Categories
редакцийн-нийтлэл

Баяр уу, тэмцэл үү?

Мартын наймны
тухай яриа, эмэгтэйчүүдийн эрх, тэд хүчирхийлэлд өртөж байгаа тухай мэдээ мэдээлэл
хоёрдугаар сарын сүүлээс эхлэв. Бүхий л мэдээллийн хэрэгсэл охид, эмэгтэйчүүдээр
“амьсгалж” эрчүүд шиг муу хүн байхгүй болж харагдлаа. Нэгэн телевизээр хаягдал шил
лааз түүдэг эмээ, тамхи ширхэглэн зарж байгаа эмэгтэй, хотын гудмыг цэвэрлэн зогсоо
ТҮК-ийн ажилтан бүсгүйг харуулаад “Тэд үүнийг хүсээгүй” хэмээсэн утгатай сурталчилгаа
харуулав. Үнэн л дээ, тэд үүнийг хүсээгүй байж болно. Тэд хүсэхгүй бол эрчүүд энэ
ажлыг хүсэх ёстой гэж үү. Эрчүүд ч гэсэн хүн шүү дээ. Эрх тэгш атлаа эсрэг тэсрэг
эр, эм гэх хүйстэн байхад нэгийг нь ингэж титэм мэт үзэж, нөгөөхийг нь ул мэт харах
нь өнөөгийн ардчилсан, хүнлэг энэрэнгүй нийгэмд хэр зохистой вэ. “Бид ч хүчирхийлэлд
байнга өртдөг” гэж ярих эрчүүд Мартын наймны үеэр байсан шүү.

Жендерийн
харьцааг 50, 50 хувьд байлгах ёстойгоос биш аль нэгийг нь сул дорой, эмзэг гээд
хэт дөвийлгөж туйлшруулах нь буруу. Эрчүүд эмэгтэйчүүд шиг зовлонгоо тоочоод байдаггүй
дотогшоогоо хүмүүс. Ялангуяа монгол эрчүүд баргийн юманд хошуу нэмэрлээд, үг унагаад
байдаггүй гүндүүгүй зантай.

Монгол эрчүүд
өглөө сэрэхээсээ орой унтах хүртлээ гэр бүлийн дарамт, хүчирхийлэлд өртдөг тухай
судалгаа байдаг. Хоолны дээж гээд шөлний тостой, өөхтэйг нь аягалан өгдөг нь хүчирхийллийн
нэг хэлбэр буюу эрүүл мэндэд нь хор хөнөөл учруулсан үйлдэл болдог тухай Японы нэгэн
судлаач өгүүлсэн байдаг. Эмэгтэйчүүдийн эмнэлэг нийслэлийн байшин барилгын булан
тохой бүрт байхад эрчүүдийн эмнэлэг гэж бараг байдаггүй байлаа. Хэдэн хүмүүс энэ
талаар тэмцлийн үгсээ илэрхийлж одоо эрэгтэйчүүдийн гэх тодотголтой эмнэлгүүдтэй
болоод байгаа. Эмчлүүлэх эмнэлэггүй байсан болохоор манай эрчүүд хүчирхийлүүлж л
байсан гэсэн үг.

Гуравдугаар
сарын 18-нд “Монгол цэргийн өдөр” тохиодог ч энэ өдрийг бид “Эрэгтэйчүүдийн баяр”
гэдэг утгаар нь тэмдэглэсээр ирсэн. Энэ өдөр аав, ах, өвөө, нөхөр, эрэгтэй дүүгээ
эмэгтэйчүүд нь баярлуулдаг.

Эрчүүд маань
эмэгтэйчүүдтэйгээ барьцаад энэ өдрийг угтаад мөн л “Бид хүчирхийлүүлж байна” гээд
эхэлбэл утга алдана. Гэхдээ манай эрчүүд тэгдэггүй нь сайхан. Баяр баяраараа байх
сайхан. Эрчүүд энэ өдрөөр хүчирхийлэл ярьдаггүй. Цэргийн алба хамт хаасан онжавуудтайгаа
уулзалдан өнгөрсөн ч бахархалтай он жилүүдийнхээ тухай ярьцгааж, партизанууд цуглан
хөөр баяр болцгоодог. Залуус нөхөдтэйгээ нийлнэ. Иймэрхүү л өнгө төрхтэй өнгөрдөг,
гуравдугаар сарын 18.

Мартын
8 буюу гуравдугаар сарын 8-ны өдрийг дэлхий даяар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг
хамгаалах өдөр хэмээн тэмдэглэдэг. Үнэхээр эрх чөлөө ярих гэж байгаа бол энэ өдрийг
эмэгтэйчүүдийн баяр гэхгүйгээр тэмцлийн өдөр болгох хэрэгтэй. Ер нь тэгээд нэг өдөр
жагсаал цуглаан, баяр ёслол хорших нь зохимжгүй. Ээжүүд Алдарт эхийн одонгоо гардаад
үр хүүхдээрээ бахархан баярлан нулимстай нүдтэй зогсч байхад гадаа нь эмэгтэйчүүд
лоозон барьж хүчирхийлэл ярьж жагсах нь хоёр өөр уур амьсгалыг төрүүлнэ.

Хүчирхийллийн
тухай яриаг хэн ч хорьдоггүй. Жилийн дөрвөн улирал, 365 хоногийн турш ярьцгаадаг.
Өнөөдөр л гэхэд “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн талаар ярилцлага,
хэлэлцүүлэг болж л байна.

Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

С.Дэмбэрэл: Валютын ханшаас үүдсэн хохирлыг төр хуваалцах ёстой

УИХ-ын  гишүүн С.Дэмбэрэлтэй ярилц­лаа.

-МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдийг
хүлээн авч ам.долларын ханшийн талаар уулзалт зохион байгуулжээ. Бизнес эрхлэгчид
ам.долларын ханшийн тал дээр ямар байр суурь илэрхийлэв?

-Энэ уулзалт зөвхөн өнгөрөгч долоо
хоногт болсон юм биш. УИХ-ын завсарлагаанаар салбар бүрийн бизнес эрхлэгчидтэй тав
дахь уулзалтаа хийлээ. Аль ч Их хурлын гишүүн Монгол Улсын ямар ч албан тушаалтан
улс орны эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хийж, санаа нь зовж, цаашид авах арга
хэмжээний талаар төлөвлөлт хийн ямар нэгэн тоон дээр ажиллах шаардлагагүй. Төсвийн
орлого ингэлээ, макро эдийн засаг тэглээ гэж ярих нь хангалттай биш. Бодит сектор
руу орж тэдэнтэй уулзаж, зовлон жаргалыг нь хуваалцаж, сорилт шалгуурыг нь сонсож,
цаашид авах арга хэмжээн дээрээ цаасан дээр байгаа хуурай тоотойгоо хослуулж төлөвлөх
шаардлагатай байгаа юм. Төр хариуц­лагагүй байдаг түүн дээр нь хувийн хэвшлийн хариуцлагагүй
байдал нөлөөлсөн л байх. Аль аль нь хариуцлагагүй байхаас гадна асуудал яагаад ийм
байдалд хүрэв. Эдгээр барилгууд зураг төсөлгүй байна гэдгийг анхаарах ёстой. Үүнд
тодорхой хэмжээнд валютын ханш хамааралтай. Валютын ханшийн галзуурал, түүнийг тогтоон
барьж чадахгүй байгаа нь хүмүүсийг хохироож байгаа. Тендерийн гэрээ хэлцэл дээр
нь валютын ханшийн талаар юу ч алга. Өнгөрөгч баасан гаригийн уулзалтаар ам.долларын
ханш бизнест нөлөөлж байгаа нь үнэн гэдгийг хэлж байсан. Би эхэндээ бизнесийнхэнд
эерэг нөлөөлөл байгаа байх гэж бодсон. Тэгсэн үгүй байна лээ. Монгол Улсын хамгийн
том экспортлогч Эрдэнэт үйлдвэрийнхэн хүртэл гомдол мэдүүлж байна. Томоохон бизнес
эрхлэгчид валютын ханшийн савлагаа бизнесийн тогтвортой байдлыг алдагдуулж байна,
алдагдалд оруулж байна, төлөвлөж болохгүй байна гэдгийг хэлсэн. Ямар сайндаа валютын
ханшийн өөрчлөлтөөс болж хохирсон талаараа шүүхээр яваад нэмэр алга. Иргэний хуулийн
218-ын А гэсэн заалтад ямарваа нэгэн гадаад валютаар хийгдсэн бараа үйлчилгээний
хэлцлүүд дээр валютын ханшийн зөрүүгээс болж алдагдал үүссэн бол хэлцэл хийгдсэн
үеийн ханшаар тооцно гээд цагаан дээр хараар тов тодорхой заачихсан. Гэтэл үүнийг
янз бүрээр тайлбарладаг. Ханшийн зөрүүнээс болоод хохирсны дараа шүүхээр явахаар
үр дүнд хүрэхгүй байна.

-Ханшийн эрсдэлийг яах ёстой
вэ. Хүмүүсээс асуухаар тодорхой хариулт өгөхгүй байна?

-Валютын ханшийн хэлбэлзлийг бий
болгож хүмүүсийг хохироочихоод, ард иргэдийн бараа бүтээгдэхүүний үнийг нь нэмж
өгсөн хэрнээ төсвийн орлого нь хохирдоггүй ийм нөхцөлд валютын ханшийн эрсдлээс
хэрхэн хамгаалах вэ гэдгээ үндэсний хэмжээнд ярих асуудал гарч ирж байна. Тэр нь
2014 оны мөнгөний бодлогод уг нь анх удаа тавигдсан. Түүнээс өмнө “Валютын ханш
уян хатан бөгөөд чөлөөтэй тогтох ёстой” гээд 10 гаруй жил явж ирсэн. Ингэж явсаар
тодорхой хэмжээний хэлбэлзэлд нь валютын нөөц ихтэй үед нь интервенц хийгээд яваад
ирж болсон. Гэтэл экспортын орлого нь муудсан, гадаад хөрөнгө оруулалт татарчихсан,
дотоодын хөрөнгө оруулалтаа эвдчихсэн энэ үед хүмүүс хөрөнгө оруулалт хийхээсээ
айж, үргэж, зугтаж байгаа нөхцөлд зургадугаар сард сайхан болно, мөнгөтэй болно
гээд сууж болохгүй. Гадаад худалдааны тэнцэлд ашигтай импорт багасч байна. Эдийн
засгийн идэвхижил байхгүй болчихож. Монголын эдийн засаг гаднаас ихээхэн хамааралтай.
Хэрэв дотоод зах зээл дээр импорт татраад 
цаасан дээр нэмэх тэмдэгтэй эсвэл тэнцүү гарлаа гэхэд дотоодод идэвхжил унаад,
инфляци нэмэгдээд, валютын ханш бизнесийн орчинд сөргөөр нөлөөлөөд эхэллээ. Энэ
тохиолдолд аль нь зөв бэ. Мэдээж хүн амын худалдан авах чадвар муудна. Бизнесийн
үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө. Засгийн газраас импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх
хөтөлбөрийг зарлачихсан. Ийм тохиолдолд бид энэ асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой
хэмээн бизнес эрхлэгчид хэлж байсан.

-Валютын ханшийг тогтвортой
байлгах гарц нь юу вэ?

-Одоо интервенцээр ам.долларын
ханшийг тогтоон барих талаар яригдаж байна. Ийм тохиолдолд тодорхой хугацаанд гурваас
зургаан сарын хугацаанд захиргааны шинжтэй аргыг хэрэглэх шаардлагатай. Энэ зах
зээлээс гажууд зүйл биш. Бусад орнууд ч гэсэн иймэрхүү зүйлийг хэрэглэдэг байсан.
Манай улсын валютын ханшийн дэглэм бол зохицуулалттай хөвөх ханшийн дэглэм байгаа
юм. Зохицуулалттай гэдэг нь төр оролцох ёстой гэсэн үг. Төрийн өмнөөс Төвбанк оролцоно.
Түүнээс гадна хоёр субьект болох Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо мөн дефакто
буюу Эдийн засгийн хөгжлийн яам зэрэг газрууд валютын ханшийн хөдөлгөөнийг санхүүгийн
тогтвортой байдлыг Монгол Улсад хангах үүрэгтэй. Харамсалтай нь үүргээ биелүүлж
чадахгүй байна. Санхүүгийн тогтворгүй байдал үүсч байна.

-Үүргээ биелүүлж чадахгүй байгаа
эдгээр газруудын удирдлагууд муу байна гэсэн үг үү?

-Удирдлагууд муу байгаа гэхээс
илүү манай төрийн байгууллагуудын хоорондын уялдаа муу байна. Хэдийгээр 2014 оны
мөнгөний бодлогод өмнө нь орж ирж байсан ганц өгүүлбэрийг тав, зургаан өгүүлбэр
болгоод задалсан. Үүний нэг гол зүйл нь валютын ханшийн эрсдэлээс хамгаалах механизмыг
бий болго гээд цагаан дээр хараар бичээд өгчихсөн байгаа. Дээр нь Санхүүгийн тогтвортой
байдлын зөвлөлийг ажиллуулсан шиг ажиллуулж, институци талаас нь бэхжүүл, үүний
тулд хууль эрхзүйд нь өөрчлөлт оруул гээд даалгавар өгөгдчихсөн. Зарим нэг ажлууд
хийгдэж байгаа ч харамсалтай нь маш удаан байна.

-Өнгөрсөн оны дол­дугаар сараас
хойш ам.долларын ханшийн өөрчлөлтөөс бий болсон хохирлыг хэн төлөх вэ?

-Хүмүүс алдалдлыг нь бид яах юм
гээд тендерт орохоосоо хүртэл айж эхэлсэн. Иймэрхүү байдалтай үед валютын ханшийн
зохицуулалтыг стандарт бус аргаар хийх ёстой. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр валютын
ханшийн хэлбэлзэх хязгаар нь 1700-1800 руу дөхөж байна. Өмнө нь 1500 байхад нь
1600 руу алдсан. 1600 байхад нь 1700 руу алдсан. Энэ мэтчилэн тэгш тоонууд нь сэтгэлзүйн
түвшинд цаашид өсөх юм байна гэсэн хүлээлт үүсгэчихдэг. Ийм үед дамын тоглолт ихээр
явагдаж ханшийн өөрчлөлт дээр ашиг хийх гэдэг. Үүнийг бизнесүүд хийж чадахгүй байна.
Бизнесийнхэн валютын ханш төдий хэмжээгээр нэмэгдэнэ гээд төлөвлөгөө гаргасан байдаг.
Гэтэл 30 хувиар суларчихаар тэдний огт хүлээж байгаагүй нөхцөл бүрдчихдэг. Шинэ
зах зээлийг тогтвортой байлгахын тулд иймэрхүү валютын ханшид шууд нөлөөлөх захиргааны
шинж чанартай тухайлбал валютын хонгилын хэмжээг тогтоох, валютын зээл, хадгаламжаас
төгрөгийн зээл, төгрөгийн хадгаламж ашигтай байхаар зохицуулалтыг хийх хэрэгтэй.
Ханшийн зах зээл дээр орологчдын тоог нэмэх шаардлагатай. Өнөөдөр 5-7 банк оролцож
байгаа тэр эрэлтийг нь хангаж байна. Гэтэл нийлүүлэлтийн эх үүсвэр нь ганцхан төв
банк. Экспорт хийдэг том компаниудыг оролцуулах нь зөв. Импорт хийдэг томоохон компаниудыг
оролцуулах боломжийг хангаж өгөх хэрэгтэй байна. Банк бус санхүүгийн байгууллага
болон бусад санхүүгийн байгууллагуудын оролцоог хангах нь зүйтэй. Валютын ханшийн
зах зээлийг өргөтгөх үүний үндсэн дээр эрэлт, нийлүүлэлтийн харьцааг бодитой тогтоох
гэх мэт үйл ажиллагааг зайлшгүй хийх ёстой.

-Ээлжит бус чуулганаар валютын
ханшийн талаар ярих уу?

-Бид ээлжит бус чуулган гээд төсвийн
тухай л юм яриад байна. Валютын ханшийн өсөлт эдийн засагт эрс нөлөөлж байгааг харлаа.
Эдийн засгийн эрс нөлөөлөл нь Үндэсний статистикийн хорооноос гардаг судалгаан дээр
энгийн нүдээр харахад төдийлөн тусгагдахгүй байгаа. Зах зээл бүхэлдээ хэрэглэгч,
үйлдвэрлэгчийн талаасаа ч идэвхгүй байдалд орчихлоо. Энэ тохиолдолд түүнийг зохицуулах,
хажуугаар нь санхүүгийн мөнгөн урсгалыг оруулж ирэх асуудал гарч ирнэ. Түүнээс зургадугаар
сард хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гээд Оюу толгойд найдаад байх шаардлагагүй. Энэ
бол өөр үзүүлэлт. Уг бодлого явах ёстой.

 

Гэтэл наана нь байгаа гурван сард валютын ханш хэд хүрэх вэ. Ингээд явуулаад байх
юм уу. Саяхнаас эхлээд форвард хэлцлийн дагуу Монголбанк ирээдүйг угтан харсан ханшаар
зарж байна. Гэхдээ өмнө нь 2013 онд аль хэдийнэ хохирчихсон компаниуд болон
2014 онд хохирч байгаа компаниуд шууд нөлөө үзүүлж чадахгүй. Арилжааны банкууд хэрэгцээтэй
шаардлагатай боломжоор нь өгч чадахгүй. Дээр нь ханшийн хөдөлгөөнийг долдугаар сараас
хойш харахад хуульд заасан нэмэх, хасах таван хувиас гарахгүй явж байгаад сүүлдээ
түүнээсээ даваад гарчихсан. Нэгтгэсэн дүнгээрээ бизнес, иргэдэд их хохиролтой байгаа.
Дамын шинж чанартай тоглолтууд дээр төв банкнаас хяналт тавих ёстой. Иймэрхүү байдлаар
иж бүрэн арга хэмжээ авах ёстой.

-Ам.долларын ханшийн үнийн
зөрүүн дээрээс хохирчихоод байгаа ихээхэн хэмжээний зээл авсан компаниуд цаашид
яах бол. Алдагдлуудыг цаашид яах ёстой вэ. Төр мөнгө өгөх ёстой юу?

-Хадгаламж зээлийн хор­шооныхны
хохирол гэдэг шиг юм арай болохгүй байх. Бизнесийнхнээс өөрөөс нь, тэдний хүсэл
зоригоос үл хамаарах шалтгаанаар зах зээл дээр бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр
нөлөөлсөн үйл явц нь төрийн буруугаас болж хийгдэж байна. Хөрөнгө оруулалт яагаад
татарсан бэ. Монголын төр хөрөнгө оруулалтын буруу хууль гаргасныхаа дараа больсон.
Экспорт нь багассан нь Оюу толгойтой ч юм уу хэлэлцээрээ хийж чадаагүй будилснаас
болсон. 2013 оны сүүлээр Монгол Улс анх удаа экспортынхоо хөтөлбөрийг батлаа биз
дээ. Энэ мэтээр үйлдлүүд болон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуулиар заасан
үйл ажиллагаа биелүүлж чадахгүй байна. Тэгэхээр энэ бизнесийнхний буруу биш байгаа
биз. Тиймээс төр сугарч үлдэж болохгүй. Валютын ханшаас үүдсэн хохирлыг зайлшгүй
хуваалцах ёстой. Тэгж хуваалцдаг механизмаа бүрдүүлэх шаардлагатай. Эрсдлээс хамгаалах
нь зөвхөн төв банкны ажил биш. Төв банкинд инфляци, валютын ханшийг даалгасан тул
манайд хамаагүй гэж Засгийн газар, УИХ бодож болохгүй. Энэ үндэсний хэмжээний асуудал.
Үүнийг ээлжит бус чуулганаар тусгайлан авч үзэх ёстой. УИХ-ын Эдийн засгийн байнгын
хо­рооны зүгээс анхаарал хандуулсан. Бизнес эрхлэгчид жагсахгүй л байгаа болохоос
эдийн засгийн тайван жагсаал хийе гэж байгаагаа илэрхийлсэн. Бизнесийнхэн хүртэл
жагсах тухай боддог болжээ. Таныг орж ирэхийн өмнө би Ерөнхий сайд руу “Монголынхоо
компаниудыг хүлээж аваад ярилцаач” гээд мес­­сэж бичээд сууж байлаа. Бизнесийнхэн
Эдийн засгийн байнгын хорооныхонтой хуралдаж Төвбанк, Сангийн яамныхантай санал
бодлоо солилцмоор байна гэсэн.

-Таныг төрийн гурван өндөрлөгт
албан бичиг хүргүүлж, дээд шүүхээр явах тухай яриа гарчээ. Ам.долларын ханшийн талаар
уу?

-Иргэний хуулийн 218-ын А гэдэг
маш зөв заалт байна. Уг заалтыг тайлбарлах шүүгч нарын тайлбар нь янз бүр байгаа
юм. Тендерийн хуулийн дээр валютын ханшийн өөрчлөлтийг яах вэ гэж ганц нэг удаа
кейс болгоод Их хурал дээр оруулж ирснийг санаж байна. Замын компаниудад валютын
ханшийн зөрүүнээс болж 30 гаруй тэрбум төгрөг өгч байсан. Хаа хаанаа хариуцлагатай
байхын тулд эрсдлийг хуваалцах механизмаа хуулиараа тогтоож өгөх хэрэгтэй. Хуулийн
дээр байгаа зөв заалтыг буруу гэж үздэг УИХ-ын гишүүн байна. Тэд эдийн засгийн бодит
байдлыг мэддэггүй хүмүүс. Би төсвийн төлөө хамгийн их санаа зовдог хүн. Гэтэл татварын
реформ хийж татварын хувь хэмжээг багасгая гэхээр “Төсвийн орлого яах юм” гэдэг.

-Эдийн засаг, бизнесийн чиглэлийн
гишүүдтэйгээ нийлээд эдийн засгийн лобби бүлэг байгуулж болохгүй юу. Хамтаараа гарцаа
хайвал дээр биш үү?

-Бизнес хийж байгаа хүмүүс Их
хуралд орж ирсэн. Өмнө нь ч гэсэн байсан. Гэхдээ ямар ч лобби бүлэг байгаагүй. Тэдэнд
өөрийнхөө компанийг ингэх гэж байна гэсэн олны амнаас халгасан сэтгэлзүйн садаа
байдаг юм шиг байна лээ. Түүний оронд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд баялгийг
бүтээгчид, өсөлтийг бий болгогчдын бодит байдлыг эдийн засгийн өсөлтийн цаана хэн
байдаг гэдгийг ойлгодог хэн ч бай энэ асуудалд лоббидох буюу заавал нэг бүлэг бололгүйгээр
ойлгох хэмжээний чадамжтай Их хурал бүрэлдсэн гэж үзэж байгаа.

-Бизнесийн салбарт ам.дол­ларын
ханшаас гадна тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

-Жижиг дунд бизнес эрхлэгчид
гэхэд гаалийн татварын асуудал байна. Засгийн газрын тогтоолоор жижиг дунд бизнес
эрхлэгчдийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх ёстой. Гэтэл тогтоол нь
оны өмнө дуусчихсан. Дараагийн тогтоол нь хэзээ гарах нь мэдэгдэхгүй бизнес эрхлэгчид
яахаа мэдэхгүй байна. Мөн ноднин үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээд үнэ тогт­воржиж
чадаагүй ч тодорхой хэмжээнд бензиний үнийг тогтвортой байлгасан. Үүнийх нь дүнд
бензиний компаниуд алдагдалд орчихсон. Тэр алдагдлыг нь хэн, яаж, ямар аргаар нөхөх
юм. Эсвэл ингээд яваад байх юм уу. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг эхэндээ зөв гэж
бодож байсан ч сүүлийн үед эргэлзэж эхэлсэн. Валютын ханшийнхаа хэлбэлзлийг тооцох
эрсдлээс хамгаалах механизмаа хийж чадахгүй байна гэдэг ч юм уу. Огт энэ зээлд хамрагддаггүй
банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард эрхэлж буй бичил бизнес эрхлэгчид
яах вэ. Зээлийн баталгааны сан гэж байсан. Жижиг дунд бизнесийн зээлийн санд
500 тэрбум төгрөг эргэлддэг гэдэг. Үнэндээ тэр тийм  биш. Тэр мөнгийг үйлдвэр, үйлчилгээндээ хэрэглэчихсэн.
Буцаж орж ирсэн мөнгөнөөс нь авах гэж бөөн юм болж байна. Энэ ажлаа засаг өөрөө
хийж байгаа. Үүн дээр эрс өөрчлөлт хийх ёстой. Манай экспорт гэхэд уул уурхайн болон
уул уурхайн бус гэж ангилагддаг. 90:10 гэсэн гажиг харьцаа байна. 10 хувиа цаашид
яаж нэмэгдүүлэх юм. 10 хувьд багтсан ноос, ноолуур, махнаас гадна өөр юуг ямар аргаар
гаргаж болох вэ. Манай зарим компанийнхан Орос руу очоод экспортлох боломж асар
их байна гэсэн. Төр жаахан дэмжээд өгвөл болчих гээд байна гэдгээ хэлж байна лээ.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Битүү тайга дахь хилчдийн ажин түжин амьдрал

Ононгийн заставын хилчид Төрийн дууллаа дуулж эх орныхоо алтан соёмбот
далбааг өндөрт мандуулах нь сүр жавхлантай ажээ. Тэдний нүднээс цог жавх­лан гэрэлтэнэ.
Хашаа л харна өтгөн шигүү хөвч ой, тайгаар хүрээлэгдсэн Онон голын алга дарам бэлд
ийн төрийн дуулал цуурайтаж мөчир ба­раадан үүрэглэж суусан шувуудыг сэрээн хилч­дийн
шинэ өглөө ирж буй нь энэ. Онон голоор овоглосон 02… дугаар застав Улаанбаатар
хо­тоос 500 орчим километр зайд байрладаг юм байна. Тодруулбал, Хэнтий айм­гийн
Батширээт сумын нутаг дэвсгэрт харьяалагдах бөгөөд Монголын зүүн хойд хязгаар нутаг.
Оростой хиллэдэг гэсэн үг. Энд улиралд нэг удаа л хоол хүнс хүргэх гэж хүний бараа
харагдахаас хойш өөр улаан хөлтэй амьтан харагдахгүй. Хэдэн хил­чид эхнэр хүүхэд
гэсэн цөөхөн хүмүүс нэгнийгээ харж жилийн 365 хоногийг өнгөрөөнө.

Зундаа Ононгийн уснаас ундаалахаар зээр, гөрөөс, хандгай зэрэг ан
амьтад тайгаас бууж ирэх үед эндэхийн иргэд 
их л баярлаж хүн харсан юм шиг догдолдог тухайгаа ярьж байсан.

Гэхдээ энэ буйдхан газар Монгол Улсын хууль бүрэн утгаараа хэрэгжиж,
хилчид эх орныхоо дархан хилийг тайван амгалан байлгахын төлөө амь биеэ хайрлахгүй
зүтгэж явааг тэр бүр хүмүүс мэдэхгүй. Харин хилчид “Эх орны хил тайван амгалан”
гэсэн ганц л өгүүлбэрийн төлөө өдөр хоногийг ч ажрахгүй явна.

Тэдний харцанд хилийн зурвас, бодолд нь эх орны хувь заяа үргэлжид
аргамжаатай явдаг нь илэрхий.

Заставын дарга  Суданд энхийг
сахиулахаар мордсон учраас арын албыг нь орлогч дарга У.Баасанбат төвхнүүлж байгаа
гэнэ. Хилчид төрийн далбаагаа мандуулсны дараа өглөөний цайндаа орлоо. Өглөөний
цайнд тогооч буриад маягийн талх, масло, хад жимсний чанамал бэлдсэн байв. Мөн хонины
махтай гурилтай шөл хийжээ. Улиралд нэг удаа хангамж ирнэ. Нэг хүн тэдэн килограмм
мах, ногоо гээд цаанаасаа хэмжээтэй ирдэг юм байна. Хэрвээ хуваарилсан хүнс дуусвал
50 орчим километр давхиж Батширээтийн сумын төвөөс авдаг гэнэ. Энэ өдөр гадаа нэлээд
жихүүн салхитай байлаа. Дөрвөн сарын сүүлчээр л цас ханзарч урин цаг наашилж гацаан
дахь амьдрал тэнийдэг бололтой. Хилчдийг өглөөний цай уух зуур заставын эмэгтэйчүүд
чихэр жимс гээд нарийн ширийн идээ таваглав.  Ундаа ууж дуусгаад хилчид орлогчийн тушаалаар өөр
өөрийн үүрэгт ажлаа хийхээр гарцгаав. Өнөөдрийн заставын жижүүрээр Д.Даваацэрэн
ээлж таарчээ. Заставынхан хоорондоо “Жи Мобайл”-ын суурин утсаар ярьдаг юм байна.
Бусад заставтайгаа ч гэсэн. Даваацэрэн өдгөө 40 гарч яваа хижээл насны эр. Тэрээр
өнгөрсөн хугацаанд Замын-Үүд, Сэлэнгэ зэрэг тав зургаан боомт, нэлээд хэдэн застав,
отрьядад ажиллаж явсан туршлагатай хилчин аж. Жилийн дараа тэтгэвэртээ гарах болохоор
шинээр ирж буй залуучууддаа сурсан мэдсэнээ зааж, өвлүүлэхийг зорьж яваа гэнэ. Түүнтэй
адилхан тэтгэвэрт гарах хоёр ч хилчин байгаа гэсэн. Утас дуугарах болгонд их л нухацтай
авч, хариуцлагатай гэгч нь хариулна. Энэ хооронд заставын эмэгтэйчүүд нэгнийдээ
цугларчээ. Харуулын ээлж солигдох өдөр ирсэн болохоор гурав хоногийн хүнс бэлдэх
ажилд орох зуур ийн хөөрөлдөөд авав. Заставд тусгай хоолны заал байхгүй учраас нэгнийдээ
хоолоо бэлддэг юм байна. 30 орчим насны эмэгтэй хонины хөлдүү гуя гаргаж ирээд заазуураар
зорж гарав. Харин нөгөөдөх нь гурил зуурч элдэхээр боллоо. Харуул хоёр, гурав хоногоор
ээлжинд гардаг болохоор хоол хийх материалыг нь бэлдэж өгөхгүй бол хээр очоод  хөлдүү мөснөөс өөр хоол болчих юм олдохгүй гэнэ.
Энэ удаа харуулд гарах хилчдэд цуйван бэлдэхээр төлөвлөжээ. Гурилаа зуухан дээр
хайрч хагас болгоод савх шиг нарийхан гэгч нь хэрчлээ. Харин зорсон махаа мөн жижигхэн
хэрчиж цайны аяганд ааруул хэвлэдэг шиг хөмөрч хэмжээд зургаан аяга мах бэлдэв.
Давс, сармис, сонгино, гурил, мах гэсэн бичигтэй даавуун уутнуудад өнөөх бэлтгэсэн
хүнсээ хийгээд өгч явуулахад бэлэн боллоо. Мөн уутанд өөрсдийн барьсан талх, мушгиа
боорцог хийж харагдав. Энэ хооронд нэг эзэгтэй нь заставын айлуудын таван хүүхдийг
харж байгаа юм байна. Харуулын ээлж солигдох болжээ. Ононгийн заставаас 20 гаруй
километрт харуулын байр байрладаг юм билээ. Харуулын дарга Д.Бадамнямбуу ахлах ахлагч
Б.Сүх-Эрдэнэ зэрэг хэсэг хилчдийг дагуулсаар хөдлөв. Хилчдийн гол унаа машинаас
гадна морь. Застав дөч орчим адуутай. Мөн 10 гаруй үхэртэй юм байна. Заставын адуу
тарган гэж жигтэйхэн. Арга ч үгүй биз. Хүний хөл хүрээгүй газраар бэлчээрлэж, өвсний
сорыг идээшилж байгаа юм хойно. Унаа үзээгүй морьд аятай л хоёр чих нь сортойж хамрын
самсаана шархиран туурайгаараа газар цавчилна. Харуулын байр хүртэл тийм ч хялбар
замаар тууччихгүй юм. Улаанбаатарт ойрын хэдэн жил хараагүй хөр зузаан цас ёстой
л энэ онгон дагшин тайгад унажээ. Бодвол жил болгон л ийм хэмжээний цас ордог биз.
Уулын хормой бараадан муухан гаргасан машин замаар Ононгийн хөвөөг даган дээш өгслөө.
Заставын урдхан талд “Чандмань” нэртэй толгой байх бөгөөд Чингис хаан Жамухтай энэ
толгойд андын тангараг тавьж байсан түүхтэй ажээ. Харин Ононгийн хөвөөг дагаад өгсөхөд
одоогоор “Хилчин даваа” буюу “Амбаны зам” 
угтана. Энэ даваагаар 1727 онд Манжийн амбатан хил хязгаар тогтоох “Буурын
гэрээ” байгуулахаар явж байсан удаатай аж. Бүр цаг тооллыг урагшлуулбал, Дува сохор,
Добу мэргэн ах дүү хоёр Бурхан Халдун ууланд хүрэхдээ энэ хавиар явж байсан гэдэг.
Хилчин даваан дээрээс эргэн тойрон уран зураг мэт харагдана. Ой модоор бүрхэгдсэн
өндөр уулнуудын дундуур Онон гол эрэг юугаан тэлж мяралзах мэт мөстөн гялтганаж
орчин тойрноо солонгоруулна. Хааяа модон дундаас туулай булталзаж үзэгдэнэ. Гөрөөс,
чоно гээд зэрлэг амьтад харагдахгүй ч мөр нь сэвсгэр цаснаа дотоос тод үлдсэн харагдах.
Ингээд харуулын байр тулж ирлээ. Урт сэгсүүргэн дээл өмсч, буу агссан хэдэн хилчид
угтав. Харуулын байранд орвол ойр зуурын хоол унд, ор дэвсгэр харагдана. Харуулын
даргад хилчид “Эх орны хил тайван амгалан” хэмээн илтгэв. Эзгүй хээр газар цаг яаж
өнгөрөөдөг бол гэж бодогдох боловч хилчдийн хувьд эх орны хилээ цурам хийлгүй манаж
хэрхэн цаг нөгцөөх талаар бодох завгүй. Гэхдээ эрчүүд хойно хөгтэй яриа дэлгэлгүй
яахав. Харуулын байрны хананд Чингис хааны хөрөг өлгөөтэй харагдав. Түүнийг харж
байсан  хилчин нэгэн хөгтэй явдал дурсав.
Шинэ хилчин ирээд манаанд гараад удаагүй байжээ. Заставын дарга шинэхэн цэргээ шалгах
үүднээс хэд гурван юм асууж. Тэгэхдээ Чингисийн өлгөөтэй хөргийг заагаад шинэ хилчинд
хандан “Энэ хэн бэ” гэж асууж. Гэтэл мань нөхөр нэлээд удаан харж зогссоноо “Манай
анхны харуулын дарга” гэж хэнэг ч үгүй аваад онигоонд оржээ. Одоо хүртэл энэ онигоог
нь ярьж, наргиа болгоцгооно.  Ер нь бол тэр
цэрэг бараг л оноод хэлчихсэн шиг. Дэлхийн талыг эзэлж байсан агуу их хаан энэ нутаг
ус, эх орноо бусдад булаалгахгүйн төлөө нүд цавчилгүй манаж байсан байлгүй. 

Ингээд харуулын байрнаас хилийн 772 дугаар баганыг зорилоо. Оросын
нутаг дэвсгэртэй хиллэдэг уг хязгаарт тэр болгон зөрчил гараад байдаггүй гэнэ. Учир
нь Оросын тосгонууд их хол. Малын хулгайчид ч хөлхөөд байхгүй зэлүүд нутаг. Тэгээд
ч орос ах нар эртнээс манайд хал палгүй гэдэг утгаараа хил тайван байдаг гэнэ. Энэ
хэсэг байгалийн тусгай хамгаалалтад шилжсэн болохоор амьтан хүн хөлхөөд байх нь
ховор. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долдугаар сард хоёр гадаад нөхөр Бурхан халдун
ууланд гарчихаад зөвшөөрөл авалгүй завиар явж Ононг уруудаад ороод ирсэн гэнэ. Хаа
нэг малдаа яваад төөрсөн эсвэл зуны цагт жимс ногоо түүж яваад ойд төөрөх хүн таарах.
Гэхдээ ийм тохиолдол бараг л ховор. Харин айлын мал салхи, шуурганд уруудаад ороод
ирж магадгүй гэнэ. Хилчдийн ярьж байгаагаар бол салхи, шуурга болсон тохиолдолд
айлуудыг малаа орхихыг зөвлөдөг болжээ. Учир нь мал төрийн өмч гэдэг үүднээс хүний
амь насыг нэгдүгээрт тавьдаг болж. Харин уруудаж  хилд тулсан малыг хилчид эзэнд нь хүргэж өгөх
үүрэгтэй болсон юм байна. Хилчид энэ мэт аар саархан зүйл ярьж явсаар хилийн
772 дугаар баганад туллаа. Хилийн багана хүрэхэд нэлээд хэцүү бартаатай зам туулав.
Зуны цагт бол явахад шавар намагтай, зөвхөн ойн замаар явдаг байна. Харин одоо хөлдчихсөн
учраас уулын хормойгоор явахаар морь халтирчих гээд хүндхэн юм билээ. Замд “Аюултай
баавгай” гэсэн бичиг харагдав. Мөн зэрлэг гахай хаа саагүй газар сэндийчээд хаячихаж.
Зун болгоомжтой явахгүй бол баавгайнд бариулах аюултай тухай хилчид ярив. Гэхдээ
энэ заставын хилчид бүгд мэргэшсэн буюу ахлах ахлагчаас дээш цолтой хүмүүс. Энгийн,
эсвэл гэрээт цэрэг ажиллуулах нь их эрсдэлтэй гэнэ. Ой тайга ихтэй учраас онцгой
хүнд ангилалд ордог юм байна. Хилийн заагт ирэхэд өдөржин цэлмэсэн тэнгэр ялимгүй
бүдийж цас хаялж эхлэв. Хэлж болдогсон бол “эх орныхоо төлөө зүтгэе” хэмээн бэлхэн
тангараглах сүлдэт багана ойн  захад тодрох
нь сүр жавхаатай. Яг өөдөөс нь Оросын багана нүд цавчилгүй зогсоно. Амьгүй ч гэсэн
эх орныхоо төлөө нар салхинд гандаж зогсоо хилчин гэлтэй. Сүлдэт баганадаа хилчид
хүндэтгэн ёслоод ойр хавийг ажлаа. Харуул хийж яваа хилчдийн ахмад нь сүлдэт баганынхаа
тоосыг дээлийнхээ ханцуйгаар арчиж харагдлаа. Үүнийг харсан хилчин Б.Батбаатар
“Хилчин бид энд морин дэл дээр давхиж уудам эх талдаа хараагаа бэлчээн цээж дүүрэн
агаар амьсгалж явах нь хамгийн сайхан жаргал. Миний аав хилчин хүн. Цусан холбоотой
ч юм уу. Хот суурин газар биш хилийн манаа биднийг өөрийн эрхгүй татаад байдаг шүү”
хэмээн их л бахдалтай яриа дэлгэв. Энэ хооронд Оросын гурван харуул ирж яваа харагдав.
Оросын хилчид хааяа эргүүлд явж харагддаг гэнэ. Байнга биш. Тэд хилийнхээ баганыг
тойрч зураг хөргийг нь аваад мэнд мэдээд мордов. Гэхдээ Монголын хилчдийг явахыг
хүлээж байгаа бололтой цаах нь очоод мориноосоо бууж харж зогсов. Нар ч хэвийж уулын
цаагуур орлоо. Харуй бүрийгээр морьдын алхаа гишгээнээс өөр сонсогдох чимээгүй нам
гүм харанхуй ноёллоо. Мэрэгч амьтад ч юм уу, шувуу дуугарах багахан чимээгээр л
хилчид зог тусч чих тавин чагнана. Нэгэнт харуулын байр хүрэхэд оройтсон учраас
оройныхоо зоогийг хээр зэлүүд газар хүртэхээр болов. Хээрийн салхинд гандаж хөрсжсөн
бор царайтай, биеэр бусдаасаа арай жижиг хилчин С.Наранцогт шаламгай гэгч нь мориноосоо  бууж тулгын гурван чулуу босгож тогоон дээр цай
үйв. Цэргийнхэн болсон хойно хээрийн гал тогоо, аяга таваг бэлэн. Өнөөх эмэгтэйчүүдийнхээ
бэлдэж өгсөн ууттай мах, гурилаа гаргаж тогоон дээрээ жаахан мөс хийж буцалгаад
махаа хуурлаа. Таван минут хуураад хэрчсэн гурилаа хийв. Ингээд тогоогоо таглаж
нэг даргитал буцалгаж аваад цуйван бэлэн болох нь тэр. Хилчид энэ цуйвангаа “Цэргийн
жавхаа” гээд нэрлэчихэж. Хээрийн хоол утаа үнэртээд цаана л нэг сайхан. Харин маргааш
өөрсдөө хоолоо бэлдэх болно. Учир нь маргааш “Мартын-8” гээд төв Отрьядаас нь эмэгтэйчүүдээ
амрааж Дадал суманд ирүүл гэсэн тушаал ирсэн юм байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хүн тэжээвэл толгой цустана

Монголчууд   “Хүн тэжээвэл
тол­гой цустана, мал тэжээвэл ам тосдоно” гэж 
хэлэх нь бий. Олон жилийн амьдралын бодит үнэнээс урган гарсан  үг байх 
л даа.  Магадгүй та бүхний хувийн амьдралд
ч  иймэрхүү зүйл тохиолдсон байхыг үгүйсгэхгүй.
Хэдэн жилийн өмнө ийм нэг хэрэг гарч байсан даа. Залуу сай­хан гэр бүл зах дээр
най­маа эрхлэн амьдрал нь овоо сайхан болоод ирэх үед тэдний ойр зуур ажлыг хийлцэж,
гэр орноор нь орж гарч, тэжээлгэж тэтгүүлж явсан залуу гэртээ хадгалдаг мөнгө төгрөг
хамаг юмыг нь мэдэж аваад эзгүйд нь гэрт нь ирж 
хоёр охиных нь нэгнийх нь  амь насыг
бүрэлгэж,  нөгөө охин  нь хүнд гэмтсэн ч азаар амьд үлдсэн байдаг.  Гэрийн эзэн тэр үед “Хүн тэжээвэл толгой цустана
гэж үнэн юм байна” гээд уйлж байсныг санаж байна. Мөн үүнтэй утга дүйх “Тэжээсэн
бяруу тэрэг эвдэнэ” гэж үг бий. Бяруу гэхээс илүү хүнийг л хэлээд байгаа хэрэг л
дээ. Гэхдээ дээрх жишээний тухай ярих гэсэнгүй. Арай өөр, төрийн халамж, тэжээврүүдийг
бий болгоод байгаа талаар дурдах гээд үгийн тайлбар хэлчихлээ.

Манайхан сайн төр, сайн нам болох гээд нийгмийн халамжийг тараах
аж. Аль ч нам засгийн эрх бари­лаа гэсэн, ямар ч үзэл баримт­лалтай байсан ялгаа
алга. МАН угаас зүүний үзэл баримт­­лалтай, нийгмийн халамж руу анхаарал хан­дуул­даг.
Харин одоо эрх барьж байгаа АН  барууны чигийн
нам. Гэвч МАН-аасаа ялгарах юм алга. МАН-ыг эрх барьж байх үед хүний хөгжил сангийн
мөнгө гээд л иргэн бүрт сар бүр 21 мянгыг өгч, шинээр гэрлэгсдэд 500 мянган төгрөг,
шинээр төрсөн иргэнд 100 мянган төгрөг, Таван толгойн хувьцааны мөнгө гэж бэлэн
мөнгө тарааж байсан. Энэ засагт оюутнууд хүртэл сар бүр 70 мянган төгрөг  авч байна. Хичээл сурлага, амьдралд хэрэгтэй гэхээс
илүүтэй шоудаж зугаацдаг л  мөнгө болсон байна
лээ, тэр нь. Дээр нь нийтийн унаанд  үнэгүй
зорчино. Зарим нь төрөөс төлбөрөө даалгана. Тэгсэн атлаа тэмцлийн ман­лайд оюутнууд
л жагсаж харагддаг. Төрийн албанд ажиллаж байгаа нөхдүүдийн цалинг байсхийгээд л
нэмж, олон жил ажилласан хүмүүст бас л шагнал хэмээх нэлээдгүй хэм­жээ­ний мөнгө
олгодог. Энэ их зах замбараагүй халам­жаас хүүхдийн мөнгө, ахмад настан, хөгжлийн
бэрхшээлтэй иргэдийг харж үзэх бол хүн ёсны хэрэг л дээ.  Бусад халамжийн тухайд илүүц юм. Харамсалтай нь
саяхан хүртэл МАН өнөөх л халамж, цалин нэмэх талаарх эдийн засгийн үндэслэлгүй,
улс төржсөн популист мэдэг­дэл хийж байна лээ. Мөн мөрөөрөө малаа маллаад ашиг шимээ
олоод амьдарч  байхад нь малчдыг халамжлах
санал санаачилга нэмэгдээд эхлэв. 

МАН-ыг эрх барьж байх үед 
ажилгүй залуус сар бүр 21 мянгаараа архи авч л уугаад л гар хумхин суухтай
зөндөө л таарч байлаа.  Бүр цалингаа хүлээж
байгаа юм шиг хоног тоолоод сууна. Ажил хөдөлмөр хийх насан дээр нь төр зүгээр л
архины мөнгө өгөөд бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, амьдралын ямар ч идэвхгүй болгочихдог.

Ингэж бэлэн мөнгө тараа­хаас гадна бензиний үнийг төрөөс зориудаар
барих, түлээ нүүрсийг нь хямдаар эсвэл үнэгүй 
тараах, гурилын үнэ, өргөн хэрэглээний бусад бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах
нь ч өөрөө халамжийн нэг хэлбэр. Хуу­чин төлөвлөгөөт эдийн засгийн үеэс нээх ялгараад
байх зүйл алга. Угтаа бол зах зээлийнхээ жамаар өрсөл­дөөний зарчмаар л явах ёстой
юм. Одоо ингэж халамжаар бөмбөгдөхөө болих хэрэгтэй юм. Хүн угаас өөрөө өөрийгөө
гэр бүлээ, үр хүүхдээ тэжээхэд прог­раммчлагчдсан байдаг. Энэ нь хүн төрөлхтөний
жам ёсны л хууль.  Олонхи эрүүл саруул хүмүүс
ингэж л амьдардаг. Тэгэхийн тулд л амьдралын тэмцэл өрнүүлдэг. Гэтэл зүгээр байхад
нь бэлэн мөнгө, халамж өгөөд эхлэхээр амьд­ралын төлөөх тэмцлээс нь салгаад хаячихаж
байгаа юм. Бэлэн юм аваад сурчихаар түүнийгээ л нэхээд сууна уу гэхээс больё гэж
бодох нь үгүй. Улам л ихийг нэхнэ. Зүгээр 
тэжээлгэсэн хүн улца­га­насан, нялцаганасан, гомдсон,  тунирхсан, бус­дад илүү өглөө, надад  өгсөнгүй, эсвэл бага өглөө гээд л гомдоллож эхэлдэг.
Тунирхал, гомдол нь өширхөл болж, үзэн яддаг. Үүнээсээ болж халамж өгсөн хүнээ алах
талахдаа тулж дахин уулзахгүй болтлоо тангараг тасарч, эсэргүүцэн тэмцэж эхэлдэг.
Амьдралын төлөөх биш, бэлэн юм авах л тэмцэл болж хувирдаг. Өнөөх хүн тэжээвэл толгой
цустана гэгч болно. Жагсана, тэмцэнэ, босно. Ажил хийе гэж тэмцэж байгаа хэрэг биш
шүү. Авъя, нэмүүлье л гэдэг.

Ард түмнийг мөхөөе гэвэл өөрсдөөр нь ажил хийлгэхгүй бөөцийлж эхлэхэд
л болдог. Энэ нь тухайн ард түмнийг устгадаг. Бидний нүдэн дээр дэлхийгээр нэг ийм
жишээ байна. Канад улс нийгмийн халамжийг уугуул иргэд буюу улаан арьстнуудад хамгийн
ихээр зориулдаг. Тэндэхийн хамгийн муу амьдардаг, мөхөж буй үндэстэн нь уугуул иргэд
болсон. Ажил хийхгүй байсан ч улсаас халамж өгдөг болохоор түүгээрээ амь зогоож,
архи уугаад л байж байдаг. Австралийн  аброгеничүүдийн
эмгэнэлт түүх  ч халамжийн бодлого,  архидалт, хоорондын дайн тулаанаасаа болсон  байдаг. Амьтан хүртэл амьдрахын тулд тэмцдэг.
Гэтэл хүнийг амьтнаас дор болгож ямар ч  зорилгогүй,
бүтээлч сэтгэл­гээгүй болгож орхидог зүйл бол халамж. Халамж авдаг хүмүүс хуримтлал
бий болго­доггүй. Тэртэй тэргүй мөнгө ороод л ирэх юм чинь гэсэн  сэтгэлгээтэй болчихсон байдаг. Нэгэнт улс нь мөнгө
өгөөд байхад ажил хийх, бүтээлч сэтгэлгээ хэнд төрөх билээ дээ. Томоохон улс гүрнүүд
жижиг үндэстнийг мөхөөхдөө халамжийн  бодло­гыг
их явуулдаг. Тэр байтугай жижиг үндэстнийхээ иргэдийг урлаг соёлын бодлогыг дэм­жиж,
тэр чиглэлийн сур­гуульд сургах хэрнээ инженерийн сургуульд бараг л сургадаггүй.

Манж чин   улс  сүйрсэн гол шалтгаан нь нэг манжид хоёроос гурван
хятад үйлчилж, ажил хийлгэхгүй хөлд нь сөгдсөөр нэг л мэдэхэд устсан гэж бид  ярьцгаадаг хэрнээ Монголын төр өөрсдөө улсаа сүйрүүлэх
бодлого явуулаад байна уу.

Арабын баян орнууд баялгийнхаа ачаар бэлэн мөнгө аваад суудаг ч өөрсдөө
ямар ч хөдөлмөр эрхлэхгүй, гаднаас ажиллах хүч 
аваад л  амьдарсан болдог юм билээ.
Дэлхийн томоохон баячууд хурааж хуримтлуулсан их мөнгөө үр хүүхдэдээ гэрээсэлж үлдээхгүй
байгаа нь хүүхдэдээ хайргүйдээ биш харин хайртайдаа тэгдэг болов уу гэж боддог.
Тэр их бэлэн мөнгө үр хүүхдийг нь амьдралын ямар ч тэмцэлгүй амьд үхдэл болгож орхино
гэж үзсэнийх болов уу. Үр хүүхдээ өөрсөд шигээ хөдөлмөрлөж, өөрийн ухаанаар гайхамшгийг
бүтээж амьдралд хайртай, амьдарсан шиг амьдраасай гэснийх болов уу. 

Монголын төр эрүүл саруул иргэдээ халамжлахаа зогсоогоосой. Ард түмнээ
үгүй хийж улсаа мөхөөх гээгүй бол халамжлахаа болих цаг болсон. Харин түүнийхээ
оронд ажил хийх нөхцөл  бололцоог нь олго.
Бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ажилд төр оролцож саад хийхээ  л больчих. Түүнээс  халамжилж байгаа нэрээр сонгуулиас сонгуульд ялах
оноо цуглуулж ард түмнээ битгий доромжлооч. Ард түмнээ тэжээврүүд битгий болгооч.   Нэг л мэдэхэд олон жил  халамжилсан тэжээврүүд чинь толгой цусдах вий.
Зүгээр олдсон зүйл хэзээд үнэ цэнэгүй л байдаг.

Categories
редакцийн-нийтлэл

Монголчуудыг “Монел” зурагттай анх уулзуулсан Шархүүгийн Ялалтынд өнжлөө

1974 онд хоёулаа байсан бол 2014 онд арвуулаа болоод байна

Ерээд оны эхэн үед “Монел” нэртэй өнгөт зурагт гарч тухайн үедээ
шуугиан болж байсныг бид мэдэх билээ. Мэ­дээлэл технологийн бааз суурь тэр бүр батжаагүй,
хар цагаан зурагт ноёлж байсан цагт монголчууд өөрсдөө компьютер бүтээж, өнгөт зурагт
угсарна гэдэг үнэндээ үзэгдэл байсан болов уу. Ёстой л нөгөө шинэ дэвшил гэдэг чинь
тэр байсан биз. “Монел” зурагт манайханд итгэл үнэмшил өгч бид баяжих нь бусад улс
орнуудын жишигт хүрэх нь гэх өөдрөг сэтгэл, сэтгэлгээ төрж, ирээдүй рүү тэмүүлж
эхэлсэн нь дамжиггүй. Үүнийг өгүүлсний учир эл удаа “Монел”-ийг монголчуудтай анх
уулзуулсан Шархүүгийн Ялалтынд өнжсөн юм. Гэрт нь хүрч очлоо. Гэргий нь зөөлхөн
дуугарч мэндчилээд, “Өвгөөн, сонины хүмүүс ирлээ” гэж  мэдэгдэв. Гэрийн эзэн ажлынхаа өрөөнд баахан бичиг
баримтын дунд толгой өндийх ч завгүй сууж байна. Ихэвчлэн оросоор бичиглэсэн материалууд
харагдана.

Ялалт гэж жар
эргэм насны бололтой сахалтай эр. Явцын дунд далан насны даваан дээр гарч ирж буй
гэдгийг нь мэдсэн юм. Эхлээд бол жар орчим настай гэмээр л санагдсан. Мэнд усаа
мэдэж  энэ тэрхэнийг ярилцах зуурт “Гавьяатын
цайллагаа хийгээд удаагүй байна аа” гэх үг гэрийн эзний амнаас гараадахав.

Тэрээр 2013 оны сүүлээр Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны
ойн үеэр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулжээ. Гончигоо
дарга баяр хүргээд, Ялалт гавьяат суга таягтай инээмсэглээд зогсож буй зураг ажлынх
нь өрөөний ширээн дээр байсан. Мань хүн гавьяатаа авах үедээ хөлөндөө жаахан бэртэл
авсан юм билээ.  “Монголчууд энэ олон жилийг
туулахдаа ганц ч олигтойхон үйлдвэргүй байгаа нь үнэндээ эмгэнэл юм. Хоорондоо хагаралдаад
л нэг нэгнээ намчирхсан байдлаас үгүйсгээд л, ажил хийж буй нэгэндээ дандаа чөдөр
тушаа болж ирсний гор өнөөдөр л гарч байна. Энэ их нүүрс байхад бензин шатахуунаар
бусдаас хараат байна гэдэг гайхмаар юм” гээд л ярьж эхлэх нь тэр.

Аргагүй л юмыг хийж бүтээж, хариуцлагыг нь хар толгойгоороо үүрч
сурсан хүний үг дээ гэх зүйл бодогдох зуурт цаад өрөөнөөс гэрийн эзэгтэй орж ирээд
“За манай хөгшин бензин шатахуунаа л ярьж байна уу. Сүүлийн хоёр жил энэ хүний амнаас
“нүүрс, бензин” гэх хоёр үгийг л сонсох болсон” хэмээн нөхөр рүүгээ харж инээмсэглээд
гал тогооныхоо өрөөнд орохыг урилаа.

Ялалт гавьяат “Бүхнийг чадна дийлнэ, болгоно бүтээнэ гэх сэтгэл
зүй л манайханд дутаад байх шиг байна. Намайг чинь наяад оны эхээр компьютер үйлдвэрлэнэ
гээд ярьж байхад ойр тойрны хүмүүс, Ялалт минь наад чинь яагаад ч бүтэхгүй санал
санаачилга, эсгий оймсоо хийж чадахгүй байгаа хүмүүст чинь элэнцэгнийх нь компьютер
вэ. Тэрийг чинь Орос, Америк гэсэн улсууд л хийдэг байх. Тэгж өөрийгөө зовоогоод
яахав гэдэг байлаа. Өнгөт зурагт угсарна гээд давхитал “энэ Ялалт бүр мэдрэл нь
муудчихаж, Шар хаданд хэвтүүлбэл таарна” гэх ухааны юм ярьж байсан. Гэвч би чадна,
манай инженерүүд юуг ч бүтээнэ, монгол хүний оюун ухаан гэж өөр юм байх ёстой гэж
дайраад л бүхнийг болгосон” гэв. Гал тогооных нь өрөөнд ширээг нь тойрч суугаад
хөгшнийх нь гарын хоолыг идэнгээ Ялалт гуайгаар анх компьютер бүтээсэн түүх, за
тэгээд алдарт “Монел”-ийнх нь үүх түүхийг нэгд нэгэнгүй яриулсан юм.   

“Монел зурагтны түүхээс өмнө Монголд анх компьютер үйлдвэрлэж
гадаад руу экспортолсон электроникийн лабораторийн түүх бичигдэх учиртай” гэснээр
манай хүн яриагаа эхлэв. “1974 оны хавар Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн
тушаалаар гадаад электроникийн лаборатори гэж байгуулагдсан. Радио электроникийн
лаборатори шүү дээ. Тэгээд л радио электроникийн салбарт ганц нэг багаж өөрсдөө
үйлдвэрлэдэг болъё гэсэн зорилт тавьсан хэрэг л дээ. Ингээд манай лаборатори дууны
өсгөгч, дохиоллын багаж гээд хэд хэдэн нарийн технологийг хийж эхэлсэн. Далан долоон
оноос Унгар, Болгар, Чехословак, Польш зэрэг орнуудтай хамтарч ажиллаж эхэллээ.
Тэр үеэс улам шат ахиж  электроникийн жижиг
үйлдвэртэй болъё гэсэн  зорилт өөрийн эрхгүй  тавигддаг юм аа. Уг үйлдвэрийн багаж төхөөрөмжөө
хуучин Зөвлөлт социалист улсууд болоод баруун Герман зэргээс л авч байгаа. Тэгээд
ЗХУ-д мэргэжилтнүүдээ сургаад анхны үйлдвэрийн 
суурь ч тавигдаад эхэлсэн. Компьютерийн гэдэс дотор болох Motherboard буюу
эв хавтан гэж бий. Тэр хавтанг өөрсдөө үйлдвэрлэх хүчин  чадалтай болоод авлаа. Өөрсдөө зураг төсөл, дизайныг
нь гаргаж олон мянган хувь үйлдвэрлэсэн. Зүгээр нэг гар аргаар үйлдвэрлэх биш автоматжуулсан
хүчин чадлаар явуулах шугамыг оруулж ирсэн юм. Түүний үндсэн дээр л өнөөдрийн мэдээлэл
технологийн сургуулиудын бааз суурь тавигдсан. 1980-аад оны үед ЗХУ, Монгол Улсын
шинжлэх ухааны академийн хооронд гэрээ байгуулаад Монгол Улс анх удаа гадаад руу
электрон багаж гаргаж эхэлсэн түүхтэй. Энэ түүхийг бид бичилцсэн дээ” хэмээн өгүүлэх
нь тэр ээ.

“Монел”-ийн үйлдвэрлэсэн Монголын анхны компьютер Хүрэлтогоот
дахь Олон улс судлалын хүрээлэнд байдгийг дуулсан учир Ялалт захирлаас лавшруулахад,
тийм юм аа. 001 гэсэн улсын бүртгэлийн дугаартай компьютер манай олон улс судлалын
хүрээлэнд байдаг. Уг компьютерийн үнэ ханш бүр л өсөөд байгаа юм гэсэн. Олон хүн
худалдаж авч өөртөө түүх болгон үлдээхийг эрмэлздэг юм байна л даа. Гэвч тухайн
хүрээлэнгийнхэн зардаггүй юм билээ гэв. Ийнхүү Ялалт гавьяаттай ийн хууч хөөрч суутал
гаднаас нэг хүн орж ирэв.

Гэрийн эзэгтэй Бүжээ эгч “Төрөө ирж байна аа” гэж нөхөртөө хэлэхэд,
гэрийн эзэн “Аа манай өвгөн партизан ирж байна” гээд үл ялиг инээвхийлэв. Удаа ч
үгүй буурал толгойтой нэгэн эрхэм ороод ирлээ. “Анхны компьютер, өнөө  өнгөт зурагтыг чинь гардан хийсэн хүн энэ дээ.
Нэрийг нь Төрбаатар гэдэг юм” хэмээн хуучин захирал нь танилцууллаа. Гэрийн эзний
томъёолсончлон “өвгөн партизан” маань “Монголчуудыг өнгөт зурагт үзүүлэх гэж хар
халимгаа буурал болтол, халиурсан үсээ урдаасаа халцартал, энэ хүний чинь удирдлага
дор зүтгэлээ шүү дээ” гэж хэлээд шуудхан яриа хөөрөөнд оролцоод эхэлдэг юм. Төрөө
инженер одоо “Номин холдинг”-ийн “Монел” үйлдвэрийн дарга юм байна. Үндсэндээ гал
голомтоо сахиад үлджээ. Ерээд оны дундуур “Монел” компанийг хувьд шилжүүлэхэд “Номин”
Баярсайхан дуудлага худалдаагаар авсан байдаг. Зарагдсан морь эмээлтэйгээ очих адил
Төрөө инженер анхнаас нь зүтгэсэн Монелийнхоо голомтыг сахиад “Номин” руу явсан
нь тэр ажээ. “Энэ хэд бүтэн 24 цагаар ажиллана. Гэр бүлийнх нь хүмүүс л цай хоолыг
нь зөөдөг, ээлжээр очдог байлаа” гэж Бүжээ эгч цай цүй болж байх зуураа өгүүлээд
авсан.

Японы “Жи Ви Си” (JVC)компанитай хамтарч “Монел” өнгөт зурагтыг
Монголд угсарсан түүхийг Төрөө инженер Ялалт захирлынхаа үүрэгдсэний дагуу ийн өгүүлсэн.  “Өмнө нь компьютерийн багаж төхөөрөмжүүд гадаад
руу экспортолж байсан бидэнд өнгөт зурагт угсрах нэг их хүндрэлтэй байгаагүй.
1986 онд байна уу даа, Ялалт захирал Тайландад очиж Японы “Жи Ви Си” компанийн хүмүүстэй
гэрээ байгуулсан. Тэгээд дараа нь миний бие Жаргалсайхан, Сонинбаяр, Балжинням гэсэн
гур­ван инженер нөхдийн хамтаар Японд очиж өнгөт зурагт үйлдвэрлэх ажил­тай нь биечлэн
танилцсан юм. Наян найм, есөн оны үе шүү дээ. Одоо эргээд бодох нь ээ, “соёлын шок”
гэдэгт өөрийн эрхгүй автаж байлаа.

Өмнө нь би Орос руу л очиж байсан хүн юм. Үйлдвэрийн дамж­лага
бааз дээр ажлаа гүйцэтгэж байгаа инженерүүдтэй бүтэн сар ажиллаж багагүй туршлага
суулаа. Ингээд “Жи Ви Си” компанийн “Си 1480” гэдэг загварыг сонгоод Мон­голд угсрахаар
шийдсэн. Япо­ноос уг загварын телевизорын эд ангиуд Монгол руу тээвэрлэгдэж эхэлсэн.
20 тонны контейнерт 720 зурагтны сэлбэг хэрэгсэл багтдаг байлаа. Тэгээд л бид тэдгээрийг
чинь хэмжилтийн нарийн горимын дагуу угсарна. Тэгж л “Монел”-ийн өнгөт зурагт монголчуудын
хэрэглээ болж эхэлсэн түүхтэй” гэв.

“Хитачи” зэрэг телевизорын үйлдвэрийн хэд хэдэн томоохон компаниуд
Ялалт захиралд санал тавьж байсан гэнэ. Ухаандаа, Монголын зах зээлд нэвтрэхийг
хүсч байж л дээ. Тэр дундаас Японы дээрх компанийг сонгосон юм билээ. Зурагтынхаа
анхны шугамыг Цэргийн хотхон, одоогийн КТМС-ийн тийшээ байрлаж байсан гэдэг. Одоо
мөн ялгаагүй “Монелийн уулзвар”, “Монелийн буудал” гээд шугамын автобус, микроныхон
ярьдаг даа. Нэг сонин түүх сөхөхөд, Японоос эхлээд таван зурагт оруулж иржээ. Туршилт
хийх гэж тэр. Гэвч Улаанбаатар хотын Баянхошуунд, Улиастайд хаана хаана нь тавиад
болсонгүй гэнэ. Өмнөговь аймагт очиж үзээд ч болоогүй гэсэн. Ингээд манайхан цахилгааны
хүчин чадлыг нь шалгаад нэмж хэдэн зүйл суулгуулахаар явуулсан нь “Монел”-ийн зурагт
дуу дүрс, өнгөний хувьд ямар ч асуудалгүй байдаг нь тийм учиртай гэсэн. Эхний туршлагаас
анзаарахад манай станцуудын хүчин чадал хүрэхгүй байсан юм билээ.     

“Загасчны морь усгүй” гэдэг үнэн дээ. Өнгөт зурагт угсарч гаргаад,
хүмүүс шагшраад л, том жижиггүй надад баяр хүргэж байх үед манайх гэртээ зурагтгүй
байсан. Монел чинь эхлээд 4000 төгрөгөөр зарагддаг байсан. Дараа нь юмны үнэ хоёр
дахин нугараад есөн мянган төгрөгөөр зарагдаж эхэлсэн. Тэр үед би Ялалтаас гуйж
цөхөж байж, орлогчоор нь цохолт хийлгэж байж ганц зурагттай болж авсан даа гэж Бүжээ
эгч хэлээд авсан. Энэ үед Ялалт захирал “Өнгөт зурагт угсраад л гадагш нь гаргаад
улс амьтан шуугиад байхад нээрээ манайх гэдэг айл өөрсдөө зурагтгүй л байсан даа”
хэмээн инээмсэглэж суусан.

“Та тухайн үед Монголын бүхий л толгой инженерүүдийг нэг дор цуглуулсан
гэдэг юм билээ. Олон ч нэртэй төртэй хүн байсан гэдэг дээ” гэж гавьяатаас асуухад,
Их хурлын дарга Зандаахүүгийн Энхболдоос аваад үгүй ээ мөн луугарууд байж шүү гэж
өөдөөс сүрхий гэгч нь харж байна. Энхболд дарга Уралын Политехникийн дээд сургуулийг
төгсч ирээд ажиллаж байсан юм билээ. Мөн УИХ-ын гишүүн Өргөдлийн байнгын хорооны
дарга Р.Бурмаа Болгарын Софи хотноо радио электроникийн мэргэжил эзэмшсэн залуухан
инженер “Монел” компанид ажиллаж байсан байна. За тэгээд АИХ-ын депутат гавьяат
холбоочин Моондой, Их хурлын гишүүн асан Ц.Төмөртогоо гээд олон нөхөд байсныг мэдэх
хүмүүс нь бахархалтайгаар дурсдаг сан.

“Монел” гэж чухам ямар үг болохыг мэдэх үү гэж гэрийн эзэн аавынхаа
хөрөг зурагны өмнө зогсоод асууж байна. Мөнхдүүрэн гэж зураач аавынх нь хөргийг
Зүүн хараагийн Ширхэнцэг уулын наана ногооныхоо талбайд байцаагаа хурааж яваагаар
зурсан нь утга учиртай юм билээ. Ялалт гавьяатын аав Шархүү гэж нэртэй эрдэмтэн
Монголын шинжлэх ухааны академид насаараа ажилласан. Эрт ургацын байцаа гэх нэр
томъёог анх бий болгож, долдугаар сарын халуу шатсан өдрүүдэд байцаагаа хурааж идэх
боломжийг олгосон буянтан юм. Тиймээс гавьяат маань аавынхаа тэр зурганд жигтэйхэн
хайртай юм билээ. Мөнхдүүрэн зураачийн Хараа голынх нь  шаргалхан намрыг зурсан бас нэг тэлмүүн сайхан
зураг ажлынх нь өрөөний хананд “ханарч мэлтрэн” байсан. Ингээд миний бие “Монел”
гэдэг үгийнх нь утга учрыг өөрөөс нь асуугаад авлаа шүү. “Монголиа электроникс”
гэдэг үгийн товчлол гэж байна. Миний бодож байсантай ижил юм. Бодох юу байхав, өмнө
нь дуулж байв. “Төр засаг жаахан дэмжээд ерээд оны эхэн үеийн хүнд бэрх цагт эдийн
засгийн хүч өгсөн бол манай компани өнөөдөр Монголын эдийн засагт нэг том түлхэц
үзүүлэх байсан даа” хэмээн Ялалт захирал бодлогошронгуй хэлж байсан.

Гэргий Бүжээ нь намуухан яриа хөөрөөтэй, зөөлөн дулаанаар инээмсэглэсэн
элгэмсүү сайхан хүн байна. Тэрээр Сэлэнгийн Баруунбүрэнгийн унаган хүүхэд ажээ.
Анагаахын сургуулийн гурав­дугаар ангийн оюутан ахуйдаа нөхөртэйгээ танилцсан гэдэг.
Ялалт захирал ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургуу­лийг автоматик, телемеханик
мэр­гэж­лээр төгсч ирээд Зүүн Хараа­гийн Эрчим хүчний салбарт ажиллаж байжээ. Тухайн
үедээ Улаанбаатар-Дархан, Зүүн Хараа-Бор нуур, Жаргалант, Баруун Хараа, Шарын гол,
Батсүмбэр, Баянцогт, Угтаалцайдам зэрэг газруудыг холбосон 110-35 КВ-ын өндөр хүчдэлийн
шугамуудыг ашиглан телефон яриа, бусад мэдээлэл дамжуулах техник хэрэгслийг ашиглалтад
оруулан засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байсан байна. Энэ үедээ мань эр Зүүн
Хараад телевизийн суваг гарган шуугиан дэгдээж, одоогийн Их хурлын гишүүн Одонтуяагийн
аав Салдан гуай хот руу бахархалтайгаар ярьж байсан гэдэг. Тэгээд л Болгарын Софи
хотын Машин цахилгааны дээд сургуульд явахаар бэлтгэн Анагаахын номын санд сууж
бай­гаад ханьтайгаа танилцсан түүхтэй аж.

Бүжээ эгчээс “Танай нөхөр анх ямаршуу хүн харагдсан бэ. Залуудаа
сахалтай байв уу” гэх асуултыг тулгах маягтай тавихад харцнаасаа туяа цацруулах
мэт гэрэлтэн инээмсэглээд, зөөлхөн намуухан дуугараад “Манай хүн надаас хэд ах юм.
Надад бол эхлээд нэг том ах харагдсан. Тэгээд надаар дандаа номын сангаас ном авахуулна.
Ингээд сүүлдээ би тогтож харсан хэрэг. Их л ухаантай, нөмөртэй сайхан хүн санагдсан
даа” гэх хариултыг өгсөн юм. Ялалт, Бүжээ нар ханилаад хоёр хүүхэдтэй болжээ. Том
хүүдээ Тэнгис, охиндоо Ижилмөрөн гэж нэр өгсөн байна. Сонирхуулахад, Ижилмөрөн охиных
нь нөхрийн аав нь түүхийн ухааны нэртэй эрдэмтэн академич Жигжидийн Болдбаатар гуай
юм билээ. Бид хэдийг хуучилж суухад Ялалт гуай руу худ ургууд нь ярьж байгаа бололтой
байсан.

Гэрийн эзэн “Манай Оюунчимэг цангинаад л ярьж байна, тоглолтын
бичлэг зурагтаар явахыг үзсэн үү гэж асууж байна” хэмээн ханьдаа хандан хэлж байв.
Болдбаатар академичийн гэргий яруу найрагч Сүрэнгийн Оюунчимэгийг хэлж байгаа ажээ.  Оюунчимэг найрагч саяхан уран бүтээлийн тайлан
тоглолт хийсэн гэнэ. Ялалт гавьяат очиж чадаагүй юм байна. Бүжээ эгч л хүүхдүүд,
ач зээ нартайгаа очсон гэнэ. Төрийн хошой шаг­налт Жанцанноровын аялгуу “Хан­жаргалант
хайрхан”, Ариунаа гавь­­яатын дуулдаг “Талын монгол айл”, Мооёобуугийн Булганы хөг­жим
ардын жүжигчин Батаагийн Жавзандулам нарын аварга гурван дуучин дуулдаг “Хан шувуу”
гээд хэдэн сайхан бүтээлтэй билээ.

“Ах нь ч ардын хянан шалгахад олон шалгуулж, хараанд нь явсан
хүн дээ” гээд гэрийн эзэн өгүүллээ. Наяад оны дундуур Ялалт гуай шиг их мөнгөтэй,
түүн шиг олон гадагшаа дотогшоо явдаг хүн ховор байж л дээ. Тэгээд л шалгуулдаг,
үргэлж матуулдаг байсан хэрэг л дээ. Тэр бүү хэл хүүхдүүдийнхээ нэрнээс болж дуудагддаг
л байсан гэж байгаа. Тэнгис гэж яагаад нэрлэв, Чингэс хааныг бодож нэрлэсэн үү гэдэг
ч юм уу, эсвэл Ижил мөрөн гэж ямар утга санаагаар нэр өгөв гээд л байцаагдаж явсан
аж.

Гэрийн эзэгтэй Амарбаясгалант хийдийнхээ зургийг гал тогооныхоо
өрөөний хананд байрлуулсан байна. “Монел”-ийн үүх түүхээс гадна Ялалт гавьяат Төрөө
инженер хоёртой юу эсийг ярилцах вэ дээ. Баянаа аваргатай холбоотой яриа нэг хэсэг
өрнөсөн. Ерээд оны эхээр Ялалт захирлын өрөөнд Баянаа аварга ороод иржээ. “за Ялалт
минь цаана чинь амьдрал хэцүүдлээ. Хэдэн бөхчүүд маань бэлтгэл хийх нь бүү хэл хоолгүй
хонож байна, мөнгөтэй төгрөгтэй хүн энэ улс оронд чинь ховор байна шүү” гээд тус
дэм болохыг хэлжээ. Яаж аваргадаа, тэр хэдэн бөхөд нь тус болох вэ гэж байгаад
100 килограммын шуудайтай цагаан будаа агуулахад нь байгааг гэнэт санаад Төрөө инженерээ
Баянаа аваргатай явуулчихсан гэдэг. “100 килограммын шуудайтай будааг бүгд л үүрээд
гараад явчихсан” гэж Төрөө инженер хэлж байна. Мөн Ялалт захирал Сэнгийн Эрдэнэ
баавайтай Софи хотноо зочид буудалд шөнөжингөө ярьж, “Оготнын нүхэн дэх сувд”,
“Малын хөлийн тоос” гээд алдартай бүтээ­лүүдийнх нь үүх түүхээс яриулснаа дурсамж
болгон хэлж байлаа. Түүнтэй ойр дотно яваагүй нийгэм төр, урлаг соёл, спортын зүтгэлтнүүд
ховор юм билээ. Бүгд л “Монелийн Ялалт” л гэдэг юм билээ.

Фото зургийнх нь альбомыг үзэж бай­хад ч олон л хүнтэй тив дэлхийн
өнцөг булан бүрт авахуулсан зураг байсан. Тетрис-ыг анх зохиосон Оросын эрдэмтэн
Ялалт гавьяатын эрхэм дотнынх нь нөхөр гэсэн. Ялалтыгаа дагаж Монголд хэд хэд ирсэн
гэж байгаа. Одоо бол АНУ-д амьдардаг, тэрбумтан болсон гэсэн. “Манай захиралд хуучин
ЗХУ, Болгар, Польш, Чех гээд орнуудад танихгүй хүн ховор. Ялангуяа өөрийн мэргэжлийн
инженерүүдтэй жинхэнэ анд нөхрийн барилдлага тогтоосон хүн” гэж “өвгөн партизан”
Төрбаатар хэлж байлаа.

“Ингэхэд танд яагаад Ялалт гэж нэр өгөв, Ялалтын баяртай холбоотой
байх” хэмээн номын санд нь ярайх түүхэн бүтээлүүдийг гарчиглангаа асуулаа. “Миний
нэрийг чинь Базарын Ширэндэв гуай өгсөн юм” гэв. Ширэндэв гуай Шархүү гуай нар дотно
нөхөд байж, нэг дор ажилладаг, нэг дор амьдарч ч байжээ. Ялалт гавьяатьн ээж Москвад
сургууль дүүргэж ирээд Улсын төлөвлөгөөний комисст ажиллаж байх үед нь буюу
1945 онд Ялалт хүү мэндэлжээ. “Ширэндэв минь чи л нэг нэр хайрлана даа” гэж аав
Шархүү нь хэлэхэд, дөнгөж төрөөд удаагүй байсан улаан нялзрай амьтанд Ялалтын баяраар
төрснийг нь бэлгэшээн аугаа их Базарын Ширэндэв тийнхүү нэр хайрласан юм билээ.
“Ширэндэв гуайн өгсөн нэрийг ах нь бас гэж сэвтээлгүй л авч явна даа” гэв.

Гэрийн эзэгтэй очсон даруйд үхрийн хавирга сэлт  чанаад, бууз жигнээд баахан ногоо цагаа, салат
болчихсон байв. Дараа нь удаа ч үгүй зэрлэг гахайн өөх нь дарайсан мах шараад, орой
нь гурилтай шөл хийгээд баахан дайллаа. Тун их зочломтгой хүн ажээ. Ялалт л намайг
ийм болгочихсоон гэж товч бөгөөд тодорхой хариулсан билээ. Гадна дотнын олон зочид
тэднийхээр орж гарч, гэргийнх нь гарын хоолыг зооглож явсан нь дамжиггүй ээ. Ялалт
захирал Монголын шинийг санаачлагчдын нийгэмлэгийн даргаар ажиллаж байх наяад оны
эхэн үед өөрийн байртай болж, Москвад үзэсгэлэн гаргах гээд очиход нь Гүррагчаа
сан­сарт нисч таараад өмсөж явсан нэхий дээлээ үнэтэй зарж түүнийхээ мөн­гөөр бусад
орны зочдыг дайлсан гээд олон л зүйлийг эрхэм гавьяаттай хуучиллаа. Түүнийг шинжлэх
ухааны гавьяат зүтгэлтэн болсонд нь “Монел”-ийн нөхөд нь их олон зүйлийг бэлэглэсэн
нь гэрийнх нь ханаар ярайж харагдана лээ. “Монел”-ийн ажилчдаас 30 гаруй нь томоохон
компанийн захирлууд болсон гэж байгаа. Мөн нэгэн ажилтан нь захирлынхаа цолыг хоёр
өрөө байраар шагнасан байна. “Би чинь олон хүнийг орон байртай болгожээ” гэсэн нь
бас л дүнжгэр сонсогдож, хүний тус эргээд ирдэг юм байна гэх бодлыг ч төрүүлээд
авсан юм.

Гэрийн эзэгтэй “Монел зурагт маань энэ шүү дээ” гээд унтлагынхаа
өрөөнд жижиг дөрвөлжин хар зураг­тыг нандигнан байлгаж байна. Чөлөөндөө гарсан хурандаа
гэдэг шиг түүхэн үүргээ гүйцэтгэсэн монел зурагт жолоогоо сойсон морь шиг удирдлагаа
“нуруун” дээрээ үүрээд байж байна. “Манай гэрийн нандин эдийн нэг энэ юм даа. Миний
хань чинь ааваасаа илүүтэйгээр Монелоороо овоглосон” гэж Бүжээ эгч сэтгэл бахдам
хэлж байсан. Ялалт гавьяатын ажлынх нь ширээн дээгүүр ярайх оросоор бичиглэсэн зүйлүүд
бүгд төсөл ажээ. Занараас, нүүрснээс, модны үртэснээс шатахуун гаргаж авах тухай
үйлдвэрийнх нь төсөл. Гад­ны компаниудтай хамтарч хэрэг­жүүлэхээр болоод байгаа
аж. Одоо­доо хаана барихаа нарийн төлөвлөөгүй байгаа гэнэ. Тэрээр “Намайг цөмийн
сургуульд явуулсан бол хэдийнэ атомын цахилгаан станц бүтээчихнэ дээ. Манай эрдэм­­тэд
хий хоосон л ярих юм” гэж байсан. Монголд анх өнгөт зурагт угсарч техникийн шинэ
дэвшилд хүрч, олон түмэндээ итгэл үнэмшил төрүүлж байсан түүнд шатахууны үйлдвэртэй
болчих бодол тархи оюунд нь бичээстэй л байгаа. Тэр бол бүх зүйлийг шинжлэх ухааны
нарийн үндэслэлээр хийдэг хүн юм. Бүтэн өдөржин хуучлаад ч цаана хичнээн ярих юмтай
гавьяатынхаас гарах ахуйд гэрийн эзэн дотночилж ирээд “Танай “Өдрийн сонин” л тавдугаар
цахилгаан станцыг ашиг­лалтад оруулна, Монгол Улсынхаа тавин хувийг хангадаг шатахууны
үйлдвэрийг бариулж чадна, хувийн хэвшлийг дэмжиж бүтээн байгуулалтын төлөө та бүхэн
дуугарч буйд миний бие сэтгэл өег байдаг юм” гэж хэлээд хоцорсон билээ. Ийнхүү ерээд
оны сүүл үе хүртэл үйлдвэрээ дагнан ажиллуулж 20 мянган өнгөт зурагт, тэр л хэмжээний
тоогоор тоологдох компьютер, радио хүлээн авагч, телефон аппа­рат, сансрын телевизийн
систем үйлдвэрлэн, Монголын төрд эдийн засаг хүнд байсан цагт арваад тэрбум төгрөгийн
хөрөнгө оруулалт оруулсан “Монел”-ийн гэх тодотголтой эрхмийнд өнжсөн тэмдэглэлээ
тоймлон хүргэхэд ийм байна.

Н.ГАНТУЛГА                 

Categories
редакцийн-нийтлэл

Л.Дашболд: Украины хямралаас үүдэн Крымийн татарууд дүрвэж эхэлжээ

Олон улсын судлаач Л.Дашболдтой
ярилцлаа.

-Украины иргэд хоёр
хуваагдаж улсаа мөхөөх хэмжээнд асуудал хурцадсан. Их гүрнүүд ч үүнийг дагаад хоёр
хуваагдаж Украины хямрал дэлхийн том гүрнүүдийг зөрчилдүүлж байна. Судлаач хүний
хувьд асуудлыг яаж харж байна вэ?

-Өнгөрсөн оны сүүлээс эхлээд Украинд улс
төрийн тогтворгүй байдал үүссэн. Европын холбоонд элсэх шалгуурыг Украин хангасан
гэх мэдээллээс үүдэн энэ тогтворгүй байдал, улс төрийн жагсаал, тэмцэл эхэлсэн гэж
болно. Үүнд Орос улс ихээхэн дургүйцэх нь ойлгомжтой. Яагаад вэ гэвэл Украин хийгээд
Зөвлөлтөөс салан тусгаарласан орнууд Оросоос эдийн засгийн асар их хамааралтай.
Тэд Оросоос хамааралтай байна гэдэг нь Оросын эдийн засгийн тодорхой хувь эдгээр
жижиг орнуудад байдаг гэсэн үг. Украины хувьд л гэхэд 80 гаруй хувийн эдийн засгийн
хамааралтай байдаг. Харин таван хувийг Турк, 15 хувьд нь Америк, Европ эдийн засгийн
нөлөөллөө тогтоож чадсан. Хамгийн гол зүйл нь Оросоос Европ руу хүрэх байгалийн
хийн хоолой Украинаар дамжсаных. Тиймээс Орос өөрийн эдийн засаг, геополитикээ хамгаалах
зайлшгүй шаардлага урган гарч ирсэн. Украин Европын холбоонд элссэнээр Оросын эдийн
засаг, аюулгүй байдалд шууд сөрөг нөлөөлөл ирэх учраас хатуу байр суурь баримтлах
нь ойлгомжтой байсан. Эндээс үүдээд 2014 оны хоёрдугаар сарын сүүлээр Киевт үймээн
гарч В.Януковичийн Засгийн газар нуран унаж улс төрийн сөрөг хүчин нь бүх засгийнхаа
эрхийг авлаа. Янукович хийгээд түүнээс өмнөх бүх удирдлагууд нь Оросын талыг баримталдаг
байсан.

-Асуудал эндээс хурцадсан
нь ойлгомжтой. Харин өнөөдөр тухайн бүс нутагт байдал ямар байгаа бол. Их гүрнүүд
эдийн засгийн дайныг аль хэдийнэ хийж эхэлсэн гэсэн мэдээллийг олон улсын шинжээчид
хийж байгаа?

-Крымд амьдардаг хоёр сая 460 мянган хүнээс
1.2 сая орос үндэстэнээ хамгаалахаар ОХУ цэргээ орууллаа. Асуудал ингэж эргэхээр
АНУ-ын 300 цэрэг нисэх онгоцтойгоо Польшид буусан байна. Америкийн флотын усан онгоцнууд
Хар далайд очих гэнэ. Орост эдийн засгийн хориг арга хэмжээг авахаа АНУ, Европын
холбоо мэдэгдсэн. Энэ нь гурван үе шаттай байх гэнэ. Эхний шатлал нь ОХУ-ын удирдах
албан тушаалтнууд визгүй зорчихыг болиулах. Хоёрдугаарт бусад орнууд руу хийдэг
худалдаа наймааг зогсоох гэнэ. Дараа нь бүрэн хэмжээний эдийн засгийн хориг арга
хэмжээг авахаа мэдэгдлээ. Гэтэл үүнийг манай урд хөрш эсэргүүцэж Оросын талыг хамгаалсан
мэдэгдэл хийсэн юм. “Ийм хориг арга хэмжээ, боолтоор бус эв зүйн аргаар асуудлыг
шийдэх учиртай” гэж Хятадын тал мэдэгдэж байгаа юм. Хэдий жижиг орон ч дотоодын
хямрал нь дэлхий нийтийг хагаралдуулсан, өөрийн улсыг мөхөөж ч болох аюултай гэдгийн
жишээ болж байна. Түүнчлэн эдийн засаг нь Оросоос шууд хамааралтай орнууд энэ асуудалд
их эмзэгээр хандаж байгаа. Жишээ нь Герман байна. ХБНГУ-аас Оросын зах зээл дээр
үйл ажиллагаа явуулдаг, тэндээс бүтээгдэхүүн авдаг, хамтран ажилладаг зургаан мянган
том компани байдаг. Франц улс ч ялгаагүй ОХУ-ын талд байр сууриа илэрхийлж байна.
Өмнө нь Украины талаас бас ийм асуудал үүсгэхэд Герман байгалийн хийгээ Оросоос
шууд авдаг болохын тулд Балтийн тэнгисийн доогуур хоолой татах ажлыг эхлүүлсэн.
Тухайн хоолойг гүйцэтгэж байхад дахин асуудал үүслээ. Үүний зэрэгцээ Польш Украинд
шатдаг занарын маш их нөөц илэрсэн. Тиймээс Европын холбоо Оросоос бус тухайн ордыг
ашиглаж байгалийн хий авдаг болъё гээд төсөл хэрэгжүүлж Америкийн Шерл гэдэг компани
шалгарч малтлагаа эхлүүлсэн нь энэ бүхний цаад асуудал нь болж байгаа.

-Иргэдийн бослого жагсаал
намдсан уу. Өнөөдөр ямар хотуудад иргэд ямар шаардлага тавин жагсч байна? 

-Яг өнөөдөр Домбаск, Донецк хотуудад асуудал
хурц хэвээрээ байгаа юм. Дээрх хоёр хотод орос хэлтэн иргэд жагсч байгаа бол Симферополь
хотод цөөн тооны Украин хэлтэн жагсч байгаа мэдээлэл хамгийн сүүлд гарсан байна.
Орос хэлтэн иргэд Засгийн газрынхаа үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа нь ойлгомжтой.

-В.Януковичийг нас барсан
гэх мэдээлэл байгаа ч В.Путин эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн. Олон улсад үүний талаар
юм ярьж, бичиж байна уу?

-В.Януковичийг дотоод эрхтэний хорт хавдраар
нас барлаа гэж жижиг эмнэлгийн нэгэн эмч мэдэгдсэн байна лээ. Гэхдээ тэр нь баттай
мэдээлэл биш юм. Яагаад гэвэл В.Януковичийг Европын улсууд хүн төрөлхтөний эсрэг
гэмт хэрэг хийсэн гэсэн ялд унагасан. Иймд В.Янукович ОХУ-д ирэх нь ирсэн. Гэхдээ
нас барсан гэдэг нь бүрэн дүүрэн батлагдаагүй байна.

-Талууд цэрэг, зэр зэвсгээ
бэлдээд л байна. Бас хэлэлцээр хийх гэж оролдож байна. Асуудал хэрхэн шийдвэрлэгдэх
бол?

-Тав хоногийн өмнө В.Путин мэдэгдэл хийлээ.
“Бид зохицож чадвал цэргээ гаргахад бэлэн” гэсэн. Юугаар зохицох юм гэвэл Украин
нэгдсэн юм уу холбооны улсын системд шилжвэл бид цэргээ гаргахад бэлэн гэж байгаа
хэрэг. Шууд хэлбэл Крымийн хойг болон Украины зүүн хэсгийн хотуудад тусгай эрх олгож
холбооны улсын статустай болгож автономийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Жишээлэхэд
Крымийг асуудлаа бие даан шийддэг байхыг нь хүлээн зөвшөөрвөл ОХУ тухайн хэсгийг
өөртөө нэгтгэхийн тулд улайран тэмцээд байхгүй гэж байна. ОХУ хэдхэн хүний төлөө
бус хэдэн сая хүний эрх ашгийн төлөө байгаа учраас хэзээ ч ухрахгүй гэдгээ хатуу
илэрхийлсэн. 

-Өнөөдөр Украиныг удирдаж
байгаа улс төрийн сөрөг хүчнийхэн ямар байр суурьтай байгаа бол. Нутгийн уугуул
иргэд буюу цөөнх гэгдэх татарууд ямар байр суурьтай байна?

-Улс төрийн сөрөг хүчин нь хэт барууныг барьж
нутгийн иргэдээ талцуулснаас болж ийм байдалд хүрсэн. Нэг өвгөн ярихдаа өнөөдрийн
ийм байдал үүсээсэй гэж 23 жил хүлээлээ гээд уйлж байна. Яагаад вэ гэвэл Украинд
орос хэлтэй хүмүүс хавчигдаж, гадуурхагдаж байсны илрэл. Хоёрдугаарт татарууд
1988 онд өөрчлөн байгуулалт эхлэхэд Крымд очиход Украин иргэд газар нутгийг нь өгөхгүй,
байшин савыг нь өгөхгүй асуудал үүсгэж байдал ихээхэн хурцдаж байсан. Асуудал намжиж
байтал дахиад дайны сураг сонстож улс төрийн хүчнүүд иргэдээ талцуулсан. Олон зууны
турш дайн байлдааны хөлд талхлагдсан татарууд үүнээс айж Украинаас дүрвэж эхэлсэн
байна. Усан онгоц хийгээд галт тэргээр үндэсний цөөнхийг бүрдүүлэгчид нь гарсаар
байна. Харин орос иргэд байр сууриа хадгалж, тэмцэхийн тулд тогтвортой суурьшиж
байгаа.

-Ихэвчлэн хаашаа гарч
байгаа бол, татарууд?

-Казанийн татар руугаа нүүж эхэлснийг мэдээлж
байна. Зарим нь Европын холбоонд Украин элсвэл цаашаа цагаачлах зорилгоор баруун
бүс рүүгээ нүүж эхэлсэн сурагтай. Гэхдээ тэнд үлдэж байгаа татарууд олон байгааг
хэлэх ёстой байх.

-Бас санал асуулгыг
энэ сарын 18-нд явуулна гэж байгаа. Үүгээр асуудлын бараг нэг талд нь гарах байх?

-Крымийн хэсэг ОХУ-д нэгдэх үү, Украины харьяалалд
үлдэх үү гэсэн сүүлийн үед дэлхийн жишигт 
байгаагүй санал асуулга явуулах гэж байна. Иргэд нь санал асуулгаар асуудлаа
шийдэх ч дүн гарахад газар нутагтайгаа нэг тийш болно гэсэн үг. 

-Та Украин тусгаар улс
болохоос өмнө Крымд суралцаж байсан. Зөвлөлтийн үед тухайн бүс нутаг ямар байв?

-Биднийг 1980 оны дундуур Украинд сурч байхад
Севастополь нь цэргийн хаалттай хот байсан. Учир нь тэнд атомын зэвсэг агуулсан
цэргийн том флот байдаг байсан юм. Турк гэж НАТО-гийн гишүүн орон урд нь байдаг
учраас ингэж цэргийн төвлөрсөн хүчийг байлгадаг юм. Одоо ч оросууд мөнгөө төлж тэнд
цэргийн анги, усан флотоо байрлуулж байгаа. Намайг тэнд амьдарч байхад зөвлөлт задраагүй
байсан учраас их амгалан байлаа. Хаалттай хот руу оруулахгүй нь ойлгомжтой ч амралт
зугаалгын хамгийн таатай орноор шалгардаг байсан. Манай цэргийн сургуульд л гэхэд
22 орны оюутан ирж суралцдаг байсан юм. Тэр үед дайн байлдаан болж байсан Ливан,
Йемен, Палестины цэргүүд түргэвчилсэн сургалтад гурван сар хамрагдаад эх орон руугаа
байлдахаар явдаг байсан. Социалист системийн Болгар, Чех, хөрөнгөтөн орон Энэтхэгээс
олноороо очиж суралцдаг цэргийн төвлөрсөн бааз орон байлаа. Үнэхээр олон үндэстэн
ирж буцаж суурьшдаг тийм таатай байсан. Жилд хоёр удаа ургац авдаг учраас хүнсний
гачигдалд орох гэх мэт асуудал огт гардаггүй.

-Тэгвэл Зөвлөлтөөс салан
тусгаарлахдаа ямар хүч нөлөөтэй байсан бол. Зөвлөлтийн цэргийн төвлөрсөн цэг байсан
гэсэн?

-Тухайн үед Крым, Украины нутаг дэвсгэрт
Зөвлөлтийн цэргийн асар том хүч байдаг байсан. Үүнийг Украин өөртөө авч үлдсэн.
Танкийн дивизээс эхлээд явган цэргийн анги нэгтгэлүүд, нисэх хүчин гээд цэргийн
томоохон бааз Украины мэдэлд үлдсэн байдаг юм. Үүнээс гадна цөмийн цэнэгтэй 50 хошуу
Украинд үлдсэн. Үүнээс том гүрнүүд эмээж байсан. Шинэ тулгар орон цөмийн зэвсэгтэй
байна гэдэг нь дэлхий  нийтийн энх тайван,
аюулгүй байдалд ихээхэн сөрөг нөлөөтэй гэж яригдаж эхэлсэн байдаг юм. Энэ үүднээс
цөмийн зэвсгийг устгах Америк, Оросын зөвшилцөл явагдаж Брюселийн уулзалтыг
1990 оны дундуур зохион байгуулсан. Тэгээд дэлхийн цөмийн зэвсэгтэй орнуудыг нэрлэхэд
Украин тавдугаарт жагсаж байлаа. Тиймээс тэнд Европын холбоо санаачилга гарган ОХУ
Украины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч оронд нь 50 ширхэг цэнэгтэй цөмийн хошуугаа
авах наймаа явагдсан байдаг.

-Газар нутгийн хувьд
ч нэн таатай бүс нутаг гэдэг үнэн үү?

-Крымийн хойг нь Хар далай руу түрж орсон
өвөрмөц нутаг. Энэ нутаг үеийн үед том улс гүрнүүдийн сонирхлыг ихээр татаж ирсэн.
Учир нь хөрснөөсөө эхлээд зөөлөн цаг ууртай, жилийн ихэнх улирал дулаан байдаг гээд
газар зүйн талаас нь авч үзвэл хүн төрөлхтөн оршин амьдрахад нэн таатай. Ийм атлаа
уулархаг, өндөр уулын өвс ургамлаас авахуулаад халуун орны мод бут ч элбэг ургадаг.
Үүн дээр далайн эргийг сүүлийн үед ашиглаж аялал жуулчлалыг хөгжүүлж байна. Газар
зүйн талаасаа ийм өвөрмөц бол ОХУ Европын хооронд оршдог гэдгээрээ мөн ач холбогдолтой.
Энэ нь өөрсдөд нь таагүй ч том гүрнүүдийн эрх ашиг шингэсэн эдийн засгийн гол учраас
л нарлаг Крым талцал, хуваагдлын гол бүс болчихоод байна.

-Украин гэдэг улс
20 жилийн өмнө байгуулагдаж Крымийг өөртөө нэгтгэсэн. Үүнээс өмнө Крым хэрхэн оршин
тогтнож ирсэн юм бол?

-Түүхийн хуудсыг сөхвөл барагдахгүй зузаан.
Хамгийн анх Грекийн цэргийнхэн ирж суурьшиж байсан гэж үздэг. Түүний дараа Ромын
эзэнт гүрэн, Александр хаан гээд хэдэн талаас нь улс үндэстэнүүд ирж суурьшиж байсан
юм билээ. Монголчууд ч Крымийн хойгийг байлдан дагуулж үүх түүх, өв уламжлалаасаа
үлдээсэн байдаг. Бат хааны үед Москваг эзэлсний дараа Крым Монголын мэдэлд шилжиж
ирсэн. Үүний дараа Литвүүд хүчирхэгжиж Украиныг эзэлж авсан. Тэд Украиныг эзэлсэн
ч Крымд ноёрхлоо тогтоож чадаагүй. Крым гэдэг нэршил монголчууд очсоноос хойш дуурсагдах
болсон. Крым нь Алтай язгуурын хэл кэрэм буюу хэрэм цайз гэсэн үгнээс гаралтай юм.
Литвүүд тус хойгийг эзэлж чадаагүй нь Алтан ургийн бага хаадын үр удам хийгээд түүний
дайчин цэрэг татарууд тэнд байсантай холбоотой. Дараа нь Польш зүүн Европод хүчирхэгжиж
байлдан дагуулж байхад ч Крым тусгаар байсаар ирсэн.

Турк улсынхан ч хүчирхэг усан цэргийн армиараа
дайрч байсан ч тэд үүнийг үл ажран сөрж зогсон тусгаар тогтнолоо авч үлдсэн. Гэтэл
одоогоос 300 жилийн өмнө Герман, Австри, Оросын эвсэл Польшийг хувааж авсан түүхтэй.
Тэгэхэд Украин, Крым Польшийн мэдэлд байсан хэрэг. Ингэхэд Австри баруун урд хэсгийг
нь, Төв Польшийг Герман, Украйн болон Крымийг Орос буюу тухайн үед Екатерина II
мэдэлдээ авч байсан нь тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс хойш Крым автономит статустай
болсон. Харин 1918 онд дэлхийн нэгдүгээр дайн дуусч Орос оронд 1917 онд октъябрийн
хувьсгал ялах үед Украин тусгаар тогтносон. Украины тусгаар тогтнол дөрвөн сар болоод
эргээд унахад Крым автономит улс хэвээрээ л үлдсэн түүхтэй. Крымский автономит орон
хэмээгдэж Оросын харъяанд байсан гэсэн үг. Түүх үргэлжилсээр 1980 оны сүүлээр Горбачевыг
төр барьж ахуйд Зөвлөлтөд өөрчлөн байгуулалт эхэлсэн. Зөвлөлт задрахад Белорус,
Украин, Армен, Гүрж зэрэг стан орнууд бүгд салан тусгаарласан нь өнөөгийн төрхөөрөө
байгаа гэсэн үг.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Хэтэвчин дэх хэдээ цаас болгохгүйн тулд яах вэ?

1993 оноос ам.долларын ханш ингэж өсчээ

Африкийн
нэг орны иргэд цалин­гаа авах гэж ажилдаа шуудайтай ирж, нөгөөхөө дааж ядан гэрийн
зүг гэлдэрцгээдэг гэсэн ёжлонгуй яриа бий. Тэд шуудай дүүрэн мөнгө авдаг хэр нь
өдөр хоногийг амь зуусан маягтай өлөн зэлмүүн өнгөрөөдөг. Үндэсний мөнгө нь цаас
болчихсон гэсэн үг. Үндэснийх нь мөнгөн тэм­дэгтийн ханш хурдацтай унаж бай­гаа
орны тоонд жилийн дотор төгрөгийн ханшаа гуч гаруй хувиар унагачихсан  Монгол орж магадгүй болжээ. Хэдэн тоо хэлье.
1993 онд бид нэг ам.долларыг 295 төгрөгөөр авч байж. Харин өнөөдөр 1780 гарчихаад
давхиж явна. Эдийн засаг­чид 2000 давахыг үгүйсгэхгүй байгаа.

 
ӨНДӨР АВСАН ДОЛЛАРЫН ХАНШААС БОЛЖ ХОХИРОГСОД

Эхний
хохирогч нь авдаг хэд нь нэмэгдээгүй энгийн иргэд. Жилийн дотор  төгрөгийн ханш 30 хувиар унасан гэхээр  хэтэвчин дэх 
арван мянган төгрөгийн маань  гурван
мянга нь алга болчихсон гэсэн үг. Арван мянган төгрөгөөр жилийн өмнө таван килограмм
цагаан будаа авдаг байсан бол өнөөдөр гурван килограмм гаруйг  л авч байна. Ноён долларын ханш энэ янзаараа өгсөөд
байвал ирэх жил арван мянгаар хоёр килограмм будаа авч таарна. Хэтэвчинд ингэж нөлөөлдөг
учраас хүн бүр долларын ханшийг сонирхдог. Ерөнхий сайдын хэлснээр  өндгийг тансаг хэрэглээ гэж бодоод хоолны цэснээсээ
хасаад ч авдаг хэд маань юу ч болохгүй байгаа. Сүүлд сайд маань цагаан гурил авч
идэж чадахгүй бол бор гурил, бүр болохгүй бол арвайн  гурил ид гэж зөвлөнө лээ. Долларт дээрэл­хүүлэхгүй
амьдрахын тулд яах ёстой вэ гэж асуусан иргэддээ зас­гийн өгсөн зөвлөгөө гэвэл одоохондоо
энэ л байна. 

Дараагийн
том хохирогч нь төрийн дураараа зарцуулдаг 
мөн­гийг олж өгдөг бизнес эрхлэгчид. Мартын наймны  өмнөх өдөр 
тэд МҮХАҮТ дээр цугларч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. “Валютын ханшийн өсөлт
бизнест нөлөөлж буй байдал” гэсэн сэдвээр халуухан яриа өрнө­сөн. Монгол банк, Засгийн
газрыг ханшаа барьж чадахгүй, сул тавь­чи­хаад юу ч хийхгүй байна гэх шүүмжлэлийг
бизнес эрхлэгчид    ам нийлүүлэн хэлнэ лээ.
Өнгөрсөн жилээс буюу доллар өсч эхэлснээс хойш танхимд яг энэ асуудлаар 120 бизнес
эрхлэгч ханджээ. Валютын ханшийн зөрүүнээс болж дөчөөд компани 23 тэрбум төгрөгийн
хохирол хүлээсэн гэх барим тавим жишээ ч дуулдсан. Үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнес
эрхлэгчдийн нэлээд нь долларын зээл авсан байгаа. Тэдэнд ам.долларын ханшийн чангарал
том ачаа болж байгаа юм билээ. Танхим хохирсон бизнесүүдийнхээ эрх ашгийг хамгаалж
тун удахгүй мэдэгдэл гаргахаар болж. Танхимын дарга нэгдсэн журмаар шүүхэд хандахаар
болсноо ч энэ үеэр дуулгана лээ. Төгрөг үнэгүйдсэнээс болж их хэмжээний хохирол
амссан бизнес эрхлэгчид эдийн засгийн тайван жагсаал хийхээр төлөвлөсөн гэх сураг
бий. Жагсаал цуглаандаа хүрсэн гэхээр долларын ханшийг хазаарлахгүй бол байдал эвгүйдэж
магадгүй нь. Бизнес эрхлэгч, бая­лаг бүтээгчдийн  эрхийг хамгаалдаг танхимын хувьд долларыг “захир­гаадах”
хэрэгтэй гэж  үзэж байна. Засаг зургадугаар
сард гадаадын хөрөнгө оруулалт сайжирна, тэр болтол доллар өсч, төгрөг унаж л байг
гэсэн байр суурьтай байгаа. Харин бизнес эрхлэгчид тэр хүртэл долларыг хүчээр хазаарлах
хэрэгтэй гэсэн бодолтой байна.

 

ТӨГРӨГӨӨ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БОЛГОХ ЭНГИЙН АРГУУД

Уг
нь бид үндэсний валютаа үнэ цэнэгүй  болтол
нь байдгаа барчихсан улс биш л дээ. Баялагтай, ирээдүйд хөгжих боломжтой гэгдэж
буй орны нэг. Хэтэвчин дэх хэдэн төгрөгөө үнэ цэнэтэй байлгах бүрэн боломжтой. Ер
нь бол долларыг өсгөхгүйн тулд ингэх ёстой гэж ирээд алс ирээдүйн бодлогын юм яриад
яахав. Яг одоо яавал долларын ханшийг тэнгэрт тултал өсгөхгүй байх вэ гэдэг дээр
хэдэн санаа байна.

Ерөнхий
сайд иргэддээ “тансаг­лаж болохгүй, тэгвэл доллар ингэж аймаар өсөхгүй” гэж зөвлөсөн.
Төрд энэ зөвлөгөөг нь эргүүлээд хэлмээр шалтгаан зөндөө байна. Төр нь тансаглахаа
больчихвол долларыг хазаарлахад дажгүй нөлөө үзүүлнэ. Эхлээд хийх ажил бол төсөв
баталдаг аргаа өөрчлөх. Манай парламент тэр аймгийн тийм сумын худгийн засварт  төчнөөн төгрөг гэж ирээд  объект нэг бүрээр нь задалж байгаад алхаа тогшдог.  Тойргийнхоо бүх л асуудлыг шийдүүлэх гэж улайрдаг
улстөрчдөөс болж төсөв жилээс жилд үрэлгэн гэсэн шүүмжлэл сонсдог. Уг нь төсөв гэдэг
гишүүн бүрийн  хүслийг биелүүлдэг алтан загас
биш. Энгийнээр хэлбэл нэг айлын төсвийн томосгосон хувилбар. Батынх  жилд олж байгаа мөнгөндөө тохируулж төсвөө зохиодог.
Гайгүй мөнгө олохоор бол машинаа томруулна, орлого жаахан тийм бол хуучин машинаа
унах шийдвэр гаргадаг. Яг үүн шиг Монгол гэдэг улсын  эдийн засаг хэцүүхэн үед шаардлагатай биш зардлуудаа  танахаас өөр аргагүй. Эргэдэг тайзтай театр тийм
амин хэрэгцээтэй юу гэвэл үгүй. Тэгэхээр төсвөө обьект нэг бүрээр нь биш эдийн засгийнхаа
чадалд тааруулж баталмаар байгаа юм. Одоо гэхэд төсөвт тодотгол хийгээд аминд тулаагүй  зардлуудыг нь хасах боломж бий. Долларыг хазаарлах
боломжийн аргын нэг.

Монгол
банк, Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж зарлаад баахан төгрөг хэвлэсэн.
Төгрөг нэмж хэвлэх тусам байгаа цөөхөн долларын ханш өсөх нь жам. Доллар ингэтлээ
өсчихсөн үед  шатахууны үнэ гайгүй байгаа
нь, ийм олон гоё барилга сүндэрлэсэн нь төгрөг хэвлэсний ач гэдгийг эдийн засаг
гадарлахгүй нөхөд ч ойлгочихно. Барилгын компаниудаа дэмжиж байна гээд  баахан мөнгө өгсөн. Үнэ тогтворжуулна гээд шатахуун
импортлогчдод өчнөөн мөнгө зээлсэн. Үнэ тогтворжуулах гэдэг нэрээр нэмж төгрөг хэвлэхгүй
байх нь доллар чангарахгүйн өөр нэг том  шалтгаан.
Зүй нь мах, бензиний үнэ зах зээлийнхээ жамаар өгсөх үедээ өгсөөд, уруудах үедээ
уруудаад явах учиртай гэж шинжээчид онцолдог.

Бэлэн
мөнгө тараадаг сувгуудаа багасгавал төгрөгийн үнэ цэнийг аврах бодитой алхам болж
чадна гэж олон эдийн засагч хэлдэг. Сонгуулийн популизмаас болж тарааж байгаа мөнгийг
хэлээд байна л даа. Хамгийн тод жишээ нь сонгогчдын багагүй хэсгийг эзэлдэг оюутнуудад
өгдөг далан мянган төгрөг  байна. Жил бүр
160 мянган оюутан сар болгон 70 мянган төгрөг авдаг гэсэн статистик бий. Оюутнуудын
гар дээр ганцхан сарын дотор очдог төгрөгийн хэмжээг сонирхоход 11.200.000.000 гэсэн  уртаас урт тоо гарч байна. Төгрөгийг их хэмжээгээр
зах зээлд гаргаж байгаа дараагийн нэг хэлбэр нь хүүхдийн мөнгө. Төрөөс сар бүр нэг
хүүхдэд 20 мянган төгрөг өгдөг. Саяынх шиг үржүүлээд харуулбал аймаар тоо гарна.
Маргарет Тетчер засгийн эрхэнд байхдаа  хүүхдийн
сүүний мөнгийг хасах шийдвэр гаргаж байсныг энд жишээлмээр байна. Ээжүүд тэр үед
төмөр хатагтайг хэрцгий, хатуугаар нь дуудаж таагүй хандсан ч одоо бол эдийн засгаа
аварсан мундаг Ерөнхий сайд гэж Англи даяараа хүндэтгэн дурсдаг. Хүүхдийн хорь,
оюутны дал дээр ийм зориг хэрэгтэй шиг санагддаг. Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд
манай төрийн түшээдэд хавтгайруулж цацдаг халамжаа тана, бүр болохоо байсан хэсэгтээ
л халамжийн бодлогоо чиглүүл гэж улиг болтлоо зөвлөсөн ч төр популизмаасаа татгалзаж
чадахгүй яваа.

Олон
улсын валютын сангаас  групп урьж өнөөдөр
үүсээд буй байдалдаа анализ хийлгэж дүгнэлт гаргуулах хэрэгтэй гэсэн гарцыг эдийн
засагчид онцлоод эхэллээ. Ийм хямралыг ОУВС-гийн дэмжлэггүйгээр давахад хэцүү. Энгийнээр
хэлбэл долларын зээл авч байж л төгрөгийн ханшаа өсгөнө. Нийтлэлч Д.Жаргалсайхан
саяхны нийтлэлдээ “Ахиухан зээл авахын тулд гишүүний оролцооны татвараа нэмэгдүүлэх
шийдвэр саяхан гаргасан нь Засгийн газар үүнд бэлдэж буйг харуулав. Харин энэ удаа
ОУВС-гийн зээл (Standby Аgreement) нэлээд хатуу нөхцөлтэй ирнэ гэдгийг Монголын
төр засаг 2009 оны туршлагаасаа мэдэж байгаа. Хөгжлийн банкны зээлийг улсын төсөвт
бүртгэх, Монголбанкийг мөнгө хэвлэхээ зогсоох зэрэг наад захын шаардлага тавивал
гайхах хэрэггүй” гэж онцолсон байна лээ.

Зээлээс
гадна гаднаас орж ирэх  доллараа нэмэх нэг
арга бол гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах.  Хөрөнгө оруулагчдыг татахын тулд “Рио” гэдэг том
хөрөнгө оруулагчтайгаа эртхэн учраа ололцох хэрэгтэй гэдгийг эдийн засагч, шинжээч,
хэвлэлүүд олонтоо онцолсон. Энэ удаа ч давтъя. Өөр нэг зүйлийг нэмж хэлэхэд гадаадын
хөрөнгө оруулагчдад эерэг сэтгэгдэл тө­рүүлье гэвэл төр бизнест оролцдог хандлагаа
өөрчилж, төрийн ком­па­ни байгуулж алдагдлыг нь төсвөөс нөхдөгөө болих хэрэгтэй
гэж бизнес эрхлэгчид хэлдэг. Ортой л үг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Дөнгөтийн ЦООДОЛ: Явуугүй өнгөрүүлсэн он жилүүд хөг нь алдарсан хуур шиг санагдах юм

Ардын уран зохиолч Д.Цоодол Явуухулан багшийнхаа хамт. 1979 он

Монгол Улсын төрийн шагналт Дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн
85 насны ой өнөө жил тохиож байгаа билээ. Эл эрхэм найрагчийн ойг тохиолдуулан түүний
шавь, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолтой ярилцсанаа хүргэж байна.

 -Явуу багшийн тань 85 насны ой тохиож байна. Яриагаа мэдээж Явуу
найрагчаас л эхэлнэ дээ?

-Цаг хугацаа гэж хурдан юм аа. Миний багш өнөөдөр сэрүүн тунгалаг
байсан бол наян тавтай өвгөн байж байх нь. Их л сэмбэгэр сайхан хүн байх байсан
даа гэж бодогдоном. Насанд нь жаахан цөв орсон болов уу гэж боддог. Ирж буцдаг нь
хорвоогийн жам юм. Явууг эргэж төрөөсэй хэмээн ард түмэн залбираад хоцорч билээ.
Багш маань олон түмэндээ жигтэйхэн хайртай, элгэмсүү найрагч байсан.  Явуу шиг ганган дэгжин нь тухайн үед ховор байжээ.
Мөн түүн шиг олон таван үггүй найрагч бас ховор байлаа. Найранд очихоос төвөгшөөдөггүй
хэрнээ дуулж хуурдана гэж байхгүй. Маш олон дуу бичсэн хүн шүү дээ. Дагвын Лувсаншарав
гуайтай гэхэд дөч гаруй дуу хийсэн гээд бодохгүй юу. Тийм олон дуутай хүн чинь хашгирч
болноо доо. Гэвч тэгээгүй. Уруулаа долоочихоод л сууж байдаг сан. Улаа бутарсан
царай, урсгал хар нүдтэй. Махир гаанс зуучихна. Ер нь гаанс цуглууламтгай хүн шүү.
Түүнийг өнгөрснөөс хойш яруу найрагт маань ямар чиг том орон зай үлдэв дээ. Явуугүй
өнгөрүүлсэн он жилүүд хөг нь алдарсан морин хуур шиг санагдах үе байдаг.

-Ингэхэд та чинь багштайгаа хэрхэн яаж танилцаж байв. Шаравын
Сүрэнжав гуай танилцуулсан гэдэг?

-Би чинь юмыг их мартамхай, салан палан хүн. Гэхдээ нэг зүйлийг мартдаггүй,
мартаж боломгүй юм гэж бас байдаг байх нь. 1966 оны зургадугаар сарын 17-ны  өдөр юм. Би гэдэг хүн Төв аймгийн Зуун мод хотын
баруун захад галлагаатай ганц өрөөнд амьдарч байсан үе. Залуучуудын эвлэлийн ажил
хийж байгаа ухаантай. Тэр цагт надад бусдад үзүүлж харуулах зүйл байсангүй. Харин
“найрагч болноо” гэх зүйл зүрх сэтгэлд хадгалаастай байсан. Галлагаатай ганц өрөөгөө
“Чонын хонгил” гээд нэрлэчихсэн тийм л ядмагхан амьтан дээр Явуу багш гэнэт хүрээд
ирж билээ. Хотоос автобус дүүрэн зохиолч Төв аймагт ирж уулзалт хийсэн юм. Сүрэнжав
өмнө нь надтай нэг удаа уулзсан учир намайг мэдэж байж. Аймгийн утга зохиолын нэгдлийнхэн
гэдэг жагсаал тараах гэж байгаа цагдаа нар шиг төвийн том найрагчид руу усан шүлгээрээ
шүршинэ. Сүрэнжавыг өмнө нь би бас л шүршээд явуулсан хэрэг. Гэхдээ цаад чинь надад
их сайхан урмын үг хэлж, чи чинь авьяастай юм байна гээд явсан. Ингээд л дараа нь
Явууг дагуулаад ирсэн хэрэг. Явуу ягаан буурал костюмтай, өндөр өсгийтэй ботинктой
жигтэйхэн, сүрдмээр хүн санагдаж билээ. Тэр хоёр сайндаа ирсэнгүй, хүмүүс цуглах
хооронд ороод гаръя гээд ирж. Аз болоход надад хугас шил юм байсан. Түүнийгээ гаргалаа.
Өнөө хоёр чинь хуваагаад хүртчихлээ. Тэгэхэд би хоёр шүлэг уншиж өгсөн юм. Багш
“Чи над дээр яваад очоорой. Би чинь Цог сэтгүүлийн утга зохиолын нарийн бичгийн
дарга” гээд сэтгэл зассан үг хэлсэн юмдаг.

-Таны анхны ном “Нутгийн зургаан өнгө”-ийн өмнөтгөлийг Явуу багш
тань бичиж гаргасан билүү?

-Жаран найман онд багш дээрээ очсон. Явуу багш миний арав гаруй шүлгийг
өмнөтгөл үг бичээд “Цог” сэтгүүлд тавьсан. Хөдөөгийн шүлэгч надад түүн шиг том баяр
гэж юу байхав. Тэгж би багшаасаа яруу найрагч болох “лиценз”-ийг авсан хувьтай хүн
юм. Төв аймгаас хотод ирэхдээ Явуу багшийндаа л ирнэ. Өөр надад очоод байх айл гэж
байсангүй. Манай хүн гэртээ бол султаан шиг л байна. Эрээн өнгийн халаад өмсчихсөн,
гал тогооныхоо өрөөнд эргэлдээд л. “Зуун муу зохиолчийг нийлүүлээд нухчихсан юм
шиг лут амьтан даа” гэж Ванганыгаа магтаад л. “Манай энэ олигор бас мундаг даа”
гэж “Үер” киноны Болд өвгөн буюу ардын жүжигчин Сангийн Гэндэнгээ хэлээд л байж
байна.  Багш ер нь хүнийг муу хэлж байсан
удаагүй. Жижигхээн юманд хүүхэд адил баярлахыг нь яана.  Өөрийгөө мундаг тогооч гэж магтана аа. “Удвал
дарга намайг сайн тогооч гэсэн” гээд өнөө цуйвангаа л хийнэ. Зохиолчид хөдөө явахад
Явуу багш нэг удаа цуйван хийснийг нь Удвал гуай “Чи чинь сайн тогооч юм байна”
гэчихэж л дээ. Явуу ганганыг бүгд мэднэ. Гэхдээ мань хүн шинэ костюм өмсчихөөд хүнээр
заавал магтуулж байж санаа нь амардаг сан. Энүүхнээс нь харахад л хүүхдэрхүү гэдэг
нь мэдрэгдээд байдаг.

-Жинхэнэ уянгын яруу найргийн оргил гэдэг. Энэ тухайд та юу хэлэх
вэ?

-Тэр үнээн. Явуугаа оргил гэхгүй юм бол хэнийгээ тэгж бардамхан хэлэх
билээ. Шүлэг бүрээс нь, шүлгийнх нь мөр нугалаа бадаг бүрээс Явуу цухалцаж байдаг
нь гайхмаар. Явуу ханхлаад, Явуу уянгалаад байна шүү дээ.

Ухаандаа, “Туулайн гүйдэл шиг салхинд

Туулын шугуй найгана

Уулын согоо шиг хүүхэнд

Хайрын сэтгэл дасна…”,

…Мөнгөн аяга шиг гараас чинь

Туулын уснаас амсах юм сан

Мөнхийн усыг уусан юм шиг

Танхил чамтай амьдрах юм сан….” гэдэг ч юм уу, эсвэл

“Харахаас ялдам хонгор бүсгүй ээ

Хайрын тухай битгий дуулаач

Наалинхай хонгор аашаа дэлгэж

Надад битгий нүүр үзүүлээч

Дэнлүү хоёр нүдэнд чинь

Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна

Дэвүүр хоёр сормосонд чинь

Дэнжийн ногоо шиг ганхаад байна…

…Дэнлүү хоёр харцтай чинь би

Дэндүү эрт тулгарч дээ, хөөрхий

Дээж найргаа гүйцээсэн бол ч

Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай… гэхэд л Явуу байдаг.

“Найран дээрээс гараад иртэл

Намрын навчис хийсч байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Нарлагхан намар зэллэн одлоо

Салхи ч үгүй нам гүм байтал

Шарласан навчис хийсч байлаа

Санаанд ч үгүй аж төрж явтал

Санчигны минь үс цайж байлаа

Налгар тэнгэрээр шувуудтай цуг

Зэллэсэн бүхэн эргэж ирнэ

Намрын навч шиг надаас хийссэн

Залуу нас минь л эргэж ирэхгүй” гэдэг ч юм уу. Эрдэнийн сувд
шиг шүлэг бүрээс нь л асгаруулмаар байна. Мань мэтийн юмнууд чинь ганц хоёр аятайхан
мөр бадаг биччихээд түүндээ ханачихдаг. Явуу бол тэгдэггүй байсан. Өөрийгөө жинхэнэ
утгаар нь нэрж, шүлгийг цогцоор нь бүтээж байж л сая санаа нь амрах нь тэр ээ.  “Янхигар” Явуухулан гэдэг чинь ёстой янхийлгадаг
л байсан байхгүй юу. Багш маань хэзээ ч таргалж, айлхаж байсныг мэдэхгүй юм. Одоо
чинь хүмүүс хэлтсийн дарга болоод л алхайтал таргалаад ирэх юм. Уул нь багш маань
амьтны жишгээр бол таргалах л хэмжээний хүн. Төрийн шагналтай, Дорно дахины том
найрагч, АИХ-ын депутат, Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга гээд л албан тушаалыг
нь хэлж барахааргүй. Гэвч бүх чадал дотоод энерги, энерциэ зөвхөн яруу найрагтаа
чин үнэнчээр зориулсан хүн юм даа. “Түлээчин”, “Сонин” гээд шүлгүүд байдаг. Гэхдээ
тэрээр иргэний уянгын шүлэг бичихдээ ч гэсэн нийтлэлийн аяс огт оруулалгүй, яг л
цэвэр найргаа урладаг байсан. Үндсэндээ яруу найргаа бүдүүн тоймын утсаар хэзээ
ч нэхэж байсангүй. Түүнийг яруу найргийн ёрог даавуу нэхээд сууж байсныг хэн ч хараагүй
нь тийм учиртай. Утга зохиолын дараа дараагийн үедээ багш маань ингэж л сургамжилжээ.

-Аав ээж удам гарлынх нь талаар та багшаасаа асууж байв уу?

-Багштайгаа жараад оны сүүлээр учирсан. 1970-аад онд гэхэд эх эцэг
нь өнгөрчихсөн үе. Аав тань юу хийж байсан хүн бэ гэж багшаас бага залуудаа асууж
байсан. “Ерөөсөө л анч хүн байсан” гэж хариулж байсан юм. “Тэхийн зогсоол” найраглалынхаа
өмнөтгөлд “Ачит эцэг анчин Бэгзийн гэгээн дурсгалд зориулав” гэсэн нь тийм учиртай
юм билээ. Аав ээж нь Ар, Өвөрхангайн хүмүүс байсан гэдэг шүү. Ан хөөж амьдардаг,
тэгж явсаар газрын цээжинд хангайн оргилд гарчихсан хэрэг л дээ. Дэжид гэж төрсөн
эгч нь байсныг мэдэх юм. Ядамжавын Баатар гэж 
судлаач бий шүү дээ. Тэр яалт ч үгүй 
садангийнх нь хүн. Харин багшийн маань Энхээ, Амараа гээд хоёр хүүгийнх нь
хүүхдүүд байлгүй яахав. Зарим нь Америкт байдаг л дуулддаг. Ингэхэд Явуугийнх анх
нутгаасаа, Завханы Алдархаанаасаа хот руу гарахдаа зургаан сарлаг, хайнаг тэргэнд
гэрээ ачаалаад хөдөлж байжээ. Анчин Бэгз гуайнхтай айл аймаг явсан нэг хөгшнийг
эрж сураад тэр жил би Дамбадаржаад очиж уулзан энэ бүгдийг асууж байсан. 

-Та ардын уран зохиолч хэмээх өндөр цол хүртээд бараг л маргааш
нь Явуу багшийнхаа нутаг руу зохиолч нөхдийнхөө хамт явж байсан. Багшийн тань ус
нутгийн олон ихэд бэлгэшээж байсныг санах юм?

-Мэдээж бэлгэшээлтэй сайхан санагдалгүй яахав. Багшийнхаа төрсөн
бууц Ар Тасархайн хоёр ууланд нь очоод алхаж явахад, “Тэхийн зогсоол”-доо мөнхөлсөн
Хүүшийнх нь өвөлжөөний бууцны салхи савирт илбүүлээд зогсож байхад өөрийн эрхгүй
дотогшоогоо мэлмэрч л явлаа. Нөгөө талаас бас санаа зовох гэдэг ч юм уу, жаахан
ичих явдал байсныг юуг нь нухав. Учир нь багшийнхаа хүрээгүй өндөр цолыг авчихаад
очно гэдэг чинь молхи шавьд нь хэцүү байдаг юм билээ. Гэхдээ Явуу, Гайтав хоёрыг
ардын цолыг хэд дахин нугалахаар аварга амьтад байсныг ард түмэн мэдэх юм даа. Алдархааны
ноён шовх оргилууд, Богдын голын мэлмэрсэн хөвөө, Отгонтэнгэр хайрханых нь бэлд
оччихоод “Би Явуугийн шавь байна” гээд хашгирч явсангүй. Манай нөхөд л яриа хөөрөөн
дундаа миний тухай дурдаж, багшийнхаа нэрэмжит “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн
төрлөө би” гэх яруу найргийн баярт шүлгээ уншиж, ус нутгийнх нь түмэнтэй уяралтайхан
сэтгэлээр учран золгосон нь тэр юм аа.

-“Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Тэхийн
зогсоол” гээд бүтээлүүдийг нь мэдэхгүй хүн ховор. Ялангуяа “Би хаана төрөө вэ” шүлэг
Монголын яруу найрагт нэгэн том давалгаа үүсгэж, үзэгдэл болж, өнөө л шинэчлэлийн
үүд хаалгыг нээсэн болов уу гэж санана…?

-Явуугийн “Би хаана төрөө вэ” шүлгээс өмнө манай зохиолчид эх орны
тухай олон гайхалтай бүтээл биччихсэн байсан шүү дээ. Их Нацагдоржийн маань “Миний
нутаг”, “Дөрвөн цаг”, Дондогийн Цэвэгмид гуайн “Булшин дээр” найраглал,  Цэдэнжав гуайн

“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө

Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо би хэлдэг” хэмээх “Миний
нутаг” найраглал бичигдчихсэн байсан үе. Эх орны тухай дээрх шүлгүүдээс илүү өндөр
түвшинд, нарийн гаргалгаатай, цэвэр онгодоор бичиж үг хэллэг, дүрс дүрслэл, утга
уянгын хувьд “Би хаана төрөө вэ” гэх шүлэг бол үнэндээ өндрөө авсан сонгомол бүтээл
л дээ. “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт

Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд

Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд

Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би

Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд

Цасан ширхэг царцаж мөс болох халилд

Царгиа хүйтэн өвөл сарлагийн бух дошсон

Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би…” гээд уншихад ямар
гайхамшигтай билээ дээ. Тэгээд “… Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би”
гээд хүн рүү нь ойртуулж өгсөн байдаг. “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн
минь учиртай”, “Мөнгөн хазаарын чимээ”, “Тэхийн зогсоол”, “Туулын урсгал шөнөдөө
сайхан”, “Туулын шугуй”, “Хар ус нуурын шагшуурга” гээд бүх л шүлгээс нь Явуу ханхлаад,
Явуу уянгалаад байдаг, үүнийг би ярианыхаа эхэнд бас л хэлсэн дээ. Эмзэг нарийн
хийл шиг түүний шүлгүүд хүний сэтгэлийн мухарт тэр чигээрээ долгиотон, намиатан
хүрч чаддаг. Үүнд л яруу найргийнх нь үнэ цэнэ байдаг биз ээ. Дээр нь нэмээд хэлэхэд
Явуу бол жинхэнэ эх оронч байсан. Түүний илрэл нь мэдээж өөрийнх нь уран бүтээл.
Манай залуухан “сонгодгууд” үүнийг мэдрэх хэрэгтэй юм. Ингэхэд манай хүн чинь Сэлэнгийн
Номгоны сангийн аж ахуйд хаврын тариалалтаар очиж тариа үрлэгч хийж байсан гэдэг.
Дараа нь би тариаланчидтай нь уулзахад хүмүүс жигтэйхэн магтаж билээ. Мөн Батлан
хамгаалах яаман дээр нэг удаа уулзалт болж Ёндондүйчир генерал гээд олон аваргууд
байхад Явуу нэг их айхтар үг хэлсэн санагдана. “Нөхөд минь та нарт анхаарах юм их
байна, цэргийн эмх цэгц дорой байна. Дарга, цэрэг нь мэдэгдэхгүй, биенээ дайрч унагачих
гэсэн хүмүүс байх юм. Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Энэ үнэн.
Тушаалынхаа дэсээр дарга нартаа ёсолдог байх ёстой” гэж хэлээд нам авч л байсан.
Тэгж л бүхнийг нарийн анхаардаг эх орны бүхий л зүйлийг сэтгэл дотроо тээж явдаг
найрагч байсан. 

-Явуугийн шинэчлэл гээд л байдаг. Үүнийг та хэрхэн тайлбарлах
бол?

-Монголын яруу найрагт тэр яриа байхгүй шинэчлэл хийсэн. Маш товчхоноор
хэлэхэд, монгол уламжлалт найргийнхаа хөрсөнд л тулгуурлаж шинэчлэл хийсэн байхгүй
юу. Ерөөл магтаалын шинжтэй уламжлалт яруу найргаа илүү уянгалаг, сэтгэлийн болгосон
юм даа. Түүнээс багш минь гаднаас там тум дуулсан зүйлээ уншигчдадаа тулган шаардаагүй,
монголоос монгол яруу найрагч. Мэдээж асар их уншиж, боловсрохыг хэлдэг байсан нь
илэрхий.

-Горькийг төгсч ирээд гаргасан “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн
ном нь Монголын утга зохиолын нэгэн том шинэчлэл гэж үе үеийн найрагч, судлалтнууд
хэлдэг. Танаас Горькийд сурч байсан тухай нь асуух гэсэн юм?

-Авирын Чойжилжав гэж соёлын гавьяат зүтгэлтэн нэртэй сэтгүүлч байдаг.
Явуу багш Чойжилжав гуайг “Бид хоёр чинь хүж барьсан хоёр” гэдэг. Миний бие Чойжилжав
гуайгаас, Лувсаншарав гуайгаас багшийнхаа Горькийд сурч байсан үеийг их сонсоно
оо. Халгиа цалгиатайхан залуу байжээ. Хагас бүтэн сайнд Явуугийнд очиж цагаа өнгөрөөдөг
байсныг найзууд нь хэлнэ. Орос айлаас өрөөг нь хөлсөлж аваад тэндээ үдэшлэг зохиодог
байж. Тэгээд л Явуу нь шүлгээ уншиж, Лууяа нь хөгжмөө уянгалуулна биз дээ. Том найрсалт,
цэнгээн болдог нь тодорхой. “Өгөр толгой” Гүрсэд буюу Дугарсанжаа гуай тухайн үед
театр урлагийн сургуульд сурч байсан юм билээ. Дугарсанжаа бас л тэр тухай ярина.
Хүүхнүүд Явууд их дуртай байсан гэдэг. Харин найз нөхөд нь тэр тухайд “Манай Явуу
ч урамгүй л дээ” гэдэг сэн. Горькийн сургууль төгсөөд хамгийн нижгэр том цайллагыг
Явуу хийсэн гэдэг юм. Лев Ошанин, Евгений Долматовский гээд Оросын утга зохиолын
лидерүүд ирж гэдэг. Гахайн шарсан торойн дээрээ спирт асгаад шүдэнз зурахаар цэнхэр
туяа татаад гэрэлд нь орос охидтой бүжээд гээд их романтик зүйлсийг Лууяа тэргүүтнүүд
ярина шүү дээ.

-Сүүлд танд аминчлан хэлж захисан зүйл байдаг болов уу.

-1982 оны хоёрдугаар сарын таванд сүүлчийн удаа уулзсан. Миний бие
Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дэргэдэх дээд курст сурч байв. Өвлийн
амралтаар ирээд багштайгаа уулзалгүй яахав. Харин сургууль руугаа буцах гэж байсан
тэр өдөр багш “Чи нэг манайд хүрээд ирэхгүй юу. Чамаар Адъяад үг хэлүүлмээр байна”
гэлээ. Миний Адъяа эгчид үг хэлнэ гэж юу байх билээ. “Энэ Явуухулан ойрд их хариуцлагагүй
байгаа” гэж Адъяа эгч хэлж байсан. Уугаад гэж аашилж байгаа бололтой. Багш хариуд
нь “Таван жил архи уугаагүй хүн чинь гурван өдөр ууж болно биз дээ” гэж байв. Багштайгаа
гэрээс нь хамт гараад одоогийн Үндэсний түүхийн музейн ард хүртэл алхлаа. “За миний
шавь сайн яваарай” гэж хэлээд хоцорч байсан сан. Ачит багшаасаа сонссон сүүлчийн
үг энэ байлаа. Энэ нь намайг Москва хүртэл сайн явах тухай биш, ерөөсөө үлдсэн амьдралдаа,
их утга зохиол яруу найрагтаа сайн яваарай хэмээн молхи шавь намайгаа ерөөжээ гэж
бодохуйд нулимс гарах шиг болдог.  Түүнээс
багш зааж зааварлаад байна гэж байхгүй. Ерөнхий дүн нуруугаараа л бүхнийг ойлгуулна
шүү дээ. Надад хүрэн үзэг сүүлд бэлэглэж билээ. Одоо л мөн би толгойг нь хадгалдаг
юм. Манай хүүхдүүд алга хийгээд толгой нь үлдсэн хэрэг. “Сайн яваарай” гэж ерөөснийх
нь хүч байлгүй их утга зохиолд Дөнгөтийн Цоодол гэж амьтан өнөөг хүртэл нуруугаа
алдалгүй, шүлэг зохиолынхоо зам мөрөөр бэдэрч л явна. Монголоо бичсээр, хөдөөгөө
дуулсаар л явна. Ж.Саруулбуянтайгаа хамт Явуу багшийнхаа тухай нэг ном гаргахаар
бэлдэж байна. Эрдэнэ баавайгаасаа аваад их бага гэлтгүй бүгд л Явууг гайхмаар бичсэн
байна аа, манайхан. Явуугаа л судалмаар байна. Явуугаа хичнээн нээх тусам бидний
яруу найргийн зам илүү тодорхой болно гэдгийг хэлмээр байна. Өөр юу чиг хэлэх билээ
дээ.

Ярилцсан
Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Найман жилийн өмнөх ижийдээ бичсэн захидал

Амар
байна уу? таньдаа хаврын энэ сайхан өдрийн мэндийг хүргье! Хөлд
хөглөрөх цасны гунигийг тээсээр хүү нь хичээлээ таран гэрийн зүг бэдэрч
явна. Яг энэ хоромд яагаад ч юм таныгаа санагалзан мэндийн цэнхэр хадаг
болгон энэхүү захидалаа бичиж байна. Оюутан болно гэсэн дэврүүн бодолдоо
хөтлөгдөн их хөлийн газар болох Улаанбаатарын зүг хэдэн хувцастай
цүнхээ үүрч гарсанаас хойш хоёр намрыг үдэн, хоёрдох хавраа гэнэн
шувуудынх нь хамт угтах нь. Үе үехэн сэвэлзэх салхи миний мэдэхгүй аязыг
тоглон байгаа нь ээжийнхээ бүүвэйн дуугаа санаж байна уу? Гэх шиг
нулимсаар минь наадна.
Та минь яг шүлэг л шиг. Чив чимээгүйн дунд орших бурхан шиг. Зөн совин
минь зүрхний гүнд ээждээ үнсүүлэх тэр гэгээн агшиныг тээн ирэх мэт.
Аниргүй тэгээд нам гүм таны сэтгэл шиг. Борог өвсний шүүдэр цуглуулан
ганц балга ч болтугай цай чанаж өгнө хэмээн хичнээн хөглөж байв даа.
Өглөө сэрэхэд тагтан дээр минь хэдэн болжмор бээвийн суухыг хараад
хөөрхий миний ижий энэ шувуудын адилаар хүүгээ хүлээн даарч суугаа гэж
бодохоор аньсага чийгтэнэ. Итгэл гэрэлтсэн харцнаас тань хайр нэхэхдээ
таныхаа ангир цээжнээс анх ертөнцийг мэдэрсэн. Цагаан сүүтэй ертөнцийг
мэдэрсээн. Нүүдлийн шувуу шиг нэг л өдөр хүү нь таньдаа гүйгээд л хүрнэ.
Тэр цаг хайр хайрандаа багтаж ядсан халуун сэтгэлийн мөч байна гэдэгт
итгэнэм. Таныхаа харцнаас ухаарал түүсэн хүү нь эрийн цээнд хүрсэн ч
таныхаа сэтгэлд бойтогны хонхондоо түүртсэн бяцхан үр хэвээрээ л байгаа.
Ээжийн минь харц яг л хөгжим шиг. Бодол дундуур харгилан урсах горхины
чимээ шиг…
Намрын манант өдрүүд адил уулс бууралтаж их дурсамжийн улирал эхэлж
байна. Бид хоёрын хамгийн дуртай улирал. Таныхаа өвөр дээр эрхлэн тоглож
ядраад сүүлдээ хар халзан туулай болон өвөр дээр нь үнэгчлэдэгсэн.
Би гэрийн зүг алхсаар л… Улаанбаатарын гудамж сэтгэл жиндүүлнэ. Бүрх
малгай духдуулсан өвгөн хүн шиг шонгийн модны дэргэд үрээ хүлээсэн нэгэн
эмэгтэй зогсоно. Та минь бас л намайг ингэж харуулдаж байгаа даа.
Итгэлийн минь жимээр олон хүн холхино. Хайр нөмөрсөн тань шиг минь
буянтан даанч алга.
Шөнийн тэнгэрээс одод шүүрдэж сувдан сондор хэлхэж сууна. Сэтгэлээсээ
урлаж буй хүүгийн тань бэлэг. Маргаашийг би тэсэн ядан хүлээнэ. Магад
энэ захидал ээжид минь очно. Очих очихдоо дан ганц зурвас биш урин
хаврыг тээсэн сайхан захидал очно. Ээж минь хавар шиг үзэсгэлэнтэй.
Хараа голыг минь эмжин ургадаг цэцэг шиг ээ үзэсгэлэнтэй.
Та хүүгээ гэсээр залуу насаараа бүтэн гоёж амжаагүй шүү дээ. Үндэстэй
бүхэн төлждөг энэ хавар цагт хайртай. Бурханы амгалан хэвлийгээс
мэндэлж, алтан уураг амласан тунгалаг өдөр ойртож байгаа болохоор хаварт
хайртай.
Таны бүүвэйн дуунаас илүү уянгыг одоо болтол хүү нь сонсож амжаагүй
явна. Ээжээ хүү нь удахгүй тандаа очно. Энэ өвгөн буурал үүлс шиг нүүж
очно.

Таныгаа хүндэтгэсэн мөнхийн нялх “УЗНАДС”-ийн II ангийн оюутан
Энхбаатарын Энхболд. 2006.03.08-нд гэсэн ээждээ ийм нэгэн захидал бичиж
байжээ би.

Categories
редакцийн-нийтлэл

Миний ихэр охид их ажилсаг, гэр орноо сайхан авч яваа

Монголын сайхан ээжүүдийн нэг Бадарчийн Бадамгэрэл гуайтай уулзаж
мартын наймны баярын энэ өдрүүдийн уур амьсгалаас хуваалц­лаа. Бадамгэрэл гуай бол
төрийн шагналт хөгж­мийн зохиолч Ч.Сан­гидоржийн гэргий. нэрт төгөлдөр хуурч Саянцэцэг,
хөгжмийн зохиолч Сансаргэрэлтэх, төгөлдөр хуурч, ерээд оны Монголын сайхан бүсгүйчүүл
болох Ихэрцэцэг, Ижилцэцэг нарын ээж. Өндөр биерхүү, гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтсэн
сайхан эмэгтэй. Биднийг уулзахаар очиход Төмөр замын ахмадын хорооны байран дахь
“Чуулга” гэсэн танхимд хорооныхоо авьяаслаг ахмадуудтай дууны “хичээл” хийж байв.
Бадамгэрэл гуай өөрөө дуулахгүй, хорооныхоо найзууддаа дуугаа дав­тахад нь тусалж
байгаа гэв. Мартын найман болох гээд эмэгтэйчүүд нь тоглолт хийх гэж байгаа ажээ.
Баярт зо­риулсан тоглолт, хамгийн сайхан цай, хоол хийдэг эмэгтэйчүүдээ шалгаруулах
“тэмцээн” зэрэг ажил эдний хо­рооноос зохион байгуулж байгаа аж. Тэрбээр хүү­хэд
байхаасаа дуулж бү­жиглэдэг охин байж. Насаараа хөгжимд ойр­хон, хөг аялгууны дунд
амьдарсных дууг яаж дуулах, дууны үг, үе, эгшгийн зохицол сэлтийг нарийн мэдэрдэг
болохоор найз нөхдөдөө тэрнээсээ хуваалцаж байгаа юм гэж байв. Бас Бадамгэрэл гуайг
хорооноос нь дуудаж, хоолны тэмцээнд орохыг урьсан гэв. Ахмадын хорооны байрнаас
гарч дэргэд нь шахуу байх гэрт нь бид очлоо. “Та нар өчигдөр ирэхгүй дээ, тэгсэн
бол хүүтэйгээ хамт зургаа авахуулаад сайхан ярьцгаах байлаа. Хүү маань ирээд хоёр
долоо хоноод урьд шөнө буцсан” гэж байна. Сансаргэрэлтэх нь Америкаас ирж ээждээ
хэд хоног эрхэлж аваад буцсан байна.

“Хорвоод хэн нэг нь түрүүлж явахыг бурхан мэдэх юм чинь тавин жил ханилсан
хань минь нэг л өдөр буцсан ч түмний дунд, үр хүүхдийнхээ дунд ганцаардал үзэхгүй
сайхан л явж байна. Хоёр хүн тавин жил хамт амьдарна гэдэг бол амьдралыг өнөөдрийн
сайхан нараар төсөөлж, хэн нь түрүүлж явахаа мэдэхгүй, юу ч бодохгүй явдаг юм
байна л даа” хэмээн Бадамгэрэл гуай яриагаа эхлэв. 

Бадамгэрэл гуай лабораторийн бага эмч мэргэжлийг жараад онд эзэмшжээ.
Анагаах ухааны сургуульд лабораторийн эмч мэргэжлээр бэлтгэгдсэн хоёр дахь төгсөлт
гэнэ. Жаран гурван онд Төв аймагт очин арьс өнгөний диспансерийн клиник лабораторийг
анх байгуулжээ. Тэгэхэд дөнгөж арван долоон настай байсан аж. Нутгийнхан дөнгөж
сургуулиа төгссөн жаахан охиныг гололгүй их сайхан хүлээж авчээ. Эргээд бодоход
би анхны мэргэжлийн клиник лаборатори байгуулсан хүн юмаа хэмээн дурслаа. Арван
долоотой охин хөдөөд мэргэжлийн лаборатори байгуулж ажиллана гэхээр өнөө цагт бол
санаанд ч багтамгүй сонсогдоно. Дуулж бүжиглэх дуртай, шинэхэн эмч охин ажлынхаа
хажуугаар урлагийн үзлэг, концерт, жүжиг зэрэгт оролцож явахдаа ирээдүйн ханьтайгаа
танилцсан гэнэ. Сангидорж гуай тэр үед Төв аймгийн арван жилийн сургуульд түр багшилж
байжээ. Нэг удаа жүжгийн сургуулилтын дараа пальтоных нь хармаанд “Би чамд хайртай”
гэсэн гуравхан үг бичсэн, нэр ус ч үгүй зурвас хийчихсэн байсан нь Сангидорж багшийнх
болохыг тээр хойно мэдсэн гэдэг. Нэг их үерхэж сүйд майд бололцолгүй гэр бүл болчихсон.
Хань минь нэг их том алаг нүдтэй өндөр залуу байсан юм хэмээн Бадамгэрэл гуай дурсав.
Тэнд “Жаргалыг хүссэн Мөнхөө” дуулалт жүжиг тавьж, хөгжмийг нь Сангидорж гуай бичиж,
эмэгтэй гол дүрийн бүсгүйд Бадамгэрэл гуай тоглож байсан гэнэ. Ёстой л буруу зөрүүгээ
мэдэхгүй арван хэдхэн насандаа танилцаж амьдралаа холбосон, найзалж байгаагаа ч,
гэр бүл болж байгаагаа ч бараг мэдэхгүй шахуу явсан гэж дурсаад хэн хэн нь хиргүй
тунгалаг үедээ нийлэх нь их зүгээр юм даа гэж ярив. Энэ хоёр арван наймтайдаа гэр
бүл болж хорьтойдоо том охин Саянцэцэгээ төрүүлжээ. Хэрхэн гэр бүл болсон нь бас
ч сонин юм. Нэг байранд, ойролцоо хаалганд амьдардаг байж. Гэтэл нэг өдөр Сангидорж
гуай өөрт нь хэлэлгүй хамаг юмыг нь өөрийнхөө гэрт нүүлгээд авааччихсан байсан гэнэ.
Ингэж нэг гэрт орж, тавин жил ханилж, дөрвөн хүүхдийн ээж аав болцгоожээ.

Хүү Сансаргэрэлтэх нь саяхан Оросын нэрт кино найруулагч Сергей Бодровтой
уулзаж танилцжээ. Францад барьсан Чингэс хааны хөшөөг урласан уран барималчийн тухай
киног Бодров хийж, тэр кинондоо Сангидорж гуайн “Миний ээж тэмээчин” гэдэг дууг
Бадамгэрэл гуайгаас зөвшөөрлийг нь авч оруулсан байдаг гэнэ. С.Бодров Сан Францискод
амьдардаг юм байна.  

Бадамгэрэл гуайн аав Увс аймгийн Сагил сумын уугуул, Москвад
1941-1944 онд Цэргийн академийн малын эмч мэргэжлээр төгсөөд тэр жилээ шууд фронтод
очиж байжээ. Фронтын агт хариуцсан эмчээр дайнд оролцож явжээ. Ээж нь Гэлэг гэдэг
хүн байж. Икэл татдаг, дөрвөн Ойрадын татлагуудыг их сайхан тоглодог хүн байжээ.

“Би хааяа аав ээжийгээ ярих юм сан гэж боддог. Хэвлэл мэдээллийнхэн
ярилцлага авахаар аав ээжийгээ ярилгүй өнгөрчихсөн байдаг юм. Тэгээд ээж маань нэг
удаа жаахан гоморхсон байна лээ. Үр хүүхэд гэдэг тийм гэнэн тэнэг байдаг юм билээ”
хэмээн тэрбээр ээж ааваа дурслаа.

Монголын хөгжмийн урлагт аавынхаа гаргасан мөрөөр яваа дөрвөн хүүхдийн
ээж Бадамгэрэл гуай үр хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлсэн “алтан жор”-оосоо хуваалцахдаа
“Дөрвөн хүүхдээ өсгөхдөө бусад ээжүүдийн л адил. Мэдээж тусгай айхтар дүрэм журам
гээд байсангүй. Хүүхдүүд даалгавраа надаар хэлүүлэхгүй өөрснөө хийчихнэ, хөгжмийг
нь аав нь хөтлөөд явчихна. Манай хүүхдүүд өглөө эрт таван цагт босно, зургаан цаг
гэхэд заавал хөгжмийн дасгал хийнэ. Хоол ундыг нь бэлтгэж цүнхэнд хийж өгөөд явуулна.

Дөрвүүлээ хөгжмийн сургуульд сурсан болохоор манайх өрөө болгонд
төгөлдөр хууртай. Дөрвөн зэрэг хөгжим дуугарч байдаг байлаа. Манай хүүхдүүд их нямбай.
Ялангуяа ихэр охид маань их ажилсаг, нямбай. Хамгийн бага нь учраас би тэднийгээ
гэрийн ажилд сайн сургасан. Миний ихэр охид бол айл гэрийг их сайхан өөд татаж авч
явдаг даа. Хүүхдүүд маань ер нь ажлыг хар бор гээд байдаггүй юм юм хийж сурсан.
Сансаргэрэлтэх маань зураг зурна, юм оёно. Гэхдээ хэрэг болгож заагаад байдаггүй.
Аяндаа аав ээжийгээ хараад ямар ч юмыг хийгээд сурчихсан байдаг” гэлээ.

 Н.ПАГМА