Categories
редакцийн-нийтлэл

Хувьсгалч бүү хэл хувьсгагч байж чадсангүй

Мөрөөдөх сайхан. Төр засгаас амласныг нь аваад л. Иргэн бүр саятан болж, уушги сэвтээх утаа­гүй, зам нь түгжрэлгүй, хууль нь хэрэгждэг, хү­мүүс нь уриалгахан   бо­лохыг бүгд мөрөөдсөн. Тэр мөрөөдлийг бий бол­гохоор амлаж дээр за­ларсан хоёр намын нөх­дүүдийг юу юугүй буулгаж аваад амласан амлалтыг нь өгүүлчих юм гэж “Амлалт нэхэх ард түмний хол­боо” (АНАТХ)  хэлж гарч ирсэн. Урьд нь янз бү­рийн хол­боонд ха­маар­даг байсан нөхдүү­дээс бүрдсэн АНАТХ овоо дориун юм сэдэж аргагүй байдалд нөгөө дээдсүү­дийг оруул­на гэж аргаа барсан ард түмэн горьд­сон. Дөрөвдү­гээр сарын таван боллоо. Тал­бай дээр хэдэн хүн жагслаа. Дуулиант жаг­саал нь энэ юм байх. Нө­гөө нэхэх юмаа ч нэхлээ. Цагаан цаасан дээр нэх­сэн юмаа  дурайтал би­чээд дээр нь бас төр зас­гаа тарж бут­рахыг шаар­даад авсан.    Цаадуул нь уриалгахан хүлээж авлаа.

Дуулиантай, их хү­лээл­ттэй, энэ жагсаалаас горьдсон үр дүн ирсэнгүй. Өөрсдөө өлсөж илүүдэл жингээ хаяж, сахараа багасгасныг эс тооцвол юу ч олж долоосонгүй.  Яг үнэндээ хааяа өлсөх эрүүл мэндэд тустай юм гэнэ лээ.  Тэдний тавьсан  драм муухан найруул­гатай боллоо. Үүр цүү­рээр Шар хадны эмнэл­гээс саяхан гарсан гэх нөхөр  ганган “Ланд”-тай очиж гэрийг нь яйжийл­гасныг эс тооцвол дуу­лиан тэр дороо л намд­лаа. Улиг болсон жаг­саалуудаас одоо  хэн ч юу ч хүлээхгүй биз.

Хувьсгал хийхгүй бай­лаа гэхэд хувьсгагч хүчин байж чадна гэж бас харсан нэг хэсэг бий. Хөдөлгөөн энэ тэр бол хаашдаа манайд нэг их хол явахгүй юм болсон нь харагдаж байна даа. Нэг сүртэй том шаардлага өгдөг. Нөгөөдүүл нь ший­дэх биш яаж бултахаа бодож байгаад нэг арга олоод амыг нь таглана. АНАТХ ч анх ярьснаасаа хальж, амлалт нэхэхээсээ илүүтэй УИХ-ыг тараа­хад анхаарал хандуу­лаад эхлэв. Өлссөн, бухимдсан ард түмэн тэднийг дагаад явах юм болов уу гэтэл тэгсэнгүй. Чадахгүй байж ингэж хувьсгал энэ тэр ярих хэрэг байсан юм уу.  Тэгээд ч хувьсгалыг   Болд, Д.Батцогт, Д.Нинж,  Л.Цог нар хийдэггүй л юм байна. Дээрх нөхдүүд хувьсгал хийж төр  солиод  УИХ-д дэвээд гарч ирнэ гэдэг хаашаа ч юм. Одоо юу гэж ч хашгираад ард түмэн тэднээр удир­дуу­лахгүй. Нийгэм иргэний хөдөлгөөн, иргэний ний­гэмд иймэрхүү үр дүнгүй жагсаалуудаас болоод итгэл алдарчихлаа. Ма­най сонин  энэ цуглааныг болохоос өмнө  үйл явд­лыг  хэрхэн болж өнгөрөх талаар хэд хэдэн хувил­бар дэвшүүлж байсан.  Сэтгүүлч Э.Энэрэл “Дө­рөвдүгээр сарын 5-нд юу болох тухай таамаглаж үзвэл…”  нийтлэлээрээ гурван хувилбараар жаг­саал цуглааны үр дүнг таамаглаж бичиж бай­лаа. Тэр хувилбараас хамгийн муу нь сая болж өнгөрлөө. “Сүр өрнүүл­сэн цуглаан юунд ч хүрэх­гүй. Яагаад гэвэл Иргэний хөдөлгөөн гэгчийн тар танигдаж, гууль цухуйсан учраас энэ жүжигт нь итгэх хүн олдохгүй. Ард түмний нэрийг барьж хэ­дэн хүн УИХ-д орох л пиараа үүгээр хийж байгаа хэрэг. Тэднийг нэг хэсэг хүнийг гаргаад өөрсдөө оронд нь орж суух гэсэн хэсэг нөхөд гэж цөөнгүй хүмүүс харж байна. АНАТХ-ны энэ ажиллагаа нь Мон­голд сүүлийн таван жилд байнга өрнөх болсон та­нил хэлбэр юм. Ард түмний нэрийг барьж хэн нэгнийг гутаах, мөнгөөр цуглаан жагсаал хийдэг энэ арга хэдийнээ гэрэл цохичихсон. Үүнийх нь эсрэг мөнгөөр жагсаал хийдэг арга мөн л хуу­чирсан. Мөн АНАТХ-ны ард улс төрийн индэргүй болсон хүмүүс байгаа гэсэн хар газар авч эхэл­сэн нь ил. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарыг улс төрийн өс хон­зонгоо авах зэвсэг болгон энэ хө­дөл­гөөнийг сан­хүү­жүүлж, идэвх­­жүүлж байгаа гэж хэвлэлээр бичих болоод удаж бай­на. Энэ цуг­лаа­ныг ийм маягаар гар хө­лийн удир­дамжаар зо­хион байгуул­бал жагсаал цуг­лаан улам бүр утгаа алдаж гудамжинд гараад хэн ч, юу ч хэлж байсан ард түмэн болоод төр засаг тоохгүй  болох нь гуниг­тай. Ямар ч үнэнийг ярьж байсан  “Энэ хэд хэний мөнгөөр хэнийгээ барьж идэх гэж яваа юм бол доо, зайлуул” гэсэн шүү юм бодоод өнгөрдөг болно доо” хэмээсэн. Таамаг­лал үнэн болсныг бид бүгдээ­рээ харлаа. Хэд хэдэн хувилбараас хамгийн муу тэр хувилбар ийнхүү АНАТХ-ны үйл явдлаар батлагдлаа. Хө­дөлгөө­ний нэрийг ха­раад өөрс­дөөс нь өөр хэн ч тоохгүй болжээ. Яаж ч өлсөөд  авч хэлэлцсэнгүй. Нууц эз­нийг нь  хэвлэлээр тодруу­лаад байсан. Тэд нь ичээд  чимээ алдрав шив. Ард нь биш,  хажууд нь байсан М.Энхсайхан өлс­гөлөнг  буулгасан нь зөв гээд сууж байна. Худ­лаа хувьсгал хийлээ. Ард­чилсан орны иргэн асуух шаардах, үг хэлэх, жаг­сах, цуглах эрхтэй гэж үздэгээрээ манай сонин л ичих нүүрэндээ тэдэнд  нааштай хандсан. Ху­вийн амбийцдаа хөтлөгд­сөн хувьсгалч болох гэсэн хөдөлгөөний цуглааны түүх үүгээр бараг дуусч байна. Одоо энэ хоёр нам хөдөлгөөнтэй хөдөл­гөөн­гүй, жагсаалтай жагсаал­гүй ажлаа хийдгээрээ л хийнэ. Төр барьж буй дээрх намууд  өөрсдөдөө дүгнэлт хийж, чадахгүй юмаа амлахаа больж,  амлалтаа биелүүлнэ гэж эх орноо барьцаалахаа байчихвал барав. 

Тэртэй тэргүй
АН, МАХН-аас өөр нам гарч
ирээд төр барьтлаа хол хэвтэх
нь  өнгөрсөн хуга­цаанд харагдлаа. Нэг их олон нам хэрэггүйг ч ард түмэн мэддэг болж.  Нэ­гэнт муу нэртэй, луу данс­тай энэ хоёроос гарцаа­гүй юм хойно элдэв хө­дөлгөөний
шаардлагаас айхгүй  ажлаа л хийх хэ­рэгтэй байна. Хэтэрхий аймхай,
нялуун зан нь тэднийг сул дорой болгож байгаа. Тэртэй тэргүй аль нэг нь төр бариад эсвэл тэврэл­дэж өвөртлөлцөөд хамт явдгаас хойш гурав­дагч
хүчин гуравдагч холбоо гэхээс
илүүтэй гуравдагч хөрш, гурав­дагч түнштэй­гээ учир зүй­гээ олохоо бодох хэрэг­тэй болж.
Тэдэнтэйгээ учраа олж Таван толгой­гоо тайван амгалан ший­дээд өмнөх хөршөөсөө хальж өрнө­дийн зүг ха­раа бэлчээвэл яасан юм.  Оюу толгойгоо­соо сургамж авч Таван толгой дээр
талцаж хэ­рэл­дэлгүй асуудлаа
шийд­вэл ард түмэн аян­даа
л ойлгоод ирнэ. Жижиг гэх намуу­даас хүч­тэй
ганц нэг нь гарч ирнэ л биз.  Мон­голын парла­мен­тын
түү­хэнд  өөр
нам эрх барих­гүй нь тодорхой
болчих­лоо. Эл­дэв хөдөл­гөөн жагсаалыг ч өрөөсөн нү­дээ­рээ
хара­хаа бай­сан энэ цагт бүх­нийг
байр байранд нь тавьчихвал дэлхий эргэд­гээрээ эргэж, Монгол орш­догоороо ор­шино
байх.

Categories
редакцийн-нийтлэл

Байгалийн мэргэн шийдвэрийг дэмжье

Дэлхийн хүн ам бараг долоон (6,816,500,000) тэрбум болж бай­на. Тэд­ний 30-40 сая нь нүүдэл­чин. Ертөнцийн ам бү­лийн иймхэн хэсэг нь л хээрийн салхинд явна гэсэн үг. Хүн төрөлхтөн мал дагасан амьдралаас салах үзэгдэл идэвхж­сээр дэлхийн II дайны дараа­гаас улам эрчимжсэн ба­римттай. Бас шинэ цагийн зарим түүх судлаачид социализмын үед ЗХУ нүүдлийн мал аж ахуй, үүгээр тэтгэгдсэн амьд­ралыг бодлогоор дэмжиж ирсэн гэх нь бий. Тэдний тайлбар энгийн ойлгомжтой. Да­гуул ул­суу­дынх нь эдийн засгийн гол тулгуур мал аж ахуй байх нь том улсад олон ач холбогдолтой байдаг гэх. Хүмүүс нь мал дагаж мал шигээ болж, бас бай­галийн нөлөөнд бүрэн автагдмал, хаашаа ч эр­гүүлэхэд хамхуул мэт байх учраас байнга бөө­рөндөө дагаж явна гэж үздэг гэнэ. Энэ жишээнд Киргизийг нэрлэсэн бай­гаа юм. Байр сууриа олох­гүй хэдэн жилээр өнхөрч яваа эсгий мал­гайтнууд шүү дээ.

Нээрээ ч энэ нь үнэн­тэй шиг. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Төрийн Думын орлогч В.Жири­новс­кий хуучин стан ор­нуудынхаа сэт­гүүлчдийг цуглуулж, аанай л эх адаг­гүй чалчихдаа Мон­голын тухай хавчуулснаас нь энэ бүхэн нэг талаас батлагдаж байгаа юм. Тэр­бээр киргизүүдийг оршин тогтнох чадваргүй улс гээд хэдэн жилийн дараа хуучин стануудын хамт Оростой нэгдэх биз гэсэн байна. Түүнээс гад­на Алс Дорнодод Монгол, Солонгосыг ч нэгтгэх бо­ломжтой тухай ярьжээ. Хэзээнээс хамжааргагүй, хяналтгүйгээрээ алдар­тай тэрбээр “Саяхан Мон­голд малынх нь тэн хагас хиарлаа. Монгол Оросын бүрэлдэхүүнд байсан бол бүгдийг нь худалдаж аваад нөөцөл­чих байсан. Мал нь үхэж, хэдэн сая монгол мөнгө­гүй, малгүй хоцорлоо. Байгалийн гамшиг үйлд­вэрлэлийнх нь гол салбар болсон мал аж ахуйг нь сөхрүүллээ. Жижиг орон шүү дээ. Хоёр сая хүнд нь 30 сая мал оногд­дог. Энд агуу орон байхад тэд бүг­дээрээ салаад явцгаасан” гэхчлэн буржээ. Уг яриа­наас харахад дэл­хий тэр чигээрээ аж үйлдвэржих чиглэлээр явж байхад Монгол нүүдлийн мал аж ахуйтайгаа үлдсэн социа­лизмын үеийн учиг бүүр түүр тодрох шиг. В.Жири­новскийн хадууралд үнэ­ний хувь байна аа. Мон­голд олон мал хиарч мал­чид хоосон үлдсэн гэдэг худлаа биш. Монголын хэдэн мянган жилийн уламжлалт мал ахуйн үргэлжлэх зам энэ цаг үед нэгэн эрс эргэлт дээр ирлээ. Үүнийг бай­галь дэлхий цаанаасаа зохи­цуулж өгөв. Чадал­тай нь цаашилж, чадал­гүй нь замдаа үлдэх ёс­той. Тэр ч утгаараа өнгөр­сөн өвлийн зуднаар шинэ өвсний гэгээ харах чадалгүй нь мажийж, малчин нэр зүүгээд явж чадахгүй нь хотоо хар­лууллаа. Үүнийг байга­лийн шалга­рал гэхээс өөр юу гэх вэ. Уг нь ийм шал­гарал олонтаа давтагдаж ир­сэн. Чингэвч дориухан салхинаар хийсчих эдийн засгийн тулгууртай байлгах ах нарын сонир­хол  нөлөөлж байсан биз, дараахан үеэс нь мал төрийн өмч гэсэн хөөр­лийн сэтгэлгээ ч нөлөөл­сөн биз, хоосон хоцорсон хүмүүстээ хэд гурван мал өгч дэнжигнүүлсээр өнөөг хүрсэн юм. Харин одоо тэгж хэн хэндээ гай болох хэрэггүй. Нэгэнт хотоо харлуулаад хоосон хо­цор­сон малчинд хэн нэгэн татвар төлөгчийн халааснаас 50 мал авч өгч хуурах ч шаардла­гагүй. Өвсөө хадаад, хэ­дэн толгой малаа аваад үлдэж чадаагүй тэр нөхөр дараагийн зуднаар бас л адилхан сууж байна. Угаа­саа өөр амь­жиргаа байхгүй юм чинь түү­ний­гээ алж идчихээд л өлсч эхэлнэ. Тэгэ­хийн оронд зуднаар хоосорсон тэр хүмүүс хот хүрээндээ орж ирж амьдрал хайвал арай горьдлого­той сон­голт. Хөдөөгийнхөн гэдэс дотор иддэггүй, толгой шийрээ хаяад нүүдэг ца­маан хүмүүс. Тэнд хөдөө хөхөрч болоод ч байгаа юм шиг, болохгүй ч бай­гаа юм шиг амьдрахын оронд олны хөлийн газар ирж гутал загнаад, оймс ширээд олсноо борлуу­лаад амьдарвал хэн хэн­дээ шударга явдал болж таарна. Ажил нь өргө­жөөд тодроод гараад ирэ­хийг ч үгүйсгэхгүй. Нөгөө талаас үйлдвэр­жиж чаддаггүй Монголд үйлдвэр­лэлийн эхний бааз суурь ч болно. Тэд­нийг бодлогоор дэмжиж, ажлаа хийгээд амьдра­лаа аваад явах болом­жийг нь төр олгох ёстой юм. Салхи харж, мал да­га­сан амьдрал нь өөрс­дийнх нь арван хуруу хэр­хэн хөдлөхөөс шалт­гаалж урагш­лах боло­хоор илүү  утга учиртай амьдрал угтана.

Харин хахир өвлийн хайрууг давж, хэд гурван малаа үлдээж чадсан, шалгарсан малчдыг өөрөөр харж үзэх хэрэг­тэй. Тэд бол жинхэнэ мал­чид гэдгээ баталсан. “Хотоо харлуулсан би яанаа” гээд уйлж байгаа улсууд, “Тэжээл өвсөө сайтар бэлдсэний хүчинд байга­лийн хөтүүг ажрал­гүй давлаа” гэж байгаа хоёр өөр фронтыг цас шуурга нэгийг нь тойрч, нөгөөг нь дайрч өнгөрөө­гүй л байлгүй. Тий­мээс шинэ цагийн бизнесмэн, авьяаслаг мэдрэмжтэй малчдыг  хүндэтгэх нь зүй. Малыг жинхэнэ аж ахуй гэсэн утгаар нь хөгжүүлж чадаж байгаа тэд дэргэ­дээ ажил­чид буюу мал­чидтай, хэд хэдэн машин­тай, түүхий эдээ боловс­руулах техниктэй, борлуу­лах нүх сүвтэй. Ерөөсөө манайхны ярьсаар ирсэн фермерийн аж ахуйг өөрс­дийнхөө бор зүр­хээр байгуулж чадсан учраас өөрөөр хандах хэрэгтэй гэж байгаа юм. Айл болго­ныг малжуулна гэсэн коммуны үеийн хүслээ орхиод малаар биз­нес хийж, хөрөнгө босгож, ажлын байр гар­ган үр хүүхдээ хүмүү­жүүлж байгаа жинхэнэ малчдаа дэмжих нь зайлшгүй хэрэг билээ. Энэ нь хотоо харлуулаад шинэ амьдра­лаа эхлэх гэж байгаа хүмүүсийг бод­логоор дэмжих явдалтай эн тэнцүү байх нь шудар­га ёсонд нийцнэ. Хэрэг дээрээ эд бол баат­рууд шүү.

Байгаль шалгаад үлдээгээд өглөө. Харин түүний мэргэн шийд­вэ­рийг дэмжээд хэн нь хаа­на амьдрахыг нь заагаад, дэмнээд өгөөсэй билээ. Байгалийн мэргэн шийд­вэрийг дэмжье.

Categories
редакцийн-нийтлэл

АН ба МАХН, Бага хурал ба ҮЗХ

МАХН-ын Бага  хурал, АН-ын ҮЗХ-ны хурлууд   адилхан сценартай яваг­дах болжээ. Хийц донж, хэлбэр, агуулга ойролцоо хурлуудаас их өрнөл хүлээсэн жирийн гишүүд, дэмжигчид, хөндлөнгийн ажиглагчдын хувьд энэ нь шальтай санагдаагүй. Ардчилсан намын  ҮЗХ, МАХН-ын Бага хурал хугацааны  хувьд ойрхон болсон.  Аль,  аль нь  дотооддоо хөл жийлцсэн фракцуудын найруул­гаар явагддаг нь олонд ил болсон бөгөөд энэ удаа­гийн  МАХН-ын Бага хурал намын даргын суу­дал солилцсон  ёслолын арга хэмжээ болж хувир­сан.  Энэ үед намын жи­гүүр нь тасдуулах вий гэсэн айдастай байлаа. Хурлаас ихийг  хүлээсэн жирийн гишүүд дэмжиг­чид С.Баяр, С.Батбол­дын  титэм хүлээлцэхийг харж алмайран бусдыг умартаж орхисон  гэхэд хилсдэхгүй. На­мын Бага хурлаар Сон­гуу­лийн үр дүн, Хяналтын хорооны илтгэлийг хэ­лэлцэж зарим хүнд  ха­риуцлага тооцох,  намын дүрмийн энэ хэсгийг то­дорхой бол­гох гэх мэтийг  ярих бай­лаа. Зарим удирд­лагын хүслээр на­мын­хаа Удир­дах зөвлө­лийг тараах мэдэгдэл гар­гасан, намаа шүүмжил­сэн жигүүрийг татчих сонирхол байсан гэнэ. Харамсалтай нь  энэ нь хурлын өмнө биелээ­гүй. МАХН-ын шинэ дарга С.Бат­болд жигүүрийг татан буулгасан  лайг  биедээ үүрэ­хийг хүсээгүй бөгөөд зарим нөхөд ч жигүүр нь намыг ардчи­лалтай хараг­дуулдаг гэс­нээр энэ асуудал тэгэс­хий­гээд намдав. Бага хурлаас үлдсэн ганц юм бий. Тэр нь С.Баярын хэлсэн үг. Тэрээр “Тахиа донгодсон донгодоогүй үр цайдгаа­раа цайна” хэмээн өөрийг нь донго­дохгүй бол үүр цайхгүй  гэж боддог зарим  “тахиа”-нуудад хаягласан үг л хурлын дараахь улс тө­рийн ярианы сэдэв болж үлдсэн. 

Ротацийн сонгуулиас эхтэй будлиан АН-ын ҮЗХ-ны хурал хүртэл үр­гэлжилсэн. ҮЗХ-ны  хур­лын өмнө Нийслэлийн намын хороо нь хурал­дахдаа Алтан гадас, Кроун, Нэг ардчиллынхан нийлж С.Эрдэнийг уна­гах операци зохион бай­гуулаад энэ нь МоАХ фра­к­цийн тус­ламжтай­гаар бүтэлгүйтэв. Амжилт олоогүй Алтан гадас тэр­гүүтнүүд дөчин хувь­тай­гаа унасан энэ тэмц­лийн дараа Гүйцэтгэх зөвлөл нь хоёр удаа хуралдсан. Эхний удаад  маргаантай тойргуудаа шийдэх хэрэг­тэй гэж ярьж байсан намын дарга Н.Алтанхуяг  дараа нь фракцынхан­тай­гаа уул­заж ирээд өм­нөх ярьснаасаа ухарчээ. Маргаантай байсан дөр­вөн тойрог буюу Дархан-Уул, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн   асууд­лыг нэг тийш болгох талаар ярь­сан  эхний өдрийн байр сууринаа­саа ухарсан намын дар­гатайгаа Гүй­цэт­гэх зөв­лөлийн гишүүд санал нийлэхгүй   эцэст нь ҮЗХ-д оруулж асуу­далдаа цэг тавихаар болсон аж. Нэг үгээр хэлбэл дүрмийн дагуу  Дотоод сонгуулийн хорооны  шийд­вэрийг ҮЗХ-ны хур­лаар бат­ламж­лахаар олонхи шийд­жээ. Ингээд ҮЗХ-ны хурал ч боллоо.    Хурал эхнээсээ дүрэм зөрчиж эхэлсэн байна. Намын дарга дүрмээ зөр­чиж ген­сек, нийслэлийн намын хорооны даргыг ҮЗХ-ны хурлын дарга буюу хурал тэргүүлэгчээр томилж заалнаас санал оруулах боломж олгосон­гүй. Ийн­хүү адгасан нь   намын даргыг авч хаях хор гүй­чихнэ гэсэн айд­саас  үүдэл­тэй. Ийм яриа ҮЗХ-ны хурлын өмнө мэр сэр сонсогдож байсан.  Ре­дак­цийн комисс, тоол­логын комиссыг  ч заал­наас гишүүдийн санал авалгүйгээр намын дарга санал оруулснаар  бат­луулав.

ҮЗХ-ны хурал анх тов­лосон хугацаанаасаа хойшилж хуралдсан шалт­­гаан нь ч Дотоод сонгуулийн хорооны дүр­мийн хүрээнд гаргасан шийдвэрийг дүрмийн бус аргаар таслах гэсэн  “Ал­тан гадас”-ын оролдлого­той холбоотой  байсан гэнэ.  Намын дарга ажлын тайлан гэх уйтгартай илт­гэлээ дуржигнуулсны эцэст Хамтарсан  Зас­гийн үйл ажиллагаатай хол­боо­той илтгэлийг  С.Баяр­цогтоор тавиулах байсан ч Х.Баттулгаар орлуулав. С.Баярцогтыг ҮЗХ-ны гишүүд барьж идэхдээ тулах  нь ойл­гомжтой байсан учир ийн­хүү Х.Бат­­тулгыг  бам­бай бол­гожээ. Намын даргыг илт­гэлээ уншиж дуусмагц  залуучууд шүүмж хэлэв. Намын дар­гадаа сэтгэл дундуур бай­гаа нь энэ үеэр илэрхийл­сэн байна.  Тэд МАХН-ын даргад до­лигонож, сүү өргөж, хайр зарладгийг  асуух нь асууж, шүүмжлэх нь шүүм­жилж, сануулах нь са­нуулж.  З.Энх­болд гишүүн на­мын даргаас Хамтар­сан Засгийн газрын хэрэг­жүүлж байгаа ажил гэдэгт чинь  манай намын мөрийн хөтөлбөр байна уу, эсвэл МАХН-ын мө­рийн хөтөлбөрийн хэрэг­жил­тийг та яриад байна уу гээд  засгаас гарч бол­доггүй юм уу гэж асуу­гаадахав. Г.Баярсайхан гишүүн мөн л намын дар­гад хатуу үг чулуудан “Энэ намын эв нэгдлийн бэлгэ тэмдэг байх ёстой намын дарга залуучуу­даа ч, намаа ч хагалж Сонгинохайрханд анх энэ хагарлын эхлэлийг тавьж байсан” гэдгийг нь сануулав. 

Ингээд ҮЗХ-ны ги­шүүд дотоод сонгуулийн хорооны дарга Д.Алтан­хуя­гаас  (Намын дарга Норовын Алтанхуяг  биш, Дотоод сонгуулийн хо­роо­ны дарга Дагвын Алтанхуягаас)  байцаалт авч эхлэв. ҮЗХ-ны гучаад гишүүн түүнийг элдэв асуултаар булж. Д.Ням­хүү  “Маргаантай байгаа дүүр­гүүдийн асуудал Хя­нал­тын ерөнхий хороонд очсоор атал яагаад До­тоод сонгуулийн хороо шийдвэрлэсэн юм бэ гэжээ. Д.Алтанхуяг “Дүр­мийн дагуу Дотоод сон­гуулийн хороо сон­гууль­тай холбоотой асуудлыг эцэслэн шийдвэрлэдэг.  Энэ шийдвэр нь Үндсэн дүрмийн заалтын зөрч­сөн гэж үзвэл Хяналтын ерөнхий хороонд хандах ёстой гэж байдаг. Дотоод сонгуулийн хорооны шийд­вэр Үндсэн дүрмээ зөрчөөгүй.  С.Эрдэнэ  “Оруулж ирсэн саналыг батлах хэрэгтэй. Түүнээс бус Дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг авч хэлэлцэх гээд дүрмийн бус юм яриад сууж болохгүй” гэв.

“Нэг ардчилал”-ын залуус амбицаа дарж чадалгүй залуусын тө­лөөллийг намын удирд­лагад оруулах санал хэлэ­хэд ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Эрдэнэ­бат Ардчилсан залуучуу­дын холбоо гэдэг бай­гуул­лага сураггүй алга болсон.  Намын дэргэдэх дүр­мийн, дөчин мянган ги­шүүнтэй энэ байгуул­ла­­гын тэргүүн юм уу, “Нэг ардчилал”-ын тэргүүн юм уу гэж Лу.Гантөмөрт хаяг­ласан үг хэлэв. Ажил хий­дэг­гүй залуучуудын бай­гууллага гэхээсээ эмэг­тэйчүүд,  ахмадын бай­гуул­лагаа дэмжиж ажил­лана гэдгээ ч ан­хаа­руулж орхисон байна.

Ийнхүү асуулт ха­риулт санал бодлоо хэлж дуусаад Ротацийн сонгуу­лийг бүрэн батал­гаажуу­лахыг ҮЗХ-ны олон­хи дэмжжээ. Мэдээж дунд нь АН-ынхны зур­шил ёсоор зөндөө хэрүүл тэмцэл болсон нь ойлгомжтой.

Дотоод сонгуулийн хорооны шийдвэрийг уна­гах гэсэн Кроун,  Ал­тан гадасын санаархал энэ удаа ийнхүү уналаа. ҮЗХ дээр мөн л дөчин хувиар хор найруулга нь унасан энэ бүлэглэл ийн­хүү санаагаа гүйцэлдүүл­сэнгүй.

Кроун гэдэг нь АН дотор аль нэг фракцад харьяалагддаггүй,  Алтан гадаст орох хүсэлгүй хү­мүүсийг нэг хэсэг бөгөөд   улс төрийн шийдвэр гар­гах үед буюу шаард­лага­тай хурал цуглаанд өөрс­дийн гар хөл болгон дэмж­дэг бүлэг болгон ашиг­ладаг болсон нь сүү­лийн үеийн үйл явд­луудаас харагдана.  Нэг үгээр хэл­бэл “Алтан гадас”-ын са­нааг хэрэг­жүүлэгч кнопны хүмүүс аж. Гэлээ гээд С.Баяр тахиатай тахиагүй үүр цайдгийг хэлсэн шиг Алтан гадастай, гадасгүй шийдвэр гардаг юм байна гэдгийг л харуулсан нь энэ удаагийн ҮЗХ-ны хурлын үлдэх юм байлаа.   

Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг УИХ-д танилцуулдагтай адил Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо ҮЗХ-ндоо дүнгээ танил­цуулсан болохоос сон­голтыг дахин хянах шаард­­лага байхгүй нь тодорхой. Ямар ч байсан асуудал шийдэгдсэн.  

Гэвч ҮЗХ-ны шийдвэр гарснаас хойш Чингэл­тэй, Баянзүрхийн зарим гишүүн суулт хийлээ.   Өм­нө нь шалан дээр суугаад суултаа хийдэг байсан бол энэ удаад түшлэгтэй сандал дээр ардаа хи­чээн­гүйлэн наасан пла­кат­тай  сууж байгааг намын дарга Н.Алтанхуя­гийн ивээл дор “Алтан гадас”-ын за­хиалгаар хийлгэж байгаа  гэх хүн олон байх юм. Нөгөө л захиалгатай цалин­тай суултын нэг гэлцэх энэ суулт нь дүрмийн бус тоглолт хийх гэсэн “Алтан гадас”-ын аргаа барсан үйлдэл гэх АН-нхны хардлага бас байна. 

“Зэрэг нэмэхийн өм­нө” Боролдой еэвэнгийн та­лыг идчихээд нөгөө талыг нь асуухаар  эр­гүүлж ха­руу­лаад л нөгөө тал нь энэ гээд байдаг шиг   МАХН, АН гэдэг хоёр нам яаж ч тайлбарласан тал еэвэнгийн тал нь  юм шиг болчихсоныг саяхан бол­сон ҮЗХ, Бага хурлынхаа үйл явцаар харуулах шив дээ.  

Categories
редакцийн-нийтлэл

Улстөрч цагдаа

Амлалт нэхэх ард
түм­ний хөдөлгөөн (АНАТХ) Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласныг хүн бүхэн мэднэ.
Тэд УИХ-д итгэл үзүүлэх эсэх тухай бүх нийтийн санал асуулга явуулахгүй бол өлсгөлөнгөө
зогсоохгүй хэмээн мэдэгдэж байсныг бас бүгд санаж байгаа. Монгол Улс парламентын
засаглалтай орон. Тийм учраас өлсөгчид төрийн дээд эрх барих байгуул­лага болох
парламен­тдаа хандсан. Парла­мент ч үүнийг ойлгож байгаа учир Төрийн бай­гуулла­гын
байнгын хо­роон дар­гаараа ахлуул­сан ажлын хэсэг бай­гуулав. Энэ байн­гын хо­роо
бол тө­рийн шатал­бараар дээ­рээ­сээ хоёрт орох бай­гууллага юм. Парламен­тын засаглал­тай
оронд болохоор тэр шүү дээ. Уг ажлын хэсэг нь  
өлсөг­чид­тэй зөвшил­цөх, яаж энэ мухардсан байдлаас гарах арга замыг тодор­хойлохоор  байгуулагд­сан байлаа. Тэгээд мар­гааш өглөө нь
хоёр тал хэлэлцээнд орох гэтэл нөгөө өлсгөлөн зарласан АНАТХ-ныхон нь талбай дээр
алга байв. Яасан, ийсэн, буучихсан юм уу 
болоод явчихсан чинь шөнө нь дүүргийн Засаг дарга нь захирамж гар­гаад, дүүргийн
цаг­даа­гийн дарга нь дур мэдээд тус холбооныхныг хү­чээр буулгачихсан бай­жээ.
Манай төрийн дээд эрх барих байгууллага энэ талаар огт мэдээгүй гэдгээ бүхий л хэвлэл
мэ­дээл­лийн байгууллагаар дам­жуулан мэдэгдсэн. Тэгэх­лээр өлсгөлөнг төр биш дүүргийн
цагдаа л буул­гасан болж таараад байна. Ийнхүү төр зас­гийн дээд түвшнийхэн ажлаа
хийж байтал тө­рийн дунд шатны хурган дарга нар өөрсдөө дур мэдэн завсраар нь орол­цож,
цагдаа хүчний­хэн идэвхийлэн гүйцэт­гэсэн болоод явчихлаа. Мон­гол төрийн яаж уял­даа
холбоогүй ажиллаж бай­гаа, дээр нь дур дуран­даа ажилладгийн  үнэн дүр төрхийг энэ үйл явдал бүрэн илчилж бай­на.
Мөн Монголын цаг­даа зөвхөн улс төрийн л цагдаагийн үүрэг гүйцэт­гэх болсныг дээрх
үйл­дэл  харууллаа. УИХ-ын дар­гын захи­рамж,
Тө­рийн байгуулал­тын байн­гын хорооны ажлын хэсэг тухайн дүүр­гийн цагдаа, Засаг
дар­га нарт огтхон ч ха­маагүй бололтой. Мар­гааш нь хэлэлцээ хийх гэж байхад юундаа
тэгж идэвх гарган хүч хэрэглэн тэр хэдэн хүмүүсийг ачна вэ. Ингэж сайн хүн болж
ха­раг­дах гэснээрээ Монгол төрийг инээдэм­тэй, эвгүй  бай­далд оруулж байна. Ялан­гуяа УИХ-ын дарга
өглөө нь юу бодоо бол. Намайг ч хүн гэж бодох­гүй юм аа гээд л гаслаад сууж бай­сан
болов уу. Дээр нь Төрийн байгуу­лал­тын байнгын хороо­ны даргад лав сайхан санагдаагүй
биз. Өө аш­гүй,  ашгүй аваад явчихаж гээд
өрөөн­дөө цай уугаад сууж байгаагүй дээ. Ядах­даа ичгэвтэр биз дээ. Урьд өдөр нь
нэг л их төрийн хүмүүс маргааш хэдүүлээ нийлж суугаад  тулгамд­сан байдлаас га­рах арга замаа олчихъё
байз гээд л байсан. Дуу­гүй зуудаг нохой гэгчээр шөнөөр хэдэн цагдаа нууцаар явуулаад
ба­ривчлуул­чихсан мэт байдалд орж байгаа бус уу. Ч.Лодой­дам­ба гуайн зохиол “Тунгалаг
тамир” романд Хатанбаатар ван Бакич генералтай мар­гааш хэ­лэл­цээр хийнэ гэж бай­тал
тэр шөнө нь ца­хиур Төмөр гэдэг шилийн хул­гайч байсан цэрэг  адууг нь хулгайлаад ир­чихсэн байдаг тухай гар­даг
даа. Яг үүн шиг л юм болж байх юм. Тэгээд нөгөө цэрэг нь юу гэдэг билээ. “Явган
хүнтэй ярихад үгэнд сайн ордог юм” гэдэг. Энэ бол зохио­лын уран санаа л даа. Яг
амьдрал дээр ван хүн генералтай хэлэлцээ хийх гэж байхад ийм яв­дал болбол юу гээч
болох вэ. Тэр вангийн нэр нүүр яах вэ гэхчлэн асуудал мөн ч их гарна аа даа. Даргынхаа
нэр нүү­рийг шавартай  хутгаад хаячи­хаж байгаа
хэрэг юм. Ингэж сайн хүн болж харагдахын төлөө нэг дүүргийн эмч бие нь муу байна
гээд л цагдаа нь үүнийг хүлээж байсан юм шиг доор нь ачаад л. Ер нь цагаа олоогүй
энэ идэвх явж явж төр засгийн нэр хүндэд л халтай зүйл юм. Маргааш өглөө нь Төрийн
байгуулалтын байнгын хорооны даргын асуултад манай цагдаа нар “хүн нь байхгүй бол
асуудал нь ч байхгүй” гээд цахиур Төмөр шиг зогсож байсан  биз ээ. 
Цагдаа ийм үед юу хийж байх ёстой юм бэ. Тэд улс төрийн тэмцэл хийж үзэл
бодлоо илэрхийлж бай­гаа  хүмүүсийг гадны
бо­лон дотоодын гэмт халд­лагаас хамгаалах л үүрэг­тэй болохоос элдэв  акц гүйцэтгэх ажиллагаа гэх мэтийг явуулах үүрэггүй.
Тэгэхэд  манай цагдаа­гийн байгууллага яаж
ийж байгаад л улс төрийн үйл ажиллагаанд хутгалд­чи­хаад байдаг  нь харамс­маар. Өнгөрдөг долду­гаар сарын 1-ний
ажил­ла­­гаа ч тэр. Цагдаа нар МАХН-ын гишүүд шиг намын байрыг  сахиж сууж байгаад онц байдал зарлахтай хамт тарж
бай­сан хүмүүсийг хөөж байгаад буудаж алсан. Хэрэв буу хэрэглэх хэрэгтэй байсан
гэж үзвэл  тэр өдрийн  ид ширүүн үед 
л хэрэглэх байсан. Яг тоногчид намын байр луу дайрч, байрыг гурав ду­гаар
давхраас нь эхлээд шатааж байхад л буу хэрэг­лэвэл хэрэглэчихээр байсан. Түүнээс
шөнө дунд жагсаал тарчихаад байхад улс төрийн хон­жоо  харж буу хэрэглэсэн  нь манай цагдаа улс төрийн цагдаа болчи­хоод байгааг
баталж бай­на. Саяхны энэ шөнө дө­лөөр гүйцэтгэсэн ажил­лагаа ч гэсэн дээ. Мөн л
өөрсдийгөө нам төр гэж ойлгосноос л үүдэлтэй улс төрийн ажиллагаа байв. Цагдаад
ардчилал, ард түмэн хоёроо  хам­гаалахаас
өөр үүрэг одоо  үед байхгүй. Энэ нь улс орны
тусгаар тогтнолд оруулж байгаа том хариуцлага, хувь нэмэр юм. Ардчилал байхгүй бол
тусгаар тогтнол байх эсэх нь эргэлзээтэй. Нэг хаан нэг  нам, нэг хүний дарангуйлал дор тусгаар тогтнол
гээч юм үлгэр болдгийг бидний гурван зуугаад жилийн түүх бэ­лээхэн харуулдаг. Гэтэл
сайн дураараа дээрх  зүй­лийг  хийж байгаа 
төрийн цагдаа  бол зүгээр л улс төрийн  цагдаа болчих­со­ныг  харуулж 
байна. Иймд улс төрийн харгис цагдаад даруйхан өөрч­лөлт хийх­гүй  бол тэд юу ч хийж мэдэх нь байна. Төр зас­гаа
ингэж үл тоож бай­гаа юм чинь ард түмнийг бол ёстой хүн гэж үзэхгүй нь. Тэдний энэ
үйлдэл одоо­хондоо бага, өчүү­хэн мэт харагдавч цааш­даа гарах үр дагавар нь ноцтой.
УИХ, Төрийн бай­гуулал­тын байнгын хороо өнөө­дөр юу ч биш болж байна. Маргааш Засгийн
газар тэдэнд тоглоом мэт  ха­рагдвал яах вэ.
Ингэж ха­раад эхэлбэл нөгөөдөр тэдэнд төр засгийг удир­дах нь дурын хэрэг бо­лох
биш үү.  Ер нь ч сүү­лийн ар­­ваад жил улс
төрийн бү­хий л үйл ажил­лагаанд цагдаа хутгалдаж иржээ. Иргэд төр засагтаа хан­даж
жагсаал цуглаан хий­дэг. Завсраар нь өөрс­дийгөө төр гээд ойл­гочих­сон цагдаагийн
бай­гуул­лага л оролцоод эхэл­дэг. Тэд л бүхнийг зохи­цуулж барьж, хорьж, хөөж туудаг.
Бас өөрсдөдөө таалагд­сан заримыг нь хараагүй юм шиг байл­гаад байна гээч. Тэд нь
яаж ч сүйд хийж байсан зүгээр л ха­раад сууж бай­даг. Нэг ёсондоо хуулийг өөрс­дийн
хүс­лийн дагуу хэрэг­лэдэг болсон. Дахин хэлэ­хэд цагдаад даруй­хан өөрч­лөлт хийх
хэрэг­тэй бол­сон аж. Улс төрийн цаг­даа­гаас иргэний цаг­даа бол­гохгүй бол хаана
улс төр байна тэнд манай цагдаа нар шавдаг боллоо.

 

Categories
редакцийн-нийтлэл

Таны ааш араншин таны хувь заяа

Үнэнхүү хайр татсан хулгайч та харсан уу. Үнэхээр үнэн сэтгэлээсээ
сайхан ааштай дээрэм­чинг та мэдэх үү. Хэн ч харсан хайрламаар
гуйл­гачин та харсан уу. Ийм зүйл байдаггүй л байхгүй юу. Худал
намбиганасан хулгайч дээрэмчний тухай үлгэр домог зөндөө л байдаг. Гэвч
амьдрал дээр ийм юм байдаггүй. Та  хулгайч заяанд төр­сөн бол хулгайч
ааштай л байхаас өөр ямар ааш зантай байх билээ. Таны  сэтгэл санаа
хиргүй тун­галаг бол ёрын ааштай байх боломж танд бас олдохгүй.

Таны хувь заяа таны ааш араншингаас ха­маарна гэсэн эртний мэргэн үг
байдаг. Үүнийг олон зүйл баталдаг. Юун дээрээс ч жишээ авч болно. Бидний
сайн мэ­дэх замын түгжрэл дээр жишээ авч болох юм. Бүх машин цувраад
гарч байна. Эсрэг урсгал нь хоосон байлаа. Гэтэл гэнэт нэг “ухаантай”
хар хүү “эксел”-тэйгээ сөрөг урсгалд орон давхиж гарам­ руу дайрдаг.

 Харин энэ үед өөдөөс нь машин ирж  таараад нөгөө ухаант­ны араас бас
нэг ухаантан дай­раад гэх мэтчилэн бөөн түгжрэл болж тэр гарам  өдрийн
хагас гацдаг. Тэв­чээргүй, бусдыгаа үл хүн­дэт­гэх бачуу аран­шин­тай
нэг “багий”-гаас  болж  хү­мүүс  тэр өдрөө л аз жар­галгүй болж
хувир­даг.  Тэгж бачуурч давхиж бай­гаад осол аваарт орох нь энүүхэнд.
Таны хү­лээц­гүй, дэг журам бо­лоод бусдыг үл хүн­дэт­гэдэг бачуу ааш
араншин чинь таны хувь заяанд нө­лөөлж байгаа нь энэ.

Ж.САНДАГДОРЖ

Categories
редакцийн-нийтлэл

Олигархийн хамгийн муухай шинж нь амин хувиа боддог

ЯМАР
УЛС ОРНЫГ ХАМГИЙН ӨРГӨН ХАМАРДАГ ВЭ?

Баянгол 
дүүргийн иргэдийн уулзалтын үеэр нэг эмээ босч ирээд  “Мөн­гөтэй, 
нэг их сайхан олигархи хүү ирээд…” хэмээн нэгэн улстөрчийг магтаж ярьсан
байна.   Заал тэр чигээрээ инээл­дээд л явчихаж
гэнэ. Олигархи гэдэг үг хэдийнэ танил болсон ч 
иргэн эмээгийнхээр бол “мөн­гөтэй сайхан хүү” болгон олигархи аж.   Үг нь танил ч  утгыг нь сайтар ухаагүй  эмээгийн үг бас нэг юм хэлээд байгаа юм.   Мага­дүй магтаад байсан тэр улстөрч хүү нь олигархи
байхыг хэн мэдэхэв дээ. Ямар ч байсан баян мөн­гөтэй улстөрч  бол оли­гархи гэж эмээ ойлгож.

Аль
эрт Аристотель, Платон олигархиудыг   тодорхойлохдоо
“Зохион байгуулалттай цөөнхийн эзэрхийлэл” гэжээ. Ор­чин цагт “Хувийн бизнес” болон
хөрөнгө санхүү, зөвхөн гэр бүлийнхээ эрх ашгийн төлөө бүхэл бүтэн засаг төрийг хууль
бус аргаар гартаа оруулан төрийг зөвхөн өөрийн эрх ашигт нийцүүлэн дур зор­гоороо
залуурдаж бай­даг жижиг бүлэглэлийг олигархи” хэмээн тодор­хойл­­дог юм байна. 

Олигархи
гээчийн ноёрхол нь байгалийн баялаг ихтэй ядуу буурай оронд ялангуяа пост-со­циа­лист
орнуудад ихээ­рээ бий болж өргөжин тэлдэг гэж судлаачид үзжээ.  Үүний хамгийн том жишээ нь хойд хөрш ОХУ.    Оросын олигархиуд ма­найхаас ялгаатай нь бай­га­лийн
баялгаа өөрсдөө ашигладаг бол манайхан гадныханд зарж  хөлждөг  
байна.  Гадны улс орнууд улстөрчдөөр
нь дам­жуулж байгалийн баял­гийг нь хямдханаар авч олигархийн тэлэлтэд хувь нэмрээ
оруулдаг аж.  Ингэснээр  улстөрчид нь хөрөнгөө арвижуулж эрх   мэдлээ авч үлдэн хүчээ зузаатгадаг гэнэ.  АНУ-д ийм олигархижсан төр бий болж үүрээ засч
байх үедээ өөрсдийнхөө тог­лоо­мд унаж энэ систем нь нуран унасан гэнэ. Одоо­гоос
4-5 жилийн өмнө “Намыг минь битгий шүүмж­лээрэй гэдэг бай­сан. Одоо намайг битгий
шүүмжлээрэй” гээд хэв­лэл мэдээллийн амыг барьдаг болсон талаар О.Магнай дурдана
лээ. Мөн хэвлэлүүдийн ард дандаа Монголын оли­гар­хиуд байдаг болсон учир  иргэдэд үнэн боди­той мэдээлэл очдог гэхэд хэцүү
гэж оролцогсод хэлж байв. Энэ бүхнээс харахад олигархи гээч нь бий болоод Монголд
удаагүй ч байр сууриа олж, хүрээгээ тэлэх явц нь гэрлийн хурдтай байгаа юм байна.

 

МОНГОЛ
МАЯГИЙН ОЛИГАРХИ

Монголын
олигархиу­дыг хоёр ангилж болохыг Ч.Чимэдсүрэн хэлэв. Ху­валзнууд буюу төрд
шургалсан бизнесүүд. Хувалзнууд:  
Энэ бүлэгт Н.Энхбаяр, М.Энхболд, Т.Бадамжунай, Д.Идэвх­тэн, Ч.Улаан, Д.Зоригт,
С.Баярцогт  нарын нэрийг багтаана лээ. Өөр
ч олон хүн нэрлэгдэх шинжтэй байсан. Хувалзнууд нь  хэзээ ч бизнес хийж бай­гаагүй,   цагаан гартнууд. Тэд хүчирхэг зохион бай­гуулалттай,
тэдэнд өрсөл­дөөн хэрэггүй. Улс төрийн шийдвэрээр мөнгөждөг хэсэг. Нэг л мэдэхэд
тэд томоос том хувийн бай­шинтай, дансандаа тоолш­гүй их мөнгөтэй болдог. Хүүхдүүд
нь на­саа­раа төрд ажиллаж огт бизнес хийгээгүй аавын­хаа буянаар гадаадын хамгийн
үнэтэй сургуульд сурдаг.  Тэд татварын мөнгийг
хуу хамна. Зүгээр л залгиж орхино. Улсын­хаа баялгийг гадныханд жишим ч үгүй гар
сунган өгөөд ард түмэндээ бол юу ч хялайлгадаггүй гэнэ. Манай төрд байгаа хэдийн
нүүр царай дээрх тодорхойлолтуудаас харагдаж байгаа биз.

Төрд
шургалсан бизнесүүд:
Энэ бүлэгт багтагсдын эздийнх нь нэрийг биш компанийнх нь нэрийг
илтгэгч дурдана лээ. Үүнд “Алтай трей­динг”, “Шунхлай”, “Эрэл”, “MCS” гээд л үргэлж­лэв.
Тэд  хувалзнуудыг бодвол хөдөлмөр хийж байсан.
Ганзага үүрч яваад олсон хэдээ олиг­тойхон овсгоо­той өсгөсөн ч улс төрд л орохгүй
бол бизнес нь ахихгүй учир өөрийн эрхгүй улс төр рүү мөнгө хаяж ордог. Нэг үгээр
хэлбэл улс төртэй холбог­дож бизнесээ томс­годог хэсгийнхэн аж. Орсон хойно мэдээж
зорил­гын­хоо дагуу ний­тийнхээс өөрийнхөө эрх ашгийг нэгд тавиад юу ч хийж мэдэх
нөхдүүд гэнэ. Ер нь олигархиудын хам­гийн муухай шинж чанар нь хувийнхаа эрх ашгийг
боддог юм байна.

“Олигархийг
тодор­хой­лох нь” нэртэй ийм хэлэлцүүлгийг Иргэний хөдөлгөөнүүдийн хол­бооноос өчигдөр
зохион байгуулсан юм. Дээр дурд­сан тодорхойлолт жишээнүүдийг илтгэл хэлсэн улс
төрийн шинж­лэх ухааны доктор Я.Са­руул, Иргэний хөдөлгөө­нүү­дийн нэгдсэн холбоо­ны
зохицуулагч Ч.Чимэд­сү­рэн, УИХ-ын гишүүн Л.Гүн­далай нарын хэл­сэн үгнээс ишлэн
оруул­сан болно. Мөн орол­цогчдын зүгээс Г.Баяр­сай­хан гишүүн, Ж.Бат­зан­дан, Шударга
шүү­хийн Х.Бат-Ялалт нар үг хэлсэн юм. 

УИХ-ын
гишүүн Г.Баяр­­­сайхан олигар­хиу­дын тэлэлтийг стратегийн ордууд дээр түшиглэж
ярь­сан  бөгөөд “Олигар­хи­­жилт нь Монголын
нийг­­мийн өвчлөл, хорт хав­дар” хэмээн оношлов. Ж.Бат­зан­дангийн хувьд  “Ашиг сонирхлын зөр­чил­тэй байж албан тушаалд
оч­дог явдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэж хэллээ. Үүн­тэй холбоотой хууль гарах­гүй
бол Боловсро­лын сайд асан А.Цанжид шиг өөрөө хувийн сур­гуультай байж болохгүй
гэдгийг онцолно лээ. Тий­мээс ч ийм төр­лийн хууль гаргах хэрэгтэй байгааг хүрэлцэн
ирсэн гишүүдэд сануулан хэлэв. 

Гишүүн
Л.Гүндалайн хувьд манай олигархиуд нутгийн бүлэглэл бий бол­годог гэж хэлэв.  Түү­гээрээ дамжуулан биесээ албан тушаалд татах,
бизнесийг нь дэмж­дэг. Мөн авлига найдвар­тай өгдөг гэсэн ойлгол­тоор хэдхэн моно­поль
ком­пани л тендерт ялж бай­даг нь ч үүний тод жишээ. Нэг ёсон­доо төрөөр дам­жуулж
бизнес хийдэг энэ байдалтай тэмцэх шаард­­­­лага бий болсныг сануул­сан юм. Х.Бат-Ялал­тын
хувьд оли­гар­хийг хэнээр то­дор­хой­лох гээд байгаа юм. Ойлгохгүй байна гээд гарч
одов. Түүний ойл­гомжгүй үг нь харин бус­дад ойлгог­доогүй байх.

Зохион
байгуу­лагч­дын зүгээс хэлэлцүүлэгт олон хүн урьсан ч зарим нь ирээгүй нь айснаас
болсон байх гэж үзэгсэд байв. Мөн тавиад хүн урьсан ч хориодхон хүн ирсэн нь ч энэ
сэдэв хүнд сэдэв бо­ло­хыг харуулж байна. Гэвч олигархийг тодор­хой­лох нь зайлш­гүй
болжээ.

Энэ
удаа Иргэний хөдөл­гөөнүүдийн нэгд­сэн  холбоо
Монголын олигархийг тодорхойлох хэлэлцүүлгээ хийлээ. Цаашид ч энэ сэдвээр олон хэлэлцүүлэг
үргэлж­лүү­лэн явуулах аж.

Categories
редакцийн-нийтлэл

Малчид аа! Малаа барсан бол хот руу ачаалцгаая

Монгол
Улсад зуд болж зургаан сая мал одоохондоо хорог­дчи­хоод байна. Гэвч жилд га­рах
малын хорогдлын 60 хувь нь тав, зургаан сард болдгийг мэргэ­жилт­­нүүд хэлж байгаа.
Иймээс малын хорогдол ямаршуухан хэмжээнд хүрэхийг баг­цаалж бол­но. Мал хорог­дох
яах вэ. Энэ бол бага хэрэг. Улсын хэмжээнд аваад үзэх юм бол 50 гаруй сая малаас
15 сая мал хорогдоход гуч гаруй сая толгой малтай үлдэнэ. Энэ бол хуучин социа­лиз­­мын
үед бол мө­рөө­дөөд ч хүргэж чадаагүй тоо толгой юм. Ийм болохоор улсын хэм­жээнд
бол нэг их гарз биш гэх гээд байна.

Хамгийн
их гарз хохи­рол үзэж байгаа нь мал маллан амьжир­гаагаа зал­­гуулдаг малчин ар­дууд
болж байна. Таван зуун толгой малтай оторт гарчихаад ганц ч мал үлдээлгүй зуданд
алдсан эр явган гэрээдээ явж байгаа тухай элэг эмтрэм мэдээ хэвлэл дээр гарч байсан
нь энэ жи­лийн ерөнхий зураглал бай­лаа. “Ганцыгаа га­дас­лаж, хоёрыгоо хол­бож”
асан жирийн дун­даж амьжир­гаатай ар­дууд хоосон хоцорсон нь л энэ жилийн зудын
гамшиг юм.

Төр
засгаас малгүй болсон өрхүүдийн амь­жир­гааг тэтгэх гээд олон арга хэмжээ авах тухай  ярьцгааж эхэлсэн. Тэдний хамгийн их яригдаж бай­гаа
нь малжуулах төсөл юм. Хоёр сая таван зуун мянган төгрөгөөр нэг уналгын морь юм
уу тэмээ, тугалтай үнээ хоёр, хуц ухна бүхий хонь, ямаа нийлээд бүгд 57 тоо толгой
мал өгөх юм даг уу даа. Эдгээр   нь мал маллаж
сурсан хүмүүст бол гурван жилийн дараа зарж үрэх хэмжээнд хүр­нэ. Нэг ёсондоо таваар­лаг
болж чадна гэсэн үг. Мал маллахдаа тааруу мал­чид бол хоёр жил ч хүрэл­гүй идээд
дуусгачих бая­лаг юм. Ер нь тэгээд зуданд мал маллахдаа нэг их гийгүүлээд бай­хааргүй
хүмүүс нь малаа бар­чих­дагийг бодолцож үзвэл дээрх төрөөс өгч байгаа мал юу ч болохгүй
өнгөрөх таагүй таамаг байна. Бас л төрийн мөн­гийг дэмий үрээд дуусах биз ээ.

Малчид
малаа барчи­хаараа юу хийдэг вэ. Тэд эхлээд ямар ч байсан сумын төвдөө нүүж очдог.
Тэнд нь түүнээр хийлгэх ажил гэж юу байхав, хий дэмий л гэртээ   гиюүрэн хэвтэх болдог. Гэрт байн­га байгаад байхаар
өлс­сөн хүүхдүүдийн уйлаан, уурласан гэргий нарын үглээ тэсэхүйеэ бэрх билээ. Тэгээд
л ажил олохоор гарлаа хэмээн гэрээсээ тэнэж архитай л нөхөрлөхөөс өөр зам ба­раг
үлддэггүй. Их сайндаа алтанд явж шороо самар­дан “нинжа” хэмээн цол­луулж хүн бүрд
ад үзэгдэн хэсүүчилдэг. Ийм бараан хувь тавилан олон мянган малчдыг хүлээж байна.
Одооны сум болгоны төв дээр хуваарьтай юм шиг долоо найман архичин дэмий сэлгүүцэж
байдаг. Тэд гадна дотны хүмүү­сийг эргүүлдэн ганц шил архины мөнгө олох гэж өлөв
долов хийн шавд­гийг хөдөө суманд ажил төрлөөр явсан хүн болгон мэднэ. Эдгээр хүмүүс
бол урьд жилүүдийн зуднаар малаа барчихсан малчид голдуу байдаг. Энэ жи­лийн зудын
дараа сумуу­дын төв дээр хичнээн ийм дэмий сэлгүүц­сэн хүмүүс нэмэгдэх бол.

Малгүй
болсон мал­чид  одоохондоо “Аа цус, болох
л байлгүй” хэмээн  хөдөөх монголчуудын апоризмыг  хэлээд гэртээ хэвтэж байгаа. Ажил төрөлтэй сэргэ­лэн­хэн
нэг нь үхсэн малын­хаа тур­с­гыг өмхийрө­хөөс нь өмнө өвчиж байгаа биз ээ. “Хэдэн
муусайн хүүхдэ­дээ гурил аваад өгчихнө” хэмээн 
өвгөд хөгшид, эхнэр хүүхдүүдээрээ туслуулан сэг зэмтэй ноцолдож бай­гаа боловч
хэрэг дээрээ хэдэн шил архинаас яваад дуусна даа хөөр­хий. Энэ бол малаа бар­сан
монголчуу­дын үнэн дүр төрх. Зах зээлийн энэ өрсөлдөөн­тэй нийгэмд “болох л байлгүй”
гэсэн хуучин сэтгэлгээнээсээ салах цаг болсоон. Одоо “болохгүй” цаг  ирсэн гэдгийг ухаар­сан малчид хэд байгаа бол
гэхээс сэтгэл шархи­рах юм. Малчин та дам­пуурсны улмаас таны үр удам ч мөн дампуурах
болно гэд­гийг бодож үзсэн болов уу.

 Гэхдээ “Бурхан нэг хаалгаа хаасан ч нөгөө хаалгаа
нээдэг” гэсэн үг бий. Хэдийгээр малчдыг хөдөөд нь хөхрөөж, мал­тай нь хатаахаар
элдэв арга хэмжээ авч байгаа ч та бүхэн заавал мал мал­лах заяанд төрсөн биш ээ.
Нэгэнт малгүй болсон юм бол амьдрах арга бий. Үүний дотор ирээ­дүй­тэй бөгөөд зөв
арга нь хот орон бараадах юм. Ма­лаа барсан малчид одоо даруйхан хот руу ачаа­лах
хэрэгтэй. Хотод ядах­даа манаачийн ажил олдоно. Эхнэр хүүхдүүд чинь цэвэрлэгч ч
болтугай хийгээд байж чадна. Дээрээс нь хүүхдүүдийн сургууль боловсрол та бүхний
ахуйн соёл гэх зэргээр мөн ч давуу бай­дал бий болно. Юун наа­дам гэгчээр юун хэдэн
малын араас гэлдэрч бор хоног шар нарыг мал шигээ өнгөрөөх. Өөр ертөнц, өөр амьдрал,
хот суурин газар та бүх­нийг хүлээж байна.

Эхний
хэдэн жил та бүхнээс түрүүлж хотож­сон  хотын
иргэд баахан ад үзэх байх. Тэр хамаа­гүй ээ. Тэсээд гарч болох зүйл.  Нэг үндэстэн нэг хэлээр ярьдаг хүмүүс байна. Хамгийн
гол нь хүн гэдэг амьтан чинь нийгэм дунд орж байж л сайн сайхан амьдардаг. Тэгвэл
тэр нийгэмшсэн амьдрал гэдэг нь хот суурин газар л байдаг. Тэрнээс уул уулын аманд
хөгшдийн хэлдгээр “хэдэн малтай­гаа ам хамраа хөдөлгө­хөөс өөр зүйлгүй” газар нийгэмшсэн
амьдрал бай­даггүй.

Манай
мал­чдын амьд­­ралд сүүлийн мян­ган жилд өөрчлөгд­сөн  ганц зүйл тран­зистор радиотой болсон явдал  гэлээ гэгчээр 
мал мал­лаад хүн нийгэмш­дэггүй. Хөгжил дэвшилд ч хүр­дэггүй. Ялангуяа нүүд­лийн
мал аж ахуйтай бол бүүр ч хөгждөггүй аж. Нүү­дэл өөрөө хөгжлийн дай­сан юм. Хөгжил
дэв­шил суурин амьдралд л ирдэг. Та бүхэн сүүлчийн нүүд­лээ хийн хотод  ирс­нээр амьдрал ахуй чинь дээ­шилнэ. Хүн төрөлхт­ний
амьдардаг жишигт дөхөж очно. Энэ бол мал­чин байсан монголчуу­дын олз юм. Тэгвэл
хотын хүн ам олон болсноор хот орон улам тэлнэ. Хот тэлс­­нээр зах зээл төдий хэмжээгээр
тэлж томорно. Энэ бол хот орон газрын олз юм.

Нүүдэлчин удмын би­дэнд 
түүхэндээ анх удаа сая давсан оршин суугч­тай хоттой болж байгаа нь энэ Улаанбаатар  юм. Одоо үүнийгээ улам том улам олон оршин суугч­тай
болгох нь монголчуу­дын ганц зорилго байх ёстой. Тийм учраас хотын удирдлагууд  шинээр суурь­шихаар нүүдэллэн ирсэн малчдаа ад
үзэх биш, харин тосч аван хурдан иргэншүүлэх дээр нь анхаарсан нь дээр. Түүнээс
малгүй болсон малчид олноороо нүү­дэл­лэн 
ирэх нь одоо яанаа ч гэх юм уу, малч­дын хүүхдүүд хотоор тэ­нэж эхэллээ гэх
зэргээр худал мэдээ мэдээллээр хотын иргэдийг айлгах  хэрэггүй. “Хүн нэмбэл хүнс нэмнэ” гэсэн хуучин
цагийн цэцэн үг байдаг. Одоо нүүдэллэн ирж бай­гаа  малчид арван жилийн дараа хотождоггүй юм аа гэхэд
тэдний хүүхдүүдийг арван жилийн дараа хэн ч хотын хүүхэд биш гэж хэлж, харж чадахгүй.
Хо­тод амьдрах, мал мал­лаж амьдрах хоёр тэнгэр га­зар шиг ялгаатай ч ма­най малчид
үүнд амар­хан дасна. Үүний жишээ нь хөдөө малчны хотоос шууд Бродвейн гудам­жинд
очоод амьдарч бай­гаа монголчууд маш олон. Дээр нь Солонгос улсад амьдарч байгаа
монголчуудын ихэнх нь малчдын хүүхдүүд. Тэд­гээр залуучууд хөдөөнийх гээд бойтоглоод
байгаа нь харагддаггүй. Харин хотын иргэд төр засаг хоёр ад үзэх сэтгэлгээ­нээсээ
түргэн салах нь чухал. Хотожсон иргэ­дийг хажиглах сэтгэлгээ л амь бөхтэй байсаар
байж магадгүй байна. Хотын­хон хэдий хэр хажиглана хөдөөнийхөн тө­дий чинээ хотжиж
ча­дах­гүй хугацаа алдана.

Categories
редакцийн-нийтлэл

Японы туршлагаар бол АНАТХ-ий ч хэрэггүйгээр манай УИХ тэр чигээрээ татан буугдах байж дээ

Хүний өмнөөс сана­лын
товчлуур дарсан хэр­гээр Японы парла­ментын гишүүн 75 настай Масатоши Вакабаши ал­бан
тушаалаасаа огцор­чээ. Түүний энэ үйлдлийг танхим дахь камер ил­рүүлсэн байна. Тэрээр
огцрох үедээ ард түмнээ­сээ уучлал гуйсан байх юм. Хариуцлага гэдэг энэ  байх. Сонгогчоо хүндлэх, хуулиа дагах,  ёс сурта­хуунтай байх гэж   үүнийг хэлнэ.   Эрүүл ухаанаар бодоход хүний өмнөөс санал өгнө
гэдэг сонгогч­дыг доромжилсон хэрэг яалт ч үгүй мөн.  Японы парламентын сөрөг хүч­нийхэн ч үүнийг нь
уучлах аргагүй зүйл гэж хатуу эсэргүүцсэн байгаа юм.  Манайд бол сөрөг хүчин байхгүй учраас хамтдаа
гараа явуулж хүний өөрийнх гэж зэнзийр­хэл­гүй кноп дарчихаж байгаа.  

Өчигдөрхөн хаврын чуулганаа нээж ажлаа эхэлсэн манай парла­мент
өнөөдрөөс эхлэн хорт муу зуршлаа хог дээр хаяж Японы турш­лагыг хэрэгжүүлэх  хэрэг­тэй болж. УИХ-ын дарга нь ирц бүрдүүлэх
гэж үйлээ үзэж нэр цолоор нь дуудаад нэмэр байхгүй. Арайхийж ирц бүрдүү­лээд хурал
эхэлмэгц увж цуваад нөгөөдүүл нь гараад явчихна.  Үлдсэн хэд нь 
улаан модон сан­дал дээр өндөлзөөд, баруун, зүүн тийш гараа сунгаад  төгөлдөр хуу­раар наадах мэт дүр зураг харагдвал
Монго­лын парламент хурал­даж, хууль баталж байгаа нь тэр. Үнэн хэрэгтээ  хажуу хавийнхаа хурал таслагч нөхдийн өмнөөс саналын
кноп дарж дураараа дургиж байгаа нь тэр. Арван хэдүүлээ сууж байгаад хууль бат­лахдаа
ширээний найз нь өмнөөс нь санал өгүүлчихнэ.  
Протоколд эзэн нь байхгүй ч гэсэн дарагдсан кнопны тоо­гоор бүртгэгдэнэ.  Үүнийг дарга нь харсан ч хараагүй царайлж, бусад
нь инээдээр хөхиүлэн дэмжинэ гээч.  Хууль
ба­талж байгаа нөхдүүдийн үнэн нүүр царай энэ. Монгол Улсын хувь заяа, ард түмний
аж амьдрал, ахуй нөхцөл гээд мөн ч олон хуулийг ингэж шийд­сэн дээ. Ам бүл 76-уулаа
ч тал  хүрэхгүй нь бидний хувь заяаг иймэрхүү
тог­лоом тохуу, товчлуурын өнгө  төдийхнөөр
хуруу­ны өндгөөрөө  шийддэг.  Эрхэм гишүүдийн ингэж аяглаж байгааг интер­нэтэд
хүртэл дүр дүрслэ­лээр нь тавьчихсан бай­гаа. 
Мөн ч идэвхтэй ха­раг­даж байна лээ. Одоо ч энэ байдал хэвийн үзэг­дэл.  Тэд ч эндээ дасаж. Бид ч хараад сурчихаж. Тэгж
л байдгийм энэ хэд гээд. Кноп дарж тоглох гэж УИХ-д сонгогддог юм бол  хэвтрийн хөгшин ч гарын­хаа үзүүрээр кноп дарж
дөнгөнө өө дөө. Цэцэрлэ­гийн жаахан жаал ч удирд­лагатай машины­хаа кнопыг  эрхэм гишүү­нээс хурдан дарж чадна. Уг нь улаан,
цэнхэр кнопонд учир нь байгаа юм биш. Тэр дарсан кноп­ны ард талд хичнээн хүний
эрх ашиг хөндөг­дөж, хичнээн сонгогчийн  санал
гутлын  уланд наалдсан хог болж, хувь заяа
хаашаа ч хамаагүй шийдэгдэж  байгаа юм. Тэд
хүний өмнөөс товч дарлаа гээд хариуцлага хүлээх нь бүү хэл инээд наадам болоод өнгөрч
байна. Кноп дарна гэдэг эмч мэс засал хийж байгаагаас илүү аюултай. Үргэлжийн хүний
амины дэнсэн дээр байдаг тэд  алдаа гаргавал  нэг л хүний гарз. Жолоочийн алдаа өөрт болон машин­даа
гай авчирна. Улстөрчид ингэж буруу солгойгүй кноп дарвал нийгмээрээ ч үхэж болох
аюултай. Тэр ганц кнопны ард Монгол Улсын хувь тавилан ч явж байдаг.

Хурал тасалж, эсвэл орж ирж бүртгүүлээд ну­руу­гаа харуулаад гардаг
нөхдүүд ч гэсэн дээ. Хууль батлах гэж биш, гишүүн болох гэж орж ирсэн нь тодорхой.
Оюу­тан сурагч хичээлээ тас­лах, ажилтан албан хааг­чид ажлаа тасалбал яа­даг билээ.
Гэтэл парла­ментын гишүүн ажил тасалж болно гэж хэн хэлсэн юм. Тэд ингээд хуралдаа
суухгүй боло­хоор нөгөөдүүл нь даа­жин хийгээд байдаг нь ч бас юув.   

Японы парламентад 76-гаа аваачаад нэг өдөр суулгачихвал  үйлдэл дээрээ баригдаад унах нь тодорхой  юм байна. Бүгд хөөгдөж туугдах биз. Харин хурлын
танхимын хойморт  залардаг  Д.Дэм­бэрэл дарга л хажууд нь дарах кнопгүй учраас
толгойгоо илээд хоцрох байх.  Өнөөдрөөс эхлээд
эрхэм гишүүдийн ийм буруу үйлдлийг зураг­лаач, зурагчин, парла­мен­тын сурвалжлагчид
хальсандаа сайн буулгаж аваад сонгогчдод илүү сайн хүргэж байя. Хэн нь ажлаа хийж
байгаа, хэн нь хууль завхруулж хүний өмнөөс “төгөлдөр хуур тоглож” байгааг илчлээд
өгье. Уг нь ч сэтгүүлчид, зураглаачид, зурагчид зөндөө илчилдэг. Даанч нөгөө хэд
нь чихэнд нь ус хийсэн ч, алт хийсэн ч адилхан юм. 

Манай парламентын хувьд хүний өмнөөс санал өгөх нь  хэзээ ч ичгүүртэй зүйл биш болоод удсан.  Уучлал гуйх хэмжээний хэрэг гэж тэд хүлээж авахгүй
нь тодорхой. 

Авлигатай тэмцэх газар хэргийг нь шалгаад тогтоочихсон байхад
яаж ч чадахгүй болтол нь дар­хан эрх яриад суучихдаг Монголын улстөрчид шиг эрх
мэдэлтнүүд дэлхийд  алга. Албан тушаал үүр­дийн
биш гэдгийг ард түмэн нь ойлгуулаад бай­на. 
Гэтэл Японы Сангийн сайд хэвлэлийн хуралд согтуу ирсэн гээд л хэл ам гарахад
огцорч байсан. Хариуцлага гэж энд бай­на. Монголын парламен­тын гишүүн нээлтийн
ёслол  дээрээ хөл нь дэлхийгээ олохгүй, хэл
нь тагнайгаа олохгүй дэн дун юм л орж ирж бай­лаа. Хөөж, тууж огцруулах нь бүү хэл
хүний урманд шүүмжлэх ч хүн алга даа.

Рекламанд тоглосны төлөө улстөрч нь ажлаа өгч байна.  Огцрох шалт­гаан нь хоол хийдэг   шоунд орлоо гэж байгаа юм шүү. Ичих булчирхай,
дагах хуультай байх ёсон энэ юм.  Манай улстөрчид
хэн нь олон рекламанд тоглосноороо гайхуулах нь холгүй л байна.  Бүгд тогооч болж, хоол хал­багадан телевизээр
хөл­сөө дуслуулан улс төрөөр хачирласан шоунд орол­цоод л байдаг. Энэ янзаа­раа
бол эрхэм гишүүд маань эротик киноны гол дүрийг ч бүтээхэд бэлэн гэлтэй.

Арван хэдүүлээ сууж байх атлаа  хорь, гучуулаа санал өгчихсөн сүнстэй юм шиг парламент
маань Амлалт нэхэх хөдөлгөө­нийхөнд амаа асуулгаж, огцрохыг шаардуулах нь ч аргагүй
биз. Японы жиш­гээр Амлалт нэхэх хөдөлгөөнтэй, хөдөл­гөөн­­гүй манай УИХ тэр чи­­гээрээ,
парламен­таа­раа татан буугдах байж дээ. 

Ингэхээр Монголын парламентын
гишүүд бүг­дээрээ дугаар хорооны иргэн болно гэсэн үг.  Бид ч гэж бид. Тэднийг сонгож л байдаг. Хувь тавилан­гаа­раа
хөгжим тоглох мэт наадуулах гэж сонгосноо хожим нь дандаа ухаарах юм. Тэгээд бүр
алдаж ханахгүй дахиад л ийм юмнуудаа сонгох байх даа.

Categories
редакцийн-нийтлэл

Амлалт нэхэхдээ хуйхлагч биш, хувьсгалч хүчин гэдгээ харуулах хэрэгтэй юм

АМЛАСНАА
ӨГӨХГҮЙ БОЛ ХУВЬСГАЛТ НАМ ХӨГЖЛИЙН НАМ БОЛОХ НЬ АРД ТҮМЭНД ПАДГҮЙ

Монголчууд
олон ч жагсаалын  нүүр үзлээ дээ. Итгэж үзлээ,
итгэлээ гээж ч   үзэв. Гол нь тасар­чихгүй
бүүдийх хонгилын гэрэлд найдаад өнөөд­рийг хүр­тэл явсаар ирлээ. Их, бага үр дүн
ч авчирч бай­сан. Хоосон сүржиг­нээд өнгө­рөх үе ч байлаа. Долду­гаар сарын нэгнээс
хойш жагсаж болохгүй юм шиг, эрхийнхээ төлөө тэмцэж болохгүй юм шиг айдас хургасан
зүрхтэй ард түмний  энэ хаврын  тэмцлийн салхийг Ж.Бат­зандан, О.Магнай нар  хагалснаараа үр дүнтэй болсон. Тиймээс энэ дөрөв­дүгээр
сарын 5-ны  Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний
жагсаалд ард түмэн алдах юмгүй,  авах юмтай
гэдгээ хэлж  жагсах биз ээ. Харин жагсаад
үр дүнд хүрэхгүй бол  сүржин зарласан тэмцэл  даржин болоод өнгөрнө.  Итгэлээ­рээ тоглуулсан ард түмэн энэ олон хө­дөл­гөөн,
жаг­саал зохион байгуулагч­дад итгэхээ болино.

Магадгүй
жагсаал цуг­лааны сүүлчийн боломж ч энэ байж болох юм.  Маш олон хөдөлгөөн нэг­дэж байна.  Үнэн хэрэгтээ 1 сая, 1.5 саяыг нэхээд ч өгөх нь
худлаа. Үүнийг бүгд мэдэж байгаа. Гэлээ гээд нэгэнт амласан юм чинь тэднээс авах
гэж нэхэх нь зүйн хэрэг. Өгч чадахгүй байнаа гэдэг чинь биднийг хуурчээ гэсэн үг.
Төр амласан бол ард түмэн авч байж  сал­даг
аюул бий. Уянгаатай Уянгаагүй авах юмаа нэхэх л байсан.  Түүнийг Г.Уянга ч байна уу, хөдөл­гөөнүүдийн тэргүүнүүд
мэдэж олж харснаараа л давуу юм. Тэгэхээр тэд­ний дэвшүүлж буй санаа нь зөв. Цөөхөн
хэдэн төгрөгөөр өл залгуулж хуураад  дараагийн
сон­гуульд орох гэж байгаа бол дандаа ийм байх­гүй л болов уу.   Харин ард олноосоо тасар­сан дээд­сээс ам­лал­тыг
нь  нэхэх­дээ “Хэд хоногийн дараа хариу өгнө”
гэсэн хууран мэх­лэлтэд уна­чих­гүй  тууш­­­тай
тэмцээд  хүлээ­вэл амжилт олох байх. Тал­байд
цугласан иргэд нь тэвчээртэй, цуглуулсан удирдагчид нь хаяад зугтчихгүй бол үр дүн
ирж л таараа.  Тэгээд дараа нь Үндсэн хуулиа
өөр­чилж, хоёр танхимтай парламент байна уу, Ерөн­хийлөгчийн засаг­лал байна уу,
тэрийгээ ярьж хэлэлцэхээ өөрсдөө мэдэх хэрэг.  

Тоглоом
хүртэл тоотой нь дээр байдаг. Нэгэнт иргэн бүртээ өгч чадахгүй мөнгө амлах нь энэ
төрийн хуурамч дүр төрхийг зүгээр л ня­лай­тал дэлгээд тавьж байгаа юм.  Өгч чадаагүй бол Ардчилсан нам ч, МАХН ч ард түмнээс
дараа нь санал гуйх нүүр байхгүй ээ. Тэдэнд тийм ёс сур­тахууны эрх байхгүй. Ал­гаа
тосоод, амлалт өгөөд дахиж явна гэж бодолтгүй.

Нэгэнт  худал амлаж, төрийн эрхийг авсан болохоор энэ
парламент хууль бус болж таараад байна. Тэгэхээр амлас­наа биелүүлдэггүй энэ парламентыг
ч тараах хэрэгтэй болж байна. Пар­ламентыг тараагаад зогсохгүй Ардчилсан нам, МАХН
хоёр ч тарах хэрэгтэй юм. Ингэж чад­вал л Монголын төр жин­хэнэ утгаараа цэвэрлэг­дэнэ.  МАХН нөгөө оли­гар­хиудаасаа  салж ам­рах цаг ирнэ. Тэгээд Монгол ардын хувьсгалт
нам (МАХН)  биш, Монгол ардын хөгжлийн намаа
(МАХН)-аа байгуулсан ч хамаа алга. Зам зуурын олигархиудаасаа салж жинхэнэ коммунис­туу­даа­раа
удирдуулбал тэд­нээс дээр болох биз.    

МАХН-д
орж ирсэн завсрын хэн дуртай нь л  төр барьж,
бизнес хий­гээд баяждаг. Хэдэн хүн ашиг олж, хожоод  сайд болдог байснаас намгүй улс болсон ч яахав.
Тэр­тэй тэргүй нам гэдэг том малгайн доор оруулчи­хаад харж үзэж байгаа нь юу билээ.
Улс орноо хоёр намд хувааж хэрэлдүү­лээд өөрсдөө бие биенээ тонгорч унагаад дараа­гийн
суудалд нь суудаг. Дахиад нэг нь гарч ирээд бас л хор найруулаад унагачихна. Эдний
элдэв хор найруулга нь эцсийн дүндээ биднийг хорлоод байх юм. Тэгэхээр тарааж байж
л санаа амрах байх даа.

АРДЧИЛСАН
НАМ “АЛТАН ГАДАС”-АА СУГА ТАТАХ ЦАГ БОЛЖЭЭ

Ардчилсан
нам ч  “Ал­тан гадас”-аа зоогдсон газраас
нь суга татаж хаяхгүй бол ард түмнээ хамтарч хуураад  явсаар байх нь. Үүссэн цагаасаа л энэ гадаст уягдлаа.
Алийн болгон уяатай нохой шиг гадаснаас зүүгдэхэв.

Амлалтын
анхны зо­хиог­чийн эрх нь Ардчил­сан намынх ч ахиулж амлаж олонхи болсон МАХН бүр
ч их хариуц­лага хүлээх ёстой. Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг шиг
энэ хоёр намд ялгаа алга.

Дээд
талдаа Ардчил­сан нам МАХН-тай эв­лэрч засагт орсон. Доод шатандаа  бол үүнийг нь хэзээ ч  зөвшөөрдөггүй. Дээдсийн нам доодост хэрэггүй.
Жирийн гишүүн ардчиллын төлөө АН-ыг сонгодог болохоос МАХН-тай нэг өвөрт оруу­лах
гэж саналаа өгөө­гүй.  МАХН-тай нэг­дэхийг
зөв­шөөрдөг Ард­чилсан на­мын нэг ч гишүүн байхгүй.

Олонхи
болсон МАХН-тай засагт нэгдэх  шийдвэр гаргасан
Ард­чилсан намын ҮЗХ тар­вал таарна.  Ингэхээр
Ардчилсан нам ч тэр чиг­тээ тарах  болно.
Ардчил­сан намын Үндэсний зөвлөлдөх хороо гэдэг бол 200 гаруй хүний хэрэг. Өнөөдөр
энэ нь хоёр зуу гаруй хүний  буюу хумьж тооцвол
хо­рин хүн албан ту­шаалд очих  тухай л асуудал. 

Монголын
ардчилал гэдэг хоёр сая гаруй хүний сайн сайхны төлөө юм. Ардчилсан нам ч үүний
төлөө явах хэрэгтэй юм. 

 Ингэж байснаас тэр Ардчилсан хүчний хол­боо нь
намаа аваад  сон­гуульд орох нь дээр биз.
Намаа татан буул­гаж байж  дахин хуваа­рилалт
хийх нөхцөл ч энэ үед бүр­дэж мэдэх юм. Жагсагчид 20 жилийн өмнөх тэр нэгэн ардчиллыг
цэвэр ариунаар нь авчирч чад­вал ард түмний санаа сая нэг амрах болно. 

Иймэр­хүү маягтай Мон­­голын
төрийг авч яваа  хоёр  намаас 
ам­лалт нэхэж суугаа АНАТХ ч зорилгодоо хүрэхдээ хуйх­лагч биш хувьсгалч
хүчин гэдгээ харуулж байж л олон нийтэд таашаагдана.

Categories
редакцийн-нийтлэл

Орчин цагийн “Нүцгэн хаан”-ы үлгэр

Хэмжээлшгүй их эрхт эзний 32 ордны нэгэнд  хэдэн жилийн өмнө зо­чилс­ноо саналаа.   Эзэн нь хэдийнэ байхгүй бол­сон хэдий ч  амьдарч бай­сан ордон нь түүний да­ран­гуйллын үеийг  сануу­лан үлджээ. Эртний сү­мийг санагдуулам өндөр  таазтай цэлгэр танхимд  орж ирээд баруун талын  эхний хаалгыг бидэнд заасан нь хамт яваа  бүсгүй бид хоёрын    байр­лах өрөө байв.  Давхар­лан тавьсан  цэргийн зориулалттай орыг эс тооцвол  хуучны гайхал­тай ур хийцтэй эртний хэв маягийн  барилгын бусад зүйлс хэв хэвэндээ. Хана,  таазны нарийн ур гарга­сан хээ хуар Арабын ер­төн­цөд ирснийг санаг­дуулна. Шидэт дэнлүү, нисдэг  хивсний үлгэрийн дүр зураг өөрийн эрхгүй нүднээ бууж сэтгэл хөдөл­гөв. Байрлах болсон өрөө­нийхөө гайхам сайх­ныг бахдан  нөгөө   бүсгүй­тэйгээ ярилцаж суулаа. Багийн гишүүн нөхөд маань аль өрөөнд оров гэж сониучирхав.  Бурхан минь, бид хоёрын   гай­хан бахдаад байсан  өрөө минь тэдний байр­ласан өрөөний хажууд   ичмээр санагдаж билээ. Хөлбөмбөгийн талбай шиг том өрөөний хийц маяг гэж дэндүү гоё. Бод­вол Саддам тэр хавьцаа л жаргаж хэвтсэн байх. Эрчүүд түүний хаанчилж байсан тэр тансаг өрөөнд тухалжээ. Арабчуудын эмэгтэй хүнийг дараагийн эгнээнд тавьдаг нь эндээс мэдрэгдэв. Тиймээс ч бид хоёрт шивэгчний өрөө ногдож дээ хэмээн гэмгүй гомдол тээгээд үлдсэнсэн. 

Хээнцэр засал чимэг, эртний уран нарийн хийц­тэй тансаг тавилга, нүд эрээлжлэм гоё чамин  эдлэл, алтадмал ширээ сандлаас эхлээд  гайхал­тай урлагийн бүтээлүүд нь нүд баясгам тэр ор­донд хүн төрөлхтний мэ­дэх сахалт Саддам зарим­даа морилдог байсан.  Тансаг ордон  дайны хөлд  тоног­дож үгүй бол­сон гэхэд ийм байгаа юм чинь өмнө нь  ямар бай­сан нь сэтгэлд бууж бай­на аа. Саддамын  32 ордны  дээгүүр зэрэг­лэлд нь багтаж байгаагүй гэх  энэ ордны баруун талын ха­ныг алсын барааг хара­хад зориулан  сум нэвтэр­дэггүй шилэн хана болгон өөрчилжээ. Тэр цонхоор харж байх нь ээ томоос том нуур байна. Эзний эрх ямбыг ханга­хын тулд хиймэл нуур ийнхүү бай­гуулжээ. Одоо бол өнгө зүс алдаад булингарт­чих­сан усны мандал дээр ганц нэг өвс хөвж байх аж. Энэ хиймэл нуурт Садда­мыг зугаа­цуу­­лах гэж баа­хан загас авчирдаг байж.  Саддам энэ хиймэл нуурт  завиа­раа  зугаалж загасч­лан зугаагаа гаргадаг бай­сан аж. Харгис тү­рэм­гий тэр эрийг ард иргэд   тэр олон ордныхоо алинд нь бай­гааг мэд­дэггүй   байсан гэдэг. 

Өөрийнхөө зураг­тай мөнгөн тэмдэгттэй, өөрөөс нь өөр агуу хүн тэр нутагт байхгүй  мэт ойлгуулж, хэмжээгүй эрхт ёсоо тогтоогоод амьдарч байсан бололтой.  Ард түмэн түүнийг дотроо үзэн ядавч гаднаа бүхнийг  хүслийнх нь  дагуу хийж, ардчиллын төлөө мөрөө­дөхөөс айн амьдарч байсан нь аймшигтай.

 Тийм л цаг үе байж. Юм гэдэг хачин шүү.  Ард иргэдээсээ хол тасарсан тэр сахалт эр нэгэн удаа энгийн айлд  зочилжээ. Айлын жаахан хүү түү­нийг гэнэт харснаа       “Аав,  ээж хоёрын хамгийн дур­гүй хүн байна шүү дээ. Энэ ахыг хараад  хурдан үхэж далд ороосой гэж яриад байдаг” гэж теле­визээр гардаг, хойморт нь хөрөг нь залаастай байдаг  нөгөө ахыг орж ирсэнд итгэж чадахгүй дуу алджээ.  Ингээд л тэр гэр бүл сүйрэх нь тэр. Жижигхэн навтгар бай­шиндаа дарангуйллаас болж цөхөрч,  битүүхэн­дээ эгдүүцэж байсан гэр бүлийн хоёр   тансаг амьд­ралтай эзний таа­шаалд нийцэхээргүй үг алдаж, хүү нь түүнийг  илчилснээр оргүй алга болсон юм. Эзэн тэднийг өршөөгөөгүй.

Андерсений  үлгэрт эзэн хаанаа нүцгэн бай­гааг мэдсээр байж “Тэнэг хүнд харагддаггүй хувцас” гэж зальт хүмүүсийн хэлс­нээс болж тэнэг гэж хэлүүлэхгүйн тулд  чимээ­гүй байх үед нэгэн бяцхан хүү  хааныхаа нүцгэн бай­гааг хэнэг ч үгүй хэлж  орхидог.

Иракийн тэр бяцхан хүү ч Саддамыг ард түмэн адгийн амьтан гэж үздэг ч хэлж чадахгүй тэвчин ирснийг илчилсэн нь тэр. Даанч аав, ээжийгээ  дарангуйлагчид барьж өгч цаазлуулсан  боло­хоос  Ирак  хүү, Андер­сений үлгэрийн гол баа­тар болсон тэр жаахан хүү хоёр яг адилхан. Үл­гэр үнэн болох нь энэ. Хүүхдүүд  томчуудаас ялгаатай  нь үнэнээс айдаггүй.    

Тэр хүүгийн хэлсэн үнэн дарангуйлагч Сад­да­мыг ард түмэн хэрхэн үзэн яддагийн   нотолгоо байсан юм.   Монголчууд бид ч нүцгэн хааныгаа, дарангуйлагч эзнийг, нүдэн дээрээ халаасыг нь тэмтэрч хулгай хийдэг олигархиудаа  эсэргүүцэн хашгирч чаддаггүй.

Нэгэн цагт монгол­чуудын байлдан дагуу­лалт хийж байсан улсын нэг бол Ирак. Гэтэл хэд­хэн жилийн өмнө  монгол залуус Иракт энхийг сахиулахаар явцгаасан.  Харгис дарангуйлал, газар доорхи шингэн алт­наасаа болж хувь тави­лан нь төөрөлдсөн гэмээр энэ ард түмнийг дайны хүнд жилүүдэд хэрхэн амьдарч байсан үеийг очиж сурвалжилж байсан болохоор одоо ч үйл явд­лыг тод санаж байна. Ира­кийг сангалзан дурс­сан маань ч ийм учиртай юм. 

Саддам бие хамгаа­лагч­дын хамт зарим айлд гэнэтийн шалгалт хийдэг байжээ. Айл бүр түүний хөргийг хоймортоо бур­ханчлан залах ёстой. Гэнэ­­тийн айлчлалаар өөрийнх нь хөргийг залаа­гүй байвал тэр айл  өнгөрөх нь тэр. Шууд л үг дуугүй баривчилна. Ард­чиллын өмнөхөн Улс төрийн товчооны  гишүү­дийн хөргийг  байгуулла­гынхаа хананд өлгөөгүй­гээс болж шийтгүүлж бай­сан хүний яриаг сонссон юм. Энэ мэтээр Монгол, Ирак хоёрт адилхан юм олон байна. Сахалт Саддамын адал явдлаас дутахгүй л байгаа биз дээ.   

Тэр  аймшиг одоо Иракт байхгүй болсон.   Иракийн ард түмний амьдрал өнөөдөр арай өөр болж байгаа. Дайн болж байгаа ч намхан байшингийнхаа гадна гивлүүртэй бүсгүйчүүд нь хувцсаа угаан хэцэн дээрээ хатааж, нүцгэн хааныг дураараа илчилж чадах   гэнэ сэрэггүй бяц­хан жаалууд том алаг нү­дэн­дээ гэрэл цацруулан бөмбөг тоглож байсан үеийг санаж байна. Дайны хүнд үед гэнэтийн элдэв довтолгоо, мено­метын дэлбэрэлтийн дуу энд тэндгүй сонсдох түгшүүр айдастай өдрүүд  тэднээс алсарч байгаа болов уу. Ганц шөнийг  Багдадад өнгөрүүлэхдээ  битүүхэндээ айдаст ав­таж, бүтэн нойртой хоноо­гүй болохоор тэнд амь­дарч байсан тэдний сэт­гэл санаа ямар байсныг төсөөлж байна. Гуниг тээсэн тэр ард түмэн дахин битгий зовоосой.  Одоо тэд сахалтай эрээс ангижирсан. Харин бид  олигархиудаасаа салах болов уу.     Хэзээ  нэгэн цагт хэн нэгэн бяцхан жаал тэднийг хулгайч байна гэж барьж өгөх цаг ирэх вий.