Categories
редакцийн-нийтлэл

Засгийн газар эдийн засгийг ингэж эрчимжүүлнэ

ТӨСЛИЙГ НАМЫН БҮЛГҮҮД ДЭМЖСЭН

Засгийн газраас  “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” аян
өрнүүлэхээр болсноо Ерөнхий сайд зарласан. Аяны хүрээнд хийсэн эхний ажил нь
УИХ-д өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх тухай
тогтоолын төсөл байв. Засгийн газар энэхүү 
төслийн танилцуулгад “Валютын ханш буурахгүй байгаа нь иргэдийн худалдан
авах чадварт нөлөөлж байна. Тиймээс ханшийг тогтворжуулж, инфляцийн түвшинг
бууруулах шаардлагатай байна” гээд дараалал, тов харгалзахгүйгээр УИХ-аар
яаралтай хэлэлцэх хэрэгтэйг дурдсан байна. 
УИХ-ын дарга төслийг хүлээж аваад хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн
байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарт даалгасан билээ. Одоогийн байдлаар уг
тогтоолын төсөл дээр  УИХ-ын ажлын хэсэг
гарчихсан, Д.Зоригт гишүүн ахалж байгаа. УИХ дахь намын бүлгүүд төслийг дэмжинэ
гэдгээ ч илэрхийлчихсэн. Тэгэхээр байнгын хороодоор хэлэлцэж эхэлнэ гэсэн үг.

Эдийн засгийг эрчимжүүлэх
тогтоолын төслийг  анх өргөн барьсан
хувилбараар нь УИХ баталчихвал Засгийн газар дараахь 23 арга хэмжээг
хэрэгжүүлэх юм байна. Хамгийн эхлээд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт
оруулах болон  ашигт малтмалын хайгуулын
үйл ажиллагааг сэргээхтэй холбогдсон төслийг УИХ-д өргөн барьж батлуулах нь.
Дараа нь ашигт малтмал, тансаг хэрэглээнээс бусад салбарт ажиллаж байгаа аж
ахуйн нэгжүүдэд татварын таатай нөхцөл бүрдүүлж өгөх гэнэ.

“МОНГОЛЫН БАЯЛАГ ХОЛДИНГ” КОМПАНИ БАЙГУУЛНА

 Мөн төрийн өмчийн тогтолцоог шинэчлэхээр
төлөвлөсөн байна. Энэ хүрээнд “Монголын баялаг холдинг” компанийг байгуулахаар
болжээ. Ингэснээр Засгийн газар  төрийн
өмчит компаниудтай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилах сувгаар л
харилцдаг болох аж. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих өргөн цар хүрээний
бодлогуудыг хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, жижиг бизнес эрхлэгчдэд төрөөс
бодлогын дэмжлэг үзүүлнэ. Тодруулбал жижиг бизнес эрхлэх зөвшөөрлүүдийг
хөнгөвчилж, татвар, түрээсийг тодорхой хугацаанд тогтвортой байлгах юм
байна.  Дунд хэмжээний компаниудын бизнес
эрхлэх орчинг сайжруулж, зээлийн болон зээлийн даатгалын дэмжлэг үзүүлнэ.   Харин томоохон компаниудын тогтвортой үйл
ажиллагааг хангаж, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд гарахад нь дэмжлэг
үзүүлэх юм байна.  Хөрөнгө оруулалтын
сангууд болон банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн корпорацийн
санхүүжилтийн үйл ажиллагааг Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны
зүгээс бодлогоор дэмжих нь.  

 

Мөн Хөгжлийн банкны үйл
ажиллагааны цар хүрээг өргөжүүлэхийн тулд Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт
оруулах  төслийг УИХ-д өргөн барих юм
байна. 

 

ИРГЭДИЙН ГАДААД ДАХЬ ХАДГАЛАМЖИЙГ МОНГОЛДОО
ТӨВЛӨРҮҮЛНЭ

Бичил болон жижиг, дунд
бизнесийн хөгжлийн санхүүжилтийг дэмжих чиглэлд Засгийн газар, Монголбанк
нарийн уялдаатай ажиллах  гэнэ. Төгрөгийн
гадаад валюттай харьцах ханш  огцом
хэлбэлзвэл нөлөөллийг нь саармагжуулах арга хэмжээг цаг тухайд нь авч байх юм
байна. Санхүү, эдийн засгийн болзошгүй хямралын эрсдлээс сэргийлэх зорилгоор
гадаад валютын урсгалыг сайжруулах гэнэ. Хөрөнгийн зах зээл, корпорацийн үнэт
цаасны зах зээлийн хөгжлийг мөнгөний бодлоготой уялдуулан дэмжих бодлого
явуулах юм байна. Гадаадад байгаа монголчуудын хөрөнгийн урсгалыг татах ажил
зохион байгуулах нь. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь мөнгөн хадгаламжийг
эх орондоо шилжүүлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлэх гэнэ.  Үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой
байдлыг  хангаж, ханшийн эрсдлээс
хамгаалахын тулд CВОП(SWAP) хэлцлийн үр дүнд бий болох боломжуудыг ашиглах юм
байна.  Үүнийг үнэ тогтворжуулах
хөтөлбөрт хамрагдаж байгаа компани болон экспортлогч, импортлогч томоохон аж
ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэглэх аж.  

ХОЁР ХӨРШТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦААГАА
САЙЖРУУЛНА

Улсын өрийн хэмжээг зохистой
түвшинд байлгах чиглэлээр Өрийн удирдлагын тухай хуулийг боловсруулж УИХ-д
өргөн барих нь. Таван толгойд гадаадын компаниудын оролцоог хангах арга хэмжээ
авна. Үүний тулд нүүрсний нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулах замаар
хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх юм байна. Улмаар борлуулалтын орлогын тодорхой
хувиар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахаар төлөвлөж.
Төрийн болон  төрийн өмчит  аж ахуйн нэгжүүд зөвхөн Монголд үйлдвэрлэдэг
бараа, бүтээгдэхүүн  худалдан авдаг болох
юм байна.  Тэгээд зогсохгүй тухайн аж
ахуйн нэгжүүд ямар нэгэн үйлдвэрлэгчээс зуучлагчгүйгээр бараагаа шууд худалдан
авдаг зарчмыг бий болгох аж. Мөн урд, хойд хоёр хөрштэйгээ  эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ
түвшинд хүргэх алхмуудыг хийх юм байна. Үүний тулд  ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, авто зам,
нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох ажлыг
яаравчлах гэнэ.

Гадаад, дотоодын аялал
жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор бусад улсын чөлөөт бүс, амралт зугаалгын
төвүүдийн зарим үйлчилгээг Монголд нэвтрүүлэх нь. Энэ чиглэлээр ажил явуулах
хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх юм байна. Экспортын өрсөлдөх чадварыг
нэмэгдүүлэхийн тулд тээвэр, логистикийн хөгжлийн талаар төрөөс баримтлах
бодлогыг  УИХ-д өргөн барих нь. Эрчим
хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг шинээр барьж байгуулах асуудлыг яаралтай шийдвэрлэж
гараас гаргах юм байна. Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийг холбогдох хууль
тогтоомжийн хүрээнд 2014-2016 онд хувьчлах хөтөлбөрийг УИХ-д өргөн барих гэнэ.
Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хэт дарамт учруулсан  хяналт шалгалтуудыг багасгах юм байна.   Хөгжингүй орны иргэд болон гадаадын хөрөнгө
оруулагчдад олгодог бизнесийн зориулалттай болон олон удаагийн визийг
хөнгөлөлттэй, урт хугацаатай болгох гэнэ.

Энэ бол Засгийн газраас өргөн
барьсан Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд тусгагдсан арга хэмжээнүүд.
Хэрэв УИХ баталчихвал эдгээр ажлуудыг Засгийн газар шат дараатайгаар яаралтай
хэрэгжүүлнэ гэсэн үг. Тэр тохиолдолд валютын ханш тогтворжиж, инфляцийн түвшин
буурч,  эдийн засаг өсч, хөрөнгө оруулалт
нэмэгдэнэ хэмээн тооцоолж байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

П.Баярцэнгэл: Би ёодлыг хэнээр ч заалгаагүй,“Youtube”-ээс сонсч байгаад л сурчихсан

Залуу дуучин П.Баярцэнгэл ёодол хэмээх Швейцарийн язгуур урла­гийг
Монголд нэвтрүүлсэн билээ. Ингээд түүнтэй ярилц­санаа хүргэе.

-Удахгүй
олон улсын ёодлын урлагийн фестивальд оролцоно гэж сонссон. Ямар учиртай фестиваль
вэ?

-Швейцарьт долдугаар сарын 2-нд олон улсын ёодлын урлагийн томоохон
хэмжээний фестиваль болох юм. Энэ фестивальд дэлхийн өнцөг булан бүрээс ёодлын урлагийг
сонирхдог, уран бүтээл туурвидаг хүмүүс цуглана. Миний хувьд ийм том арга хэмжээнд
эх орныхоо нэрийг гаргаж оролцох урилга авсандаа баяртай байгаа.

-Фестивальд
оролцох саналыг Швейцариас тавьж урилга ирүүлсэн гэв үү?

-Тийм ээ. Монгол дахь Швей­царийн хөгжлийн агентлагаас надад энэхүү
фестивальд оролцох хүсэлт тавьсан. Мэдээж ёодлын урлагийг дөнгөж сураад, Монголын
урлагийн ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай болгохыг хичээж яваа залуу уран бүтээлчийн
хувьд энэ бол том боломж шүү дээ. Ёодлын урлагийг Монголд оруулж ирсэн анхдагч нь
би. Өмнө нь манайд энэ төрлийн ганц ч дуу, клип байхгүй юм билээ. Тиймээс би энэ
фестивальд өөрийн чадах бүхнээ харуулж, эх орноо сайхан сурталчлаад ирнэ гэж бодож
байгаа.

-Ёодол
гэхээр “Цасан гуа ба долоон одой” хүүхэлдэйн киноны дуу санаанд хамгийн түрүүнд
буух юм. Ер нь ёодол анх хаана үүссэн урлагийн төрөл вэ?

-Ихэнх хүмүүс хүүхэлдэйн киноны л төсөөлөлтэй байдаг юм шиг санагддаг.
Уртын дуу яг хэзээ, хаана анх зохиогдсоныг хэн ч мэддэггүй. Яг үүнтэй адил ёодол
хэмээх дууны төрөл анх хэзээ үүссэн болохыг одоо ч тогтоогоогүй  юм билээ. Гэхдээ Швейцарь, Герман, Альпийн нуруу
орчмоор нутагладаг Бавари үндэстний дууг ёодол гэдэг. Манай уртын дуу, хөөмийтэй
адил язгуур урлагийн төрөл гэсэн үг.

-Их
л хөгжилтэй дууны хэв маяг юм шиг санагддаг?

-Тийм шүү, ёодол бол ямар ч стрессгүй урлаг. Ихэнхдээ инээд хөөр,
баяр баясгалан, аз жаргалын тухай дуулдаг. Миний анхны цомогт орсон дуунуудаас монголчууд
маань мэдэрсэн энэ мэдрэмжийг бага ч гэсэн авсан болов уу гэж бодож байгаа шүү.

-Цомгийн
борлуулалт хэр байна. Бусад уран бүтээлчдийн альбомоос их өвөрмөц санагдсан?

-Дажгүй шүү. Би “Yodel” хэмээх анхны цомгоо өнгөрсөн оны сүүлчээр
гаргалаа. Зургаан дуунаас бүтсэн цомгийн гурван дуу нь Швейцарийн алдартай ёодол
дуучдын бүтээл. Хуучны ёодол дуунууд. Харин нөгөө гурав нь монгол үгтэй, монгол
хэв маягтай миний бүтээл орсон. Шинэ цомогт багтсан “Holly Dolly” дуугаа клипжүүлээд
үзэгчдэдээ хүргэсэн нь залуус овоо хүрээд байгаа. Ер нь энэ дуунуудаараа дамжуулан
үзэгчдэдээ болон сонсогчдодоо гэгээлэг өнгө аяс бүхий уран бүтээл хүргэхийг зорьсон.
Угаасаа гуниг зовлон өгүүлсэн олон уран бүтээл байхад заавал хар бараан зүйл дуулаад
байх шаардлагагүй гэж боддог. Нэг ч гэсэн гэрэл гэгээтэй амьдралыг дуундаа шингээхийг
боддог. Миний нэр хүртэл Баярцэнгэл шүү дээ.

-Зарим
хүмүүс таны “Holly Dolly” дууг гадны уран бүтээлээс хулгайлсан гэх яриа нэг
хэсэг гарсан. Үнэн үү?

-Ёодлын брэнд кан кан гэх ая бий. Тэр аянаас санаа аваад уран бүтээлдээ
ашигласан. Гэхдээ би энэ миний өөрийн зохиосон монгол ёодлын ая гэж хувьчлаагүй.
Манай залуус хийж бүтээхийг хүсч эрмэлзэж яваа нэгнээ дэмжихээсээ газар дор ортол
муулж, элдэв өө хайж байх шиг санагддаг. Уг нь залуу хүмүүс харин ч нэгнийгээ дэмжиж,
хурцалж, урам өгч байвал зүгээр юм болов уу гэсэн бодолтой явдаг.

-Энэ
урсгалаар уран бүтээл, тэр дундаа цомог гаргана гэдэг амаргүй байсан болов уу. Ядаж
л мэргэжлийн талаас нь болох, болохгүйг нь хэлээд туслаад өгөх хүн байхгүй шүү дээ?

-Анхны бие даасан цомгоо гаргахад таньдаг уран бүтээлч ах нар маш
их дэмжиж тусалсан. Миний цомгийн ивээн тэтгэгчээр Швейцарийн хөгжлийн агентлаг
ажилласан.  Харин цомогт багтсан дуунуудын
бичлэгийг “Дашка” студид хийсэн. Бусад ажил дээр миний төрсөн ах П.Отгонцэнгэл гардаж
ажилласан. Хөгжмийн найруулгаас эхлээд надад зөвлөж ажиллах хүн хэрэгтэй шүү дээ.
Ер нь миний ах уран бүтээлийг минь бүхий л талаас нь дэмждэг. Дуулах дууг минь  зохиож, хөгжмийн найруулга, хоолойны бичлэг, клипний
ажилд тусалдаг продюссер гэхэд болно. Урлагт хайртай хүн л дээ.

-Ер
нь ёодлыг анх яаж сурсан юм бэ?

-“Youtube” -ээр сонсч байгаад л сурчихсан. Энэ төрлөөр дуулдаг алдартай
олон дуучид байдаг. Тэдний клипийг үзэж байгаад дууг нь байн байн ухрааж сонсч байгаад
энд нь ийм нугалаа хийх юм байна, тэр хэсэгт нь ингэж өргөх юм байна гээд л сонссоор
байгаад сурсан.

-Ёодол
дуулахад их өвөрмөц авиа сонсогддог. Сурахад хамгийн чухал нь юу байдаг бол?

-Миний чих их үүрэг гүйцэтгэсэн ш дээ /инээв/. Сонсгол маш чухал
юм билээ. Чихээрээ сонссон аялгуугаа авиагаар илэрхийлэхэд хялбар гэх юм уу даа.

-Таныг
“Universe best songs” наадмын шилдэг оролцогч гэдгээр тань хүмүүс андахгүй байх.
Ялангуяа өвөрмөц төрлөөр оролцсон нь таныг олонд танигдахад нөлөөлсөн болов уу?

-Тэгэлгүй яахав. Би “Universe best songs-2010” наадмын шилдэг 25
оролцогчийн нэгээр шалгарсан. Уг нь тухайн үед би Кино урлагийн дээд сургуулийн
жүжигчний ангийн оюутан байсан. Багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан учраас энэ
наадамд оролцъё гэж шийдсэн. Тэгээд өөрийн гэсэн өнгө аястай байж бусдаас ялгарна
гэдэг үүднээс “Youtube”-ээс ёодлыг сурсан хэрэг. Энэ наадам миний хүсч мөрөөдөж
явсан зорилгын маань үүд хаалгыг нээж, эрч хүчээр хөглөж өгсөн гэж бодож явдаг.
Гэхдээ поп чиглэлийн дуугаа ч орхихгүй. Цаашдаа аль алинаар нь сайн уран бүтээл
хийх болно. Одоогийн байдлаар “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”,  Балхжав ахын цомогт багтсан “Хөхөө гэрлэх дөхлөө”
зэрэг хуучны арваад сайхан дууг дуулсан.

-Одоо
“Universe best songs” наадмаас төрөн гарсан шилгүүд хоорондоо өрсөлдөж байгаа юм
билээ. Ямар уран бүтээлээр оролцож байгаа вэ?

-Эхний шатанд ёодлоор дуулсан. Одоо хоёрдугаар шатанд монгол дуугаар
өрсөлдөнө. Бэлтгэлээ базааж л байна. Ямартай ч нэг сайхан уран бүтээл хүргэх гээд
бэлтгэж байна. Цаг нь болохоор уншигчид, үзэгчид маань мэдэх байх аа.

-Танай
аавыг дуучин гэж сонссон юм байна. Жүжигчин мэргэжилтэй мөртлөө дуучин болох хүсэл
аавтай чинь холбоотой юм шиг санагдсан?

-Тийм. Миний аав Соёлын тэр­гүүний ажилтан дуучин Пүрэвжав гэж хүн
бий. Хуучнаар Сүхбаатарын соёлын ордон гэж байхад дуучин байсан. Одоо тэтгэвэртээ
гарсан. Аав ээж маань Дорнод аймгийн хүмүүс. Би эхээс тавуулаа. Бага байхдаа л аавыгаа
дагаад найр наадамд дуулж явдаг хүүхэд байсан. Сургуульд байхдаа дуугаар олон уралдаан
тэмцээнд орж түрүүлж байлаа. Арван жилийн сурагч байхдаа бүр хамтлагтай байсан.
Бас болоогүй аймагтаа алдартай, хэд хэдэн удаа тоглолт хийчихсэн. Энэ бүхэн миний
хүсэл мөрөөдлийн эхлэл гэж боддог. 

-Та
“Шинэ жилийн адал явдал” гээд инээдмийн кинонд тоглож бас чамгүй жүжигчин гэдгээ
харуулаад авсан. Ер нь жүжигчнээрээ ажиллах бодол бий юу?

-Одоохондоо урлагийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгох гээд
завгүй л явна. Дуугаараа овоо жигдэрч байна. Саяхан хөтлөгч Өөдөөгийн зохион байгуулсан
“Alfa music” төсөлд оролцож дэд байр эзэллээ. Надад сурах юм их байна. Гэхдээ үндсэн
мэргэжлээрээ хоосонгүй. “Найрын ширээний ууц” мюзикл жүжигт тоглоод авсан. Мөн
“Шинэ жилийн адал явдал” нэртэй инээдмийн кинонд тоглолоо. Ямартай ч зорьсондоо
хүрсэн цагт дараагийн уран бүтээл яригдах байх. Поп дуугаар дагнасан хоёр дахь цомгоо
гаргахаар төлөвлөж байгаа.

-Гэр
бүлтэй юу?

-Байгаа. Эхнэр хүүхэдтэй гурвуулаа амьдарч байна. Энэ завшааныг ашиглаад
Отгонцэнгэл ахдаа болон “Nature sounds”-ын хамт олон, намайг дэмжиж ажилладаг бүх
уран бүтээлч нартаа талархаж явдгаа илэрхийлмээр байна.

Д.ДАВААСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Батзандан: Намын гишүүд улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж ойлгож байгаа

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

 -Засгийн газрын ту­хай хуульд өөрчлөлт оруулах төслийн анхны
хэлэлцүүлгийг хийх үеэр та намынхнаасаа эсрэг саналтай гарсан дөрвөн гишүүний нэг.  Яагаад тийм шийдвэр гаргасан юм бэ?

-Ардчиллын алтан ха­раацайнуудын
хэлсэн үг бий. “Улс орны эрх ашгийг намын эрх ашгаас ямагт дээгүүр тавьж бай” гэж.
Давхар дээлийг тайлах нь  улс орны эрх ашгийн  асуудал. 
Энэ бол гүйцэтгэх засаглалыг хяналттай болгоё, монгол төрийг төр шиг болгоё
гэдэг бодлого. Ерөнхийлөгчийн зүгээс уг бодлогыг оруулж ирсэн. Үүнийг нь  дэмжсэн учраас би кноп дарсан.  Энэ бол Монголын төлөө өгсөн санал байлаа.

-Харин ч Монголын эсрэг санал өгчихлөө гэж шүүмжлэх хүмүүс
нөгөө талд байна. Учир нь засаг төрийг тогтворгүй болгож улс орон, ард түмнийг хохироох
гэсэн хүмүүс  Ардын намынхантай ижил байр
сууринаас асуудалд хандлаа гэдэг ойлголт байна…

-Засгийн газрыг огц­руулъя гэсэн
бодолтой хүн цөөн байх. Гэхдээ Засгийн газарт өөрчлөлт оруулъя, бүтэц бүрэлдэхүүнийг
нь оновчтой болгож, үйл ажиллагааг нь сайжруулъя гэсэн бодолтой хүн олон байгаа
болов уу. Би тэдний л нэг.

-Н.Алтанхуягийн Засгийн газраас тодорхой хэдэн сайдыг нь өөрчлөх
ёстой учраас хуулийг одооноос хэрэгжүүлье гээд байгаа юм уу?

-Нэг л зүйл ойлгомжтой харагдаж
байна.  Н.Алтан­хуягийн Засгийн газар пар­ламентад
хатуу дэмж­лэггүй, ажлаа сайж­руулахгүй бол өнхөрч уна­хад  ойрхон байна гэдэг нь харагдлаа. Ард түмний амьдрал
хүнд байна шүү дээ. Өдөр ирэх тусам бараа таваарын үнэ нэмэгдэж, ажилгүйдэл ихэсч
бай­на. Бизнес эрхлэгчид дампуурч байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт болсон санал
хураалт энэ Засгийн газарт өгсөн том сануулга.

-Хэрэв энэ хууль 2014 оноос хэрэгжээд эхэлбэл хүссэн хүсээгүй
Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, огцрох үндэслэл болж хувирах талтай биш үү?

-Хууль батлагдаагүй байхад тааж
ярих нь дэмий байх. Хууль батлагдтал олон даваа байна.  Пар­ламентын хэлэлцүүлэг,  Ерөнхийлөгчийн хориг байна. Үндсэн хуулийн Цэц
дээр ч асуудал очиж магадгүй.

-Чиг үүргийн сайд болон Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж
болно гээд баталчихвал Цэц дээр очихгүй юм биш үү?

– Хуульчид янз бүрээр тайлбарлаж
байгаа. За­саглалтай холбоотой асуудлыг тал талаасаа нухацтай ярьж байж батлах хэрэгтэй.
Миний хувьд төр тогтвортой байхын талд зогсоно. Гэхдээ муу ч байсан тогтвортой байх
нь чухал гэдэгтэй санал нийлэхгүй. Хариуцлагатай засаг  л тогтвортой байх нь чухал юм. 

-Тиймээс та дараа дараагийн санал хураал­тад оролцохдоо хуулийг
2014 оноос хэрэгжүүлэх талд нь кнопоо дарна гэсэн үг үү?

-Хэрэв хууль хэрэг­жих хугацааны
хувьд өөрчлөгдвөл хориг тавина гэдгээ Ерөнхийлөгч дөр­вөн сарын өмнө то­дор­хой
хэлсэн. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг харзнаж байна.  Засгийн газрын байр суурийг,  Ерөнхий сайдын ажилдаа хандах хандлагыг харна.
Энэ хугацаанд манай намын бүлэг ч  нухацтай
ярилцах байх.  Ер нь бол Ерөнхийлөгч хориг
тавих нь тодорхой байхад УИХ-ын гишүүд өөр өөрсдийн байр сууринаас саналаа өгөх
нь эрхийн асуудал учраас би байр суурин дээрээ хэвээрээ зогсч байгаа.

-Ямар нэгэн байдлаар бүтцийн өөрчлөлт орлоо л бол  тэр Засгийн газ­рын хувь заяа хэв­рэгшинэ.  Ингээд 1996-2000 оны олон Засгийн газар унаж,
ард түмэн хохирсон гашуун турш­лага  давтагдаж,
төр улс хямрахгүй юу?

-Ер нь ардчилсан ний­гэмд Засгийн
газрыг төр гэж үздэггүй юм. Ялангуяа парламентын засаглалтай оронд УИХ нь бүрэн
бүтэн байвал төр нь хямралгүй гэж хардаг. Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг
Үндсэн хуульд нарийвчлан зохицуулж өгсөн. 
Засгийн газар ажлаа хийж чадахгүй бол итгэл үзүүлэх эсэх асуудлаар УИХ санал
хураалт явуулдаг. Ажлаа хийж чадахгүй байгаа сайд нартай хариуцлага тооцох эрх үүрэг
УИХ-д бий. Улс орныг хямралаас аварч, Засгийн газрын үйл ажиллагааг сайжруулахын
тулд ийм механизм байдаг.

Гэхдээ Засгийн газрыг огцруулах,
эс огцруулах тухай асуудлыг одоо ярихад эрт байна. Салбараа удирдаж чадахгүй байгаа
хэд хэдэн сайдтай хариуцлага тооцох ёстой гэдэг саналтай байна. Ганцхан миний саналаас
болоод Монголын төр самуурч, АН хямарна гэж бодохгүй байна. УИХ-ын гишүүн болгон
өөр өөрийн итгэл үнэмшлээрээ аливаад хандах эрх нь Үндсэн хуулиар олгогдсон. УИХ-ын
гишүүн өөрийн итгэл үнэмшлээр саналаа өгснийхөө төлөө нам бүлэглэл, олигархиудад
дарамтлуулж элдвээр доромжлуулах шаардлага байхгүй.

-Таныг дарамталж, доромжлоод байгаа гэж үү. Намаас чинь юм
уу?

-Ер нь дарамт шахалт байдаг зүйл.
Тэр нь янз бүрийн хэлбэрээр илэрдэг. Кнопыг тэгж дар ингэж дар гэх мэтээр. УИХ-ын
гишүүн бол ард иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэднийг төлөөлж саналаа өгөх үүрэгтэй.
Гэтэл тэдний санал өгөх эрхэд хэн нэгэн дарга хөндлөнгөөс оролцох гэж нөлөөлөхийг
дарамт гээд байгаа юм. Үүнийгээ боль оо гэдгийг 
үргэлж хэлдэг.

-Бүтцийн өөрч­лөлтөөр шинэчлэгдэх дараагийн Засгийн газарт
сайдаар ажиллах горьдлоготой хүмүүс энэ хуулийн төслийг 2014 оноос хэрэгжүүлэхээр
зүтгээд байна гэж та нарыг хардах тал бий..

-Би тийм жижигхэн бодолтой хүн
биш. УИХ-ын гишүүд ч тийм ахархан бодолтой яваа гэж үзэхгүй байна. Бид энд улс орны
бодлого ярих гэж ирсэн болохоос албан тушаал мөрөөдөхөөр ирээгүй.                          -АН-ынхан  бусдын хатгаасаар өөрсдийнхөө
Засгийн газрыг өөрсдөө татаж унагаадаг гашуун түүх бий. Эндээс хэн ч хождоггүй,
АН дараагийн сонгуульд ялагддаг, ард түмэн хохирдог. Магадгүй та дөрвийн байр суурь
явсаар АН-ыг ийм алдаа руу түлхчихгүй юу?

-Засгийн газрыг унагаах тухай
энд яриагүй. Засаглалын шинэтгэлийн тухай хөндөж байна. Тэр байтугай Үндсэн хуулийн
шинэчлэлийн асуудлыг санал болгож байгаа юм. АН үнэхээр шинэчлэгч юм бол Үндсэн
хуулийн реформыг эхлүүлэх ёстой. Дордохын долоон өөрчлөлтөө хүчингүй болгох ёстой.
Намын нөхдүүд маань ухаалаг учраас үүнийг ойлгох байх. Ер нь өнөөдрийн засаглал,
эдийн засаг нийгмийн бүтцээр Монгол Улс хөгжих боломжгүй гэдэг нь харагдаж байна.
Баялгийн шударга хуваарилалт бий болгомоор байна. Улс төрийг хариуцлагатай нээлттэй
болгох хэрэгтэй байна. Үүний тулд системийн гүн гүнзгий реформ хийх ёстой гэдэг
байр сууринаас л асуудалд хандаад байгаа юм. 

 -Чуулганаар хуулийн
төслийг хэлэлцэхээс өмнө АН-ын бүлэг хуралдаж, гишүүдийнхээ  байр сууриа нэгтгэсэн гэж байгаа. Гэсэн ч та дөрөв
хуралдаанд оронгуутаа өөр кноп дарчихсан гэх мэдээлэл байна. Хэр бодитой вэ?

-АН ардчилалтай шүү дээ. Бүх зүйл
нь хүмүүсийн нүдэнд нээлттэй, нууж хаах юм байдаггүй.  Аль асуудал дээр хэн ямар байр суурьтай байхаа
өмнө нь илэрхийлдэг. Энэ үүднээсээ давхар дээлийг тайлах тухай асуудлаар би гурван
сарын өмнө байр сууриа илэрхийлчихсэн байсан. Гэхдээ эцсийн мөчид би Ардчиллын,
намынхаа төлөө зогсоно. Намын гишүүд, улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг  надад бий. Үүнийгээ ухамсарлаж  ойлгож байгаа.

-Таныг АТГ шалгаж эхэлсэн гэдэг мэдээлэл бий. Үнэн үү?

-АТГ болон ЦЕГ-аас энэ талаар
тодрууллаа.  Тийм зүйл байхгүй гэнэ. Намын
удирдлагуудаасаа ч асуулаа, асуудал байхгүй гэлээ. Хэн хаанаас ямар зорилгоор тийм
мэдээлэл гаргаад байгааг мэдэхгүй. Намын удирдлагуудаасаа ч асуулаа, тийм зүйл байхгүй
гэсэн.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Чингис бондын мөнгийг ямар төслүүдэд оруулсан бэ?

Дуулиант
“Чингис бонд”-ын санхүүжилтээр юу хийсэн тухайгаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал
Н.Мөнхбат мэдээлсэн юм.

1.Аймгийн төвүүдийг холбох орон нутгийн авто зам

 Уг
төсөлд 570 тэрбум төгрөг олгохоор хуваарилсанаас  369 тэрбумыг нь олгоод буй. Замын ажил 68 хувьтай
яваа юм байна.  Нийтдээ 1.800 км зам баригдахаас
930 км-ыг нь бүрэн хучиж дуусган ойролцоогоор 150 км-ийн суурийн ажил хийгдэж, хучилт
хийхэд бэлэн болжээ. Төслийг хэрэгжүүлэгч нь Зам тээврийн яам.

2.”Гудамж” төсөл

Нийт
33 уулзварын төсөл хэрэгжүүлж буйгаас 16 уулзвар болон хоёр автозамын барилгын ажлыг
бүрэн гүйцэтгэсэн. Улаанбаатар хотод баригдах хурдны хоёр замын техник эдийн засгийн
үндэслэлийг хийж дуусгасан бөгөөд Туул голын даланг дагуулан барих хурдны замын
инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын эхний санхүүжилтийг олгоод
байна. 200 сая долларын хөрөнгө хуваарилагдсан. 47.6 тэрбум төгрөг, 1.9 сая доллар
олгожээ. Дээрх 18 ажлын гүйцэтгэлийн дундаж хувь 92.6 хувьтай яваа гэнэ. Төслийг
хэрэгжүүлэгч нь Эдийн засаг хөгжлийн яам.

3. Шинэ төмөр зам төсөл

Тавантолгойгоос
Гашуун сухайт чиглэлийн 267 км шинэ төмөр замын төслийг Чингис бондын хөрөнгөөр
санхүүжүүлж байгаа. Уг төмөр замын төсөлд 200 сая ам. долларын санхүүжилт хийх шийдвэр
гарчээ.  Өдгөө 164.2 сая долларыг нь олгоод
буй. Уг төмөр замыг 2015 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төмөр
замын  далан босгох буюу газар шорооны ажил
70 хувьтай, төмөр замын ажлын гүйцэтгэл 24 хувьтай явна. Урьдчилсан Техник эдийн
засгийн үндэслэлээр шинэ төмөр замыг барьж босгоход 700.0 сая ам. доллар шаардлагатай
гэсэн дүгнэлт гарсан юм.     Төслийн хэрэгжүүлэгч байгууллага Монголын төмөр
зам төрийн өмчит компани.

4.”Чингис хаан” Боинг-767
онгоц

Төслийг
хэрэгжүүлэгч нь МИАТ ТӨК.

Монгол
Улсын анхны өөрийн өмчлөлийн холын зайн иргэний тээврийн хөлгийг худалдаж авах зардлыг
санхүүжүүлсэн. Энэ түр санхүүжилтийг АНУ-ын Эксим банкны урт хугацаатай, хямд санхүүжилтийн
эх үүсвэрт шилжүүлсэн ба Чингис бондын эх үүсвэрээс санхүүжүүлсэн дүнгийн үлдэгдэл
2.9 сая ам. доллар байна.  Тогтоолоор батлагдсан
дүн нь 115.0 сая доллар юм билээ.  Эргэн төлөлтийн
дүн 81.3 сая доллар болжээ.

5.Таван толгойн цахилгаан
станц

Хэрэгжүүлэгч
нь Эрчим хүчний яам.

Таван
толгойн цахилгаан станцын төслүүдийн ус, байгаль орчны судалгаа хийгдэж, дууссан.
Геологи, инженерийн судалгаа хийгдэж байгаа. Уг станцын төслийн техникийн саналыг
хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн дөрвөн компанид хүргүүлжээ. Санхүүгийн саналыг
хүргүүлэхээр бэлтгэж байгаа гэлээ. Таван толгойн цахилгаан станцад 14.8 сая ам.доллар
олгох шийдвэр гарснаас 3.8 сая ам, долларыг төслийн санхүүжилтэд олгоод байна. Дашрамд
дурдахад Хөгжлийн банк УИХ, Засгийн газраас баталсан бүтээн байгуулалтын том төслүүдийг
санхүүжүүлэх үүрэг хуулиар хүлээсэн юм билээ.

6.
Эгийн голын усан цахилгаан станц.

 Хэрэгжүүлэгч нь Эрчим хүчний яам. Эгийн голын усан
цахилгаан станцын төслийн ус, байшаль орчны судалгаа, геологи инженерийн судалгаа
хийгдэж байна. Одоогоор Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд 2.3 сая ам, долларын
санхүүжилт хийсэн агаад 34.0 сая ам долларын санхүүжилт батлагдсан аж.

7
Нийслэлийн инженерийн шугам, дэд бүтцийн
төслүүд

Хэрэгжүүлэгч
нь Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын
газар.

Тогтоолоор
батлагдсан дүн 200.0 тэрбум төгрөг. Олгосон дүн 101.8 тэрбум төгрөг. Улаанбаатар
хот гэр хороолол болон орон нутагт нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга
байгууламжийн 92 төслийг хэрэгжүүлэхээр баталсанаас 33 төслийн хувьд ажил гүйцэтгэх
гэрээг байгуулан ажиллаж байна. Нэг ажлыг Улсын комисс хүлээн авч, ашиглагч байгууллагад
шилжүүлсэн. Ихэнх ажлуудын  хувьд хүйтний
улирал эхэлсэнтэй холбоотойгоор барилга угсралтын болон туршилт тохируулгын  ажил хийх боломжгүй  шалтгаанаар 2014 онд үргэлжлүүлэхээр хойшлуулсан.  92 төсөпд нийт 416 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд  үүнээс эхний ээлжинд 200.0 тэрбум төгрөгийг Чингис
бондын эх үүсвэрээс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Гэрээ байгуулсан 33 ажлын гүйцэтгэлийн дундаж хувь
72.2 хувьтай яваа.

8.
Ноолуур, ноос, сүү оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн
аж ахуй зэрэг ХАА, хөнгөн үйлдвэрийн таван салбарын төслүүд

Хэрэгжүүлэгч
нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам.

ҮХААЯ,
Голомт банктай хамтраад ҮХААЯ-ны таван салбарыг дамжуулан санхүүжилтийн гэрээ байгуулж,
2013 оны наймдугаар сарын 12-ний өдөр 
269.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Голомт банкинд 1.7 тэрбум төгрөгийг
төслийн нэгжийн үйл ажиллагаанд  зориулан
олгосон. Тайлант хугацаанд Голомт банк нийт 189 компанийн материал хүлээж авсанаас
64 зээлдэгчид зээл олгохоор баталсан байна. Батлагдсан 64 зээлээс дэд зээлээр
53 компанид  53.7 тэрбум төгрөгийн зээл олгогдоод
байна. Зээл олгохоор шийдвэр гаргасан 64 төслийн батлагдсан зээлийн хэмжээ
100.7 тэрбум төгрөг буюу 37.4 хувь байна. Нийт санхүүжүүлэх төслийн 20 хувийг Голомт
банкнаас санхүүжүүлээд байна.       

     9. Төрийн орон сууцны корпорацийн төсөл

Хэрэгжүүлэгч
нь ТОСК, ТӨК

“Буянт
Ухаа-1” орон сууцны хорооллын 1764 айлын 28 барилгын ажлыг санхүүжүүлж байна. Залуу
гэр бүл, ахмад настан, төрийн албан хаагчдад 
зориулсан уг барилга 1м квадрат нь 1 сая 280 мянган төгрөгийн үнэтэй. Эхний
ээлжийн 567 айлын 9 барилга ашиглалтад ороход бэлэн болсон. Үлдсэн барилгуудыг
2014 оны хоёрдугаар улиралд багтаан ашиглалтад оруулна.  Буян Ухаа хорооллын ажлын гүйцэтгэл 94 хувьтай
байна.  Тогтоолоор батлагдсан санхүүжилтийн
дүн 100.0 сая доллар. Олгосон дүн 72 тэрбум төгрөг.

10.
Дотоодод барилгын арматур, төмрийн хүдрийн
нойтон баяжмал үйлдвэрлэх дөрвөн төсөл

Хэрэгжүүлэгч
нь Уул уурхайн яам.

   Төмрийн хүдрийн гурван баяжуулах болон нэг барилгын  арматурын үйлдвэрийг барихад зориулж 50.0 сая
хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийг Чингис бондын эх үүсвэрээс санхүүжүүлэх болсон.
Одоогоор уг төслүүдийн судалгаа хийгдэж байна. Арматур үйлдвэрлэхэд зориулж 12 сая
ам. доллар олгоод байгаа гэнэ лээ.  

 11. Байшин
Үйлдвэрлэх комбинат /БҮК-1/ төсөл

Хэрэгжүүлэгч
нь Эрэл ХХК.

Тоног
төхөөрөмжийн 30 хувийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлж, тоног төхөөрөмжийг үйлдвэрлүүлж
эхэлсэн. Үйлдвэрийн барилгын засвар, дэд бүтцийн шинэчлэл хийгдэж байна. Жилд
150.000 метр куб барилгын хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр 2014 онд ашиглалтад
орно. Төслийн нийт санхүүжилт 42 сая ам.долларын  30 хувийг Эрэл компани хийсэн бөгөөд  үлдсэн хэсэг буюу 16 сая ам. долларын санхүүжилтийг
Германы Коммерц банкнаас  Хөгжлийн банкаар
дамжуулан зээлдүүлэх замаар санхүүжүүлж байна. Төслийн ажлын гүйцэтгэл 30 хувь буюу
тоног төхөөрөмж 100 хувь үйлдвэрлэгдэж, суурилдуулах ажил үлдээд байна. Тогтоолоор
батлагдсан санхүүжилт нь 14 сая ам.доллар юм билээ.

Төслүүдийг гүйцэтгэлээр нь
санхүүжүүлдэг гэдгээ Н.Мөнхбат захирал онцолсон юм. Хөгжлийн банк цаашдаа ч санхүүжилтийн
эх үүсвэр олохоор ажиллаж байгаа агаад бондоос гадна өөр санхүүжилтын арга зам ч
хайж байгаа гэсэн. Одоогоор тус банк “Чингис” бонд, Японы зах зээлд босгосон”Самурай”
бонд, өөрсдийн босгосон “Евро” бондоор санхүүжигдэж байгаа гэнэ. Монголын бондын
 эрэлт хэрэгцээ гадаад зах зээл дээр бий гэж
Н.Мөнхбат захирал хэлнэ лээ. Чингис бондын зарцуулагдаагүй үлдэгдэл болох 1.4 их
наяд төгрөг бий. Үүнээс 400 орчим тэрбум төгрөг нь хуваарилагдаагүй эх үүсвэр.  Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийг санхүүжүүлэхэд
оруулах болов уу гэж Хөгжлийн банкны захирал ярина лээ.   

Хөгжлийн банк  өөрийн эх үүсвэрээс босгосон хөрөнгөөр ч томоохон
төслүүдийг санхүүжүүлж байгаа аж. Тухайлбал  Яармагийн орон сууцны хороололд гэхэд л 20 тэрбум
төгрөгийг олгожээ. Барилга угсралтын ажил нь 40 орчим хувьтай яваа гэнэ. Хэрэгжүүлэгч
нь Пи Ай Эм Эм ХХК аж.

Б.Янжмаа

Categories
редакцийн-нийтлэл

Алдаршихын дон алдаа дагуулж мэднэ

Монгол
Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, жүдо бөхийн дэлхийн аварга, олимпийн
хүрэл медальт Х.Цагаанбаатар бол энэ үеийн шилдэг тамирчдын нэг. Дэлхийн чансаанд
үргэлж дээгүүрт ордог жүдоч.

Түүний
адууны засааг түүхийгээр цусыг нь савируулан идэж байгаа бичлэг нь цахим ертөнцөд
түгсээр байна. youtube сайтад Цагаанбаатар гэж бичээд хайхад дэлхийн аваргын алтан
медалиа бахархалтайгаар зууж байгаа бичлэгийнх нь дор засаа идэж байгаа дүрс нь
бэлхнээ гараад ирэх юм.

Монголын
жүдог, Монголын жүдочдыг сонирхож, судалж байгаа гадныхан энэ мэдээллийг олж үзсэн
нь мэдээж. Х.Цагаанбаатарын бичлэгийг зэрвэс харвал ханнибал буюу хүний махаар хооллогч
шиг харагдана. Засаа идэх гэдэг энэ үйлийг монголчуудаас өөр улс мэдэх үү. Гадныхан
хараад ойлгохгүй, яг юуг зажилж байгааг нь тайлбарлавал огих биз.

Монголчууд
өөрс­дийгөө их л омголон догшин, мундаг эрэлхэг хүмүүс гэж гайхуулах гэхдээ бүдүүлэг,
зэрлэг, махчин байдлаар ха­руулчихдаг нь ха­рамсалтай.

Жүдо
бөх дэг жаяг, сахилга батаараа гайхагддаг спорт. Татами дээр тамирчин чанга хашгирч,
сальта эргэх тохиолдолд хатуу сануулга өгдгийг спорт сонирхогчид мэднэ. Энэ спортыг
дэлхий даяар сурталчилж, араасаа мянга мянган хүүхэд залуусыг байлдан дагуулж байгаа
шилдэг жүдочдыг япончууд, Олон улсын жүдо бөхийн холбоо тоодог. Цагаанааг ч үнэлдэг.
Гэтэл энэ бичлэгийг гадныхан, өндөр соёлтой хүмүүс өөрсдийнхөөрөө тусгаад “Монголчууд,
Цагаанбаатар хан­нибализмийг дэмждэг. Ийм үзлийг сурталчилдаг” хэмээхэд л бүх юм
өндөрлөнө. Олон улсын жүдо бөхийн холбооныхон Х.Цагаанбаатарын ам­жилтуудыг үгүйсгэж,
авсан медалийг нь хурааж мэдэх зарчимч хүмүүс. “Ханнибал залуугаар татами дутахгүй.
Ер нь танай жүдочдыг харзная” гээд л тас ширвэчихвэл бид яаж ч чадахгүй, түүхий
мах идсэн бичлэг нь ертөнцөөр нэг тарчихсан байхад. Уг нь улаан мах байтугай, болсон
махыг хөндөхдөө хүндэтгэлтэй ханддаг арвин ёс заншил бидэнд бий юмсан.

Юм
бүхэнд тоглоом, наадмаар хандана гэдэг зохимжгүй. Цаг тутам л өөрийнхөө тухай элдэв
мэдээ, сэлт, ховыг фэйсбүүк, твиттерт оруулж алдарших гэсэн дон энэ нийгмийг бүрхчихээ
юу. “Би өглөөний цайндаа хоносон хоолоо халааж идлээ”, “Эмээгийнхээ будаатай цайг
уух уу, яах уу”, “Тайландаас авчирсан хулсан дэвсгэр дээрээ хэвтэх үү, суух уу”,
“Нөхөр агсам тавьчихлаа. Салах уу, болих уу” гээд алхам бүрээ нийтэд цацаж, алдартай
болох гэсэн хүмүүс олшрох болов. Алив зүйл нууц, далдхан байх тусмаа үнэ цэнэтэй.
Х.Цагаанбаатарын түүхий мах зулгааж, нүүр, гараа цустаж байгаа бичлэг бол мөн л
алдаршихын донгийн ээлжит нэгэн үйлдэл. Монголчууд Монголоо ингэж л гутаадаг. Өөр
айлд, гадны хүнд, харийнханд харуулахгүй юм гэж өрх гэрт бий. Нэг мөч, хором бүрт
цахим ертөнцөд алдаршихгүй байж чадахгүй болчихсон энэ сөрөг дадал асар их хор урхагтай.
Үр дүн нь яаж ч эргэж мэдэхээр. Тухайн агшинд гаргасан хөнгөн хийсвэр зан, сэтгэл
хөдлөлдөө хөтлөгдсөн болчимгүй үйл дараа нь харамсаад барамгүй зовлон авчрах нь
бий шүү. Өнөөдөр таны алдаршихын тулд хийсэн энэ мэт жижиг үйлдэл маргааш нь асар
том зүйлийн шархыг хөндөж болно.

Засаа
идэхдээ заавал бичлэг хийж, зургаа даруулаад юу хийнэ. Засааг алдаршуулах хэрэгсэл
биш тамир тэнхээ сэлгэдэг ардын дом гэдэг талаас нь ойлгож байгууштай.

Ханнибализм
гэдэг энэ зүйлээс хүн төрөлхтөн цагийн цагт зугтаж ирсэн. Түүхий маханд донтсон
хүн малын махнаас уйдаж хүний махыг илүү амттайд тооцож шүлэнгэтдэг аж. Дэлхийн
зарим оронд ханнибалын амьдралыг сонгосон махчингууд залуу охид, нялх хүүхдийн маханд
шунан аймшигт хэрэг үйлддэг тухай бид гадны мэдээллийн хэрэгслээр олж дуулдаг. Гэтэл
Монголд, хүүхэд залуусын хүндэтгэл бишрэлийг төрүүлдэг бөх залуу түүхий мах зэрлэгээр
зулгаан идэж байгаа бичлэгээ нийтийн сүлжээгээр тараасан нь ханнибализмыг хойч үе
гэлтгүй нийгэмд бүхэлд нь сурталчилсан явдал боллоо.

Ийм
болохоор л алдаршихын дон аюултай, алдаа дагуулж мэднэ гээд байгаа юм.

Д.ГАНСАРУУЛ

Categories
редакцийн-нийтлэл

С.Чинзориг: Сонгуулийн ерөнхий хороо Үндсэн хууль зөрчсөнийг Цэц тогтооно гэдэгт итгэлтэй байна

МАН-ын гишүүн С.Чинзоригтой ярилцлаа.
 

-УИХ-ын сонгуулийн аравдугаар тойргийн маргааныг эцэслэн шийдсэн
гэж өнөөдөр үзэж байгаа. Харин таныг энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан
гэж сонслоо?

-Асуудал
хууль хяналтынхны оролцоотойгоор шийдэгдсэн. Ардчиллын 23 жилийн түүхэнд сонгогчдын
саналыг шүүхээр далайлган засвар хийсэн анхны тохиолдол энэ. Ардчиллын түүхэнд хар
толбо суулгасан луйвар болсон. АН-ынхны хувьд хоёр гишүүнээ УИХ-д хүчээр оруулаад
асуудал дууссан гэж бодож байгаа байх. Миний хувьд асуудал дуусаагүй. Цэцэд гомдол
гаргасан. Гэтэл Цэц ч асуудлыг шийдвэрлэлгүй таван сар  гаруйн хугацаа өнгөрлөө. Цэцийн гишүүн Пүрэвням
асуудлыг дарж, удаашруулж байгаад оны эхээр ажлаа өгөхдөө миний гомдлыг хаячихаад
явсан байна. Одоо Т.Лхагваа гишүүнд шилжиж очсон. Сонгуулийн ерөнхий хороо үндсэн
хууль зөрчсөн гэдгийг Цэц тогтооно гэдэгт итгэлтэй байна. Өмнө нь Цэцэд өргөдөл
өгч байсан. Тухайн үед Цэц тойргийн маргаантай асуудал нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй
байгаа нь нотлогдож тогтоогдож байгаа тул маргаан үүсгэх боломжгүй байна гэж хариу
өгч байсан. Сонгуулийн ерөнхий хороо 2012 оны 10 дугаар сарын 15-нд бидний түр үнэмлэхийг
хүчингүй болгох шийдвэр гаргасан байдаг. Гэтэл Өвөрхангай аймгийн шүүх 10 дугаар
сарын 17-нд насанд хүрээгүй хоёр хүүхэд сурталчилгаанд оролцоогүй болохыг тогтоолгох
нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх захирамж гаргасан байдаг. Энэ нь Сонгуулийн ерөнхий
хороо шүүхийн процесс дуусаагүй байхад хүчээр асуудлыг шийдсэн нь нотлогдож байгаа
юм.

-Та хууль зөрчсөн л бол шийтгэлээ хүлээх ёстой. Сонгуулийн
хуулийг зөрчсөн нь үнэн бол үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй юм уу?

-Намайг
насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд оролцуулсан гэдгээр буруутгадаг
юм. Гэхдээ тэр хоёр хүүхэд сонгуулийн сурталчилгаанд оролцсон уу үгүй юу гэдгийг
хэн ч шалгаж тогтоогоогүй юм. Нөгөө талаасаа тэр хүүхдийг С.Чинзориг, Н.Төмөрхүү,
МАН-ын штабын аль нь сурталчилгаанд татан оролцуулсан юм гэдгийг мөн л хэн ч тогтоогоогүй.
Ийм хий үзэгдэл шиг асуудал шүүхээр явж алх цохиж шийдэгдээд байдаг.

-Тойргийн хороо тогтоосон юм биш үү?

-Тойргийн
хороо тогтоосон байна гэж шүүхээс үздэг гэж байгаа. Гэхдээ тойргийн хороо АН-аас
ирсэн бичигт хариу өгөхдөө “Насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд
оролцуулсан байна.  Үүнийг засч залруулахыг
мэдэгдлээ” гэсэн бичгийг аймгийн МАН-ын хороонд өгсөн байдаг. Энэ бичигт бид хоёрыг
насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд оролцуулсан байна гэдэг үг, үсэг байдаггүй.
Зөвхөн МАН-д гэсэн бичиг байдаг. Хуулиараа энэ төрлийн зөрчлийг тойргийн хороо тогтоох
эрхгүй. Харин цагдаагийн байгууллага шалгаж тогтоох эрхтэй бөгөөд энэ зарчмаараа
явсан бол өнөөдөр надад ямар нэгэн гомдол байхгүй байх байлаа. Шүүхэд гомдолтой
байдаг бас нэг асуудал бол шийдвэр гаргах бүртээ хуулиа зөрчиж байсан явдал. Тухайлбал,
тэр жилийн долдугаар сарын 3-нд Хан-Уул дүүргийн шүүх шийдвэрлэхдээ “С.Чинзоригийг
насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан болохыг
тогтоосугай” гэсэн захирамж гаргасан. Харамсалтай нь энэ захирамжийг гаргахдаа С.Чинзориг,
Н.Төмөрхүү хоёрт мэдэгдэлгүйгээр хариуцагчгүй шүүх хурал хийсэн. Нийслэлийн шүүхэд
давж заалдахад “Шүүхийн харьяаллын бус асуудлыг шийдсэн байна” гээд хүчингүй болгосон.
Шүүх өөрөө нотолж тогтоох эрхгүй байгууллага гэж үзсэн. Хоёр дахь асуудал нь эрх
нь хөндөгдөж байгаа С.Чинзориг, Н.Төмөрхүү хоёрт мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан
нь шүүхийн өөрийнх нь буруу гэж нийслэлийн шүүх үзсэн. Ингээд бид хоёрын тангаргийг
өргүүлэх асуудал яригдах ёстой байхад СЕХ Өвөрхангайн шүүхэд гомдол гаргасан гэсэн
түүнийг нь харна гээд гацаасан байдаг. Энэ нь бид хоёрыг аль болох буруутгах АН-ынхны
арга байсан юм билээ.

-Ер нь тэр хоёр хүүхэд байсан юм уу үгүй юм уу. Хэн нь сурталчилгаанд
татан оролцуулсан юм?

-Хоёр
хүүхэд татан оролцуулсан уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Яагаад гэвэл сурталчилгааны
хугацаа маш богино байсан. Дээр нь манай аймаг 19 сум 100 гаруй багтай. 24 хоногийн
хугацаанд хаана хэн ажиллаж байгааг нэр дэвшигчид мэдэх боломжгүй. Тэрчлэн манай
намын албан ёсны сонгуулийн сурталчилгаанд оролцогсдын жагсаалтад тэр хоёр хүүхдийн
нэр байдаггүй. Нөгөө талаасаа тойргийн хорооны албан тоот бол С.Чинзориг хоёр хүүхэд
сурталчилгаандаа ашиглаж байна гэсэн бичиг биш. Зөвхөн МАН-ын хороонд гэсэн байдаг.
Сонгуулийн тогтолцоо өөрөө холимогоор явагдсан. Холимог тогтолцоо гэдэг нь нам ч
С.Чинзориг, Н.Төмөрхүү бүгд нэр дэвшигч. Тэгэхээр хоёр хүүхэд сонгуулийн сурталчилгаанд
оролцсон гээд байгаа юм бол хэн оролцуулав гэдгийг тогтоох ёстой. Нам ажиллуулсан
бол намын авсан саналд, С.Чинзориг ажиллуулсан бол миний авсан саналд өөрчлөлт оруулах
асуудал яригдана. Гэтэл ялгаж салгаж, тогтоох ажил огт хийгдээгүй. Увсын маргаан
ижил жишээ байна. Шадар туслахууд нь мөнгө тараасан нь нотлогдож шүүхээс шийтгэл
авсан. Харин хоёр гишүүнийг буруутгаагүй нь Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар “Энэ
хүмүүсийг сонгуулийн сурталчилгаандаа санаатай татан оролцуулсан нь тогтоогдохгүй
байна” гэсэн үндэслэлээр асуудалд хандаж байгаа юм. Хуулийг ингэж олон өөрөөр тайлбарлаад
байгаа юм. Дараагийн нэг асуудал нь нийслэлийн шүүх дээр давж заалдаж байхад Өвөрхангайн
шүүхэд Г.Батхүү, Д.Зоригт нар “Н.Төмөрхүү бид хоёрын түр үнэмлэхийг хүчингүй болгож
өгнө үү” гэж гомдол гаргасныг хэлэлцэж байсан. Хуулиараа нэг шатны шүүхэд асуудлыг
хэлэлцэж байхад дараагийн шүүх асуудлыг хэлэлцдэггүй журамтай. Ингээд Өвөрхангайн
шүүх Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагагүй гэсэн
захирамж гаргаад шүүгч шийдвэр гаргасан байдаг. Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг
давж заалдах гэтэл “Давж заалдах эрхгүй” гэсэн захирамж бас гаргаад хэргийг хүчээр
хаасан. Ийм л хууль зөрчсөн үйлдлүүд болж өнгөрсөн юм.

-Хэдийгээр сурталчил­гааны хугацаа бага ч гэсэн өөрийн штабдаа
ажиллаж байгаа ажилтнуудаа мэдээ­гүй гэдэг чинь таны алдаа юм биш үү. Ухуулагчдаа
ийм хуулийг зөрчиж болохгүй гэдэг шаардлагыг тавьж ажиллах ёстой байсан юм биш үү?

-Бид
нэрсийн жагсаалтаас нэр дэвшигчийг хасах хатуу заалт орсон болохоор энэ бүхнийг
анхаарч ажилласан. Энэ заалт байгааг далимдуулж хүчээр шалтаг гаргасан болохоос
биш тэр хүүхэд байсан уу үгүй юу гэдгийг тогтоогоогүй гэж би дээр хэлсэн дээ. Гэтэл
Увсын тойрог дээр хууль зөрччихөөд ял авчихсан байхад нь нэр дэвшигчид нь татан
оролцуулсан эсэх нь тодорхойгүй байна гэсэн шийдвэр яваад байгаа юм. Энэ хоёр тохиолдлоос
харахад хуулийг хууль биш болгох нь хэний ч дурын асуудал байгаа юм.

-Тэгвэл танай намынхан чинь тохиролцчихсон юм биш үү. Та ч
бас наймаа хийлээ гэж мэдэгдэж байсан удаатай?

-АН-аас
Өвөрхангайн хоёр, МАН-аас Увсын хоёр гишүүн гэж наймаалцсан гэж харахгүй байгаа.
Асуудал хурцдаад ирэхээр Өвөрхангайн тойргоос МАН, АН-ын нэг нэг гишүүнийг оруулъя
гэж тохиролцсон байдаг юм. Г.Батхүүг оруулъя заргалдаж гүйгээд байна. С.Чинзориг
нь илт ялалт байгуулсан гэж. Ингээд Н.Төмөрхүүг “УИХ-ын гишүүн болохоос татгалзаж
байна. Ямар нэгэн гомдолгүй” гэсэн өргөдлийг СЕХ-нд өгүүлсэн. Тэгэхэд намын дарга
Ө.Энхтүвшин, Г.Батхүү, Н.Төмөрхүү нартай уулзаж асуудлыг ярилцсан. Эндээс Г.Батхүү
“Би эхлээд тангаргаа өргөнө. Тэгээд С.Чинзоригийг тангараг өргөхөд нь буруугүй гэж
гарын үсэг зурна” гэж үүрэг авсан. Ингээд дараа нь уулзахад Г.Батхүү “Манай нам
 олон фракцтай шүү дээ. Намайг амиа бодоод
байна гэж манайхан нүд үзүүрлэж эхэллээ” гээд хулхидсан. Харин намын дарга намайг
“Сонин хэвлэлээр элдэв асуудал битгий яриад бай. Дараагийн тохироо наймааг алга
болгочихно” гэж дарсаар байгаад Д.Сумъяабазарын асуудал босоход шантаажилж Д.Зоригтын
тангаргийг өргүүлсэн. Энэ бүхнийг тайлбарлаж бичээд Цэцэд өргөдөл өгсөн. Цэц асуудалд
ул суурьтай, шударга хандах байх гэж хүсч байна. Т.Лхагваа гишүүн дээр асуудал байгаа
учраас улс төрийн өнцгөөр харж магадгүй гэсэн нэг болгоомжлол бий. Гэхдээ төрд олон
жил ажилласан хүний хувьд асуудалд голчтой хандах болов уу гэсэн хүлээцтэй байгаа.

-УИХ-ын үйл ажиллагаа талдаа орлоо. Одоо маргалдаад нэмэргүй
болсныг та мэдэж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг орхивол яасан юм?

-Цаг
хугацааны хувьд ийм байдалд хүрсэн нь үнэн. Гэхдээ асуудал нэгээр дуусахгүй. Дараагийн
сонгуулиар дахиад ийм зүйл болбол яах вэ. Хувь хүн С.Чинзоригийн асуудал гэхээсээ
илүү Монголд сонгуулийн ардчилал байх уу, үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Хүн нэрээ
тогос өдөө гэсэн үг байдаг байх аа. Мөн намайг дахиад нэр дэвших тухай яригдвал
сонгуулийн хууль зөрчдөг гэсэн сэтэр салахгүй байвал яах вэ. Хэрэг хийгээгүй, хууль
зөрчөөгүй байж хэрэгтэн гэж хэлүүлмээргүй байна. Тэгэхээр би 2016 онд ч үүнийг ярих
л болно. Энэ асуудлаар сонгуулийн луйвар гэсэн ном бичиж байгаа. Их сонирхолтой
ном гарах байх гэж бодож байгаа шүү.

Л.МӨНХТӨР

Categories
редакцийн-нийтлэл

Хөдөлгөөний дутагдал, таргалалтын эсрэг дугуйн аялалд залуус нэгдлээ

Монголын
залуучуудын холбооны “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийн хүрээнд Монголын залуучуудын
аялал жуулчлалын корпораци, Залуу дугуйчин клуб, “Каннондэйл” болон “Аттила” дугуйн
дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран “Унадаг дугуйтай
тогтмол аялал”-ыг амралтын өдрүүдээр тогтмол зохион байгуулахаар болжээ. Ийнхүү
уржигдар тус аяны нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд Үндэсний цэцэрлэгт
хүрээлэн-Маршалын гүүр-Их тэнгэрийн ам-Хадны сүг зураг гэсэн маршрутаар аялав.

Амралтын
өглөө байсан учраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд очиход хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Нэг хэсэг нь дугуй түрээслэн унаж байсан бол нөгөө нь цэцэрлэг тойрон гүйж харагдав.
Өглөөний цэвэр агаарт хүүхдээ нарлуулах залуу гэр бүл, өндөр настан ч байлаа. Хүрээлэнгийн
зүүн хойд хэсэгт Ерөнхий сайдын багцын хөрөнгө оруулалтаар хийгдэх спортын задгай
талбайн ажил эхэлжээ. Энэ талбай долдугаар сард ашиглалтад орсноор нийслэлчүүд амралт,
чөлөөт цагаараа сагс, волейбол, газрын теннис тоглох боломж бүрдэх гэнэ. Ойролцоогоор
хоёроос гурван давхар барилгатай дүйх бүдүүн гэгчийн хэд хэдэн төмөр багана босгож,
энд тэнд гагнуурын оч гялтганаж байгаа нь барилгын ажил ид өрнөж байгааг илтгэнэ.
Тэдний хажууханд цэнхэр өнгийн хувцсаар жигдэрсэн цэцэрлэгчид мод суулгаж байлаа.

Тэд
7.5 га-д голт бор тариалахаар ийн ажлаа эхлүүлжээ. Модны нүх ухагч машинтай учраас
цэцэрлэгчид гараар нүх ухах ажлаас бүрэн чөлөөлөгджээ. Харин тэд нүхнийхээ суурийг
тэгшлэн, бордоо зэргийг хийж байлаа. Дараагаар нь дугуй хэлбэрт хөрсөнд суулгасан
модоо хоёр талаас барьж, болгоомжтой гэгч суулгав. Тэд бүгд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн
ажилчид юм байна. Нийт 90-ээд ажилтан ажиллагсадтайгаас 60 гаруй нь цэцэрлэгчид
байдаг аж. Цэцэрлэгчдээс гадна хүрз, жоотуу барьсан иргэд тэдний ажилд сайн дураараа
тусалж байв. Тэд ихэвчлэн гэр бүлээрээ ирсэн бөгөөд салхинд гарангаа мод тарихаар
энд иржээ. Энэ жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргааны байртай болохоос гадна
бие засах газраа шинэчлэн, тоог нь олшруулахыг албаныхан нь хэлэв.

Улаан
шороо эргэлдэж, хог новшиндоо дарагдсан энэ том талбайг хэдхэн жилийн өмнөөс засч
тохижуулж эхэлсэн хэдий ч хийж бүтээсэн зүйлтэй, цаашид ч хийхээр төлөвлөсөн олон
ажлууд байгаа талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, НИТХ-ын тэргүүлэгч
Б.Саранчимэг хэлж байсан юм. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд бут, сөөг, шилмүүст болон
навчист зэрэг 22 нэр төрлийн моддыг 100 га-д тарьсан. Одоо ч үргэлжлүүлэн тарьж
байна. Энэ нь хүрээлэнгийн нийт 975 га талбайтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм
шүү. Урьдчилан хөрсийг нь сайтар бэлтгэснээс гадна арчлалт тордлогоог цаг тухай
бүрт нь мэргэжлийн хүмүүс хийж байгаа учраас тарьсан арван суулгац тутмын ес нь
ургаж байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил эхэлснээс
2020 он хүртэл буюу арван жилийн хугацаанд 95 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэхээр
ТЭЗҮ нь гарсан. Өөрөөр хэлбэл 10 жилийн хугацаанд энэ хэмжээний хөрөнгө оруулалт
хийгдэж байж цэцэрлэгт  хүрээлэн маань олон
улсын жишигт хүрэх ёстой. Өнгөрсөн гурван жилд 12 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн
бол энэ жил хоёр тэрбум хүрэхтэй үгүйтэй хөрөнгө оруулахаар болсон. Энэ нь хийгдэх
ёстой хөрөнгө оруулалтынхаа хоёрхон хувь нь. Гэсэн хэдий ч гадаадын хөрөнгө оруулалт,
буцалтгүй тусламжийн хүрээнд дөрвөн тэрбум гаруй төгрөгийн бүтээн босголт, тохижилтын
ажил хийгдэж “Сөүлийн ой төгөл”, усан оргилууртай болсныг нийслэлчүүд мэдэж байгаа
байх” гэсэн юм.

Энэ
зуур дугуйчид маань аль хэдийн цугларч, аялалдаа гарахад бэлэн болжээ. Аялагчдад
“Каннондэйл” болон “Аттила” дэлгүүрээс 10-15 мянган төгрөгөөр дугуй түрээслүүлсэн
юм. “Залуу дугуйчин” клубийн гишүүдээс гадна хүссэн хэн бүхэн аялалд үнэ төлбөргүйгээр
нэгдэж болохоороо давуу байсан юм.

Дугуйчид
цуваанд орж, цэцэрлэгт хүрээлэнг хоёроос гурван удаа тойрч, бие халаалт хийснийхээ
дараа аялалдаа гарав. Хүрээлэнгээс гаруутаа “Залуу Дугуйчин” клубийн тамирчид автозамын
хөдөлгөөнийг түр хугацаанд бүрэн зогсоож, баруун тийш чиглэсэн автозамын урсгалд
дугуйчид хоёр эгнээ болон тэгш өнцөгт хайрцаг үүсгэн хөдөллөө. Ингэхдээ зүүн гар
талдаа буюу араас ирэх машин гүйцэд түрүүлэх талаар нь клубийн гишүүд, туршлагатай
залуучууд явсан учраас анх удаа аяллаар яваа болон дөнгөж дугуй унаж сурсан нэгэнд
энэхүү аялал харьцангуй аюулгүй байсан юм.

Маршлын
гүүр тийш эргэх дөрвөн замын уулзвар дээр ч мөн адил нөгөө гурван уулзварын хөдөлгөөнийг
бүрэн хааж байгаад хайрцагласан хэвээр зүүн гар тийш эргэн, урагш чиглэв. Ганц нэгхэн
жолооч л цуваан дундуур, чигээрээ нэвтрэх гэж, урдуур хойгуур нь гарах гэснийг эс
тооцвол ихэнх жолооч нар ногоон гэрэл нь ассан хэдий ч цуваа өнгөрөхийг тэвчээртэйгээр
хүлээн түр зуур зогсов. Их тэнгэрийн амнаас зүүн тийш Богд уулын бэл дагуу гурваас
дөрвөн км яваад хэсэг үдлэв. Цаг агаар хэдий сэрүүн байсан ч элдэв хөгжөөнт тоглоом
тоглож, амрангаа хээрийн цай хоолоо идээд нүүрнээс нь гал бутарч байлаа. Хөлийн
булчингаа суллах, хүзүү, нуруугаа чөлөөтэй хөдөлгөх гээд 10-20 минутын турш дасгал
болон хөгжөөнт тэмцээн зохиосон юм. Клубийн зүгээс хээрийн халуун цайгаар аялагчдаа
дайлсан бөгөөд дугуйчид маань бөөгнөрч суугаад өөрсдийн бэлтгэсэн хоол ундаа дундаа
дэлгэн, идэцгээв. Аялал бүрт шинэ найз, шинэ танилтай болдог гэдгээ клубийн гишүүд
онцолж байлаа. Үүнийгээ тэд дугуйгаар аялан хөдөлгөөний дутагдал, таргалалтаас сэргийлэхээс
дутахааргүй “олз” гэдгийгээ ч нуусангүй. Ийнхүү хэсэг зуур хөгжилдөн, тоглосныхоо
дараагаар ирсэн замаараа өмнөх шигээ хоёр эгнээ цуваанд ороод буцацгаав. Энэ долоо
хоногийн аялалд лав олон дугуйчид нэгдэх нь гарцаагүй. Учир нь аялалдаа аль хэдийнээ
гарсан хойно клубийнхний утас чөлөө завгүй дуугарах бүрт “Ирэх долоо хоногийн бямба
гаригийн аялалд та явж болно. Ганц удаа аялаад больчихгүй ээ. Дараа дараагийн бямба
гаригт аяллууд зохиогдоно” гэцгээж байлаа.

Нэг
дор 15-аас дээш хүн захиалгаа өгвөл дугуйн аяллыг нь зохион байгуулж өгнө гэдгээ
залуу дугуйчин клубийн тэргүүн Ч.Түвшинжаргал хэлж байлаа. Тэрээр “Манай клубээс
амралтын өдрүүдээр тогтмол зохион байгуулах аяллын анхных нь өнөөдөр (уржигдар)
тохиолоо. Дунд ангийн сурагчаас 40 нас хооронд дахь бүхий л насны 60 гаруй дугуйчид
оролцож байна. Бага насныхан болон хэт өндөр настнаас бусад сонирхсон хэн бүхэн
дугуйн аялалд нэгдэж болно шүү. Хүсвэл гишүүнээр ч элсэж болно” гэв. Түүнчлэн тус
клубээс нэг өдрийн болон хоёр өдөр нэг шөнийн холын аяллыг зохион байгуулдаг юм
байна. Мэргэжлийн дугуйн тамирчид өдөрт 150-180 км явдаг бол сонирхогчид 100 орчим
км замыг наймаас арван цагийн хооронд туулдаг гэдгийг тамирчид хэлж байлаа.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Хятадын банк ба Конгрессын болгоомжлол

Хятадын дөрвөн том банкны нэг,
дэлхийн шилдэг аравт багтдаг “Bank of China” Монголд  салбараа нээж магадгүй нь гэсэн мэдээлэл өнгөрсөн
өдрүүдэд олны анхааралд байв. Твиттерчдийн яриа маргааны сэдэв болоод амжсан энэ
мэдээ уг нь бол шинэ сонин биш. Жилийн өмнөөс л хөндөгдөж эхэлсэн сэдэв. Монголд
Хятадын хөрөнгө оруулалттай 6000 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг, хоёр
орны төв банкуудын солилцох валютын хэмжээ арван тэрбум юаньд хүрсэн, уул уурхай,
үйлдвэрлэлийн том төслүүд яригдаж эхэлсэн гэж ирээд яривал Bank of China манайд
салбараа нээх сонирхол өндөр байж болох олон шалтгаан бий.

Одоогоор гадны ямар нэгэн банк
манайд салбараа нээж ажиллуулах бодитой, үндэстэй мэдээлэл алга. Таамаг сураг бол
бий. Сүүлийн үед хүчтэй яригдаж эхэлснээс анзаарахад оргүй мэдээлэл биш байх гэсэн
гаргалгааг хийчихэж болохоор байгаа.

Гадны банк санхүүгийн салбар Монголд
үүдээ нээвэл ямар давуу талтай юм бол, давуу талуудын цаана сөрөг тал бий болов
уу гэдэг асуулт хэний ч сонирхлыг татна. Эхлээд ямар давуу талтайг харъя. Гадаадын
хөрөнгө оруулалт бараг л хаалгаа барьсан энэ үед гаднаас валют орж ирэх сайн талтай.
Оюу толгой, Таван толгой, цахилгаан станц, хурдны зам зэрэг том төслүүд шил шилээ
даран хэрэгжих гэж байгаа энэ үед гадны банк манайд салбараа нээх нь мэдээж ашигтай.
Одоо бол том төслүүд дан ганц  гадны банк
санхүүгийн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Манай банкуудын мөнгө аварга
төслүүдэд хэрэгтэй хөрөнгийн хаана нь ч хүрэхгүй. Бүх банкууд маань хамтраад зээл
өглөө гэхэд л 250 тэрбум төгрөг гаргаж чадна гэсэн тооцоо бий. Гэтэл Оюу толгой
гэхэд л дөрвөн тэрбум ам.долларыг гадны банкуудаас зээлэх тухай ярьж байна. Хэрвээ
манайд аль нэг том банкны салбар ажиллаад том төслүүдийг санхүүжүүлээд эхэлбэл тэр
мөнгө дотоодын зах зээл дээр эргэлдэнэ, үр дүнд нь Монгол компаниуд мөнгөтэй болно,
монгол ажилчид ахиухан цалин авна. Бид валюттай болно. Бас том банкны салбар манайд
татвар төлж эхэлнэ. Төсөвт цуглах мөнгө тэр хэрээр өснө. Ийм давуу тал бий. Гадаадын
томоохон санхүүгийн компаниудын салбарыг нээн хөгжиж чадсан улсууд цөөнгүй байдаг.
Жишээ нь Сингапур. Том банкуудын салбарыг улсдаа нээсэн нь Сингапурыг Азийн санхүүгийн
төв болгосон.

Гадны  том банкны салбар манайд үйл ажиллагаагаа явуулах
нь арилжааны банкуудад ямар давуу талтай вэ гэдэг өнцгөөс харъя. Өнөөдрийн хувьд
бизнес  эрхлэгчид арилжааны банкны хүү дэндүү
өндөр гэж ам уралдуулдаг. Жилийн гуч гаруй, наашиллаа гэхэд хорь орчим, арван долоон  хувийн зээл бол бизнесээ дажгүй хэмжээнд аваад
явахаар нөхцөлтэй  мөнгө биш. Хэрвээ гадны
банкууд салбараа нээвэл зээлийн хүү тэнгэрт хадсан чигээрээ байхгүй. Цаашлаад үйлчилгээний
стандарт энэ тэр нь нүдэн дээр өөрчлөгдөөд ирнэ. Өрсөлдөөний шинэ орчин бүрдэхээр
зээлийн хүү буурч, манай арилжааны банкуудын стандарт ч дагаад дээшлээд ирнэ гэдэг
бол бодитой давуу тал.

Монголд өнөөдөр гадны дөрвөн банкны
төлөөлөгчийн газар ажиллаж байна. Хамгийн эхлээд төлөөлөгчийн газраа нээсэн нь Нидерландын
“ING group”-ийн охин компани ING банк. 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг энэ
банк дэлхийн санхүүгийн топ 25 байгууллагын нэг. Өөрийн хөрөнгө нь 40 тэрбум гаруй
евро, зуун мянга гаруй ажилтантай. Хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх үйлчилгээ
үзүүлдэг. Мөн Английн “Standart Chartered” банкны төлөөлөгчийн газраа ажиллуулдаг
70 гаруй улсын нэг нь Монгол. Үйлчилгээний чиг нь ING-тэй адилхан. Дэлхийн 40 гаруй
оронд 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн,
үйлчилгээг харилцагчдадаа хүргэдэг Японы дэлхийд тэргүүлэх санхүүгийн нэгдэл болох
MUFG-гийн охин компани болох “Токио-Мицүбиши банк”-ны төлөөлөгчийн газар манайд
ажилладаг. MUFG-г зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгчдийн нэг, дэлхий дамнасан
хүчирхэг санхүүгийн нэгдэл гэдгээр санхүүгийн зах зээлийнхэн андахгүй.

Төлөөлөгчийн газраа ажиллуулдаг
өөр нэг банк нь Bank of China. Хятадын 32 муж, 31 улсад үйл ажиллагаа явуулдаг.
Зах зээлийн үнэлгээ нь 540 тэрбум ам.доллар, салбарынх нь тоо 11 мянгад ойртож очсон
гэх статистик бий. Энэ  банкны Монгол дахь
төлөөлөгчийн газар олон улсын кредит, банкны консорциум, импорт, экспортын зээл
авах, санхүүжилтийн бус баталгаа гаргуулах харилцагчийг төвтэйгээ холбох үйлчилгээ
үзүүлдэг. Гэхдээ уул уурхайн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах, санхүүгийн зөвлөгөө
өгөх зорилгоор Монголд төлөөлөгчийн газраа нээсэн гэх таамаг байдаг.

Манайд төлөөлөгчийн газраа ажиллуулдаг
энэ банкуудыг харахаар бүгд л дэлхийд эхэнд давхидаг томчууд. Одоогоор Bank of
China л салбараа нээх сонирхолтой гэсэн дүр зураг харагдаж байгаа. Бусдынх нь хувьд
төлөөлөгчийн газраараа ажиллах сонирхолтой гэсэн таамгийг шинжээчид хэлдэг. Гадны
том банк манайд салбараа ажиллуулж эхэлбэл ямар давуу талтайг өмнө өгүүлсэн. Тийм
учраас Bank of China манайд салбараа нээх нь бидэнд ямар нөлөө үзүүлэх вэ, ямар
бодлогоор Монголыг онцлох болов гэсэн өнцгөөс энэ асуудалд анхааръя.

АНУ-ын Конгрессын судалгааны байгууллагаас
жил гаруйн өмнө нэг судалгаа хийж дэлгэрэнгүй тайлан гаргажээ. “Хятадын банкны систем:
Конгресст хамаарах сэдвүүд” гэсэн гарчигтай. Судалгаанд анхаарал татахаар хэсэг
хэд хэд байсан учраас онцолмоор санагдсан юм. Эхний хэсгийг нь жишээ татъя. “Дэлхийн
банкуудын хувьд хувийн хэвшил голлож буй энэ үед Хятадын банкны системд том өөрчлөлт
орж эхэлсэн. Хятадын Засгийн газар ихэнх банкаа төрийн шууд хамааралтай болгож байна.
Хэдийгээр Хятад банк санхүүгийн реформ хийж, банкуудаа зах зээлийн зарчмаар ажиллуулахыг
зорьж эхэлсэн ч төрийнх нь зүгээс банкуудынхаа үйл ажиллагаанд хүчтэй нөлөөтэй хэвээр
байгаа. Хятадын Засгийн газар эдгээр банкуудыг ашиглаж тодорхой компаниудад зохистой
бус дэмжлэг үзүүлж байна. Хятадын зах зээл рүү орж ирсэн гадны банк, санхүүгийн
байгууллагуудыг шударга бус байдлаар шахах бодлого явуулж эхэллээ” гэжээ. Эндээс
харахад Bank of China манайд салбараа нээвэл лав л хоёр төрлийн эрсдэл байх шиг.
Эхний эрсдэл нь нэр бүхий  хэдэн компани,
хэд хэдэн төслийг л дэмжих. Мэдээж Хятадын төрийн бодлогыг хэрэгжүүлэхүйц төслүүд
цааш хөдлөх мөнгөтэй болно гэсэн үг. Санхүүгийн салбартаа орж ирсэн гадны банк,
санхүүгийн байгууллагыг шударга бусаар шахаж эхэлсэн  гэсэн агуулгатай өгүүлбэрээс нэг гаргалгаа хийж
болохоор байна. Манайд орж ирээд чөлөөт өрсөлдөөнөөр биш ийм хандлагаар ажиллавал
зах зээлийн жамаараа хөгжиж яваа банк, санхүүгийн байгууллагуудад сөргөөр нөлөөлөхгүй
гэх газаргүй.

Конгрессын судалгааны байгууллагын
тайлангаас анхаарал татсан дараагийн өгүүлбэрийг сонирхуулъя. “Америкийн Конгрессын
хувьд Хятадын банкны системтэй холбоотой хоёр асуудал анхаарал татаж байна. Нэгдүгээрт,
Хятадын банк санхүүгийн байгууллагын зүй 
бус дэмжлэг, тэр дундаа улсын компаниудад өгч буй зүй бус дэмжлэгийг анхаарах
хэрэгтэй. Хоёрдугаарт, Хятад Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ
биелүүлэхгүй, гадаадын банк санхүүгийн байгууллагыг шахаж хавчих бодлого явуулж
байна” гэжээ.Конгрессын судалгааныхан зүй бус дэмжлэг, зах зээлийн зарчмаас хазайсан
шахалтыг нь тайландаа хэд дахин онцолсон байна лээ. Зарим талаараа бидний хувьд
ч анхаарч харахаар өнцөг.

Манайд хамаатай байж болох нэг
өгүүлбэр тайланд тодоос тод дурайж байна. “Хятадын Засгийн газар банкуудаараа  стратегийн чухал ач холбогдолтой байгалийн нөөц
баялаг руу хөрөнгө оруулалт хийлгэж, ийм чиглэлд нөлөөтэй болгоход түлхүү анхаарч
эхэлсэн гэж зарим судлаачид үзэж байна. Хятадын мөнгө зээлүүлэх туршлага нь олон
улсын зах зээл дээр өөрийн улсынхаа компаниудыг шударга бусаар дэмжиж шударга бус
давуу талыг олгож байна гэж үзэх судлаач ч бий” хэмээн тайланд онцолжээ. Bank
of China манайд салбараа нээлээ гэхэд том төслүүдийг санхүүжүүлнэ, том төслүүд нь
уул уурхайд л бий. Барьцаа нь мэдээж уул уурхайн  нөөц ихтэй ордууд.  Эрсдэлтэйг нь мэдсэн ч санхүүжилт олгож манай
том ордуудыг мэдэлдээ авах нь гэсэн болгоомжлол сүүлийн үед гарах болсон. Конгрессын
судалгааны байгууллагын тайланд онцолсон дээрх өгүүлбэрээс харахад бодитой болгоомжлол
байж мэдэх юм. Тэгэхээр Bank of China Монголд 
салбараа нээх хүсэлт тавилаа гэхэд 
бидэнд ашигтай, ашиггүй, эрсдэлтэй, эрсдэлгүй аль аль талаас нь тунгааж бодож
байж эцсийн шийд гарах байх.

Хятадын банкуудыг эзэмшлийнх нь
хувьд дөрөв ангилдаг юм билээ. Эхнийх нь улсад бүтнээрээ харьяалагддаг буюу зуун
хувь төрийн өмчийн банк. Дараагийнх ньулсад бүтнээрээ харьяалагдаж байсан ч одоо
хамтарсан хувьцаа эзэмшигч маягаар үйл ажиллагаагаа явуулдаг банкууд.  Ийм банкуудын хувьцааны ихэнх хувийг Хятадын Засгийн
газар эзэмшдэг. Гуравдугаарх нь дотоодын хэд хэдэн банкны нэгдэл. Голлох хувьцаа
эзэмшигч нь манайхаар бол аймаг, дүүргийнх нь захиргаанууд. Дөрөв дэхэд нь Засгийн
газрын эзэмшил харьцангуй бага банкууд ордог юм байна. Учир нь энэ банкууд Хятадын
банкны системийн реформын дараа байгуулагджээ. Нөгөө гурваа бодвол хувийн гэдэг
шинж нь илүү тод гээд ойлгочихож болно. Bank of China-гийн хувьд хоёрдугаар ангилалд
нь багтана. 1912 онд Хятадын Засгийн газрын байгуулж байсан банк. Өдгөө Хятадын
Засгийн газар энэ банкны хувьцааны 67,53 хувийг эзэмшдэг. Өөрөөр хэлбэл төрийн шууд
хамааралтай ажилладаг банкуудын нэг.

Конгрессын судалгааны байгууллагын
тайлангийн анхаарал татсан дараагийн өгүүлбэрийг ишилье. “Өмнө нь улсынх байгаад
өнөөдөр хагас хувьчлагдсан банкууд хэдийгээр зах зээлийн зарчмаараа ажиллаж байгаа
ч төв Засгийн газрынх нь нөлөө их. Энэ банкуудын захирлуудын зөвлөл, удирдах түвшний
хүмүүсийг Коммунист намын зохицуулах хорооноос шууд томилдог. Төв Засгийн газар,
намаас томилогддог гэсэн үг. Тийм ч учраас банкны удирдах ажилтнуудын карьер томилсон
хүмүүсийнх нь үнэлэмжээр шийдэгддэг. Банкны хувьцаа эзэмшигчдээс илүү Төв Засгийн
газрын нөлөө хүчтэй байдаг. Зарим баримтаар төв Засгийн газрын агентлагууд банкны
удирдлагуудад шууд шахалт үзүүлж, тодорхой хөрөнгө оруулалтын төсөл, хөрөнгө оруулалтын
зээл болон бусад үйлчилгээ үзүүлэхийг шахдаг” 
гэж тайланд онцолжээ. Манай хувьд бодохоор л асуудал.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Түвдэндорж: Их хурлын шийдвэр Засгийн газрыг огцрох хэмжээнд хүртэл явахгүй

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржтой
ярилцлаа.

 -УИХ-ын
чуулганаар Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хуулийг хэлэлцэн 2014 оны долдугаар
сарын нэгнээс давхар дээлийг тайлуулахыг дэмжсэн. Цаашид энэ хууль тэр чигтээ явсаар
батлагдах юм биш биз гэсэн асуулт байна. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Өнгөрсөн намрын чуулганы сүүлээр Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ,
Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж эхлэхэд Ардчилсан
намын зүгээс завсарлага авснаар чуулган завсарласан. Ингэснээр уг асуудал хаврын
чуулганы эхэнд үргэлжлүүлэн хэлэлцэгдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Ухаалаг төр”
гэсэн санаачилга гаргахдаа төрийн данхайсан байдлыг цомхотгож ухаалаг байдал руу
шилжүүлье гэсэн. Нөгөө талаас УИХ-ын гишүүдээс нэлээдгүй олон нь Засгийн газрын
гишүүн байхаар УИХ-ын үйл ажиллагаанд нөлөөлж эхэлсэн юм. Ухаандаа гүйцэтгэх засаглал,
хууль тогтоох засаглал, шүүх засаглал гэсэн сонгодог хэлбэр алдагдахаар болсон.
Гүйцэтгэх засаглалд нь хууль тогтоох засаглалынхаа дээр гарах нөхцөл үүсээд байгааг
Ерөнхийлөгч олж харсан. Хуулийг хэлэлцэх явцад зарим хүмүүс улс төрийн ашиг хонжоо
хайх зүгээс харж байхад нөгөө хэсэг нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой байлгахыг
зорьж байна. Гүйцэтгэх засаглал хууль тогтоох засаглалаа салгаж явах нь зүйтэй гэсэн
олон бодлын уулзвар дээр чуулганы санал хураалт явагдлаа. Ачаалал авсан ч тухайн
ажлаа гүйцэтгэж чадаж байгаа тохиолдолд энэ УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг
давхар хийхэд болохгүй зүйлгүй. Зарим тохиолдолд Их хурлын ирц бүрдэхгүй байх, Засгийн
газрын гишүүд хуралдаа оролцохгүй гэх мэт зүйлс гарч байхыг үгүйсгэхгүй. Их хурлын
гишүүн Засгийн газрын гишүүн байхын нэг давуу тал нь парламентад байгаа фракц, улс
төрийн хүчин түүний харьцаа төрийн институц хооронд яаж явж байгааг анзаардаг. Тиймээс
зарим зүйлд нухацтай хандаж төдийлөн оролцдоггүй. Тэр үүднээсээ ерөнхий чиг үүргийн
яам хариуцаж байгаа сайдууд Ерөнхий сайд Их хурлын гишүүн байвал улс төрийн тогоонд
болж буй үйл явцыг мэддэг тул үйл ажиллагаагаа явуулахад дөхөм.

Засгийн газрыг хэт нэг тийш нь туйлшруулах, эсрэг савлуулах хоёр
мэдээж сайн үр дүнд хүргэхгүй. Тиймээс миний хувьд санал өгөхдөө УИХ-ын гишүүн ерөнхий
чиг үүргийн яаманд сайд байж болно гэж үзээд санал хураалтыг дэмжсэн. Хэдийгээр
улс төрийн үйл явц бужигнаантай байгаа боловч юу юугүй Засгийн газрыг огцруулаад
улс оронд тогтворгүй байдал үүснэ. Мөн асуудал дагуулсны эцэст наашаа хандлагатай
болж байгаа хөрөнгө оруулагчдыг дахин үргээх магадлалтай тул Ерөнхийлөгчийн зүгээс
2016 оны долдугаар сарын нэгнээс хуулийг хэрэгжүүлнэ гэсэн нь санаандгүй хэлсэн
тоо биш гэдгийг батлаад байгаа юм. 

-Ерөнхийлөгчийн
зүгээс өргөн барьсан хуулийг сөрөг хүчин Засгийн газрыг унагах хэрэгсэл болгоод
байна. Та үүнд ямар бодолтой байгаа вэ?

-Цэвэрхэн хэлэх юм бол хуулийн аргаар Засгийн газрыг огцруулах үйл
явц явагдаж байна. Мэдээж сөрөг хүчин Засгийн газрыг муу ажиллаж байна хэмээн огцруулж
улс төрийн оноо авах зорилготой ажилладаг. Гэхдээ өөрсдөө оноо авахын тулд улс орныхоо
эдийн засгийг унагаах шийдвэрийн төлөө явна гэдэг нь сөрөг хүчнээс зохион байгуулж
байгаа энэ ажиллагааг би буруу гэж шууд хэлнэ. Сөрөг хүчинд Засгийн газар болон
олонхийн бүлэгтэй тэднийг сонгосон иргэдийн хүслийг биелүүлэхийн тулд хуулийн төсөл
өргөн бариад хамтарч ажиллах боломж бий. Үүнийг өмнөх Засгийн газрууд харуулж өгч
чадсан. Тэгэхгүйгээр ганц арга нь Засгийн газрыг огцруулах зам бий гэх мэтээр бүхнийг
харлуулах явуургүй үйл ажиллагаа хийх юм бол сөрөг хүчний нэр хүнд улам л унах болно.
Их хурлын шийдвэр Засгийн газрыг огцрох хэмжээнд хүртэл явна гэж бодохгүй байна.
Байнгын хороон дээр уг саналыг гуравны хоёроор унагачих юм бол Их хуралд унаад ороод
ирнэ. Эсвэл өөр нэг зөрчилтэй зүйл яригдаад байсан нь ганцхан Ерөнхий сайд Засгийн
газарт байж болно гэдэг нь Үндсэн хуультай харшилдах маягтай байсан. Түүнийг нь
засаж оруулсан. Одоогоор Үндсэн хуулийн цэцийн 
шийдвэр гараагүй тул тэгсэн, ингэсэн гэж ярих боломжгүй. Ерөнхий чиг үүргийн
яамдын сайдууд УИХ-ын гишүүн байж болно гээд тодорхой заагаад өгчихлөө. Тиймээс
Ерөнхийлөгч хуулийн төслөө татаж авах асуудал бараг гарахгүй болов уу. Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржийн зүгээс уг хууль өөрөөр батлагдвал хориг тавина гэдгээ мэдэгдсэн.
Хэрэв хориг тавьсан тохиолдолд 26 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихсан
тохиолдолд хүчин төгөлдөр болдог. Саяын санал хураалтаар 34, 35 гэсэн санал гарсан
тул ямартай ч 34 гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжтой гэсэн үг.
Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авчихаар энэ Засгийн газар цаашид үйл ажиллагаагаа
явуулна гэдгийг 51 хувьтай хэлж болно.

-Ардын
намын зүгээс юу юугүй Засгийн газар огцрох гэж байгаа мэт мэдээлэл тараагаад байна
л даа. Хэрэв уг хууль батлагдлаа гэхэд ямар ямар сөрөг үр дагавар гарах вэ?

-Эдийн засаг ийм байгаа нөхцөлд Засгийн газар огцруулахыг хэн хүн
хүсээд байх зүйл биш. Ерөнхийлөгч асан Н.Багабанди гуай “Засгийн газар олон огцрох
нь муу. Муу Засгийн газар удаан байх нь бүр муу” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг улстөрчид
хаа хаанаа бодох л хэрэгтэй. Сөрөг хүчний зүгээс улс төрийн тоглолт нь амжилтанд
хүрсэн тул ард түмэнд үүнийгээ мэдэгдэхийн тулд янз бүрийн аргаар иймэрхүү зүйл
ярьж байна. Жирийн иргэд мэдээлэл муутай байдаг тул Засгийн газар огцрох болчихсон
юм байна гэж ойлгоод эхэлсэн нь гадны хөрөнгө оруулагчдад таатай сонсогдохгүй байгаа.
Засгийн газар огцрохгүй байх нь мундагтаа хийж байгаа зүйл биш. Харин ч эх орныхоо
төлөө хийж буй үйл хэрэг. Пүрэв гаригийн санал хураалт салбарын сайдуудын чинь ажил
болохгүй байна гэдэг сануулгыг өгсөн хэрэг. Тэр үүднээсээ Ардчилсан нам Засгийн
газрынхаа бүтэц бүрэлдэхүүн хийж ажлыг дахин авч үзэх шаардлага харагдаж байна гэсэн
үг.

-Санал
хураалтын дүнгээс харахад Ардчилсан намын зарим гишүүд эсрэг санал өгч байгаа харагдсан.
Ардчилсан намынхан дотроо эв түнжин муутай байна уу даа гэж бодогдох юм?

-Эв түнжин муу байна л гэж бусад хүмүүст ойлгогдоно. МАН хуучин эв
түнжин сайтай гээд хамаг муу муухайгаа нуугаад буруутай гишүүн байсан ч ямар нэгэн
аргаар авч үлдэх гэсэн аргаар асуудалд хандаж ирсэн. Харин манайхан казиногийн хэрэг
гээд хоёр гурван гишүүнээ явуулж байсан. Хэд хэдэн Засгийн газраа хүртэл огцруулж
явсан түүхтэй. Манай нам бусад намуудыг бодоход эрх чөлөөтэй, үзэл бодлоо шуудхан
хэлчихдэг, хэрэгжүүлдэг онцлогтой. Ардчилсан намын дүрэмд аймгийн Засаг дарга болон
Засгийн газрынхаа эсрэг санал өгвөл намаас хасах ганцхан заалттай. Бусад санал хураалтад
гишүүд өөрсдийн үзэмжээрээ санал өгдөг онцлог бий. Бид эвтэй найртай гээд дотроо
бугшаад байх юм бол асар их аюултай. Эрх барьж байгаа хүмүүс нь саарал ордны хаалгаар
ороод амьдралаас тасарчихдаг. Нүх сүвгүй болсон эрх баригчид руу агаар салхи оруулж,
чихний бөглөөг нь онгойлгох зорилгоор сөрөг хүчин ажилладаг. Сөрөг хүчин эрх баригчдаа
хэтэрхий муулаад, огцор гээд унахаар эсэргүүцэхийн тулд эсэргүүцэж байна гээд үгийг
нь төдий л хүлээж авдаггүй. Харин дотроос болох болохгүйг нь хэлээд эхлэхээр цочир
авдаг. Харахад намынхаа эсрэг яваад байгаа мэт боловч үнэн чанартаа намынхаа дотор
болж бүтэхгүй байгаа тэр бүхнийг хэлж байгаа гэдэг үүднээс хүлээж авах ёстой.

-Засгийн
газрынхаа эсрэг санал өгсөн хүнийг намаас хасна гэдэг заалт уг хуульд хэрэгжих үү.
Санал хураалтаар нэлээдгүй гишүүд Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн шүү дээ?

-Одоо шууд хэлчих боломжгүй. Хэд хоногийн дараа үр дүн нь гарсны
дараа л хэлэх ёстой. Чуулган дээр батлагдсан санал хэдэн хэдэн үндэслэлээр унах
магадлалтай. Хууль эрхзүйн онолын үүднээс уг асуудлыг арай өөр өнцгөөс тайлбарлаж
болно. Засгийн газрыг огцрох эсэх дээр кноп дарах нэг өөр л дөө. -Урваж шарвах зүйлс
гарах юм биш үү?

-Тойргоос сонгогдсон гишүүдийг намын зүгээс барих төвөгтэй. Намын
жагсаалтаар сонгогдсон гишүүд намын үг, даалгаврыг шууд биелүүлэхээс өөр аргагүй
байдаг. Пропорционалийн тоог нэмээд өгөхөөр урваж, шарвадаг хүмүүсийн тоо цөөрнө.
Хэрэв урвалаа гэхэд түүнийг хасаад дараагийнх нь хүн орж ирдэг болох ёстой. Сонгуулийн
тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль гээд өргөн хүрээнд ярих учиртай.

-Засгийн
газар таныхаар ямар ч нөхцөл үүссэн тогтвортой ажиллана гэдгийг батлах уу?

-Засгийн газар тогтвортой ажил­ланаа гэдгийг хэлье. Гэх­дээ Ардчилсан
намын бүтэц бүрэл­дэхүүнд тодорхой өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. Учир нь энэ чигтээ
цаашид явж болохгүй гэдгийг бэлхнээ харуулчихлаа. УИХ-ын санал хураалтын байдал
цаашид хэрхэн эргэхийг хэн ч таашгүй. Хууль эрхзүйн хүрээнээс харахад Засгийн газар
тогтвортой ажиллах боломж бий. Улс төрч хүний хувьд нам бодлогоо өөрчлөх ёстой гэдгийг
хэлмээр байна.

-Ямар
бодлого өөрчлөгдөх юм бэ. Засгийн газрын кабине­тын тааруу ажиллаж байгаа сайдуудыг
сугалах юм уу?

-Энэ хүрээнд бүхий л асуудлыг ярьж болно. Ийм нөхцөл байдал үүсчихээд
байхад Үндэсний зөвлөлдөх хороо хурлаа хийж л таараа. Энэ хүмүүс урвасан, эсвэл
зөв дохио өгч байна гэх юм уу, Н.Алтанхуягийг цаашид яах юм, бусад сайдуудыг хэрхэх
вэ гээд эцсийн шийдвэрийг тэнд гаргах ёстой. Нам дээр бүх асуудлыг ярих юм.

-Хугацааг
хэдийгээр энэ оны долдугаар сараас мөрдөж эхлэхээр болоод байгаа ч цаашид үүнийг
зохицуулах хангалттай боломж байгаа юм гэж ойлгож болох уу?

-Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой. Хамгийн гол нь эцсийн шийдвэр
гарах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хууль ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж
гарвал хориг тавина гэдгээ шууд мэдэгдсэн. 34 гишүүн эсрэг байр суурь илэрхийлсэн
юм чинь эрх биш гуравны нэг болох 26 гишүүн хангалттай олдоно гэж бодож байгаа. 

-ҮЗХ
хэзээ хуралдах юм бэ. Дөрөвдүгээр сарын 22-нд болох сураг гараад байсан?

-Гарцаагүй хуралдаж таарна. Энэ хууль эцэслэгдээд батлагдангуут Ерөнхийлөгчийн
хоригийг хүлээж авсны өмнө хойно хуралдахыг сайн мэдэхгүй байна.

-Ардчилсан
намд намын дарга болох сонирхолтой хүмүүс нэлээдгүй бий. Гэтэл Н.Алтанхуяг сайд
АН-ын даргаар багагүй хугацаанд ажиллаж байна. Ойрдоо албан тушаалаа өгчихөөргүй
харагдах юм. Энэ нь хагарлын эхлэл болж 1996 он руу дахин түрчих юм биш биз?

-Тоглолтыг намын хэмжээнд гэхээсээ илүүтэйгээр үндэсний хэмжээнд
ярихгүй бол болохгүй. Нэг нь уналаа гэхэд нөгөөхөө зүгээр өнгөрөөдөггүй монгол хүний
зан байна. Эргээд хэзээ нэгэн цагт хутга ханцуйлаад очдог л байхгүй юу. Энэ мэт
зүйлсийг манай нам үзэхийн дээдээр үзсэн. Тэнэг л биш бол манай нам нэг алдаан дээрээ
дахин алдахгүйн тулд нийт гишүүдийнхээ дунд санал асуулга явуулах нь зөв. Тэгэхгүйгээр
нэг өрөөнд сууж байгаад тоогоо тоолоод явна гэвэл бүтэхгүй л дээ. Манай нам олон
фракцтай тул тэднийхээ эрх ашгийг бодолцохгүй бол манай Ардчилсан нам зад үсрэх
нь ойлгомжтой. Яриа хөөрөөгөө хийгээд нэгдмэл тогтолцоонд хүрээд явах нь чухал.

-1996
онд АН-ын бүх лидерүүд УИХ-д гарчихсан байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Засгийн
газрын гишүүний ажлыг давхар хийх нь хориотой байсан. Үүнээс болж Ардчилсан намын
задрал эхэлсэн байдаг. Тухайн үед өөрчилсөн хууль өнөөдөр танай намын хагарлын эхлэл
болох гээд байгаа юм биш үү?

-Ний нуугүй хэлэхэд намын шийдвэрээс ангид явж байгаа тул углуурга
муутай юм хийгээд байна. Минийхээр Засгийн газрын гишүүд санал хураалтад оролцохгүй
байсан нь дээр байсан. Тэртэй тэргүй Ерөнхийлөгч хориг тавих нь тодорхой. Тэгсэн
бол намдаа ч нэр цэвэр, нам дотор урвагч шарвагч байхгүй байх байлаа. Одоо нам шийдвэрээ
гаргаад намын шийдвэрийг дагаагүй хүмүүсийг хасахыг нь хасах ёстой. Тэгэхгүйгээр
Н.Алтанхуяг дарга ганцаараа бүх асуудлыг шийдээд явна гэж байхгүй. Нам гэдэг улс
төрийн нэг шийдвэрт хүрээд түүнийг нь бүгд дагах ёстой байдаг.

-Ардчилсан
нам сөрөг хүчин, “Шударга ёс” эвслийн бүлгийн үгийг сонсохгүй байна. Ерөөсөө бодлогоо
тодорхойлдоггүй гэх юм. Засгийн газарт та ямар дүн тавих вэ?

-Би бол гэрээнийхээ дагуу ажиллаж байгаа гэж бодоод байна. Засгийн
газраас гарч буй шийдвэр бол хамтын шийдвэр. Хамтарсан шийдвэрийнхээ хариуцлагыг
даагаад явах ёстой. “Шударга ёс” эвслээс орсон Засгийн газрын гишүүдийг бүлэг нь
хариуцах учиртай. Засгийн газар дээрээ бүх асуудлуудаа ярьж болдог хэрнээ бүлгүүд
дээр очихоороо л болохгүй болчихоод байгаа юм.

-Дараагийн
Ерөнхий сайдыг Х.Баттулга, Д.Бат-Эрдэнэ гээд яриа гараад эхэлчихэж. Үүнд ямар бодолтой
байгаа бол?

-Эцсийн шийдвэр гараагүй тул үзмэрч биш болохоор хэлж мэдэхгүй байна.
Энэ тухай албан ёсоор ярих газар нь ҮЗХ-ны хурал байгаа юм. Түүн дээр хэн ч яаж
ч нэр дэвшиж болно. Энэ тал дээр хэвлэлээс л мэдээлэл авч сууна.

-Үндсэн
хуулийг өөрчлөх нь зөв буруу гэх юм. Өөрчлөх зүйлс хэр байгаа вэ?

-Манай Үндсэн хууль нэлээд тунхаг хэлбэрийнх. Түүнээс болоод гарч
буй хуулиудаа янз бүрээр тайлбарлаж байна. Ийм шалтгаанаас болж Их хурал дээр хэл
ам гараад байдаг. Үндсэн хуулинд хоёрдмол санаа байж болохгүй. Гэхдээ 300 гаруй
нэгдлийн дарга чуулж байгаад гаргасан гэхэд харьцангуй сайн Үндсэн хуулийг баталж
чадсан.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Д.Наранцацралт: Францад болсон төгөлдөр хуурчдын уралдаанд шавь нар маань үнэхээр гайхууллаа

Боловсролын болон соёлын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Дамбын
Наранцацралттай ярилцлаа. Хүүхдийн хөгжлийн “Авьяастан” сургалтын төвийн захирал
тэрбээр саяхан Франц улсад болсон Олон улсын төгөлдөр хуурчдын XVII уралдаанд шавь
нарын хамт оролцож хэд хэдэн гран при, нэгдүгээр байрын арав гаруй шагнал хүртээд
иржээ.

-Олон
улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд үнэмлэхүй амжилттай оролцжээ. Явсан газрынхаа
сониноос хуваалцахгүй юу?

-Энэ уралдаанд бид таван жил дараалан оролцож байна. Арван зургаагаас
доош насныхан буюу өсвөр насны ангилалд нь оролцлоо. Энэ уралдааны нэг гол онцлог
бол 12 ангилалтай ч насны хязгаар тавьдаггүй. Зөвхөн хүүхдийн нас насанд тохирсон
хөтөлбөртэй. Тухайн хөтөлбөрийг ямар ч насны хүүхэд тоглож болно. Программаар нь,
чадвараар нь ангилж байна гэсэн үг л дээ. 
Манайхаас 25 хүүхэд оролцсон. Би гэхэд 20 хүүхэд бэлдэж оролцлоо. Хорин хүүхэд
бэлдэнэ гэдэг миний хувьд их л нүсэр ажил боллоо л доо. Богино хугацаанд бэлдсэнийг
ч хэлэх үү тийм амар гараас гарчих асуудал биш юм.

-Төгөлдөр
хуурын уралдаанд нэг багш хорин хүүхэд бэлдэнэ гэдэг мэдээж амаргүй. Хэр хугацаанд
бэлдэв?

– Яагаад богино хугацаанд бэлдсэн гэхээр, бид өнгөрсөн хоёрдугаар
сард “Авьяастан” сургалтын төвийнхөө хорин жилийн ойн баярыг хийсэн юм. Анх
1994 онд үйл ажиллагаагаа эхэлсэн гэхээр 20 жил хэдийнэ өнгөрчихөж. Хорин жилийнхээ
ойг ёслол төгөлдөр тэмдэглэе гээд ДБЭТ-т 
хүндэтгэлийн тоглолтоо хийж, 50 хүүхэд тоглуулсан л даа. Тэднээсээ 27 хүүхдийг
симфони оркестртой гоцолж тоглуулсан. Төгөлдөр хуур сонирхож байгаа хүүхэд өнөөдөр
Улсын Филармонийн симфони оркестртой гоцлоод тоглоно гэдэг бол маш өндөр түвшин
л дээ. Ихээхэн өндөр ур чадвар, нөр хөдөлмөр, чансаа шаардаж байгаа юм. Тиймээс
бүтэн тав зургаан сарын турш бэлдсэн. Ингэж бэлдсээр байгаад хамаг цагаа авчихсан.  Тоглолтоо дөнгөж дуусгаад ердөө сар хагасын хугацаанд
гадаадын уралдаанд шаргуу бэлдсэн л дээ. Би хорин хүүхэд, манай охин Одгэрэл гурван
хүүхэд, том охин болон дүү маань бас нэг хоёр хүүхэд бэлтгээд явсан. Монтре Ле Биан
гэж Францын Леон хотоос урагш байдаг хот. Голдуу Испани, Швейцарь гэхчлэн ойр орчмоос
нь хүүхдүүд ирдэг. Бас Францын олон хотуудаас хүүхдүүд ирдэг юм байна. Нийлээд бараг
зуугаад хүүхэд оролцсон болов уу. Баян хуур хөгжмөөр бас олон хүүхэд оролцдог юм
билээ. Францчууд баян хуур хөгжмийг их дээдэлдэг юм байна шүү дээ. Манайх морин
хуураа дээдэлдэг шиг тэд аккордион, баян хуурыг их дээдэлдэг. Баян хуурыг ардын
хөгжим шигээ тоглодог ураас энэ хөгжмөө төгөлдөр хуураас бараг салгахгүй, төгөлдөр
хуурын уралдаан болоход баян хуурын уралдаан хамт явж байх жишээтэй. Тэмцээний тайзан
дээр гарахаас арван таван минутын өмнө хүүхдүүддээ бэлтгэл өгөөд шууд орсон. Швейцарьт
Баярмагнайн Анударь гэж миний нэг шавь ажиллаж амьдардаг юм. Миний удирдлагад арван
жил сураад, дараа нь СУИС-д Цолмон багшийн удирдлагад дөрвөн жил сурч төгсөөд Францын
Леон хотын Консерваторийг алтан медальтай төгссөн хүүхэд. Одоо Женевийн Хөгжмийн
академид мастерт сурч байгаа юм. Тэр шавь маань Швейцариас гурван шавиа авч ирж
таарсан. 

-Швейцарь
хүүхдүүд үү?

-Тэнд амьдардаг монгол хүүхдүүд байна лээ. Шавийн маань шавь нар
ирсэн нь их сайхан байсан. Нийлээд хорин наймуулаа болж аваад Одгэрэл, Анударь бид
гурав  ёстой л маневарлана гэдэг шиг гурван
зэрэг орсон л доо. Шавь маань ч их тусаллаа. 
Ер нь олон улсын уралдаанд явахад хүүхдүүд их ядардаг. Олон цаг онгоцоор
нисч очдог, очсон хойноо цагийн зөрүү гарахгүй шууд тоглоход хүнд байдаг юм. Үүнээс
өмнө бид Испанийн конкурст оролцсон. Тэгэхэд хүүхдүүд маань 15 цаг нисч их ядарсан.
Хямдыг нь бодоод Туркийн онгоцоор нисчихсэн чинь хүүхдүүд маш их ядарч очсон. Шөнө
буугаад өглөө нь шууд тэмцээндээ орсон. Цагийн зөрүүгээр бодоход, манай Монголын
үүрийн дөрөв таван цагт тоглож байгаа юм. Толгойгоо даахгүй шахуу тайзан дээр гарсан,
дээрээс нь гараа ч халааж амжаагүй учраас жаахан алдаатай тоглосон. Доржийн Оргил
гэдэг хүүхэд  дунд насны ангилалд тусгай шагнал
хүртсэн. Дөрөвдүгээр байр гэсэн үг л дээ. Бас л том амжилт. Зээ охин маань гуравдугаар
байр эзэлж Испанийн тэмцээнийг дуусгасан. Тэрнээс хойш гурав дөрөв хоногийн өмнө
тэмцээнд очмоор юм байна гэж бодох болсон шүү. Харин сая Францын конкурст бид хүүхдүүдээ
амраагаад, тайван байлгаж байгаад оруулсан учраас маш амжилттай тоглоцгоолоо.

-Амжилттай
оролцсон хүүхдүүдийнхээ талаар?

-Ахлах ангилалд орсон Буяннэмэхийн Анударь гэдэг хүүхэд гран при
авсан. Манай Одгэрэлийн шавь. Одгэрэл маань ХБК-д багшилдаг л даа. Тэгээд энэ сурагчаа
авч явсан юм. Сонирхогч хүүхдүүдээс гэвэл, дэд ахлах ангилалд Энхтүвшингийн Цовоо
гэдэг хүүхэд гран при авсан. Ингээд ахлах ангиллаас хоёр хүүхэд гран при авлаа.
Энэ нь гоцлол ангилал юм. Мөн дөрвөн гар буюу хослол ангилалд дахиад Энхтүвшингийн
Цовоо, Энх-Амгалангийн Ану гэж хоёр хүүхэд гран при авсан. Дөрвөн гараар гэдэг нь
нэг төгөлдөр хуур дээр хоёр хүүхэд зэрэгцэж суугаад тоглодог. Дөрвөн гарын зохиолууд
нь цаанаасаа өгөгдсөн бол нэмээд бид өөрсдөө хувийн программтай оролцож байгаа юм.
Бага ангилалд нь Ганбаатарын Амарсанаа, Энхбатын Цогт гэж хоёр хүүхэд гран при авсан.
Нэгдүгээр байрт хослол тоглолтоор Булгантамирын Номин-Эрдэнэ, Бурмаагийн Баясал
гэдэг хоёр хүүхэд нэгдүгээр байр эзэлсэн. Хослол тоглолтоор бид гурван хос тоглогч
авч явсан гурвуулаа өндөр амжилт үзүүллээ. Бусад нь дандаа гоцлол тоглолтоор хоёр
гран при-гээс гадна арван гурван хүүхэд нэгдүгээр байрт шалгарсан. Ангилал болгондоо
нэгдүгээр байр эзэлж, их олон хүүхэд байр эзэллээ.

-Цаанаасаа
өгсөн хөтөлбөр нь ямархуу юм?

-Дээд ангиллынханд нэлээн хүнд зохиолууд өгөгдсөн. Жишээ нь, Дебюссийн
“Сарны гэрэл” гэж яггүй хүнд зохиол байна. Нэг ангилалдаа арван хэдэн хүүхэд бүгд
“Сарны гэрэл” тоглоход тэр дундаас онцгойрч гарч ирнэ гэдэг бол маш хүнд асуудал
л даа. Гэвч манай хүүхдүүд бүх зохиолоо маш сайн тоглосон учраас ялгарч гарч чадлаа.
Үүн дээр бид өөрсдийнхөө сургалтын арга барилд бас баярлаж л байлаа. Олон улсын
хэмжээнд очоод ер нь хэн ч санаа зовно шүү дээ. Дебюсси гэдэг чинь Францын өөрсдийнх
нь зохиолч учраас өөрсдөө их сайн ойлгодог, нугалаас, аялгаа маш сайн мэддэг, хөгжмийнхөө
урсгалаа гүн гүнзгий мэдэж ойлгодог, өөрийнхөө тэр орчинд байгаа улс. Гэтэл бид
чинь алс холын улс байдаг. Сонгодог төгөлдөр хуурын урлаг нь Франц оронд маш олон
зуун жилийн турш хөгжчихсөн, төгөлдөр хуурыг бий болгоод, идеалаа болгочихсон хүмүүс
шүү дээ. Тэдний дунд ороод, үндэснийх нь хөгжим шахуу болчихсон юмыг бид очоод тоглож
байгаа учраас айдас хүрч л байлаа. Гэвч манай монгол хүүхдүүд хаа газар очсон хойноо
үнэхээр хичээдэг.

-Хот
нь?

-Хөөрхөн жижигхэн, их сайхан хот байна лээ. Тэнд очихоороо би их
гайхаж биширдэг л дээ. Франц хүмүүс амьдарч байгаа хотоо яаж хайрлаж, ямар цэмцгэр
амьдарч байгааг хараад биширдэг. Жишээ нь, XV зууны үеийн нэг цамхаг байгаа юм л
даа. Тухайн үедээ хотоо хамгаалдаг цайз байсан юм байна. Тэр цамхгаа арчилж тордоод
хүн үздэг музей болгочихсон. Очсон хүн болгон тэр цамхгийг үздэг, цайзыг барьсан
том краныг нь хүртэл үзмэр болгоод дотор нь тавьчихсан байх жишээтэй. Хотын захиргаа
нь хотоо маш их анхаардаг. Тэр жижигхэн хотод олон улсын уралдаан тэмцээнүүдийг
жил болгон явуулаад байдгийг нь би гайхдаг байлаа. Хаанаас тийм их хөрөнгө хаяж
байна аа гэж. Гэтэл тэндээ нэг казинотой юм байна л даа. Алдартай том казино юм
байна. Гадаадын хөрөнгөтэй хүмүүс олноороо ирж тоглодог юм байна. Тоглосон орлогоос
нь хотоо тохижуулж, хотынхоо бүх зардлыг даагаад зогсохгүй тэр хотод болдог соёлын
бүх үйл ажиллагааг казиногийн орлогоор явуулдаг юм байна. Хөгжмийн конкурсыг жил
болгон явуулна гэдэг их хүндрэлтэй. А зэрэглэлийн уралдаан нь маш өндөр хэмжээнд
явагддаг, олон ч орноос оролцдог. Тэр уралдаанд нь сүүлийн жилүүдэд азиуд их оролцдог
болсон байна лээ. Ялангуяа япончууд, солонгосчууд, хятадууд их оролцож байна. Эхний
байруудыг нь дандаа тэд авчихдаг юм байна. Энэ жил харин оросууд авсан. Нэг, гуравдугаар
байрыг нь оросууд, хоёрдугаар байрыг нь америкчууд авсан байна лээ. Шагнал нь ч
өндөр. Нэгдүгээр байрын шагнал нь 5000 евро байх жишээтэй. Тэр бүх зардлыг казиногоосоо
гаргадаг юм байна. Хотоо хангаад зогсохгүй тэнд болдог соёлын бүх үйл ажиллагааг
нь бүрэн санхүүжүүлж авч яваа нь үнэхээр гайхамшигтай санагдсан.

-Танай
төгөлдөр хуурын сургалтын төв хорин жил ажиллаж байгаа гэл үү?

-Би СУИС-д багшилж байхдаа 1994 онд тэнхимийнхээ багш нартай хамтарч
ажлаа эхэлсэн юм. Сүүлдээ ажлаасаа гарч “Авьяастан” сургалтын төвдөө үлдсэн л дээ.
Шалтгаан нь их энгийн байсан.  1999 онд охиноо
арван таван настайд нь Франц руу сургуульд явууллаа. Гэтэл амралтаар нь авчрах мөнгө
байдаггүй. Нөхөр маань сургууль төгсч ирээд л Улсын Филармонид ажилласан учраас
хоёулаа төсвийн цалинтай. Улсын цалингаар охиноо Францаас Монголд авчраад эргээд
Франц руу явуулах, тэр бүү хэл хоолны мөнгө ч явуулж чадахгүйгээ ойлгосон л доо.
Тэгээд ер нь хувьд гарсан дээр юм байна гэж бодоод  хичээл зааж эхэлсэн. Охиноо ч амралтаар нь гэр
орондоо авчраад буцааж явуулж чаддаг болсон. Амьдрал ч хамаагүй дээшилсэн дээ. Маш
их хичээж ажилласан болохоор жилээс жилд сургалт маань ч эрс сайжирсаар байсан.
Олон ч хүүхэд суралцах болсон. Анх ирээд хоёр гурван хичээл хийсний дараа хүүхдүүд
надад, би ч тэдэндээ их хайртай болчихдог юм. Ингээд явсаар байтал хүүхдүүд маань
доод тал нь арван жил, арван хоёр жил болдог. Тав зургаан наснаас нь эхлээд дээд
сургуульд ортол нь хүүхдүүдтэйгээ зууралдсаар байтал тэд маань миний нүдэн дээр
том болж, амьдралд хөл тавьдаг. Эргээд харахад, би тэр хүүхдүүдэд зөвхөн төгөлдөр
хуур заагаагүй, хүмүүжил төлөвшил, соёл бүх юманд нь нөлөөлсөн байдаг. Зөвхөн төгөлдөр
хуураар биш амьдралд нь бас хэрэг болж дээ гэж бодох сайхан байдаг.  Миний шавь нар бүгдээрээ өндөр боловсролтой болцгоолоо.
Сайн ч ажиллаж амьдарцгааж байна. Олон хүүхэд гадаадад их дээд сургуульд сурцгаалаа.
Төгөлдөр хуур сурснаар хүний амьдралд нэг чухал зиндаа тогтдог юм байна. Америкт
нэг шавь маань сурдаг юм. Шопен, Бетховеныг тоглохыг нь сонсоод өмнө нь огт тоохгүй,
автобусанд сандал дээр хүртэл суулгадаггүй байсан хүүхдүүд одоо хүндэтгэж найзалдаг,
тэр бүү хэл эцэг эх нь нь хүртэл гэрээс нь машинаар очиж авдаг болсон байх жишээтэй.
Төгөлдөр хуурын урлаг бол өөрийгөө хүн гэж мэдрэх мэдрэмжийг нь маш өндөрт аваачиж
өгдөг л дөө. Ер нь ихэнх монгол хүүхдүүд очсон газраа ресторанд зөөгч хийгээд хажуугаар
нь төгөлдөр хуураа тоглоод амьжиргааныхаа зардлыг олчихдог юм. Манай Хулан гэж шавь
байна. Бас гадаадад сурдаг. Ресторанд зөөгчөөр ажиллаад хажуугаар нь төгөлдөр хуураа
тоглодог. Ресторанд нь оросууд ороод ирэхээр орос дуу дуулаад төгөлдөр хуураа тоглохоор
нөгөөдүүл нь баярлаад мөнгө өгөх жишээтэй. Америкууд нь ороод ирэхээр англиар дуулаад
тоглочихно, япончууд ороод ирэхээр японоор нь дуулчих жишээтэй. Зарим нь бага насны
хүүхдүүдэд төгөлдөр хуур заагаад зардлаа олчихож байна. Монгол хүүхдүүд бол явсан
газар орондоо ийм л байдаг. Ер нь өнгөрсөн хорин жилээ эргээд харахад барагцаагаар
таван зуу гаруй хүүхэд сургасан байна лээ. Янз бүрийн мэргэжил эзэмшсэн нь ч байна.

-Төгөлдөр
хуурыг ямар ч хүүхэд сурдаг гэж танай Одгэрэл нэг ярилцлагадаа хэлж байсан. Энэ
үнэн үү. Сонсголгүй, солгой хоолойтой, гар хуруу нь тохирохгүй гэх мэтээр багш нарт
гоочлуулсан хүүхдүүд маш их санаагаар унаж өөртөө итгэлгүй болдог л доо?

– Хүнд дотоод сонсгол гэж байдаг. Гаднаа дуулж чаддаггүй, солгой
хоолойтой гэгддэг хүүхэд байлаа ч түүнд дотоод сонсгол байдаг. Ямар ч хүнд дотоод
сонсгол байдаг. Үүнийг нь л хөгжүүлэх ёстой юм. Бидний хувьд бол хүүхдийг ер шилж
сонгодоггүй. Хүсэл сонирхлоороо хүрээд ирэх юм бол, хүүхдээ сургая гээд аваад ирэх
юм бол бид аваад сургадаг. Эцэг эхчүүдийг харж байхад олонх нь багаасаа төгөлдөр
хуур сураагүйдээ харамсч явдаг юм билээ. 
Хүүхдүүдийг ялгадаггүй, гар хуруу нь янз янзын хүүхдүүд байдаг л даа, гэвч
хуруунд нь тохируулаад заагаад явдаг. Солгой хоолойтой, ямар ч ритм сонсголгүй юм
шиг хүүхдүүд хоёр жил хичээллэхэд л тэгшхэн ритмтэй, маш сайн сонсголтой, нарийн
мэдрэмжтэй болчихдог юм. Харин ч бүр илүү чин сэтгэлээсээ, хөгжимлөг хүүхдүүд байдаг
юм байна лээ. Сонсгол, мэдрэмжийг нь л зөв хөгжүүлэх ёстой гэсэн үг.

-Та
түрүүн зээ охиноо олон улсын уралдаанаас гуравдугаар байртай ирсэн гэлээ. Ардын
жүжигчин, удирдаач Ц.Намсрайжав, нэрт хийлч Цэрэндолгор нарын зээнцэр, удирдаач
Бүтэнбаяр та хоёрын зээ охин авьяастай л байж таарна. Та хэрхэн харж байгаа вэ?

-Зээ маань үнэхээр авьяастай л даа. Нас нь бага байна. ХБК-д оруулсан.
УГЗ Ч.Тунгалаг багшийн удирдлагад сурч байгаа. Загасчны морь усгүй гэдэг шиг бид
өөрийнхөө хүүхдийг давтуулж чаддаггүй. Жаахан эрх ч гэх юм уу. Цаашдаа ямар ч байсан
хүүхэдтэйгээ ажиллана гэж боддог. л доо. Уг нь тун сүрхий хүүхэд байгаа юм. Ер нь
бага насны хүүхэд яг юу сонирхож байгаа нь сайн мэдэгддэггүй л дээ. Энэ үед нь л
эцэг эхчүүд чиглүүлж, хандуулж өгөх нь чухал байдаг.

Н.ПАГМА