Олдвор дахь босоо ятга анх олдсон байдлаараа
Монгол, Германы хамтарсан “Орхоны хөндийн гео-археологи” судалгааны
баг Монгол Алтай нутгаас олсон хадны оршуулгын дээл, малгай, хөгжмийн зэмсэг
зэрэг олдворыг Герман улсад сэргээн засварлаж өнгөрсөн нэгдүгээр сард Улаанбаатарт
авчирсан билээ. VIII-XI зууны үед холбогдох уг олдворын дотор босоо ятга
байсан нь олны анхаарлын төвд байна. Уг ятгын талаарх мэдээлэл одоогоор тодорхой
бус байгаа ч хөгжим судлаач, хөгжмийн зохиолч төрийн шагналт С.Соронзонболдтой
монгол төрийн их оркестрын гол зэмсэг байсан ятга хөгжмийн талаар ярилцлаа.
-Найм, есдүгээр зууны ятга хөгжим Монгол Алтайгаас олдсоныг Германд
сэргэн засварлаад саяхан авчирсан. Мэдээж тэр цаг үеийн хөгжмөө манайхан судлаагүй
байгаа ч ятгын талаар та ярьж өгөхгүй юу?
-Ятга бол ордны хөгжим. Төрийн их ятга гэдэг шүү дээ. Хубилай
хааны ордны хөгжмийн зэмсэг дотор нэг чавхдастай, гурван чавхдастай, таван чавхдастай,
долоон чавхдастай, есөн чавхдастай, 14 чавхдастай ятга гэх зэргээр янз бүрээр тэмдэглэсэн
байдаг. Тэр үеийн Монголын хөгжмийн хөг тогтолцоог гурав, тав, долоо, есөн чавхдастай
төрийн ятганаас тодруулах бололцоотой. Тэр байтугай, ятгыг монгол хөг ая данд нийцүүлэн
бүтээгээгүй гэж үзэх үндэс харагдахгүй байгаа юм. 1252 онд Мөнх хаан хөгжмийн тусгай
хороог байгуулж байсан бол 1260 оны үед Хубилай хаан Их хөгжмийн яамыг байгуулсан
байдаг. Өөрөөр хэлбэл, Монголын төр 560-аад хүний бүрэлдэхүүнтэй их найрал хөгжмийг
эмхлэн байгуулж, ажиллуулж байсан. Энэ оркестрын гол цөм нь ятга байсан.
-Тоглож байсан зохиолууд нь ямархуу байсан бол?
-Их оркестртоо 1-84 ангитай зохиол зохион туурвиж тоглуулдаг байсан
байгаа юм. Төрийн ёслолын хөгжим тоглодог
хүрээлэнгээ “Өвгөдийг дурсах сүм”, найрал хөгжмийн удирдаачаа дохиурчин, хөгжим
зохиогчдоо эгшиг зохиогч гэдэг байж. Монголын эзэнт төр үндэсний найрал хөгжмөө
төгөлдөржүүлэх шинээр хөгжим зохиолгох, зэмсгүүдийг цуглуулах шинээр зохиолгох,
тэр байтугай залуу хөгжимчдийг үе шаттай бэлддэг байсан байна. Ятгын тухайд нэг
зүйл онцлоход, монгол хаад, ялангуяа Өлзийт хааны үед хурим найр, ханхүү өргөмжлөх
ёслолд босоо ятга тоглож байсан юм билээ.
-Одоо Дуурийн театрт байдаг босоо ятга шиг үү?
-Ийм том биш л дээ. Босоо ятгаа өвөр дээрээ тавиад тоглодог байсан
байна. Персийн зураачдын зурсан зураг байдаг юм. Монголын төрийн ёслол хүндэтгэлийн
үйл ажиллагаанаас дүрсэлж үлдээсэн бүтээл л дээ. Тэр зурагт хөгжмийн зэмсгүүдийг
нарийн дүрсэлсэн байгаа. Тэндээс уг ятгын зургийг компьютерт оруулж нарийвчлан харж
утсыг нь тоолоход арай ч арван хэдэн утастай биш түүнээс ч олон утастай харагдаж
байгаа юм. Бас нэг зураг байдаг. Хуримын бэр мордуулж байгаа XIII зууны үеийн зураг.
Бэрийнхээ араас дагалдан явагсад дотор морин дээр ятга хөгжим тоглоод явж байгаа.
Ятга нь хэмжээний хувьд нум сумны нумаас арай богиновтор юм уу даа.
-Үндэснийхээ хөгжмийн эртний уламжлалыг тодруулахад Хубилай хааны
ордны их найрал хөгжимтэй холбож үзэхээс аргагүй шүү дээ. Та Хубилайн их оркестрын
талаар ярьж өгөхгүй юу?
-Хубилай хааны үед бол нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй найрал хөгжим
байсан. Тэр Хубилай хаан Есүхэй баатраас хойшхи өвөг дээдэстээ зориулсан Долоон
гэрийн тайлга тахилгын үеэр хөгжимддөг байжээ. Долоон гэрт нь идээ будаа засч их
хөгжим үүсгэн өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг буулган баясгадаг. Тэндээ нэг том оркестр
нь тоглодог. Энэ нь болохоор давших хөгжмийн анги юм. Тэгээд тэр хааддаа зориулсан
тахилгын дууных нь шүлгүүд нь ч үлдчихсэн байгаа шүү дээ. Өгөөдэйд зориулсан, Цагаадайд
зориулсан гэхчилэн. Хубилайд өөрт нь зориулсан дуу ч бий. Долоон гэр, найман гэр
сүүлдээ арван гэр болсон байдаг. Нөгөө нэг том оркестр нь хааны ордон дотроо тоглодог.
Тэр олон зуун хөгжмийг чинь яаж удирдахыг хүртэл зааж байсан байгаа юм. Бүрэнхийд
яаж удирдах юм, гэгээтэйд яаж удирдах юм, харанхуй бүрийд зулын гэрэлд яаж удирдах
юм гэх зэргийг хүртэл заасан байдаг.
-Хааны ордны оркестрт ятга голлох байр суурьтай байсан нь юуных
вэ. Морин хуур нь ямар байр суурьтай байсан бол?
-Энэ нь хөгжимчдөөсөө их
шалтгаалж байсан шиг байгаа юм. Тухайн үедээ аль хөгжимчин нь илүү чадалтай байна
түүнийгээ дагаад тухайн хөгжим нь илүү онцгой үүрэг гүйцэтгэж байж л дээ. Морин
хуур бол ард түмний дунд дэлгэрсэн хөгжим. Харин ятгыг төрийн хөгжим гээд дурын
хүн тоглох, хамаагүй дуугаргахыг хориглочихсон байсан байна. Ер нь тэр үед хөгжмөө
тэр болгон тоглоод байхгүй. Өмнө нь Чингэс хааны үед ч хөгжим тоглоод найрлаад байдаггүй
байж. Их хааны цэрэг дайнд мордохдоо хэнгэрэг дэлдээд дайнд ордог байсан гэх ойлголт
ер нь ташаа ойлголт юм. Төрийн том ёслол, өвөг дээдсийн хүндэтгэлийн зан үйл мэтийн
ёслолын үеэр л хөгжим дуугаргаж байсан юм билээ. Түүнээс биш баярлаж цэнгэх гэж
хөгжим тоглодоггүй. Өвөг дээдсийнхээ сүнс сүлдийг баярлуулах гэж, сахиус тэнгэрийн
тахилга үйлдэхдээ хөгжмөө дуугаргадаг байсан байна л даа. Энэ тухай сурвалж бичигт
тэмдэглэхдээ яг тухайн өвөг дээдэс нь тэнгэрээс бууж ирээд идээ цагаагаа хүртээд,
их баярлаад гэх зэргээр бүр бодитоор харсан юм шиг бичсэн байгаа юм.
-Хөгжимтэй холбогдох ямар эх сурвалж байна вэ?
-Юан улсын таван судар байгаа юм. Тэдний нэг нь хөгжимтэй холбоотой.
Тэр нь одоо манай улсад байхгүй л дээ. Хятадад байдаг.
-Та түрүүн Персийн зураачид монгол төрийн ятга зурж үлдээсэн тухай
ярьсан. Сая олдсон ятгатай адил төстэй юу?
-XIII зууны Персийн зураачдын бүтээл дээр байгаа ятга бол яг энэ
олдсон ятгатай адилхан юм байна лээ.
-Хубилай хааны төрийн их оркестрт яг энэ босоо ятга хэд байсан
бол?
-Тоог нь гаргасан байгаа юм. Тавгийн идээ тавихдаа монголчууд
гурав, тав, долоо, ес гэж тавьдаг шиг хөгжимчдийг суулгахдаа бас тогтсон тоог баримталдаг
байсан юм байна.
-Ер нь энэ соёлын дурсгалыг манайхаас гаралтай гэхэд хэр үндэслэлтэй
вэ. Манай хөгжим нарийндаа бол олон улсын шинжтэй шүү дээ. Нарийвчлах бололцоо хэр
байдаг юм бэ?
-Юан улсын үед өмнөд орны мэтийн чийглэг уур амьсгалтай газар
морин хуурын царны арьс суларч хөг алддаг байж. Тийм учраас Монголын хаад тухайн
газар орны цаг агаарт тохиромжтой хөгжмийн зэмсгүүдийг сонгож, төрийн ёслолын зохиолуудыг
тоглуулж байсан байна л даа. Ийм шалтгаанаар оркестрынхоо дуугаралтыг тэнцвэржүүлэхийн
тулд эзэлсэн улс орнуудынхаа хөгжмийн зэмсгүүдийг өөрийн үндэсний хөгжимтэй хослуулж,
өргөжүүлж олон улсын найрал хөгжмийг бий болгосон байгаа юм. Ингээд хөгжмийн зохиолчид,
удирдаачид, бүжиг дэглээчид, найруулагчид монгол хөгжмийн сэтгэлгээг шингээсэн хэдэн
зуун бүтээлийг шинээр туурвисан. Энэ бүхэн дорно дахины урлаг, соёлд сэргэн мандлыг
авчирсан. Тэр ч бүү хэл өрнө дахины дуурь, балетад ч хүчтэй нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Энэ тухай Европын судлаачид ч хэлдэг. Нэг үндэстний хөгжмийг нөгөө нь авч сайжруулаад
хөгжүүлдэг л дээ. Манай товшуур хөгжим гэхэд л бараг гитар шүү дээ. Товшуур бол
гитарын өвөг эцэг юм. Бүх оронд л энэ хөгжмийн зэмсгүүдийг хэрэглэдэг. Харин яаж
хөгжүүлэх вэ гэдэг нь гол байгаа юм.
-Тэгэхээр ятгыг Хятад, Солонгос, Монголынх уу гэдэг эргэлзээтэй
биз дээ?
-Гэхдээ ятга бол аргагүй манай хөгжим л дөө. Сая энэ босоо ятга
оллоо гэж байна. Оллоо гээд шуугиад л өнгөрлөө. Уг нь энийгээ зөвхөн музейд хадгалах
биш, зэмсгээ нарийн судлаад, хийгээд сургалтдаа оруулах, найрал хөгжимдөө оруулах
ёстой л доо. Ингэвэл жинхэнэ өв соёлоо сэргээж байгаа алхам болно. Казахууд хэдэн
жилийн өмнө арваад хөгжмийн зэмсэг олсон. Түүнийгээ сэргээгээд гоё болгоод ая дан
оруулаад нэг их гоё чуулга босгосон байгаа шүү дээ. Манайх хөгжмийн өв соёл маш
арвинтай, юмандаа хахчихаад хайхрахгүй юм л даа. Германчууд тэр хөгжмийн талаар
ном гаргаад тараачихсан. Үүн шиг л хурдан ажиллах хэрэгтэй шүү дээ. Mэргэжлийн улсууддаа
өгөх хэрэгтэй байхгүй юу. Нэг юм оллоо гээд хав дарчихдаг, тэрийг нь хэдэн дарга
сайд нар очиж нэг хардаг байх. Хөгжим судлаач улсууд нь барааг нь ч харж чадахгүй
байх жишээтэй.
-Ямар нэг ололтыг өмчлөх гээд байдаг зан манайханд их түгээмэл
байх юм. Бусдад хүртээх, ялангуяа нарийн мэргэжлийн судлаачидтайгаа хамтарч ажиллахыг
огт хүлээн зөвшөөрөдөггүй тал байх шиг?
-Тэр дор нь судалгаанд оруулах хэрэгтэй л дээ. Хувь хүний гар дээр байсан зэмсгүүд гэхэд л судалгаанд оруулж
амжаагүй байтал нөгөө улсууд нь гадагшаа худалдчихдаг. Ийм маягаар ч юмаа гадагш
нь алдчихаж байгаа юм. Аливаа хөгжмийн зэмсгийг гаалиар гаргахад гааль дээр маш
нарийн хяналттай хандах хэрэгтэй. Манайхан жишээ нь, морин хуур гэхээр нөгөө л дэлгүүрт
байж л байдаг хөгжим гэж ойлгодог. Уг нь манайд соёл урлаг судлалын хүрээлэн гэж
байдаг. Тэр нь арван хүнтэй. Тэднээс ердөө нэг нь хөгжим судалдаг. Гэтэл ийм асар
том юмыг ганцхан хүн хариуцаад сууж байгаа юм.
Н.ПАГМА