Categories
редакцийн-нийтлэл

Гар утасны хорт цацрагаас хамгаалах ялтсыг Монголдоо үйлдвэрлэж эхэлжээ

“Турмалин-Ион” компани Монголдоо гар утас, компьютер, Wi-Fi төхөөрөмж
зэрэг хэрэгслүүдээс ялгардаг цацрагаас хамгаалах ялтсыг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
Тус бүтээгдэхүүн нь 2013 оны “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэнгийн шилдэг технологи,
Сонгинохайрхан дүүргийн шилдэг брэндээр шалгарч байжээ. Ийнхүү тус компанийн захирал
Л.Эрдэмбаттай ярилцсан юм.

-Компанийн
тухай, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээс тань яриагаа эхэлье?

-Цахилгааан соронзон долгион болон дахин цэнэглэгддэг, цэнэглэгддэггүй
батарейгаар ажилладаг цахим төхөөрөмжүүд 
хүний биед хортой цацраг ялгаруулж байдаг. Нэгэнт гар утас, телевизор, компьютер
зэрэг өдөр тутмын хэрэглэдэг цахилгаан хэрэгслүүдээс ялгарах цацрагийн хэмжээг бууруулж,
эсвэл ор үндэсгүй байхгүй болгох боломжгүй. Цацрагийн хэмжээг буурууллаа ч гэсэн
үүнд ихээхэн хөдөлмөр, цаг хугацаа шаардагдана. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийг
хамгаалахын тулд цоо шинэ шинэлэг зүйл сэдэх шаардлага зүй ёсоор урган гарсан. Эрдэмтэд
дэлхийн чулуулаг бүрхүүлийг бүрдүүлдэг 3000 гаруй эрдсийн нэг болох турмалин нь
ионжих өндөр чадвартайг тогтоож, түүгээр цацрагаас хамгаалах бүтээгдэхүүн хийх болсон.
Турмалин нь байгаль дээр буюу түүхий эд хэлбэрээрээ ч ионжих өндөр чадвартай учраас
түүгээр эцсийн бүтээгдэхүүн хийхэд ямар нэгэн нэмэлт түүхий эд, бодис шаардагддаггүй.
Дэлхийн олон оронд турмалинаар цацрагаас хамгаалах ялтсаас авахуулаад гоёл чимэглэлийн
янз бүрийн бүтээгдэхүүн хийж байна.

Одоогоос 20-оод жилийн өмнө Геологи, эрдэс баялгийн хүрээлэнд дэд
захирлаар ажиллаж байхад Японы нэгэн эрдэмтэн турмалинаар бүтээгдэхүүн хийх тал
дээр хамтарч ажиллах санал тавьсан. Түүнийг нь ч хүлээн авч, турмалины нөөцтэй олон
ч газар судалгаа шинжилгээ хамтарч хийсэн. Үүгээр Монголын турмалиныг үйлдвэрлэлд
нэвтрүүлж болохуйц ионжих чанар нь маш өндөр болох нь тогтоогдсон. Гэтэл тэд манайхаас
түүхий эд хэлбэрээр нь импортлох сонирхолтой байсан юм билээ. Харин бид эцсийн бүтээгдэхүүн
хийх зорилготой байсан учраас эх орондоо турмалинаар эцсийн бүтээгдэхүүн хийх боломжийг
судалж эхэлсэн л дээ. Үүний дүнд “Турмалин-Ион” компаниа  2011 онд байгуулсан. Одоогоор бид нэг нь
“Iphone” нөгөө нь бусад гар утсанд зориулсан хоёр төрлийн гар утасны цацрагаас хамгаалах
ялтас үйлдвэрлэсэн. Дотоодын төдийгүй олон улсын SAR тестээр Герман улсын тоног
төхөөрөмж дээр туршихад өндөр үр дүнтэй болох нь батлагдсан. Гар утасны хэрэглээ
нь тархины хорт хавдрыг үүсгэх эрсэдлийг тодорхой хэмжээгээр ихэсгэдэг болох нь
батлагдсан. Энэ нь өнөөх цацрагийн нөлөөг хэлээд буй хэрэг. Тэгвэл манай бүтээгдэхүүнийг
батарей дээрээ нааснаар тухайн гар утаснаас ямар ч цацраг ялгарахгүй. Гар утаснаас
ялгарах цацраг нь тархины хорт хавдраас гадна толгойн өвчин, дотор муухайрах, толгой
эргэх, үс унах, нойргүйтэл зэргийг бий болгодог сөрөг талтай. Цаашид судалгаагаа
улам гүнзгийрүүлэн, нарийвчилж бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулна.

-Тэгэхээр
турмалинаар гар утас, компьютер, телевизорын цацрагаас хамгаалах ялтсаас өөр зүйл
хийж болно гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Турмалинаар хийж болох зүйлс эдгээрээр хязгаарлагдахгүй.
Энергижүүлж, залуужуулна гэх янз бүрийн зүүлт бугуйвч, тэр бүү хэл турмалиныг утсанд
нь шингээж дотуур хувцас, өвдгөвч, өмд цамц хийх боломжтой. Тун удахгүй бид тэдгээрийг
үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.

Бүр япончууд халаасны турмалин карт хүртэл үйлдвэрлэчихсэн. Тэрнийг
энгэрийнхээ халаасанд авч явснаар цацрагаас өөрийгөө хамгаалж байна гэсэн үг. Угаас
турмалин нь халахаараа хасах ионоор ионждог учраас хүний эрүүл мэндэд тустай.

-Монгол
дахь турмалины нөөцийн тухайд?

-Монгол турмалины нөөцөөр арвин. Үйлдвэрлэл явуулахад бэрхшээлгүй.
Тэр дундаа хар турмалин нь элбэг. Манай гол түүхий эд бол хар турмалин. Харин өнгөт
турмалинаар цацрагаас хамгаалах ялтас гэхээсээ гоёл чимэглэлийн эд зүйлс хийдэг.
Үнэ нь ч өндөр. 

-Газар
бүрт турмалины ионжих чадвар харилцан адилгүй байдаг гэдэг үнэн үү?

-Турмалины ионжих чадвар нь газарзүйн байрлал, онцлогоос шалтгаалах
нь бий. Нэг сумаас олборлосон турмалин түүхий эдийн шаардлага хангаж байхад зэргэлдээх
сумынх нь ионжих чадвар нь муу учраас үйлдвэрлэлд ашиглаж болохгүй байх жишээтэй.

-Бүтээгдэхүүнийхээ
хэрэглэх заавраас танилцуулаач. Хэдэн төгрөгөөр худалдаалагдаж байгаа вэ?

-Гар утас, видеокамер, зургийн аппаратны батарей дээр наах бол компьютерийнхээ
дэлгэц, Wi-Fi рутер,  шарах шүүгээ, зэргийнхээ
нүүрэн талд эсвэл ар талд нь ч наасан болно. Манай бүтээгдэхүүн гар утасны батарейн
насжилтыг уртасгахаас гадна цэнэглэгдэх хугацааг хурдасгана. Арын хэсэг дэх наалдамхай
туузыг хуулж аваад л хүссэн газраа наачихна. Шаардлагатай хэмжээгээр зүсч, жижгэлж
болно. Энэ нь бүтээгдэхүүний шинж чанарт нөлөөлөхгүй. Ингэснээр та өөрийн бие махбодь
болон тархинд нөлөөллөх цацраг туяаны аюултай нөлөөллийн эрсдлийг багасгах буюу
хязгаарлаж чадна.

Энгийн утсанд зориулсан нь 25 мянга бол Iphone-ных 35 мянган төгрөгөөр
худалдаалагдаж байна. Одоогоор 14 мянгыг хийчихсэн. Борлуулалт нэмэгдчихвэл өдөрт
хэдэн зуугаар нь үйлдвэрлэх боломжтой. Бүтээгдэхүүндээ 10 жилийн баталгаа өгч байна.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Үр хүүхдэдээ Солонгосоос өөр орны кино бүү үзүүлэгтүн

Монголын телевизүүдээр Солонгос улсын сериалууд үргэлж гарч байгаа.
Гэвч үүнийг есөн шидээр хэлж, шүүмжлэх, ад үзэх кампанит ажил үе үе өрнөх юм. Энэ
бүхнийг хэн өдөөгөөд хэзээ өөгшүүлээд байдаг тухай нийт­­лэлийнхээ төгсгөлд өгүүлэх
учир одоо нэг жишээ татъя. Солонгос ээжүүд хан­гай шиг том биетэй хүүгээ зодож байгаа
дүрс кинон дээрээ их гардаг. Тэр ээж гараа зангиддаггүй. Харин хоёр алгаа тэнийлгээд
хүү­гийн­хээ цээж рүү хүрч ядан зөөлөн цохиж байгаа харагддаг. “Ухаан муутай золиг,
яаж байгаа чинь энэ юм” гэж уйлаад…

Гэтэл монгол ээжүүдийг кинонд яаж харуулдаг билээ. Толгой хуйхалж
байсан улайс­гасан төмрөөрөө дургүй хүргэсэн хүүхдийнхээ гарыг хайрч тамлаж байгаагаар
үзүүлдэг.  Яг үнэндээ солонгос ээж, монгол
ээж хоёрт онцын ялгаа байхгүй. Уурлахдаа уурлаж, баярлахдаа баяр­ла­на. Зэвүүндээ
зэвүүн, сайн­даа сайн байж чаддаг адилхан хүн. Ямар ч ялгаагүй авгай нар. Нарийн
яривал энэ дэлхий дээр солонгосчууд л монгол хүнтэй зан төрх гээд ер нь бүх зүйлээрээ
илүү төстэй гэдэг юм билээ. Тэгтэл кино урлаг нь амьдралыг ийм ялгаатай үзүүлж байгаа
нь тун сонин.

Дээрх жишээнээс манай кино урлаг ямар түвшинд юу хийгээд байгааг
та бүхэн багцаалдаж бай­на уу. Монголын кино най­руу­лагч­дад бүлтэлзсэн үрээ улайс­сан
төмрөөр хайрдаг ээж л төсөөлөгддөг юм байна. 
Үүнийгээ кино болгож хийчи­хээд хүмүүс шүүрс алдан үзнэ гэж боддог.  Тэгээд маш сайн бүтээл хийлээ гэж хөл хөөрцөг
болж, биеэ тоодог сэт­гэл­гээний төөрөгдөлд орчи­хож. Харгис хатуу тэр ээжийн тухай
киногоо сэтгэлгээний том шийдэл болсон тухай хэдэн сар, жил яриад салдаггүй. Үүнээс
чинь болоод монголчууд монгол киногоо үзэж чадахгүй байна.  Нялх хүүхдээ шалзалчихаад,  өвлийн хүйтэнд нүцгэн хөө­гөөд гаргадаг тэр зүрх
шимшрүүлэм дүрсийг чинь харахаас халширч байна.

Манайхан монгол хүмүү­сийг кинонд дүрслэхдээ зэрлэг догшин харц тулгарахаас
ч аймшигтай амьтан мэтээр гаргадаг. Мах хэрчиж байна уу гэлтэй хүн  алж хядаж, 
тасдан хаяж байгаа хэрцгийчүүдийг үзүүлдэг. Охид бүсгүйдүүдийг  хүмүүн бусаар 
эмлэн зовоож бай­гаагаар харуулдаг. Тэднийг шалны алчуур мэт доромжлон басамжилж,
хүчирхийлж буй дүрсээр киногоо “чимдэг”. 
Эсвэл хүч дорой нэгийгээ цус нөжтэй нь хутгаж,  нүдэж балбан дээрэлхэж, дээрэмдэж байгаа кадргүй
монгол кино үзээд өгье ч гэсэн манайд алга. Ийм кадр оруулахгүй бол миний киног
хүн үзэхгүй гэж боддог, жүжигчид нь ч хүн ёсонд баймгүй тийм аймшгийн юманд тоглосноороо
бахарх­даг болсон байна.

Тэгвэл солонгос кино хажууд нь тэс эсрэг юм харуулж байна. Охид,
хүүх­нүүд нь аав, ээж, ах дүүдээ битгий хэл хайртай залуудаа ч энгэр задгай харагдахаас
ичиж зовж байгаагаа ёс сур­та­хуунтайгаар үзүүлдэг. Үнсэл­цэж тэврэлдэж нүүр улайлгасан
юм огт гардаггүй.  Хүний өөрийн аав, ээжийнхээ
дэргэд  хүү, хүргэн нь архи дарс ууж үзэгдэхгүй.  Хараал зүхэл урсгахгүй. Авгай, хүүх­­нүүд нь ёс
зүйтэй ахас, дээдсээ яаж хүндэлдгийг яруу тодоор харуулж байна. Хүн ёсны харилцаа
ямар байдгийг сайнаар мэдрүүлж байна. Солонгосчууд жинхэнэдээ ийм сайн хүмүүс байдаг
гэж энд маргах гээгүй л дээ.  Тэд­ний дунд
сайн нь ч бий, саар нь ч бий. Муу, сайн сүлэлдсэн хүний амьдрал тэнд буцалж байдаг
биз.  Зүгээр л солонгосчуудын хүнд үзүүлж
байгаа урлаг нь манайхаас өдөр, шөнө, өглөө орой шиг ялгаатай байна  гэдгийг хэлэх гэсэн юм.  Хүнд зөв явахыг сургаад байх шиг тэдний кино урлагийг
энд магтаж байна.

Дэлхийд Холливудын кино гэж бий. Энэ бол яалт ч үгүй ертөнц дахинаа
хүлээн зөвшөөрөгдсөн кино үйлдвэрлэл мөн. Ур хийц үнэмшил талаасаа бусадтай зүйрлэмгүй
гайхамшиг гэдэг­тэй хэн ч маргахгүй.  Гагцхүү
хүнд өгөх үлгэр дуурайлал талаасаа учир дутагдалтай санагддаг.  Хүрз эсвэл үзэг л барих  ёстой хүний гарт хутга, буу атгуулчихаад бусдыг
алан хядаж байгаагаар ихэвчлэн үзүүлдэг учраас тэр. Эсвэл дурласан хүүхнийхээ хойноос
хөөцөлдөж, замд нь саад бол­сон бүхнийг устгадаг. Шоу цэнгээнд уриалан дуу­даж,
архи дарс, хар тамхи сурталчлаад ч байгаа юм шиг үзүүлж байгаа болгон нь нэг л таагүй.  Энэтхэг кино байна.  Дурлал, дуу, бүжиг гурваас өөр юу ч гардаггүй.
Амьдралд хэрэгтэй, хүний зан суртахуунд өгөөжтэй юм тэнд огт харагдахгүй.  Энэ бүгдээс арай хүнлэг нь солонгос кино шиг санагддаг.

Ер нь шашин бол хүн төрөлх­төнд ёс суртахуун бий болгодог тухай номлодог.
Гэхдээ орчин үед шашин гэж бараг үгүй болжээ. Лалын шашинтнууд л гэхээс өөр бусад
шашинд тэгтлээ итгэж, ёс суртахуунаа төлөвшүүлнэ хэмээн найддаг хүн ховор. Харин
шашны оронд кино урлаг  хүн төрөлхтөнд ёс
сур­тахуун бий болгох гээд байх шиг байна. Энэ шалгуурт ний­цэж байгаа киног солонгос­чууд
хийгээд байна уу гэж бодогддог юм.

Монголчуудын хувьд хэзээ­нээсээ үлгэрт дуртай ард түмэн. Үлгэр бүхэн
нь сайн сайхнаар жаргадаг учраас тэр. Тэгвэл солонгос кино болгоны төгсгөл сайхнаар
дуусдаг. Муу зүйл хийсэн бүхэн нүглээ наминчилдаг.  Хорон муу санаатнууд нь буруугаа ухаараад  Хан мөрөн рүүгээ гүйдэг.  Яая даа гэтэл чадуулсан хүмүүс нь ч тэднийг уучилж,
ойлгож уулзаад болох, болохгүйг нь ялгаж салгаж хэлж өгдөг. Эцэст нь бүх зүйл эвэндээ
орж, өмнөөс нь баярламаар сайхан байдаг. Ийм байхад солонгос киног үзүүлэхгүй гэдэг
хөдөлгөөн өрнүүлээд байдаг нь ямар учиртай юм бол.

Кино хийж чадахгүй мөртөө өөрсдийнхөө эвлүүлсэн дүр­сийг түмэнд үзүүлж,
ашиг олох гэсэн манай киночдын санаа байх л даа. Мөн манай 76 худалч буюу УИХ-ын
гишүү­дийн нөлөө ч байгаа биз. Яагаад гэж үү. Тэд орой болгон  телевизүүдийн аль болох оргил цагийг сонгоод  дэмий чалчдаг шүү дээ. “Амьдралыг сайхан болгоно.
Одоо бид ингэж ажиллана. Монгол Улсыг хөгжүүлнэ” гээд сайхан үг бүрийг цуглуулж  “цээжилснээ” хэлдэг. Харамсалтай нь монголчууд
тэд­ний энэ худал үгийг сонс­соор залхсан тул шууд сувгаа сольдог. Солонгос кино
үзэх сонголт цаана нь байгаа учраас тэр. Тиймээс улс­төрчид өөрсөдтэй нь өрсөлдөөд
байгаа солонгос кинонуудыг гаргахаа болих атгаг санаа өвөртлөөд байж сууж чадахаа
байсан нь мэдээж.

Яаж ч бодсон худалч улс­төрчдийн улиг болсон үгийг сонсч сууснаас
ёс сур­та­хуунтай солонгос киногоо үзсэн нь хамаагүй дээр. Мон­голчуудын хийсэн
алаан хядаантай, дотор зурам гаслантай, харанхуй бараан сэдэвтэй кинонуудыг үзэж,
эд эсээ үхүүлж байснаас хал балгүй солонгос кино хараад сэтгэл тайван суух нь энэ
дэнсэлсэн цагт амар байна.    

Бусад урлагийнханд ч солонгос кино садаа болдог байх. Хошин шогийнхон
гэж чивтэй, чивгүй хэдэн чавганц тайзан дээр цуглачихаад хүн ичмээр юм ярьцгаадаг.
Хүүхдийн  дэргэд үзэхийн аргагүй, сонсохын
эцэсгүй нүүр улайм юм хэлж, ярьдаг тэдний жүжиглэлийг хүмүүс сонирхохоо байгаад
солонгос кино руу хошуурдаг болсон.  Тиймээс
хошин шогийнхон солонгос киноны эсрэг дайн зарладаг байлгүй.  Сүүлд нь хэлэхэд  Дагестаны зохиолч Расул Гамзатов гэдэг хүн зохиол
гэж юу байдаг тухай “Бичсэн зохиолоо аавдаа, эхнэр­тээ, хүүхдүүддээ  уншиж өг. Тэгэхэд ичмээр юм байхгүй бол наадах
чинь зохиол” хэмээн хэлсэн байдаг юм билээ. Үнэхээр үнэн үг. Хөгшин болсон ээж­тэйгээ,
эхнэр, нөхөр, үр хүүхэдтэйгээ тойрч суугаад хэн нь ч хэнээсээ ичихгүйгээр үзэж чадаж
байвал тэр урлаг юм байна. Солонгос кино үзэхээр тийм байдаггүй гэж үү. Хөгшин хөвөө,
хүүхэд шуухад хэнтэй ч хамт суугаад үзэхэд орох байх газар олж ядан нүүр улайдаггүй
юм.  

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Банди: Лондонгийн олимпийн ринг дээр Мөнх-Эрдэнийг ялагдахад би уйлсан

Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгал­жуулагч Д.Бандитай ярилцлаа.

-Таныг
холбооны багш дасгалжуулагч тамирчдаа аван Орхонд бэлтгэл хий­гээд ирлээ гэж сонслоо.
Энэ бэлтгэлийн зорилго юу байв?

-Манай Монголын боксын холбооны шинэ удирд­лагуудтай болж дас­гал­жуулагч
нарын дунд сонгон шалгаруулалт явуулж шинэ багаа бүрдүүлсэн анхны томоо­хон цугларалтыг
явуул­лаа. Манай боксын хол­бооны Ерөнхийлөгчөөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан
хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ ажиллаж бай­гаа юм байна. Мөн миний хоёр шавь холбооны
удирдах том албан тушаал хашиж явааг хараад багшийн хувьд их бахархаж байгаа. Олимпийн
аварга Э.Бадар-Ууган яг бокс, тамирчдаа хариуцсан холбооныхоо тэр­гүүн дэд ерөнхийлөгч,
П.Сэрдамба холбооны ерөн­хий нарийн бичгийн дар­гаар ажиллаж байна. Энэ 70 хүний
бүрэлдэхүүн Орхоныг зорьж анх удаа том цугларалтыг зохион байгууллаа. Би ерөн­хийдөө
дасгалжуулагч болон тамирчдаа ахлан энэ­хүү цугларалтыг зохион байгуулсан юм. Үнэхээр
үр дүнтэй том цугларалт болсон гэж хэлмээр байна. Хот, хөдөөгийн олон багш дасгалжуулагч,
боксчид ирсэн. Бэлт­гэл ямар байдаг вэ гэдгийг энэ хүмүүст харууллаа. Бид­ний гол
зорилго бол “Рио де Жанейро-2016” зуны  олим­пийн
наадамд боксчидоо бэлт­гэх. Мөн удахгүй Болгарт болох Залуучуудын аварга шалгаруулах
тэмцээнд орох тамирчдынхаа бэлтгэлийг маш сайн хангалаа гэж бодож байна. 

-Залуучуудын
аварга шалгаруулах тэмцээн хэзээ эхлэх вэ?

– Болгарын Софи хотод дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд болно. Энэ
тэмцээнд 17, 18 насны залуучууд орно. Эмэгтэйчүүд олимпийн гур­ван жингээр оролцох
бол эрэгтэйчүүд 49 кг-аас 75 кг хүртэл долоон жингээр өрсөлдөх юм. Эдгээр тамирчид
гур­­ван дасгалжуулагчийн бүрэл­­дэхүүнтэй явна. Залуу­­чуудын багийг ахлах дасгалжуулагчаар
Мөнхсайхан багш сонгогдсон байгаа. Харин охидын багийг олон жил дасгалжуулагчаар
ажилласан туршлагатай багш Энхбаатар хариуцаж явна. Харин нэг дасгалжуулагч нь хувиасаа
мөнгө зардлаа гаргаж явж байгаа. Сэлэнгэ айм­гийн “Улаан ирвэс” клу­бийн дас­галжуулагч
Г.Ганхуяг.

-Та
явах уу?

-Үгүй ээ. Энэ удаагийн тэмцээнд оролцох багийг ерөнхийдөө манай холбооны
Ерөнхий нарийн бичгийн дарга Сэрдамба удирдаж явах болно. Ингэсэн юм. Саяын бэлтгэлээр
тамирчдаа хаана, ямар тэмцээнд оролцох тэр бүрэлдэхүүнээр нь бэлтгэл хийсэн. Залуучуудын
аварга шалгаруулах тэмцээнд оролцох боксчид удахгүй Болгарыг зорих гэж бол Казах
улс руу хамтарсан бэлтгэл хийхээр насанд хүрэгчдийн баг явчихсан байна. Манай насанд
хүрэгчдийн багийн ахлах дасгалжуулагч Батсүрэн Казахын багийн дасгалжуулагчтай ойр
дотнын найз юм билээ. Энэ холбоогоо ашиглаж тамирчдаа хамтар­сан бэлтгэлд гаргаад
бай­на. Мөн удахгүй эмэгтэй багийн­хан Хятад руу явж тэндхийн тамирчидтай хам­тар­сан
бэлтгэлд гаргана гэсэн төлөвлөгөөтэй байна. Мөн хэсэг боксчид ОХУ-руу бэлтгэлд явах
болно. Орост А зэрэглэлийн тамирчдын аварга шалгаруулах тэмцээн болох юм.

-Шалгаруулалтаар
шиг­шээ багийн дасгал­жуу­лагчдаар хэн хэн сонгогдсон юм бэ?

-Монголын боксын хол­бооны насанд хүрэгчдийн шигшээ багийг Батсүрэн,
Эрдэнэ­­баяр нар ахалж дас­­­гал­­­жуулж байгаа бол залуу­чуудын багийн ахлах дасгалжуулагчаар
Мөнх­сайхан багш, эмэг­тэй багийн ахлах дасгал­жуулагчаар Энхтайван, Энхбаатар гээд
багш нар ажиллаж байна.

-Таны
хувьд холбооны ерөнхий зөвлөх дасгалжуулагч гэсэн нэрийн дор ажиллах болсон. Яг
албан ёсны орон тоо биз дээ. Эсвэл зүгээр л таны сэтгэлийг хуурч нэр төдий зүүлгээд
байна уу?

-Соёл, спорт, аялал жуучлалын яамнаас гаргасан журмын дагуу би өнөөдөр
зөвлөхөөр ажиллаж байна. Энэ журамд “Шигшээ багийн дасгалжуулагч байхдаа олимп,
дэлхийн аварга төрүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж байсан дасгалжуулагч
хэрвээ өөрөө хүсэх юм бол ямар ч сорил шалгаруулалтгүйгээр холбоондоо ажиллаж болно”
гэсэн утгатай заалт бий. Тэгэхээр албан ёсных л болж таарч байгаа юм уу даа. Ерөнхий
дасгалжуулагчаар ажиллуулаад ирэхэд надтай барьцах хүн байна. Гэтэл би хажууд нь
олимп, дэлхийн аварга төрүүлчихсэн хүн шүү дээ.

-Цалинтай
ажиллаж байгаа биз дээ?

-Яамнаас уг нь цалин­жуулах ёстой. Одоохондоо цалингийн талаар тушаал
гараагүй байна. Минийх битгий хэл холбооноос томилогдсон дасгалжуулагч нарынхаа
цалин өгөөгүй байгаа гэсэн. Батлагдаагүй болохоор яамнаас цалин авч болдоггүй холбооноос
цалинг гаргаж өгсөн. Энэ олон багш нарынхаа цалинг өгчихвөл хэрэгтэй л байх даа.
Цалингүй ажиллаад байвал ар гэрийнхэн нь амьдрахад хэцүү л байгаа санагддаг.

-Шигшээ
багийн дасгалжуулагч нар гээд нэлээд хэдэн хүн сонгож. “Зуун ямаанд жаран ухна”
гэгчээр  тамирчдад та ч юм уу, ганц хоёр жинтэй
дасгалжуулагч байж болдоггүй юм уу?

-Болохгүй гэсэн газаргүй шүү дээ. Гурван жилийн хугацаанд би ахлах
дасгалжуулагч хийхдээ нэг туслах дасгалжуулагчтай хоёулхнаа ажилласан. 2008 оны
олимпод манай боксчид ямар сайхан амжилт гаргалаа. Тэр үеийн амжилт оргилдоо хүрсэн.
Харин одоо миний хувьд дасгалжуулагч нараа бэлтгэдэг дасгалжуулагч болно гэж олон
түмэндээ зарласан. Тиймээс би дараагийн залгамж халаа дасгалжуулагч нартаа сурсан
мэдсэн зүйлээ хуваалцъя гэж бодох болсон. Аль ч спорт дасгалжуулагчаа хөгжүүлж байж
тамирчин нь амжилтад хүрдэг жамтай. Тэр их амжилтын ард гол үүрэг гүйцэтгэсэн хүн
бол дасгалжуулагч.  Гэтэл дасгалжуулагчид
шагнал, урамшуулал гэж байхгүй гадна орхигддог. Спорт нь дээд цэгтээ хөгжсөн гадны
орнуудын туршлагаас суралцах ёстой. Ямагт дасгалжуулагчдынхаа арга барил, ухааныг
нэг номерт тавьж, мэдлэг боловсролыг дандаа хөгжүүлж байх хэрэгтэй. Дасгалжуулагч
нараас л амжилт нөлөөлдөг. Учир нь сайн тамирчдыг зөв залах нь дасгалжуулагчийн
үүрэг. Тамирчид хэдэн ч медаль авсан бай дасгал­жуулагч нарыг адилхан шаг­надаг
байх хэрэгтэй. Би мөн ч олон жил үүнийг ярилаа.

-Одоо
уг нь дасгал­жуулагч нарыг тодорхой хэмжээнд урамшуулдаг болсон юм биш үү?

-Тэгдэг болсон байна. Тамирчин томоохон нэр хүндтэй тэмцээнүүдэд
амжилттай оролцоод медаль аваад ирэхэд шагналын 50 хувьтай тэнцэх урамшуулал өгдөг
болсон байна. Харин тэр шагналыг дасгалжуулагч нар нь хувааж авдаг болсон байна
лээ. Миний үед дасгалжуулагч нар тамирчнаасаа гуйж шагнал авдаг байлаа. Олимпийн
авар­га болбол чи хэдэн хувийг өгөх вэ гэж гэрээ хийдэг байсан байхгүй юу. Үнэндээ
би боксын холбооны хүнд үеийг туулсан дасгалжуулагч шүү дээ.  Тоочоод байвал их л зовлон бий.

-Хоёр
шавь тань тантай холбооны хэтийн зорилгын талаар хэр зөвлөлдөж, зөвлөгөө авч байна?

-Уг нь байнга ийм уялдаа­тай ажиллаж шийдвэр гаргавал холбоо зөв
зүйтэй ажиллах болно. Холбоо маань миний анхны санаачилгыг их сайхан хүлээж авч
цугларалт зохион байгуулж өгсөнд баяртай байгаа. Өөрсдөө ч гэсэн уулзалтад оролцож
нүдээр харсан. Их сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, “холбооны хэтийн ирээдүйд
үнэхээр хэрэгтэй ажил боллоо багшаа” гэж хэлсэн.

-Цаашдаа
ямар арга барилаар шилдэг тамирчдыг төрүүлнэ гэж бодож байна вэ?

-Холбоо бүх тамирчдыг хамрах ёстой. Энэ утгаараа цугларалт хийлээ.
Үүний үр дүнд бид Монголын өнцөг булан бүрээс шилдэг гэсэн залуу тамирчдыг сонгон
авч бэлтгэл хийж шигшээ багаа бүрдүүлж байх болно. Зөвхөн шилэгдмэл тамирчдыг дасгалжуулагчидтай
нь цуглуулж Монгол Улсын нэрийг гаргахыг зорьж явна.

-Боксыг
оргилд нь хүртэл хөгжүүлж, дэлхийд данстай болгосон таны нууц юундаа байна вэ?

-Төлөвлөлт гэдэг маш чухал. Энд Монголын боксыг өндөрт гаргах тухай
л ярьж  байна. Өндөр болгохын тулд өргөн болгох
бодлого бас байна. Боксын клуб багш нарыг олон болгож байж хүрээгээ тэлнэ гэсэн
үг. Өргөн болгосон цагт тэр дундаас өндөрт гарах тамирчид олноороо гарч ирэх юм.
Манай боксын холбоо энэ тал дээр ерөнхийдөө анхаарч ажиллаж байгаа нь зах зухаасаа
харагдаж байгаа болов уу.

-Та
эрүүл мэндийн асууд­лаас болж хэсэг хуга­цаанд холбоонд ямар ч хамааралгүй хүн явлаа.
Боксын төлөө бүхий л насаа зориулж ирсэн хүний хувьд эргэж ирэхээс өмнөх он жилүүд
хүнд өнгөрсөн биз дээ?

-Хэлэхийн аргагүй хүнд үе байлаа. Би тархиндаа хоёр удаа цус харвасан.
Гэхдээ одоо эрүүл болоод явж байна. Гэртээ дөрөв таван жил суулаа. Миний ганц нөхөр
бол компьютер байсан. Өвчиндөө дарлуулаад зүгээр суухыг хүссэнгүй. Бүх багш нартаа
сургалтын программ бэлдэж гаргалаа. Одоо багш нарт бий. Дэлгүүрт бас байгаа харагдсан.
Мөн 2000 оноос өмнөх амьдралаа бичсэн “Миний ертөнц” нэртэй ном байдаг. Түүнийхээ
хоёрдугаар боть болох “Энэ л миний ертөнц” нэртэй номоо бичиж өнгөрсөн хугацаанд
бэлэн болгож, сэтгэлээ тайтгаруулж байлаа. 
Одоо харин номоо хэвлүүлэх гээд мөнгө олдохгүй хайгаад явж байна. Энэ номон
дээр би олимп, дэлхийн аваргыг яаж төрүүлсэн тухай нууцаа анх удаа дэлгэсэн байгаа.
Энэ их амжилтыг би ямар арга барилаар төрүүлсэн болох алтан туршлагаасаа хуваалцсан.
Ер нь гэрт байхдаа боксын тэмцээн үзэх л хамгийн хүнд, өөрийн эрхгүй самсаа шархирч
байдаг байж дээ.

-Лондонгийн
олимпод манай боксчид бусад орны тамирчдын уланд гишгэгдсэн гэж хэлж болно. Тамирчдынхаа
уналтыг зурагтаар үзэж суухад танд хэцүү байсан болов уу?

-Лондонгийн олимпод тамирчид явлаа. Намайг өвчтэй болсон хойгуур
миний тамирчид уруудсан том илрэл. Олимпийн ринг дээр Мөнх-Эрдэнийг өрсөлдөгчдөө
цохиулж байхад би уйлсан. Бүр шархирч уйлсан (нулимс нь цийлэгнэж дуугаа хураав).
Дасгалжуулагч маш буруу тактикаар ажиллалаа даа гэж тэр үед харамссан.Мөнх-Эрдэнэ
бол заяагдсан тамирчин. Мөнх-Эрдэнэ цохилт аваад салгалаад зогсч байсныг монголын
ард түмэн харсан. Надтай хамт тэмцээнд явахдаа хэзээ ч тийм цохилт авч байгаагүй.
Украиныхныг нутагт нь хүртэл очоод бут нэргэж байсан боксчин шүү дээ.  Төгсцогтыг ч гэсэн алтын төлөө тоглохдоо тийм
царай муутай, унжгар, сулбагар байгааг харахад өөрийн эрхгүй уйлсан (хоолой нь зангирч
хэсэг дуугаа хураав). Боксчдын амжилт шууд уруудаж байгааг би нүдээр харж байлаа.
Тухайн үед “Өдрийн сонин”-д “Монголын боксчдын дасгалжуулагчдыг 30 жилийн өмнөх
дасгалжуулагчтай харьцуулсан” тухай шүүмж нийтлэл гарсан байсан. Үнэн байхгүй юу.

-Сүүлийн
үед У.Мөнх-Эрдэнийг рингнээс зайлуулчих гээд байгаа тухай яриа гарах болж. Энэ тал
дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Одоо 40 нас хүртэл тоглодог болсон ш дээ. Жингийнхээ өрсөлдөгчийг
ялж л байвал ринг дээр тулалдах л хэрэгтэй. Хэрвээ өрсөлдөгчдөө ялагдаад эхэлбэл
рингээ орхих байлгүй. Уг нь Мөнх-Эрдэнэ шиг туршлагатай тамирчид байж залуучууд
нь гарч ирнэ. Үлгэр дуурайлал авна гэсэн үг.

-Түүний
хувьд цаашид амжилт гаргаж нөөц бий юу?

-Төвөгтэй хүн. Надтай маш их холбоотой. 2008 оны олимпод аварга болох
ёстой хүн байсан. Өөрөөс нь болсон. Мэдээж үүд хаалга нь нээлттэй байна.

-Ер
нь боксын спортод амжилт гаргах гол хүчин зүйл юу юм бол оо?

-Хоёр талтай. Гол нь тамирчны ур чадвар. Гэхдээ нэгдүгээрт дасгалжуулагч.
Хоёрдугаарт тамирчны ухамсар. Бид монголын өнцөг булан бүрээс хэзээ ч дээшээ гараад
ирэх боломжтой ирээдүйтэй хүүхдүүдийг сонгодог. Харин тэднийг дээш гаргаад ирэх
дасгалжуулагч нар хамгийн чухал. Энийг л би биеийн тамирын байгууллагын удирдах
хүмүүс их сайн ойлгоосой гэж боддог.

-Одоогоор
амжилтад их ойрхон ирээдүйтэй ямар тамирчид байна вэ?

-Тэр энэ гэх юм байхгүй. Бүгд сайн байна. Би 2005 оны зургадугаар
сараас шигшээгийн дасгалжуулагч болоод Азийн аваргад тамирчидаа сойж байхад манай
шавь нар нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байлаа. Үүнээс өмнө бараг найман
жилийн хугацаанд  Азийн аваргын ганц хүрэл
медалийн төлөө үзэлцдэг байсан үе бий.

Харин намайг хэсэг эзгүй хойгуур өнөөх авьяастай хүүхдүүдийг “Кик
бокс”-ынхон хулгайлаад Америкт аваачаад хаясан. Ингээд би хэнд ч танигдаагүй хэдэн
жаахан хүүхдүүдтэй үлдсэн. Дараа жил нь нэгдүгээр сараас эхлэн би цалинтай дасгалжуулагч
болж, цалинтай тамирчин авсан. Яг энэ үед Бадар-Ууган, Сэрдамба нарын хүүхдүүдийг
авсан. Тэд нар маань нэг хоёрхон сар болоод л тодроод энд тэндхийн тэмцээнд “од”
болж, рекорд тогтоосон. Манай боксын шигшээ баг анх удаа 195 орноос амжилтаараа
дөрөвт, Дэлхийн аваргаас авсан медалийнхаа тоогоор 140 гаруй орноос тавдугаар байрт
бичигдэж байсан түүх бидэнд байна. Цаашдаа ч энэ амжилт уруудах бус улам өндөрт
мандах ёстой.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Мөнхзул: Театр бол ганц дарга, ганц уран бүтээлчийн биш олон хүний хөдөлмөрөөр хөдөлдөг газар

Дуурь бүжгийн эрд­мийн театрын захирал Ч.Мөнх­зултай ярилцлаа.
Сонгодгууд чуулдаг энэ ордонд сүүлийн үед асуудал байгаа тухай хэв­лэлд бичигдэж
байна. Тиймээс чухам юу болоод бай­гаа талаар захирал Ч.Мөнх­зулаас тодруулахаар
шийд­лээ. Түүнээс гадна өнгөр­сөн хавар түүнийг шинэ албан­даа томилогдоод хэд хонож
байхад нь ярилцлага авъя гэж ирэхэд тэрбээр “Дөнгөж ажлаа аваад байгаа би юу хийсэн
гэж ярих билээ. Харин жилийн дараа хийсэн бүтээ­сэн зүйлтэй сууж бай­на гэж бодож
байна. Тэр үед ярилцлага заавал өгнө” хэмээж байсан юм.

 
-Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирлын өрөөнд орж ирэх­дээ
захирал нь жилийн өмнөх шигээ төгөлдөр хууран дээр компьютерээ тавьчихаад юм бичээд
сууж байх вий гэдгээс айж байлаа шүү. Ямар ч байсан өрөөндөө ширээ, сандалтай болоод
авчээ…

-Та
өнгөрсөн хавар миний ямар байдалтай байсныг са­нуулж байна уу. Тухайн үед дөн­гөж
ажлаа аваад уран сайх­ны удирдагчаар МУГЖ А.Даш­пэлжээ гуайг хамтран ажиллахыг урьчихаад
байсан үе. Өмнөх дэд захирал маань өрөөгөө хувиасаа тохижуулсан байсан учраас тавилгаа
авч явсан. Гэтэл би хүнд ажил даалгаж өгч байж хогийн савнаас өөр хог­шил­гүй өрөөнд
суулгаад байлтай биш өөрийнхийгөө өгчихсөн байсан үе л дээ. Та орж ирээд “Дуурийн
театрын даргын ширээ төгөлдөр хуур байдаг юм уу” гэж асуусныг санаж байна. Тэгэхэд
надад театрын бичиг цаасны хувьд цэгцлэхээс эхлээд ажил их байлаа. Одоо тэр үеийг
бодвол теат­рын­хаа талаар, хийсэн зүй­лийн­хээ талаар ярих юмтай сууж байна шүү.

-Таныг энэ албанд ирэхээс чинь эхлээд л мэргэжлийн бус хүн
гэгдэж байсан. Одоо ч энэ талаар хааяа сонстох юм. Та ийм дүгнэлтэд хэр эмзэглэж
байна даа?

-Би
үүнд огт эмзэглэдэггүй. Театрыг удирдлагаар хангах нь миний үүрэг болохоос би дуулж,
бүжиг­лэж, хөгжимдөж суух үүрэг­тэй хүн биш шүү дээ. Би хөгжимчний гэр бүлд төрөөгүй,
балетын бүжигчний мэргэжил эзэмшээгүй, дуурийн дуучин шиг хоолойтой хүн биш. Мэргэжлийн
гэсэн үнэмлэх, дипломтой байх, харин тэр ажлыг хийж чадах хоёрын хооронд том зөрүү
бий гэж боддог. Гэхдээ надаас уран бүтээлч­дээ үнэлж, мэдэрч чаддаг уу гэвэл би
өөрийгөө тийм гэж хэлнэ. Би энэ театрт ажилладаг гайхамшигтай уран бүтээлчдийг дэмжиж
хөгжүүлэх зорилготой, ажил үүрэгтэй хүн.

-Танай театр ерөнхий най­руу­лагчгүй болчихсон юм уу. Энэ
албыг хашиж байсан Г.Эрдэнэбаатар ч хэвлэлүүдэд ярилцлага өгсөн байсан. Яагаад түүнийг
ажлаас нь явуулсан юм бэ?

-Г.Эрдэнэбаатар
гэдэг хүн “хөгжмийн театрын найруулагч” гэдэг дипломтой байгаа нь энэ театрын ерөнхий
найруулагчийн ажлыг хийж чадсан, эсвэл чадна гэдгийн баталгаа биш шүү дээ. Тэр хүн
ажлаа хийж чадаад, бодлогоо бариад явж байсан бол хамт олон нь ажлаа хийж чадахгүй
байна гэсэн үнэлгээ өгөхгүй л байсан байх. Би төрийн ажлыг өөрт л хал балгүйхэн
байвал илүү хөдлөхгүй, юу ч хийхгүй чимээгүй сууж байгаад л цалин аваад явж байдаг
өчүүхэн хүмүүсийн ажил биш гэж боддог. Би тийм сэтгэлээр ажиллаж ч чадахгүй. Тийм
учраас театрын эрх ашигт аль нь хэрэгтэй вэ гэж бодож шийдвэр гаргасан. Яахав, ажлаас
чөлөөлсөн хүн нь би болохоос биш Г.Эрдэнэбаатарыг ажилдаа тэнцэхгүй учраас халах
тухай яриа аль эртнийх юм билээ. Нийт ажиллагсдын дунд явуулсан санал асуулгаар
60 гаруй хувь нь түүнийг ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн юм.

-Танайхны олонхи нь яагаад түүнийг ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн
юм бол?

-Ерөнхий
найруулагчийн ур чадварыг уран бүтээлийн чанар, дуучдын хөгжил, ур чадвараар хэмжинэ.
Гэтэл дуучидтайгаа огт ажилладаггүй хүн яаж уран бүтээ­лийн чанарт анхаарах юм бэ.
Манай театр авьяастай, чадал­тай сайхан залуу дуучидтай. Гэтэл дуурийн нүүр царай,
нөгөө талаар “гол хэрэглэгдэхүүн” болсон дуучдын хөгжил өөрт нь огт хамаагүй мэт
байсан учраас л хүлээн зөвшөөрөөгүй болов уу. Дуучид маань “Ганц хүн ерөнхий найруулагч
гээд ажил хийхгүй сууж байхын оронд олон найруулагчтай байж, дуурь бүр дээр шинэ,
өөр хүнтэй ажиллаж хөгжмөөр байна…” гэсэн хүсэлт тавьсан. Тийм учраас бид шинэ
болон шинэчилж байгаа бүтээлүүд дээр өөр, өөр найруулагч ажил­луулж, тэр дундаа
гадны найруулагчидтай ажиллаж уран бүтээлчдээ хөгжүүлж байна. Ерөнхий найруулагч
гэдэг хүн уг нь дуурийн хөгжлийн бодлогыг тодор­хойлогч байх ёстой. Гэх­дээ тэр
хүн өөрийнхөө уран бүтээлчдийн бодит боломжийг ч мэд­дэггүй байж бодлого тодор­хой­лох
тухай ярих нь утгагүй. Энэ театрт мэргэжлийн уран бүтээлийн удирдлагаас бүрдсэн
уран сайхны зөвлөл бий. Уран сайхны зөвлөл бодлогоо бариад театрын ажил хэвийн л
явж бай­на. Энд би нэг зүйлийг заа­вал дурдмаар байна. Яагаад ерөнхий найруулагчгүй
театр гэдэг асуудал яригдаж байгаа вэ гэхээр сонгодог урлагийн мэргэжлийн боловсон
хүчний хан­галтын асуудлаас болж бай­гаа юм. Дуурийн найруулагч, удирдаач, балетмейстер,
бале­тын бүжигчин, дээд боловсролтой хөг­жимчин, фонетр эмч гээд манайд дандаа ховор,
бас хүнд мэргэжил байдаг. Эдгээр мэргэжлийн боловсон хүчнийг, ялан­гуяа уран бүтээлийн
удир­дах боловсон хүчнийг тасралт­гүй, нөөцтэйгөөр бэлтгэх бодлого алдагдсан учраас
шинэ залуу мэргэжилтэн байхгүй, бодлогын чанар­тай хүний нөөцийн асууд­лыг шийдвэрлэх
боломжгүй бай­гаад л гол асуудал нь байгаа юм.

-Энэ оны эхэн дээр театрын ерөн­хий балетмейстер Х.Гэрэл­чимэг
ажлаа өгсөн. Хэдий­гээр эрүүл мэндийн улмаас гэж хүсэлтээ гаргасан ч гэсэн өөр шалтгаантай
байсан гэсэн?

-Х.Гэрэлчимэг
багш эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гармаар байна гэсэн хүсэлтээ өөрөө гаргасан.
Та өөрөөс нь асууж болно шүү дээ.

-Түүнтэй хамтран ажиллаж чадах­гүй гэж танай балет ангийнхан
гомдол гаргасан гэдэг үнэн үү. Бүжигчдээ элд­вээр загнадаг, дарамталж ялгамж­тай
ханддаг гэж. Ер нь энэ театрт үеийн үед ерөн­хий балетмейстер нар гэж томоо­хон
дарамтлагч нар байдаг юм уу?

-Би
хувь хүнийхээ хувьд Х.Гэрэлчимэг багшийг маш их хүндэтгэдэг. Тэр бол сайн багш.
Таны асуусанчлан манай балет ангийн 20 уран бүтээлч Х.Гэрэлчимэг багштай ажиллаж
чадахгүй гэж бичгээр хүсэлтээ илэрхийлсэн нь бол үнэн. “Бүжигчдийг ялгаварлаж харьцдаг,
цөөн хүнийг л хүн гэж үздэг, бусдыг дарамталж доромжилдог учраас ажиллахад хэцүү,
балетын шинэ удирд­ла­гатай болмоор байна” гэсэн утгатай хүсэлт байсан. Ингэснээр
нэг хүний эрх ашгийг хамгаалах уу, хорин залуу хүний хүсэл, санал бодлыг хүндэтгэх
үү гэдэг том асуудал босч ирсэн л дээ. Энэ үед Х.Гэрэлчимэг багш ч хүсэлтээ гаргасан.
Түүнийг репетитор багшаар ажиллаач гэж гуйхад “Эрүүл мэндээ бодно, гадагшаа явж
эмчлүүлэх гэж байгаа, ачаалал ихэснэ” гээд татгалзсан.

-Үүний дараахан хэвлэлээр Х.Гэрэлчимэг гэдэг хүн байхгүй бол
балет хэцүүднэ гэж бичиж байсныг та анзаарсан уу.

-Би
өөрөө сэтгүүлч мэргэ­жил­тэй хүн. Мэргэжил нэгтэй байж ингэж хэлсэнд битгий эмзэг­лээрэй.
Би заримдаа сэт­гүүлч­­дэд урам хугарах юм. Сэт­гүүл­чид мэдээллийг олон эх сурвалжаас
аваад түүнийгээ үзэгч, уншигчдад бодитоор хүр­гэх ёстой болохоос биш өөрийнхөө өрөөсгөл
сэтгэгдэл, санаа бодлыг бусдад хүчээр тул­гах ёсгүй. Нэг сэтгүүлч “Х.Гэрэлчимэг
гэдэг хүн ажлаа өгснөөс болоод Монголын балет эзэнгүйдэж сөхөрч байна” гэж бичсэн
байсан. Тэр хүн манай уран бүтээлчидтэй уулзаж бодит мэдээлэл авсан уу үгүй юу гэд­гийг
би мэдэхгүй юм. Харин энэ театрын ачааг үүрээд уран бүтээлээ хийгээд явж байгаа
олон сайхан залуучуудын хөлс, хөдөлмөр, уран бүтээлчдийн маань урам зоригийг үгүйсгэх
ёсгүйг л би мэдэж байна. Балет сөхрөх биш уг нь улам л урагшилж байгаа даа.

-Тэгвэл ерөнхий балет­мейстерийн талаар одоо таны хийсэн сонголт
зөв гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Энэ
бол миний биш, манай балет ангийн хамт олны, мөн манай театрын уран сайхны зөвлөлийн
сонголт. Бид сонгон шал­гаруулалтыг нээлттэй зар­лаад, балетынхаа нийт бие бүрэл­дэхүүнээс
саналыг нь авсан. Уран сайхны зөвлөл маань хуралдаж байгаад тэр хүмүүсээс хамгийн
өндөр санал авсан хоёр хүнээс хэлэлцэж сонгосон юм. УДБЭТ-ын хувьд ерөнхий балетмейстер
гэдэг хүн бол хамт олноо бүрэн дагуулж, мэр­гэжлийн удирдлагаар хан­гаж чадах, уран
сайхны зөв­лөлд байж уран бүтээлийн бод­ло­гыг барилцдаг хүн байх ёстой. Одоо манай
ерөнхий балетмейстерээр урьд нь энэ театрын бүжигчин, багш байсан Д.Дашлхагва ажиллаж
байна. Ажил хэвийн сайн л явж байна. Уг нь энэ бол манай байгууллагын дотоод асуудал
л даа. Аль ч албан байгууллага боловсон хүчнийхээ асуудлыг дотооддоо шийдээд, хариуцлагаа
үүрээд явдаг шүү дээ. Харин “ерөнхий балетмейстер” гэдэг нэр томъёо­ны хувьд бас
жаахан бодууштай зүйл байгаа юм.

-Танай ДБЭТ-т ямар ч дар­гын үед хэл ам гарч байдаг. Бусад
урлагийн байгууллагууд гай­гүй шиг л байх юм. Яагаад Дуурийнхан ийм байдаг юм бол?

-Миний
өмнө яг ямар байсныг би мэдэхгүй, мэдэх ч албагүй байх. Гэхдээ урлаг өөрөө ширүүн,
өрсөлдөөнтэй талбар. Тийм болохоор олон жилийн турш ийм асуудалтай байсан гэдэг.
Мөнхзул байсан байгаагүй, өөр хэн ч байсан энэ маягаараа байх байсан байх. Миний
хувьд хэл амнаас айж бэргэж ажлаа хийнэ гэж байхгүй. Зөв зүйтэй гэж үзснээ сайн
хийгээд урагшлах ёстой. Ганц нэг хүний үгээр биш нийт хүмүүсийнхээ дунд санал асуулга
явуулж шийдвэр гаргаж бай­гаа. Ажилдаа тэнцэхгүй хүнийг мэдсээр байж өөгшүүлээд
байвал би ажлаа сэтгэлээсээ хийхгүй байна гэсэн үг биз дээ?

-Ярианы эхэнд та өөрийгөө уран бүтээлчдийг үнэлж дэмжиж чадах
хүн гэсэн. Та тэднийгээ дэмжиж дэмнэх тал дээр яг ямар ажил хийсэн бэ. Танай уран
бүтээлчид таны хийснийг хэрхэн үнэлж байгаа бол?

-Хүмүүс
миний хийж байгаа ажлыг өөр, өөрийнхөөрөө хүлээн авч дүгнэж цэгнэнэ. Бүгдийнх нь
сэтгэлд таарах албагүй бас боломжгүй. Миний хувьд өөрийн эрх зүйн хэм хэмжээний
хүрээнд зөв зүйтэй гэж үзсэн зүйлээ сайн хийх гэж хичээж байна. Манай театрын гоцлол
дуучдын 70 хувь, балетын бүжигчдийн 80 хувь, найрал дуучдын 50 орчим хувь, хөгжим
ангийн 30 орчим нь 27-гоос доош насны залуучууд байгаа. Тэдний хувьд мэргэжилдээ
өсч дэвжих, цааш суралцах, дадлагажих, гадаад улс оронд тэмцээн уралдаанд орж өөрсдийгөө
сорих гээд олон зүйл хэрэгтэй. Гэтэл манай төсөвт уран бүтээлчдээ үндсэн мэргэжлээр
нь мэргэжил дээшлүүлэх, давхар мэргэжлээр сургах, гадаад улс оронд явуу­лах, дадлага
хийлгэх хөрөнгө бай­даггүй. Тийм учраас би аль болох өөр эх сурвалжаас санхүүжилт
олж уран бүтээлчдээ гадаад улс оронд явуулах, дотоод­доо байгаа боломжоо ашиглаж
боловсрол, мэргэжилд нь анхаарахыг хичээж байна. Одоо дөрөвдүгээр сарын 1-нээс сургалтын
танхим бий болгож дотооддоо хуулийн зөвлөгөө, нийгмийн даатгал, татвар, эрх зүй
болон бусад шаардлагатай мэдээллээр хангах сургалтын хөтөл­бөр боловсруулаад бай­на.
Тавдугаар сарын 1-нээс долоо хоногт хоёр удаа англи хэл­ний, хоёр удаа герман юм
уу итали хэлний хичээл оруу­лахаар бэлтгэж байна. Өөрийгөө хөгжүүлэх бололцоог нь
бүрдүүлэх гэж зорьж байгаа хэрэг юм.

-Та сэтгүүлчээс гадна урла­гийн менежер хүн. Ажил авах­даа
гадаад харилцаандаа анхаар­на гэж хэлж байсан. 
Энэ талаар хэр ахицтай байгаа вэ?

-Гадаад
харилцааг өргөжүү­лэх бол миний үндсэн ажлын л нэг шүү дээ. Зөвхөн 2014 оныг ярихад
нэг, хоёрдугаар сард манайд Португалийн балет­мейстер Хьюго Виэра ажиллаж “Диваа­жин
энд байна” цоо шинэ модерн балетыг тавьсан. Өнгөр­сөн хоёрдугаар сард манай дуурийн
шилдэг есөн дуучин Улаан-Үд хотод концерт тоглож тэдний үзэгчдийг байлдан дагуу­лаад
ирлээ. Мөн хоёрдугаар сарын сүүл гуравдугаар сарын эхэнд манай дуучид АНУ-ын Сан
Франциско хотод тоглоод ирлээ. Саяхан манайх Австрийн найруулагчтай ажиллаж “Дон
Жуан” дуурийг сэргээн тоглосон. Манай залуучуудыг сар гаруйхны дотор ямар сайн задарч,
ямар их хөг­жив өө гэж мэргэжлийн хүмүүс гайхаж байсан. Одоо тавдугаар сард тоглоход
нь ирж үзээрэй, өөрийн нүдээр хараарай гэж үзэгчдийг урьж байна. Дөрвөн гоцлол дуучнаа
БНСУ-ын Тэжун хотын театрт нэг сар дадлага хийл­гэхээр боллоо. Тэд дадлагаа хийчихээд
“Чио Чио Сан” дуурьт дуулчихаад ирнэ. Дуучид маань маргааш явах гэж байна. Намар
дөрвөн дуучнаа Австри улсад хоёр долоо хоногийн дадлага хийл­гэхээр явуулна. Бүх
зардлыг цаад талаас нь даалгахаар тохи­ролцсон байгаа. “Дөрвөн хүний гадаадад бүтэн
сар байх зардал өгөөч” гэвэл улсын төсөв хэцүү бай­хад битгий дэмий юм ярь л гэх
байх. Харин бид цаад талаасаа бүх зардлыг гаргуулахаар ярьж тохирч чадсан. Гоцлол
дуучин Э.Сайнбаярыг дөрөвдүгээр сард Солонгос улсад болох олон улсын концертонд
явуулах гэж байна. Бас тавдугаар сард Солонгосын шилдэг дуучид манайд ирж “Чио Чио
Сан” дуурьт дуулна. Мөн нэг хөгжимчнөө Австри улсад богино хугацааны сургалтанд
явуулах гэж байна. Ирэх арваннэгдүгээр сард манай дуучид ОХУ-д очиж тоглоно. Манай
театрт энэ оныг дуустал Испанийн шилдэг бүжгийн хамтлаг, Швейцарийн найрал дуу,
Германы оркестр ирж тоглоно. За тэгээд Солонгос, АНУ, Италийн удирдаачид ирж зарим
бүтээлийг удирдан тоглуулна гээд төлөвлөсөн ажил их байна шүү дээ.

-Маш их ачаалалтай ажил­лаж байна. Улирлын сүүл рүү бүр ч
их ажилтай байх нь гэж танайхан ярьж байна лээ?

-Энэ
жилийн хувьд ачаалал ихтэй байгаа нь үнэн. Бид энэ жил сар бүр нэг онцгой ажил хий­­нэ
гэсэн төлөвлөгөөтэй бай­­гаа юм. Ирэх зургадугаар сард Л.Мөрдоржийн “Хөхөө Нам­­жил”
дуурийг шинээр тави­на, Б.Шаравын “Чингис хаан” дуурийг бас хөгжмийн бүтээ­лийн
хувьд шинэчилж байгаа. Энэ хоёр бол манай үндэсний брэнд болгохоор зорьж байгаа
бүтээ­лүүд. Намар 52 дахь улирлын нээлтээ “Учиртай гурван толгой “дуурийн 80 жилийн
ойгоор нээ­нэ. Үндэсний ууган дуурь маань 80 нас хүрч байна. Мөн Монгол Улсад найрал
хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Тэгээд оны сүүлийн
сард бид цоо шинэ бүтээл “Төгсгөлгүй” танго балетыг тавьж 2014 оныг үдэх болно.
Энэ бол бидний хийх л ажил.

-Танай дуучид Америкт дуулсан гэлээ. Энэ талаараа тодруулахгүй
юу?

-Би
сая АНУ-ын Сан Фран­циско хотод болсон Пан Азийн хөгжмийн наадамд оролцсон Мон­голын
багийг удирдан ажил­лаад ирлээ. Энэ бол сал­барын яамнаас бодлогын чанар­тай­гаар
Монголынхоо соёл урла­гийг сурталчлах, соёлын ая­лал жуулчлалыг хөгжүүлэх анхаарч
хийсэн ажил. Тэнд манай дөрвөн гоцлол дуучин Ж.Вердийн “Реквием” дуурийг хоёр удаа
концертын хэлбэрээр бүтэн дуулж Монголын дуурийн урлаг дэлхийн түвшинд байгааг харуулсан.
900 хүний суудалтай Стэнфордын Бинг холл танхим, 1200 суудалтай Стэнфордын сүм хоёр
дуулахад нэг ч сул суу­далгүй дүүрэн үзэгчтэй байлаа. Энэ бол Монголын сонгодог
урлагийн түвшний илэрхийлэл гэж бодож байна.

-Саяхан танай дуучин Ч.Энх­тайван хэвлэлд өгсөн ярилцлагандаа
актлах болсон төгөл­дөр хууруудтай, байнгын бэлтгэлтэй байхын тулд концерт­мейстер
хэрэгтэй байна гэсэн байсан?

-Бүх
гоцлол дуучдын өрөөнд, найрал дуучдын өрөөнд, найрал дуучдын бэлтгэлийн өрөөнд,
концертмейстерүүдийн өрөөнд нэг нэг төгөлдөр хуур байх ёстой. Гэтэл одоо манайд
байгаа төгөлдөр хуурын хамгийн залуу нь 30 жил болсон хөгжим. Ихэнх нь хөг авахаа
байсан. Хөглөөд л дорхноо хөг нь гарчихна. Яг үнэндээ бодитоор бидэнд 20 төгөлдөр
хуур хэрэгтэй л байна. Ноднингоос хойш би энэ санхүүжилтийг хайгаад олоогүй л явна.
2013 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгийн Газрын санхүүжилтээр манайд тоглолтын
шинэ төгөлдөр хуур болон үлээвэр хөгжим цогцоороо шинэчлэгдсэн. Салбарын сайд маань
энэ жил чавхдаст хөгжмийг цогцоор нь шинэчилж өгөхөөр амласан байгаа. Төгөлдөр хуур
бол бодит шаардлага, харин бодит бус гэвэл театрын ажлыг бодитоор нь ойлгож мэдэхгүй
байгаа хүмүүсийн шальдар булдир яриа, эсвэл санаатай, санамсаргүй худал мэдээлэл
л хамгийн хэрэггүй зүйл байна даа.

-Танайх хэдэн концерт­мейстертэй юм бэ. Нэг дуучин хоёр, гурван
сараар дуулах боломжгүй байна гэх гомдол ч хэлсэн, бас театрын уран бүтээлийн удирдлагуудад
таагүй байгаагаа хэлсэн байна лээ… Энэ талаар?

-Манайх
уг нь дуурийн гурав, балетын хоёр орон тооны концертмейстертэй. Дуурийн нэг концертмейстер
саяхан амар­жаад хоёр хүн дээр ачаалал хэцүү байсан юм. Бид “Дон Жуан” дуурь дээр
гэхэд сургуулиудаас гурван концертмейстер урьж цагаар ажиллуулсан. Би энэ жил дуурийн
нэг концертмейстер, нэг контрбасс хөгжимчин авах гээд хэдэн сар хайгаад олж чадахгүй
л байна. Цалингийн фондыг нь зохицуулчихаад байдаг, хүн нь олдохгүй л байна даа.
Харин нэг хүн хэдэн сараар дуулахгүй байгаа гэдэг бол тухайн хүнээс өөрөөс нь бас
хамаардаг юм шүү. Уран бүтээлийн ажлын зохион байгуулалтыг уран сайх­ны зөвлөл хуваарилаад
шийдвэрлэдэг, гэхдээ тухайн уран бүтээлч бэлэн биш бол өөр асуудал шүү дээ.

-Хаа сайгүй эдийн засгийн хямрал гээд амаргүй байхад танайд
төгөлдөр хуур авч өгнө гэдэг юу л бол. Улсын төсөв хүндрэлтэй байгаа нь танай ажилд
хэр нөлөөлөх бол. Энэ жил олон шинэ уран бүтээл төлөвлөсөн гэж байна, санхүүжилтийг
нь хэрхэн шийдвэрлэх вэ?

-Наадахыг
чинь хэлэх юмсан гээд л бодоод байлаа. Төрийн мэдлийн байгууллага учраас, нэг чухал
зүйл бол санхүүжилт цагтаа, яг бидний төлөвлөсөн ёсоор ирдэг байх их чухал. Сая
гэхэд л бид оны эхэн дээр уран бүтээлийн зардлынхаа нэлээн их хэсгийг буюу 60 гаруй
сая төгрөг төсөвлөсөн байсан. Учир нь бүтэн жилийн тоглолтын хэрэгцээнд балетын
шаахай, трико, каскины хангалт хийх, нүүр будгийн хэрэгсэл иж бүрдлээр нь авах төлөвлөгөөтэй
байлаа. Гэтэл тэр төсөвлөсөн мөнгөний тэн хагасыг хойшлуулаад хасчих юм. Ингэснээр
бид гадаадаас авдаг чухал хэрэглэгдэхүүнүүдээ авч чадахгүй, бүр гадны байгуул­лагын
өмнө хүртэл өртэй болж хоцорч байна. 2013 онд манайх орлогоо 113 сая төгрөгөөр давуу­лан
биелүүлсэн. Энэ бол миний ажлын бас нэг үр дүн гэж бодож байна. Харин энэ мөнгийг
маань бидэнд бүтнээр нь өгөх чухал байна. Тэгвэл давсан орлогоосоо уран бүтээлдээ,
уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах илүү боломж гарна.

-Танайхны нийгмийн асуу­дал дандаа хаягддаг. Гад­наа мундаг
сонгодог урлагийн хүмүүс гээд байдаг ч халаас нимгэн явах нь бий. Та хүмүүсийнхээ
нийгмийн асуудлын төлөө юу хийж амжуулав?

-Анх
ажил авахад нэн түрүүнд анхаарч ажиллах дөрвөн зүйл байсны хамгийн чухал нь ажилтнуудын
нийгмийн асуудал байсан. Мэдээж хамгийн гол зүйл нь цалин хөлс, орон байр. Уран
бүтээлчдийн хамгийн гол асуудал болох авьяас, ур чадварыг нь үнэлэх асуудал хамгийн
чухал шүү дээ. Үүнийг үнэлэх үнэлэмжийг бодлогын дагуу зөв боловсруулах хэрэгтэй.
Би нэг л урлагийн байгууллагыг удирдаж байна. Тийм болохоор төрийн бүтэн системийг
өөрчилж чадахгүй. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд юу хийж чадах вэ гэдгээ зөв тооцоолж  түүнийгээ хэрэгжүүлэх гэж хичээж байна. Өнгөр­сөн
жил банктайгаа тохирол­цож манай театрын уран бүтээлчдийн цалингийн зээлийн хүүг
тусгай нөхцөлд оруулж чадсан. Галладаг байр, гэрт амьдардаг ажилтнуудынхаа түлээ
нүүрсний жил бүрийн дэмжлэгийг нь олгож, гачигдал зовлон тохиолдоход олгодог нэг
удаагийн тэтгэмжийн мөнгөн хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэн. Энэ жил хүмүүсийнхээ
унаа, хоолны мөнгийг нэмэгдүүлж, улирал тутам ур чадварын нэмэг­дэл олгох хэмжээний
цалин­гийн санг нэмж батлуулсан. Эхний улирлын ур чадварын нэмэгдлийг сая гуравдугаар
сарын цалин дээр олголоо. Гадаад улс оронд дадлага хийх, уралдаан тэмцээнд оролцох
уран бүтээлчдэдээ цалинг нь бүтэн олгох боломжтой болсон. Театртаа засвар хийж дууссан,
цэвэрлэгээг сайжруулж ажиллах дотоод орчныг нь ч таатай болгох гэж хичээж байна.
Ажилтнуудаа орон сууцжуулах хөтөлбөр гэж боловсруулаад хөөцөлдөөд л байна. Ямартай
ч оны өмнө нэг орон сууцны компанитай тохиролцоонд хүрснээр манай арваад ажилтан
зах зээлийн үнээс 8-12 сая төгрөгийн хямд үнээр шинэ байранд ороод байна. Хийх гээд
зорьж төлөвлөж байгаа ажлууд их байна даа. Ямар ч байсан эхнээсээ ажил хэрэг болоод
явж байгаад баяртай л байгаа шүү.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Мядаг: XXI зууны анхны хүүхдийг эх барьж байлаа

Нэгдүгээр төрөхөд хүүхдээ төрүүлсэн ээжүүд Ч.Мядаг эмчийг андахгүй.
Арван мянга гаруй нярайг орчлонд мэндлэхэд угтаж ав­сан, ХХI зууны анхны хүүхдийг
эх барьж ав­сан гэж ирээд яри­вал онцлох зүйл олон­той эрхэм. Ийнхүү нэг­дүгээр
төрөхийн Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эрх­лэгч Ч.Мядагтай олон улсын эмч нарын
эрхийг хамгаалах өд­рийг тохиолдуулан ярилцсанаа хүргэе.

-Юуны
өмнө танд эмч нарын баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Өнөө орой (өчигдөр) манай эмч нар ромбо, одон тэмдгээ
зүүгээд улаан хивсэн дээгүүр алхаж баяраа тэмдэглэх гэж байна.

-Та
сургуулиа төг­сөөд шууд нэгдүгээр төрөхөд ажилласан уу?

-Сургуулиа төгсөнгүү­тээ  нөхөртэйгөө
хамт сумын эмнэлэгт томи­лолтоор очиж байлаа. Сумандаа нэг жил бо­лоод
Увс аймгийн нэгд­сэн эмнэлгийн төрөх тас­гийн эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан юм.  Тэндээ ажиллаж байгаад нэгдүгээр төрөхдөө ирсэн
дээ. 

-Сумын
эмч бүхнийг гардаж хийдэг амаргүй алба.  Дөнгөж
төгсч очсон за­луухан эмч оношоо тавиад, эмчилгээгээ хий­гээд эхлэхээр мэ­дэх, мэдэхгүй
зүйл их гарч таарна. Санаанаас гардаггүй тохиолдлууд олон биз?

-Оюутны ширээнээс дөнгөж гараад сумын эмчээр ажиллана гэдэг мэдээж
амар биш л дээ. Суманд очоод удаагүй байсан үе. 
Нэг орой гэр­тээ амраад байж бай­тал нэг залуу нэлээд сан­дарчихсан ирлээ.
Хөл хүнд эхнэрийнх нь бие муудсан гэнэ. Гэрт нь яваад очтол эхнэр нь таталт өгчихөж.  Сүүлдээ царай нь хөхрөөд таг болчихлоо. Ээж, аав
нь “Охин минь үхчихлээ” гэж чанга дуугаар уйлж сандралдаад. Миний сандарч байгааг
хэлэх юм биш.   “За ингээд л үхчихдэг юм байна” гэж бодоод хараад сууж байсан чинь ухаан
ороод хөдөллөө шүү. Яг тэрхэн зуур “Өнөө айхтар манас таталт нь юм байна” гэсэн
бодол төрлөө. Даралтыг нь үзсэн чинь 170-тай байна. Даралт нь ихэсч  хавагнасан хүмүүс таталт өгдөг гэж оюутан байхдаа
уншсан зүйл санаанд ордог юм байна. Оношоо тавьчихаад шуудхан  л унаа асуулаа. Гадаа нь трактор байж таарав.
Жирэмсэн хүүхнээ дундаа суулгаад явлаа даа. Эмнэлэг хүрэх замд 2-3 удаа татаж айлгалаа.  Таталт өгөхөөр нь бүр мэддэг болчихсон “Өө ингэж
байгаад гайгүй болчихдог юм” гэж их мэддэг догь царайлаад суугаад байлаа. /инээв/

-Төрж байгаа эмэг­тэйчүүдийн багагүй хувь нь манас таталтаар
өвддөг гэсэн тоо сонсогддог. Манас таталт нь эх, ургийн амь насанд хоёуланд нь эрсдэлтэй
гэдэг юм билээ. Тийм айхтар эмгэг үү?

-Аюултай байлгүй яахав. Нэг хоёр
татаад тархинд цус харвалт өгөх эрсдэлтэй. Тэр эмэгтэй залуу учраас бие сайтай байсан
юм. Эмнэлэгт оронгуутаа манас таталтанд ямар эмчилгээ хийдгийг мэдэхээр номоо эргүүллээ.
Аменазин нэг граммыг судсанд хийж болно гээд биччихэж. Гүйж очоод хийсэн чинь гайгүй
намдаж байна. Гучин минутын дараа дахиад татаж сандаргалаа. Номоо үргэлжлүүлээд
уншсан чинь дахиад хийж болно гэнэ. Хийж орхилоо. Аймгийн төв рүү яриад хагалгааны
мэргэжлийн баг дуудчихсан байсан л даа. Нөгөө бүсгүй овоо гайгүй байснаа дахиад
татдаг юм. Номоо хартал аменазиныг дээд тал нь гурван удаа хийж болно гэж байна.
Гурав дахиа хийтэл даралт нь буугаад сайхан болж байна. Яг энэ үед аймгаас ногоон
онгоцоор эмч нар буусан. Бүсгүй төрлөө, цус их алдсан учраас амьдрахгүй нь гээд
гэрийнхнийг нь дуудууллаа. Гэтэл ашгүй бие нь аажмаар дээрдсэн.

-Тэр үед одоогийнх шиг дадлага хийлгэхгүйгээр шууд сумын
эмч болгодог байсан юм уу?

-Ямар ч дадлагагүй хүүхдийг сум
руу явуулдаг байсан юм. Бүх юм толгой дээр шүү дээ. Хөгшчүүл мориноосоо унаад хүрээд
ирнэ. Ер нь суманд ажилласан нэг жилийн хугацаанд юм юмны захтай болсон.

-Төрөхийн эмч бусад эмч нараас хүний амьтай шууд нүүр тулдгаараа
онцлогтой шиг санагддаг?

-Тийм шүү, жишээ нь  дотрын эмч бол өөр.  Төрөхийн эмчийн гишгэсэн мөр нь үлддэг онцлогтой.  Нэг хүнийг хүндрэлтэй төрүүлээд янз бүр болбол
эрсдэл, алдаа нь ил харагддаг.  Бусад мэргэжил
шиг хийсэн алдаагаа засаж болдоггүй. Алдаж болохгүй мэргэжил гэж боддог юм. Жаахан
анхаарал сулрахад  л гарын салаагаар гарчих
гээд. Бөхийх үе байсан, гэхдээ хэзээ ч гандан буурч яваагүй. Ер нь ихэнхдээ сайхан
шүү.  Мэргэжилдээ дуртай, хайртай.  Нэг охин маань бас эмчийн мэргэжлээр сурч байгаа.
Уг нь охиноо өөр чиглэлээр сургах сонирхолтой байсан юм.  Гадагшаа сургаж өгье гэж амлаад байхад зөрсөөр
байгаад эмчийн мэргэжил сонгосон нэг хүн манайд бий /инээв/.  Эх баригч эмч болно.

-Эх баригч эмч нар хамгийн их талархал сонсдог хүмүүс  байх шүү?

-Урам, хөг авдаг гайхалтай зүйл
чинь тэр.  Хүүхдээ төрүүлсэн ээж бүр, хүүгээ,
охиноо угтсан аав болгон чин сэтгэлээсээ хайр гэрэлтүүлээд инээх нь их гоё агшин.
Ийм агшныг өдөр бүр мэдэрнэ гэдэг сайхаан сайхан. Таньдаг мэддэг айлуудаараа орохоор
энэ таны төрүүлсэн хүүхэд шүү дээ гээд томоо болсон охид, хөвгүүдээ заана. Нэгийг
нь тэвэрч, нөгөөг нь хөтөлж ирээд уулзуулна. Сүүлд нэг гэр бүл ирж уулзсан. Би тэр
айлын бүх охидыг эх барьж авсан байсан.

-Таныг зургаан килограмм гаруй хүүхэд эх барьж байсан гэж
сонссон?

-Одоогоос бараг арван жилийн
өмнө сахарын өвчтэй ээжээс хийсвэр хагалгаагаар 6.3 кг хүүхэд төрүүлж  байсан юм. Их жинтэй хүүхдийг яг төрүүлэх үед  даадаггүй юм билээ.  Би толгойноос нь татаад гаргаж ирээд сувилагч
маань бөгснөөс нь өргөж байж гаргасан.

-XXI зууны анхны хүүхэд хэзээ төрж байсан юм бэ?

-2012 оны нэгдүгээр сарын 2-ны
өдөр төрж байсан юм. Тухайн үед сонин хэвлэлээр гараад их сайхан үйл явдал болж
байлаа. Одоо тэр хүүхэд маань хаана явдгийг мэдэхгүй.

-Сүүлийн үед жирэмсний хожуу хордлого ихэсч байна гэсэн яриа
их сонсогдох боллоо. Яг ямар шалтгаанаар ийм эмгэг ихсээд байна?

-Манай орон эрс тэс уур амьсгалтай
учраас  ихэнх хүмүүс бөөр шээсний за­мын өвчтэй
байдаг шүү дээ. Бөөрний үрэвсэлгүй эмэгтэйчүүд ховор болоод байна. Бөөрний үрэвслээс
болсон хожуу хордлого маш их хувийг эзэлдэг. Гол хүндрэл бол жирэмсний хожуу хордлогоор
гарч байна.

-Хожуу хордлого ямар эрсдэлтэй вэ?

-Цус алдалт, ургийн бүтэлт, даралт
нь ихэсч хавагнаснаас болж тархинд цус харвах зэргийн шалтгаан болдог. Жирэмсний
хожуу хордлогоос болж ургийн өсөлт зогсох эрсдэл бий. Сүүлийн үед үрэвсэл ихэссэн,
бэлгийн замын халдвар нэмэгдсэнтэй  холбоотой
жирэмсний хүндрэлүүд ихэссэн. Ийм эмгэгүүдээс болж ургын өсөлт зогсох, дутуу төрөх,
төрөхөөс өмнө ус эрт гарах тохиолдол нэмэгдсэн.

-Сүүлийн үед бүсгүйчүүд кесарево хагалгаагаар тө­рөх нь ихэссэн.
Кесарево хагалгаа хийлгэж олон төрө­хийн эрсдэл нь юу юм бол?

-Нэг хүн дөрвөн удаа кесарево
хийлгэхэд нэг л газраа зүсүүлж хийлгэдэг. Нэг л газраа олон дахин сорвижиж байгаа
гэдэг утгаараа хүндрэл өгдөг тал бий. Сорвижоод байгаагийн гол аюул нь давсаг руугаа
шигдэж сорвижиж байна. Умай руугаа шигдэж ургаад гараад ирчихсэн байдаг. Энэ нь
хагалгааны үед их хүндрэл дагуулдаг.  Ийм
үед умай тайралт хийдэг. Эхийн амь насанд аюултай учраас туршлагатай эмч хийж байж
амь насыг нь аварч чадна. Манай төрөхийн хувьд энэ төрлийн хагалгаанд би өөрөө ордог.  Хүүхдээ аваад л умайг нь тайрахаас өөр аргагүй.
Умай тайрна гэдэг нь савыг нь  авч байна гэсэн
үг. Шигдээд ургачихсан юмыг үлдээвэл амь насанд аюултай. Дэлхий нийтийн анхаарлыг
татаж байгаа асуудал л даа. Хийсвэр хагалгааг болж өгвөл бууруулах зорилгоор ажиллаж
байна. Хийсвэр хагалгааны сорвитой ч гэсэн төрөх замаар төрөх асуудалд анхаарч байна.

-Та хэдэн удаа кесарево хийж байсан бэ?

-3000 гаруй удаа. Кесарево хагалгаанд
таван удаа угсруулан орж байлаа. Хоёр хагалгааг бол давгүй давчихна. Дунд нь амрахгүйгээр
угсраа таван хагалгаанд орохоор  сүүлдээ хөл
чинэрдэг юм билээ.

-Сүүлийн үед хожуу төрөлт ихэссэн. Ер нь хүүхдийг хэдэн насандаа
төрүүлбэл илүү зүгээр байдаг вэ?

-21-34 насыг төрөх боломжтой үе
гээд заагаад өгчихсөн байдаг. 34-өөс дээш болохоор ходоодны өвчин,  дотрын өвчин зэрэг эмгэгүүд  архагшаад ирдэг юм. Эрхтэн системийн эмгэгтэй
үед жирэмслэлт тээж чадахгүй гэсэн заалт бий.  Тэгэхээр 34-өөс хойш төрж байгаа тохиолдолд эрхтэн
системийн эмгэгт өртөх магадлалтай. Сүүлийн үед хожуу анхны төрөлт ихэсч байна.
Ийм үед наад зах нь яс нь бэхэжчихсэн байдаг. Хожуу анхны төрөлтийн ихэнх нь хийсвэрээр
төрж байна.

-Хүндрэлтэй төрөлтийг удирдах үед хөлс, хүч, мэдрэмж, ур чадвар
гээд их зүйл шаардана биз?

-Мэдээж  хамаг юмаа л гаргана.
Хүүхэд төрөөд уйлах үед л амсхийнэ.  За тэгээд
хүүхэд уйлахгүй бол хэцүү дээ. Эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа хэрнээ хүүхдийнхээ
араас байнга хараастай.  Уйлахгүй бол эхтэй
нь ижилхэн стрессдэнэ. Хүмүүс ямар хүүхэд гарсан бэ гэж их асуудаг юм. Би ямар хүйстэйг
нь анзаардаггүй.  Хүүхэд эрүүл, уйлаад гарсан
л  бол за боллоо гээд өгдөг. Зарим нэг найз
нөхдийнхөө ч юм уу, ойр дотныхныхоо хүүхдийг төрүүлэхээр хэрэг болгож харах тохиолдол
бол  бий.

Ц.БААСАНСҮРЭН

С.АРИУНЖАРГАЛ

Categories
редакцийн-нийтлэл

Аз жаргалаа цогцлоох аргаа бусадтай хуваалцсан эмэгтэй

Энэ өдрийн зочноор ЮНЕСКО-гийн шагналт Ц.Уранцэцэгийг урилаа. Тэрбээр
аз жаргалтай амьдрах хувь хүний чадварыг онцолж, энэ сэдэвт хүмүүсийн анхаарлыг
хандуулсан олон улсын уралдаанд “Эрүүл аз жаргалтай амьдрахын нууц” өгүүллээрээ
оролцоод тэргүүн байрт шалгараад буй юм. Ц.Уранцэцэг манай улсаас ЮНЕСКО-гийн шагнал
хүртсэн хоёр дахь хүн боллоо. Аз жаргалын “жор” бусдад бус өөрт, гадаад ертөнцөд
бус өөрийн дотоод ертөнцөд нуугдан байдгийг олон мянган жилийн өмнө нээн таньж,
амьдралдаа хэрэглэж ирсэн Дорнын хүмүүсийн ухаалаг аргыг өнөө цагт манайхан “бясалгал”
хэмээх нэршлээр нь мэдэх билээ. Япон, Хятад, Энэтхэг, Малайз, Филиппин зэрэг 19
орны оролцогчдын 198 бүтээлээс шалгарсан тэр өгүүлэлдээ Ц.Уранцэцэг бясалгах аргад
хэрхэн суралцаж, жаргалтай амьдралын үр жимсийг дотор сэтгэлээсээ хэрхэн хүртэж
буй тухайгаа бичиж аз жаргалынхаа “жор”-оос бусадтайгаа хуваалцжээ. Тэрбээр Булган
аймгийн Могод сумын уугуул, багш мэргэжил эзэмшиж, 34 дэх жилдээ боловсролын салбарт
ажиллаж буй нэгэн. Бага ангийн багшаар 14 жил ажиллажээ. Харин өдгөө аймгийнхаа
Боловсролын газрын бага боловсролыг хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг байна.
Амьдралд давж туулах даваа гүвээ олон авч гагцхүү үр хүүхдээ хүн болгох амаргүй
даваа л тэр бүгдээс хамгийн өндөр нь гэлтэй. Эцэг эх болсон хэн бүхний эл өндөр
давааг даван туулах замд чухамдаа бага ангийн багшийн дэм тус эцэг эхээс дутуугүйг
зүйрлэвэл үнэндээ тэрэгний хоёр арал мэт ажээ.

ЮНЕСКО-гийн шагналыг авчирсан өгүүлэлдээ Ц.Уранцэцэг гуай жаргалтай
амьдрах хувь хүний чадварыг онцлохдоо “Сайхан амьдралын төлөө ур чадварыг эрүүл
байх чадвар гэж тодорхойлоод энэ ур чадварыг бясалгалаар олж авна” гэжээ. Түүний
аав Загдын Цэнд-Аюуш, ээж Бярваагийн Жанчив нар нь насаараа мал малласан малчин
хүмүүс байжээ. Цэнд-Аюушийн есөн хүүхдийн гурав дахь нь Уранцэцэг. 1974 онд дунд
сургуулиа төгсөөд Архангайн  Багшийн сургууль,
дараа нь УБИС- ийг төгсч 1999 онд боловсрол судлалаар магистр хамгаалсан гэнэ. Одоо
боловсролын удирдлагаар доктор хамгаалахаар суралцаж байгаа юм байна.   Үр хүүхдээ боловсролтой хүмүүс болоосой гэсэн
аав ээжийнхээ чин хүслийг гүйцээхийн төлөө өөрт байгаа бүхнээ зориулж, хүч нөөцөө
гаргахсан гэж хүсдэг, үүнийхээ төлөө насан туршдаа суралцсаар байх биз ээ гэж тэрбээр
ярилаа.

Багадаа  эмээгээ дагаад аргалд
явах дуртай охин байж. Аргалд явж байхдаа эмээгийнхээ ярьж өгдөг байсан үлгэрийг
одоо хүртэл мартдаггүй гэнэ.  Насаараа боловсролын
салбарт ажиллаж амьдарч буй энэ эмэгтэй хүүхдийг өв тэгш хүн болгоход  өвгөд буурлуудын сургаал чухал гэж үздэг гэж ярьсан.
Тэрбээр энэ талаараа “Миний нэг бодож явдаг зүйл бол гэр бүлийн хүмүүжил, ялангуяа
амьдралын туршлагаар ухаажсан эмээ өвөөгийн ухааныг ашиглах нь мөнгө хөрөнгө шаардахгүй
хялбар аргаар “зөв монгол хүүхэд”-ийг төлөвшүүлж болмоор санагддаг. Буурлын ухааныг
авч үлдэх буурлуудынхаа сургаалаар хүмүүжүүлэх талаар төр засаг маань эргэж нэг
хараасай гэж хүснэ” гэлээ. Мөн “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэгчээр бага ангийн
багш бид нар  өнөөдөр л хичээж чадвал  бидний ирээдүй төдий чинээ гэрэлтэй байх болно”
гэж чин сэтгэлээ хуваалцсан юм.

Н.ПАГМА

Categories
редакцийн-нийтлэл

Ирэх тавдугаар сард унадаг дугуйн үйлдвэр ашиглалтад орно

Ирэх
тавдугаар сарын эхээр унадаг дугуйн үндэсний үйлдвэр үүд хаалгаа нээх гэж байна.
Одоогоор үйлдвэрлэл явуулах байраа чөлөөлөх, үйлдвэрлэлийн дамжлагын зарим тоног
төхөөрөмжөө үйлдвэрлэх ажил ид явагдаж байна. “Никель Ганба” компани 2010 оноос
унадаг дугуй, мопед үйлдвэрлэхээр судалгааны ажлаа эхлүүлж, 2011 онд скүүтер буюу
дугуйт тэшүүр зохион бүтээжээ. Түүн дээрээ мотор суурилуулах гэсэн боловч тохирохгүй
байсан учраас скүүтерийнхээ зургийг дахин шинээр гаргаж, түүнийхээ дагуу рамаа угсарч,
“Никель Ганба” хэмээх анхны моторт скүүтерээ бүтээжээ. Үүнийхээ дараагаар тэд дотооддоо
унадаг дугуй үйлдвэрлэхээр зориг шулууджээ. Мөн ондоо скүүтерийнхээ ерөнхий загвар
дээр үндэслэн анхны унадаг дугуйгаа хийсэн байна. Ийнхүү өнөөдрийг хүртэл унадаг
дугуйн загвартаа анхаарсаар иржээ. Бидний нэрлэж заншсанаар хужаа мотоциклийг ч
мөн Монголынхоо нөхцөлд тохируулан сайжруулж, шинээр зохион бүтээх ажлаа хэдийнэ
эхлүүлжээ. Тэд зохион бүтээсэн унадаг дугуйндаа “Zetro”, мотоцикльдоо “Zelem” буюу
“ZE”-ээр эхэлсэн нэршил өгсөн нь учиртай гэнэ. “ZE” гэдэг нь “Zero emission” гэх
үгийн товчлол бөгөөд хог хаягдал ялгаруулдаггүй,  байгальд ээлтэй гэсэн утгыг илэрхийлдэг болохыг
тайлбарлав. 

Унадаг
дугуйн үйлдвэрлэлдээ олон улсын 60, 61 маркийн хөнгөн цагааныг ашиглан олон улсын
стандартад нийцүүлэн үйлдвэрлэж эхлэх гэнэ. Одооноос хэрэглэгчдээсээ захиалгаа авч
түүхий эдээ татах хөрөнгөө босгож байгаа юм байна. Хүүхдийн гурван дугуйт, өсвөр
насныханд зориулсан дунд зэргийн болон насанд хүрэгчид унахад зориулсан гээд таваас
зургаан төрлийн унадаг дугуй үйлдвэрлэхээр тогтжээ. Харин унадаг дугуйныхаа рам,
дугуйн хаймрын өнгийг захиалагч өөрсдөө сонгох төдийгүй том хүний унадаг дугуй
333 мянган төгрөгөөр худалдаалагдах аж. Өдөрт 100 гаруй дугуй үйлдвэрлэх хүчин чадалтай
тус үйлдвэр ашиглалтад орсноор 70-аад ажлын байр шинээр бий болох юм.

Харин
анхны “Цахилгаан” хэмээх мопедоо 2012 онд зохион бүтээсэн бөгөөд баттерейгаар явдаг
аж. Хоёр төрлийн баттерейг сонгон үйлдвэрлэлдээ ашигладаг бөгөөд хоёул найман цаг
цэнэглээд нэг нь 20 км, нөгөө нь 40 км зам туулах боломжтой.

Өнгөрсөн
хугацаанд мопедийн загвараа хоёр гурван ч удаа нэмж, засч сайжруулжээ. Скүүтер буюу
моторт дугуйг хотод унах учраас анхны загвар нь хэрэглээ болон өнгө үзэмж талаасаа
хотын иргэдийн хэрэгцээг бүрэн хангахуйц байж чадаагүй нь мэдээж. Дараа нь сайжруулсан
хоёр дахь загвараа зохион бүтээсэн хэдий ч турших явцад дахин нэмж, засч сайжруулах
зүйлс зайлшгүй байгаа нь тогтоогджээ. Их бие нь өргөн учраас хотын түгжрэл дунд
автомашин дундуур сүлжиж явах боломж хомс, жилийн аль ч улиралд гадаа хонуулахад
төвөггүй асч байхаар хөдөлгүүрийг нь сайжруулах, даацыг нь нэмэгдүүлэх, загварыг
нь орчин үеийн мопедийн шийдэлтэй дүйцүүлэх зэрэг шаардлагууд урган гарчээ. Дараагийн
загвартаа эдгээрийг тусгахаар ажиллаж байгаа гэдгээ зохион бүтээгч инженерүүд хэлж
байлаа. Ингэхдээ тэд эх орондоо, өөрсдийн гараар хэрхэн мопед хийж байгаагаа цуврал
нэвтрүүлэг хэлбэрээр олонд хүргэхээр болжээ. Учир нь ихэнх иргэд эх орондоо моторт
унадаг дугуй үйлдвэрлэж байна гэхээр урдаас бэлэн тоног төхөөрөмж оруулж ирэн, түүнийгээ
угсарчихдаг хэмээн ташаа ойлгодог талаар “Никель Ганба” компанийн захирал Г.Дашням
хэлж байсан юм. Тиймээс түүхий эдээ татаж авахаас өгсүүлээд тэр нь үйлдвэрлэлийн
ямар шат дамжлагаар тоног төхөөрөмж болдог, тэдгээрийг хэрхэн угсарч эцсийн бүтээгдэхүүн
болох моторт дугуйг үйлдвэрлэж байгааг бодитоор нь харуулахаар зорьжээ.

Моторт
дугуйг унадаг дугуйн адилаар дотооддоо үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Гагцхүү
тодорхой дагаж мөрдөх стандартгүй учраас зогсонги байдалд оржээ. Угаас Монгол үйлдвэрлэгч
орон биш учраас моторт дугуйнд тавих үндэсний стандарт гэж байхгүй. Тийм ч учраас
өнгөрсөн жил “Никель Ганба” компани моторт дугуйн үйлдвэрлэлд тавигддаг олон улсын
стандартыг орчуулан Стандартчлал хэмжил зүйн газар хүргүүлжээ. Хэрэв тэрхүү стандарт
батлагдчих юм бол дотооддоо моторт дугуй үйлдвэрлэх боломжтой гэнэ. Энэ тухайд
“Никель Ганба” компанийн захирал Г.Дашням “Бид моторт дугуйн үйлдвэрлэлд тавигддаг
хол ойрын гэрэлтэй, хоёр талын болон дуут дохиотой, хурд хэмжигчтэй байх ёстой зэрэг
олон ул­сын стандартыг орчуу­лан өнгөрөгч зун Стан­дартчлал хэмжил зүйн газарт хүргүүлсэн.
Энэ онд батлагдах стандартын жагсаалтанд оруулах боломжгүй гэж техник хариуцсан
Энхтуул гэх мэргэжилтэн нь хэлсэн. Бүр тэр стандартыг нь хэрэг болгож Стандартчлал
хэмжил зүйн газраар дамжуулан худалдаж аваад, орчуулсан юм шүү дээ. Харин энэ жилийн
төлөвлөгөөнд туссан юм болов уу бүү мэд. Уг нь сайд дарга нараас авахуулаад амтай
бүхэн л үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гээд л байдаг. Гэтэл яг юм хийе бүтээе, үндэсний
үйлдвэрлэл явуулъя гэхээр боломжгүй, хүлээ, дараа хариу өгье гэдэг. Үнэхээр тогтоолцоондоо
байгаа юм уу, эсвэл ингэж хүнд суртал гаргаад байгаа юм уу бүү мэд. Юм хийе гэсэн,
ажил сэдсэн иргэдээ арай боломжгүй, хүлээ, дараа хариу өгье гэж дэмждэггүй л баймаар.
Хэрэв стандартыг цаг алдалгүй батлаад өгчихвөл үүнийг дараагийн шатных нь албан
ёсны шалгуурт оруулах боломжтой болно. Мопед зохион бүтээсэн талаарх мэдээлэл иргэдэд
маань аль хэдийнэ хүрчихсэн шүү дээ. Нэлээд олон хүн худалдан авах хүсэлтээ ирүүлсэн.
Нэмж засварласан загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх бүрэн боломжтойг өнгөрсөн хугацаанд
бид өөрснөө баталж чадсан. Патентаа авчихсан. Одоо стандартыг нь л батлаад өгчихвөл
болох гээд байна” гэсэн юм. Хятадын мотоцикль үйлдвэрлэгчдээс тэдний зохион бүтээсэн
загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх санал иржээ. Хэрэв стандартыг нь баталж өгөхгүй
энэ хэвээр хугацаа алдах юм бол Хятадад захиалгаар хийлгэх боломжтойг дуулгав.

Тэд
бас үйлчилгээ явуулах боломжтой дунд оврын чиргүүл дотооддоо үйлдвэрлэжээ. Түүнийгээ
үйлчилгээний зориулалтаар ашиглах гэтэл үйлчилгээний зориулалтаар зохион бүтээсэн
чиргүүлд тавигдах үндэсний стандарт гэж байдаггүй гэнэ. Тиймээс хөрөнгө, мөнгө,
цаг хугацаагаа үрэн байж хийсэн бүхээгтэй чиргүүл “Мобиком”-ын төв оффисын гадаа
элэгдэлд орж, тоос шороонд даруулаад хэвтэж байгаа аж.

Унадаг
дугуйг ч мөн адил үндэсний үйлдвэрлэл хэмээн тэрээр итгэлтэй хэлж байсан юм. Учир
нь моторт дугуйтай адил түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх дамжлагыг эх
орондоо гүйцэтгэж байгаа учраас энэ нь яах аргагүй үндэсний үйлдвэрлэл юм байна.

Бас
цахилгаан үүсгүүрээр явдаг тэргэнцэр хийгээд эхэлчихжээ. Ингэхдээ мөн л түүхий эдээ
гаднаас авч, хэлбэр хэвэнд цутгаж, анхны тэргэнцрээ угсарчихаж. Мэдээж үүнийгээ
цаашид хөгжүүлж, нэмж сайжруулсны эцэст үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой. Дашрамд
дуулгахад Чингис бондын хөрөнгөөр санхүүжих 888 төсөлд унадаг дугуйн үйлдвэрийн
“Никель Ганба” төсөл багтжээ. 

М.УУГАН-ЭРДЭНЭ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

И.Одончимэг: Би хүний нөхөр салгаж олон хүүхдийн нулимс бараагүйдээ бардам байдаг

Монгол Улсын гавьяат жүжигчин Ишдоржийн Одончимэгтэй ярилцлаа.

 
-Танаас энгийн л асуулт асууж ярилцлагаа эхэлье гэж бодлоо.
Ийм нэг яриа гарсныг өөрөө сонссон байх л даа. “Оролцогч нь уйлаад байвал “Монгол
тулгатны зуун эрхэм”, хөтлөгч нь уйлаад байвал Одноогийн шоу, аль аль нь уйлахгүй
бол “Нандиагийн шоу” гэж. Ингэхэд та тийм эмзэг уяхан хүн үү?

-Би
багын л эмзэг хүүхэд байсан. Нэг их гоё бороо ороход уяраад уйлчихна. Ямар сайндаа
цэцэрлэгийн багш маань намайг “Бусад чинь инээж наадаад тоглож байхад чи хөгжим
сонсоод уйлж байх юм” гэж загнахав дээ. Би радиогоор “Амгалан дөлгөөн Хэрлэн минь”
гэх дууг сонсоод уйлдаг байсан нь тэр. Бүр цэцэрлэгийн хүүхэд байхдаа шүү дээ. Тэгэхээр
их л уяхан байсан нь тодорхой харагдаж байгаа биз.  Өөрийн тань хэлж буй яриа хөөрөөг сонссон л доо.

Би
бол сэтгүүлч хүн биш. Чингүүн найруулагч чухам яагаад намайг сонгож тийм нэвтрүүлэг
явуулах болсныг сайн хэлж мэдэхгүй байна. Гол нь миний өөрөөрөө байж чаддаг чанар
таалагдсан байж болох юм. Хүмүүс бол надад хэлдэг байсан. “Чи одоо уйлахаа болиоч,
зовлонтой юм” гэдэг. Эсвэл “Одноо, чи зүгээр л жүжигчнээ хийгээд яв. Чамд сэтгүүлчийн
авьяас байхгүй” гээд шууд хэлнэ. Зарим нь бас магтана. Ингээд сайн муугаар хэлээд
эхлэхээр чинь юм бодогдоно шүү дээ. Тэр үед төрөөд удаагүй байлаа. Бага охин минь
нялх байсан үе. Яагаад нэвтрүүлгээ больсон бэ гэхээр хүмүүсийн шүүмжлэлд биш юм.
Ерөөсөө охиноо л бодсон хэрэг. Тэр нялх амьтанд би бага цаг зарцуулдаг. Түүн дээрээ
нэмээд нэвтрүүлэг энэ тэрээ гээд явчихаар бүр хэцүү болоод эхэлсэн. Зовж зовж нэг
хүүхэд төрүүлчихээд ижийнхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй ингээд нэвтрүүлэг хөтлөөд,
амьтанд элдвээрээ хэлүүлээд явж байх гэж хэмээн бодогдсон. Тэгээд л больсон. Яах
вэ, хорин хэдэн хүнтэй сайхан ярилцсан байна. Саяхан хөдөөгүүр тоглолтоор явахад
хүмүүс тэр нэвтрүүлгийг маань их асууж байна лээ. Миний үеийн хүүхнүүд, надаас ах
хүмүүс л үздэг байсан болов уу.

-Та бол хүүхнүүд атаархам сайхан ханьтай хүн. Гэр бүл болж
байх үед бас хэцүү байсан байх. Их л хэл ам, яриа хөөрөөнд орж байж Бархүү та хоёр
ханилсан. Олон түмэнд хүндлэгдсэн урлагийн сайхан гэр бүл болсонд хувьдаа талархдаг…

-Их
баярлалаа. Олон хүн янз бүрийн л яриа хөөрөө гаргаж байлаа. Бас л шуугиан дунд,
олны хэл ам, доромжлол дунд явсаан. Хэцүү байсан үе бий. Үүнийг би юуг нь нуухав.
Гэвч бид хоёрын хайр, итгэлд тэр бүхэн хэрхэн нөлөөлөх билээ. Цаг зуурын юм байдаг
шүү дээ, үнэндээ. Жаахан тэсчихэд болдог. Бид хоёр гэр бүл болсноор нийгэмд ямар
ч хор хохирол учруулаагүй биз дээ. Сайхан л амьдарч байна. Хүмүүс “Ээ мөн тэнэг
хүүхэн юм аа, удахгүй чи хаягдана” гэж хэлж байлаа. Бархүүтэй ханилснаар надад алдсан
зүйл байхгүй. Харин ч би хожсон гэж боддог. Хүсч мөрөөдөж явсан хөөрхөн охинтой
боллоо. Ганц юм л хүмүүст таалагддаггүй шиг байгаа юм. Тэр нь Бархүүгээс би олон
насаар эгч юм байна л даа. Харин нэг зүйлийг бардам хэлэхэд, би хүний нөхрийг салгаж,
олон хүүхдийн нулимс барж энэ хүнтэй ханилаагүй. Ер нь тийм санаа бодлоор Бархүүг
сонгосон. Миний насны хүмүүс бүгд цаанаа амьдралтай, үр хүүхэдтэй байгаа. Бархүүгээс
өөр хүнтэй ханилсан бол нээрээ л хүүхдүүдийн нулимсыг барж, айл гэр үймүүлэх болно.
Тэгэхээр надад Бархүүгээс өөр сонголт байсангүй. Энэ сонголтыг минь зарим хүмүүс
хүндэтгэхгүй буруутгаж, дайрч доромжилсонд гайхдаг юм.                 

-“Х-ТҮЦ”-ийнхэн “Сэрүүн хасын нууц” жүжгийг тайзнаа дахин
тавихаар болсон. Найдандорж найруулагч болоод та хэдийн хамтын гурав дахь бүтээл
шиг санагдана?

-Тийм
ээ, манай бие даасан гурав дахь бүтээл. Санаачилсан гэдгээрээ шүү дээ. Түүнээс бид
шинэ шинэлэг олон жүжиг үзэгчдэдээ хүргэж байлаа. Тухайлбал, төрийн соёрхолт Д.Сосорбарамтай
хамтарч Айн Рэндийн хоёр ч жүжгийг тавьсан. Ер нь манайхны нэг бодлого, баримталдаг
чиг шугам байдаг. Тэр нь дорно дахины сонгодог жүжгийг сорчлон Монголын тайзнаа
тавьж, үзэгч олны хүртээл болгочих юмсан гэх бодол л доо. Миний бие наян есөн оноос
2000 он хүртэл Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажилласан. Тэр хугацаанд дэлхийн
сонгодог жүжгүүдэд олон ч тоглож байлаа. Сонгодог гэхээр дандаа өрнө дахины бүтээлүүд
байгаад байдаг. Таагүрийн бүтээлийг л нэг удаа тавьж байсан. Дорнын ард түмэн бичгийн
соёлын ямар их өвтэй билээ, тэдний амьдралыг үзэх үзэл гүн ухааны ойлголтууд үнэндээ
биширмээр. Энэ талаасаа өрнө дахинаасаа илүү санагдаад байдаг юм. Мөн дорнын гүн
сэтгэгчдийн бүтээлд тоглоход надад яагаад ч юм их ойр байдаг.

-Монголчууд дорнын соёлтой ард түмэн. Тиймээс танд ойр байх
нь мэдээж?

-Өөрийн
маань царай зүс, бие хаа тэр чигээрээ л дорнын бүсгүйчүүдийн үндсэн төрх байх. Ийм
учиг зангилааг бодож “Х-ТҮЦ”-ийн уран бүтээлчид дорнын сонгодог жүжгийг драмын урын
санд оруулахсан гэж эрмэлздэг. Өмнө нь Хятадын оргил бүтээлүүдийн нэг “Аянгын бороо”-г
тавьж байсан. Бас л нийгэмд шуугиан болж, драмын урлагт тийм нэг шинэ өнгө төрхийг
авчирсан болов уу. “Аянгын бороо”-гоос хойш бүтэн таван жилийн хугацаанд эрэл хайгуул
хийсний хүчинд “Сэрүүн хасын нууц” жүжгийн зохиолыг олж авсан. Чюн Яо гэж Хятадын
нэрд гарсан зохиолчийн бэсрэг романаас сэдэвлэсэн бүтээл. Хятад судлаач, орчуулагчидтай
уулзаж байж энэ зохиолчийг мэдэж авсан л даа. “Чюн Яогийн халуун” гэсэн яриа ч байдаг
юм билээ. Үндсэндээ түүний бүтээлүүд олныг байлдан дагуулж, жинхэнэ халууруулдаг
байсан хэрэг л дээ.

-Жүжгийн нэр ямар учиртай билээ?

-Сэрүүн
хас гэдэг чулууны нэр л дээ. Хүмүүний жинхэнэ мөн чанар болох үнэнч сэтгэлийн тухай
өгүүлсэн бүтээл. Өнөөдөр чинь манайд хүн чанар гэсэн ойлголт ховордсон бараа болоод
байна. Намайг оюутан байх үед нөхрөө Москва руу сургуульд таван жилийн хугацаатай
явуулчихсан хүүхнүүд зөндөө л байдаг байлаа. Тэд үнэнчээр хүлээдэг байсныг мэдэх
юм. Таван жил хүлээсний эцэст ханьтайгаа амьдраад аз жаргал гээчийг амсдаг л байсан.
Манай урлагийнхны амьдрал тийм л түүхээр явж ирээ биз дээ. Одоо бол гадаад руу ханийгаа
явуулчихаад үнэнчээр хүлээж суугаа эмэгтэйг олоход ховор. Би өөрөө бүсгүй хүн, ээж
хүн, ийм зүйл ярьж байгаа нь сонин санагдаж магадгүй. Гэхдээ амьдралын үнэн бол
энэ. Амьдралд үнэнч хандана гэсэн ойлголт өнөө цагт байхгүй болжээ. “Сэрүүн хасын
нууц”-ыг анх уншихад хамгийн түрүүнд ийм л зүйл мэдрэгдээд ирсэн дээ. Найдаа найруулагчдаа
дахин итгэл хүлээлгэж санал тавьсан. Өмнө нь “Аянгын бороо”, “Хориотой жүжиг”-т
хамтарч ажилласныг хэн хүнгүй мэднэ. Биднийг хамгийн гүн гүнзгий ойлгож мэдэрдэг
хүн бол Найдаа ах. Дүрүүдээсээ хамаарч төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувд, гавьяат
жүжигчин Ш.Дэлгэржаргал, авьяаслаг залуу жүжигчин Н.Ялалт нарыг урьж тоглуулсан. 

-Та яриандаа хэллээ, Драмын театрт 1989-2000 он хүртэл ажилласан
гэж. Зарим нэг хүмүүс өөрийг тань арай л эрт театраас гарсан юм. Жинхэнэ өрсөлдөөн
дунд жаахан удаан байсан бол олон ч сонгодог дүр бүтээх байсан даа гэдэг. Харин
танд энэ тухай бодогдож байв уу?

-Театраас
эрт гарчихлаа гэж харамсах ч юм уу, тийм бодол надад огт төрж байгаагүй. Хэрвээ
театрт байсан бол би “Аянгын бороо”-нд, “Сэрүүн хасын нууц”-д тоглохгүй, “Сэргээш-3”-ыг
найруулахгүй л байхгүй юу. Ингэж задгай өөрийнхөөрөө ажиллаж чадахгүй байх байсан.
Харин ч театраас гарснаараа маш их өрсөлдөөн дунд орсон гэж боддог. Бусад продакшнуудад
авьяаслаг уран бүтээлчид байна. Тэдэнтэй би энэ талбарт жинхэнэ өрсөлдөж байна.
Театрт бол яах вэ, найруулагчийн “хоол”-ыг л хүлээж суудаг. Найруулагч ямар дүр
өгөх нь вэ, түүнийг хүлээнэ. Юм өгөхгүй бол хоосон сууна. Гэхдээ театрт байсан он
жилүүд миний амьдралд маш том орон зайг үүсгэсэн. Уран бүтээлчийн минь хувьд хүн
болгосон газар. Олон ч шөнө нойргүй хонож уран бүтээлийн ард гардаг байлаа. Монголын
нэгэн үеийн сор болсон жүжигчидтэй нэг тайзан дээр арван жил болно гэдэг бахархал.
Олон сайхан дүрээ орхиод тэндээс би гарсан. Гарахад үнэндээ амар байгаагүй. Би чинь
театраасаа уйлж гарсан хүн шүү дээ. Найдаа найруулагч, Онон хоёр гараас минь чирээд
гаргаж байлаа. Хичнээн уйлж унжиж, тэр хоёрт чирэгдэж явсан ч гэсэн “Би эндээс гарах
нь зөв” гэх бодол далдхан төрж байсан хэрэг. Хийж бүтээж, амьдралынхаа төлөө зүтгэн
хөдөлмөрлөх гэж эндээс гарч байгаа юм шүү гэдэгтээ итгэлтэй байсан. Гэвч театраасаа
сэтгэлээ салгана гэдэг, хувь заяагаа салгана уран бүтээлч хүнд хэцүү. Арван жилийн
хүч хөдөлмөр, авьяас билэг, нойр хоол, залуу насны гэрэл гэгээгээ харамгүй өгсөн
тайзаа харахад хоргодох сэтгэл бас төрдөг л юм билээ.

-Театрт хэн хэнтэй нэг өрөөнд байсан бол?

-Бидний
үеийн долоон бүсгүй байлаа даа. Одоо бүгд олны танил нэртэй уран бүтээлчид болжээ.
Манай Өлзийхүү, Оюундарь, Эрдэнэцэцэг, Энхтуул байна. Мөн “Хувьсал” продакшны Цогоогийн
гэргий Урнаа, Сугар багшийн охин Болормаа бид байна даа. Биднийг театрын босго алхаж
байхад Цэрэнпагма гэж ямар их авьяастай мундаг жүжигчин байв аа. Түүнийг жүжигт
дүр бүтээж байгааг дэргэдээс нь хараад өөрийн эрхгүй огшдог байлаа. Цэрэнпагма эгч
шиг л жүжигчин болно, түүн шиг жүжиглэнэ гэж боддог, мөрөөддөг байлаа. Түүнийг зарим
үед дүрдээ тоглохгүй өнжвөл би оронд нь ингэж тоглоно гээд дүрүүдийнх нь үгийг цээжилдэг
байлаа. Тэгээд энэ үгийг, энэ үйлдлийг гаргахдаа хэрхэн яаж хувирч байна, харц нь,
зүс царай нь яаж өөрчлөгдөж байна гэдгийг нэгд нэгэнгүй гаргах гэж эрмэлздэг, даган
дуурайдаг байлаа. Бидний үеийн эмэгтэй жүжигчдийг өсч бойжиход “Галзуу Цэвэл” Цэрэнпагма
эгч л үлгэр дуурайл болдог байлаа. Ингэхэд жүжигчид үе үеэрээ төрдөг юм билээ. Өнөөдөр
Өлзийхүү шиг, Оюундарь, Энхтуул шиг хүүхнүүд байна уу, дүйцүүлээд аваад үзэхэд үнэндээ
алга байна. Зөвхөн хүүхнүүд ч гэлтгүй манай хошин урлагт Аглуу, Амбий, Бооёо, Хүрлээ,
Эрдэнэзаан, Мөнхсайхан, Онон шиг залуучууд байна уу. Эд хэдийн чинь нас явж байна.
Гэвч дараа үе нь гарч ирэхгүй юм. Мэдээж хошин урлагт хөл тавьж буй залуучууд зөндөө
байна. Гэвч энэ хэд шиг гоц гойд хүмүүс алга. Хорин хэдтэй залуучууд мандан гарч
ирээд тэр л эрчээрээ өнөөдрийг хүрлээ. Энэ хэдийгээ харахад “Яалт ч үгүй  авьяас чадвар гэж байдаг юм байна” гэх бодол төрдөг
шүү. Өлзийхүү бид хоёр шиг эмэгтэй жүжигчид гарч ирэхгүй байна даа.   

-Найруулагчдын арга барилын талаар асуумаар байна. “Говийн
зэрэглээ”-гийн Арслан буюу Доржсамбуу агснаас аваад та олон найруулагчийн гар дамжсан
хүн?

-Би
чинь театрт орохын өмнө Хүүхэд, залуучуудын театрт И.Нямгаваа найруулагчийн удирдлагад
байсан. Нэг жил зургаан сар болохдоо 12 жүжигт дүр бүтээсэн байдаг. Энэ хугацаанд
их зүйлийг сурч авсан. Нямгаваа найруулагч үнэндээ тэсрэлттэй хүн. За тэгээд Гаваа
найруулагчаас улбаалаад олон ч найруулагчийн гараар орсон. Уран бүтээлчид бид бол
зуураад орхичихсон гурил, эсвэл зуурмаг шавран баримал шиг хүмүүс. Биднийг хэрхэн
яаж элдэж, яаж сунгаж, дарайлгаж таслахаа найруулагчид л мэднэ. Баримлаар янз бүрийн
дүр хийж болдог шиг биднийг яаж ч өөрчлөх эрх гагцхүү найруулагчид байдаг. Юу чиг
хийсэн уран бүтээлчид бэлэн байх ёстой. Тийм л чадвар чансаа, авьяас билэг нэвт
шувт байх учиртай.

-Өөрийгөө бүрэн шавхаж дотроосоо асч бадарч гаргасан дүрүүдээсээ
ярихгүй юу. Хамгийн их зовоож тарчлаасан юм уу, хамгийн их нэр хүнд авчирсан дүрүүд
тухайн уран бүтээлчийнхээ сэтгэлд үлдээд байх шиг санагддаг?

-Миний
бие тоглосон дүрүүдээ сайн муу гэж нэг их ялгаад байдаггүй. Бүгдэд нь сэтгэлээ өгч,
өөрийгөө шавхан, боломж бололцоогоо гаргаж бүтээсэн. Харин ур чадварын хэмжээнд
ямар болсон нь үзэгчид болоод судлаачдын үнэлгээгээр тодорхойлогдох байх. Цаг хугацаа
гэж нарийн шүүлтүүр хэлээд өгнө. Ерэн гурван онд театрт ороод удаагүй байхдаа хамгийн
анх авсан гол дүр минь “Өрлөг жанжны өчил” жүжгийн Чойбалсангийн эхнэр Бортолгойн
дүр байсан. Маршалын эхнэрийн дүрд тоглоход би хорин хэдтэй хүүхэд байж. Бортолгой
гэдэг дүр маань надаас хамаагүй эгч нас тогтчихсон хүн. Тухайн дүрд одоогийн ардын
жүжигчин С.Сарантуяа болон Долгорсүрэн нар л тоглоно гэж яригдаж байсан. Гэвч дүр
хуваарилахад Доржсамбуу найруулагч надад өгчихсөн юм. Театрын уран бүтээлчид шууд
“шок”-нд орж, “Энэ жаахан охинд яахаараа ийм дүр өгдөг билээ” гэж эсэргүүцэж байсан.
Доржсамбуу найруулагч “За яах вэ, яаж тоглохыг нь бүгдээрээ харъяа” гэж билээ. Энэ
дүр намайг тухайн үедээ шилдэг болгож байсан. Бирваагийн Мөнхдорж гэж дэлхийн сонгодгуудыг
Монголынхоо тайзнаа тавьсан гарамгай найруулагчийн бүтээлүүдэд дүр бүтээж байсан
минь бас л бахархал юм даа. Мөнхөө багш Нобелийн шагналт, урлаг утга зохиолд шинэчлэл
хийсэн, өвөрмөц сонин сэтгэлгээгээрээ тухайн үедээ үзэгдэл болж байсан зохиолч сэтгэгчдийн
бүтээлүүдийг Монголын ард түмэнд хүргэсэн гавьяатан шүү дээ. Сартрын “Оршуулаагүй
үрэгдэгсэд” гээд олон сонин зохиол байна.   

-Танай удамд урлагийн хүн байдаг уу. Өөрөө ингэхэд яг хаана
төрсөн юм бэ. Аав тань бол Төв аймгийнх гэж сонссон юм байна?

-Манай
удамд урлагийн хүн байхгүй. Би л сэтгэл зүрхнийхээ дуудлагаар урлагт хөл тавьсан.
Авьяас удамшдаг эсэхийг сайн мэдэхгүй юм. Манай Аглуу гэхэд аав ээж нь урлагийн
хүмүүс биш. Миний төрсөн газар Өвөрхангай аймгийн Арвайхээр хот. Хотын төвийн хойхно
байдаг Дэлгэрэхийн булаг гэж сайхан нэртэй газар мэндэлсэн байдаг. Аав маань Төв
аймгийн Дэлгэрхаан сумын хүн. Бүх л насаараа жолоо барьсан эгэл жирийн хүн байлаа.

-Танай охин ээжтэйгээ зөрж байгаад жүжигчний мэргэжил эзэмшсэн.
“Тагнуулч аав” кинонд та охинтойгоо тоглосон байдаг. Том охины тань талаар асуух
гэсэн юм?

-“Тагнуулч
аав” киноны жижигхээн хэсэгт би дүр бүтээсэн. Манай урлагийнхан хүүхдүүдтэйгээ хамт
тоглосон кино гэдгийг хүмүүс мэднэ. Охин маань яахав, надтай зөрж байгаад жүжигчний
мэргэжил эзэмшсэн. Би урлагийн зам руу битгий ор гэж зөндөө хэлээд бараагүй. Урлаг
гэдэг бол бас л харгис шүү дээ. Хүн харахад жигтэйхэн инээд алдсан, наргиж цэнгэсэн
хүмүүс байдаг. Яг мөн чанартаа тийм биш юм. Ялангуяа эмэгтэй хүнд бүрчиг хохиролтой.
Урлагийн бүсгүйчүүдээ хар л даа. Хичнээн нь гэр бүлгүй байна. Хань нь болж, энгэрийн
нь түшчих эр хүн олдохгүй л байдаг. Үнэнийг хэлэхэд, ямар л эр хүн эхнэрээ хар шөнөөр
ирээд үүрээр гарч явахыг зөвшөөрөх билээ. Бид бол жаргалаараа зовж яваа хүмүүс.
Жүжигчин гэдэг маш хүнд хөдөлмөр юм гэдгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн хүний хувьд
охиноо энэ зам руу битгий орооч гэж гуйж байсан. Авьяас багатай бол бүр хэцүү. Яг
үнэндээ уран бүтээлчид бид доромжлолын дунд, олны атаа жөтөө, хар хорын дунд амьдардаг
байхгүй юу. Гэвч охин маань нэг л үг хэлээд амыг минь тагласан. “Өөрийнхөө хүсэл
зоригоор амьдарч буй хүнийг та аз жаргалтай хүн гэж хэлдэг биз дээ, ээж ээ. Би өөрийнхөөрөө
амьдаръя” гэж хэлсэн.

Ярилцсан

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Дэвид Уайш: Таван толгой төсөлд “Пийбоди”-г сонгох олон шалтгаан бий


АМЕРИКИЙН ХӨГЖЛИЙН НУУЦ ХҮНИЙГ ХЭТ ИХ ХЯНАДАГГҮЙД Л БАЙГАА ЮМ –

АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны
хэлтсийн дарга Дэвид Уайштай ярилцлаа.

-АНУ бол манай улсын эдийн засгийн гол
түншийн нэг. Хоёр орны эдийн засгийн харилцаа хэр хөгжиж байгаа гэж та боддог вэ?

-Америк, Монголын хооронд сайн хамтын ажиллагаа байгаа нь
ойлгомжтой. Гэхдээ бид бүр илүү ихийг хийж бүтээмээр байна. Илүү том хөрөнгө оруулалт
хийж, Америкийн компаниудыг илүү олноор нь Монгол руу татаж үйл ажиллагаа явуулах
тал дээр нь дэмжлэг үзүүлэх сонирхол бий. Мөн Америкийн бараа үйлчилгээг оруулж
ирж буй Монгол түншийнхээ тоог нэмэгдүүлмээр байна. Хоёр орны харилцаа бол хоёр
талын асуудал. Зөвхөн нэг талаас хамаарахгүй гэх гээд байна л даа. Монгол Улсын
экспортыг АНУ руу гаргахад дэмжье гэсэн сонирхол бидэнд байдаг. Хэрэв Монголоос
экспортлох бараа бүтээгдэхүүнүүд Америкийн талд ашигтай, үр өгөөжөө өгөхөөр бол
энэ асуудал ажил болоход цаг шаардахгүй.

-“Женерал электрик”, “Пийбоди”, “Жени
ойл энд Газ” гэсэн Америкийн гурван том компани Монголд хөрөнгө оруулалт хийж байгаа.
Ер нь танай
компаниуд манай улсад хөрөнгө
оруулах хэр сонирхолтой байдаг вэ. Америкийн хөрөнгө оруулагчид манай улсын аль
салбарыг онцгойлон сонирхож байна?

-Уул уурхайн салбарыг сонирхож байгааг дурдъя. Мөн дэд бүтцийн
салбарт хөрөнгө оруулах өндөр сонирхол бий. Энэ салбартаа туршлагатай Америкийн
компаниуд Монголтой хамтрах талаар сонирхож байна. Тэр дундаа инженер, барилга байгууламж,
төслийн менежмэнтийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд Монголыг түлхүү
сонирхож байгаа. Жишээ нь “Флоур”,”AECOM” байна. Мөн эрчим хүчний салбарт хоёр орны
компаниуд хамтрах орон зай бий. Сая таны хэлсэн компаниуд гэхэд л хоёр улсын эдийн
засгийн хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулж байгаа.

-Дэлхийд нөөцөөрөө дээгүүрт жагсдаг Таван
толгойн төсөл дээр хамтрах сонирхолтой гадны том компаниудын нэг бол “Пийбоди”.Америкийн
хувьд “Пийбоди”-гийн энэ сонирхлыг хэрхэн харж байна. “Пийбоди”-гийн Таван толгой
төсөл дээр хамтран ажиллах зайлшгүй шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Таван толгой дээрх “Пийбоди”-гийн сонирхол маш ойлгомжтой,
энгийн. “Пийбоди” нүүрсний тэргүүлэх чиглэлийн компанийн хувьд Таван толгойн олборлолтод
хамтран ажиллах сонирхолтой. Мэдээж Монголд ч өөрсдөдөө ч ашигтай нөхцөлөөр хамтрах
сонирхол тэдэнд бий. Тодруулж хэлбэл аль аль талдаа ашгийн байж болох хамгийн дээд
хэмжээнд хүрч ажиллах хүсэл эрмэлзэл “Пийбоди”-д байгаа. Таван толгой шиг дэлхийн
хэмжээнд яригдах том уурхайд дэлхийн хэмжээний туршлагатай том компани оруулж ажиллуулбал
зүгээр болов уу гэж бид бодож байна. “Пийбоди”-г сонгох юм бол энэ төслийн үр өгөөж
сайн, хөрөнгө, зардал хэмнэх тал дээр ч эерэг үр дүнтэй байж  аль аль талдаа, Монгол талдаа ч ашигтай ажиллах
боломжтой юм. Яагаад “Пийбоди”-г сонгох ёстой вэ гэдэг дээр олон шалтгаан бий.
“Пийбоди” зуугаад жилийн түүхтэй нүүрсний компани.  Анх бий болсон түүх нь их энгийн. Сент-Луис хотод
нэг залуу айл айлын хаалга тогшоод нүүрс зарж эхэлсэн байдаг юм. Тэр залуугийн компани
өргөжсөөр байгаад өнөөдрийн “Пийбоди”-г бий болгосон. “Пийбоди” шилдэг биш юмаа
гэхэд дэлхийн тэргүүлэгч компаниудын нэгд зүй ёсоор орно. Уг компанид бас нэг давуу
тал бий. Өнөөдөр АНУ-д маш том уурхай дээр ажиллаж байна. Австрали дахь үйл ажиллагаа
нь ч томоохон уурхайн нэг. Олон оронд, өөр өөр соёлын нөхцөлд олборлолт хийж байсан
арвин туршлага энэ компанид бий. Санхүүгийн чадварын хувьд өндөр гэдэг нь ойлгомжтой.
Байгаль орчны тал дээр хариуцлагатай, нөхөн сэргээлтээр дэлхийн хэмжээнд яригдах
компани. Эрээний уурхайг нөхөн сэргээсэн туршлагыг нь жишээ болгон ярьж болох юм.
“Пийбоди” тэнд олборлолт хийгээгүй, бусдын олборлолт хийгээд нөхөн сэргээлт хийлгүй
орхисон, газар нь авах юмгүй болсон тэр уурхайн орчмыг “Пийбоди” нөхөн сэргээсэн.
Өнөөдөр тэр газар мал бэлчсэн ногоон хөндий болсон.

-Монголын шатдаг занарыг ашиглах чиглэлд
хөрөнгө оруулалт хийгээд эхэлчихсэн “Жени ойл энд Газ”-ын охин компани “Жени ойл
шейл Монголиа” занарыг газрын гүнд дулааны аргаар боловсруулж  тос гаргаж авах саналыг манайд тавьсан. Энэ арга
экологид ямар нөлөө үзүүлэх бол гэсэн болгоомжлол бий. Тэдний санал болгож буй арга
хэр дэвшилттэй сайн технологи вэ?

-Шатдаг занар буюу эрчим хүчний уламжлалт бус эх үүсвэрүүд
дээр хамтарч ажиллах сонирхол Америкийн компаниудад бий. Би “Жени ойл”-ын өмнө нь
хийсэн судалгаа шинжилгээний материалуудтай танилцсан. Хайгуул хийхээс нь эхлээд
олборлолт хүртэл бүх процессыг нь анхаарч харсан. Ингэж нарийн танилцсан хүний хувьд
технологи нь экологид ямар нэгэн хор хохиролгүй гэдгийг хэлж чадна. Газрын гүн рүү
өрөмдөөд гүнд байгаа чулуулгийг халаах замаар занараас тос гаргах нь эдний технологийн
гол зарчим. Онцолж хэлэх нэг давуу тал нь ус хэрэглэхгүй. Монголчууд байгаль дэлхийгээ
хайрлан шүтдэгийг бид мэднэ. Энэ технологи ил уурхай шиг газрын хөрс сэндийчихгүй.
Мөн малынх нь бэлчээрийг сүйтгэхгүйгээр олборлох сайн арга юм. “Жени ойл”-ын нэг
чанар нь надад сэтгэгдэл төрүүлсэн. “Монголын хууль тогтоомж ямар байна, ийм үйл
ажиллагаа явуулбал яах бол” гэж алхам бүрээ бидэнтэй зөвлөдөг. Тухайн улс орныхоо
хуулийг хүндэтгэж ингэж уйгагүй зөвлөгөө авдаг компани тэр бүр байдаггүй. Хариуцлагатай,
болгоомжтой хандлага бол тухайн компанийг ямар компани вэ гэдгийг хэлж өгөх нэг
гол шалгуур юм.

-Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалт
тун бага байна. УИХ-ын баталсан Хөрөнгө оруулалтын хууль, Эрдэс баялгийн салбарт
төрөөс баримтлах бодлого хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлэхээр сайн шийдвэр
болж чадсан уу.  Хөрөнгө оруулалтын орчин
сайжрах дүр зураг ажиглагдаж байна уу?

-Нааштай дүр зураг харагдаж байна. Хөрөнгө оруулалтын хуулийг
онцгойлж хэлмээр байна. Их зөв чигээр баталж чадсан. Ингэж хэлэх хэд хэдэн шалтгаан
бий.Хөрөнгө оруулалтын шинэ хуулиар хувийн компаниуд тодорхой нэг салбарт хөрөнгө
оруулахын тулд Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагагүй болсон.  Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын ялгаа заагийг
арилгаж, хөрөнгө оруулагч гэсэн нэгдсэн тодорхойлолтод хамруулж өгсөн нь өмнөх хуулиасаа
илүү чөлөөтэй болсон сайн талтай. Хөрөнгө оруулагчдад оруулсан хөрөнгийнх нь хэмжээгээр
татварын тогтвортой орчин амлаж байгаа нь энэ хуулийн гурав дахь давуу тал. Төрөөс
эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хувьд төрөөс хэт оролцох агуулгатай заалтууд
байгаа нь эрдэс баялгийг олборлох, хайгуул хийхэд сөргөөр нөлөөлж магадгүй юм.

-Төрөөс хэт оролцох агуулгатай заалт
гэдэг дээрээ тодорхой жишээ хэлээч?

-Тусгай зөвшөөрөл авах шаардлагууд нь хэт хүнд сурталтай,
чирэгдэл болж мэдэхээр эрсдэлтэй байна. Хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүсийн итгэлийг
бууруулах талтай. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн
2.1.8 дугаар заалтанд “Ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд оролцох
төрийн зохицуулалтыг зохистой түвшинд байлгах” гэж дурдсан байгаа. Салбарыг зохицуулах
Засгийн газрын хуулиар олгогдсон эрх болон үйлдвэрлэлийн хөгжлийг авч ирэх хөрөнгө
оруулалтыг татах хоёрын хоорондох зөв зохиролдоог олохын тулд “зохистой түвшин”
гэдэг үг юуг илэрхийлж байгааг нарийн тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна.

-Уул уурхайн том төслүүд эхлэх гэхээр
иргэний хөдөлгөөнийхөн гэж хэсэг хүмүүс тэмцээд компаниудын ажлыг зогсоочихдог жишээ
манайд олон бий. Америкт ийм асуудал байсан уу?

-Иргэний нийгэм бол жинхэнэ ардчилалд зайлшгүй байх зүйл.
Мэдээлэл анхнаасаа ил тод байж, хоёр тал хэн хэнээ хүндэтгэн харилцаж мэдээллээ
хуваалцах хэрэгтэй. Аль нэг тал нь эсэргүүцэж нөгөөгөө буруутгаж байгаа бол шинжлэх
ухааны үндэслэлтэй, баримттай ярих ёстой. Сэтгэлийн хөөрлөөр ч юмуу, зөвхөн санаа
зовсноос үүдэж буруутгана гэдэг зөв хандлага биш. Монголчуудын байгальдаа хайртай
нь надад сэтгэгдэл төрүүлсэн. Гэхдээ та бид хоёрын яриад байгаа энэ асуудалд зөвхөн
мэдрэмж хайр дээр тулгуурлаж хандаж болохгүй л дээ. Байгаль орчинд учруулж байгаа
хохирлын талаар ярих гэж байгаа бол тоо баримттай, шинжлэх ухааны зөв үндэстэйгээр
асуудлыг гаргаж тавих хэрэгтэй. Тэгээд хоёр тал ярилцаж байгаад гарцаа олж, зөв
шийдэлд хүрчихэд болох асуудал. Ганц Монголд ч биш, дэлхийн олон оронд ийм асуудал
тулгарч байсан, одоо ч ийм асуудалтай улсууд бий.  АНУ ч энэ асуудлыг тойроогүй. Далаад онд Охайо
мужийн нэг гол галд автаж байсан түүх бий. Иргэдийн болон уул уурхайн компаниудын
хаясан хогноос болж бохирдоод шатсан хэрэг. Яг тэр үед хэсэг хүмүүс шаардлага тавьж,
үгээ хэлж байсан юм. Ингээд Конгресс далаад онд агаар, ус, хөрсний стандартыг тогтоож
өгсөн. Түүнээс хойш Америкийн компаниуд тэр стандартын дагуу ажиллаж эхэлсэн юм.
Уул уурхай нэг талаасаа байгальд нөлөө үзүүлдэг ч нөгөө талаасаа олон гэр бүлийг
тэжээх, улсыг хөгжүүлэх орлогын эх үүсвэр болдог. Аль нэг тал руу хэлбийлгүй, тэнцвэрийг
нь олсон шийдэлд хүрэх гэдэг амар ажил биш юм. Тэнцвэрийг нь олох ёстой гэж яриад
байгаа нь ийм учиртай.

-АНУ бол хөрөнгө оруулалтыг амжилттай
татаж, хөгжиж чадсан улсын нэг. Ингэж хөгжсөний гол нууц гэвэл та юуг онцлох вэ?

-Зарчим нь тун энгийн. Хүнийг хэт их хянадаггүйд л байгаа
юм. Бусдад хор хохирол учруулахгүйгээр дуртай юмаа хийх боломжийг нь олгодог. Дуртай
зүйлээ хийж байгаа хүн амжилттай ажиллах нь мэдээж. Шинэ санаа, сэдэл гаргаж хүсэл
эрмэлзэл дүүрэн ажилладаг. Ер нь аливаа юмыг хорьж хянах биш бусдын эрх ашгийг зөрчихгүй,
бусдыг хохироохгүй гэсэн хязгаарын хүрээнд дуртай юмаа хийх боломжийг олгох нь л
хамгийн зөв гарц.

-Тэгэхээр Америкийн хөгжлийн гол нууц
нь энэ байх нь ээ?

-Бидний мах цусанд шингэсэн чанар(Инээв). Юу хүснэ, тэр зөнгөөрөө
хүсэл эрмэлзэл дүүрэн ажилласан хүн л амжилтанд хүрдэг.

-Төр өөрөө компани байгуулж гадны зах
дээр IPO хийж мөнгө босгоё гэвэл дэлхийн хөрөнгө оруулагчид яаж ханддаг вэ. Мөнгөтэй
хүмүүс төрийн оролцоонд хэр таатай ханддаг бол. Төр бизнест нөлөөтэй байх нь хөгжлийн
хувьд хэр зөв загвар гэж та бодож байна?

-Ямар ч хөрөнгө оруулагч хувийн компаниудыг илүүд үздэг. Хувийн
компаниуд бараа бүтээгдэхүүнийхээ чанар, үнээр өрсөлддөг. Боломжтой үнэ, сайн чанаргүй
бол хүссэн хүсээгүй зах зээлээс шахагдаад гардаг. Төрийн оролцоотой компаниуд бол
эсрэгээрээ, өөр зарчим барьдаг. Мөнхөд ажиллаж л байна гэж сэтгэнэ. Зах зээлээс
өрсөлдөөнөөр шахагдана гэж айхгүй. Тэр утгаараа хөрөнгийн үйл ажиллагаа нь тэр бүр
хэмнэлттэй зарчмаар явдаггүй. АНУ-д төрийн оролцоотой компани гэж байхгүй. Хувийн
хэвшил илүү сайн үйлчилгээ үзүүлдэг гэж үздэг учраас тэр л дээ. Ус, цахилгаан түгээлт
гэх мэт нийтийн аж ахуйн үйлилгээний компаниудад төрөөс зохицуулалт хийдэг. Төрийн
зохицуулалттай хувийн компаниуд байдаг гэсэн үг. Дахин хэлэхэд төрийн оролцоотой
нэг ч компани байхгүй.

-Ярилцлагаа Монголын эдийн засагт ямар
боломж, эрсдэл байна вэ гэсэн асуултаар төгсгөе?

-Хамгийн том боломж бол уул уурхайн салбар. Монгол бол байгалийн
баялаг ихтэй улс. Мөн дэд бүтцийн салбарт боломжууд бий. Эрсдэл гэвэл хууль эрх
зүйн орчныг онцолмоор байна. УИХ 2012 оны тавдугаар сард стратегийн ач холбогдолтой
салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай хуулийг маш хурдан баталсан,
төрийн оролцоо ч их байсан байх. Хөрөнгө оруулалтыг үргээх гол шалтгаан нь энэ хууль
болсон гэж үзэж байна. Тэгэхээр хууль эрх зүйн орчноо тогтворжуулахад анхаарах хэрэгтэй.
Би урьд нь”Уолл март” гэдэг сүлжээ дэлгүүрт менежер хийдэг байсан юм. Асуудал гэдэг
үгийг үгийн сангаасаа авч хаях нь бидний барьдаг гол зарчим байсан л даа. Тэнд зөвхөн
боломж, бололцоо гэсэн үгийг ашигладаг байлаа. Тэгэхээр асуудлыг аль өнцгөөс харахаас  бүх зүйл шалтгаална гэж ярилцлагынхаа төгсгөлд
онцолмоор байна. Асуудалтай талаас нь харвал Монголд асуудал бий. Гэхдээ боломж
гэдэг өнцгөөс харвал асуудлаасаа илүү олон боломж байгаа. Монголоор дүүрэн боломж
байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ёкозуна М.Ананд гэж хэн бэ?

Арлын Японы сумогийн ертөнцөд Ананд хэмээх залуу шуугиулж байна.
Учир нь тэрээр Осака хотноо болсон гуравдугаар сарын Хару башёд түрүүлж мэргэжлийн
сумогийн 71 дэх аварга болсон юм. Сумо сонирхдог хүн бүр түүний Ёкозуна болчихоосой
гэж битүүхэн хүлээж байсан нь тодорхой. Японы сумо бөхийн холбооноос хүртэл Какурюү
Анандыг энэ сарын башёд 13 ба түүнээс дээш давсан тохиолдолд ёкозуна буюу аварга
цол олгохоо амлаад байлаа. Харин Ананд итгэл дааж чадлаа. Какурюү Ананд 14 давж,
нэг өвдөг шороодсон амжилтаар энэ удаагийн Хару башёг тэргүүлсэн юм. Барилдааны
гурав дахь өдөр тэрээр Окинаумид л өвдөг шороодсон хэдий ч аварга болох хүн цаанаа
л өнгөтэй байдаг гэгчээр ёстой л од гийсэн сайхан барилдаануудыг үзэгчдэд харууллаа.
Түүнийг сүүлийн өдрийн барилдаанд давахад сумогийн ордонд хурсан түмэн дэр хийн
босч хүндэтгэл үзүүлэн баярласнаа илэрхийлж байсан бол энд монголчууд дор бүрнээ
зурагтынхаа өмнө уухай хашгиралдан омогшиж байсан биз ээ.

Японы сумод Монголын аавын хүүг дийлэх хүнгүй болжээ. Анх 2002 оны
арваннэгдүгээр сарын Кюүшюү башёд Асашёорюү Д.Дагвадорж хэмээх монгол залуу дайчин,
хурц ширүүн барилдаанаараа тодорч сумогийн дэвжээнээ аваргалж эзэн хааны цомыг нь
хүртэж байсан. Тэгвэл энэ цаг мөчөөс эхлэн нийт 68 башё өнгөрсөн байхад 61 башёд
нь Монголын сумоч тэргүүлсэн амжилт үзүүлжээ. Өмнөх 69, 70 дахь аваргууд ч монгол
сумочид. Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Харумафүжи Д.Бямбадорж  гээд нэгэнт Японы сумо бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн
их аваргуудын халааг Какурюү  М.Ананд ийн
залгамжлуулж байна. Ингээд бодохоор бөхөөрөө бахархдаг Монголын ард түмэн энэ сайхан
эр бяр гайхуулсан хүчтэнүүдээрээ омогшихоос аргагүй биз.

ЭРДЭМТНИЙ УДМААС ТӨРСӨН СУМОЧ

Шинэхэн ёкозуна Ананд дөнгөж 29 нас хүрч яваа цус шингэн, бие чанга
залуу бөх. Тэрээр Улаанбаатар хотод 1985 оны наймдугаар сарын 10-нд нэгдүгээр төрөхөд
төржээ. Түүний аавыг Мангалжалав ээжийг нь Оюунтөгс гэдэг телевизийн мэргэжилтэй
хүн байна. Мангалжалав гуай Сүхбаатар аймгийн уугуул, хоёр хүүхэд­тэй бөгөөд Анандын
дээр нэг эгч байдаг аж. Эгч нь өдгөө Америкт ажиллаж амь­дардаг бололтой. Хүү­гээ
бөх хүн болоосой гэж нууцхан хүсч мөрөөдөж явсан тэрээр Шинжлэх ухаан технологийн
их сургуулийн Эрчим, хүчний инженерийн сургуулийн захирлын албан тушаалыг хашиж
яваа доктор, профессор хүн.  Угаас сэхээтэн
хүн хүүхдээ эрдэм номд шамд гэж тулгадаг бол Мангалжалав гуай харин ч хүүгээ “Хичээлээ
хийсэн үү” гэж асуухаас илүүтэйгээр бэлтгэл сургуулилт нь юу болж байна гэж санаа
зовдог байсан гэх. Багийн өсгөлүүн биетэй Ананд хүү 31 дvгээр сургуулийн наймдугаар
анги төгсөөд аавынхаа багшилдаг  ШУТИС-ийн
гадаад хэлний дээд сургуулийн лицей есдvгээр ангид элссэн байна. Ер нь л бөх болно
гэсэн хүсэл мөрөөдөл байгаагүй ч аавыгаа үндэсний бөхөөр хичээллэх болов уу гэсэн
нууцхан горьдлогыг нь гадарладаг байсан тухайгаа ярьж байсан. Энэ үед бие өсгөлүүн
болоод ч тэр үү сагс, теннис зэрэг олон спорт оролддог байжээ. Ингэж явах үедээ
өнөөдрийн их амжилтын замыг олж байсан гэх.

САНААНДГҮЙ ЯВСАН ХҮҮ
СУМОГИЙН ЕРТӨНЦӨД АНХ ИНГЭЖ ХӨЛ ТАВЬЖЭЭ

Үндэсний бөх ч сонирх­доггүй байсан хүү хожмоо харь орны бөхийн дэвжээнээ
нэр алдраа мандуулна гэж хэн санах билээ. Анандыг лицейг төгсөх жил түүний амьдралд
нэгэн том эргэлт гарчээ. 14 настай байх үед Н.Цэвэгням, Д.Батбаяр зэрэг Монголын
сумочид чамгүй амжилттай барилдаж байгааг зурагтаар байнга үздэг байсан аж. Нэг
өдөр аав нь сумод сонирхолтой хүүхдүүдийг шалгаж авч явж байгааг сонсоод хүүгээ
дагуулж “Аварга” биеийн тамирын дээд сургууль дээр очсон байна. Ингэж л анх удаа
зодог шуудаг өмсч, зургаа давж үзжээ. Ингээд удсан ч үгүй бүх юм нүд ирмэхийн зуур
болж өнгөрсөн гэдэг. Учир нь  аавынх нь нэг
шавь Японоос сумо бөхийн тухай ном явуулсан байжээ. Хүү тэр номыг шохоорхон үзэх
үед арын хуудсанд байсан хаяг их л сонирхлыг нь татаж. Мэдээж сумод амжилт үзүүлж
буй мундаг бөхчүүдийн тухай номыг уншаад жаахан ч гэсэн спорт оролддог хүүгийн толгойд
нэг зүйл орж ирсэн байх л даа. Ананд номон дээрх хоёр хаяг руу  шууд л сумогоор хичээллэх сонирхолтой байгаагаа
илэрхийлсэн захидал интер­нэтээр илгээсэн байна. Ингээд захидлын хариу ч ирж “Изүцү”
дэвжээний бөх болохоор 16 настайдаа арлын орныг зорьжээ. Лицейгээ ч төгсөлгүй орхиод
явжээ. Гол нь аав нь хүүдээ багийн спорт бус ганцаарчилсан төрөлд амжилт гаргаж
чадна гэж захидаг байсан аж. Энэ нь түүний олон таван үггүй, зөөлөн, дуу цөөнтэй
зан чанартай нь холбоотой байсан болов уу. 

  “ИНТЕРНЭТ” АНАНД

Анх “Изүцү” дэвжээнд очоод гологдож байсан гэдэг юм билээ. Том биетэй,
болхидуу хөдөлгөөнтөй учраас барилдсанаас “гёожи” буюу дэвжээний шүүгч болоход тохирох
хүү байна гэж багш нар хэлдэг байж. Бүр Анандаас “Барилдаж чадах уу” гэж асууж байжээ.
Анх 2002 оны нэгдүгээр сараас эхлэн барилдсан бөгөөд хамгийн доод буюу Жоникvчи
зиндаанд тав ялж, хоёр ялагдаад л шууд Жонидан зиндаанд ороод ирсэн байна. Жонидон
зиндаандаа бас л хоёр башё барилдаад Сандамэд дэвшсэн. Сандамэ зиндаанд бас л хоёр
башё барилдаад их дээгvvр гараад иржээ. Эхний 16 бөх дотор орж ирээд нэг хэсэг доошоо
унасан аж. Учир нь багш нь ийм тактикаар барилдуулж  барилдааных нь арга барилыг өөрчлөх гэсэн хэрэг.
Ананд ерөнхийдөө барьцанд хvрч барилддаг байсан учир багшийнхаа зөвлөснөөр цуппари
буюу барьцгvй тvлхэн гаргах мэхээр барилджээ. Энэ нь жин багатай учраас нэг хэсэг
унах шалтгаан болсон гэдэг. Харин нэг их удалгүй энэ мэхээ гаргууд хийдэг болсон
байна. 2004 оны долдугаар сарын Нагоя башёд Сан­дамэгийн 11-д байхдаа түрүүлсэн.
Ингээд л түүний амжилт гэрлийн хурдаар өсч байлаа. Харин 2004 оны арваннэгдvгээр
сарын башёд жvрюогийн хамгийн доороос барилдаж 10 ялагджээ. Ялагдсаныхаа дараа бэлтгэлээ
тасралтгүй хийж хэсэг нам гүм амьдарлаа. Ингээд 2005 оны нэгдvгээр сард тав ялж,
хоёр ялагдаад жvрюод орсон байна.  Үүнээс
хойш нэг зиндаанаас нөгөө зиндаа хоёрын хооронд нэг өгсөж, нэг уруудсаар ямартай
ч өнөөдрийн амжилтад хүрлээ.  Какурюү М.Ананд
“Уран барилдаан”-ы шагналыг долоон удаа, “Гарамгай барилдаан”-ы шагналыг хоёр удаа
хүртсэн байна.

Түүний дэвжээний нэр нь Какурюү Рикисабүро бол сумогийн дэвжээнээ
“Интернэт Какурюү” хэмээх хочтой аж. Учир нь анх сумод интернэтээр бүртгүүлж байс­наас
нь үүдэж ийм хоч өгчээ.

ДАРХАН МЭХГҮЙ, ДАРХЛАГДСАН АВАРГА

Анх арлын Японыг зорьж сумод хөл тавихдаа метр 79 см өндөр, 65 кг
жинтэй байсан бол өнөөдөр тэрээр 185 см өндөр,150 кг жинтэй болсон байна. Тэрээр
Монголоос төрсөн их аваргуудыг хүнд­лэхээс гадна Таканохана, Чиёнофүжи, зэрэг сумочдыг
хүндэлж явдаг гэнэ. Ер нь сумогийн ертөнц, эргэн тойрныхоо хүмүүст нэлээд нэр хүндтэй
нэгэн байна. Түүнийг төлөв даруу, сайхан монгол эр гэж найз нөхөд нь үздэг юм билээ.
Бас их ёс жудагтай. Аавынхаа төрсөн нутгаар овоглох дуртай тэрээр Япон дахь гэрийнхээ
хойморт Алтан овоо, Шилийн богдынхоо зургийг тавьсан байдаг бөгөөд өглөө болгон
мөргөдөг гэсэн. Уг нь аль болох Монголдоо ирж Шилийн богдынхоо оройд гарч хийморио
сэргээхийг хүсдэг тухай дурсч байсан. Бэлтгэл сургуулилт гээд өмнөө тавьсан зорилгодоо
хүрэх гээд гэр бүл зохиож амжаагүй ч ямар ч байсан монгол бүсгүйтэй гэрлэнэ гэдгээ
нуусангүй.

 Сумод барилддаг бөхчүүд гэлтгүй
монгол бөхчүүд дархан мэх гэж ярьдаг. Ямар ч үед гаргууд эзэмшсэн мэхээ гаргах зуршилтай.
Тэгвэл М.Анандад дархан мэх байхгүй. Гайхмаарч тэр ашиглаж болох бүх л мэхийг шаардлагатай
үед нь гаргаж чаддаг нэгэн. Бөх хүн хүчнээс илүү барилдааны мэдрэмж, ур чадвартай,
ухаантай барилдах ёстой гэдгийг түүнээс л харж болно. Түүнээс бусад сумочид бэргэдэг
талтай. Их дайрч барилддаг болохоор нь мэхэнд нь орчих гээд халгаад байдаг хэрэг.
Ямар сайндаа аав нь хүүгээ “Миний хvv дуу цөөнтэй, тайван ч дайчин тэмцэлдэх чанараараа
Асашёорюү аваргатай их адилхан” гэж тодорхойлдог юм билээ. 

Тэрээр хэдхэн хоногийн өмнө ёкозуна цолоо албан ёсоор хүртсэн бөгөөд
энэхүү арга хэмжээ нэлээд хэд хоног хүндэтгэлтэйгээр болдог ёслол аж. Аваргын цолоо
албан ёсоор авах үедээ М.Ананд “Би бэлтгэлээ сайн хийж үүнээс илүү амжилт үзүүлэх
болно” хэмээн сумо сонирхогчдод хандан хэлсэн байна. Түүний энэхүү баярыг хуваалцахаар
аав, ээж хоёр нь Японыг зорьжээ.

Д.ДАВААСҮРЭН