Categories
редакцийн-нийтлэл

Хаврын синдромын загварын чиг хандлага дээлээ тайлах ба өмсөх

Дээлээ нөмрөх гэсэн хэллэг байдаг. Харин манай улстөрчид давхар дээлээ
тайлах гэсэн үгийг моодонд оруулж дөнгөв. УИХ-ын чуулганаар давхар дээлийг
тайлах хуулийг долдугаар сарын 1 -нээс хэрэгжүүлэх санал дэмжигдчихлээ. Үндсэн
хуулийн цэц  дээр тордоггүй л  юм бол Н.Алтанхуягийн танхимын дөрвөн сайд
“золигт гарах” янзтай.  УИХ-ын гишүүн
Засгийн газрын гишүүний албыг давхардуулан хашихгүй байх  саналыг Ерөнхийлөгч гаргахдаа 2016 оноос
хэрэгжүүлэхээр санал болгосон. Ирэх сонгуулиар намууд УИХ-д хэнийгээ сойх, сайдад
хэнийгээ авч үлдэх вэ гэдэг тоглоомын дүрэм тодорхой байг гэсэн санаа байлгүй.
Сөрөг хүчнийхэн үүн дээр нь тоглолт хийж Засгийн газрын гишүүдийг “цөмөх”-өөр
яарчихлаа. Сайд нарын давхар дээлийг тайчин нүцгэлэх агуулга бүхий тэдний
загварын шоуны уянгын халил хэтийдээд 
улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн үр хүүхдүүд нөмгөн дээлтэй “загвар
өмсөгчид”-ийнх нь имижийг шүүмжилж “1937 оныг санагдуулсан” хэмээн гомдоллоод
авсан. Ингэхэд уг шоуг дэглэгчид дуучин С.Жавхлангаас давхар дээлтэй сайд нарын
зэрэг зиндаанд нь нийцүүлэн,  дээлийг нь
хэрхэн хүндэтгэлтэй тайлуулах тухайд суралцмаар юм. Мань дуучин цас бороог үл
хайхран “Би дээлээ өмсдөг, дээдэстээ хүндэтгэлтэй ханддаг” хэмээн тууж яваа.

МАН-ынхан өөрсдөө давхар дээл өчнөөн өмссөн хэрнээ “Давхар дээл”-ээ тайл
хэмээн шаардах нь “Хэрээ хэрээнийхээ харыг гайхах”-ын үлгэр болов. Давхар
дээлтэй давчидна гэж санаа зовоод байгаа бол цаадуул чинь өөрсдөө дээлээ тайлах
“тоглоомын дүрэм”-ээ хоног хугацаатай нь тогтоочихсон шүү дээ. Өнөө маргаашгүй
гэж адгах нь насыг насалсан намын намбанд таарахгүй юм сан.  “Төрийн
албыг төрлийн алба болголоо” гэх мэтийн лоозон хашгирахад  өмнөөс нь ичих шиг болдог. Өмнө нь сөрөг
хүчний шаардлагаар төрийн албанаас төрлөө шахаагүй байж өдгөө яг тэр уриаг
“будаа идэх” нь дэндүү бүдүүлэг сонголт. Ядаж л яруу найрагч ерөнхий нарийн бичгийн
дарга нь иймэрхүү утгатай уриа лоозонг хэдийг л бол хэдийг зохиочихмоор.  Архи уудаг аав
хүүхдээ “Архи битгий уу” гэж загнах нь хэр жинтэй сонсогдох вэ. Эмх цэгцтэй
байж чаддаггүй ээж охиноо цэвэрч нямбай сургах гээд нэмэргүй. Дөрвөн удаа
“давхар дээл” өмссөн гэх Ц.Нямдорж сайд харин дээлээ муулахгүй гэж жудагтай
загнасан байна лээ. Одоо байгаа сайд нарын давхар дээлийг хуулж хаялаа гээд ард
түмэнд ашиг тусаа өгөх нь юу л бол. Ер нь тэгээд дээл тайлуулах  шоу сөрөг хүчний улс төрчдийн “Хонгилын үзүүрт
харагдах гэрэл”-ийг  ойртуулахаас  биш  жирийн
хүмүүсийн хувьд бол амны зугаа төдий зүйл.

МАН-ынхан туршлагатай  улс төрийн
хүчний хувьд томхон сэдэв дээр тоглолт хиймээр юм.  Олонх монголчуудын хувьд  газарт байгаа цалингаараа тэнгэрт  хадсан үнэтэй хүнс, үйлчилгээг яаж авах вэ гэж
толгойгоо гашилгаж яваа. Мөнгө цаас болж, мөчиг тачигхан амьдарч байгаа олон
түмэндээ нэмэр тус болох ажил санал болгохын  оронд бусдын дээлийг  тайлуулж, өөрсдөө өмсөхөд л  анхаараад байвал сонгуулиар хүмүүс  “Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн
чанар өөрчлөгдөхгүй” гэдэг сонголтыг л хийх байх даа.

Б.Янжмаа

Categories
редакцийн-нийтлэл

Цагдаагийн ахлагч Оюунбаатарыг гэмт этгээд хийн буугаар сүрдүүлэн барьцаалжээ

Цагдаагийн алба хаагчийг эндээс барьцаалжээ

– НАРАНЦЭЦЭГИЙН
БОЛОР-ЭРДЭНЭ ЗАЛИЛЛАНГИЙН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГААД ШҮҮХ ХУРЛЫН ҮЕЭР ОРГОСОН БАЙЖЭЭ-

Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэр Авлигатай тэмцэх газрын
замын эсрэг талын 24 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайд буутай гэмт этгээд
цагдаагийн алба хаагчийг  барьцаалсан хэрэг
гарсан. Цагдаагийн алба хаагчийг барьцаалсан хэрэг энэ сарын 14-ний өдөр буюу уржигдар
15:30 цагийн орчимд гарчээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Дамдинсүрэн гэж
өөрийгөө танилцуулсан иргэн Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 102 тоот утсанд
холбогдож, дуудлага өгсөн байна. Тэрбээр “Надаас их хэмжээний мөнгө залилсан этгээдтэй
тааралдлаа. Орос гуравдугаар сургуулийн баруун талд байдаг 24 дүгээр байрны үүдэнд
нэг хүүхэнтэй уулзаж байна. Залилан хийсэн энэ нөхрийг улс даяар эрэн сурвалжилж
байгаа юм. Шүүх хурлын үеэр оргон зайлсан” хэмээн дуудлага өгсөн гэнэ. Дуудлага
ирсэн даруйд Нийслэлийн шуурхай удирдлагын төвөөс Сүхбаатар дүүргийн цагдаагийн
хэлтсийн Хэв журмын цагдаа ахлах дэслэгч Өсөхбаярт уг мэдээллийг шалгах үүрэг өгчээ.
Улмаар ахлах дэслэгч н.Өсөхбаяр ахлагч н.Оюунбаатарыг дагуулан дуудлага өгсөн газар
руу явжээ.

Тэднийг дуудлага өгсөн газарт очих үед хохирогч Дамдинсүрэн гэх залуу
цагдаа нарыг тосч уулзсан байна. Тэгээд 24 дүгээр байрны хүүхдийн тоглоом бүхий
талбайн урд хэсэгт зогсож буй өндөр нуруутай, шил зүүсэн залууг зааж “Тэр зогсож
байна” хэмээн зааж өгсөн гэнэ. Уг газар олны хөлийн газар тул иргэд олон байсан
аж.

Энэ талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 24 дүгээр
байрны хүүхдийн тоглоомын талбайд очлоо. Биднийг очих үед тэр хавийн өндөр настай
оршин суугчид нарлаж байв. Тэд хоорондоо цагдаа барьцаалсан хэргийн талаар ярьж
байлаа. “15:30 цагийн орчимд хоёр цагдаа өндөр биетэй залууг хоёр талаас нь сугадаад
аваад явсан гэнэ. Гэтэл нөгөө залуу хар өнгийн буу гаргаж ирээд нөгөө хоёр цагдаагийн
өөдөөс чиглүүлсэн. Тэгсэн хоёр цагдаа гараа өргөн зогсож байхад “Ойртвол буудна
шүү” хэмээн хашгирч, ухарч явснаа байшин тойроод зугтаачихсан. Нэг цагдаа араас
нь хөөгөөд гүйсэн. Харин  нөгөө цагдаа машинаа
асаагаад явсан” хэмээн ярьж байв. Удалгүй олон цагдаа ирж тэр хавиар байсан хүмүүсийн
нэр хаягийг бүртгэж эхэлсэн байна. Хэргийн газарт ийм үйл явдал болж өнгөрчээ. Сүхбаатар
дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн  хэрэг гарах
үед байсан арав гаруй иргэнээс мэдүүлэг авсан байна.

“ЗУГТААВАЛ ШУУД БУУДНА” ГЭЖ ГЭМТ ЭТГЭЭД СҮРДҮҮЛСЭН
ГЭВ

Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр ахлах дэслэгч н.Өсөхбаяр,
ахлагч н.Оюунбаатар нарт цагдаагийн гавнаас өөр ямар нэгэн багаж хэрэгсэл байгаагүй
гэнэ. Бүр барьцаалагдсан цагдаад гар утас ч байхгүй явжээ. Машиндаа гар утсаа үлдээчихсэн
байсан гэж мэдүүлээд байгаа юм байна. Буу гаргасан залуу зугтааж байшин тойрох үед
ахлагч Оюунбаатар араас нь хөөсөн аж. Ахлагч Оюунбаатарыг байшин тойроод гарч ирэх
үед буу тулган “Зугтаах юм бол шууд буудна шүү. Ална шүү” гэж хэлээд дагуулаад явсан
байна. Тэрээр хотын төвийн гудамжаар явахдаа цамцныхаа халаасанд буугаа хийчихээд
яваад байсан юм байна. Цагдаатай хамт явж байхдаа “Чамайг зугтаах юм бол буудна.
Хажууд юу ч болоогүй юм шиг тайван яв” гэж хэлээд дагуулаад алхаад байжээ.

Харин энэ хооронд ахлах дэслэгч Өсөхбаяр нэмэлт хүч дуудсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын харьяа Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Нийслэлийн цагдаагийн
газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд самналт
хийж эхэлжээ. Цагдаа нар гэмт этгээдэд барьцаалагдсан цагдааг Гандантэгчинлэн хийдийн
хажуу талын гэр хороололд байгааг төд удалгүй тогтоосон байна. Тэгээд араас нь дагах
ажиллагааг эхлүүлсэн байна. Ийн явсаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 77 дугаар
сургуулийн ойролцоо явж байхад нь хэдэн талаас нь бүсэлж саатуулжээ. Цагдаагийн
ерөнхий газрын  харьяа Гэмт хэрэгтэй тэмцэх
газрын хоёр албан хаагч дөхөж ирэх үед барьцаалагдсан ахлагч Оюунбаатар гэмт этгээдэд
өчих мэх хийж унагасан гэнэ. Цагдаа нар зургаан цаг гаруй хэрэгтний араас хөөцөлдөж
саатуулжээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн
шалгаж байна. Барьцаалагдсан цагдаа “Буу гаргаад ирэхээр нь эхлээд айсан. Дараа
нь хамт дагаад явж байхдаа яаж бууг нь булааж авах вэ гэж бодоод л хамт яваад байсан.
Хэрэв зугтаачих юм бол араас буудчихаж магадгүй гэж бодсон. Гэмт хэрэгтэн “Зугтаах
гэж оролдвол нам буудна шүү. Би угаасаа өнгөрсөн хүн” гэж хэд хэдэн удаа хэлсэн”
хэмээн мэдүүлжээ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар гэмт этгээдийн бууг шинжилгээнд
явуулсан байна. Цагдааг барьцаалсан буу нь хийн гар буу байсан гэнэ. Найзаасаа худалдаж
авсан хэмээн мэдүүлжээ.

ЦАГДАА БАРЬЦААЛСАН ГЭМТ ЭТГЭЭД ХЭН БЭ
Цагдаа барьцаалсан этгээд Чингэлтэй дүүргийн
VIII хорооны нутаг дэвсгэр Зүүн тасганы 6-74 тоотод оршин суудаг гэх албан ёсны
хаягтай юм байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй Наранцэцэгийн Болор-Эрдэнэ 1985 онд
төрсөн 29 настай аж. Н.Болор-Эрдэнэ нь 2013 онд н.Дамдинсүрэн гэх залууг залилж,  их хэмжээний мөнгийг нь хуурч авсан байна. Хэргийг
шалгаж байх үед батлан даалтад гарч, дахин залилангийн гэмт хэрэг үйлдсэн байна.
Залилангийн гэмт хэрэг үйлдээд 2013 онд хоригдож байгаад батлан даалтад гарчээ.
Шүүх хурал болох үед оргон зайлсан юм байна. Тэрбээр Эрүүгийн хуулийн 148 дугаар
зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг хийсний улмаас эрэн
сурвалжлагдаж байжээ.  

 ЦАГДАА НАРТ ТУСГАЙ  ХЭРЭГСЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭВ
Сүүлийн үед боломжийн амьдралтай залуус галт зэвсэг  худалдан авах нь их болсон. Байлдааны бууг ангийн
буу хэмээн дэлгүүрүүдэд худалдаалж байгаа. Мөн залуусын дунд өөрийгөө удирдах чадваргүй
болтлоо архидан согтуурсан, мансууруулах төрлийн бодис хэрэглэн мансуурсан залуус
олширч байгаа гэдгийг цагдаагийнхан ярьсан. Мөн гэмт хэрэгтнүүд галт зэвсгээр зэвсэглэн
машин унаж давхиж байгаа гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлж байна. Эдгээр хүмүүстэй
тэмцэж буй цагдаагийн алба хаагчид гав, бороохойноос өөр тусгай багаж хэрэгсэлгүй
байгаа гэдгийг онцлон хэлж байна лээ. Тэдэнд амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч
гээд тусгай багаж, хэрэгсэл байхгүй олон жилийн нүүр үзэж байгаа юм байна. Тусгай
багаж хэрэгсэл байхгүйгээс үүдэн өнгөрсөн жил Ховд аймгийн Булган суманд цагдаагийн
алба хаагч гэмт этгээдүүдэд буудуулж амиа алдсан хэрэг гарч байсан билээ.  

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв  болон Нийслэлийн цагдаагийн газраас “Гэмт этгээд
цагдаагийн алба хаагчид буу тулгасан нь үнэн. Гэхдээ барьцаалаагүй” хэмээн өчигдөр
мэдэгдсэн юм. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа аж. Н.Болор-Эрдэнэ
цагдааг барьцаалах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдсон
байна. Түүнийг  сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй
эсэхийг шалгуулахаар Шүүх эмнэлгийн шинжээч томилжээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургийг
Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Р.Гончигдорж: МАН Засгийн газрыг хэлмэгдүүлж, УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэдгээр шалтгаалан хуулийн
өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулах тухай яриа газар авсаар байна. Ирэх пүрэв гаригт
асуудлыг шийдэж магадгүй байгаа. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Асуудал шууд утгаараа байсан нь дээр. “Засгийн газар үүргээ гүйцэтгэж
чадахгүй байна, эдийн засаг муу байна, энэ бүхнээс үүдэн огцруулах шаардлагатай”
гэж байгаа юм бол асуудлыг хуулийн хүрээнд тавих ёстой. Ингэж байж л Засгийн газрыг
огцруулах асуудал жам ёсны яригдана. Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгчийн өргөн барьсан
дараагийн УИХ-ын үед хэрэгжих заалттай, Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн байхыг
хориглох хууль дээр сөрөг хүчин дөрөөлөөд байгаа юм. Энэ нь олон зөрчлийг үүсгэнэ.
Шууд хэлбэл хууль гаргаад түүнийхээ хүрээнд Засгийн газрыг огцруулж болохгүй гэсэн
үг. Энэ хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдвөл Засгийн газрын гишүүдийн талаас илүү
нь өөрчлөгдөх учраас огцрох тухай  асуудал
босно. Харин Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг Үндсэн хууль болон бусад хуулийн
заалтаар шийддэг. Түүнээс биш нэг хууль гаргачихаад үр дүнд нь Засгийн газрыг огцруулдаг,
чөлөөлдөг зүйл байхгүй. Энэ бүхэн хуулийн ерөнхий агуулгыг зөрчиж байгаа. Хоёрдугаарт
гэвэл Ерөнхийлөгч хуулийг өргөн барихдаа энэ Их хурлын бүрэн эрх дуусч дараагийн
парламент бүрдэхээс өмнө буюу 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөх шаардлагатай
гэж оруулсан. Ерөнхийлөгч хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулдаггүй юм гэсэн
санааг дэвшүүлж энэ байр сууриа бататгасан. “Хэрвээ энэ хуулийн хэрэгжих хугацааг
урагшлуулбал тухайн заалт дээр би хориг тавина” гэж мэдэгдсэн шүү дээ.

-Ер нь Засгийн газрын гишүүд санал хураалтад оролцож болохгүй
гэхмэтээр олон асуудлыг дагуулсан хууль болчихоод байна. АН-ынхан сайд нарыг хууль
зөрчихгүйн тулд санал хураалтад оролцох ёстой гэж тайлбарлаад байгаа бил үү?

-Цөөнхийн бүлэг Засгийн газрын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй
гэсэн шаардлага тавиад байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг
зохицуулах тухай хуулийн дагуу гэж байгаа юм. Ингэхдээ хувийн сургуулийн санхүүжилтийг
баталж байхад сонирхлын зөрчилтэй гишүүд санал хураалтад оролцоогүй асуудалтай адилтгаад
байна. Хоёр зүйл зөрчигдлөө гэж байна билээ. Нэгдүгээрт нь Ашиг сонирхлын зөрчлийн
тухай хууль гэж байгаа. Харин Засгийн газрын гишүүн байна гэдэг нь тэр хүний хувийн
сонирхол биш. Засгийн газрын гишүүн байх нь тэр хүнд ямар нэг давуу ашиг орлогыг
бий болгож байдаг албан тушаал биш. Гэтэл зарим хүн дарга байхыг ашиг орлого олох
арга зам гэсэн сэтгэлгээгээр харж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл Засгийн газрын
гишүүний эрхийг  юу гэж үздэгэв тэр сэтгэлгээгээрээ
тайлбарлаад байна. Гэхдээ Засгийн газрын гишүүн байна гэдэг хуулиар олгогдож байгаа
үүрэг.

Хоёрдугаарт санал хураалтад оролцож болохгүй гэж шаардаж байгаа нь
УИХ-ын гишүүний бүрэн эрхэд нь халдаж байгаа явдал. Энэ бол хамгийн ноцтой асуудал.
Тийм ч учраас халдашгүй байдлын дэд хороонд АН-ын бүлгийн дарга хандсаныг хэлэлцэж
шийдвэрлэнэ. УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдэг хоёр том агуулгатай. Гишүүн
нь УИХ гэх хууль тогтоох байгууллагын салшгүй нэг хэсэг. Бүр том утгаар нь харвал
нийт ард түмний төрийн эрх мэдлийг өөртөө хадгалах халдашгүй байдалд халдаж байгаа
гэсэн үг. Өөрөөр хэлбэл УИХ аливаа шийдвэрийг гаргахад сонгуулийн дүнгээр ард түмнээс
олгогдсон эрхийн дагуу оролцох онцгой бүрэн эрх байдаг юм.  Энэ онцгой бүрэн эрхийг эдлүүлэхгүй гэж хоёрдогч
этгээд шахаж шаардаж байгаа нь хуулийн агуулга болоод УИХ-ын гишүүний халдашгүй
бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг.

-МАН-ынхан хуулиар далимдуулж огцруулах гээд байгаа юм биш. Засгийн
газрыг огцруулах хэмжээнд асуудлыг ярих цаг нь болсон байна гэж байгаа?   

-Өнөөдөр Засгийн газрын тухай хуулийг өөрчлөх асуудлыг ярьж байгаа
болохоос биш Засгийн газрыг огцруулах асуудлыг яриагүй. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн
өргөн мэдүүлсэн тэр хууль Засгийн газрыг огцруулахтай огт холбогдолгүй. МАН-ынхан
үнэхээр тэгж үзэж байгаа юм бол ийм үндэслэлээр Засгийн газарт хариуцлага тооцъё
гээд бичиг баримтаа боловсруулах ёстой. Энэ бүрэн эрх нь цөөнхөд хадгалагдаж байгаа.
Яахав Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан бол зургаан сар дахин мэдүүлэх
боломжгүй гэсэн хуулийн заалт бий. Ер нь МАН-ынхан хүмүүс хэлж байгаа хийгээд МАН-ын
нэрээр хийсэн жагсаал цуглаан дээр нэг сонин зүйл ажиглагдаж байсан.  Давхар дээлийг тайлна гэж яриад байгаа даа. Үнэн
хэрэг дээрээ тэдний тавьж байгаа шаардлага нь том хэлмэгдүүлэлт юм гэдгийг өөрсдөө
хүлээн зөвшөөрчихлөө. 1930 хэдэн оны хэлмэгдүүлэлт шиг “давхар дээлийг нь нөмрүүлнэ”
гэдэг нь бидний хамгийн эмзэг ойлголтоор шорон, орон руу ачна гэсэнтэй утга нэг.
Энэ бүх зохиомжийг нь харвал Засгийн газрыг хэлмэгдүүлэх нөгөө талаар УИХ-ын халдашгүй
байдалд нь халдаж байна.

-Эдийн засгийн байдал амаргүй байгаа. Та бүхэн бид ийм эдийн засаг
хүлээж авсан гэж хэлдэг бол МАН-ынхан та нарт бурууг тохсоор байна. Энэ талцал дунд
ард түмэн л хохирч байгаа. Тэгэхээр эдийн засгаа сэргээх ямар боломж байна?

-Эдийн засагт учирч байгаа 
бэрхшээл, сорилтуудын цаад агуулгыг хүн бүр мэдэж байгаа. Экспорт буурч байгаатай
холбоотойгоор валютын үнэ өсч байна. Мөн үүнтэй уялдаж төсвийн орлого тасалдаж байгаа.
Энэ бүхэн эдийн засгийн нэг том сорилт. Гадаад орчиндоо итгэл үүсгэх нь тухайн орны
дотоод орчны тогтвортой байдлыг хангадаг. Тэгэхээр Засгийн газрыг огцруулна гэж
МАН-ынхан яриад байгаа нь Монголын дотоод байдлыг тогтворгүй юм шиг гадаад орчинд
харагдуулах нөхцөл байдлыг үүсгэж байна. Эдийн засгийн хүндрэлийг арилгахын тулд
Засгийн газрыг огцруулна гэлгүйгээр өөр арга замыг хайх ёстой. Нөгөө талаас эдийн
засгийн хүндрэлтэй байдлаас гарахын тулд Засгийн газар хийх ёстой ажлаа хийж чадаж
байна уу гэдгийг ярих шаардлага байна. Миний бодлоор энэ Засгийн газар олон түмэнд
амласнаа нэлээд хэмжээгээр хийж байх шиг. Чингэс бонд гэх мэтчилэн Монголын хөрөнгө
оруулалтын чадавхийг нэмэгдүүлэх өөр эх үүсвэрийг олж чадаагүй бол өнөөдөр ямар
байх байсан бэ. Энэ арга хэмжээг аваагүй бол гадаад хөрөнгө тасалдчихсан, дотоодын
хөрөнгийн асуудал өнөөдрийнхөөс дор байдалд орж, валютын ханш бүр дордсон байх эдийн
засгийн анализийг хийж болно. Тэгэхээр асуудлыг зөв оношлох ёстой. Оношийг буруу
тавьж Засгийн газрыг огцруулбал дараагийнх нь үүнээс илүү ажиллаж чадахгүй. Үнэхээр
ард түмнийхээ амьдралыг бодъё, энэ сорилтыг даван туулъя л гэж байгаа юм бол Засгийн
газрынхаа оруулж ирж байгаа хуулиудыг УИХ шуурхай баталж, сөрөг хүчин санаа бодлоо
нэмэрлэж, дэмжих ёстой. Энэ бол нэг том арга зам юм. Жишээлбэл, царцаасан объектуудаар
завсарлага авч бойкотлох бус эрх баригчидтайгаа хамтарч бурууг нь засч залруулаад
явах ёстой. Барилгын ажил эхэлчихсэн байхад тухайн объектуудын хөрөнгө оруулалт
шийдэгдээгүй байгаа нь эрх баригчдын биш сөрөг хүчний алдаа. Энгийн сэтгэлгээгээр
харахад сөрөг хүчин саад болоод байгаагаас биш сэтгэл зовж улс орны эдийн засагт
хэрэгтэй ажлуудыг Засгийн газраар хийлгэхийн төлөө ажиллахгүй байна. Үүнийг олон
түмэн ойлгож байгаа байх.

-Сөрөг хүчнийг сэтгэл зовнидог бус саад болдог гэлээ. Харин сөрөг
хүчин эрх баригчдын алдааг нь засах гэхээр хүлээж авахгүй байна гэж мэдэгдсэнийг
юу гэж тайлбарлах вэ?

-Засгийн газрыг яг юу хий гэж шаардаад байгаа юм. Засгийн газар эрх
баригчид юун дээр нь гэдийгээд байна гэх мэтээр тодорхойгүй асуудлууд байна. Цалин
ч гэдэг юм уу баахан мөнгө шаардсан зүйлсийг батал гэсэн хэдэн зүйл хэлэх байх л
даа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед хэдэн их наядаар яригдах тоон дүнтэй төслөөс
өөр юу шаардсан юм тэд. Тэгэхээр сөрөг хүчний шийдэх гээд байгаа асуудлууд нь популист,
асар их хөрөнгө шаарддаг.

 

Түүнийг нь хийх боломжгүй гэдгийг
тэд өөрсдөө ч мэдэж байгаа ш дээ. Эндээс харахад чиглэл, зорилго нь өөр байна. Ингэж
хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрыг огцруулаад 2016 оны сонгуульд “АН-ынхан олон
Засгийн газар огцруулдаг. Муу” гэсэн, ярих зүйлтэй орох сонирхолтой байна.
1996-2000 оны хооронд яг энэ үйл явдал болсон. 51 гишүүний ирцтэй УИХ хуралддаг
байдлыг ашиглаж байнга блок тавьж Засгийн газрыг дөрвөн удаа огцруулсан. Үүнийхээ
үр дүнд “АН-ынхан засаглаж чаддаггүй, төрийг хямралаас, түмнийг ядуурлаас гаргана”
гэсэн уриатай орж байсан ш дээ. Ард түмэн ядуураад байна гэж яриад л байсан
2000-2004 онд МАН-ынхан гарч ирээд ядуурлыг арилгасан зүйл өнөөдөр харагдахгүй байгаа.
Ийнхүү 2016 онд МАН-ынхан өөрөөрөө тодрох боломж бага байгаа учраас өрөөлийг муулж
байж олон түмэнд харагдах зорилготой байна. Ийм байдлаар дээшээ мацвал эргэж унадаг
гэдгийг ойлгох ёстой. Улс төрийн асар их туршлагатай том нам үүнийг мэдэх л учиртай.
Сөрөг хүчин заавал сөрөг зүйл ярьдаг гэж ойлгож болохгүй.

-Ер нь сөрөг хүчинтэйгээ зөвшилцөөд
асуудлыг эвээр шийдээд явж болдоггүй юм уу. Заавал Засгийн газрыг огцруулахдаа тулж
нэгнээ чичлэх шаардлага байгаа юм уу?

-Ярьдаг механизмуудыг ямар нэгэн
байдлаар байнга бий болгодог. Тодорхой асуудлаар тав таван хүний бүрэлдэхүүнтэй
саяхан уулзаж ярилцаад дахин бүлэг дээрээ хэлэлцээд явсан байх жишээтэй. Ер нь ийм
эгзэгтэй үед дотоодын тогтвортой байдлыг сайтар хангаж гаднаас Үндэсний аюулгүй
байдлыг хохироож болзошгүй байдлаас сэргийлэх ёстой. Тэр дундаа цөөнх, олонхи гэлгүйгээр
улсынхаа үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд хохирол учруулсан үйлдлийг хийж болохгүй.
Тогтвортой байдлыг хангахын тулд МАН-ын бүлгийн дэд дарга гэж хэлэгдэн байж бүдүүн
бүлгийг байгуулж зөвшилцлийг хийгээд явж байсан түүх надад бий.

-Засгийн газрын ажлаа хийдэггүй
зарим гишүүдийг явуулах ёстой гэдэг зүйл бас яригдаж байгаа?

-Тийм яриа, санаа бодлууд байна.
Нэг жишээ нь Х.Тэмүүжин сайдыг огцруулах шийдвэрийн төслийг санаачилсан байна. Ингээд
Х.Тэмүүжин сайд үнэхээр алдаа гаргасан уу гээд үзэхээр үндэслэлүүд нь хангалтгүй
харагдаж байх жишээтэй. “Х.Тэмүүжин сайд тийм зүйлтэй холбогдсон байж болзошгүй”
гэсэн үндэслэлээр  огцруулах шаардлага тавьж
байгаа нь арай л хөнгөдсөн үйлдэл. Ер нь Засгийн газарт кабинетийн бүрэн ойлголцлын
доголдлууд байна уу гэвэл байна. Кабинет зарим асуудал дээр санал зөрүүтэй байна.
Эвсэл болсон намууд эвгүй байна. Эвсэл болсон намын нэг гишүүн нь Засгийн газрынхаа
гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьж байгаа нь үнэхээр эргэлзээ төрүүлж байна.
Үүнийг засч залруулж, нэгдмэл ойлголт өгөөд явах нь Засгийн газрын үүрэг. Ийм асуудлыг
хамгийн эцсийн шаардлага буюу огцруулах хэлбэрээр ярих нь зөв эмчилгээ биш.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Н.Гаравсүрэн: Гэмт хэрэгтэн буудсан хүнийхээ зургийг зураад гэртээ сууж байхад нь баривчилж байв

Нийслэлийн цагдаагийн газ­рын дарга, Цагдаагийн ерөнхий
газрын тэргүүн дэд дарга асан хурандаа Н.Гаравсүрэнтэй хий­сэн ярилцлагынхаа
үргэлж­лэлийг хүргэж байна.

 
-1989-1990 оны жагсаал цуг­лааныг цагдаагийн байгууллага
амжилттай даван туулсан гэдэг­тэй хүн бүр санал нэгдэх байх. Харин 2008 оны
долдугаар сарын 1-нд болсон жагсаал үймээний үеэр цагдааг муу ажилласан гэдэг.
Энэ талаар ямар санаа бодолтой явдаг вэ?

-Цагдаа
1990 оны жагсаал цуглааны үеэр их сайн ажилласан. Тэгж хэлэх ч эрхтэй. 2008 оны
долдугаар сарын 1-ний үйл явдал хуулиа биелүүлээгүйгээс болоод хохирол их
амссан. Энэ талаар яримаар юм олон л байна. 1993 онд батлагдсан Цагдаагийн
бай­гуул­лагын тухай хуулийн 42 ду­­гаар зүйлийн 2-т олон хүнд нөлөөлөх тусгай
хэрэгсэлд да­раахь хэрэгсэл хамаарна гэж заа­сан байдаг. Нэгдүгээрт, олон хүнд
нэг зэрэг нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, хоёрдугаарт, усан
хөөрөг, гурав­дугаарт утаан хөшиг зэргийг ний­тийн эмх замбараагүй байдлыг
таслан зогсоох, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгааг таслан зогсоох,
байгууллага иргэдийн мэдэлд байгаа барилга байгууламж, орон байрыг эзлэн авсан,
гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх, хориглон эсэр­гүүцэж байгаа
сэжигтэн, яллаг­дагч, шүүгдэгч, ялтныг баривчлах үед цагдаагийн алба хаагч олон
хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэж болно” гэж маш тодорхой заагаад
олон жил болж байсан. Гэтэл хуульд заасан олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслээр
цаг­даа хангагдаагүй, гар хоосон байсны гайгаар долдугаар сарын 1-нд болсон үймээний
үед таван хүний алтан амь үрэгдэж, олон хүн эрүүл мэндээрээ хохирч, улс,
нийтийн байгууллагуудад их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирч, хүмүүсийг
бөөнөөр нь барьж шийтгэсэн зэргээр тоочоод баршгүй хохирол гарч, нийт ард түмэн
одоо ч сэтгэл санааны дарамттай байна. Цагдаагийн байгууллагын тухай хууль
гараад арав гаруй жил өнгөрсөн байхад энэ хуулийн дээр дурдсан олон хүнд
нөлөөлөх тусгай хэрэгслээр Цагдаагийн байгууллага хангагдаагүй, хангахыг
хүсээгүй байснаас бүх зүйл болсон гэж бид үздэг. Хэрвээ хуульд заасан тусгай
хэрэгслүүдээр цагдаагийн байгууллага хангагдсан байсан бол долоон сарын 1-ний
гэх тэр хүнд гарз хохирлуудыг амсахгүй байж болохоор урьдчилан сэр­гий­лэх
боломж байсан гэж бод­дог. Хуулиа биелүүлдэггүй, хуу­лиа эргэж хардаггүй байсаар
иргэ­дээ хохироодог үзэгдэл ахин бүү гараасай гэж бодох юм. Долоон сарын 1-ний
үймээний үед цагдаагийн байгууллагын хамгаалалт, хэв журам сахиулах ажлыг
удирдан зохион байгуулах ажлыг нэг гараар удирдаагүй, олон хүн тал талаас
тушаал өгч, самгардуулснаас байгаа хүчээ зөв, оновчтой ажиллуулж чадаагүй, хэв
журам сахиулах ажлыг хяналтаасаа гаргасан нь гашуун сургамж болсон байх.

-Өдгөө цагдаагийн байгуул­лага иргэдийн дунд нэр хүнд
муутай байгаа. Энэ юутай холбоотой вэ?

-Цагдаагийн
байгууллагын ажил иргэдийн нүдэн дээр ил тод явагддаг. Энэ ч утгаараа олон
санал гомдол дагаж байдаг. Цагдаагийн нэр хүнд муу байгаа нь үнэн. Эрүүлжүүлэх
байранд гэхэд нийслэлийн хэмжээнд хоногт зуу гаруй хүн хонодог. Дээрх тоог
жилээр нь авч үзэх юм бол их тоо гарна. Эрүүлжүүлэх байранд хоноод явсан
хүн  “Миний цагдаа намайг сайхан
эрүүлжүүлж өгөөд гаргалаа” гэж хэлдэггүй л байхгүй юу.”Тэр мөрдөн байцаагч
надад мөн ч сайхан ял төлөвлөсөн байна” гэж хэлэхгүй. Нэг талаас нь харж үзэх
юм бол ажил мэргэжилтэй холбоотой. Харин нөгөө талаасаа цагдаа их өндөр ёс
суртахуунтай, тэсвэр тэвчээртэй байх ёстой. Хамгийн гол дутагдаж байгаа зүйл нь
энэ. Ёс суртахуун гэдэг нийгмийг эрүүлжүүлэх дархлаа. Цагдаагийн албан хаагч
бусадтай харилцах чадвар эзэмшсэн байхаас бүх зүйл эхэлдэг. Цагдаа нээлттэй,
өөрийгөө танил­цуулдаг байхаас ёс зүй эхэлж байгаа юм. Тиймээс цагдаа нарт
сургалт сайн хийх хэрэгтэй. Харилцаа, мэргэжлийн өндөр түвшин гэх мэт зорилтод
сургалтыг явуулах хэрэгтэй юм шиг харагдаад байна. Тухайлбал, ууртай цагдааг
яах вэ гэдэг ч юм уу. Цагдаагийн албан хаагч юу юугүй уурлаад байдаггүй. Дандаа
цагдаагийн зөв байна гэж бас байхгүй. Тиймээс иргэддээ талархаж чаддаг. Буруу
зүйл хийсэн бол эргээд уучлалт гуйдаг байх нь чухал. Дараагийн нэг том зүйл нь
цагдаагийн иргэншлийн асуудал. Би саяхан нэг хуралд сууж байлаа. Тэгсэн Булган
аймгийн ИТХ-ын дарга “Манай аймгийн цагдаа иргэншиж байгаа” гэж ярих юм. Дараа
нь Шүүхийн дарга, бас жирийн нэг иргэн “Манай аймгийн цагдаа нар иргэншиж
байгаа” гэж байна. Тэгэхээр нь  хуралд
оролцож байсан иргэнээс цагдаа иргэнших гэж юу гэж байгаа юм гэж асуулаа. Тэр
хүн “Би согтуу явж байгаад эрүүлжүүлэх байранд хоночихдог байсан юм. Саяхан
согтуу явж байгаад  цагдаатай таартал
гэрт хүргэж өгсөн” гэж ярьсан. Иргэд ийм л зүйл цагдаагаас хүлээж байна.
Тиймээс энэ талаар бодох, иргэддээ үйлчилж тусалдаг байвал болно. Энийг  иргэнших явдал гээд байгаа юм.

-Таныг Хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байхад
гэмт хэргийн илрүүлэлт  сайн байсан
гэсэн. Хан-Уул дүүрэгт гарсан хүн амины хэрэг дээр ажиллаж байсан гэдэг байх аа?

-Намайг
Нийслэлийн цагдаа­гийн газрын даргын ажлыг авс­ны дараа хэрэг илрүүлэлт сайн
байсан гэж хэлж болно. Бүр Ар­дын хурлын депутат хурлын үеэр “Хотын цагдаагийн
газар их сайн ажиллаж байна. Хөдөө, орон нутагт хүн хүч болон техник, хэрэгсэл
дутуугаас ажлын үзүүлэлт муу гарч байна” гэж ярьж байлаа. Баянзүрх дүүргийн
Уламбадрах даргатай хэлтэс, Баянгол дүүргийн Сайнбаяр даргатай хэлтэс гээд сайн
ажиллаж хэлтэс нэлээд бий.  1991 оны
арваннэгдүгээр сард Яармагт гудамжинд нэг хүнийг буудаж, аминд нь хүрсэн хэрэг
гарсан. Өглөө ажилдаа явж байсан хүнийг буудаад аминд нь хүрчихсэн байсан.
Хан-Уул дүүргийн Сангарагчаа даргатай 
хэлтсийнхэн хэргийг илрүүлэхээр ажиллаж байв. Би ажил дээрээ сууж байсан
утас дуугарлаа. Аваад ярьсан чинь өөдөөс нэг эрэгтэй “Гудамжинд хүн
буудуулчихаад байхад чи юу хийж байна вэ” гэж асуучихаад утсаа салгачихсан.
Тэгээд хэрэг юу болж байгааг тодруулахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс
орлоо. Улмаар хэргийн араас шалгах ажилд оролцсон хэрэг. Удалгүй хэрэг ч
илэрсэн. Талийгаачийг таньдаг хүн нь буудчихсан байсан. Түүнийг баривчлахаар
очиход буудсан хүнийхээ зургийг зураад сууж байсан. Буугаа гэрийнхээ гадаах
нүүрсэнд булчихсан байсан.

-Депутат гэснээс та Сүхбаа­тарын районоос Ардын хурлын
депутатаар сонгогдож байсан гэдэг. Энэ талаараа ярихгүй юу?

-Сүхбаатарын
районоос Ардын хурлын депутатаар сонгогдож байсан. Шинэ үндсэн хууль бат­лалцах
ховорхон завшаан ол­дож байсан юм. Цагдаагийн байгууллагаас Р.Ёндондэмбэрэл
хурандаа бид хоёр оролцож байлаа. Одоо УИХ-д цагдаагаас хүн сонгогдоно гэвэл
хэцүү байх байлгүй. Тэр үед ямар ч байсан иргэдийн сонголтоор гарч ирсэн юм.
Тэгээд үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд нийгмийн дэг журмыг хангах нь төрийн
үүрэг мөн гэсэн өгүүлбэрийг оруулж байсан.

-Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа
цагдаа нарын хувцсыг сольж байсан. Тэр үед одоогийнх шиг цагдаагийн хувцастай
хол­боотой шүүмжлэл байсан уу?

-Байлгүй
яахав. 1993 онд цаг­даа­г­ийн хувцсыг сольж байлаа. Сая хуучин гээд солигдсон
хувцас шүү дээ. Хар өнгөтэй хувцас, савхин куртик, үстэй дотортой дээл, ажлын
маягийн түрийтэй хар гутал гээд бүгдийг нь өөрчилсөн. Мөнгө төгрөг муутай
байсан боло­хоор санаандаа тултал сайн хувцас бэлдэж чадсангүй гэж бодож
байлаа. Цагдаа нар ч шинэ хувцсаа өмслөө. Тэгсэн цагдаа нарт ял хувцас өмсгөлөө
гээд шүүмжлэх хүмүүс олон гарч ирсэн. Беретекэн малгай, савхин куртик, түрийтэй
гутал өмссөн цагдаа тухайн үед шоронгийн хоригдолтой адилхан харагдаад байна
гээд л шүүмжилж гарсан. Одоо тэр  хувцсаа
санагалзаад байна. Энэ бол сэтгэл зүйн асуудал шүү дээ.  Биед эвтэйхэн, хөнгөн нимгэн байвал ямар ч
хувцас хамаагүй шүү дээ. Зөвхөн ажлаа сайн хийж чаддаг байх нь чухал. 

-Тантай хамт ажиллаж байсан хүмүүсээс  хэрэг хурдан илрүүлдэг, үлгэр жишээ ямар  хүмүүс байв?

-Цагдаагийн
байгууллагаас олон сайхан хүмүүс төрсөн байдаг. Тэдгээр хүмүүс дундаас Гавьяат
хуульч Рэнцэнхорлоо гэж хүн байна. Энэ хүн цагдаагийн байгууллагын дарга,
орлогчоор 22 жил ажилласан.  Орчин цагийн
цагдаагийн байгууллагын түүхийг авч үзэх бол заавал энэ хүнтэй холбогдоно.
Хэрэг илрүүлэхдээ дайчин шуурхай ажилладаг байлаа. Гавьяат хуульч, хүн амины
хэргийн Дамдинсүрэн, мөн гавьяат  хуульч
Дамдин, Толгойдоо сумтай Гончигдорж гэх хүмүүсийг нэрлэж болж байна.
Гончигдоржийн хувьд толгойдоо буудуулаад сум толгойд нь байгааг мэдэлгүй олон
жил явсан байдаг. Гавьяат хуульч Р.Өлзийбуян гэмт хэргийг сайн мөрддөг мөн
П.Баасанжалбаа, Эрүүгийн цагдаагийн даргаар ажиллаж байсан Д.Чулуунбаатар,
Д.Мөрөн, А.Дулаанжаргал гээд тухайн цаг үедээ шижигнэж, бусдадаа зөв үлгэр
дуурайлал болж байсан залуус олон бий. Эдгээр хүмүүс улсын хэмжээнд гайхагдаж
явсан хүмүүс шүү.

-Та одоо цагдаагийн ахмадын даргын албан тушаал хашиж
байна уу?

-Энэ
ажлыг хийгээд арав гаруй жил болж байна. 
Монгол Улсын хэмжээнд цагдаад ажиллаж байсан гурван мянга гаруй ахмад
бий. Тэдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалах гачигдал, зовлон гарлаа гэхэд
ажиллаж байсан газартай нь холбож өгөх гээд л хүмүүнлэгийн чиглэлийн голдуу
ажил хийж байна даа. Цагдаад ажиллаж байсан 12 хүнийг шинэ байранд оруулж
өгчихөөд л сууж байна. Цагдаа гэх энэ том айлын хашаанаас гараагүй ойролцоохон,
бараадаад байж л байна.

Бид хоёрын яриа энд хүрээд өндөрлөсөн юм. Эл эрхэм
цаг­даагийн байгууллагын амьд архи­вуудын нэг. Тэрбээр Нийслэлийн цагдаагийн
газрын нэгэн өрөөг 1970 оны үед ашиглаж байсан гэх утас, ширээ, цайны данх
зэргийг тохижуулан ахмад цагдаа нараа хүлээн авч уулзаад, элдвийг хуучлан,
инээлдэн суух ажээ.

 

Э.ХҮРЭЛБААТАР    

Categories
редакцийн-нийтлэл

Л.Эрдэнэчимэг: МАН-ынхан гудамжинд гарчихаад яаж амьдрах ухаанаа олж чадахгүй байгаа юм биш үү

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

 
-Улс төрийн амьдрал ид буцалж байна.
Ялангуяа Засгийн газрын 17 сайдыг огцруулах ёстой хэмээн Ардын намын зүгээс байр
сууриа илэрхийлээд байгаа. Үүн дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байна гэдгийг миний хувьд
эсэргүүцдэг. Учир нь Үндсэн хуулиндаа анх нэг нь хууль тогтоох байгууллага, нөгөөх
нь гүйцэтгэх байгууллага түүнийгээ хянах ёстой хэмээн Монгол Улс 1990 оноос хойш
өнөөдрийг хүртэл явж ирсэн. Харин Үндсэн хуульд хийсэн өөрчлөлтийг би хувьдаа ухарсан
өөрчлөлт байсан гэж үздэг. УИХ-ын гишүүд маш их ажилтай байдаг. Түүн дээр нэмээд
сайдын ажлыг давхардуулан хийнэ гэдэг нь тодорхой хэмжээнд ажил цалгардана гэсэн
үг. УИХ-ын гишүүдийн зүгээс өргөн барьж батлуулсан хуулиуд дээр хяналт тавих тогтолцоо
тодорхой хэмжээнд алдагдана. Зарим үед сайд гишүүд энгийн гишүүдийнхээ үгэнд орохгүй,
хууль хэрэгжүүлэхэд хойрго хандах гэх мэт зүйлс ажиглагддаг. Тиймээс анх Үндсэн
хуулиндаа заасны дагуу сайд нь сайдаараа, УИХ-ын гишүүн нь гишүүнээрээ байх ёстой.
Одоогийн Засгийн газар маань Шинэчлэлийн Засгийн газар гэсэн уриатай гарч ирсэн.
Энэ хүрээндээ ч маш хүчтэй шинэчлэл хийх ёстой. Гортигоор тойрог татаж үзвэл
180 градус шинэчлэл хийх ёстой гэж итгэл хүлээн харж байгаа. Тиймээс дөрвөн жилийнхээ
хугацаанаас нэгэнт хоёр жилийг нь үдээд буй Засгийн газрыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах
шаардлагатай. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд Засгийн газар бүхий л хийх ажлуудынхаа
суурийг сайн гаргаж өгсөн гэж боддог. Тийм болохоор цаашид яг ид хийж бүтээх үед
нь тээг бололгүй дэмжээд ажиллуулбал үр дүн гарна. Ард түмэн, УИХ-ын гишүүд асар
их хүлээлттэй байна. Сайдуудыг ажлаа хийх боломжийг олгоод дараа нь харин үр дүн
хариуцлагын асуудлыг ярих хэрэгтэй болов уу.

-Хугацааг нь та 2016 оны долдугаар сарын
нэгнээс мөрдөх ёстой гэж үзэж байгаа юм байна. Эртнээс л сайд болох уу, гишүүн болох
уу гэдгээ сонгоогүйгээс өнөөдрийн байдалд хүрсэн юм биш үү?

-Ямар ч байсан энэ засгийн үр дүнг нь харах ёстой. Шинэ хуулиа
2016 оны долдугаар сарын нэгнээс дараагийн Засгийн газар гарч ирэх үеэс эхлэн мөрдөх
нь зөв. Сонгуулийн өмнө дараагийн Засгийн газрын үед сайд болох уу, УИХ-ын гишүүн
болох уу гэдэг сонголтоо хийчихсэн байх ёстой. Хэрэв тэгсэн үед одоогийнх шиг хэл
ам гарах нь бага байх болно. Харин одоо Засгийн газрыг унагаана гэдэг дээр санал
нэгдэхгүй байгаа.

-Засгийн газрын үйл ажиллагаанд ямар
дүн тавих вэ. Сөрөг хүчний зүгээс хүчтэй дайралтуудыг хийж, байр сууриа илэрхийлээд
байгаа?

-Засгийн газрын сайдууд их хичээж байгаа гэж боддог. Шинэчлэл
хийнэ гэдэг ганц хоёрхон жилийн дотор бий болгочихдог зүйл биш. Х.Тэмүүжин сайд
гэхэд л хууль зүйн салбартаа шинэтгэл хийх гээд зүтгээд байхад түүнд нь гай болох
гэсэн ямар ч олон зүйлс гарч ирдэг юм. Энэ мэтчилэн сайд бүрийн өмнө том бул хар
чулуунууд байгаад байна.

Эдийн засаг хүндэрсэн гэдэг нь эрс мэдрэгдэж байна. 2012 оны
нөхцөл байдал өнөөдрийн байгаа эдийн засгийн өөрчлөлт хоёрын дунд асар их ялгаа
гарсан. Үүнийг сонгогчидтой уулзаад явж байхад илүүтэй мэдэрлээ. Саяхан тойргоороо
явахад хүн бүр л хэцүү байгаа тухайгаа цухалдан хэлж байна. Үүнд ард түмэн бид ч
буруутай. Монгол Улс маань жаахан мөнгөтэй болохоор л бүгд цамаан загнаж, дэндүү
үрэлгэн байдалтай ханддаг. Эдийн засаг хүндэрсэн нь засгаас шалтгаалах, шалтгаалахгүй
олон хүчин зүйлсийн нөлөөллөөс бий болсон. Наад зах нь гэхэд дэлхийн эдийн засгийн
хямралын нөлөө мэдрэгдэж байх жишээтэй. Тиймээс Засгийн газар хямралтай байгаа шүү,
ард иргэд бүсээ чангалах хэрэгтэй гэдгийг зарлах ёстой.

-Ерөнхий сайд хэлснээсээ болоод буруудаад
байгаа юм биш үү?

-Засгийн газрын зүгээс түүнийгээ зарлах гэдэг боловч түүн
дээрээ байнга уначихдаг гэмтэй. Ерөнхий сайд “Заавал өндөг идэх албатай юм уу” гэсэн
нь “Бид хямралтай байгаа шүү. Тиймээс төсөв мөнгөө бодолцооч ээ” гэж хэлсэн байгаа
юм. Гэтэл түүнийг нь өлгөж аваад тоглолт хийчихээр Ерөнхий сайд дахин хэлж чадахгүй
болчихож байна. Гэхдээ түүнээс айх хэрэггүй. Жишээлбэл, өнөөдөр бид 100 төгрөг бус
50 төгрөгөөр амьдрал ахуйгаа авч явах хэмжээнд байгаа энэ үед хувь хүн болон ар
гэрийнхээ төсөв дээрээ анхаараач ээ, хэмнэлттэй амьдраач ээ гэдгийг зарлах ёстой
гэж бодож байгаагаа хэлье. Тансаг хэрэглээнээсээ татгалзъя гэдгээ шууд хэлчих л
ёстой байгаа юм. 2009 онд айхтар хямрал болоход түүнийг нь зарлаад хэлчихэж чадсан.
Түүний дүнд хүмүүс өнөөдөр үрэлгэн амьдарч болохгүй юм байна гэдгээ ойлгож байсан.
Түүн шиг хямрал ирж байгаа энэ үед Ерөнхий сайд шууд хэлж байх нь зөв гэж бодогддог.

-Ардын намын зүгээс Засгийн газрыг огцруулбал
сайхан болчих юм шиг юм яриад байна. Таныхаар сөрөг үр дагаврууд олон л ажиглагдаж
байгаа байх?

-Наад зах нь гэхэд энэ хавар эхлэх бүтээн байгуулалтын ажлууд
хойшлогдоно. Сайдыг сольсны дараа хэн араас нь сайд болж ирэх юм. Шинэ сайд нь ажлаа
хүлээж авч, салбартайгаа танилцсаар байтал дор хаяж нэг хоёр сар болно. Гэтэл өнөөдөр
тендер зарлагдан, ажлаа эхлүүлэхээр цаг хугацаатай уралдаж байгаа энэ үед Засгийн
газрыг сольж болохгүй. Үнэхээр өрөвдөлтэй санагдаж байна. Арай ч ийм зүйл болохгүй
байх аа.

-Ардын намын энэ байр суурь ард түмэнд
ашиггүй, харин өөрсдөд нь дараагийн сонгуульд гарч ирэхэд түлхэц болох улс төрийн
шоу гэж байна?

-МАН-ын боловсон хүчин улсын төсвөөс цалинжаад, улсын төсвөөс
л амьдралаа залгуулаад сурчихсан хүмүүс байдаг гэж би хувьдаа боддог. Засгийн газрын
гадна талд байхад төрийн албан хаагчид гэж тийм л хүмүүс байсан. Талх зарж амьдралаа
залгуулж мэддэггүй тийм л хүмүүс байсныг мэдэх юм. Өнөөдөр бүгдээрээ гудамжинд гарчихаад
яаж амьдрах ухаанаа олж чадахгүй байгаа юм биш үү. Засгийн газрыг огцруулаад эвслийн
Засгийн газар байгуулан амьдралаа аваад явчихаж чадахгүй байгаа хүмүүсээ албан тушаалд
хүргэж амьдралыг нь залгуулах гэсэн арчаагүй оролдлого юм болов уу.

-Засгийн газрыг цаашид хэрхэн ажиллуулж
байж энэ хүндрэлүүдээс гарах вэ?

-Би бизнесийн салбараас УИХ-д орж ирсэн. Анх бүх зүйлийг тэгээс
эхэлж байсан болохоор жижиг дунд бизнесийг маш их дэмждэг. Манай оронд жижиг бизнес
эрхлэгчид нь эмэгтэйчүүд байдаг. Энэ утгаараа зах зээлийн нийгэмд байгаа капиталист
орон юм уу, социалист орон юм уу гэдгээ бодож үзэх ёстой. Би бол капиталист нийгэм
гэж итгэн Ардчилсан намд элсэн төр түшилцэж байна. Тэгэхээр чөлөөт зах зээл, хувийн
өмч, жижиг бизнесийг дэмжих хэрэгтэй. Энэ тал дээр аль ч засаг гараад юу ч хийгээгүй.
Өнгөрөгч 20 жилийн хугацаанд Засгийн газраас хувийн бизнесийг дэмжсэн ямар нэгэн
таатай нөхцөл боломж олгосныг үнэндээ мэдэхгүй. Үүнийг энэ засгийн үед л хийх ёстой.
Бизнес тэр дундаа жижиг бизнесийг дэмжсэн үйл ажиллагааг түргэн хийх шаардлагатай.
Улс орон гэдэг бизнесийн салбарынхаа нуруун дээр явдаг. Бид Засгийн газраа шүүмжлэх
биш Засгийн газартайгаа хамтраад, дэмжээд явах учиртай. Миний хувьд Ерөнхий сайдад санал тавьсан байгаа.

-Ямар учиртай юун санал юм бэ?

-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд энэ салбарыг үнэхээр сайн мэддэг
болсон. Тиймээс жижиг бизнес эрхлэгчдэд ямар хүндрэл байгааг мэддэг
тул аливаа болохгүй байгааг илүү сайн олж харна гэж бодож байна. Жижиг бизнесийг
дэмжих Засгийн газрын хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилламаар байна гэдгээ хэлсэн юм.
Тавдугаар сард жижиг бизнес эрхлэгчдийн томоохон чуулган хийхээр төлөвлөж байгаа.
Яагаад үүнийг яриад байна гэхээр дээр хэлсэнчлэн жижиг бизнесийг эмэгтэйчүүд хийдэг
учраас тэр л дээ. Жижиг дэлгүүр, гуанзыг эмэгтэйчүүд л ажиллуулдаг. Тэд ажилдаа
дарагдаад засаг юу ярьж байна, хууль дүрэм яаж гарч байна гэдгийг мэдэж чаддаггүй.
Наад зах нь асуудлыг хөнгөвчлөхийн тулд НӨАТ-ын хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Одоо
НӨАТ-ын босгыг 50 сая байхаар ярьж байгаа. Үүнийгээ даруйхан хийхгүй бол сар бүр
10 сая төгрөгийн НӨАТ-ын тайланг бичих гэж жижиг бизнес эрхлэгчид зовдог байхгүй
юу. Энэ мэт жижиг ажлуудаас нь чөлөөлөөд өгчих хэрэгтэй. Сая Австрали яваад 26 сая
хүн амтай энэ улсад гурван сая бизнес байдгийг мэдлээ. Гурван сая жижиг бизнесээс
татвараар улсдаа мөнгө төвлөрүүлдэггүй юм байна. Харин нийт ажлын байрны 46 хувийг
бий болгодог. Тэд өөртөө ажлын байр бий болгоод доороо хоёр хүн ажиллах ажлын байр
бий болгочихоод тэндээсээ татвар авалгүйгээр цалингаас нь хувь хүний орлогын албан
татвар авдаг юм билээ. Тэр нь төсөвтөө маш их мөнгө болон орж ирдэг гэж байсан.
Түүгээр нь жижиг бизнесийг дэмжих сайн орчин болж өгдөг. Австрали улс жижиг бизнес,
уул уурхайгаа хөгжүүлж чадсанаараа өнөөдрийнхөө өндөрлөгт хүрсэн. Түүнээс аж үйлдвэр
гээд байх зүйлгүй. Манай оронд өөрөө өөрсдөдөө ажлын байр бий болгох нөхцөл хангалттай
байдаг.

-Эдийн засгийг сэргээх гол хүчин зүйл болсон Оюу толгойн хоёр
дахь шатны гэрээний ахиц хэр байна. Намын бүлгийн хурал болон бусад үед мэдээлэл
авч байна уу?

-Яг
ингэнэ тэгнэ гэсэн тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа. Бидний зүгээс эдийн засгаа
сэргээх гол хүч болсон Оюутолгой, Тавантолгойгоо яаравчлах хэрэгтэй гэдгийг хэлээд
байгаа. Бүлгийн хуралд суугаад байгаа хирнээ Оюутолгой, Тавантолгойгоо яах эгж байгаа
талаар мэдээлэл авч чадахгүй байна. Ямартай ч уул уурхайгаа сэргээх нь зөв. Алтны
хуулийг нь батлаад өгчихсөн тул Монголбанкиндаа алтаа тушаах нь нэмэгдвэл энэ зундаа
эдийн засаг сэргэлт авах болов уу гэж бодож байна.

 

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Д.Сугар: Энэ төрийн нүүрэнд л шалгуулаад учраа олмоор байна, санаа бүү зов

-МИНИЙ ХҮҮ АЛДСАН,
БИ ӨМӨӨРӨХГҮЙ, АЛДААГАА ЗАСАХ ӨДӨР ИРНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙНА-

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар сүүлийн үед олны анхаарал
тат­сан олон хэрэгт нэр нь холбогдож, тэр байтугай төрсөн хүү нь хар тамхины хэргээр  анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа. Энэ бүхний
талаар түүнтэй ярилцлаа.

-Ойрд
та их л шал­гуулж байгаа дуулдана. Одоогоор асуудал ямар шатандаа явж байна. Авлигатай
тэмцэх газ­раас өнгөрсөн баасан гаригт таны 
талаар сэт­гүүлчдэд мэдээлсэн байна лээ.

-Шалгаад байгаа, тог­тоо­гоод байгаа гээд хэвлэлийнхэн л шуугиад
байх юм. Гэтэл “Чи ийм юманд холбогдчихлоо, шалгана” гээд дуудсан газар, уулзсан
хүн алга л байна. Би харин ч шал­гуулж учраа олмоор байдаг. Аль 2013 оны гуравдугаар
сарын 18-ны Үндсэн хуулийн Цэцийн албан бичиг, миний бичгээр гаргасан хүсэлтэд ийм
л юм байгаа.

-Нэгэнт
Авлигатай тэмцэх газар албан ёсоор  мэдээлэл
хийсэн бо­лохоор хэвлэлийнхэн мэ­дээлэх үүргээ л гүй­цэтгэнэ шүү дээ…

-Үндсэн хуулинд гэм буруу нь шүүхээр тогтоогоогүй байхад гэмт хэрэгтэнд
тооцож болохгүй заалт бий. Мөр­дөн байцаалтын нууц­тай холбоотой хууль бий. Хуулийн
ийм л тодорхой заалт байсаар байтал гүйцэтгэх ажлын шугамаар авсан бат­лагдаагүй
материалаа цагдаа нь өөрөө хэвлэлд аваачиж өгөөд, түүнийг нь хэвлэл аль хэдийн алийгаа
алдсан гэмт хэрэгтэн мэтээр зарлах нь Үндсэн хуулийн зарчмын асуудал шүү. Тэр байтугай
хэргээ хүлээчихсэн гэмт хэрэгтнийг ч хүнийх нь хувьд эрхийг нь хуулиар хамгаалах
л зарчимтай.

 

-Гэвч
тэр мэдээллээс харахад таныг шалгаж байгаа нь бол үнэн л гэж ойлгосон доо….

-“Авлигатай тэмцэх газрын хөрөнгө орлогын мэдүүлэг хариуцсан мэргэжилтэн
уулзаж тайлбар авсан. Хуучин өөр ажил дээр байх үеийн юм асуугаад байна лээ,  их бэлтгэлтэй, цаанаасаа даалгавартай нь мэдэгдээд
л байна. Гэхдээ ажлаа хийж байгаа хүнийг би юу гэхэв дээ. Харин бүх хүнийг л адилхан
ингэж шалгаад хэвшүүлчихвэл нийгэмд хэрэгтэй. Хуучин ч энэ асуудалд баахан хайхрамжгүй
хандацгаадаг байлаа шүү  дээ, үнэндээ.

-Та  хөрөнгө орлогоо дутуу мэдүүлсэн үү. Гадаад дахь
оффшор данс, үл хөдлөх хөрөнгөө мэдүүлээгүй нь батлагдсан гэх юм. Бодвол шалгаж
үзээд л ийм дүгнэлтэнд хүрч дээ…

-Би өөрийгөө ямар ч зөр­чил гаргаагүй гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ
тэр хэлээд байгаа шиг олон янзын мөнгө байгаагүй. Хэдэн төгрөгөө банкинд түр хийж,
түүгээрээ байр аваад зарс­ныг бүгдийг нь нэг хавт­гай дээр тавьчихаад одоо өнөөдөр
ийм л олон мөнгө хөрөнгө, обьекттой болгож харагдуулаад байгаа нь л хэцүү. Тэгээд
ч энэ чинь 2007-2010 оны үед гарсан зөрчил, захиргааны зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа
нь ч аль хэдийн өнгөрчихсөн. Шинэ ажилд 2012 оны тавдугаар сарын 8-нд ороод хөрөнгө
орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд зургадугаар сарын 1-нд бөглөсөн байна. Үүний
урд тавдугаар сарын 31-нд хүнээс авах ёстой 113 сая төгрөгөө авч өрөндөө өгсөн бөгөөд
зургадугаар сарын 1-нд аль хэдийнээ минийх биш болсон учир хөрөнгө орлогын мэдүүлэгт
бичих шаардлагагүй л гэж үзсэн. Одоо ч тэгж л бодож байна. Өө эрээд л байвал наран
дээрээс ч толбо олдоно.

-Авлигатай
тэмцэх газ­раас хэвлэлийнхэнд мэдээ­лээд байгаа байрнууд тэгээд танд ямар ч хамаагүй
хэрэг үү. Тус газрын мэдэгд­сэнээр болон хэвлэлд бич­сэ­нээр бол та их баян хүн
шиг?

-За би амьдралынхаа байд­лыг яг байгаагаар нь хэлье. Орох орон унах
унаа төдий юм байна. Хүмүүс намайг хазайсан дээр түлхчихгүй бол нэг гайгүй байрны
мөнгө байгаа байх. Одоо амьдарч байгаа байр их хуучирч байгаа учир нэг байртай болох
бодол бий. Бэлгэнд ирсэн 1-2 хурдан морь байгаа. За ингээд болчихлоо. Одоо үүнийг
уншсан хүн баян гэнэ үү, ядуу гэнэ үү өөрөө шийднэ биз. Энэ бүгд хөрөнгө орлогын
мэдүүлэгт ном ёсоороо байгаа. Энэ зэргийн айл, та нарын мэдэхээр  олон л байгаа. 

-Хонконгод
данстай гэсэн үнэн үү, мөн МИАТ-ийн гэх хэрэгт ял авсан Хорол­сүрэнгийн нэр дээр
хадгалуулсан таны мөнгө байдаг гэсэн, Япон, Солонгост үл хөдлөх хөрөн­гөтэй гээд
хаягийг нь тодорхой хэлсэн байна лээ. Тэгэхээр итгэхгүй гээд яах билээ..

-Яг өнөөдөр гадаадад нэг ч долларын хадгаламж, барилга, хөрөнгө байтугай
барилгад хэрэглэх тоосго ч алга. Насаараа төрийн алба хашсан минь үнэн. Харин албаа
муу хааж байгаагүй юм шүү. Хүн байтугай адгуус амьтан ч ижил хань, үр төлөө тэжээх
үүрэгтэй. Би ч цалингийн хажуугаар юухан хээхэн олж үр хүүхэд, хань ижлээ өлсгөчихгүй
байхыг хичээдэг байсан. Гэхдээ зөвхөн хуулийн хүрээнд. Бүр 1992 онд хүнсний дэлгүүр
хувьчилж авч байлаа. Тэр үед хөрөнгө орлогын мэдүүлэг гэж байгаагүй. Ингээд
2001 онд “ҮҮЦ” ХК-ийг хувьчилж аван ажиллуулж орлого, дивиденд авдаг, түүнийгээ
тухайн үеийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яг таг бичдэг байлаа. Өөрийн эзэмшдэг хувиа
2007-2008 онд хамтрагчдаа 603 мянган доллараар зарж энэ тухай хөрөнгө орлогын мэдүүлэгтээ
бичсэн. “Зууны мэдээ” сонины 2007 оны наймдугаар сарын 1-ний лхагва гаригийн дугаар
төрийн албаныхны хөрөнгийн жагсаалтыг хэвлэсэн. Эндээс харагдсан зураг гэвэл өчүүхэн
миний орлого одоогийн олигархиуд гээд байгаа тэр үеийн мундаг бизнесмэн-улстөрчдийн
хамгийн томынхоос гурав дахин их  болж байсан.
Ингэж олны анхаарал татах болсон нь надад хүндээр туссан. Түүнээс гадна ихэнх нь
хөрөнгө орлогын мэдүүлгээ худлаа бөглөдөг нь ч ойлгомжтой боллоо. Ингэж боловсронгуй
бус нийгэм жирийн  шударга гишүүнээ зөрчил
рүү түлхэж, би энэ орлогоо мэдүүлэхээ зогсоосон л алдаатай хүн.

Шаазгай зүү олоод хийх газраа олдоггүйн үлгэрээр энэ жаахан мөнгөө
таван хувийн хүүтэйгээр хүнд зээлүүлж, дараа нь банкинд хадгалуулж түүгээрээ Японд
байр авч, түүнийгээ мөн зарж, тэр мөнгөөрөө Солонгост байр авч дараа нь зарсан.
Нэг л хэдэн төгрөг эргэлдээд явж байгааг өнөөдөр баахан хадгаламж, олон газар үл
хөдлөх хөрөнгө байгаа юм шиг зориуд сурталчилж байна. Тэр албан ёсоор өгсөн мэдээллээс
дүнг нь сонссон байх. Япон, Солонгост 2-3 өрөөтэй байрны үнэ манайхаас ч хямд байсан,
одоо юу болж байгааг мэдэхгүй. Мөнгөтэй хүн мөнхөрдөггүй, үхэхдээ үүрээд явдаггүй.
Үүнээс илүү мөнгө надад хэрэг ч үгүй, олшруулж арвижуулах гэж хичээгээ ч үгүй. Гэхдээ
хорвоогийн гэнэтийн юм, өвчин зовлонгийн өмнө гар хоосон байж бас болдоггүй юм билээ.

-Та
яагаад гадаадад байр аваад байсан юм?

-2007-2008 онд манай гэр бүлийн хүн хүндээр өвдөж, нэлээд удаан хугацаагаар
Японд эмчлүүлэхээр бол­сон юм. Японы эмчилгээний төлбөр, зочид буудлын үнэ, тэндэх
амьдралын зардлыг бид дийлэхээргүй байсан. Тэр үед найз нөхөд зөвлөсөн. “Ингэж болохгүй.
Тиймээс байр аваад тэндээ амьдарч байгаад эмчилгээгээ дуусаад буцааж зарахаар алдагдалгүй
болдог” гэж зөвлөсөн юм. Насны нар дээр ганцаараа үлдэхийг хүсээгүй. Бүх л болол­цоогоороо
ханиа авч үлдэхийг хүссэн эр хүн миний буруу юу.  Тэгээд л 
2008 онд Японд байр худалдаж аваад бүтэн жил эмчлүүлээд дараа нь урт хугацаагаар  эмнэлгийн нарийн хяналтанд байх шаардлага гарсан.
Японд үргэлжлүүлж хяналтанд байх  хэцүү байсан
юм. Тиймээс Солонгосын “Халла” эмнэлэгт  урт
хугацаанд хяналтанд орсон. Яагаад гэвэл Солонгосын Чежү аралд визгүй.  Японы байрыг зарсан мөнгөөрөө л Солонгост байр
авсан. Тэндээ эмнэлгийн хяналтанд байж байгаад 
2013 оны намар байраа зарсан. Энэ тухай хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн
байгаа.  

-Нийтийн
дунд бүрэлд­сэн таны имиж арай л өөр байгаа. Айхтар их идэж ууж, баллаж өгч  байсан гэж л бодож байгаа шүү дээ…

-Надад хүнээс илүү юм байхгүй, дутуу л юм байгаа. Төрийнхөө төлөө
үнэхээр шударгаар ажиллая гэж хичээн, уул нь тэгж чадсан гэж боддог юм. Надтай олон
жил хамт ажилласан Хууль зүйн яамныхан, Төрийн өмчийн хорооныхон, удирдлаган дор
байсан 81 компанийн дарга, нягтлан нараас “Сугар ямар хүн бэ” гэж асуудаг ч болоосой.
Тэгвэл хэвлэлийнхний бүрдүүлснээс арай өөр дүр зураг гарна даа.

-Та
хэвлэлийнхэн гээд л буруутгаад байх юм. Хэвлэлийнхэн олон нийтэд мэдээлэх үүргээ
л гүйцэтгэж байгаа шүү дээ..

-Би чөлөөт хэвлэлийн талын хүн, жаахан хэтрүүлээд ч гэсэн, алдаа
гаргаад ч гэсэн нийгмийн бузар булайг уудалж олон нийтэд мэдээлж байх ёстой. Тэгж
ч байгаа байх. Гэхдээ хэлэхгүй байхын аргагүй хэдэн юм байна. Юуны өмнө ихэнх сонин,
сайт, телевизүүд мөнгөтэй бая­чууд, улстөрчдийн халаасанд орж тэдний атгаг, хон­зонч
даалгаврыг гүйцэтгэн түүнийхээ төлөө шавхруу долоо­дог боллоо. 350-450 сая төгрөгийн
хаалтын гэрээ хийж, энэ мөнгөө төлсөн хүнийг магтан дуулж, төлөөгүйг нь шавар, шавхайтай
хутгаж байна. Хамгийн хэцүү нь мэдээл­лийг өөрөө олж, өөрийн толгойгоор боловсруулдаг
сэтгүүлч ховордож, бусдаас дуулсан юман дээр сэвс үзсэн үхэр шиг орилох юм. Хэвлэн
нийтлэх хайран ч эрх чөлөө, хайран ч боломж…

Хэвлэлийнхний миний  тухай
бүрдүүлсэн имиж бол Монголын хамгийн том авлигач, луйварчин, хэнд ч дийлддэггүй
мангас, хэмжээ хязгааргүй баян хүн. Гэтэл би хөрөнгө, баялгийнхаа талаар мөрдөн
байцаагчид мэдүүлэг өгч байгаа ч юм шиг, эмчид зовиураа хэлж байгаа ч юм шиг илэн
далан­гүй тайлбарлалаа шүү. Бай­гаа үнэн л энэ. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн дов
ногоорч байх ёстой. Надад ийм тавилан байгаа л гэж итгэдэг.

-Байсхийгээд
л томоохон хэргүүдэд таны нэр холбог­доод байх юм, энэ ямар учиртай юм. Гэтэл та
өөрөөр яриад байх юм….

-Харин тийм ээ, холбог­доод байгаа юмуу, хол­бох гээд байгаа юм уу?
Нэгэнт л асар муу хүн гээд зар­лачихаар муу юм дайралдвал хамгийн түрүүнд нөгөө
хар овоохой санаанд ордог байх. Хоёрдугаарт, зөв зорил­готойгоор гаргасан сайхан
санааны итгэлийг муугаар ашиг­ладаг хүмүүс бас байна аа. Яаж ийж байгаад л удир­дамж
батлуулчихсан, цохолт хийлгэчихсэн явдал гарсан. Гэвч үнэхээр хувааж идэх зорилго
байгаагүй, тийм юманд оролцоогүй болохоор тэр нотлогдоод одоогоор айхтар буруудчихаагүй
л байна.

-Төрийн
өмчийн хороо­ны дарга байх үеийн асуу­дал их сөхөгдөх юм. Тэр үед алдаа гаргасан
юм биш биз дээ?

-Одоо ТӨХ юу хийж байгааг сайн мэдэхгүй. Тэр үед төрийн өмчийн тооллого,
бүртгэл өмчийн нэгдсэн баланс, өмч хувьчлал, концессын гэрээ, өмчийн гадаад харилцаа,
дээр нь Оюутолгой, Эрдэнэс- Тавантолгой, Эрдэнэт, Мон­рос гээд улсын аж ахуйн, эдийн
засгийн бүх л асуудал төвлөрч байлаа. Тэр хэмжээ­гээр өмчийн сонирхол, аж ахуйн
эрх ашиг төвлөрсөн газар байв. Нэг үгээр хэлбэл, Засгийн газрын эдийн засгийн удирдлагын
штаб байсан юм шүү. Би дарга байхдаа жилд 41 удаа шүүхэд дуудагдаж байсан удаа ч
бий. Нэг их буруудаж байснаа санахгүй л байна. Яг тодорхой ажил бүрийг хариуцсан,
янз бүрийн ааш араншин, хүмүүжил зорилготой хүмүүс ажиллана. Тэдний өмнөөс ч юм
дуулна, өөрт ч алдаа дутагдал байж л таарах.

-МИАТ-ийн
гэх хэрэгт нэлээд холбогдсон,  одоо бас Эрдэнэтийн
ган бөм­бөлөгийн буюу Дарханы төмөр­лөгийн үйлдвэрийн дар­­га асан “Алтан Дорнод
Монгол”-ын Ган­болдын хэрэгт мөн таны нэр хол­богдоод яваад байна, энэ ямар учиртай
вэ?

-МИАТ-ийнхний хийсэн хэрэг нь нотлогдоод, өгсөн авсан ч тодорхой
болж хэрэг нь дууссан. Миний хувьд энэ хэрэгт ямар ч хамаа байхгүй. Тэнд холбогдсон
нэг нөхөрт мөнгөө зээлүүлсэн байгаад цувруулан буцаан авсан. Тэр нөхөр буцаан өгөхдөө
ББСБ-аараа дамжуулан өгсөн юм билээ. Яах гэж тэгснийг нь ч би ойлгоогүй. Үүнийг
зохих  шугамаараа шалгасан байх, ойлгомжтой
болоо биз дээ. МИАТ-ийн хэрэгт 5-6 хүн холбогдож олон жилийн ял авсан. Энгийнээр
бодоход хэрвээ би оролцоод хуваагаад идчихсэн бол тэд чинь намайг хэлнэ дээ. Нөгөө
байгууллагынхан болохоор хүн бүртэй уулзаад “Сайн байна уу” гэхийн оронд “Сугартай
ямар холбоотой вэ” гэж асуусан байгаа юм. Харин миний эсрэг хэн ч, ямар ч мэдүүлэг
өгөөгүй байна. Юмны уг нь үнэн болохоор л ийм дүн гарчээ л гэж бодсон. Одоо Ганболд
ямар юмтай холбогдчихоод байгааг мэдэхгүй байна. 2008 оны эдийн засгийн хямралын
үеэр Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг хааж ажилчдаа тараах санал хэлэхэд нь “Ингэж
болохгүй, ямар ч аргаар хамаагүй ажиллуул” гэж үүрэг өгсөн юм. Энэ үүргийг биелүүлэхийн
тулд олон гэрээ байгуулж, заримыг нь батлуулж байсан. Тэр дотор наад ган бөмбөлөгийн
гэрээ будлиантай болж таараад Авлигатай тэмцэх газраас шалгаж учир нь олдсон. Одоо
бас тиймэрхүү юм гарч ирж байхыг үгүйсгэхгүй. Миний баталгаатай  хэлж чадах юм бол хувьдаа ашиг олох гэж хэн нэгэнтэй
гэрээ байгуулахыг дэмжиж байгаагүй, хэзээ ч тийм юм болоогүй.

-Таныг
ингэж шал­гаад байгаад улс төрийн сонир­хол, нам бүлэглэлүүдийн хоо­рондын асуудал
байгаа юу?

-Үгүй биз дээ. 2004 онд намаас түдгэлзээд, намын гишүүн биш болсноос
хойш 10 жил өнгөрч байна. Аль, аль нам намайг нэг их улс төржөөд байдаггүйг мэднэ.
Тэгээд ч улс төрийн том намууд надаар яахав дээ. Харин аль хэдийнээ болоод өнгөрсөн
шалихгүй юмыг мартдаггүй, хонзон санасан, эрх мэдэлтэй, өөрийн гэсэн сайт, сонин
хэвлэлтэй 1-2 хүн байна лээ. Тэглээ гээд би одоо яахав дээ, байгаагаараа л байхаас.
Гэхдээ энэ төрийн нүүрэнд шалгуулаад нэрээ цэвэрлэмээр л байна шүү дээ.

-Тэр
нь ямар хүмүүс юм.  Хувийн өш хонзон байдаг
юм уу?

-Хувь хүн л байгаа гэж боддог. Нэр ус дурдаад яахав дээ.

-Таны
бие одоо ямар байгаа вэ. Тархины хүнд хагалгаанд орж байсан санаг­дана. Эмчлүүлж
байгаа юу?

-Бие сайн байгаа. Японд очиж тогтмол үзлэгт орох ёстой, энэ жил чадсангүй.
Хүмүүс намайг цус харвачихсан гэж ойлгоод байдаг юм. Уг нь цус харваагүй, тархины
хагалгаанаас нэг  талын мэдрэл гэмтчихсэн
юм. Би чинь таргалж өөхлөөд, даралт ихсээд байхааргүй эрүүл амьдралын хэвшилтэй.

-Таны
хүү хар тамхины хэрэгт шалгагдаж, анхан шатны шүүхээс ял оноогоод байгаа.  Энэ талаар юу хэлэх вэ?

-Шүүхээс хар тамхины зүйл хадгалсан, хэрэглэсэн гэж хоёр жилийн ял
өгсөн. Адилхан 12 хүүхэд алдаж эндсэн байхад Сугарын хүү гэдгээр нь л хагас жилийн
турш бичлээ. Оноосон ялаас нь харахад уруу татсан, зохион байгуулсан хүн биш л байгаа
биз дээ. Миний хүү алдсан, би өмөөрөхгүй, алдаагаа засах өдөр ирнэ.

Монголын нийгэм их өөрчлөгдөж, хүний зовлонд их баярладаг болж. Зол
муут эцгийн зовлонгоор бага ч гэсэн баярла даа. Сүүлийн үед некрологи уншаад кайф
авдаг хүн олшроод байгаа гэнэ лээ. Энэ ч яахав, цаана чинь тэр аюулыг хилийн чанадаас
оруулж ирдэг, борлуулж түгээдэг томоохон сүлжээ, архаг гэмт хэрэгтнүүд сүлжээ, бизнесээ
өргөжүүлэхийн тулд бололцоотой гэж үзсэн айлын хүүхдүүдийг судалчихсан, уруу татахаар
ангуучилж байна гэнэ шүү. Өөрсдийнхөө нялх үрсийг  анхаарч, 
болгоомжтой байгаарай гэж захья.

-Хүүгээ
хар тамхины асуудалд холбогдоод буруу хүмүүст уруу татагдлаа гэж та ер нь анзаарч
байв уу?

-Мэдээгүй байсан. Мэдээгүй байсан нь миний буруу. Тусдаа амьдралтай,
ажилтай хүүгээ болоод л яваа гэж бодож байлаа. Тэр нь миний буруу. Гэхдээ миний
хүү аавдаа амласан. “Дахиж ийм юманд орооцолдохгүй” гэж.  Би хүүдээ итгэж байгаа. Үхтэл үр харам гэж үг
байдаг шүү дээ. Алдаа гаргалаа  гээд эцэг
хүн үрээ яалтай билээ. Дахиж битгий алдаасай л гэж бодно. Бусдын эцэг ч гэсэн битгий
ийм зовлон амсаасай, үр хүүхэд нь ч гэсэн сайн л яваасай гэж бодох юм даа. 

-Авлигатай
тэмцэх газраас таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар Улсын Их Хурал болон Үндсэн
хуулийн Цэцэд албан бичиг илгээсэн гэсэн. Энэ талаар танд мэдэгдсэн үү?

-Мэдэж байгаа. Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд Цэцийн гишүүн гэмт
хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон, эсхүл хууль зөрчсөн нь шүү­хээр тогтоогдсон бол
түүнийг Цэцийн гишүүнээс эргүүлэн татах тухай 
заалттай. Тэгэхээр эхлээд Үндсэн хуулийн Цэц дээр шийдвэр гарах байх. Бүх
юм хуулийн дагуу явах ёстой. Би бас хууль бусаар хэлмэгдмээргүй байна. Тэгээд ч
яриад байгаа зөрчил чинь захиргааны юм уу, сахилгын арга хэмжээ авах  зөрчил шүү дээ. Үнэнийг хэлэхэд бүгдийг нь ийм
түвшинд шалгаж, ийм арга хэмжээ авч чадвал Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн
тал нь ч үлдэхгүй. Харин нэг их айх­тар гэмт хэрэг үйлдчихээд Үндсэн хуулийн Цэцийн
хам­гаалалтад үлдчихлээ гэсэн нэртэй  явмааргүй
байна. Энэ асуудлыг хэлэлцсэний дараа, энэ төрийн нүүрэн дээр хууль зүйн боломжийг
нь олж байгаад сайн дураараа бүрэн шалгуулна, битгий санаа зов.

Дээр нь нэмж хэлэхэд би сая л мэдэж авлаа, 2007-2010 оны хооронд
хөрөнгө орлогоо буруу мэдээлсний төлөө надад Үнд­сэн хуулийн Цэцээс захиргааны арга
хэмжээ авч бай­гаа юм байна. Үүнд ч би гом­долтой л байна. Гомдол гаргах эсэхээ
бодож бай­гаад шийдье. Бүх юм хууль номоороо л явах ёстой. Яасан гэж Төрийн өмчийн
хорооны даргын алдааны төлөө Үндсэн хуулийн Цэц захиргааны арга хэмжээ авдаг билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Г.Тэмүүлэн: Хоёр талын хэлэлцээнд зэсийн зах зээл нөлөөлж байгаа

Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гишүүн Г.Тэмүүлэнтэй
ярилцлаа.

-Оюу
толгой төслийн далд уурхайн санхүүжилт өнгөрсөн сард багтаж ший­дэг­дэнэ гэсэн мэдээ­лэл
бай­сан. Гүний  уурхайн бүтээн байгуулалтын
санхүүжилт ямар шалтгаанаар шийдэлд хүрсэнгүй вэ?

-Манай тал яриа хэлэл­цээг ойрын хугацаанд эцэс­лэн шийдвэр­лэх бүрэн
боломж­той гэж үзэж бай­гаа. Анхнаасаа л төслийг ам­жилт­тай хэрэгжүүлэхийн төлөө
бүх талаар хичээж ирснийг онц­лон дурдах хэрэгтэй байх. Шууд биднээс хамаарал багатай
гадаад нөхцөл байдлууд  яриа хэлэлцээнд ч,
Оюу толгой төслийн үйл ажиллагаанд ч нөлөөлж байна.

-Гадаад
нөхцөл гэдэг нь зэсийн зах зээлийг хэлээд байна уу?

-Тэгж ойлгож болно. Олон улсын эдийн засаг, зэсийн зах зээлийн сүүлийн
үеийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байна л даа. Өнгөрсөн оны эхэнд нэг тонн зэсийн
үнэ 8200 ам.доллар байсан. Гэтэл одоо 6600-6700 ам.долларт хэлбэлзэж байна.

-Гэхдээ
зарим шинжээч, нэр бүхий судалгааны байгууллагаас зэсийн үнэ эерэг байна гэсэн таамаглал,
прог­нозыг гаргаад байгаа шүү дээ?

-Зэсийн үнэ нэг их унах­гүй ч өсөхөөргүй байна гэсэн дүг­нэлтийг
гадны шинжээчдийн таамаглалаас хийж болохоор байгаа. Хятад бол дэлхийн зэсийн
40 хувийг дангаараа хэрэглэдэг улс. Энэ улсын макро эдийн засгийн үзүүлэлт өндөр
биш байгаа нь зэсийн үнэ тэгтлээ өсөхгүй гэсэн төлөвийг бий болгож байна.

-Хятадын
зэсийн хэрэг­цээ нэмэгдэж байгаа учраас үнэ өснө гэсэн таамаглалууд сонсогдох болсон.
Том зах зээлийн хэрэг­лээ нэмэгдэх нь зэ­сийн үнэд нөлөөлөхгүй гэж үү?

-Хятадын цэвэр зэсийн хэрэг­цээ, үйлдвэрлэл нэмэг­дэж байгаа нь үнэн.
Гэхдээ үүнийг дагаад нийлүүлэлтийн өрсөл­дөөн улам бүр нэмэг­дэж байна. Хятадын
хай­луу­лах үйлдвэрүүдийн зэсийн нөө­цөлсөн хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж бай­гаа.
Бэлэн нөөц нь гэхэд сүүлийн жилүүдэд байгаагүй рекордыг эвдэж мэдэхээр дүр зураг
харагдаж байна. Бүтээгдэхүүний ний­лүү­лэлтийн илүүдэл энэ жил гэ­хэд ойролцоогоор
600 мянган тонн цэвэр зэс болоод байгаа. Монгол Улсын нийт үйлдвэрлэж байгаа хэмжээ­нээс
хоёр дахин их хэмжээ. Өөрөөр хэлбэл зөвхөн энэ онд гэхэд хоёр Оюу толгой, хоёр Эрдэнэт
үйлдвэрийн  үйлд­вэр­лэх хэмжээний цэвэр зэсийн
илүүдэлтэй байх нь гээд ойлгочихож болно. Ирэх онуудад ч нийлүүлэлтийн илүүдэл улам
бүр нэмэгдэх төлөвтэй байна.

-Төслийн
санхүүжилтийн асуу­дал хойшлоод байгаа­гийн бас нэг шалтгаан нь дэлхийн зэсийн зах
зээлийн таагүй байдал гэж ойлгож болох нь ээ?

-Төслийн санхүүжилтийн асуудал зөвхөн талуудын хооронд өрнөж байгаа
яриа хэлэл­цээ­нээс шалтгаалж хойш­лоо­гүй. Хөрөнгө оруулагч тал зах зээлийн сүүлийн
үеийн нөхцөл байдлаас хамаарч нэмэлт санхүүжилтийн асуу­дал дээр яаравчлах байр
суурь­гүй боллоо гэж бид ойл­гож байгаа. Дан ганц манай талаас хамааралтай бол бид
асуудлыг хэзээ ч ярилцаж, шийдэхэд бэлэн байна. Ямар ч бизнес эрхлэгч зах зээлийн
нөхцөл байдлаа үнэлж, нийлүүлэлтийн орчноо судалж байж эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтын
шийдэл гаргадаг.

-Оюу
толгой төс­лийн далд уурхайн сан­хүү­жил­тийг шийдвэрлэхгүй байх нь олон сөрөг талтай
гэж эдийн засаг­чид яриад эхэлсэн. Оюу толгойн асуудлыг бүрэн шийдэхгүй бол эдийн
засаг сэргэхгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэсэн тайлбарууд хөвөрч байна. Энэ
тал дээр таны байр суурийг сонсъё?

-Манай зүгээс Оюу толгой төс­лийн үйл ажиллагаа хэвийн яваг­даж байгаа
гэсэн тайлбарыг удаа дараа хийж байгаа. Би ч гэсэн яг энэ үгийг давтаж хэлмээр байна.
Өнгөрсөн хугацаанд төслийн барил­га бүтээн байгуулалтын үе шат амжилттай хэрэгжсэнээр
баяжуу­лах үйлдвэр ашиг­лал­тад орсон шүү дээ. Бая­жуу­лах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа
ажиллаж байна. Өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулан ажиллаж байгаа.  Оюу толгойн баяжуулах үйлдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар  сарын 31-ний байдлаар 290 мянган тонн баяжмал
үйлдвэрлэсэн. Он гарснаас хойш, миний хамгийн сүүлд авсан тоогоор бол 100 гаруй
мянган тонн баяжмал нэмж үйлдвэрлээд байна. Өнгөрсөн онд бүтээгдэхүүний борлуулалтад
зах зээлээс хамааралтай хүндрэлүүд гарсан учраас борлуулалтын орлого, Монгол Улсад
төлөх татвар, төлбөр хойшлоход нөлөөлсөн. Өнөөдрийн хувьд борлуулалт хэвийн явагдаж
байгаа.

Оюу толгойн боловсруул­сан баяжмал өнөөдрийг хүртэл зөвхөн ил уурхайгаас
гарч байгаа. Далд уурхайгаас ямар нэг олборлолт хийгдээгүй. Төслийн санхүүжилт удаа­ширснаас
болж далд уурхайн бүтээн байгуулалт зогсч, эдийн засгийн орчинд шууд нөлөөл­сөн
гэж үзэх үндэслэл бага болохыг саяын миний хэлсэн тайлбараас харж болно. Нэг зүйлийг
онцолж хэлэхэд Оюу толгой Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг
2010 оноос хойш дангаараа бүрдүүлж ирсэн төсөл. Шуудхан хэлэхэд гур­ван жилийн дотор
бүтээн байгуу­лалтын ажилд зориулж до­лоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг  нэг амьсгаагаар хийсэн. Хөрөнгө оруулалтыг нэг
дор ингэж ихээр хийсэн учраас Оюу толгой ордын барилга бүтээн байгуулалтын ажлууд
богино хугацаанд хийгдсэн юм. Одоо их бүтээн байгуулалтын үе шатаасаа үйлдвэрлэлийн
хэвийн горимдоо шилжиж байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний хөрөнгө оруулалтыг нэг
дор хийх шаардлагагүй болсон гэсэн үг. Хөрөнгө оруулалт багасах нь хэвийн үзэгдэл
гэдгийг энгийнээр тайлбарлавал ийм байна.

-Төслийн
санхүүжилт олгох банкууд зээл олгох хүчинтэй хугацаагаа сун­га­сан болов уу. Хэрэв
сунгасан бол ямар хугацаагаар сунгаж байгаа вэ?

-Зээл олгох хүчинтэй хуга­цааг манай талаас сунгуулах хүсэлтээ хүргүүлсэн.
Мөн хөрөнгө оруулагч нөгөө талаас хүсэлтээ хүргүүлэх учир­тай. Манай талаас аль
болох богино хугацаагаар сунгах сонирхолтойгоо илэрхийлсэн. Энэ дагуу шийдэгдэнэ
гэж бидний зүгээс харж байгаа.

-Яриа
хэлэлцээ хэзээ дуусах бол, ойрын хуга­цаанд гацаанаас гарах болов уу?

-Хоёр тал яриа хэлэлцээ­гээ богино хугацаанд цааш идэвхтэй үргэлжлүүлэх
бол­но. Яриа хэлэл­цээ хэвийн үргэлжилж байна. Ойрын хуга­цаанд нэг шийдэл, ойлголцолд
хүрэх бүрэн боломжтой гэж бид үзэж байгаа. Ер нь ийм том хэмжээний бизнесийн хэлцэл,
санхүүжилтийг шийдэхэд хоёр талд хугацаа шаардлагатай байдаг. Харилцан тохиролцох,
ойл­голцох зүйлүүд олон байдаг. “Рио Тинто”-гийн зүгээс төс­лийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийг
боловсруулж дуусгасны дараа яриа хэлэлцээг эцэс­лэхэд илүү амар болно гэсэн хандлагатай
байгааг ч бид харгалзах ёстой. Хөрөнгө оруулагч талаас далд уурхайн зураг төсөл,
барилгын ажлын төлөвлөгөө болон төслийн өргөтгөлийн ажлын ТЭЗҮ-ийг энэ  оны зургадугаар сард дуусгахаар ажиллаж байна.

-ТЭЗҮ-ийг
хэлэлцэж батална гэж ирээд яривал манай талаас хамааралтай, хугацаа шаардагдах ажлууд
гарах болов уу гэж харж байна. Хэр хугацаа шаардагдах бол?

-Хөрөнгө оруулагч талын мэдэг­дэж буйгаар ТЭЗҮ-ээ энэ  оны зургадугаар сард дуусгасныхаа дараа цаг алдалгүй
хувь ний­лүү­лэгч талууд болон Эрдэс баял­­гийн мэргэжлийн зөв­лөлд танилцуулна
гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Мэдээж судалж танил­цахад хугацаа шаардагдах
нь ойлгомжтой. Гэхдээ манай та­лаас хамаарч болох асуудал болгоныг цаг хуга­цаа
алдалгүйгээр зохион бай­гуулалт хийж ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн.

-Засаг,
“Рио” хоёр эхлээд хэлэлцээний ширээний ард суух­даа шийдэх ёстой 30 гаруй асуудал
бий гэж байсан. Одоогоор хичнээн хувийг нь шийдээд байна, нууц биш бол яг ямар асуудлууд
дээр шийдэлд хүрээгүй байгаа вэ?

-Өмнө нь гуч гаруй асуу­дал байсан бол одоогоор зарчмын томоохон
таван асуу­дал үлдээд байна. Хоёр тал зарчмын чухал асууд­лаар харилцан тохирол­цоонд
хүрээд байгаа. Гэх­дээ ойлголтын зөрүүг ойртуу­лах, асуудлыг шийд­вэр­­лэх чиглэлээр
бүх л арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, зардлын хэт­рэлтийг хоёр талаас
тул­гаж нягтлах, ТЭЗҮ-ийнхээ шинэч­лэлийг 2010 оны ТЭЗҮ-тэй харьцуулан суд­лах,
төс­лийн нэмэлт санхүүжилтийн нөх­цөлүүдийг судлах чиглэ­лээр ажиллаж байна. Ер
нь эдгээр асуудлыг ойрын хугацаанд ярил­цаж шийдвэрлэх боломж­той гэж харж байгаа.
Гэхдээ мэдээж хоёр талын оролцоо санаачилга, хүсэл эрмэлзлээс бүх зүйл хамаарах
нь ойлгомжтой.  

-ТУЗ-ийн
гишүүний чинь хувьд асуух асуулт байна. ТУЗ-ийн хурлын түвшинд ямар асууд­лууд дээр
илүү анхаарч шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байгаа вэ?

-Манай улсын сүүлийн 30 гаруй жилийн түүхээс харахад хэрэг­жүүлж
эхлүүлсэн, өнөөд­рийг хүртэл амжилттай хэрэг­­жүүлж буй хамгийн том төсөл, хамгийн
том хөрөнгө оруулалт бол яах аргагүй Оюу толгой. Тэр ч утгаараа нийгэм даяараа Оюу
толгойг асар өндөр хүлээлттэйгээр ажиглаж байна л даа. Энэ талаас нь харахад  Оюу тол­гойн ТУЗ-д Монголыг төлөөлсөн гишүүдэд
их үүрэг хариуцлага ирж байгаа.

Бид хувьцаа эзэмшигч, монголчуудынхаа нийтлэг ашиг сонирхлыг тооцож
ажил­лах  үүрэг хүлээсэн хүмүүс. Анхаарч ажиллаж
байгаа хэд хэдэн чиглэл бий. Ажилч­дын нийгмийн асуудал, ялан­гуяа төслийн талбарт
ажиллаж бай­гаа монгол ажилчдын тав тух­тай ажил­лах амьдрах орчинг бүр­дүү­лэх
үүднээс Ханбогд сумыг түшиглэн цог­цолбор хот тосгон барьж байгуу­лах асуудлыг шийд­вэр­лүүлэхээр
ТУЗ-ийн зүгээс анхаарал тавьж байна. Энэ асууд­лыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор
бүрэн шийд­вэрлэнэ гэж харж бай­гаа. Цаашлаад яривал монгол ажилчдын цалин, хөдөлмөрийн
үнэлэм­жийг нэмэгдүүлэх, гүйцэтгэх удирд­­лагын түвшинд монголчуудын оролцоог нэмэгдүүлэх
гээд ярьж ший­дүүлэх ёстой олон асуудал бий.

Нөгөө талаас хөрөнгө оруу­лагч талууд хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгэсэн
харил­цааг аль болох хөгжүүлж л байвал урт хугацаанд хамт­ран ажиллах, төслөөс хүртэх
үр өгөөж,  үнэ цэнийг нэмэг­дүүлэх, хамтын
амжил­тад хүрэх нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ бол аль аль талдаа ойлгомжтой асуудал л
даа.

-Засгийн
газарт Оюу тол­гойн хөрөнгө оруу­лал­тын гэрээ байгуулахаас эхлээд өнөөдрийг хүртэл
ажил­ласан ганц хүн бий. Тэр нь та. Асуудлыг эхнээс нь мэдэх хүний хувьд Оюу толгойн
хөрөнгө оруулал­тын гэрээн дээр ямар үнэлэмжтэй явдаг вэ?

-Том хэмжээний стра­те­гийн ач холбогдолтой бизне­сийн төсөл дээр
хэлцэл бай­гуулж байгаа улсын хувьд эдийн засаг, нийгэм, хууль эрх зүй, байгаль
орчин, хөдөл­мөр, ард түмний уламж­лал гээд бүх л салбар, бүх л талаас нь шаардлагатай
судалгаануудыг урьдчилан хийсэн байх учиртай. Тухайн үед гэрээ байгуулахтай холбогдуулж
шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангалттай түвшинд хийлгүйгээр тал талаас нь шахаад
явсан зүйл бий гэж хувь хүнийхээ үүднээс боддог. Цаг хугацааны асар их дарамт, шахалтанд
ажиллаж байж энэ гэрээг байгуулсан. Энэ асуудалд арай ул суурьтай, бүхий л салбарынхан
хүчин зүтгээд оролцох ёстой байтал зөвхөн эдийн засгийн өнцөг талаас нь хараад яарсан
тал бий. Монголчуудын хувьд урьд өмнө нь ийм гэрээ хийж байсан зах зээлийн туршлага
гэвэл бараг байхгүй. Харин нөгөө тал маань дэлхийн олон газар гэрээ хийж сурсан,
биднээс илүү туршлагатай байсан гэдэг нь тодорхой. Цаашлаад гадны томоохон корпораци
эдгээр компаниудын зах зээлийн үнэлгээ нь гэхэд л Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний
нөөцөөс хэд дахин даваад явчихсан. Санхүүгийн чадавхи бололцоо өндөр гэж ирээд яривал
олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ энэ төсөл Монголын эдийн засагт ач холбогдолтой
гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө.

-Гэрээтэй
холбогдуулаад асуухад гэрээгээр тодорхой болоогүй, эргэлзээ төрүүлэхүйц  үлдсэн асуудал гэвэл юу байна?

-Оюу толгой төсөл болон хөрөнгө оруулагчтай хамааралтай асуудлыг
зохицуулж байгаа гурван том гэрээ бий. Эхний том гэрээ нь мэдээж Хөрөнгө оруулалтын
гэрээ.  Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон
хоёр гэрээ байгаа. Нэг нь Хувь нийлүүлэгчдийн гэрээ, нөгөө нь Хувьцаа шилжүүлэхийг
хязгаарласан гэрээ. Хувьцаа шилжүүлэхийг хязгаарласан гэрээг  2011 онд нэмж байгуулсан юм. Мөн Хувь нийлүүлэгчдийн
гэрээний нэмэлт, өөрчлөлтийг 2011 онд оруулсан байдаг. Гэхдээ эдгээр гэрээнд багтаагүй
олон асуудал байна. Ганцхан жишээ хэлэхэд, төслийн үйл ажиллагаанаас эдийн засагт
шууд бус байдлаар нөлөөлөх нөлөөллийг сайтар тооцож нэмэг­дүү­лэх учиртай байсан.
Гэтэл энэ зохицуулалтыг хийж өгөөгүй асуудал байна.

-Шууд
бус нөлөөлөх нөлөөлөл гэдгээ тодруулаач?

-Тодруулж хэлбэл дотоодын ханган нийлүүлэгчдийн төслийн үйл ажиллагаанд
оролцох оролцоо, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, эсвэл үндэсний аж ахуйн нэгжүүдэд
давуу эрх олгох, түлхүү оролцох нөхцөлийг бүрдүүлэх асуудал хангалттай хэмжээнд
суугаагүй. Цаашлаад урт хугацаанд хоёр талд эрх ашиг болон ойлголцлын зөрүү гаргахгүй
байх нөхцөлийг байнга харилцан бүрдүүлж байх нь маш чухал юм.

-Таны
хувьд төслийн цаашдын ирээдүйг хэрхэн харж төсөөлж байна вэ?

-Оюу толгойг зөвхөн монгол­чууд мэддэг байсан үе ард хоцор­сон. Дэлхийн
уул уурхайн хүрээнийхэн бүгд мэддэг, гадны томоохон хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн
байгууллагынхан сонирхдог том төсөл болсон. Энэ төс­лийг дэлхий нийтээрээ сонирхож,
гадныхан манай улсад өрнөж буй өөрчлөлт болгоныг анхааралтай ажиглаж байна. Цааш­лаад
энэ төсөл хэргэжиж эхэлснээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр
гээд олон арван төслийг нэмж эхлүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ олон
том төслийг хийж хэрэгжүүлэх хариуцлагатай үүрэг нь дараагийн хорь, гучин  жилийн хугацаанд буюу бидний үеийн залуучууд дээр
ирж байна. Оюутолгойг  том зургаар харвал  Монголын урт хугацааны хөгжлийн түүчээ болно гэдэгт
эргэлздэггүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

“Морин хуурын хөрөг” хуурын дэлхийн зиндааг харуулна

Улсын Филармонийн
дэргэдэх Морин хуурын чуулгын хөгжимчин, морин хуурч Н.Жигжиддоржийн бие даасан
сонгодог концерт ирэх лхагва гаригт ДБЭТ-т болох гэж байна. Уг тоглолтод ХБК-ийн
багш төгөлдөр хуурч Ц.Шаравцэрэн, Италид ажиллаж, сурч буй морин хийлч Д.Амармэнд
нар хамтран тоглох юм. Тоглолтын зөвлөхөөр УГЗ удирдаач, хийлч Чулууны Чинбат, удирдаачаар
Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач ардын жүжигчин С.Батчулуун нар ажиллаж, сонгодог
урлагийг дэмжигч “Төгөлдөр сан” ивээн тэтгэж буй юм. “Portrait of Morin khuur” нэртэй
энэ тоглолтын хөтөлбөр дэх бүтээлүүдийн талаар УГЗ Ч.Чинбат, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр
нартай ярилцлаа. 

Ч.Чинбат: МОРИН ХУУР НЬ ДЭЛХИЙН СОНГОДОГ ХӨГЖМИЙН ЗИНДААНД
ОЧИЖ БУЙГ ХАРУУЛЖ БАЙНА

 -Морин
хуурч Н.Жигжид­дорж Н.Жанцан­норов, Б.Шарав, Х.Билэг­жаргал нарын Триог анх удаа
морин хуураар тоглох гэж байна. Трио буюу гоцлол хөгжмийн гурвал гэж чухам ямар
бүтээл болохыг, морин хуураар тоглох тоглолтын онцлогийг уншигчдад хэлж өгөхгүй
юу?

-Энэ бол хийл, виолончель, төгөлдөр хуурт зориулсан гурвал байгаа
юм. Үүний хийлийн партыг морин хуур хөгжмөөр тоглоно гэдэг бол үнэхээр гайхамшигтай
хөдөлмөр, гайхалтай техник, маш сайн дотоод сэтгэгдэл байх ёстой. Хийл хөгжим дээр
гаргаж чадах тоглогчийн тэр чадваруудыг морин хуураар яг ижил хэмжээнд гаргах ёстой.
Трио гэдэг маань гурван гоцлооч гурвуулаа нийлж тоглодог зохиол. Хоёр нь нэгэндээ,
эсвэл нэг нь хоёр хөгжимдөө ард нь хамтрагч маягаар явдаггүй. Гурвуулаа гоцолж хөгжимддөг
бүтээл юм. Би энэ тоглолтод зөвлөхөөр ажиллаж байна. Энэ гурван Триог сонгосон нь
ч бас учиртай. Гурвуулаа өөр өөр характертай, өөр өөр зураглалыг харуулсан байдаг.
Тухайлбал, Н.Жанцанноровын Трио гэхэд л говийн зэрэглээ, говийн байгалийн сонин
үзэгдлүүдийг харуулсан байхад Б.Шаравынх Оргилуун гурвал байх жишээтэй. Гэтэл Х.Билэгжаргалын
Трио бол нэлээн орчин цагийн хэв шинжтэй. Уран зургаар зүйрлэвэл, нэлээн сүүлийн
үеийн урлагийн урсгалууд, юм болгон харагдахаар. Гурвуулаа маш сайхан бүтээлүүд
л дээ. Бас нэг онцлууштай нь, манай чадалтай морин хуурч Н.Жигжиддоржид зориулж
хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр шинээр концерт бичсэн. Энэ концерт анх удаа дуугарна.
Гол нь, бид энэ бол яг сонгодог концертын хэлбэрт байх ёстой гэсэн зорилго өөрсдөдөө
тавьсан. Нэгдүгээр анги нь дотроо гурван хэсэгтэй. Хоёрдугаар анги нь бүрэн биеэ
даасан зохиол байж байна. Гуравдугаар анги нь мөн л сонгодог концертынхоо формоор
бичигдсэн байгаа. Тэгээд ч дуу аялгуу, зураглал гэхээсээ илүү жинхэнэ концертын
хэмжээнд бичигджээ гэж би дотроо үнэлж байгаа юм. Ш.Өлзийбаяр бол үнэхээр чадалтай
сайхан хөгжмийн зохиолч. Өнөөгийн залуучууд маань үнэхээр чадалтай болчихсон байна.

-Сонсогчдын
мэдэж байгаагаар манай морин хуурын концертууд ихэвч­лэн хэд хэдэн хэсэгтэй нэг
ангитай байх нь нийтлэг.  Сонгодог хөгжмөөр
дүйцүү­лэн үзэхэд гурван ангитай концерт морин хуурт бичигдсэн туршлага манай хөгжмийн
өв санд хэр олон тааралддаг вэ?

-Ер нь морин хуурын концерт зөндөө бий. Зарим нь нэг ангитай, дотроо
хэсгүүдтэй байх жишээтэй. Энэ нь “концертный пьес” буюу концертод зориулсан аялгуу
гэх юм уу даа. Гэхдээ тэр нь маш сайхан зохиолууд олон бий л дээ. Харин энэ бол
бие даасан гурван том анги байгаа. Энэ концертын дараа хөгжмийн зохиолчид яг ийм
форм руу хошуурах болов уу гэж би бодож байна. Зөвхөн морин хуур ч биш үүнийг морин
хууртай нэлээн ойролцоо альт хөгжимд ч тоглож болно. Ийм чансаатай зохиол гараад
ирж байна гэдэг бол морин хуур нь ердөө язгуур юмаа тоглож байдаг нэг ардын хөгжим
биш, энэ бол альт, хийл зэрэг дэлхийн сонгодог хөгжмийн зиндаа түвшинд очиж байна
шүү гэдгийг харуулж байна. Үүгээрээ маш том ололт болж байгаа юм.

-Зөвлөхөөр
ажиллахдаа та юунд илүү анхаарал хандуулж байна вэ?

-Энд морин хуур тоглож байгаа юм шүү гээд ганц ч ноотыг нь бид өөрчлөөгүй.
Тоглох ёстой бүх ноотыг нь тоглож байна. Үүгээрээ онцгой. Тэнд хийлийн ямар штрихүүд
байна тэр бүгд орж байна. Нүдээ аниад сонсох юм бол хийл тоглож байна даа гэж бодохоор.
Нүдээ нээгээд харахаар морин хуур тоглож байгаа юм. Энэ үнэхээр гайхамшигтай л даа.
Энд бас нэг зүйлийг онцолмоор байна. Монголын мэргэжлийн хөгжмийн ийм том тоглолтыг
ивээн тэтгэж дэмжиж тусалж байгаа “Төгөлдөр сан” шиг байгууллага олон байгаасай.
Ийм түвшний уран бүтээлийн тоглолт, авьяаслаг залуучуудыг дэмжиж байгаа нь өөрөө
маш их сэтгэл, зориг, соёлыг харуулж байна. Бид ер нь мөнгөгүй бол уран бүтээл хийхэд
хүнд цаг болжээ. Ялангуяа ийм зоригтойгоор энэ том бүтээлийг авч тоглож байгаа нь
хөгжмийн урлагтаа их том нээлт, бусдад ч их өргөн боломжийг харуулж байна гэсэн
үг л дээ.               

-Өндөр
түвшинд бэлтгэгдсэн тоглогчид концертоо тавих танхим манайд өнөө хэр алга. Түүнийг
үзэх үзэгч ч тун ховор болох нь саяхан болсон нэг төгөлдөр хуурчийн тоглолтоос харагдаж
байлаа л даа. Манайх шиг хөгжмийн өндөр соёлыг бүтээсэн улс орон ганц концертын
танхимгүй байгаа нь тун ойлгомжгүй. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хэрэв бид үзэгчдэдээ зориулж юм хийгээд байвал огт хөгжихгүй. Үзэгчдээс
заавал түрүүлж, өрсөж хийж байх ёстой юм. Тэднийгээ араасаа дагуулж өөд татаж явах
ёстой байдаг. Өнөөдөр үзэгчид тэр болгон ойлгохгүй, үзэхгүй байгаа мэт харагдах
боловч яваандаа татагдана гэсэн үг. Тэр болгоныг үзэх боломж, мэдлэг чадвар нь аажмаар
дээрдээд явдаг. Дээрдэх тусам хүн арай ондоо юм шаардаж эхэлнэ. Манайхан урьд нь
зүгээр нэг аялгуу сонсдог байсан бол одоо гайхалтай гоё зохиол, гоё хөгжимчдийг
сонсож байна. Сонсч байгаа хөгжмөө ойлгохгүй ч гэсэн ядаж “Маш гоё хөгжим тоглож
байна шүү” гэсэн бодолтой үзнэ шүү дээ. Тиймээс бид айх хэрэггүй юм. Яваандаа үзэгчидтэй
болно. Үзэгчидтэй болох нэн тэргүүний асуудал бол боловсрол. Оюуны соёлын боловсролыг
хүүхэд наснаас нь хөгжмөөр дамжуулж олгодог. Хүүхдэд олгох хөгжмийн боловсролын
нэгэн үе, тэр бүү хэл нэг хэсэг үеийг бид тасалчихсан. Одоо дахиад ярьж эхэлж байна.

-Нөгөө
хоёр тоглогчийн тухайд?

-Морин хийл буюу виолончелийн хүү бол Д.Амармэнд гээд Монголдоо,
гадаадад ч нэртэй хүү байгаа юм. Италид төгсөөд тэндээ сурч ажиллаж байна. Мөн ХБК-ийн
багш, төгөлдөр хуурч Ц.Шаравцэрэн байна. Америкийн хамгийн нэртэй том хөгжмийн сургуульд
саяхан зэрэг хамгаалаад ирсэн хүн шүү дээ. Тэнд гурав дөрвөн жил сураад ирсэн. Ийм
сайхан хөгжимчид тоглож байна. Тэгэхээр эдэнд тавьж байгаа шаардлага нь яг л түвшинд
нь таарсан өндөр шаардлага байгаа юм. Өөрөөр хэлбэл, боловсрол чадвараараа онцгойрч
товойж байгаа хөгжимчид. Үүн дээр л би  их
өндөр шаардлага тавихын хажуугаар чадалтай тоглогчид учраас ажиллахад амар, их сайхан
байна. Хөгжмийнх нь гаргаж байгаа санаан дээр л би өөрийнхөө санааг нэмж байгаа
болохоос тэдэнд заагаад байх юм байхгүй л дээ, үнэндээ. 

-Морин
хийлч Д.Амар­мэнд Италиас ирэхдээ заавал өөрийнхөө хөгж­мийг авчирч тоглоно гэсэн
болзол тавьж энэ тоглолтод оролцож байгаа юм байна. Тоглогчид заавал өөрийн­хөө
хөгжмөөр тоглох тогт­сон ёс жаягтай байдаг уу?

-Гоцлооч хөгжимчин хүний тухайд ярихад, хөгжим хүн хоёр холбоотой
байдаг. Өөрийнхөө хөгжимд дасчихдаг. Гаргаж байгаа дуу авиагаар өөрийнхөө сэтгэл
санааны дуу авиаг тэр хөгжмөөрөө гаргаад сурчихсан байдаг л даа. Өөр хүний хөгжим
аваад тоглоё гэхэд түүнийг өөрийн болгохын тулд дахиад л хэдэн жилийн хөдөлмөр орно
шүү дээ.

-Сэтгэлийн
холбоо гэсэн үг үү?

-Ерөөсөө л энэ. Дарж байгаа хурууны өндөг, бүр микроскопоор тодруулаад
харах юм бол утсан дээр хурууны өндөгнийхөө аль хэсгээр нь дарж байна, утас, гриф
хоёрын хооронд ямар зай байна вэ гэхчлэн яривал маш нарийн зүйлс бий. Гадаадын томоохон
төгөлдөр хуурчид гэхэд л тэр том хөгжмийг онгоцоор ачуулаад явж байна. Зөвхөн өөрөө
тоглохын тулд. Дээрээс нь хөглөгчтэйгөө, төгөлдөр хуураа зөөдөг хүмүүстэйгээ, хөгжмөө
аччихаад гадаад орнуудаар тоглолтоо хийгээд зугаалаад л явж байдаг.

-Хөндлөнгийн
хүн бол юун маягтай юм гэж бодмоор?

-Яг тэгж бодно. Юун маягтай юм, энд зөндөө л хөгжим байна нэгийг
нь аваад тоглочихно биз гэж бодно доо. Номоор нь бол тоглогч хүн өөрийнхөө л хөгжмөөр
тоглодог. Хэрэв “Төгөлдөр сан” байгаагүй бол бид хөгжмийг нь яана аа гэж толгой
өвтгөх байлаа л даа. Хөгжим нь тусдаа нэг хүний суудал эзэлдэг учраас нэг хүний
суудлаар ирдэг. Нэг тоглолтод ганцхан тэр залуу уран бүтээлчийг авчрахын тулд хоёр
хүний зардал төлж авчирч байгаа юм. Тэгэхээр энэ тоглолт бол оюуны маш том тоглолт,
асар том хөрөнгө оруулалт гэж би үзэж байгаа юм. Үзэгчдэд ч том хөрөнгө оруулалт
болно гэсэн итгэлтэй байна.

-Манай
хөгжмийн санд Трио хэр олон байдаг вэ?

-Манайд нэлээн хожуу бий болсон л доо. С.Гончигсумлаа гуайн Оргилуун
трио байна. Ганц нэг ахмад хөгжмийн зохиолчид бичиж байсан. Гэхдээ тэр бүр дуугараагүй.
Сүүлд харин олон хөгжмийн зохиолч бичсэн. Билэгжаргалынх, Шаравынх, Жанцанноровынх
байна. Сүүлийн үед гарч ирж байгаа хөгжмийн зохиолчид Трио бичиж эхэлж байна. Трио
гэдэг маань бичлэгийн хувьд ч, тоглохын хувьд ч маш өндөр мэдрэмж, өндөр чадвар
шаарддаг учраас тэр болгон хүн барьж аваад биччихдэггүй. Нэлээн сайн хөгжмийн зохиолч
болсон хойноо трио, квартет гэх мэт нарийн юмыг бичдэг. Дөрвөл байсан ч дөрвүүлээ
гоцлооч. Тавал байсан ч тавуулаа гоцлооч байдаг учраас маш нарийн техник, өндөр
шаардлага тавина.

-Нэлээн
өргөн далайцтай хөтөлбөртэй концерт болох нь. Ийм тоглолт хөгжмийн зохиолчдодоо
ямар өгөөжтэй байдаг юм бэ?

-Зохиолчдынхоо хувьд ч тоглогчдодоо ч маш их ач холбогдолтой. Хөгжмийн
зохиолчид нь зохиолоо энэ удаад өөрөөр сонсох гэж байна. Олон улсад олон ч хөгжимчин
тоглосон л доо. Японд ч тоглосон, ер нь зөндөө тоглож байсан. Тэр болгон өөр өөрийн
гэсэн онцлогтой. Энэ удаад эх орондоо морин хуураар тоглож байгаа нь шинэ юм. Шарав,
Жанцанноров эд нар маань мэдээж өөрийнхөө бүтээлийг дахин шинээр харж монгол хөгжимчдийнхөө
тоглохыг сонсох гэж байна.

-Тоглолтын
хоёрдугаар хэсэгт орж буй Морин хуур, симфони оркестрын  концертын хувьд?

-Энэ зохиол бол шууд манай ХБК-ийн санд аваад тоглоход ур чадвараа
өсгөх шинэ боломж гарч ирж байна гэсэн үг. Жишээ нь, сүүлийн үед тоглох юмгүй болчихоод
бид аргаа бараад хийлийн зохиолуудаас авч тоглож байна л даа. Монгол зохиол нь ховор.
Ингээд шинэ зохиол гараад ирж байгаа нь бидний бас нэгэн ололт юм.

 

Ш.Өлзийбаяр: ӨМНӨХ БҮТЭЭЛҮҮДЭЭС ӨӨРӨӨР БИЧИХИЙГ  ХИЧЭЭЛЭЭ

 

-Таны
Морин хуур, симфони оркестрын нэгдүгээр концерт 2011 оны “Алтан намар” хөгжмийн
наадмын шилдгүүдийн нэг байлаа. Хоёрдугаар концертыг одоо тоглох гэж байна. Зохиолынхоо
талаар юу хэлэх вэ?

-Морин хуур, симфони оркестрын II концертын маань нээлтийн тоглолт
болж байна. Нэгдүгээр концерт бол нэг ангитай. Хоёрдугаар концерт маань сонгодог
гурван ангитай бүрэн хэмжээний концерт юм. Морин хуурын чуулгын Батчулуун багш,
Жигжиддорж нар хийлийн концерттой дүйцэхүйц, бүрэн хэмжээний концерт хийж өгөөч
гэж захиалснаар бичиж өгсөн. Одоо тоглолтын бэлтгэл ажил явагдаад дуусч байна. Тоглолтын
хоёрдугаар хэсэгт миний концерт дангаараа тоглогдоно. Эхний хэсэгт Б.Шарав, Н.Жанцанноров,
Х.Билэгжаргал нарын Трио буюу төгөлдөр хуур, морин хийл, хийлд зориулсан зохиол
тоглогдоно. Энд хийлийн зохиолыг морин хуураар тоглож байна. Дөрвөн утастай сонгодог
хөгжмийн зохиолыг морин хуураар тоглоно гэдэг маш өндөр ур чадвар шаардах юм. Үүгээрээ
Н.Жигжиддорж өөрийгөө болон морин хуурын тоглогчийн ур чадвар ямар түвшинд хүрээд
байгааг харуулж байгаа юм л даа. Сайн зохиолыг дагаж сайн хөгжимчид хөгждөг. Бас
хөгжимчид сайн байж сайн зохиол төрдөг. Миний энэ зохиол тоглогчоос нэлээн их зүйл
шаардах болов уу. Ц.Батчулуун гуай бол морин хуурын бүтээлийг нэвтэрхий мэдэх хүн.
Морин хуурт зориулсан өмнөх бүтээлүүдээс арай өөр зохиол хийж өгөөч гэж хүсэлт тавьсан
учраас би хичээлээ.

-Хэдэн
минутын хөгжим бэ?

-Нийт 25 минут орчим. Нэгдүгээр анги хурдан, хоёрдугаар анги удаан,
гуравдугаар анги хурдан гэсэн сонгодог концертын зарчмаар бичсэн зохиол. Мэдээж
симфони оркестр сууж байгаа юм чинь аль болох бүх хөгжимчид өөр өөрийн тоглох гоцлолтой
байхаар бодож бичсэн л дээ. Манай морин хуурын концертууд голдуу удаан тайван уянгын
эхлэлтэй байдаг бол минийх эхнээсээ хурдан темпээр эхэлнэ.

-Та
дууны цомгууд хэд хэдийг гаргасан. Дан хөгжмийн ч юм уу модерн балет гэх мэт том
хэлбэрийн бүтээлүүдээ цомгоор сонсогчдод хүргэх үү?

-Том хэлбэрийн бүтээлүү­дээр цомог гаргана гэвэл тэр олон хөгжимчдийн
хөдөлмөр ордог учраас нэлээд зардал шаардагддаг. Одоогоор боломж гараагүй байна.
Уг нь хүмүүс дан хөгжмийн бүтээлүүдийг чинь хаанаас олж сонсох вэ гэж асууж л байдаг.
Интернэтэд ганц хоёр бичлэг байгаа ч тэр нь бичлэгийн чанарын шаардлага тэр бүр
хангадаггүй. Миний “Дөрөө” балет гэхэд л дангаараа нэг цомог болохоор. “Ээрэн хүрээ”
мюзикл байна. Ятга симфони найрал хөгжмийн концерт, Оргилуун удиртгал, цөөхүүлд
зориулсан бүтээл гэхчлэн хэд хэдэн ч цомог болохоор бүтээлүүд бий л дээ. Заавал
цомог гэлтгүй ер нь дан хөгжмийн бүтээлүүдээрээ бие даасан тоглолт хийх юмсан гэж
боддог. Хүмүүс ч хийгээсэй гэсэн хүсэлтэй байдаг юм байна лээ.

Н.ПАГМА  

Categories
редакцийн-нийтлэл

Д.Зоригт: Давхар дээлийг 2016 оноос өмнө тайлах гэвэл Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ хэлсэн

УИХ-ын гишүүн Д.Зоригттой ярилц­лаа.

 
-Улс орны эдийн засаг тогтворгүй байгаа
дээр улс төрийн нөхцөл байдал ч хүндэрлээ. Засгийн газар огцрох уу, “давхар дээл”-ээ
тайлах уу гэх мэт асуудлууд яригдаж байгаад та ямар дүгнэлттэй байна?

-Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал амаргүй байна. Бүгд
мэдэж байгаа учраас энэ талаар нуршаад яах вэ. Дээрээс нь улс төрийн тогтворгүй
байдал гарах вий гэж би болгоомжилж байгаа. Ийм байдалд хүргэж болохгүй. Тэгвэл
эдийн засгийн асуудал бүр амаргүй болно. Аж ахуйн нэгж, иргэд, хөрөнгө оруулагчид
гээд бүгдэд сөрөг нөлөөтэй. Тиймээс Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой.
“Давхар дээл” гэж ярьж заншсан асуудалд Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийн концепцийг
дэмжиж байгаа.

-Хамгийн гол асуудал нь энэ оны долдугаар
сарын 1-нээс мөрдөх үү. Эсвэл 2016 оноос мөрдөх үү гэдэг асуудалд тохиролцох болчихоод
байгаа?

-Ерөнхийлөгчийн оруулж ирснээр нь буюу 2016 оны долдугаар
сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэдгийг нь дэмжинэ. Яагаад гэвэл хуулийн өөрчлөлтөөр Засгийн
газрыг огцруулж болохгүй. Энэ засаг дөрвөн жилийн хугацаатай, ард иргэдийн сонголтоор
баталгаажин томилогдсон. Хугацаагаа бас эхлүүлснээ дуусгах ёстой. Ард түмэн ингэж
хүссэн учраас л АН-аас олон хүн сонгож Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдсан
шүү дээ. Үүнийг сөрөг хүчин мушгин гуйвуулж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх
зорилгоор ашиглаж байна. Өөрөөр хэлбэл 1996-2000 онд хийсэн мэхээ давтаж байна.
Нэг мэхэнд хоёр унаж болохгүй. Тэр жилүүдэд АН дөрвөн Засгийн газар сольж жинхэнэ
баларсан шүү дээ. Үүнийхээ гороор сонгуульд ялагдаж байх жишээтэй. Гэхдээ өнөөдөр
асуудлыг өөрөөр харж өмнөх алдаагаа давтахгүй байх ёстой. Өмнө нь хэт туршлагагүй,
балчир байснаас үүдэн удаа дараа Засгийн газар огцорсон. Энэ нь улс орны хөгжилд
чөдөр тушаа болдог.

-Манай улсад мөрдөгдөж байгаа хуулиуд
өөр хоорондоо зөрчилдөх тохиолдол их байдаг. МАН-ынхан 17 сайд санал хураалтад оролцвол
Эрх ашгийн тухай хуулийг зөрчинө гэж байгаа бол АН-ынхан 17 сайд санал хураалтад
оролцохгүй бол УИХ-ын тухай хуулийг зөрчинө гэж тайлбарлаад байгаа?

-Манай бүлэг дээр хуульчид хуулийн талаар тайлбарласан. Уг
нь бол Үндсэн хуулиараа давхар дээлтэй байхыг зөвшөөрч байгаа. Тэр бүү хэл УИХ,
Засгийн газрын хуулиар ч зөвшөөрдөг учраас өнөөдөр энэ асуудал яригдаад байна. Санал
өгөхөд сонирхлын зөрчил үүснэ гэдэг Д.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол гишүүнийхээс тэс өөр
үйлдэл. Тэр хоёр гишүүний хувийн сонирхолтой шууд холбоотой байсан. Өөрөөр хэлбэл
хувийн сургуульд нь мөнгө өгөх тухай ярьсан. Харин өнөөдөр нийтийн албаны ажлыг
ярьж байгаа. Тэгээд ч 2016 онд байгуулагдах Засгийн газрын асуудлаар өнөөдөр ажиллаж
байгаа сайд нар саналаа өгөхөд гэмгүй. Мөн Цэцийн их тодорхой дүгнэлт гарчихсан
байгаа. Тэгэхээр энд ямар нэгэн зөрчил байхгүй юм байна гэдэгт итгэлтэй байна.

-Засгийн газрыг огцруулалгүйгээр үр дүн
багатай ажилласан сайд нарт хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн шүүмж явах болсон.
Ингэж цочроо өгснөөр хариуцлага чангарч эдийн засгийн савлагаа, алдагдал багасна
гэж үзэх хүмүүс бий?

-Ер нь байх ёстой асуудал. Энэ Засгийн газар доод, дунд түвшний
албан хаагчдадаа хариуцлага тооцохгүй байна гэж үзэж байгаа. Олон хүний толгойг
нь илж байна. Зодоон нүдээнээс эхлээд тендер зарлах асуудлыг сайдаасаа нуусан гэх
мэтээр чих халууцуулах хүн олон дуулдаж байгаа. Ийм тохиолдлуудад тухай бүрт нь
хариуцлага тооцоод явах ёстой. Тэгэхгүйгээр манай намын юм, манай фракцын хүн гээд
байгаа нь Засгийн газрыг муухай харагдуулж, нэр хүндийг нь сэвтээгээд байна. Тэгэхээр
хариуцлагын энэ зарчим сайд нарт ижил үйлчлэх ёстой. Ажлаа хийдэггүй, хүлээсэн үүргээ
биелүүлэхгүй байгаа сайд нарыг явуулах л ёстой. Гэхдээ үүнийг сөрөг хүчний хатгалгаар
бус өөрсдийн санаачилгаар хийх нь хамгийн зөв.

-АН-ынхан энэ байр суурьт нэгдэж зарим
сайддаа хариуцлага тооцохоор болсон гэдэг үнэн үү?

-Бид Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг тэр чигээр нь дэмжихээр
100 хувь санал нэгдсэн. Давхар дээлний сөрөг нөлөө байгаа юу гэвэл байгаа. Энэ тогтолцоог
буруу гэж ярьж байгаа МАН-ын мөн ч олон гишүүн, мөн ч олон удаа давхар дээлтэй байсан
даа. Гурваас дөрвөн удаа давхар дээл эгэлдрэглэсэн хүмүүс л ингэж яриад байгааг
гайхаж байна. Тэгэхээр эхний ээлжинд 30-40 хувь нь дээлээ тайлъя гэж ажил удаад
яахав. 2016 онд тэртэй тэргүй сонгууль болж Засгийн газар шинээр байгуулагдах учраас
хуулиа мөрдөөд явах хэрэгтэй. Тэгээд ч Ерөнхийлөгч “Энэ хуулийг 2016 оноос наана
мөрдүүлэх гэвэл би хориг тавина” гээд олон түмэнд зарлачихсан шүү дээ. “Засгийн
газрыг бужигнуулах, явж байгаа ажлыг гацаах ийм бодлого байж болохгүй” гэдгийг
“Ухаалаг төр”-ийн хөтөлбөрийг зарлахдаа олон нийтэд хэлчихсэн. Одоо МАН-ынхны явуулаад
байгаа хатгалга нь дэмжлэг авсан ч  Ерөнхийлөгч
хориг тавих байх.

-Украйны жишээнээс улстөрчдийн дайсагнал
улс орныг мөхөөж болдгийг дэлхий нийт харсан. Ер нь хэнд ашигтай гэж ийм улс төр
хийгээд байдаг юм бол?

-Ард түмний эрх ашигт нийцэхгүй. Бизнесийнхэн, АН, “Шударга
ёс” эвсэл гээд бүгдийн эрх ашигт нийцэхгүй. Зөвхөн МАН-ынханд л ашигтай. Хоёр дахь
Засгийн газар ажиллалаа гэж үзэхэд одоогийнхоосоо хэд дахин сул байх нь ойлгомжтой.
Юу ч хийж чадахгүй. Юуг ч хийлгэхгүй. Удахгүй гурав дахь, дөрөв дэх Засгийн газрыг
гаргаж 1996-2000 оны үеийн үйл явдлууд давтагдана. Тэгээд 2016 оны сонгуульд АН,
энэ төр ихээхэн туйлдаж очно. Ийм хандлага, төсөөлөл бий.

-Сөрөг хүчин жагсаж айл бүрт  нэг архичин, нэг янхан бий гэлээ. АН-ынхан төр
бариад ийм байдалд хүргэчихсэн бололтой?

-Сөрөг хүчин үндэслэлгүй хэт туйлширсан тоглолт хийж байна.
Жагсаал цуглаан хийж, төр засгийг шүүмжлэх, шахаж шаардах эрх нь тэдэнд бий. Гэхдээ
ард түмнээ доромжлолгүйгээр, үндэслэл тооцоотой, итгэл үнэмшил төрөхүйц зүйлийг
л ярих үүрэгтэй. Тэд аль болох нийгмийн амьдралыг муухай харагдуулах гэсэн цор ганц
зүйлийг боддог болчихож.

-Эдийн засгийн уналт л Засгийн газрын
дархлааг сулруулж байгааг судлаачид хэлж байгаа?

-Ямар эдийн засгийг энэ нөхдөөс хүлээж авсан билээ гэдгийг
харчих хэрэгтэй. Нэг их наяд төгрөгийн өр, бүхий л том аж ахуйн нэгжүүд нь өрийн
барьцаанд орж, олсон мөнгөө сонгуульд зарцуулсан байсан. МАН-ын төр барьсан энэ
олон жил Монголын эдийн засгийн бүтэц нь ямар болж хувирсан байна.  Үйлдвэрлэгч бус зөвхөн хэрэглээний, экспортлогч
бус импортлогч эдийн засгийг л өгсөн. Ингэж 100 жил хийсэн зүйлийг хоёр жилийн дотор
өргөс авсан мэт засна гэж байхгүй. Дор хаяж 20-30 жил шаардагдах асуудал. Харин
АН гарснаар өөрчлөлтийн анхны алхмуудыг хийсэн. Валютын үнийн өсөлт л гэхэд анх
удаа тохиолдож байгаа юм биш шүү дээ. Ийм цочмог савлагаа МАН-ыг засаг барьж байхад
олон удаа тохиолдож байлаа. Энэ бол гадаад орчин, уул уурхайн цикл, манай эдийн
засгийн эмзэг, өртөмтгий, хэврэг байгаагаас хамааралтай. МАН-ын, АН-ын гэж байхгүй
Монгол Улсын эдийн засаг гэж байдаг учраас эрүүлжүүлэх ажлыг системтэйгээр урт хугацаанд
хийх шаардлагатай болчихоод байна.

-Эдийн засгийн уналтыг хүлээн зөв­шөөрөхгүй,
хуурамчаар төр барьж байна гэсэн шүүмжлэлийн тухайд?

-Дэлхийн хаана ч үнэ өсч байгаа уруудаж байгааг статистикаар
л гаргадаг. Өнгөрсөн жил манай улсын эдийн засаг хичнээн хүнд байсан ч хоёр оронтой
тоонд гарлаа. Өнөө жил ийм өсөлт байх нь мөн л статистикаар гарчихаад байна. Хөгжил,
өсөлтийн хурд удааширч байгаа ч боломжийн үзүүлэлттэй байгаа гэдгийг харах хэрэгтэй.
Хүндрэл бэрхшээл их байна. Монголд хийх ажил асар их байгаагийн хэрээр тэр хэмжээний
мөнгө шаардагдаж байна. Гэтэл мөнгөний зээлийг хүртэл царцаачихлаа. Сөрөг хүчний
бодлого нь мөнгөтэй болгохгүй, ажил хийлгэхгүй байлгаж дараагийн сонгуульд хүрэх.
УИХ-аас баталчихсан, мөрийн хөтөлбөрт тусгагдсан улс оронд хэрэгтэй олон ажил байна.
Мөнгөгүй учраас яаж явуулах билээ.

-Эдийн засгийн хүндрэлээс гарах арга
замыг хайж байна уу?

-Хэр зэрэг шуурхай, зоригтой ажиллахаас шалтгаална. Шинэчлэлийн
Засгийн газар хэр зоригтой шинэлэл хийх нь вэ гэдгийг харж байна. Монгол Улсаа бүхлээр
нь, томоор нь харж чадахгүй хөндлөнгийн жижиг лобби, хатгалгад өртсөөр байх юм бол
АН-ын нэр хүнд унана. АН-ын нэр хүнд унана гэдэг засаг барьж байх хугацаандаа юу
ч хийж чадахгүй, эдийн засгаа ч сэргээж чадахгүй гэсэн үг. Дүн тавигдана. 20 жил
ярьчихсан, бүгд мэддэг асуудлаа ч зориг гарган шийдэж чаддаггүй тийм гажиг байна.
Сөрөг хүчний, гудамжны жижиг хатгалганаас айсаар 20 жил юу ч хийж чадсангүй. Энэ
байдал үргэлжилбэл энэ Засгийн газар юу ч хийж чадахгүй.  

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үнэ төлбөргүй иогийн дасгал заана

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн амралтын өдрөөр бүх нийтийг хамарсан
эрүүл мэндэд чухал ач холбогдол бүхий олон үйл ажиллагааг явуулдаг билээ. Тэгвэл
энэ удаа иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын гол нууц нь хөдөлгөөн гэдэг үүднээс
“Туяа йог” төвтэй хамтран амралтын өдрүүдэд бүх нийтийн дасгалыг зохион байгуулж
байгаа аж. Энэ талаар “Туяа иог” төвийн тэргүүн Г.Гантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Үндэсний
цэцэрлэгт хүрээлэнтэй хамтарч ажиллахаар болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл
өгөхгүй юу?

-Манай “Туяа йог” төв болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн бүх
нийтийн эрүүл мэндийн төлөө олон нийтийг эрүүлжүүлэх,  дасгалжуулах зорилгоор бүх насныханд зориулж
“Өглөөний дасгал” арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Учир нь иргэдэд өглөөний
дасгал тэр дундаа хөдөлгөөн ямар ач тустай, хэрэгтэй вэ гэдгийг таниулах зорилготой
юм.

-Дасгал
өглөө хэдэн цагаас эхлэх вэ?

-Амралтын хоёр өдөр өглөө 09 цагаас эхэлнэ.

-Насны
хязгаар бий юу?

-Өглөөний дасгалд хүссэн хүн бүр ирж оролцож болно, нээлттэй. Хүүхдээ
салхилуулж буй ээжүүд, агаарт амьсгалаад алхаж байгаа ахмадууд гээд хүн бүр өглөөний
дасгалд нэгдэх боломжтой. Ямар ч үнэ төлбөргүйгээр амралтынхаа өдрийг дасгал хөдөлгөөн
хийхэд зориулаад сайхан тайвшраад гэр бүлээрээ цэвэр агаарт хөдөлгөөний үр дүнг
мэдрээд яваасай гэж бид хүсч байна.

-Ямар
дасгалууд хийх бол. Мэдээж янз бүрийн л насны хүмүүс цуглах байх?

-Энгийн чөлөөтэй, тайван дасгалууд хийнэ. Аэробик, галбиржуулах,
йогийн дасгалууд хийх болно. Мөн бүжгийн дасгал хөтөлбөрт багтсан. Ерөнхийдөө өглөөний
сэргээх дасгалаа хийчихээд дараа нь бага зэрэг хөдөлгөөнтэй дасгал хийгээд оюун
санааны дасгалаар өндөрлөх юм. Хүмүүст хэрэгтэй гэсэн бүхий л дасгал орж байгаагаараа
онцлогтой.

-Сүүлийн
үед хүмүүс өглөө ууланд авирах, дугуй унах зэрэг хөдөлгөөндөө анхаардаг болж. Ер
нь дасгал хөдөлгөөнийг өдрийн аль цагт хийвэл хамгийн тохиромжтой юм бэ?

-Дасгалын тохиромжтой цаг нь өглөө эрт эсвэл орой амрахын өмнө. Өдрийн
дунд үед дасгал хийж болох ч ямар ч үр дүнгүй болдог. Яагаад гэхээр ажлын цаг дуусаагүй
учраас дараагийнхаа ажлыг бодоод стресстээд биеэ дасгалдаа бүрэн зориулж чаддаггүй.
Өглөө ажил эхлэхээс өмнө дасгал хийх нь хамгийн тохиромжтой. Мөн орой ажлаа дуусаад
амрахын өмнө хийх нь үр дүнгээ өгдөг. Энэ үед хүмүүс ажлаа дуусчихсан “за амръя”
гээд бодчихсон байдаг учраас сэтгэл санаа бүрэн чөлөөлөгдчихсөн байдаг.

-Амралтын
хоёр өдөр дасгал хийгээд юу ч өөрчлөгдөхгүй гэдэг ч юм уу, үр дүнгүй цагаа гарзадсан
зүйл гэх хүмүүс байна лээ?

-Мэдээж тэгж ойлгох нэгэн байхад харин ч эерэгээр хүлээж аваад үнэхээр
сайхан аян өрнүүлж байгаа юм байна гэх хүмүүс илүү олон байна. Дөрөвдүгээр сар дуустал
амралтын өдрүүдэд өглөөний дасгалыг хийхээр төлөвлөсөн байгаа.

-Одоо
чинь хүмүүс эрүүл идэвхтэй амьдрал гэхээр л финтесс, бодбилдингийн төв рүү зорих
болсон. Йогийн хөдөлгөөнөөр эрүүлжилнэ гэхээр бас сонирхол татаж байна. Йог юугаараа
онцлогтой юм бэ?

-Фитнессийг би буруутгахгүй л дээ. Адилхан хөдөлгөөнөөр эрүүлжих
нэгэн арга. Гэхдээ төхөөрөмжийн тусламжтайгаар. Харин йог бол өөрөөр нь өөрийнх
нь биеийг мэдрүүлж үр дүнг нь гаргахад  гол
нууц нь оршино. 

-Тэгвэл
бясалгал, йог хоёр юугаараа ялгаатай юм бэ?

-Хүмүүс йог гэхээр бясалгал гэж ойлгодог. Бясалгал бол зөвхөн оюун
санаагаа төвлөрүүлж биеэ удирдах. Харин йог нь 
бие, сэтгэл, сүнсээ нэгтгэхийг хэлнэ. Амьсгалаа хэрхэн зөв хуваарилахаас
эхлээд биеэ хэрхэн мэдрэх зэрэг йогийн олон үндсэн дасгал бий л дээ. Манайх сургалтаа
насны хувьд дөрөв ангилдаг. Өсвөр нас, залуус, дунд үе, өндөр настан гэж.

-Нас
насанд нь зориулсан хөдөлгөөн ордог гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Шөрмөсийг нь суллаж ясны хуваагдлыг нь дэмжих зорилготойгоор
өсвөр насны хүүхдүүдэд сунгалтын дасгал зайлшгүй хэрэгтэй. Залуу хүн гоё сайхан
бие, насаараа л чимдэг. Тиймээс галбиржуулах дасгал түлхүү орно. Мөн оюун санааны
дасгал ордог. Харин дунд үеийнхний амьдрал хэдийнэ хөлөө олж, тогтсон хэдий ч ажлын
стресст ордог. Тиймээс стрессийг нь тайлах дасгалаас гадна залуу насаа хэрхэн удаан
хадгалж болох дасгал элемэнтүүдийг заадаг. Өндөр настангуудад мэдээж хөдөлгөөний
дутагдал, шохойжилтоос сэргийлж сунгалтын дасгал хөдөлгөөн орно.

-Фитнесст
яваад ч юм уу их хөдөлгөөн хийж байгаад түүнийгээ орхичихоор өмнөхөөсөө илүү жин
нэмдэг гэсэн яриа бий?

-Манайх таван жил “Төгс галбир” фитнессийг ажиллуулж байна. Саяхнаас
би “Туяа йог” төвийг бие даан ажиллуулах болсон. Өмнө нь фитнесст ажиллах хугацаанд
иймэрхүү тохиолдол гарч байсан. Энэ бол иргэдийн өөрсдийнх нь амьдралын буруу хэв
маягаас хамааралтай. Учир нь фитнесст хичээллэхэд маш их энерги зарцуулдаг. Гэтэл
фитнесст явахаа больчихсон хойноо дасгал хийдэг байсан үеийнх шигээ хэмжээтэй хоол
иддэг. Гол нь хоол ундаа зөв тохируулах л чухал. Иймэрхүү энгийн олон ялгаа харагддаг
л даа.

-Зөв
хооллолт гэж чухам юу идэхийг хэлээд байна вэ?

-Зөв хооллолт гэхээр цагаан хоол, мах идэхгүй гэж ойлгоод байдаг.
Тийм биш. Цагаан хоол манай нөхцөлд 100 хувь нийцэх тохиромжтой хоол биш. Бидний
хэрэглэдэг маханд өөр юугаар ч нөхөж чадахгүй олон уураг, тэжээл, витамин агуулагддаг.
Махаа идэж болно. Гол нь өглөө нарнаас орой нарны хооронд хооллож сурах ёстой. Мөн
эрүүл идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдрах хэрэгтэй. Манай явуулж байгаа энэ санаачилгыг
минь цаашид “MCS” компани ивээн тэтгэх талаар яригдаж байгаа.  Хэрвээ энэхүү аяныг минь албан газар, байгууллагууд
дэмжиж хамтарч ажиллах санал тавибал зөвхөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэлтгүй
дүүрэг бүрт өглөөний дасгал хөдөлгөөн ордог өдөртэй болох гээд олон төлөвлөсөн ажил
бий.

Д.ДАВААСҮРЭН