Categories
редакцийн-нийтлэл

Суудлын машин урсгал сөрж автобустай мөргөлджээ

Дарь-Эхийн хуучин эцсийн буудал.2014-03.03 15.45 цагт

Дарь-Эхийн замд суудлын авто­ма­шин
том оврын авто­бустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Осол өчигдөр 16.00 цагийн
үед, Дарь-Эхийн Хуучин эцсийн  бууд­лын ойролцоо гарсан байна. Хотын
төвөөс Дарь-Эхийн чиг­­лэлд зорчиж явсан “Ав­то­бус-3” ком­па­нийн
0384 УБЧ дугаартай III, IV  хороолол Тоосгоны үйлдвэр чиглэлийн автобусыг
хөдөлгөөнд орол­цож явахад нь гэнэт “Соната-4” мар­кийн саарал өнгийн
сууд­лын жижиг  тэрэг урсгал сөрөн орж иржээ. Ингэхдээ нэлээд хурдтай орж
ирсэн байна. Энэ үед автобусны жо­лооч сандарсандаа хурд саа­руулагчаа огцом
гишгэж ба­руун гар тийш жолоогоо дарж хаш­лага тулж зогссох үйлдэл хий­сэн
байна. Яг энэ үед жижиг тэрэг эрчтэй ирж мөргөжээ. 1969 УБТ улсын дугаартай 
“Соната-4” сууд­лын машин хурдтай явсан учраас мөргөх үедээ зам дээр
бүтэн эргэж дахин хам­раараа автобусын урд хэс­гийг мөргөсөн аж. Тухайн үед
машинд жолоочоос өөр зор­чигч байхгүй байжээ. Харин авто­бусанд 20 гаруй хүн
зорчиж явсан байна. Мөр­гөлдөх үед автобус огцом зогс­соны улмаас зарим иргэд
суудлаасаа унах буюу цон­хоо мөргөжээ. Гэхдээ ноц­той гэм­тэж бэртсэн хүн
байхгүй аж. Бага насны нэг хүүхэд байсан бөгөөд дор­гилтоос үүдсэн гэмтэл одоо­гоор
тодорхойгүй байгаа гэнэ. Осол гэнэт гарсан уч­раас авто­бус­ны кондуктор зор­­чигчдыг
тайвш­руулж да­раа­гийн автобусанд шил­жүүлж суулгасан талаар тус автобусны
жолооч Р.Цог ярь­лаа. Харин урсгал сөрж орж ирсэн суудлын ма­ши­ны жолооч машин­даа
хав­чуулагдсан байсныг Нийс­лэ­лийн аврах ангийн аврах алба­ны таван албан
хаагч хам­жиж гар­га­сан юм. Мөн цаг­даагийн албан хаагчид шуурхай ажиллаж
аврах ангийг цаг алдалгүй дууджээ. Суудлын машины жолоо­чийг  Я.Оюунбат
гэдэг юм байна.  Тэрээр Баянзүрх дүүргийн арав­дугаар хороонд амьдар­даг
бөгөөд 26 настай ажээ. Ослын үед хамрандаа хүнд гэм­тэл авч, нүдэнд нь цус хур­сан
байдалтай байв. Мөн баруун хөлний өсгийний яс цуурсан байна. Өөр ил ха­раг­дах
шарх сорвигүй хэдий ч эмнэлэгт хүр­гэжээ.  Ослын улмаас хоёр цаг орчим
замын хөдөлгөөнд түгжрэл үүс­сэн бөгөөд тэр хавийн оршин сууг­чид цугларсан бай­лаа.
Зарим иргэ­дийн ярьж буйгаар суудлын ма­шин түгжирсэн замаас гэнэт хурд нэмэн
гарч сөрөг урсгалд орсон байна. Энэ үед автобус той­рог замаас гарч иржээ.
Суудлын маши­ны жолооч хурд хасах гэсэн боловч хожимдсон байсан бо­лов уу
хэмээн ослыг хар­сан иргэд ярив. Харин замын хажуугаар алхаж явсан за­рим явган
зорчиг­чид их дуу чимээ гарах үед осол гар­сан болохыг мэджээ. Мөн эсрэг
урсгалд зорчиж явсан авто­бус хурд хэтрүүлж явсан гэх хүмүүс ч байна. Ер нь
Дарь-Эхийн чиглэлд явдаг автобуснууд хурд хэт­рүү­лэх, машинтай өрсөлдөж явах
нь олонтой гэнэ. Түүнчлэн энэ чиглэ­лийн замын хувьд нарийхан учраас ихэнх­дээ
түгжрэл үүсдэг бөгөөд мик­ро автобус болон залуухан жолооч нар урсгал сөрөх
үзэгдэл элбэг гардаг байна. Ямартай ч ослын шалтгааныг цагдаагийнхан тодорхой
гар­га­хаар ажиллаж байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Уртнасан: Тэтгэврийн насыг 67 болгож нэмэгдүүлэх тухай ямар ч шийдвэр гараагүй

Нийгмийн даат­галын ерөнхий газрын дарга Ц.Уртнасантай
ярилцлаа.

-Манай улсын тэтгэврийн даатгалын тогтолцооны төлөв байдал
ямар байгаа вэ. Энэ тогтолцоог шинэчлэх тухай асуудал яригдаж байна. Ямар
үндэслэлээр шинэчлэх болов?

-Манай нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн хөгжилд гарч байгаа олон
өөрчлөлтийн нэг нь хүн амын насжилт эрчимтэй явагдаж байгаа үйл явц юм. Иргэд
урт насалж, тэтгэврийн даатгалын сангаас олон хүн, урт хугацаанд тэтгэвэр авах
болж байгаа нь тэтгэврийн даатгалын сангийн зарлагыг үлэмж хэмжээгээр
нэмэгдүүлэх нөхцөл болж байна. Мөн тэтгэврийг нэмэгдүүлэх тэтгэвэр авагчдын
хэрэгцээ, нийгмийн шаардлага байсаар байна. Тэтгэврийн даатгалын санг ингэж
өсөн нэмэгдэж байгаа зарлагыг санхүүжүүлэх чадавхитай сан байлгахын тулд бидэнд
тэтгэврийн даатгалын тогтолцоогоо өөрчлөн шинэчлэх зайлшгүй шаардлагатай
тулгарч байгаа юм. Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж, авч байгаа цалин хөлснөөсөө
нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн бүрдүүлж байгаа тэтгэврийн даат­галын
сангийн хөрөнгөөр өнөөгийн ахмад настан, тэтгэвэр авагчдын тэт­гэврийг
санхүүжүүлж байна. Шимтгэлийн орлого ба тэтгэврийн даатгалын сангийн зарлагын
зөрүүнээс гарах алдагдал ДНБ-ий хоёр орчим хувьтай тэнцэх боллоо.
Мэргэжилтнүүдийн тоо­гоор энэ алдагдал ойрын 35 жилд ДНБ-ий 12 хувьтай
тэнцэхээр байна. Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал Төр, засгийн нуруун дээр
төсвийн дарамт, ачаалал болж ирнэ. Мөн тэтгэврийн даатгалын тогтолцоогоо
өөрчлөхөд хүргэж байгаа олон шалтгаан бий. Иймээс бид дэлхий нийтийн сайн
туршлагад үндэслэж, алсын хараатай, да­лайц­тай өөрчлөлтийг тэтгэврийн
даатгалын тогтолцоонд хийхээс өөр аргагүй юм.

-Тэтгэврийн даат­галын тогтолцоог яаж шинэчлэх вэ?

-Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн
нийгмийн хам­гааллын бодлогын зорилтод олон давхаргат тэтгэврийн тогтолцоог
нэвтрүүлэх зорилт орсон. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газар,
Хүн амын хөг­жил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газрын
түвшинд тодорхой ажлууд хийгдэж байна. Олон давхаргат тэт­гэврийн тогтолцоог
нэвтрүүлэх зорилт нь хүн амын янз бүрийн бүлгүүдийн хэрэгцээ, эрсдэлд нийцсэн
төрөл бүрийн арга хэрэгслээр тэтгэврийн даатгалын цогц тогтолцоог бүрдүүлэх
асуу­дал юм. Бидний төлөвлөж, тооцоолж байгаагаар тэтгэвэр авагч гурван
давхарга бүхий тэтгэврийн даатгалын сангаас тэт­гэвэр авах бололцоог бүрдүүлэх
боломжтой.

-Энэ талаар дэлгэ­рүү­лэхгүй юу?

Нэгдүгээр давхарга буюу суурь давхарга нь бүх ахмад настанд наад
захын орлогын баталгааг бий болгох суурь тэтгэвэр олгох юм. Хоёрдугаарх нь
шимтгэлд суурилсан давхарга. Энэ нь шимтгэл төлж бүрдүүлсэн нийгмийн даатгалын
сангаас тэтгэвэр олгох боломжтой. Гуравдугаар давхарга буюу нэмэлт давхарга нь
шимтгэлд суурилсан нийгмийн даат­галын тогтолцооноос гадуур нэмэлт орлого бий
болгох зорилгоор ажил олгогчийн зүгээс эрхлэн хэрэгжүүлэх байгаа. Үүндээ сайн
дурын үндсэн дээр хамрагдан хад­галамж бий болгох замаар нэмэлт тэтгэвэр олгох
болом­жийг тус тус бүрдүүлэх юм. Ингэж ахмад настан суурь тэтгэвэр, нийгмийн
даатгалын тэтгэвэр, нэмэлт тэтгэвэр авах замаар орлогын баталгаагаа хангахад
чиглэсэн тогтол­цооны өөрчлөлт хийх хувил­барыг илүүд үзэж байна. Тэт­гэв­рийн
даатгалын тогтолцоог шинэчлэх асуудал нь мэргэжилтнүүдийн сонголт, шийд­лээс
гадна улс орны нийгэм, улс төрийн нөхцөл байдал, шийдвэр гаргагчдын ойлголт,
итгэл үнэмшил, хүсэл зоригоос шалтгаалах нь маргаангүй юм. 

-Энэ шинэчлэлээр тэтгэврийн насыг 67 болгох тухай мэдээлэл
байсан. Тэтгэврийн даатгалын сан алдагдалд орсноос болж тэтгэврийн насыг сунгаж
байгаа хэрэг үү?

-Тэтгэврийн даатгалын сангийн зарлага нэмэгдэж байгаа нь
тэтгэврийн даатга­лын тогтолцоог өөрчлөх үндэс­лэлүүдийн нэг гэж би түрүү
хэлсэн. Тэтгэврийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруу­лах
талаар дэлхийн улс орнуудад нийгмийн даат­галын хамралтыг нэмэг­дүүлэх,
нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг өсгөх, тэтгэвэрт гарах насыг нэмэг­дүүлэх,
тэтгэвэр тогтоох хөн­гөлөлттэй нөхцөл (олон хүүхэд төрүүлэх, хөдөлмөрийн хэвийн
бус нөхцөлд ажиллах, ажил мэргэжлийн төрөл заах)-үүдийг цөөрүүлэх, тэтгэврийн
даатгалын санд Засгийн газраас өгөх санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг түгээ­мэл
арга хэмжээг авч хэрэг­жүүлдэг. Манай улсын хувьд тэтгэврийн даатгалын
шинэчлэлийг үр дүнтэй, зүй зохистой хийнэ гэвэл эдгээр арга хэмжээнүүдээс оновчтойг
нь сонгож хэрэг­жүү­лэх шаардлага гарч л таарна. Зөвхөн тэтгэврийн насыг
нэмэгдүүлэх тухай, тэр дундаа 67 нас болгох тухай ямар ч түвшинд санал
боловсрогдоогүй, шийдвэр төлөвлөгдөөгүй гэдгийг хэлэх байна. Харин Эдийн
засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуу­дын хувьд
тэтгэвэрт гарах дундаж нас 67 байдаг юм билээ.  

Тэтгэврийн даатгалын санг алдагдалд орсон гэхээ­сээ илүүтэйгээр
өнөөдөр тэт­гэврийн даатгалын санг бүрдүүлж, шимтгэл төлж хөлс хүчээ гарган
хөдөмөрлөж байгаа хүмүү­сийн хуримтлуулж байгаа шимтгэлийн орлогоос өнөө­гийн
тэтгэвэр авагчдад зарцуулж байгаа зарлага илүүдэж байгаа нь бодит үнэн.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,
тэтгэмжийн тухай хуульд өндөр насны тэтгэвэр тогтоох насанд өөрчлөлт ороогүй.

-Ер нь тэтгэврийн даат­галын тогтолцоо шинэч­лэгдсэнээр
төсөвт ирэх ачаалал ямар байх вэ. Эдийн засгийн өсөлттэйгээ хэр уялдуулж
тооцоолсон бэ?

-Тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн үр дүн нь
тэтгэврийн даатгалын сангийн чадавхийг бэхжүүлэх, төсвийн санхүүжилтийг буу­руу­лах
ач холбогдолтой. Мөн тэтгэвэр авагчдын хувьд тэтгэврийг зохистой хэмжээгээр
олгох, тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэм­жээ нь ажил олгогч болон
даатгуулагчийн хувьд даахуйц байна. Түүнчлэн урт хугацаанд тогтвортой шимтгэл
төлөх боломжтой байх, тэтгэврийн даатгалын 
шимтгэл төлөх тэтгэвэр авах хугацааны зохистой баланс бүхий тэтгэврийн
нас­наас тэтгэврийн эрх үүсгэх зэрэг нөхцөл бүрдсэнээр хэмжигдэнэ. Улс орны
эдийн засгийн хөгжлийн дүнд бий болсон орлогоос тэтгэврийн нөөцийн санг бүрдүүлэх
замаар шилжилтийн үеийн болон ирээдүйн тэтгэврийн даатгалын сангийн зардлыг
санхүүжүүлэх боломжтой. Манай улсын хувьд эрдэс баялгийн салбарын орлогоос
тэтгэврийн нөөц сан байгуулах замаар тэтгэврийн даатгалын сангийн чадавхийг
дэмжсэн бодлого явуулах боломж бүрдэнэ гэдэг би эргэлзэхгүй байна.

-Тэтгэврийн даатгалын тогтолцоогоо шинэчилсэн улс орнуудын
туршлагыг хэрхэн авч үзэж байна вэ?

-Тэтгэврийн даатгалын тогтолцоогоо зохистой шийд­сэн, шинэчлэлээ
оновчтой зохион байгуулсан Чили, Мексик, Косово, Сингапур зэрэг орнуудын
туршлагыг сайнаар үнэлсэн нь элбэг тохиолддог. Тэдний амжилтын үндэс нь улс
орнуудынхаа эдийн засгийн хөгжлийн загварт тохирсон, хөдөлмөрийн зах зээлийн
нөөцөд тулгуурласан, тэтгэврийн даатгалын сан­гийн засаглалын оновчтой бүтэц
бүрдүүлсэн зэрэгт байдаг юм билээ. Бид чинь өмнөх нийгмээс улсын сан­хүүжилттэй
өндөр нас­ны тэтгэвэр, хөгжлийн бэрх­шээл­тэй болон тэжээгчээ алдсаны
тэтгэврүүд бүхий нийгмийн халамжийн тогтолцоог өвлөж авсан улсууд. 1995 оноос
шимтгэлд суурилсан тэтгэврийн даатгалын тогтол­цоонд шилжиж,  1999 оноос шимтгэл ба тэтгэврийн хэм­жээг
илүү зохистой уялдуулах зорилгоор 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдыг хам­руулах
нэрийн дансны тогтолцоог бий болгож, улмаар тэтгэв­рийн хуваарилалтын
тогтолцооноос бүрэн хуримт­лалын тогтолцоонд шилжих зорилт дэвшүүлсэн. Тухайн
үед дэвшүүлсэн тэт­гэв­рийн даатгалын шинэч­лэлийн зорилтууд хан­ган
биелэгдээгүй нь харамсалтай. Тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэч­лэлийн
зарим зорилтуудыг хэрэгжүүлэхэд манай өнөөгийн хууль эрх зүйн зохицуулалтын
хүрээнд шийдвэрлэх боломжгүй асуудлууд ч байгаа. Иймээс тэтгэврийн даатгалын
тогтолцоог боловсронгуй болгох асуудал нь өргөн цар хүрээтэй шинэчлэлийн үйл
явц юм.

-Хувийн тэтгэврийн даатгалын санг манайд бий болгох
шаардлагатай юу?

-Нийгмийн даатгалд даат­гуулагчдын өндөр орлоготой бүлэгт
зориулж тэтгэврийн даатгалын нэмэлт даатгалын төрөл бий болгох боломжтой.  Ингэж санхүүгийн зах зээлийн оролцоог хангах,
өмчийн олон хэлбэрийн байгууллагын менеж­ментийн ололтод тул­гуурлах,
өрсөлдөөний орчин бүрдүүлэх замаар тэтгэврийн даатгалын тогтолцоогоо өргө­жүү­лэх
нь манай иргэдэд тустай. Яагаад бид бүгдээрээ адилхан тэтгэвэр авах ёстой гэж.
Хуримтлал бий болгож, ирээдүйнхээ нийгмийн баталгааг хангах эрмэлзэлтэй хүмүүст
боломжийг нь олгох ёстой гэж бодож байна.

-Малчдын тэтгэврийн насыг наашлуулах шаардлагыг сөрөг хүчний
зүгээс тавиад байгаа. Харин Засгийн газрын зүгээс малчдын нэг жилийг 1.5 жилээр
тооцох тухай ярьж байсан. Аль нь бодит амьдралд нийцэх вэ. Танайх хэрэгжүүлэгч
агентлагийн хувьд илүү сайн хэлэх байх?

-Тэтгэврийн даатгалын санг чадавихжуулахад нийг­мийн даатгалд
хамрагдаж, шимтгэл төлөгчдийн тоог олшруулах нь ач холбог­долтой. Харамсалтай
нь манай албан бус секторт ажиллагсад, малчид нийгмийн даатгалд хамрагдах хүсэл
сонирхол муутай байдаг. Тухайлбал, манай малчдын найман хувь орчим нь нийгмийн
даатгалд даатгуулсан байдаг. Мөрдөж буй хууль тогтоомжоор олон жил шимтгэл төлж
ажилласан даатгуулагч сайн тэтгэвэр авах хамаарал бүхий хуультай. Цөөн жил
ажиллаж, бага шимтгэл төл­сөн даатгуулагчид бага л тэтгэвэр оногдоно. Малчдад
өтөл насанд нь боломжийн тэтгэвэр олгоё гэвэл идэр залуугаас нь удаан хугацаанд
тогтвортой шимтгэл төлүү­лэхийг дэмжсэн бодлого хэрэг­тэй.  Магадгүй, малчдыг эрт тэтгэвэрт гаргахаас
илүү тэднийг тэтгэврийн даатгалд хамрагдах сонирхлыг төрөөс татаасаар
урамшуулан дэм­жих тогтолцоог бүрдүүлэх нь чухал ч байж болох юм. Монголчууд
өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги дээр гэж хэлэлцдэг дээ.

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Амгаа: Аварга болох ганц шаансаа Мөнгөн арсланд зальдуулаад алдчихаж билээ

Зүүн гар талаас Д.Амгаа заан, Дархан аварга Х.Баянмөнх, улсын гарьд Д.Баяраа нар. 1982 он

Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, Монгол
Улсын заан Дэндэвийн Амгаатай ярилцлаа. Тэрээр улсын баяр наадамд есөн удаа шөвгөрч
байсан хүчтэнүүдийн нэг юм. Ингээд түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.

-Та наадмын ногоон дэвжээнээс зодог тайлаад нэлээд
удаж. Одоо юу хийж байна даа?

-Айлууд унагаа бариад эхлэхээр миний айраг эсгэх
ажил эхэлнэ шүү дээ. Зун болохоор морь уяна. Амьдрал гэдэг баян юм хойно хийх ажил
ч мундахгүй шүү дээ. Ер нь би их хөдөлмөрч юм болов уу гэж боддог. Барилдахаа болиод
хөгширчихлөө гээд гэрт зүгээр суугаад байхыг хүсдэггүй юм.

-Анх барилдаж байсан үеэ дурсахгүй юу. Та чинь
улсын наадамд хоёр дахь удаагаа зодоглоод л начин цол хүртсэн гэсэн байх аа?

-1974 онд анх улсын наадамд зодоглож байлаа. Зурагт,
радиогоор л нэрийг нь сонсож, хаа нэг барилдааныг нь харж байснаас биш Улаанбаатарын
бөхчүүдийг огт танихгүй.  Тэгсэн гурав давчихдаг
юм. Гэтэл дөрвийн  даваанд Эрдэнэ-Очир гуйтай
барилдаад өвдөг шороодож билээ. Тэр үед Эрдэнэ-Очир гуай заан цолтой байсан юм.
Тухайн үед цолны төлөө юун махрах, гол нь улсын наадамд томчуудтай хамт нэг дэвжээнд  зодоглож байгаа нь миний хувьд бөөн аз жаргал
байсан юм даг. Харин дараа жил нь дахин зодоглоод улсын начин хэмээх эрхэм цолыг
хүртэж байлаа. Аймгийн арслан Амгаланг гурвын даваанд өвдөг шороодуулаад, дөрвийн
да­ваанд Увс аймгийн начин Соломыг давж, Мижиддорж арслангаар тав даваад начин болж
байсан.

-Хэдэн настай байсан юм бэ. Сэтгэл хэр хөдөлж
байв?

-Баярлалгүй яахав. Улсын цолыг хүссэн хүн болгон
авахгүй шүү дээ. Тэр үед би 22 настай, сумандаа жолооч хийдэг байлаа. Одоогийнх
шиг улсын цол хүртлээ гээд нутаг, усныхан нь жийп машин, байр сав ямар өгөх биш.
Орой гэртээ харихад л эгч маань баяр хүргэж духан дээр минь үнсч байсан. Аймаг,
сумаас баяр хүргэж, сүйд болж байгаагүй. Уг нь бол аймагт тэр болгон улсын цолтой
бөх байдаггүй. Аймгийн хэмжээнд ганц, хоёр начинтай үе байлаа. Харин хамаатны нэг
хүн “Бөх хүний гутал амархан мууддаг” гээд монгол гутал авч өгч цолыг минь мялаасан
нь миний хувьд том хүндэтгэл байсан санагддаг.

-Та улсын заан цолыг улсын аварга шалгаруулах
тэмцээнээс хүртсэн гэдэг билүү? 

-Тийм. Улсын заан цолыг 1981 оны улсын аваргаар
авсан. Үүнийг улсын наадамд шөвгөрсөнд тооцож чимэг өгдөг байхгүй юу. Харин
1983 онд улсын баяр наадмын шөвгийн дөрөвт үлдэж Ишгэн заанаар заан цолоо баталж
байлаа. Намайг улсын наадамд есөн удаа шөвгөрсөн гэж хүмүүс ярьдаг. Уг нь би арван
удаа шөвгөрч байсан бөх. Одоо ч надад улсын наадамд шөвгөрсөн гэх арван чимэг бий.

-Таныг ид барилдаж байх үед ямар бөхчүүд их сайн
байв?

-За даа луу, туулай жилтнүүд бидний үед ид мандаж
байлаа. Яагаад ч юм луу, туулай жилд их сайхан бөхчүүд төрсөн байдаг. Ямар учир
жанцантай юм өнөөг хүртэл хэн ч тааж мэдээгүй л байна. Бат-Эрдэнэ аваргын үе байна.
Цэрэнтогтох, Хадбаатар аваргууд туулайтай. Бас Ишгэн заан туулай жилтэй. Харин Гочоосүрэн,
хар Цэрэндаш, би гээд нэг үеийн туулай, луутай бөхчүүд олон бий. Мөнгөн арслан бас
үе тэнгийнх. 

-Мөнгөн арслантай мөн ч олон удаа таарч барилдсан
гэдэг. Хэн нь их өвдөг шорооддог байв?

-Сум, аймгийн ойн барилдаанууд гээд Мөнгөнтэй
хамгийн олон  удаа таарч барилдаж байсан нас
чацуу бөхчүүд. Бэлтгэлээ хүртэл хамт хийнэ. 1982 онд дөрөвт үлдэхдээ би Мөнгөнд
унаж байсан. Урд жил нь үзүүрлэсэн байсан юм Мөнгөн. Туршлагатай хүн хамаагүй илүү
байдаг юм билээ. Гэхдээ Мөнгөнд айхтар хууртаж цолоо ахиулах боломжоо алдсан. Уг
нь тэр жил надад аз тохиож болох цорын ганц боломж байж гэж би боддог юм.

-Юу болсон юм бэ?

-Бид хоёрын барилдаан нэлээд удааширч барьц сонгохоор
боллоо. Тэр үед барьц сонгуулахдаа тойруулж барьдаггүй баруун, зүүн л золгодог байсан
юм. За тэгээд миний талаар барьц авахаар болж би солгой шуудагдаж татаад мэхээ хийх
гэтэл Мөнгөн барьцаа тавьчихдаг байгаа. Тэгэхээр нь би ч гэсэн ямар хүн барьцаа
тавьж байхад дайралтай биш адилхан тавьчихсан. Угтаа бол надаас өөр хүн шууд барьцаа
гүйцээх байсан. Харин би болохоор мэхээ гүйцээх гэхээр хүний мөсгүй, эр хүний жудаггүй
зан гаргачих юм шиг санагдаад хүлцэнгүй тавьчихсан хэрэг. Гэтэл манай засуул Булганы
Пүрэвсүрэн гуай намайг загнаад шууд мэхээ гүйцээхгүй, хаях боломж алдлаа гэж айхтар
зэмлэж билээ. Барьцаа тавьчихаад дахиад золгохдоо би гэдэг хүн өнөөх мэхээ дахиж
хийгээд контор мэхэнд уначихгүй яахав. Сүүлд нь уулзалдаад ярихгүй юу. Чи яагаад
барьцаа тавьчихсан юм гэтэл “Намайг барьц тавьчихад араас арай хаячих хүн биш гэдгийг
би мэднэ. Би чамайг ямар мэх бэлдэж вэ гэдгийг зориуд тэгж шалгасан юм. Хэрвээ Амгаагаас
өөр хүн байсан бол намайг хаях байсан” гээд мушилзаад мөрөн дээр зөөлхөн алгадчихаад
“Эр хүний замын хүзүү урт хойно дараа болох байлгүй дээ. Чамд баярласан шүү” гэж
билээ. 

-Тэгээд тэр жилийн наадамд хэн түрүүлсэн бэ?

-Уг нь тэр жил Баянмөнх аварга түрүүлсэн юм. Хэрвээ
би Мөнгөнийг хаячихсан бол аваргыг давж түрүүлэх боломж надад байсан гэж боддог.
Баянмөнх аварга бид хоёр нэг сургуульд өдөр бүр бэлтгэл хийдэг бөхчүүд. Байнга бэлтгэл
хийдэг учраас аваргын барилдааныг нь мэднэ. Заримдаа бэлтгэлийн үеэр давна. Тиймээс
удаан ноцолдох юм бол би аваргыг өвдөг шороодуулчих боломжтой байсан гэж бодоод
байгаа. Тэгээд ч тухайн үед Баянаа мөрөндөө гэмтэлтэй байсан юм билээ. Хашир хүн
тэрийгээ мэдэгдэхгүй байхгүй юу. Ядаж л барилдаад дийлдэггүй юм аа гэхэд Баянаа
аваргаа би нэг түрүүлчихмээр байна гээд гуйхгүй юу.

-Та шөвгийн дөрөвт олон удаа үлдсэн, аварга болоход
ойрхон байсан хэрнээ цолоо ахиулж амжилгүй зодог тайлсан. Барилдаад үнэхээр дийлэхгүй
байсан юм уу?

-Үзүүр, түрүүнд үлдэж байж л заан цолоо ахиулна
шүү дээ. Баянмөнх, Мөнхбат, Цэрэнтогтох, Хадбаатар, Мөнгөн гээд дөрөв таван хүчтэнүүдтэй
барилдаж дээшээ гарна гэдэг үнэхээр амаргүй юм билээ. Миний үед одоогийнх шиг ямар
цолны найраа гэж мэдэх биш. Жинхэнэ бяр чадлаараа л барилдаж байлаа.

-Одоо чинь бөхчүүд хүчний бэлтгэлд их анхаардаг
болж. Таны үед бөхчүүд бэлтгэлээ хэрхэн хангадаг байв?

-Улсын начин байхдаа хөдөө сумынхаа начингууд
болох Цэвээндорж, Сандуйдорж нартай сав л хийвэл ноцолддог байсан. Харин улсын наадмын
бэлтгэлийг улсын наадмаар Баянмөнх, Сосорбарам аваргатай хийнэ. Хүчний бэлтгэл хийдэггүй
гүйдэг байсан. Штанг өргөвөл уян хатан байдалгүй, булчин задарчихна, амархан цуцна
гээд багш нар ч хийлгэдэггүй байсан. Одоо харин энэ бөхчүүд төмөр өргөж, бүгд л
зуу хол давчихсан жинтэй, хүчний дасгал их хийдэг болжээ.  Миний үед чинь жин багатай байдаг байсан. Би гэхэд
л 179 өндөртэй, жин арай гэж 100 кг хүрдэг байлаа. Хамгийн масс ихтэй нь л Хадаа
аварга 140 орчим килограмм, Баянмөнх аварга ахилаа гэхэд л 105 кг жинтэй байлаа.
Цэрэнтогтох аварга ид сайн барилдаж байх үедээ ч 90 кг байсан шүү дээ.

-Таныг залуудаа их чацдаж барилддаг байсан гэж
ярих юм. Ер нь ямар мэхийг их гаргууд хийдэг байсан бэ?

-Бярдаж барилдана. Солгой хөлдөнө. Зурагтаар Баянмөнх
аваргын барилдахыг харчихаад баруун мушгидаг мэхийг нь бэлтгэл дээрээ туршиж байгаад
сурсан юм. Сүүлдээ овоо гаршаад бараг өөрийн дархан мэхээ болгосон байх шүү.

-Өөрийг тань ХААИС-ийн бөх гэдэг байсан үе саяхан.
Анх тус сургуульд жолоочоор орж байсан гэж сонссон юм байна. Энэ тухайгаа дурсахгүй
юу?

-Миний амьдралын ихэнх хугацаа Хөдөө аж ахуйн
их сургуультай салшгүй холбоотой. 1976 онд анх тус сургуульд жолоочоор ажилд ороод
гурван сар орчим тэрэг барьсан. Тэгээд сургуулийнхаа шигшээ багт орж, сургуульд
нь сурч, сургуулийнхаа нэрэн дээр барилддаг болсон юм. Харин сүүлд багшиллаа. Бараг
18 жил ХААИС-ийн бөх гэгдсэн байдаг.

-Тухайн үед сайн барилддаг бөх болгон танай сургуульд
байсан гэж ярьдаг юм билээ?

-Тэгэлгүй яахав. Ард түмний хайртай Хайдав арслан,
Мөнгөн арслан, Дүвчин гээд олон сайхан бөхчүүд байна. Зөндөө нэг үеийн бөхчүүд бий.
Бүр манай сургуулийн удирдлагуудыг бөхчүүдийг дандаа авдаг гээд шүүмжилж байсан
удаатай. Би чинь ХААИС-ийн Эдийн засгийн тэнхимийг төгссөн. Бас биеийн тамирын тэнхимд
багшилдаг байлаа. 1983 онд Багшийн дээдийн эчнээ аваад 1987 онд төгсч байсан. Учир
нь сургуулийнхаа бие тамирын тэнхимд багшлахад сургуулийг нь төгссөн байх шаардлагатай
байсан хэрэг л дээ.

-Та зөвхөн үндэсний бөх гэлтгүй самбо, жудогоор
олон амжилт үзүүлсэн байх аа?

-1975 онд анх хотод ирээд л 1976 онд самбо бөхийн
шигшээ багийн тамирчин болсон. 1983 он хүртэл гэсэн үг. Самбо бөхөөр зургаа, жүдо
бөхөөр дөрвөн удаа улсын аварга болж байсан. Мөн жудо бөхөөр олимпод оролцож, самбо
бөхөөр дэлхийн аваргад орж байлаа. Олимпийн хорооны Дамдин, Цэнд-Аюуш гуай, Ганболд
заан гээд бид хэд шигшээ багт хамт барилддаг байсан.

-Таныг айраг, барилгын бизнес хийдэг яггүй хөдөлгөөнтэй
бөх гэж нутгийнхан тань ярьдаг. Яагаад заавал энэ бизнес рүү орсон юм бэ?

-Булган айргаараа ал­дар­тай аймаг. Тиймээс жилийн
дөрвөн улирал айраг эсгэж, малчдад төдийгүй хотынхонд эрүүл амьдрахад нь бага ч
гэсэн туслах юмсан гэсэн үүднээс айраг зардаг болсон. Малчдаас гүүний саамыг нь
худалдаж аваад айраг эсгэдэг. Нэг талаараа хөдөөнийхөнд эдийн засгийн дэмжлэг юм.
Нөгөө талаараа айраг эрүүл мэндэд тустай учраас хотынхны гэдэс доторт хэрэгтэй шүү
дээ. Ядаж л цагаан сараар айраг уугаад архи бага хэрэглэх жишээтэй. Харин барилгын
хувьд би хотод 60-70 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Тэрнээс хойш газар
авахаас эхлээд хүндрэл их гарч барахаа байсан болохоор больсон.

-Айраг гэснээс та морь уядаг гэсэн. Багадаа морь
их унадаг байв уу?

-Уг нь би Төв аймгийн Заамарын Цагаан чулуут гэдэг
газар төрсөн юм. Манайх Булганаас отроор ирсэн байсан үе гэсэн. Эргээд нутаг буцаж
Буурал хан уулынхаа хойд, энгэр бэлээр миний бага өнгөрсөн. Аав, ээждээ тусалж өссөн
дөө. Таван настайгаасаа хурдны морь унасан боловч нэг их удалгүй моринд томдоод
намайг морь унуулахаа байчихсан.Хятадын хутаг гэдэг газар болсон сунгаан дээр “Цагаан”
Цэдэндоржийн хурдан морийг унасан юм. Замдаа хоёр ч удаа мориноосоо уначихгүй юу.
Тэгсэн аав мэдээд хэд унасан гэхэд  нь нэг
унасан, хоёр дахьд нь би өөрөө мориноосоо буусан юм гэж хэлж билээ. Дахиад морь
унуулахаа больчихно гэж бодож нуусан хэрэг. Тэр хавартаа  “Гонир” гээд бууцанд өвлийн нэг том уралдаанд
аавын хуурай ах болох Гомбо-Очирын “ногоон” морийг унаж уралдаад түрүүлж билээ.
Түрүү магнайд ирсэнд аав, ээж их л баярлаж байсныг хүүхэд байсан болохоор бүүр түүрхэн
санадаг юм. Тэрнээс хойш морь унаагүй, томдчихсон.

-Тэгээд л ноцолдож эхлэв үү?

-Тэгэлгүй яахав. 13 настай байхдаа Дэлийн үзүүр
гэдэг газар манайхан сунгаа хийдэг байсан юм. Тэгтэл хэдэн хүүхдүүд барилдууллаа.
Би тэр барилдаанд нь түрүүлчихсэн. Улсын аварга малчин Цэнд гээд хүн тэр үед надад
“Хүүдээ Дамар хадны начин гэж цол өгье” гээд өхөөрдөж байсан. Хүүхэд байхад өгсөн
тэр өвгөний цол хожмоо биелсэнд их бэлгэшээдэг шүү.

-Японы мэргэжлийн сумод чамгүй амжилттай барилдаж
байгаа Сейро Өнөболд таны хүү гэдгийг хүмүүс мэдэх байх. Өөр барилддаг хүн байна
уу?

-Отгон хүү Өнөболд маань л барилдаж байна. Удахгүй
юм дуулгах байх гэж найдаж байгаа. Том охин Ширмэнтуяа Монгол Улсын гавьяат жүжигчин
цолоор энгэрээ мялаасан. Гэр бүлд гавьяат хүн байна гэдэг бас сайхан санагддаг юм
байна. Ээжийгээ дуурайчихаад их сайхан дуулна. Бид хоёрын авьяасыг энэ хоёр минь
л залгамжлуулах бололтой.Бусад хүүхдүүд хувийн бизнес гээд өөр өөр ажил хийж байх
шиг байна. 

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Увс хүн монгол хүн мөн үү?

“Увс хүн хөгжлийн хөтөч загвар” гэсэн ном гарчээ. Энэ юун тухай ном
вэ гэвэл увс гэдэг хэсэг бүлэг хүмүүс сайн сайхан амьдрах тухай л өгүүлсэн бүтээл
аж. Энэхүү номыг Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны арванхоёрдугаар
сарын 25-ны өдрийн хуралдааны тогтоолоор баталсан байна. Хөтөлбөр батлах тухай гэх
тогтоолыг нь дурдъя л даа. “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний
удирдлагын тухай хуулийн арванесдүгээр зүйлийн 19.1 дэх заалтыг үндэслэн тогтоох
нь:

1.Увс хүн хөгжлийн хөтөч загвар хөтөлбөрийг баталсугай

2.Хөтөлбөрийг хэрэг­жүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, шаардагдах
хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилтонд
тусгаж, сурталчлах ажлыг аймгийн Засаг дарга (Э.Цасчихэр)-д даалгасугай” гэсэн албан
тоотын хавсралт номын эхэнд байна. Увс хүн хөгжлийн хөтөч загварыг боловсруулах
эрдэмтдийн багт гавьяат багш, доктор Ц.Дэмбэрэл, түүхийн ухааны доктор На.Сүхбаатар,
академич Ч.Авдай, дархан аварга Х.Баянмөнх, хүн судлаач доктор Ж.Батсуурь, философич
доктор Б.Батчулуун гээд багагүй олон хүний нэрс байна лээ. “Увс нутгийн хөгжлийн
хэмжүүр нь Увс хүний хөгжил мөн” хэмээн уг номын тэргүүн бүлэг эхэлж байна. Тэгээд
дараа нь “Увс хүний өмнө тулгарч буй сорилтууд” хэмээн үргэлжлэх аж. “Увс нутагт
дэлхийг хамарсан өөрчлөлт-шилжилтийн зарим нь нутагшиж эхэлсэн бөгөөд мөд бараг
хүчтэй түрэн ирж, Увс хүний одоогийн ахуй амьдралын байдалд хүчтэй нөлөөлөх нь тодорхой
болов. Цаг хугацаа, хүмүүс, нөөцүүд болон төслүүдийг удирдах цоо шинэ хэрэгцээ гарчээ.
Энэ бүгдийг Увс хүн мэдэрч байна. Увс хүн эрин цагийнхаа шинэ нөхцөл байдлыг мэдрэх
төдийгүй түүнд дасан зохицох, түүнд оролцох, улмаар түүнийг өөрийнхөө эрх ашигт
нийцүүлэн ашиглах ёстой болов. Энэ нь увс хүнд тулгарч буй суурь шинжтэй даяар сорилт
бөлгөө” гэжээ. Эл бүгдийг нэг бүрчлэн тогтоож уншихад увс гэдэг тусдаа омог бий
болсон шиг харагдаж байна. Түүнийг нь “Увс хүн, Увс аймаг даяаршсан Монгол Улсад
дангааршин цойлох боломжийг алдах ёсгүй” гэх тодорхойлолт бүр ч батлаад өгөх шиг.

Физик, математикийн шинж­лэх ухааны доктор, профессор К.Цоохүү гэж
хүн “Увс хүн үзэмжит байгаль, эрдэс баялаг, мал аж ахуй­гаараа төдийгүй хамгийн
гол нь хүнээрээ бахархах ёстой. Яагаад Завхан хүн, Ховд хүн, Алтай хүн гэхгүй Увс
хүн гэдэг нэр томъёо Монголд үүссэн юм бэ. Энэ нэрийг бид өөрсөддөө өгөөгүй билээ.
Увс хүний дөжгөө чанарыг бид давуу талынхаа нэг гэж ойлгох нь зүйтэй. Дөжгөө гэдэг
нь зүгээр нэг хөөрсөн сэтгэлийн хөдөлгөөн биш генд нь байгаа зохион байгуулалттай
чанар, бусдын өмнө хүлээх өндөр хариуцлага гэж ойлгох нь зүйтэй” хэмээн увс хүний
мөн чанарыг тодорхойлжээ.

Одоо увс хүн хөгжлийн хөтөч загварын алсын хараа гэдгийг нь тольдъё.
“Эрүүл биетэй, саруул ухаантай, бүтээлч сэтгэлгээтэй оюунлаг увс хүн” хэмээн тодорхойлоод
оюунлаг увс хүн бие эрүүл, ухаан саруул байж бүтээлч сэтгэлгээгээр жигүүрлэн өргөн
уудам нутагтаа түүх соёлоо эрхэмлэн хүндэлж, үндэсний бахархалтай, өндөр боловсролтой,
өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлдээ хүрч зол жаргалтай амьдран суух тухай хэлжээ.
“Өргөн уудам нутаг” гэж дэлхийг хэлээд байна уу, Монголыг хэлээд байна уу гэдгийг
нь сайн ойлгосонгүй.  

Цаашлаад “Увс хүн өөрөө­сөө урган өндийнө. Увс хүн өөртөө дүйж хөгжих
ёстой. Өөрөөсөө урган өндийх, өөр­төө дүйж хөгжих нь өөрөө бүрэн биеэ даана, өөрөө
өөрий­гөө болгоно гэсэн явцуу санаа биш юм. Увс нутгийнхаа гадна дотно талыг шүтэн
барилдуулж, өөрийн өнгө төрхөө хадгалан хөгжинө гэсэн үг. Монгол Улсын бусад аймаг
хотоос эдийн засаг соёлын аль талаараа дутуугүй, харин ч хүний амьдралын зарим нөхцөлөөрөө
давуутай, өөрийн гэсэн нүүр царай бүхий Увс аймаг болоход увсчууд бидний эрхэм зорилго
оршино” гэжээ. Увс хүн л сайн сайхан амьдрах ёстой, бүхнийг удирдан чиглүүлнэ гээд
байх юм. Бусад нь тэгэхээр яаж болж байна аа гэх асуулт сөхөгдөх нь мэдээж. “Увс
хүн хүний сайн чанаруудыг өөртөө цогцлоож чадах бөгөөд түүнийг “Увс хүний чанар”
гэнэ. Увс хүний үйлдвэрлэл үйлчилгээний бүхий л төрөлд “Увс чанар” хэмээх бүтээгдэхүүн
үйлчил­гээний шилдэг чанарыг буй болгохыг хичээнэ” гэсэн байх юм.

Харин “Увс хүний хөгжилд саад болж буй хүчин зүйлс” гээд бас хэд
хэдэн зүйлс дурдсаны хамгийн түрүүнд “Увс аймаг нийслэл Улаанбаатараас 1417 километр
алслагдсан” гэсэн нь эрхгүй анхаарал татав. Монгол Улсын нийслэл Улаанбаатараас
алслагдлаа гээд байх юм. Тэгээд түүнийгээ “Увс хүний хөгжилд саад боллоо” гээд байх.
Өөр юунд ойр байх гэж ийн өгүүлснийг нь бас л ойлгосонгүй ээ.  

Бахархам түүхтэй, баатар­лаг өвөг дээдэстэй увс гээд уг бүтээл үргэлжилж
байна. Монголын нууц товчооноос улбаалаад өгүүлсэн Увсын гэх омог аймаг хэсэг бүлэг
хүмүүсийн түүх Монгол Улсын маань түүх байдаг байгаа. Монголчуудын ман­дан бадарч
явсан үеийн үүх түүхийг бичиглэснийг хараад гайхашрав.  Өнөө тусдаа 
хүмүүсийн чинь түүх  Монголын түүх
байсан нь гайхаш төрүүлсэн хэрэг л дээ.

“Увс хүн баатарлаг өвөг дээдэстэй” гэх хэсэгт “Өндөр гэгээн Занабазарын
нагац өвөг, Ойрадын газар нутгийг Ижил мөрөн хүртэл тэлсэн, Дөрвөдийн Далай тайш,
Тод үсгийг зохиож, Ойрадын утга соёлыг жигдрүүлэгч Монгол-Ойрадын шарын шашны их
багш, Хутагтын гэгээн Зая бандида Намхайжамц” гээд бас л Монголын хувь заяатай хүмүүсийн
намтар түүх бичигдсэн байх юм. 

 “Увс хүний хөгжлийн индекц”,
“Увс хүний жендерийн эрх мэдлийн хэмжүүр”, “Увс хүний аюулгүй байдал” гээд уг номд
нэгд нэгэнгүй бичжээ. Увс хүн л хөгжлөөрөө онцгойрч, баяжиж, аюулгүй сайхан амьдраад
бусад нь тэдэнд туслаж, дэмжих үүргийг гүйцэтгэж байхаар л зүйл ойлгогдоод байгаа.
Ингэхэд “Увс хүн” гэх яриа хэзээнээс гарсан бэ гэхээр 2011 оны наадам санаанд бууж
байна. Мөнхбат гэж залуу түрүүлсэн. Увсын харьяат бөх юм билээ. Тэр залууг түрүүлэхэд
“Увс нуур” гэдэг дууг төв цэнгэлдэхэд Увсын хэдэн бөхчүүд дуулсан. Юмны наад цаад
нарийн ширийн учир мэдэхгүй, хэлсэн үг хийсэн үйлдэлдээ бараг л хариуцлага хүлээдэггүй,
ард түмнээ зүгээр л зугаацуулах үүрэгтэй бөх тэх гэх бүдүүн хадуун нөхдүүдээс л
“Увс хүн” гэх яриа тэгж гарсан юм. Уг наадмын дараа “Өдрийн сонин” “Увс хүн монгол
хүн мөн үү” гэж Монгол Улсаас асууж байсан. Гэвч нэг ч хүн монголчуудад уг асуултын
хариуг өгөөгүй. Үндсэндээ “Увс хүн бол монгол хүн биш” эсвэл “мөн” гэж хариулаагүй
гэсэн үг л дээ. “Өдрийн сонин” одоо дахиад асууж байна. “Увс хүн монгол хүн мөн
үү” гэж.  Тухайн үед хэдэн бөх тэх гэх нөхдийн
л яриа юм байна, эсвэл бөхчүүдийг хэлээд байна уу гээд “Увс хүн” гэх ойлголтод нэг
их ач холбогдол өгөөгүй өнгөрсөн юм.

Тэгтэл “Увс хүн хөгжлийн хөтөч загвар” ном гараад дээрх асуултыг
дахин асуухад хүргэж байна. Аймгийн иргэдийн хурал гэдэг төрийн институц билээ.
Тэгвэл аймгийн иргэдийн хурлаараа баталсан энэ ном чухам юуг өгүүлнэ вэ, юу гэж
хэлээд байна вэ. Юмны учир мэдэх, аливаад ултай суурьтай, наанатай цаанатай ханддаг  хүмүүст уг бүтээл, увс хүн гэх томъёолол нэг л
ойлгомжгүй байгаад байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын хууль тэргүүтэнд “Монгол
хүн л Монголын төрийг удирдана. Монгол Улсын иргэн УИХ, Засгийн газрын гишүүн, УИХ-ын
дарга, Ерөнхий сайд, Ерөн­хийлөгч байна” гэж зүйл­чилсэн байдаг даа. Энэ хууль одоо
ч Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.  

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Н.Батаа: НОСК байгуулах зохион байгуулалтын ажил энэ сардаа багтах байх

Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан
орлогч Н.Батаатай ярилцлаа.

  -Нийслэлийн орон сууцны корпораци байгуулах тухай яригдаж
байна. Энэ талаар тодруулах гэсэн юм?

-Засаг
даргын хөрөнгө оруулалт, хот байгуулалт эрхэлсэн орлогч С.Очирбат дарга болон бусад
холбогдох хүмүүсийн хамт Сингапур, БНСУ руу явж туршлага судлаад ирлээ. Тэнд орон
сууцны корпорацийг яаж зохион байгуулсныг харлаа. Яагаад ингэж судлах шаардлага
гарав гэдэг тухай эхлээд ярих нь зөв байх. Улаанбаатар хотод орон сууцны корпораци
байгуулах шаардлага гарчихаад байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаагаа
явуулах ТОСК байгуулагдсан. Энэ бол маш том байгууллага. Яагаад гэвэл жилдээ арван
мянга гаруй орон сууц барих хүчин чадалтай. Ингээд тооцвол ойрын долоо, найман жилийн
хугацаанд 75 мянган орон сууц барина гэсэн үг. Энэ нь өнөөгийн хэрэгцээг бүрэн хангаж
чадахгүй. Тиймээс орон сууц барих ажлыг нэмэгдүүлж, эрчимжүүлэх шаардлага бий. Үүний
тулд бүх төрлийн санхүүгийн эх үүсвэрийг ашиглах хэрэгтэй. Нөгөө талаар хуучин орон
сууцыг шинэчлэх ажлыг зохион байгуулна. Мөн нийслэлийн орон сууцнуудыг дулаалах
ажлыг хийх хэрэгцээ байна. Инженерийн шугамуудыг шинэчлэх ажил ч тулгамдсан асуудал
болчихлоо. Гэвч энэ бүхнийг зохион байгуулах бүтэц үнэндээ манай нийслэлд алга.  Тийм учраас нийслэл хот маань өөрөө орон сууцны
корпорацитай байх шаардлага бий болсон юм.

-Сингапур, БНСУ-д орон сууцны корпораци байгуулсан туршлага
ямар байна вэ?

-Сингапурт
тусгай хууль гаргаад иргэдээсээ авах татвараа нэг мөр тогтоочихсон байдаг юм байна.
Иргэд өөрсдөө 16 хувийн татвар төлдөг бол ажил олгогч нь 20 хувийн татвар төлдөг
юм байна. Ингэж улсад төлж байгаа мөнгөнийхөө 3.4 хувийг орон сууцанд зарцуулдаг
юм билээ. Өнөөдрийг хүртэл 21 миллиард ам.долларыг орон сууц байгуулах ажилдаа зарцуулсан
байгаа юм. Тэнд орон сууцны  80 хувийг улс
нь өөрөө барьж байна. Солонгост очиж, Сөүл хотын нэгдүгээр орлогч даргатай уулзлаа.
Тэдний орон сууц барьдаг туршлага маш сонирхолтой санагдсан. Авч хэрэглэхэд дөхөм
юм билээ. Солонгост яг манай ТОСК-тай адил байгууллага байна. Энэ байгууллагын нийслэл
хотод явуулдаг үйл ажиллагаа нь арай бага. Сөүлээс бусад хот, тосгодод орон сууц
барих чиглэл барьдаг юм байна. Харин Сөүл хот өөрөө орон сууцны корпораци гэдэг
байгууллагатай юм билээ. 

 

-Манайх хэзээ энэ корпорацийг байгуулах гэж байна вэ?

-Нийслэл
хот маань орон сууцны корпораци байгуулж таарна. Гадаад улс орны сайн туршлагуудыг
авч хэрэгжүүлнэ. Төслийг хэрэгжүүлэхийн тулд орон сууцны сан байгуулна. Энэ сангаа
байгуулаад 15 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Энэ санг арвижуулж болох санхүүгийн
ямар эх үүсвэр байна, тэр бүгдийг судалж байна.

-Жишээлбэл?

-Улсын
төсвөөс тодорхой хэмжээгээр мөнгө авах шаардлага гарах байх. Хот өөрийнхөө төсвөөс
ч хуваарилах боломжтой. Улаанбаатар хот үнэт цаас гаргавал олсон орлогоо энэ сандаа
төвлөрүүлж болно. Лоттерей буюу сугалаа гаргах боломж бий. Гэх мэтчилэнгээр хөрөнгө
босгож сангаа арвижуулах төлөвлөгөөнүүд бий.

-НОСК байгуулсан тохиолдолд иргэд ямар журмаар орон сууцтай
болох боломжтой юм бэ. Хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа мэдээллээс харвал их л
боломжтой зүйлүүд сонсогдоод байсан…

-Хотын
даргын жишээ болгож хэлсэн тоонууд хэвлэлээр яваад байгаа л даа. Сар бүр 180 юм
уу 200 мянган төгрөг тушаавал тийм байр авах боломжтой гэх мэтээр мэдээлээд байгаа.
Гэхдээ энэ бол мэдээж тогтчихсон тоо биш. Зүгээр жишээ болгон ярьж байгаа гэдгийг
ойлгох хэрэгтэй.  Ер нь бол залуу гэр бүлүүд
орон сууц зээлээр авъя гэтэл урьдчилгааны 30 хувийг бүрдүүлж өгнө гэдэг тун хүндрэлтэй.
Тэгвэл НОСК байгуулагдсаны дараа нийслэлийн орон сууцны санд залуу гэр бүлүүд сар
болгон хэдэн ч төгрөг төлөөд байж болно гэсэн санаа явж байгаа юм. Хэдэн төгрөг
хийх боломж байна, түүнийгээ л өгөөд бай. 50 мянга, 100 мянга, 200 мянга, 500 мянга
бүр нэг, хоёр саяар нь ч төлсөн болно. Олдсон мөнгөө л орон сууцны санд хийгээд
байрныхаа 30 хувийг урьдчилгаагаа бүрдүүлсэн тохиолдолд гэрээгээ хийж, байрандаа
орж болно гэсэн үг.

-Заавал таван жилийн туршид тогтмол мөнгө төлнө гэхгүй юм
уу?

-Тийм
зүйл байхгүй. Таны байрны 30 хувийн урьдчилгаа хэзээ бүрдэнэ тэр цагтаа гэрээгээ
хийгээд байрандаа орж болно гэсэн үг. Жишээлбэл, 100 сая төгрөгийн байр авна гэж
тооцоолоод урьдчилгаа 30 хувиа төлөөд байя гэж бодъё. Сард хэд хэдээр нь ч хийж
болно. Магадгүй жилийн дараа ч урьдчилгааныхаа 30 хувийг төлчихөж болно шүү дээ.
Тэгвэл тэр үедээ гэрээгээ хийгээд, моргейжийн зээлдээ хамрагдаад байрандаа орно
гэсэн үг. Магадгүй мөнгөө бага багаар нь хийвэл дөрөв, таван жил ч болж болно.  Ямар ч байсан байрныхаа урьдчилгаа 30 хувийг заавал
тэдэн хоногт багтааж төл гэсэн шаардлага байхгүй л гэсэн үг. Заавал сар болгон мөнгө
төлнө ч гэх шаардлагагүй. Мөнгө олдсон даруйдаа орон сууцны санд тушаагаад байсан
ч болно. Урьдчилгаа 30 хувиа шууд бэлэн мөнгөөр нь төлөх боломж бий гэж хараад байгаа
л даа. Тэр  тохиолдолд анхнаасаа сар бүр мөнгө
төлөөд явж байсан хүмүүс тэднээс давуу эрх эдэлнэ. Энэ аргыг Сөүл хот хэрэглэдэг
юм билээ.

Тиймээс
илүү тохиромжтой санагдсан. Хотоо орон сууцжуулахын тулд иргэдийн оролцоог ийм байдлаар
нэмэгдүүлэхээр бид зорьж байна. Улаанбаатар хотын захирагчийн хувьд 6-8 жилийн дотор
Улаанбаатар хотыг бүрэн орон сууцжуулах зорилт тавьчихсан байгаа. Энэ зорилтоо биелүүлэхийн
төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

-Иргэдийн санд хуримтлуулж байгаа мөнгөөр орон сууц нь баригдаж
л байна гэсэн үг үү?

-Та
орон сууцны санд 100 мянган төгрөг хийчихлээ гэхэд тэр мөнгөөр таны амьдрах орон
сууцны нэг булан босч байна л гэсэн үг.

-НОСК-ийн орон сууцнаас авах залуу гэр бүлд ямар шаардлага
тавигдах бол?

-Сингапур,
БНСУ-д тавигддаг хамгийн том шалгуур нь ердөө албан ёсны гэр бүл байх ёстой гэдэг
юм билээ. Аав, ээжтэйгээ хамт амьдардаг бол дөрөв, таван өрөө орон сууц олгодог
жишиг ч Сингапурт байна. 35-аас дээш юм уу 40-өөс дээш насны ганц бие хүмүүсийн
гэрлэх нас нь оройтсон гэж үзээд тэдэнд залуу гэр бүлд олгодог жишгээр орон сууц
авах боломжийг ч олгодог юм байна. Мэдээж орон сууцны санд урьдчилгааныхаа 30 хувийг
төлчихсөн байхад л хангалттай боловч мэдээж хэрэг цаана нь тавигдах шаардлага, нөхцөл
байх нь дамжиггүй л дээ.

-НОСК өөрөө орон сууцаа бариад байх юм уу?

-Хувийн
хэвшлийн компаниудыг татан оролцуулж, орон сууц бариулах ажлыг явуулах байх. Жишээ
нь ТОСК-иас орон сууц бариулах тендер зарлахад маш олон компани оролцож, мэдээж
цөөн хэд нь шалгараад бусад нь буцдаг шүү дээ. Тиймээс тэр олон компаниудыг ажлын
байраар хангах боломж НОСК-д байж болно. Үүнийг дагаад ажлын байр ч нэмэгдэнэ. Нийслэл
хотоо, нийгмээ хөгжүүлэх нэг том гарц нь энэ л гэж хараад байгаа юм.

-Хэрэв НОСК-ийг байгуулчихвал цаашдаа ТОСК  хөдөө орон нутгаа хариуцаад, нийслэлд орон сууц
барих ажил нь хумигдана гэж ойлгож болох уу?

-Хэрэв
НОСК байгуулагдвал нийс­лэлийн орон сууцны хэрэгцээг дангаараа хариуцах боломжгүй
л дээ. Тиймээс ТОСК Улаанбаатар хотод 75 мянган орон сууц барьдгаараа бариад явна.
Үүн дээр нь нэмээд ядаж 5000 орон сууцыг НОСК барьдаг л болох хэрэгтэй. 

-Энэ ажил хэдийнээс бодитоор хэрэгжиж, журмаа боловсруулж
эхлэх юм бэ?

-Зохион
байгуулалтын ажил гуравдугаар сардаа цэгцэрчихнэ. Асуудлыг НИТХ-аар хэлэлцээд шийдвэрлэчихнэ.
НОСК-ийг байгуулах шийдвэрийг хотын Засаг дарга гаргана. Тиймээс цаг хугацаа алдаад
удаад байх юм алга. Төгсгөлд нь нэг зүйлийг зориуд хэлэх хэрэгтэй. Эцсийн журам
нарийн гараагүй шүү. Энд  ярьсан зүйлүүд бол
гадны улсын жишээ гэдгийг ойлгоорой. Иргэд маань одооноос сар болгон тэдэн төгрөг
өгч болох юм байна гээд шуугиад бужигнаад эхэлдэг талтай. Одоо ч манайд олон хүн
хандаад эхэлчихсэн байна. Бид НОСК-аа байгуулаагүй байна. Ямартай ч судалгааны түвшний
ажлуудаа хийчихлээ. Одоо саналаа боловсруулаад удирдлагын зөвлөлдөө танилцуулна.
Албан ёсоор орон сууцны сангийнхаа дүрэм журмыг батална. Тоглоомын дүрмээ ил болгоно.
Үүний дараа иргэддээ танилцуулж, сурталчилах, хөрөнгө босгох ажлууд эхэлнэ. Тиймээс
иргэд маань тэвчээртэй хүлээж бай. Шийдвэр гарсны дараа дэлгэрэнгүй танилцуулах
болно.                                                                                        

 

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

“Улаанбаатар барилга-2014” үзэсгэлэн нээгдлээ

Урин цаг ирэхээр газар шороо,
бүтээн байгуулалтын ажил ид эхэлдэг. Тэгвэл үүнтэй холбогдуулан “Мишээл экспо” худалдааны
төвд барилга барихад юу л хэрэгтэй байна тэр бүхнийг дэлгэсэн үзэсгэлэн нээлтээ
хийлээ. Энд элс хайрга, дотооддоо хийсэн явган хүний замд ашиглах боломжтой тоосго,
чулуу, пильта, арматур төмөр, зангиддаг төмөр утас, вакуум цонх, паркетин шал, бүргэд
болон цэвэр модон хаалга, цахилгаан, дулааны шугам хоолой гээд барилгад хэрэглэхэд
байхгүй юм алга. Үзэс­гэлэнг сонирхож яваа хувь хүн төдийгүй аж ахуйн нэгжүүд ч
олон байна. “Улаанбаатар барилга-2014” нэртэй тус үзэсгэлэнг Барилга, хот байгуулалтын
яам, Барилгын хөгжлийн төв болон “Мишээл” тө­вөөс хамтран зохион бай­гуулж байгаа
аж. Үзэс­гэлэнд барилгын ма­териал үйлдвэрлэл, импорт, худалдаа эрхлэгч байгууллага,
хувь хүн болон барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэгчид оролцож
байгаа юм байна. Мөн барилгын засвар үйлчилгээ, засал чимэглэлийн компаниудаас гадна
хүнд даацын машин худалдаалдаг компаниуд гээд нийтдээ 100 гаруй байгууллага оролцож
ба        йгаа аж. 

ДУЛААН ТУСГААРЛАХ ШАХ­МАЛ
ХАВТАН БОЛОН НААДАГ ЧУЛУУН ХАВТАН МООДОНД ОРЖЭЭ

Шинээр баригдаж буй зарим барилга
нэг жил ч болохгүй дулаанаа алдаж, хүйтэн хонгил болчихлоо гэж иргэд гомдол мэдүүлэх
болсон. Энэ үзэсгэлэнд 3-10 см-ийн зузаантай шахмал хавтан байна. Нягтрал нь энгийн
хөөсөнцрөөс хоёр дахин илүү учраас дуу чимээ тусгаарлахаас гадна дулаанаа алдахгүй
давуу талтай гэнэ. Уг шахмалыг “Билгүүн” трейд компани дотооддоо өөрсдөө үйлд­вэрлэж
байгаа талаар борлуулалтын менежер бүсгүй ярилаа. Дулаан тусгаарлах ХРS полистронон
шахмал хав­танг ханын дулаалга, дээврийн дулаалга, барилгын шалны дулаалга төдийгүй
мөнхийн цэвдэг­тэй газар ашиглахад тохиромжтой юм байна. Үнийн хувьд метр куб нь
275 мянган төгрөгийн үнэтэй аж. Манайдаа томд тооцогдох бүхий л бүтээн байгуулалтыг  гүйцэтгэж буй “MCS” компани өнгөрсөн жилээс эхлэн
шинээр барьж буй барилгууддаа дээрх шахмал хавтанг ашигласан юм байна.

 “Top idea” ком­пани дулаалгатай
гадна фа­садны чулуун хавтан Монголдоо үйлд­вэрлэж байна. Тус компанийн  чулуун хавтан нь манайх шиг эрс тэс уур амьсгалтай
газар тохирсон хэрэг­лэхэд хялбар, цаг хэмнэх боломжтой аж. Чулуун хавтан доороо
3-8 см зузаан шахмал хөөсөнцөртэй юм байна. Манайхны нийтлэг хэрэглэдэг хөөсөнцрийг
бодвол нягтаршил сайтайгаас гадна нимгэн аж.

Энгийн 20 см-ийн зузаан хөөсөнцөртэй найман см-ийн зузаан чулуун
хавтангийн шахмал тэнцэнэ. Чулуун хавтангаа шавардана гэсэн ойлголт байхгүй. Барилгын
бетонон зо­риулалтын цавуугаар наах бөгөөд дараа нь тусгай бэхэлгээний хадаасаар
бэхэлнэ. Тэгээд зогсохгүй галд тэсвэртэй юм байна. Найман см-ийн зузаантай чулуун
хавтан метр квадрат нь 75 мянган төгрөг бол таван см нь 75 мянга, гурван см нь
30 мянган төгрөгийн үнэтэй ажээ.

 ИМПОРТЫН АРМАТУРААС ДОТООДЫН АРМАТУРЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА

Барилга, бүтээн байгуулалтын чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг дотоодын компаниудаас гадна Герман, Итали, Орос, БНХАУ, БНСУ,
Япон зэрэг улсаас энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг олон компаниуд үзэсгэлэнд оролцож
байгаа юм байна. Чанарын хувьд хэрэглэгчид Солонгосоос орж ирсэн арматурыг илүүд
сонирхож байна. Ялангуяа “Бүрэн цутгамал хэв хашмал” компанийн барилга угсралтын
материалууд олны анхаарлыг ихэд татаж байв. Үзүүлэн маягаар сонирхсон хүмүүст газар
дээр нь арматур зангидаж харуулж байв. Учир нь угсралтын үед бэхэлгээ хамгийн чухал
байдаг гэнэ. Арматурыг холбоход хэрэг болох ивүүр бүхий бетоны цутгалын түвшин заагч,
холбогч хөндийрүүлэгч, баганын арматурын хөндийрүүлэгч, ханын арматурын хөндийрүүлэгч  гээд тус компанийнхан цогцоор нь Солонгосоос импортолдог
байна.

  ХАЛДАГ ХУЛДААС ЭРЭЛТТЭЙ БАЙНА

Үзэсгэлэнд оролцож буй “Ди Жи
Би” компани нь халдаг хулдаасыг Монголын зах зээлд нэвтрүүлээд удаагүй байгаа ч
захиалга ихтэй болжээ. Халдаг хулдаасыг орон сууц, байшин, гэр гээд хаана ч хэрэглэж
болно. Хүсвэл та ажлын байрандаа ч тавьж болох гэнэ. Хэрвээ хулдаасаа чийгтэй зүйлээр
угаачихвал тог цохичих болов уу гэж айлтгүй. Ямар ч цэвэрлэгээ хийж болох юм байна.
Дулаан тохируулагч удирдлагатай болохоор гудас болгон хэрэглэж болно. Өнгө үзэмжийн
хувьд өргөн сонголттой юм байна. Эмнэлэг, хувийн хаус их захиалж байгаа гэсэн.

  ОРОН СУУЦ СОНИРХСОН ИРГЭДЭД
ЗОРИУЛСАН ХОЁР ДУГААР ШАТНЫ ҮЗЭСГЭЛЭН 14-НД НЭЭГДЭНЭ

Энэхүү  үзэсгэлэнг цувралаар зохион байгуулах бөгөөд гуравдугаар
сарын 14-17-ны өдрүүдэд   “Орон сууц, хот
тохижилт, банк санхүүгийн байгууллага” нэртэйгээр явагдах юм байна. Энэ удаа  орон сууц угсралтын компаниуд болон барилга угсралт,
засвар үйлчилгээ, засал чимэглэл, зураг төсөл, интерьер, экстерьер дизайны үйл ажиллагаа
эрхлэгч байгууллагууд оролцох байна. Мөн барилгын гадна тохижилт, ландшафт, гэрэлтүүлгийн
чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг компаниуд
оролцох гэнэ. Түүнчлэн орон сууц сонирхож буй үйлчлүүлэгчид ихэвчлэн зээлээр орон
сууцтай болохыг хүсдэг учраас арилжааны банк, даатгалын компани, брокер дилерийн
компаниуд үзэсгэлэнд оролцохоор болжээ. Эхний ээлжний үзэсгэлэн ирэх даваа гаригт
өндөрлөнө.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

“Эрдэнэт” үйлдвэрийнхнийг шахааны бизнесээс татгалзаж, дотоодын үйлдвэрүүдээ дэмжихийг Ерөнхий сайд даалгалаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн лхагва гаригийн
өглөө Орхон аймгийг зорьж, нэг өдөр тэнд ажиллаад өчигдөр нийслэлд буцаж ирсэн.
Тэрбээр “Эрдэнэт”-д шахуу хөтөлбөртэй ажил­лахдаа гаднаас их хэмжээний им­портын
бараа бүтээгдэхүүн авдаг уулын баяжуулах үйлдвэрийг аль болох хэмнэж, дотоодоос
авч болох боломжтой бараа бүтээгдэхүүнээ эндээсээ ав, бусад үйлдвэрүүд нь ч өөрсдөө
боломжоороо хийдэг бол гэсэн даалгаврыг өгөхөөр очжээ. Манай улсын хувьд сүүлийн
үед гаднаас орж ирдэг валют байхгүй болсноос долларын ханш тасралтгүй нэмэгдэж байгаа.
Харин эдийн засаг­чид үүнийг гадагшаа бараа бүтээг­дэхүүн зарж, мөн гаднаас авдгаа
багасгаж хэмнэлт гаргаж чадсанаар л шийдэх асуудал хэмээн онцолж байгаа билээ. Засгийн
газраас импортыг орлох бүтээгдэхүүнийг эндээ үйлдвэрлэдэг болбол дэмжье бас гадагшаа
гаргаж чадаж байвал тусалъя гэсэн байр суурийг илэр­хийлчихээд байгаа. Монгол Улсын
саалийн ганц үнээ гэгддэг байсан “Эрдэнэт”-ийн уулын баяжуулах үйлд­вэр хэрэгцээндээ
их хэмжээний худалдан авалт хийдэг газар. Харин аль болох гадагшаа гарах мөнгийг
хазаарлах оролдлого хийж байгаа Засгийн газрын тэргүүн маань Орхон аймагт өөрийн
биеэр очихдоо энэ талаар ярилцаж, шахааны бизнест их хэмжээний мөнгө алддаг байдлыг
зогсоох, импортын гэхээсээ дотоод­доо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ авах, энэ тоо
хэмжээг нэмэгдүүлэ­хийн тулд юу хийж, яаж хамтран ажиллах вэ гэж ярилцахаар очсон
нь тэр. “Эрдэнэт” үйлдвэрийнхэн ч бас зүгээр суугаагүй гэдгээ Ерөнхий сайдад тайлагнасан.
Эхлээд үйлдвэрийнхээ хэрэгцээний зүйлсийг үйлдвэрлэж байгаагаа цех, цехээрээ сонир­хуулав.
Хүдрийн ил уурхайнхан газрын гүнд өрөмдлөг хийхэд 18 метрээс урт өрөм хэрэг болдог
учир үүнийгээ уртасгахын тулд холбоос буюу перходникийг 210 ам.дол­лараар авдаг
байжээ. Харин одоо өөрсдөө хийснээр өртөг нь 70 мянган төгрөг болсон гэж байв. Бас
ган бөмбөлөг буюу албан хэллэгээр нь ган бөмбөрцгөө ч манайхан хийдэг болоод уджээ.
1996 оноос эхэлж хийсээр өдгөө үйлдвэрийнхээ хэрэг­цээний 86 хувийг үйлдвэрлэж байгаа
юм байна. Тэд 100 хувь болгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэд­нээс ган бөмбөрцөг
худалдан авах талаар Оюу толгойнхон ч ярьж байгаа гэнэ. Хэрэгцээний зүйлсээ боломжоороо
үйлдвэрлэж байгааг нь сонссон Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэдэнд энэ тоо хэмжээгээ
аль болох өсгөх хэрэг­тэйг хэлж байв. Мөн “Эрдэнэт” үйлд­вэрийн гэрээ, тендерийн
асуудлыг хүмүүс байнга л ярьдаг. Өмнө нь бол үйлдвэрт хэрэгтэй юмыг авчирч байвал
нэг монгол хүн нь хэдэн цаас олог гээд нүдээ аниад өнгөрөөдөг байсан байж магад.
Одоо бол тэгүү­лэхгүй шүү. Одоо хэмнэж ажиллах цаг болсон. Шахааны бизнесийг зогсоохоос
аргагүй. Импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжиж ажил­ламаар байна” гэдгийг ч онцолсон.
“Эрдэнэт”-ийн Уулын Баяжуулах үйлд­вэрийн ерөнхий захирал Ц.Даваа­цэрэн ч ажлаа
аваад жил гаруй хугацаанд аль болох хэмнэлт гаргаж ажиллахыг хичээж, агуулахад байгаа
бараа бүтээгдэхүүнээ ашиглаж, зайлшгүй хэрэгцээтэй бараа бүтээг­дэхүүнээс бусдыг
шинээр авахгүй, дотооддоо хийж болох зүйлийг гаднаас авахгүй гэсэн захирамж гаргаж
ажилласан гэдгээ хэлж байв. Тус үйлдвэрийнхний танилцуулс­наар урьд нь “Белаз”-ын
нэг ширхэг дугуйг 50 мянган ам.доллараар авдаг байсныг 28 мянган ам.дол­лараар авдаг
болжээ. Өмнө нь тендер зарлаад сайныг л бол өндөр үнэтэй эсэх нь хамаагүй авдаг
цааш­лаад гэрээг хэнд өгөхийг том дарга нар л мэддэг байсан гэгддэг. Харин шинэ
захирал ирээд худалдан авал­тын нээлттэй зарчмыг нэвтрүүлсэн байна. Ингэснээр хамгийн
сайныг хамгийн хямдаар гэсэн зарчимтай ажиллаж байгаа аж. Тендерийг нээлттэй, ил
болгосноор оролцож байгаа хүмүүс хоорондоо өрсөлдөөд үнээ буулгаад байх нь үйлдвэрт
ашиг авчирч байгаа гэнэ. Жилдээ 160 ширхэг “Белаз”-ын дугуй хэрэглэдэг юм байна.
Тэгэхээр нэг бүрээс 22 мянган ам.доллар хэмнэнэ гэхээр 3.5 сая ам.доллар хэмнэж.
Мөн хүхэрт натриг нэг тонныг нь 680 ам.дол­лараар авдаг байснаа 510 ам.дол­лар болгож
жилдээ 800 мянган ам.доллар цааш хийж чадсан байна. Энэ мэтээр хэмнэлтүүдээ тооцвол
2013 онд 38 тэрбум төгрөгийг авч үлдэж чаджээ. Бас энэ үеэр соних­рол­той тоо баримтууд
нэлээд яригд­сан. Уулын Баяжуулах үйлдвэр жилдээ хоёр зуу гаруй тэрбум төг­рөгийн
худалдан авалт хийдэг ажээ. 2011 онд 230 тэрбум байсан бол 2012 онд 268 тэрбумд
хүрсэн байгаа юм. Бодвол сонгуулийн жил байсан энэ тэр гээд нөлөөлөх хүчин зүйлүүд
байсан биз. Харин 2013 онд 188 гаруй тэрбумын худалдаа хийжээ. 30 орчим тэрбумын
өртөгтэй бараа бүтээгдэхүүнээ агуулахаасаа авч хэрэглэсэн гэнэ. Нөгөө “Эрдэнэт”
үйлдвэрт 00-ын цаас нь хэдэн жи­лийн­хээ нөөцтэй байдаг гэдэг яриа оргүй биш байсан
бололтой. Нийт­дээ 139 тэрбум төгрөгийн бараа таваараасаа 30-ийг нь хэрэглэсэн цаана
нь агуулахад 109 тэрбумынх нь үлдсэн байгаа ажээ.

Гэхдээ ГОК-ийнхон Ерөнхий сайдын хэлснээр шахааны бизнест авталгүй
дотоодын компаниудаа дэмжин ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа ярьсан. 2011 онд нийт
худалдан авалтын нь ердөө найман хувийг дотоодын үйлдвэрлэгчээсээ авч байсан бол
өнгөрсөн онд 15 хувь болсныг тэд онцолсон. Харин Ерөн­хий сайд “Үүнийгээ нэм”  гэсэн хатуу шаардлагыг тэдэнд тавьж байна лээ.
Гэхдээ түүний гол анхааруулж хэлэх гэсэн зүйлийг тус үйлдвэрийнхэн эхлүүлээд явж
байгаад Ерөнхий сайд сэтгэл хангалуун байснаа нуугаагүй ээ. Тиймдээ ч “Сэтгэл гаргаж
ажиллаж чадвал амжилт ойрхон байна. Монголын бүх аж ахуйн нэгж “Эрдэнэт” үйлдвэрийн
удирдлага шиг хэмнэлт гарган ажил­лахыг уриалж байна” гэж хэлсэн биз. ГОК-ийнхон
өнөө жил импортыг орлох бүтээгдэхүүний эзлэх хувийг 40 хувьд хүргэнэ гэж төлөвлөж
байгаа болохоор үндэсний компаниуд ч хичээн ажиллах хэрэгтэй болох байх. Ерөнхий
сайд Н.Алтанхуяг цахил­гааны зэс утас үйлдвэрлэдэг “Эрд­мин”, амны хаалтны “Мөнхийн
ца­гаан жим” үйлдвэрээр орж, үйл ажил­лагаатай нь танилцсан юм. “Эрдэнэт” үйлдвэр
25 хувийг нь, үлдэх хувийг нь АНУ-Монголын хамтарсан ком­пани эзэмшдэг “Эрдмин”
хувьцаат компани 1997 оноос катодын цэвэр зэс утас, 2007 оноос цахилгааны зэс утас
үйлдвэрлэж эхэлжээ. Жилд 3000 тн зэс утас үйлдвэрлэж, “Эрдэнэт”  үйлдвэрийн хэрэгцээг 100 хувь хангах боломжтой
хэмээн тус үйлдвэрийн захирал Ж.Баатар ярьж байсан юм. Монголчууд зэсийг эцсийн
бүтээг­дэхүүн болгож гаргаж чадна гэдгийг өөрийн хүчин чадлынхаа хэмжээнд баталж
байгаа үйлдвэр л дээ. Цахил­гааны зэс кабель утсыг анх үйлд­вэрлэж эхлэхэд монголчууд
төдий­лөн ойлгохгүй, дассан сурснаараа орос, хятад утас авах гэдэг байжээ. Харин
одоо Монголынх нь илүү чанартай гээд авдаг болж. Гадагшаа гаргах тухайд манай хоёр
хөршийн Монголоос түүхий эдийг нь татвар­гүй, эцсийн бүтээгдэхүүнийг өндөр үнэтэй
авах гэдэг хатуу бодлогын хүрээнд амаргүй байдаг гэдгээ тэд ярьж байсан.

Дөнгөж шинэ оны босгон дээр байгуулагдсан “Мөнхийн цагаан жим”
амны хаалтны үйлдвэр 15 ажилтантай багаширхан, шинэхэн үйлдвэр юм. Гэхдээ “Эрдэнэт”
үйлд­вэрийнхээ хэрэгцээг хангачих ажээ. “Монголд үйлдвэрлэв. Эрдэнэт хот” гэсэн
дардастай амны хаалтыг зүү­гээд ажиллаж байхад үйлдвэрийн ажилтнуудад сайхан л санагдах
байх хэмээн бодогдож байлаа. Нэг бүрийг нь гурван ам.доллараар оруулж ирдэг байсан
гэх амны хаалтыг 2000 төгрөгөөр борлуулж байгаа юм байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг
Ц.Даваацэрэн даргад импортыг орлуулах бүтээгдэхүүнийг үйлдвэр­лэж байгаа газруудыг
дэмжин ажил­лахыг байн, байн сануулж байсан нь манай хамгийн том худалдан авагч
үйлдвэр гадагшаа гаргах мөнгөн урсгалаа багасгах нь чухал учраас тэр л дээ. Ерөнхий
сайд орон нутагт ажиллах үедээ Эрдэнэтийн дол­дугаар хороололд шинэ хороолол барих
үйл ажиллагаатай танилцсан. Ерөнхий сайдыг дагалдан ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга
ажил­ласан бөгөөд Эрдэнэтийн барилгын компаниуд нийлж консерциум болж ажиллах гэж
байгаагаа энэ үеэр мэдэгдсэн. Тэд нийслэлийн “Буянт-Ухаа” цогцолборын зарчмаар ажил­лах
сонирхолтой байгаа ажээ. Ерөн­хий сайд ч аймаг бүрт 1000 айлын орон сууц барих ажлыг
эхлүүлж ажиллах учраас тэднийг дэмжихдээ дуртай байгаагаа илэрхийлж байв. Ингэхдээ
эхлээд ТОСК-иас 300 айлын орон сууцны мөнгийг эхний шатанд өгөх боломжтойгоо хэлсэн.
Бас хамгийн гол нь хоорондоо эвтэй ажиллаж, үр дүн дагуулж чадах бол цаашид ч дэмжих
боломжтойгоо хэлж байлаа.

Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Орхон аймагт ажиллах үедээ биз­несийн
төлөөллийнхөнтэй уулзаж тэдний зовлон жаргалыг сонссон бөгөөд төрийн хүнд суртлаас
болж ажил нь удааширч чирэгдэж байгаа бол нээлттэй хэл, гэхдээ нэр ус эзэн хаяг
баримттай байх нь чухал шүү гэж, бас хамтран ажиллах боломжууд юу байгаа талаар
сонирхсон бизнес эрхлэгчдийн асуулт бүрт хариулж байв. Бас орон нутгийн иргэдийн
асуултад теле хэлбэрээр “Номин” телевизээр нь дамжуулж шууд ха­риул­сан юм. Иргэдийн
хувьд орон нутгийн удирдлагууд, Эрдэнэт үйлд­вэрийн ерөнхий захиралд хандсан асуултууд
элбэг тавьж байлаа. Мөн цэцэрлэгийн барилга, эрүүл мэндийн даатгалтай холбоотой
асуудлуудыг салбарын яам, мэргэжлийн байгуул­лагаас өөрийг нь дагаж ирсэн хүмүү­сийг
өглөө үлдээд асуудлыг шийд­чихээд ирэх үүргийг Засгийн газрын тэргүүн өгч байсан.
Ийнхүү ганц өдрийн боловч олон ажлыг баг­таасан хөдөө орон нутгийн томилолт өндөрлөсөн
юм.

 Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

“Оюу толгой”-г зогсоосны гороор монгол төгрөгийн ханш шалдаа буулаа

 “Найман шарга” 
дээр өчигдөр 15.40 цагийн үед нэг ам.долларыг 1789 төгрөгөөр авч 1793
төг­рөгөөр зарж байв. Зарим эдийн засагч ам.долла­рыг бүр 2000 төгрөг хүрч
чангарна, түүнээс ч өсө­хийг үгүйсгэхгүй гэсэн таамаг дэвшүүлээд буй.  Цаашдаа яах бол нээрээ 2000 давна гэж үү
гэсэн асуулт хүн бүрд төрөөд эхэлчихсэн энэ үед ноён доллар  эрчээ авч, төгрөг шалдаа буусны учрыг эдийн
засаг талаас нь харах гээд үзье.
 

ДОЛЛАРЫН ХАНШИН ДЭЭР МОНГОЛ БАНК ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

Төв
банкийг өмнөх шигээ интервенц хийж ам.долларын ханшийг барьсангүй гэх шүүмжлэл
хүчтэй байгаа. Монгол банкны хувьд валютын ханшин дээр хуулийн ямар зохицуулалт
бай­гааг сонирхъё. Төв банк­ны тухай хуу­лийн гадаад валютын зохи­цуулалт гэ­сэн
хэсэгт ханш чөлөө­тэй, бодит байх гэсэн агуулга­тай заалт бий. Эдийн засаг
тогтвортой ханш, чөлөө­тэй гадагшлах 
урсгал, чөлөөтэй мөнгөний бод­логыг хүсдэг ч онолоор бол энэ гурван
зорилт хэзээ ч давхцаж биел­дэггүй гэдэг. Гурвууланг нь барих арга байхгүй
гэсэн үг. Монголбанк мөнгөний бодлогыг хэрэг­жүүлнэ гээд хуулиараа заачих­сан.
Мөнгөний бод­лого хэрэгжүүлэхийн тулд ханш чөлөөтэй бай­на гэсэн онолтой.
Мэдээж орж гарч байгаа мөнгө­ний урсгал чөлөөтэй байх  ёстой. Чөлөөтэй урсгал, чөлөөтэй ханш, чөлөөтэй
мөнгөний бодлого гэсэн гурван зорилт давхцаж биелдэггүй гэдгийг хөд­лөх­гүй
байгаа юань дээр жишээлье.  Хятадын хувьд
капитал орж гара­хыг барьж  байж  юанийн 
ханшаа  хөдөлгөхгүй бай­гаа юм гэж
эдийн засаг­чид онцолж буй. Учир нь Хятад үйлдвэр­лэгч учраас гаднаас юм
авахгүй байхад асуудал гарахгүй. Юанийн ханш амгалан байгаа нь ийм учиртай.

Харин
манайх урд  хөрш шиг гарч орж байгаа
зүйлээ хязгаарлаж бо­лох­гүй. Учир нь бид үйлд­вэрлэгч биш. Гад­наас орж ирэх
урсгалыг хаачихад л асуудал үүс­нэ. Тэгэхээр урсгалаа хаах­гүй, мөн­гөний бод­ло­гоо
барих арга л би­дэнд үлдээд байгаа гэсэн үг. Ханшаа чөлөөтэй байл­гахаас арга­гүй
гэх гээд байна л даа.

Дахиад
хууль сөхье. Валютын зохицуулалтын хуулиар бол төв банк  ханшийг зарлах үүрэгтэй болохоос тогтоодоггүй.  Бүр тодруулбал татвар, гааль, шүүх дээр
хэрэглэх гэж л ханш зарладаг. Түү­нээс биш олны ойлгоод байгаа шиг зах зээлийг
удирдах гэж биш. Нэг ханш тогтоочихоод дун­даас нь ашиг олох асуу­дал огтоос ч
байхгүй гэд­гийг эдийн засаг гадар­ладаг эрхмүүд бол хэлүү­лэлтгүй мэдэж
байгаа. Төгрөгийн гадаад валют­тай харьцах ханш өмнөх өдрийн хан­шаас таван
хувь буюу түүнээс дээш хэл­бэл­зэлтэй то­хиол­долд Ерөнхий сайд­тай зөв­шил­­цөх
үүргийг Монгол­банк хүлээсэн.

 

Яг
өнөөдрийн байд­лаар бол төгрөгийн дол­лар­тай харьцах ханш өдөрт зуун
төгрөгөөр  хэл­бэлзвэл ингэж онцгой бай­дал
зарлах юм билээ. Одоогоор ийм огцом хэл­бэл­зэл гараагүй учраас Н.Золжаргал
Н.Алтан­хуягийн өрөө рүү орохгүй байгаа аж. Доллар дээр төв банктай холбоотой
зүйл ярья гэвэл ийм хууль үйл­чилж байна, өнөөдөр.

АМ.ДОЛЛАРЫН
ЧАНГАРАЛТАД ЮУ НӨЛӨӨЛӨВ?

Жил
бүр он гарахын өмнөхөн өчнөөн юм болж байж УИХ-аас баталдаг Төрөөс мөнгөний
бодло­гын талаар баримтлах үндсэн чиглэл гэж 
бий. Тэр баримт бичигт  “төгрө­гийн
гадаад валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөх­цөлтэй нийцэж уян
хатан тогтох” гэсэн өгүүлбэр тодоос тод дурайж буй. Албаны үгтэй энэ заалтыг
энгийнээр хэлбэл “эдийн засаг  муу бол
төгрөг үнэгүйдэхээс аргагүй, зах зээлийн жамаараа явъя та минь ээ” гэсэн утга
харагдаж байгаа  юм. Эдийн засгийг бүхэлд
нь экспорт, импорт, хөрөнгө оруулалт, валютын нөөц гэсэн хэдхэн зүйлээр  хэмж­­­чихэж болно. 

Одоогоор
бидэнд гадаг­­шаа зардаг нь бага, гаднаас авдаг нь их бай­гаа. Сүүлийн үед
импор­толж авах бараа багас­сан гэж албаныхан онц­лох болсон. Сайндаа ч биш
цагаан сарын дараа хүн бүрийн халаас хоо­сор­дог учраас, ам.доллар чан­гар­сан
болохоор ком­па­­ниуд алдагдалтай ажил­­­лах­гүйн тулд гад­наас бараа
импортлохоо боль­сон хэрэг. Түүнээс биш эндээ бүх юмаа үйлд­­вэр­лэх
боломжтой  учраас гаднаас бараа оруулж
ирж тансаглахаа боль­сон гэж ойлговол өрөөс­гөл дүгнэлт болно. Мэдээж сүү,
тараг, оймс­хон дээр гаднаас авах­гүй­гээр эндээ хэрэглээгээ шийдчих боломж
бий. Харин өөрсдөө  үйлдвэр­лэж чадахгүй
ихэнх хэрэг­цээгээ яах вэ. Март дуу­саад, цагаан сарын бэлэг дундраад  ирэхээр иргэд хэрэглэдэг зүйлсээ хэрэг­лээд л
эхэлнэ. Тэгэхээр “импорт буураад зүгээр л байна ш дээ, байгаа цөө­хөн долларын
маань  гадагш­лах урсгал татар­лаа” гэж
тайвшрах нь хэтэрхий гэнэн гаргалгаа. Гэхдээ ам.долларын гал­зуурал эндээ
үйлдвэрлэж болох зарим барааг гад­наас авахгүй байсан нь дээр гэсэн сигналыг
импорт­логч, үйлдвэрлэг­чийн аль алинд нь өгсөн тал бийг үгүйсгэхгүй. Гэвч тэр
бүхнийг эндээ үйлд­вэрлэж, гадныхныг ца­райч­­­­лахаа болиход хуга­цаа
хэрэгтэй. Тэр бол­тол ам.долларын өсөл­тийг зүгээр хараад суух нь, “долларын
өсөлт нь үйлд­вэрлэл хөгжихөд аймаар гоё нөлөөлж бай­гаа” гэж тайлбарлах
нь  амьдралд буусан ханд­лага, дүгнэлт
лав  биш.

Импорт
багассаныг хар ухаанаар тайлбал нэг иймэрхүү. Одоо экс­пор­тоо харъя. Бидэнд
гадагшаа зарж мөнгө олдог цөөхөн юм бий. Зэс, нүүрс,  алт гээд л гүйцээ. Он гарснаас хойшхи экс­пор­тыг
тандахад хуульд өөрчлөлт оруулж байж татварын бодлогоор дэмж­­сэн алтны экспорт
сэргэх төлөвтэй байна. Зэс дажгүй. Нүүрс харин хэрэг алга. Салбарын яамнаас
“Эрдэнэс таван толгой”-г долоон сая тонн нүүрс олборлосон гэсэн мэдээ­лэл өгсөн
ч албан бус эх сурвалжийн хэлс­нээр бол дөрвөн сая хүрэх­тэй үгүйг олборлоод
байгаа гэсэн. “Энержи ресурс” үйлд­вэр­лэлээ таг зогсоосон. “МАК” бага­ханыг
олбор­лож байгаа. Нүүрсний үнэ унасан гэсэн шалтгаанаар манай экс­порт иймэрхүү
дүр төрх­­тэй болчихоод бай­на. Нүүрсэн дээр нэг зүйл хэлэхэд хар алт­ны үнэ
тааруухан байгаа энэ үед төмөр зам барих­гүй­гээр бид хэзээ ч  ашиг­тай ажил­лахгүй.  Нүүрсээ урагш нь аваачихад наан, цаанаа
нийлээд 20 ам.дол­лар алдаж байгаа ийм үед ашиг 
ярих хэцүү. Төмөр зам тэгж хур­дан баригддаг зүйл биш гээд бодохоор энэ
сал­барт ойрын хоёр жилдээ лав өөдрөг зураг хараг­дахгүй байна.

Алт
тушаалт нэмэгдэж  экспортлох хэмжээ нь
өссөн ч нийт экспортын гучин хувийг эзэлдэг нүүрс­ний орон зайг нөх­нө гэдэг
боломжгүй асуу­дал. Тэгэхээр экспорт, импорт дээр айхтар гэгээ­тэй зүйл алга
гээд дүгнэ­чихэж болохоор.

Хөрөнгө
оруулалтын хувьд мөн л гэгээлэг зүйл алга. Итгэл нь алдарсан хөрөн­гө оруулагчдыг
эргэж татах гэж засаг хичээж байгаа л даа. Гэхдээ өнөө­дөр гоё юм ярьчи­хаад
маргааш нь хуулиа өөрчилж буруу хардаг Монголын төрд мөнгөтэй эрхмүүд тийм
амархан итгэхгүй. Хоёр, гурван жил лав шаард­лага­тайг сүү­лийн саруу­дад
гаднаас  мөнгө орж ирэхгүй бай­гаа­гаас
хар­чи­хаж болно.

ОДОО ТЭГЭЭД
ЯАХ ВЭ?

Эдийн
засаг муу бай­гаа учраас Төв банк интер­­венц хийгээд ч ам.долларын ханшийг
барих аргагүй. Ам.доллар орж ирэхгүй байхад ямар ид шидтэн биш, байхгүй
долларыг хаанаас ургуу­лахав. Ханшийг хүчээр барих гэж үзээд хамаг доллараа
барж байсан цаг бидэнд бий. Засаг хөрөнгө оруулалтаа сайж­­руулах алхам хий­сэн
ч хөрөнгө оруулагчид доллараа итгэж өгөхгүй байна. Тэгэхээр одоо боломж­той
хоёр л гарц үлдсэн.  Нэг нь орж ирэх­гүй
байгаа хөрөнгө оруу­лал­тыг нааш нь татах. Ингэж татах ганц л арга бий. Жил
гаруйн хуга­цаанд тохироонд хүрэх­гүй байгаа 
засаг, “Рио” хоёр зөвшилцөлд хүрч гар барилцах тэр өдөр л гадагшилсан
хөрөнгө оруу­лалт наашилж эхэл­нэ. Тэд учраа олоодохвол “Рио тинто” Оюу толгойн
далд уурхайн санхүүжил­тийг үргэлжлүүлнэ. “Рио”-той хийсэн тохироо­ноо­соо
буцаж хоёр нүүр гар­га­сан Монголын Засгийн газар одоо ямар авир гаргах бол
гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад бий.

 Нүүрээ буруулж аягүй авир гаргавал мөнгөө
оруулахгүй,   хөрөнгө оруулагчдад эерэг
сэтгэг­дэл төрөхөөр, зах зээ­лийн зарчим, өмнө тохир­сон яриа хэлээнээсээ учир­­гүй
ухарсан юмгүй, аль аль талдаа ашигтай шийдэлд хүрвэл харин хөрөнгө оруулалт
хийнэ гээд хүлээж байгаа.  Оюу толгой
ажиллаад эхэлбэл өөр нэг  эерэг тал
үүснэ.  Ашиг багатай нүүрсний салбарын
алдагдлаа  алт­ны экспортоороо нөх­чих
бололцоотой. Оюу толгой багагүй хэмжээний алт гар­гана гэсэн тооцоо байгаа.
Монголбанкинд дотоо­дын аж ахуйн нэг­жүүд 12 тонн алт тушаах болов уу гэсэн
хүлээлт бий. Хэрвээ энэ төсөөлөл ажил бол­бол экспорт арай наа­шилна.

Энэ
жил эрт дулаарч байгаа учраас эдийн зас­гийн идэвхжил гурав­ду­гаар сараас
эхэлчих байх гэсэн таамгийг шинжээ­чид хэлж байна. Гэх­дээ мэдээж саяын ярьсан
хөрөн­гө оруулалтын орчин, экспорт сэргэх эсэх асуудалтай шууд хамаа­рал­тай.
Товчхондоо экс­порт энэ янзаараа, засаг Оюу толгойтой учраа олох­­гүй байсаар
дөрөв­дүгээр сар гаргачихвал бидний хүсэхгүй үр дүн гарах эрсдэл өндөр.

Эцэст
нь Оюу толгойг  зогсоосны гороор л мон­гол
төгрөг шалдаа уначих­лаа  гэж дүгнэж
болохоор байна. Цаашид бүр навс унагахгүй гэвэл зах зээ­лийн жамаар нь хөрөнгө
оруулалтаа сайжруулж, урсгал нь тасраад байгаа ам.долларыг оруулж ирэх ганц л
арга бий. Тэгэхээр Уул уурхайн сайдын гаргах авираас л өдөр ирэх бүр ханш нь
унаж буй монгол төгрө­гийн хувь заяа шалтгаа­лах гээд байна даа.

Ц.БААСАНСҮРЭН

 

Categories
редакцийн-нийтлэл

Долларын ханш 1800 хүрлээ гэж Ардын намынхан ардын хувьсгал ялсан юм шиг л баярлалдах аж

Долларын
ханш нэмэгд­лээ гэж ирээд л Ардын намын­хан дуу шуу болон баярлалдах юм. Чанга дуу­гаар
байн байн хэлээд л, ингэхийг нь хүлээж байсан мэт аашилцгаах аж. Эдийн засагт улаан
гэрэл аслаа, эдийн засагт гал гарлаа, жолоодлогогүй боллоо,  хянал­таас гарлаа, түүхэнд байгаагүйгээр өслөө  хэмээн хөл хөөр болов. Эдний хувьд энэ нь үнэхээр
баяртай үйл явдал болж байх шиг. Монгол орны хувьд энэ нь аюулын харанга болоод
байхад шүү. Доллар өслөө л бол дагаад хамаг юмны үнэ нэмэгдээд явчихна.  Ингэснээр долла­рын ханшийн өсөлт айл бүрийн амьдралд
шууд   нөлөөлж, хувь хувьдаа ядарцгаадаг.
Мэдээж үүнийг дагаад монгол төгрөгийн ханш унана. Монгол төгрөг  цаас болох нь бидэнд баяр­лаад байх юм биш. Харин
ч бидэнд айдас түгшүүр төрж эхэлж байна. Гэтэл эсрэгээрээ МАН-д ямар байгааг дээр
хэллээ. 100 шахам жил МАН Монголын төрийг барьсан. Яг л ийм сэтгэхүйгээр барьдаг
байсан юм уу.  Ард түмэнд айдас түгшүүр төрвөл
энэ намынханд баяр хөөр төрж байдаг юм байна. 1937 онд олон мянган иргэнээ хэлмэг­дүүлэн
алж байхад нь ард түмэнд уй гашуу төрж, олноо­роо  эх орноосоо зугтаж байх  үед энэ намынхан харин дайснаа дарсан мэт хундага
тулгаж байсан биз. “Нэгдэлд элс” хэмээн гарч бие засуулах ч үгүй, гэрт нь хариулахгүй
багийн хурал хийж залхаа­гаад байхаар нь 
аргаа барах­даа ард түмэн ” За тэр нэг­дэлд чинь элсье” гэж байхав. Ингээд
л амьдралын эх үүсвэр болсон, амин зуулгынх нь баталгаа болсон хэдэн малаа уйлж
байгаад хураал­гаж, нийгэмчлүүлсэн.  Тэдний
нулимстай хамт малыг нь нийгэмчилсэн дарга нар баярлаж суусан.

Эндээс  харахад ард түмний айдас энэ намын хувьд баяр
хөөр, аз жаргал­тай үе нь байсан юм уу даа. Одоо энэ намынхан долла­рын ханш өсөхөд
алгаа үрчин баярлаж байна. Энэ их баяр хөөрөө сөрөг хүчин гэдэг нэртэй баган дор
нууж,  тайлбарлаж байгаа.

Сөрөг хүчин
шүүмжилж болно, санаа зовж болно, сөрөг хүчин бухимдаж болно, түгшиж болно. Бүр
цаашлаад улс төр хийж болно. Харин улс орны хувь заяатай хол­боотой ийм байдал үүсэхэд
баярлаж болдоггүй юм. Бид Монгол гэдэг нэг улстай, нэг хувь заяатай. Монголын хувь
заяа доройтвол бидний бүг­дийнх нь хувь заяа доройтно.  Бараг зуун жил төр барьж, хулгай хийсэн мөнгөө
доллар болгоод  хадгалсан л байдаг биз. Тиймээс
ч ханш өсөхөөр хөл хөөрцөг болж, түүнийгээ нууж чадахгүй байх  шиг. Тэр их сэтгэлийн догдлол нь хэлсэн үгнээс
нь,  нүүрнийх нь хувирлаас харагдаад байна.   Гэвч МАН-ынхан та нар буруу бодож байна. Дахин
хэлье, бид нэг эх оронтой учир нэг хувь заяатай. Эдийн засаг хямарлаа гээд ард түмэн
бухимдаад хоёр хуваагдаж  тэмцэл эхэлбэл яана.
Иргэ­ний дайн дэгдвэл та нарын хурааж хуримтлуулсан хэдэн доллар юу ч биш болно.
Баярлах чинь тэгэхээр буруу байна. Угтаа бол эрх  барьж байгаа хэддээ  бурууг нь хэлж, зөвийг нь дэмжиж явмаар. Нэгэнт
цөөнх болгосон ч төр барилцах боломжийг ард түмэн та нарт олгосныг мар­таж яавчиг
боломгүй мэт.  Ядрахад минь баярлаарай гэж
ард түмэн сонгодоггүй юм.

Нөгөөтэйгүүр
долларын ханш ингэж өсөөд байхад энэ засаг төр нь яагаад юу ч хийхгүй байна. Үнэн,
худал нь мэдэгдэхгүй элдэв тайлбар хийгээд тэр нь ард түмэнд үнэндээ итгэл төрүүлэхээ
байж.  Засгийн газрын тэргүүн нь хөдөө гадаа
тэнээд л, өөр оронд айлчилж байгаа төрийн тэргүүн шиг хүндэт харуул жагсааж байгаад
л Эрдэнэтэд бууж байгаа харагдана лээ. Ажил хийж байгаа сайд гэж байна уу. Нэг л
их уулзалт, хурал хийсэн хүмүүс л явах юм.

Ховд аймагт
Ц.Оюунгэрэл сайд  Батцогт гишүүнтэй Хар ус
нуурын мөсөн дээр булга суусар, торго магнаг болоод зугаалж яваа дуулдана лээ. Соёлын
өвөө ч олигтой хам­гаалж чадахгүй, нураалгаж буулгаж байж, юун мөсөн дээр тоглоом
наадам хийж явах завтай юм. 

Хөдөлмөрийн
сайд Я.Санжмятав Завханд очоод сонгуулийн ажлаа хийж явна уу гэлтэй л байх юм. Түүний
хариуцсан яам нь Завхан аймагт зориулагдсан яам уу. Хөдөлмөрийн сайдын ажлыг Завханд
очиж хийгээд байх шаардлага ч байхгүй. Ингэж баярлаж бахдаж, зугаалж явах цаг мөн
үү, Засгийн газрын гишүүд ээ. Долларын ханшаа буулгах  тал дээр ямар 
арга хэмжээ авдаг юм, тэрийгээ хийгээч. Доллар өсөхөөр гаднаас бараа авахаа
болиод дотоодын үйлдвэрлэл хөгжинө ч гэх шиг хачин тайлбар Монгол банкныхан яриад
байна лээ. Бид юу үйлдвэрлэж чадна гэж. 1980-аад оны дундаас хойш импорт орлох ямар
үйлдвэр манайхан барьсан юм. Байсан хэдэн үйлдвэр нь юу ч үгүй тоногдоод л дууссан.
Ганц барьсан Оюу толгой, Энержи ресурсын ажлыг нь зогсоосон. Хэзээ ажиллуулах нь
тодорхойгүй. Таван тол­гойн уурхай ажилламаар болсон. Төрийн мэдэлд очоод дампуурав.
Ариун цэв­рийн хэрэглэлээ ч олигтойхон үйлдвэрлэхгүй гаднаас авчи­раад байгаа улс
чинь юун долларын ханш өсөхөөр импорт багасаад манайхан үйлдвэрлэл явуулах боломж
ихсэх вэ. Ийм гэнэн үлгэр битгий ярь. Ямар ч тайлбар, тархи угаах үлгэр сонсмоор­гүй
байна. Зүгээр л ажлаа хий.

Хавар ч
ирж байна. Бүтээн байгуулалтын ид үед ажлаа л хий, шоу реклам чинь хэтрээд ар хударгаар
чинь амьдрал хэцүүдэх нь. Засгийн газрынхны ярьж байгаагаар их л юм хийгээд байгаа
гэх.

Бодит байдал
хэлээд байгаагаас нь өөр л байх юм. Энэ янзаараа байвал ирэх сонгуулиар ард түмэн
ямар дүн тавихаа бас мэднэ шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Я.Содбаатар: Үндэсний эдийн засгаа худалдааны бодлогоор зохицуулах ёстой

УИХ-ын гишүүн Я.Сод­баатартай
өргөн баригдах гэж буй Ху­далдааны хуулийн та­лаар ярилцлаа.

-Худалдааны хуу­лийн төсөл өргөн
ба­рихаар болжээ.  Хуу­лийнхаа талаар мэ­дээлэл
өгөхгүй юу?

-УИХ-ын нэр бүхий гишүүд Худалдааны
хуу­лийг өргөн барихаар бэлт­гэж байна. Бидний зүгээс хуулийн төслөө боловсруулан
Засгийн газраас санал авсан. Мөн мэргэжилтнүүд тө­рийн байгууллагынхнаас санал аваад
байгаа юм. Гарсан саналуудыг нэгт­гэн гуравдугаар сарын эхээр УИХ-д өргөн ба­рина.
Монгол Улс 1990 онд зах зээлийн харил­цаанд шилжин орсноос хойш гадаад, дотоод ху­далдааны
салбарт бие даасан эрхзүйн зохи­цуулалтгүй урсгалаараа явж ирсэн. Худалдаа хариуцсан
төрийн за­хиргааны байгууллагууд яамдын хавсарга байдлаар удирдлагагүй явж ирсэн
юм. Сүүлийн үед манай орны эдийн засаг дээшилсний дүнд гадаад худалдаа, хам­тын
ажиллагаа олон сал­барт идэвхжиж байна. Тиймээс бид олон улсын зах зээл интеграцчилалд
орохын тулд худалдааны гэрээ хэлцлийг зөв хийхээс эхлээд олон ул­сын худалдаагаар
дам­жуулж эдийн засгаа дэмждэг цаашлаад то­моохон боломжууд нээгддэг. Тиймээс энэ
салбарыг онцгойлон авч үзэх шаардлагатай.

Уг хуулинд худал­дааны салбарын нэршил
томъёоноос эхлээд ху­далдааны ангилал төр­лүүдийг зааж өгөх юм. Худалдагч гэж хэн
бэ, бөөний жижиглэнгийн худалдаа гэж юу вэ, чө­лөөт хилийн орчмын худалдаа гэж юуг
хэлэх вэ гэдэг асуудлуудыг на­рийвчлан зааж өгч бай­гаа. Сүүлийн үед Засгийн газар
зах зээлийн ха­рилцаанд оролцож үнэ тогтворжуулах бодлого руу оролцдог болчихлоо.
Хууль эрхзүйн орчинг нь бий болгож өгөхгүй бол төр дуртай үедээ, дуртай салбар руугаа
хошуу өл­гөж ордог байдлыг зог­сооно. Үнэ тогтворжуулах нэрээр их хэмжээний мөнгө
урсдаг ч эцсийн бүлэгт үнэ тогтворж­доггүй. Зах зээлийн жам ёсноос эсрэг зүйл хийгээд
байгаа нь эргээд зах зээлдээ цохилт өгч байна. Үнэ тогтворжуулах, үнийн бодлогод
төр хэрхэн, яаж оролцохыг нарийвчлан заасан.

-Уг хуулийн зохи­цуулалтын тухай
ярих­гүй юу?

-Худалдааг оюуны өм­чийн, барааны,
үйл­чил­гээний гэж ангилсан. Энэ удаагийн худал­дааны хуулийн гол зо­хицуулалт барааны
ху­далдаанд онцгой ан­хаарч байгаа юм. Оюуны өмчийн худалдаа, үйл­чилгээний худалдаа
өөр хууль эрхзүйн зохицуу­лалтаар явагдана. Цаа­шид гадаад худалдааг аж ахуй нэгжээр
дамжуулж хийх нь зүйтэй. Орж ирж буй барааны стандарт, шаардлага хэрэглэгчдэд хүрч
буй байдлыг нь ч бодсон энэ нь дээр. Тухайн бараа бүтээг­дэхүүний аюулгүй бай­дал,
хадгалалт, тээвэр­лэлтийн горим зэргийг анхаарна. Манайхан олон жил иргэнээр буюу
ганзагын наймааг эр­хэлдэг байсан. Үүнийгээ больё. Гэхдээ хил орч­мын худалдаан
дээр ир­гэн оролцдог байх шаардлагатай гэж үзсэн. Худалдааны зориу­лал­таар орж
ирж буй бараа бүтээгдэхүүнүүд гэрээний үндсэн дээр стандартын бүтээгдэхүүнийг аж
ахуй нэгжээр оруулж ирэхээр тусгасан.

2012 онд УИХ Хүнс­ний тухай хууль
Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсан. Энэ оноос эхлэн хүнсний бараа бүтээгдэхүү­нүү­дийг
аж ахуй нэгж оруулж ирнэ гэсэн хуулийн заалт хэрэгжиж эхэлсэн.

-Хэрэглэгчдийн эрх ашгийг Худалдааны
тухай хуулинд хэрхэн тусгасан бол?

-Худалдааны гадаад харилцаа хөгжөөд
ирэ­хээр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуу­дал урган гарч ирсэн. Чанартай,
аюулгүй, үнэ хямд, олон улсын стан­дарт хангасан бүтээг­дэхүүнээр хэрэглэгчдийг
хангах ёстой. Зах зээлд миламинтай сүүнээс эхлээд нийтийг хамарсан хүн амын аюулгүй
бай­далд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүн орж ирсэн тохиолдлууд байдаг. Энэ үед төр тухайн
бараа бүтээгдэхүүнийг зах зээлээс хэрхэн татах вэ, оруулж ирсэн аж ахуй нэгжид ямар
хариуцлага тооцох вэ, иргэдийн аюулгүй байх нөхцөлийг хэрхэн хангах вэ гэдэг нь
ч хуулийн зохицуулалтад тусгагдсан.

-Манай оронд брэнд хувцасны дэлгүүрүүд
ихээр үйл ажиллагаа явуулдаг. Англид 10 фаунт буюу 20 гаруй мянган төгрөгөөр ху­дал­даалагдаж
байсан хувцас Монголд нэг сая төгрөгөөр зарагдаж байна. Үүнийг хуулиар зохицуулж
үнийг дун­даж үнийн түвшинд хүргэж байгаа юу?

-Бид зах зээлийн харилцаанд шилжсэн.
Барааны үнэ зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдаад явдаг жамтай. Тэгэхээр
бараа бүтээгдэхүүний үнэд төр оролцож зохицуулалт хий­хэд хүндрэлтэй. Төр зөвхөн
стратегийн бараа бүтээгдэхүүн, гадны то­моохон үйлдвэрлэгч, компаниудын үнийн бод­логоор
Монгол Улсын зах зээлийг эвдэж байгаа үед оролцох ёстой. Мөн тодорхой иргэдийн өргөн
хэрэглээний бараа бү­тээгдэхүүний огцом үнийн өсөлт гарсан үед 180 хоногийн хугацаанд
төрөөс зохицуулалт хийх юм. Үнийн зөвлөл гэж байгуулагдаж байгаа. Тиймээс тодорхой
хэм­жээгээр судалгаа хийж зах зээлийн орчинд үгсэн хуйвалдаж, эсвэл га­даадын компанийн
үнийн бодлогоор болон стратегийн ач хол­богдолтой хүнсний ба­раа бүтээгдэхүүн дээр
огцом өсөлт гаргасан бол Үнийн зөвлөлийн дэр­гэдэх мэргэжлийн бай­гууллагуудын дүгнэлтийг
үндэслэн тодорхой хуга­цаанд үнийн зохицуу­лалт хийхээр орж байгаа. Түүнээс биш
худалдааны журмаар арилжаалагдаж буй костюм пиджак, гутал, цамцнуудад үнийн зохицуулалт
хийх шаард­лага байхгүй. Ху­далдааны хуулийн хү­рээнд худалдаа эрхлэгч аж ахуйн
нэгжийн нэгдсэн мэдээллийн сантай болж, худалдагч нарыг ху­далдааны чиглэлээр мэргэшүүлэх,
стан­дар­тын шаардлага хангах шаардлага руу төр ан­хаарч аж ахуй нэгжүүдтэй хамтарч
ажиллах зайлш­гүй шаардлага байна.

-Худалдааны бай­гууллагуудын талаар
судалгаа авсан уу. Нийслэлд худалдааны бус байранд үйл ажил­лагаа явуулж байгаа
аж ахуй нэгж олон байна?

-Мэдээж судалгаа хийгдсэн. Мэргэжлийн
байгууллагын судал­гаанаас харахад нийт худалдааны газрын 45.7 хувь нь зориулалтын
бус ажлын байранд бараа бүтээгдэхүүн худал­даалж байна. 39.8 хувь нь хадгалалтын
онцгой нөх­цөл шаардсан бараа бүтээгдэхүүнийг хад­галал­тын горимын дагуу хадгалдаггүй
нь тог­тоогд­сон. Хөргөгчинд хадгалах ёстой бараа бүтээг­дэхүүнийг халуун кон­тейнерт
хадгалж байх жишээтэй. 26 хувь нь хүнсний болон түргэн гэмтэх бараа бүтээг­дэхүүнийг
ТҮЦ, чингэлэг, ил задгай талбайд ху­далдаалж байгаа. 50.5 хувь нь зориулалтын бус
тээврийн хэрэгслээр ба­раа тээвэрлэж байна. Өнөөдөр Улаанбаатар төмөр замд зориулалтын
тээврийн вагон алга. Ачаа­ны вагон дээр өнөө­дөр цемент ачаад мар­гааш нь угаагаад
хүнсний бүтээгдэхүүн ачиж байгаа юм. Зориулалтын хүнс­ний вагонтой болох хэ­рэгтэй.
Хяналтын бай­гууллагын дүгнэлтүүдийг харахад Монголын ба­раа бүтээгдэхүүнүүд чанар
аюулгүй байдлын тал дээр хадгалалт, тээвэрлэлтийн горимд алдаа гарч байна. Мөн бараа
бүтээгдэхүүн ху­далдаж буй худалдагч нарын бараа бүтээг­дэхүүний талаарх мэдлэг
багатайгаас зөв мэдээ­лэл өгч чаддаггүй. 1997 онд Монгол Улс Дэлхийн худалдааны
байгуул­лагын гишүүн орон бол­сон. БНХАУ, ОХУ Дэл­хийн худалдааны бай­гууллагын
гишүүн орон болсон юм. Үүнийгээ да­гаад Дэлхийн худал­дааны байгууллагын гэ­рээ
хэлцлийн хүрээнд худалдаа хамгаалалтын бодлогын зохицуу­лал­туудыг явуулах ёстой.
Энэ хуулийг дагаад Га­даад худалдааны хам­гаалалтын тухай хууль гэж 70 гаруй зүйл
бүхий хууль орж ирэх юм. Одоогоор Засгийн газар дээр боловсруулагдаж байна. ДХБ-ын
хүрээний 50 гаруй конвенци, хэ­лэлцээрүүдэд байдаг. Тэр хүрээнд далайд гарцгүй буурай
эдийн засагтай, эдийн засгийн төрөлжилт багатай ма­найх шиг орон олон улсын худалдаанд
бай­даг гэрээ хэлэлцээр, конвенциудаар олгогд­дог эрхээ эдэлмээр бай­гаа юм. Манай
орон бу­сад орнуудтай чөлөөт эдийн засгийн худал­дааны хэлэлцээрүүдийг эхлүүлж байна.
2005 онд АНУ-тай чөлөөт ху­дал­дааны хэлэлцээр эхлүүл­сэн бол одоо Японтой хийх
гэж байгаа. Чөлөөт худалдааны эхний үе шат болох ил тод байд­лын хэлэлцээр Их хурал
дээр батлагдах гээд хэ­лэлцэх эсэх нь ший­дэгдэж байна. АНУ-тай ил тод байдлын хэ­лэлцээр
баталчихвал дараа нь чөлөөт ху­далдааны хэлэлцээрийг ярина. Бид дэлхийн томоохон
эдийн засагтай орнуудтай чөлөөт худал­дааны хэлэлцээр бай­гуулж, тухайн орны зах
зээл рүү хөнгөлөлттэй нөхцөлөөр орж чаддаг болчихвол манай оронд худалдааны давуу
бай­дал бий болно. Бид 1990-ээд оны үед АНУ-аас оёмол бүтээгдэхүүн дээр хөнгөлөлт
авч байхад Монголд оёдлын салбар хөгжсөн. Тэгэхэд ганцхан салбар дээр АНУ-аас хөнгөлөлт
авч байсан. Бүх салбар дээр хөн­гөлөлт аваад эхэл­чихвэл бусад орнуудаас давуу нөхцөлтэй
болно. Ху­далдаагаар дамжсан давуу нөхцөлүүд уг хуульд орж байгаа.

-Хил гаалийн асуу­дал хэрхэн шийдэгдэх
вэ?

-Өөр нэг чухал зүйл нь ачилтын өмнөх
хяналт шалгалт байгаа юм. Хил гааль дээр бараа бү­тээгдэхүүн овоорчихдог. Тиймээс
хяналтын бай­гууллагууд тухайн аж ахуй нэгжийн үйл ажил­лагаанд хяналтын эрсд­лийн
үнэлгээ хийна. Тий­мээс хоёр талын ху­далдааны гэрээний үнд­сэн дээр явагдаж байгаа
худалдааны түнш дээр нь ачилтын өмнөх хяналт шалгалт хийх нь хил гаалийн ажлыг хялбар­шуулна.
Энэ мэтчилэн худалдааны хүрээнд байдаг олон нөхцөл боломжуудыг аж ахуйн нэгжид олгосноороо
томоохон дэмжлэг болох юм. Монголын эдийн засгийн нэг том судсыг зөв голдрилоор
урсахад аж ахуй нэгжид дэмжлэг үзүүлсэн төрийн тодор­хой дэмжлэгүүдийг оруу­лах
хууль байгаа юм.

-Уг хуулийн хэлэл­цүүлгийн дараа
иргэд брэндийн бараа бү­тээгдэхүүний үнийг бууруулах талаар суул­гаж өгөөч ээ гэж
байсан. Брэндийн ба­раа оруулж ирж буй хүмүүсийн увайгүй, шуналтай байдлыг дарж
бүх иргэн брэнд өмсөх боломжийг нээж өгөх ёстой гэж байсан…

-Худалдааны сал­барт эрхзүйн зохицуу­лалт­гүй
явж байгаа нь үнийн бодлого, худалдаа хийж байгаа аж ахуй нэгжийн үйл ажил­лагаанд
төрийн за­хиргааны байгууллагууд дураараа гар дүрэн орол­цох, хүндрэл уч­руул­даг.
Хуулийн зохи­цуулалтгүй газруудад хууль бус буюу үйлдлүүд хуулиас давсан журмаар
баталсан зүйлүүд явагд­даг. Энэ нь бизнес эрх­лэгчдэд хүндрэл учруул­даг. Үүнийг
ч мөн хуулиар зохицуулъя гэж байгаа юм. Худалдааны зохи­цуу­лалтад төр хэрхэн оролцох
вэ гэдэг хэм хэм­жээг нь зааж өгөх ёстой гэж ойлгож байна. Сүү­лийн үед төрийн нэрээр
бизнес рүү орж байгаа нь дэмжлэг гэхээсээ илүү чирэгдэл болдог. Биз­несийнхэн “Төр
дэмжиж сүйд болдоггүй юм аа гэхэд төр битгий бизнест оролцож үймүүлээд байгаач ээ”
гэдэг. Үүн дээр хууль санаачлагчид анхаарч байгаа.

Иргэдийн болон хэрэг­лэгчдийн эрх
ашгийг хамгаалах асуудлыг хуулинд нарийн зааж өгсөн. Бараа бүтээг­дэхүүний аюулгүй
бай­дал, ахуйтай холбоотой үед яах вэ. Нийтлэг хэрэглэгдэж буй бараа бүтээгдэхүүний
үнэ ханшийн зохицуу­лалтыг хэрхэн хийх вэ гэх мэт бизнес эрхлэгчид нарт худалдаа
эрхлэгч нарын эрх, үүргийг тодорхой болгох нь чухал байгаа юм. Чанар аюулгүй байд­лын
шаардлага хангаа­гүй бараа бүтээгдэхүүн хэрэглэгч хүргэхийг хориглоно. Хэрэв тэгсэн
бол хуулийн хүрээнд хэрхэн зохицуулах вэ гэдэг нь тусгагдсан.

Таны асуугаад байгаа зүйлийг Хэрэглэгчдийн
эрх ашгийг хамгаалах тухай хууль, Өрсөл­дөөний тухай хуулиар шийдэх учиртай. Мон­голд
энэ чиглэлийн хуу­лиуд явж байгаа. Харин хэрэгжилтийг хангах асуудалд анхаарах ёстой.

-Хууль батлагдсаны дараа бараа
бүтээг­дэхүүний үнэ буурах нөхцөл бүрдэх үү?

-Хуулийн зорилго бараа бүтээгдэхүүний
үнийг бууруулах биш юм. Монгол орны айл өрх бүр худалдаа наймаа хийдэг болж. Дотоод
худалдаа­наас гадна бид гадаад худалдааны хүрээнд олон оронтой харьцдаг. Нэг аж
ахуй нэгж гэхэд 200-300 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн оруулж ирж байна. Тэгэхээр
гадаад, дотоод худалдаа өргөжиж буй энэ үед худалдаагаар дамжуулан олж авдаг давуу
эрх, боломжуудаа ашиглах, түүгээр дам­жуулан үндэсний эдийн засгаа хамгаалах, бизнес
эрхлэгчдээ хамгаалах, үндэсний бизнес эрх­лэгчдэдээ давуу эрх бий болгоно. Худалдааны
үлгэрчилсэн загвар гаргаж өгөхгүй бол худалдаа хийж буй хүмүүс ихэнх нь мэргэжлийн
бус хүмүүс байдаг тул худалдааны гэрээ хэлцлийн талаар анхны мэдэгдэхүүн байдаггүй.
Үүнээс болж гадаадад гэрээ хэлцэл хийхээрээ алдаж, хулхидуулдаг тохиолдол их байна.
Нүүрс дээр ярихад нэг цонхоор төрийн тодор­хой дэмжлэгтэйгээр ажиллахгүй бол урд
хөршид маш олон орон нүүрсээ нийлүүлэх гэж өрсөлдөж байгааг бид мэднэ. Энэ үед хэдэн
хувийн хэвшил, аж ахуйн нэгж урагшаа гүйж очоод үнийн бодлогод нь цохиулж байна.
Үүнээс болж төрийн бодлоготой улсын зах зээлд бид гарч чадахгүй байгаа. Эрх­зүйн
актыг тодорхой болгоод өгчихвөл эргээд эрдэс баялгийн түүхий эдээ гадаад зах зээлд
гаргахад дөхөм болно.

-Бусад орнууд худалдааны асуудлаа
хуулиндаа хэрхэн тусгасан байдаг вэ?

-Монгол Улс худал­дааны талаар баримтлах
бодлогын баримт бичгээ гаргах ёстой. Энэ хуулийг дагаад нэлээд хэдэн хууль гарч
ирэх ёстой гэж харж байгаа юм. Энэ бол худалдааны ерөнхий хууль шүү дээ. Гадаад
худалдааны хамгаа­лалтын тухай хуулийн дотоод зах зээлээ хамгаалдаг хууль байдаг.
Гаалийн болон Гаалийн тарифын тухай хууль гэх мэт худалдаатай хол­боотой хуулиудыг
авч үзээд Худалдааны сал­барт төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ гаргаад хуулиудаа
цэгцлэх ёстой.

Нөгөө талдаа хууль гаргаснаар дотоод
эдийн засгаа хамгаалж, дотоо­дын бизнес эрхлэгчдээ хамгаалах чиглэл рүү тарифын
болон тари­фын бус хамгаалалт хийх юм.

Тухайлбал Монгол Улс хөнгөн блокоо
их хэмжээгээр үйлдвэрлэж чадаж байна. Гэтэл гадаад зах зээлээс их хэмжээний хөнгөн
блок орж ирээд зээл авч хөнгөн блок хийж байсан бизнес эрхлэгчдийг цохиод унагасан.
Энэ тал дээр анхаарах учиртай. Тиймээс биш тарифын болон тарифын бус стандартын
хэмжээгээр хамгаалах ёстой.

Э.ЭНХБОЛД