Categories
редакцийн-нийтлэл

Банкууд найман хувийн зээлийг тасралтгүй олгох мөнгөтэй боллоо

“Худалдаа хөгжлийн банк”, “Голомт”, “Капит­рон”, “Капитал”,
“Хас”, “Улаанбаатар банк”, “Эрэл”, “Чингис хаан”, ХААН гэсэн арилжааны банкууд
найман хувийн орон сууцны зээлийн урт хугацааны эх үүсвэртэй болоод байна. Мон­го­лын
ипотекийн корпора­ци охин компани болох “МИК актив нэг” компа­ниараа дамжуулж
орон сууцны багцыг худалдаж авах, орон сууцны багцад үйл­чилгээ үзүүлэх,
бондыг  банкуудад худалдах гэрээнд өчидөр
гарын үсэг зурсан юм. Гарын үсэг зурсан нөгөө тал нь дээр дурдсан арилжааны
банкуудын удирдлагууд.

МИК банкуудын  322.9
тэрбум төгрөгийн ипотекийн чанартай 
зээлийн багцыг худалдан авч, хөрөнгөөр батал­гаажсан үнэт цаас гаргаж
байгаа аж. Банкуудын хувьд иргэдэд олгосон сайн зээлээ баталгаа, барьцаа
болгож, нэмэлт санхүүжилт авах боломж нь өчигдөр  ийнхүү нээгд­сэн юм. Одоогоор зээ­лийн эх
үүсвэр болсон энэ мөнгийг гаргах  хөрөнгө
оруулагч нь Монгол банк. Цаашдаа хөрөнгийн захын ямар ч хөрөнгө оруулагчдад энэ
бондыг худалдаж авах нээлттэй гэж албаныхан онцолж байв. Хоёрдогч зах зээ­лээс
босгосон 322.9 тэр­бум төгрөгөөр 7200 гаруй өрхөд шинээр зээл олгох боломжтой
гэнэ. 

МИК-ийн ТУЗ-ийн дарга С.Оргодол банкны­хантай гэрээнд гарын
үсэг зурах ёслолын үеэр “Орон сууцны зээлийг бага хүүтэйгээр  тогтвор­той өгөх боломжийг энэ хөтөлбөр нээж
өгч байна.  Иргэд арилжааны банк­ны
дотоод эх үүсвэрээсээ  цуглуулсан өндөр
хүүтэй, богино хугацаатай эх  үүс­вэрээс
зээл авдаг байсан бол одоо байдал өөрч­лөг­дөж байна. Орон сууц худалдаж авахыг
хүссэн хүмүүсийн зээлийг  хөрөнгө
оруулагчдын урт хугацаатай бага хүүтэй эх үүсвэрээс санхүүжүүлэх боломж
бүрдлээ.  Арван арилжааны банк Монгол
банктай хамтарч анхдагч зах зээл дээр арилжсан зээлээ хоёр дахь зах зээл дээр
худалдан борлуулж, бондыг үнэт цаасжуулах замаар шинэ эх үүсвэр бүрдүүлэх
бизнесийн загварыг ажил болголоо” хэмээн онцолж байв. 

“Ийм санхүүжилт өгчи­хөөр орон сууцны най­ман хувийн зээлийг
тас­ралтгүй олгох боломжтой юу” гэж асуухад Худал­даа хөгжлийн банкны гүй­­цэтгэх
захирал Б.Мэдрээ “Орон сууцны зээлээ тасралтгүй олгох боломжтой болж байна.
Санхүүжилт тасрахгүй гэж ойлгож болно. Гэхдээ дэлхийн эдийн засгийн хөгжил,
Монголын эдийн засгийн нөхцөл байдал, инфляцийн түвшин зэр­гээс хамаарч хүү нь
яаж ч дээш доош хэлбэлзэх магадлалтай” гэсэн хариу өглөө. Орон сууцны зээ­лийн
хүүг тогтвортой бол­гох ямар боломж байгааг лавлахад “Нийгмийн даат­галын
сан  байгуулж,  тэнд хуримтлагдсан мөн­гийг орон сууцны
зээлийн эх үүсвэр болговол хүү­гийн хувьд айх юмгүй. Жишээ нь би сар бүр олдог
мөнгөнийхөө арван хувийг нийгмийн даат­галд төлдөг. Дээр нь ажил­лаж байгаа
байгууллага маань бас миний өмнөөс тодорхой хувийн татвар нэмж өгдөг.  Тэр мөнгөний 
тавны нэг юмуу хоёрыг нь л улс тэтгэврийн хүмүүс­тээ тарааж өгч байгаа
байх. Цаана нь үлдэж байгаа тавны гурав нь сул чөлөөтэй хэвтэж буй эх үүсвэр”
хэмээн хариулсан юм. Худалдаа хөгжлийн банк найман хувийн зээлээ тасралтгүй
олгож байгаа аж.

Нийгмийн даатгалын сан байгуулж орон сууц­ны бага хувийн
хүүтэй, урт хугацаатай зээлийн  эх үүсвэр
бүрдүүлэх санаа хэзээ ажил болох талаар тодруулахад Мөн­­гөний бодлого, су­дал­гааны
газрын захи­рал Д.Болдбаатар “Урт хугацааны санхүүгийн хэрэгслийн
байгууллагын  том хөрөнгө оруулагчид руу
чиглэсэн ажил мэдээж хийнэ. Энэ бүлгийн хам­гийн гол хөрөнгө оруулагч нь дэлхийн
сан, даат­галын байгууллагууд бай­даг. Одоо эхэлсэн ажлаа цэгцэлж байгаад энэ
чигийн ажлын бэлт­гэлээ хийж эхэлнэ. 
Ямар ч байсан хэрэгсэл нь бий болчихлоо. Энэ зах зээ­лийг сонирхох урт
хуга­цаа­ны хөрөнгө оруулаг­чид бий болж байна. Бан­куудын хувьд иргэдээс
зургаан сарын хугацаа­тай мөнгийг хадгаламж болгож авчихаад хорин жилийн зээл
олгоод байж чадахгүй. Тэгэхээр бан­кууд өнөөдөр бий болсон  үнэт цаасжуулах болом­жийг ашиглаж урт хуга­цаа­ны
бүтээгдэхүүн гаргах боломжтой” гэсэн хариу өгсөн юм.

Найман хувийн орон сууцны зээлийн журамд өөрчлөлт орж
магадгүй гэсэн мэдээлэл цацагдах болсон. Энэ талаар түү­нээс тодруулахад “Най­ман
хувийн зээлийн журамд үнэт цаасжуулах үйл ажиллагаатай хол­боо­той жижиг сажиг
өөрч­лөлт оруулна. Ипотекийн зээлээр баталгаажсан бондыг худалдаж авах, түүнд
хөрөнгө оруулалт хийх, бондод оролцож байгаа талуудтай хол­боо­той өөрчлөлтүүд
л дээ.  Энэ бондыг  зөвхөн Монголын хуульд ний­цүүлэхээс гадна
Азийн хөрөнгө оруулалтын орчинд нээлттэй байхаар тооцон гаргаж байгаа. Үүнтэй
холбоотой тодор­хой өөрчлөлт  орох юм.
Энэ өөрчлөлт иргэдэд ямар ч нөлөө үзүүлэхгүй” гэж ярилаа.                                                                   

Банкууд өнгөрсөн зур­гаан сарын хугацаанд 12106 өрхөд орон
сууц­ны зээл шинээр олгосон бол 16923 өрхийн байр­ны зээлийг найман хувь руу
шилжүүлжээ.

 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Огцруулах гэж оролдох нь хүртэл шоу байх юм даа

МАН  Шинэчлэлийн Зас­гийн газрын хоёр сайдыг огцруулах
санал гаргаж.  Ч.Улаан, Н.Батбаяр хоёрыг  хэд хэдэн үндэслэл хэлж огц­руу­лахыг шаарджээ.
Төс­вийн тодотголыг ирэх оны төсөвтэй хамт хийхдээ эдийн засгийн байдалд үнэлэлт
дүгнэлт хийгээгүй, төсвөөс гадуурх санхүүжилт буюу Чингэс бон­дыг цагаа олоогүй
гаргасан, үүнийг улсын төсвөөс гадуур зарцуулж байгаа, төсөв боловс­руулахдаа Төсвийн
хүрээний мэдэгдэлд үндэс­лээ­гүй, улсын төсвийг оновч­той бүрдүүлээгүйгээс болж
1,5 тэрбумаар төсөв танагд­сан гэх зэрэг үндэслэлээр огцрох шаардлагатай гэж үзсэн
байна.

Байнгын хороод хоёр сайдыг огцруулах
шаардла­гагүй гэж үзсэн бол чуулганы хуралдаанаар өчигдөр хэ­лэл­­цэх ёстой байлаа.
Харин МАН-ынхан завсар­лага ав­сан юм. Өмнө нь ингэж хойш­л­уулдаг байсан.  МАН  хоёр
сайдыг  огцруулах  шал­таг нь няцаагдаад ирэхээр үндэслэл муутайхан
сана­лаасаа ичсэн үү, олон ааштай авгай шиг гэнэт л ингэж завсарлага авчихлаа.

АН-ын бүлгийн  даргын хэлснээр бол даваа гариг гэхэд хуралдаа
орох шийдээ гаргахгүй бол олонхиороо шийдвэрээ гаргана гэнэ лээ.  Шударга ёс эвсэл,  АН хоёр жимбийтэл ирцээ бүрдүүлж  суусан нь хоёр сайдыг огц­руулахгүйгээр шийдсэн
нь илт байна лээ.   Гэхдээ энэ огцруу­лах
үйл ажиллагаа оноо авах гэсэн ядарсан арга болоод л өнгөрөх нь дамжиггүй.   Сөрөг хүчин байж сөрөг хүчний улс төрөө хийж
чадахгүй юм, мэдэх ч үгүй юм. Зүгээр улс төр хийнэ гэдэг нь болж байна. Зохиомол
шоу болоод л өнгөрнө биз. Ийм шоунд ард түмэн итгэх үү. Жүжиг тавиад л оноо авна,
ард түмэн сөрөг хүчин ажиллаж байна, эрх баригчид муу байна гэж  итгэнэ хэмээн 
басамжилж байгаатай адил харагдаад байна. МАН-ынх­ны гаргасан огцруулах санал  жүжиг гэдэг нь тэр олон сайд нараас сонголтоо
яаж хийж байгаагаас  нь харагдаж бай­на. Тэд
амьдралаас тасарч улс төрөө твийтр, нүүр ном, сайт уншаад л огцруу­лах сайдынхаа
сонголтыг хийчих шиг болов. Сошиал ертөн­цөөр зарим нэгэн хүн эрх барьж байгаа сайд
дарга нарыг шүүмжилж л байдаг. Тэдний шүүмжлэлд хамгийн их өртсөн нь магадгүй тэд
байх. Гал асаадаг гэж доог тохуу  хийсэн  нь байж л байдаг.  Гэхдээ 
дооглож бай­гаа хүн тийм олон биш л дээ. Сошиал ертөнц тэр чигээрээ Монголын
ард түмнийг  төлөөл­чихнө гэж байхгүй. Ард
түмэн мөнгө авчрахад  дургүй байдаггүй. Ард
түмэн мар­гаа­шийн өөхийг биш өнөөдрийн уушгийг илүүд үздэг нь амьд­ра­лын практикаас
харагддаг.  Энийг мэдэхгүй МАН-ынхан гал түлж
тахилга ёс үйлдээд, тойрч гүйгээд  л хэдэн
төгрөг улсдаа аваад ирсэн Н.Бат­баярыг огцруулах гэнэ. Яахав гадныхан манайд мөнгө
өгч байгаа нь сайд  Н.Батбаярын сайных  ч гэж юу байхав. Монголын сайных. МАН-ын энэ байгаа
оноогүй огцруулах санал өөрсдөө Засгийн газарт хамтран орох сонирх­лоос л үүдэлтэй.
Ер нь МАН хамгийн олон санал хүчнүүд нийлж засаг байгуу­лах ёстой гэсэн байр суурь­тай
байгаа. Тиймээс ч Зас­гийн газрыг ганхуулж байгаад  АН-тай хамтарч засаг барих сонир­холтой. Үүнийгээ
хэрэг­жүүлэ­хийн тулд хаа хамаагүй Ч.Улаан, Н.Батбаяр хоёрыг онилсон нь энэ. Тэднийг
ингэж огцрууллаа гээд юу өөрчлөгдөх юм. Тасалдсан гээд байгаа төсөв сайжрах уу.
Энэ бол зүгээр нэг улс төрийн ээлжит тоглолт. Гэтэл Ч.Улаа­ныг яасан гэж огцруул­даг
юм. Бүр нарийн яривал өмнөх Засгийн газар буюу одоогийн МАН Оюу толгой, Таван толгойгоос
урьдчи­лаад мөнгө авчихсан биз дээ. Хүний хөгжлийн мөнгө нэрээр халамж болгоод л
үр ашиггүй тараачихсан. МАН өөрөө сонгуульд ялах гэж л ийм алхам хийсэн. Чалкогоос
авсан мөнгөнийхөө өрөнд  их хэмжээний нүүрс
зах зээлийн үнээс хямд өгсөн буруутан хэн билээ. Нарийн яривал төсөв тасарсан чинь
энэ зас­гийн гэхээсээ илүүтэй өмнөх Засгийн газрын балаг шүү.  Тиймээс Ч.Улаанд ганцаа­ранд нь ял үүрүүлээд яах
билээ. Ч.Улаан энэ салбарыг хэдэнтээ толгойлж байсан хүний хувьд хэдэн тоо бодохтойгоо.

     Дээр нь 
уул уурхай нь зогсоход л Ч.Улааны 
хариуц­даг мөнгө дуусдаг юм байгаа биз дээ. Тэрийг л төсөв хомс­доно гэдэг.
Ч.Улаан өөрийн­хөө халаасанд улсын мөн­гийг нуучихсан биш.  Төсвийн мөнгө ард түмэнд ямар хамаа байв гэж.
Хэдэн даргын цалин хасагдаа л биз. Эмч багш, цагдаагийн хуваарьт цалин, тэтгэврийнхний
хэдэн төгрөг цаг хугацаандаа бууж л байвал бусад нь ард түмэнд падлий ч байхгүй.    Тэгэхээр ард түмэнд хэрэггүй жүжиг тавиад байх   шаардлага алга.  Одоо ард түмэн  энэ хуурамч жүжгийг сайн мэддэг болсон. Үеийн
үед л иймэр­хүү жүжиг тавьсаар байхаар чинь өрнөл төгсгөлийг нь ч андахаа байлаа.
Басч бол­дог­гүй юм, ард түмнийг. Хэн  нэгнийг
огцруулах гэж байгаа бол жинхэнэ буруутныг нь огцруул л даа.  Энэ засгийг өөгүй цэвэр гэж хэлэх гээгүй байна.
Эдийн засаг хүндрэ­хэд хамгийн их нөлөөтэй хүн бол Д.Ганхуяг сайд. Уул уур­хайг
түшиглэсэн эдийн засаг­тай хэрнээ яг тэр салба­рын­хаа удирдлагаар Д.Ганхуя­гийг
аваачаад тавьчихдаг нь сонин юм шүү. 

Эдийн засгийн хямрал, төсвийн хүнд
байдал, хөрөн­гө оруулагчдын нүүр буруул­сан гол буруутан  нь энэ хүн. Халгиж цалгисан их төсөв, боломжийн
сайхан цалин аваад ажиллаж байсан  олон хүнийг
ажилгүй, амьдралгүй болгож хоолноос нь салга­чих­сан энэ хүнээ огцруулаач.  Энэ хүн “Рио Тинтотой ясаа цайтал үзнэ” гэж ард
түмэнд таалагдах гэж  популизм хийсний гор
өнөөдөр гарч байгаа. Д.Ганхуяг сайдыг огцруулъя гэж санал гаргасан бол ойлгож болох
байлаа.  Бүр эртнээс л  Оюу толгойтой ясаа цайтал үзнэ гээд байс­ныг нь  хэн ч мэднэ дээ.  Оюу толгой, Д.Ганхуяг сайд хоёрын яс цайхаас өмнө
ард түмний яс цайчих биз. Оюу толгой яахав байдгаараа байна.

Д.Ганхуяг сайд яахав нэг их эх оронч
царайлаад мөнгө,  албан тушаалтайгаа байж
байна. Гэтэл Оюу толгойд ажиллаж байсан тэр олон хүнийг цалингүй,  ажлын байргүй, амьдралгүй болго­сон бурууг нь
яагаад хэлэхгүй байгаа юм. Түүний балгаар олон хүний  яс нь, үс нь 
цайж эхэлж байна. Ард түмний амьдралд, тэр байтугай улсын­хаа эдийн засгийг
бал­лаад хаячихаж байгаа  сай­даа огцруулах
тухай ярихгүй хэрнээ өөр хүн огцруулах ямар хэрэгтэй юм. Хий хоосон  улс төржилт, 
эх орончдын хуурамч дүртэй ийм хүмүү­сийн  популизмаас 
уул уур­хай, үйлдвэр, ашигт малт­ма­лаа ашиглах  Монгол 
Улс хохирч байгаа.  Ард түмэн хохирлоо.
Оюу толгойг хориг­лосон. Тэр Оюу толгойг орлох юу байгаа юм. Дэлхийд тэр­гүүлэх
том орд одоо Эрдэнэ­тээс дор болж. МАН-ынхан хүнээ олж огцруулах санал хэлбэл ард
түмэн байтугай цаад УИХ чинь дэмжээд өөрсдөө огцруулчихна шүү дээ.          

Хөрөнгө оруулагчдын хувьд Засгийн
газар ямар бодлого барих нь анхаарлыг татаж байдаг. Тэр байтугай хөрөнгө оруулалт
хийх сонирхолтой салбарыг хэн удирдаж, ямар бодлого барих нь анхаарлын төвд нь байдаг.
Монголыг сонирхсон хөрөнгө оруулагчид уул уурхай, ашигт малтмалыг л сонирхож байгаа.
Гэтэл яг эсэргүү юм яриад байсан нөхрийг салба­рын сайдаар тавьчихаад л  тэднийг үргээж ард түмнийхээ ясыг цайлгах дээрээ
тулчи­хаад одоо шал өөр салбарын нөхдөд бурууг тохоод “огцор” гээд сууж байдаг.
Тэгэхээр хоёр сайдыг огцруулах гэсэн  оролдлого
чинь зүгээр л нэг  шоу гэж ойлгогдоод байгаа
юм.

Categories
редакцийн-нийтлэл

Ш. Доржсүрэн: Шаардлагатай бол дуучин Д.Болд биш би хариуцлага хүлээх болно

Соёлын тэргүүний ажил­тан,  
DOZ энтертайн­ментийн захирал Ш.Дорж­сүрэн­тэй ярилцлаа.

  -Танай энтертайментын “Кино шиг амьдрал” кино үзэгчдийн
хүртээл болоход бэлэн болсон гэлээ. Хэзээ нээл­тээ хийх гэж байна?

-Манай энтертайментын уран бүтээлчид “Кино шиг амьдрал” гээд
шинэ уран бүтээл дээр ажиллаад бэлэн боллоо. Продюсероор нь манай эхнэр Соёлын
тэргүү­ний ажилтан А.Мөнгөнзул ажилласан. Одоо зөвхөн үзэгч­дэд хүргэх л үлдээд
байна. Шинэ уран бүтээлийн нээлт өнөөдөр “Тэнгис” кино театрт 16 цагаас болно.
“Кино шиг амьдрал” хэмээх киног үзэгчид та бүхэн үзэхэд ямар ч байсан
уйдахааргүй, сонирхолтой уран бүтээл болсон гэж хэлмээр байна. Түүнчлэн он
гарахаас өмнө эцэг эхгүй асрамжийн хүүх­дүүдэд киногоо үнэгүй үзүү­лэх бодолтой
байгаа. 

-Кино зургаа Вьетнамд авсан гэж сонссон.  Зураг авалтыг хэр хугацаанд хий­сэн бэ?

-Тийм ээ. Киноны үйл явд­лын 90 хувь нь ерөнхийдөө Вьетнамд
өрнөдөг. Харин үлдсэн хувь нь Монголд өрнө­нө. Бид наадам дам­нуулж зураг
авалтаа хийсэн. Зурга­дугаар сард Вьетнам явж зураг авалтаа хий­гээд бараг
долдугаар сар гаргаад ирсэн байх аа.

-Өмнө нь DOZ-ынхон гад­­­­ны хэд хэ­дэн ор­нуу­дад  кино­­ны­хоо зу­раг авал­­­тыг хийж бай­­сан.
Ха­рин энэ удаа Вьет­на­мыг сон­гох бол­­­­сон шалт­­­гаан юу юм бол?

-Киноны үйл явц ихэнх­дээ зүүд­­ний ертөн­­цөд үргэл­жил­дэг.
Тий­мээс ой ши­рэн­гэ, далай тэн­гис, олон гүнзгий агуй гээд сайхан байгаль
бидэнд хэрэг­тэй болсон. Вьет­­нам бол энэ бүх­нийг цогц­лоосон сай­хан газар нутагтай
байсан учраас зураг авалтаа тэнд хийсэн нь дээр юм байна гэж бид ярилц­сан.
Тэгээд ч кинонд Шаоли­ны үе, Шанхай зэргийг тусга­хад Вьетнам хамгийн тохиромж­той
санагдсан.

-Киноны гол санааг онц­лох­гүй юу. Тулаантай гэхээр хүмүүс
зодоонтой кино гэж ойлгоод байгаа юм шиг санагдсан?

-Бид эмэгтэйчүүдийн ний­гэм дэх амьдралын хүнд хэцүү байдал
болон хар там­хи зэрэг өнөөгийн нийгмийн хар барааныг тусгасан олон уран бүтээл
хийсэн. Харин энэ удаа арай хөнгөн сэдвийг сонгох нь зүйтэй гэж бодсон. Тэр
утгаараа энэ удаагийн кино тулааны урлагтай мөрт­лөө, инээдмийн, энимейшн
төрлийн уран бүтээл болсон. Ерөөсөө л үзэгчдийн оюуныг амрааж, амьдралын гэрэл
гэгээтэй зүйлийг харуулахыг зорьсон. Гэхдээ цаад санаа нь залуусын хайр
дурлалын талаарх ойлголтыг тодруулах зорилготой гэх үү дээ. Орчин үеийн залуус
хайр дурлалд хөнгөн, хуумгай хандаад байна уу гэсэн бодол төрдөг. Хүний сэтгэл
рүү өнгийж харж байгаа юм биш. Хайр дурлал гэдэг мөнгө, эсвэл гоо сайхан юм уу
зэрэг олон асуултаас аль болох зөв хувилбарыг нь энэхүү киногоороо дамжуулж
харуулахыг хичээлээ.  Ингэх­дээ хүний
амьдралын бар­таа­тай замд хайр, дурлал тулах таяг нь байх ёстой гэдэг санааг
гаргахыг илүү хүссэн.

-Гол дүрээ хэрхэн сон­гож авсан бэ?

-Киноны гол дүрийн тухайд нэлээд ярилцаж байж сонгосон. Гол
дүрийг залуу жүжигчин Р.Батхишиг, “Хэцүү анги” киноны Сувдын дүрд тоглож байсан
Э.Уянга болон Э.Чинзориг нар бүтээсэн. Анх эмэгтэй гол дүрдээ “Орхиг­дос”
кинонд тоглож байсан охиныг тоглуулахаар олж уулзсан. Гэвч хүний нутагт олон
хоног амьдарч зураг авалтад орно гэж бодо­хоор арай нас бага санагд­сан. Жаахан
охин хүний нутагт гэрээсээ олон хоног хол байна гэдэг хүнд шүү дээ. Манай
залуус маань үнэхээр чадварлаг байсан.

-Тулаантай хэсэг бага­гүй гардаг гэсэн. Мэргэж­лийн хүмүүсээс
тусламж авсан уу?

-Гол дүрийн жүжигчин Р.Батхишиг олон жил тулаа­ны урлагаар
хичээллэсэн болохоор зураг авалтын үеэр бидэнд 
үнэхээр асуудал бай­га­агүй. Хашир өөрөө ерөн­хий­дөө санаач­лаад явчих­сан.
Гэхдээ зураг авалтаа эхлэхээс өмнө Спортын төв ордонд 10 гаруй хоног бэлт­гэл
хийгээд явсан. Зураг авал­тын үеэр хий цохиж нэгнийгээ гэмтээх зэрэг бага сага
асуу­дал гарч байсныг эс тооцвол бусад зүйлд мэргэж­лийн хүмүү­­сээс тусламж
авах шаардлага байгаагүй.

-Хоёр продакшнтай хам­тарч ажилласан гэсэн. Тэнд­­хийн кино
урлагийн хөгжил хэр санагдав?

-Социалист тогтолцоотой ч гэсэн Вьетнам улсын кино урлаг
бидний төсөөлж бай­гаа­гаас огт өөр юм билээ. Зарим зүйл дээр санаа зовох үе
байсан. Яагаад гэхээр кино урлагийн дэлхийн томоохон наадмаас олон шагнал хүр­тэж
байсан  Дуг гэх найруу­лагчтай бид
хамтарч ажил­ла­сан. Тэдний техникийн үзүү­лэлт, ажиллаж байгаа барил үнэхээр
өндөр зэрэглэ­лийнх санагдсан. Гэхдээ тийм том уран бүтээлчидтэй хамтран
ажиллана гэдэг тэр болгон олдоод байхгүй боломж болов уу. Тиймээс Дуг найруу­лагчтай
дахин хам­тарч ажил­ла­­хаар яриад ирсэн. Мөн дууны хоёр най­руу­лагч, тус­ла­хууд
нь вьет­нам уран бүтээл­чид байсан. Бусад нь манай уран бүтээлчид.

-Зураг авалтын үеэр хүндрэлтэй зүйл хэр тохиол­­­дов. Вьетнам
маш халуун орон шүү дээ?

-Цаг агаарын нөхцөл бай­дал үнэндээ бүгчим, анх хүн тэвчихийн
аргагүй мэт санаг­даж байсан. Дээр үед манай улс Вьетнамд тусламж хүр­гэж,
хонь, морь мал өгч байсан гэдэг. Тухайн үед Монголоос аваачсан хонь тэндхийн
халу­у­ныг дийлэхгүй үхэж байсан гэсэн яриа хүртэл бий. Манай кино группынхан ч
гэсэн эхлээд нэлээд хэцүү байсан. Жүжигчид маань зураг авалтын үеэр хөдөл­гөөн
хийж чадахгүй гэнэт зогсчихно. Яагаад зогсчихвоо гэхээр “Дооёо ахаа шөрмөс
татчихлаа” гэх тохиолдол их гарсан. Халуун болохоор уран бүтээлчид нэлээд жин
хаяж, гар хө­лийнх нь шөр­мөс татах, бул­чин зангирах зэрэг асуудал багагүй
гарсан шүү.

-Хоол унд таарахгүй хэцүү байв уу. Ер нь вьет­­нам­чууд
ямархуу амьдрал­тай юм бай­на. Бид ма­шин зас­варч­­даар л Вьетнамыг тө­сөөл­­дөг
шүү дээ?

-Бид Вьетнамыг хөгжил буурай орон гэж төсөөлж байсан. Яг
очоод харсан чинь маш хурдацтай хөгжиж бай­гааг мэдэрсэн. Үнэнийг хэлэ­хэд
жаахан атаархсан. Манай улс ч гэсэн ингэж хөг­жиж яагаад болохгүй гэж өөрийн
эрхгүй бодогдсон. 80 гаруй сая хүн амтай. Юмны үнэ хямдхан. Францын колонч­­лолд
олон жил байсан учраас хоол хүнс нь Европ маягийн чанартай хүнс хэрэг­лэдэг.
Тийм болохоор бидэнд хоол таарахгүй гэсэн зовлон байгаагүй. Өглөө болгон шинэ
хүнс хэрэглэнэ. Дугуй мотоцикль бол иргэдийнх нь өргөн хэрэглээний унаа. Ерөн­хийдөө
чанга орилж хашгирсан  хүмүүс юм билээ.
Харин гадны орноос хүн ирвэл хуурч, мэхлэх муу тал­тай санагдсан. Гэхдээ бид­нийг
монголчууд гэхээр маш сайхан угтаж байсан шүү.

-Гэр бүлээрээ уран бүтээл хийгээд явахаар хэр хүнд байдаг вэ.
Зураг авалт гээд олон хоногоор хоёулаа эзгүй байхаар …?

-Тэгэлгүй яахав. Ямар сайн­­даа одоо болтол охины­хоо гацуур
модыг засч өгч амжаагүй байна. Охин маань “Аав хэзээ ёолкоо засах юм бэ” гээд л
асуух болсон. Тэд­нийх ёолкоо зассан байна лээ, эднийх ч ёолкоо зассан байна
гээд л хөөрхий их шаналгаж байгаа. Зулаа бид хоёр уран бүтээл гээд завгүй явдаг
болохоор аав, ээж нар маань л ар гэрийг минь төвх­нүүлж байна даа.

-Яагаад заавал гадаг­шаа явж кино хийдэг юм бэ?

-Гадаад руу өндөр зардал гарган байж кино хийгээд байна
гэхээр гадаадад амь­дарч байгаа иргэдийн амьд­ралыг гаргаж байж л эх орны­хоо
сайн сайхныг илүү мэд­рэх юм болов уу гэж боддог. Тэгээд ч гадны уран бүтээл­чид­тэй
хамтарч ажиллаж байж бид уран бүтээлийн хувьд дэвшинэ. Уран бүтээл чанаржина
шүү дээ. Тэгэхгүй энүүхэндээ эргэлдээд байвал үзэгчдэд хүртэл уйтгартай
санагдах байх.

-Эргээд зардлаа нө­хөж чаддаг уу?

-Зардлын хувьд мэ­дээж өндөр гар­на. Солонгост хий­­сэн
“Дүүлэн нис” кинонд гэхэд л Итали, Солон­­гос, Мон­го­лын уран бүтээлч­дийн баг
гээд нэлээд­гүй зар­дал гар­сан. Гай­хуулж бай­гаа юм биш. Манай энтер­тай­­мент­тай
хам­тарч ажил­ла­даг олон газар байна. Аль болох бүтэ­­хээ­рээ ту­салж ажил­­ладаг.
Бид­ний хувьд үзэгч­дээ гэсэн хү­сэл эрмэл­зэл­тэй байж уран бүтээл хийдэг боло­хоор
үзэгч­­дэд хүрдэг. Ашиг ор­ло­го олох үе байл­гүй яахав. Ний нуугүй хэлэ­­хэд
заримдаа гар­­­га­­­сан зард­лаа нө­хөх бус шатах то­хиол­­­дол бий. Гэх­дээ
гол нь үзэгчдэдээ чанар­­­тай уран бү­тээл хүргэх нь бидний зорилго.

-Саяхан “UBS Music Awards” наад­маас дуу­чин Д.Болдын “Би
дурла­маар байна” дуу шагнал хүртсэн. Харамсалтай нь хулгайн бүтээл гэгдэх бол­лоо.
Энэ дууны клипийн найруулаг­чаар та ажилла­сан байх аа?

-Тийм. Дуучин Д.Болд надад нэг дуу авчрахаар нь сон­сож
үзлээ. Үнэхээр хүчтэй дуу санагдсан. Тэгээд Тансаг, Баатар гээд хоёр уран
бүтээлч­­­тэй хамтраад бид гурав клип хийж өгсөн. Клип­ний санаа бол Доржсүрэн
миний санаа. Харин клипний төгсгөлд гардаг шил, хана цуурдаг хэсэг гардаг.
Үүнийг нь өөр бүтээлээс ингэж болох юм байна гэж санаа авсан.  Тэрнээс хүний уран бүтээлийг хуулсан юм биш.

-Дуучин Д.Болд цахим хуудсандаа хүртэл тайлбар хийхдээ
“Хулгайн бүтээл гэвэл найруулга хийсэн DOZ-ынхонтой хариуцлага тооцох хэрэгтэй”
гэсэн бай­сан. Тэгэхээр та хариуцлага хүлээхэд бэлэн байгаа гэсэн үг үү?

-Үнэн зөв байх ёстой. Би үзэгчдийг хуурахыг хүсдэггүй. Харин
ч чанартай уран бү­тээл хийх ёстой гэж бодож явдаг. Алдаа оноо гаргасан бол
унасан газраа хэвтээд байх биш. Босоод алдаагаа засаад цааш явах ёстой. Үнэхээр
хариуцлага хүлээх ёстой юм бол би бүрэн хүлээх болно. Дуучин Д.Болдод ямар ч
буруу байхгүй. Гэхдээ манай­­хан нэг юманд хэт туйлш­рах юм. Сарын өмнө нь л
дуучин Д.Болд шиг  сайн дуучин байхгүй
гэж байсан. Харин өнөөдөр тэрнийг газар дор ортол муулж байна. Тий­мээс би
танай сониноор дам­жуулж дуучин Д.Болдоос уучлалт гуйя.

 

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Кирсан Илюмжинов: Надад паспорт өгвөл Монголд ирэхэд бэлэн байна

Халимагийн Ерөн­хийлөгч асан, Дэлхийн шатрын холбооны ерөн­хийлөгч
Кирсан Илюм­жиновыг Монголд ирээд байхад нь уулзаж  ярилцсанаа хүргэж байна.

  -Таныг Монголд ирлээ л гэдэг, буцлаа л гэдэг. Байнгын марш­руттай
болжээ. Ер нь хэдэн  удаа ирж байна?

-Нийт хэдэн удаа ирс­нээ одоо хэлж мэдэхгүй юм. Зөвхөн энэ жилд
гэхэд гурав дахь удаагаа ирлээ. Ер нь бол Монгол гэдэг төрөлх эх орон минь намайг
дуудаад байдаг шүү дээ. Мэдээж Хали­магийн ард түмний түү­хийг монголчууд минь мэдэж
байгаа хойно. Би Монголд ирэхдээ үргэлж баяртай байдаг.

-Албаны  ажлаар  ирж байна уу, хувийн уу?

-Халимагийн Ерөн­хий­лөгч байхдаа ирж бай­сан, Дэлхийн шатрын
холбооны ерөнхийлөг­чийн хувиар гээд л олон удаа ирлээ. Мөн В.Путин, Д.Медведевийн
албан ёсны айлчлалын үеэр бүрэлдэхүүнд нь орж ирж байлаа. Халимагийн өд­рүүдийг
Монголд зохион байгуулах үеэр ирсэн. Сая 
олон улсын эмэгтэй шатарчдын тэмцээн зо­хион байгуулахаар Мон­голын шатрын
холбоотой гэрээ байгууллаа. Ирэх онд олон улсын эмэгтэй шатарчдын аварга шал­га­руулах
олон улсын тэм­цээнийг зохион байгуу­лах гэж байгаа.

-Шатар гэснээс та Монголд ирээд хэн нэ­гэнтэй шатар тоглодог л
биз дээ. Хэнтэй тоглож байв?

-Өмнө нь ирэхдээ нэг удаа 
тоглож байсан. Зав багатай ирдэг учраас тэр бүр тоглоод байдаггүй. Миний
гол үүрэг тэмцээн зо­хион байгуулах. Ша­тарт сонирхолтой, дуртай уч­раас Монголын
шатар сонирхдог  хүмүүстэй  тог­лох юмсан гэж боддог.  Монголд шатар сайн тог­ло­дог хүмүүс олон бай­даг.

-Та Монголд шатрын спорт хөгжихөд  нэ­лээдгүй хувь нэмэр оруулж байгаа санагд­даг…

-Энэ талаар хэлэхэд хэдэн жилийн өмнө эмэг­тэйчүүдийн Гранпри
зо­хион байгуулсан. Гадаад харилцааны яамны зуун жилийн ойн арга хэм­жээнд зориулж
шатрын томоохон тэмцээн зо­хион байгууллаа. Энэ жил Дэлхийн шатрын хол­боо­ны шилжин
явах цомын томоохон тэмцээн бас зохион байгуулсан. Мон­голд шатрын сур­гууль байгуулахад
туслал­цаа үзүүлсэн. Удахгүй олон улсын шатрын хол­бооны салбар сургалттай сал­бар
нээхийг зорьж бай­гаа. Ирэх жил Мон­голд олон улсын шатрын Гранпри тэмцээн зохион
байгуулна. Энэ сарын 18-нд Арабын Эмиратад олон улсын дунд сургуу­лийн сурагчдын
дунд зо­хиогддог дэлхийн авар­гын тэмцээн болсон. Үүнд Монголоос залуу тамир­чид
оролцсон.

-Дэлхийн шатрын хол­­бооны тэргүүнээр нэлээд олон жил бол­лоо.
Ээлжилж солигдож хариуцдаг ажил биш үү?

-18 жил дэлхийн шат­рын холбооны ерөнхий­лөгчийн ажлыг хийж бай­на.
Зургаан удаа сонгогд­сон. 2010 онд болсон шатрын холбооны ерөн­хийлөг­чийн сонгуульд
Анатолий Кар­повтой өр­сөлдөж байсан. Ирэх жил Норвеги улсад шатрын холбооны ерөн­хийлөг­чийн
сонгууль бол­но. Энэ удаа Гарри Кас­паров над­тай өрсөлдөх болов уу.

-Та ч нэг албыг их урт удаан хаших юм. Ха­ли­магийн Ерөнхий­лөгчийг
ч бас тийм ху­га­цаатай хаш­сан байх аа.

-Халимагийн Ерөн­хий­­лөг­­чөөр 17 жил хагас ажил­лалаа. Шатрын
хол­боог удирд­сан хугацаа­тай ойролцоо юм бай­на шүү.

-Энэ удаа Монголд ямар ажлаар ирсэн юм?

-Энэ удаа би Зам тээврийн сайд А.Гансүхтэй уулзахаар ирсэн. “Евроазиа
финанс” ком­пани Монголын шинэ төмөр зам төслийн тендерт оролцож ялсан. Энэ компани
олон ул­сын хувь нийлсэн компани. Лондонд бүртгэлтэй. Энэ ажилд олон улсын туслан
гүйцэтгэгч компаниуд орол­цоно. Одоо гүйцэтгэх ажил руугаа ороход бэлэн бол­чихоод
байна. Энэ удаа надтай хамт санхүүжүүлэх компанийн төлөөлөгчид ирсэн.  Одоо Мон­голын Засгийн газартай хувь эзэмшигчдийн
хоорондын гэ­рээнд гарын үсэг зураад ажлаа эхлэхэд бэлэн болно. Таван толгойгоос
эхлээд Монголоор дамжаад Хятадын нутаг, тэгээд далай хүрэх зам юм. Энэ тө­сөлд таван
тэрбум 200 сая орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.

-Хэдэн хувийг нь Мон­голын тал эзэмших юм?

-51 хувийг нь Монголын Засгийн газар эзэмшинэ. 49 хувийг нь “Евроазиа
финанс” компани эзэмшинэ. Бид Зам тээврийн сайд А.Гансүхэд сан­хүүгийн холбогдох
мате­риа­луудаа танилцуулсан.

-Хэдий хугацаанд төсөл хэрэгжиж дуусах вэ?

-Бид аль болох хурдан эхлэхийг хүсч байна. Эхний ээлжинд гурван
жилийн хуга­цаанд шат шатаар төлөвлөсөн ажлууд байна. Одоо хувь эзэм­шигчид хамтарсан
компанийн баримт бичигт гарын үсэг зу­раад л бэлэн болж байгаа юм. Монгол Улсын
өмнөд хэсэг бол байгалийн баялаг ихтэй газар. Бидний тавих гэж байгаа төмөр зам
бол Монголын баялаг орд газруудаас Улаанбаатарын төмөр замтай нийлнэ. Цаа­шаагаа
Оросын төмөр замтай нийлбэл Монголын баялаг да­лайд хүрэх боломжтой болж байгаа
юм.

-Таныг төмөр замаас гад­на Монголын дэд бүтцийн салбарт хөрөнгө
оруулалт хийх сонирхолтой байгаа гэж сонссон.

-“Евроази финанс” ком­пани Испанийн том компани болох OHL. Дэлхийд
эхний 20-т багт­даг компани. Шинэ техник технологийг хэрэглэж,  бүтээн байгуулалтад оролцоно. Мон­голын Засгийн
газраас зарлах бүтээн байгуулалтын тендерт мэдээж Хятадын маш олон компани оролцох
сонирхолтой байгаа.

-Монголын Засгийн газар­тай хамтарч ажиллахад ямар бэрхшээл байдаг
вэ. Хөрөнгө оруулагчид Мон­голын хууль эрх зүйн орчин тааламжгүй,  байнга өөрч­лөгдөж байдаг гэх мэтээр зовлон тоочдог.
Та бүхний  хувьд…

-Бидний хувьд бие биенээ сайн ойлгосон харилцааны үндсэн дээр
ажиллаж байна. Төмөр зам тавих ажил үндсэндээ бэлэн болсон.

-Яриагаа арай өөр тийш хандуулъя. Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн
монголчуудаа урьж байна. Олуулаа болъё гэж хэлсэн. Үүнийг та юу гэж бодож байна.

-Мэдээж энэ бол сайхан хэрэг. Дэлхийгээр нэг байгаа монголчууд
үүнийг талархан хүлээж авсан. Бүх монголчууд түүхэн эх орондоо ирвэл сайхан. Надад
ч гэсэн паспорт өгвөл би энд ирэхэд бэлэн 
байна.

-Та яаж яваад улс төрд орсон юм. Улс төрийн замналыг чинь сонирхож
байна л даа…

-Би Москвагийн олон улсын харилцааны сургууль төгссөн. Хамт сурч
байсан монгол найз нар зөндөө байдаг. Би Олон улсын харилцааны сургууль төгсөхдөө  улс, төр олон улсын харилцааны мэргэжил эзэмш­сэн.
26 насандаа Оросын парламентын хамгийн залуу гишүүн болж байв. Энэ бол сургууль
төгсөөд жил гаруйхан болж байсан үе.  Дараа
нь  ЗХУ-ын парламентын  гишүүн болсон. Парламент дахь олон улсын харилцааны
бүлгийн  ахлагч болсон. 30 насандаа Халимагийн
Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн Холбооны дээд зөвлөлийн гишүүн, 33 насандаа дэлхийн
шатрын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Одоо бол дэлхийн олон улсын улс
төрийн яриа хэлэлцээрт оролцдог болсон. Миний улс төрийн амьдрал 26 орчим жил үргэлжилж
байна.

-Зарим хүн улс төрд ялж, ялагдаж байдаг. Таны хувьд үргэлж л ялагч
байж, тугаа мандуулж явсан юмаа даа..

-Би амьдралдаа дээр хэл­сэнчлэн янз бүрийн сонгуульд  14 удаа оролцож байж. Мэдээж сонгууль болгон амар
бай­гаагүй. Оросын парламентын нэг суудлын төлөө 21 хүн өрсөл­дөхөд би оролцож л
байсан. Нэр хүндтэй генерал, ардын жүжигчин, сайд гээд л олон хүнийг ялсан юм.

-Манайхан хүний удам судрыг их сонирхдог. Тий­мээс таны аав, ээжийн
та­лаар асуумаар байна…

-Аав маань ахмад дайчин хүн. Одоо тэтгэвэртээ суусан. Ээж малын
эмч. Одоо хүртэл ажиллаж байгаа. 80 настай хүн байдаг. Бид аав, ээжээсээ гурвуул.
Ах дүү хоёртой.  Гурван хүүтэй айлын дундах
нь би. Харин би ганц хүүтэй. Миний хүү энэ жил их сургууль төгссөн. Америкт боловсрол
эзэмшсэн. Одоо өөрийн гэсэн бизнесээ эхлүүлж байгаа. Эхнэр арын алба хариуцаж гэртээ
байдаг даа.

-Монголд ирээд хамгийн түрүүнд юу бодогддог вэ?

-Онгоцноос буухад шууд л утаа үнэртдэг. Энэ бол Бээжин Улаанбаатар
хоёрт буухад хамгийн анх угтдаг зүйл. Ялангуяа өвөл.

-Монголд утаа шийдэж чадахгүй асуудал болоод байгаа бол Халимагт
ч гэсэн ямар нэгэн бэрхшээл байж л байгаа биз дээ?

-Би 2010 оноос хойш нутагтаа тогтмол байхгүй байна. Халимагийн
бэрхшээл­тэй асуудлын нэг ус. 70 хувь нь зөөврийн ус хэрэглэдэг. Би 1993 онд Ерөнхийлөгч
болсноос хойш зам, шатахуун, байгалийн хийн асуудлыг шийдсэн. Хүн ам төвлөрсөн газрын
байгалийн хий, замын асуудлыг бүрэн шийдсэн. Байгалийн хий гайхамшигтай эд шүү дээ.
Намайг хүүхэд байхад эмээ маань   өглөө бүр
эрт босгож нүүрс зөөлгөж гал түлүүлдэг байсан. Эмээ тэр үед энэ байдлаас гарах юмсан
гэж ярьдаг байлаа. Тиймээс ч би эмээгийнхээ мөрөөдлийг биелүүлсэн.  Одоо бол шүдэнз зураад л  айл болгон галаа асаачихна.

Халимаг буддын шашин шүтдэг. Тэгээд би дүүрэг болгонд   буддын хийд бай­гуулсан. Тэр байтугай 64 метр
өндөр дугана барьсан маань Европод хамгийн томд тооцогддог.

-Та буддын  шашин шүтдэг
юм уу?

-Тиймээ. 

-Та одоо яг хаана амь­дардаг юм бэ?

-Би яг одоо бол онгоцонд амьдарч байгаа. Өнгөрсөн жил гэхэд л
би 180 орноор аялсан байна. Энэ онд гэхэд л 70 гаруй орноор аялж. Өчигдөр гэхэд
Монаккод, гурван өдрийн өмнө Болгарт, таван хоногийн өмнө Өмнөд Солонгост, өнөөдөр
Монголд, маргааш Турк явна.

-Ингэж явахдаа Халима­гаа санана биз дээ?

-Мэдээж эх орон юм чинь санаа зовох юм байлгүй яахав. Гэвч дэлхийн
олон оронд сэтгэл татагдаж байдаг хүн дээь, би.

-Таны улс төрийн цааш­дын карьер ямар байх бол?

-Би бол өөрийн дуртай зүйлийг л хийдэг хүн. Өөрийгөө улстөрч   гэж хэлэхэд 
хэцүү. Парламентад байхдаа, Ерөнхийлөгч байхдаа ч би цалингаа авч байгаагүй.
Буддын,  христийн сүм хийдэд  өөрийнхөө цалинг хандив­ладаг байсан. Театр,  зам, сүм 
хийдэд би өөрийн хөрөнгийг зарцуулдаг.

-Би бол таныг улстөрч гэж хардаг ш дээ.

-Улс төр миний хувьд зөвхөн хобби байсан. 26 насандаа сая ам.доллар
хийж байсан. 50 компанийн хувьцаа эзэмшиж байсан. Хүмүүс намайг улс төрд орооч,
парламентад нэр дэвшээч гэснээр би улс төр рүү орж байв. Ер нь олон хүн эд хөрөнгийг  арвижуулах, өөрийн хүрээний хүмүүсийг өөд татах
гэж улс төрд ордог юм шиг. Би залуугаасаа улс төрд орохдоо цэвэр хобби маягаар орсон
гэж хэлж болох юм даа. Улс төрд би хэнээс ч хамааралгүй өөрийнхөө юу бодсоныг чөлөөтэй
илэрхийлж чаддаг байсан. Далай ламыг Халимагт урихад Хятадын Засгийн газраас Оросын
Засгийн газарт анхааруулж байлаа.  Гэтэл би
Далай ламд мөргөж өөрийнхөө онгоцоор Халимагт авчирч байлаа. Халимагийн ард түмний
шүтээн болсон Далай ламыг Халимагт урихад Хятадын улс төрийн бодлогоос айх шаардлага
байхгүй гэж үзээд өөрийнхөөрөө энэ асуудалд хандсан юм. Тэр үед ч гэсэн Хятадын
удирдлагатай маш сайн харилцаатай байсан. Гэвч би хүмүүсийн шүтэж бишрэх эрх шашин
шүтлэг улс төр гэдэг юмыг тусад нь авч үзэхийг хүссэн хэрэг.

-Таныг би дэлхий дээр олон найзтай хүний нэг болов уу гэж боддог.
Энэ бодол минь зөв үү?

-Тэгж хэлж бас болох юм. Би Далай лам, Ромын пап, Ричард Гир,
Саддам Хусейн, Каддафи, Башар, Солонгосын Ерөнхийлөгчтэй найз. Зарим хүн өөд болсон.
Тэгэхээр заримтай нь найз байсан гэж хэлэх хэрэгтэй болов уу.  Каддафитай шатар тоглож явлаа.  Шашин урлаг, улс төрийн олон найз бий.  Шарон Стоун, бас Стивен Сигал гээд найзууд маань
байна. 1991 онд Америкт байхад манай зарим хөрш Холливудын одод байлаа. Тэгэхээр
таны бодол зөв юм байна.  Дэлхий дээр хамгийн
олон, хамгийн сонин содон хүмүүстэй нөхөрлөдөг маань үнэн.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
редакцийн-нийтлэл

Таалсандаа үйлчилдэг Монгол такси

Ойрдоо гадаа удаан
зогсохоор жинддэг болчихож. Ажлаасаа гараад 50 метр хүрэхгүй алхаад замаас
такси барих хоорондоо голд хүйтэн орчих юм. Такси зогсохгүй бол бүр гар бээрж,
ам зуурах янзтай. Замын хажууд гар өргөн зогсч байтал миний баруун гар талд дөрөв,
таван настай гэмээр хүүгээ тэвэрсэн эмэгтэй гар өргөн зогслоо. Хүүхдийнхээ ам
хамрыг нимгэвтэр ороолтоор хальт ороож, хүрэмнийх нь ханцуйг муухан буулгасан
харагдав. Такси зогсвол түрүүлээд ээж, хүү хоёрыг суулгая гэж дотроо бодов. Гэтэл
“такси” хаяггүй саарал өнгийн жижиг тэрэг миний өмнө ирж зогсоод цонхныхоо
шилийг буулгаад “Хаашаа явах вэ” гэж асуув. Би ч нөгөө эмэгтэйг дуудаад энэ
такситай явчих гэв. Жолооч “Хаашаа явах юм бэ” гэж дахин ууртай асуух. “Цирк”
гэж өнөөх эмэгтэй яарсан янзтай хэлтэл хүүе гэхийн завдалгүй өнөөх машин яваад
өгөв. Бодвол тэр зүг рүү явахгүй байсан юм байлгүй. Бидний хажууханд халамцуу
хоёр эр мөн л такси барихаар гар өргөж харагдав. Нэг нэгнийгээ зам руу
уначихвий гэж байнга татаж чангаах юм. Такси ар араасаа зогсох хэдий ч хэлсэн
газар руу явах машин олдсонгүй. Бүгд л “Тийш ээ явахгүй ээ” гэж уцаарлах юм. Уг
нь мөнгийг нь өгөхгүй, үнэгүй хүргээд өг гэсэн юм хэлээгүй байлтай. Эсвэл урдаа
эхнэр, хүүхдээ суулгачихаад шахаад суучих гэх такси ч байх юм. Такси ч гэж дээ.
Гэртээ харих замдаа хэдэн төгрөг олохоор халтуур хийж яваа нөхдүүд. Тэртээ
тэргүй мөнгийг нь төлөхөөс хойш үйлчлүүлэгч хаашаа ч явах байсан хүргээд өгөх
нь таксины үүрэг. Таксины үүрэг ердөө л энэ. Тэрнээс биш үйлчлүүлэгч нь анкет
бөглөөд такси нь танилцаж байж зорчигчдоо авдаг юм байхгүй. Тэгсэн атлаа
ганган, годгор охид гар өргөвөл бөөн бөөнөөрөө зогсохыг яана. Тэгээд бас
таксиныхаа мөнгийг дандаа нэмж үйлчлүүлэгчдээ элдвээр хэлэхийг яана.

Гадны улс оронд такси
үйлчлүүлэгчдээ хашаа явах, хаагуур явах зэргийг нь асуух бус харин ч бууж ирээд
барьсан цүнхийг нь хүртэл машиндаа хийгээд хүссэн газар нь хүргэж өгдөг. Тэд
үйлчилгээгээ мэдэрдэг, мэддэг. Харин манайхан гуйгаад машинд нь сууж байгаа
аятай ярвагнаж, суудлаа ингэчих, наадах чинь машин муухай болгочихвий, миний
машин гэр хороолол руу орохгүй гэхчилэн олон юм ярьдаг. Тэгвэл зүгээр л таксинд
явахаа болилдоо.   Таксины үйлчилгээ үзүүлж л байгаа бол хаашаа
явахыг нь битгий асуу.

Д.Даваасүрэн

Categories
редакцийн-нийтлэл

Монголд Ази, Европыг холбосон олон улсын хурдны зам барина

-ИРЭХ ЖИЛЭЭС БАРЬЖ ЭХЛЭХ ХУРДНЫ ЗАМ ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА  АШИГЛАЛТАД ОРОХ НЬ-

Монголоор дай­руулж Орос, Хятадыг
холбосон хурдны зам 2016 онд гэхэд ашиг­лал­тад орно гэж алба­ны­хан хэлж байна.  Эдийн засгийн хөгж­лийн яамны Инноваци, төр-хувийн
хэвшлийн түншлэлийн газрын дар­га С.Бэхбаттай уг хурдны замын талаар ярилцлаа.

  -Хоёр улсыг холбо­сон хурдны зам
барих төсөл нэлээд эртнээс яригдаж байсан. Гэхдээ өнөөдрийнх шиг Хятад, Оростой
хурдны замаар шууд холбогдоно гэсэн мэдээлэл гарч байгаа­гүй. Хэзээнээс ийм шийд­вэр
гарсан юм бол?

-Энэ асуултад хариу­ла­хын тулд төслийн
товч түүхийг ярих хэрэг гарч байна л даа. Хурдны замын хувьд үндсэндээ хоёр хэсэг
төсөл байсан. Концессын зүйлийн жаг­саалтад хоёр хэсэг орсон байсан юм. Алтанбулаг-Улаанбаатар,
Улаанбаа­тар-Замын-Үүд гэсэн тус­даа хэсгүүд. Ийм хоёр төсөл дээр өмнөх Засгийн
газрын үед тендер зарла­сан байсан. Алтанбулаг-Улаанбаатар чиглэлийн зам дээр  хэд хэдэн ком­па­ни өрсөлдөж нэг ком­пани шалгарсан.
Улаан­баа­тар-Замын-Үүд чиг­лэ­лийн зам дээр орол­цогч ирээгүй. Сонирхогч байгаагүй
гэсэн үг. Шинэ Засгийн газар байгуу­лаг­даж 
шалгарсан компани­тай ажлын хэсгээрээ уул­заж хэлэлцээ хийхэд хоёр замыг
нэгтгэж нэг зам болгож өргөжүүлье гэсэн санал гаргасан юм. Санал гаргасны дагуу
нэг төсөл болсон гэсэн үг. Алтанбулаг-Улаанбаа­тар-Замын-Үүд гэсэн тө­сөл хэрэгжих
болсон түүх нь ийм.

-Одоо байгаа замын хажуугаар барих
уу?

-Одооны
байгаа замын оронд барих зам биш. Хажуугаар нь пара­лельний зэргэлдээ явах хурдны
зам. H 3 гэсэн Европоос Хятад руу явсан хурдны замын чиглэлийн дагуу баригдана.
ОХУ, Хятад хоёрыг холбосон Монголоор
дамжсан хурдны зам болох юм. Монголд өнөөдрийн байдлаар баригдаагүй өндөр ча­на­­­рын
зам болно. Олон улсын стан­дартыг хангасан хурдны зам баригдана гэж ойлгож болно.

-Яг үүгээр түүгээр явна гэж 
нарийвчилсан чиглэл гарсан уу?

-Нарийвчилсан чиглэлийг нь сонгогдсон компани тогтооно. Ямар нугалаа
нугачаатай, уул хадны хаагуур явах вэ гэдгийг тодорхой болгох ажил бий гэсэн үг.
Тэрийгээ батлуулах ёстой. Мэргэжлийн зүгээс салбарын яам нь  батална.

-Тэгвэл чиглэлийн талаар урьдчилсан хувилбарууд гарсан болов уу?

-Өнөөдрийн хувьд трассын хоёр, гурван хувилбар бий.  Төсөл хэрэг­жүүлэх компаниуд судалгааг нь өргөжүүлээд
явж байгаа. Гэрээ байгуулсны дараа ажлаа үргэлж­лүүлж, саналаа Зам тээврийн яаманд
танилцуулаад батлуулах юм.

-Хичнээн км зам барих вэ?

-Одоогоор мянгаад км гэж үзэж байна. Нарийвчилсан трасс гара­хаар
урт нь тодорхой болно. 900 гаруй ч байж мэднэ, мянга давж ч болно. Хурдны огтлолцохгүй
зам гэсэн үг шүү дээ. Шууд явдаг зам байх юм. Зам руугаа буцаж орж болдог зангилаануудтай,
томоо­хон суурин газрын дэргэдүүр өнгө­рөх­дөө энэ зангилаа гарч, ордог павильонуудтай
зам байна. Улаан­баатарын хажуугаар өнгөрөхдөө Улаанбаатарын замыг дагасан цагариг
замуудын нэг хэсэг болоод явна.

-Орос, Хятадыг холбосон зам гэхээр Европ, Азитай холбогдох гарц
нээгдэх юм байна. Эдийн засгийн хувьд гарах өгөөж нь их юм байна даа?

-Зөвхөн хоёр улсын худалдаа, хүн, ачааны тээвэр хийхээс  гадна эдийн засагт нөлөөлөхүйц том төсөл  яах аргагүй мөн л дөө.  Энэ төслийн хүрээнд маш олон ажлын байр бий болно.
Дагалдсан тодор­хой үйлчилгээнүүд үүснэ. Арчилгаа, засвар үйлчилгээ гэхэд л байнга
явагдана. Тогтмол ажлын байр үүснэ гэсэн үг. Энэ үүднээс хүмүү­сээ бэлдэх асуудал
бий.

-Хурдны замын ажлыг гүй­цэт­гэх компанийн талаар мэдээ­лэл өгөөч?

-Төсөл хэрэгжүүлэх компани байгуулагдсан. “Чингис лэнд деве­лоп­­­мент”
групп буюу “Шинэ хөгж­лийн зам” гээд компани бий.  Кон­цес­сийн төсөл хэрэгжүүлэх аргууд гэж байдаг.
Сонгон шалга­руу­лалтад тодорхой компани, компа­ниу­дын нэгдэл болох консор­циу­мууд
оролцоод ялсан тохиол­долд төслийг хэрэгжүүлэх нэг ком­пани байгуулдаг юм. Тухайн
компа­ниудын үйл ажиллагаа төслийн хэрэгжилтэд нөлөөлөх ёсгүй гэдэг үүднээс ингэдэг
л дээ. Энэ утгаараа төсөл хэрэгжүүлэх компанийг тусад нь байгуулсан. Компанийн хувьд
төс­лийн хэрэгжилтийг хариуцаад ажиллах юм. 

-Консорциумд нь Монголын компани бий юу?

-Консорциумд  Монголын авто
зам, барилгын компаниуд орсон байгаа. Мөн Европ, Хятадын компа­ниуд ч бий. Олон
улсын консор­циум л даа.  Консорциумд манай
толгой компаниуд бүгд орсон. Мэдээж засвар үйлчилгээ, инженер энэ тэр дээр нь  гадаадын хүмүүс ажиллана. Хурдын замын төслийг
энэ талаас нь олон улсын туршла­гаас суралцах том боломж гэж харж болно. Манай компаниуд
одооны байгаа түвш­нээсээ өчнөөн өндөр түвшинд очно гэсэн үг. Мэргэжил, чадвар,
мэдлэг, тоног төхөөрөм­жийн хувьд гээд бүх талаараа. 

-Монголд байхгүй чанартай зам барина гэж ярилаа. Ком­па­ниудаас
яг энэ технологиор ингэж барина гэсэн тодорхой санал болгосон юм байна уу?

-Олон улсын стандартууд то­дор­­хой, тэрийгээ бариад л явна. Мон­голд
дагаж мөрдөж байгаа стан­дартаас илүү түвшний стан­дар­­тыг барина гээд ойлгочихож
болно.

-Төрөөс  энэ хурдны замд
нэг ч доллар гаргахгүй, компани нь  зуун хувь
хөрөнгө оруулалтаа хариуцна. Тэгэхээр мөнгөө гар­гаад зам барьсан компани хураамжаасаа
л ашгаа олж, хөрөнгө оруулалтаа нөхөх нь ээ?

-Хураамжаасаа ашгаа олно. Бас зам дагуух үйлчилгээгээ ч хариуцна.
Том төсөл учраас магад­гүй хөдөлгөөний эрч нь хөрөнгө оруулалтаа нөхөх дайны байх
уу, энэ тэр гээд асуудал бий. Тийм учраас дагалдах бизнесүүдээ авах байх.

-Хөрөнгө босгоход гайгүй юу?

-Хөрөнгө оруулалтын хувьд 
энэ консорциум тодорхой хэмжээг нь өөрсдөө гаргана. Тодорхой хэм­жээг нь
санхүүгийн зах зээлээс зээлнэ. Компанийн хувьд 
гэрээгээ харанхуй байгуулж байгаа юм биш л дээ. Тодорхой банк, санхүүгийн
байгууллагатай урьдчилсан байд­лаар гэрээ хэлэлцээр хийчихсэн байгаа. Мөнгө босгох
асуудлаар гэрээ байгуулсан гэсэн үг. Энэ 
нь компаниар төслийг хэрэгжүүлнэ гэсэн баталгаа болж байгаа юм. Тийм учраас
мөнгө  босгох асуудал дээр санаа зовох зүйл
байхгүй. Манай улсын эдийн засаг хоёр оронтой тоогоор өсч байгаа энэ үед гадаадын
хөрөнгө оруулагчид их сонирхож байна.

-Европ, Азийг холбосон зам гэдэг нь хөрөнгө амжилттай босгох нэг
том хөшүүрэг болох байх?

-Тийм учраас л Европ, Хятад оролцож байгаа. Оросын Алс Дор­но­доор
Хятад руу холбосон замууд бий. Гэхдээ тэр нь H-3 стандарт биш. Энэ зам бол олон
улсын зураг дээр байдаг H3 гээд Европыг Хятад­тай холбосон зам. Хоёрдугаарт энэ
зам бол Ази, Европыг холбосон хамгийн дөт зам. Оросоор дам­жаад Хятад руу очих дөт
зам угаа­саа Монголоор дамжиж явна л даа.

-Хурдны замын төслийг хэрэг­­жүүлэх компанитай эхлээд концессын
гэрээ байгуулна. Дараа нь ямар процесс өрнөх вэ?

-Хэрэгжүүлэх компанитай Кон­цес­сын гэрээнд гарын үсэг зурах эрхийг
Засгийн газраас манай сайдад олгосон. Гэрээ байгуулс­наас хойш есөн сарын дотор
дагалдах гэрээнүүдийг бүгдийг нь байгуулсан байх ёстой. Дагалдах гэрээний хувьд
олон гэрээ бий. Байгаль орчноос эхлээд цөөнгүй асуудал байгаа. Бас  түрүүний ярьсан трассаа батлуулна. Трасс явж байгаа
газрынхаа асуудлыг ший­дэх учиртай. Тариф ямар байх ёстойг батлуулах ажил байна.

-Хураамж тарифыг нь хэт өндөр тавьчихвал үндэсний биз­не­сийн
компаниуд хурдны зам  ашиглах боломжгүй болчих
вий гэсэн болгоомжлол бий. Тариф тогтооход иймэрхүү асуудлуу­дыг анхаарах уу?

-Тарифийн хувьд Монголын бизнесийнхэн энэ замыг түлхүү ашиглах
боломжийг хангах тал дээр гол анхаарлаа хандуулна. Мэдээж олон улсын чанартай дамжин
өнгөрөх бараа эргэлтүүд нэлээд явагдана. ОХУ, Хятад Улс хоорондоо бараа таваарын
эргэл­тээ нэмэгдүүлэх хэлэлцээр хийсэн байдаг. Үүн дээр гэхэд л Монго­лоор дамжиж
өнгөрөх болом­­­жууд нээгдэнэ байх. Өөр нэг онцлох асуудал бий. Олон улсын ачааны
том тэрэгнүүд өмнө нь Хятадад очдоггүй байсан. Энэ зам баригд­са­наас хойш Европоос
шууд Хятад руу бараа зөөх боломж нээгдэнэ. Цаашдаа төмөр зам хөг­жиж бараа таваарын
эргэлт сай­жир­сан ч гэсэн энэ замаар явах бараа таваарын эргэлт сайжирна гэж бодож
байна. Өөр нэг олзуур­хаж байгаа зүйл гэвэл энэ зам ашиглалтад орсноор Алтанбулаг,
Замын-Үүдийн чөлөөт бүс авто замаар шууд холбогдоно. Манай газрын хариуцдаг бас
нэг асуудал бол чөлөөт бүс. Хоёр чөлөөт бүс хурдны замаар холбогд­чихоор бараа таваарын
эргэлт нэмэгдэнэ. Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд ямар ч байсан энэ хоёр чөлөөт
бүсийг ажиллагаатай болгоно.

-Хурдны замын төсөлд Зас­гийн газраас ямар дэмжлэг үзүүлэх вэ?

-Концессын тухай хуулийн гуч­ду­гаар зүйлийн дагуу Засгийн газар
тодорхой дэмжлэг үзүүлнэ байх. Ямар зөвшөөрөл, лиценз шаардлагатай гэдэг тал дээр
нь дэмжиж ажиллана.

-Концессын гэрээгээр бол хурдны зам барьсан компани тодорхой хугацаанд
замаа ашиг­лаад төрд хүлээлгэж өгдөг. Энэ замыг хэдэн жилийн дараа төрд хүлээлгэж
өгөх вэ?

-Энэ бол асар том бүтээн бай­гуу­лалтын ажил. Концессын тухай
хуулийн дагуу барих, ашиглах, шилжүүлэх гэсэн төрлөөр хэрэгжи­нэ. 25 жилийн гэрээтэй.
Эхний гурван жилийн хугацаанд замаа бариад дуусчих байх. Бариад дууссаныхаа дараа
ашиглана. Ашиглана гэдэг нь арчилгаа засвар үйлчилгээг  нь хариуцаж, 
тодорхой тарифын дагуу хураамжаа авна гэсэн үг. Тэгж олсон мөнгөөрөө  өөрөө өөрийгөө санхүүжүүлэх юм. Хөрөнгө оруулалтаа
нөхөж авна гээд ойлгочихож болно. Тэгээд 25 жилийн дараа төрд хүлээлгэж өгнө.

-25 жилийн дараа төрд хү­лээл­гэж өгнө гэхээр компанийн зүгээс
барьсан хурдны замдаа хичнээн жилийн баталгаа өгнө гэсэн үг  вэ?

-Мэдээж эхлээд ийм чанартай зам хийнэ гэдгээ тохирно. 25 жилийн
дараа нэг жилийн насгүй зам хү­лээл­гэж өгнө гэж байхгүй. Арчлалт байнга хийнэ.
25 жилийн дараа магадгүй энэ компа­ни­тайгаа дахин гэрээ байгуулахыг үгүйсгэх­гүй.
Эсвэл өөр нэг хувийн хэвшлийн компанийг сонгоод ар­чил­­гаа энэ тэрээ хийлгээд явахад
болохгүй юмгүй. Ер нь олон улсын практик нь тийм байдаг.  Гэрээний хугацаа дуусангуут дараагийн оператор
компанид эрхийг нь өгдөг жишиг бий. Нөгөөх нь үргэлжлүү­лээд засвар арчлал­тыг нь
хийгээд, тарифын дагуу хураамжаа аваад үйл ажиллагаагаа явуулдаг  юм билээ.

-Замаа эхний гурван жилд барьж дуусна гэхээр  2016 онд хурдны замтай болчихно гэсэн үг үү?

-Есөн сарын хугацаанд  мөнгөө
босгоно. 1000 км замын мөнгө гэдэг бол томоохон хөрөнгө оруулалт. Энэ хугацаанд
мөнгөө босгохын бас нэг баталгаа болгож нэг тэрбум ам.долларыг Монголын аль нэг
арилжааны банкны дансанд хий­сэн байх ёстой. Төслөө хэрэгжүү­лэх илэрхийлэл болгож
дансанд хийсэн байх учиртай юм. Есөн сарын хугацаанд түрүүний миний хэлснээр нарийвчилсан
ТЭЗҮ, трассаа тодорхойлох, дагалдах гэрээгээ байгуулах гээд олон ажил амжуулна.
Энэ ажлуудыг хийсний дараа Концессийн гэрээ хүчин төгөлдөр болно. Тэгээд л замын
барилгын ажлаа эхлэх байх. Есөн сарын хугацаа гэхээр дараа жилийн намар замын барилгын
ажил эхэлчих болов уу. Ингээд тооцохоор 2016 оны намар хурдны замтай болчих байх.
Компанийн хувьд ажлаа эхлэх гэж их яарч байгаа. Тэгэхээр төлөвлөсөн хуга­цаа­наасаа
өмнө ч замын ажлаа эхэлж магадгүй. Орчин үеийн тех­ник технологи ашиглаад төлөвлө­сөн
хугацаанаа­саа наана хурдны замаа барьчих боломж байгааг үгүйсгэхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Газрын холоос цайвалзах миний нутгийн бараа юу даа…

Түрүүч нь ¹299, 302, 303 дугаарт

Өглөөгүүр Өлгийн төвөөр баахан алхлаа.
Цамбагарав хайрхны нэрээр нэрлэгдсэн супер маркет, хүнсний дэлгүүр, зочид буудал
байна. Бүгд нэг эзэнтэй. Эзэн нь мундаг ажилсаг, монгол залуу бий. Их хөдөлмөрч.
Өлгийн төвд эднийхээс гадна тува эзэнтэй үйлчилгээний газрууд ч хэд хэд байдаг гэж
хүмүүс ярина. Цам­багарав гэснээс уг хайрхан оршдог Алтанцөгц суманд өнтэй өвөл
болж байгаа гэнэ. Тэр сумынхан нутаг устайгаа хэтэрхий ширүүн дориун, өөриймсөг
бус харьцаж, олон зууны турш хөндөгдөөгүй ариун дагшин газруудын доорх баялгийг
нь авч, булаг шандыг нь олноор ширгээж байгаа тухай ярив. Гадныхантай нийлж Тэхтэд
тэсэлгээ хийж, ойр хавийн байгалийг сүйтгэж байгаад анхаарал хандуулж байгаа ганц
дарга байхгүй байгаа аж.

Нутаг усны нэр бүхэлдээ хасаг болжээ.
Хос Улиас гэдэг газрыг Кос Терк гэж нэрлэчихсэн бол Улаан харганыг Ризил Хараган,
Өлөнтийн хөтлийг Өлөөн Моенак гэх зэргээр нэрлэдэг болоод удаж байгаа аж. Энэ мэт
маш олон нэрийг хасаг болгочихож. Гэтэл миний унаж төр­сөн бууц, хүй минь цөглөсөн
Цагаан түнгийг Акшй гэж нэрлэчихсэнийг дуулаад дуу алдлаа. Юу гэнэ ээ гээд хэдэн
удаа асууснаа одоо санахгүй байна. Дуунд хүртэл мөнхөрсөн сайхан нутаг шүү дээ.
Хадлангийн асар их нөөцтэй, айлууд тарган тавтай намарждаг өгөөмөр баян хангайн
нэрийг өөрчилчихсөнд ит­гэсэнгүй. Арай ч дээ гэж хэлэхээс өөр үг тухайн үед амнаасаа
унагаж чадсангүй. Уг нь би Монгол нутагтаа унасан. Гэтэл одоо Акшй гэх газарт төрсөн
хүн болж таарч байна уу даа.

Зоогийн газруудынх нь цэсэнд урьд
нь сонсоогүй хоолны нэр байна. Казахстанд амьдарч байгаад ирсэн хасгууд тэнд хийж,
идэж сурсан хоолоо манай нийтийн хоолны салбарт оруулж ирсэн нь энэ. Казах маягаар
чанасан мах, жигнэсэн гурил, тугалган цаасанд болгосон төмс бүхий. Зоогийн газрын
тогооч нарын яриагаар саяхныг болтол монголчууд барагтай бол рестора­наар үйлчлүүлдэггүй
байж. Харин хүчний байгууллагуудын дарга нар монгол болсноос хойш монгол­чуудын
дотоод уур амьсгал илтэд сэргэж, хоёр, гурваараа орж ирж хоол унд идэх нь элбэгшсэн
аж.

Ресторанд орос, казах маягийн хоол
захиалаад суух зуураа зарим монголчуудтай ярилцлаа. Эндхийн хүн амын хэд нь хасаг
вэ. Боловс­ролын газарт нь ганц ч монгол хүн ажилладаггүй болохоор Баян-Өлгий аймаг
боловсролын түвшингээр дандаа 21 дүгээр байрт ордог гэсэн. Үнэн үү. Төрийн байгууллагуудын
шуурхай, хурал зөвлөгөөн гээд бүх ажил нь хасаг хэлээр явдаг гэсэн. Тийм үү гээд
асуухаар монголчууд маань хулбаганаад ширээнд наал­дахын наагуур бөхийгөөд “Цаана
чинь манай ажлын казах эмэгтэйн охин байна. Сүрхий хараад байна” гэнэ. Эргээд хартал
хоёр хүүхэн цоо ширтэж байв. Тэнд суусан хасгууд бүгд миний ярихыг түрүүнээс хойш
чагнаж байж. Бүгд халбага, сэрээгээ ширээн дээрээ тавиад, гараа урдаа аваад бидний
зүг рүү толгойгоо гэлжийлгэчихсэн байв. Ресторанд “Хар хархан харц” дуу намуухан
эшиглэнэ. Хоолоо идчихээд гара­хаар хаалга руу дөхлөө. Эргэж хар­вал өнөө хүмүүс
дагаж харна. Хаа­наас хэн ирчихээд юу яриад байна вэ гэсэн сэжиглэсэн харцаар ширтэж
байгаа нь хэнд ч илт. Яагаад энэ хүмүүс ийм их эмзэг догшин байна вэ. Шүүмжлэх,
шүүмжлүүлэх нь хаана ч байдаг зүйл. Тэгтэл энэ аймгийнхан өөрсдийнх нь тухай бичихээр
каза­хуу­дыг доромжиллоо гээд л орилол­доод унах юм. Юунаас тэгтлээ айгаад, юунд
тэгтлээ цочоод эмзэг­лээд байна вэ? Бас юуг тэгтлээ нуугаад байна вэ гэсэн бодол
төрж байгааг хэлмээр байна.

Гарахдаа зөөгч болон тогооч нарт
“Баярлалаа” хэмээн хэнд ч дуулдахаар талархал илэрхийлэв. Тэндээс гараад зах орлоо.
Махны захаар нь явлаа. Адууны давсалсан мах бол эндхийн брэнд. Адууны махыг давслаад
гэдсэнд нь чихээд хатаасан махыг монголчууд андах­гүй. Каз бүхлээрээ 25 мянган төгрөгийн
үнэ­тэй байна. Худалдагч авгай нар нэгнээсээ өрсч ирээд л “Минийхийг ав. Гоё амттай.
Нэлийсэн их өөхгүй. Хар даа. Гаднаас нь харагдаж бай­гаа биз дээ” гэнэ.

Бөөний худалдааны гудамж байна. Нэг
дэлгүүрт нь орлоо. Улаан­баатарт ч төдийлөн харагдаад бай­даггүй Оросын том том
чихрүүд байна. Өрмөнцөртэй, шоколадтай, цэлцгэнүүртэй, хан боргоцойтой гээд зүсэн
зүйлийн чихэр. Баян-Өлгийд Турк, Казахстанаас хүнсний бүтээг­дэхүүн их ирдэг гэнэ.
Турк шоколад, чихэр элбэг санж. Орсон айл бүхний тавагт өнгө өнгийн цаастай чихрүүд
алаглана.

Сар гаруйхны дараа цагаан сараа тэмдэглэнэ.
Эндхийн уриан­хайчууд “Дээр үеийнх шиг тэгж баяр­лахаа больсон. Хэдхэн айлуудаар
ороод л боллоо. Өмнө нь яасан сайхан байсан юм бэ. Ах дүүсийн­хээрээ гурван өдөр
яваад ч дуус­гадаггүй байлаа. Дуу хууртай, наа­дам наргиатай уйлбал уйлаад, дуул­бал
дуулаад сэтгэлээ онгойлгочихдог байж. Одоо хэнд ч юугаа ярих вэ. Ажил гэрийн хооронд
л явна. Өөр явах маршрут, ярих хүн байхгүй” гэцгээж өнгөрсөн амьдралаа хүүр­нэнэ.
Гэхдээ яах вэ байгаа хэдэн монголчууд маань чадлынхаа хэрээр шинэ оноо угтана. Ширээгээ
идээ шүүсээр дүүргэж, сав суулгаа цагаан идээгээр бялхааж, эрчүүл нь шинийн нэгний
өглөө балиндаа гарна. (Уриан­­хай эрчүүд шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө
ойрол­цоох шүтлэгтэй хайрхны овоон дээрээ сан тавьж, гал тахих ёслол үйлдэн, тэнгэр
хангайдаа мөргөдөг. Үүнийг балинд гарна хэмээдэг бо­лой.) 

Хотлоороо, гудамжаараа нийлж цагаан
сарын буузаа чимхэх гэж шөнө дунд хүргэдэг, халуун дулаан уур амьсгалтай тэр мөчөө
дурсан ярьцгааж “Тэгэхэд мөн ч гоё байж дээ, тийм үү” хэмээн шүүрс алдана.

Цагаан сар нь нэг иймэрхүү өнгө төрхтэй
даруухан болж өнгөрөх бол хасгуудын Наурызын баяр сүртэй гэж жигтэйхэн болно. Хотоос
Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд, хэвлэл мэдээллийнхэн ирээд “Казахын ард түмэн минь сайхан
баярлаарай” гээд өгсөн хоол ундаар нь цадтал дай­луулж, тоорцог малгайг нь өмсч,
бүргэдтэй нь зургаа авахуулж хөөр­цөглөөд ингээд л буцаад онгоцондоо гар далласаар
суугаад нисчихнэ. Гэтэл тэр олон хүний дунд гуниг­тайхан харцаар ширтэж, зүрхэндээ
горьдлого тээн зогсч байгаа монгол­чууд байгааг хэн ч анзаарахгүй. Үүнд л эндхийн
монголчууд голдоо ортол гомддогоо дахин дахин хэлнэ. Бид шоовдорлогдсон хүмүүс гэж
өөрс­дийгөө хатуу гэмээр нэрлэхээр хэтэр­хий гутранги бодолтой юм уу гэж бодогдохоор.

Товлосон цагтаа аймгийн захир­гаан
дээр очиж, Засаг дарга Х.Дар­мен руу утас цохилоо. Ирснээ дуул­гав. Туслах нь бололтой
залуу эел­дэгхнээр мэндчилнэ. Засаг даргын өрөөнд орлоо. Тэгтэл миний дараа­хан
охиноо дагуулсан тавь гаруй насны нэг эмэгтэй орж ирэв. Засаг даргатай төрөлх хэлээрээ
ярьцгаана. Юу гэж ярьж байгааг нь ерөнхийд нь гадарлаж байв. Казахстанд амьдарч
байгаад Монголд иржээ. Дагуулж яваа охин нь хорь гаруй насных. Ажилд оруулах санаатай.
Ажилд оруулахаар хөөцөлдөж байгаа бай­гууллагад нь 55 нас хүрсэн, тэтгэвэрт гарах
цаг нь болчихсон хүмүүс байна. Тэднийг гаргаад охиныг минь ажилд оруулж болох уу
гэнэ. Хариуд нь Засаг дарга тийм зүйл байж болохгүй. Хууль ч байхгүй. Хэрвээ тэр
хүмүүс хүсэлт гаргавал жар хүртлээ ажлаа хийх боломжтой. Танай охиныг анхааралдаа
авъя. Ажлын байр гарвал холбоо барья гэлээ.

Тэднийг гарсны дараа Х.Дар­мен
даргатай ярилцлаа.

-Аймгийн хэмжээнд өвөл­жилтийн
байдал ямархуу байна вэ?

-Тал газарт орсон цас арилсан. Уулаараа
цастай байгаа. Цаг агаа­рын урьдчилсан мэдээгээр өмнөх жилээс ахиу цас орох төлөвтэй.
Өнгөрсөн өвөл уулархаг нутгаар зутрах шинжтэй хавартайгаа зол­госон. Энэ жил ч тийм
байдал давтагдах магадлалтай байгаа ч өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангаг­даж, нөөц,
дотоод бололцоогоо ашиглан өвс тэжээлээ бэлтгээд байна.

-Баян-Өлгий аймагт үйлд­вэр­лэл
хөгжиж байгаа зүйл төдийлөн харагдсангүй. Талхны хэдэн цех л байхыг харлаа?

-Орлогоо нэмэгдүүлэх, ажилгүйд­лийг
багасгах олон ажил хийхээр төлөвлөөд байгаа. Танд л тэгж харагдаж байгаа болохоос
биш манайд жижиг дунд үйлдвэрүүд хөгжиж байгаа. Ялангуяа барилгын материалын үйлдвэрүүд
ашиглалтад орсон. Сэндвичэн хавтан, цонх, тоосгоны үйлдвэрүүд үйл ажил­лагаагаа
явуулж байна. Тоосгоны найман үйлдвэр аймгийн төвийнхөө хэмжээний хэрэгцээг бүрэн
хангаж ажиллаж байна. Уул уурхайн салбарт ч ахиц гарч ирэх онд хэд хэдэн томоохон
ажлууд эхлүүлэхээр бо­лоод байгаа.

-Аймгийн хэмжээнд ажилгүйд­лийн
тоо их байгаа гэсэн үү?

-8000 гаруй хүн ажилгүй. Түүнээс ажил
идэвхтэй хайж байгаа 2000 гаруй хүн бий. Энэ жил тэдний 900 орчим нь түр болон бүр
ажлын байртай болоод байна.

-Баян-Өлгий аймаг улсаас маш их
татаас, халамж авдаг гэдэг. Иргэд нь халамжид орох сонир­холтой байдаг гэсэн. Үнэн
үү?

-Халамж амьдралын эх үүсвэр нь болсон
гэж үзэх нь харьцангуй ойлголт. Сургууль соёл төгсөөд ирж байгаа хүүхдүүд нутагтаа
төвлөрөх бодолтой байдгийн зэрэгцээ ийш тийш, өөр аймагт ажиллах нөхцөл нь бага.
Сургуулиа төгсөөд аль болох л нутагтаа ирж ажиллах эрмэлзэлтэй байдаг. Үүнээс болж
ажилгүйчүүдийн тоог ихэсгэж харагдуулаад байгаа юм. Жишээ нь, өнөө жил давхардсан
тоогоор багш мэргэжилтэй 700-гаад, хууль, эрхзүйч мэргэжилтэй 350, нябо, эдийн засагч
мэргэжилтэй 350 хүүхэд ажилгүй гэж бүртгэгдээд байна. Сургуулиа төгсөнгүүтээ бусад
аймагт ажиллахгүй, нутагтаа ирж ажиллах хүсэлтэй байдгаас ажил­гүйдлийн тоо нэмэгддэг.

-Нутагтаа буцаж ирээд байгаа хүүхдүүдийн
ихэнх нь казах. Уг нь тэд Монгол Улсын иргэн учир хаана ч, аль ч аймагт очиж ажил­лаж
болно. Тэднийг тухайн газ­руудад орон сууцтай болгож, нийг­мийн асуудлыг шийдээд
өгвөл ажиллах нь тодорхой болов уу. Иймэрхүү байдлаар энэ асуудлыг шийдэх боломж
бий юу?

-Казах хүүхэд болохоороо бусад газарт
очихгүй байгаа юм биш. Бусад аймагт, орон нутагт иймэрхүү ажил­гүйдэл байгаа. Казах
хүүхэд газар мэдэхгүй байгаа даа ч биш. Хуучин илгээлтийн эзнээр үйлдвэрүүдэд ажиллуулж,
орон нутагт суурьшуулж асуудлыг шийддэг байсан. Гэтэл зах зээл болоод энэ ажил зогссон
боло­хоор хүүхдүүд ингээд нутагтаа төв­лөрөөд байгаа юм.

Оюу толгойд ч юм уу, БНСУ-д ажиллах
хүчээр гаргах асуудлыг ярьж байгаа ч цөөн тооны хүн л ажилтай болж байна. Үүнийг
шийдэх нэг арга нь орон нутаг, бүсийн хэмжээнд ажиллах уул уурхайд Баян-Өлгий аймгийн
иргэдийг түлхүү ажил­луулахыг дэмжих хэрэгтэй.

-Казах залуучуудын боловс­ролын
асуудал их хөндөгддөг. Нийгэмтэйгээ хөл зэрэгцэхэд боловсролтой байх нь чухал шүү
дээ?

-Баян-Өлгий аймгийн боловс­ролын салбар
сул, боловсон хүчний асуудал дутмаг талаар яригдаж байгаа. Боловсролын салбарын
ажлыг дүгнэхээ элсэлтийн шалгал­таар дүгнэх нь өрөөсгөл асуудал. Боловсролын салбарын
ажлаа чам­лаж байгаа ч сайжруулах тал дээр ажил зохион байгуулж байгаа.

Казах хүүхдүүд өөрсдийнхөө үндэсний
хэлээ ч хүртэл төгс сурч чадахгүй байна. Хуучин бол долоо, наймдугаар анги хүртлээ
казах хэлээ үзчихээд дараа нь монгол, орос хэл үздэг байсан. Эхлээд эх хэл дээрээ
суурь боловсрол аваагүйгээс холи­мог асуудалд орсон. Хүүхдүүдэд хоёр, гуравдугаар
ангиас нь монгол хэл заачихаж байгаа юм. Эх хэл дээрээ суурь боловсрол аваагүй хүүхэд
хичнээн юм заагаад сурахгүй гэв. Энэ үеэр Засаг даргын өрөөнд Казахын үндэсний өмсгөлөө
өмссөн өвөө ороод ирлээ. Үүдэнд нь суусан хөгшчүүлийн нэг бололтой. Гэтэл араас
нь туслах залуу сандраад өвгөнд учирлаад түр гараад хүлээж байхыг хүслээ. Өвгөнийг
тохойноос нь түшээд өрөөнөөс түрж гаргав.

Засаг дарга яриагаа цааш үргэлж­лүүлнэ.

-Аймгийн хэмжээнд монгол, казах хэлний
аль аль нь дутмаг заагддаг. Эх хэлээ эзэмшээгүй байж дараагийн хэл сурна гэдэг бүтэшгүй.

-Монгол Улсын албан ёсны хэл нь
монгол хэл. Энэ хэлээр төрийн ажил болоод бичгийн хөтлөлт нь явдаг. Гэтэл Баян-Өлгий
аймгийн бүхий л шатны байгууллага нь казахаар ажлаар явуулах юм?

-Төрийн ажлыг явуулахдаа монголоор
ярьж болно оо. Гэхдээ ажлын байран дээр казах хүн байвал казахаар ярьж ойлголцдог.
Төрийн албанд казах монгол хэлний ялгаа байхгүй. Харин бид монгол хэл дээрх зарим
төрийн албыг казах хэл дээр болгож, казахаар цэвэрхэн яриарай гэж гэдэг шаардлага
тавьж байгаа. Харин төрийн албан бичиг монгол хэлээр явж байгаа.

-Статистик мэдээгээр Баян-Өлгий
аймгийн хүн амын хэдэн хувь нь монгол, хэдэн хувь казах вэ?

-7.8 хувь монгол хүмүүс. 92.2 казах
хүмүүс байдаг юм. Ийм харьцаатай байгаа үед бид заавал “Чи төрийн албандаа ч гэсэн
монгол хэлээр ярь”, “Хоорондоо монголоор ярь” гэх нь өрөөсгөл асуудал. Тэгж болохгүй.
Харин төрийн албаны хүмүүстээ монгол хэлээр ярихыг шаарддаг. Бүх үйл ажиллагаа монгол
хэлээр явагддаг гэлээ.

Ингээд Засаг даргын өрөөнөөс гарлаа.
Онгоц өдөр нисэх учир чемодан саваа бэлдлээ. Өдрийн 15 цагийн үед онгоцондоо суув.

Хорин жилийн дараа төрсөн нутагтаа
ирээд буцаж байгаа минь энэ. Хэдхэн хоногийн өмнө онгоцноос буухад төрж байсан сэтгэгдлээс
тэс өөр зүйл сэтгэлийг минь эзэмдэн эмзэглүүлж, цээжний далдын нэг мухарт юунд ч
юм зовних мэдрэмж төрж байлаа. Онгоц газраас хөөрөх үед Өлгий хот, эргэн тойрны
уулс, нуруу, гол, нууруудын зургийг аппаратандаа буулгаж,

Алсын газрын зэрэглээ нь хө

Адуу шиг мал шиг торолзоно

Алиа хонгор хүүгээ

Айсуй байхад нь баярлалаа хэмээн өөртөө дуулсаар Өлгий хотын зүгээс нүдээ салгасан
билээ. 

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

А.Галтбаяр: МУИС-д эрх мэдлийн зөрчилдөөн байгаа нь үнэн

МУИС-ийн захирал А.Галт­баяр­тай ярилцлаа.

-МУИС өөрчлөлтөө бүтцээс эхлэх гэж байна. Дөрвөн багш тутмын нэг нь дарга
гэсэн тоо их содон сонсогдсон. Гэтэл нэг багштай тэнхим хүртэл ажилла­даг гэж
дууллаа. Аль сургуульд нь байна вэ?

Хууль зүйн сургуульд нэг хүнтэй тэнхим байдаг. Хоёр хүнтэй тэнхим ч нэг
хоёр бий. Мэдээж энэ бол ховор  жишээ. Хорин хүнтэй тэнхим ч байгаа.

-Ер нь нэг тэнхим дунджаар хэдэн багштай байна?

-Дунджилбал зургаа, долоо хавьцаа гэсэн тоо гарч байгаа. Ноднин бид хөтөлбөрийн
хэрэг­жилт, зах зээл, бүтцийн гээд нэлээд олон чиглэлээр судалгаа хийлгэсэн юм.
Судалгаанаас харахад тэнхи­мүүд ерөнхийдөө их жижгэрсэн нь анзаарагдсан.
Тэнхимийн багш нар нэг юмуу хоёр хөтөлбөр хариуц­­­­­даг. Социологийн тэнхим
гэхэд социологийн хөтөлбөрийг, хэрэг­лээ­ний математикийн тэнхим гэхэд
хэрэглээний математикийн­хаа  хөтөлбөрөө хариуцна. Жижиг­хэн тэнхим нэг
хөтөлбөр хариу­цаад явахаар ерөнхийдөө хөтөл­бөр нь улам нарийссан ч хичээл
заадаг багшийн тоо цөөрөөд ирж байгаа юм. Тэр хэрээр оюутанд өгөх мэд­лэг нь
илүү нарийн болдог. Энэ утгаараа төгссөн оюутан нь зах зээл дээр гарахаа­раа
хөрвөх чад­вар гэх мэт талаа­раа учир дутаг­далтай болоод ирдэг. Оюутны
сонголтыг өргөн болгох гээд байгаа гол шалтгаан нь энэ. Бүтэц томрох тусам
сонголт өргөн болно гэсэн үг. Сонголтоо ухамсартайгаар хий­гээд ирэхээр
мэргэжлээ ч гэсэн ухамсартайгаар сонгодог болно. Тэр хэрээр оюутны  хариуц­лага
өндөрсөнө. Нөгөө талаар бүтцийн өөрчлөлтийг ний­гэмд хэрэгтэй чиг рүү нь шил­жүүлнэ.

-Их сургууль төгссөн ажил­гүй­чүүд гэсэн том хэсэг нийгэмд үүсчихсэн.
Нийгэмд хэрэгтэй чиг рүү нь шилжүүлнэ гэхээр зах зээлийн хүсч байгаа мэргэжилт­нүү­дийг
бэлдэхэд анхаарна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Хүүхдээ яаж ийгээд дээд сургуульд оруулна гэсэн эцэг, эхийн
бодол өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Ерөнхий боловсролын  сургууль
төгссөн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь дээд сургуульд орж байна. Мөнгөө төлөөд
сурсан энэ том масс зах зээл дээр гараад ажлын байрны шаардлага хангаж байна уу
гэдэг асуудал бий. Үнэхээр хэрэгтэй хүмүүс төгсч байна уу гэдгийг бодох цаг
ирсэн. Өөрчлөлт хийхээр бол­сон өөр нэг гол шалтгаан нь энэ л дээ. МУИС яаж
өөрчлөгдөх вэ гэж олон хүн сонирхож байгаа. Мэдээж өөрөө амьдрах чадамжтай байх
ёстой. Гаргаж байгаа бүтээгдэхүүн нь зах зээл дээр амжилттай явж байж бид
амжилттай ажиллана. Энэ дагуу л өөрчлөлт яригдаж байна.

-Яг одоогоор оюутнуудад хичээ­­­лээ сонгох боломж хэр байна?

-Тодорхой ажлууд хийж бай­гаа. Жишээ нь хоёрдугаар курс хүртлээ ерөнхий юм үзэж
байгаад гуравдугаар курсээс нь сонгодог болгоё гэж ярьж байна. Энэ хав­раас
ажил болно. Эдийн засгийн, Хуулийн зэрэг зарим сургууль  бүр хоёр, гурван
жилийн өмнөөс тур­шаад эхэлчихсэн. Сонголтыг өргөн болголоо ч хөтөлбөр нь
тодорхой хичээлээр тавигдсан  үед нөгөө л тэнхим нь хичээлүүдээ зааж бай­гаа.
Тэгэхээр сонголтыг өргөн болгохын тулд дахиад өөрч­лөлт хийх хэрэгтэй.
Хичээлүүдийг сонго­хоос гадна мэргэжлийн төв­шинд ч гэсэн сонголтыг өргөсгөх
шаард­лага бий. Тэнхимүүд нэгдэж бай­гаад хөтөлбөрүүд боловсруу­лах зэргээр
ажиллах хэрэгцээ байгаа. 

-МУИС-ийн багш нарын эсэр­гүүц­лийн ард мөнгө бий гэсэн хардлага нийгэмд
байна. Эсэр­гүү­цээд байгаагийн гол шалтгаан нь таныхаар юу вэ?

-Миний хувьд эсэргүүцлийг мөнгө төгрөгтэй холбож бодохгүй байна. Бусад
байгууллагад ажил­лаг­­садтай харьцуулахад  багш нар мөнгөний төлөө явдаг
хүмүүс биш. Мөнгөний гэхээс илүү мэргэжилдээ үнэнч улс юм болов уу гэж харж
байна. Нөхцөл байдал өөрчлөгдө­хөд миний босгосон зүйл алга болчих вий гэсэн
санаа зоволт ажиглагдаж байна.  Босгосон ажил нь судалгааны шатандаа явж
байгаа ч юм уу тиймэрхүү шалтгаан байгаа болов уу. Манайд сургалт, судалгаа
гэж  тусдаа хоёр  юм бий. Бид бүтцийн өөрчлөлтийг одоо­хон­доо зөвхөн
сургалтын төвшинд хийнэ. Бүтцийн өөрчлөлтөө хийс­ний дараа сайн судалгаа хийдэг
багш нараа дэм­жих бодлого явуулна.

-Яахав ийм шалтгаан бий байх. Гэхдээ МУИС-д ардчилал алга гэж яриад байгаа
багш нарыг хараад байхад үүнээс ч өөр шалтгаан байх шиг…?

-Манайд бусад сургуулийг бод­вол Эрдмийн зөвлөл нь их хүчтэй. Удирдах зөвлөлөөс
илүүгээр эрдэм­­­­тэн багш нарын энэ нэгдэл илүү хүчтэй байдаг. Дүрэм журам нь
ч тийм. Бид хүчтэй гэдэгтээ дасчихсан байна л даа.  Удирдах зөвлөлөөсөө
хүчтэй гэсэн ойлголт тогтчихсон. Эрх мэдлийн хүрээнд тодорхой хэмжээ­ний ажил
хийх, тэр дундаа бүтцийн ажлууд хийгээд  эхлэхээр эсэргүү­цэл гарч ирж бай­на
л даа. Бүтцийг тодорхой хэм­жээнд дээрээс хийх­гүй бол болох­гүй. Мэдээж
оролцоог  хангана. Товчхон хэлэхэд эрх мэдлийн зөр­чил гарсан. Ард­чил­лын
тухай яриад байгаа нь ийм учиртай. Багш нартайгаа ярилцаж байна. Яриа хэлээ
үргэлжилж байна. Асуудал конструктив бай­дал гэхээс илүү зарим тохиолдолд улс
төрийн шинж ороод ирэх нь ч байна. Тэрийг нь аль болох бага байлга­хыг хичээж
байгаа. Харил­цан ойлголцох гээд үзээд байна. Түү­нээс биш бидний зорилго нэг.
Бүгд л МУИС сайн байх, хөгжих ёстой гэсэн нэг зорилготой байгаа.

-Эрдмийн зөвлөл өнөөдөр (өчигдөр) хуралдсан гэсэн. Нааш­­­тай шийдэлд хүрч
чадсан уу?

Удирдах зөвлөлөөс гаргасан бүтцийн өөрчлөлтийг ер нь бол дэмжсэн.
Эрдмийн зөвлөлийнхөн бүтцийн өөрчлөлттэй холбоотой саналуудаа хэлсэн байгаа.
Байга­лийн ухааны сургууль, Хүмүүнлэ­гийн сургууль, Нийгмийн ухааны сургуу­лийг
тусад нь сургууль бол­гох, Урлаг, шинжлэх ухааны сургуу­лийг Байгаль нийгэм,
хүмүүнлэгийн сургууль гэж нэрлэх гэсэн саналууд гаргасан л даа. Бас сэтгүүл зүй
хэвлэл мэдээлийн тэнхим гэсэн нэрийг сэтгүүл зүй, олон нийттэй харилцах тэнхим
болгож өөрчлөх, Худал­дааны сургуулийг Бизнесийн сургуулиас тусдаа харьяа
сургууль болгох зэрэг саналууд гарсан.

-Бүтцийн өөрчлөлт хийсний дараа ямар шинэчлэлүүд яваг­дах вэ?

-Бүтцийн өөрчлөлт бол МУИС-ийн өөрчлөлтийн зөвхөн нэг хэсэг. Дараа нь хөтөл­бөр
маань стандар­тад ний­цэж байна уу, чанартай байна уу, шалгалтаа яаж авч бай­на
гэх мэт агуулга, технологийн асуудал руу­ орох гэж байна.  IT-г яаж
хэрэглэх вэ гэх мэтээр илүү нарийсна. Дараагийн нэг асуудал бол орчноо
сайжруулах. Суралцах орчны хувьд жишээ ярихад мэдээл­лийн техноло­гийн шинэ
зүйлийг ашиглаж хичээ­лээ чөлөөтэй хийх интернэт сургал­тын төв гэж бай­гуул­на.
Дот­роо номын сантай төв байх юм. Өөрч­лөлт хийх өөр нэг чухал хэсэг бол
судалгаа. Баклав­рын 16 мянган оюутны сонголтыг нарийн болгож хичээлийнхээ
агуул­­га хөтөлбөрт анхаараад ява­хаар сургалтын  чанарыг хангадаг
судалгаа хийдэг багш нартаа анхаар­­на. Судалгаа хийх багш нараа бакалаврын
сургалтаас чөлөөлж судалгаа руу нь оруулна. Улсаас шинжлэх ухаан­­даа 
өөрч­лөлт хийнэ гэж ярьж эхэлсэн. Энэ бодлогыг найдвар тавьж хүлээж байгаа. Бидний
өнөө­дөр хийж байгаа ажил бол ерөөсөө л зах зээлийн зарчим руу нь  оруу­лах.
Сонгуулна, шигшинэ, тэгж байж тэндээс чанар гарна. Шинж­лэх ухаан дээр ч
ялгаагүй. Хэн ажлаа сайн хийнэ тэр нь үнэлэгдэж төсөл мөнгөө аваад явдаг жишиг­тэй.
Сул цалин авч тайлан бичээд сууна гэдэг асуудал байж таарахгүй гээд бай­гаа юм.
Тийм учраас дараа­­­гийн өөрчлөлтийг хийхдээ судалгаанд илүү анхаарна.

-Манайхан онолоор   нүдээд байдаг, гэтэл  гадны сургуулийн
багш нар судалгааг голлодог. Энэ чиг рүү ойртуулах юм хийж байна гэж ойлголоо?

-Яг тийм. Лекц семинар гэсэн форматыг яаж өөрчлөх вэ гэж ярьж байна.

-Яг яаж өөрчилнө гэж?

-Манайх онолын  математик, онолын физик зэрэг  онолын ангиудтай. Онол
нь онолоороо цаашаа явна. Инженер, хэрэглээ тал руугаа мэргэжлийг илүү хөгжүү­лэхийн
тулд онолоосоо салгасан нь дээр гэсэн бодлого барихаар ярьж байна. Хэрэглээний
шинжлэх ухаан, инженерийн сур­гууль гээд дөрвөн тэнхимтэй шинэ сургууль
байгуулна. Энэ сургуульд гэхэд мэдээллийн технологийн хоёр тэнхим байна. 
Гурав дахь тэнхим нь хэрэглээний математи­кийнх. Дөрөв дэх тэнхим  нь бай­галь
орчинтой холбоотой. Эдгээр сал­барыг тусад нь гаргаж хөгжүүлэх бодлого барина.

-Багш нар судалгаан дээр зах зээлээ мэдэрч ажиллаж чадвал санхүүгийн хувьд ч
дажгүй бол­чих юм байна, тийм үү?

– Тийм боломж бүрдүүлэх нь өөрчлөлтийн нэг зорилго л доо. Сургалтандаа анхааръя
гэсэн багш нарт лекцийн цагийг нь түлхүү тавьж, судалгаа хийх боломжтой, 
чадвартайд нь судалгаагаа хий­гээд явах нөхцөлийг бүрдүүлэх гээд л ажиллаж
байна. 

-Хөгжингүй орнуудын их сур­гуу­лиуд дэргэдээ судалгааны  институт
ажиллуулдаг. Тэр чиг рүү явах нь ээ?

-Бүтцээ томсгочихвол тэнхи­мүүд хамтарч ажиллах боломж нэмэгдэнэ. Хатуу бүтцийг
аль болох хийхгүй. Аль болох виртуал бүтэц­тэй­гээр ажиллана. Хүмүүс хамтарч
ажиллаад дэмжлэг тэтгэлэг авч, тэрүүгээрээ орон зайгаа үүсгээд ажиллах
боломжийг өгсөн бүтцээр ажиллана.

-Та сая Хэрэглээний шинж­лэх ухаан, инженерийн сургууль байгуулна гэж
ярилаа. Тэгвэл нөгөө гурван сургууль нь ямар нэртэй байх вэ?

-Гурав биш дөрвөн сургууль л даа. Удирдах зөвлөлөөс нийтдээ таван сургууль
болгоё гэсэн санал гаргаад байгаа. Урлаг, шинжлэх ухааны сургууль, Хуулийн сур­гууль,
Бизнесийн сургууль, Олон улсын харилцаа нийтийн удирд­лагын сургууль гэж байх
юм. Урлаг, шинжлэх ухааны сургуулийг дотор нь бай­галь, нийгэм, хүмүүнлэгийн
гэсэн салбаруудтайгаар төсөөлж байна. Тусдаа гурван сургууль байна гэсэн үг.

-Таван  сургууль болгохоор дунджаар нэг тэнхимд хэдэн багш байх вэ?

-Нэг тэнхимд дунджаар 30 орчим багш байх болов уу. Зарим  том тэнхимүүдэд
нь үүнээс ч олон багш нар байна.

-МУИС-д болоод байгаа бужигнаанаас болж зарим багш нар хичээлээ нэр төдий
зааж байна гэсэн яриа бий…?

-Хичээлүүд ордгоороо орох ёстой. Үүн дээр хатуу анхаарал тавихыг сургалтын
албадуудад хэлж байгаа. Бүтцээс болж хи­чээлд ямар нэг өөрчлөлт гарахгүй. 

-Багш нар өнгөрсөн баасан гаригт танд шаардлага хүргүүл­сэн. Хариу өгсөн үү,
ойлголцох шинж байна уу?

-Бичгийнх нь хариуг өгсөн. Шинэчлэлийн хорооныхонтой хоёр, гурван удаа уулзаж
ярилцсан. Цаашдаа ч ярилцана.

-Зарим багш шаардлагатай бол ажил хаяна гэж байсан. Тийм байдал үүсвэл 
МУИС өөрчлөл­төө­сөө буцчих юм биш байгаа?

-Шинэчлэл хийнэ гэдэг дээрээ хатуу зогсч байгаа. Зарим багш нар шинэчлэлийг
зогсоох гэдэг утгаа­раа биш ардчилал гэх мэт тодор­хой асуудлууд дээр ярьж
байна. Тэр асуудлуудыг нь хангаж өгч болно. Ойлголцолд хүрчих байх аа.

-Зарим аав, ээж манай хүүхэд ийм сургуульд орчихоод өөр сургуулийн нэрээр
төгсөх гээд байна гэх мэтээр ярилцлага өгөөд байгаа. Эцэг эхчүүдийн зүгээс танд
хандсан уу?

-Яг биеэр хандаж уулзсан юм байхгүй. Нэг хоёр бичиг ирсэн. Эдийн засгийн
сургуульд орчихоод өөр сургуулийн нэрээр төгсөх нь  гэсэн юм ярьж байгаа.
Нэг зүйлийг онцолж хэлэхэд хүүхдийнх нь  үзэх хичээл  яг хэвээрээ.
Хамгийн гол юм  нь тэр оюутан МУИС-д орсон. Бид хүссэн мэдлэгийг нь өгнө.
Анхаа­рах нэг л зүйл бий. Тэр нь МУИС өөрөө сайн байх ёстой. Мэргэж­лийн
хөтөлбөр нь оюутны сонир­хож байгаа мэргэжлийнх нь  хөтөл­бөр байх ёстой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Долгорын Нямаа: Галбын говийн нүүдэл надад уянгын мэдрэмж төрүүлсэн

Монгол Улсын төрийн шаг­налт, соёлын гавьяат зүтгэлтэн яруу
найрагч Долгорын Нямаатай ярилцлаа.

-Таны “Багын минь дуу Баян­хайрхан ууланд бий” гэсэн шүлэг
байдаг. Баянхайрхан бол яалт ч үгүй таны төрж өссөн ус нутаг шиг билээ. Эндээс
л яриагаа эхэлнэ дээ?

-Манай нутагт Дэл Хөнжилийн уул гэж бий. Хоорондоо зайтай,
дун­дуураа гол, хөндийтэй. Хойд талдаа Дэлийн уул, өмнө талдаа Хөнжилийн уул.
Тэгээд Өмнөговь аймгийн нутаг болчихож байгаа юм, үндсэндээ. Хөнжилийн уулын
баруун хойд үзүүр дээр Баянхайрхан гэж цайвар шар­гал уул бий. Манай тийшээ
голцуу хар хадтай уулс байдаг. Жинхэнэ нэр нь Хонгор хайрхан. Дан хадан уул.
Агуй хонгил ихтэй, араатан жигүүртэн олонтой. Тэнд Алаг зандангийн агуй гэж
бий. Мөлхөж орсон хүн босоод цаашаа яваад өгөхөөр зайтай юм гэсэн. Сайн эрс
орогнож байсан домогтой. Манайх Баянхайрханыг тойрон нутагладаг байв. Хойд талд
нь байдаг Ухнын шанданд олон удаа зуссан. Гэрийн онгорхой үүдээр хайрханы зүг
харсан хүмүүс “аргаль явж байна” гэхэд би тэмээн зэлнийхээ аргал руу хараад
байсан инээдэмтэй явдал ч байдаг. Зуны тэргүүн сар гарч байх үед манайх
Баянхайрханы баруун бэлд буугаад байв. Сарны саруулд хянган сэрвээ нь гүдэнтээд
сайхан харагддаг уул сан, Баян­хайрхан минь. Тийм нэг шөнө бидний нойр
хүрсэнгүй ээ. 

-Хайрхантайгаа холбоотой дур­самж хэлэх гээд байна аа даа,
та?

-Тэгэх гээд байгаа ухаантай. Баянхайрханы хэц орой дээр тэмээ
буйлаад унахгүй юу. Хэзээ ч тийм явдал болж байгаагүй юм. Манайхан гайхаад
байлаа. Хайрхан дээр тэмээ гарсан бол нисэхээс өөрөөр буух арга байхгүй. Гэхдээ
үлгэрт гарахдаа ч жигүүр ургуулж яваагүй тийм амьтан чинь нисээд юу болох вэ.
Манай нутаг тэмээний эх орон. Хадан дээрээс нисч үхсэн тэмээний тухай яриа бол
байдаг л юм. Сар саруулхан шөнө хайрханы орой дээр уулгидсан тэмээ буйлан
буйлсаар сүүлдээ тэшээд эхэллээ. Тэшихэд нь хөндий хонгил ихтэй хадан уул дүн
дан хийгээд байшингийн дээвэр дэлдэх мэт чимээ гарч билээ. Маргааш өглөө нь манай­хан
явж өнөө тэмээг чинь ногтлоод хөтөлж тууж, элдэв хоёроор ноцол­дон шарх
шалбархайтай чирч гул­дарч буулгасан гэдэг. Москвад оюу­тан байхад ч юм уу, ер
хаа явсан газраа би Баянхайрханаа санаж, бараа дүрийг нь сэтгэлдээ ургуулж
явдаг сан. Аргагүй миний нутгийн онгод оргил нь болсон газар юм даа. “Багын
минь дуу Баянхайрхан ууланд бий” гэж аль тэртээ жараад онд бичсэн минь ийм
учиртай. Нам гүмхэн талын дунд галав эртний цахир хайрст аварга биет амьтан
хөлөө жийж толгой юугаа дээр нь тавиад сунан хэвтэж байгаагаар төсөөлөөд үзье.
Баянхайрхан тийм л уул.

-“Тэнгэрийн хаяа” номонд тань луутай холбоотой хэсэг байдаг.
Ээж тань үнэхээр луутай таарсан болов уу? 

-Тэр бол миний сэгсэнд явсан үе юм билээ. Сэгс гэхээр Алтай,
Хангайд ойлгодоггүй. Тэмээнд тэгнэж явдаг дөрвөлжин том араг гээд саначихад
болно л доо. Нүүдлээр хүүхдээ суулгаж явдаг өөжингийн нэр юм. Дөчөөд оны эхээр
юм байна. Манайх хоёр гэрээр хангай өөд нүүж явжээ. Манай нутгийнхан хойшоо
зүглэвэл хангай гэж ярьдаг. Үнэндээ бол тэр нь хээр тал газар. Эмэг эхийн минь
төрсөн дүү хүүхэн Цаг, түүний нөхөр “мараа” Дамба гэж хэлгүй хүн байсан.
Тэднийхтэй айл нүүсэн юм билээ. Зуур замд нь Шанд сүүжийн ус тааралджээ. Тэнд
тэмээгээ услах тухай ярилцаад Дамба агсан нүүд­лийн тэмээний ачаанаас ховоо
шувт татаж аваад үсэрсэн гэдэг юм. Хэзээний түргэн шалмаг хүн байсан санагддаг.
Ховоогоо усанд хаяснаа буцааж чулуудчихаад нүд нь орой дээрээ гарсан хачин
амьтан хэлээ гаргасаар давхиж ирсэн гэнэ. Ээж “Худагт мал амьтан унаж үхсэнээс
зайлаагүй, одоо яадаг билээ” гэж боджээ. Гэтэл Дамба дохиогоор ховоогоо усанд
хаятал нүүр өөд гал цацарсан гээд дахин дахин хэлээд байх юм гэнэ. Түүний
хэлснийг ээж үнэмшиж ядаад худаг руу очиж өнгийтөл юу харагдсан гэж санана.
Толгой дээрээ угалзарсан их эвэр шиг дарайсан сэрийсэн юмтай, аяга шиг том
нүдтэй ногоон эрээн амьтан худгийн ёроолоос цэрлийтэл ширтэж байв гэнэ. Тэр
ногоон амьтныг удаан харж чадалгүй “Ээ ачит минь” гээд буцаад үсэрчээ. Ээж энэ
түүхийг байн байн ярьдаг байлаа. “Луу байдаг юм билээ. Худаг усанд ичдэг.
Түүнийг амьд биеэр нь үзсэн” гээд ярина. Ээжийнхээ тэр ярианд би итгэдэг
шүү. 

-Тэр жил та Дорноговийн Хатан­булаг сумын нутагт байх
Эргэлийн зоонд  ихэд сүслэн мөргөж билээ.
Мичин жилийн зуднаар танайх Эргэлийн зоонд нүүдэллэн ирж өвөлжсөн гэдэг билүү?

-Мичин жил манайх Галбын говь руу нүүсэн. Галбын говь гэдэг
нь “Арван өртөөний газраас аялан дуулж сууна даа” гэдэг шиг тоймгүй хол газар.
Тийм хол газрыг туулна гэдэг яаж амар байх вэ. Дөчөөд оны үеийн нам төрийн
удирдагч Ч.Сүрэн­жав, С.Янжмаа гуай нар Дорноговь, Өм­нөговийн олон сумдаар явж
нутаг үзээд Дундговийн Өлзийт, Буянт-Овоо, Гурвансайхан сумдын хэдэн зуун
өрхийг Галбын говийн чиглэлд нүүлгэжээ. Мичин жил буюу дөчин дөрвөн оны өвөл
манайх Өлгийн хийдийн хаяанаас нүүж Эргэлийн зооны ард Хар тээг гэж нэрлэдэг цасны
бууцанд өвөлжжээ. Даашаар, Гэндэн, Чойсүрэнгийнх, манайх гээд нэг нутгийн
дөрвөн өрх айл. Даашаар гуай тахар хүн. Бас залуудаа тахар явсан Шийрав, Бунжаа
гээд гурван өвгөн нэг гэрт байх тул тэднийхийг “тахарынхан” гэдэг байсан юм
билээ. Тахар гэдэг нь элч зарлагын нэр юм. Эргэлийн зоонд өвөлжих тэр жил зээр
гөрөөс тоймгүй элбэг. Хэдэн өрхийн харчуул дандаа ан ав хийдэг байв. Дайны жил
болохоор ангийн гэрээтэй. Зээрийн махыг суманд тушаана. Сунгаж хөлдөөсөн зээр
нэг тэмээнд арван хоёр орчмыг ачаад жинчид Улаан­баатар цаашилбал Алтанбулагт
хүргэдэг байжээ. Нэг орой манай хотныхонд түгшүүртэй үйл явдал болов.

-Юу болох нь тэр вэ?

-Арван тавт Гэндэн гуайн хүү Аманж цахиур буугаар ан хийдэг
байж. Тэгтэл анд авч явдаг том хүрэн тэмээ нь цусаа асгаруулсаар сажилж ирэхийг
бид харлаа. Би хэдий бага байсан ч гэлээ ангийн тэмээ цусаа садруулсаар хүмүүс
рүү бүлтэгнэн харж зогсох тэр агшныг сүрхий тод санадаг юм. Аманж гөрөөсөнд
дөхөж очоод тэмээнийхээ омруун доогуур буу онилтол цаадах нь өвс хазах гээд
тонгос хийхтэй яг таарчихаж л дээ. Эргэлийн зоонд ингэж нэг жилийг өнгөрөөсөн
байдаг. Галбын говийн нүүдлээс миний сэтгэлд хамгийн тод үлдсэн юм гэвэл газар
усны нэр. Сүм суварга, Гурван хасар, Ухаа заг, Эргэлийн зоо, Онгон саглагар
гээд явна даа. Багадаа би холын хүний амнаас нутаг усны нэрийг сонсох гэж чих
тавьдаг байсан. “Хэт нутаг хаана вэ” гэж асуухад, Зах гурван зээмэг, Заг
сүүжийн говь, Модон тоонотын гол, Хаяа гурван бөхтэй, Цахиур таван толгой,
Хярын гурван алтгана, Ингэн сэвстэй 
гэхчлэн ямар нэгэн шүлэг дууны нэр хэлээд байх шиг санагддаг сан. Тэр нь
балчирхан надад уянгын нэгэн сэрэл мэдрэмж шивнээд бай­сан ч юм билүү. Хэрэв
сэтгэлд минь ямар нэгэн хөг эгшиг бүрэлдсэн бол тэр нь миний боддогоор Галбын
говийн нүүдэлтэй холбоотой. Тэр сар өдрүүдэд миний харж явсан юм гэвэл айлын
нүүдэл, зээрийн сүрэг, элсэн манхан, их заг, олон тэмээ, холын уулс, тэнгэрийн
хаяа. Манай говьд тэнгэрийн хаяа нүүж явдаг. Түүнийг нэхэж яаж гүйцэх билээ.
Гэхдээ “би энд явна” гэж даллаад байдаг нь сонин. Тэнгэрээр үүлс нүүдэг бол
газраар бас үүл нүүдэг. Газраар нүүсэн үүл нь Монголын хээр талын нүүдэлчид юм.
Би чинь Ховдын Эрдэнэбүрэнгийн,­ баруун Алтайн хүргэн. Алтайн газар усны нэр
надад тийм чиг сонсголонтой санагдаагүй. Учир нь юунд вэ гээд бодохоор Алтай
гэхээр нүүрэнд тулсан нэг л том “юм” байгаад байдаг. Харин манай говь болохоор
тэртээд алсалсан, цэнхэртсэн, сүү­мэлз­сэн. Ерөөс яруу найраг, уран зураг шиг
учир газар усныхаа нэрийг ч өөрөө л тийм нэг сонсголонтой болгодог шиг
билээ.  

-Таныг эмч гэдгийг мэдэх нэг нь мэднэ. Олон түмэн бол нэр
алдартай зохиолч, сэтгүүлчээр нь мэдээд байдаг. Хүн эмнэлгийн техникумд сурч
байх үеэ дур­сахгүй юу?

-Хүн эмнэлгийн техникум одоо­гийн Гадаад харилцааны яамны
өмнө талд Ерөнхий сайд Гэндэнгийн байрны өөдөөс харсан хоёр том хашааг эзэлж
байв. Хөдөөнөөс шинэхэн ирсэн би Гадаад харил­цааны яамны шовгороор чиг барьж
явсаар сургуульдаа очдог байлаа. Үнэндээ том сургууль байж шүү. Тухайн үеийн
арван найман аймгийн цэцэг шиг охид тал бүрээс цугладаг байсан. “Цэцгийн мандал
шиг охи­дын дунд сэлж явлаа, би” гэж нэгэнтээ хэлсэн нь бас ч хэтрүүлсэн үг биш
юм. Ах минь уг сургуульд оруулж байлаа.

-Давааням ах чинь үү?

-Тийм ээ, ах маань Дундговьд багшилж байгаад хот руу цэрэгт
татагдсан. Тэр үед Өлзийтөөс хотод ганцхан айл байсан нь Ерөнхий сайд агсан
Наранцацралтын аав Жан­лавынх байжээ. Жанлав гуай л ахыг цэрэг цуухаас нь
гаргаж эмч болгох санаатай Хүн эмнэлгийн техникум бараадуулсан юм даг уу даа.
Ах хоёрдугаар курсын оюутан байхдаа нутагтаа очиж долдугаар анги төг­сөөд
байсан намайг шууд л хотод авчирч өөрийнхөө сурч байсан сургуулийн босго
алхуулсан нь тэр.

Хүн эмнэлгийн техникум танд юу өгсөн бэ гэвэл, би гурван том
зүйл өгсөн гэж хариулна. Эхнийх нь гараа угааж сурахыг надад сургажээ. Төг­сөөд
би сүрьеэгийн отрядад хуваарилагдаж байсан. Сүрьеэтэй хүмүүстэй ажиллана гэсэн
үг. Гар угаах гэдгийг сурахгүй хаачихав. “Би өдөрт 30, 40 удаа гараа угаадаг”
гэж Бааст гуай “Монгол тулгатны зуун эрхэм”-д орохдоо хэлсэн биз дээ. Ерэн нас
хол гарч яваа Бааст гуай тэгж хэлэхийг бодоход гар угаана гэдэг урт наслахтай ч
холбоотой байж болох. Нөгөө нэг зүйл нь бага эмчийн мэргэжил эзэмшсэнээр би
Горькийн сургуульд явах хөрс суурь тавигдсан гэж хэлж болж юм.

-Яагаад?

-Горькийн сургуульд нэр алдар­тай, ном зохиол бүтээл
туурвилаараа алдаршсан хүмүүсийг нэг үе Мон­голын зохиолчдын хорооноос явуу­лаад
байсан чинь өнөөдүүл чинь танхайраад, архи уугаад, оросуудтай зодолдоод нутаг
буцаад болдоггүй гэнэ. Дашдооров, Цэдэндорж, Бат-Очир гээд хэд хэдэн нөхөд
хөөгдөөд ирж л дээ. Дооров, Цэдэндоржийг манайхан мэднэ байх. Бат-Очир гэдэг нь
жүжгийн зохиолч байлаа. Тэгээд Зохиолчдын хорооноос дунд мэр­гэжилтэй, хөдөө
гадаа ажилласан, амьдрал мэдэх хүмүүсийг явуулъя гэсэн бодлого барьсан юм
билээ. Яг энэ үед нь би таарахгүй юу. Тэгэхээр Хүн эмнэлгийн техникум яалт ч
Горькийн сургуульд явах шат гүүр болсон байгаа биз. Гурав дахь том зүйл нь би
тэндээс ханиа олсон. Ийм л гурван том зүйлийг надад өгч хувь заяаг минь
хөтөлсөн сургууль. 

-Дурсамжтай хөгтэй зүйлээсээ яриач? 

-1960 оны гуравдугаар сард би Дэлгэрцогтоос эхэлж Адаацагаар
дуусан Дундговь аймгийнхаа нутгийг нар зөв бүтэн тойров. 1959-1961 онд говийн
энэ аймагт сүрьеэ өвчнийг илрүүлэх болон анагаах ажилд хүний их эмч Мөнхийн
Бямба, Авзайн Цэвэгжав, орос эмч Евгения Вилинс­кая нарын хориод нөхдийн хамт
нэг баг болон ажиллаж эхэлсэн юм. Биднийг Бямба даргалж явлаа. Нэг суманд
арваад хононо. Хаврын цасан шуурганаар малчид шинжил­гээнд ирэхгүй саатах явдал
зарим сумдад гарч байв. Орос эмч түүнд бухимдан, радиогоор зарлуулаад л болох
юмыг та нар хөдөлсөнгүй гэж загнадаг сан. Малчид шугамын радио сонсоод сууж
байх ухааны юм боддог байж л дээ. Жаран оны хүйтэн өвөл Архангай нутгийн хүү,
бага эмч Баяраа бид хоёр аймгийн төвд сангийн том гэрт зутарч  өвөлжсөнөө мартдаггүй. Шөнө хөнжлөөс толгой
ил гаргахад даараад, зуухны хүхээнд тавьж хоно­сон дөчийн бидонтой ус өглөө
босо­ход голгүй хөлдсөн байдаг сан. Баяраа маань цай чанах гээд бидо­ныхоо
бөөрийг сүхээр түс түс­хийтэл балбаж зогсдог байж билээ. Сумдаар нар зөв тойрох
зуур Их газрын чулууг сонирхож, Өөш манханы элсэнд хөл тавьж, Дэлгэрхангай уул
өөд мацаж, Онгийн голын уснаас амсаж явлаа. Аймгийг нар зөв эргэсэн энэ тойрог
замд явахад Улаанбаатар хотод анхны хүүхэд төрж, “Залуучуудын үнэн” сонинд
шүлэг минь нийтлэгдэж, “Дуулим талын цэцгэрхүү хөөрхөн хүүхэн болж уу, би”
шүлгээ бичсэнээс эхлээд ярих дурсах юм байлгүй яахав. 1999 оны зун Архангайн
зохиолч О.Цэндийн далан насны ойд оролцож яваад Тариатын замд буюу Донгойн
хөндийд олон жилийн тэртээ Дундговьд хамт явсан Баяраатайгаа нүүр учрав.

-Өө тийм үү?  

-Баяр маань Өндөр-Улааны ууланд сарлаг хариулсан шигээ явна.
Тариатаас буцах замдаа сураг­ласаар яваад оройхон тэднийд очсон юм. Энэ нөхрийн
тогоог хоёр жил барьсан шүү гээд угтсан. Москвад намайг Горькийн сургуульд
явсан хойно Архангай руу нүүхдээ захидал бичээд “Чиний хоёр хайрцгийг хадаж цоожлоод
Амгаасэдийн байшингийн ёроолд хийлгэчихсэн, санаа зо­волтгүй” гэсэн байж билээ.
Амьд­ралын их замд хүн янз бүрийн хүнтэй танилцаж, нөхөрлөж, ойртож, холдож
явдаг ч надтай цуг бага эмч байгаад дараа нь их эмч сүүлд өндөр уулын үхэрчин
болсон Архангайн Баяраа шиг сайн хүмүүн тааралдсан ч билүү, үгүй ч билүү гэсэн
зүйл бодогдоод байх нь бий дээ.

-Хүн эмнэлгийн техникумд байх үедээ та Балжинням гэж Хонгор
нутгийн охинд жигтэйхэн дурлаад, хэзээ хойно дахин таарч байснаа дурсдаг.
Гэргийтэйгээ хэрхэн танилцсанаас урьтаад үүнийг асуучихлаа, уучлаарай?   

-Би ч яахав дурсамжаа ярина л даа. Харин Отгонбаяр (гэргийгээ
хэлж байна) чамайг уучилдаг болов уу, яадаг бол. Тавин найман оны зур­гаан
сарын нэгний хүүхдийн баярын өдөр Техникумын жолооч Дэмбэрэлийн “Зис-5” машиныг
хөлөглөсөн бидний хэсэг оюутан Баянхонгорт тавьж буув. Сургуулийн хичээл нэгэнт
завсарлаад улсын шалгалт өгч буй аравдугаар ангийнхан үлджээ. Манай оюутнууд
тэдэнтэй нийлж лааны гэрэлд бүжиг наадам зохион байгуулдаг, эрэг­тэйчүүд нь
барилдаж бөмбөг тоглож цэнгэлддэг байв. Тэдний дунд хож­мын төрийн шагналт яруу
найрагч П.Пүрэвсүрэн байсан юм билээ. Даанч бид хоёр бие биеэ мэд­дэггүй
байжээ. Аравдугаар анги төгсөгчдийн дунд Балжинням гэж царайлаг өндөр нуруутай
охин бай­лаа. Сайхан бүжиг­лэж, инээмсэглэж явдаг онц сур­лагатай тэр охин
яагаад ч юм сэтгэл зүрхийг минь дэнслүүлж орхив. “Энэтхэгийн залуу бүжигч охин
чам­тай танилцахыг хүснэ” гэдэг шиг л юм боллоо. Гэхдээ тэр үеийнхний хувьд
танилцана гэдэг тийм ч ойр зуурын юм байгаагүй. Гадаад ертөн­цөд нэвтрэх эрх
олж авах гэж хөө­цөл­дөхөөс дутуугүй зүйл шиг санаг­дана. Бодон бодсоор явтал
улсын шалгалт дуусч орхив. Балжинням хаашаа явсныг бүү мэд. Хэнээс ч асуух
билээ дээ. Нэг өдөр аймгийн төвөөс зүүн тийш дуудлаганд явдаг юм байна. Зуур
замд гүү барьсан айл таарал­дахаар нь бууцгаав. Айраг уух гэс­нийх биз. Гэтэл
уг айлд мөнөөх сураг алдсан Балжинням аарцны уутны ам бариад хөл нүцгэн зогсож
байдаг байгаа.

Н.ГАНТУЛГА

Үргэлжлэл
бий

Categories
редакцийн-нийтлэл

С.Одонтуяа: Бид төрийн зохицуулалт, оролцоо хоёроо ялгаж салгамаар байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын
бүлгийн дэд дарга С.Одонтуяатай ярилц­лаа. 

-Эрдэс баялгийн сал­барт төрөөс
ба­римт­лах бодлогоо тодорхой болгож, УИХ-аар батлах гэж байна. Та ажлын хэсгийг
нь ахалж яваа­гийн хувьд ямар утга агуулгатай баримт би­чиг гарах гэж байгааг тайлбарлахгүй
юу?

-Уул уурхайн салба­раа хөгжүүлсэн
шиг хөг­жүүлье гэвэл 2025 он хүртэл энэ бодлогыг ба­римталъя. Дэлхийн зах зээлд
өрсөлдөх чадвар­тай уул уурхайтай орон болох зорилтыг л энэ баримт бичигт тусгаж
бай­гаа юм. Эрдэс баялгийн салбарт төрийн нэгдсэн бодлого зайлшгүй шаард­лагатай
байсаар ирсэн. Тиймээс яах арга­гүй нийгэм даяараа хү­лээлт үүсгэсэн, нөгөө та­лаар  олон ашиг сонирх­лын зөрчилдөөн дундаас гарч ирэх
бодлого байх болов уу. Яагаад гэвэл төр өөрийн бодлогоо то­дор­хойлно. Хувийн хэвш­лийн­хэн,
иргэд болоод иргэний нийгмийнхний ашиг сонирхол ч энэ бод­ло­год тусах учиртай.  Эд­ний аль аль нь өөрийн­хөө эрх ашгийг давуу
тус­гуулах гэж хичээх нь дам­жиггүй. Тиймээс энэ эрх ашгуудыг баримт бичигт тэнцвэртэй
тусгахын төлөө ажлын хэсэг хичээж ажиллаж байна. Мэдээж Засгийн газраас анх оруулж
ирсэн төсөл сайн байсан. Олон орны турш­лагыг судалсны үндсэн дээр дэлхий нийтийн
жи­шигт ойртуулсан учраас тэр л дээ. Харин манай ажлын хэсэг энэхүү төсөлд  улс төрийн чухал шийдвэр, байр суурийг  зоригтойгоор оруулж өгье гэдэг байдлаар л сана­луудаа
нэмж тусгасан байгаа.

-Тухайлбал, эрдэс баялгийн салбарт
тө­рийн оролцоог хязгаар­лах бодлого баримтла­хаар тусгаж байгааг хэ­лээд байна
уу?

-Ер нь бол тийм.  Сүү­лийн үед төрийн капита­лизмын тухай олон улсад
нэлээд хүчтэй яригдах болсон. Манай улс жижиг орон, дээрээс нь хоёр том хөршийн
дунд оршдог. Том гүрнүүд үндэстэн дам­насан корпорацийн бодлогууд цаашид хүч­тэй
мэдрэгдэх учраас ма­най төрийн бодлого маш ухаалаг, алсын хараатай байж, нэн тэргүүнд
эдийн засгаа чадавхжуулж, хү­чир­хэгжүүлээд авах хэрэг­тэй. Эс бөгөөс Грек шиг өрөндөө
баригдаж, бүх зүйлээрээ барьцаа­лаг­дана. Сул эдийн засагтай орны төр хүчтэй байна
гэж хэзээ ч байдаггүй юм.  Гэхдээ үүнийг ярихын
өмнө төрийн капитализ­мын тухай онцолмоор байна. Төрийн капита­лизм гэдгийг манайхан
зөв ойлгох хэрэгтэй бай­гаа юм. Зөв ойлгоогүй учраас “Төрийг өмчгүй болгож, ард
түмнийг юу ч үгүй үлдээх нь” гэж хий хоосон яриад байна. Тө­рийн капитализмыг ам­жилт­тай
хэрэгжүүлж, ул­саа хөгжүүлсэн хоёр жи­шээг энд дурдъя. БНСУ-ын удирдагч Пак Чён
Хи гэж генерал дайны дараа богино хугацаанд улсаа хөгжүүлэхдээ төрийн ка­пи­тализмын
зарчмыг хэ­рэг­жүүлсэн байдаг.

-Тэр нь ямар зарчим юм?

-Төр өөрөө бизнест хутгалдаж, өөрөө
бизнес хийхийг хориглосон. Оронд нь төр улсынхаа бизнес эрхлэгч, аж ахуйн  нэгжүүдэд дэмж­лэг үзүүлдэг тогтол­цоо руу шилжсэн.
Үүний хүрээнд үндэсний ком­паниудаа цуглуулаад “Та нар дэлхийд өрсөлдөх чадвартай
бол. Усан онгоц­ны үйлдвэр барь. Бидний зүгээс ямар тус­ламж хэрэгтэй байна. Зээл
хэрэгтэй юу. Болов­сон хүчнээ бэлтгэхэд ямар дэмжлэг шаардла­га­тай байна” гэх мэтээр
хувийн хэвшлээ дэмжих ажлыг эхлүүлсэн байдаг. Үнэхээр үр дүнд нь Со­лон­госын үндэсний
ком­паниуд хүчирхэгжсэн. Hyun­dai корпораци гэхэд л олон зуун мянган ажил­тантай,
дэлхийд тэргүү­лэгч компани болж чад­сан. Үүнтэй адилхан олон арван компанийг тэд
бий болгосон. Тэр бүгд нь Солонгосын том баялаг болж үлдсэн юм. Төр тэд­ний бизнест
хутгалдаж, төр өөрөө мөнгөний хой­ноос хөөцөлдөлгүй зөв­хөн зохицуулах үүргээ гүйцэтгэсний
сайн үр дүн гарсны тод жишээ нь энэ. Солонгосын төрийн зохицуулалтын сонгодог жишээ
энэ л дээ. Харин төрийн оролцоо гэдэг нь бизнест хутгалдахыг л хэлээд байгаа юм.
Үүнийг манайхан ялгаж салга­маар байна. 

-Нөгөө жишээгээ хэлэх үү?

-Сингапур байна. Син­­гапур бол хэзээ­нээ­сээ
хувийн хэвшлийг тууш­тай дэмжиж ирсэн орон. Төр нь хийх ёстой ажлаа сайн хийдэг.
Ху­вийн хэвшлээ хангалттай дэмжиж, тогтмол татва­раа сайн төлөөд явах нөхцөлөөр
нь хангаж өг­дөг. Ингэж хуримтлуулсан мөнгөө авлигад зориулж үрэн таран хийх эсвэл
халамж нэрээр цацаад дуусгачихдаггүй хуримт­луулж чаддаг. Нэгэнт их хэмжээний мөнгө
ху­римтлуулж чадсан  уч­раас мөнгөө гадаад
зах зээлд гаргаж, үр ашигтай хувьцаа авдаг. Эсвэл усан онгоцны портуудыг худалдан
авч мөнгөө эр­гэл­дүүлдэг. Одоо Син­гапурын “Тимасек” компа­ни манай Оюу толгойн
хувьцааг худалдаж авсан байх жишээтэй. До­тоо­дын компаниудтайгаа өр­сөлдөх биш
гадаад зах зээл дээр хүчирхэгжих арга замыг Сингапур сон­гож байна.

-Зохицуулалтаа зөв хийсэн учраас
ийм үр дүн гарчээ?

-Сингапурт бай­даг миний нэг танил
“Манай Засгийн газар 100 жил идэх мөнгөө ху­римт­луул­чихсан” гэж ярьж байлаа. Энэ
бол сайн засаг­лал­тай байс­ны л үр дүн шүү дээ. Дээ­рээс нь Сингапур бол бараг
авлигагүй орон болж чадсан. Гэхдээ ма­най­хан төр хүчтэй, төр бизнесээ хийдэг байж
улсаа хөгжүүлнэ гээд Син­гапурын жишээг хуулж болохгүй юм. Яагаад гэвэл Сингапур
бол шар өөр орон. Ма­найд өнөөгийн байдлаар засаглал ийм муу байгаа үед энэ жишгийг
хуулбал авлигыг улам л нэмэг­дүүлнэ гэсэн үг.

-Төр аливаа бизнест хутгалдаад,
гал тогоо руу нь ороод ирэхээрээ авлига, хүнд суртал га­зар авч эцэстээ дам­пуурдаг
жишээ манайд олон бий шүү…

-Дэлхий нийтэд хэрэг­жүү­лээд үр дүнгээ
өгчих­сөн ийм онол байсаар байтал манайхан хэт улс­төрждөг юм уу, популизм хийгээд
байдаг юм уу. Эсвэл эдийн засгийн оно­лоо огт мэддэггүй юм уу. Ямар ч байсан  “Төрд  өмч
байх ёстой” гээд дайраад байдаг. Төрд өмч байж болно. Гэхдээ төр бизнес хийх шаардлагагүй.
Төр өөрийнхөө үндсэн ажлыг л  сайн хийх ёстой.
Тэр нь бүртгэлээ хийдэг, зөв­шөөрлөө олгодог, хяна­даг, нөхөн сэргээлт хийл­гэдэг
л байх тухай юм.  Мөн хувийн хэвшлийн­хэндээ
яаж тусалж дэмжих тухай л төр ярих хэрэгтэй. Түүнээс биш дотоодын компаниудтай уралдаж
бизнес хийдэг, хувийн хэвшлийнхний бизнес хийх зах зээлийг хааж боох ёсгүй. Төрийн
орол­цоо давуу байгаа үед компаниуд ашигтай ажил­лах ямар ч боломж байхгүй. Олсон
ашиг бүр нь улс төрийн намуудын сонгуулиар өгсөн бэлэн мөнгөний амлалтад зо­риу­лагдана
шүү дээ. Тий­мээс төрийн бодлого нь ойлгомжтой, хууль тог­тоомжууд нь уялдаатай
байх ёстой. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб нэг судал­гаа хийсэн
байна лээ. 2006 онд Ашигт малт­ма­лын тухай хууль батлагд­санаас хойш шүүхээр шийдэгдсэн
уул уурхайн салбарын маргаануудыг нэг бүрчлэн судалж л дээ. Гэтэл маргаан үүсч,
шүү­хээр шийдвэрлүүлсэн асууд­луудын 70 хувь нь төрийн буруутай үйл ажил­лагаанаас
болсон байна гэнэ лээ. Дүгнэлт хийхэд төр үндсэн чиг үүргээ маш муу биелүүл­сэн
гэсэн үг. Ийм учраас л төрийн оролцоо ямар хэмжээнд байхыг бодло­гоороо заагаад
өгчихье.

-Энэ санаа баримт бичигт яг ямар
томъёол­лоор орж байгаа вэ?

-Төрийн зохицуулал­тыг бүртгэл, зөвшөөрөл,
хяналтын түвшинд төгөл­дөржүүлж, ашигт малт­малын хайгуул, олбор­лол­тын үйл ажиллагаанд
шууд оролцохыг хязгаар­лана гэдэг байдлаар оруулж байгаа. Төр хийх ёстой үүргээ
л биелүүл. Мөнгөний араас гүйхээ боль л гэж байгаа юм. Юуны төлөө гүйх вэ гэвэл
тогтвортой татвар төлөгч­дийн тоог нэмэгдүүлэ­хийн төлөө явах ёстой. Мөн төрийн
өмчийн аж ахуйн нэгж нь ерөнхий гэрээ­лэг­чийн зарчмаар ажиллаж, төр хувийн хэвш­лийн
түнш­лэлийн хэлбэрийг хэрэгжүүлнэ гэдэг заалт орж байгаа. Хэрэв энэ заалтуудыг хасаад
хая­чихвал Эрдэс баялгийн салбарт баримтлах бод­ло­го нь өөрөө учир дутаг­далтай
болно гэсэн үг л дээ.

-Энэ байдлаараа бат­лагдвал мэдээж
сайн хэрэг. Гэвч гишүүд дэмжих хандлага байна уу. Эсвэл эсэргүү­цэг­чид нь олон
байна уу?

-Ерөнхийлөгчийн са­наа­чилсан “Том
төрөөс ухаалаг төр рүү” хэлэл­цүүлэг болохоос өмнө бас л хэцүү байсан шүү. Гишүүдийн
ихэнх нь төрийн оролцоо байх ёстой гэдэг байр суурь дээр зогсох хандлагатай байсан.
Уг нь бол тэд дотроо төрийн оролцоог хязгаарлах нь зүйтэй гэдэг саналтай байсан
боловч  үнэнийг хэлэхэд дараагийн сонгуулиа
бод­дог ч юм уу, нэг намын бүлэг, нөгөө намын улс төрийн дайралтаас айдаг ч юм уу,
эдийн засгийн зоригтой реформыг хийх­дээ тээнэгэлзээд байх юм. Монголын улстөрчид
олон жил эдийн засгаа урдаа тавихаас илүү улс төр, хоосон популизм, эх оронч дүр
эсгэж цээжээ дэлдэхээ урьтал болгос­ны уршиг өнөөдөр гарч байна. 

Гэхдээ сая Ерөн­хий­лөгчийн санаачилгаар
“Том төрөөс ухаалаг төр рүү” гэдэг сэдэвтэй уул­залт хэлэлцүүлэг боллоо. УИХ-ын
гишүүд энэ сэд­вийн хүрээнд Ерөнхий­лөгчтэй уулзлаа. УИХ дахь намын бүлгийн дар­га
нар үүний хүрээнд санамж бичигт гарын үсэг зурлаа.  Төр бүхнийг хийх ёстой гэдэг зарчмаар яваад амжилтад
хүрэхгүй нь ээ. Үр дүнд нь гаргаж байгаа зардлаа өөрөө дийлэхээ байж,  авлигад идэгдээд ялзарч дуусах нь ээ. Тиймээс
нүсэр бүт­цээсээ салж, ухаалаг төр рүү шилжье гэдэг санамж бичигт гарын үсэг зурчих­лаа.
Хууль батлах гишүү­дийн үзэл бодлыг өөрч­лөхөд Ерөнхийлөгчийн санаачилсан энэ уулзалт
түлхэц өгсөн болов уу гэж ажлын хэсгийн ахлаг­чийн­­хаа хувьд баярлаж байлаа. Тийм
учраас Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тус­гаж байгаа энэ саналыг гишүүд
дэмжинэ гэж най­даад сууж байна. Төрийн оролцоог хязгаарлая гээд хэлчихээсээ шийрэгнэж,  эргэлзэж, тээнэгэлзээд байсан хүмүүсийн бодол
өөрчлөгдсөн байх гэж итгэж байна. Чухам юу болохыг ирэх пүрэв гаригт л харж дээ.

-Өнөөдрийг хүртэл лиценз олголт
замба­раа­гүй байснаас хэн дуртай нь газар ухдаг байдал хавтгайрсан гэдэг шүүмжлэл
бий. Тэгвэл энэ талаар ямар бодлого барихаар оруулж байгаа юм бол?

-Төр бүртгэх, зөвшөө­рөл олгох, хянах
үндсэн үүргээ сайн биелүү­лээ­гүйгээс ийм замбараагүй байдал үүсчихсэн бай­сан юм.
Лицензүүдийг давхардуулж олгодог, ашигт малтмалын олбор­лолт явуулах ёсгүй газар
лиценз олгох гэх мэтийн зөрчлүүд гарсан шүү дээ. Үүнийг цэгцэлж замба­раа­тай болгохын
тулд бүртгэх, зөвшөөрөл олгох, хянах үүргийг нь энэ бодлогод ойлгомж­той байдлаар
тусгаж өгө­хийг зорьж байна. Нөгөө талаар уул уурхайн орд болон хувьцааны үнэ цэнийг
өргөх хэрэгтэй байна. Тэгж байж гадаад зах зээл дээрх Монголын эрдэс баялгийн бүтээг­дэхүүний
үнэ өсч, бидэнд ашиг ирнэ. Бялуу байлаа гэж бодъё. Олон улсын стандартын дагуу орчин
үеийн зөв технологиор том бялуу хийхгүй юм бол ард түмэн, улс орны  хүртэх ашиг багасна гэсэн үг. Үүнтэй адилхан олон
улсын зах зээл дээр уул уурхайн ордуудынхаа үнэл­гээг нэмэгдүүлэх шаард­лагатай
байна. Энэ утгаараа эрдэс баял­гийн бодлогодоо олон улсын стандартын асууд­лыг нарийн
тусгаж өгсөн. Тухайлбал, нөөцийн үнэл­­гээ тооцох олон ул­сад хүлээн зөвшөө­рөгд­дөг
аргачлалыг хэрэглэ­дэг байя, эрдэс баялгийн салбарт мэргэшсэн шин­жээчдийг бэлтгэдэг
болъё, энэ салбарт үүс­сэн маргааныг олон улсад ойлгомжтойгоор хүнд сурталгүй шийдэр­лэдэг
байя, уул уурхай­гаар мэргэшсэн эдийн засагч, хуульч бэлтгэе гэх зэргийн асуудлуудыг
тус­гаж байна. Нөгөө талаар өнөөдрийн байдлаар төрийн өмч бол ард түм­нийх гэдэг
нэрээр халхавч хийж, цөөн хэдхэн хүн  завшдаг
үзэгдэл байх ма­гадлал өндөр шүү дээ. Тийм ч учраас уул уур­хайн баялгийн ашгаар
бий болсон үр дүн монгол айл бүрийн хаалгаар орж, хүн бүрт тусахгүй байгаа нь нууц
биш.  Тийм учраас  дахин хуваа­рилалтын асуудлыг ч бод­логодоо тусгаж
байна.

-Ямар хэлбэрээр тусч байгаа юм
бэ?

-Баялгаас орж ирсэн ашиг орлого айл
өрхийн хаалгаар орохоосоо өмнө төрийн нүсэр аппа­ратын зардалд шингэдэг эсвэл хэдхэн
хүн цөл­мөөд дуусгадаг болчи­хоод байна л даа. Тэгэ­хээр аль болох үүнээс татгалзах
ёстой. Яаж ху­ваа­рилах вэ гээд тол­гойгоо гашилгаад байх шаардлага ч алга. Олон
улсад хэрэглэдэг бэ­лээхэн туршлагууд байна.

-Хүний хөгжил сан­гаар дамжуулж
бэлэн мөнгө хэлбэрээр тараа­хаа болъё гэж үү?

-Баялгаас олсон ор­ло­гоо улсынхаа
олон тул­гуурт эдийн засгийг ча­давхжуулахад зориулах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол
Монгол Улс зөвхөн уул уурхайгаас хараат улс болж хувирна. Баял­гаас олсон ашгаа
улс­төрчдийн амлалтыг бие­лүүлэхэд зориулж, бэлэн мөнгө хэлбэрээр цацах­гүй байя
л гэсэн санаа. Одоогийн байдлаар баял­гаас орж ирдэг ашгийг  Хүний хөгжил сан,  Тогтворжуулалтын санд төвлөрүүлж байгаа шүү дээ.
Удахгүй Монгол Улс баялгийн сантай болох гэж байна. Ингэснээр баял­гаас орж ирэх
орло­гоо энэ санд төвлөрүүлж,  хойч үедээ
хадгална. 2030 он хүртэл энэ сан­гийн мөнгөөр оролдохгүй л гэсэн үг.

-Уул уурхайн сал­барт хэрэгжиж
байгаа хуулиуд тогтворгүй, байн­га өөрчлөгддөг гэ­сэн шүүмжлэл байдаг. Энэ талаар
баримт би­чигт яаж оруулж байгаа вэ?

-Ер нь бид “Ашигт малт­малын тухай
хуу­лийн ийм ийм заалтууд 2025 он хүртэл өөрчлөг­дөхгүй” гээд зарлачих хэрэгтэй
байгаа юм. Энэ нь өөрөө олон улсад зөв дохио болж очих юм л даа.

Өнөөдрийн байд­лаар манай­хан уул
уур­хайн салбарын хууль, тогтоол, журмуудыг су­далгаа шин­жилгээгүй, мэргэжлийн
эрдэмтэн суд­лаачидтай ярьж хэ­лэл­цэлгүй, иргэний ний­гэм, иргэдийн үгийг сон­солгүйгээр
гаргачихдаг. Тэр хууль, тогтоомжууд нь бодит амьдралд нийц­дэггүй, хоорондоо зөр­чилд­дөг.
Үүнээс нь болж олон аж ахуй нэгжийн ажил зогсдог, хаалгаа барьдаг. Тийм учраас төрөөс
эрдэс баялгийн талаар баримтлах бод­логыг хэрэгжүүлэхэд зөв­лөмж гар­гах, дэмжлэг
үзүүлэх зорилго чиг үүрэг бүхий төрийн байгуул­лага, хөрөнгө оруулагч мэргэжлийн
хол­боод бо­лон иргэний нийгмийн байгууллагын төлөөл­лийн тэгш байдлыг хан­гасан
бодлогын зөв­лө­лийг байгуулж ажиллуул­на гэсэн заалт оруулж байна. Энэ мөн л дэлхий
нийтийн жишиг шүү дээ.

-Ямар жишээ байна…

-Сая УИХ-ын гишүүд Солон­госын үндэсний
ассамблейн гишүүдтэй уулзлаа. Ассамблей 300 гаруй гишүүнтэй юм билээ. Гэтэл тэдний
ард 150 гаруй эрдэмтэн, судлаач ажилладаг юм байна. Яагаад гэ­хээр УИХ-ын гишүүдээр
зөв хууль батлуулж, зөв шийдвэр гар­гуу­лахын төлөө мэдээ­лэл, судалгаа­гаар хангах
үүрэг хүлээж байна. Энэ судалгааны багийн гаргасан зөв­лөм­жийг УИХ-ын гишүүдийн
дий­лэнх нь анхаа­ралтай авч үздэг юм байна. 
Үүнтэй л төстэй.  Манай уул уурхайн
салбарт гарах тухайн хуулийг чанартай болгохын тулд Бодлогын зөвлөл зөвлөмж гаргах
талаар тусгасан байгаа.  Энэ  зөв­лөм­жийг нь хууль санаачлагч үзээд өргөн барих
гэж байгаа хуулийнхаа эерэг, сөрөг талыг ялгаж, салгаж харах боломж бүрдэнэ. Эсвэл
бодлогын зөвлөлд байгаа эрдэм­тэн судлаачдаар нэмэлт судалгаа ч хийлгэж болно. Хууль
санаа­чилж, боловсруулах ажлыг ингэж чанар­жуулахгүй бол  өнөөдөр хэн дуртай нь сонгуулийн өмнө сэтгэлийн
хөөрлөөр нэг хууль өргөн бариад батлуулчихдаг дутагдал манай УИХ-д байгаа шүү дээ.
Дотор нь байгаа хүний хувьд үүнийг мэдэрсэн юм.

-Бид нинжа гээд яриад хэвш­чихэж.
Тэдний тухайд  төрөөс ямар бодлого барихаар
баримт бичигт оруулж байна вэ?

-Бичил уурхайн олборлолтын талаар
тусгай журам гарсан учраас үүний дагуу иргэд хэсэг бүлгээрээ хоршиж орон нутагтай
гэрээ бай­гуулж, аль талбайд олборлолт хийхээ заалгаж, зохион байгуу­лалт­­тай ажиллаад
эхэлсэн. Хэдий­гээр амьдралаа залгуулах гэж байгаа ч улсынхаа  хууль тогтоом­жийн хүрээнд ажиллахаар хичээж яваа
хариуцлагатай бичил уурхай эрхлэгчдийг бодлогоор дэмжих асуудал баримт бичигт туссан.
Харин хаа дуртай газраа сэндийч­дэг, өөрсдийнхөө эрүүл мэндийг ч үл хайхарч, нөхөн
сэргээлт хийх тухай боддог ч үгүй ганц нэгээрээ хууль бус олборлолтын үйл ажил­лагаа
явуулдаг хэсгийг дэмжихгүй гэдэг бодлогыг тусгаж байгаа даа.

-Ингэхэд та Эрүүл мэндийн даатгалын
тухай хуулийн ажлын хэсгийг мөн ахалж байгаа гэсэн үү?

-Тийм шүү. С.Эрдэнэ, С.Ган­баатар
нарын гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл л дөө. Иргэний эрүүл мэндийн даатгал
нь иргэн бүрт хамаатай учраас хуулийн төсөл дээр ажиллахад үнэхээр их цаг хугацаа
авч байна. Хоёр гишүүний тус тусдаа өргөн барьсан хуулийн төслийг нэгтгэсэн учраас
маргаан ч гарах юм.  Зарим зүйл заалт дээр
санаачлагч хоёр гишүүнд маргалдах зүйл гарч ирдэг учраас амаргүй л байна. Гэхдээ
хуулийн төслийг бүх шатанд хэлэл­цүүлж байгаа. Хувийн болоод төрийн өмчийн, хот
хөдөөгийн гээд бүх шатны эмнэлгүүдийн саналыг авч байна. Шинэ хуульд эрүүл мэндийн
даатгалын засаглалын асуудлыг тусад нь бие даасан байдлаар тусгаж байгаа. Эрүүл
мэндийн даатгал нь хараат бус үндэсний зөвлөлтэй байхаар болж байгаа. Энэ нь даатгуулагч
иргэдийн эрх ашгийг хамгаалахад гол үүргийг гүйцэтгэх юм.

-Эрүүл мэндийн даатгалд мөнгө төлөөд
байгаа мөртөө түүнийгээ ашиглаж чадахгүй байна гэдэг гомдол байдаг. Үүнийг яаж өөрчилж
байгаа вэ?

-Эрүүл мэндийн даатгалд мөнгө төлөөд
л байдаг. Тэгээд шаардлагатай үед эмнэлэгт яваад очихоор чанартай үйлчилгээ авч
чаддаггүй гэсэн гомдлыг иргэд тавьдаг шүү дээ. Тийм учраас дийлэнх нь гадагшаа явж
эмчлүүлж байна. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал төлсний үр ашиг гарахгүй байна гэдэг.
Үүнийг засч залруу­лахын тулд эрүүл мэндийн сал­барын цогц шинэчлэлийг хийж байж
эмнэлгийн засаглалтай хол­боотой шинэчлэлийг хийх шаард­лага гарч байна. Өөрөөр
хэлбэл, манай эмч нар өдөрт хэдэн хүн үзэж, хэдэн цаг ажиллах нь хамаа­гүй тогтсон
хөдөлмөрийн хөлсөө аваад явдаг. Хийснээр нь хөдөл­мөрийн хөлсийг нь үнэлэх тогтол­цоо
алга. Ийм тогтолцоо руу оруу­лахын тулд эмч багш нарыг төрийн албан хаагчийн статусаас
нь гар­гаж, нийтийн албаны хуулиар зохицуулах асуудал яригдаж бай­гаа шүү дээ. Ингэж
байж Мон­голын­хоо эмнэлгийг эрэлттэй бол­гож, иргэд гадаадад биш эндээ л үзүүлдэг
байх нөхцөлийг бүрдүүл­нэ. Ийм тохиолдолд иргэн бүр төлдөг даатгалаа жинхэнэ утгаар
нь ашигладаг болох юм шүү дээ. Түүнчлэн өнөөдөр иргэд ажиллаж байгаа албан байгууллагаараа
дамжуулж улсад сар бүр эрүүл мэндийн даатгал төлдөг. Гэтэл хувиараа их хэмжээний
ашиг олдог иргэд ердөө 670 төгрөгийн даатгал төлдөг байх жишээний шударга бус байдал
бий. Үүнийг тэнцвэржүүлэх асуудал хуулийн төсөлд туссан.  Эмэгтэйчүүдийн төрөлт төрд хамаа­рах тусламж үйлчилгээнд
хамрагддаг. Гэтэл төрсний дараа олон төрлийн хүндрэл гардаг. Хавсарсан өвчнийг эмчлэх
шаард­лагатай болдог. Гэтэл төр бүгдийг даах боломжгүй тул төрөх процес­соос бусад
эмчилгээг даатгалд хамруулъя гэж байгаа. Мөн хавд­рын тусламж үйлчилгээг төр даах
хэдий ч хавдрын өдрийн туяаны эмчилгээ болон бусад зарим тус­ламжийг даатгалд хамруулахаар
тусгасан.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ