Categories
редакцийн-нийтлэл

О.Магнайтай “дайн зарласан” Асашёорюү

ШӨХТГ-ын дарга “Шаардлага биелүүлэхгүй  бол АСА циркийг төрд эргүүлж авна” гэж мэдэгдээд
буй. Их аварга Д.Дагвадорж  О.Магнайгийн  мэдэгдэлд хариу тайлбар хийсэн нь энэ долоо хоногийн
анхаарал татсан үйл явдлын нэг байлаа. Циркийг зориулалтын дагуу ашиглахгүй байна
гэсэн шүүмжлэлтэй тэр санал нийлээгүй юм. Сэтгүүлчдэд цирк циркээрээ байгааг харуулж,
циркийн ажилтай танилцуулсан их аварга ШӨХТГ-ын даргын циркийг онилсны учрыг улс
төртэй холбон тайлбарласан нь олны анхаарлыг татсан юм.  “О.Магнайг ирэх сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт  өрсөлдөнө гэсэн мэдээлэл нам дээр явж байгаа юм
билээ. Сонгинохайрхан дүүрэгт миний ах Сумъяабазар өрсөлдөж гарч ирсэн. Өрсөлдөгчөө
унагах гэсэн санаагаа төрийн албыг далайлгаж хэрэгжүүлнэ гэж байгаа бол маш том
эндүүрэл.  АСА цирк бол хувь хүний өмч. Хуулийн
дагуу хувьчилсан өмч нь. Хэрвээ шантааж хийж 
ямар нэгэн үйл ажиллагаа явуулбал хатуу тэмцэнэ” гэсэн мэдэгдэл хийсэн их
аварга Д.Дагвадоржийг  “Өдрийн зочин” буландаа
онцолж байна.

Долгорсүрэн зааны бөх хөвгүүдийн
нэг  Дагвадорж 1980 онд төрсөн. Улсын аварга
Сумъяабазар, улсын начин Сэржбүдээ нарын дүү болж мэндэлсэн газар нь Улаанбаатар.
Их аваргын ээж Х.Пүрэвбадам 25 дугаар бааз буюу хожим Автокомбинат болсон тээврийн
байгууллагын нягтлан хийж байсан нэгэн. Одоо АСА циркийн гол ажлыг нугалж яваа.
Асашёорюү Тамир гэдэг бүсгүйтэй амьдралаа холбож хоёр хүүхдийн аав болсон.

Д.Дагвадоржийг сумогийн түүхэн
дэх хамгийн амжилттай ёкозүна гэдгийг дэлхий мэднэ.  Дээд зиндаанд 25 удаа түрүүлж сумогийн түүхэнд
гуравдугаарт эрэмбэлэгдсэн, 2005 онд нэг жилийн бүх башёд түрүүлсэн анхны сүмоч,
нийт 669 ялалт байгуулсан гэж ирээд яривал Японы мэргэжлийн сумогийн түүхэнд түүний
гаргасан тод мөрүүд олон. 2010 оны нэгдүгээр сарын тэмцээний үеэр  хүнд гар хүрсэн гэж хэвлэлээр шуугисан нь  Асашёорюүг 
зодог тайлахад хүргэж байв. Сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн  зодог тайлах ёслолд  озэки Чиётайкай болон гадна, дотнын олон зочид
ирж байв. 360 хүн түүний үсэнд хүрэх ёсыг гүйцэтгэсэн гэдэг.

Монгол Улсын гавьяат тамирчин,
хөдөлмөрийн баатар цолтой энэ эрхмийн талаар “Википедиа”-д “Гадны ёкозүна нар болох
Акэбоно, Мүсашимарү нар 200 кг хол давсан, жингээр ааглан барилддаг байсан юм. Харин  2001 онд дөнгөж 129 кг байсан Асашёорюү харьцангуй
хөнгөн жинтэй бөхөд тооцогддог байсан ч хурд, хүч, мэхний давууд суурилан маш хурдтай,
ширүүн барилдаануудыг үзүүлж байв. Сүүлд  жин нэмэгдэж 
хурд нь  саарсан ч олонх бөхчүүдээс
илүү хурдтай хэвээр үлджээ. Жин ихтэй Котомицүкиг өргөж шидэж байсан нь түүний хүч
хэр ихийг харуулах нэг жишээ юм. Бэлтгэлийн үеэр 200 кг цээжнээс шахдаг гэсэн мэдээлэл
бий” хэмээн онцолсон байдаг. Тэр барилдаж байхдаа сардаа монгол мөнгөөр тооцвол
28 сая төгрөгийн цалин авч байсан гэдэг. Түүний талаар халамцуудаа хүнд гар хүрсэн,
ши­рүүн үг хэлсэн гэдэг мэдээлэл хэвлэлээр хааяа цацагддаг. Японы мэргэжлийн сумод
барилдаж байхад нь ч ийм агуулгатай мэдээлэл Япон, Монголын хэвлэлээр гардаг байсан
юм. 

Дэлхийн бизнесийн шилдгүүдийг
онцолдог “Форбес” сэтгүүлд түүний талаар “Сумоч эх орондоо очжээ” гэсэн нийтлэл
гарч байсан удаатай. Тэр нийтлэлд “Дагвадорж эдийн засаг нь хурдацтай өсч буй Монголын
хамгийн баян бизнесмений нэг болжээ. Тэрбээр гэр бүлийн  компаниа 2003 онд байгуулсан  аж. Түүний компани Монголын Үндэсний хөрөнгө оруулалтын
банкны хувьцааны 56 хувийг эзэмшдэг. Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн олон
багцтай Асашёорюү Монголын эртний нийслэл Хархорин дахь “Dream Land
Resort”  жуулчны баазыг  эзэмшдэг. Мэргэжлийн сумоч байсан Д.Дагвадоржийн
нэг давуу тал  нь  боломжийг алдалгүй шүүрч чаддаг чанар” хэмээн
онцолж бичсэн нь бий. Дагвадорж мэргэжлийн сумогийн нэгэн тэмцээний дараа АНУ-ын
Нью-Йоркт төвтэй “Firebird Fund” сангийн хөрөнгө оруулагч Жеймс Пассинтай танилцжээ.  Үүнээс хойш жилийн дараа буюу 2006 онд Пассин
Монголд бизнес аялал хийж байж. Ингээд 
2006 онд анхны хөрөнгө оруулалтаа хийхдээ заримыг нь Д.Дагвадоржтой хамтран
хийсэн гэдэг. Тэднийг маш дотнын найзууд гэж “Форбес” онцолсон байдаг.

Тэр өнөөдөр шуугиан болоод буй
“АСА” циркийн хувьчлалын талаар “Тухайн үед Монголд байхгүй гэрээ хийсэн.  Би хувьдаа Монголд байгаагүй  хувьчлал болсон гэж боддог. Бүх юм хуулийн дагуу
өрнөсөн. Циркийг үнэгүй авсан гэж бодоод байх шиг байна. Огтхон ч үгүй” гэсэн тайлбарыг
өгч буй. Хувьчилснаас болж цирк алга болох нь гэсэн болгоомжлолд “Цирк циркээрээ
үлдэнэ. Цаашид улам илүү хөгжүүлнэ” гэж хариулаад байгаа. Д.Дагвадорж бүр өмнө нь,
циркийг хувьчилж авсныхаа дараахан “Циркид анх ороод ирсэн чинь нуль социализм үнэртэж
байсан шүү. Одоо энд шинэ агаар, шинэ менежмент орж ирсэн. Манай уран бүтээлчид
ажлаа хийгээд явж байгаа. Бид үргэлж хөгжмөөр байна. Өнөөдөр уран нугаралтаар гэхэд
монголчууд тэргүүлж чадахаа байчихсан байна шүү дээ. Тэнд хятадууд тэргүүлж байна.
Бид ерөөсөө завсар зайгүй хөгжихийн төлөө явмаар байна. Хаа хаанаа. Одоо цирк рүү
ороод ирэхэд шал өөр болсон” хэмээн ярьж байсан юм.

Түүний шүтэн бишрэгчид нь Япон,
Монголоос гадна дэлхийн олон орнуудад бий. Дэлхийд алдартай эрхмүүд ч Монголын сумочийн
барилдааныг бахархан үзэх дуртай байсан гэдэг. Холливудын од  Жет Лигээс нэг сэтгүүлч “Та бол нэгэн цагийн баатар.
Харин одоо таны хувьд манай үеийн баатар гэж хэлэх хүн байна уу” хэмээн асуухад  “Байлгүй яахав. Монголын Асашёорюү байна шүү дээ”
гэж хариулсан гэсэн яриа бий.  Францын Ерөнхийлөгч
асан Жак Ширак Японд очихдоо түүнийг оройн зоогонд урьж байсан гэдэг. Түүнтэй холбоотой
энэ мэт жишээ цөөнгүй сонсогддог. Эзэн хааныхаа нүүрийг харж болдоггүй хатуу дэг
жаягтай япончууд ч нэг жишээг ам дамжуулан ярьдаг юм билээ. Барилдааны үеэр хааныхаа
хөлийг харах төдий хүндэтгэл үзүүлээд өнгөрдөг япон сумочдод хаан нь тусгайлан талархлын
үг хэлж байгаагүй гэдэг. Нэг удаагийн башёгийн үеэр эзэн хаан бөхчүүдийн өмнүүр
заншил ёсоороо алхан өнгөрч явж. Хаан  Асаршёорюүгийн
дэргэд ирснээ  “Долоон башё дараалж түрүүлсэнд,
бас рекорд эвдсэн Ёкозүна танд чин сэтгэлийн халуун баяр хүргэе” хэмээн хэлж байж.
Эзэн хааныг явсны дараа их аваргатай барилдаан таардаггүй ганц айхтар бөх гэгддэг
Точиазүма түүнд  “Ёкозүна та үнэхээр гайхалтай
юм аа” гэж баяр хүргэж байжээ.

Сонирхуулж хэлэхэд Д.Даг­вадоржийн
тухай  “Асашёорюү бол нийтлэг төрхтэй, гадаад
хүн” нэртэй  ном худалдаанд гарчээ.  1260  иен
буюу монголоор 19 мянган төгрөгийн үнэтэй энэ номонд  аваргын хувийн амьдрал болон спортод гаргасан
амжилтын тухай өгүүлдэг юм байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

ТОСК, НОСК, СООСОГ

ТОСК  бол Төрийн орон сууцны корпораци гэдэг үгийн товчлол.
НОСК нь Нийслэлийн орон сууцны корпораци гэсэн үг. Энэ хоёр байгууллага иргэдийн
хайрыг аргагүй нэг  татаж байна аа. Хямд­хаан
үнээр байр зарна, урьдчилгаагүй, хүүгүй зээлээр орон сууцанд оруулна  гэ­чих­сэн болохоор  олны дунд моодонд орж байна гэж жигтэйхэн. ТОСК
нь байраа ашиглалтад оруулчихсан, хямд орон сууц зээлнэ гэж байргүй хүмүүсийг  ид шуугиулж байна. Хямд байрны зээлд багтчих гэсэн
иргэд хоёр өдрийн өмнөөс ТҮЦ машинд оочерлож эхэлсэн.  Бас болоогүй ээ, бүртгүүлсэн бүхэнд байрны зээл
өгөх боломжгүй, азын сугалаа маягаар сонголтоо хий­нэ гээд зарлачихсан. Тэ­­­гэхээр
цөөхөөн хүн Ни­­сэхэд сүндэрлэсэн хямд­хан байрны түл­хүү­рийг гардаж авна гэсэн
үг.  НОСК нь сар бүр олсон мөнгөө нэг дансанд
хийгээд бай­вал хэдэн жилийн да­раа байрны зээлийг хүү­­гүй, урьдчилгаагүй өгөх
зорилготой газар.  ТОСК-аа бодвол бэлэн байр,
хүүгүй  зээл энэ тэр нь сураггүй.  Ер нь аль алиных нь шугамаар хямд орон сууцанд
ортлоо өдий л дөө.  Энэ хоёр буянтай байгууллагыг
дагаад ху­вийн хэвшлийнхэн ай­маар хямд үнэтэй аягүй гоё байр бариад, зараад эхэлнэ
гэж бодвол хэ­тэр­хий гэнэн хэрэг болно.

Учир
нь төрийн дэмж­лэгээр орон сууц барьсан компани газраа үнэгүй авсан. Дээр нь татвар
төлөгчдийн буюу та бидний төрд өгсөн мөнгөөр дэд бүтцээ татуулсан.  Хямд байгаагийн гол шалтгаан нь энэ. Орон сууц
барих зардлын нэлээд хувийг эзэлдэг газар, дэд бүтцээ шийдүүлчихсэн юм чинь хямд
байхаас аргагүй.

Яг
өнөөдөр бол нийгэм  хямд байр, дажгүй зээл
амласан  ТОСК, НОСК-ийн муу талыг нь олж харахгүй
байна. Төр тусгай корпораци байгуулж байгаад хувийн хэвшлийн компаниудтайгаа өрсөл­дөөд
эхэллээ гэдгийг хэлэхгүй  өнгөрөх арга алга.
Төр барилга барьдаг хувийн компаниудтайгаа өрсөлдөөд эхэллээ. Энэ өрсөлдөөний үр
дүн нь юу вэ гэдгийг эргээд нэг харъя.  Хувийн
компаниуд хаалгаа барина. Барьдаг байр нь цөөрнө. Эцэстээ иргэд ТОСК, НОСК-аа л
хардаг болно. Цаасан дээр нэг их хямдхан үнэтэй байр, ачир дээрээ байранд орно гэдэг
хэ­тэрхий хэцүү хэрэг болно. Одоо яаж байгаа билээ дээ. ТОСК-ийн цөөхөн байрны төлөө
түмэн амьтан өрсөлдөж байна. Тэгэхээр энэ янзаараа төр нь хямд байр өгнө гэж амлаад
явбал алсдаа байр гэдэг олдохгүй ховрын бараа болох нь тодорхой.  Социализмын үед дэлгүүрт цөөхөн ирээд арын хаалга
энэ тэр гэсгээд иргэдэд хүртэлгүй дуусчихдаг орос хувцас шиг л юм болно.

Ийм
гаргалгаа хийхийн тулд заавал ухаантай царайлж духаа атируулах шаардлагагүй.  Учир нь хөдөлмөрлөдөг хэсгээсээ хураасан татварын
мөн­гөөр амь зуудаг төрд  ир­гэдийнхээ
хэрэгцээг хангахаар олон байр барих чадамж, боломж байхгүй. Төр  хамгийн муу менежер гэдгийг зах зээл хөгжсөн ямар
ч улсын түүхээс харчихаж болно. Муу менежер компаниа сайн удирдаж чадахгүй, дампууруулдаг.
Тэрэнтэй л адил юм болно. Хувийн компаниуд зах зээлийн зарчмаараа урагшилж буй учраас
хэрэгцээгээ хангахаар хэмжээний орон сууц бариад байгаа хэрэг. Өнөөдөр Монголын
ба­рилгын салбар ху­вийнхны зүтгэлээр тун дажгүй хөгжиж яваа. Тансаг зэрэглэлийн
тау­наас эхлээд нийтийн орон сууцыг  хөгжингүй  улсаас дутахгүй барьчихдаг болсон. Зах зээлийнхээ
жамаар хөгжиж буй сал­барт төр ороод эхэлсэн нь тийм ч зөв санаа биш.

Хямд
орон сууц, хүү­­гүй, урьдчилгаагүй  байрны
зээл гэдэг эхний нэг хоёр жилдээ дажгүй явж байгаад, дараагийн сонгуулиас үлгэр
болоод дуусах санаа төдий зүйл. Үлгэр ингэж төгсөнө гэдгийг  төрийн эрхийг барьж байгаа нөхдүүд мэдэхийн цаагуур
мэдэж байгаа л даа, уг нь.

Барууны
чигийг ба­рьдаг АН засаг барихдаа ийм ажил сэдэж эхлүүлэх хэрэггүй байгаа юм. МАН
шиг зүүний чигийнх байсан бол яриад байх юм алга. Чиг, баримжаагаараа замнаж байна
гээд орхиж болно.

Яг
үнэндээ ТОСК, НОСК-ийн яриад байгаа ямар ч урьдчилгаа, хүү­гүй гоё зээл, хямдхан
байр иргэдийн хувьд соо­­сог төдий  зүйл.
Тө­­­рийн иргэдийнхээ аманд хийж байгаа соосог. Төр нь өөрөө орон сууцны хөтөлбөр
хэрэгжүүлээд, өөрөө зээл өгөөд, өөрөө байраа зараад Улаанбаатарыг барилгажуулна
гэдэг биелшгүй санаа л даа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Бөөрний дутагдалд орвол сард хоёр сая төгрөгөөр амьдралаа худалдаж авна


ХЯМДХАН ЖИЙПНИЙ ҮНЭТЭЙ ГЕМОДИАЛИЗЫН АППАРАТЫГ ХУДАЛДАЖ
АВАХЫГ ХҮСДЭГГҮЙ ТӨРӨӨС БОЛЖ ОЛОН ХҮН ХОРВООГ ОРХИЖ БАЙНА –

  Дэлхийн
бөөр хамгаалах өдрийг монголд найм дахь жилдээ “бөөрөө хамгаалж өглөө бүр нэг аяга
ус ууж хэвшицгээе” гэх уриан дор өчигдөр тэмдэглэн өнгөрүүллээ. тус өдөрлөгийн хүрээнд
“П.Н.шастины нэрэмжит III төв эмнэлэг”-ийн гемодиализын тасгаас бөөрний эмгэгийн
өнөөгийн нөхцөл байдал, түүнээс
хэрхэн сэргийлэх талаар иргэдэд ямар арга замаар сэрэмжлүүлэг өгвөл үр дүнтэй
байх талаар салбарын эмч нар зөвлөлдсөн юм. Мөн Улсын нэгдүгээр
төв эмнэлэг дээр бөөрний үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж иргэдэд үйлчиллээ.

Гуравдугаар
төв эмнэлэг дээр бөөрний эмгэгийн үед болон гемодиализын эмчилгээний үед хэрэглэвэл
зохих хоол, хүнсний бүтээгдэхүүний дээжээс бэлтгэсэн байлаа. өөр-ний эмгэгийн үед
өөх тос багатай, үхрийн болон тахианы шарж хуураагүй мах, бор гурил, гурвалжин будаа,
бүх төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнийн төрлийн зүйлийг идэж болох гэнэ. Харин
бөөрний архаг дутагдалд орж, улмаар цус гемодиализын эмчилгээ буюу цус цэвэршүүлэх
аппаратанд орж байгаа өвчтөний хувьд кали, кальци, фосфорийн со-лилцоо алдагддаг
учраас дээрх амин дэм агуулагдсан хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байсан юм. тодруулбал
өглөөний цайндаа нохойн хошуу, аньсны шүүс болон ногоотой хуйцаа идэх бол өдрийн
хоолондоо өргөст хэмх, улаан лоолийн зууш хэрэглэхийг зөвлөж байна. үүнчлэн хачиртай
өргөст хэмх, цагаан луувантай шөл, шар лууван ханборгоцойтой зууш зэргийг хэрэглэх
нь зохимжтой аж.

П.Н.Шастиний нэрэмжит улсын гуравдугаар
төв эмнэлгийн Гемодиализ тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргиийн эмч, АУ-ны магистр
Д.Мөнхзулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Улсын хэмжээнд хичнээн гемодиализын
аппарат байдаг вэ?

-Гемодиализын эмчилгээг ярихын өмнө бөөрний архаг дутагдал
гэх өвчний талаар товч ойлголт өгөх нь зүйтэй болов уу. Бөөрний архаг үрэвсэл нь
бөөрний дутагдалд хүргэдэг. Бөөрний архаг дутагд­лын эцсийн шатанд орсон бу­юу эмийн
эмчилгээ үр дүнгүй болсон тохиолдолд бөөр орлуулах буюу гемодиализын аппаратанд
өвчтөнийг оруул­даг. Улсын хэмжээнд гемодиализын 60 гаруй аппарат бий. Улсын нэгдүгээр
төв эмнэлэг дээр 30 аппарат байдаг бол манайд долоон аппарат ажиллаж байна. Шинээр
бай­гуулагдсан гемодиализын нэгж болон тасгуудад нэгээс гурван аппарат бий. Манай
эмнэлэг дээр өдөрт бөөрний архаг дутагдалтай 30-аад өвчтөн байнга гемодиализын аппаратанд
орж, цусаа цэвэр­шүүлдэг. Дээр нь Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдээс шаардлагатай
тохиолдолд ганц хоёр хүнийг эмчилгээнд оруулдаг. Энэ нь ганц хоёрхон удаа л аппаратанд
оруулж амийг нь торгоох төдий. Яагаад гэвэл өнөөдрийн ажиллаж бай­гаа долоон аппаратныхаа
хүчин чадалд тохирсон өвч­төнтэй учраас нэмж өвчтөн авах боломжгүй. Олон улсын стандарт
ёсоор өвчтөн нэг удаадаа дөрвөөс зургаан ца­гийн хугацаанд долоо хоногт гурван удаа
үнэ төлбөргүйгээр ордог. Тухайн өвчтөн энэхүү хуваарьт эмчилгээндээ тогтмол хамрагдаад,
дээрээс нь эмчийн заавраар эмэн эмчилгээ хийлгэн хоолны дэглэмээ барьж чадвал жирийн
хүн шиг хөдөлмөрийн чадвараа хадгалаад явах бо­ломжтой. Хэрэв суурь архаг өвчингүй
бол хичнээн ч жил гемодиализын эмчилгээгээр жирийн хүн шиг амьдарч болно. Хэрэв
ямар нэгэн суурь, архаг өвчинтэй бол эмчилгээний үр дүнд сөргөөр нөлөөлдөг.

-Тэгэхээр танай тасагт бөөрний архаг
дутагдалтай хүн ирвэл хүлээн авч, байн­гын аппаратанд оруулах боломжгүй гэсэн үг
үү?

-Яаралтай тохиолдолд өвч­төнүүдийнхээ завсраар ганц нэгхэн
л удаа аппаратанд оруулах боломжтой. Яагаад гэвэл эмчлэгдэж буй 30 гаруй өвчтөн
маань долоо хоногтоо гурван удаа дөрвөөс зургаан цагаар тогтмол аппаратанд ордог.
Хэрэв Батаа гэх шинэ өвчтөнийг аппаратандаа оруулъя гэвэл Дорж гэх өвч­төний эмчилгээндээ
орох хугацаа дөрвөөс зургаан цагаар хойшилно, эсвэл огт орох боломжгүй гэсэн үг.
Ба­тын амийг авраад Доржийг үх гэж болохгүй биз дээ. Тий­мээс ганц нэгхэн удаа амийг
нь торгоох төдийхнөөр аппаратанд оруулчихаад хү­лээгдэлд бүртгэж авдаг. Ма­найд
гемодиализын эм­чилгээнд хамрагдаж байгаа өвчтөнгүүдээс бөөр солиулах мэс засалд
орох эсвэл нас барсан тохиолдолд л оронд нь хүлээгдэлд бай­гаа өвчтөнүүдээсээ авах
бо­ломжтой. Түүнээс биш бусад эмчилгээний тасгууд шиг өвчтөнүүд нь долоо, 10,
14 хоногоор бүрэн эмчлэгдэн, эдгэрээд дараагийн өвчтөнүүдээ хүлээж авдаггүй. Гемодиализын
аппаратанд орсон л бол түүнгүйгээр амьдарч чадахаа болино гэсэн үг.

-Монголд бөөрний өвч­лөл жил бүр нэмэгдэхийн
сацуу нас нь залуужих ханд­лагатай байна гэх сэтгэл амзэглүүлмээр судалгаа гарсан
байна лээ. Улсын хэмжээнд жилд дунджаар хичнээн бөөрний архаг дутагдалтай өвчтөн
онош­логдож байгаа вэ?

-Жилдээ Монголд ши­нээр 150 орчим бөөрний ар­хаг дутагдалтай
өвчтөн оношлогддог гэх судалгаа бий. Тэгэхээр жилд дунджаар төдий хэмжээний өвчтөн
гемодиализийн аппаратанд орох шаардлагатай болдог гэсэн үг. Гэтэл улсын эмнэлгүүд
тийм тооны шинээр бүртгэгдэх өвчтөнийг эмчлэх бололцоогүй. Би түрүүн хэлсэн дээ.
Ге­мо­диализын эмчилгээнд хам­рагдаж байгаа өвчтөнүүдээс бөөр солиулах мэс засалд
орох эсвэл нас барсан тохиолдолд л оронд нь хүлээгдэлд бай­гаа өвчтөнүүдээсээ авах
бо­ломжтой гэж. Тэгэхээр зарим өвчтөнүүддээ тэр болтол ху­вийн эмнэлгүүдээр эмчлүүлж
байхыг зөвлөдөг. Гэхдээ ху­вийн эмнэлэгт нэг удаадаа 200 мянган төгрөг төлөөд до­лоо
хоногт гурван удаа орох боломжтой өвчтөн тэр бүр байдаггүй.

-Бөөрний аппаратыг хэд болгож нэмэгдүүлбэл
бүх өвчтөнүүдэд үйлчлэх боломжтой вэ?

-Жил бүр өвчтөний тоо нь нэмэгдээд байхад аппаратны тоо нь
нэмэгддэггүй гачлан бий. Өнөө маргаашгүй болчихсон, хүнд өвчтэй хүнийг “Таныг манайд
аппаратанд оруулах боломжгүй” гээд явуулах нь “Чи ингээд үх дээ” гэж хэлэхээс ялгаагүй.
Өвчлөл тасралтгүй нэмэгдсээр байгаа өнөө үед жил бүр аппаратныхаа тоог нэмэгдүүлж
байх шаард­лагатай. Яг өнөөдрийн тухайд гэвэл аппаратны тоог дор хаяж хоёр ахин
нэмэгдүүлж 120-130 болгох хэрэгтэй.Ин­гэж байж ирсэн өвчтөн болгоныг аппаратанд
оруулах боломжтой. Гэхдээ зөвхөн энэ жилдээ шүү дээ. Харин ирэх жил өвчлөл нэмэгдэхийн
хэрээр аппаратныхаа тоог нэ­мэгдүүлэхгүй бол ахиад олон хүнд “Таныг аппаратанд оруулах
боломжгүй” гэж хэлэх болно. Уг нь бөөрний аппарат 20-50 мянган долларын л өр­төгтэй
эд. Хүүчин хэрэглэж байсан нь хямд, шинэ нь мэ­дээж үнэтэй. Улсын хэмжээнд байгаа
гемодиализийн ап­паратын ихэнхийг “IVCO” шингэний үйлдвэр болон “Итгэл хавдаргүй
Монгол” төрийн бус багууллагын хөрөнгөөр авсан байдаг. Манай эмнэлгийн аппаратууд
бол Тайванийн үндэсний их сургуулийн тусламжаар өгсөн хуучин эд. Тэдгээр долоон
аппаратын гурав нь элэгдлийн мараалд ороод эвдэрсэн. Шинээр хоёр аппарат суурилуулсан.
Эмнэлгийн зүгээс аппаратныхаа тоог нэмэгдүүлэх талаар яамандаа бичиг хүргүүлдэг
л юм. Гэхдээ 2006 онд Монголд улсын хэмжээнд хоёр гуравхан аппарат байсан шүү дээ.
Тэр үед мөнгөтэй нь гадаадад явж эмчлүүлээд, боломжгүй нэг нь үхдэг л байсан. Тэр
үеэ бодвол өнөөдөр байдал арай л дээрдсэн. Дээрээс нь “IVCO” эмнэлгийн хоёр аппаратыг
төсвийн хөрөнгөөр авсан. Өдөрт нэг аппаратанд өдөрт хоёр хүн л ордог.

-Бөөрний эмгэгийн эхлэл буюу хөнгөн
үе шатанд нь эмнэлгийн байгууллагад хандвал хэр үр дүнтэй вэ?

-Эхний шатандаа байна уу эцсийн үедээ орчихсон уу гэдгээс
үл хамаараад бөөрний дутагдал нь эмчлэгддэггүй. Бөөрний архаг дутагдлын үе шатыг
таван үе болгон хуваана. Дөрвөөс тавдугаар нь үе нь хамгийн хүнд буюу гемодиализын
эмчилгээнд хамрагдах шаардлагатай гэсэн үг. Харин нэгээс гуравдугаар
үе шатанд эмэн эмчилгээ хийгддэг. Бөөрний үйл ажиллагаагаа сар бүр хянуулж, хоолны
дэглэм барьж, эмэн эмчилгээ зайлшгүй хийлгэн, хүндрүүлэхгүй байх боломжтой. Тиймээс
нэ­гээс дөрөвдүгээр шатанд дүүргүүдийн болон гуравдугаар шатлалын бөөрний эмнэлэгт
эмчлүүлнэ. Харин дөрөв тав­дугаар үед болохоор бөөр цэвэршүүлэх аппаратанд орох
зайлшгүй хэрэгтэй болчихдог. Бөөрний өвчлөл нь дэлхийд болон Монголд зүрх судасны
өвчлөлийн дараагаар ордог. Сүүлийн үед залуужиж, тоо нь эрс нэмэгдэж байна.

  М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл
зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

 

Categories
редакцийн-нийтлэл

Ганцаараа идвэл “Ганц худаг”-ийн парламентад, олуулаа идвэл ордны парламентад

Олуулаа
идсэн улс орд­ныхоо парламентад суугаад л байдаг юм шиг байна. Олуу­лаа иднэ гэж
саарал ордонд сууж байгаа төрийн түшээдээ хэлээд байна л даа. Эрхэм түшээдийн сонгогдсон
тойрогт тухайн гишүүний саналыг үндэслэн мөнгө зарцуулахаар төсөвт тусгайлан суулгаж
батлах болсон. Нэг гишүүнд анх 10 сая төгрөг өгч байлаа. Тэр чинь 2004 он. Н.Энхбаярын
засгийн үед гишүүдийн мөнгө гэх зүйл ийнхүү батлагдсан түүхтэй. Энэ мөнгө 2006 онд
100 сая, 2007 онд 250 сая, 2008 онд 500 сая, 2009 оноос нэг тэрбум болтлоо өсч үржсэн.
Үндсэндээ анхны дүнгээсээ 100 дахин үржсэн байдаг.  “Одоо чинь бүр таван тэрбум болсон шүү дээ” гэж
зарим хүмүүс барим тавин хэлдэг л юм. Уг дам яриа үнэн худлыг мэдэхгүй. Мөн биш
нь цаасан дээр харагддаггүй. Гэхдээ ямар чиг байсан манай түшээд өөрсдөдөө тэрбум
тэрбумаар нь мөнгө төсөвлөөд, түүнийгээ яралзтал гар өргөн, кноп даран баталж ирсэн
нь шинэ үеийн парламентын он дараалалд бичигдэх нь тодорхой.  

“УИХ-ын
гишүүд тойрогтоо зарцуулах мөнгийг өөрсдөө идлээ” гээд нийгэм шуугихад, “Тийм зүйл
байхгүй. Гишүүдийг ор үндэслэлгүй гүтгэж байна, гишүүнийхээ мөнгийг үнэнч шударгаар
тойргийнхоо сонгогчдод тараасан” гээд захын гишүүн гомдол мэдүүлнэ. Тэгээд л төрийн
түшээдийн нэр төрд зориудаар халдлаа энээ тэрээ болоод явчихна шүү дээ. “Гишүүдийн
мөнгө” гэх өнөө төсөв рүү жаахан хатгаас өгөхөд зүрх рүү нь зүүгээр шивж байгаа
юм шиг чарлаад босоод ирдэг. Тэдний мөнгөн дүнгийнх нь зарцуулалтад тавих хяналт
гэж ямар байх биш. Гишүүд өөрсдөө бол тойрогтоо зарцуулсан гэх тайлангаа гаргадаг
байх. Ийнхүү ултай суурьтай, баримттай аваад үзэхээр гишүүд тэр мөнгөнийхөө хувьдаа
хэрэглэдэг гэх гаргалгаанаас өөр өөр зүйл, үзүүр гогцоо харагддаггүй нь хачирхалтай.
Үнэнийг хэлэхэд тэд тойрогтоо төсөвлөсөн мөнгөө өөрсдөө идчихдэг гээд байгаа юм
даа. Гишүүдийн мөнгө 10 саяасаа нэг тэрбум болтлоо гэрлийн хурдаар өсөхөд одоогийн
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их хурлын гишүүн байхдаа маш их эсэргүүцдэг байв. “Гишүүдэд
хуваарилсан тэрбум бүү хэл, нэг ч төгрөг байх ёсгүй” гэж төвийн сонин хэвлэлүүдэд
ярилцлага өгч байсан. Л.Гүндалай мөн л эсэргүүцэж “УИХ-ын гишүүдэд өгч буй авлига”
гээд “Их хурлын гишүүд гэдэг чинь хөрөнгө мөнгийг төсөвлөж баталдаг болохоос зарцуулдаг
этгээд биш” гэж мэдэгдэж байсан. Үндсэн хуулийн Цэц хууль зөрчсөнийг ч сануулж байсан.
Гэвч мөнгөндөө улайрсан түшээд “Орон нутгийн хөрөнгө оруулалт” гэсэн нэрээр төсөвт  багтаан батлуулсаар ирсэн түүхтэй.

Гишүүд
тойрогтоо мөнгөө хэрхэн зарцуулж байсныг одоо эргээд саная. Жишээлбэл, 10 сая төгрөг
өгч байх үед манай төрийн түшээд яадаг байсныг бид гадарлана. Эрээний зах дээрээс
хятад хөгжим бөөндөж аваад сумдын соёлын төвүүдэд тараадаг байлаа. Нэг жил сайндаа
хоёр, гурван сумын соёлын төвд л хятад хөгжим өгдөг байсан байх. Тэгээд л нэг жилд
тойрогтоо зарцуулах арван саяын ажил гүйцээ. Хятад хөгжмөөс Эрээний захаас дээд
тал нь нэг сая төгрөгөөр л бөөндөж авдаг байсан биз. Ингээд үлдсэн есөн сая нь тухайн
гишүүний халаас руу гулсаж байгаа хэрэг. Тэгж л дуулддаг байсан.

Одоо
бол төрийн түшээд маань арван сая биш хэдэн тэрбум төгрөгийн эрх мэдэлтэй болсон.
Хуучин шигээ хятад хөгжим шахахаа лав больсон байх. Гэхдээ ууж идэх, хувьдаа завших
арга нь улам нарийссан нь тодорхой. Өнөөдөр гишүүд тэрбум төгрөгөө тухайн тойргийнхоо
сумдад болоод дүүргүүдэд хэрхэн яаж зарцуулж байна вэ гэхээр ингэж зарцуулдаг болсон
байна. Юуны түрүүнд тухайн тойрогтоо объект худалдаад авчихдаг юм уу, нэг байшин
бариад авдаг болжээ. Гишүүний мөнгөөрөө шүү дээ. Байшингаа анх барихдаа сургууль
байгуулна, төчнөөн хүүхдийн цэцэрлэг байгуулна, аль эсвэл өрхийн эмнэлэг байгуулна
гэж ард олны сэтгэл зүй дээр жаахан тоглолт хийгээд объекттой болоод авч байгаа
юм.

Гишүүний
хөрөнгөөр боссон уг барилга байгууламж орон нутгийн өмчид харьяалагддаггүй. Тухайн
гишүүний мэдлийн, төрийн мэдлийн өмч болдог. Гишүүд тэрхүү объектыг голдуу төрөл
садан, хамаатныхаа хүмүүсийн нэр дээр худалдаад авах юм уу, хэн нэгэн хүний өмч
мэтээр бий болгочихдог.

Ингээд
тэрбум  төгрөгийнхөө зарцуулалтын хүрээнд
бий болгосон объектоо өөрөөр нь зардлыг нь нөхүүлнэ дээ. Үүнийг эрхэм түшээд тэнэг
биш учраас эрхбиш мэдэлгүй яахав. Объект өөрөө мөнгөө олно гэдгийг бүгд гадарлаж
байгаа байх. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг нэртэйгээр баригдсан барилга нэг л мэдэхэд
цайны газар, ресторан, буудал, биллъярд, дэлгүүр болоод хувирчих нь.

Үйлчилгээний
газар болоод ирэнгүүт зарим нь түрээслээд, тэгээд л сонгогчид өөрсдөө орлого оруулах
ажлыг нь хийнэ биз дээ. Манай гишүүний байгуулж өгсөн ресторан буудал гэж саймшраад
л, караокед нь шөнөжингөө дуулалдаад эхэлнэ. Тухайн объект зардлаа богино хугацаанд  ингэж нөхөж гишүүдийн тэрбум төгрөг буцаж халаасанд
нь орж байгаа юм. Тэгээд зогсохгүй гишүүд тухайн тойрогтоо хувийн үйлчилгээний газартай
болж буй хэрэг. Ёстой нөгөө “хонь бүтэн, чоно цатгалан” гэдэг чинь энэ. Манай төрийн
түшээд ингэж л олуулаа идэцгээгээд ордныхоо парламентад өдөр шөнөгүй хуралдаад,
чуулаад л байж байна.     

Харин
ганцаараа идвэл “Ганц худаг”-ийн парламентад гэдэг нь төрийн хариуцлагатай өндөр
алба хашиж байсан эрхмүүд ганцаараа идсэнийхээ “шагнал”-д “Ганц худаг”-ийн парламентад
буюу Туулын хөвөөн дээр “чуулах” болсныг хэлээд байгаа юм. “Ганц худаг”-ийн парламентад
өнөөдөр хэн хэн сууж байгааг  бид мэднэ. Тухайлбал,
Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл
байна. Яамны төрийн нарийний албыг хашиж голомтод нь сууж байсан тэрээр ганцаараа
идээд л буруудсан. Улсын төсвийн хөрөнгөөс 
нэг тэрбум 720 сая төгрөгийг тендер нэрээр хувьдаа завшсан гэдэг нь шүүхээр
нотлогдоод Туулын хөвөө рүү яваад өгсөн. За тэгээд Татварын ерөнхий газрын дарга
нарын хэрэг байна. Тус газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх мөн л албан
тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэргээр шүүхээс найман
жилийн ял сонсоод байгаа. Ганцаараа идсэний гор нь гарч байгаа нь тэр.

Ашигт
малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нарын хэрэг гэж эцэслэгдэж өгдөггүй,
дахин дахин задарсан хэрэг байх юм. 2012 оны УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймагт нэр
дэвшин өрсөлдөхөөр бэлдэж байсан тэрээр ганцаараа идсэний балгаар саарал ордны парламент
руу бус Туулын хөвөөн дэх “парламент” руу очсон. Ашигт малтмалын тухай холбогдох
заалтуудыг зөрчин сонгон шалгаруулалтаар олгох ёстой нийт 100 гаруй тусгай зөвшөөрлийг
бусдад сонгон шалгаруулалтгүй олгосон хэмээн буруутгаж Д.Батхуяг болон тус газрын
Геологи, уул уурхайн кадастрын даргаар ажиллаж байсан Л.Даваацогт нарт ял оноогоод
байгаа. 

За
ингээд МИАТ-ийнхний хэрэг гээд албан тушаал, авлига хээл хахуультай холбоотой хэргүүд
үргэлжилнэ. Бүгд л шүүхээс буруутай нь тогтоогдоод байгаа. Ийнхүү Монголын төрд
өндөр алба хашиж эрх мэдэлтэй байсан дарга даамлууд маань Туулын хөвөөн дэх “парламентад”
бүхэл бүтэн танхим үүсгэхээр олуулаа болон хүрээгээ тэлж байна. Энэ бүгдийг анзаарч
ажиглаж суугаа ард түмэн тэднийг “Ганц худаг”-ийн парламентынхан гэж хошигнож шоглодог
болсон байна лээ. Тэгэхээр олуулаа идсэн нь ордны парламентад, ганцаараа идсэн нь
“Ганц худаг”-ийн парламентад суудаг болжээ. Энэ янзаараа бол “Ганц худаг”-ийн парламент
ойрын хэдэн жилдээ л лав гишүүдээр дутахын зовлонгүй “чуулах” биз ээ. Сонгууль болгоны
дараа үүсэх сөрөг хүчнийхний чуулдаг газар тэнд болоод байгаа. 

Н.ГАНТУЛГА  

 

Categories
редакцийн-нийтлэл

Миний ээж бол сайхан, харин та нарынх хөөрхөн юм уу?

Урлаг соёлын дуулж хуурддаг бололтой хэдэн хүн зурагтаар өглөө, өдөр,
үдэшгүй нэгэн суртал­чилгааг мартын үеэр баахан хийв. “Миний ээж хөөрхөн” гэнэ үү.
Жил бүрийн хавар хийдэг уламжлалт тоглолт нь юм байх. Зохиолын дуучид мартын наймнаар
Монголын ээжүү­дэд том бэлэг барингаа ашиг орло­го хүүдийлдэг менежмэнт нь энэ юм
гэнэ. Зүгээр  дуугаа дуулаад, ашгаа олбол
барав.  Заа­вал ингэж хэл соёлоо хэлгий хазгай
сурснаараа гайхуулж, ард түмнээ доромжлох хэрэг юу байна. “Хөөрхөн ээжийгээ дагуулаад
ирээрэй” гээд нялцгай үгс чулуудаж, даллаад байх юм. 

Дунд сургуульд байхад ангид нэг болохгүй, бүтэхгүй нөхдүүд байдаг
даа. Хичээл тасална,  хэн нэгнээс хуулна,
муу сурна, гэрийн даалгавраа хийхийг огт мэддэггүй. Тэгсэн хэрнээ сурах хүсэл эрмэлз­лэлтэй
бусдадаа гай болж, хичээл үймүүлээд зүгээр суудаггүй сахил­га­гүй сурагчид үе үеийн
ангиудад байсаар ирсэн. Манай ангид ч ийм хүүхдүүд байсан. Нэг удаа физикийн багш
маань тэднийг  яана даа гэсэн цөхөрсөн харцаар
ширтэж байгаад “хөөрхөн амьтад шүү” хэмээн хэлж байсан нь санаанаас гардаггүй юм.
Тэр цагаас хойш энэ үг муугийн илэрхийлэл болон ойлгогдсоор ирсэн билээ. Гэтэл сүүлийн
үед урлаг соёлынхон бололтой хэсэг нөхөд ээжүүдийг ингэж дуудаад байдаг боллоо.
Энэ хүртэл ижийгээ “хөөрхөн  шүү” гээд өхөөрдөж
энхрийлээд сууж байгаа нэг ч монгол хүнтэй таарсангүй. Төрүүлсэн эхдээ ийм үг хэлээд
сууж байгаа үр хүүхдийн тухай төсөөлж ч явсангүй. Харин миний ээж сайхан гэдэг үг
бий. 

Миний ээж сайхан ээж

Мяндас зөөлөн уян ээж

Бурууг хийвэл хатуу ээж

Буурал болсон ч чадуу ээж гэдэг үгтэй дуу байдгийг бүгд дуулдаг.
Тэгээд ч хөөрхөн хүүхэн гэж ярьцгаадаг болохоос хэзээ байтлаа монголчууд хөөрхөн
ээж гэдэг байлаа. Хөөрхөн хүүхнийг өдөж, хоргоож, эргүүлдэг жам ёс энэ орчлонд бий.
Яагаад гэвэл хөөрхөн учраас хүүхнүүд эрчүүдийн харааг булаана, сэтгэлийг нь гижигдэнэ.
Ийм л ухагдахуун хөөрхөн гэдэг үгэнд агуулагддаг. Гэтэл хөөрхөн ээж гэхээр мөн л
ийм утга агуулгаар ойлгогдохгүй гэж үү. “Эхийгээ яамар…” гэдэг сонсомгүй муу үг
аль ч улсын үгийн санд байдаг гэлцдэг. Гэхдээ энэ нь дэлхий дээрх хамгийн муухай
хараал. Хүлцэн тэвчимгүй муу ёр гэдгийг хүн төрөлхтөн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.
Хөөрхөн ээж гэдэг үг өөрөө яг л үүн лугаа муу муухай доромжлол, ертөнцөд байж боломгүй
хэллэг гэдгийг энэ зохиолын дуучид мэдэхгүй байна. Монгол үг ямар  утга гаралтайг  мэдэхгүй нүдний булай болцгоож байна.  Ингэтлээ монголоо алдаж, хэл соёлдоо бүү гай тарь.
Монгол хэл устлаа гээд гаслаад байдаг эрдэмтэн, судлаач, төрийн хэлний зөвлөлийнхний
гол анхаарах зүйл нь энэ л байна.  Хөөрхөн
ээжийгээ хөт­лөөд ирээрэй гээд миний ээжээс эхлээд нийт монгол ээжүүдийг доромжилж,
басамжлаад байгаа тэдний хэл, соёлыг зүгшрүүрэх нь та нарын  ажил юм биш үү. Мессежний хэл­тэй “тэмцэж” дэвхцэхийн
оронд энэ доромжлолыг зогсоож, залруулаач.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ 

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Баттөр: Амьдралыг урсгал дагаж өнгөрөөж болохгүй л гэж бодсон

СТА Ц.Баттөртэй ярилцлаа. 

-Та жил бүр бие даасан тоглолт хийдэг. Энэ жил хийх үү?

-Сүүлийн таван жил дараа­лан бие даасан тог­лолт хийсэн. Энэ оноос
өөр төлөвлөгөөтэй байна. Ер нь гадаадад дуулъя гэсэн бодолтой. Бүх юм нээлттэй бол­чихсон
цаг. Америкт, Италид найз нөхөд бий. Тэд маань урьж байгаа.  ОХУ-ын Буриадаас саяхан тоглолтоо хийгээч гэсэн
урилга ирсэн. Улаан-Үдийн Филармонид ирэх дөрөвдүгээр сарын 10-нд тоглохоор товлочихлоо.
Эндээс Дуурийн гоцлол дуу­чин Ш.Наранчимэгтэй хамт очиж сонгодог концерт хийнэ.

-Сонгодог ари, романс, ардын дуу, мэргэжлийн дуу аль алинаар нь
та цомгоо гаргасан. Ардын дуунаас та ямрыг нь сонгож дуулдаг вэ?

-Өнгөрсөн онд буриад дуу­ны 13 дуутай, ардын 14 дуутай хоёр цомог
гаргасан л даа. Ардын дуунуудаа 2011 онд дуулчихсан байсан юм. Одоогоор нийтдээ
зургаан цомог гаргалаа. Анхных нь “Жинжиймаа” нэртэй. Зургаан цомгийн маань гурав
нь дуу­ных, гурав нь сонгодог. Бас арван романс орсон нэг цомог гаргасан. Романс
гэдэг маань бодрол дуу. Тэгээд ардын дууны цомог. Ардын дууг Гон­чиг­сумлаа гуайгаас
эхлээд манай хөгжмийн зохиолчид сонгодог хөгжимд сонгодог түвшинд нь хөрвүүлэн най­руул­сан
байдаг. Тиймээс бид дуулах ёстой. Мэдээж монгол хүн бүхэн ардын дуугаа дуулж, сонсч
дуунд дуртай болдог. Ардын дуугаа дуулж сонсч хүн болдог. Би ч гэсэн ардын дуугаа
дуулж байж дуучин болсон. Өнөөдрийн байдлаар аригаар дагнасан цомог маань Монголдоо
анхных. Романсаар дагнасан цомог өөр гараагүй бас л анхных нь болж байна. Миний
найзууд дотор урлаг ойлгодог оюунлаг толгойтой гоё хүмүүс байна. Тэд маань туслаад
энэ олон тоглолтууд, цомгуудаа хийлээ. Би 2009 оноос хойш таван тоглолт хийхдээ
мэргэжлийн урлагийн таван ондоо тоглолт хийсэн.

-Таныг гадуур нэг хэсэг янз бүрээр ярьсан. Театрын бужигнаантай
хол­боотойгоор. Та үүнд хэр зэрэг гуниглав даа?

-Хүн юм хийж бүтээгээд ирэхээр жаахан ад үзэгддэг юм байна лээ. Ямар
ухаантайг нь мэдэхгүй юм. Хүмүүсийн хэлэхгүй байгаа үнэнийг хэлэхээр “галзуу солиотой”  нэр авдаг юм байна. Өөдөөс давшиж байгаа дайснаас
хажууд байгаа “нөхөр” илүү дайсан гэдэг үг байдаг. Би энэ үгийг мэдэрч л байлаа.
Гэхдээ энэ бүхэн шалихгүй зүйл, гуниглах юм биш шүү дээ.

-Театраас гэнэт явсан тухайгаа товчхондоо юу гэж үзэж байгаа вэ?

-Үнэнийг хэлэхэд би нэг бодолд хүрсэн байсан л даа. Уг нь бол яг
зөв голдрилоор нь яваад сургуулийг нь төгсөөд мэргэжлийн нэг нойморын тайзан дээр
нь ажиллаад, яг сайхан ид тэгшрээд ажиллаж байгаа хүн сайхан амьдрах ёстой шүү дээ.
Гэтэл нөхцөл байдал эсрэгээр байсан. Тийм учраас би амьдралыг урсгал дагаж өнгөрөөж
болохгүй юм байна гэж бодсон.

-Одоо Буриадад ямар хөтөлбөртэй тоглох гэж байгаа вэ?     

-Хоёр хэсэгтэй сонгодог концерт хийх юм. Эхний хэсэгт нь сонгодог
дуурийн ари, Оросын гоё гоё романсууд, хоёрдугаар хэсэгт нь буриад дуунууд дуулна.

-Та Дуурийн театртаа хэдэн жил дуулаад гарчихав?

-15 жил. Театрт анх ороод найрал дуунаас нь эхэлсэн. Найрал дуунд
гурван жил дуулаад гоцлооч болсон. Гэхдээ зөвхөн найрал дуу дуулаад яваагүй шүү
дээ. “Травиата”-гийн Жозеф ч юм уу, “Кармен”-ы Моралес ч гэдэг юм уу дуурийнхаа
жижиг дүрүүдэд дуулж байгаад гоцлооч болсон. Манайх түүхэндээ 56 дуурь тоглосон
байдаг юм. Үүний 26-д нь дууллаа. Гол, туслах дүрээ тоолох юм бол дөч гарчихалгүй
яахав.

-Гараад юу хийв?

-Шууд хаашаа ч юм явчихаж болохгүй байлаа. Эхлээд магистр хамгаалах
хэрэгтэй байлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард магистраа төгслөө. Би өөртөө ойрын таван
жилийн зорилго тавь­чи­хаад байгаа юм. Европт очиж дуулъя, Америкт, Японд очиж дуулъя.

-Залуу баритонуудыг ирэхээс өмнө нэг хэсэгтээ та хаашаа ч хөдлөх
аргагүй байсан байх?

-Тэр үед магистрт ч сурах завгүй байсан. Ялангуяа 2008 оноос хойш.
Долоо хоноод л нэг гол дүр дуулах жишээтэй. Сарын дөрвөн долоо хоногт дөрвөн гол
дүр дуулна. Хэдэн жилийн өмнөөс хилийн чанадад бай­гаа найз нөхөд маань ч намайг
хүрээд ир ээ л гэдэг байсан. Би болохоор театрт ямар ч завгүй хадагдчихсан байсан.
Ямар сайндаа дөнгөж сая магистр төгсч байхав. Өнгөрсөн нэг жил гаруйн хуга­цаанд
өөрийгөө хөгжүүлэх үүднээс төрийн удирдлагаар бас суралцлаа. Дүүргийн соёл урлаг
хариуцсан ажил бай­даг юм байна, тэрийг хий­лээ. Дуулахаас өөр юм хийж байгаагүй
болохоор тэнд очоод би компьютер, бичиг баримт боловсруулахаас өгсүүлээд нэлээн
юм сурсан шүү. Тиймэрхүү юм хийж бай­тал ардын жүжигчин А.Долгор эгч намайг Якут
руу явж ажиллахыг санал болголоо. Тэднийх бас гоё дуурийн театртай. Тэндээс ардын
жүжигчин, нэг том хүн ирлээ. Чамайг авмаар байна гэсэн ч би тэр үед нь хүлээж авах
боломжгүй байлаа.

-Магистрыг яг юунд хэрэг­лэдэг юм бэ. Эрдмийн театрын урын сангийн
бараг бүх дуурийг дуулчихсан хүмүүст энэ хэрэгтэй байдаг юм уу?

-Бусад оронд бол арваад жил дуулсан хүнд магистр шууд өгдөг. Гэтэл
би сая хоёр сая дөрвөн зуун мянган төгрөгийг нь төлж, цагаа зарцуулж байж авлаа
шүү дээ.

-Дуурьт та яг ном ёсоор нь, зөв дарааллаар боловсорсон байх?

-Дуурийн дуучин дүрийг яаралгүй аажим аажмаар хийх ёстой байдаг.
Жишээ нь би Тоска дуурийн Скарпья-г бараг зургаа долоон жил хийсэн. Ерөөсөө яарахгүйгээр
хийх нь маш сайн. Скарпьяг гэхэд л маш аажим аажмаар чанартай хийсэн шүү. “Тоска”
хэцүү ч их гоё жүжиг л дээ. Тоскаг би Монголдоо анх удаа итали хэлээр нь дуулсан.
Хавлааш гуайгаас эхлээд манай баритонууд дандаа монголоор дуулж байсан юм. Одоо
дөрөв дэх Скарпья Э.Амартүвшин италиар дуулж байна. Том дуурийг аажим аажмаар босгох
хэрэгтэй байдаг. Одоо манай залуу дуучид том юм дуулах гээд яараад л байна. Гучин
нас ч хүрээгүй ийм залуугаар нь хамаагүй дуулуулбал эрсдэл хүлээдэг. Хүнийг өнөөдөр
хайрлаж байж урт насалдаг. Өнөөдөр хайрлахгүй бол тэр хүн насгүй болно. Хэдийгээр
цалинг нь аваад ажиллаж байгаа ч гэсэн хайрлах л ёстой. Бэхбат гэж ах байлаа. Маш
гоё тенор. Хүн болгон онгироогоод, Отелло, Хозе дуулуулаад тэгсээр байгаад хоолой
нь байхгүй болсон шүү дээ. Дуулахаа байсан. 

Би харин их азтай. Намайг театрт орж ирэхэд өнөөдрийнх шиг дандаа
залуучууд байсан бол бас л том жижиг гэлтгүй жүжигт гарах нь мэдээж. Гэвч тэр үед
талийгаач Ган­төмөр ах, Дашпэлжээ ах, Түвшинтөгс, Болд эд нар ид өрсөлдөж байсан
үе. Тэр үед нь би доороос нь бага багаар дуулаад явчихсан байхгүй юу. Их азтай.
Том дүрүүдийг бараг дөрөв таван жил үзэгчдийн суудлаас хажуу­наас нь хараад явж
байсан даа.  2006 оноос хойш том дүр дуулж
эхэлсэн л дээ. 2006 онд Моцартын “Увдист лимбэ”-д Папагенод дуулаад яг дарааллаар
нь явсан юм.

-Эрдэнэбаатар найруу­лагч та хоёр энэ жүжгийг үзэгчид Папагеног
тан­гүй­гээр хүлээж авахгүй бол­тол хийсэн байгаа шүү дээ?

-Зарим хүмүүс намайг Папагено л гэдэг юм. Одоо “Увдист лимбэ” хаагдсан.
Яагаад гэвэл, герман хэлээр дуулдаг жүжиг. Эхнээс нь дуулаагүй хүн дундаас нь орно
гэдэг хэцүү. Бүтнээр нь германаар дуулдаг жүжиг шүү дээ. Эрдэнэбаатар най­руу­лагч
бол хүнийхээ хувьд ч мэргэжлийнхээ хувьд ч мун­даг хүн. “Богема” дуурийг яаж тавилаа,
“Увдист лимбэ”, “Сарьсан багваахай”-г яаж тавив. Бүгдийг үзэгчид мэдэж байгаа. Тэгээд
дараа жил нь би Фигарод дуулсан юм. Одоо эргээд бодоход маш гоё, шат дараалаад дуулчихсан.
Урын сангийн дараалал маань их зөв явсан даа. 2007 онд Фигарод дуулсан. Өмнө нь
Папагено дуулсан урчаас маш гоё дэвсгэртэй болчихсон үе. Дараа нь Фигарод дуулаад
араас нь “Трубадур”, “Тос­ка”-д дуулахад хамаагүй гоё болчихсон байгаа юм чинь.
Одоо бол би өөртөө дараагийн том түүх босгох гээд байж байна. Хилийн чанадад дуулах.
Өнөөдөр би хэрвээ гучин таваас доош настай байсан бол олон улсын уралдаануудад орно
гэх сэн. Уралдаан гэдэг чинь зөвхөн залуу хүмүүс оролцдог юм. Мань мэтийн олон жил
ажиллачихсан хашир туршлагатай хүмүүс орохгүй шүү дээ.

-Уралдаанд амжилттай оролцоод ирсэн хүнийг манайд төгс дуучин
гэж бодоцгоодог юм байна. Дуурьт дөнгөж суралцаж бай­гаа залуучууд олон улсын шагналтнууд
маань жүжгээ бүхлээр нь авч явж дуулж чадахгүй байх юм л даа. Хүмүүс дуурийн театрт
хоолой сонсох гэж очиж байгаа биш жүжиг үзэх гэж очиж байгаа шүү дээ?

– Дуурийн дуучин бол өөрий­гөө зөвхөн дуучин гэж бодох учиргүй. Тайзан
дээр бүхэл бүтэн амьдрал өрнөж байгаа. Тиймээс би тэр амьдрал дотор гол рольд явж
байгаа гэж өөрийгөө ойлгох ёстой юм. Тэр гоё жүжгийг нэг үг хэлэхдээ хүртэл маш
гоё характерны, донжтой хэлж, жүжгийг бүхэлд нь авч явдаг. Мянган гоё тайз засаад,
оркестр яаж ч сайн дуугарлаа ч гоцлооч сул байвал тэр театр явахгүй. Гоцлооч хүн
гэдэг ингэж торойх ёстой. Тэгж байж тухайн театр “браво” гэж болно. Би хувьдаа энийг
л их хичээж бодож ажилласан.

-“Жинжиймаа”-г дуулс­ны дараа хүмүүс энэ нэрийг бараг таны овог
мэтээр санах болж. Дууны бүтээлүүдээ хэрхэн хийв?

-Дуу дуулна гэдэг бол сонсч байгаа хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж
гаргана гэсэн үг л дээ. “Жинжиймаа”-г дуулахад олон дахин хоолой бичүүлж байж хийсэн
дуу.

-“Хүний заяа”, “Ус мөрөн олон чиг”, “Аав ээж хоёр минь” гэх мэтийн
хүний сэтгэлийн энгээр, дэлхий дүүрэн дуулах хэдэн дуу манай дууны урлагт байна.
Та эдгээрээс дуулсан биз дээ?

-2008 онд “Гавьяатын гараа” нэртэй уралдаанд би “Ус мөрөн олон чиг”
гэдэг агуу дууг дуулж түрүүлсэн л дээ. Энэ бол театрт мэргэжлээрээ ажилласны ач.
“Аав ээж хоёр минь” дууг мөн дуулсан. “Хүний заяа”-г дуулаагүй. Мэргэжлийн дуунуудаасаа
онц­лоход, Улсын филармоний Ерөнхий удирдаач УГЗ Н.Бүтэнбаяр гуайн “Эх орон та хаанаас
эхэлдэг юм бэ” гэж их сайхан дуу байгаа. Энэ их сонин түүхтэй дуу. Олон ч хүн дуулах
гээд яагаад ч юм болоогүй. Дуурьслынхаа хувьд их том дуу л даа.

-Н.Бүтэнбаяр гуай удир­даач хүн учраас их өргөн дуурьсгаа байлгүй.
Өөрөө энэ дуугаа хаана ч ярьж сонсогдоогүй юм байна?

-Бараг ганц дуу зохиосон хүн дээ. Хоёр агуу хүний хүүхдүүд зохиосон
нь бас их сонирхолтой. Явуухулан гуайн хүү Энхээ шүлгийг нь, Намсрайжав гуайн хүү
Бүтэнбаяр аялгууг нь бичсэн. Олон жилийн өмнө бичсэн юм гэсээн. Олон ч хүнээр дуулуулах
гээд болоогүй. Яагаад гэвэл хоёр октавтай дуу байхгүй юу. Хамгийн сүүлд, намайг
дуулахын өмнө П.Ганбат агсан эмьд сэрүүндээ 2003 онд Монголдоо ирэхэд нь сонсгож.
Тэгэхэд Ганбат “би хавар эргээд ирнэ, хавар ирээд дуулъя” гээд буцаад харамсалтай
нь эргэж ирээгүй. Түүнээс хойш 2008 онд надад өгсөн юм. тэгж би дуулаад, Бүтэнбаяр
гуай өөрөө удирдаад, хоолой бичүүлэлгүй шууд дуулсан. Шууд дуулж барах уу гэсэн.
Үзье л дээ. Барна шүү дээ л гэсэн. Дууллаа. Оркестрынхон бүр баяр хүргэж байсан.
Бүтэн­баяр гуай өөрөө ч сайхан үнэлсэн. Өнгөрсөн жилийн төрийн концертод  Бүтэнбаяр гуай дуугаа оруулах гэсэн боловч болоогүй.
“Чамаар дуулуулахгүй гэнэ ээ” гэж хэлсэн. Би яахав, инээд хүрээд өнгөрөхгүй юу.
Мөн ардын жүжигчин А.Энхтайван ахын олон дуу дуулсан даа. “Аав минь” гээд агуу дуу
байгаа. Энэ дуу манай Хэнтийнхний нэг цомогт орсон байна лээ. Жанцанноров гуайн
“Тогосын цагаан овоо” байна. Хэдэн сайхан дуу дуулсаан.

-Та одоо дөч гарч яваа дуучин. Чадал чансаа яг тэгширч эхлэх ийм
үедээ манай олонх дуучид багш болчихдог, Яг л бүрэн дүүрэн дуулах чадалтай болмогцоо
тайзнаас буучих юм. Таны хувьд?

-Агуу их Норовбанзад гуайн хэл­сэн үг бий. Жинхэнэ дуучин бол дөч
хүрч байж дөнгөж дуулж эхэлдэг гэж. Гэвч манайд холч бодлого алга л даа. Манай басс
Оюун­чулуун, баритон Үнэнхүү эд нарыг гаднаас ирсэн хүмүүс гайхдаг юм. Үнэнхүүг
“Энэ баруун Европт очоод дуулбал мөнгийг ёстой хүү­лэх юм байна” гэж хэлж л байсан.
Үнэнхүү бол тийм гоё сонсголонтой, чадал чан­саа­тай л даа. Өөрийнхөө хувьд хэлэхэд,
тэр том том дуурь миний урын санд байгаа юм чинь энд би уяатай байна гэж юу байхав.
Одоо л дэлхийгээр явж дуулдаг нас шүү дээ.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

Их Майдар бурхныг 108 метр өндөр суваргынх нь хамт энэ онд цогцлооно

“Их Майдар” цогцол­бор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт сүндэрлэж
байна. Төв аймгийн Зуун­мод сумаас Налайх руу очсон шинэ замаар 13 км явахад замын
хойно, Богд хан уулын өвөр, Өгөө­мөрийн аманд уг цог­­цолбор баригдаж бай­на. Их
Майдар бурхны суурийг цутгаад, өвдөг хүртэл нь угсарчихаж. Суурийн ойролцоо, ба­руун
урдхан талд нь гар, мөр гээд биеийн бусад хэсгүүдийг нь тавьчихсан байлаа. Гар болоод
бусад хэс­гүүдийг нь аравнайлсан бололтой есөн тахилтай цагаан хадаг уяж, шар тос,
цагаан идээгээр ху­райлсан нь харагдаж байлаа. Бурхныг босгох барилгын ажлын явц
нь 35 хувьтай байгаа бө­гөөд энэ сарын сүүлээр барилгын ажил эхэлнэ. Бүтээцүүд бэлэн
болсон учир шууд угсрах аж. Ин­гээд энэ ондоо багтааж Их Майдар бурхны бодь дүрийг,
108 метр өндөр зарлиг увдисын суваргын хамт цогцлоох юм байна. Үүний дараа “Их Майдар”
төслийн төлөвлөгөөний дагуу бусад бүтээн бай­гуулалтууд өрнөх юм.

Их Майдар бурхны өлмий залах ёслол 2012 оны долдугаар сард болж байсан
бол наймдугаар сарын 8-ны бэлгэшээлт өдөр шавыг нь тавьж байсан билээ. Харин өнгөрсөн
оны наймдугаар сард бурхны толгойг нь авчирсан юм.

Уг цогцолборыг хэн нэгэн, эсвэл нэг компанийн хандиваар босгож байгаа
биш гэдгийг албаны хүмүүс ярьж байлаа. Сүсэгтэн олны хандив бишрэлээр хөрөнгө оруулалтыг
нь шийдэж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Их Майдар” цогцолбортой холбогдуулан
зарлиг гаргаж “Эв нэгдэл, энэрэл нигүүслийн ёсыг эрхэмлэгч Их Майдар бурхны цогцолбор
төслийг үндэсний хэмжээний бүтээн байгуулалт болгосугай” хэмээж төр улс, түмэн олныхоо
цог золбоог бататгах, монголчуудын уламжлалт ёс заншил, гүн ухааныг хөгжүүлэх “Их
Майдар” цогцолборын бүтээн байгуулалтыг дэмжиж оролцохыг төрийн болон төрийн бус
байгууллага, аж ахуйн нэгж, айл, өрх иргэн бүрт уриалсугай гэсэн нь ард олонд их
хүрсэн гэнэ. Хандив цугларахад Ерөнхийлөгчийн энэ зарлиг, уриалга их сайн нөлөө
үзүүлсэн санж. 500 мянган төгрөг болон түүнтэй тэнцэхүйц хэмжээний валютын хандив
өргөсөн хүний гэр бүлд нь зориулж 27 см өндөртэй Майдар бурхан хоёрыг, батламжийн
хамт өгөх бөгөөд нэг хувийг нь гэрт нь, нөгөөг нь суваргад залах аж.

Нийт 108 мянган ийм бурхныг залах гэнэ. Одоогоор найман мянган хүн
хандив өгөхөөр бүртгүүлээд байгаа гэнэ. Бүртгүүлчихээд 500 мянган төгрөгөө шууд
бэлнээр гаргаж өгөх боломжгүй бол цувуулан өгч болох юм байна. Яагаад гэвэл энэ
бүхэн буяны ажил учир сэтгэлээсээ өгсөн бүхэн буян болно гэж үзэж байгаа юм билээ. 

Аймаг бүрээс хүмүүс хандив өргөж байгаа бөгөөд Улаанбаатар, Өвөрхангай
аймгаас хамгийн олон хүн хандив өгч, гэр бүлийн Майдар бурхнаа цогцолборт залах
батламжаа авчихаад байгаа аж. Өвөрхангай аймгаас 500 орчим хүн бүртгүүлчихээд байгаа
гэсэн. Гадаадад суугаа монголчууд Элчин сайдын яам, консулаараа дамжуулан хандив
өргөж байгаа юм байна.

Төслийн ажилд Монгол, Англи, Герман, Чех, Хятад, Канад зэрэг улсуудын
инженер техникийн байгууллагууд нэгдээд байна. Мөн Монголдоо шилдэгт тооцогддог
барилгачин, барималчин гээд барилгын мундаг улсууд зөвлөгөө өгч хамтран ажиллаж
байгаа гэсэн.

Төслийнхөн анх хандив цуглуулах ажлаа эхлүүлэхдээ сүсэгтэн олныг
түлхүү оролцох болов уу гэж таамаглаж байжээ. Гэтэл хандив өргөж байгаа хүмүүсийн
60 гаруй хувь нь залуус. Тэр дундаа 25-35 насныхан байгаа нь сэтгэлийг нь хөдөлгөж
байгаа аж. Залуус аав ээж, эмээ өвөөдөө зориулан Майдар бурхныг суваргад залахаас
гадна үр хүүхдэдээ өвлүүлэхийн тулд ийн буяны ажилд идэвхтэй оролцож байна гэж
“Их Майдар” төслийн Маркетинг, Олон нийттэй харилцах албаны дарга Д.Өнөржаргал ярилаа.

“Их Майдар” бурхан 54 метр өндөртэй бүтээгдэнэ. Энэ нь одоогоор дэлхий
дээр байгаа хөшөөнүүдээс хамгийн өндөрт тооцогдоно гэсэн үг. Рио де Жанейрогийн
Христийн хөшөө 39 метр бол Цонжин болдог дахь Чингэс хааны морьт хөшөө 40 метр.
Нью-Йоркийн Эрх чөлөөний хөшөө 46 метрийн өндөртэй. Ингэхээр Сэргэлэн суманд сүндэрлэж
буй Майдар бурхан өндрийн хэмжээгээрээ дэлхийд нэрээ дуурсгах нь. Нөгөө талаар
108 метр өндөр суварга нь ч дээд амжилт тогтоох нь дамжиггүй.

Майдар бурхан бол Бурхан багшийн дараа замбуутивд залран өөрийн сургаал
номоо дэлгэрүүлэх сайн цагийн мянган бурхдын тав дахь бурхан нь гэдэг. Бурхны шашны
номлол ёсоор энэ ертөнцөд сайн цагийн мянган бурхан ирэхээс эдүгээ бидний амьдран
байгаа энэ цагийн бурхан нь Будда бөгөөд дараачийн эрин үеийн бурхан бол Майдар
бурхан юм. Майдар бурхан нь сайн сайхныг авчрахыг бэлгэддэгээр сүсэгтэн олны чин
сэтгэлд төв байр суурь эзэлдэг билээ.

Монголчууд Майдар бурхныг ирээдүйн бурхан хэмээн шүтэж тахиж, ирээдүй
хойч үеэ түүнд даатган залбирч түүний номын хураас хүртэх ерөөл тавьдаг уламжлалтай.

Их Майдар бурхны өндөр сүрлэг дүр төрх боссоны дараа бусад бүтээн
байгуулалтууд эхэлнэ. Хөшигтийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал баригдаж
байгаа. Гаднаас ирсэн зочид гийчид, жуулчдын хамгийн түрүүлж зорьж очих газар нь
Их Майдар цогцолбор байхаар бодож зураг төслийг нь гаргажээ.

Их Майдар төслийн хүрээнд шашин соёлын өвөрмөц хэв шинжийг агуулсан,
хүүхэд залуучууд чөлөөт цагаа байгальд ээлтэй, эрүүл орчинд зөв боловсон өнгөрүүлэх,
соён гэгээрэх, амралт чөлөөт цагийн цэцэрлэгт хүрээлэн бүхий нийт 108 барилга байгууламж
байгуулагдах бөгөөд бүтээн байгуулалт нь 108 га газрыг хамрах юм байна.

Цогцолборт ирсэн хүмүүс Майдар бурхны өлмийд гороолоод дээш гарч
зүүн мутрын бумбанаас ертөнцийг тэтгэгч чандмань эрдэнэ болох рашаан уснаас хүртээд
аравдугаар давхарт гарч 108 мянган Майдар бурхны ерөөл сонсоно. Гадагш гарч өндрөөс
орчны байгаль, нийт цогцолборыг харж Гаадангийн гончиг суваргын 54 метрийн өндөрт
гарч гороолсоноор сүрлэг мэдрэмж төрөхөөр бүхнийг тооцоолжээ.

Энэхүү төслийг санаачлан эхлүүлсэн УИХ-ын гишүүн, сайд Х.Баттулгад
сүсэгтэн олон гэлтгүй эх орныхоо эв нэгдэл, ирээдүйд санаа зовнидог хэн бүхэн талархсаар
байгааг төслийн санаачлагчид дуулгаж байлаа. Ирээдүйд энэ цогцолборыг дагаж 200
мянган хүн амтай “Майдар” хот бий болох аж.

“Их Майдар” цогцолбор шашин, соёлын өвөрмөц хэв шинжийг агуулсан
боловсорч гэгээрэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн амралт чөлөөт цагийн цэцэрлэгт хүрээлэнтэй
байхын зэрэгцээ “Майдарын ногоон морь” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголд үүсээд буй
цөлжилтийн эсрэг хамгийн том далайцтай алхмуудыг хийхээр төлөвлөөд байгаа юм байна.

Тус цогцолборт задгай театраас эхлээд спорт амралт зугаалгын газар,
усан парк, амьтны хүрээлэн, бясалгалын ордон, лам ажилчдын байр, таван одтой зочид
буудал гээд 38 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулах бөгөөд жилийн дөрвөн улирлын
турш олны хөл тасрахгүй буян хурах газар байх юм байна.

 Д.САРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

Украинд санаа нь зовж, валютын ханш сурагласан ОРХОНЫХОН

Нар уулын оройгоос тохой өндөрт мандаж байхад Булган аймгийн Орхон
суманд ирлээ. Ногоон, улаан дээвэртэй хэдхэн байшин бүхий сумын төвийг хараад “Сумын
төвд амьдардаг хүмүүс ганцаардал гэдгийг мэддэггүй байх даа. Танихгүй хүн байхгүй
юм чинь” гэсэн бодол тээн явав. Сумын төв рүү орж хавь ойроор хараа бэлчээн явахад
нэг ч хүн харагдсангүй. Нөгөө “Гамингийн хөлөөс дүрвэжээ” гэгчээр хүн ам нь тэр
чигтээ гэр бараагаа хаяад зугтаачихсан ч юм шиг. Бүр гайхаж хоцров. Сумын төвдөө
орж ирүүт хүн битгий хэл нохой харагдсангүйд айх гайхах зэрэгцэв. Ирэх замдаа “Сумын
Засаг даргын тамгын газар нь хаана юм бол. Эмнэлэг, цагдаа нь хаагуур байдаг бол”
гэж бодож байсан. Гэтэл ганц ч хүн харагдахгүй байгаад нь ингэж гайхлаа.  Ашгүй нэг сүүлээ цагираглан наранд ээн хэвтэх
дөрвөн нүдтэй банхар дэлгүүрийн үүдэнд залхуутайяа эвшээж байна. Нохой байгаа юм
чинь эзнээ дагаж яваа байлгүй гэж бодон дэлгүүр рүү орлоо. Худалдагчаас гадна гурван
хүүхэн хошуу нийлүүлчихсэн зогсож байна. Украины бослогоос үүдэн өчнөөн хүн амь
үрэгдэж байгаа талаар мөн улаан Долгорын хүү Батхуяг эхнэрээсээ сал­чих­сан талаар.
Бас Сүхээ өчигдөр орой гэртээ агсан тавьж авгайдаа мартын бэлэг барьсан юм байх
гэхчлэн хавь ойрын хов базаж байлаа. Тэд­ний яриаг чагнангаа шилэн лангууны цаадах
бараа руу нүд бэлчээлээ. “Алпен голд”, “Гоё” ундаа, “Юбилейное” жигнэмэг, чупа чупс,
чоко пай гээд хүнсний дэлгүүрт байдаг юм юм л байна. Ундаа 1200, шоколад 1700 төгрөгийн
үнэтэй юм.

Хотын дэлгүүрээс
200-300 төгрөгөөр илүү үнэтэй ажээ. Харин барааны саван, шампунь, вокныхоо үнийг
нэг их нэмэлгүй зардаг юм болов уу даа. Худалдагч эмэгтэй хэсэг харж байснаа “Та
нар хотоос яваа юм уу” гэж байна. “Тийм ээ” л гэлээ. “Хаа хүрэх юм, хотод долларын
үнэ тэгж их өсөөд байгаа юм уу. Юмны үнэ нэмэгдээд болохоо байж байгаа сонсогдох
юм” гэв. Тэгтэл Украины бослого, сумын төвийнхний хов живийг ярьж дуусаад өмнөх
орой нь сумын соёлын ордонд болсон тоглолт тийш яриагаа хандуулан лангуу түшин зогсох
өнөөх эмэгтэйчүүдийн анхаарал бидний зүг чиглэж орхив. “Манай сумынхан бүжиг наадмаар
цангасан байна лээ шүү. Тоглолтын дараа шууд тарчих юм байх гэж бодсон чинь сандал
холдуулаад тэр бүжиглэж байгааг харав уу” гэж ярьж байснаа “За дүү нар хаа хүрэх
нь вэ” гээд сониучирхаж байна. Сониноос яваагаа дуулгатал “Пээ базарваань, “Өдрийн
сонин”-ы сурвалжлагчид юм уу.

За хэдэн эгч нь ам халаад юу ч ярьчихаж мэднэ. Бушуухан шиг гаръя”
гээд ум хумгүй шуртхийн одов. Бүр хүүе гэхийн завдалгүй гараад явчихлаа. Худалдагч
эгч санаа зовсон бололтой “Яаж байгаа хогнууд вэ. Хөг­шин авгай нар байж год­гоносон
охид шиг гарч гүйлдээд” гэсээр хоцорлоо. Тэгснээ “Та хоёр сурвалжлага, ярилцлагаа
дарга нараас авах юм байгаа биз дээ. Мань мэт юугаа ярихав. Харин хотын хүүхдүүд
байна даа, эгчийнхээ утсыг интернэтэд холбоод өг. Манай суманд вай пи холбогдсон”
гэсээр гар утсаа гаргаад ирэв. “Samsung S-II” утсыг хотод байдаг том охин нь барьж
байгаад ээж рүүгээ явуулжээ. Охиноосоо ирсэн утсаар интернэтэд орж орифлэймээс бараа
захиалдаг болмоор байгаа гэнэ. Эндхийн хүүхнүүд бараг бүгд орифлэймийн хэрэглэгч
гэсэн. Тиймээс түүнд хам­гийн гүйлгээтэй бараагаа интернэтээр захиалах тун чухал
хэрэгцээ байна гэж тайлбарлаж гарав. Орхон сум тэр чигээрээ утасгүй интер­нэтэд
холбогдоод долоо хонож байгаа юм байна. Сумын иргэд хөгшин залуугүй вай пидах тухай
ярьж байгаа ажээ. Вай пи гэдэг нь “Wi Fi” буюу утасгүй интернэтийг хэлж байгаа хэрэг.
Интернэтэд холбогдоход хурд нь тун болом­жийн ажээ. Интернэт ярьж тав арван минут
хэртэй болоход гаднаас хүн орж ирсэнгүй. Ер нь орлого тийм ч сайн биш гэсэн. Мэдээж
хэрэг өдөр бүрийн орлого харилцан адилгүй ч гэлээ өдөрт 20-30 мянгын орлоготой буудаг
гэж байлаа. Сумын хэмжээнд хэд хэдэн дэлгүүр бий бөгөөд архи, согтууруулах ундааны
тусгай зөвшөөрөлтэй гурван дэлгүүр байдаг юм байна. 

Дэлгүүрээс гартал хоёр хүүхэн сугадалцаад алхаж явна. Араар нь мотоцикль
дээр сундалдсан хоёр залуу өнгөрч байв. Хотын түм түжиг­нэсэн олон хүн харж дассан
болохоор хүнгүй байна гэж айгаад байсан юм байна. Түүнээс сумын төвийн амьд­рал
үргэлжилсээр л бай­гаа ажээ. Хүн амьдарч л бай­гаа юм байна гэж инээлд­сээр дэлгүүрийн
араар тойрч гудмаар хэсэг алхлаа. Лав л нүдэнд тусах хог харагд­сангүй. Жигтэйхэн
цэмцгэр юм гээч. Урдаа хуцны хөшөө­тэй нэг давхар тоосгон байр цаг­даагийн хэсэг
ажээ. Жижигхэн тоосгон байшингийн үүдэн хэсэгт самбар хадчихаж. Өнгөр­сөн зун хулгайд
алдсан малыг эрэн сурвалжилж бай­гаа, малын хулгайгаас бол­гоомжлох тухай зар байна.
Дотроо ганцхан байх өрөөгөөр шагай­вал ширээний ард хоёр цагдаа, наана нь нэг эмэгтэй
сууж байна. “Хүнтэй байна. Цаанаа хүлээж бай” гэж ахлах дэслэгч хэлэв. Хүлээлээ.
Нэг их удсангүй өнөөх эмэгтэйг гарч явахаар нь орлоо. Орхон сумын Засаг даргын Тамгын
газрын дэргэдэх Цагдаагийн алба гурван алба хаагчтай юм байна. Хэсгийн төлөөлөгч,
ахлах дэслэгч Г.Жамсранжав, ахлагч Э.Оргил-Эрдэнэ хоёр энд гурав дахь жилдээ ажиллаж
байгаа ажээ. Уг нь хоёулхнаа байсан цагдаагийн алба саяхнаас дэд ахлагч Б.Нямбаяр
гэж замын цаг­даа­тай болжээ. Замын цаг­даа нь урьд шөнө ээлжтэй хоносон учраас
эзгүй байв. Нөгөө хоёр нь ширээнийхээ ард “Dell”-ийн нөөтбүүк тавь­чихаж. Мессэнжердэж
байсан бололтой байсгээд л “BUZZ!” ирж байгаа нь яриан дундуур сонсогдож байв. Ахлах
дэслэгч Г.Жамсранжав бидний бичиг баримттай танилцсаныхаа дараа “Хотод утаа гамшиг
болсон гээ биз дээ. Тэгвэл орон нутагт малын хулгай гамшгийн хэм­жээнд хүрчихээд
байна” гэж байна. Тус сумын хоёр, дөрөвдүгээр баг Эрдэнэт, Заамартай залгаа учраас
малын хулгай газар авчээ. Энэ хоёр том зах зээл байгаа учраас шөнө алга болсон мал
өглөө нь гэхэд мах болчихсон байдаг гэнэ. Ченжүүд хулгайн мал гэдгийг мэдсээр байж
авчихдаг. Тэгээд ч малын хулгайн ял зөөлдөөд байгаа болохоор улам бүр гаараад байна
гэлээ. Мөн модны хул­гай цагдаа нарын шүдний өвчин болжээ. Хот руу тэр бүр зөөхгүй
ч аймгийн төв, Эрдэнэт рүү хулгайн модны цуваа тасардаггүй гэнэ. Дээрх хоёр асуудалд
гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа тухайгаа дуулгав. Харин гэр бүлийн маргаан,
зодоон цохион, хулгай дээрмийн асуу­дал анхаарал татах хэмжээнд хүртлээ гарахгүй
ч гэлээ ер нь л тасардаггүй ажээ. Түрүүхэн бидэнтэй зөрөн гарч явсан эмэгтэй л гэхэд
ажил дээрээ сууж байгаад хамт ажилладаг залуудаа зодуулсан байгаа юм. Суман дээр
гардаг иймэр­хүү хэргүүд голдуу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байдаг учраас тэгсгээд
л хаагддаг бололтой юм. Харин орон байрны буюу айл тонодог хулгай нэг хэсэг их гардаг
байсан гэнэ. Айл ухахдаа гаршсан Г.Ганболд гэж алдартай хулгайч ч байж. Шүүхээс
хорих ял сонсож шоронд ял үүрч байгаа боло­хоор Орхон сумынхан нэг хэсэгтээ л тайван
байсан гэнэ. Гэлээ ч сумандаа нэр­тэй хулгайч өнөө хэр бас л хэд хэд байгаа ажээ.
Үйл­дэл дээр нь барих, эсвэл нүдээр харснаа гэрчлэх хүн байхгүй болохоор өнөө хэдэн
хулгайч айл хунар тоноод яваад л байгаа юм байна. Орхон сум өнгөрсөн долдугаар сараас
замын цагдаатай бол­жээ. Замын цагдаа мэдээж хэрэг гудманд зогсож хөдөл­гөөн зохицуулахгүй
ч гэлээ Орхоны гүүрэн дээр шинээр баригдсан постон дээрээ гар­даг ажээ. Мөн долоо
хоногт нэг удаа Булган аймгийн замын цагдаагийн хяналтын цэг дээр гарах хуваарьтай
гэсэн. “Автозамын осол гарахгүй, түгжрэл үүсч хөдөлгөөн удааш­рахгүй болохоор хийх
юмгүй байдаг байх даа” гэж бодогдоод явчихав. Гэтэл хэдий техник хэрэгслийн хөдөлгөөн
бага байдаг ч гэлээ автын осол гардаг гэнэ. Гурван жилийн өмнө л гэхэд сумын эмнэлгийн
машин гудманд явж байгаад өөр машинтай мөргөлдөж байсан юм байна. Яг л 1900-гаад
оны эхэн үед Монголд байсан хоёр машин хоорондоо мөргөлдсөнтэй адил сонсдлоо. Мөн
өнгөрөгч зун дугуйтай явж байсан хүүх­дийг суудлын машин мөргөж осол гаргасан байгаа
юм. Хэдий хүн ам сийрэг ч гэлээ авто машины осол мэр сэр гардаг ажээ. Харин сумын
төвд нэг ч баар, караоке байх­гүй учраас үдэш оройн цагаар харьцангуй тайван байдаг
гэсэн. Хоёр цагдаа ийн ам нь нэлээн халах янз­тай ярьж байснаа “Манай суманд хөрөнгө
оруулалт овоо л хийгдэж байна. Өнгөр­сөн долдугаар сард 10 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар Орхоны гүүрэн дээр замын цагдаагийн пост­той болсон. Удахгүй манай хэлтэст
машин авч өгөх байх” хэмээн ярилаа.  

Тэндээс гарч сумын төвөөр жаал алхав. Яваад байх ч газар байхгүй
юм. Төрийн банк, Хаан банк, соёлын төв, эмнэлэг, цэцэрлэг, есөн жилийн сургууль
байна. Сумын хамгийн өндөр буюу ганцхан байх хоёр давхар байшинд захиргаа байдаг
ажээ. Ортол Засаг дарга, Иргэдийн төлөө­лөгчдийн хурлын дарга, Там­гын газрын дарга
нь эзгүй байв. Захиргаанд ажилладаг нэгэн талийгаач болж, ажил явдалд нь оролцохоор
явжээ. Үдээс хойш 14 цагт ирнэ гэнэ. Үдээс хойш харин мартын найм­ны хүлээн авалттай
гэж байв. Биднийг Орхон суманд очсон өдөр мартын наймны өмнөх өдөр байсан болохоор
захиргааны эрчүүд хүүхнүүдээ хүлээж авах гээд тэрүүхэн тэндээ хөл болж байлаа. Захиргааны
байрнаас сургууль руу халуун савтай цай, нийслэл салат зөөж гүйлдээд байх юм. Сургууль
ардхан талд нь учраас хүлээн авалтаа сургуулийн зааланд хийхээр болжээ. Гэхдээ эх­лээд
бүсгүйчүүдийнхээ дунд гар бөмбөгийн тэмцээн зохиож аваргаа шалгаруулах юм гэсэн.
Үргэлжлүүлээд сүүтэй цай, нийслэл салат, буузаар дайлах хөтөлбөр боловсруулжээ.
Биднийг хараад баярын зоогондоо урьж байна. “Эмэгтэй л хүн юм чинь хаанаас ирсэн
нь бас сурвалжлагч байх нь хамаа юу байна. Манайхантай хамт марталчих. Сумын залуус
тэнд л цуглана ш дээ” гэв. Урилгыг нь хүлээж аваад 14 цагт эргэж ирэхээр болоод
захиргаанаас гарлаа. Суманд ганцхан байх есөн жилийн сургуулиар оров. Хичээл тарчихсан,
жижүүр хүүхдүүд ангийнхаа шалыг угааж байна. Анги бүр ганцхан бүлэгтэй гэнэ. Сумын
хоёр, дөрөвдүгээр баг Эрдэнэттэй ойрхон болохоор сургуулийн насны хүүхдүүдээ Эрдэнэт
рүү алдчихаад байдаг ажээ. 1980-аад оны үед 600 хол давсан сурагчтай байсан сургууль
өдгөө 100 гаруйхан сурагчтай хичээллэдэг болжээ. Ардын боловсролын тэргүүний ажилтан
С.Пагма багшийн дааж авсан нэгдүгээр ангид л гэхэд 13 хүүхэд байгаа юм байна. Ангидаа
зурагттай, гар угаах угаалтууртай, ус буцалгагчтай, танин мэдэхүйн самбаруудтай
юм. Хувцас солих өрөөндөө хивс дэвссэн. Тэндээ хүүхдүүд гутлаа солин гэрийн шаахай
өмсөж анги руугаа ордог ажээ. Сургууль тэр чигтээ дулаахан гэж жигтэйхэн юм. Үүдээр
ороход л пүн хийгээд явчих юм билээ. Сургуулийн дотуур байр ч дулаа­хан сайхан ажээ.
Дотуур байранд 20-иод хүүхэд суудаг гэсэн. Өрөөндөө дөрөв дөрвөөрөө байдаг тэд өдрийн
хоолоо идэхээр гал тогоо руу явсан байв. Араас нь ортол гоймонтой шөл, буузтай идэж
байна. Хоолны дараа байр руугаа орж гэрийн даалгавраа хийнэ гэлцэж байсан юм.

Орхон сум төвийн халаал­тад холбогдож өнгөр­сөн намраас бүх албан
бай­гуул­лагаа нэг шугамаар халааж байгаа ажээ. Сумандаа уурын зуухтай учраас шугам
хөлдөх зэрэг асуудлаас айх хэрэггүй болж. Уурын зуухны хажууханд байх халуун усны
газраар шагайв. Бүтэн сайнд халуун ус дараалал ихтэй болохоос бусад өдөр нам гүмхэн
байх ажээ. Дотроо үсчинтэй юм. Үсчнээр нь толгойгоо угаалгалаа. Хотын төвийн гайгүйхэн
үсчдийн хэрэглэдэг “Dove” шампуниар угааж байна. Хатаасныхаа дараа “Хэлбэр гаргаж
сэнсдүүлэх үү, индүүдэх үү” гэхээр нь сэнсдчихээ л гэлээ. “За энэ үсийг халуун сэнсээр
сэнсдэх үед гэмтэхээс хамгаалдаг цацлага шүү” гээд “Londa”-гийн шүршигч хэрэглэв.
“Энэ буйдхан газарт яасан нандин зүйлс хэрэглэдэг юм бэ” гэхэд “Сайндаа ч биш ээ,
хотод байдаг дүүдээ хэрэгтэй зүйлээ захитал хамгийн үнэтэйг нь явуулчихаж. Уг нь
хэрэглэхэд гоё л юм” гэв. Бас өртөг нь өндөр болоод сүйд болж байгаа биз ээ. Толгойгоо
угаалгаж, үсээ сэнсдүүлсэн ганган амьтан халуун уснаас гарч эмнэлэг рүү явлаа. Хажуу­гаар
мотоцикльтой зөрөх хүмүүс эргэн эргэн харна. Зургийн аппарат барьж, дэвтэр сугавчилсан
бид сумын төвийнхний нүдэнд содон харагдаад байгаа бололтой. Эмнэлэг дээр иртэл
их эмч талийгаачийн ажил явдалд явжээ. Бага эмч ганцаараа байна. Нэгдүгээр баг руу
дуудлагад явахаар зэхэж байв. Гарахын алдад өлгийтэй хүүхдээ тэвэрсэн эмэгтэй хүүдээ
хоёр сартайд нь хийлгэх ёстой халдварт саагийн эсрэг вакцин хийл­гэхээр ирлээ. Вакцин
хийхдээ ээжид нь он сарыг нь харуулж шалгуулав. Хүү бага зэрэг уйлсан ч гар утасны
дуунд саатуулагдаж байснаа унтаад өглөө. Сумын эмнэлгийн байр жижигхэн ч гэлээ дот­роо
амбулатори, хэвтэн эмч­лүү­лэх тасаг, эмийн сан, тарианы өрөө гээд юм юмтай. Тасагт
арваад өвчтөн сувилуулж байгаа ажээ. Хавар болоод хөгшин голдуу хүмүүс тамир­даж
байгаагаас ор дүүрээд байгаа гэнэ. Бусад үед хэвтэн эмчлүүлэх тасаг өвчтөн цөөтэй
ажин түжин байдаг гэсэн.

Сумын төв ерөнхийдөө л анир чимээ багатай, нам гүмхэн юм. Хаа нэгтээ
мотоциклийн дуу сонсогдохоос өөр аниргүй. Ямар сайндаа л унаж яваа машиныхаа дохиоллыг
дуу­га­рахад үхтэлээ цочиж байхав. 

Сумаар хэсэж явсаар нар нэлээн хэвийсэн байв. Гэдэс ч өлсөж байна.
Сурагласаар суманд ганцхан байх гуанз бараадав. Гаднаа ямар ч хаяггүй тэр газрыг
Орхон сумаар дайрдаг тээврийн жолооч нар андахгүй мэд­дэг болжээ. Арваад хүн эгнээд
суучихаж болмоор уртаа модон сандалтай, өнгө нь гандсан хулдаасан бүтээлэгтэй модон
ширээнээс өөр тохижилт гэхээр юм алга. Заал, гал тогоо хоёрыг холбосон жижигхэн
цонхоор бүдүүн улаан авгай шагайж жигнэсэн гурилтай шөл, цуйван хоёр л байна даа
гэв. Жигнэсэн гурилтай шөл 3200, цуйван 3500 төгрөг ажээ. Өнөөдрийн сүү ирээгүй
байгаа болохоор хар цайтай л байна. Хоол захиалбал цай оочлоод сууж бай, удахгүй
гэлээ. “Танай сумын залуусын цуглаж суудаг кафе, паб бий юу” гэхэд “Яаж тийм юм
бай­хав дээ. Цуглаж суухаар бол­вол хойд уулын энгэр өөд л гардаг байх даа” гэлээ.
Хар цай уун сууж байтал нээрээ л удаан хүлээлгэлгүй хоол бэлэн болжээ. Янз бүрийн
амтлагч холиогүй, хонины махтай жинхэнэ монгол хоолыг амтархан идчихээд сумын захиргаа
руу гарлаа.

Үргэлжлэл бий.

С.АЛТАНЦЭЦЭГ

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Н.Батбаяр: 2016-2017 онд дотоодоосоо бензинээ хангах боломжтой гэж харж байгаа

Эдийн засгийн хөгж­лийн сайд Н.Батбаяр өчигдөр Засгийн газрын
11-11 төвд ажилла
сан юм. Энэ үеэр тэрбээр улс орны эдийн засгийн байдлыг хөндсөн
асуултуудад
хэрхэн хариулсныг хүргэе.

-Хазаараа алдсан  ам.долларын
ханшийг хэрхэх вэ. Нөхцөл бай­дал сайхан болно гээд хүлээсээр суух уу. Яамны зүгээс
ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Ам.долларын
ханш Монголын эдийн засгийн толь мөн. Дэлхий дахинд ам.долларын ханш чангарч байна.
Зарим орнуудын хажууд харьцангуй гайгүй гэж хэлж болно. Гадаад ху­далдааны тэнцлийг
эхний хоёр сарын байдлаар авч үзвэл өнгөрсөн жил хасах 300 сая ам.доллар байсан
бол 16 сая ам.долларын хасахтай гарлаа. Тэгэхээр өнгөрсөн жилээс сайжирч байна гэсэн
үг. Экспортын хоёр сарын хэмжээ 80 сая ам.доллараар өссөн, импортын хэмжээ 100 орчим
сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Алдагдал буурч байгаа нь цаашдаа Мон­голын
эдийн засагт валютын ханшийг тогт­вортой байлгах хандлага ажиглагдаж байгаа юм.
Ам.долларын ханшийн өсөлт нэг өдөр өргөс авахтай адилхан зүгээр болчихдог зүйл биш.
Ам.долларын ханшийн асуудал ганцхан Засгийн газрын анхаарах зүйл биш л дээ. Нийт
монголчуудын хувь  заяа юм. Ам.долларын ханшийг
илүү тогтвортой байлгая гэж бодож байгаа бол үндэсний үйлдвэрүүдээ дэмжих шаардлагатай.
Дэлгүүрээс бараа бү­тээгдэхүүн авах­даа Монголдоо үйлд­вэрлэснийг сонгож авдаг болчихбол
валютын ханш ингэж өсөхгүй. Импортоор орж ирэх барааны хэрэгцээ нэмэгдэх тусам валютын
эрэлт их болно. Тиймээс Засгийн газар экспортыг дэмжих, импортыг ор­лох хөтөлбөрийг
хэ­рэгжүүллээ. Энэ утгаараа төсөл ирүүлсэн хүмүүст нэг их наяд төгрөгийг зориулах
шийдвэр гар­гасан. Бидний тооцоогоор энэ онд гадаад ху­дал­дааны тэнцэл эерэг дүнтэй
гарна. Тэгэхээр цаашид валютын ханш тогтворжино. Тогтвортой байлгах нөхцөл байд­лыг
хангахын тулд ажиллана.

-Ам.долларын хан­шийг 1384 төгрөгт ба­рина гэж төсөв баталсан.
1384 төгрөгт байлгана гэдэг нь таны оруулсан тоо гэж байна лээ. Одоо гэтэл 1800
төгрөг рүү дөхчихлөө. Төсөв батлагдах хэмжээнд ам.долларын ханш буурах уу?

-Ам.долларын
ханш 1800 төгрөг болчихоогүй байна. 2014 оны төсвийг нод­нин баталсан. Тоо­цооллын
дүнд ам.дол­ларын ханшийн дүн 1384 төгрөг гэж орсон. Бид энэ хэмжээнд байлгахын
тулд холбогдох хуулиудыг цуг оруулсан. Тухайлбал, гадаадын зээлийн квотыг нэмэгдүүлэх
гэх мэт зүйлс байна. Харамсалтай нь түүнийг баталж өгөөгүй. Аливаа зүйл батлагдах
юм бол иж бүрэн л батлагдах ёстой. Нэг нь батлагдаад нөгөөх нь батлагдахгүй болохоор
доголон ширээ шиг болчихож байгаа юм. Тэр үед бүрэн бат­лаад өгчихсөн бол ам.долларын
ханш 1384 төгрөгт хүрэх нөхцөл бүрдэх байсан. Их хурал дээр би “Засгийн газраас
оруулж ирсэн зүйлсийг бүрэн батлаад өгчих л дөө” гэсэн. Харамсалтай нь тэгээгүй.

-Төсөв батлахдаа ам.долларын ханшийг 1384 төгрөгт байхаар
баталсан ч одоо ам.долларын ханш 1780 төгрөг байна. Тэгэхээр зөрүүний 400 төгрөг
нь төсвийн алдагдлыг санхүүжүүлээд байгаа юм биш үү?

-Тийм
тал байгаа.

-Ам.долларын хан­шийг тогтоон барихын тулд импортыг ба­гас­гаж,
дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ёстой гэлээ. Монголчууд дотоодоосоо бараа бү­тээгдэхүүнээ
авдаг бол­бол ам.долларын ханшийн өсөлт зогсоно гэсэн үг үү?

-Тэгж
ойлгож болохгүй. Импортын бараанаас тат­галзаж дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэг
нь эх оронч үзэл байхгүй юу. Нэг тал руу мушгин ойлгож бо­лохгүй.

-Тавдугаар цахил­гаан станцын концессын гэрээнд асуудал тул­гарсан
гэсэн. Ажил нь дөрөвдүгээр сард хийгдэж эхэлнэ гэж байсан. Хугацаандаа ажил нь эхлэх
үү?

-Тавдугаар
цахилгаан станцын хэлцэл явагдаж байгаа. Франц, Японы хамтарсан хэлэлцээр явагдаж
байна. Хэлэл­цээрийн үр дүн хараахан гараагүй байна л даа.

-Манай орон хэзээ­нээс цахилгааны хэ­рэгцээгээ бүрэн хан­гадаг
болох вэ. Орос, Хятадаас цахилгаан авахгүй болохын тулд цахилгаан станцуудаа түргэн
барих шаард­лагатай байна…

-Манай
орон эрчим хүчний хувьд 840 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай байна. 1990 оноос
хойш хорь гаруй жилийн хугацаанд 40-өөдхөн мВт-ыг ашиг­лалтад оруулсан. Тэгвэл энэ
жил 180 мВт хүчин чадлаар нэмэгдэнэ. Дөрөвдүгээр цахилгаан станц 123 мВт, гуравдугаар
цахилгаан станц дээр 50 мВт нэмэгдэх юм. Ба­руун бүсээс бусад бүсэд эрчим хүчнийхээ
хэрэгцээг хангах чиглэл рүү явж байна. Дараагийн ээлжинд Таван толгойн цахилгаан
станц, Эгийн голын усан цахилгаан станцын асуудал явж байгаа. Явж байгаа гэдэг нь
бэлтгэл ажил хийгдээд энэ хавраас зарим стан­цын ажил эхэлнэ гэсэн үг. Багануурт
цахилгаан станц, Шивээ-Овоогийн цахилгаан станцыг ба­ри­на. Энэ бүгдийг кон­цессын
нөхцөлөөр явуул­на. Концессын нөх­цөлөөр гэдэг нь хувийн хэвшлийнхэн өөрсдөө хөрөнгөө
гаргаад барилаа гэхэд Засгийн газраас тодорхой дэмжлэгүүдийг үзүүлнэ.

-Шатахууны үнэ өс­сөний дараа зарим шатахуун түгээх стан­цууд
бензин өгөхөө болилоо. Монгол Улс үнэхээр бензиний хомсдолд орсон юм уу. Үүнд ямар
арга хэмжээ авч байгаа вэ?

-Шатахууны
нөөцийн хувьд Монгол Улс хан­галттай байгаа. Шата­хууны хомсдол үүсэхгүй. Үүн дээр
тайван байж болно.

-Хэзээнээс до­тоод­доо бензин, шатахуунаа хангадаг болох вэ.
Тодорхой хугацаа хэлэхгүй юу?

-Нефть
нэрэх то­моохон үйлдвэр бари­на гэвэл 2-3 жил шаард­лагатай. Жижиг үйлдвэр барина
гэвэл хугацаа нь наашилна гэсэн үг. Энэ тал дээр ажиллаж байна. Бензин, шатахууныг
тэдэн оноос дотооддоо хангана гэж шууд хэлэх боломж алга. Бидний зорилго
2016-2017 он гэхэд дотоодоосоо бензинээ хангах боломжтой гэж харж байгаа. Энэ жил
газрын тосны экспортын хэмжээ нэг сая тоннд хү­рэх гэж байна. Харин бидний импортын
хэрэг­цээ өнгөрсөн жилийнхээр нэг сая 100 мянган тонн байсан. Ерөнхийдөө бен­зин
шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэх боломж ойр­хон болчихсон гэж ойлгоорой.

-Монгол Улс тусгаар тогтноод 100 жил бол­лоо. Томоохон бүтээн
байгуулалт, цахилгаан станцуудыг оросуудаар бариулсан. Танай Засгийн газар дөрвөн
жилийн хугацаанд өмнөх үе шиг юу ч хийхгүй байсаар байгаад буух юм биш биз дээ?

-Хүн
өөрөө өөрийгөө үнэлэхгүй бол таныг өөр хэн ч үнэлэхгүй. Монголчууд амны бэлгээс
ашдын бэлгэ гэж хэлдэг юм. Монголчууд зөндөө л юм хийж байна. Өнгөрсөн жил гэхэд
өмнө байгаагүй олон бүтээн байгуулалт хийгдэж Улаанбаатарт 21 мянган айл үл хөдлөх
хөрөнгийн гэрчилгээгээ авсан. Оны эхний хоёр сарын байдлаар нийслэлд 4890 айл шинэ
орон сууц­ныхаа үл хөдлөхийн гэрчилгээг авсан байна. Хичнээн зам баригдаж, үйлдвэр
үйлчилгээний газрууд ашиглалтад оров. Хүн үргэлж юмыг чамлаж байдаг хорвоо хойно
доо. Монголчуудын сайн сайхан болох нь биднээс хамаарна. Түүнээс биш хэн нэгэн гаднаас
ирээд сайхан болгочихгүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ. Бид өөрсдөө л ажиллах хэрэгтэй.

-Ам.долларын хан­шийн чангаралт, га­даадын хөрөнгө оруу­лалт
багассан гээд эдийн засаг хүндхэн байна. Энэ оны эдийн засгийн төлөв хэрхэн харагдаж
байна вэ?

-Энэ
оны эдийн засгийг өөдрөгөөр харж байгаа. Мэдээж шүүмжлэлтэй, хүндрэлтэй зүйлс байна.
Өнөө жилийн эдийн засгийн өсөлтийг 14 хувиар тооцсон. Хятадад очиход “Манай эдийн
засгийн өсөлт 11.7 хувь байна” гэхэд “Танай эдийн засгийн өсөлт том байна. Манайх
7.7 хувийн өсөлттэй байна” гэсэн. Давосын эдийн засгийн чуулганд очиход “Дэлхийн
эдийн засаг хүндрэлтэй байхад танайх яаж өсөл­төө хоёр оронтой тоонд барьж чадаж
байнаа” гэж байсан. Энэ нь гэхдээ бүх зүйл сайхан байна гэсэн үг биш.

Өнөөдөр
манай оронд ажилгүй хүмүүс байсаар байхад гаднаас ажиллах хүч аваад байна. Тэгэхээр
ажлын байр байна гэсэн үг. Монгол Улсад үйлдвэрийн зо­риулалттай зам, барил­гын
ажлын байрууд их байгаа юм. Гэтэл ма­най залуусын нийтлэг боловсрол ширээний ард
суусан, нийгмийн салбарт ажиллах хүсэлтэй бол­чихоод байгаа тул энэ хоёрын дунд
зөрүү гараад байна. Залуустаа хандаж хэлэхэд хүн ажлыг гол­доггүй юм. Ажил хүнийг
голдог юм шүү гэж хэлье. Өнөөдөр өдрийн 100 мянган төгрөгөөр барилга дээр ажиллах
мужаан олдохгүй байна гээд барилгын компанийн захирал гомдоллож байна шүү дээ.

-Эдийн засгийн байнгын хорооны дарга зургадугаар сараас ам.долларын
ханш буурна гэсэн. Үнэхээр тийм боломж байгаа юу?

-Бидний
барьж буй бодлого ам.долларын хан­шийг бууруулах зо­рилготой.

-Ээлжит бус чуул­ганаар төсвийн то­дотголыг хэлэлцэнэ. Төсвийг
танах боломж бий юу. Оюутны 70 мянган төгрөг гээд үр ашиг багатай зүйлд хөрөнгө
зараад байгаа юм биш үү?

-2014
оны төсвийг бат­лахдаа хөрөнгө оруу­лалтын эскизүүдийг тод­руулахаар баталсан. Царцаасан
243 барилга дээр аудитын шалгалт хийгдсэн. Тэр хэмжээндээ төсвийн тодотгол хийг­дэнэ.

Манай
орны ерөнхий боловсролын сургууль төгссөн дийлэнх хүүхдүүд нь их, дээд сургуульд
орж байна. Тэнд дөрвөн жил сурчихаад ажил олдохгүй байна, мэргэжлээ буруу сонгочихож
гээд дахин дөрвөн жил сурч байгаа юм. Төгссөнийхөө дараа ажил олдохгүй болохоор
ганцхан бакалавртай хол явахгүй нь гээд мастерт сурдаг. 10 жил сурдаг ийм байдлаасаа
одоо татгалзах хэрэгтэй. Тэр олон диплом хэнд хэрэгтэй юм. Би гэ­хэд ганц л сургууль
төгссөн. Бусад нь миний амьдралын сургууль. Энэ бол анхаарал татсан асуудал мөнөөсөө
мөн.

-Эдийн засгийн нөх­цөл байдлаас шалт­гаалан олон компани хаалгаа
барихад хүр­лээ. Эдийн засгийн өршөөлийн хууль гарах уу?

-Монголд
олон ком­пани дампуурсан зүйл байхгүй. Манайхан нэг зүйл сонсоод түүнийгээ нийтийн
болгох зур­шилтай. Сайн явах са­нааных. Монголчууд муу юм хийх нь бүү хэл муу зүйл
бүү ярь. Тэр битгий хэл муу зүйл бүү бод гэдэг юм. Энэ бүхэн чинь муу бүхнийг дуудаж
байдаг байхгүй юу. Монгол гэрийн босгон дээр хүүхэд зогсохыг нүгэл гэдэг. Яагаад
гэхээр гэрийн босго гэдэг чинь сайныг гаргахгүй, саарыг оруулахгүй гэсэн зүйл.

-Экспортыг нэмэг­дүүлэх, импортыг ор­лох төслийн талаарх мэдээллийг
өгөхгүй юу?

-Өнгөрсөн
жил Мон­голын эдийн засгийн өсөлт 11.7 хувьтай бай­сан. Дэлхийд маш олон орны эдийн
засгийн өсөлт саарч, хасах руугаа орсон. Гэтэл манай өсөлт ингэж гарна гэдэг нь
дэлхийн бусад орнуудаас эхний 10-т орж байна. Нөгөө талаасаа Чингэс бонд орж ирсний
үр дүнд бү­тээн байгуулалт хийж чадсан. Өнгөрсөн онд зам, ба­рилга руугаа түлхүү
анхаарсан бол өнөө жил экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлд­вэрлэлээ дэмжинэ.
1151 төслөөс 888 төсөл үлдсэн. Үүнийг цаашид судалж шаардлага хан­гасан төслүүдийг
дэм­жиж ажиллана. Зээлийн хугацаа таван жил байж, хүү нь жилийн есөн хувь байх юм.
Таван жи­лийнхээ эхний нэг жилд үндсэн зээлээ төлө­хөөс чөлөөлөгдөнө. Үйлд­вэрлэлээ
барьж ашиглалтад оруулсныхаа дараа зээлээ төлж эхэл­нэ гэсэн үг. Тиймээс арилжааны
банкуудад очиж асуудлаа танил­цуулна, түүний дараа бид эх үүсвэрийг гаргаж өгнө.

-Ард түмний амьдрал доройтож байгаатай санал нийлэх үү?

-Би
ингэж хэлэх дур­гүй. Дэлхийн бусад оронд үнэ ханш нэлээд хэцүү байдалд орчихсон.
Бид түүнийг харьцангуй зөөллөж авч явж байгаа. Сайн явах санааных. Гар хөдөлбөл
ам тосдоно гэдэг. Чи өөрийнхөө сайн сайхны төлөө хичээж ажиллахгүй бол болохгүй.
Сайхан амьдаръя гэж байгаа бол өөрсдөө л сайн ажиллах хэрэгтэй ш дээ. Засгийн газар
ажил хийх нөхцөлийг л бүрдүүлж өгнө. Ажлыг хэн хийх вэ хүмүүс л хийнэ.

Валютын
ханшийн өсөлтөөс болоод бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь үнэн. Хоолойд тулсан
энэ асуудлаасаа гарахын тулд бид яах ёстой вэ гэхээр дээр хэлсэнчлэн экспортыг дэмжиж,
импортыг орлох бүтээгдэхүүнээ дэмжинэ. Манай экспорт гэхээр зэс, газрын тос, алт,
төмрийн хүдэр, нүүрс гэсэн үндсэн таван төрөл л байна. Үүнийгээ дэмжихийн тулд энэ
онд зэсийн баяжмалын экспортыг нэг сая тонн, газрын тосны экспортыг мөн нэг сая
тоннд хүргэнэ гэсэн бодолтой байгаа. Алтны олборлолтыг нэг сая унцид буюу 31 тоннд
хүргэе. Төмрийн хүдрийг 10 сая тонн, нүүрсний экспортыг 30 сая тоннд хүргэчихбэл
валютын орлого нэмэгдэнэ. Тэгс­нээрээ валютын ханшийн тогтвортой байдал үүсч барааны
үнийн өсөлтийг зогсоох нэг арга болох учиртай.

-Засгийн газар яа­гаад цөмийн хаягдал булшлах, уран ол­борлохыг
дэмжээд бай­гаа юм бэ. Та өөрөө бөө хүн уран олборлохыг дэмжиж байгаа юм уу?

-Засгийн
газраас цө­мийн хаягдал булшлахыг дэмжсэн нэг ч алхам хийгээгүй. Цаашид хийх ч үгүй.
Монгол Улсад цөмийн хог хаягдал орж ирэхгүй, бүү санаа зов.

-Эдийн засгийн нөх­цөл байдал таныхаар хүндэрсэн үү?

-Дэлхийн
эдийн зас­гийн байдал ямар байгаа билээ дээ. Үнэхээр таа­гүй байна. Украин зэ­рэг
орнуудад болж буй асуудлууд таагүй байна. Дэлхийн томоохон бан­кууд зөөлөн бодлогоо
хатууруулж байгаа. Энэ нь хөгжиж байгаа орнуудаас хөгжилтэй орон руу явах мөнгөний
урсгалыг тэглэж байна. Энэтхэгийн төвбанкны ерөнхийлөгч “Өндөр хөгжилтэй орнууд
дэлхийн эдийн засгийг тогтворгүй болгож байна” гэж мэдэгдсэн. Үүнийг зогсоох хэрэгтэй.
Бид бусдад буруу өгөөд бай­хаас илүүтэйгээр өөрс­дийн бодлогыг явуулах шаардлагатай.
Монгол Улс дэлхийн хамгийн баян улс. Үүнийгээ харин бодит зүйл болгож чадахгүй байна.

Дэлхий
дээр нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр тэргүүлж байгаа улс хамгийн баянд
тооцогддог. Мөн­гө бол асуудал биш. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд
номер нэг нь миний монгол. Үүнийгээ бид чулуу болгох ёстой. Гадныхан биднийг алтан
дээр сандайлсан гуйлгачид гэдэг. Тиймээс алтан дээр суусан хаад болохын тулд бүгдээрээ
зүтгэх ёстой.

-Хөгжлийн банк 888 төсөл шалгаруулсан. Дахин шалгаруулалт
явуулж Чингэс болон Самурай бондоос хөн­гөлөлттэй зээл олгоно гэсэн. Үнэхээр дахин
шалгаруулалт явуулах уу?

-Эхний ээлжинд экс­портыг дэмжих, им­портыг орлох бус
мөн давхардуулсан төслүүдийг хасаад 888 төсөл үлдсэн. Үнэхээр таны төсөл
Монгол Улсад хэрэгтэй, төслийн баг нь туршлагатай, ча­давхи байх юм бол бид санхүүжүүлэх
бо­ломжтой.

Бидний зүгээс эдгээр төслийн 50 хувийг сан­хүүжүүлэх боломжтой.
Гэхдээ бүгдийг нь автоматаар санхүүжүүлнэ гэсэн үг биш.

Өнгөрсөн
жил Монголын эдийн засаг өсөлттэй гарсан шалтгаан нь Чингэс бонд байсан. Энэ жил
жаахан мөнгө олоодохъё гэсэн чинь харамсалтай нь Засгийн газрын мөнгө босгох эрхийг
нь УИХ дээр сөрөг хүчин хаачихсан. Тэдний зүгээс Монголыг өрөнд оруулаад байна гэж
байсан. Үнэндээ тийм биш байхгүй юу. Бид асар их ажил хийх хэрэгтэй тул мөнгө хэрэгтэй
байна. Социализмын үед Улаанбаатар хотыг зээлээр л барьж байсан юм. Хамгийн их бүтээн
байгуулалт хийгдсэн жил хамгийн их зээл авсан байдаг.

-Метталлургийн салбар хөгжих бүрэн боломж байна. Цаашид ямар
ажил хийх вэ?

-Их
бүтээн байгуулалт хийхийн тулд барилгын материал болох цемент, арматураа дотооддоо
үйлдвэрлэх хэрэгтэй. Өнгөрсөн онд хоёр сая шахам тонн цемент хэрэглэхээс 3/4-ыг
нь гаднаас авсан. Энэ жил Хөтөлийн цементийн үйлдвэр нэг сая тонныг үйлдвэрлэх хүчин
чадалтай шинэ үйлдвэртэй болж байгаа. 2015 он гэхэд цементийн үйлдвэрлэлийг дотооддоо
хангадаг болчихно. Гангийн үйлдвэрийн тухайд бид гангийн хэрэгцээгээ хангадаг болохын
тулд ажиллаж байна. Засгийн газраас гангийн хэрэгцээгээ 2016 он гэхэд дотоодоосоо
бүрэн хангах чиглэлээр дотоодын компаниудтай хамтран ажиллаж, санхүүгийн болон бусад
дэмжлэгийг үзүүлж байгаа.

-Нүүрс хэзээнээс төмөр замаар экспортод гарах вэ?

-Тавантолгой
Гашуунсухайт хүртэлх төмөр зам баригдаж байгаа. Үүнд зориулан Чингэс бондоос
200 сая ам.доллар төлөвлөснөөс 174 сая ам.доллар нь ажил болчихсон. 200 гаруй км
замын далангийн ажилд уг мөнгийг зарцуулсан. Шороон далангийн ажил 70 гаруй хувьтай
байна.

-Алт олборлолоо гээд валютын ханшийг тогтвортой байлгаж чадах
уу?

-Валютын
ханшийг тогтвортой байлгахад олон хүчин зүйл нөлөөлнө. Түүний нэг нь алт байгаа
юм. Засгийн газраас ам.долларын ханшийг бууруулах тал дээр анхаарч байна. Бид дотоодынхоо
үйлдвэрлэлийг дэмжин төгрөгөө дээдлэх ёстой. Төгрөг гэснээс нэг сонин зүйлийг хэлэхэд
дараа жил Монгол төгрөг бий болсны 90 жилийн ой тохиох юм байна лээ. Тэр үед бид
ам.долларыг бус төгрөгөө дээдэлдэг болчихсон байна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.

-Чингэс бондын төслийг яагаад заавал 888 гэж сонгосон юм бэ.
Та бэлгэдлийг бодож ингэж сонгосон юм уу?

-Энэ
бол яах аргагүй санамсаргүй гарсан тоо байгаа юм. Сүүлд нь бид гайхаж л байлаа.

-Автомашины дугаар сольж олон улсын стандартад нийцүүлэх гэж
байгаа нь сайн хэдий ч ихээхэн хэмжээний хөрөнгө шаардлагатай юм байна. Дугаар солих
нь цаг үеэ олоогүй асуудал биш үү?

-Автомашины
дугаар солих асуудал дээр би ч гэсэн яг ийм байр суурьтай байгаа.

-Оюу толгой Айвенхоу Майнзын нийт хувьцааг авч байгаа гэнэ.
Үнэн үү. Тэгэхээр гэрээний асуудал дээр яриа үүсэх нь ээ?

-Мэдээж
Монголын Засгийн газар өөрсдийн эрх ашгийг хамгаалж ажиллах нь тодорхой. Оюу толгой
Монголын газар нутаг дээр байдаг биз дээ. Монголын газар шороон дээр монголчууд
эзэн нь байх ёстой. Тиймээс энэ бодлого үргэлжилнэ. Оюу толгойн асуудлууд шийдэгдэхгүй
яваад л байна. Нэгэнт эхэлсэн зүйлээ цаашид харилцан ашигтайгаар үргэлжлүүлэх ёстой
гэсэн байр суурьтай байгаа. Гэрээ удааширч байгаа ч үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй
байна даа. Гэрээний хугацааг аль болох хурдан шийдэх хэрэгтэй байгаа ч тохиролцоонд
хүрч чадаагүй явна. 

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Битүү тайга дахь хилчдийн ажин түжин АМЬДРАЛ

Эх орныхоо соёмбот
баганаа эргээд хилийн манааны байранд ирж ээлж ёс төртэйгөөр ёслон солигдож харуулаас
бууж буй хилчид заставын зүг хөдөллөө. Харин шинэ ээлжийн харуул зангиуд хилийн
манаандаа үлдэв. Оройн жавар хацар хайрч, салхи чихний хажуугаар пуужин мэт шунгинуулан
исгэрнэ. Ой дундуур гаргасан бүдэг бадаг жимээр хатируулсаар заставт хүрлээ. Гадаа
хэдий жиндүүхэн байгаа ч гэсэн тэнгэрт түм буман одод гялтганаж гүн харанхуйн дундах
заставын амьдралыг улам амгалан тайвнаар хөглөх шиг санагдана. Застав мотор болон
нарны ца­хил­гаан үүсгүүрээр гэрэл­түүлгээ аргалдаг байна. 20 цагийн орчимд таг
харанхуй. Лааны бүдэг гэрэлд заставын  жижүүр
отряд руугаа “Эх орны хил тайван амгалан” хэмээн илтгэж суулаа. Хилийн манаа солигдож
байх хооронд заставын орлогч дарга эмэгтэйчүүдээ Дадал суман дахь отряд руу машинаар
явуулжээ.

Харин
хүүхдүүдээ харуулын даргынд амраасан байна. Эхнэрүүдийг явангуут аавууд улсын ажлыг
цалгардуулахгүй хуваарийн дагуу амжуулахаас гадна гэр орноо дулаан байлгаж хүүхдүүдээ
хооллож, ундлах ажилд дарагджээ. Тэдний хувьд хүүхэд асрахаас морин дэл дээр алсыг
ширтэж, хилийн манаанд гарах нь илүү хялбар гэнэ. Заставын хүүхдүүдийн хамгийн бага
нь хоёр ойтой. Харин том нь дөрвөн настай. Харуулын даргын хоёр ойтой хүү жаахан
уйлагнасныг эс тооцвол хүүхдүүд аав нараа чилээсэнгүй өглөөг угтлаа. Багачуудыг
унтаж байх хойгуур нэг нь гал нэмж нөгөө хэд нь жагсч алтан соёмбот тугаа тэнгэрт
мандууллаа. Өчигдөрхөн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан Д.Даваацэрэн эмэгтэйчүүдийг
орлож тогооч болжээ. Тогооч маань нэг их ур чадвар шаардаж, ажиллагаа болохооргүй
хоол бэлдлээ. Будаа агшаагаад мах хуураад под хийсэн хуурга хийчихлээ. Тос ихтэй
учраас багачууд гүйлгэж магадгүй гээд тэдэнд “Алтан медаль”-т бантан буцалгаад өгөв.
Ингээд өглөөний цайг төвөггүйхэн аргалчихлаа. Заставын айлуудын аяга, таваг, сав
суулга ихэнхдээ төмөр юм билээ. Тушаал буулгасан л бол үг дуугүй нэг хилээс нөгөө
хил рүү томилогдон аж төрдөг хилчид аль болох эдэлгээ даах, бат бөх эд зүйлс хэрэглэдэг
нь илт. Гэрийн тавилга ч тэр. Нэг ор, ширээ, хувцас чихчих том цүнх, нүүрээ харчих
толь гээд л их цомхон. Хотынхон шиг тийм ч тавиур, ийм ч цэцэг, гоёл чимэглэл гээд
байхгүй. Гэхдээ бөглүү ой ч гэсэн нийгэмд болж буй мэдээ мэдээллийг цаг тухайд нь
зурагт, радиогоороо хүлээгээд авчихна. Хүйтэнд хүүхдүүд гадаа гарч тоглоод байхгүй.
“DDish”-тэй болохоор зурагтаар өдөржингөө хүүхэлдэйн кино үзчихдэг юм билээ.

Хилчин
Наранцогтын хүү Амгаланбаясгалан дөрвөн настай, их сэргэлэн. Тэр нэг муурын талаар
ярив. Сайн ойлгосонгүй. Манай муур үхчихсэн гэдэг байгаа. Хилчид бүгдээрээ тэр муурыг
мэддэг гэнэ. Наранцогтынх муур тэжээдэг байж. Хамгийн сонин нь өнөөх муур хилийн
багана, застав хоёрын хооронд ганцаараа явдаг байжээ. Нэг мэдэхэд хил дээр оччихсон,
эсвэл застав дээр ирчихсэн байдаг гэнэ. Энэ хоёрын хооронд заавал хоёр хоног явдаг
байжээ. Амьтан хүртэл бидэнтэй адил эх орныхоо хил дээр очиход сайхан санагддаг
байсан юм байлгүй хэмээн хөөрөлдөв.  Хилчин
муур өнгөрсөн жил сураггүй алга болжээ. Бодвол ямар нэг амьтанд бариулсан биз.

Эрчүүд
багачуудыг хүүхэлдэйн киногоор аргалах янзтай. Хаа нэг талх жимсний чанамал өгнө.
Өмдөндөө байн байн шээчихнэ гээд нэг их шингэн зүйл өгч харагдсангүй. Ер нь эмэгтэйчүүд
эзгүй олон хоновол сүйрэх шинжтэй. Зарим хилчний гэр гал хөсгүй цэвдэг дааж байв.
Өнөөдөр аргалчихвал маргааш эхнэр ирчихнэ гэсээр сууж байх. Гацаан дахь амьдрал
эмэгтэйчүүдгүй бүүдгэр өнжлөө.

Харин
Хэнтий аймагт байрладаг Ононгийн застав болоод Хөмөл, Цагаан чулуут, Агац, Хэрийн
голын заставынхны бүсгүйчүүдийг Дадал сумын отрядын эрчүүд нэгдсэн журмаар баярлуулахаар
цуглуулжээ. 80 гаруй “хилчин” эмэгтэй цугласан байлаа. Нэгэнт л нөхрийнхөө ажилд
тусалж, зарим үед хилчдийн ажлыг гүйцэтгэдэг болохоор “хилчин” гэж нэрлэлгүй яахав.  Хилчин бүсгүйчүүд жилдээ нэг удаа “Март-8”-ны
баяраар л цугларч зүс царайгаа харцгаадаг гэнэ. Гурван жилийн өмнөөс тэднийг ийн
цуглуулж томоохон арга хэмжээ зохиодог болжээ. Бүсгүйчүүдийн хувьд алс зэлүүд газар
хүний бараа харахаараа баярладаг улс чинь 
ёстой л амаа халтал элдвийн зүйл ярьж байв. Тэд бүгд л нөхрийгөө дагаж хаа
байгаа Булган, Увс, Завхан Улаанбаатар зэрэг хол газраас энэ бөглүү гацаанд ирсэн
байх юм. Тэд МУИС, МУБИС, Хүмүүнлэг гээд ихэвчлэн их, дээд сургууль төгссөн  дээд боловсролтой бүсгүйчүүд. Зарим нь бүр гадаадад
сурч, амьдарч байсан гэнэ. Одоо харин заставт үнээ сааж, хоол хийж, гэр орноо цэвэрлэхээс
өөр ажилгүй. Гэхдээ бүгд л нүд дүүрэн инээмсэглэл, сэтгэл хангалуун харцтай гээч.
Бүсгүйчүүд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар энэ амьдралыг сонгосон гэх.

Хилчин
залуучууд бүсгүйчүүддээ нэг өдөр үнэхээр гараа гаргажээ. Гал тогоонд арваад залуу
хоол бэлдсэн гэнэ. Өндөг, төмс, шинэ ногооны гээд бараг арваад төрлийн салат хийсэн
байв. Бас болоогүй ээ танхимын голд босоо хүлээн авалтын ширээ засч шарсан гахай
тавьжээ. Зассан ширээн дундуур гурван залуу холхиж эмэгтэйчүүдэд үйлчилж байв. Халуун
цай, ундаа ус аяглаж, амны цаас байнга зөөж өгнө. Нэг гараа нуруундаа барьчихсан
нөгөө гартаа тавагтай хоол барьж их л чамбай алхална. Зөөгч хийж байсан нэг залуугийн
хөлс нь бүр дуслах шахам сандарч биеэ барьсан харагдав. Харин хамт ажилладаг хүүхнүүд
цаашлуулж, инээлдэнэ. Бүсгүйчүүдэд үйлчилж зөөгч хийж буй гурван залуу бусад эрчүүдийг
бодвол царай зүс сайтай, гар хуруу тэгшхэн нарийн, нуруу туруу цэх гэнэ. Нээрэн
л ажаад байхад эмэгтэйлэг цэмцгэр маягийн эрчүүд аж. Хүүхнүүдэд үйлчлэхийн тулд
дээрх шалгуураар сонгогджээ. Харин бүсгүйчүүд хоорондоо тэмцээн уралдаанаар өрсөлдөж,
хилийн ангийн нэгэн үдшийг чимлээ. Заримдаа цэргийн хүнд гутал дааж ядан чирж явдаг
бүсгүйчүүд маань ёстой л зун цагийг санагдуулам өнгө өнгийн гоёмсог даашинз өмсч,
нүүрээ будаж, үсээ ороож, саа цацсан нь нэг л эрхэмсэг. Бүжгийн аясанд даашинзныхаа
хормойг эргэлдүүлэнхэн бүжихэд цэрэг эрчүүд нүд салгалгүй ширтэнэ. Тангараг өргөсөн
цэргийн ангийн бүсгүйчүүд хотын зарим хүүхнүүд шиг ганц нэг татаж, тасарч унатлаа
уух биш. Дөрөв таван  цаг хамтдаа хөгжиж байгаад
цагийн зүү үдшийн 23.00 цагийг заахад өдөр тутмын өнгө нь гандсан хувцсаа давхарлаж
өмссөөр гэрийн зүг хөдөллөө. Учир нь тэднийг бүлээн дулаан гэр бүл, бүхий л зүйлээ
зориулж яваа эх орны торгон хил хүлээж байгаа. 

Энэ үеэр Онгоны заставын хилчин Б.Батбаатарын гэргий М.Жүгдэрнамжилтай
цөөн хором хөөрөлдөв.

-Заставд орон тооны алба хашдаг уу?

-Үгүй
ээ. Гэртээ охиноо хараад өнждөг. Нөхрийнхөө хувцсыг угаана. Хоол ундыг нь бэлдэнэ.
Заримдаа заставын бүсгүйчүүдтэйгээ мод түлээ бэлдэж, мөсөнд явж хоол унд хийдэг.
Ер нь заставын арын албаны ажлыг бүсгүйчүүд хамтдаа хийчихдэг.

-Одоо хэдэн настай вэ. Япон хэлний орчуулагч мэргэжилтэй гэж
сонссон?

-Тийм
ээ. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Япон хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн.
Энэ жил 26 нас хүрсэн.

-Ийм залуухан бүсгүй энэ бөглүү газар уйдахгүй байна уу?

-Өмнө
нь манай нөхөр бид хоёр Увсын заставт ажилладаг байсан. Би тухайн үед халуун усанд
нь ажиллаж байсан. Тэр үед застав гэдэг газрыг үзэж хилчний амьдралтай анх танилцаж
байхад их уйтгартай санагдаж байсан. Харин халуун усанд ажиллаад ирсэн чинь уйдах
ч завгүй өдөр өнгөрдөг болсон.

-Гэхдээ хилчдийн амьдралыг зах зухаас нь гадарладаг байсан
биз дээ. Заримдаа ийм сонголт хийсэндээ харамсдаг уу?

-Яалаа
гэж харамсах  билээ. Миний хувь тавилан ингэж
зурагдсан л гэж боддог. Тэрнээс биш намайг ямар нөхцөл байдал хүлээж байгааг огтхон
ч бодоогүй. Харин ч нөхрийнхөө ажилд тус дэм болоод хажууд нь хань болж явах ёстой
шүү дээ. Хилчид хэдэн хоногоор ч хамаагүй манаанд яваад гэртээ ирэхгүй үе олон.
Энэ хойгуур нөхөрт маань битгий муу зүйл тохиолдоосой, хаана яваа бол гэж л санаа
зовсоор өдөр хоног өнгөрнө ш дээ. Манай ээж, аав Завханых. Манай хань Сэлэнгийнх.
Бид хоёр оюутан байхдаа танилцсан юм. Нөхрийн маань аав нь насаараа эх орныхоо хилийг
манасан хүн. Харин намайг сургуулиа төгсөөд нөхрөө дагаад явах үед хотод байдаг
найз охидууд л гайхаж байсан. Хөдөө, тэгээд зэлүүд газар яах гэж явж байгаа юм гээд
л…Харин аав, ээж юу ч хэлээгүй.

-Аав, ээжтэйгээ холбоо барьж байна уу?

-Байнга
утсаар ярьж, жилдээ нэг удаа очиж золгодог.

-Бие давхар юм байна. Хэзээ амаржих вэ?

-Найман
сартай. Хэд хоногоос хот орно.

-Охиноо сургуульд орохоор хот дөхөх үү?

-Аймгийн
төвд аав, ээжийг бараадуулах бодолтой байгаа.

-Нөхөр чинь хэдэн төгрөгийн цалин авдаг вэ. Цалингаа хурааж
байна уу?

-Ах,
эгч нар хүртэл тэгж асуудаг. Манай нөхөр сардаа 600 гаруй мянган төгрөгийн цалин
авдаг. Хэдийгээр голын ус ууж, ойгоос бэлэн мод түлж, хуваарьтай улсын хангамжийн
хоол идэж байгаа ч гэсэн мөнгөгүй болох үе бий.

-Яагаад. Хөдөө харин ч мөнгө үрэх шаардлага гардаггүй гэж
бодогддог?

-Хааяа
сумын төв орохоороо чихэр жимс, хувцас хунар гээд хэрэгцээтэй зүйлдээ зарцуулчихдаг.
Батширээт суманд юм үнэтэй. Будаа гэхэд л килограмм нь бараг 3000 төгрөг. Хангамж
хүрэлцэхгүй шүү дээ. Гурил, будаа гээд ойр зуурын хоол нэг орохоороо бөөндөөд авчихна.
Залуу хүмүүс болсон хойно суманд ямар шинэ гутал, өмд цамц ирсэн байна ямар ч үнэтэй
байсан авчихмаар санагдана. Энэ бяцхан охиндоо хэдэн ээлжний хувцас авна гээд л
мөнгө үрэх шалтгаан мундахгүй л дээ (инээв).

Д.ДАВААСҮРЭН