Categories
редакцийн-нийтлэл

“Авар” компани чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр Япон улсаас “амбаар” худалдаж авсан нь буруу юу

“Авар” ХХК-ийн 5.1 тэрбум иенээр худалдаж авсан барилга

Япон улсын Токио хотын шүүх “Авар”
компанийн тус хотын төв Чиёдо дүүрэгт байр­ладаг Хойд Солонгосын иргэдийн нийгэмлэг
(Chong­ryon)-ийн байрыг 5.1 тэрбум иенээр өнгөрсөн жил худал­дан авсныг хүчингүйд
тооц­сон шийдвэрийг энэ сарын 23-ны өдөр гаргасан байна. Тус улсын шүүх Монголын
“Авар” ХХК нь бодитоор үйл ажиллагаа эрхлэн явуулдаг эсэх нь батлагдаагүй, шалгал­тын
явцад ирүүлсэн баримт, бичгүүд нь тамга, тэмдэг дутуу, хуурамч байх магадлалтай
гэсэн үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. Тус объект нь Токио хотын төв
болох Чиёдо дүүрэгт байр­ла­даг, газар доор хоёр давхар, дээшээ арван давхар бүхий
өндөртэй, 12 000 ам метр талбайтай, нийт 2400 ам метр газрын өмчлөх эрхтэй барил­га
юм. Мөн Япон дахь Хойд Солонгосын иргэдийг дэмжин ажиллаж байсан банк бус санхүүгийн
байгууллагын зээлийн барьцаанд байсан ба тус санхүүгийн байгуулла­га 2007 онд дампуурснаар
шүүхийн өр барагдуулах албанд хураагдсан байдаг. Улмаар Япон улсын шүүхээр хэлэлцэж,
Япон дахь Хойд Солонгосын оршин суугчдын нийгэмлэгийн өмч болохыг нь тогтоосон тул
өнгөрсөн онд дуудлагаар худалдах эрх зүйн нөхцөл бүрдсэн ажээ. Дуудлага худалдааны
үеэр Монгол Улсад бүртгэлтэй “Авар” компани хамгийн өндөр үнэ хэлж, тус барилгыг
газрын хамт худалдаж авсан байдаг.

Дуудлага худалдаа болж өнгөрсний дараа
хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр “Авар” компанийн тухай янз бүрээр бичиж эхэлсэн. Тухайл­бал,
“Авар” компанийн захирал Ч.Эрдэнэбат нь УИХ-ын гишүүн Д.Сумъяа­базарын гэргий Ч.Мичид­маагийн
ах. Үүний цаана сумо бөхийн их аварга Д.Дагва­дорж байгаа. Ямар ч орлогогүй компани
ийм үнэтэй барилга худалдаж авна гэж байхгүй. Их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн
Д.Сумъяабазар нар холбоо­той. Японы Засгийн газрын шахалтаар Хойд Солонгос­чууд­тай
хэл амаа амархан ололцдог монголчуудыг ашиг­лаж байна” гэх зэрэг мэдээлэл цацагдаж
байсан. Энэ үед тус компанийн захирал Ч.Эрдэнэбат “Аль ч улсын Засгийн газрын орол­цоо
байхгүй. Цэвэр бизне­сийн зарчмаар явж байгаа асуудал. Миний дүү Ч.Мичид­маагийн
нөхөр нь Д.Сумъяа­базар гишүүн болохоор тэгж хардаж байгаа байх” хэмээн тайлбар
өгч байв. Дээрх мэдээллүүд Япон, болоод манай улсын хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр
нэлээдгүй гарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээл­лийн дагуу Япон улсын
шүүх “Авар” компанийг шалгаж эхэлсэн тухай тус улсын хэвлэлүүд бичжээ. Бүр манай
улсын нутаг дэвсгэрт ирж “Авар” компанийн талаар судалгаа хийгээд буцсан гэх мэдээлэл
ч байна. Улмаар “Авар” компанийн хэдэн жил ашиглаагүй “амбаар”-ыг худалдан авсныг
хүчингүй болгох шийдвэр гаргасан гэжээ. Тухайлбал, Япон улсын шүүх “”Авар” гэх компани
нь өөрийн гэсэн хөрөнгөгүй. Уг барилгыг худалдан авахдаа хууль бусаар мөнгө босгосон
байх магадлалтай” гэсэн таамаглал дэвшүүлэн уг шийдвэрийг гаргасан тухай ч гаднын
хэвлэлүүдэд байна.

 Дээрхээс харахад Япон улс монголчуудыг дорой, гаднын
орнуудад барилга худалдаад авчих чадалгүй хэмээн үзэж байгаа болол­той. Тэгвэл Монголын
бизне­сийн салбарт хүч үзэж байгаа залуус Япон улсын хүн ашиглахгүй удаж байгаа
хэд хэдэн амбаарыг худалдаад авчих мөнгөтэй болсон гэдгийг хэлэх хүн олон байна.
Европын өндөр хөгжилтэй орны хамгийн дээд зэрэглэл бүхий зочид буудлыг худал­даж
авсан хүн ч манайд бий. Монголдоо хувийн эмнэлэг ажиллуулдаг нэг нөхөр АНУ-ын томоохон
хотуудад хэд хэдэн барилга худалдаад авч байна. Энэ нь 5.1 тэрбум иенээр арван давхар
барил­гыг захын нэг компани худал­даад авчих чадал бий гэсэн үг. “Авар” компанийн  хувьд хуулиас гадуурх зүйл илрээ­гүй байхад Японы
шүүх ийм шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж харагдаж байгааг
ч хэвлэлүүд онцолжээ. Яагаад Монголын компани дэлхийн чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр
худал­даж авсан барилгаа эргүүлэн өгөх болж байна вэ.

Түүнчлэн хэвлэлүүд “Авар” ХХК-ийн
тухай хэт их сүржигнэсэн өнгө аястай мэдээлэл гарснаас болж чөлөөт зах зээлийн өрсөл­дөөнөөр
худалдаж авсан барилгаа эргүүлэн өгөх болж байна гэжээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Моломжамц: Нүүдэлчдийн гайхам ахуйгаас үлдэж буй үнэ цэнэ миний дотор нуугдаж байдаг

“Болор цом-31” наад­мын тэргүүн
шаг­нал хүртсэн яруу най­рагч Лхагвасүрэнгийн Моломжамцтай уулзаж ярилцлаа.

Юуны өмнө “Болор цом” наадмын
тэргүүн шагнал хүртсэнд баяр хүргэе. Тэргүүн байрын шагнал хүртчихээд их гүн утга
бүхий сайхан үг хэлнэ билээ?

-Баярлалаа. Өндөр гэгээний мэлмий
оршсон, үе үеийн цэцэн билэгт яруу найрагч, зохиолчид төрсөн өврийн хангай нутгийнхаа
тэнгэр дор “Болор цом”-ын хүндтэй байр эзэлсэндээ үнэхээр баяртай байна. Манай нутгаас
өмнө нь анх Д.Пүрэвдорж гуай “Болор цом”-ын эзэн болсноос хойш яруу найрагч Б.Ичин­хорлоо
хоёронтоо уг цомыг хүртээд байсан.  

-Та “Болор цом” наа­дамд өмнө нь
айргийн гуравт давхиж байсан. Тэр чинь 2005 оны үе байх. Харин түүнээс хойш оролцоогүй
дээ. Яагаад оролцоогүй юм бол ?

-Анх 1999 оны “Болор цом” наадамд
их сургуу­лийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа шүлгээ уншиж байлаа. Бүх оюутны яруу найргийн наадмаас шалгарч эрх аваад оролцож
байсан тэр үе санаанд тодхон байна. Түүнээс хойш хамгийн сүүлд 2005 оноос хойш шүлгээ
тайзан дээр уншилгүй тодорхой цаг хугацааг үджээ. Энэ хугацаанд бүтээлүүдээ хэвлүүлж
байсан. Харин тайзан дээр уншихын тухайд бол цааргалж, хойш сууж ирсэн минь үнэн
юм. Бүтээлээ хэвлүүлчихээд явж байх нь, тодорхой бүтээл биччихээд сууж байхад миний
хувьд илүү мэдрэмж, амттай санагдсан биз ээ.

-“Болор
цом”-ын шүлгүүдийг чинь, ялангуяа сүүлийн шатанд уншсан шүлгийн талаар уншигч олон
сонирхож байгаа нь мэдээж?

-2008 оноос хойш бичиж басхүү ном
болгохыг эрмэлзсэн бүтээлүүдээсээ сонгож уншсан. “Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал
үгс” нэртэй шүлгээ уншсан. Энэ шүлгээ өнгөрсөн зун, намрын заагт бичиж суусан байх
юм. Шүлэг, яруу найраг өөрөө уншигч түмэнтэйгээ ойр байх тэр мэдрэмж бололцоог ямар
нэг утгаараа энэ сайхан наадам олгож ирсэн гэж үздэг. Үүнд эл наадмын үнэ цэнэ оршин
байдаг болов уу. 

-Ингэхэд
утга зохиолын багш нар хийгээд, сургууль соёлын мөр хөөсөн тухайгаа ярихгүй юу.
Таны уран зохиолын багш Сорогдогийн Энхбаяр гэж уран зохиолын онол, шүүмжлэлийн
их хүн бий?

-1998 онд Өвөрхангай аймгийн Сант
сумын 10 жилийн сургуулийг төгссөн. Намайг уран зохиол, шүлэг яруу найрагт анх хөтөлсөн
багш маань Т.Өлзийтогтох гэж хүн байдаг. Энэ багшийгаа их хүндэтгэж явдаг. Нутгийн
Д.Лхагваа гэж ах маань бас намайг шүлэг найрагт их хөглөж хөтөлсөн байдаг юм.

Анх зургадугаар ангид байхдаа “Мөрөн
гол” гэж анхныхаа шүлгийг бичиж байсан. Хожим бодоход их учир бэлэгшээлтэй, зөн
совинтой мөр холбож байжээ. МУБИС-ийн Монгол судлалын сургууль, Утга зохиолын ажилтан-сэтгүүлчийн
ангид суралцах боломж маань өнөөдөрт намайг хөтөлж ирсэн. С.Энхбаяр багш маань надад
уран зохиолын түүх, онол, аргыг заасан байдаг. Басхүү уран зохиолын сэдвээр баг­шийнхаа
удирдлагад магистрын зэрэг хамгаалсан. Энэ их хүний лекцийг сонссон минь их азтай.
МУБИС-ийнхаа Ц.Өнөрбаяр, Д.Оюунбадрах, Ш.Гүндалай, Ж.Батбаатар, Л.Хөвсгөл гээд эрдэмтэн
багш нарынхаа шавь болсондоо ямагт бахархаж явдаг.

-Л.Моломжамц
най­рагчийн хувьд “Өдрийн сонин”-ы гал тогоонд ажиллаж уран бүтээлээ туурвиж байсан.
Бид бүхэн баяртай байна. Хэд хэдэн сайхан нийтлэл бичиж билээ. Тэр тухай мөн л асуулгүй
өнгөрч болохгүй нь. Ингэхэд манайхан л жил дараалж аваад байна уу даа?

-Үнэхээр тийм сайхан тохиол байна
шүү. “Өдрийн сонин”-ы сэтгүүлчээр ажиллаж байсан өдрүүд маань миний амьдралд их
зүйлийг өгсөн, сайхан санагддаг. “Нүүдэлчдийн яруу найргийн сүүлчийн гэрэлт аялгуу”,
“Хөх өвснөө тодрон асах монгол яруу найргийн гэрэлт чулууд” гэсэн нийтлэлүүд бичиж
байсан минь сонины үдээсэнд, цаг хугацааны нэг гэрэлт хуудас болон үлджээ. Монголын
өдөр тутмын хамгийн том сонинд ажиллаж байсандаа, сэтгүүлчийн үзэг барьж суусан
минь надад олдсон аз завшаан юм аа.

-Таны
“Нүүдэлчин сэт­гэлийн бадгууд”, “Дөрвөн цагийн мемори” гээд сайхан бүтээлүүд бий.
Эдгээр бүтээлүүдийн өм­нөтгөлийг Цэнд-Аюушийн Буянзаяа найрагч тун өвөрмөц, жинхэнэ
яруу найргийн бүтээлүүд хэ­мээн үнэлж байлаа. Ер нь таны сэтгэлгээний онцлог, яруу
найргийн мөн чанар тань юу вэ?

-Яруу найргийг хүнд зөвхөн онгод өгдөг,
хэн онгодтой нь бичиж туурвидаг мэт бодол нийтийг хамарч байдаг. Үгийн урлаг өөрөө
онолтой, түүхтэй хэдэн зуун мянганаар бүтэж, шинэчлэгдэж, түүхэндээ үе үеийн туурвилаа
үлдээж ирсэн. Энэ бол хэн хүний тухай яриа биш. Тэгэхээр үгийн урлаг өөрөө, уран
зохиол өөрөө онгод авьяас, онол, түүхийн гайхамшигт хүрээлэл, тухайн авьяастны мэдрэмж
бодлын дунд сая жинхэнэ бүтээгддэг гэдэг нь гарцаагүй. Энэ цаг үед уран зохиол,
тэр дундаа монгол уран зохиолын хөгжлийг зөв харж, зөв үнэлж, зөв зам чигийг гаргаж
явах тийм ховор хүмүүсийн нэг бол Ц.Буянзаяа зохиолчийг гэж хэлнэ байх.

Монголын уран зохиолд гайхалтай шинэчлэлийн
салхийг 1990-ээд оныхон хийсэн гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам улам тодрох биз
ээ. Үүнд Г.Аюурзана, Б.Галсансүх, Ц.Буянзаяа, Л.Өл­зийтөгс гээд сэтгэлгээний туг
болсон уран бүтээлчид, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Г.Мөнхцэцэг гээд уламжлал, шинэчлэлийг
хослуулсан маш олон зохиолч, яруу найрагчийг нэрлэж болно. Миний хувьд өөрийн бүтээлийг
тодорхойлох нь, тийм, ийм гэх нэг бодлын зохимжгүй хэрэг байх. Монгол яруу найраг,
нүүдэлчдийн гайхам ахуйг санагалзах, тэр бүхнээс үлдэж буй бүхний үнэ цэнийг дээдлэх,
шаналал, зовнил харин ямагт дотор минь нуугдаж явдаг юм шиг. Шүлэг, яруу найраг
нь сэтгэлээс эхлэн бүтэх үгийн гайхамшигт урлаг юм.

-Төрж
өссөн нутаг, Сан­тынхаа тухай “Дөрвөн цагийн мемори” номдоо та их гайхалтай, сэтгэл
хөд­лөм дүрслэлүүдийг бичсэн байдаг. Нэг дөрвөн мөртөө сонгож хэлээч гэвэл?
 

-Тийм сумын төв, суурин ахуйд амьдралын
минь тодорхой хуга­цааг элээсэн болоод тэр биз ээ. “Сантын цоморлиг” гээд өөрөө
ч бас хааяа харж унших, өөрийгөө сэрээх дуртай шүлэг бий.

…Дотуур байрны цагаан тоосго
бүрийг сугалж, бас буцааж өрж үзнэ

Дотор сэтгэлд минь багын дурсамж
хөвөрнө

Хүүхэд нь тарчихсан дотуур байр
уйтгарт автсан зуны эхэн сарын арван тавны үдэш

Хөдөө талаас цэцэгсийн үнэр анхилж,
морьдын үүрсээ дуулдана
Ийм л мэдрэмжүүд, бас уянга, ахуйн худалгүй үнэнийг тунгааж
бичихийг эрмэлзэж байжээ.

-1990-ээд
оныхон гэж тодотгол уран зохиолд нэгэнт үлджээ. Түүнээс хойш ямар тодотголтой цаг
үе уран зохиолд байх нь вэ. Таны бодлоор?

-Цаг үе бүхнийг төрүүлдэг биз ээ.
Манай үеийн залуучууд, утга зохиолд шимтэгчид бол яах аргагүй шинэ мянганы эхээр
утга, уран зохиолд орж ирсэн байдаг. Тодорхой хэмжээнд уран бүтээлээ туурвиж, олз
омогтой явна. Ер нь өмнөх цаг үеэ хүндэтгэнэ гэдэг маань уран зохиолын уламжлал,
шинэчлэлийг давхар агуулгаараа хөндөж байдаг.

-Өнөө
жилийн наадмын онцлогийг та хэрхэн дүгнэв. Бусад найрагчдаас хэн хүчтэй өрсөлдөгч
байв. Наадмын өмнө хэд хэдэн найрагчдын нэрс дуулдаад байсан. Тэр тухайд?

-“Болор цом” наадмын таамаг мэдээж
үүсдэг. Оролцож байгаа бүх найрагч л мэдээж өрсөлдөгчид шүү дээ. Манай үеийн Ц.Эр­дэнэбаатар,
П.Нямлхагва, Л.Ган­зул, Б.Батсайхан, Б.Болорцэрэн, Б.Чулуунцэцэг гээд олон сайн
яруу найрагчид маань оролцож өрсөлдлөө. О.Цэнд-Аюуш, Д.Өсөх-Эрдэнэ гээд мөн дүү
яруу найрагчид шүлгээ уншиж өр­сөлдөж байна. Энэ жилийн хувьд уншиж байгаа яруу
найрагчид шүлэг бүтээлийн сэтгэлгээний хувьд тодорхой хэмжээнд өнгө нь өөр л байсан
болов уу даа.

-Ойрын
үед уран бүтээлийн хувьд ямар зүстэй бүтээл гаргах гэж байна вэ?

-Сүүлийн зургаан жилийн хугацаанд
бичиж үзэглэсэн шүлгүүдээ эмхэтгэж “Зангирмал үгс” гэсэн нэр, зүстэй номоо уншигчиддаа
барих бодолтой яваа. Мөн үргэлжилсэн үгийн богино хэлбэрийн бүтээлүүд ч бий.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Цөмийн энергийн салбарт өнжсөн нь

Монголчууд цөмийн өндөр технологитой  орнуу­дын л хийж чаддаг шар нунтагийг гаргаад
авчихаж. Уранаа ашиг­лаж эхлээгүй ч лабора­торийн хэмжээнд бол ин­гэж хэлж болохоор
түв­шинд хүрчээ. Дэлхийд сүүлийн хорин жилд ил­рээ­гүй их нөөцтэй орд Монголоос
илэрсэн, Фран­­цын “Арева” Япон­той хамтран манай ураны салбарт том хө­рөн­гө оруулалт
хийх эх­лэл тавигдсан гэж ирээд яривал уранаараа дэл­хийд том тоглогч байх боломж
ирсэн энэ үед анхаарал хандуулах учир­тай хамгийн гол  өнцөг бол цөмийн техно­логийн салбар.

Манай сонин  энэ удаа­гийн
“Танайд өнжье” буландаа цөмийн тех­но­логи Монголд хэр түв­шинд хөгжиж байгааг сур­валжлахаар
шийдсэн юм. Сонгосон байгууллага  маань Цөмийн
энергийн газар. Тус газрын дарга Н.Тэгшбаяртай тохирс­ны дагуу пүрэв гаригийн өглөөний
08.00 цагт Хан-Уул дүүргийн хуучин ца­гаан хаалганы цаахна байрлах байгууллага дээр
нь яваад очлоо. Өг­лөө бүр хийдэг шуурхай нь эхэлжээ. Арав орчим хүн ширээ тойроод
суу­чихаж. Бүгд л тус тусдаа асуудал хариуцсан дарга нар бололтой. Тэдний ярианаас
Цөмийн техно­логийн газрын даргынх нь мэдээлэл сонирхол татав. Эднийх цацраг идэвхт
ашигт малтмалыг эргэлтэд оруулах ажлыг хариуцаж байгаа гэнэ. Шар нунтаг үйлдвэрлэх
бэлтгэл ажлын хүрээнд хувьцаа эзэмшигчдийн хэлэлцээрийн гэрээ бай­гуулах энэ тэр
гээд бага­гүй ажлууд эхэлжээ.  Мэр­гэжлийн
голдуу хэллэгтэй яриа өрнөсөн өглөөний шуурхайн үеэр эднийд хамаатай 68  тусгай зөв­шөө­рөл 13 аж ахуйн нэг­ж байгаагийн
нэг нь ашиг­лалтынх бусад нь хайгуулынх гэсэн статис­тик содон сонсогдов. Ашиглалтын
ганц лиценз нь ураных биш гэнэ. Сүү­лийн гурван жилд нэг ч хайгуулын болон ашиг­лалтын
зөвшөөрөл ол­гоо­гүй юм байна. Тэдний ярианаас анзаарахад Цөмийн энергийн сал­барт
хамаарах лицен­зүүд ТЕГ, ҮАБЗ-ийн мэд­дэг ажил бололтой.

Н.Тэгшбаярыг  “Аюул­гүй байдал гадаад бод­логын байнгын хорооны
зарим гишүүд Дорно­го­вийн Улаанбадрах су­манд тугал хорогдсон хэрэг уранаас болсон
эсэх дээр нэг мөр ойлголт өгөөч гэсэн. Цөмийн хянал­тынхан танилцуул­га явуулах
талд анхаа­раарай” гэхэд ажилтнууд нь  “Арав
гаруй байгуул­лагын гучаад хүн оролц­сон ажлын хэсэг цацра­гаас болоогүй, селенийн
ужиг хордлогоос болж тугал үхсэн гэх дүгнэлт гаргасан. Ерөнхий сай­дад танилцуулсан
шал­гал­тын дүнгээ байнгын хорооныхонд  албан
бич­гээр явуулъя” гэсэн хариу өгнө лээ. 

За тэгээд цац­рагийн хяналт сайн байгаа, Монгол энэ чигийн ажлаараа
олон улсын атомын энергийн агентлагаас 2013 онд дажгүй дүн авсан, хилийн боомт дээр
ная гаруй цацраг хэмжигч суурилуулсан гэх мэт ярианууд өрнөсөн шуурхай бараг хагас
цаг үргэлжиллээ. Нэг сонин дуулгахад цөмийн хаягдлыг Монголд оруу­лахгүй байхыг
баталгаажуулсан цөмийн хаягдлын эсрэг конвенцид элсэх асуудлыг Засгаар хэ­лэлцүүлэхээр
болж байгаа юм билээ.

Хурал дууссаны дараа  Байгаль
орчны иргэний зөвлөлийн Цөмийн ажлын хэсгийн гишүүд гээд хоёр хүн Цөмийн энергийн
газрын даргын өрөөнд ороод ирэв. Б.Дүгэржав  
гэж өөрийгөө танилцуулсан жар орчим насны эрэгтэй Монголоо хөгжүүлье гэвэл
уранаа ашиглах ёстой гэж ирээд яриа дэлгэв. Иргэний зөв­лөлийнхний нэг хэсэг нь
ураны эсрэг зогсч, нөгөө хэсэг нь ашиглах ёстой гэж зөрөлдөөд эхэлсэн бололтой.
Дүгэржавын яриагаар бол “Грийн пийс” байгууллагын нэрийг хуурамчаар барьсан хүмүүс
ураны эсрэг тэмцэж байгаа, Дорноговийн Улаанбадрахад Ганбаатар, Бээжин зэрэг иргэний
хөдөлгөөнийхөн дахин очиж “Арева”-г бужигнуулсан гэнэ. Түүнийг дагаж орж ирсэн тавь
гаруй насны эмэгтэй  хойд хөршид цөмийн физикч
мэргэжил эзэмшиж насаараа цөмийн салбарт ажиллажээ. Тэрээр “Том гүрнүүд цөмийн цацрагийг
хөгжилдөө л ашигладаг. Баттай баримттай албан ёсны бол юуг ч гаргаж  тавих нь иргэний нийгэмд нээлттэй. Гэтэл цөмийн
мэргэжилгүй, энэ чиглэлийн ямар ч ойлголтгүй хүмүүс иргэдэд буруу мэдээлэл өгөөд
байхад мэргэжлийн хүний хувьд харамсах юм. Цөмийн асуудлаар яриад байгаа “гамшиг”
гэсэн хочтой Ганбаатар гэхэд л  Германд сургууль
төгссөн жү­жигчин. Цаана нь  ямар хүмүүс байгааг
судлаач, олж тогтоогооч гэсэн санааг танд хэлж саналаа солилцохоор ирсэн юм” гэж
ярив. Тэд ийм зорилгоор ирсэн гэнэ. 

 

НҮҮРСЭЭ  УСТӨРӨГЧ
БОЛГОЖ ХОТЫГ УТААНААС САЛГАНА

Цөмийн энергийн газрын дарга үдээс хойш цөмийн технологи хэрэглэж
байгаа гурван газраар орохоор төлөвлөжээ. Нэг нь МУИС-ийн Цөмийн судалгааны төв,
нөгөө нь Хавдар судлалын үндэсний төв, гурав дахь нь Геологийн төв лаборатори аж.

Эхлээд МУИС-ийн цөмийн судалгааны төвөөр оров. Офи­церуудын ордны
хавцаа байрлах энэ газар сургалтаа ч судалгаагаа ч хийдэг юм байна. Цөмийн физик,
цөмийн бүтэц, урвалын суурь судалгаануудыг хийдэг аж. Цөмийн технологийн үйлдвэрлэл
практикт   суурилсан суурь судалгааг ч хийдэг
юм байна. Цөмийн энергийн газраас цөмийн эрчим хүч, цацраг идэвхит ашигт малтмалыг
судлахтай холбоотой ажил дээр хамтардаг гэнэ. Цөмийн энергийн газрын шугамаар Америкийн
нэг төсөл эднийд хэрэгжжээ. Цацраг идэвхт бодисууд террористуудын гарт орж болзошгүй
гэсэн болгоомжлолоор хэрэгжүүлдэг төсөл бололтой. Цацрагийн онцгой үүсгүүртэй өрөөнүүд
нь тусгай камертай, гадны ямар нэг  нөлөөг
мэдрэх мэдрэгчтэй болчихож. Зарим өрөөнүүд нь үүдэндээ кодтой юм. Энд ямар нэг юм
боллоо гэхэд ЦЭГ дээр шууд дохио, мэдээлэл очих гэнэ.

Сонирхуулж хэлэхэд эдний төвийн эрдэмтэн Эрдэнэтийн зэсийн баяжмал
дахь мөнгөний хэмжээг 1980 онд тогтоожээ. Энэ үеэс манайх зэсийн баяжмал дахь мөнгөнийхөө
орцыг бодож Орост арай ахиу үнээр зардаг болж. “Цөмийн технологийнхоо хөгжлөөр зэсийн
баяжмалдаа байгаа мөнгийг граммаар нь тогтоосон хэрэг” гэж  Т.Зузаан доктор онцлов.

Эдний төвд цөмийн физикийн аргаар агаарын бохирдлыг хэмждэг юм
байна.   Цөмийн технологиор хотын утаанд байгаа  химийн бүх л элементийг гаргаад ирдэг гэнэ. Бүр
тоос хичнээн хувь, гэр хороолын утаа  төчнөөн
хувь, машины утаа нь ийм хэмжээтэй гээд нарийвчлаад гаргаад ирдэг аж. Эдний гаргасан
тоог судалгааны байгууллагууд иш татаж ашигладаг юм байна. Агаарын бохирдлоос тоосонцор
нь эрүүл мэндэд илүү хортой гэж Д.Шагжжамба доктор ярьж байлаа. Хотын агаарын бохирдлын
50 хувийг тоос эзэлдэг гэнэ. Тоостойгоо тэмцэж эхлэхгүй бол утаанаасаа илүү аюул
тарьж мэднэ гэж тус төвийн эрдэмтэд ярьж байсан юм. Машины утаа хотын агаарын бохирдлын
арав орчим хувийг эзэлдэг гэнэ. Утаагүй зуух тараасан газруудад бохирдлын хувь хамаагүй
багассан тоо гарчээ. Өвөлд гардаг утаа 2.4 дахин багассан гэсэн тоог тэд хэлж байлаа.

Энэ төвд хийж байгаа анхаарал татахаар ажлын нэг нь цөмийн эрчим
хүчний судалгаа юм байна. Хотын утааг цөмийн эрчим хүчээр шийдэх ямар боломж байгааг
судлаад эхэлчихсэн гэсэн үг. Нэг таатай мэдээ дуулгахад энэ төвийн эрдэмтдийн хэлж
бай­гаагаар  бол дэлхийгээс хоц­рох­гүйгээр
нүүрсээ устөрөгч болгоод ашиглаад эхэлчих гэнэ. Нүүрсэнд агуулагдах уран, цацрагийн
аюулын талаарх яриа ч энэ үеэр эрдэмтдийн дунд өрнөөд авав.

 
ЭРДЭНЭТ, ОЮУТОЛГОЙ ХОЁР ХАМГИЙН ОЛОН ЦӨМИЙН ҮҮСГҮҮРТЭЙ

Цөмийн судалгааны төвөөс гараад Хавдар судлалын үндэсний төв дээр
ирлээ.  Нэгдүгээр эмнэлэг эднийх хоёр л хавдрын
эмчилгээндээ цөмийн технологийг ашигладаг, тэр үүднээсээ  Цөмийн энер­гийн газартай хамтран ажилладаг аж.
Хавдраас бусад чиглэлээр цөмийн үүсгүүр ашигладаг зуу гаруй эмнэлэг манайд ажилладаг
юм байна. ЦЭГ-ын даргыг тус төвд ажиллах үеэр хорт хавдрын өвчлөлийн талаар нэг
эмзэглэмээр мэдээ сонслоо. Хорт хавдар газар авчээ. Өнгөрсөн жил 4544 хүн хорт хавдартай
гэсэн онош сонссон бол энэ жил 5000 гаруй хүн ийм онош сонсчээ. ХСҮТ-ийнхөн хавдрыг
эмчлэх  туяа эмчилгээний ганцхан аппараттай,
өргөтгөлийн барилгаа дуусгаж байж нэмж аппарат суурилуулмаар байна гэсэн саналыг
ЦЭГ-ын даргад тавина лээ. Хавдрын эмчилгээнд хэрэглэдэг  хуучирсан тоног төхөөрөмжийг шинээр солих үед  цөмийн үүсгүүрийг  нь ЦЭГ-ын хяналтанд шилжүүлдэг ажээ. Ингэхэд  эмнэлгээс өчнөөн сая төгрөг гардаг бололтой. ХСҮТ-ийн
эмч нар энэ асуудлыг нааштайгаар шийдэж өгөх хүсэлт тавихад ЦЭГ-ын дарга  “Хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр төлбөр
тооцооны хувьд эерэгээр шийдэх бололцоо бий. Монгол Улс Олон улсын атомын энергийн
агентлагт өргүй болсон. Тэгэхээр та бүхний санал болгох дараагийн төсөл заавал дэмжигдэнэ
гэж ойлгох хэрэгтэй” гэсэн хариу өглөө. Сонирхуулж хэлэхэд манай улсад  хамгийн олон цөмийн үүсгүүр ашигладаг компани
нь Эрдэнэт, Оюутолгой юм байна. Бусад уурхайнууд  ч цөмийн үүсгүүрүүд ашигладаг аж.

 
МОНГОЛЧУУД  ШАР
НУНТАГ ГАРГАЖ  АВЧЭЭ

Цөмийн энергийн газрын даргын сүүлд орсон газар нь Геологийн төв
лаборатори. Цө­мийн технологи дээр суурилсан тоног төхөөрөмжүүдийг нь сонир­хож
нэлээд явав. “Эднийхийг Монголоос гадагш экспортолдог зэсийн болон хүдрийн баяжмал
зэрэг ашигт малтмал дотор яг ямар эрдсүүд байгааг нэг бүрчлэн тооцдог газар гээд
ойлгочихож болно. Монголд их мөнгө олж өгдөг ашигт малтмалын үнэ цэнийг цөмийн технологиор
тогтоодог чухал газар”  гэж ЦЭГ-ын дарга тайлбарлав.
Технологи сайжраад ирэхээр Монголоос гадны лабораториуд руу шинж­лүүлэхээр явуулдаг
байсан дээ­жүүдийг эднийх шинжилдэг болжээ. Гадагшаа урсдаг мөнгө эндээ үлддэг болсон
гэсэн үг. Сүүлд гэхэд л Оюу толгойн зэсийн баяжмалд хичнээн хэмжээний алт, мөнгө
байгааг эднийх тодорхойлж байгаа гэнэ. Уранаа 
ч  эндээ шинжлэх том  төслийг ЦЭГ-тай хамтран хэрэг­жүүлээд эхэлжээ.
Шар нунтаг гаргаж авсан газар нь мөн л Геологийн төв лаборатори.   Ингээд эрдэс шинжилдэг цөмийн технологийн хэд
хэдэн мундаг тоног төхөөрөмжийг сонирхов.

Бидэнд сонирхуулсан эхний төхөөрөмж геологичдоос чулуу­гаар нь
авсан дээжийг гурил шиг нунтаглаж тусгай бодистой холиод шилэн буюу шахмал эм маягийн
болгочихдог юм байна. Нунтагийн ширхэг нь микроноор хэмжихээр нарийн гэнэ. Нэг ширхэг
нь энгийн нүдээр бол харагдахгүй, олноороо нийлэхээр харагддаг гэж тайлбар­ласныг
бодоход төсөөлөх аргагүй жижиг хэсэг болгоод нунтаг­лачихдаг бололтой. Чулууг ингэж
нунтаглаж байгаад доторхи бүх хольцыг нь цөмийн технологийн шидээр судалдаг аж.
Ингээд төчнөөн хэмжээний мөнгө, өдий хэрийн алт байна гээд гаргаад ирдэг байна.
Мендел­еевийн үелэх  сис­темийн 44-ийг нь
таниад ялгачих­даг гэнэ. “Кальци, төмөр зэс, уран гээд бүгдийг тодор­хойлно. Хордсон
гэх 22 тугалын асуудлыг ингэж  шинжлээд дотор
нь уран зэс байна уу гэдгийг судалсан. Олон улсын лабора­ториуд руу ч явуулсан.
Тэгээд олон улсын лабора­ториудын дүнтэй мөргөж байгаа учраас ажлын хэсэг нийтэд
зарласан” гэж ЦЭГ-ын дарга ярив.

Геологийн төв лабора­торийн­хон эрдсийн түүхий эдээр стан­дартчилсан
загвар бүтээгээд эхэлчихэж. Мэдээж  цөмийн  технологиор. Эрдэс баялгаараа гэхэд л 60 орчим
стандарт загвар хийжээ.Сүүлд гэхэд газрын ховор элемент, литийн хүдэр, уран дээр
ийм загвар хийсэн гэнэ. Манай улс стандартчилсан загвар үйлдвэр­лэгчийн эрх авчээ. Америк, Австрали, Англи, Өмнөд Африк, Хятад, Орос, Герман зэрэг улсууд монголчуудаар
стандартчилсан загвар хийлгэдэг болж. Геологийн төв лабораторийн үйлдвэрлэл эрхлэлтийн
дэд захирал Л.Батзориг “Сүүлд гэхэд Германы Гео шинжлэх ухааны байгалийн нөөцийн
хү­рээлэн Номхон далайн ёроолын ман­ганийн модуль гэсэн дээж явуулсан. Манайхаар
стандартчилсан загвар бэлт­гүүлээд гадны гучаад 
лабораторид шинжлээд өгөөч гээд явуулчихна. Нөгөөдүүл нь  манган, никелийнх нь агуулга тэд гээд тогтоогоод
явуулна. Лабора­ториудаас ирсэн дүнг харьцуулж судлах гэж ингээд байгаа юм. Үүний
эцэст Номхон далайд хэчнээн хэмжээний манган байгааг гаргах суурь тавигдана. Европын
холбоо тэр чигээрээ, ер нь улс бүр л ингэж байна. Стандартчилсан загвар гэхээр хол
сонсогдож магадгүй л дээ. Гэвч Европын холбоо 
хоёр жилийн өмнө стандартчилсан загвар бол улс орны стратегийн материал гээд
зарлачихсан. Ер нь бол жишиж харьцуулах юмгүйгээр хөгжиж байгаа эсэхээ мэдэх боломжгүй
гээд ойлгочихож болно” гэж ярилаа.

Биднийг дараагийн төхөө­рөмжийг сонирхохоор шатаар өгсөх замд
ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр “Цөмийн технологийг 
уул уурхай,  эмнэлэг, хөдөө аж ахуй,
хүнс гээд хэрэглэхгүй салбар алга. Түүхийн судалгаан дээр гэхэд л насжилтыг тогтооход
ашиглаж байна. Хөдөө аж ахуйд вакцин үйлдвэрлэх,  эмнэлэгт эмийн бүтэц судлах, агаарын тээврийн
салбарт цонхны цанталтын эсрэг гэх зэргээр ашиглаж байна. Хүнсний салбарт савлагааг
хянахад хэрэглэдэг. Хяналт хийж болохгүй салбар гэж үгүй. Ясир Арафатын хувцсыг
цөмийн технологиор шинж­лээд  ямар элементээс
хордсоныг нь тодорхойлчихож байна. Чингэсийн онгоныг олчих­вол нас барсан шалтгааныг
нь тогтоох боломжтой” хэмээн ярилаа. Тус газрын цөмийн технологийн газрын дарга
хажуунаас   “Напео­лоны үсийг нас барсных
нь бүр сүүлд музейгээс аваад хүнцэл гэдэг бодисоос болж хордсоныг тог­тоосон нь
мөн л  цөмийн тех­нологийн хүч” хэмээн ярианд
оролцов.

Бидний орсон дараагийн өрөөнд энгийн хүн бол томхон компьютер
гэж хэлэхээр тө­хөөрөмж суурилуулжээ. Үнсээр хийсэн блоконд цацрагийн хэмжээ хэр
байгааг энд тогтоодог юм байна. Блокийг шинжлүүллээ гэхэд заавал эвдэж нунтаглах
шаард­лагагүй, зүгээр л гаднаас нь мэдрээд хариуг нь гаргачихдаг аж. Энэ мэт олон
салбарт ашигладаг бүтээгдэхүүний бат бөхийг үүгээр шалгадаг юм байна. ЦЭГ-ын дарга
энэ үеэр “Альфа, бетта, гамма гээд гурван янзын цацраг бий. Гамма  нь бүхнийг нэвтэрч  чадна. 
Харин альфа нь цаас ч  нэвтлэхгүй.  Бидний аюултай гээд байгаа шар нунтагаас альфа
гарна. Тэгэхээр зүгээр л аяган дотор хийгээд дээр нь цаас тавьчихад хүмүүст хор
үзүүлэхгүй эд. Улс орон баяжихыг хүсвэл цөмийн технологи хэрэглэх учиртай. Баян
бол хэрэглэж байна гэсэн үг. Цөмийн технологигүйгээр хэн ч баян байж, өрсөлдөж чадахгүй.
Бидний бусад улстай өрсөлдөх чадвар бол ерөөсөө л цөмийн технологи. Өрсөлдөх чадваргүй
байлгах сонирхол хаа нэг газар байж магадгүй л юм” хэмээн ярилаа.

Ойролцоох өрөөнд нь ороход том саарал төхөөрөмж суури­луулсан
харагдав. Изотопыг нь ашиглаад агуулгыг нь тодор­хойл­дог багаж гэнэ.  Үелэх системийн 108 элементээс эрдэс баялагт  тогтвортой изотоп байдаг 70 орчим элементийг нэг
удаа хэмжээд гаргаад ирдэг айхтар эд аж. Хамгийн орчин үеийн тех­нологи гэж Геологийн
төв ла­бораторийн үйлдвэрлэл эрхлэл­тийн дэд захирал Л.Батзориг онцолж байв.  Түүнийг “Газрын ховор 16 элемен­тийн агуулгыг
нэг бүрчлэн гаргаад ирэх боломжтой. Одоо бол нөөцөөрөө  Хятадын дараа орно гэсэн Дэлхийн банкны таамгийг
л яриад байгаа.  Уранаа улстөр­жүүлэхгүй бол
нөөц нь эхний  арав уу, хэд вэ гэдгийг гаргаад
ирэх боломж бүрдсэн” гэж төхөөрөмжөө тайлбарлахад  ЦЭГ-ын дарга “Өмнө нь манайх чинь ийм төхөө­рөмжгүй
байхдаа гадагшаа мөнгө зарж байж дээжээ шинж­лүүлдэг байсан. Гадагшаа  алддаг байсан мөнгө эндээ үлддэг болсон гэсэн
үг. Энэ хэрээр Монгол гэдэг улсын уул уурхайн салбарт өрсөлдөх  чадвар нэмэгдэж байгаа юм. Чили, Канад, Австрали
ингэж  чаддагтаа л өрсөлдөж байгаа хэрэг”
гэсэн тайлбар нэмэв.

Эрдэс баялгийн элементийн агуулгаас гадна эрдсийнх нь агуулгыг
шинжилдэг машин ч энд байна. Уран байлаа гэхэд хүчил­төрөгчийн нэгдэл үү, хүхэрт  нэгдэл үү гэдгийг тогтооход ядах юмгүй болж. Бүр
ямар аргаар баяжуулж авах вэ гэдгийг тогтоох нь.  ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр “Агуу Ван Гог зургаа ямар  будаг ашиглаж зурсан бэ гэдгийг өнөөдөр бид шинжлээд
мэдчихэж болно. Тэр үед хэрэглэж байсан будгийг гаргаад авах боломжтой гэсэн үг”
хэмээн ярьж байв.

Эднийх Цацраг идэвхит ма­териалын лабораторитой болжээ. Өмнө нь
цацрагийн цөөн төхөө­рөмж л байж. Одоо бол ураны дээжээс эхлээд шар нунтаг гаргах
хүртэлх  бүх процесс явагдах юм байна. Монголын
хоёр төрлийн ураны хүдрээр  стандарт загвар
бэл­дэхээр ажиллаж байгаа аж. Ураны хүдрийг уусган баяжуулах, шар нунтаг гаргахаас
эхлээд бүх л ажлыг энд хийх юм байна.  Лабораторитой
танилцах үеэр  ЦЭГ-ын дарга Н.Тэгшбаяр  “Шар нунтагийн хамгийн анхны дээжийг  монголчууд өөрсдөө гаргаж авсан. Энэ бол том ололт.
Бид  шар нунтагтай болъё гэж мөрөөддөг байсан
шүү дээ. Одоо мөрөөдлөө биелүүлчихлээ. Стандартынх нь  дагуу хийчихэд л болох эд. Монголчууд морь сургадаг
шигээ ураныг сургаж  чаддаг болсон. Шинэчлэлийн
Засгийн газар  мөрийн хөтөлбөртөө ураны асуудлыг
шар нунтаг хүртэл нь шийднэ гэж заасан. Тэр хүртэл нь шийдэх чадамж бидэнд бий болчихсон”
хэмээн ярьж байв.

Ураны дээж бэлдэх хэсэг 
дээр очиход тэнд зогсч байсан ажилтан “Одоогоор дээж бэлдээгүй байгаа учраас
орж болно” гэсэн зөв­шөөрөл өгөв. Ураны дээж бэлдэх үед бол гадны хүн нэвтрүүлдэггүй
аж. Дээж бэлдээгүй ч гэсэн энэ хэсэг рүү нэвтрэх нь өөрийн гэсэн дэгтэй юм. Өрөөний
наана хаалт болгож тавьсан вандан маягийн модны наад талыг ногооноор, цаад талыг
нь улаанаар буджээ. Улаан хэсэг рүү нь гадны хүн орох хориотой аж. Биднийг ногоон
хэсэг дээр сууж улаан хэсэг рүү хөлөө тавихын өмнөхөн  хамгаалалтын хувцас өмссөн эмэгтэй улавч өмсгөв.
Өлгүүрийн хажууд зогсох бүсгүй халаад өмсгөлөө. Ингээд ураны дээж бэлдэх хэсэг рүү
орлоо. Цаад талын өрөөнд хамгаалалтын битүү хувцас, шүүлтүүртэй амны хаалт, малгай
өмссөн залуу зогсоно. Ажил эхлэх үед ийм хувцас өмсдөг юм байна. Цацрагийн хэмжээг
хэмжих жижиг хар аппарат энгэрт нь харагдана. Эндэхийн хэд хэдэн ажилтны энгэрт
ийм аппарат харагдсан. Эндээс ураны тоос гадагшаа дэгдэх ямар ч боломжгүй аж. Тусгай
филтер суурилуулжээ.  Уранаа хүхрийн хүчилд
уусгаж, резинээр шүүж авч тунадас­жуулаад шар нунтаг гаргаж авах процесс энд өрнөдөг
гэнэ. Энэ өрөөнд Архангай, Дундговь, Дорноговийн ураны гурван ордын туршилтыг хийжээ. 

Л.Батзориг “Ордуудаа ашиг­лахад боломжтой болсон гэж ойлгож
болно. Монголчууд шар нунтагаа өөрсдөө гаргаж 
чадна гэдэг бол дэлхийн улс гэдгийн илэрхийлэл. Хоёрдугаарт ураны ордоос
хичнээн хэмжээний юм олохыг нотолж чадаж байгаа нь бидний давуу тал” гэж ярьж байлаа.

Бид Геологийн төв лаборато­риос гараад Цөмийн энергийн газар руу
хөдлөхөд цаг 05.30 болж байлаа. Ажлын цаг дууссан ч ЦЭГ-ын даргын ажил дуусах шинжгүй.
Баяжуулагчдын холбооны тэргүүн ирчихсэн хүлээж байна гэж туслах нь ярив. Н.Тэгшбаяр
ажил хүрэх замдаа “Миний ажил ихэвчлэн эртдээ ес, оройдоо арван нэгд л дуусна шүү.
Баяжуулалт гэснээс урантай холбоотой ярих бас нэг зүйлээ мартаж орхиж. Уран олбор­лохын
тулд хүхрийн хүчил хэрэгтэй. Тэр хүчил нь Эрдэнэт, Оюутолгойд байна. Тэндээс  эцсийн бүтээг­дэхүүн гарвал  хүхрийн 
хүчил гарна. Түүнийгээ  ураны уурхайд
зарж чадвал манай зэсийн эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртөг ба­гасч дэлхийд өрсөлдөх
чадвартай болно. Эрдэнэт зэс хайлъя гэхээр 
хайлах явцад гарах хүхрээ хийх газаргүй байна л даа. Ураны салбарт хүхэр
ашиглаад эхэлбэл  зөв хоршил бий болно. Тэгж
чад­вал бид дэлхийд зэс, ураны али­наар  ч
өрсөлдөх чадвартай болох юм. Стратеги, эдийн засаг аль ч талаасаа зөв хоршил” гэж
ярилаа.

Биднийг ЦЭГ дээр очиход бая­жуулагчдын холбооны тэргүүн, ураны
хэд хэдэн ордын лиценз  эзэмшдэг “Гурван сайхан”
ком­панийн захирал ажил ярихаар хүлээж байлаа. Тэдний уулзалтын дараа ЦЭГ-ын дарга
Н.Тэгш­бая­раас цөөн асуултад хариу авлаа.

-Газрын ховор элементийн том нөөцтэй гэж яриад байдаг. Онцолж
хэлэхээр ямар ордууд байна. Газрын ховор элементээ ашиглаж эхлэх хугацааг баг­цаалаач
гэвэл тоо хэлэх боломжтой юу?

-Ховдын Халзан бүргэдэй, Муш­­гиа худаг, Лугийн гол зэрэг ордууд
бий. Судлах шаардлагатай 100 гаруй илэрц байгаа. Одоогоор газрын  ховор элемент манайтай хамаатай ч юм шиг, нөгөө
талаас нь харахаар яамны мэдэх зүйл  ч юм
шиг байдал үүсчихсэн. Ерөн­хийлөгчийн зарлигаар газрын ховор элементийн ашиглалтын
болон хайгуулын лицензийг ҮАБЗ-өөр оруулж шийдэхээр байгаа. Бодлого, хууль тодорхой
байж л бизнес явна. Хөрөнгө оруулагчид ирээдүй нь тодорхойгүй зүйлд мөнгөө хийдэггүй.
Тэгэхээр ашиг­лаж эхлэх хугацааг нь хэлэх бо­ломж алга. Газрын ховор элемен­тээр
дэлхийд өрсөлдье гэвэл хай­гуул судалгаа хийж, бодлогоо тодорхойлж, хуулийн орчноо
ойл­гомжтой болгох учиртай. 

-Ураныг ашиглах тал дээр иргэний хөдөлгөөний эсэр­гүүцэл нэлээд
байна. ЦЭГ-ын даргын хувьд уранаа ашиглах цаг ойрхон гэж боддог уу, эсвэл…?

-Япон бол Азийн хүчирхэг гү­рэн. Хүчирхэг эдийн засаг, хүчирхэг
технологитой. “Мицубиши” кор­пора­цийн ерөнхийлөгч Монголд ирлээ. Францын хувьд
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орон. Европын хүчирхэг гүрэн. “Арева” бол дэлхийн
том компани. Тэд хамтаръя, Монголын хуулийг дээдэлж ажиллая гэж байна. Монголын
ДНБ-ээс илүү борлуулалт хийдэг хоёр компани ороод ирэхээр дэлхийн эдийн засаг, банк
санхүүгийн байгуул­лагууд Монголыг эерэгээр харах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Энэ утгаараа
стратегийн хувьд  том ач холбогдолтой эхлэл.
Гэхдээ хамтрах гэрээнд гарын үсэг зурлаа гээд бүх юм шийдэгдэхгүй. Хөрөнгө оруулалтын
гэрээ гэж том юм бий. ҮАБЗ, УИХ-аар орно. Үүний дараа бүх зүйл тодорхой болно.

Өрнөл, төгсгөл  нь ямар
байх нь монгол­чууд биднээс шалт­гаална. Тэд тогтвортой байдлыг л хүсч байгаа.

-Ураны салбарт Францаас гадна хойд урд хоёр хөршийн сонирхол бий.
Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?

-Мэдээж хоёр хөрштэйгөө харилцах харилцаа хамгийн чухал. НҮБ-ын
Аюулгүйн зөвлөлийн таван гишүүнтэй хамтрах ажлаа тодорхой болгох шаардлага бий.
Үүний төлөө л ажиллах ёстой гэж бодож байна. Гэхдээ аль ч тохиолдолд хуулийн дагуу
үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэх ёстой. Монгол  НҮБ-ын гишүүн улс.  Цөмийн зэвсгээс ангид байх бодлогоо тодорхойлоод
өгчихсөн. Үүнийг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд баталгаажуул­чихсан.
Урантай холбож нэг зүйл хэлэхэд зэсийн салбарт Оюу толгой дэлхийд Монголыг таниулж
байгаа шиг Зөөгч овоо болон ураны бусад ордууд дэлхийд өрсөлдөх чадвартай.

Ц.БААСАНСҮРЭН

С.АРИУНЖАРГАЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

П.Алтангэрэл: Үнэндээ Ерөнхий сайдын хурд, ачааллыг гүйцэхгүй байх үе бий

Соёл, спорт, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга
П.Алтан­гэрэл­тэй ярилцлаа.

 
-Сүүлийн үед хэв­лэл мэдээллээр цацаг­даж байгаа асуудлаас яриагаа
эхлэх үү?

-Н.Оргилын хийсэн хэвлэлийн хурал уу.

-Тийм ээ, та ажлаас нь халсан юм уу?

-Н.Оргил түр орлон гүйцэтгэгч шүү дээ. Тий­мээс Төрийн албаны
хуу­лиар энэ албан тушаал дээр сонгон шалгаруу­лалт зарлах ёстой. Тэгээд л Төрийн
албаны зөвлөл (ТАЗ)-өөс сонгон шалга­руулалтыг зарласан. Энэ орон тоон дээр нийт
долоон хүн өрсөлдсөн гэсэн. Одоогоор бидэнд шалгалтын мэдээ ирээ­гүй байна. ТАЗ
энэ хүн шалгарлаа гэсэн цагт бид хуулийн дагуу асуудлыг шийднэ. Н.Оргил ч өөрөө
шалгалтад орсон.

-Тэгвэл яагаад ССАЖ-ын яамны тухай, яамныхаа албан ту­шаалтнуудын
талаар сөрөг мэдээлэл гар­гаад байгаа юм бол?

-Ямар санаа зорилго­тойг нь би яаж мэдэхэв. Шалгалт нь амжилтгүй
болсон юм байлгүй. За­луу хүн түүндээ бухим­даад болчимгүй зүйл ярьчихсан юм байгаа
биз дээ. Залуу байхад ингээд хөнгөдчих гээд байдаг юм даа.

-Мэдээллээс хара­хад П.Алтангэрэл гэдэг хүн тендер будлиан­туулсан,
ихээхэн ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн гэсэн байна лээ?

-Би яг энэ асуудлаар
хэвлэлийн бага хурал баасан гаригт зарлаж боди­той, баримттай тайл­ба­рыг өгсөн.
Үнэн зөвийг тайлбарлах хэрэг­тэй. Ма­най яамныхан хурал­даад яамны нэр хүндтэй холбоотой
яриа гарлаа, үүнд тайлбар хийх хэрэг­тэй гэж бас үзсэн. Ингээд би тайлбар өгсөн.
Яриг­даад байгаа энэ асуудал хуучин Бо­ловс­рол, соёл, шинжлэх ухааны яам гэж байхаас
эхтэй. Тэр яамыг байх үед олон сумын соё­лын тө­вийн тендер зар­лагджээ. Тэр тендерт
нь манай хүүгийн компани орсон байна. Тэгээд ял­жээ. Тод­руулж хэлбэл 2012 оны долдугаар
сарын 30-нд тендерийг шалгаруул­сан юм байна лээ. Үүний да­раа засаг байгуулагдаж
яамд сала­хад  хүүгийн компанийн ялсан тэр
тен­дер нь соё­лын барилга байгууламж барих бай­сан учраас гар­цаагүй ма­най яаман
дээр шилжиж иржээ. Энэ тухай би мэ­дээд Боловсрол, шинж­лэх ухааны яам руу хан­даж
“Ийм тендер зар­лагдаж манай хүү ялсан юм байна. Хэдийгээр шинэ яам байгуулагдсан
ч би ашиг сонирхлын зөр­чилтэй болно. Асуудлаа наанаа шийдээд гэрээгээ байгуулчих”
гэж хэлсэн юм. Тэгээд гэрээ нь бай­гуулагдаад ажил нь хийг­дээд 2013 оны төсвийг
хэлэлцэж сайдын багцыг хуваарилахад хүссэн хү­сээгүй он дамжсан бай­гууламж манайх
руу шил­жиж таарсан. Тэр даруйд нь би АТГ-т хандсан. “Наад компани чинь ма­най хүүгийн
хувь эзэмш­дэг компани юм байна. Санхүүжилт дээр нь би гарын үсэг зурж таарах нь.
Тэгэхээр ашиг сонирх­лын зөрчил үүснэ. Үүнийг яаж зохицуулах вэ” гээд зөвлөмж хүссэн.
Үүнд дөрөв хоногийн дараа АТГ-аас хариу ирүүлж ийм хуулиар асуудлаа шийдэж болно
гэсэн тайлбар өгсөн. Ингээд хуулийн дагуу бүх бичиг баримтыг нь бүрдүүлээд явсан
асуудал. Ийм л зүйл болсон. Бүгд хуу­лийн хүрээнд болсон. Би төрд олон жил ажил­лас­ных
юуг хийж болох вэ, юуг хийж болохгүй вэ гэд­гээ мэдэх болсон толгой шүү дээ.

 
-ССАЖ-ын яамыг тө­рөл
садны яам болго­сон гэх мэдээлэл бас байгаа?

-Ер нь бол энэ асуу­дал нарийн
хуультай юм. ССАЖ-ын яам ажилд то­ми­лохоор санал болгож бай­гаа хүнийхээ мате­риа­лыг
АТГ-т хүргүүлдэг. Үүнийг нь АТГ-ын зүгээс 14 хоногийн дотор су­далж үзээд “Болно,
бо­лохгүй” гэсэн хариу ирүүлдэг. Бүх хүн энэ журмаар томилогдсон. Манай яам 78 ажилтан­тай.
Эдгээрээс АТГ-аас тодорхойлолт аваагүй, миний дур мэдэн томил­сон нэг ч ажилтан
байхгүй.

-Энэ яамыг П.Ал­тан­гэрэл
Дорнодынхноор дүүргэсэн гэдэг нь үнэн юм биш үү?

-Амьдрал баян. Дор­нодын хүн
энэ яаманд бий юу гэвэл бий. Гэхдээ хуульд заасанчлан эрх ашгийн зөрчилтэй нэг ч
хүн байхгүй. Ер нь Дор­нодын төлөө зүтгэж явдаг хүний хувьд нутаг орноо­соо Монголын
төрд хэдэн сайхан шижигнэсэн за­луу­чууд бэлдээд өгчихье гэсэн бодолтой явдаг хүн.
Үүнийгээ би буруу гэж боддоггүй.

-Та чинь яагаад нэг­нийхээ
санаачилсан тө­сөлд ацаг, тээг тавиад байдаг хүн бэ. Мини кино театр төслийг П.Ал­тан­гэрэл
зогсоосон гэж мэдэгдсэн байна лээ?

-Над руу дайрах асуу­дал үүнээс
эхлэлтэй байж магадгүй. Мини кино­театр төслийг эхлүүлье гэсэн. Бид бүгдээрээ дэмж­сэн.
Ямар утгатай төсөл вэ гэвэл нэг суманд мини кинотеатр байгуу­ла­хад 25-30 сая төгрө­гийн
өртөгтэй. Үндсэн зорилго нь Холливуудад шинэ кино нээлтээ хий­лээ, “Өргөө”, “Тэнгис”-т
гарлаа. Яг энэ кино теат­руудад шинэ кино гарч эхэлсэн цагт мини театр­тай болсон
сумынхан үзэх ёстой. Ингээд эхний ээлжинд 20 суманд кино­театрын тоног төхөөрөмж
суурилуулсан. Гэтэл өнөө­дөр эдгээр 20 кино­театр бүгд ашиглалтад ороогүй байгаа.
Шалт­гаан нь хүнээ сургаагүй, ямар хиймэл дагуул, ямар антеннд яаж холбогдох нь
тодорхойгүй. Ашиг­лалтын зардлыг нь хэн даах нь ойлгомжгүйгээс эхлээд асуудал ихтэй.
Мөн дараагийн ээлжийн 30 кинотеатрын тендер зарлагдаад ороод иртэл өмнөх театрууддаа
камер нэмж суулгах шаардла­гатай гээд дахиад баахан мөнгөний асуудал бо­соод ирж
байгаа юм. Ин­гээд Соёл урлаг хөгжүү­лэх сангаас дахин тендер зарлах шаардлага тул­гар­сан.
Сүүлд зарлагд­сан 30 мини кинотеатрын тендерийг Худалдан авах ажиллагааны газ­раас
зарласан. Тэгээд нэг компани шалгараад га­раад иртэл Н.Оргил өөрөө бөөн асуудал
үүсгэ­сэн. “Буруу компани шалгарууллаа. Миний дэмжиж байгаа компа­нийг гаргаж ирсэнгүй”
гээд ажлыг удаасан. Тэгэхэд нь “Оргил оо, Худалдан авах ажиллагааны газ­раас томилсон
үнэлгээ­ний хорооны шийдвэрт хэн ч гаднаас нөлөөл­дөггүй. Нөлөөлөх ёсгүй. Мэргэжлийн
байгууллага нь шалгаруулсан байхад бид гарын үсэг зурж ба­тал­гаажуулах л үүрэгтэй”
гэж хэлсэн. Тэр ёсоороо л болсон. Н.Оргилын дэм­жиж байгаа компа­нийг шалгаруулаагүй
уч­раас би гарын үсэг зурах­гүй гэж хэлж болохгүй шүү дээ. Гэтэл 2014 оны соёлын
тоног төхөөрөмж худалдан авах санхүү­жилтийн ихэнх мөнгөөр дахин мини кинотеатр
байгуулах саналыг Н.Оргил оруулж ирсэн. Төсвөөс баахан мөнгө зараад тоног төхөөрөмж
тавьсан мөртлөө нэг нь ч ашиглалтад ороогүй бү­тэн жил өнгөрлөө. Тий­мээс эхний
төслөө гүйцэд хийж үр дүнг нь үзэх хэ­рэгтэй гэсэн байр суурийг би илэрхийлсэн.
Үнэхээр үр дүнтэй, түүний хэлс­нээр гайхамшигтай бай­вал энэ төслийг явуулна. Үр
дүнгүй болбол улсын мөнгө хий дэмий үрээд хэрэггүй” гэсэн маань бас л дургүйг нь
хүргэсэн бо­лолтой. Эцсийн эцэст улсын хэдэн тэрбум төг­рөгөөр баахан ашиглаг­дахгүй
төхөөрөмж сум­дад шахжээ гэдэг ял хэнд ноогдох вэ. Ойлгомжтой шүү дээ, төсөв мөнгөн
дээр шийдвэр гаргаж бай­гаа Төрийн нарийн бич­гийн дарга л холбогдоно шүү дээ.

-Яамдын төрийн нарийн
бичгийн дарга нарыг бүх л тендерийн ард байдаг гэж хүмүүс ойлгодог. Тендер-төрийн
нарийн бичгийн дарга гэсэн холбоо үг, дээрээс нь мөнгө идэж уух хамгийн боломжит
хүн гэсэн ойлголтод ямар тайлбар өгөх вэ?

-Үе үеийн яамдын төрийн нарийн
бичгийн дарга нар тендертэй хол­богддог. Хуулиараа тийм юм. Өөрөөр хэлбэл хө­рөнгө
оруулалт, санхүү­гийн асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга хариуцдаг хуультай. Хуу­чин
тендерийн хууль шинэчлэгдээгүй байхад бүх тендер яаман дээр зарлагддаг байсан. Ха­рин
өнгөрсөн жил тен­дерийн шалгаруулалтыг хариуцахаар Худалдан авах ажиллагааны газар
гэж байгуулагдсан. Ин­гээд өнгөрсөн жил манай яам бүх тендерийг Худал­дан авах ажиллагааны
газар руу шилжүүлсэн. Тэнд зарлагдана, үнэл­гээ­ний хороо байгуу­лаг­да­на. Мэргэжлийн
бай­гуул­лага нь шалга­руу­лаад гэрээ байгуулна уу гэсэн албан бичиг ирүү­лэхэд
бид хуулийн дагуу гэрээг байгуулж араас нь хяналт тавих үүрэгтэй. Өнөөдөр ийм л
болсон. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг хүнийг одоо хардах шаардлагагүй бол­сон.
Бид хянах л үүрэг­тэй. Энэ жил ч гэсэн бид хөрөнгө оруулалтын болон их засварын
ху­дал­дан авах ажиллагаа буюу тендерийн эрхийг Худалдан авах ажил­ла­гаа­ны газар
болон орон нутаг руу шилжүүлж бай­гаа. Өөрөөр хэлбэл яам ийм асуудалтай ороо­цол­дох
шаардлагагүй гэж үзсэн. 

-Ер нь төрийн ажил тэр
дундаа төрийн нарийн бичгийн даргын алба бүх зүйл дээр эрх ашгийн зөрчил дагуулж
байдаг бололтой?

-Ер нь төрийн ажлыг хийхэд их
хүндрэлтэй. Намайг төрийн ажил хийхээр хүүхдүүд, ах дүү нар хэлмэгдчих гээд бай­даг.
Бүгд амьдрал зохиож тус тусдаа бизнестэй бол­чихсон. Заримдаа би тэд нараас гуйж
амьдардаг хүн шүү дээ. Алив тус болоорой гээд л. Гэтэл би ажлынхаа шаардлагаар тэднийгээ
хохироогоод явж байгаа. Жишээ нь би хүүхдүүддээ “Манай сал­барын хэмжээнд зарлаг­даж
байгаа нэг ч төсөл, тендерт битгий оролц” гэсэн шаардлага тавьсан. Мөн “Чамайг миний
хүү, миний дүү гэсэн байд­лаар хандаж, ажил төрөл ярьж байгаа хүмүүстэй битгий орооцолдоорой”
гэж захидаг. Энэ нь хам­гийн зөв шийдэл. Мөн чанараараа бол тэдний­хээ эрхийг муухай
зөрчиж байгаа хэрэг л дээ. Гэвч яая гэхэв, цаг үе өөрөө ийм байна шүү дээ.

-Батаарын араг ястай хөөцөлдөхөөс
өөр ажил хийдэггүй ССАЖ-ын яам гэсэн яриа гарсан. Яамны бод­лого, шийдвэр, хийж
хэрэгжүүлж байгаа ажил ямар түвшинд явна вэ?

-Манай яамны хариу­цаж байгаа
салбар олон зовлонтой. Яагаад гэвэл 2013 оноос өмнө энэ сал­бар төрийн бодлогын
гадна орхигдсон байсан. Соёлын асуудал нь Бо­ловс­ролын яамны, аялал жуулчлал нь
Байгаль орч­ны яамны, спорт нь Эрүүл мэндийн яамны хавсарга хэлбэрээр явж ирсэн.
Гур­ван яамнаас бид төрийн анхаарлын гадна байсан салбарыг нийлүүлж бод­логын яам
болгож авсан гэсэн үг. Харин өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд ма­найх яам шиг яам
бол­сон. Өдөр шөнөгүй ажил­ла­сан. Салбарынхаа хуу­лийг гаргаж авахын тулд олон
сайхан залуус нойр, хоолгүй ажиллаж байна. Цоо шинээр байгуулагд­сан яам гэвэл манайхыг
нэрлэж болно. Шинэ яам байгуулна гэдэг их хүнд. Богино хугацаанд ихэнх асуудлаа
цэгцэллээ. Ингэхийн тулд сайд, дэд сайд бид гурав үнэхээр гар, сэтгэл нийлж ажил­ласан.
Манай сайдад өндөр мэдлэг, боловсрол, ажил хэрэгч чанар байна. Дэд сайдад маань
ноён нуруу, хүлээц, тууштай ажиллах чанар байна. Надад төрийн ажлын бага сага туршлага
бий. Энэ бүхнээ нийлүүлээд яамыг өдий зэрэгтэй бол­голоо. Бид гурвын санаа зорилго
нэгдмэл ажил­лаж байгаа болохоор манай яам гурван зүгт салж яваагүй. Гар сэтгэл
нийлсэн хамт олныг бүр­дүүлж чадсан. Гэхдээ олон хүн дотор ганц нэг болохгүй, бүтэхгүй,
төрийн ажлын ачаалал дааж гарч чадахгүй хүн байлгүй л яахав. Тийм хүмүүс нь мөрөөрөө
л явчих хэрэгтэй.

-Танай яамны нэгэн гол
салбар аялал жуулч­лалын тухайд асуу­дал ямар байна. Монгол Улс олон ч жил аялахад
тохиромжгүй орон гэж цоллууллаа шүү дээ?

-Монголын ирээдүй болсон, эдийн
засагт их хувь нэмэр болох салбар бол аялал жуулчлал. Бид босгож авахаар ажиллаж
байна. Аялал жуулч­ла­лын хуулиа боловсруу­лаад УИХ-д өргөн бари­хад бэлэн боллоо.
Өнөө­дөр л гэхэд Японоос аялал жуулчлалын чиглэ­лээр ажлын баг ирж сур­галт явуулж
байна. Мөн Дэлхийн аялал жуулчла­лын тэргүүнтэй манай сайд уулзаж хуулиа танил­цуулахад
тэр хүн тусгай баг гарган ажиллаж саналаа ирүүлсэн. Одоо энэ салбарын эрх зүйн орчныг
тодорхой болгох нь салбарын цаашдын хөгжлийг тодорхойлох үндсэн чиглэл болно. Энэ
агуулгаараа Ц.Оюун­гэ­рэл сайд хуулиа үндсэн­дээ өөрөө гардаж бай­гаа. Ингээд хууль
батлаг­дахад маш олон зүйлийг богино хугацаанд хийх боломж бүрдэнэ. Ер нь Батаар
яриад л байна гэх юм. Долоон сая жилийн өмнө Монголын нутаг дэвс­гэрт батаар амьдарч
байсныг ард түмэн, жуул­чид эх нутагт нь үзвэл туйлын ач холбогдолтой. Яс гэдэг
үүднээс нь бус олдвор, соёлын өв, Мон­гол орны гайхамшигтай түүх гэдгээр нь харж,
дэл­хий нийтэд сурталчлах нь яамны үүрэг.

-Ер нь сүүлийн үед танай
яам музейн ши­нэчлэлийг нэлээн ярьж байна. Лениний музейн асуудал юу болж байгаа
вэ?

-Лениний музейн асууд­лаар Дээд
шүүхийн шийдвэр гарчихсан. Ерөн­хий шүүгч асуудлыг хэд хоног судалдаг юм байна.
Музейгээ авчих­вал засварын хөрөнгийг нь төсөвтөө тусгасан бай­гаа. Ингээд палеон­толо­гийн
музей нээлтээ хий­хэд бэлэн болно. Архео­ло­гийн музейн схез зураг болон Байгалийн
түү­хийн музейн зураг төсөл бэлэн болсон. Археологи, палеонтологийн музейн концепцоо
батлуулчих­лаа. Эдгээр музейг Үн­дэсний цэцэрлэгт хүрээ­лэнд байгуулъя гэсэн хү­сэлтийг
тавиад газрын асуудлыг нь шийдүүлж байна. Одоо Соёлын өвийн хууль УИХ дээр хэлэлцэгдэж
байгаа. Энэ хууль манай яамны өн­гөр­сөн жил хийсэн хам­гийн том ажил. Хууль батлагдчихвал
соёлын өвийн тал дээр ихээхэн том ажил хийгдэнэ.

-Биет болон биет бус өвөөс
эхлээд манай улсын үүх түүх, соёл, уламжлал онцлогтой. Нэгийг нь хамгаалах гэхэд
нөгөө нь үгүйс­гэгддэг гэдэг ч юм уу. Энэ асуудлыг яаж анхаарч байгаа вэ?

-Соёлын өвийн тухай хууль энэ
бүхэн рүү чиглэ­сэн. Соёлын өвийг биет болон биет бус гэж яаж ангилах юм. Биет өв
дун­даа хөдлөх, үл хөдлөх гэж алийг нь хэлэх юм. Аман өв, өвлөн тээгч гэж хэнийг
хэлэх вэ гээд бүгдийг нь нарийн зааж өгөөд хилээр гаргавал яах уу, дамлан худалдаалбал
ямар хариуцлага хүлээл­гэж уул уурхайн үйл ажил­лагаанаас яаж урьдчи­лан хамгаалах
вэ. Хохир­лыг яаж тооцож, олон улсын гэрээ конвенцид хэрхэн нийцүүлэх вэ гээд бүгдийг
хуулиар зааж өгнө. Хуульд соёлын үнэт өвөө сэргээн засварлах үндэсний төвийг бай­гуулж
байна. Гэрээт соё­лын өв хамгаалагчдыг сум бүхэнд ажиллуулж эхэллээ.

-Монголчууд нут­гийнхаа
хаана нь ямар өв, соёл байгааг бараг мэдэхгүй. Тэгэхээр хэн нэгэн очоод сайн ду­раа­раа
ухах гэх мэт асууд­лаас яаж урьд­чилан сэргийлж байна?

-Тэгэхээр хуулиар энэ асуудлыг
мөн зохицуула­хаар тусгасан. Ингэхдээ уул уурхайн компани олбор­лолт явуулах гэж
байгаа бол тухайн хөр­сөнд археологи, палеон­то­логийн олдвор байгаа эсэхийг тухайн
компани өөрийн хөрөнгөөр хайна. Ийм судалгаа хийж, ма­те­риал ирүүлсний дараа тухайн
компанид ашиг­лалтын лиценз олгох уу, болих уу гэдгээ шийднэ. Энэ бол хамгаалалтын
эхлэл.

-Монгол соёлыг булаацалдах
орон хоёр хөршөөс эхлээд бий. Яг энэ асуудалд яам ямар бодлого барих вэ?

-Өнгөрсөн жил эрчимтэй ажилласны
үр дүнд олон соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүллээ. Саяхан л гэхэд калиг­рафф бичиг,
монгол гэрээ бүртгүүлсэн. Цаашид ч олон зүйл бүртгэгдэхээр хүлээгдэж байна. Бидний
том алдаа бол бүртгүүлэх гэж баахан түжигнэчихээд бүртгүүлсэн хойноо орхичихдог.
Дэлхийн өвд бүртгүүлнэ гэдэг “Манайх дэлхий нийтийн өмнө энэ соёлын өвөө хариуцаж,
хамгаалж авч явах үүрэг хүлээлээ” гэсэн үг. Тэгэ­хээр бүртгүүлснийхээ да­раа хамгаалах,
төгөл­дөржүүлэх ажлыг л хийнэ гэсэн үг. Энэ асуудалд анхаарлаа хандуулж ажил­ласны
хүчинд хүн бүр соёлын өвийн тухай ярьдаг боллоо. Биет бус өвийг мэргэжлийн хүмүүс
л ярьдаг байсан бол одоо улстөрчид ч дуугардаг болж байна. Улстөрчдөөс төрийн алба
руу эцэст нь олон нийт рүү энэ хэллэг шилжиж, ярьж эхэлсэн.

-Жуулчдын аюулгүй байдал
хангагдаагүй гэдэг үүднээс манай орон аялахад тохи­ромж­гүй гэж олон ул­сын судалгаагаар
гар­сан байсан. Энэ асууд­лыг яаж цэгцлэх вэ?

-Ийм сурталчилгаа яваад байгаа
болохоос биш Монгол хамгийн аюул­гүй орон. Мөнгө угаах, хар тамхи дамлан наймаалах
гэх мэт хууль бус үйлдлүүд газар аваа­гүй, шашин хоорондын мөргөлдөөн, дайн байл­даангүй,
газар хөдлөл, цунами, үер усны аюул­гүй үндсэндээ дэлхий дээрх хамгийн амгалан тайван
орчин. Ганц нэг хулгайн тохиолдлыг дө­вийлгөж өөрсдийн нөх­цөл байдлыг хөөрөгдө­хөөс
илүү давуу талаа маш сайн сурталчлах ёстой.

-Тэгвэл спортын салбарт
ямар бодлого барьж ажиллаж байна. Ер нь энэ салбарт биз­нес эрхлэгчид хийгээд төр
ихээхэн анхаарал хандуулж дэмжиж тусалдаг шүү дээ?

-Дэмжлэг байгаа. Ерөн­хийлөгчийн
зарлиг гарч олимп, дэлхийн авар­гын шагналт тамирчдад сар бүр тэтгэлэг олгож байна.
Үүнээс хойш бүх төрлийн спорт эрчимжиж очсон бүхнээсээ шагнал авч байна. Үүнийг
бодло­гоор удирдах ёстой. Бай­галиас заяасан авьяас дээр нэмэх нь хөдөлмөрч зан
чанартай тамирчид амжилт гаргаад байна. Үүнийг нэгдсэн бодло­гоор удирдаж, нэгдсэн
бэлтгэл хийх байр саваар нь хангах систем дутаг­даж байгаа. Тиймээс спор­тын барилга
бай­гуу­ламжын стандартыг гар­гаж ажлыг эхлүүлсэн. Сон­гинохайрхан, На­лайх, Баянзүрх,
Чингэл­тэй дүүрэгт спортын иж бүрэн цогцолбор барих ажил эхэлчихлээ. 2014 оны төсөвт
Баянгол, Сүх­баатар дүүргийн спорт цогцолборын санхүүжилт тусчихлаа. Ингэж нөх­цөлийг
нь бүрдүүлж өгвөл амжилт дэлхий дахинд дийлдэхгүй болох нь ойл­гомжтой. Тэгэхээр
яам жинхэнэ тамирчин шал­гаран гарч ирэх нөх­цөлийг нь бүрдүүлж өгөх бодлого барьж
байна. Ер нь нөхцөл бүрдвэл ямар амжилт гардгийг би биеэ­рээ үзсэн хүн. УИХ-ын гишүүн
байхдаа Дорнод аймагт шатрын клуб бай­гуулж өгсөн. Гэтэл өнгөр­сөн жилээс Дорнод
айм­гийн хүүхдүүд дэлхийн тэмцээнд оролцоод эхэлчихсэн байна. Мөн УИХ-ын гишүүн
байхдаа Чойбалсан хотод Азийн С зэрэглэлийн хөлбөм­бөгийн талбайн хөрөнгө мөнгөний
асуудлыг нь хөөцөлдөж шийдүүлж өгсөн. Гэтэл нэг жилийн дараа дорнодчууд Улаан­баатар
хотод ирээд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг авч улсын аварга болж байх жишээтэй. Энэ
нь нөхцөл бүрдэхэд гэдэг шиг.

-Ямар ч яам агентлаг Засгийн
газрын зо­рилт­той хөл нийлүүлэх шаард­лагатай байдаг. Энэ Засгийн газартай яамны
ажил хэрхэн нийцэж байгаа бол?

-Бидний өдөр тутмын хийх ёстой
ажил л даа. Засгийн газар ямар шийдвэр гаргана түүнийг нь хурдтай хийх нь тухайн
яам, агентлагийн үүрэг. Ний нуугүй хэлэхэд Ерөнхий сайдын хурд, ачааллыг заримдаа
гүй­цэх­гүй байна. Яг дотор нь байгаа хүний хувьд хэ­лэхэд Засгийн газар үнэ­хээр
ачаалалтай ажил­лаж байгаа. Засгийн газ­рын хэдэн сайдыг ха­раад “Энэ хэдэн нөхөр
2016 он гэхэд ядаргааны туйлд хүрчихээд сон­гуульд оролцох нь ээ” гэж бодогдох юм.
Засаг ингэж эрчимтэй ажиллаж бай­хад бид зүгээр сууж бо­лохгүй. Яамны гал тогоог
хариуцаж байгаагийн хувьд хэлэхэд манай яам­ны ажилтнууд байнга илүү цагаар ажиллаж
байгаа.

-Та төрийн албан хаагч
гэсэн нэрээр халх­лагдаад тодорхой хугацаа өнгөрлөө. Гэх­дээ мэдээж улс төрийн орчноос
хөндийрөөгүй нь тодорхой. Энэ хуга­цаанд Дорнодын той­рогтоо очив уу. Асуудал шийдэж
ажиллав уу?

-Би байнга л Дорнод руу явж байдаг.
Асуудал шийднэ ээ. Саяхан ши­нээр томилогдсон Засаг дарга нь ирсэн. Өөрийн яаман
дээрээ болон өөр яаман дээр хөөцөлдөж байгаа ажилд нь тусал­сан. Цааш­даа ч болом­жийн­хоо
хэрээр тусална. Тэн­дээс дахиж сонгог­доогүй гээд тэр аймгийг орхих ёс суртахуун
надад үгүй. Өмнөө зорилго тавьж 2016 он гэхэд аймгийнхаа 14 сум 10 багт нэг нэг
тодорхой ажил хийнэ. Зарим ажлыг нь эхлүүл­сэн. Заавал хэрэгжүүлэх ажлууд байна.
Гэхдээ үүнийг сонгуульд бэлдэж хийж байгаа юм биш. Зөв­хөн өөрийнхөө үүргийг ухамсарлаж
байгаагийн нэг хэлбэр. Дорнодын ард түмний ач тусаар би өдий зэрэгтэй явж байгаа.
Ачийг нь хариулна. Яаж хариулах вэ гэвэл сон­гогдсон сонгогдоогүй­гээ­сээ үл хамаарч
өөрийн­хөө боломжийн хүрээнд тэр нутаг орны төлөө ажиллаж асуудлыг нь шийднэ.

-Дорнод аймаг нь уул уурхай,
эрдэс баял­гын нөлөөлөл ихтэй газар нутгийн нэг. Таны хувьд асуудлыг яаж хардаг
вэ?

-Тэнд уул уурхай гэж яривал газрын
тос, ураны тухай л хөндөгдөнө. Би гишүүн байхдаа Газрын тосны тухай хуулийг гур­ван
удаа санаачилж оруу­лаад батлуулж ча­даагүй. Эндээс юуг ойлго­сон бэ гэвэл газрын
тосны асуудалтай тухайн үеийн эрх мэдэлтнүүд, энэ салбарыг удирдаж байсан хүмүүс
үнэхээр гүн гүнзгий холбогдчих­сон байсан юм байна. Эрчим хүчний сайд асан Д.Зоригт
гэдэг нөхөртэй их ч тулсан. Тэглээ гээд батлуулж дийлээгүй. Эрчимтэй хэлэлцээд явж
байхад нэг зүйл нөлөөлөөд зогсчих­дог. Шуудхан хэлэхэд ми­ний зүгээс Газрын тосны
хууль дээр нэг нэмэлт, өөрчлөлт, хоёр шинэчил­сэн найруулга санаач­лаад батлуулж
чадаагүй юм. Одоог хүртэл Газрын тосны тухай хууль яригд­саар л байна. Гэхдээ уул
уурхайг бодлоготой, төлөв­лөгөөтэй, зүй зохистой ашиглаж чадах юм бол муу муухай
зүйл биш. Хамгийн гол нь тех­нологийн дагуу, стандар­тын дагуу төр нарийн хяналт
тавин авах зүйлээ авч нутгийн иргэдэд нь хувь хишгийг нь хүртээ­гээд байгаль орчинд
хал балгүй ашиглавал аймаг, сум, Монгол орны хөг­жилд онцгой хувь нэмэр болно.

-Эцэст нь асуухад та улс
төрийн хаягтай АН-ын хүн. АН-д олон фракц бүлэглэлүүд бий. Та яг хаана нь явдаг
юм бэ?

-Би улс төрөөс гарч ирсэн. Одоо
ч улс төртэй холбоотой хүн. Одоо л төрийн жинхэнэ албан хаагч болж хуулийн дагуу
татгалзчихаад байгаа болохоос биш миний үзэл бодол хэвээрээ. АН-д олон фракц байгаа
нь үнэн. Гэхдээ дайснууд биш. Ийм олон эрүүл са­руул, ил тодорхой фрак­циуд энэ
намд үйлчилж  байгаагийн хүчинд АН оршин тогтнож
байгаа юм. Фракц бүлэглэл гэдэг эрүүл саруул үзэл бодлын уралдаан гэсэн үг. Тиймээс
би АН-ын бүх фракцийн бүх гишүүдтэй найз нөхөд. Би 1990 онд Н.Алтанхуяг дарга, Р.Гончигоо
дарга, Баабар нарын далбаан дор ардчиллын үйл хэрэгт зүтгэсэн хүн. Одоо ч гэсэн
энэ хүмүүстэйгээ хамт л явж байна. Цаашид унасан ч боссон ч энэ хүмүүстэйгээ л явна.
Яа­гаад вэ гэвэл би албан тушаал, эрх мэдэл харж ийш тийш урваж шарва­даггүй хүн.
Энэ бол миний улс төрд баримталдаг зарчим. Эцсийн дүнд ги­шүүн бүр АН гэдэг нэг
фракц дээр нэгддэг байхгүй юу.

 

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Хүсээгүй зүйл хүсээгүй үр дагаврыг авчирна

Нийгмийн сүлжээгээр “Гур­ван сая удаа үр хөндөлт хийгдсэн
байна. Зөв бол бид гурав биш зургаан саяулаа байх байжээ” гэсэн жиргээ ойрмог
нэлээд тархлаа. Үр хөндөлтийг хориглодог бай­сан бол бараг л зургаан сая иргэнтэй
болох байсан юм шигээр ойлгож байх шиг. Хууль санаачлах эрх бүхий УИХ-ын гишүүн
үүнийг анх­лан тараасан нь үр хөндөл­тийг хориглох хуулийг бий болгох
санаатайнх бололтой. Үр хөндөлтийн тухайд хүн бүр өөр өөрийн санал бодолтой
байдаг. Тухайн хүний үзэл баримтлалыг хүндэтгэж үзэ­хээс аргагүй. Гэхдээ
дэлхийн дийлэнх улс орнууд үр хөн­дөл­тийг хууль ёсных хэмээн үзэж хуульчилсан
байдаг юм. Яагаад гэвэл ургийг тээж төрүүлэх, эх байх эрхээ өөрөө шийддэг байх
нь ард­чиллын суурь зарчимд нийц­нэ гэж үздэгийнх билээ.

Дэлхийн улс орнуудын 25 орчим хувь үүнийг зөвшөөр­дө­г­гүй.
Харин үлдэх 75 хувь нь сонголтоо эдлэх эрхийг өгсөн байдаг. Үр хөндөлтийн
асуудалд хатуу хандлагатай газрууд бол Латин Америк, Африкийн орнууд. Европоос
Ирланд, Мальта, Польш. Азиас Бангладеш, Индонез, Лаос, Шри Ланка, Филиппин гэх
мэт. Дийлэнх шалтгаан нь шашны үзэл баримтлалын улмаас зөвшөөрдөггүй. Ха­рин
ардчилсан улс орнуудад үүнийг хүний эрх, эрх чөлөө­ний илэрхийллээр авч үздэг.

Жендерийн тэгш эрхийн талаар хүчтэй тэмцдэг, энэ чиглэлд олон
судалгаа шин­жил­гээний ажил хийсэн Авст­ралийн их сургуулийн багш, доктор
эмэгтэйн яриа анхаар­лыг маань ихэд татсан юм. Шийдвэр гаргах түвшин дэх
эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд квот гаргах тухайд тэр таагүй ханд­дагаа
нуугаагүй. Уг нь түүний баримталдаг байр сууриар бол эмэгтэйчүүдийн тоог нэ­мэх
боломж бүрийг л ашиг­ла­маар. Гэвч тэрээр квотоор орж ирсэн эмэгтэйчүүд тухайн
намын байр сууриа илт дагаж, эмэгтэйчүүдийн эрхийг хам­гаа­лах тал дээр
ажилладаггүй учраас квотын гишүүдэд итгэ­хэд бэрх гээд АНУ-ын Бүгд найрамдах
намын эмэгтэй сенатуудыг шүүмжлэн жи­шээл­сэн нь үндэслэлтэй. Бүгд
найрамдахчууд харин хуу­чин­саг үзэлтэйнхээ хувьд үр хөндөлтийг ихэд
эсэргүүцдэг. Намынхаа байр суурийг дэм­жих үүднээс эмэгтэй гишүүд ч энэ талд нь
зогсдог байна. Тэгэхээр жендер судлаачид эмэгтэй гишүүдийн тоо олон байхаас
илүү эмэгтэйчүүд ээж болох эсэхээ өөрөө шийддэг эрхтэй байх нь хамгийн чухал
аж.

Одоогоос хэдэн жилийн өмнө БНН-аас сонгогдсон сенатын гишүүн
Кристофер Смит төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонд нөхөн үржихүйн
бодлого тэр дундаа үр хөндөлтийн талаар асуулга тавиад ам руугаа алгадуулж
байсан удаатай. Хатагтай Хиллари Клинтон Бразилийн эмнэлэгт хүсээгүй
жирэмслэлтийн золиос болсон эмэгтэйчүү­дийг харж, Африкт 12, 13 настай охидыг гэдсэндээ
хүүхэд тээж байгааг үзэж бас үр хөндөлтийг зөвшөөрдөггүй Азийн орнуудад ч энэ
бүхэн ямар асуудалтайг нотлоод, үр хөндөлт аюулгүй, баталгаа­тай бас хууль
ёсных байх хэрэгтэй. Бас үүний зэрэгцээ аль болох үр хөндүүлэхгүй­гээр асуудлыг
шийдэх мэдлэг мэдээллийг түгээхэд давхар анхаарах ёстойг хэлж байсан юм. Гэхдээ
үр хөндүүлэх эсэ­хээ шийдэх эрх нь эмэгтэй­чүү­дэд үлдэх ёстойг онцолсон.
Тэрбээр сенатын гишүүний нүд рүү харж байгаад ард­чил­лын бэлгэ тэмдэг болдог
орны хууль тогтоогч ингэж ч ярих гэж дээ гэсэн шиг байр сууриа хатуу
илэрхийлэхэд өнөөх нь эрхгүй дальдчиж байсан сан. Хиллари Клин­тон тэргүүн
хатагтай байхаа­саа л өсвөр насны охидыг жирэмслэхээс сэргийлэх, мэ­дээ­лэл
өгөх арга хэмжээнүү­дийг зохион байгуулж ажил­лаж ирсэн байдаг. Үнэхээр үр
хөндөлтийг аюулгүй, хууль ёсны хүрээнд байлгахаас гадна хүсээгүй жирэмс­лэл­тээс
сэргийлэх арга замуудыг таниулан сурталчлах арга боломжууд их бий. Түүнээс үр
хөндөлт нь улс орны хүн амын тоог нэмэгдэхэд саад болж байна, эсвэл хэн нэгэн
хүний амь насыг хороож бай­на гэдгээр нь асуудалд ханд­вал хэт өрөөсгөл. Тэгээд
ч үр хөндөлтийг хууль бус гэж үзээд хуульчилбал ямар сөрөг үр дагавартайг
иргэнш­сэн түүхийнхээ ул мөрөөс монголчууд мэднэ. Тэр хатуу хуулийн улмаас амь
нас, эрүүл мэндээрээ хохирсон, ээж байх хувь тавилангаараа хохирсон хүмүүс ч
нийгмийн дунд бий.

Хүүхэд ахуй цагт, нэг орцны хүмүүсийн амьд­рал уйлж, дуулсан
ч хамтдаа байж дээ. Айлын маань эгч төгсөх жилдээ жирэмсэн болж, гадагшаа
сургуульд явах хуваариа алдах нь дээ гэж орцныхон хэсэгтээ ярьсансан. Удалгүй
өвгөн бариач гэрт нь ирсэн тухай, саван зуурч суусан тухай бас баа­хан ярьсан.
Бас тэр орой бие нь огцом муудаж эмнэлэг аваад явсныг ч санаж байна. Тэр хаврын
дуулиан тэгсгээд мартсан ч айлын маань эгч хүүхэд гаргаж чадахгүй болсон билээ.
Хорио бүрийн цаана ийм гунигт амьдрал үргэлжилдэг. Хөдөөд ч хүүх­нүүд хашаан
дээрээсээ үсрээд л зогсч байдагсан гэсэн ахмадуудын дурсамж сонсогддог. Харин
тэр бүхэн хичнээн халуун амийг эрс­дэлд оруулж, эрүүл мэндээр нь хохироосныг
хэлж мэдэх­гүй. Зарим судалгаагаар дэл­хийд жилд 80 мянган эмэгтэй баталгаагүй
үр хөндөлтийн улмаас амь насаа алддаг гэдэг. Африкийн орнуудаас ганц Өмнөд
Африкийн Бүгд Найрамдах улс үр хөндөл­тийг хууль ёсных гэж зөв­шөөр­сөн байдаг.
Саяхан таа­лал төгссөн Нельсон Ман­деллаг төр барьж байх үед буюу 1997 онд
ӨАБНУ үр хөндөлтийн тухайд тун либерал хуультай болж чад­сан юм. Гэхдээ үүнийг
олон жилийн тэмцэл зүтгэлийн үр дүнд олж авсан юм билээ. Тус улсад үр
хөндөлтийг хууль­чилс­наар олон эмэгтэй амь насаа харамсалтайгаар алд­даг
байдал багассан гэж бай­гаа. Яг үүнтэй эсрэгцүүлэн яригддаг нэг газар бол
Польш. Польш коммунист дэглэм нуран унасны дараа­хан буюу 1994 онд үр хөндөл­тийг
хориглосон юм билээ. Гэхдээ хориглосон гээд хэн ч үр хөндүүлээгүй гэвэл худлаа.
Харин хууль бус үр хөндөлт ихэсч, баталгаагүй арга замаар үрээ хөндүүлэх үедээ
эндэгсдийн тоо нэмэгдсэн байгаа юм. Үр хөндөлтийг хориглох асуудал яригдах үед
үүнийг давхар бодол­цохоос аргагүй. Бас гэмт хэр­гийн золиос болж хүчиндүү­лэх
үедээ жирэмсэн болсныг яахав гээд шийдэх зүйлс их. Амьдралын баталгаа байх­гүй,
хүүхдэдээ сүү аваад өгөхийн чадалгүй хүмүүс бас яахав. Энэ зовлон бэрхшээ­лийн
талаар үзүүлсэн “Вера Драке” хэмээх кино бий. Найруулагч Майк Лейхийн энэ
бүтээл 1950-иад оны Лондонгийн амьдралыг харуул­даг. Бүсгүй хүний зовлонг
нимгэлэх гэсэндээ үр хөндөлт хийдэг хижээл насны эмэгтэй хуулийн өмнө
буруутдаг. Түүнд 18 жилийн хорих ял оноохоор хуульч­лагд­сан ч, үйлдлүүд нь
дандаа хүнд тусалсан, хүний эрх чөлөө, сонголтыг эдлүүлж байсныг нь харгалзан
үзээд 2,5 жилийн ял оноодог тухай гардаг билээ. Энэ кино Венецийн кино наадмаас
“Алтан арслан” хүртсэн бөгөөд хэдийгээр уран сайхны бүтээл ч гэсэн амьдралд
байгаа зөрчлийг гаргаж чадсанаараа ийн үнэлэгдсэн биз ээ.

Мэдээж хүний
хорвоод ирж буй нэгэн шинэ амийг буцаана гэдэг хялбаргүй. Хүний мөн чанар,
ухамсар хийгээд шашны үйлийн үр, нүгэл буян бодсон ч хэцүү. Гэхдээ үр
хөндөлтийг хориг­лоно гэдэг дутахгүй том асуудлыг дагуулж байдгийг бодолцоосой.
Үр хөндөлтийг хориглодог хуучны хатуу цаг 1989 онд Эрүүлийг хамгаа­лахын
хуулиндаа өөрчлөлт оруулснаар өөрчлөгдөж бай­сан. Сүүлд 1998 онд Эрүүл мэндийн
хуулийн 36 дугаарт үр хөндөлтийг эмнэлгийн нөхцөлд, номыг нь үзэж дипломыг нь
гардсан эмч хүн хийх талаар тусгаж өгсөн байдаг. Энэ мэт шалгууруу­даа л чинад
сайжруулан мөрд­мөөр. Дээрээс нь үр хөндөл­тийн хор уршгийг таниулсан мэдээлэл
мэдлэгт тун анхаар­чих хэрэгтэй. Баталгаагүй эм хэрэглэхийг, оруулж ирэхийг
хориглож болно. Манайд байдаг судал­гаагаар 1000 амьд төрөлт тутмын цаана 200
орчим үр хөндөлт бий гэсэн. Үр хөндөлтийг аль болох батал­гаатай орчин нөхцөлд,
багасгаж цөөрүүлэх үндсэн мэдлэг мэдээллийг түгээх дээр ажиллах нь л  ононо. Гурван саяыг устгасан байна, тэгээгүй
бол хүн ам маань зургаан сая болох байлаа гэх нь мөн чанарт таарахгүй. Хүний эрх,
хүсэл сонголтыг хүндэтгэх, салба­рын оновч­той зөв бодлогын үндсэн дээр нөхөн
үржихүйн үйл явц хэвийн явагдах учир­тай. 
Хүсээгүй зүйл хүсээгүй үр дагаврыг авчирна. Хүнийг хүсч, хүндэлж ирүүлэх
хэрэгтэй.

Categories
редакцийн-нийтлэл

С.Эрдэнэ: Ардын намынхан Цагаан сарын өмнө том алдаа гаргалаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын
сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Хамтын тэтгэврийн даат­галын тухай
хуулийг чуулга­наар хэлэлцээд бөөн маргаан боллоо. Ардын на­мынхан зав­сар­лага
авчих­лаа. Ингэж эсэр­гүүцэхээр хуулийн төсөл бол­чихсон хэрэг үү?

-Тийм зүйл байхгүй шүү дээ. Манай
яам 2014 оныг гэр бүлийг дэмжих жил болгон зарласан юм. Өнөөдөр Мон­гол гэр бүлийн
үнэ цэнэ, бат бэх байдал алдагдсан учраас бид гэр бүл рүү чиглэсэн арга хэмжээ явуулахыг
зорьж бай­на. Үүний хүрээнд энэ хуу­лийн төслийг өргөн барьсан. На­сан туршдаа хууль
ёсны гэр бүлж болж амьд­раад нас­ны эцэст хэн нэг нь түрүүлж тэнгэрт хальдаг нь
хор­воо­гийн жам шүү дээ.  Гэвч үлдэж хоцорсон
хань ижил нь сэтгэл санааны хувьд хүнд байдалд ор­дог. Ялангуяа сүүлийн жи­лүүдийн
судалгаанаас хара­хад эрчүүд маань богино насалж байна.  Гэтэл эрчүүд маань амьдралын туршид илүү хөдөлмөрлөдөг,
илүү орлого олдог, даатгалд арай илүү шимтгэл төлдөг. Энэ утгаараа өндөр тэтгэ­вэр
тогтоолгодог талтай. Айл өр­хийн зонхилох орлогыг олж байсан гэрийн эзэн  бурхан болоход тухайн айлд том цохилт болдог.
Энэ эрсдлээс хамгаалахын тулд уг хуулийг боловсруулсан.

-Энэ хуулийг эдийн засгийн тооцоо
судалгаа муутай гэж шүүмжлээд байх шиг байна л даа?

-Хэрэв тухайн иргэн нас бараа­гүй
бол авах л ёстой тэтгэвэр биз дээ. Тиймээс тэр тэтгэврийг хань ижилд нь үргэлжлүүлэн
олгоё гэдэг л асуудал яригдаж байна. Энэ хуулийн төслийг боловсруу­лахын тулд бид
тооцоо судал­гаа хийсэн. Манайх шиг асар өргөн уудам нутаг, тэрбум тонноор хэмжигдэх
байга­лийн баялаг байхад Монгол Улс яваандаа эдийн засгийн хувьд өснө. Ийм байдлаар
ирээдүйн эдийн засгийн төс­вөө өөдрөгөөр харж болж байна. Нөгөө талаар төрөөс тэтгэврийн
даатгалын сан­гийн нэрийн дансанд байр­шуулах мөнгийг энэ оноос эхлээд хагас хуримтлалын
тогтолцоонд шил­жүүл­нэ. 2021 он хүртэл бүрэн хуримт­лалын тогтолцоонд шил­жүүл­нэ
гээд Засгийн газрын стра­теги зорилтод тусгачихсан байгаа. Эдийн засгийн хөгж­лийн
яам, Сангийн яам, Мон­голбанк болон манай яам хамтраад ажлын хэсэг гарга­чихсан
мөнгөжүүлэх ажлыг эхлүүлж байна. Хэрэв тэтгэв­рийн даатгалын нэрийн дан­санд мөнгө
ороод ирэх юм бол зөв менежмент хийгээд ажиллавал энэ мөнгийг өсгөх боломжтой. Аль
ч улс оронд тэтгэврийн даатгалын сан том хөрөнгө оруулагчид тооцогддог. Тиймээс
энэ сан маань цаашид үр ашигтай ажиллавал олж байгаа аш­гаас тодорхой хувийг хамтын
тэтгэврийн даатгалд хам­рагдах ахмадуудад зарцуула­хад ямар ч асуудал үүсэхгүй.  Улс орны амьд­ралд хүндрэл учруулаад байх юм огт
байхгүй. Тийм учраас эсэргүү­цээд байх асуудал үгүй л дээ.

-Тэгвэл Ардын намын­хан яагаад
эсэргүүцээд байна?

-Ерөөсөө улс төрийн шалт­­гаан­тай
л даа. Тэд өөрс­дөө малчдын тэтгэврийн насыг богиносгоно гэж яриад байгаа. Гэвч
энэ нь үр дүнтэй арга биш ээ. 50 настай эмэг­тэй тэтгэвэрт гарлаа гэж бодъё. Мал
маллахаа болих­гүй биз дээ. Мон­голын уламж­лалт аж ахуй учраас насан туршийн хөдөлмөр
байдаг юм. 50 настай тэтгэвэрт гарлаа гэхэд өндөр тэтгэвэр авах юм уу. Үгүй шүү
дээ харин ч ажилласан жил бага гэдэг үзүүлэлтээр бага тэтгэ­вэр тогтоолгоно. Тэгээд
ч 50 настай хүнийг хөгширсөн гэж хэлэх үү. Үгүй биз дээ. Магад­гүй тэр хүн тэтгэвэр
тогтоол­госноосоо болж олон болом­жийг алдаж мэднэ. Тэтгэврийн хүн гэдэг сэтгэл
зүйн хувьд ч ямар байх билээ. Өнөөдөр монголчуудын дундаж нас­лалт 67-68 орчим байгаа.
“Хүн амын хөгж­лийн цогц бодло­гын баримт бичиг”-т тусгас­наар 2024 он гэхэд монгол
хүний дундаж наслалтыг 75 бол­гоно гэж зорьж байна. Ингэхийн тулд нийгэм эдийн засаг,
ахуй орчны маш олон нөхцөл байдлыг өөрчлөх шаардлагатай. Ер нь хөгжиж буй орнуудын
жишгээс харахад тэтгэврийн насыг буу­руулдаггүй. Яагаад гэвэл хөгжлөө дагаад хүн
амын дундаж наслалт нэмэгдэж байдаг юм. Ийм талаас нь бодоод үзвэл малчдын тэтгэв­рийн
насыг богиносгох нь оновчгүй зүйл юм. Гэвч Ардын намынхан үүнийгээ урдаа барьж барьцаад
байна л даа. Малчдын тэтгэврийн талаар манай яам судалгаа хийж байгаа.

-Ямар?

-Малчдын ажилласан нэг жилийг 1.5
жилээр тооцох талаар юм. Удахгүй энэ тухай хуулийн төслөө өргөн бари­на. Жишээ нь
арван жил ажилласан малчныг 15 жил ажилласнаар тооцож тэт­гэв­рээ тогтоолгоно гэсэн
үг. Ингэх юм бол тухайн малчинд очих үр ашиг нь өндөр шүү дээ. Ийм л үр дүнтэй юм
хийхгүй бол шал дэмий улс­төржсөн яриа ямар ч хэрэггүй гэдгийг Ардын намынхан ойл­гох
хэрэгтэй. МАН сөрөг хүчин болж төлөвшөөгүй байна. Олонхийн санаачилсан хууль үр
дүнтэй үнэ­хээр зөв байвал дэмжээд явах нь сөрөг хүчний давуу тал байдаг. Харам­салтай
нь Ардын намынхан ухаарахгүй байх шиг байна. Хэрэв Ардын намынхан сөрөг хүчин гэдгээ
ухамсарлаад явбал ард түмэн “Овоо доо бас Ардын намын­хан чинь зөв зүйлийг дэмждэг
юм бай­на” гэдэг үнэлгээ өгнө шүү. Гэвч Ардын намынхан ахма­даа дээ­дэлж, хүндэлдэг
цагаан сарын өмнө том алдаа гаргалаа.

-Эргээд Хамтын тэтгэв­рийн тухай
хууль руугаа оръё. Заавал албан ёсны хань нь энэ тэтгэв­рийг авахаар тусгасан байгаа.
Хэдэн жилийн хугацаанд авах билээ?

-Ханиа өнгөрснөөс хойш хэдэн жил амьдарна,
тэр хугацаандаа тэтгэврийг нь үргэлжлүүлэн авна .

-Хууль батлагдвал нас барсан ханийнхаа
тэтгэв­рийн хэдэн хувийг авна гэсэн үг вэ?

-Одоогийн байдлаар тухайн хүний тэтгэврийн
50, 70, 100 хүр­тэлх хувийг авна гэсэн тоо яригдаж байгаа. УИХ-ын гишүүд 50 хувийг
нь өгнө гэх нь үү эсвэл 70 хүртэлх хувь бүр цаашлаад 100 хувь өгнө гэсэн шийдвэрийг
ч гаргаж магадгүй. Тэтгэврийн даатгалын сангийн даац, ачааллыг тооцож үзээд хэд
байхыг шийдэх байх. Одоо­гийн нөхцөл байдлыг хара­хад хууль энэ ондоо багтан бат­лаг­даж
чадвал 100 хувиар олгох боломжтой.

-Гэр бүлээ цуцлуулал­гүй­гээр хоёр
тийш болсон гэр бүлүүд олон бий. Энэ тохиолдолд хууль үйлч­лэх үү?

-Сүүлийн 10 жилд нэг хаяг дээр, нэг
гэрт хамт амьдарсан л байх ёстой. Гэр бүл болс­ноос хойш арав буюу түүнээс дээш
жил нэг гэрт амьдарсан, гэрлэлтээ албан ёсоор бат­луул­сан, нийгмийн даатгалын сангаас
тэтгэвэр авагч иргэн байх ёстой. Дундаасаа үр хүүхэдтэй гэр бүл байна. Харин хамт
амьдарч, үр хүүхэдтэй болсон ч албан ёоор гэрлэлтээ батлуулаагүй бол энэ хуульд
хамаарахгүй гэдгийг анхаа­рах хэрэгтэй. Мөн эхнэр нөхөр хоёулаа тэтгэвэрт гартлаа
20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх учиртай.

-Хууль хэзээнээс хэрэг­жиж эхлэхээр
хуульд тусгасан бэ?

-Бид 2015 оны нэгдүгээр сарын 1-ээс
хэрэгжүүлэхээр тооцож байгаа.

-Хууль батлагдахаас өмнө нас барсан
хүмүүс энэ хуульд хамрагдах уу?

-Энэ асуудалд хуулийн зохи­цуулалт
хийнэ. Тэдэн оноос хой­ших хүмүүс хамрагдана гэдэг ч юм уу. Тэгэхгүй бол хуулийг
хэлэл­цэж байх үед өөд болсон хүмүүсийн ар гэрийнхэн хохироод үлдчихнэ шүү дээ.  Бид бүх талын эрсдэлийг тооцож үзсэн. Ямар ч байсан  ахмад настныг амьдрах хуга­цаанд нь ямар нэгэн
эрсдэлд оруулахгүй байлгах, ядуур­лаас сэргийлэх зорилгоор энэ хуулийг боловсруулсан
юм.

-Хуулийн төсөлд тухайн гэр бүлийн
эхнэр, нөхөр хоёр 20-иос дээш насны зөрүүтэй бол хам­тын тэтгэ­вэр олгохгүй гэсэн
байна. Энэ заалтыг тайлбарла­вал?

-Зах зээлийн нийгэмд янз бүрийн л
зүйлүүд гардаг шүү дээ. Тухайлбал, өндөр настай хөгшнийг төөрөгдүүлж бай­гаад гэр
бүл болж, нас бара­хаар тэтгэврийг нь ава­хаар шунахай зан гаргах нэгэн байхыг үгүйсгэхгүй.
Тийм учраас ийм заалт оруулсан. Мөн гэрлэл­тээ батлуулсан ч хамт амьдар­даггүй хүмүүс
энэ хуульд хамаарахгүй.

-Суурь тэтгэвэртэй бо­лох талаар
танай яамныхан яриад байгаа. Энэ талаар тодруулъя?

-УИХ-аар Баялгийн сан­гийн тухай хууль
хэлэлцэж эхлэх гэж байна. Үүнтэй хол­бог­дуулж манай яамнаас Тэтгэв­рийн даатгалын
тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловс­руулж байгаа. Өнөөдрийн нэг
шатлалтай Тэтгэврийн даат­галын хуу­лийн дагуу одоо­гийн тэтгэвэр авч буй иргэдийн
амьжир­гааны наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Тий­мээс энэ хуульд өөрч­лөлт
оруулж, гурван шат­лалтай тэтгэврийн тогтол­цоо руу шилжи­хээр зорьж байгаа юм.
Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээрт суурь тэтгэвэртэй байна, хоёрду­гаарт одоогийн
тэтгэврээ хадгална, гурав­дугаарт нэ­мэлт тэтгэврийн сантай болно гэсэн үг. Энэ
сан нь өмчийн олон нийтийн оролцоотой байх юм. Суурь тэтгэвэр гэдэг нь  тэтгэвэрт гарсан хэнд ч нас хүйс, ажил­ла­сан
жил харгал­захгүйгээр тэгш суурь тэтгэвэр олгоно. Жишээ нь 50 мянган төгрө­гийн
суурь тэтгэвэр олгоод, дээр нь одоогийн тэтгэврийг нэмж өгнө гэсэн үг. Бараа бүтээгдэхүүний
үнэ огцом өсвөл суурь тэтгэвэр дагаад өснө. Нэг үгээр хэлбэл тэтгэ­вэр авагчдыг
аливаа үнийн хөөрөгдөл, хэлбэлз­лээс хам­гаалах юм л даа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Газрын гүний дулаанаар ажиллах станцыг дөрвөн аймагт барихаар төлөвлөжээ

Засгийн  газрын зү­гээс газрын гүний ду­лааныг ашиглаж
эрчим хүч, дулаан гаргаж авах боломжийг сонирхож эхэл­жээ. Сэргээгдэх эр­чим хүчний
газар, Со­лон­госын хөрөнгө оруу­лалт­тай Nexgo ком­панийн тө­лөөлөгчид өчигдөр
энэ чиглэлээр  хамтран ажил­лах са­намж бичиг
бай­гууллаа. Энэ үйл ажилла­гаанд засгийг төлөөлж Эр­чим хүчний яамны Бод­логын
хэрэгжил­тийг зохицуулалтын газрын дарга Ц.Баяр­баатар, тус яамны сэр­гээгдэх эрчим
хүч­ний хэлтсийн дарга М.Ангараг, Сэр­гээгдэх эрчим хүчний төвийн дарга Б.Алтан­гэрэл
нар оролцсон бол нөгөө талаас Nexgo компа­нийн Монголыг хариуц­сан захирал Хванг
Ин Кө, тус ком­панийн газ­рын гүний тө­вийн захирал Пак Жун Көн нар оролцсон юм.
Мөн Солонгосын ЭСЯ-ын ерөнхий нарийн бич­гийн дарга ирсэн байв. Газрын гүний ду­лааны
цахилгаан стан­цыг Мон­­голын хэд хэ­дэн аймагт барих боломж­той гэж Nexgeo компа­нийн
гүй­цэтгэх захи­рал Ш.Төгсбаяр хэлж байна. Түүнээс энэ талаар тодрууллаа.

 
-Монголд
газрын гү­ний дулааныг ашиглаж цахилгаан дулааны станц байгуулах нөөц байгаа юу?

-Монголын газрын  гүн дэх дулааныг хэмжиж үзсэн судлаачид Улаан­баатарт
ямар ч боломж­гүй гэдгийг тогтоочихсон. Улаанбаатар орчимд гэвэл Төв аймаг хамгийн
магадлалтай бүс. Одоо­гоор томхон хэмжээний станц байгуулах бо­ломж­той гэж үзсэн
дөрвөн аймаг байна. Тодруулж хэлбэл Хөвсгөл, Архан­гай, Өвөрхангай, Баян­хон­гор.
Энэ аймгууд халуун рашаан ихтэй. Тийм ч учраас эртнээс газрын гүний дулааны нөөц
их гэж таамагласаар ирсэн. Манай судалгаа­гаар ч давхар батлагдсан. Гэхдээ илүү
нарийвчилж тооцох шаардлага бий. Газрын дулаанаас гарч байгаа процесс нь яаж явагдах
юм, тасралтгүй  явагдах  боломжтой юу, эдийн засгийн үр өгөөж нь ямар байх
вэ гэх зэрэг асуултуудын хариуг то­дорхой болгох хэрэгтэй. Энэ бүхнийг нарийн тоо­цож
байж цахилгаан станц байгуулах эсэхээ шийднэ л дээ. 

Сая  дурдсан дөрвөн аймгийн алинд нь станц баривал
илүү өндөр магадлалтай байна?

– Одоогийн
байдлаар Архангай аймгийн Цэцэрлэг сумыг хамгийн магадлалтай гэж тооцож байгаа.

ТЭЗҮ
хийж таарах байх. Хэр өртөг орох бол?

-Дэлхийд
газрын дулааныг ашиг­лаж хамгийн өндөр үр дүнд хүрсэн улс гэвэл  Исланд, Герман байна. Эдгээр улсад  ТЭЗҮ хэр өртгөөр хийгдэж байсныг харахаар  арван МВт-ын цахилгаан станц байгуу­лахад ТЭЗҮ-дээ
30 орчим сая ам.долларын зардал гаргадаг юм билээ. Архангайд барих станцын ТЭЗҮ-ийг
хийхэд 2.5 сая ам.доллар шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан. 

Хэд
орчим МВт-ын станц ба­рих боломжтой талаар урьд­чилсан төсөөлөл гарсан уу?

-Урьдчилсан
тооцоогоор 4-6 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц гэж ярьж байгаа. Гэхдээ  яг хэчнээн МВт-ынхыг барих вэ гэдгийг  Сэргээгдэх эрчим хүчний газар, Архангай аймгийн
удирдлагуудтай ярилцаад  шийдэх байх. 

Барих
өртөг нь?

-Барих
өртгийг нь ТЭЗҮ гарсны дараа тодорхой хэлнэ. ТЭЗҮ-гээр хэчнээн МВт-ыг барих вэ гэдгийг
тодорхойлж байж шийдэх асуудал. Ямар ч  байсан
Солонгосын Пуханы цахилгаан станцыг барихад 47 сая ам.долларын зардал гарсан.

ТЭЗҮ
боловсруулах мөнгийг хаанаас босгох вэ?

-ТЭЗҮ-ийг
хийх хөрөнгийг  КОЙКА-гаас  буцалтгүй тусламжаар санхүүжүүлэх боломжтой гэсэн.
Дэлхийн банкны хувьд урт хуга­цааны зээлд хамруулах боломжтой гэсэн. Бид ТЭЗҮ-ээ
боловсруулж дууссаны дараа  Монголын Засгийн
газарт хүлээлгэж өгнө. Дараа нь Засгийн газар ямар чадлаар яаж барихаа өөрсдөө сонгож
хэрэг­жүүлнэ гэсэн үг.

Газрын
гүний дулааныг ашиг­ладаг станцуудаас тогтвортой ажиллаж байгааг нь онцлооч гэвэл…?

-Одоогоор
амжилттай ажиллаж байгаа газар гэвэл Бангладеш, Индонези зэрэг  галт уулын идэвх­жилтэй, магадлалтай орнууд байна. 

Газрын
гүнээс дулаан гаргаж авдаг станцууд гэж сонссон, ца­хилгаан гаргаж авдаг гэж сон­соогүй
юм байна? 

-Үнэндээ
цахилгаан станцаар нь туршиж үзсэн тохиолдол 
ховор л доо. Солонгост манай  компани
л 4000 метр буюу,  дөрвөн километрт өрөмдөж
дулаан, цахилгаан үйлд­вэрлэх хүчин чадалтай цахилгаан станцыг туршиж үзсэн  нь амжилттай болсон. Дэлхийн улс орнуудад одоо
ажиллаж байгаа станцууд дандаа дулааных учраас эдийн засаг талаа­саа тийм өндөр
ашигтай биш. Зөв­хөн дулааныг нь ашиглаж байгаа болохоор зардал нь өндөр гардаг.
Бидний хэрэгжүүлж байгаа  төслийн хувьд  цахилгаанаа ч давхар гаргах учраас эдийн засгийн   ашигтай.  

Дөрвөн
километр өрөмдөнө гэхээр аварга том өрөм байх нь ээ?

-Маш том
өрөм. Бүр тусгай байгууламж босгож байж өрөмддөг  юм.

Газрын
гүний дулааныг ашиг­лаж байгуулсан станц яг яаж ажилладгийг энгийнээр тайл­барлаач?

-Газрын
гүнээс доошлох тусам градус нь өндөр байдаг. Зуун граду­саас дээшээ уур болдог шүү
дээ. Энэ уурыг генератороор эргэлдүүлж цахилгаан гаргаж авдаг юм. Газрын гүнээс
соруулж авсан уур эргэлдсээр байгаад хүчгүй болоод ирэхээрээ 100 градус болон түүнээс
доош градусын халуун ус болдог. Тэр халуун усыг шугамаар гүйлгээд л дулаан гаргаад
авчихна. Дулаан гаргаж авсан ус аажмаар хөрөөд ирнэ ээ дээ. Тэгэнгүүт нь буцаагаад
газрын гүн рүү нь шахчихна.

Тэгэхээр
усны нөөц хомсдоно гэсэн юм байхгүй нь ээ?

-Сэргээгдэх
эрчим хүч учраас байгаль экологид ямар ч сөрөг нөлөөгүй. Гаргаж авсан усаа буцаа­гаад
газарт нь хийчихэж байгаа асуудал шүү дээ. Өөр нэг зүйлийг онцлоход нар, ус, салхинаас
эрчим хүч гаргаж авч байгаа станцууд наргүй, салхи багатай,  гол мөрөн татрах үед ажиллахгүй сул талтай бол
газрын гүний дулааныг ашиг­ласан станц байнга, тасралтгүй ажилладгаараа онцлогтой.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Л.Моломжамц “Болор цом” бус “Болор цом”-ыг өргөлөө

Өдгөөгөөс 31 жилийн
тэртээ анх “Болор цом” яруу найргийн наадам болж ардын уран зохиолч,
Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж агсан “Хүн төрөлхтөн хэлэх үг” шүлгээрээ
цом өргөж байсан билээ. Түүнээс хойш уг наадмаас олон сайхан найрагчид төрж,
ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн. Сүүлийн жилүүдийн “Болор цом” наадам
араасаа хэл амтай, нэхэл хатуу болдог болсон. Тэгвэл өнөө жил Монголын утга
зохиолд “Хавар шиг тийм хонгор” номоороо цахиур хагалан орж ирсэн Өвөрхангай
аймгийн Сант сумын харьяат Лхагвасүрэнгийн Моломжамц эгшиглэнт эхийн хишигт
найрагчаар тодорсон нь сүүлийн жилүүдэд нэр хүнд нь унаад байсан “Болор цом”-ын
нэрийг өргөлөө. Түүний хувьд ганцхан “Болор цом” өөртөө авч байгаа бус Монголын
утга зохиолд шинэчлэлийн салхи алгуур орж буйг нотолсон томоохон шалгуур байсан
гэхэд болно. Түүний хувьд өмнө нь нэлээдгүй олон жил уг наадамд оролцож шагналт
байруудад шалгарч байсан бяртай найрагч. Өнөө жил түүний хувьд бяртайгаас гадна
бядтай байгааг харуулж байгаа юм. Яахав ээ, Өвөрхангайн найрагч цомдоо
түрүүллээ гэх яриа гарах нь дамжиггүй. Тэр ярианд хэт автагсад түүний уран
бүтээлийг нь уншсаны дараа бодол нь эргэх буй за. Өнөө жилийн “Болор цом”
наадмыг хаа очиж арангатай хүмүүс шүүжээ. Өөртөө үнэнч Бавуугийн Лхагвасүрэн,
бурханд зөвлөгөө өгөгч Баатарын Галсансүх, хэг ёгт гэсэн начир дээрээ даруухан
Тангадын Галсан, Магван-Эрдэнийн Саруулдалай, “Тоншуул”-ын Нацагийн Даваадаш
нар шүүн тунгаалаа. Тэдний шүүлтүүрт торж үлдэнэ гэдэг авьяастайнх биз ээ.

Л.Моломжамц найрагч өөрийгөө
“Би, би” хэмээн цээж дэлдэж яваагүй нь давуу тал юм. Тэрбээр шүлэг шиг ээ
уянхан хүн ажээ. Ямартай ч 1990, 1991 онуудад нутагтаа цом залж байсан
Баярхүүгийн Ичинхорлоо найрагчийн араас “Болор цом” өргөлөө. Тэрбээр ганцхан
“Болор цом” өргөсөнгүй “Болор цом”-ын нэр хүндийг өргөв.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Дэлгэр суманд алт гарч, аймаг аймгийн нинжа нар цуглажээ

-НИНЖА НАРЫН ХЭД ХЭДЭН УДААГИЙН ДАЙРАЛТ БОЛСНООС ҮҮДЭН АЛТ УХАХЫГ АЛБАН
ЁСООР ЗӨВШӨӨРӨВ –

Түрүүч нь ¹ 018 (4658) дугаарт

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас бусад бүх суманд
алтны орд илэр­сэн байдаг. Харин энэ сарын эхээр Дэлгэр су­мын Улаан толгойд алт­ны
шороон орд илэрс­нээр Говь-Алтай аймгийн бүх сумын  нутгаас алтны орд илрээд байна. Сүү­лийн хоёр
жилд гар ар­гаар алт олборлох иргэд буюу нинжа нарын тоо эрс буурсан. Аль нэг газарт
их хэмжээний алт гарсан талаар огт яриг­даагүй аж. Тиймээс алт ухаж амьдралаа залгуул­даг
байсан иргэд хоёр жил гаруй “ажилгүй” гэр­тээ сууцгаажээ. Тэд хаана хэн алт илрүүлэх
бол  гэж чих тавин суусан. Хийх ажилгүй нинжа
болоод алтны ченжүүд  металл хайгчаар энд
тэдгүй эрэл хайгуул хийж алтны нөөц­тэй газрууд хаана байгааг суваг сувгаараа  дамжуулан судалж байсан гэнэ.

Дэлгэр суманд алт гарлаа гэх мэдээлэл га­рангуут нинжа нар Улаан­толгойд
ирцгээсэн байна. Дэлгэр сумын За­саг даргын Тамгын газ­рын ажилтнууд болоод Говь-Алтай
аймгийн цаг­даагийн хэлтсийн албан хаагчидтай алт ухахын төлөө нинжа нар хэрхэн
тэмцэлдэж байгаа та­лаар та бүхэнд хүргэж байна. Улаантолгой
гэх газраас 30 гаруй километрийн зайд орших Үнээн усны цайны газар байсан нинжа
нар шөнө дунд алт ухахаар дайрлаа. 20 гаруй машинтай бөөн залуус бүгд алт ухах гэж
дайрах аж. Цагдаа нар тэднийг тосч очоод цагаан хоолойгоор “Эндээс буц. Алт ухуулахгүй.
Цагдаа нар бүрэн хамгаалалтад байгаа. Унаж яваа машины чинь улсын дугаарыг бүртгэж
авсан шүү” хэмээн  зарлаад яваад байлаа. Гэвч
нинжа нар шийдсэн бололтой юм. Алт байгаа газар руу нэгэн жигдийн хурдаар явсаар
байлаа. Тэгснээ машинаас зэрэг бууж том том чулуу бариад л эгнээд зогсчих ажээ.  Ихэнх нь нүүрэндээ маск зүүж малгайтай цамц өмссөн
болохоор ямар царай зүстэй гэдгийг харах боломж байсангүй. Тэд алт байгаа газрыг
хамгаалж байгаа хүмүүст “Ороод л гарна. Цаг болохгүй эргээд гарна.

Алт хэрхэн гарч байгааг үзээд л болно. Хэрэв их
хэмжээний алт гарах юм бол компани газрыг нь худалдаад авна” гэх ажээ.  Хэрэв тэдэнтэй эвгүй ярих юм бол чулуун мөндөр
буулгахад бэлэн зогсож байгаа юм. Нинжа нарт бууж өгөхөөс өөр аргагүй юм байна даа
гэсэн бодол төрөх ажээ.

Эгнээд зогсчихсон согтуу залуус яахаас ч буцахгүй
нь лавтай. Харин аймгийн цагдаа нар Бигэр суманд нинжа нарыг хөөж байхдаа  ийм байдалд өдөр бүр орж байсан болохоор  аргалаад явуулна гэнэ. Тэд нөгөө залуустай адилхан
чулуу бариад зогсчихсон цахилгаан бороохойг манал­зуулан чад пад хийлгэн дуугаргаад
байх. Тэгсэн мөртлөө “Та нарыг толгойлж бидэнтэй уулзах хүн байна уу яг дундаа хэлэлцээр
хийе” гэх саналыг тавилаа. Өндөр биетэй залуу хүрээд ирдэг юм байна. Цагдаагийн
хурандаа цолтой нөхөр өөдөөс нь яваад очлоо. Тэд хэсэг уулзаж байснаа эргээд хүрээд
ирэв. Нөгөө залуу “Бид нар үнэхээр хүнд амьдралтай хүмүүс. Цагаан сараа хийх  мөнгөтэй болоод л бүгд буцна. Харин та нар биднийг
оруул. Тэртэй тэргүй ухах нь тодорхой юм чинь бид сонгуулийн өдөр ирнэ. Та нар сонгуулиа
өгөх гээд явах байлгүй” гэжээ. Харин цагдаа нар сум орон нутгийнхан энэ талаар хурал
хийх гэж байгаа. Удахгүй асуудал нэг тийшээ болох байх. Асуудлыг хүндрүүлэлгүй буц.
Асуудал нэг тийшээ болтол ямар ч хүн оруулахгүй” гэсэн гэнэ.

Олон залуусыг арай гэж явууллаа. Ер нь дайн байлдаанд
оролцох гэж байгаа юм шиг л дүр зураг тэндээс харагдана.  Залуус “Цагдаа нартай сөргөөцөлдөх хэрэггүй. Тэртэй
тэргүй алт байгаа газар руу орж л таарна” гээд яваад өглөө. Мотоцикльтой  залуус ч хэд хэдээрээ ирээд буцлаа. Шөнө­жингөө
хөөлгө, туулга хийсээр үүр хаяарч байхад гэртээ эргэн орсон юм.

 

ЧУЛУУГААР БАЙЛДАХ ДӨХЛӨӨ 

 

Цагдаа нараас нинжа нартай чулуугаар байлддаг
байсан талаар асуулаа.  Бигэр суманд хөөлгө
хийж эхлээд байхад өдөр болгон чулуун байлдаан болдог байсан гэнэ. Нинжа нартай
хууль ёсны дагуу яриа ухуулга хийж эндээс явахыг сануулаад ямар ч хэрэг байхгүй
гэнэ. Хэрэв зөөлөн дуугаар харьцах юм бол шууд л “Ална. Энд алаад булна” гэж ирээд
л авирлаж гардаг байна. Тиймээс бороохойдохгүй л бол дийлдэхгүй гэнэ. Мөн цагдаа
нар нинжа нартай уулзахдаа  олуулаа явахгүй
бол олон залуус чулуу бариад хүрээд ирэх юм бол шууд л амиа бодоод зугтаах хэрэгтэй
гэнэ. Бигэр суманд ажиллаж байсан арав гаруй цагдаа толгойгоо хагалуулж, нэг цагдаа
нуруундаа хүнд гэмтэл авч, бас нэг цагдаа гарынхаа шууны ясыг үйртэл цохиулсан гэнэ.
Нинжа нартай чулуугаар байлдаж байхад газрынхаа дээр гарах гэж хэн хэн нь зүтгэдэг
гэнэ. Аль нэг нь газрын дээр гараад авах юм бол чулуун байлдаант тулааны ялагч болдог
байна.

Алт гарсан Улаан толгойн хавиар энд тэндгүй машинтай
хүмүүс хоножээ. Тэдэнтэй уулзахаар явлаа. Зургаан машин эгнүүлээд тавьсан залуус
дээр очлоо.

Шөнө алт гарсан орд газрыг хамгаалж байгаа хүмүүс
рүү дайрсан залуус бололтой. Эхний очсон газарт архи, пивоны шил хөглөрөх аж. Залуус
газар туурга дэвсэж байгаад дээгүүрээ эсгийгээр хулдаж хучаад унтацгааж байна. Амнаас
нь уур савсаад л хүн ирж байгааг мэдэх сөхөөгүй л унтаж байна.

Харин Өвөрхангай аймгийн улсын дугаартай  “фронтиер” маркийн автомашин алт гэх газраас холгүйхэн
зогсож байлаа. Тэд машиных нь хоёр дугуйны хий гарчихжээ. Запас дугуй мөн л байхгүй
гэнэ. Бас шатахуун нь дуусчихсан. Мөнгө байхгүй болохоор эндээс явах ямар ч арга
байхгүй гэнэ. Мөн тэдгээр “фронтиер”-той хүмүүсийн цаана мөн л УАЗ пургон маркийн
Баянхонгор аймгийн улсын дугаартай машин “хрооп” нь эвдэрсэн гээд задлаад хаячихсан
зогсож байна. Ер нь тэв хавиар байгаа машинуудын бензин дууссан, дугуйнаас авахуулаад
машиных нь эд анги бүгд эвдэрчээ. Машин нь хөдлөхгүй болсон учир хоол, ундаа хийж
идэж уугаад сууршиж эхэлжээ. 

МАШИНАА НИНЖА НАР ӨӨРСДӨӨ ЭВДДЭГ ГЭНЭ 

Нинжа нар “Монголд ажилгүй залуус олон байна.
Ажилгүй бид алт ухахгүй юм бол яаж амьдрах юм бэ. Ядарсан бид хэд хоног ухаад л
аль компани нь энэ хавийн газрыг худалдаад авна. Ямар ч байсан шороо ухна. Алт гарч
л таараа. Бид эндээс явж чадахгүй. Хоол унд, наашаа ирэх замын зардлаа хүнээс зээлээд
ирчихсэн. Мөнгөтэй болоод л харина” хэмээн ярьж байна. Нинжа нартай уулзаад явж
байх зуур цагдаагийн эргүүлийн машин давхиж ирээд л нэг залууг нь машин тойруулаад
элдээд байгаа бололтой харагдлаа. Удалгүй нөгөө дугуй нь хагарсан гээд зогсож байсан
“фронтиер” маркийн автомашин чинь шороо манаруулаад хөдлөөд давхидаг байна. Биднийг
хөдөлж байхад машиныхаа хойд дугуйг тайлаад зогсчихсон байсан тэд хэдийд нь амжуулдаг
юм гэмээр хагарсан дугуй нь хийтэй болчихсон давхиж явна лээ.

Нинжа нарын нэг арга нь “Машин эвдэрчихлээ” гэж
цагдаа нарт худлаа хэлж машиныхаа хамаг эд ангийг жиргээд тавьчихдаг гэнэ. Аргаар
гуйхаар ямар ч боломжгүй гээд суугаад байдаг гэнэ. Харин хатуухан аргаар “хэлэхээр”
хэдийд нь амжуулдаг юм гэмээр машиныхаа тараачихсан эд ангийг угсраад давхиад явчихдаг
байна.

Нинжа нар энд тэндээс нэмэгдэж ирсээр байсан юм.
Дэлгэр сумынхан ч нинжа нарыг гурав хоног алт гарсан газарт оруулах шийдвэр гаргасан
юм. Хэрэв алт бага гарвал цугларсан хүмүүс дороо яваад өгнө. Харин алт их гараад
байвал нинжа нарын вант улс болох нь тодорхой. Нинжа нар арван хүрз шорооноос
40 мянган төгрөгийн алт гарч байгаа хэмээн бие биендээ хэлэх ажээ. Мөн “бух” олдсон
талаарх худал мэдээлэл тархжээ. Энэ нь тал талаас хүн цуглуулах арга гэнэ. Олон
хүн цугларах юм бол ашигтай гэнэ. Хүний хөлөөр алт ундардаг гэж нинжа нар үздэг
байна.

 ДЭЛГЭР СУМЫН УЛААН ТОЛГОЙ РУУ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨВӨӨС  АРХИ, ХООЛ, УС АЧСАН МАШИНЫ ЦУВАА ХӨВӨРЛӨӨ 

Аймгийн
төвөөс үнэтэй машин унасан алтны ченжүүд ирж яваа сураг дуулдав.

Биднийг тус газраас аймгийн төв рүү явах замд
гэр цайны газар байгуулах гэж байгаа хүмүүс тааралдлаа. Тэд “Хүмүүс цугларч байна
уу. Цуйван долоон мянган төгрөгийн үнэтэй шүү” гээд л 20 литрийн бидон дүүрэн цуйван
харуулж байна. Бидоны гадуур элдсэн нэхийгээр битүү ороосон байгаа харагдлаа. Тэдний
араас хүнсний дэлгүүр ажиллуулах гэж байгаа гэх дөрвөн залуутай тааралдав. Авч яваа
барааны ихэнх нь архи байна лээ. Тэд мөн л олон хүн цугларч байна уу гэж асууж байсан
юм. Нинжа нар цугларсан газар литр ус зуун төгрөгт хүрдэг гэнэ. Бараа бүтээгдэхүүний
үнэ ч хэд дахин нэмэгддэг байна. Тэр дундаа тамхи, архины үнэ бүр ч их нэмэгддэг
ажээ.

Хэдхэн цагийн дараа улаан толгойд  алт ухаж байгаа нинжа нарын майхан, овоохойнууд
үзэгдэнэ. Монгол Улсын иргэн бүр хуулийн хүрээнд амьдрах ёстой гэдэг ч нинжа цугларсан
газарт хууль үйл­чилдэггүй шиг санагдаж явлаа. Баялгийн хараал тусч, алтны дон шүглэчихсэн
гэмээр хүмүүс энд тэндгүй тааралдана. Сайхан машин тэрэгтэй, байр орон сууцтай болсон
хэрнээ алт ухах гэдэг хүмүүс олон. Нинжа нарын дунд ядарсан туйлдаа ортол ядуурсан
хүмүүс тун ховор. Бүгд л “Бух” мөрөөдөж энд ирсэн нь тодорхой.

Дэлгэр суманд ийм л үйл явдал өрнөж байна. Дэлгэрийн
хөндий дүүрэн улаан тоос босч, энд тэнгүй шинэ зам гарган давхих машин үзэгдэнэ.

Хэдхэн хоногийн дотор байгаль тэр чигтээ өөрчлөгджээ.
Эндээсээ хойш бүр ч өөрчлөгдөх байх даа.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Н.Гантулга: “Болор цом” бол монгол түмний оюуны их баяр юм

“Өдрийн сонин”-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээл­лийн
албаны дарга, “Болор цом”-ын эзэн Норовын Гантулгатай ярилцлаа.

 -Арвайхээр хот руу мордохын тань өмнө “Болор цом”-оор
яриагаа эхлэх үү?

-Өнөө жил “Болор цом” яруу найр­гийн наадам
31 жилийн ойтойгоо золгож байна. Гучин нэг дэх удаагийн наадам маань Өвөрхангай
аймгийн Арвайхээр хотод болох гэж байна. Өнөөдөр ингээд “Болор цом”-ын эзэд, ардын
уран зохиолчид, мөн шүлэг найргаа унши­хаар шалгарсан 25 яруу найрагч Өвөр­хангай
нутгийг зорьж байна. “Болор цом” бол оюун билгийн их том наадам гэж молхи би санадаг.
Энд хүмүүс авьяас билгээрээ уралддаг. Авьяас билэг гэдэг бурхны бэлэг, бурхнаас
өгсөн нэг их гоё өгөгдөл шүү дээ. Ухаандаа, манай Н.Норовбанзад гуай эд нарыг бурхнаас
заяасан хоолойтой хүмүүс гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг яруу найрагчдын авьяас билэг
бол бурхны бэлэг юм шиг санагддаг юм. Энэ билиг авьяасаараа ард түмнийхээ дунд шүлгээ
уншиж, уншигч олон­той­гоо уулзах халуун дулаан уулзалт. үүн дээр “Болор цом”-ын
үнэ цэн оршиж байдаг болов уу. Түүнээс биш нэг их өрсөлдөөд, хэн нэг нь түрүүлж
цом аваад байхаасаа илүү зохиолч уншигч­дын уулзалт, зохиолчдын уулзалт, авьяастнуудын
цугларалт. Гадаа идэр есийн хүйтэн тачигнаж байгаа энэ үед нэг их сайхан халуун
бүлээхэн уур амьсгал нийгэмд бүрэл­дэж, цалгилсан гэгээ гэрэл үзэгддэг нь “Болор
цом”-ын үеэр байдаг.

-Та өнөө жил мялаалгын шүлэг уншина гэсэн үү?

-Тийм ээ, өнгөрсөн жил түрүүг нь хүртсэн учир
уламжлал ёсоор салхийг нь хагалж мялаалгын шүлэг уншина аа. Надад энэ сайхан наадмын
сал­хийг хагалах эрх олдоно гэдэг бас л хувь заяа юм даа, ихэд бэлгэшээж байгаа.
1983 онд би Булган аймгийн Хишиг-Өндөр сум, Хөшөөтийн голд төрсөн. Тэр жил “Болор
цом” яруу найргийн наадмыг Дэндэвийн Пүрэв­дорж гуай санаачилж эхлүүлсэн түүх­тэй.
Үндсэндээ би “Болор цом”-той нас чацуу нэгэн. Өнгөрсөн жил их Нацаг­дор­жийнхоо
нэрэмжит Улсын драмын эрдмийн театрт хийсэн “Болор цом”-ын 30 жилийн ойгоор 30 настай
залуу энэ том наадмын тэргүүн шагналыг авч байлаа. Тэгвэл эл удаа анх санаачилсан
Пүрэвдорж гуайн төрсөн нутагт нь хийж байгаа наадмын салхийг хагалах гэж байгаадаа
л бэлгэшээгээд байгаа хэрэг л дээ. Цомын эздээс уншиж уралдах байх. Ухаандаа, Хөөдөөгийн
Эрдэнэбаатар гэж баруун Алтайн сайхан яруу найрагч байна. Нийслэлд ирчихсэн бид
хэдтэйгээ нийлээд авлаа. Уяа нь орчихсон морь тогтож ядаж л байна.

-“Болор цом” ойртоод ирэх үес хүмүүс бараг л улсын
наадмынх шиг догдлоод яв­чих­даг. Та хэдэн удаа цомд орол­цов. Анх оролцсон болон
дараа­гийн “Болор цом”-уудынхаа агаар амьсгалаас сонирхуулахгүй юу?

-Энэ наадмыг олон түмэн яг л төрийн наадмаа хүлээж
байгаа юм шиг хүлээдэг. Тэгээд “Болор цом”-ын эздийг улсын наадмын түрүү бөхийг
нэр­лэж байгаа юм шиг нэрлэж ярьдаг. Улсын наадам маань монгол төрт ёсны их том
соёл. Тэр нь бөхдөө биш мориндоо биш, ерөөсөө л цаана нь том өв соёл байгаа юм.
Үүн шиг монгол­чууд бол билэг авьяас төгөлдөр ард түмэн. Хэзээнээсээ бичгийн өндөр
соёл­той үндэстэн. Ийм ард түмний оюуны их том баяр нь “Болор цом” болохоор л  наадам шигээ хүлээгээд байдаг. Гол учир нь эндээ
байх шиг байгаа юм. “Болор цом” жил жилд их дуулиантай болдог. Тэр дуулиан ерөөсөө
л дараа жилийн цом хүртэл үргэлжилдэг нь бас сонин. 1984 онд миний багш Дөнгөтийн
Цоодол “Болор цом”-д түрүүлчихээд, өөрийнх нь хэлдгээр “аймаар л юм” гараад ирэхэд
нь Дэжидийн Чимиддорж гуай гадаа нэг ганган хар унаа сойчихсон байсан гэдэг. Чимэддорж
гэж зохиолч найрагч, нийгэм улстөрийн зүтгэлтэн хүн байсныг манайхан мэдэх байх.
Цомын эзний хар машиныг олон хүн дагах нь мэдээж. Өнөө “муусайн найз нар” нь яруухан
сэтгэл, халуун зүрхээрээ дагаж яваа. Радиогийн бүдүүн дуут Базарын Цэдэндамбаа гуай,
за тэгээд Бадарч, Сүрэнжав, Пүрэвсүрэн,  Очирхүү
нар нь гэрт нь морилжээ. Одоогийнх шиг ийм том цом өгч байгаа юм уу даа, ямар сайндаа
Цэдэндамбаа гуай “Болор цом, болор цом л гээд байсан. боржоом хийж үсчүүлдэг нэг
муу стакан л байна ш дээ” гэж агсам тавьж байхав дээ. Энэ мэт дурсам­жууд хөвөрнө
шүү дээ. Ерээд онд “Болор цом” бүр их дуулиантай болдог байжээ. Төрийн төв хэвлэл
“Ардын эрх”-ийн “Оны есөн алдартан”-д тухайн жилийн цомын эзэн найрагч зүй ёсоор
нэрлэгддэг байлаа шүү дээ. Ингээд бодохоор “Болор цом” яруу найргийн наадам олон
түмний дунд ямар их хүндтэй, ямар их давалгаа байгаа вэ. Би “Болор цом” наадмыг
багаасаа л сонирхож, хөдөө араажаваар сонсоно доо. Цэндийн Чимиддорж “Цагаан зээр”-ээ
ёстой л үс бостол уншиж, “Сэлбэ гол”-оо мөн л шуугитал уншиж, Зундуйн Дорж гуай
“Сүүлчийн инээм­сэг­лэл” гэж Аюуш баатарт зориулсан шүлгээ, “Тоодог шандын зүлэг”
гэж шүлгээ уншаад л. Барнангийн Дорж­палам гэж ёстой л дээлэндээ багтаж ядсан хийморьтой
сайхан найрагч Говь-Угтаалынхаа тухай,  Чимид­рав­дан­гийн
Мягмарсүрэн найрагч “Сумын заан”, “Сумын эмч”, “Байрны хүүх­дүүд” гэсэн шүлгээ уншаад
л. Үгүй ээ, одоо тэр ерээд оны “Болор цом” гэдэг чинь юу болж байв даа. Нийгмийн
задралын тэр долгион дээр Өвөр­хан­гайгаас Баярхүүгийн Ичинхорлоо гэж хоёр салаа
гэзэгтэй охин ирж “Тэнгэр” гэдэг шүлгээр цом аваад л. Хулганайн Тэргэл яруу найрагч
тэр үед богино даашинзтай гарч ирж, нууц амрагийн тухай шүлэг арван хэдтэй охин
уншаад л. Дундговиос Отгоны Нандинцэцэг гэж форм паарчигтай охин шүлгээ уншин томчуудын
урдуур орж тусгай шагнал аваад л. Дорнодын Бат-Орших, Нямбуугийн Билгүүн, Дорноговиос
Арлааны Эрдэнэ-Очир, Гомпил­доо­гийн Мөнхцэцэг нар ирээд. Ингэж “Болор цом” наадам
бол үе үеийн авьяас билигтнүүд төрж байдаг тийм сайхан талбар юм. Миний бие
2003 онд Утга зохиолын дээд сургуулийн гуравдугаар курсийн оюутан, Болор цомд анх
шүлгээ уншиж байлаа.

-Тэр шүлгээ одоо санадаг уу?

-Их сонин. Би “Голын цаана” гэдэг шүлэг өглөө.
Тэгээд тэнэглээд, хүүхэд ч байж, тэр шүлгээ их сайн шүлэг гэж бодоод дараагийн шатанд
уншина гэж тэнэглэхгүй юу. Үгүй мөн гэнэн байж дээ. Ингээд эхний даваанд эх орны
тухай шүлэг уншсан юм. “…Улаан хадныхаа орой дээр улаан болтол суугаагүй бол

Ургах нарны тунгалаг туяаг ижийнхээ амьсгал гэж
яаж мэдэх вэ

Лавай цагаан орчлон зүрхэнд минь нуугдаж

Лааны богинохон гэрэлд ертөнцийн хөмсөг тодордгийг
яаж мэдэх вэ.. “
гээд үргэлжилдэг эх орны тухай шүлэг л дээ. Энэ
шүлгээ уншиж эхний даваанаас хасагдаж байлаа. “Голын цаана”-ыгаа унших байсан юм
гэж дотроо жаахан бараан гунигтай ч юм шиг, тэнэг л байж дээ. Ингээд тэр жилийн
“Болор цом” бусдаасаа  илүү гоё санагддаг
даа. Хүнд ер нь анхны үзсэн юм л сайхан байдаг юм болов уу даа. Анх үзсэн наадам
сайхан байдаг шиг. Тэр жилийн “Болор цом”-ын шөвгийн тавд Дамдинсүрэнгийн Урианхай,
Жамсрангийн Баяржаргал, Цогдоржийн Бавуудорж, Арлааны Эрдэнэ-Очир, Шагдарын Лхамнорж­маа
гэсэн таван найрагч тунаад үлд­чих­сэн, хөшигний араар хэлхэлдсэн, хөлчүүхэн, авьяасдаа
омогшсон, бадарсан, унасандаа гуньсан туньсан найрагчид бүгд нүдэндээ нэг их гоё
гэрэлтэй хөлхөлдөж, ланжийсан таван яруу найрагч үлдлээ шүү дээ, хэн юу ярих юм
гэж хоорондоо ярьж байсан. Тэгээд Урианхай ах “Зүүдлэгдээгүй зүүд”, “Шөнийн онгоц”
гэдэг шүлэг уншаад цомын эзэн болж байсан юм. Үйлдвэрчний соёлын ордны нэг, хоёр­дугаар
давхраар дүүрэн цугласан олон ёстой л утга зохиолын том баяр болсон шиг таашааж,
зөөлөн инээмсэглэсэн Урианхай ах маань буурал үсээ намируулан гарч ирж “Болор цом”
авч байлаа даа. Урианхай ах бол “Болор цом”-д үнэхээр олон жил шүлэг уншиж, авсан
хүн. Ерээд оноос өмнө Урианхай ахыг  оруулдаггүй
үе байсан гэж байгаа юм.

-Яагаад?

-Нөгөө главлит гээд. “Үнээ минь үстэй мисс минь…”
гэж уншихаар чинь дарагдана биз дээ. Ерээд онд Цоодол багш яруу найргийн зөвлөлийн
дарга болж, Урианхай ахыг урьж оролцуулж байсан гэж ярьдаг юм шүү. Тэгж өвгөн буурал
Урианхай ах маань 2003 оны “Болор цом” аваад утга зохиолын мөн ч том баяр болж байлаа
шүү дээ. Тэр жил Шагдарсүрэнгийн Гүрбазар ах “Би Монголоороо гоёдог” гэж уншаад,
Дамдинсүрэнгийн Баянтунгалаг яруу найрагч маш тансаг, дотоод гансрал шаналлын гайхамшигтай
шүлэг уншаад хоёрын даваанд унасан санаг­даж байна. Олон сайхан найрагчид хоёрын
даваанд уначихсан байж байлаа. Миний анх оролцсон “Болор цом” ийм байдаг.

-Таны авсан “Болор цом”-ын өнгө аяс ямархуу байв?

-2003 онд анх цомд орсноос хойш Архангай аймагт
Болор цом болоход нэг жил өнжсөн. “Өдрийн сонин” маань намайг гадагшаа томилолтоор
явуул­чи­хаад. 2007 онд Эрдэнэт хотод болоход би “Тархин доторх орон зай хагарна”,
“Бүсгүй хүнээс ангид хийгээд харанхуйг хүсэмжлэх гурван хором” гэдэг шүлгээ уншиж
шөвгийн тавд шалгарч байлаа. 2010 онд Дархан хотод болоход би “Бор цонжийн говийн
хүн чулуу”, “Сэтгэлгээний минь шилэн хананд”, “Гэгээрэл, мөн чанар, эх орон” гэсэн
шүлгүүдээ уншиж гуравт шалгарч байлаа. Тэр үеэс л ер нь Гантулга цомд гайгүй орох
байхаа гэсэн тааварт орж ирсэн дээ. Нээрээ ингээд бодоход хэд хэд айрагдсан байна
шүү. Өнгөрсөн 2013 онд яг 30 жилийн ойгоор нь түрүүлчихээд би нэг зүйлд их баярласан.
Хөдөөд суугаа аав минь л их баярлаж байгаа даа гэж бодогдсон. Жил жилийн цомын өмнө,
ялангуяа сүүлийн гурав дөрвөн жилд хүмүүс надад их ярьдаг байлаа. 2007 онд Увс аймгийн
зүүнхангай суманд очиж амарч, Ханхөхий хайрханыг үзлээ. Тэгэхэд хүртэл тэнд хүмүүс
за миний дүү Болор цом ойртлоо, энэ жил авна биз дээ гэцгээж байх жишээтэй. Надад
тэр нь үнэхээр хэцүү, шанал­гаат­ай. Тэгээд би “Болор цом”-д “Уулсын сэтгэлгээний
тэлэлт” гэж шүлгээ уншиж, тэргүүн шагнал авчи­хаад зогсч байхдаа “хөдөө сууж байгаа
аав маань их баярлаж байгаа даа” гэж бодож баярлаж байсан даа. Ээж аймгийн төвөөс
хажуу айл руугаа утасдаж “Ноовд дуулгаарай, хүү маань “Болор цом”-ын эзэн боллоо”
гэж хэлжээ. Айлын эгч аавд ороод хэлж. “Аав нь дотроо их л баярлаж байлаа. Тэгээд
хэлчих хүн олдохгүй, хэрээтэй хэдэн морьд дээрээ оччихоод, хүү­гийн­хээ Улаан хад
руу нэг залбир­чи­хаад аав нь гэртээ буцаж ирсэн шүү. Энэ их том баяр шүү. Манай
үр удамд энэ их том баяр байгаа юм” гэж дараа нь хэлж билээ. Аав маань их л баяр­ла­сан.
Энэ мэтчилэн Болор цом авсан хүмүүс ингэж л их баярладаг л даа. Цом авахын өмнөх
хавар нь Завхан аймаг руу хэл бичгийн олимпиадад манай Лхамсүрэнгийн Төрбаяр ах
“Бөхөн шар” багийнхан гэж хэдэн хүнийг авч явдаг юм. Цоодол багш, Урианхай ах, Галбаатар
доктор тэргүү­тэй хэдэн хүн явдаг юм. Тэр хавар хангайн нурууны ноёлог сайхан оргил
Солонготын давааг даваад Идэрийн голын хөвөөнд очлоо. Бөхөн шарын нуруунд анх гарлаа,
би. Хуучнаар бол долоон хошууны нутаг харагддаг Бөхөн шарын нуруу. Тэнд гараад л
хангайн тэр ноёлог уулс хөлийн дор гүйлэгнэсэн усан торго шиг үзэгдэж байлаа шүү
дээ. Бөхөн шарын нуруу тийм сайхан. Хамба гэгээн, Ялгуусан гэгээн гэж халхын алтан
мөнгөн тамгатай арван гурван хутагтын хоёр нь төрсөн газар бол Завханы Идэр. Хамба
гэгээний шүншигтэй Бөхөн шарын тэр хайрхан дээр гараад байж байтал надад “уулсын
сэтгэлгээ” гэж нэг тийм сэрэхүй буусан юм. Уулсын сэтгэлгээний тэлэлт гэдэг явж
явж яруу найрагчийн зүрхний урагдалт юм байна шүү дээ гэсэн бодол яг тэр үед бодогдсон
шүү. Тэгээд энэ шүлгээ бичсэн л дээ. Хүмүүс энэ шүлгийг янз бүрээр л ярьдаг юм.
Би ер нь Болор цомд орно гэж зориулж шүлэг бичдэг­гүй. Зүгээр л тэр жил бичсэн шүлгүү­дээ­сээ
арай гайгүйг нь л уншдаг юм.

-Түрүүн та аав ээжийнхээ тухай цухас яриад өнгөрлөө.
Аав ээж тань яруу найрагт их дуртай улс уу?

-Би утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургуульд
оюутан болж ирэхдээ 280 гаруй шүлэг цээжээр мэддэг хүүхэд ирсэн. Ирээд утга зохиолын
оюутан болоод бүр олон шүлэг цээжил­нэ биз дээ. Ингээд би 400 гаруй шүлэг цээжиндээ
мэддэг. Энэ цээж бол ааваас эхтэй юм. Аав бүх юмыг өдөр судартай нь, хүнийг овог
нэртэй нь санаж мэдэж байдаг. Аавын маань ээж, манай мөөм цээжний цэцтэй хүн байдаг
юм. Аав ердөө хоёрдугаар анги төгссөн хүн шүү дээ. Тэгээд шууд адуун дээр гарчихсан.
Аавын хийморь лундаа гэж гайхалтай. Тиймээс би олон адууны төвөргөөн, хөлс тоосны
үнэр­тэй хийморлиг ертөнц намайг угтаж, аав минь намайг морин дэлэн дээр өсгөсөн
дөө гэж ярих дуртай. Би гурван эрэгтэй дүүтэй, айлын том л доо. Багадаа би сонин
хүүхэд байв. Манай сумын багийн дарга Цэрэндагвын Ганхуяг гэж хүн бий. Ганхуяг ах
нэг удаа манайд давхиад ирлээ. “Ардын эрх” сонинг хониор захиалж байна. Манайхан
захиалаарай гээд хүрч ирсэн. Би ч ааваар захиалуулаад, хажууд байсан Хүрлээ ахынхаараа
захиалуулаад. Нөгөө сонинуудаа дугаар дугаараар нь хадгална. Одоо надад морины хөлс
болчихсон сони­нууд дугаар дугаараараа хадгалаастай байгаа. 1998, 1999 оны гээд
л тэр үеийн нийгэм улс төрийн бүх үйл явдлыг санадаг. Сонинууд манайд бүгд  байдаг. Хүний хувь зохиол гэж их сонин. Би ерөөсөө
л өөрийнхөө амьдарч, гал голомтоо бадраах энэ газарт л багаа­саа элгэмсээд байж
гэж одоо боддог. Хүүхэд байхдаа шимтэн сонирхсон “Ардын эрх” маань “Өдрийн сонин”
болсон. Би ч яваандаа “Өдрийн сонин”-ы хүн болсон. Энд л би өнгөтэй өөдтэй яваа.
Энд “Болор цом”-ын эзэн болсон. Цомоо авчихаад сониныхоо өглөөний шуурхай дээр бариад
орж ирж байлаа. “Өдрийн сонин” надад хоёр өрөө байр өгч, эндээс би гал голомтоо
бадраасан.

-Монгол хүний ертөнцийг үзэх үзэл, ертөнцтэй харьцах
харилцаа бусдаас их өөр шүү дээ. Тэгэхээр яруу найргийн амин сүнс нь таныхаар юу
вэ?

-Манай утга зохиолын ах нар маань намайг утга
зохиолд орж ирэх­дээ л Улаан хадны тухай дуулсан гэж хэлдэг юм. Ерөөсөө л миний
яруу найргийн эх ундарга уулстай холбоо­той юм байна. Ерөөсөө л эх авсан анхны тэр
ундарга бол ялангуяа тэр Улаан хад юм. Улаан хадыг би дотоод гоо сайхныхаа нарийн
хэмжүүр гэж боддог.

-“Болор цом”-оос хойш таны шүлэг бүтээлд ямар
агаар амьсгал орж ирэв. Ойрын үед ном гаргах уу?

-Би 2003 онд “Голын цаана” гэсэн шүлэг бичсэн
юм. “…Түүчээ тогоруудын цэн нулимсанд хулсан бийрээ дүрж

Түмэн оны заагт ганцхан шүлэг бичье гэхэд голын
цаана байна…”
гэж хоёр мөр байдаг. Тэгж би оюутан хүүхэд их
утга зохиолынхоо өөрийн ертөнц, холын зам мөр, мөн чанарыг тодорхойлж байжээ.
2004 онд “Цаг тутамд өөрөөсөө нүүж амьдарна” гэж бичиж байсан. 2006 онд “Тархин
доторх орон зай хагарна” гэж бичээд олон хүнд гоочлуулсан. 2008 онд “Сэтгэлгээний
минь шилэн хананд” гэж бичсэн. Ингээд дараа нь “Уулсын сэтгэлгээний тэлэлт” гэж
бичсэн. Хоёр гурван жилийн давтамжаар яг л ийм агаар амьсгалаар миний шүлгүүд гарчээ.
Миний шүлгийг хүмүүс ойлгоогүй л гэдэг юм. Янз бүрээр хэлдэг. Би ерөөсөө л зарим
уламжлалыг дагаж, тэр сайхан уул минь тийм цэцэг навчтай, тэгж хөхөрч униартаж харагд­даг
гэж бичихгүй нь лав биз дээ. Яруу найраг гэдэг бол ерөөсөө л хувь өөрийнхөө л ертөнцийн
агуулгаараа буудаг зүйл болов уу. Гэлээ гээд би учир начиргүй хийсвэрлэлд умбасан,
яаж ч бодоод хүний оюун тархинд буухааргүй юм бичдэггүй болов уу даа. Нэг удаа Дашлхүмбийн
Галбаатар доктор, Лувсандамбын Дашням гуай гэсэн хүмүүс миний шүлгийн тухай “Яруу
найраг хийгээд буруу найргийн тухай өгүүлэх ану” гэсэн нэртэй шүүмж сонинд нийтэл­сэн
байсан. 2006 онд. Тэр нийтлэл­дээ Дашням гуай “Урианхайн шүлэг, Гантулга гэж энэ
залуугийн шүлэг бол буруу найраг. Өнөөгийн нийгмийн хэмжүүрээр буруу найраг. Жинхэнэ
утга зохиолынхоо хэмжүү­рээр бол энэ нь яруу найраг” гэж бичсэн байсан. Тархин доторх
орон зай хагарна, Урианхай ахын “Инээд шиг хуучин хүний амьдрал” гэдэг шүлгүү­дийг
задалж бичээд тэгж үзсэн байдаг юм. Тэгээд 2006 онд Дашням гуай “Гантулга бол монгол
яруу найргийн­хаа шимт хөрсөнд өнөөгийн дэлхийн утга зохиолын гол шугам болох дотоод
бясалгал, сэрэхүй, яруу найрагч тухайн үедээ сэрж мэдэрсэн гэмээр эрс тэс мэдрэмж
зэргийг суулгаж бичиж байгаагаараа өвөрмөц юм байна” гэж дүгнэсэн. Сүүлийн үеийн
шүлгүүд минь ч иймэрхүү байна. Хоёр ч ном хэвлэе гэвэл бэлэн байна. Гэхдээ би юмаа
их дардаг хүн юм. Болоогүй л юм шиг санагдаад өөрийгөө жигтэйхэн их голоод, дараад
байдаг. 

-Танд ер нь дуу бий юу?

-Хэцүү шүү дээ. “Уулсын сэтгэл­гээ­ний тэлэлт”
гэдэгт л ая хийдэггүй юм бол. Тэр “Бор цонжийн говийн хүн чулуу”, “Сэтгэлгээний
минь шилэн хананд” л ая хийдэггүй юм бол. 
Ухаандаа, би гэдэг хүн “тийм сайхан хар нүдэн бүсгүй минь чамайг би хадамд
алдчихлаа” гэж насандаа бичихгүй, тэгэхээр яаж ч дуутай байхав дээ. 

-Энэ жил хэн цом авах бол. “Болор цом”-ын энэ
жилийн өнгийг та хэрхэн харж байгаа вэ?

-Жил жилийн Болор цом-д яг үнэн­дээ бол гадуур
яригдаж байгаа хүмүүс л түрүүлдэг шүү дээ. Энэ жил ч хэд хэдэн хүн яригдаад байнаа.
Ухаандаа, манай дархад Мягаа, Уянсүх,  Молом­жамц
гээд хэдэн сайхан ах нар маань яригдаж байна. Өвөрхангайд сууж байгаа Сольтогтохын
Дамдиндорж ах бас яригдаж байна. Лхамсүрэнжавын Ганзул гэж манай Булганы сайхан
найрагч байдаг. Тэр яригдаж л байна. Энэ хэд дундаас л авах байлгүй. Түүнээс нэг
битүү морь гарч ирээд түрүүлнэ гэж юу л бол.

Н.ПАГМА