Малчид болоод сумын төвдөө амьдардаг айл өрхийн тоо ч ойролцоо гэсэн.  Бууцагаан сумын хувьд баруун бүсийн дамжин өнгөрөх
өртөө гэгддэг болохоор цаашдаа сумынхаа  хөгжлийг
аймгийн түвшин, түүнээс ч илүү гаргахаар Засаг дарга Ч.Энхдалай нэлээд ажил хийж
байгаа бололтой. Нутгийн иргэд ч хичээл зүтгэлтэй гэдэг нь харагдаж байсан. Сумандаа
талхны цехтэй. Өдөртөө 150 ширхэг талх, 100 гаруй нарийн боов үйлдвэрлэж гаргаад
сумынхаа хэрэгцээг ханга­чихдаг гэсэн. Түүнчлэн оёдлын цехтэй. Наанадаж захаас бэлэн
дээл аваад байхгүй хямд төсөр дээл тэндээсээ худалдаад авчихна. Тус сумын иргэн
Б.Цолмон гуай насаараа гагнуур хийсэн бөгөөд шинэ бүтээн байгуулалтын ажилд цалин
хөлс авахгүйгээр тусалж байгаа юм билээ. Бүр нутгийн ахмадуудаа уриалаад хавар мод
тарихаар төлөвлөсөн байна лээ. Б.Цолмон гуай “Сумын хөгжилд төр засгаас анхаарч
том бүтээн байгуу­лалт бий болгож байна. Нутгийн иргэд бид үнэхээр нар гарч байна.
Хэзээ биелэхгүй гэж бодож байсан паартай байшин, паалантай жорлонтой болж болох
ойрхон байна. Тиймээс бид ч гэсэн хүний өгсөн юмыг алгаа тосоод зүгээр авч суухаар
хуруу нэмэрлэх юмсан гэж хичээж байна” хэмээн их сэтгэл хангалуун ярьж байсан.

Үнэхээр ч бидний мэдэх сумын амьдрал орчин цагийн
төрхөндөө орж эхэлжээ. Гэхдээ дээрх хоёр сумыг нийтдээ 20 тэрбум төгрөгөөр ийн шинэ
сум болгож байгаа. Гэтэл нийслэлд хэдэн тэрбумаар ганцхан барилга бариад зогсч байна.
Хөдөөд хотоос ялгагдах нь ард түмэн нь амар амгалан, замын түгжрэл, элдэв стресс
гэж алга. Гагцхүү тэд хотын хөгжил дэвшил рүү тэмүүлж байсан бол одоо хаяанд ирлээ.
Хоёр сумын хэмжээнд 50 гаруй айл Канад модоор хувийн хаус бариулах хүсэлтээ өгөөд
байгаа гэсэн. Тэд­нийг ипотекийн зээлд хамруулах бодолтой байгаа бөгөөд урьдчил­гаа
15 сая төгрөг өгөөд хотынхноос дутахааргүй тансаг харштай болчихно. Малчдын хувьд
хоёр давхрынхаа цонхон дээрээс  хээрт бэлчээрлэх
малаа дурандаад суух цаг ойрхон байна. Засгийн газрын зүгээс ирэх оны төсөвт “Шинэ
сум төсөл”-ийн хүрээнд арваад суманд мөн ийм бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн
байна. 

 Д.ДАВААСҮРЭН 

Categories
редакцийн-нийтлэл

Ямар чиг байсан “янтгар” хатад минь зарга шүүж байсан нь дээр юм шиг байна

Зүүн хойд Азийн эмэгтэй парламентчдын чуулга уул­залт
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнгө­рөгч хоёр өдрийн турш болж өндөрлөлөө.
Манай төрийн түшээ бүсгүйчүүдийн санаа­чилгаар зохион байгуулагдаж буй уг чуулганд
хойд, урд хөрш орнууд болох Орос, Хятад болоод Өмнөд Солон­гос, Хойд Солонгосын
пар­ламентын эмэгтэй төлөөлөг­чид оролцсон. Мөн Японы эмэгтэй парламентчид  ирэх байсан боловч тодорхой шалт­гааны улмаас
амжаагүй бөгөөд илгээлт явуулж хүн­дэтгэлтэй хандсан байна. Монголчууд өөрсдийгөө
дэл­хийд гайхуулах бас нэгэн томоохон үйл явдал нь энэхүү чуулга уулзалт боллоо.
Өөрийн­хөө үзэл санааг шууд тулган шаардаж байгаа юм биш шүү. Болоод өнгөрсөн үйл
явцаас харахад тийм сэтгэгдэл төрж буй хэрэг. Олон улсын шинжээч, улс төр судлаач,
нэртэй төртэй зүтгэлтнүүд чуулга уулзалтын талаар санаа оноогоо хэлэх биз ээ. Харин
нэг зүйлийг онцлоход, яагаад ч юм энэ дэлхий дээр монголчууд бид эмэгтэйчүүд, эхчүүдээ
хүнд­лэн дээдэлж, бүсгүй хүний ухаан, монгол хатдын суу билгийг ярьж, бичиж, биширч
ирсэн ард түмэн юм. Түүхийн буурал улбааг аваад үзье л дээ. Хүннүгийн үед ямар байсныг
мэдэхгүй. Эзэн Чингэс хааны үеэс хацар гоо хатдын эрх мэдэл хийгээд түүхэнд товойж
тодорсон зүйл зөндөөг хэн хүнгүй мэ­дэх юм. Алунгоо эхийн сур­гаалиас аваад Өүлэн
эх, Бөртэ Үжин, Сорхугтан хат­наар дамжин Мандухайгаар үргэлжлэх домогт бүсгүй­чүү­дийн
дотоод сэтгэлийн их хүч, шантаршгүй эр зориг, зөө­лөнд зөөлөн, хатууд хатуу хандаж
ирсэн ухаанд Мон­голын тусгаар тогтнолын үнэ цэн оршиж байсан гэхэд хэтийдсэн болохгүй
байх.

Үнэндээ Монголын ард түмэн шиг эхчүүдийнхээ хүнлэг
энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэн, үеийн үед охид бүсгүйчүүдээ хайрлан хүндэт­гэж ирсэн
улс орон Ази тивд бүү хэл дэлхийд ховор шиг санагдана. Ойроос нь Хятад, Солонгос,
Японоор жишээ авъя. Япон, солонгос харчууд охид бүсгүйчүүддээ нэг их хүндэтгэлтэй
хандаад бай­даггүй. Нэг л хүйтэн хөндий харилцаж байгаа харагддаг. “Гэрийн эзэн,
угсаа залгамж­лах хүү” гээд эрчүүдээ учиргүй магтаад өргөмжлөөд байд­гийг бид өнөө
олон сериа­лиудаас нь орой бүр үзэж байгаа. Хятадууд ч мөн ялгаа­гүй дээ, бас нэг
тиймэрхүү л инзааны байдалтай байдаг. Сүй тавьдаг учир, эх эцэгт нь сүйний мөнгө
гэж өгдөг боло­хоор гэр бүлийн нандин харил­цаа хийгээд хүндэтгэ­лийн зүйл нь бага
байдаг байх. Бараг л “Би чамайг худалдаад авчихсан” гэдэг утгаар харилцдаг байх.
Харин монголчууд бол өөр. Эмэгтэй хүнийг жинхэнэ эх хүн гэдэг утгаар нь дээдэлдэг.

Ер нь тэгээд зөвхөн монгол залуучууд л охид бүсгүйчүүдээ
дээдлээд, оюун ухаан хийгээд авьяас чадвар царай зүс, бие галбирыг нь бишрээд байгаа
ч юм биш ээ.

Дэлхийн бүх л орны эрчүүд монгол хүүхнүүдэд татагддаг.
Ухаандаа, Герман, Франц, Англи, Япон, Солон­гос, Хятадын харчууд манай бүсгүйчүүдтэй
гэр бүл болох гэж ёстой л амь тавин зүтгэцгээх нь түүний баталгаа нь болж өгч байгаа
юм. Мон­гол хүүхнүүдэд тийм нэг эрмэг зоримог чанар, нүдний гал дөл, авьяас чадвар,
амбийц, гэр бүлдээ хүндэтгэлтэй хан­дах гээд бидний мэдэх, эс мэдэх олон чанар хадгалагд­даг. 

Харин энд нэг юм хэлчи­хэд манай хамел жулдрай­хан
тэгээд архичин харчуудыг дэлхийн гоо бүсгүйчүүд огт­хон ч тоодоггүй л байхгүй юу.
Америк гэргийтэй, герман, франц, хятад гэргийтэй эрчүүд өнөөдөр хаана байна.  Тэгж нэг их дуулдаад бай­даггүй. Харин хуучин
хүрээ­ний харчууд  хятад хүүхнүү­дээс аваад,
орос, гуулин, пийлэн гэх зэрэг орны  сайхан
сайхан бүсгүйчүүдийг өөрийн болгож явсан түүх байдаг бололтой юм билээ. Их На­цаг­доржийн
“Хөөрхөн хэлтэй чамтайгаа, хөгжилдөн суух сайхан” гэх шүлгийн мөрүүд түүнийг гэрчилдэг.
Хятадаар шулганаад байх нь мань эрд хөөрхөн санагдаж байсан л даа. Гадаадад урлаг
соёлын боловсрол эзэмшсэн таван хэлтэй, тал дүүрэн адуу мал­тай  хүрээ гангачуул өнөөгийн хамел эрчүүдийн дэргэд
ширээ ат шиг харчуул байсан байгаа л даа. 
Одоо нэг ёсон­доо жинхэнэ Юндэн Гөөгөө­нүүд байж дээ гэх бодлыг төрүүлж цагаан
атаархал хөдөлгөх юм.

Эл бүгдийг Зүүн хойд Азийн эмэгтэй парламенчдын  чуулган Монголын төрийн түшээ хатагтай нарын санаа­чилгаар
болж буйтай  холбог­дуулж бичиж буйг та анзаарч
байгаа нь дамжиггүй. Бид дэлхий дахинд хэд хэдэн зүйлээр гайхуулах юмтай улс юм.
Тодруулбал, Монгол ард­чилсан улс гэдгээрээ дэлхий дахинд гайхагддаг. Манай төрийн
тэргүүнийг ардчиллын тугч гэж дэлхийн өндөр хөгжилтэй нөлөө бүхий улс орнуудын удирдлагууд
хү­лээн зөвшөөрч, олон улсын томоохон уулзалт, НҮБ-ын чуулган зэрэгт хүндэтгэн хү­лээн
авдаг. Түүний баталгаа нь Ардчилсан орнуудын хам­тын нийгэмлэгийн их хурал Монгол
Улсын нийслэлд өнгө­рөгч хавар болсон байх жишээний. Мөн Монгол Улс бол хүний эрхийг
эрхэмлэн дээдэлдэг гэдгээрээ дэлхийд гайхуулдаг. Одоо бол эмэг­тэй­чүүдийн эрхийг
машид хүндэтгэдгээрээ дэлхийд гай­хуулах хэрэгтэй болоод бай­на. Үүнийг саяын чуулган
гэрч­лээд өгч байгаа юм биш үү.

“Ямаан толгой ямбанд ордоггүй

Янтгар хатан зарга шүүдэггүй” гэж үг бий. Энэ
бол атаархаж үхэх гэсэн нэг муу доожоогүй эрийн зүгээр л  толгой холбоод  хэлсэн 
төдий үг юм. Нэг их ардын үгсээд байх ч юм байхгүй.  Ачир дээрээ зарга заалхай ч гэж юу байдгийг мэдэхгүй
нэг муу эрхийн тэнэгийг хойш нь түлхээд л өөрөө зарга шүүж эхлээ л дээ. Тэрэнд нь
атаар­хаж үхэх гэсэн юм л дээрх үгийг гаргаа. Ер нь тэгээд ардын үг гэж байдаггүй
байх шүү. Хэн нэгэн цэцэрхсэн нөхрийн толгой холбосон үгийг бусад нь цээжлээд л
тэр нь ардын гэх тодотголтой болчихдог юм шиг. Олны дунд яваад байдаг дээрх зуугуул
үгтэй холбогдуулаад хэлэхэд монголчууд бид авгай хүүх­нүүдээ хэзээнээсээ толгой
дээрээ гаргасан улс даа. Тэгээд буруудсан нь хаана байна. Хөдөөгийн эрчүүд наймаа
арилжаа хийх, нүү­дэл суудал  зэрэгт эхнэрүү­дийнхээ
л амыг харж байдаг. Ахуй амьдрал нь хэрхэн явж буйг эрчүүдэд анхаарах сөхөө гэж
байдаг болов уу. Монгол эрчүүдэд чинь архи уух гэж нэг их том, зав зай өгдөггүй
ажил байдаг юм. Түүнийгээ л амжуулж байна уу гэхээс ажил төрөл гэх юманд ухаан санаагаа
сатаа­руулах зав хэнд байхав дээ.

Гэргийнхээ л амыг харж бүхий л эрх мэдлээ түүнд
тушаасан байдаг даа. Оюутан хүүхдээ сургууль соёлд оруулах, төлбөр тооцоог нь тушаах,
цэрэгт яваад ирсэн нэгийг нь гэр бараатай болгох энэ бүгдэд эхчүүдийн нөлөө л тусч,
хүүхнүүдийн гар хөл хөдөлж байж ажил бүтдэг нь манайд  үнэндээ бичигдээгүй хууль болж дээ.

Хөдөө гэлтгүй төв суурин газарт ч хүүхнүүд л амьдра­лаа
залгуулж, ачааны хүн­дийг үүрч явна. Айл өрх бүрийг айлын дайтай авч яваа тэд улс
орныг яг л тэгж эмх цэгцтэй, хувирч хуйс­ганахгүй, хэлсэн үгэндээ эзэн болж авч
явах нь мэдээж. Ганцхан жишээ татахад, зо­хиолчид гэж золигийн хүмүү­сийг Удвал
гуайн ухаан л тэр олон жил залж ирсэн гэдэг. Ийм л нэг бүсгүй хүний ухаан, аливаад
голчтой нуруулаг чанар Монголын төрд хэзээ­нээсээ үгүйлэгдсээр ирсэн.

Яваандаа Монгол Улс эмэгтэй төрийн тэргүүнтэй,
эмэгтэй Ерөнхий сайд, Их хурлын даргатай болох байл­гүй дээ. Үүнийг манай саарал
ордонд өрнөсөн эмэгтэй пар­ламентчдын чуулга уулзалт бас л хэлээд өгөх шиг боллоо.
Бүсгүйчүүдийг сүүлийн үед ихэд амбийцтай болсон гэж ярих болсон. Амбийцтай байх
нь өнөө цагт их зөв зүйтэй алхам шиг харагддаг. Амжил­тад хүрэхийн гол тэмүүлэл
нь амбийц нь байлгүй . Эрчүүд бид амьдрал дээр ямар билээ дээ. Долоо хоногийн турш
бүрэн ажиллаж чаддаг билүү. Таван өдөр сайхан ажиллана. Ёстой л нэг чигээрээ зүтгэнэ.
“Үгүй ээ, мөн сайн ажиллаж байна шүү” гэж хэлэхтэй зэрэгцээд л архи уугаад алга
болно. Утсаар ярихад “Би ядарч туйлдатлаа хэдэн өдөр зүтгэлээ, ганц өдөр яагаад
амарч болдоггүй юм” гээд хэрэлдээд эхлэх нь хөөрхийлөлтэй. Хэдэн өдөр ажилласандаа
ялархаж бай­гаа нь тэр, үнэндээ бол ачаа­ны хүндийг үүрч сураагүй хэтэрхий нялгануур,
нялцгай байгаа нь л тэр байхгүй юу.

Тэгэхээр улс орон минь цаашдын хувь заяагаа бод­сон
ч, айл өрх бүр аз жаргал­тай, гэгээ гэрэлтэй сайн сай­хан амьдралаа бодсон ч “янтгар”
хатад минь зарга шүүж байсан нь дээр юм шиг байна аа.  Атаархуу нэг эрийн зүгээр нэг толгой холбоод хэлчихсэн
үг үеэ өнгөрөөсөн байна шүү.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

“Занар”-ыг хассан нь шатахуун импортлогчдын лобби гэв үү?

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдаан дээр
нэг сонин юм болов. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын хоёр дахь хэлэлцүүлгийн
үеэр “Зана­рыг дотооддоо боловсруулахгүй” гэсэн агуулгатай өгүүлбэр орж ирсэн юм.
Байнгын хорооноос гарсан санал л даа.  Гишүүд
энэ өгүүлбэрийг бодлогодоо тусгая  гээд
“yes” товч­луур дарж орхив. Энэ заалтыг олон­хи нь дэмжсэнд гайхсан спикер “Зана­рыг
дотооддоо ашиглахгүй болчих­лоо шүү дээ гишүүд ээ. Уг нь занарыг ашиглах, олборлох
чиг­лэлээр олон ажил хийгдэж байсан чинь юу бол­чихов. Гаднаас шатахуун импор­толдог
хүмүүсийн лобби орчих шиг боллоо” гэж сануулж харагдав.  За­рим гишүүн нээрээ ямар өгүүл­бэрийг бодлогодоо
тусгачихав аа гэж эргэл­зэж байгаа нь илт анзаарагдсан.

Уг нь манай  улс газрын
тосны талаар төрөөс баримтлах бодлого­доо занараа ашиглана гэж тусгасан. Харин Эрдэс
баялгийн талаар тө­рөөс баримтлах бодлогод өмнөх бодлогоо эсэргүүцсэн агуулгатай
заалт ороод ирлээ.

Монгол Улс занарын их нөөцтэй. Шатдаг занар тархсан талбайн дөнгөж
19-хөн хувьд байгаа баялаг гэхэд л 788 тэрбум тонн гэж яригддаг. Салбарын яамныхны
хэлж байгаа­гаар бол бид занарын нөөцөөрөө Сау­дын Арабын газрын доорх неф­тийн
хэмжээнд оччихсон гэж байгаа. Америк занарын үйлдвэрлэлээ бодлогоор дэмжиж байгаа,
Хятад занарын том төс­лүүддээ хөрөнгө хаяад эхэлсэн, Эстони занараасаа цахилгаан
эрчим хүч гаргаж авч байна, Австрали шингэн түлшээ занараасаа хангадаг гэж ирээд
яривал дэлхий тэр аяараа шатдаг занар руу хошуурч байгаа. Хятадын төр занарын гүний
боловс­руу­лалтын технологи импортлоход дэмжлэг үзүүлээд эхэлсэн.  Урд хөршийн дэмжээд буй энэ  тех­нологийг ма­найд америкчууд санал болгож байгаа.
За тэгээд үйлдвэр­лэсэн занарын тосны нэг шоо метр тутамд 0.40 юанийн хөнгөлөлт
үзүүлж,  агаарын бо­хирдол ихтэй томоохон
хотууддаа нүүрсний оронд хий нийлүүлж, занар боловсруулдаг компаниудаа тат­вараас
тодорхой хэмжээгээр чөлөөлж эхэлсэн гэж ирээд яривал урд хөршид төр нь занараа дэмжээд
эхэлсэн. Харин манай улс  одооноос л занараасаа
шатахуун гаргана  гэж ярьж эхэлж байгаа.  УИХ-ын дарга шатдаг занараар тодорхой ажлууд эхэлчихээд
эргэж буцлаа гэсэн агуулгатай үг унагадаг 
нь цаанаа учиртай. Уул уурхайн яам өнгөрсөн онд АНУ-ын “Жени Ойл энд Газ”
компанитай “Шатдаг занараас хийн конденсат гаргах боломжийг тодорхойлох судалгааны
ажлын гэрээ” байгуулсан байдаг.  “Жени ойл
энд газ”-аас гадна  Франц улсын “Тотал” компани
Монголд шатдаг занарын хайгуул, судалгааны ажил хийх боломжтой гэсэн хүсэлт ирүү­лээд
буй. Дотоодын компаниуд ч шатдаг занараар ажиллаад эхэл­чихсэн. “Монголын алт”,
“Нарантуул трейд”-ийнхэн шатдаг занартай холбоотой асуудлаар судалгааны ажил явуулж
туршилтын ажлаа эхлэхэд бэлэн болсон. Бас хориод компани шатдаг занарын хайгуул  хийх хүсэлтээ илэрхийлээд байгаа.

Эдэн дундаас нэлээд эрчтэй ажиллаж үр дүнд хүрээд байгаа нь  Америкийн “Жени ойл энд газ”-ын охин компани
“Жени ойл шэйл Монголиа”. Тэд технологио санал болгож, урьдчилсан ТЭЗҮ-ээ хийгээд
байна. “Жени ойл энд газ” бол Нью- Иоркийн хөрөнгийн биржид бүртгэл­тэй, эрчим хүч,
газрын тосны чиг­лэлээр үйл ажиллагаа явуулдаг, АНУ, Израйльд газрын тос болон шатдаг
занарын хэд хэдэн орд дээр хайгуул, ашиглалтын гэрээ байгуулан ажил­лаж байгаа үндэстэн
дамнасан корпораци.  “Жени ойл шэйл Мон­голиа”
Төв аймгийн Бүрэн, Эрдэнэ­сант сумдын зааг Өвөржаргалан­тын хөндий, Хөөтөөс занарын
их хэм­жээний нөөц илрүүлээд байгаа юм. Занарыг газрын гүнд дулааны ар­гаар боловсруулж
сайн чана­рын газрын тос гаргаж авах технологийг санал болгосон. Химийн бодис ашигладаг­гүй
нь энэ аргын нэг давуу тал гэж судлаачид үздэг юм билээ. Бас манайхаас илэрсэн занар
хүхэргүй учраас занар боловс­руулахад элдэв хорт хий ялгарахгүй гэсэн олзуурхал
ч бий. “Жени ойл шэйл Монголиа” өдөрт 600-700 тонн газрын тос олборлох үйлдвэрийг
Монголд бай­гуулахаар тооцоод буй. Америкийн компанийн хэлж байгаагаар үйлдвэр бариад
газрын тос гаргаад эхэлбэл одоогийнхоос сайн чанартай шата­хууныг хоёр дахин хямд
үнээр авах юм билээ. Үйлдвэр босгох өртөг нь дөрвөн тэрбум орчим ам.доллар  гэсэн. Дотоодоосоо бол босгож амжихааргүй их мөнгө.
Америкийн хувьд  хөрөнгөө гаргаад ажлаа эхлүүлье
гэсэн саналаа тавьчихаад байгаа. Занараас шатахуун гаргаж ава­хаас  гадна эрчим хүчээ давхар шийдэх боломжтой. Газрын
тостой хамт байгалийн хий гарч ирнэ. Энэ хийгээр эрчим хүчний хэрэгцээгээ хангах
юм.

 Нэг иймэрхүү боломж уг
нь бид­ний өмнө бий. Гэхдээ УИХ-ын гишүү­дийн толгой дохичихоод байгаа “занарыг
дотооддоо боловсруулах­гүй” гэсэн заалт тэр хэвээрээ бат­лагдчихвал биелэхгүй мөрөөдөл
болж хувирна.

Энэ заалтын бас нэг уршиг нь сэргэж ядаж байгаа гадаадын хөрөн­гө
оруулалтын орчинд үзүүлэх нө­лөө. Сөрөг нөлөө үзүүлнэ гэх гээд байна л даа. Учир
нь манай шатдаг занар дээр гадаадын хөрөнгө оруулалт аль хэдийнэ ороод ирчихсэн.
Занарын судалгаа хийж, урьдчилсан ТЭЗҮ-гээ хүртэл боловсруулсан Америкийн компани  гэхэд л ихээхэн хэмжээний мөнгөө Монголд хэрэгжүүлсэн  тө­сөлд зарсан байгаа. Газрын тосны бодлогодоо
“занарыг дэмжинэ” гэчихээд эрдэс баялгийн салбартаа барих бодлогодоо “үгүй” гэчихээр
хөрөнгө оруулагчид эргэлзэж таарна. Хэрвээ энэ заалт батлагдвал наашаа орж ирэх
байсан их хэмжээний доллар орж ирэхгүйгээс гадна итгэл нь сэргэх гэж ядаж буй хөрөнгө
оруулагчдыг цааш нь түлхсэн хэрэг болно. Жил 
бүр гадна дотнын хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуул­даг “Дисковер Монголиа”-гийн
энэ намрын чуулга уулзалтын үеэр  занарыг
тусгай салбар хуралдаан болгон онцолж, яамны дэд сайдаас эхлээд олон хүн Монголын
занарт хөрөнгө оруулах ийм боломжууд бий гэж ярьж байсан. Тэнд сууж, занарыг сонирхсон
хөрөнгө оруулагчид “Мон­гол занараас татгалзлаа” гэсэн мэдээ сонсвол юу гэх бол.                 

Энэ салбарт хамаатай төслүүдэд хэтэрхий гоомой хандаад байна уу
даа гэсэн дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гаригт болсон хуралдаанаас
хийчихэж болохоор байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Б.Зинамядар: Шамбалын дайны шар цэргүүд олон хүний зүрхийг сугалж, амьдаар нь шарсан

1932 ОНЫ ЗЭВСЭГТ БОСЛОГО ГАДААДААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ГЭДГИЙГ ТҮҮХИЙН
ОЛОН БАРИМТ НОТОЛДОГ-

1932 онд дөрвөн аймагт ард иргэд
төр засгийнхаа эсрэг тэмц­сэн зэвсэгт бос­ло­го гарч, зургаан мянга гаруй хүн амиа
алдсан түүх бий. Тэр зэвсэгт бослогын талаар 40 гаруй жил судалгаа хий­сэн Б.Зинамядар
хэ­мээх 78 настай ахмад судлаачтай уншигч та бүхнийг уулзуулж бай­на. Бид хоёрын
ярилц­лага аль нутаг усанд төрж өссөн тухай яриа­гаар эхэлсэн юм.

-Та аль нутгийн хүн бэ. 1932 оны
зэвсэгт бослогыг судлах бол­сон талаар ярилцлагаа эхлэх нь зөв байх.

-Өвгөн ах нь 1934 онд төрсөн. Хуучнаар
Архан­гай аймгийн Идэр су­мынх. Харин одооны за­саг захиргаагаар Хөвсгөл аймгийн
Галт сумын хүн.  1932 оны зэвсэгт босло­гын
талаар их олон жил судалсан хүн. Ард иргэд төр засгийнхаа эсрэг тэмц­сэн хэмээн
түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн 1932 оны зэвсэгт бослогын талаар судлах болсон шалтгаан
нь ийм учиртай юмаа. Би аавгүй өссөн хүн.
Миний эцэг  1932 оны  зэвсэгт бослогод оролцож яваад Ардын армийн цэрэгт
амь насаа алдсан юм. Бага байхаасаа миний аав ямар хүн байсан бол хэмээн бодогдоод
хамт тэр зэвсэгт бослогод оролцож байсан хүмүүсээс аавынхаа талаар асууж эхэлсэн
юм. Эндээс эхлээд  судалгаагаа эхлүүлсэн хүн
дээ. Ер нь түүх үнэн байх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд түүхийн үнэн гуйваад байна.
Үүнд сэтгэл эмзэглэж явна даа. Миний судал­сан 1932 оны дөрвөн аймгийн ард иргэдийг
хамарсан зэвсэгт бослого гадаадаас зохион байгуулсан гэдгийг өнөөдөр хэн ч ярихгүй
байна. Харин ард иргэд төр зас­гийн­хаа эсрэг тэмцэж боссон мэтээр ярьсаар иржээ.
Яг үнэндээ тийм биш.

-1932 оны зэвсэгт бослого юунаас
үүдэн гарсан талаар асуумаар байна. Түүхийн эх сур­валжуудад ард иргэд өөрсдийн­хөө
үзэл бодлоо илэрхийлж бос­сон хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг?

-1921 онд ардын хувьсгал ялсан цагаас
эхлэн түвдүүдийн гар хөл монголчуудыг төр засгийнх нь эсрэг турхирч эхэлсэн байдаг.
Энд тэндгүй л бослого гарч байсан. Гэвч түүнийг нь тухайн үед нам дарж байсан юм
билээ. 1932 оны бос­ло­гыг “Ардын бослого” гэж нэрлэх болсон нь буруу. Яагаад гэвэл
түүнийг ард олон санаачлан хэрэг­жүүлээгүй. Төр засгаа солих, хойд хөрш улсаас хөндийрүүлэх
гэсэн бодол тэр үеийн жирийн иргэдэд огт байгаагүй. Харин гадаадаас буюу Манж-Го,
Япон, Төвдөөс өдөөн турхирсан гэмт үйлдэл гэд­гийг олон баримт бичгээр нотлох байна.
Бослогыг Банчин богдын заавраар Монгол Улсын дотоодод Ёнзон хамба Лувсанхаймчиг
гэг­чийн удирдаж байсан “Эсэргүү төв” гэдэг байгууллага залж чиглүүлж байсан юм
билээ. Энэ төвийн гол бүрэлдэхүүн болох 26 хүний 14 нь Түвд хүмүүс буюу гадаадын
тагнуул байсан юм билээ. Энэхүү Ёнзон хамба Лувсанхаймчиг нь VIII Бог­дын гурав
дахь багш гэх нэрээр 1916 онд Монголд ирсэн тагнуул. Тэрбээр хөдөө нутаг руу өөрийн
хүмүүсийг явуулж төр, засгийн эсрэг сурталчилгаа хийлгэж, Шам­балын дайн хийх, шар
цэрэгт энгийн ард иргэдийг нууцаар элсүүлж эхэлсэн байдаг. IX Банчин богдоос нууц
утгатай таван захи­дал авч, наймаа хийх нэрээр Замын-Үүд рүү хүн явуулж Японы тагнуултай
холбоо бариулдаг байсан байгаа юм. Гол холбоочин нь цорж Б.Содов гэгч байсан бөгөөд
энэ хэрэг 1938 онд илэрч цаазлуулсан юм билээ. Банчин Богдоос ирсэн захидалд “Шамба­лын
дайн” хэмээн нэрлэж  байсан юм билээ. Тухайн
үед монголчууд бүгд шарын шашинтай байсан. Харин Ардын нам шарын шашин дэмждэггүй
байсныг ашиглаж энгийн ард иргэдийг эхлээд шашин шүтлэгийг нь ашиглаж цуглуулж эхэлсэн
байдаг. Шамбалын дайн хэмээн нэрлэгдэж байсан уг тэмцэл хийхийн тулд нууц хэлбэрээр
шар цэргээ цуглуулж байгаад сүүлдээ Ардын намынхан мэдсэн байдаг. Ингээд бүх зүйл
ил цагаандаа гарах үед бослогыг толгойлж бай­сан Равдансамбуу гэх хүн  Ёнзон хамбад бараалхан зааварчилгаа авсан байдаг.
Шамбалын дайнд  шар цэрэг бол гэж тулгаад
зөв­шөөр­сөн хүнийг бууны ам долоол­гож ам өчиг аваад элсүүлдэг бай­сан. Харин бослогод
оролцохгүй бол 30 гаруй төрлийн аргаар тарчлаан амь насыг нь хөнөөдөг байсан байгаа
юм. Эсэргүүцлийн гол зорилго ардын засгийг устгаж Хаант засаглал бий болгох, шашинаар
дамжуулан төр барих гэсэн далд бодлого байсан юм билээ. 1932 оны дөрөвдүгээр сарын
11-д Хөвсгөл аймгийн Рашаант сумын Хялганатын хүрээнд 100 гаруй лам, ардууд зэвсэглэн
босож сум, хамтралын төвийг дайран довтолсноор энэхүү зэвсэгт бослого эхэлсэн.

-Хүмүүсийг 30 гаруй аргаар тарчлаадаг
гэв үү?

-Энэ талаар дэлгэрэнгүй ярих юм бол
жирэмсэн эмэгтэй хүний  хүүхдийг нь зулбуулах,
хөхийг нь огтолж авах, амьдаар нь зүрхийг нь сугалж туг дахих, мөн амьдаар нь халуун
тогоонд шарах, буцалж буй усанд хийж хөнөөх гээд хүний санаанд багтамгүй олон аймшигт
аргаар хөнөөдөг байсан юм билээ. Баянхайрхан сумын эвлэлийн үүрийн дарга Д.Бүрэнжаргал
гэх хүнийг олон хүний нүдэн дээр амьдаар нь шарсан байдаг. Энэ мэтээр 1800 гаруй
хүн тэдний гарт амиа алдсан байдаг. Тэр үед энгийн иргэдэд ямар ч сонголт байгаагүй.
Төр засгийн эсрэг турхирсан тэмцэлд оролцох, хэрэв эсэргүүцвэл аймшигтайгаар там­луулж
үхэх. Тийм болохоор сонголт­гүйгээр шамбалын дайны шар цэрэг болж бууны хошуу долоож
тангараг өргөдөг байсан байгаа юм.  Ийм аргаар
таван мянга гаруй цэрэгтэй болсон. Цэргүүдийг удирдаж байсан хүмүүс гэвэл эд хөрөнгөө
хураалгасан зэвсэглэсэн чинээлэг ардын аж ахуйтнууд, лам нар, хэргэм зэрэг, эрх
ямбаа хасуулсан хошуу засаг ноёд тайж нар, нам, эвлэлийн гишүүд асан мөн эрүүгийн
оргож, боссон ялт­нууд байсан юм билээ.  Тухайлбал,
Ч.Самбуу Дүвчин, Ц.Жамц, Б.Түгж, Ногоон малгайт Дамдинсүрэн, Бор гэгээн Самдан,
Б.Жамсрандорж, Шадав гэх хүмүүс.

-Тэд яаж буу зэвсэгтэй болсон юм
бэ?

-Эсэргүү бослогын цэргүүдэд ямар ч
зэвсэг байхгүй. Муна, бороохой хутга, цөөн хэдэн буу байсан байгаа юм. Тэгж байтал
ардын намын цэргүүд бослогыг дарахаар ирсэн байдаг. Эхлээд 200 гаруй буу зэвсэгтэй
цэргүүд ирээд ялагдал хүлээсэн. Тэдний бүх зэвсэг тэмцэлд оролцож байгаа хүмүүсийнх
болсон. Гэхдээ таван мянган цэргийн ихэнх нь ямар нэгэн аргаар зугтаах сонирхолтой
байсан. Гэвч бүгд айж байсан болохоор арга буюу байлдаж байсан юм билээ. Цахиур
буу, хурдан буугаар ихэнх нь зэвсэг­лэсэн байна лээ. Хэдхэн сарын дотор шар цэргүүд
хүчээ авч Мон­голын төр засгийг эвгүй байдалд оруулсан. Хэрэв цаг хугацаа алдвал
бүр эвгүй байдалд орох учир цэрэг, зэвсгийн хүчээр бослогыг дарсан байдаг.

-Онгоц, танк, хурдан буугаар зэвсэглэсэн
цэргүүд бороохой барьсан энгийн ардыг бүсэлж байгаад л буудаж гарсан гэдэг байх
аа?

Монголчуудыг гаднынхан дотор нь хагалан
бутаргаж хоо­ронд нь дайтуулчихсан байхгүй юу. БНМАУ-ын төр, Засгийн газар, Монголын
Ардын арми болон Дотоодыг хамгаалах газрын цэр­гийн ангиуд ЗХУ-ын цэргийн ангиуд,
нисэх отряд, хуягт танкийн хэсэг оролцсон. Д.Өлзийбат, Б.Намсрай, Ж.Малж, Ц.Гиваапил,
Сайд А.Содном нар цэргийг удир­даж удаа дараа байлдсан байдаг. Хамгийн сүүлд Д.Өлзийбатын
отряд ялсан юм билээ. Ингэхдээ 1300 цэрэг, Р-1 нисэх онгоц-3, Р-5 нисэх онгоц-10,
5 танк, 10 хуягт машин, пулемётаар дарсан байдаг. Цэрэг, энгийн ардууд зэрэг нийтдээ
1800 гаруй хүн босогчдод алагд­са­наас 407 хүний зүрхийг амьдаар нь сугалж,
1200 гаруй хүнийг 30 гаруй аргаар тамалж алсан. Гад­нын­хан монголчуудыг хооронд
ингэж турхирч байлдуулж олон хүн амиа алдсан юм. Харин бослогод оролцсон 1500 гаруй
хүн амь үрэгдсэн бөгөөд тулалдаанд 500 гаруй хүн, цэргийн шүүхээр 612 хүнийг буудсан.
Нийтдээ 4200 хүн алагдсан. Бослого тэмцэлд оролц­сон хүмүүс хэлмэгдсэн. Тэднийг
гаднынхан анх шашин шүтлэгээр нь ашиглан итгүүлж дараа нь хүчээр элсүүлж цэргээ
болгосон. Харин Монголын төр тэднийг буудан хөнөөсөн шүү дээ. Ингэж л Монголын ард
түмэнд уй гашуу авчирсан шамбалын дайн дууссан юм. Мөн ч олон хүнийг хэлмэгдүүл­сэн
байдаг.

-Энэ бослогын үеэр ард иргэд танк
хүлсэн гэдэг байх аа?

-Тиймээ. Архангай аймгийнхан энэ бослогоос
хойш Танк хүлдэ­гийнхэн гэсэн хоч авсан байдаг шүү. Тэр үед танк унаж явсан хүн
нь Дорнод аймгийн харьяат сүүлд Хөдөлмөрийн баатар болсон Төмөр. Харин буу сумлагчаар
нь нэрт эрдэмтэн Хөдөөгийн Пэрлээ гуай байсан юм билээ. Тэгсэн танкаа тавиад явсан
хойгуур нь сур, гэрийн бүслүүр зэргээр хүлсэн байдаг. Тэгсэн нөгөө  хүлсэн танк­ны гэрэл нь ассан байгаа  юм. Тэр үед нутгийн залуус танк сур, хялга­сан
дээсээр хүлж байхыг нь хараад зогсож байсан эмгэн гүзээ шар тос асгаж байгаад шатаа
гэж хэлж байсан гэнэ лээ.  Үүнээс үүдэн Архангай
аймгийнхан танк хүлдэ­гийнхэн гэх болсон юм.

-Тэр үед гадаадаас турхирсан гэдгийг
төр засаг мэдэж байсан юм болов уу. Ёнзонхамба нарын талаар хэр судалсан бэ?

-1932 онд ардын төр, засгийг зэвсгийн
хүчээр устгаж, хаант засаг байгуулах, шарын шашныг ман­дуу­лах, Монголыг ЗХУ-аас
хөндий­рүүлж, Хятад, Төвд, Япон улсын эрхшээлд оруулах зорилготой байсан ажиллагаа
нурсан. Ёнзон Хамба Ц.Лувсанхаймчиг нэгэн мэдүүлэгтээ “Ёнзон миний бие энд сууж
байхад Монголын дээд талын цорж, хамба нар болох ихсүүдээс ирж элдэв олон янзын
эсэргүү бүлгэм байгуулахыг хүссэнд би өөрийн дураар зөвшөөрөн удир­даж байсан…
бузар муухай ажлыг хийсэн тул гэмшивч барахгүй. Иймд миний бие нэгэн муу ажлыг хийсэн
тул ямар ч ял хүлээмой” гэсэн байдаг. Түүнийг 1990 оны найм­дугаар сард цагаатгасан.
Би хувь­даа цагаатгах ажлыг кампаничлан, буруу зөвийг нь зааглалгүй бөөн­дөж хийсний
улмаас Ц.Лувсан­хайм­чиг, Б.Содов нарыг ял завшуулсан гэж үздэг хүн. Түүхдээ ингэж
гоомой хандаж яав ч болохгүй. Энэ мэт хүмүүсийн гэмт үйлдлийн улмаас эсэргүү босло­гын
явцад хоёр талаас 6000 хүн амиа алдсан. Улс төрийн хэлмэг­дүүл­лийн дараа орох их
хохирол. Энэ чинь Халх голын дайнд амь үрэгдсэн монгол хүний тооноос 25 дахин, чөлөөлөх
дайныхаас 600 дахин их гэсэн үг. Бусдын түлхээ­сээр монголчууд биенээ устгасан эмгэнэлт
явдал. Ёнзонхамба дотоод яамныханд амь гуйж батал­гаа гаргасан өргөдөл хуучин бичгээр
өгснийг нь би олж үзсэн. Амийг минь өршөөвөл Монгол Улсын төлөө тагнуулын үүрэг
гүйцэт­гэнэ гэсэн агуулга ч тэр өргөдөлд байна лээ. Түүн дээр гарын үсгээ зурж,
хувийн тамгаа дарсан байсан.

-Та Улсын дээд шүүхэд Ёнзонхамба,  Б.Содов нарыг цагаатгасан шийдвэрийг цуц­луулах
гэж өргөдөл гаргасан гэсэн үү?

 -Өвгөн ах нь түүхийг гуйвуулах ёсгүй, үнэн мөнийг
нь хойч үедээ хэлж өгөх ёстой гэсэн бодолтой өдий хүрч яваа хүн. Тиймээс Ёнзонхамба
Ц.Лувсанхаймчиг, Б.Содов нарыг цагаатгасан шийд­вэрийг цуцлуулахаар Улсын дээд шүүхэд
хандсан. Хөдлөшгүй  баримт, ахмад хүмүүсийн
дурсамж яриа зэрэг үгүйсгэж боломгүй гэрчлэх материал байна. Байсаар байхад тэр
бүхнийг нухацтай судлалгүйгээр цагаатгасан нь уучилж болшгүй алдаа. Энэ алдааг залруулах
ёстой. Тэгэхгүй бол Монголын ард олныг төр, засгийнх нь эсрэг турхирсан бослого
хөдөлгөөн гараагүй, түүнийг удирддаг төв байгаагүй, үүнд гадаадын гар хөл оролцоогүй
гэж үзсэнтэй адил хэрэг болно. Цагаатгах ажлын нэр хүндэд ч муугаар нөлөөлнө гэж
үзэж  байна.

-Шамбалын дайн гэх шар цэрэгт албан
хүчээр элссэн хүмүүс бүгд хэлмэгдсэн. Тэдний талаар  яригдахгүй явсаар өдий хүрч байна?

-Тиймээ. Ардын армийнхан руу буу шагайхгүй
бол өөрсдийг нь буудчих гээд эргээд зугтаах гэхээр бослого зохион байгуулсан хүмүүс
буудаж хороох гээд хадны завсар хачуулагдсан халиуны зулзага шиг л байсан юм билээ.
Олон мянган хүнийг хэлмэгдүүлснийхээ төлөө Монгол Улсын төр засаг, эрх баригч байсан
МАХН / МАН/ ард түмнээсээ уучлалт гуйсан шиг гуйх хэрэгтэй гэж бодож байна даа.  Мөн залуу хойч үедээ түүхийн үнэн зөв ойлголт,
мэдлэг хүмүүжил олгох талаар шийдвэр гаргахыг 1932 онд амь нас, эрүүл мэнд, ахуй
амьдралаар хохирсон хүмүүсийн ар гэрийнхнийг төлөөлж хүсэн хүлээж байна.

 Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Алтны татварын хөнгөлөлт “Оюу толгой”-д хамаарахгүй

-АЛТНЫ ТАТВАРЫГ ХӨНГӨЛБӨЛ ДОЛЛАРЫН НӨӨЦ 2.1 ТЭРБУМААР НЭМЭГДЭНЭ-

Долларгүй яана аа, ханш нь ч өгсөөд
хэрэг алга аа гэж хүн бүр л бол­гоомжилж байна. Гурав­хан са­рын дотор төгрө­гийн
ханш нь хорин хувь уначихсан Монгол гэдэг улсад гадаадын хөрөнгө оруулалт гэж гавьтай
юм орж ирэхгүй байгаа.  Дээр нь “Чингэс” бондоос
бос­госон хэдэн доллараа зам энэ тэрд зарж үрээд эхэлчихсэн.  Тэгэхээр дол­­ларын нөөц багасах нь тодорхой.
Тэр хэрээр долларын ханш өсөх нь зах зээлийн хууль. Дол­ларын хомсдлоос гаргаж мэдэх
нэг хуулийн төсөл УИХ-д ороод ирчихсэн. Алтны худалдаанд ил тод байдлыг бий болгох
тухай хуулийн төслийг уг нь бол ийм тайл­бартай­гаар УИХ-д оруулж ирсэн юм. Хууль
тогтоогчид удах­гүй хэлэлцэх эсэхийг нь шийднэ. Улстөрчид сүү­лийн үед “Энэ хуулийг
Рио Тинтод зориулсан болохоор батлаад яах юм” гэх хардангуй үгийг давтамжтай унагах
бол­лоо. Сүүлд гэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Зас­гийн газар Оюу
толгойд татварын хөнгөлөлт эд­лүүлдэг учраас дахин татвар хөнгөлөлт эдлүү­лэх шаард­лагагүй
гэж МАН-ын бүлэг үзэж бай­на” гэж ирээд баахан юм ярив. Эрхэм гишүүн мэдэх­гүйдээ
ингэж яриад байна уу, эсвэл мэдсэн хэрнээ ултөржиж, албаар ийм юм асуудал сөхсөн
үү, мэдэхгүй. Ямартай ч эдийн засаг талаас нь яаж ч харсан хэтэр­хий гэнэн тайлбар.

Алтны худалдаанд ил тод байд­лыг бий
болгох хуулийн төсөлд татварын хөнгөлөлт эдлүүлнэ гээд тусгачихсан. Алтнаас авах
ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр өнөөдөр таван хувь бай­гаа. Төсөл батлагдвал
татварын энэ тоо 2,5 хувь болж буурна. Бас өсөн нэмэгдэх нөөцийн төл­бөрийг тэглэх
асуудал яригдаж буй. Гэхдээ энэ хөнгөлөлтийг алтаа Мон­голбанкинд тушаасан аж ахуйн
нэгж эдэлнэ. Нэг ёсондоо алтныхаа нөө­цийг нэмэгдүүлэх гэсэн бодлогын хүрээнд яриад
байгаа төсөл л дөө. Хэр­вээ алтны сал­барын­хныг одоо яриад байгаа шиг дэмжчихвэл
54.2 тэрбум тонн алт тушаана гэж алт олборлогчид ам­лаад бай­гаа.  Энэ хэрийн алтыг багаар бодоход л 2.1 тэрбум ам.дол­лар.
Алт бол доллар. Тэгэхээр эдийн засагт яалт ч үгүй  нөлөөлөхөөр бодлогын дэмжлэг хэлэлцүүлгийн өмнөх
шатандаа байна.

Одоо УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
Н.Энх­болдын үгэнд бяцхан тод­руулга хийе. Мань эр “Рио” энэ хөнгөлөлтөд хамрагдчихна
гэж хар­даад байгаа. Оюу толгойд зориул­сан хууль гэсэн мэссэжийг олон нийтэд өгөөд
буй. Өнөөдөр Оюу толгойн баяжуулах үйлд­вэрээс зэсийн баяжмал гарч байгаа. Зэсийн
баяж­малын хувьд  дотроо алт, мөнгөний тодорхой
хольц­той. Зэсийн баяж­мал гэж цул юман дотор алт, мөнгө гэсэн  элемент холилдоод байж байгаа гэсэн үг. Түүнээс
биш зэс нь тусдаа, алт нь бас тусдаа гараад ирэхгүй.

Оюутолгойн зэсийн баяжмалыг худалдаа­ла­хад
алт, мөнгөний орц ямар байгааг нь эхлээд тогтоодог. Алт, мөнгөнийх нь үнэлгээг ялгаж
тооцоод баяжмалынхаа үнэлгээн дээр нэмдэг юм. Ухаан­даа Оюу толгой баяж­малыг нь
авах гэж байгаа хүнд  “Танайд өгч байгаа манай
зэсийн баяжмал дотор төчнөөн тонн алт, мөнгө байна. Алт, мөнгө­ний одоо­гийн ханш
тэд байгаа. Бид энийгээ нэмээд  худалдана”
гээд үнээ тохир­дог. Дараа нь баяжмалаас цэвэр алт, мөнгө гаргаж авах хүртэл ямар
зардал гарахыг нь тооцож, тэр өртгийг нь хасч байж эцсийн үнээ гаргадаг. Зэсийн
баяж­малын худал­дааг энгий­нээр тайлбарлавал нэг иймэрхүү процесстой.

Зэсийн баяжмалаас  бусад эрдэс шиг  ашигт малтмалын нөөц ашиг­ласны төлбөр гэж таван
хувийн татвар авдаг. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд манайд ашигт малт­малын нөөц ашигласны
төлбөрийг баяж­малын борлуулсан үнээс авдаг. Баяжмалын үнэ дотроо алт, мөн­гөнийх
нь үнэл­гээг нэмээд оруул­чихаж байгаа болохоор “Рио” алт, мөнгөндөө таван хувийн
татвар төлж байна гэсэн үг. Тэгэхээр татва­рын 2,5 хувийн хөнгө­лөл­төд аль ч талаас
нь хар­сан хамраг­дахгүй. Ганц зэсийн баяжмал дээр ч биш цайр зэрэг бусад баяжмал
дээр ч хэрэгтэй элементийнх нь үнэлгээг нэмж тооцдог. Энэ бол дэлхийн худалдааны
жи­шиг.  “Рио” ч тэр жишгээр явж байгаа. 

Харин Оюу толгой дээр зэс хайлах үйлдвэр
барьж, алтыг нь ялгаад  Монгол банкинд тушаах
гэж байгаа бол одоогийн яригдаж буй алтны тат­варын хөнгөлөлт “Рио”-д хамаатай болоод
ирнэ. Тийм бол ингэж хардах бүрэн үндэстэй.

УИХ дээр одоо яриг­дах гэж байгаа
хуулийн төсөл  бол алтны шороон болон үндсэн
ордын цэ­вэр алт үйлдвэрлэгчдэд зориулсан бодлогын дэмж­лэг. Цагтаа 24 тонн алтыг
нэг жилд олборло­чихдог байсан Монгол Улс Гэнэтийн аш­гийн тат­ва­рын хууль гарснаас
хойш зургаан тонн алт олборлодог болж хувир­сан. Үнэн хэрэгтээ олбор­лосон алтны
ихэнхийг  хулгайгаар хил давуулсан байдаг.
Энэ алдааг засах зорилготой хуулийн төс­лийн хэлэлцэх эсэхийг УИХ ирэх долоо хоногт
шийднэ.  Хэрвээ энэ хууль батлагдвал ирэх
онд алтны нөөц ашигласны төлбөрт төсөвт орж ирэх байсан 155.7 сая ам дол­лар алтныханд
үлдэнэ. Үүний хариуд манай улс валютын нөөцөө 2.1 тэр­бум ам.доллараар нэм­нэ. Чингэс
бон­дын мөн­гийг бараг хоёр нуга­лахаар их мөнгө.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Агентлагийн даргатай харьцаж жижгэрснээс сайдтай нь хариуцлага яривал яасан юм, Ерөнхий сайд аа

Ерөнхий сайд Н.Алтан­хуяг сая Дорноговь
аймагт ажиллаад иржээ. Тэнд Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэ­лийн авто замын нээлтэд
оролцлоо. Тэр далимдаа Замын-Үүдэд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажил­тай танилцаж
байгаа нь зураг­таар гарав. Үүнийг нь харж байхад гол горойм нэг зүйл байлаа. Яасан
гэхээр тэнд өрнүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажил яагаа ч үгүй байна.
Өнгөрсөн хавар гуравдугаар сард байна уу даа, Ерөнхий сайд Замын-Үүдэд очсон юм.
Тэнд­хийн ажил байдлыг нүдээрээ харж, иргэдтэй нь уулзаж, ажиллаж амьдрахад ямар
хүндрэл бэрхшээл байгааг нь чихээрээ сонссон.

Энэ үеэр иргэд  олон зов­лон тоочиж байлаа. Замын-Үүдийн хилийн
цэсийг шинэч­лэн тогтоохгүй бол энэ давчуу жижиг суманд хүмүүс нь баг­тал­цахаа
байлаа. Гадна, дот­ноос нийлсэн 20 гаруй мянган хүн энэ суманд чихцэлдэн амьдарч
байна.  Дээрээс нь мал бэлчих газаргүй болчи­хоод
малчид үгээ хэлж байна. Хилээр ачаа зөөдөг том оврын автомашины жин нь тэд байх
ёстой, хэмжээ нь ийм байх хэрэгтэй гэсэн стандарт тогтоогоод өгчихсөн нь Замын-Үүдийнхэнд
дарамт болж байна. Энэ стандартад нь нийцүүлэхийн тулд хүмүүс амьдралаа залгуулдаг
маши­наа тайрах бил үү, яах билээ гээд тэвдэж байгаа тухай Ерөнхий сайдад дуулгаж
байсан юм. Хил гаалийн хяналт, шалгалтгүй нэвтэрч чаддаг “Гаальтай машин”-ы үйлчилгээ
хэрээс хэтэрсэн гэдэг хов ч Засгийн газрын тэргүүнд ирж байв. Хавар дөрөвдүгээр
сар гарахаар боомтын хилээр 8000 гаруй хүн, 1500 гаруй тээврийн хэрэгсэл дамжин
өнгөрдөг учраас хүмүүсийн ачаа тээш 20 хүртэл хоногоор саатах нь юу ч биш гэдгийг
Замын-Үүдийнхэн ярьж байлаа.

Энэ бүхнийг сонссон Ерөн­хий сайд
асуудал бүрээр газар дээр нь арга хэмжээ авсан. Хил гаалийн нэвтрүүлэх чадварыг
сайж­руу­лахын тулд тавьж байгаа шинэ терминалыг зурга­дугаар сарын 1-ний дотор
дуусгаж, хүлээлгэн өгье.  Замын-Үүд дээр оочер
дараа­лал үүсгэж,  олон хоно­гоор саатдаг
гол бараа болох  цементийн тээвэрлэлтэд зохицуулалт
хийе. Үүнээс гадна хил гаалийн үйл ажиллагааг шуурхай болгох үүднээс  Замын-Үүд боомтод олон улсын ложистикийн төв байгуулъя.  “Гаальтай машин” гэгддэг үйл ажиллагааг тас­лан
зогсоохын тулд хилийн шалган нэвтрүүлэхийн рент­ген хэсгийг бүрэн камержуул­на гэлээ.
“Замын-Үүдийг  жишиг сум болгох бүтээн байгуулалтыг  өрнүүлье. 
Дав­чуу сумыг тэлье. Зам харгуйг нь өргөтгөе. Улсын төсвөөс 15 тэрбум төгрөг
гаргая” хэмээн лүндэн буулгав. Энэ мөнгөөр сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт
цогцолбор барья. Замын-Үүд сумыг ногоон байгууламж болгоё. Орон нутгийн зам, эрчим
хүч, шугам сүлжээний дэд бүтцийг сайжруулъя, хил гаалийн үйлчилгээг чанаржуулъя
гэх мэтээр зарлигдаж, хариуцсан хүмүүст нь үүрэг өгөөд Улаан­баатар руу буцаж байлаа.

Тэгэхээр Ерөнхий сайд сая зөвхөн замын
нээлтэд оролцох гэсэн юм биш. Үндсэн­дээ хавар өгөөд явсан  үүрэг даалгаврыг нөхдүүд хэр биелүүлж байна,  ямар бүтээн байгуулалт бий болж вэ гэдгийг шалгахаар
очсон хэрэг. Харамсалтай нь туй­лын хангалтгүй үр дүн түүнийг угтсан нь даанч яав
даа гэмээр байлаа. Төрийн ажилд яасан их хүнд суртал гаргаж,  хүйтэн сэтгэлээр хандаа вэ гэж дуу алдмаар юм.  Н.Алтанхуяг сайдын хавар хөрөнгийг нь шийдээд,
захиж захиж  явсан Соёл, спорт хүний хөгжлийн
төвийн барилгын ажил  дөнгөж 40 хувьтай байна.  “Фронт гейт” гэдэг компани сайхан ордон босгоно
гэж амлаад төсвөөс 5.8 тэрбум төгрөгийг алгаа тосоод авсан. Гэтэл жилийн дараа ийм
царайтай сууж байна. Хэлж байгаа тайлбар нь “Хүйтний улирал эхэлсэн учраас  Замын-Үүдийн 
зуур­магийн узелийн ажил зогс­чихсон. Тэгээд бидний ажил баларчихлаа” гэдэг
үг байв. “Арвис интернэйшнл” гэдэг компани байна. Замын-Үүдэд  100 ортой эмнэлэг барьж байгаа аж.  Тэд “энэ эмнэлгээ ашиглалтад оруулъя гэж бодож
байгаа бол дахиад мөнгө өг” хэмээн Ерөнхий сайдын чихнээс хонх уяад зогсч байгаа
юм байх.  За ийм байдаг юм байж. Тэгвэл 960 хүүхдийн шинэ сургуу­лийн барилга
юу болж байна гэтэл  гүйцэтгэл нь яагаа ч
үгүй 50 хувьтай байна гэнэ. Эдгээр компаниуд улсаас мөнгө авчи­хаад өнгөрсөн зуны
гур­ван сар юу ч хийлгүй, дээшээ харж “хэвтэцгээсэн” нь эндээс тодорхой байна.

 Замын-Үүдийн боомтыг өргөтгөх хүрээнд тавьсан шинэ
зам,  барилгын ажил нь дууссан мөртөө ашиглалтад
ороогүй.  Том оврын автома­шиныг гаалиар шалган
нэвт­рүү­лэх тоног төхөөрөмжийг суурилуулсан хэрнээ нэг ч ашиглаагүй. Яасан гэсэн
чинь тухайн үед хилийн зурвас хоорондох хүнд даацын авто­машины замаа тавиагүй байсан.
Замаа тавьж дуус­гаад шалган нэвтрүүлэх тоног төхөөрөмжөө ажиллуулах гэтэл тохиргоо
нь алдагдчих­сан гэнэ. Хамгийн инээдтэй нь тоног төхөөрөмжөө суури­луу­лах газраа  тохижуулах гэтэл арван сая төгрөг дутчих­сан хэмээн
Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат санаа зовсон шинжгүй ярьжээ.   Үнэндээ ажил хийж сураагүй хүмүүс тайлбар л хийж
чад­даг.  Ажил хийх биш тайлбар тавих аргаа
тэд эрж хайдаг. Энэ зарчмаараа бодож бо­дож олсон тайлбар нь арван сая төгрөг дутсан
асуудал байлаа. Тэгвэл арван сая төгрөг захын гаалийн бай­цааг­чийн халааснаас гарах
мөнгө биз дээ. Үүгээрээ тэд­нийг авлига авдаг гэж байгаа юм биш. Хуримтлуулсан цалингаа
үзэхэд л нэг битгий хэл нэлээд хэдэн арван сая төгрөг гарч таараа. Байг гэхэд гаалиар
бараа оруулж ирэх­дээ төлсөн нэг иргэний татва­рыг улсад тушаалгүй  түр зээлээд тохижилтын ажлаа дуусгачихаж болно.
Болгоё гэвэл өдөр шөнөгүй мөнгө эргэлдэж байдаг гаалийн­ханд болохгүй юм байхгүй.
Харамсалтай нь тэдэнд төрд ажиллах өөриймсөг сэтгэл алга. Монгол Улсын хөгжлийг
ийм л шаар шавхруунууд, улс төрийн хүчнүүд 90 
жил хойш нь чангаалаа. Гэтэл загасчны тосгон гэгддэг байсан Син­гапур, ядуусын
орон байсан Солонгос улс биднээс түрүү­лээд яаж хөгжсөнийг харж байна уу. Ингээд
бодохоор гомдмоор санагдаж байна.

Гаалийн даргын дээрх дургүй хүргэм
тайлбарт Ерөн­хий сайд бухимдаж  “Та нар өнгөрсөн
хавар намайг ирэ­хэд ачааны автомашины ачиж яваа зүйлийг  нэвт хар­даг рентген аппарат суури­луул­на. Үүний
тулд автозам­тай болмоор байна. Тэгвэл  Замын-Үүд
дэх автомашины түгжрэл арилна” гэж хэлээд өчнөөн тэрбум төгрөг аваа биз дээ. Одоо
юу яриад байгаа юм” гээд загнаж байна лээ. Гэхдээ Ерөнхий сайд арай түргэдчихсэн.
Тэдэнтэй хариуцлага ярьж, нээрэвтээд яадаг юм. Зүгээр л Ч.Улаан сайдтай хариуцлага
тооц. Яагаад гэвэл наадуул чинь МАХН-ын Улааны торгон цэргүүд шүү дээ.  Ажлаа хийж чадахгүй байгаа гаалийн дар­гаа тэр
халах ёстой.  Түрүүнд миний нэрлэдэг Син­гапур,
Солонгост аз болоход Улаан сайд шиг хүмүүс бай­гаа­гүй учраас хөгжил нь хур­дан
байсан юм. Харин манайд коммунист ч юм шиг, үгүй ч юм шиг  юу нь ч 
мэдэг­дэхгүй МАН угшилтай МАХН гэдэг нам 90 жил төрийн толгойд зайдагнасан
учраас бид шавар шалбаагнаасаа гарч чадаагүй. 

Цаанаа нэг хөшүүн, ажил хийх авьяасгүй
гомдмоор сонин зан чанар энэ намын гишүүдээс харагддаг. Тэд чангалах гэсэн юм аа
“Хуу­лийн дагуу шийд” гээд л цо­хоод байдаг. Хуулиар яваад яагаад ч бүтэхгүйг нь
мэдсээр байж бүтээхгүй гэсэн зүйлээ “Хуулийн дагуу л” гэдэг.  Өөрт ашиггүй зүйлдээ, тус болох­гүй гэсэн хүндээ
тэд  ингэж л хэлдэг.  Энэ зарчмаараа улсын ажлыг явуулж байна.  Түүний тод жишээ нь гааль. Гаалиар ямар ч түгжрэлгүй
ачаа бараа орж ирэх нь Мон­гол Улсад ашигтай болохоос гаалийнханд ашиггүй. Хил дээр
ачаа аль болох саатаж, оочер дараалал үүсгэж л байвал гаалийн байцаагчдад хэрэгтэй.  Тийм ч учраас аваад өгсөн тоног төхөөрөмжийг ажиллуулах
сонирхолгүй гацаачихаад элдэв тайлбар хийж зогсоо  даргаа Ч.Улаан сайд хамгаалаад урдуур хойгуур
нь гүйгээд байна лээ. Бодвол Ерөнхий сайдад заг­нуул­сан гаалийн дарга нь эрхэм
сайдын  танил тал эсвэл хамаатан садан байл­гүй.
Үнэндээ Ч.Улаан сайдын цээжээрээ хамгаалдаг найз нар дарга хийхээрээ яадгийн жишээг
гаалийн Баатараар төсөөлөөд үз. Ч.Улаан сай­дын үй зайгүй найз тэрээр эцэстээ ард
түмний мөнгөөр гараа угааж, улсад гарз хохи­рол учрууллаа гээд  авлигын хэргээр  шоронд суусан. Гэвч  өдгөө гэм зэмгүй хүн гэртээ гарчихсан байна. Ийм
байд­лыг давтах гээгүй юм бол Засгийн газрын тэргүүн та эхлээд танхимын сайдтайгаа
хариуцлага ярь. Нэг агент­лагийн даргыг сайдын хэм­жээнд авчирч харьцаад асуу­дал
ярьж жижгэрэхийн оронд  Ч.Улаан сайдтай учраа
ол.  Ажлаа хийж чаддаггүй гаа­лийн даргаа
халах шийдвэр гаргатал нь түүнийг загна. 
Тэгэхгүй бол өнөөдөр арван саяын тайлбар тавиад  сууж байгаа нөхдүүд  хойтон таныг очиход 20 сая төгрөг нэхээд хийсэн
ажилгүй зогсч байна шүү.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ