Categories
редакцийн-нийтлэл

М.Зоригт: “Голомт” банкны дийлэнх хувьцаа одоо ч Бодь группийн мэдэлд байгаа

УИХ-ын гишүүн М.Зоригттой ярилц­лаа.

  -Та буруу рультэй автомашины импортыг зогсоох тухай хуулийн төсөл
санаачилсан. Яагаад энэ асуудлыг оролдож эхлэв?

-Яг өнөөдөр энэ санааг бодоод олчихсон юм биш. Гурван сарын өмнө
хэсэг нөхдийн хамт ярилцаж байгаад санааг дэвшүүлсэн. Ин­гээд асууд­лыг УИХ-д хууль
болгон өргөн ба­рихаасаа өмнө Засгийн газрын саналыг сонсо­хоор хүсэлтээ тавьсан
байгаа. Удахгүй Засгийн газар саналаа ирүүлэх байх.

-Хуулиараа зохи­цуу­лаагүй ч амьдрал дээр машинтай иргэдийн
70 орчим хувь нь буруу рультэй автомашин хүлэглэдэг. Энэ асууд­лыг тооцож үзэв үү?

-Нийт авто машины бараг 70 хувь нь буруу рультэй байна. Шууд хэл­бэл
Монгол Улс дээлээ эргүүлж, энгэрийг нь бу­руу харуулж өмсдөг хүү­хэд шиг л болчихож.
Үүнийг нэгэнт л олж хар­сан юм чинь зөв голдрилд нь оруулах ёстой гэж үзээд хуулийн
төслийг сэдсэн. Асуудал нэгэнт эрчээ авч олны анхаа­ралд орсон учраас хэлэл­цээд
зөв шийдлийг гаргах байх.

-Хууль батлагдаад хэрэгжлээ гэж үзье. Тэг­вэл зөв рультэй ав­томашиныг
хаанаас хэн оруулж ирэх юм?

-Нэг зүйлийг хэлэхэд
замын хөдөлгөөний дү­рэмд ямар нэгэн өөрч­лөлт орохгүй. Буруу тал­даа рультэй автомашин
замын хөдөлгөөнд оролц­­догоороо оролцо­но. Гамтай хэрэглэдэг нэг нь 10-20 жил ч
буруу рультэй автомашинаа унаж бол­но. Бас бизнес эрхлэгч­дэд нь боломж олгож
2015 оны нэгдүгээр са­рын 1 хүртэл хугацаа ол­гож байна.

Энэ хугацаанд биз­нес эрхлэгчид хуу­лийн дагуу нийлүү­лэгч­дэдээ
шаардлага тавих, худал­дан авагчаа хуульд ний­цүүлэн сонгох гэх мэт ажлыг хийх боломж
гарч байгаа юм. Нөгөө талдаа энэ асуудал нэгэнт л төрийн шийдвэр учраас Засгийн
газарт хугацаа олгож байгаа юм. Ав­то­машин импортлогчидтой уулзаж хэлэлцээр хийх
ёстой. 2015 он гэдгийг энэ төрлийн асуудалд хол­боотой хугацаа гэж ойл­гох ёстой.
Бүтэн жилийн хугацаанд тэр байтугай зохицуулалтыг хийж болно шүү дээ.

-Баруунаас машин импортолбол тээвэр­лэлтийн зардал нэмэг­дэхийн
зэрэгцээ нас­жилт нь ч харьцангуй их байдаг шүү дээ. Япон ч гэсэн зөв рультэй авто­машиныг
үйлдвэр­лэх­дээ захиалгаар хийдэг учир өртөг нь ч гэсэн нэмэгдэх байх?

-Зөв талдаа рультэй автомашин зөвхөн Евро­пын зах зээлээс нийлүү­лэгдэнэ
гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Японы үйлдвэрлэгчид Солон­госын зах зээлд зориулж
манайд орж ирж байгаа автомашинуудыг зөв талд нь рультэйгээр үйлд­вэрлэдэг. Солонгост
очоод үзэхэд манайд за­раг­даж байгаа буруу руль­тэй автомашин тэнд зөв талдаа рультэй
ижил­хэн үнэтэй байдаг. Биз­нес эрхлэгчид маань хял­бар дөт аргаар ажиллаад байгаагаас
биш зах зээл нь байж л байна.

-Солонгосын зах зээ­лээс гадна машин импортлох сувгийг хаа­нах
гэж тодорхойлж бай­гаа юм бэ?

-Би өөрөө судалсан зүйл алга. Бусад су­дал­гааны байгууллагуудаас
ирүүлж байгаа мэдээл­лээс үзэхэд ОХУ-ын за­рим боомтоор автома­шин оруулахад 40
хувь нь зөв талдаа рультэй байна. Хятадын Тяньжин боомт ч ялгаагүй.

-Тухайлбал таныг “Моннис”-той холбож ярьдаг. Бас Солон­го­сын
бизнесменүүд танд нөлөөлсөн юм биш биз. Тэгэхээр бусдын бизнесийн амыг хуу­лиар
нээж өгөхөд хэдэн төгрөгөөр үнэлдэг юм бол. Шууд хэлбэл та энэ хуулийг санаачилс­наараа
хамтрагчаасаа хэдэн төгрөг авч байгаа вэ?

-Энэ асуудлыг хөнд­сө­нөөр ямар эсэргүүцэл ирэхийг би мэдэрч бай­сан.
Гэхдээ яагаад өнөөд­рийг хүртэл Засгийн газар хийгээд улстөрчид нь энэ асуудлыг
хөнддөггүй юм гэж бодох болсон. Энэ бүхэн мэдээж нэр төртэй нь холбоотой учраас
тэд дуугүй байдаг. Тэр улс төр, нэр хүндийг бодоод байвал цаашид энэ асуу­дал үргэлжилсээр
ба­руун гарын дүрэмтэй ч 100 хувь буруу рультэй машин хэрэглэдэг болж ч мэднэ.
70 хувь гэдэг аюулын дохио асчихсан байна гэсэн үг. Тиймээс би зүгээр л зориг гарга­сан.
Зөвхөн энэ асууд­лаар 1000 гаруй мессеж, твиттер, фэйсбүүк хууд­саар ирсэн саналыг
эерэг, сөргөөр нь жагсааж үзлээ. Тэгэхэд иргэдийн санал 50:50 хувиар тэнцэж бай­на.
Нэгэнт ороод ирчих­сэн автомашин явдгаа­раа явна, гэхдээ энэ асууд­лыг цэгцлэх болсон
байна гэдэгтэй хүмүүс санал нэгдэж байна. Биз­несийн захиалга гэдгийг би үнэхээр
бодож бай­сан­гүй. Шууд хэлбэл тийм зүйл огт болоогүй. Зүгээр л цэгцэлье гэсэн са­нал­тай
байгаа юм. Миний санааг сайн тунгаавал хэн нэгнийг нь илүүд үзэж, хэн нэгнийг хавчин
гадуурхсан өнгө аяс байх­гүйг ойлгоно. Тэгээд ч бүгдэд нь ижил боломж, ижил нөхцөл
олгож бай­на. Намайг “Моннис”, Со­лонгосын машин үйлд­вэр­лэдэг бас нэг үйлд­вэртэй
холбож ярьдаг. Гэхдээ “Моннис” үнэтэй шинэ машин оруулж ирдэг юм билээ. Тэгэхээр
худалдан авах зах зээл, хэрэглэгчид нь өөр өөр байдаг. Төмрийн хаяг­дал­тай холбоотой
Г.Бат­хүү гишүүн хууль санаач­лахад, Э.Бат-Үүл дарга буруу рультэй авто­маши­ныг
хязгаарлах гэхэд иргэд оволзож байсан. Харин өнөөдөр тийм бай­дал ажиглагдахгүй
бай­гаа нь харин ч би асууд­лыг эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйгээр шийдэх гарц
олчихсон байж болох. Зөвхөн ийм гаргалгаагаар асуудал шийдэгдэх байсан ч юм билүү.

-Тантай холбоотой бас нэг асуудал байна. “Бодь” групп дээр ямар
асуудал үүсч, та нар хэрхэн шийдвэрлэв?

-Би бизнесээсээ хол­дож, хөндийрөөд олон жил болж байна.
2004-2008 онд УИХ-ын гишүүн байснаа түүнээс хойш аймагтаа амьдарч хөдөл­мөрлөж байгаад
сая да­хин гишүүн боллоо. Тийм учраас бизнесийн өдөр тутмын үйл ажиллагаанд төдийлөн
оролцдоггүй. Төлөөний хүнээрээ дам­жуулж мэдээллийг авдаг байсан. Яахав хувь ний­лүүлэгчдийн
хооронд бага зэрэг асуудал бай­сан юм шиг байна билээ. Гэхдээ өнөөдөр бүх зүйл шийдэгдсэн.
Ер нь Бодь группийн хувьд Монгол орон зах зээлд шилж­сэнээс хойш гарч ирсэн хувийн,
сайн группүүдийн нэг ш дээ. Олон мянган харилцагчтай, олон мян­ган ажилтны ар гэрийг
авч явдаг. Нийгмийн өмнө маш том хариуцлага хү­лээж, эдийн засагтаа дор­витой хувь
нэмэр оруулж буй чадварлаг хамт олон. Энэ хамт олон хамтдаа байна уу байна, ажлаа
хийж байна уу байна. Ийм л байна.

-Хувь эзэмшигчдийн хооронд ямар асуудал үүссэн гэж. Тэр асууд­лаа
“Бодь” групп, “Го­ломт” банкийг салгас­наар шийдсэн гэсэн үг үү. Д.Баягалан та хоёр
“Голомт” банкийг эзэм­шиж үлдсэн сурагтай?

-“Бодь” групп бол “Голомт” банкийг үүсгэн байгуулагч. “Голомт”
банк­­ны дийлэнх хувьцаа “Бодь” группт байдаг. Одоо ч хэвээрээ байгаа. Хувь нийлүүлэгчдийн
хоо­ронд шилжилт хөдөл­гөөн гарч байна уу, үгүй юу. Түүнээс үл хамаа­раад “Голомт”
банк энэ бүхнээс ангид явж байдаг. Бие даасан, нэр нөлөө бүхий, Монгол Улсын банк
санхүүгийн байдлыг тодорхойлогч болон хэвийн ажиллаж байна. Хувь нийлүүлэгчдийн
хоо­ронд яг юу болсныг нарийн мэдэхгүй байна. Саяхан би зурагтаар Из­раи­лийн Ерөнхий
сай­дын ярилцлагыг үзлээ. Сэтгүүлч түүнээс АНУ-ийн Обама та хоёрын харилцаа яаж
байна. Таны утсыг сүүлийн үед Обама авахгүй байна гэсэн гэж асуухад тэр хүн “АНУ,
Израиль хоёрын чин зорилго нэг. Нэг зо­рилготой, нэг ажил хийж байгаа хүмүүсийн
хоо­ронд гэр бүлийн хүмүүс шиг цай тойрсон маргаан байдаг.  Тийм л зүйл болж байгаа. Бид хоёр дуртай үедээ
утсаар ярьдаг” гэж хэлж байсан. Бодь груп­пийг үүсгэн байгуулж бай­хад бидний тавьж
байсан зорилт хэвээрээ байна уу, хэвээрээ л байна. Бид ядуу орны чинээлэг хү­мүүс
байхын төлөө яваа­гүй. Бид чинээлэг улсын дундаж иргэн байхыг хүс­дэг. Бодь группийн
эх­лүүлсэн олон ажил бусад бүх компаниудад соёл болж түгсэн. Ажил хийж байгаа хүмүүст
яриа хөөрөө үүсч л таарна. Огт ажил хийдэггүй хүнд ярих юм юу ч олдохгүй шүү дээ.

-“Голомт” банкны хувьд ямар нэгэн са­вал­гаа үүсэхгүй гэж бат­тай
хэлж чадах уу?

-Ямар ч банк байна, эзэд нь хэн байна үл ха­маа­раад банк санхүүгийн
байгууллага тогтвортой  байх хууль эрх зүйн
орчин нь тогтвортой болсон. Эрх зүй нь “Голомт” бан­кийг Л.Болд, М.Зоригт, Д.Баясгалан
нарынх биш харилцагчдынх болго­чих­сон. Гагц сайн муу менежментийн тухай асуу­дал
л яригдана. Гэх­дээ менежментийн баг нь хамгийн чадварлаг гэдгийг хэлмээр байна.

-Өмч хувааснаас хойш та бүхний харил­цаа ямар байна?

-Бид байдгаараа л байна. Чуулганы хурал­даа­ны үеэр Болд ах бид
нар байнга л харьцаж байна. Баясаа бид хоёр ч уулзаж л байгаа. Юу нь болохгүй гэж.

-Д.Баясгалан “Го­ломт” банкаар их хэм­жээний мөнгө угаадаг байсан.
Хууль бус олон үйлдлийг 1.2 сая ха­рил­цагчийнхаа итгэ­лийг эв­дэж хийсэн учраас
үүс­гэн байгуулагчдын дунд маргаан үүссэн гэх мэдээлэл байна. Үнэн үү?

-Монгол Улс хөгжлийг зорьж байвал банк, сан­хүүгийн байгууллага
тогт­вортой байх ёстой. Төр банк санхүүгийн байгуул­лагыг сайн дэмжихийн зэрэгцээ,
түүн шигээ тас­ралтгүй чанд хяналтыг хийж байх ёстой. Хянал­тын систем бүх зүйл
нь байгаа. Хянадаг хүмүү­сээс мөнгө угаасан гэдэг үг гараагүй тохиолдолд тийм зүйл
байхгүй л гэж ойлгох ёстой. 

-Мөнгө угаасан уч­раас олон улсын Ауди­тын шалгалт оруулсан юм
биш үү?

-Жил бүр л шалгалт хийлгэдэг. Хүсвэл дахиад шалгалт хийлгэсэн
ч бол­но. Болдог процесс болд­гоороо л болсон байсан.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Б.Мөнхдорж: Би хүүхдээр бизнес хиймээргүй байна

Төрийн шагналт, ардын жүжигчин, найруулагч Б.Мөнх­доржтой ярилцлаа.

  -Та “Хөх гацуурхан” теат­раа жилийн өмнө бай­гуулсан байх аа.
Уран бү­тээл нь овоо жигдэрч эхэлж байна уу?

-“Хөх гацуурхан” театр студи гэж нэрлэгдэх албан ёсны гэрчил­гээ
авсан өдөр маань 2012 оны наймдугаар сарын 24-ний өдөр. Театрын­хаа нээлтийг зохиолч
Ц.Тү­мэн­баярын “Мөрөөдлийн үзэг” гэдэг жүжгээр өнгөрсөн жил хийсэн юм. Үүнээс хойш
нэг жил өнгөрлөө. Энэ хуга­цаанд бид дахиад юу хийхэв гэдэг асуудал гарч ирсэн.  Бэрхшээлтэй талууд бий л дээ. Байр байдаггүй.
Тамга тэмдэг нь гар цүнхэнд явж байдаг. Байгаа газ­рынхаа коридорт ажлаа явуулдаг.
Өөрийн гэсэн тайз байхгүй учраас Хүүхдийн ордон, Улаан­баатар чуулга гэсэн газруудаар
тоглолт хийдэг. Энэ газрууд бидэнд сайхан хандаж дэмжиж, бидний үйл ажилд тусалж
байдагт талар­хаж явдаг. Энэ жил хүүх­дүүдийн сайн мэдэх “Чоно ба долоон ишиг” үлгэрээр
Мэнд­сайхан гэдэг жүжгийн зо­хиолчоор жүжиг бичүүлж хүүх­дийн жүжиг тавилаа. Өн­гөрсөн
ням гаригт анхныхаа тоглолтыг хийлээ. Байр сав­гүй учраас цугларсан газар­таа суургуулилтаа
хийж энэ жүжгээ гаргалаа. Жүжгээ Хүүх­дийн ордонд нээсэн. Хүүхдийн ордны Нямсүрэн
багштай драмын дугуй­лан­гийн хүүхдүүд энэ жүжгийн ишигнүүдэд тоглож байгаа. Хүүх­дүүд
их амжилттай оролц­сонд бас талар­хаж байна. Ордны захиргаа бо­лон багш нарт мөн
талархаж байна.

Одоо бид хоёр дахь жүж­гээ энэ сарын 30-нд Хүүхдийн ордонд нээх
гэж байна. Хүүх­дийн нэрт зохиолч С.Михал­ковын “Бардам туулай” гэдэг жүжиг. Үүнийг
бид их өвөрмөц хэлбэрээр хийлээ.

-Хүүхдийн ордны тайз, үзвэ­рийн танхим нь драм, дуулалт аль ч
төрлийн жү­жиг тоглоход бололцоотой юм уу?

-Ер нь боломжийн. Гайгүй шүү.

-“Хөх гацуурхан” теат­раа байгуулахдаа та гар­цаагүй нийг­мийн
шаард­лагыг олж харсан байх. Хэдийгээр шаардлага хэ­рэгцээ их байгаа ч болол­цоогоо
та бодож үзсэн биз дээ?

-Энэ бол ерөөсөө л нийг­мийн хэрэгцээ шаардлага. Хүүхдэд зо­риулсан
уран бү­тээлийн хэрэгцээ, бүр анхаа­рал хандуулахаас арга­гүй онцгой нөхцөл үүсчихээд
бай­гаа юм. Нэгэнт зорьсон учраас ирээ­дүй гарцаагүй сайхнаар босох ёстой.

-Урын сангийн бодлого  ямархуу
чигтэй байгаа вэ?

-Бид драмын жүжгээс гадна хүүхдийн цуврал теле жүжгийн төрөлд
хандаж бай­на. Оросын хүүхдийн зохиолч Носовын “Үл мэдэх ба түүний нөхөд” романаар
телевизийн цуврал жүжиг хийхээр бэлтгэл ажилдаа орчихоод байна. Энэ сарын 30-ны
өдөр болон арванхоёрдугаар сарын 1-нд “Бар­дам туулай”, “Чоно ба долоон ишиг” жүжгээ
тоглоно. Энэ хоорон­доо бид теле жүж­гийн бэлтгэлдээ ороод явж байна. Цааш нь бид
тав зур­га­дугаар сард “Улаан мал­гайт” гэдэг хүүхдийн алдартай зохио­лоор жүжиг
тавихаар бас бэлгэлээ хангаад явж байна. Төлөвлөж байгаа жүж­гүүд нэлээн байна.
Дунд ан­гийнханд зориулаад “Төмөр ба түүний нөхөд” зохиолоор бас жүжиг тавихаар
зохиолыг нь гаргах талаар эхний ярилц­лагаа хийлээ.

-Сонгодог юм уу үндэс­ний уламжлалт төрөл хэл­бэрийнхээ хажуугаар
орчин үе рүү хандах хандлага нь ямар байх бол?

-Орчин үе рүү хандах ханд­лага бидэнд бий. Шинээр төрж байгаа
жүжгийн зохиолчидтой ажилла­хаар ярьж байгаа юм бий. Зохио­лын сонголт дээр бид
янз бүрийн зохиол гаргаж ирж байна. Жишээ нь, сонгодгууд руугаа нэлээн түл­хүү ханд­сан.
Митерлингийн “Хөх шу­­вуу” гэдэг алдартай зохиолыг жүжгийн зохиолын хэлбэрт оруу­лаад
мөн л бэлтгэлээ хийж байна. Үлгэрийн хаан гэж ярьдаг Евгений Шварцын “Цасан хатан”
гэсэн гайхал­тай жүжгийн сонгодог зо­хиолын орчуулгыг нь хүлээж аваад байна. Андерсений
дараахь хүн шүү дээ. Эрдэнэ­билэг гэдэг хүн орчуулсан.

-Хуучны Хүүхэд залуу­чуу­дын театрын жүжгүү­дээс эргүүлж сэргээх
үү?

-Хуучны жүжгүүдийн ма­те­риа­лууд нь одоо байхгүй. Бид өөрс­дийн
гэсэн юмаа хийнэ. Өөрийн гэсэн зорилго статустай учраас. Ирээдүйн үзэгчдийг бэлдэнэ
гэдэг их том зорилго бидний өмнө байгаа юм.

-Нийгэмд амьдрах соёл, оюу­ны боловсрол гэж хүн бүр эзэмш­вэл
зохих үнэт зүйл байна. Энэ бүхнийг хүүхдийн театраас эхэл­нэ гэж үзээд байгаа юм
л даа?

-Ер нь улс орон бол эхлээд хүнээ бэлдэх ёстой юм. Хүнээ төлөвшүүлж,
ний­гэмд амьдрах зүг чиг ханд­лагыг тогтоохын тулд урла­­гаар дамжуулж тогтоож төлөв­шүүлдэг
юм. Үүнд хүүхдийн теат­рын нөлөө их. Хамгийн том суурь нь. Ингэж XXI зуу­ныхаа үзэгчдийг
бэлтгэх, тэр ертөнц рүү оруулах бэлтгэл нь хүүхдийн театраас эхлэх ёстой юм.   

-Танд одоо ямар най­руу­лаг­чид байна?

-Хэд хэдэн залуучууд бай­на. Дараагийн жүжигтээ ажил­луула­хаар
бэлтгэж бай­гаа найруулагч бол Амар гэж залуу байна. Өнгөр­сөн жил “Ричард ван”
жүжгээр диплом хамгаалсан. Маш сайн, со­нир­холтой уран бүтээлч. Ма­най жүжгүүдийн
орчуулга хийж байгаа Эрдэнэбилэг ч оюуны өндөр боловс­ролтой хүн.

-Хүүхэд, залуучуудын театр үзэгчдэдээ сонгод­гоор суурийг нь тавьж
дараа нь орчин үеийн төрөл хэл­бэр рүүгээ орох нь хэр зөв бэ?

-Сонгодгоор сууриа тавих нь хамгийн зөв. Сонгодог дотроо бүр үндэсний
сонго­дог дээр, үндэсний үлгэр домгууд дээр суурилах юм бол нэгдүгээрт, хүүхдэд
үн­дэс­ний үзлийг төлөвшүүлэх, үндсээ мэдэх, эх хэлээ таних бололцоог нээж өгч байгаа
юм. Ер нь театрын нэг зорил­го нь энэ. Аль ч улс оронд эх хэлээ театраас сонсч байдаг.
Үндэсний хэлийг үндэсний жүжгийн зохиолуудаар хүүх­дүү­дэд хүргэж байж эх хэлээ
таньж мэдэж, авч үлдэх гол хэрэгсэл болж байгаа юм. Тийм учраас жүжгийн зохио­лын
сонголт бас нарийн төвөг­тэй. Бид нар сонгодог болон үндэсний жүжгүүд, үндэсний
бусад бүтээ­лүү­дийг түлхүү хийх бодолтой байна.

-Үндэсний сонгодог бүтээлд түлхүү хандана гэж та түрүүн хэллээ.
Үлгэр домгийн сан мэдээж бараг­дашгүй их. Харин манай орчин үеийн утга зохиолд хүүхдийн
бүтээл ховор байх аа. Энэ нөхцөлд та зорилгоо яаж хэрэгжүүлэх бол?

-Ховор ч гэсэн байгаа юм. Гагцхүү тэднийгээ авч хэрэг­жүүлсэн
юм бараг алга. Утга зохиолд хүүх­дийн зохиолын хувь нь бага байгаа юм. Манай хууччуулын
бичсэн хүүхдийн сайхан жүжгүүд цөөхөн ч гэсэн одоо ч эргээд харахад маш хэрэгтэй
юм­нууд байна. Жишээ нь, Д.Нам­даг гуайн “Нэг ангийнхан”, Л.Ванган гуайн “Ач хүүгийн
зүүд” гээд байж байна. Эд нарыг өнгөр­сөн жил төгссөн манай ангийнхан “Оюутан” театртаа
тавьсан юм. Тэгэхэд тэр жүжгүүдийг өнөөгийн хүүх­дүүдийн хэрэгцээг хан­гахаар хийж
болох юм байна гэж би харж байсан. Энэ мэтийн жүжгүүд гарч ирэх л юм билээ. Дээрээс
нь бид залуучуудаар бичүүлнэ. За­луу­чууд нь хэлний их соёлын суурьтай байх хэрэгтэй.
Мон­голын үндэсний утга зохио­лын өргөн мэдлэгтэй бай­маар байгаа юм. Тэгж байж
хэлний сангаас шүүрдэхэд хэрэгтэй. Тууль­сын жүжиг хүүхдийн театрын жүжигчдэд маш
их нэмэр болно гэж би бодож байгаа юм. Ийм хэлбэрээр бас ажиллана.

-Зөвхөн жүжгийн зохиол гэлт­гүй, ямар ч хэлбэрийн зохиолыг тайзных
болгох, бүжиг, хөгжим болон бусад урлагтай синтез, модерни­заци хийх зэрэг боломж
ялангуяа хүүхдийн театрт илүү тохиромжтой биз дээ?

-Жүжигт модернизаци хийж болно. Бүжгэн жүжгийн хэлбэрт орохгүйгээр
хөдөл­гөөний хэлбэр дээр модер­низаци хийх, пластик хэлбэ­рээр яруу найргийг тавьж
болно. Бид нар том зохиолч­дын яруу найргаар ийм бү­тээл хий бодол байна. Омар Хайяамын
шүлгүүдээр бүтээл тавих бодол төрөөд явж л байна. Яруу найраг өөрөө хөгжим. Тавилттай
уншла­гын театр гэдэг чинь сонсгох л зориулалттай байдаг. Үгийг нь сонсоод л хүн
таашаал авч байдаг. Сонсголонтой байх, тэгээд их оюунлаг байх энэ тал руу бид бас
туршина. Хүүхдүүдэд яруу найргийг сонсгох, яруу найргийн ид шидийг яаж театрын орон
зайн хэлбэрт оруулж гаргаж тавих вэ гэхчилэн уран бүтээ­лийн эрэл хайгуул янз бүрийн
хэлбэрээр “Хөх гацуурхан” театрт хийгдэнэ.

-Том найруулагч хүүх­дийн театрыг босгох гэж байгаа нь үнэхээр
баярла­маар. Ямар л бол ямар хэл­бэр төрлөөр ажиллах бо­лол­цоо танд шинээр гарч
ирж байх шиг байна, тийм ээ?

-Өргөн боломж олгож бай­на. Хүүхэд өөрөө их фантас­тик ертөнц
шүү дээ. Дандаа уран сэтгэмж явж байдаг. Хүүхдийн ертөнцийн тэр сэт­гэлзүйн, гоо
сайхны таашаа­лыг бүрдүүлэхэд бидний сэт­гэл зүй бас түүнд нь ойрхон байх ёстой
юм. Тэр фантастик ертөнцийг бий болгох, хүүх­дэд өөдрөг үзэл санааг суул­гаж өгөх,
гэгээн бодол санаа­тай байхад нь хүүхдийн театр том суурь нь болж байдаг. Энэ үүднээсээ
хүүхдийн теат­рын урын сангийн бодлого ч их том байх учиртай.

-Сүүлийн жилүүдэд хүүх­дэд зориулсан бүтээл гарч байгаа ч ихэнхдээ
шаард­лага хангахгүй бү­тээ­лүүд гарч байна. Хүүх­дүүд сурах бичгээсээ эх­лээд урлаг
хүртэл маш доогуур түвшний бүтээгдэ­хүүн хэрэглэж байна. Та энэ тал дээр яаж анхаарах
вэ. Муу зохиолоос татгалзана биз дээ?

-Заримаас нь татгалзана. Зари­мыг нь шинэчилнэ. Театрт уламж­лалаа
шүтэх гэж нэг том юм бий. Уламжлалыг олж харсан нөхцөлд тэнд заавал шинэ юмны санаа
төрж байдаг юм. Тиймээс театрын уламжлалд шинээр хийх зүйл зөндөө байдаг. Харин
муу зохиол бол өөр асуудал. Уран сайхны, гоо зүйн, эх хэлний доогуур түв­шинд хийж
байгаа бол аян­даа мөхнө. Ер нь бодлого барина гэдэг бол тэр театрын жүжигчдийг
өсгөхийн ха­жуу­­гаар үзэгчдийн оюуны чад­варыг нэмэгдүүлэх, ялангуяа бага насны
хүүхдүүдийн өөдрөг гэгээн сэтгэл санааг тэр хэвээр нь хадга­лахын тулд ямар бүтээл
хийх юм гэдгээ олж товлох асуудал юм. Түүнээс биш “хүүхдийн” гэсэн юм бүхнийг барьж
авахдаа биш. Мон­голын­хоо зохиолч­доос үүнийг олж харах, үлгэр туульсаас ч үүнийг
олж харж товлох нь чухал. Энэ бол юуны эрлийн сав. Энэ сангаас шүүрдэхийн тулд бид
өөрсдөө сэтгэлгээний асар өргөн цар хүрээ­тэй, маш тансаг сэтгэлгээгээр хан­дах
шаардлагатай болж байна. Уран сайхны ертөнц гэдэг бол шал өөр ертөнц учраас.

-Анхны тоглолтоо хийж байгаа шинэ жүжгүүдийн­хээ тайз, хувцас
зэргийг яаж хийв? 
 

-Ёстой л дипломын жүжиг хий­дэг шиг хэмжээний юмаар хийлээ. Манай
жүжигчин хүүх­дүүдийн ар гэрийнхэн, зарим хүүхдийн аав таван зуун мянган төгрөг
өгч байх жишээтэй. Манай ойр төр­лийн нэг хүн бас нэг сая төгрөг өгч байх жишээтэй.
Ийм замаар л тайз, хөгжим, хувцас хэрэглэл гээд бүх юмаа хий­сэн. Санхүүжилт олох
өөр нэг арга нь төсөл бичиж яам там­гын газруудад орох. Гэлээ гээд тэр төсөл нь
хэзээ шал­гараа билээ, мөнгө нь хэзээ ороо билээ. Хугацаа их алд­даг учраас бид
өөрсдийнхөө дотоод нөөц бололцоог шав­хаж, жүжиг тавиад гаргаж байхдаа да­раа­гийнхаа
жүж­гийг бэлдэх мая­гаар явж бай­на. Энэ хүүхдүүд ца­лин мөн­гөгүй л ажиллаж байгаа
шүү дээ. Дараа нь тоглолтынхоо ор­ло­гоор шагнал урамшуу­лал өгдөг.

-Хүүхдийн гэсэн тодот­гол­той жүжиг, бусад тог­лолт хийхдээ сургуу­лиу­даар
дамжуулаад тасал­бараа “шахдаг” байдал их түгээмэл. Очоод үзэхээр их муу жүжиг байж
байдаг. Танайх үүн дээр ямар байр суурьтай байна?

-Бид ийм арга хэрэглэ­мээр­гүй байгаа юм. Хүүхдээр бизнес хий­мээргүй
байна. Хүүхдийг өөрсдийг нь төлөв­шүүлэх, өөрсдийг нь хүн бол­гох гэж байж тэд нарт
зо­риулсан жонхуу зуураад явж байна гэдэг байж боломгүй. Би тийм бодлого баримаар­гүйгээр
барахгүй, сургуу­лиуд ирж тоглооч гэж хүссэн нөх­цөлд очиж тоглоно уу гэхээс очоод
танайд тоглоно, тэдэн хүүхэд цуг­луул гэх мэтийн яриаг би зөвшөөр­дөггүй. Сур­гуулиудтай
их зөв ойл­голцох ёстой. Бидний менежмент өөрөөр явж байна. Одоогоор бид алдагдалтай
явж байна. Хүмүүс намайг жаахан тэнэг гэдэг юм шиг байна лээ. Зах зээл гэдэг зах
зээл. Гэхдээ зах зээлийг дагаж зохисгүй арга хэрэглэх нь онцгүй. Өчигдөр бид жүжгийнхээ
нээлтийн үеэр үзэгч хүүхдүүдээс хэд хэдэн ярилцлага авсан. Хүүх­дүүд их сэтгэл хангалуун
байна лээ. Ийм юм үзэж баймаар байна гэсэн сэтгэл­тэй л гарч байна лээ.

-Театр урлаг угаасаа хүмүүн­лэгийн ухаан. Гэтэл театраас үндсэндээ
тө­сөөр­чихсөн бүхэл нэг үе нийгэмд насанд хүрэгч­дийн эгнээнд шилжээд араас нь
дахиад нэг үе өсч өндийж байна. Тэгэхээр танай театрт маш хурд­тай ажил­лах шаардлага
тулгарч байна уу?

-Төсөөрчихсөн байсан учраас өчигдөр хүүхдүүдэд их таашаалтай байлаа
л даа. Тэгээд бодохоор бидний ха­риуц­лага их нарийн, айхтар юм байна.

Монгол телевизийн “Ан­гийн драм” гээд нэвтрүүлгийг би шүүж үзлээ.
Ноднин. Шүүг­чээр сууж байхдаа энэ театр гарцаагүй хэрэг­тэй болжээ гэж мэдэрсэн.
Тэр хүүхдүүд өөрсдийнхөө санаачил­гаар бага боловч юм хийж байна л даа. Гэтэл дандаа
амьдралын хар барааныг харуулж бай­сан. Нэг бол хөгжлийн бэрх­шээлтэй, нэг бол нэн
ядуу айлын зовлон, нэг бол эцэг нь архичин хүүхдийн зовлон, хагас өнчин хүүхдийн
хувь заяа, нэг бол хужаа орж ирсэн иймэрхүү л юм орж ирж байгаа юм. Гэгээлэг юм
тэр хүүхдүүдэд алга. Арван жилийн хүүхдүүд шүү дээ тэд. Нийгэм асар том дарамтад
орчихсон байна. Сэтгэлгээг нь хүртэл хоногийн хоолноос өөр юмгүй болгочихсон бай­на
шүү дээ. Тиймээс барьж авч байгаа сэдвүүд нь дандаа эмзэг­лэсэн юмаа барьж авсан
байна. Энэ хүүхдүүдийг юу ийм гутранги болгочихов. Эд нарыг чинь уриа­лан дуудаж,
хөглөж хөгжөөж байх театр байхгүй учраас тэр шүү дээ. Гарцаагүй хүүхдийн юм бүх­нийг
байлгаж байж бид ирээ­дүйн иргэ­дээ төлөвшүүлж чадна.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

Орос, Хятадыг холбох таван шугамыг Монголоор дамжуулах боломжтой

-МОНГОЛ-ОРОСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН КОМИССЫН ХУРАЛДААНААР ЮУ ЯРИВ-

Монгол-Оросын Зас­гийн газар хоорондын комиссын хуралдаан жил
бүр болдог уламжлалтай. Энэ хуралдаанаар хоёр орны хамтын ажилла­гаа­ны хүрээнд
олон чухал асуудлыг шийдвэрлэж тохиролцдог. Энэ яриа хэлэлцээрүүдийг хоёр улсын
Засгийн газар ажил хэрэг болгодог уч­раас ихээхэн ач холбог­долтой байдаг. Тэгвэл
энэ удаа 17 дугаар хурал­даан ОХУ-ын нийслэл Москва хотод болсон юм.

Монгол талын комис­сыг
Шадар сайд Д.Тэр­бишдагва ахалж явсан бол багт нь Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв,
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Эдийн
засгийн хөгжлийн яам болон Зам тээврийн яам гээд манай гол яамны нөхдүүд багт­сан
байлаа. Тэд Москвад очсон даруйдаа тус тусын ажлын хэсгийнхээ шуга­маар хэлэлцээрүүдээ
хий­сэн юм. Нээлттэй бус энэхүү хэлэлцээрүүд ам­жилттай болж, олон жи­лийн турш
хуримтлагдаж, гацаж ирсэн асуудлуудыг шийдэж чадсан гэдэг су­раг сонсогдохоос цааш­гүй
байлаа.

Тиймээс ч энэ хооронд  хүмүү­сийн
дунд амнаас ам дамжсан дам ярианууд хөвөрсөөр байсан билээ. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхийлөгч
В.Путины Монголд хандах ханд­лага таагүй болчихсон. Монголоос ирсэн хэнийг ч хүлээн
авахыг хүсдэггүй. Ийм байдалд хүргэсэн хүн нь Ерөнхий сайд асан С.Баяр юм гэнэ лээ.
Тэр ОХУ-д Монгол Улсыг төлөөлж Элчин сайдаар суух хугацаандаа их өрийн асуу­дал
дээр Ерөнхий сайд байсан М.Касяновтой хуйвалдсан учраас В.Путин дургүй болсон. Влади­востокт
болсон нэгэн хурал дээр Оросын төрийн тэргүүн “Монголын нөгөө юүлэгч нөхөр чинь
хэн билээ” гэж хэлж ч байсан удаатай. Тэр нь С.Баяр гэх мэтийн явган яриа тэнд байна.
Монголын талаар таагүй сэтгэгдэл төрүүлдэг 
дараагийн нэг асуудал нь УБТЗ. Энэ хамтарсан компанийн Монголын эзэмшлийн
хувь хэмжээг нэмэгдүүлэх манайх­ны хүсэлтийг оросууд хүлээж ав­даг­гүй. Дээрээс
нь энэхүү ком­панийг шинэчилье, зөрлөг замтай болгоё, дохиололжуулъя гэх мэт­чилэнгийн
асуудлууд дээр өнөөд­рийг хүртэл хоёр улс тохиролцож чадаагүй.  Гацаа үүсгэж байгаа тал нь Монгол гэж оросууд
хардаг учраас таагүй хандлагатай болсон ч гэх.

Өөр нэг зүйл нь мэдээж Асгатын мөнгөний орд. Монгол Улсын стратегийн
гэх тодотголтой 15-ын нэгд тооцогддог энэхүү орд нь  Монголын баруун-хойд хэсэгт ОХУ-ын Горный-Алтай
муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт оршдог
гэж байгаа. Ордыг 1970-аад онд нээснээс хойш өнөөг хүртэл ашиглаагүй байгаа юм.
10 мянга орчим тонн хүдэр, 3400 орчим тонн мөнгөний нөөцтэй гэдгийг нь геоло­гичид
тогтоосон байдаг юм билээ. 

Мөнгөнөөс гадна олон төрлийн ашигт малтмалын тодорхой нөөц­тэй
энэ ордыг Монгол Улс дангаа­раа эдийн засгийн эргэлтэд оруу­лах эрхгүй гэж оросууд
үздэг. Учир нь ордын тусгай зөвшөөрөл Мон­гол, Оросын хамтарсан  компани болох
“Монголросцветмет” нэгд­лийн мэдэлд байдаг. 
Гэвч энэхүү тусгай зөвшөөрлийг Монгол төр мэдэлдээ авах саналыг оросуудад
тавьдаг ч бүтдэггүй. Ийм л шалт­гаанаар Асгатын мөнгөний орд тойрсон үл ойлголцол
хоёр орны харилцааг тиймхэн болгоход нөлөөлсөн ч гэх.

Ямартай ч хоёр улсын Засгийн газар хоорондын комисс жил бол­гон
энэ л улиг болсон асуудлуудыг хэлэлцээд байгаа учраас  эдгээр зүйлүүд дээр тохиролцож чад­даггүй гэдгийнх
нь баталгаа болох биз. Харин өнгөрсөн сарын 27-нд болсон Засгийн газар хоорондын
комиссын нэгдсэн хуралдаанаар олон жилийн турш шийдэгдэлгүй хуримтлагдсан асуудлуудад
ахиц гаргаж, зөвшилцөж чадлаа гэдгийг манайхан онцолж байсан юм. Мэдээж энэхүү хурал
дээр оросууд “Та нар ингээд жил болгон уул­захдаа өчнөөн зүйлүүд дээр тохироо хийгээд
явдаг мөртлөө ярьсан хэлснээсээ ерөөсөө ажил хэрэг болгодоггүй шүү. Манай улс руу
мах гаргана  гэж гэрээ хийчи­хээд махаа дутуу
нийлүүлсэн шүү” гэх мэтийн гомдлоо тавьж байлаа. Үнэхээр ч өнгөрсөн жил хийсэн хуралдаанаар
хоёр тал нийт 52 асуудал дээр тохиролцоод гарын үсэг зурсан юм байна. Гэтэл жилийн
дараа эргээд уулзтал ердөө 16-г нь манайхан ажил болгосон. Үлдсэн зүйлүүд нь хэрэг­жих
шатандаа яваа нь оросуудыг гонсойлгож, ийм гомдол хэлэхэд хүргэсэн бололтой. Хэдий
ийм ч сая болсон хуралдаанаар хоёр тал Асгатын мөнгөний орд дээр хам­тарсан үйлдвэр
байгуулахаар тохиролцлоо.  Энэ үйлдвэрээ биз­не­сийнх
нь зарчмаар ажиллуулъя, манай Төрийн өмчийн хорооны оролцоог хязгаарлаж, аль аль
талаасаа төрийн өмчит компани байгуулан ажиллахаар болсон байна.  Хэн хэнийхээ эзэмших хувь хэмжээ, хөрөнгө оруулалтын
талаар компаниудаа байгуулсан үедээ ярьж хэлэлцэхээр болжээ.

Дараагийн нэг шийдсэн асуу­дал нь ОХУ, БНХАУ-ыг холбох  төмөр зам, авто зам, нефтийн болон газын хоолой,
эрчим хүчний шугамыг Монголын нутгаар тавьж өгөөч гэдэг манай саналыг оросууд нааштай
хүлээж авсан явдал бай­лаа. Өмнө нь Хятадад болсон Засгийн газар хоорондын хурал­даанаар
ч манай улс энэ саналыг тавьж зарчмын хувьд дэмжүүлсэн. Энэ удаад Оросын талаас
ийнхүү дэмжлэг авсан нь томоохон дэв­шил гэдгийг Шадар сайд онцолж байсан юм.

Газрын тосны салбарт ч саяын хуралдаанаар дэвшил гарсан. Тухайлбал,
ОХУ-аас нэг сая  тонн хүртэлх газрын тос худалдан
авах, мөн түүхий газрын тосны худалдаа хийх саналыг манай талаас тавь­сан. Түүнийг
нь оросууд боломжтой гэж үзсэн. Ингэхдээ манайд газрын тос нийлүүлэгч Роснефтийн
хувьд дэлхийн зах зээлд мөрдөгдөж байгаа суурь үнээр наймаа хийнэ гэдгээ амласан
байна. Тэгэхээр өнөөдөр манайд тогтвортой байгаа газрын тосны үнэ цаашид ч хэлбэлзэхгүй
байх боломжтой гэсэн үг. 

Харин уул уурхай геологийн салбарт хоёр улс харилцан мэдээлэл
солилцохоор тохирсон юм. Учир юу гэвэл хуучин ЗХУ, БНМАУ-ын үед хийгдэж байсан геологи
хайгуул, судалгааны мате­риалууд өнөөдөр ОХУ-д хадгалаг­даж байдаг юм байна. Үүнд
Мон­голын талын хөрөнгөөр хийгдсэн ажлууд ч бий. Гэвч энэ материа­луудыг манай улс
өөрөө авч ашиг­лах боломжгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Сая болсон хуралдаанаар эдгээр
материалуудыг хоёр улсын дундын өмч байлгах, манайх хүссэн үедээ авч ашиглах тал
дээр тохиролцсон байна. Дээрээс нь олон жил дуншсан Асгатын мөн­гөний орд дээр зөвшилцсөнийг
дээр дурдсан.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын шийдсэн өөр нэг асуудал
УБТЗ.  Энэхүү хамтар­сан үйлдвэрийн дүрмийн
санг 250 сая ам.доллараар нэмэгдүүлье.  Энэ
мөнгөөр Улаанбаатар төмөр замыг шинэчилж, дохиолол хол­боог сайжруулж, төмөр замын
өртөөнүүдий өргөжүүлэх юм бай­на. Мөн стратегийн хоёр замтай болгох төлөвлөгөөг
гаргаж,  ТЭЗҮ-г нь  2014 оны эхний хагаст багтаан боловсруулахаар
тохиролцлоо. 

ОХУ, БНАХАУ-ын тээврийн сайд нартай энэ сарын 18-нд Улаанбаатар
хотод уулзаж, БНХАУ-аас Монголоор дамжин Орос руу явах, тэндээсээ буцаад Монголоор
дамжин Хятад руу явах транзит төмөр замын асуудлыг ярихаар тохирчээ. УБТЗ-ын гэрээг
шинэчилж, Монголын эзэмших хувийг 51 болгох саналаа сая манайхан Оросын талд дахиад
л тавьсан байна. Чухам оросууд яаж шийдэх нь тодорхойгүй байгаа бололтой.

Дээрээс нь авто зам, эрчим хүчний асуудлаар нэлээд дэвшил гарч
байна. Энэ бол таван шугам­наас гадна оюутнуудынхаа тоог цөөрүүлэхгүй байх асуудлыг
тави­лаа. Шинжлэх ухаан техникийн салбарт хамтарч ажиллахаар тохир­лоо. Халх голын
75 жилийн ойг ирэх жил хамтран тэмдэглэх боломж байна. Өндөр дээд хэмжээ­ний зочдыг
урина. Урьд өмнө­хөөсөө илүү ажил хэрэгч тодорхой асуудлууд дээр тохирч чадлаа.

Байгаль орчны салбарт  Монголын
талаас Онон Балжийн тусгай хамгаалалттай газрыг Оросын Сухомлинтэй  нийлүүлж, хоёр улсын дархан цаазтай газар байгуулахаар
боллоо. Ингэснээрээ Амар мөрний эхийг хамгаалах үүргийг монголчууд гүйцэтгэх гэнэ.
Оросын зүгээс орж ирдэг түймрийг багасгах болон малын хулгайг зогсоох асуудал дээр
оросууд дэмжлэг үзүүлж, хамтарч ажилла­хаар боллоо. Ойн салбарын хамтын ажиллагааг
сэргээж, оросуудын Сибирийн ойгоо хортон шавьжаас салгасан туршлагыг ч нэвтрүүлэхээр
болсон юм.  Эрчим хүчний салбарт ОХУ-аас авдаг
цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо.  Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох тал дээр
оросуудтай хамт­рах, ОХУ-д энэ салбарын мэргэ­жилтнүүдийг бэлтгэх зэрэг зүй­лүүдийг
ярьж зөвшилцсөн байна. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах монгол оюутнуудын
тоог нэмэгдүүлэх бодлого барьж бай­гаа­гаа ч манайхан танилцуулжээ.

Мэдээж манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн чиглэ­лээр хамтын
ажиллагаа сүүлийн жилүүдэд хүссэн хэмжээнд яваагүй.  Монголоос Орос руу гаргадаг бараа бүтээгдэхүүн
нефтийг эс тооцвол бараг үгүй болсон гэхэд болно. Оросоос оруулж ирдэг бараа бүтээгдэхүүн
хомсдсон нь ойлгомжтой. Энэ нь статистик үзүүлэлтээр ч тодорхой харагдаж байгаа
юм. Тиймээс худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах хэлэлцээрүүд ч энэ
үеэр яригдсан. Хамтарсан үйлд­вэрүүдийн үр өгөөжийг нэмэг­дүүлж, аль алиных нь төрийн
оролцоог хязгаарлаж, бизнес агуул­гаар нь 
ажиллуулах сонир­холтой байгаагаа оросууд илэр­хийлсэн байна. Эдгээр яригдсан
зүйлүүдийг ажил хэрэг болгохоор хоёр тал тохиролцож, гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулсан
юм.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Гоё хаалганд их мөнгө зардаг засаг ноёд

Саяхан хөдөөгүүр ажлаар нэлээд
хэд хоног явлаа. Олон ч газраар орлоо. Хараад байх нь ээ аймаг гэлтгүй сумд
хүртэл ороход угтдаг, явахад үддэг хаалгатай болжээ. Буянт-Ухаагаас нийслэл рүү
ороход “Тавтай морилно уу” гэсэн хаалга угтдаг шүү дээ. Харин хотоос гарахад
нөгөө талд нь “Аян замдаа сайн яваарай” гэсэн бичигтэй байдаг. Яг үүнтэй
адилхан хаалга Баянхонгор, Дорноговь гээд бараг бүх аймагт харагддаг. Тэгвэл одоо
бүр сум болгон ийм хаалгатай болох сурагтай. Аймаг, сумдын Засаг даргын албан
тушаалд дэвшсэн хүн бүр энэ хаалгыг л бүрэн эрхийнхээ хугацаанд барих
төлөвлөгөөтэй гарч ирдэг гээд дүгнэчихмээр олон хаалга энд тэндгүй байна. Уг нь
засаг дарга нар ажиллаж байгаа газрынхаа  хөгжлийн төлөө олон гоё амлалтыг нутаг
усныхандаа өгч байж дарга болдог. Сум, аймгийн чигийн  заасан самбар бол өөр хэрэг л дээ. Алсын замд
гарсан хүмүүс төөрөхгүйн тулд ийм самбаруудаар явах замаа баримжаалдаг. Харин
хаалга бол самбараас өөр. Ядаж л хэдэн саяар яригдах хөрөнгө хэрэгтэй. Загвар
хийц, энэ тэрийг нь харахад тийм ч хялбархан босчих эд биш нь бараа сүрнээс нь
тодорхой харагддаг. Хаалга барих мөнгөнийхөө хэсэгхэнээр самбар босгоод
ихэнхээр нь нөгөө барина, босгоно гэж амласан бүтээн байгуулалтаа хиймээр
санагдах юм.

Тэгж тэгж эцэст нь
дөрвөн жилийн дараа эрхээ өгөх болохоороо бүтээн байгуулалт гээд нөгөө сүрлэг
том гоё хаалгаа яриад сууж байвал ёстой нөгөө онигоо гэдэг нь болох байх. Нутгийнхан
нь лав их мөнгө зарж хийсэн гоё хаалгыг нь өөрсдөдөө хэрэгтэй юм гэж харахгүй.   

Орон нутагт үүнтэй
холбоотой нэг явган шог гарсан байна лээ. Аль ч юм бэ нэг сумын Засаг дарга
хотоос очсон нэг танилтайгаа ярьж байна гэнэ. “Суманд өөрсдөө захиран зарцуул
гээд 500 гаруй сая төгрөг өгчихлөө. Найз энэ их мөнгөөр юу хийх ээ
мэддэггүй,  юу хийх үү саналаа хэлээч хө”
гэж. Тэгсэн нөгөө танил нь мод тарьж, жимс жимсгэнэ ургуулж түүгээрээ
бүтээгдэхүүн хийж орон нутгийнхаа хэрэгцээг хангахыг зөвлөжээ. Цаашлаад бусад
орон нутаг руу импортолж болохыг ч хэлээд өгч. Харин өнөөх Засаг дарга бодож
бодож байснаа “Мод тарилаа гэхэд хэр хугацааны дараа жимс ургах уу” гэж л дээ. Дор
хаяж тав зургаан жилийн дараа тарьсан модныхоо үр шимийг хүртэх тухай өнөөх
танил нь хэлж. Тэгсэн харин нөгөө Засаг дарга “За болъё доо. Жимс нь ургах
гэсээр байтал миний бүрэн эрхийн хугацаа дуусчих юм байна. Тэгсэн дор сумын төв
рүү орж ирэхэд угтдаг хаалга барьсан нь дээр” хэмээн ярьжээ. Уг нь танил нь
чамгүй боловсролтой, гадаад дотоодод галуу шувууны мах идсэн сэхээтэн хүн
юмсанж. Ямартай ч нөгөө сумын Засаг дарга зүтгэсэнээрээ хаалгаа барьсан гэсэн.

Д.Даваасүрэн

Categories
редакцийн-нийтлэл

С.Цолмон: СЕХ-ны дарга биднээс айсан юм байлгүй дээ

УИХ-ын 2012 оны сон­гуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймгийн
сонгуулийн үеэр өдгөө­гийн УИХ-ын гишүүд бо­лох Б.Чойжилсүрэн, Ч.Хү­рэлбаатар нарыг
Сон­гуулийн хууль зөрчин сонгогчдод мөнгө тараа­сан хэмээх хэл ам тас­рахгүй байгаа.
Увс айм­гийн Тариалан сумын 13 иргэнд шүүхийн шийдвэ­рийг үндэслэн тус бүрт нь
100 мянган төгрөг тараа­сан нь батлагдсан тул тэдгээр иргэдэд Сонгуу­лийн хуулийн
дагуу нэг сая төгрөгийг аймагт нь очиж олгосон. Мөн мөнгө тараах ажлыг нь гүйцэт­гэсэн
долоон хүн шүүхээс ял аваад байгаа билээ. Өчигдөр Увс аймгийн Тариа­лан сумын долоон
иргэн СЕХ-нд шаардлага хүргүүлсэн юм. Учир нь шударга бус явагдсан сон­гуулийн эцсийн
шийд­вэр гарахгүй байгаад ун­дууцаж байгаагаа илэр­хийл­сэн бөгөөд ардчил­сан нийгэмд
яагаад өнөөд­рийг хүртэл уг асууд­лыг шийдэж өгч ча­дахгүй байгаа юм гэцгээв. Сонгуулийн
уг маргааныг шийдэж өгч чадахгүй бол СЕХ-ноос олгосон сая төгрөгүүдийг нь буцааж
өгнө гэсэн юм. Увс айм­гийн Тариалан сумын Засаг дарга С.Цолмон, М.Нүүдэл, М.Отгонхүү,
Б.Долгор, М.Эрдэнэ­чулуун, М.Хүүхээ, М.Шагж гэсэн долоон хүн тус бүр сая төгрөгөө
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнд өөрсдийн биеэр өгнө гэцгээж байв. Тэд Ч.Хү­рэл­баатар,
Б.Чойжил­сүрэн нарыг эргүүлэн та­тах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэн мөн­гөтэй
хүний талд үйлч­лэхгүй байгаа хуулийг эсэргүүцэж байсан. Тэ­дэнд нэг сая төгрөг
хэ­рэггүй шударга ёс хэрэг­тэй талаар ам булаалдан ярьцгаав. Уг хоёр гишүү­нийг
эргүүлэн татсан бол өөр ямар ч намын хамаа­гүй нэр дэвшигч гарч ирэх ёстой гэцгээсэн
байр суурьтай байгаа аж. Тэдний зүгээс
сэт­гүүлч­дэд мэдээлэл хийс­ний дараа 11 цагт 30 минутад СЕХ дээр очиц­гоов. Сонгуулийн
үр дүнг эсэргүүцсэн Сон­гино­хайр­хан, Багануур, На­лайх зэрэг алслагдсан дүүргүүдийн
захын хо­рооллын иргэд тэдний тэмцлийг дэмжин ирц­гээ­сэн байлаа. Увс аймгийн иргэд
СЕХ-ны даргад өөрс­дийн албан шаард­лагыг хүргүүлэхээр орох үед хамгаалалтын алба­ныхны
эсэргүүцэл­тэй тул­гарч нэлээдгүй маргаан дэгдсэн юм. Хамгаалал­тын ажилтан хэнтэй
уул­зах гэж явааг нь асуухад “СЕХ-ны даргад албан шаардлага хүргүүлэхээр ирлээ”
гэхэд “Дарга нь алга байна. Өргөдөл, шаард­лага хүлээж авах нэг ч хүн байхгүй. Цайн­даа
гарцгаасан” гэв. Үүнийг сонссон тэд эсэр­гүүцэж “Цайны цаг бо­лоогүй байхад яахаараа
байдаггүй юм. Манай за­рим хүмүүс өглөө 10 цагаас хойш үүдэнд нь байлаа. Ерөөсөө
га­даг­шаа гараагүй. Өрөөнийх нь хаалгыг татаж үзэж байж мэднэ” гэлээ. Удал­гүй
бичиг хэргийн ажил­тан нь гарч ирэн “Дарга байхгүй. Би бичгийг чинь дамжуулж өгье”
гэхэд “Бид итгэхгүй байна. Га­даг­шаа танай дарга гараа­гүй. Бид өрөөнд нь орж өөрт
чинь гардуулъя. Мөн бидэнд өгсөн нэг сая төгрөгүүдээ ав” хэмээн бухимдаж эхлэв.
“Хөдөө­ний бид ажлын цагаа ягш­тал баримталж бай­хад танай дарга нар тийм биш юм
байна. Цайнд орох гээд байгаа юм бол танай Со даргатай хамт орцгооё. Цайны мөнгийг
нь бид даачихъя” хэмээн бичиг хэргийн ажилтанд хандаж хэллээ.

СЕХ-ны байранд Увс аймгийн Тариалан сумын иргэдийг
дэмжиж 100 гаруй хүн цугласан байсан бөгөөд бүгд “Дар­гаа бушуу гаргаж ир” гэц­гээж
байлаа. Тариалан сумын иргэд шаардла­гатай бол иргэдийнхээ төлөө шөнөөр ч хамаагүй
ажилладаг байхад 1500 км-ийн цаанаас ирсэн бид­нийг малнаас дор үзэж байгаад гомдолтой
байна гэдгээ хэлцгээв. Тэд “Бид энэ сая төгрө­гийг нь өгч, шаардлагаа өгөөд гарна”
хэмээн нэ­лээд хэл ам хийсний да­раа Төрийн тусгай хам­гаа­лалтаас нэмэлт хүч ирсэн
юм. Ч.Хүрэлбаа­тар, Б.Чойжилсүрэн на­рын гишүүд мөнгө тараа­сан гэдэг нь Тариалан
суманд л ил болсноос бусад бүх сумдад мөнгө тараасан нь үнэн. Иргэд ч мөн шударга
ёсны төлөө нэгдэж энэ бүхнийг ил болгох ёстой гэцгээнэ. СЕХ-ны дарга ирэхгүй бол
энэ байранд нь хоно­сон ч хамаагүй шаардла­гаа хүргүүлээд буцна гэд­гээ хэлэв.

Нэлээдгүй маргалд­саны эцэст СЕХ-ны дарга өрөөндөө
байгаа нь ил болж төлөөлөл болсон хоёр хүнийг нь оруулсан юм. Төд удалгүй өрөө­нөөс
нь гарч ирцгээлээ. Увсын иргэд “СЕХ-ны дарга байхгүй гэж ингэж балиартаж байхаар
эрт­хэн авсан бол юу гэж хэл ам гарах вэ дээ. Тэгээд ч биднийг энэ байрнаас гар
гээд өглөөнөөс хойш хөө­сөн. Хоёр цаг гадаа зог­сож байж орж ирлээ. Жирийн иргэд
нь хүртэл орж болдоггүй яачихсан газар вэ. Энэ чинь Ерөн­хийлөгч, Ерөнхий сай­дын
өрөө юм уу” хэмээн хамгаалалтын ажилтнуу­дыг загнаж байсан юм.

Тариалан сумын ир­гэд шаардлагадаа “Мон­гол Улсын
иргэн бид “Мон­гол Улсын Сонгуу­лийн хууль”-ийн дагуу шударга төр засагтай, шударга
гишүүдтэй боло­хын төлөө тэмцэл хийсэн болохоос нэг сая төгрө­гийн төлөө яваагүй
боло­хыг та бүхэн ухаарч чад­сангүй юу. Өвөг дээдсээс уламжилж ирсэн, Ард­чилсан
төрийн буянаар өсгөж үржүүлсэн өмч бо­лох хэдэн малын буя­наар хүнийг гүтгэж луй­вардахгүй
амьдрал би­дэнд байна. Удаа дараа­гийн сонгуулийг мөнгө тарааж санал луйвардаж Увс
нутгийн ард түмнийг түмэнтээ доромжилж төрийн өндөр сэнтийд суугаа Ч.Хүрэлбаатар,
Б.Чойжилсүрэн нарыг өмгөөлж хамгаалаад суух ямар хүсэл эрмэлзэл та бүхэнд байгааг
хэлээд өгнө үү. Арай бидэнд өг­сөн 100 мянган төгрөгийг та нар өргөн барьчи­хаа­гүй
биз. Төрийн өндөр албан тушаалд суудаг та бүхний ухаан малчин иргэд биднээс хавьгүй
дээр баймаарсан. Хэрэв та бүхнийг хилсээр хар­даж байгаа бол удаа да­раа өгсөн хүсэлтийг
шуур­хай шийдвэрлэж өгнө үү” гэсэн байлаа. Тариалан сумын иргэд зун Ерөнхий сайдыг
очи­ход уг асуудлыг шийдвэр­лэж өгнө үү гэхэд Засгийн газрын тэргүүн удахгүй энэ
асуудал шийдэгдэнэ гэсэн ч таг болчихсон. Бид л өөрсдийнхөө төлөө явахгүй бол болохгүй
юм байна гэдгээ хэлцгээнэ. Тариалан сумын иргэд СЕХ-ноос нэг сая төгрөг авцгаасан
13 иргэнийг нүд үзүүрлэх маягтай бол­жээ. “Сая төгрөгийн төлөө нэр нүүрээ барж яваа
хүмүүс. Үнэхээр шу­дарга ёс гэж байдаг юм бол энэ хоёр гишүүнээ эргүүлэн татчих,
харъя” гэх зэргээр тавладаг аж. Тиймээс нэр төрөө сэргээлгэхээр Монголын баруун
хязгаараас зориг шулуудан ирцгээжээ.

Үүний дараа Увс айм­гийн Тариалан су­мын Засаг
дарга С.Цол­монтой ярилцлаа.

 

-СЕХ-ны дарга өрөөн­дөө байхгүй гээд байсан байж
байна уу. Шаардлагаа өгчихөв үү?

-СЕХ-ны дарга Ч.Сод­номцэрэнд албан шаард­лагаа
гардуулчих­лаа. Дарга нь өрөөндөө байсан юм байна. Цайн­даа гарсан гэж худлаа ярьсан
нь ажлын шаард­ла­га л байдаг юм байлгүй дээ.

-Шаардлагынхаа ха­риуг хэзээ авахаар бол­сон бэ?

-Бидний өгсөн шаард­ла­гыг үзэж танилцаад тодорхой
хугацааны да­раа хариу өгнө гэж байна лээ.

-Нэг сая төгрөгүүдээ хэзээ өгөх гэж байна вэ?

-Сонгуулийн хууль зөр­чиж булхайтай сон­гууль
явуулсныг илчилсэн тул СЕХ-ноос нэр бүхий хүмүүст нэг сая төгрөг өгснийг нь буцааж
өгье гэхэд Ч.Содномцэрэн дарга авахгүй байна. Энэ нь бид нэг сая төгрөгийн төлөө
үүнийг хийгээгүй гэдгээ нотлон харуулах гэсэн юм. Гэтэл СЕХ-ны дарга “Бид наад мөнгийг
чинь авахгүй. Хуулийн дагуу олгосон мөнгөө буцааж авч болохгүй” гэсэн.

-Албан бичгийнхээ хариуг хэзээ өгнө гэж байх юм?

-Тодорхой хугацааны дараа хариу ирүүлнэ гэсэн
болохоор тэдэнд итгэж байна.

-1500 км-ийн цаа­наас шаардлага хүргүү­лэх гэж
л ирсэн юм уу. Ингэж олуулаа зардал чирэгдэл болж байхаар нэг нь л ирэхгүй?

-Бид нэг сая төгрөгийн төлөө ингэж яваа юм биш
шүү гэдгийг албан ёсоор хэлье. Ардчилсан энэ нийгэмд шударга сайхан амьдармаар байна.
Бид илүүдээ гарсан мөнгө­тэйдээ өөрсдийн зард­лаар ирсэн юм биш. Гагц­хүү шударга
үнэний тө­лөө ингэж явна. Шударга ёсны төлөө бид юугаа ч хайрлахгүй. Шударга ёсны
төлөө бүх хүн нэгдэх ёстой. Хэрэв шаардла­гатай гэвэл бусад хүмүү­сийг нь дагуулж
ирж болно.

-Та сумын Засаг дар­га хүн иргэдээ дагуу­лаад
ингэж явж болж байна уу?

-Манай сумын иргэд надад эхэлж хандсан. Үүнийг
нь би дэмжсэн юм. Би иргэдийнхээ төлөө ажиллахаар сонгогдсон хүн шүү дээ.

-Албан шаардлага хүргүүлэхийн хажуу­гаар өөрсдийн
саналыг хэлж амжив уу?

-Бид саналаа хэлэх нөхцөлгүй юм байна. Гэх­дээ
хэлэх ёстой ганц нэг асуудлаа хэлээд амжсан. Иргэдийнхээ дунд албан шаардлагаа өгье
гэсэн ч үүнийг нь зөвшөөрдөггүй юм байна.

-СЕХ-ны дарга яа­гаад өрөөндөө байхгүй гэсэн тайлбар
хийсэн юм бол. Уг нь гарч ирээд л авчихмаар юм?

-Айсан юм байлгүй дээ. Үүнийг сайн мэдэхгүй байна.
Ямартаа ч даваа гаригт биднийг хүлээн авч уулзахаар болсон.

-Та нар хэзээ нутаг буцах вэ. Зардлаа өөрс­дөө
даагаад буцах уу?

-Зардлаа өөрсдөө даа­гаад буцна. Бид ирэ­хийн
тулд мал хуйгаа зарж замын зардал хийж ирсэн. Ямартаа ч албан шаардлагынхаа хариуг
аваад нутаг буцна. Удах­гүй хариу өгөх байх аа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Монголчууд өвлийн идшээ бэлтгэж байна

Өвлийн тэргүүн сар дуусах гэж байгаа энэ үед монголчууд
өвлийнхөө идшийг бэлтгэж байна. Өнөө жилийн хувьд өв­лийн тэргүүн сар дундаа орчихоод
байхад цаг агаар тогтуун дулаахан байсан болохоор мах олиг­той хөлдөж өгөхгүй өвлийн
идэш бэлтгэл орой­тож эхэл­жээ. Энд тэндгүй л өвлийн идэш ярьсан хүмүүс таарал­дах.
Даага, шүдлэнгээс ава­хуу­лаад сувайрсан гүү, бяруу, шүдлэн, хязаалан гуна, сувайр­сан
үнээ, нас биед хүрсэн шар ямар үнэтэй бай­гаа талаар таньж мэддэг хөдөөний хүмүүсээс
асуух ажээ.

Өнгөрсөн амралтын өдрийг
далимдуулж өвлийн идшээ бэлтгэхээр хөдөө гэр рүүгээ нийслэл хотоос хөдөл­сөн юм.
Манай хөдөөх гэр хотоос ойрхон болохоор Увс, Ховд гээд холын айм­гийнхан шиг өвлийнхөө
идшийг олж ирэх гэж бөөн ажил болохгүй. Хотоос баруун тийш 250 орчим километр давхиад
гэ­рийн­хээ гадаа буюу Бар­гил­тынхаа энгэрт очих.

Төв аймгийн Эрдэнэ­сант сум сүүлийн жилүүдэд  улсдаа малын тоо толгойгоор тэргүүлэх сумдын нэг
болсон. 70 гаруй мянгат малчин, арав гаруй гурван мянгаас дээш малтай малчин, бүр
мал нь долоон мянга хүрэх шахсан улсын сайн малчин хүртэл бий. Тиймээс нийслэлчүүдийн
өвлийн идэшний багагүй хувийг энэ сумаас бэлтгэдэг. Хотод ойрхон болохоор манай
сумыг зорьж ирээд өвлийнхөө идшийг худалдаж аваад явах хүн бий.  

Хотоос баруун тийш гарч давхиад Эмээлт өнгөрч
Галзуу харын худаг, Цагаан хөтөл өнгөртөл бөмбийсөн цагаан цастай. Харин Баян­цог­тоос
цааш Өндөрширээт хүртэл хав хар, цас бараг ороогүй шахам байх ажээ. Харин Эрдэнэсант
суманд богийн туурайны л цастай байна лээ. Халиурсан шаргал өвстэй, мал тарган,
намраа­раа байх. Өнгөрсөн зун ногоо­ны гарц гойд сайхан байсан болоод ч тэр үү мал
сүрэг тарган гэж жигтэйхэн. Замд сунайсан урт уурга барь­сан залуус адуугаа хурааж
байгаа харагдана.   Хойд энгэрийн бууцанд өвөл­жиж байгаа айлын яндангаар
аргалын цагаан утаа олгой­дох ажээ. Гэрийнхээ баруун урд талд хэдэн хүмүүс бөөг­нөрчихсөн
хажууд нь машин тэрэг зогсож байгаагаас өвлийн­хөө идшээ хийж байгаа гэдгийг  хараад л 
мэдчих ажээ.

Харих замдаа хэд хэдэн хүнтэй тааралдлаа. “Ам”
Б.Санжмятав гэх Эрээн-Ухаагаар нутагладаг 
залуу  “портер” дээр гурван үхэр, хэдэн
бог ачсан явна. Сумын төв орж хүн бүлтэй газар нядлаад хот руу ачаад явах гэнэ.
Хоёр хүүхэд нь хотод сургуульд сурч байгаа юм байх. Мөн ах дүү хамаатан садандаа
өвлийнх нь идшийг бэлтгэж өгөх ажилтай болжээ. Тэрээр “За та нар гэнэт малтай гэдгээ
санаад мах авахаар ирж явна уу. Одоо ч хөдөөний мартагдсан бид нарыг хотын  ах дүүс, хамаа­тан садан нь гэнэт санадаг   цаг үе шүү дээ. Хажуу айлын Хуягаагийнд хотынхон
ирчих­сэн байна лээ. Өвлийнхөө идшийг бэлтгэх юм гэсэн” хэмээн ёжлонгуй хэлэв. 

Өдийд буюу гадаа тавьсан зүйлс ян хөлдөх цагаар
хотын­хон өвлийнхөө ид­шийг бэлтгэхээр хөдөөг зорь­дог үе . Хотоос хөдөөг зорих
машины цуваа тасрахгүй. Ах, дүү хамаатан 
садан гээд малчин айл руугаа өдийд цувдаг болохоор хөдөөний­хөн өвлийн идэш
хийх үеийг малчин ах, дүү хамаатан садангаа санадаг сар гэж нэрлэжээ.

Оорцогийн хөндийгөөр хөтөлгөө морьтой хүн давхиж
яваа харагдлаа. Түүнийг хүлээж хэсэг зогсов. Бараан морь унасан нөгөө залууг ойртож
ирэхээр нь танилаа. “Улаан” Дамбаа ах явна. 
Мөн л өвлийнхөө идэшний адууг хөтлөөд сумын төв орж байгаа гэнэ. Түүнээс
адууны үнэ ханш асуулаа. Даага 500 мянга, шүдлэн 600 мянга тарган гүү 900, морь
1.2 сая төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. Хотод махны үнэ буучихаад байхад идэшний үхэр,
адуу­ны үнэ өнгөрсөн жилийнхээс огт буурахгүй байгаа гэнэ. Уулзсан хүн бүр л адууны
хулгай идэшний үеэр их гарах болсон талаар ярьж байна лээ. Нутгийн сайн эрчүүд айлын
адуунд “хазаар гүйлгээд” даага, шүдлэн, унага даагагүй тарган морийг нь түүчихээд
байгаа гэнэ. Тиймээс адуугаа өдөр болгон хурааж ойр хавиар хэн явж байгааг бүртгэдэг
ажилтай болжээ, сумын адуучин залуус. Булганы Дашин­чилэн, Баяннуур сумаас адуу
хулгайлдаг залуус ирээд байгаа гэх сураг сонсогдов.

Ийн явсаар бүрий болж байхад гэртээ ирэв. Өвлийн­хөө
бэлтгэлийг базааж өвс, тэжээлээ бэлтгэчихсэн. Малын­хаа саравчийг засаад онгорхой
цоорхойгоор нь үхрийн баасаар чигжээд хөл­дөө­чихсөн. Намар хотноосоо хөрзөн хуулаад
баруун энгэр дээрээ асгачихсан болохоор өвлийн бэлтгэлээ бүрэн базаа­гаад дуусчээ.
Хажуу айлын Дамбарэнцэн гуайнх мөн л хүүхдүүдийнхээ өвлийн идшийг бэлтгэх гээд бид
нартай давхцаж таарав. Тээр доор хотны захад хонь, ямаа  яраглаад хэвтэж байна. Дулаахан байгаа болохоор
бууцны хөлд хотолж байгаа юм байна. Үхэр саравчны урд талд хивээд хэвтэж байна.
Хүйтрээд эхлэхээр саравчны мухарт эгнүүлээд уяна. Тэнгэрт бүртийх үүл алга. Одод
түгээд анивчин гялалзаад тэнгэрийн заадас сүүн цагаан зам татуулан үзэгдэнэ.  Жавартай салхи сэр сэр салхилахаас өөр ямар ч
чимээ аниргүй ажээ. Өвлийн хөдөөгийн шөнийн байдал ийм л дүр зурагтай байдаг даа. 

Ингээд өглөө эртлэн өвлийнхөө идшийг бэлтгэж гарлаа.
Идэш төхөөрөх газ­раа сонгов. Гэрийн зуур урд талд хэвгий газарт хийхээр болж саравчнаас
уясан үхрээ аваачлаа. Тэртээ доор хэдэн азарга адуу хоножээ. Хажуу айлын уяан дээр
хүрэн азарга эргэцээд янцгаана. Өвлийн сарын өдийд малчид азаргаа унадаг үе. Хавар
хүчийг нь тогтоох гэж бага зэрэг хөлөр­гөж цантуулаад уяж хонодог юм. Мөн уядаг
хурдан  морь­дын хорыг гаргах гэж уяж хонодог
билээ.  Талын жавар арилаагүй байхад эхнээс
нь унагаж гарав. Саахалт айлын Хосоо, Гараваа хоёр хүрээд иржээ. Бид өвлийнхөө ид­шийг
бэлтгэж байхдаа  элдэв зүйлс ярив. “Энэ жил
төхөөрсөн малын гүзээ их үстэй байгаа гэнэ. Малын гүзээ үс ихтэй байхаар тэр нутагт
өн болж цаг хатуур­даг­гүй гэнэ. Мөн намар орой, үдэш их харанхуй байсан болохоор  цас их унаж магад. Гэхдээ өвс өндөр ургасан болохоор
бод айлтгүй”  гээд л тэнгэр хангай шинжиж
байснаа сүүлдээ морь, бөх рүү ярианы сэдэв хазайв.

Найданпүрэв гэж 50 хол давсан настай  ах “Мөөеө аварга намар Одынд байж байгаад хот
руу явсан” гээд бидэнд мэдээлэл өгөх. Үүнээс үүдээд  өнгөрсөн зуны наад­маар улсын заан болсон Батмөнх
зааны ээж Эрдэнэ­сантынх, Японы сумод барил­даж байгаа А.Хүчит­баатар, чөлөөт бөхийн
ДАШТ-ий аварга болдог Ман­дах­наран гээд манай сумын эмэгтэйчүүд сайн бөх төрүүл­дэг
болсон гэж ирээд ярив. Мөн улсын заан Ч.Санжаа­дамбыг Булганы Рашаант суманд залуу
бөх ирээд барил­дах үед манай сумын бөхчүүд хэрхэн давж байсныг Н.Отгонжаргал бодитоор
харуулах. Хотод бөх болох гэж ирээд хөдөө гэр рүүгээ зугтаадаг байсныг өөрөө хажууд
нь байсан юм шиг л ярьж байна.  Дундаа нэг
шил архи тавьчихсан тойруулаад л, иймэрхүү зүйл яриад өвлийн идшээ төхөөрч бай­гаа
юм. Нар ээсэн дулаахан өдөр болж байгаа ч гэсэн өглөөний жавар гар дааруу­лах ажээ.
Ингэж гар даарах үед дулаацуулдаг нэг арга бий. Тэр гэдсийг нь гаргаад тавьсан малын
халуун сэв­сэнд гараа дүрж хэсэг дулаа­цуулах. Бээрч даарсан гараа дөнгөж гаргасан
үхрийн сэв­сэнд хийхэд дороо дулаацдаг юм. Мөн гар, хутганд наалд­сан цус, тосыг
халуун сэвсээр арчихад сайхан цэвэрлэдэг гэдгийг хүн бүр мэдэхгүй болов уу. 

Харин гэрт эмэгтэйчүүд үхрийн гэдэс арилгах гээд
бөөн бужигнаан. Бас болоо­гүй ээ. Энд тэндхийн хов живнээс авахуулаад яриад байгаа.  “Манай суманд чинь нэгнийгээ машинаар дайрч аминд
нь хүрсэн хэрэг олон гарсан. Нөгөө нөхрөө дайр­чих­сан хүүхний хэрэг удахгүй шүүхэд
очих юм гэсэн. Тэдний хүүхэд их сайн явдаг гэнэ лээ. Бүр дарга болсон гэсэн. Тэр
тэгэх гээд байсан юм аа” гээд л ярих. “Нөгөө манай энэ хавиар яваад байдаг байсан
өндөр бор залуу чинь нэг хүүхнийг нөхрөөс нь салгаад аваад ирсэн байна лээ” гэж
ярьж байх шиг. Яриан дундуу­раа гургалдай чихэж байв. Тэгж байтал дахиад гэдэс гарлаа
гэж хэн нэгнээр хэл ирээд сандаргав.  Бүгд
л төмсөн сав, дэлгэх даавуу гээд гэрээсээ гарцгаах ажээ.

Бага үдийн алдад төхөөр­сөн малын мах эхнээсээ
хөлдөж эхэлжээ.  Ширэн дээр нь жижиглээд саравчин
дээр даавуу дэвсэж байгаад тавь­чих­сан болохоор амархан загсаж байв. Эхний төхөөр­сөн
үхрийн махнаас  дээ­лийн­хээ хормойгоор оруулж
ирээд 20 литрийн тогоонд хийгээд үйв. Тогоотой мах дороо даргилан буцалж  гэрийн тооноор уур савсаж байгаа харагдана. Саахал­тын
айлынхан гэрийн гадаа машин ирснийг дурандаад тал талаас ирцгээх. Ойр хавийн айлууд
бүгд өвлийн­хөө идшийг хийж байгаа талаар ярих ажээ.

Үхрийнхээ махыг чанаж дуусчихаад залгуулаад адууны
мах тогоонд үйв. Ер нь малчдын өвлийн хоол адууны бүхэл чанасан мах.  Адууны умс, хитай, цагаан шавай гээд ямарч хүйтэнд
царцдаггүй сайхан хоол  байх. Чанасан махаа дав­санд дарсан хөмүүл, гоньдоор
хачирлаад л, зэрлэг сонгино  бүтнээр нь хийгээд л өвлийн хүйтэнд буусан суусан
хоно­сон өнжсөн бүгдэд цагаан түмпэнтэй мах түлхэнэ. Ийн өвлийн богинохон нэг өдрийг
идэш хийж өнгөрөөв. Гэхдээ хийх ажил дуусах болоогүй. Хөлдөөсөн айргаа зуухны хажууд
тавьж гэсгээж байгаад бага зэрэг халааж уучихаад  оройн ажилдаа орлоо.

Өвлийнхөө идэшнээс гадна хавар идэх үүц мах бэлтгэв.
Хөдөөний айл болгон л үүц мах бэлтгэдэг билээ. 
Урт шар хүн гэрт ирэхээр үүцний махаа задална гэж хүүхэд байхад томчууд  ярь­даг­сан. Үүцний махыг нар, салхи үзэхгүй сүүдэр
газар цасанд булаад орхичихдог. Тэгээд хавар задлаад идэ­хээр шинэ мах шиг огт урь
идээгүй байдаг. Үхэр, хонины махаар үүц бэлтгэнэ.

Мөн цагаан сарын хони­ны ууц, таван түрүү, адууны
гуяны махыг умсанд чихэх гээд идэшний үеэр мундахгүй их ажилтай. Үхрийн гуя, ямаа­ны
махтай борцлоод тааран  шуудайд хийгээд саравчин
дээрээ шидчихнэ. Зуныг өнгөрөөх борцыг өдий цагт ийн бэлдэнэ. Нар, урь амтагдсан,
намирсан зөөлөн шар борц хавар, зуны цагт иднэ. Мөн бог малынхаа гэд­сийг цустай
холиод гүзээний хуулганд боогоод  хярамцаг
хийгээд саравчин дээр хөлдөөгөөд  өвөл шөлтэй
хоолонд хийнэ.

Сүүлийн хэдэн хоногт мон­голч­ууд ингэж л өвлийн­хөө
идшийг бэлтгэлээ. Зулын 25 боло­хоос урьтаж улайгаа хийж дуусгахаар шамдсан нь тэр.
Харин Бурхан багшийн их дүйчин өдрөөр тогоо тосол­сон малынхаа бөөрний өөхөөр зул
барьдаг уламж­лал одоо ч гэсэн хэвээрээ байна лээ. Төхөөрсөн малын гэдэс дотор цавцайсан
цагаан өөхтэй.

Хөдөө гэрээ­сээ нийслэл хот руу хөдөлсөн юм. Замд
малын мах ачсан машины цуваа тасрахгүй. Түүхий эд худалдаж авдаг газруудад үхэр,
адууны шир, хонины нэхий, ямааны арьс хураалгаатай байна лээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

М.Зоригт: “Голомт” банкны дийлэнх хувьцаа одоо ч Бодь группийн мэдэлд байгаа

УИХ-ын гишүүн М.Зоригттой ярилц­лаа.

  -Та буруу рультэй автомашины импортыг зогсоох тухай хуулийн
төсөл санаачилсан. Яагаад энэ асуудлыг оролдож эхлэв?

-Яг өнөөдөр энэ санааг бодоод олчихсон юм биш. Гурван сарын
өмнө хэсэг нөхдийн хамт ярилцаж байгаад санааг дэвшүүлсэн. Ин­гээд асууд­лыг
УИХ-д хууль болгон өргөн ба­рихаасаа өмнө Засгийн газрын саналыг сонсо­хоор
хүсэлтээ тавьсан байгаа. Удахгүй Засгийн газар саналаа ирүүлэх байх.

-Хуулиараа зохи­цуу­лаагүй ч амьдрал дээр машинтай иргэдийн
70 орчим хувь нь буруу рультэй автомашин хүлэглэдэг. Энэ асууд­лыг тооцож үзэв
үү?

-Нийт авто машины бараг 70 хувь нь буруу рультэй байна. Шууд
хэл­бэл Монгол Улс дээлээ эргүүлж, энгэрийг нь бу­руу харуулж өмсдөг хүү­хэд
шиг л болчихож. Үүнийг нэгэнт л олж хар­сан юм чинь зөв голдрилд нь оруулах
ёстой гэж үзээд хуулийн төслийг сэдсэн. Асуудал нэгэнт эрчээ авч олны анхаа­ралд
орсон учраас хэлэл­цээд зөв шийдлийг гаргах байх.

-Хууль батлагдаад хэрэгжлээ гэж үзье. Тэг­вэл зөв рультэй ав­томашиныг
хаанаас хэн оруулж ирэх юм?

-Нэг зүйлийг
хэлэхэд замын хөдөлгөөний дү­рэмд ямар нэгэн өөрч­лөлт орохгүй. Буруу тал­даа
рультэй автомашин замын хөдөлгөөнд оролц­­догоороо оролцо­но. Гамтай хэрэглэдэг
нэг нь 10-20 жил ч буруу рультэй автомашинаа унаж бол­но. Бас бизнес эрхлэгч­дэд
нь боломж олгож 2015 оны нэгдүгээр са­рын 1 хүртэл хугацаа ол­гож байна.

Энэ хугацаанд биз­нес эрхлэгчид хуу­лийн дагуу нийлүү­лэгч­дэдээ
шаардлага тавих, худал­дан авагчаа хуульд ний­цүүлэн сонгох гэх мэт ажлыг хийх
боломж гарч байгаа юм. Нөгөө талдаа энэ асуудал нэгэнт л төрийн шийдвэр учраас
Засгийн газарт хугацаа олгож байгаа юм. Ав­то­машин импортлогчидтой уулзаж
хэлэлцээр хийх ёстой. 2015 он гэдгийг энэ төрлийн асуудалд хол­боотой хугацаа
гэж ойл­гох ёстой. Бүтэн жилийн хугацаанд тэр байтугай зохицуулалтыг хийж болно
шүү дээ.

-Баруунаас машин импортолбол тээвэр­лэлтийн зардал нэмэг­дэхийн
зэрэгцээ нас­жилт нь ч харьцангуй их байдаг шүү дээ. Япон ч гэсэн зөв рультэй
авто­машиныг үйлдвэр­лэх­дээ захиалгаар хийдэг учир өртөг нь ч гэсэн нэмэгдэх
байх?

-Зөв талдаа рультэй автомашин зөвхөн Евро­пын зах зээлээс
нийлүү­лэгдэнэ гэвэл түүн шиг худлаа зүйл үгүй. Японы үйлдвэрлэгчид Солон­госын
зах зээлд зориулж манайд орж ирж байгаа автомашинуудыг зөв талд нь рультэйгээр
үйлд­вэрлэдэг. Солонгост очоод үзэхэд манайд за­раг­даж байгаа буруу руль­тэй
автомашин тэнд зөв талдаа рультэй ижил­хэн үнэтэй байдаг. Биз­нес эрхлэгчид
маань хял­бар дөт аргаар ажиллаад байгаагаас биш зах зээл нь байж л байна.

-Солонгосын зах зээ­лээс гадна машин импортлох сувгийг хаа­нах
гэж тодорхойлж бай­гаа юм бэ?

-Би өөрөө судалсан зүйл алга. Бусад су­дал­гааны
байгууллагуудаас ирүүлж байгаа мэдээл­лээс үзэхэд ОХУ-ын за­рим боомтоор автома­шин
оруулахад 40 хувь нь зөв талдаа рультэй байна. Хятадын Тяньжин боомт ч
ялгаагүй.

-Тухайлбал таныг “Моннис”-той холбож ярьдаг. Бас Солон­го­сын
бизнесменүүд танд нөлөөлсөн юм биш биз. Тэгэхээр бусдын бизнесийн амыг хуу­лиар
нээж өгөхөд хэдэн төгрөгөөр үнэлдэг юм бол. Шууд хэлбэл та энэ хуулийг
санаачилс­наараа хамтрагчаасаа хэдэн төгрөг авч байгаа вэ?

-Энэ асуудлыг хөнд­сө­нөөр ямар эсэргүүцэл ирэхийг би мэдэрч
бай­сан. Гэхдээ яагаад өнөөд­рийг хүртэл Засгийн газар хийгээд улстөрчид нь энэ
асуудлыг хөнддөггүй юм гэж бодох болсон. Энэ бүхэн мэдээж нэр төртэй нь
холбоотой учраас тэд дуугүй байдаг. Тэр улс төр, нэр хүндийг бодоод байвал
цаашид энэ асуу­дал үргэлжилсээр ба­руун гарын дүрэмтэй ч 100 хувь буруу
рультэй машин хэрэглэдэг болж ч мэднэ. 70 хувь гэдэг аюулын дохио асчихсан
байна гэсэн үг. Тиймээс би зүгээр л зориг гарга­сан. Зөвхөн энэ асууд­лаар 1000
гаруй мессеж, твиттер, фэйсбүүк хууд­саар ирсэн саналыг эерэг, сөргөөр нь
жагсааж үзлээ. Тэгэхэд иргэдийн санал 50:50 хувиар тэнцэж бай­на. Нэгэнт ороод
ирчих­сэн автомашин явдгаа­раа явна, гэхдээ энэ асууд­лыг цэгцлэх болсон байна
гэдэгтэй хүмүүс санал нэгдэж байна. Биз­несийн захиалга гэдгийг би үнэхээр
бодож бай­сан­гүй. Шууд хэлбэл тийм зүйл огт болоогүй. Зүгээр л цэгцэлье гэсэн
са­нал­тай байгаа юм. Миний санааг сайн тунгаавал хэн нэгнийг нь илүүд үзэж,
хэн нэгнийг хавчин гадуурхсан өнгө аяс байх­гүйг ойлгоно. Тэгээд ч бүгдэд нь
ижил боломж, ижил нөхцөл олгож бай­на. Намайг “Моннис”, Со­лонгосын машин үйлд­вэр­лэдэг
бас нэг үйлд­вэртэй холбож ярьдаг. Гэхдээ “Моннис” үнэтэй шинэ машин оруулж
ирдэг юм билээ. Тэгэхээр худалдан авах зах зээл, хэрэглэгчид нь өөр өөр байдаг.
Төмрийн хаяг­дал­тай холбоотой Г.Бат­хүү гишүүн хууль санаач­лахад, Э.Бат-Үүл
дарга буруу рультэй авто­маши­ныг хязгаарлах гэхэд иргэд оволзож байсан. Харин
өнөөдөр тийм бай­дал ажиглагдахгүй бай­гаа нь харин ч би асууд­лыг эхийг нь
эцээж тугалыг нь тураахгүйгээр шийдэх гарц олчихсон байж болох. Зөвхөн ийм
гаргалгаагаар асуудал шийдэгдэх байсан ч юм билүү.

-Тантай холбоотой бас нэг асуудал байна. “Бодь” групп дээр
ямар асуудал үүсч, та нар хэрхэн шийдвэрлэв?

-Би бизнесээсээ хол­дож, хөндийрөөд олон жил болж байна.
2004-2008 онд УИХ-ын гишүүн байснаа түүнээс хойш аймагтаа амьдарч хөдөл­мөрлөж
байгаад сая да­хин гишүүн боллоо. Тийм учраас бизнесийн өдөр тутмын үйл
ажиллагаанд төдийлөн оролцдоггүй. Төлөөний хүнээрээ дам­жуулж мэдээллийг авдаг
байсан. Яахав хувь ний­лүүлэгчдийн хооронд бага зэрэг асуудал бай­сан юм шиг
байна билээ. Гэхдээ өнөөдөр бүх зүйл шийдэгдсэн. Ер нь Бодь группийн хувьд
Монгол орон зах зээлд шилж­сэнээс хойш гарч ирсэн хувийн, сайн группүүдийн нэг
ш дээ. Олон мянган харилцагчтай, олон мян­ган ажилтны ар гэрийг авч явдаг.
Нийгмийн өмнө маш том хариуцлага хү­лээж, эдийн засагтаа дор­витой хувь нэмэр
оруулж буй чадварлаг хамт олон. Энэ хамт олон хамтдаа байна уу байна, ажлаа
хийж байна уу байна. Ийм л байна.

-Хувь эзэмшигчдийн хооронд ямар асуудал үүссэн гэж. Тэр асууд­лаа
“Бодь” групп, “Го­ломт” банкийг салгас­наар шийдсэн гэсэн үг үү. Д.Баягалан та
хоёр “Голомт” банкийг эзэм­шиж үлдсэн сурагтай?

-“Бодь” групп бол “Голомт” банкийг үүсгэн байгуулагч.
“Голомт” банк­­ны дийлэнх хувьцаа “Бодь” группт байдаг. Одоо ч хэвээрээ байгаа.
Хувь нийлүүлэгчдийн хоо­ронд шилжилт хөдөл­гөөн гарч байна уу, үгүй юу. Түүнээс
үл хамаа­раад “Голомт” банк энэ бүхнээс ангид явж байдаг. Бие даасан, нэр нөлөө
бүхий, Монгол Улсын банк санхүүгийн байдлыг тодорхойлогч болон хэвийн ажиллаж
байна. Хувь нийлүүлэгчдийн хоо­ронд яг юу болсныг нарийн мэдэхгүй байна. Саяхан
би зурагтаар Из­раи­лийн Ерөнхий сай­дын ярилцлагыг үзлээ. Сэтгүүлч түүнээс
АНУ-ийн Обама та хоёрын харилцаа яаж байна. Таны утсыг сүүлийн үед Обама
авахгүй байна гэсэн гэж асуухад тэр хүн “АНУ, Израиль хоёрын чин зорилго нэг.
Нэг зо­рилготой, нэг ажил хийж байгаа хүмүүсийн хоо­ронд гэр бүлийн хүмүүс шиг
цай тойрсон маргаан байдаг.  Тийм л зүйл
болж байгаа. Бид хоёр дуртай үедээ утсаар ярьдаг” гэж хэлж байсан. Бодь груп­пийг
үүсгэн байгуулж бай­хад бидний тавьж байсан зорилт хэвээрээ байна уу, хэвээрээ
л байна. Бид ядуу орны чинээлэг хү­мүүс байхын төлөө яваа­гүй. Бид чинээлэг
улсын дундаж иргэн байхыг хүс­дэг. Бодь группийн эх­лүүлсэн олон ажил бусад бүх
компаниудад соёл болж түгсэн. Ажил хийж байгаа хүмүүст яриа хөөрөө үүсч л
таарна. Огт ажил хийдэггүй хүнд ярих юм юу ч олдохгүй шүү дээ.

-“Голомт” банкны хувьд ямар нэгэн са­вал­гаа үүсэхгүй гэж бат­тай
хэлж чадах уу?

-Ямар ч банк байна, эзэд нь хэн байна үл ха­маа­раад банк
санхүүгийн байгууллага тогтвортой  байх
хууль эрх зүйн орчин нь тогтвортой болсон. Эрх зүй нь “Голомт” бан­кийг Л.Болд,
М.Зоригт, Д.Баясгалан нарынх биш харилцагчдынх болго­чих­сон. Гагц сайн муу
менежментийн тухай асуу­дал л яригдана. Гэх­дээ менежментийн баг нь хамгийн
чадварлаг гэдгийг хэлмээр байна.

-Өмч хувааснаас хойш та бүхний харил­цаа ямар байна?

-Бид байдгаараа л байна. Чуулганы хурал­даа­ны үеэр Болд ах
бид нар байнга л харьцаж байна. Баясаа бид хоёр ч уулзаж л байгаа. Юу нь
болохгүй гэж.

-Д.Баясгалан “Го­ломт” банкаар их хэм­жээний мөнгө угаадаг
байсан. Хууль бус олон үйлдлийг 1.2 сая ха­рил­цагчийнхаа итгэ­лийг эв­дэж
хийсэн учраас үүс­гэн байгуулагчдын дунд маргаан үүссэн гэх мэдээлэл байна.
Үнэн үү?

-Монгол Улс хөгжлийг зорьж байвал банк, сан­хүүгийн
байгууллага тогт­вортой байх ёстой. Төр банк санхүүгийн байгуул­лагыг сайн
дэмжихийн зэрэгцээ, түүн шигээ тас­ралтгүй чанд хяналтыг хийж байх ёстой. Хянал­тын
систем бүх зүйл нь байгаа. Хянадаг хүмүү­сээс мөнгө угаасан гэдэг үг гараагүй
тохиолдолд тийм зүйл байхгүй л гэж ойлгох ёстой. 

-Мөнгө угаасан уч­раас олон улсын Ауди­тын шалгалт оруулсан
юм биш үү?

-Жил бүр л шалгалт хийлгэдэг. Хүсвэл дахиад шалгалт хийлгэсэн
ч бол­но. Болдог процесс болд­гоороо л болсон байсан.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Хавдрын эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна

“Хавдар
судлалын энэ хэдэн эмчийг хара­хаар өрөвдмөөр ч юм шиг, бахархмаар ч юм шиг.
Гайхамшигтай улс гэхээс өөр хэлэх үг өвөөд нь алга даа. Өвөө нь өчиг­дөр 30
грамм ус уусан. Өнөөдөр 60 граммыг уулаа. Маргааш 100 грамм. Амьд яваа на­сан­даа
усыг ийм амттай бай­даг гэж мэдрээгүй явжээ. Хорь хоногийн өмнө хоёрын хоёр
эрхтнээ хав­дартай гэж сонсоод шаналж суусан хүн чинь өнөөдөр хоол иднэ гэж
яриад сууж байна шүү дээ” гэж  ярих
Далантай гуай 66 настай. Бидэнтэй ярьж эхлэхэд нүдэнд нь нулимс цийлэгнэж байс­наа
сүүлдээ хацрыг нь даган урсаж эхлэв.

Далантай гуай ходоод, улаан хоолойн залгаа хэсэгтээ хавдартай
гэсэн оноштой ир­жээ. Арваад хоног юу ч идээгүй гэнэ. Манай сонин энэ удаагийн өдрийн
сурвалжлагаа Хавдар судлалын үндэсний төвөөс бэлдсэн юм. Далантай гуай бидний уулзсан
анхны өвчтөн. Үүдээр нь ороход л дүүрэн хүн угтав. Үзүүлэх дугаараа хүлээж байгаа
бололтой. Бидний зорьж очсон газар мэс заслын тасаг. Хорт  хавдартай гэсэн онош сонссон хүмүүс энд ха­галгаа
хийлгэдэг. Үүдээр нь мөн л дүүрэн хүн. Биднийг тэнд байх дөрвөн цагийн хугацаанд
үүдэнд нь  суух хүмүүсийн тоо нэмэгдсэн үү
гэхээс хасаг­даа­гүй. Эмчийг ийш тийш ява­хад өвчтэй хүнийхээ талаар ганц, хоёр
үг ч болтугай солих гэсэн хүмүүс ч нэлээд хараг­дана. Зарим нь бараг л үүдний сууд­лаас
босохгүй, тэндээ хооллож, дотор байгаа хүний­хээ биеийг асууж, өчнөөн ца­гаар суудаг
нь илт.

Үүдэнд суух нэг бүсгүйгээс эмч нараас хүн байгаа эсэхийг лавлахад
“Сая Эрдэнэ-Очир эмч харагдсан. Их сайн эмч. Өрөө нь тэр байна” гэж зааж өгөв. Хавдар
судлалын үндэс­ний төвийн Мэс заслын клини­кийн удирдагч гэсэн хаягтай өрөө рүү
яваад орлоо. Я.Эр­дэнэ-Очир эмч саяхан хагал­гаанаас гарч ирсэн бололтой, хагалгааныхаа
хувцастай сууж байв. Биднийг очихын өмнө ходоодны хавдрын хагалгаанд ороод гарч
иржээ. Залгуулаад өөр эмч улаан хоолойн хавд­рын хагалгаанд орсон гэнэ.  Гарч ирэхээр нь Я.Эрдэнэ-Очир эмч дахиад хагалгаанд
орох юм байна. “Хагалгаанд орох хүн их байгаа ч ганцхан өрөөтэй боло­хоор ээлжлэхээс
өөр арга бай­даггүй. Манай төв чинь дөрвөн тасагтай. Дөрвүүлээ тус тусдаа нэг нэг
л хагалгааны өрөөтэй. Өмнө нь хоёр байсныг харин ч тохижуулж байгаад дөрөв болгосон
юм” хэмээн яриад “Хагалгаанаас өмнө ам­жуу­лаад 
хэдэн үг сольё. Надад тэрнээс өмнө ч хийх ажил бай­на” гэж хэлээд хагал­гааны
хувцсаа солив.

Үүдэнд суугаа бүсгүй “Эр­дэнэ-Очир эмчийг хүмүүс хо­доо­дондоо
мундаг  гэж ярьдаг юм билээ” гэсэн учраас
ходоод­ны хорт хавдрын өвчлөл хэр байгааг сонирхлоо. Зөвхөн ходоодны хавдрын  хагалгааг гэхэд л долоо хоногт 15-20 орчим хүнд
хийдэг гэнэ. “Хо­доодны хавдар өндөр байгаа. Өчигдөр үзлэг хийхэд  60 орчим хүн хагалгааны хуваарь хү­лээгээд сууж
байна. Цаана нь шинжилгээний бичиг энэ тэрээ 
бүрдүүлж байгаа хичнээн хүн бийг мэдэх аргагүй шүү дээ” гэж байна. Улсын
хэмжээнд жилдээ 700 орчим хүн ходоодны хавд­рын шинэ бүртгэлд бүртгэгддэг гэнэ.
500 орчим нь хавдар судлалын төвд хандаж, 400 орчим нь хагалгаанд ордог байна. Зөвхөн
ходоодны хав­дар дээр гэж ярихад их өндөр тоонуудыг Эрдэнэ-Очир эмч хэлж байв.

Сүүлийн үед ходоодны хавд­­раар хандаж байгаа өвч­төнүүдийнх дийлэнх
нь хүндэр­сэн хойноо буюу гурав, дөрөв­дүгээр үедээ ирж байгаа аж. Я.Эрдэнэ-Очир
эмч “Зарим үед бүр тав, зургадугаар үе гэж байдаг бол тэр шатандаа хүр­сэн байх
гэмээр хүндэрсэн хойноо ирдэг” гэж толгой сэгсэрч байв.

“Хавдраа хүндрүүлэхгүй эрт илрүүлэх арга бол жил бүр урьдчилан
сэргийлэх үзлэгт хамрагдах. Ходоодны хавдар гэхэд л хожимдсон, хүндэрсэн үедээ л
шинж тэмдэг нь илэрдэг” гэж тэрээр ярьж байлаа. 
Я.Эр­дэнэ-Очир эмчээс нэг сонин статистик сонсов. Манай улсын эрчүүд  хавдрын өвчлөлөөрөө дэлхийд хоёрт, харин бүсгүй­чүүд
дэлхийд гу­равт жагсдаг юм байна. Хавд­рын өвчлөл 2007 оноос хойш эрс өсөөд явчихсан
гэнэ. Ар­ваад жилийн өмнө  бол хав­дартай
хүн ховор байжээ.

Ходоодны хорт хавдрын өвчлөл элэгний хавдрын дараа ордог байна.
Улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөхний хорт хавдрууд эдний араас жагсдаг
гэж эмч нар онцолдог. 

Хавдар судлалын үндэсний төв саяхан ХААН банктай хам­тарч  21 аймагт хавдрын үзлэг хийж 1000 орчим эрт үеийн
хавдар илрүүлжээ. Бүр Хөвс­гөлд байдаг гэр бүлийн залуус хоёулаа ходоодны хорт хав­дар­тай
байсан нь илэрчээ. Азаар тэдний хавдар нэгдүгээр үедээ байж. Одоо эмчлүүлээд эмчтэйгээ
байнгын холбоотой, сайхан амьдарцгааж байгаа гэнэ. Хавдраар өвчилсөн хү­мүү­сийн
насыг тандахаар 50-65 насныхан нэлээд байдаг 
гэж Я.Эрдэнэ-Очир эмч ярьж бай­лаа. Наяас дээш  гарсан хүн хавдраар өвчилсөн тохиолдол бараг л
ажиглагдаагүй гэнэ.

Хүмүүс  өвчнөө хүндрүүлж
ирээд байгаагийн нэг гол шалт­гаан нь  бөө,
лам нар гэж  Я.Эр­дэнэ-Очир эмч  онцлов. Лам, бөө гэсээр байгаад өвчнөө хүндрүүлж
хагалгаанд орс­ныхоо дараа ч мэргэн түргэн хүмүүстээ хир халдаадаггүй гэнэ. Орой
болохоор будаа  цацах, арц уугиулах гэх мэтээр
тэрүүхэндээ ёслол хийгээд унадаг  аж.

Эмчээс  нэг гэгээтэй мэдээ
сонсов. Гурав, дөрөвдүгээр үед орсон хэрнээ эмчилгээ хийл­гээд сайхан амьдарч яваа
хүн тоолшгүй олон гэнэ.  “Манай мэс заслын
эмч нарт  хийж чадахгүй хоёр төрлийн л мэс
ажилбар бий. Бусдыг нь бид өөрсдөө эндээ хийж бүрэн чадна. Гадагшаа эмчлүүлнэ гэж
гүйх шаардлага огт байхгүй” гэж тэрээр ярилаа. 

Дууны эрхтэн  буюу хоолойг
хавдартай үед авахаас аргагүй байдаг бололтой. Ярихыг хүс­сэн хүмүүс хоолойндоо
дуу сэргээх аппарат маягийн юм тавьдаг аж. Тэрийг тавих мэс засал хийлгэх хүсэлтэй
хүмүүс гадагшаа явдаг юм  байна. Аппарат нь
байвал хийдэг мэс ажилбар нь тийм хэцүү  эд
биш гэнэ. Хиймэл эрхтэн хийлгэх улс бас гадагшаа явдаг байна. Өмнө нь энэ хоёроос
гадна нойр булчирхайн толгой хэс­гийн хавдрыг авах мэс ажил­барыг манайд хийдэггүй
байж. Харин одоо бол дотооддоо хийдэг болчихож. Гурван жи­лийн хугацаанд зуу гаруй
хүнд хийж, үр дүнгээ тайлагнаж байж хийх боломжгүй мэс заслаас хасуулжээ.

 Хавдрын мэс засалчид  ходоодны хавдартаа  л мэргэш­сэн гээд байдаггүй, ямар ч эрхтний хавдрын
хагалгааг хийдэг юм билээ.  “Ганц  ходоод гэхгүй, таваас долоон эрхтэн тайрах үе
ч гардаг. Нээгээд үзсэний дараа нөгөө эрхтэнд үүссэн цус шүүрч байгаа хавд­рыг дараа
больё гээд хаахгүй шүү дээ. Авч таарна. Цоорсон хавдар байгаад идсэн хоол нь хэвлийгээр
нь  тарсан бол яах юм. Яаж ийж байгаад л авна”
хэмээн Я.Эрдэнэ-Очир эмч  яриад цагаа харав.
Дараагийн ажилдаа яарч байгаа нь илт.

Ярианыхаа төгсгөлд “Ийм хүнд ажил хийдэг эмч нарын цалин хэд байдаг
юм бол” гэж асуулаа. “Би эдэн дундаа нэ­лээд нэмэгдэлтэйгээр хамгийн өндөр цалинг
нь авдаг хүн.  Миний сарын цалин 870 мянган
төгрөг” гэж байна. Сүүлийн үед байгуулагдаж байгаа хувийн эмнэлгүүд улсын эмнэлгийн
аль сайн эмч нарыг түүгээд эхэлжээ. Өндөр цалин ам­лахаар сонголт хийхэд ч хэцүү
биш байдаг бололтой. “Танд ажиллах санал ирсэн үү” гэхэд толгой дохиж байна. “Та
тэгээд яая гэж бодож байна” гэхэд “Энэ янзаараа бол багаа аваад явна. Ер нь тэгээд
амьдралаа бодох цаг ирсэн гэж боддог. Ерээд оны хэцүү үеэс өнөөдрийг хүртэл бидний
үеийн ажилдаа дуртай  хүмүүс эрүүл мэндийн
салбарыг энэ дайтай авч ирсэн. Би үеийн эмч нараа баатрууд гэж боддог юм” гэснээр
бидний яриа дууслаа.  

Бас нэг зүйл хэлэхэд сүү­лийн үед аль болох илүү цагаар ажиллуулахгүй
байх чиг ирээд байгаа гэнэ. Өвчтөний ачаал­лаа дийлэхгүй байхад  ийм сануулга ирээд байгаа нь хө­рөн­гө төсөвтэй
холбоотой бо­лолтой. Цаанаасаа тэгж хэлсэн гээд цагтаа тараад явчихаж чаддаггүй
нь эмч нар, өвч­төнүүдийн  ярианаас илт ан­заа­рагдсан.
Өвчтнүүд хүнд­рэхээрээ л эмчээ дуудна, тэр тоолонд нь л ирчихсэн явж байдаг гэсэн.  

Эмчийн өрөөнөөс гараад зөвшөөрөл авч хэд хэдэн өрөө­гөөр орлоо.
Эхний орсон өрөөнд үүдэнд таарсан бүсгүй сууж байна.  Ээжийгээ сахиж байгаа гэнэ. Хажууд нь ярихгүй
гээд тусдаа ярих юм болов. Ээжийнх нь ходоод өнгөрсөн зунаас  эвгүйрхээд үзүүлтэл хавдрын эцсийн шатандаа орсон,
хавдар үсэрхийлсэн гэх онош сонсчээ. Бээжин рүү хоёр, Япон руу хоёр удаа  явж шинж­лүүлжээ. Сүүлдээ хориод лам, тав зургаан
бөөд үзүүлж. Нө­гөөдүүл нь хорт хавдар биш, хагалгаанд орж болохгүй  гэж баахан хугацаа алдуулжээ. Тэгээд л хагалгаанд
орж. Бүх эрхтэнд үсэрхийлсэн байсан болохоор 
нээгээд л хаажээ. Гурван сарын нас үлдсэн гэж хэлжээ. Хавдар нь үсэрхийлсэн
хүмүүст химийн эмчилгээ хий­дэг ч энэ удаа тэгж зовоох  хэрэггүй гэж эмч нь зөвлөсөн гэнэ. Ээждээ хавдрынх
нь талыг авсан гэж хэлсэн учраас тусдаа ярья гээд байж.  “Хавдраа ава­хуул­сан хүмүүс нүдэн дээр л сэргээд
ирдэг юм байна.  Эр­дэнэ-Очир эмч ээжтэй яг
л тэр  хүмүүстэй адил харилцаж амьд­­рах урам
өгч байгаа. Бу­сад хүмүүстэй адил эмчилгээ хийж, удахгүй эдгэнэ гээд бай­хаар хүн
их сэргэдэг юм байна. Одоо ээж амьдрахын төлөө зүтгэж байгаа. Ээж шиг минь ямар
ч найдваргүй болсон хүмүүс их байдаг юм байна. Ходоод өвдөөд байвал үзүүлэх ёстой
гэдгийг энд ирээд ойл­голоо. Уг  нь доод давхарт
гучин насандаа тийм шинжилгээ, дөчтэйдөө ийм шинжилгээ өгөх ёстой гээд бичиг хадчихсан
байна лээ. Эндэхийн эмч нар ямар хэцүү нөхцөлд хэчнээн мундаг ажил­ладгийг энд хэвтэж
эмчлүүлсэн хүмүүс л мэдэрдэг юм байна” гэж бүсгүй ярив. Стрессээс болж ходоодны
хорт хавдар туссан хүмүүс нэлээд байдаг бололтой. Эмч нар өвчтнүүдэд хятад жимс
идэхгүй байхыг зөвлөдөг аж.

Хавдар судлалын үндэсний төвийн Мэс заслын тасагт хэвтэж байгаа
хүмүүсийн дунд залуу хүмүүс  ч цөөнгүй хараг­даж
байв. Энд хэвтэж байгаа 29 настай бүсгүй гэхэд л ходоодоо авхуулах  мэс засал хийлгэжээ.  Аав нь дөрвөн сартай хүүхдийг нь хөхнөөс нь хүчээр
гаргаж хөдөө аваад явжээ. Ээж нь охиноо сахиж байгаа гэнэ. Жирэмсэн байхад нь хавдар
нь идэвхжсэн аж. Ийм тохиолдол мэр сэр гардаг юм  байна.

Дараагийн өрөөнд ороод ярилцсан хүн маань Я.Дагий­бал гуай.  Хөхний хавдрын нэгдүгээр шатандаа ирж хагал­гаа
хийлгэжээ. Усанд орж бай­гаад тэмтэрч үзээд сэжигтэй санагдахаар нь эмнэлэгт ханд­сан  гэнэ. Дагийбал гуайн өрөө­нөөс гарч яваад Баян-Өлгий­гөөс
эхнэрээ эмчлүүлэхээр ирсэн Көчершин гэдэг хүнтэй таарав. Эхнэр нь ходоод арван хоёр
нугалаа гэдэсний завсраа хавдартай ирээд хагалгаанд оржээ. Тэрээр “Би ийм олон хүн
хавдартай байдаг гэж огт бо­доогүй. Бидний гол алдаа юу гээч. Санаанаасаа онош та­виад
тэрэндээ итгээд яваад байдаг. Эхнэрээ анх хавдартай гэхээр нь их айсан.  Гэтэл боломж байдаг юм байна. Манай эмч нар мундаг
юм байна. Хүн үхээд дараа төрөл олно гэдэг дээ. Тэгдэг эсэхийг мэдэхгүй. Харин энэ
насандаа үхээд дахин амьдарч байгаа мэт мэдрэмжийг үхлийн өмнө ирчихээд эрүүл болохдоо
мэ­дэр­дэг. Тийм мэдрэмжийг энэ хүмүүс өгч чадаж байна. Уулз­сан хүн бүрдээ л хавдраас
битгий айгаарай, манай эмч нар мундаг юм байна гэж хэл­мээр санагдаад байгаа.   Ах нь эхнэртээ сэтгэлийг нь зовоохгүй гээд хавдартай
гэж хэлээгүй. Шархлаа үүсээд дөнгөж хавдар болох гэж байж гэчихсэн. Одоо дажгүй
болсон юм чинь заавал тийм айхтар зүйл хэлж үйм­рүүлээд яахав” гээд биднийг эхнэрийнхээ
хэвтэж байгаа өрөөнд дагуулж оров. Эхнэр нь дусал залгуулчихсан инээмсэг­лээд хэвтэж
байв. Маулия гэж өөрийгөө танилцуулсан эмэг­тэйн бие эрс сайжирсан нь царайнаас
нь илт анзаарагдаж байлаа.

Дөнгөж хагалгаанаас га­раад хэвтдэг өрөөнд  50-60 насны дөрвөн хүн хэвтэж бай­на. “Үүнээс
олон ортой бол хагалгааныхаа тоог нэммээр л байна” гэж Я.Эрдэнэ-Очир эмч ярьж байсан.
Тоног төхөө­рөмжийн шинэчлэл, бага төс­вөөс 
эхлээд асуудал ихтэй Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал ийм, өвчтөнүүд
нь ийм сэтгэгдэлтэй  байна.  Төсөв гэснээс 
хавдрын хагал­гаа өртөг өндөртэй, нэг хагал­гаа гэхэд л цөсний зуун хагал­гааны
зардлаар бүтдэг юм билээ. 

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Зээлжих зэрэглэл Монголыг долларгүй болгох нь

“Мoodys” энэ оны дө­рөв­дүгээр сард
анхаарал татахаар нэг мэдэгдэл хийснийг бидний олонх нь анзаараагүй. Гаргасан үнэлгээ,
хэлсэн сануулга бүрийг нь дэлхийн мөн­гөтэй эрхмүүд анзаарч сонсдог энэ байгууллага  “Ирж буй 12-18 сарын хугацаанд Монголын сан­хүүгийн
систем муудах эрсдэлтэй” гэж зарлаж байв. Өнгөрсөн хавар ингэж зарласан гэхээр ирэх
хавраас байдал эвгүй­дэж магадгүй гэсэн үг. “Мoodys”-ийн үнэл­гээгээр Засгийн зээлжих
зэрэглэл өнөөдөртөө B1 байгаа. Өнөөдөртөө гэдэг нь учиртай. Үнэлгээний байгууллагууд
нөхцөл байдал өөрчлөгдөнгүүт дахин үнэлгээ хийж, зэ­рэг­лэлээ шинэчилдэг.  B1  бол
ерөнхийдөө муудаж байна гэсэн үг. ААА, ВВВ бол хөрөнгө оруулахад боломжийн улсуудад
өгдөг үнэлгээ. ААА бол бүр сайн. BBB, BB гээд уруудаж явсаар  B1 дээр ирнэ гээд бодохоор санаа амрахаар үзүүлэлт
биш л дээ. Үнэлгээний байгууллагууд өнөөд­рийн байгаа байдал, хэтийн төлөв гэсэн
хоёр төрлийн үнэлгээг Засгийн газар болон компаниу­дад өгдөг. B1  гээд байгаа нь  Монголын засаг хэр байсны үнэлгээ. Хэтийн төлөв
дээр сайн дүн тавиагүйг дээр хэлсэн.  “Мoody\’s”
Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс мөнгө босгосон “Mongolian mining cor­poration”-ийн
зээлжих зэрэглэлийг бууруулж, Caa2 гэсэн ангилалд багтаасан гэх мэдээлэл саяхнаас  хэвлэлээр цацагдаж байна. Хөрөнгө оруулагчдын
хувьд аль эрт сонссон мэдээ л дээ. Үнэлгээг нь бууруулсан шалтгаанаа “2013 оны хоёрдугаар
хагас болон 2014 онд “Mongolian Mining Cor­poration”-ийн бэлэн мөнгөний тэнцэл зээлтэй
холбоотой шаардлагуудыг биелүүлэх хэмжээнд хүрэхээргүй байна” гэж тайлбарлажээ.

“Mongolian Mining Corporation”-д өгөөд
буй Caa2  гэсэн үнэлгээг  энгийнээр 
эрсдэлтэй гээд ойлгочихож болно. Гаргасан бонд нь үнэ цэнэгүй болсон гэсэн
үг. Энэ компанид итгэж мөнгөө зээлж болохгүй шүү гэсэн дохиог хөрөнгө оруулагчдад
өгч байгаа хэрэг. Харин эсрэгээрээ  үнэлгээ
сайн гарвал нөхцөл сайтай зээл олдох магадлал өндөрсдөг. 

Аль нэг компани, Засгийн газруудын
зээл авч, зээлээ эргүүлж төлөх чадварыг л зээлжих зэрэглэл гээд байгаа юм.

Энэ үнэлгээг голчилж хийдэг,  дэлхийн үнэлгээний зах зээл дээр  монополь байр суурьтай  гурван бай­гууллагын нэг нь “Мoody\’s”.  Нөгөө хоёр нь Standrad&Poor\’s,  FitchRatings. 
Энэ гурвын үнэлгээ ер нь дөхүү гардаг. Тэгэхээр манай үнэлгээ тийм ч сайн
биш гэсэн үг. Хөрөнгө оруулагчид бонд гаргаж байгаа компани, Засгийн газарт итгэж
мөнгөө оруулах эсэхээ эдний үнэлгээг харж байж шийддэг. Сая  үнэлгээ нь буурдаг “Mongolian mining
corporation” гэхэд л өнгөрсөн оны гуравдугаар сард 600 орчим сая ам.долларын бондыг
8.7 хувийн хүүтэйгээр  таван жилийн хугацаатайгаар  гаргаж байв. Тэр үед “Mongolian mining
corporation”-д Standrad & Poor\’s B+, Moody\’s B1 гэсэн үнэлгээ өгч байсан юм.
Тодруулж хэлбэл үнэлгээ тогтоодог аваргууд мөнгө зээлж болно гэсэн дохиог  хөрөнгө оруулагчдад өгсөн хэрэг.  Харин одоо бол “эдэнд мөнгөө өгч болохгүй шүү”
гэчихлээ. Цаашлаад Засгийн газрын зээлжих зэрэглэл буурах, хөрөнгө оруулагчдын мөнгө
буюу долларын урсгал хаагдах эрсдэл өндөр байгаа гэж  судлаачид сануулж байна. Ямар эрсдэл байгааг бичихийн
өмнө “Мoodys” тэргүүтэй үнэлгээний аваргууд зэрэглэл тогтоохдоо яаж ажилладгийг
сонирхуулъя. Мэдээж олон шалгуур үзүүлэлтийг харж таарна. Тэр дундаа эрсдлийн үнэлгээг
маш нарийн явуулна. Нөхцөл байдлыг ихэвчлэн 
the worst case scenario буюу хамгийн муу тохиолдолд гэсэн байр сууринаас
авч үздэг. Үнэлгээг улс орны онцлог, салбарын эрсдэл, бизнесийн эрсдэл, санхүүгийн
эрсдэл гэсэн ерөнхий чигийг барьж тогтоодог.  

 

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ДУРГҮЙ САЙД 

 

“Мoody\’s” тэргүүнтнүүд гадаа­дын хөрөнгө
оруулалтын со­нирхлыг хамгаалж, урьдчилан анхааруулга өгөх үүрэгтэй ажил­ладаг.
Манайд хоёр гол асуудал бий гэж шинжээчид хэлдэг. Эхнийх нь өрийн огцом өсөлт, хоёр
дахь нь гадаадын хөрөнгө оруулалтдаа хандаж буй хандлага. Хөрөнгө оруулалтын орчныг
эхлээд онцолъё. Сүүлийн үед гадны улсуудад Монголд хөрөнгө оруулах сонирхолтой эрхмүүдийг
цуглуулж, Монголын төрийг төлөөлсөн эрхмүүд 
хөрөнгө оруулалтын таатай орчин  амлаж
байгаа нь олзуурхууштай. Гэхдээ дэлхийн уул уурхайн акулуудын нэг, дэлхийн хэмжээний
стандарт мөрддөг “Рио”-той ясаа цайтал үзэлцэнэ гэж ярьдаг Уул уурхайн сайдтай Монголд
хөрөнгө оруулагчид шууд ороод ирнэ гэхэд хэцүү. Баттай хэлэх зүйл гэвэл  “Энэ хүнийг сайд байх үед лав мөнгөө оруулахгүй”
гэж хөрөнгө оруу­лагчид өөр зуураа ярьдаг. Саяхан Сингапурт болсон Монголын хөрөнгө
оруулалтын  чуулга дээр Оюу толгойн гүйцэтгэх
захирал Грэйг Киннел төслийнхөө хоёр дахь санхүүжилт хэзээ ший­дэгдэхийг мэдэхгүй
гэж хариулна лээ. Цаг хугацааны шалгуур давсан, хүчирхэг түншлэл бий болж байж Оюу
толгой ашгаа өгнө гэж хөрөнгө оруулагчдад хэл­чихээд гарч явсаныг хэвлэлээс харчихаж
болно.   Грэйг Киннелийн хэлсэн шиг хүчирхэг
түншлэл өнөөдрийн хувьд лав байхгүй. Засаг, Рио хоёр хэлэлцээрийн ширээний ард Улаанбаатар,
Лондонг хэсч хэдэнтээ суугаад ч гавьтай шийдэлд хүрээгүй. Салбарын сайд нь Оюу толгой
гэдэг том төсөлдөө дургүй янзаараа. Хонконгийн хөрөнгийн биржээс мөнгө босгож уул
уурхай хөгжөөгүй Ховдын хязгаарт зам, уурхай барьж мөнгөө зарлагадсан  “Мо Эн Ко” байна. Стратегид оруулж ч магадгүй
гэж айлгаад бүх ажлыг нь зогсоочихсон.

Өнөөдөр яахаа мэдэхгүй хэдэн хүн  уурхай дээрээ биш, оффистоо сууцгааж байна. Сая
гэхэд л УИХ-ын хэдэн гишүүн нь занар дээр баахан мөнгө оруулчихсан Амери­кийн “Жени
ойл”-ийг гайхашралд унагачихсан. Занараа ашиглана гэж баахан хайгуул хийлгэж мөнгийг
нь үрчихээд “Ерөөсөө занараа  боловсруула­хаа
боли­лоо” гэж байх жишээний. Газрын ховор элементийн хайгуулд бас хэд хэдэн гадны
компани оруулж ирж мөнгийг нь үрүүлчихээд стратегид оруулна, тэгж байж ашиглах эсэхээ
шийднэ гэчихэж байгаа юм.  Хөрөнгө оруулалтын
орчин дээр энэ мэт таагүй жишээ ярья гэвэл өчнөөн баримт бий. Хөрөнгө оруулагчдад
итгэл төрүүлье гэвэл ядаж л гаргасан алдаануудаа засмаар байна.

Зээлжих зэрэглэл дээр Монгол тааруухан
дүн аваад байгаа нь  саяхны нөлөөлөл биш.
Өнгөрсөн оны тавдугаар сард Стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах
тухай гэсэн нэртэй хууль гаргаж, хазгай гишгэж эхэлснээс үүдэлтэй.           Хөрөнгө оруулагчид таатай орчны дараа
дэд бүтцийн хөгжлийг хардаг. Баялгаараа мөнгө олох манайх шиг улс  баялгаа зөөгөөд гаргах төмөр замтай бол тэдэнд
өөр харагдана. Хувийн хэвшлийнхэн нэг хэсэг 
Хятад руу хөрөнгөөрөө төмөр зам тавихаар 
идэвхтэй ярьж байсан ч төр дундуур нь ороод юу ч үгүй болгосон. Үр дүнд нь
өнөөдөр өргөн, нарийн  аль ч цариггүй сууж
байгаа. Төрөөс болсон жишээ гэвэл бас л  өчнөөн
бий. Ингэсгээд орхиё.

МОНГОЛ ӨРӨНД ДҮҮЖЛЭГДЭХ ҮҮ?

Зээл өгч болохгүй улс шүү гэсэн анхааруулгыг
авах дөхөөд буй өөр нэг шалтгаан нь гадаад өр. Казинод донтсон нөхөр байдаг даа.
Улайрчихаараа өөрийгөө нь тавиад тоглочихож мэдэхээр тийм донтой нөхдийг Лас Вегасаас
өчнөөнөөр нь харж болно. Яг ийм дон  манай
засгаас харагдаад байна. Хөгжлийн банкны бонд, Чингис бондыг гаргаж олсон  хоёр тэрбум орчим ам.доллараа үрж өгч байгаа.
Одоо  Самурай бонд гаргана гэцгээж буй. Төсвийн
тогтвортой байдлын хуулиар бол засгийн өр ДНБ-ий 40 хувиас хэтэрч болохгүй. Гэтэл
манай өр 2012 оны байдлаар гэхэд л ДНБ-ий 63 хувьд хүрсэн гэх статистик бий. Энэ
оны хувьд өнгөрсөн жилийнхээс өндөр, дараа жилийнх бүр өндөр гарна. Өрийн хямралд
орсон улсуудын жишээг эргэн харцгаая.

Оросын 1998 оны өрийн хямрал байна.
Өр нь  ДНБ-ий 50 хувь хүрснээс болж хямрал
эхэлж байсан. Аргентиний 2000 оны хямрал гэхэд л өрийн хэмжээ нь ДНБ-ийх нь 55 хувьд
хүрсэнээс үүдэлтэй.   Монгол  Улс  өрөндөө
дүүжлэгдэх эрсдэл өндөр бий гэж эдийн засагчид хэлж байна.

Байдал ийм байхад дахиж бонд гаргах
амар биш. Ирэх жилийн хувьд бонд гаргах ямар ч боломж харагдахгүй байна. Өнөөдөр
үүсчихээд буй байдал   арай эерэг болсон хойно,
зээлжих зэрэглэл ахиж, Оюу толгой урагшилсны дараа  “Чингис” бондынхоо үлдсэнийг авна, самурай бонд
гаргана гэж яривал өөр хэрэг. 

Баялгийн хараалыг тун  энгийнээр тайлбарлавал  баялгаа эдийн засгийн хөгжил, иргэдийнхээ амьжиргааг
сайжруулахад ашиглаж чадахгүй будилаад буйг 
хэлээд байгаа юм. Баялгийн хараалын  
эдийн засагт сөргөөр нөлөөлж болох сувгийн нэг нь өрөндөө дүүжлэгдэх гэж
эдийн засагчид хэлдэг. Өрийн  хямралд орсон
улсуудын жишээг харахад Монгол гэдэг улс өрөндөө дүүжлэгдэхэд тун ойрхон иржээ гээд
дүгнэчихэд нэг их хол зөрөхөөргүй байна.

Одоо нэг л гарц бий. Тэр нь хөрөнгө
оруулалтыг татаж, наашаа орж ирэх долларын урсгалаа нэмэгдүүлэх. Хөрөнгө оруулалт
ойрын үед шууд нэмэгдэхгүй байх эрсдэл, бодит байдлыг өмнө тайлбарласан. Өөр бэрхшээл
ч бий. Өмнө нь сайдын хандлага энэ тэр гээд дотоод шалтгаанууд тооч­сон бол гадаад
шалтгаан гэж айхав­тар юм бас байна. Сүүлийн үед Евро бүсийн хямрал намжих тал руугаа
орж, хөгжилтэй ул­суудын эдийн засаг сэргэж эхэлсэн. Ийм шалтгаанаар хөрөнгө оруулагчид
өнөөдрийг  хөгжилтэй улсуудад хөрөнгө оруулахад
хамгийн сайн үе гэж онцолж байгаа юм билээ. Мөнгөтэй эрхмүүд ши­нээр гарч ирж буй
зах зээлээс хөгжилтэй орны зах зээл рүү “ур­ваад” эхэлчихэж. Харин хамгийн ашигтай
төслүүдээ эхэлж санхүү­жүүлж, ядаж л урагшаагаа шууд гардаг төмөр замтай болж, цахил­гаан
станц энэ тэрээ барьчихвал  хөрөнгө  оруулагчид биднийг арай   өөрөөр харж эхэлнэ.                                                                                   

МУИС-ийн эдийн засгийн сургуулийн
багш, доктор Б.Эрдэнэбат “Эдийн засгийн тооцоо судалгаа хийх чадвараараа манай улс
дэлхийн 196  улсаас 161-д жагссан. Гэтэл бид
түүхэндээ хамгийн чухал шийдвэрүүдээ өнөөдөр гаргаж байна. Тэгэхээр чадавхиа сайжруулахад
анхаарах цаг яах аргагүй ирсэн” хэмээн ярилаа. Бас л анхаарахаар өнцөг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Б.Мөнхдорж: Би хүүхдээр бизнес хиймээргүй байна

Төрийн шагналт, ардын жүжигчин,
найруулагч Б.Мөнх­доржтой ярилцлаа.

-Та “Хөх гацуурхан” теат­раа жилийн
өмнө бай­гуулсан байх аа. Уран бү­тээл нь овоо жигдэрч эхэлж байна уу?

-“Хөх гацуурхан” театр студи гэж нэрлэгдэх
албан ёсны гэрчил­гээ авсан өдөр маань 2012 оны наймдугаар сарын 24-ний өдөр. Театрын­хаа
нээлтийг зохиолч Ц.Тү­мэн­баярын “Мөрөөдлийн үзэг” гэдэг жүжгээр өнгөрсөн жил хийсэн
юм. Үүнээс хойш нэг жил өнгөрлөө. Энэ хуга­цаанд бид дахиад юу хийхэв гэдэг асуудал
гарч ирсэн.  Бэрхшээлтэй талууд бий л дээ.
Байр байдаггүй. Тамга тэмдэг нь гар цүнхэнд явж байдаг. Байгаа газ­рынхаа коридорт
ажлаа явуулдаг. Өөрийн гэсэн тайз байхгүй учраас Хүүхдийн ордон, Улаан­баатар чуулга
гэсэн газруудаар тоглолт хийдэг. Энэ газрууд бидэнд сайхан хандаж дэмжиж, бидний
үйл ажилд тусалж байдагт талар­хаж явдаг. Энэ жил хүүх­дүүдийн сайн мэдэх “Чоно
ба долоон ишиг” үлгэрээр Мэнд­сайхан гэдэг жүжгийн зо­хиолчоор жүжиг бичүүлж хүүх­дийн
жүжиг тавилаа. Өн­гөрсөн ням гаригт анхныхаа тоглолтыг хийлээ. Байр сав­гүй учраас
цугларсан газар­таа суургуулилтаа хийж энэ жүжгээ гаргалаа. Жүжгээ Хүүх­дийн ордонд
нээсэн. Хүүхдийн ордны Нямсүрэн багштай драмын дугуй­лан­гийн хүүхдүүд энэ жүжгийн
ишигнүүдэд тоглож байгаа. Хүүх­дүүд их амжилттай оролц­сонд бас талар­хаж байна.
Ордны захиргаа бо­лон багш нарт мөн талархаж байна.

Одоо бид хоёр дахь жүж­гээ энэ сарын
30-нд Хүүхдийн ордонд нээх гэж байна. Хүүх­дийн нэрт зохиолч С.Михал­ковын “Бардам
туулай” гэдэг жүжиг. Үүнийг бид их өвөрмөц хэлбэрээр хийлээ.

-Хүүхдийн ордны тайз, үзвэ­рийн
танхим нь драм, дуулалт аль ч төрлийн жү­жиг тоглоход бололцоотой юм уу?

-Ер нь боломжийн. Гайгүй шүү.

-“Хөх гацуурхан” теат­раа байгуулахдаа
та гар­цаагүй нийг­мийн шаард­лагыг олж харсан байх. Хэдийгээр шаардлага хэ­рэгцээ
их байгаа ч болол­цоогоо та бодож үзсэн биз дээ?

-Энэ бол ерөөсөө л нийг­мийн хэрэгцээ
шаардлага. Хүүхдэд зо­риулсан уран бү­тээлийн хэрэгцээ, бүр анхаа­рал хандуулахаас
арга­гүй онцгой нөхцөл үүсчихээд бай­гаа юм. Нэгэнт зорьсон учраас ирээ­дүй гарцаагүй
сайхнаар босох ёстой.

-Урын сангийн бодлого  ямархуу чигтэй байгаа вэ?

-Бид драмын жүжгээс гадна хүүхдийн
цуврал теле жүжгийн төрөлд хандаж бай­на. Оросын хүүхдийн зохиолч Носовын “Үл мэдэх
ба түүний нөхөд” романаар телевизийн цуврал жүжиг хийхээр бэлтгэл ажилдаа орчихоод
байна. Энэ сарын 30-ны өдөр болон арванхоёрдугаар сарын 1-нд “Бар­дам туулай”,
“Чоно ба долоон ишиг” жүжгээ тоглоно. Энэ хоорон­доо бид теле жүж­гийн бэлтгэлдээ
ороод явж байна. Цааш нь бид тав зур­га­дугаар сард “Улаан мал­гайт” гэдэг хүүхдийн
алдартай зохио­лоор жүжиг тавихаар бас бэлгэлээ хангаад явж байна. Төлөвлөж байгаа
жүж­гүүд нэлээн байна. Дунд ан­гийнханд зориулаад “Төмөр ба түүний нөхөд” зохиолоор
бас жүжиг тавихаар зохиолыг нь гаргах талаар эхний ярилц­лагаа хийлээ.

-Сонгодог юм уу үндэс­ний уламжлалт
төрөл хэл­бэрийнхээ хажуугаар орчин үе рүү хандах хандлага нь ямар байх бол?

-Орчин үе рүү хандах ханд­лага бидэнд
бий. Шинээр төрж байгаа жүжгийн зохиолчидтой ажилла­хаар ярьж байгаа юм бий. Зохио­лын
сонголт дээр бид янз бүрийн зохиол гаргаж ирж байна. Жишээ нь, сонгодгууд руугаа
нэлээн түл­хүү ханд­сан. Митерлингийн “Хөх шу­­вуу” гэдэг алдартай зохиолыг жүжгийн
зохиолын хэлбэрт оруу­лаад мөн л бэлтгэлээ хийж байна. Үлгэрийн хаан гэж ярьдаг
Евгений Шварцын “Цасан хатан” гэсэн гайхал­тай жүжгийн сонгодог зо­хиолын орчуулгыг
нь хүлээж аваад байна. Андерсений дараахь хүн шүү дээ. Эрдэнэ­билэг гэдэг хүн орчуулсан.

-Хуучны Хүүхэд залуу­чуу­дын театрын
жүжгүү­дээс эргүүлж сэргээх үү?

-Хуучны жүжгүүдийн ма­те­риа­лууд
нь одоо байхгүй. Бид өөрс­дийн гэсэн юмаа хийнэ. Өөрийн гэсэн зорилго статустай
учраас. Ирээдүйн үзэгчдийг бэлдэнэ гэдэг их том зорилго бидний өмнө байгаа юм.

-Нийгэмд амьдрах соёл, оюу­ны боловсрол
гэж хүн бүр эзэмш­вэл зохих үнэт зүйл байна. Энэ бүхнийг хүүхдийн театраас эхэл­нэ
гэж үзээд байгаа юм л даа?

-Ер нь улс орон бол эхлээд хүнээ бэлдэх
ёстой юм. Хүнээ төлөвшүүлж, ний­гэмд амьдрах зүг чиг ханд­лагыг тогтоохын тулд урла­­гаар
дамжуулж тогтоож төлөв­шүүлдэг юм. Үүнд хүүхдийн теат­рын нөлөө их. Хамгийн том
суурь нь. Ингэж XXI зуу­ныхаа үзэгчдийг бэлтгэх, тэр ертөнц рүү оруулах бэлтгэл
нь хүүхдийн театраас эхлэх ёстой юм.   

-Танд одоо ямар най­руу­лаг­чид
байна?

-Хэд хэдэн залуучууд бай­на. Дараагийн
жүжигтээ ажил­луула­хаар бэлтгэж бай­гаа найруулагч бол Амар гэж залуу байна. Өнгөр­сөн
жил “Ричард ван” жүжгээр диплом хамгаалсан. Маш сайн, со­нир­холтой уран бүтээлч.
Ма­най жүжгүүдийн орчуулга хийж байгаа Эрдэнэбилэг ч оюуны өндөр боловс­ролтой хүн.

-Хүүхэд, залуучуудын театр үзэгчдэдээ
сонгод­гоор суурийг нь тавьж дараа нь орчин үеийн төрөл хэл­бэр рүүгээ орох нь хэр
зөв бэ?

-Сонгодгоор сууриа тавих нь хамгийн
зөв. Сонгодог дотроо бүр үндэсний сонго­дог дээр, үндэсний үлгэр домгууд дээр суурилах
юм бол нэгдүгээрт, хүүхдэд үн­дэс­ний үзлийг төлөвшүүлэх, үндсээ мэдэх, эх хэлээ
таних бололцоог нээж өгч байгаа юм. Ер нь театрын нэг зорил­го нь энэ. Аль ч улс
оронд эх хэлээ театраас сонсч байдаг. Үндэсний хэлийг үндэсний жүжгийн зохиолуудаар
хүүх­дүү­дэд хүргэж байж эх хэлээ таньж мэдэж, авч үлдэх гол хэрэгсэл болж байгаа
юм. Тийм учраас жүжгийн зохио­лын сонголт бас нарийн төвөг­тэй. Бид нар сонгодог
болон үндэсний жүжгүүд, үндэсний бусад бүтээ­лүү­дийг түлхүү хийх бодолтой байна.

-Үндэсний сонгодог бүтээлд түлхүү
хандана гэж та түрүүн хэллээ. Үлгэр домгийн сан мэдээж бараг­дашгүй их. Харин манай
орчин үеийн утга зохиолд хүүхдийн бүтээл ховор байх аа. Энэ нөхцөлд та зорилгоо
яаж хэрэгжүүлэх бол?

-Ховор ч гэсэн байгаа юм. Гагцхүү
тэднийгээ авч хэрэг­жүүлсэн юм бараг алга. Утга зохиолд хүүх­дийн зохиолын хувь
нь бага байгаа юм. Манай хууччуулын бичсэн хүүхдийн сайхан жүжгүүд цөөхөн ч гэсэн
одоо ч эргээд харахад маш хэрэгтэй юм­нууд байна. Жишээ нь, Д.Нам­даг гуайн “Нэг
ангийнхан”, Л.Ванган гуайн “Ач хүүгийн зүүд” гээд байж байна. Эд нарыг өнгөр­сөн
жил төгссөн манай ангийнхан “Оюутан” театртаа тавьсан юм. Тэгэхэд тэр жүжгүүдийг
өнөөгийн хүүх­дүүдийн хэрэгцээг хан­гахаар хийж болох юм байна гэж би харж байсан.
Энэ мэтийн жүжгүүд гарч ирэх л юм билээ. Дээрээс нь бид залуучуудаар бичүүлнэ. За­луу­чууд
нь хэлний их соёлын суурьтай байх хэрэгтэй. Мон­голын үндэсний утга зохио­лын өргөн
мэдлэгтэй бай­маар байгаа юм. Тэгж байж хэлний сангаас шүүрдэхэд хэрэгтэй. Тууль­сын
жүжиг хүүхдийн театрын жүжигчдэд маш их нэмэр болно гэж би бодож байгаа юм. Ийм
хэлбэрээр бас ажиллана.

-Зөвхөн жүжгийн зохиол гэлт­гүй,
ямар ч хэлбэрийн зохиолыг тайзных болгох, бүжиг, хөгжим болон бусад урлагтай синтез,
модерни­заци хийх зэрэг боломж ялангуяа хүүхдийн театрт илүү тохиромжтой биз дээ?

-Жүжигт модернизаци хийж болно. Бүжгэн
жүжгийн хэлбэрт орохгүйгээр хөдөл­гөөний хэлбэр дээр модер­низаци хийх, пластик
хэлбэ­рээр яруу найргийг тавьж болно. Бид нар том зохиолч­дын яруу найргаар ийм
бү­тээл хий бодол байна. Омар Хайяамын шүлгүүдээр бүтээл тавих бодол төрөөд явж
л байна. Яруу найраг өөрөө хөгжим. Тавилттай уншла­гын театр гэдэг чинь сонсгох
л зориулалттай байдаг. Үгийг нь сонсоод л хүн таашаал авч байдаг. Сонсголонтой байх,
тэгээд их оюунлаг байх энэ тал руу бид бас туршина. Хүүхдүүдэд яруу найргийг сонсгох,
яруу найргийн ид шидийг яаж театрын орон зайн хэлбэрт оруулж гаргаж тавих вэ гэхчилэн
уран бүтээ­лийн эрэл хайгуул янз бүрийн хэлбэрээр “Хөх гацуурхан” театрт хийгдэнэ.

-Том найруулагч хүүх­дийн театрыг
босгох гэж байгаа нь үнэхээр баярла­маар. Ямар л бол ямар хэл­бэр төрлөөр ажиллах
бо­лол­цоо танд шинээр гарч ирж байх шиг байна, тийм ээ?

-Өргөн боломж олгож бай­на. Хүүхэд
өөрөө их фантас­тик ертөнц шүү дээ. Дандаа уран сэтгэмж явж байдаг. Хүүхдийн ертөнцийн
тэр сэт­гэлзүйн, гоо сайхны таашаа­лыг бүрдүүлэхэд бидний сэт­гэл зүй бас түүнд
нь ойрхон байх ёстой юм. Тэр фантастик ертөнцийг бий болгох, хүүх­дэд өөдрөг үзэл
санааг суул­гаж өгөх, гэгээн бодол санаа­тай байхад нь хүүхдийн театр том суурь
нь болж байдаг. Энэ үүднээсээ хүүхдийн теат­рын урын сангийн бодлого ч их том байх
учиртай.

-Сүүлийн жилүүдэд хүүх­дэд зориулсан
бүтээл гарч байгаа ч ихэнхдээ шаард­лага хангахгүй бү­тээ­лүүд гарч байна. Хүүх­дүүд
сурах бичгээсээ эх­лээд урлаг хүртэл маш доогуур түвшний бүтээгдэ­хүүн хэрэглэж
байна. Та энэ тал дээр яаж анхаарах вэ. Муу зохиолоос татгалзана биз дээ?

-Заримаас нь татгалзана. Зари­мыг
нь шинэчилнэ. Театрт уламж­лалаа шүтэх гэж нэг том юм бий. Уламжлалыг олж харсан
нөхцөлд тэнд заавал шинэ юмны санаа төрж байдаг юм. Тиймээс театрын уламжлалд шинээр
хийх зүйл зөндөө байдаг. Харин муу зохиол бол өөр асуудал. Уран сайхны, гоо зүйн,
эх хэлний доогуур түв­шинд хийж байгаа бол аян­даа мөхнө. Ер нь бодлого барина гэдэг
бол тэр театрын жүжигчдийг өсгөхийн ха­жуу­­гаар үзэгчдийн оюуны чад­варыг нэмэгдүүлэх,
ялангуяа бага насны хүүхдүүдийн өөдрөг гэгээн сэтгэл санааг тэр хэвээр нь хадга­лахын
тулд ямар бүтээл хийх юм гэдгээ олж товлох асуудал юм. Түүнээс биш “хүүхдийн” гэсэн
юм бүхнийг барьж авахдаа биш. Мон­голын­хоо зохиолч­доос үүнийг олж харах, үлгэр
туульсаас ч үүнийг олж харж товлох нь чухал. Энэ бол юуны эрлийн сав. Энэ сангаас
шүүрдэхийн тулд бид өөрсдөө сэтгэлгээний асар өргөн цар хүрээ­тэй, маш тансаг сэтгэлгээгээр
хан­дах шаардлагатай болж байна. Уран сайхны ертөнц гэдэг бол шал өөр ертөнц учраас.

-Анхны тоглолтоо хийж байгаа шинэ
жүжгүүдийн­хээ тайз, хувцас зэргийг яаж хийв? 
 

-Ёстой л дипломын жүжиг хий­дэг шиг
хэмжээний юмаар хийлээ. Манай жүжигчин хүүх­дүүдийн ар гэрийнхэн, зарим хүүхдийн
аав таван зуун мянган төгрөг өгч байх жишээтэй. Манай ойр төр­лийн нэг хүн бас нэг
сая төгрөг өгч байх жишээтэй. Ийм замаар л тайз, хөгжим, хувцас хэрэглэл гээд бүх
юмаа хий­сэн. Санхүүжилт олох өөр нэг арга нь төсөл бичиж яам там­гын газруудад
орох. Гэлээ гээд тэр төсөл нь хэзээ шал­гараа билээ, мөнгө нь хэзээ ороо билээ.
Хугацаа их алд­даг учраас бид өөрсдийнхөө дотоод нөөц бололцоог шав­хаж, жүжиг тавиад
гаргаж байхдаа да­раа­гийнхаа жүж­гийг бэлдэх мая­гаар явж бай­на. Энэ хүүхдүүд
ца­лин мөн­гөгүй л ажиллаж байгаа шүү дээ. Дараа нь тоглолтынхоо ор­ло­гоор шагнал
урамшуу­лал өгдөг.

-Хүүхдийн гэсэн тодот­гол­той жүжиг,
бусад тог­лолт хийхдээ сургуу­лиу­даар дамжуулаад тасал­бараа “шахдаг” байдал их
түгээмэл. Очоод үзэхээр их муу жүжиг байж байдаг. Танайх үүн дээр ямар байр суурьтай
байна?

-Бид ийм арга хэрэглэ­мээр­гүй байгаа
юм. Хүүхдээр бизнес хий­мээргүй байна. Хүүхдийг өөрсдийг нь төлөв­шүүлэх, өөрсдийг
нь хүн бол­гох гэж байж тэд нарт зо­риулсан жонхуу зуураад явж байна гэдэг байж
боломгүй. Би тийм бодлого баримаар­гүйгээр барахгүй, сургуу­лиуд ирж тоглооч гэж
хүссэн нөх­цөлд очиж тоглоно уу гэхээс очоод танайд тоглоно, тэдэн хүүхэд цуг­луул
гэх мэтийн яриаг би зөвшөөр­дөггүй. Сур­гуулиудтай их зөв ойл­голцох ёстой. Бидний
менежмент өөрөөр явж байна. Одоогоор бид алдагдалтай явж байна. Хүмүүс намайг жаахан
тэнэг гэдэг юм шиг байна лээ. Зах зээл гэдэг зах зээл. Гэхдээ зах зээлийг дагаж
зохисгүй арга хэрэглэх нь онцгүй. Өчигдөр бид жүжгийнхээ нээлтийн үеэр үзэгч хүүхдүүдээс
хэд хэдэн ярилцлага авсан. Хүүх­дүүд их сэтгэл хангалуун байна лээ. Ийм юм үзэж
баймаар байна гэсэн сэтгэл­тэй л гарч байна лээ.

-Театр урлаг угаасаа хүмүүн­лэгийн
ухаан. Гэтэл театраас үндсэндээ тө­сөөр­чихсөн бүхэл нэг үе нийгэмд насанд хүрэгч­дийн
эгнээнд шилжээд араас нь дахиад нэг үе өсч өндийж байна. Тэгэхээр танай театрт маш
хурд­тай ажил­лах шаардлага тулгарч байна уу?

-Төсөөрчихсөн байсан учраас өчигдөр
хүүхдүүдэд их таашаалтай байлаа л даа. Тэгээд бодохоор бидний ха­риуц­лага их нарийн,
айхтар юм байна.

Монгол телевизийн “Ан­гийн драм” гээд
нэвтрүүлгийг би шүүж үзлээ. Ноднин. Шүүг­чээр сууж байхдаа энэ театр гарцаагүй хэрэг­тэй
болжээ гэж мэдэрсэн. Тэр хүүхдүүд өөрсдийнхөө санаачил­гаар бага боловч юм хийж
байна л даа. Гэтэл дандаа амьдралын хар барааныг харуулж бай­сан. Нэг бол хөгжлийн
бэрх­шээлтэй, нэг бол нэн ядуу айлын зовлон, нэг бол эцэг нь архичин хүүхдийн зовлон,
хагас өнчин хүүхдийн хувь заяа, нэг бол хужаа орж ирсэн иймэрхүү л юм орж ирж байгаа
юм. Гэгээлэг юм тэр хүүхдүүдэд алга. Арван жилийн хүүхдүүд шүү дээ тэд. Нийгэм асар
том дарамтад орчихсон байна. Сэтгэлгээг нь хүртэл хоногийн хоолноос өөр юмгүй болгочихсон
бай­на шүү дээ. Тиймээс барьж авч байгаа сэдвүүд нь дандаа эмзэг­лэсэн юмаа барьж
авсан байна. Энэ хүүхдүүдийг юу ийм гутранги болгочихов. Эд нарыг чинь уриа­лан
дуудаж, хөглөж хөгжөөж байх театр байхгүй учраас тэр шүү дээ. Гарцаагүй хүүхдийн
юм бүх­нийг байлгаж байж бид ирээ­дүйн иргэ­дээ төлөвшүүлж чадна.

Н.ПАГМА