Categories
мэдээ соёл-урлаг

Оросын ардын бүжгийн эрдмийн чуулгынхан Монголд тоглоно

Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын И.А.Моисеевын нэрэмжит Оросын ардын бүжгийн эрдмийн чуулгынхан ирэх есдүгээр сарын 3-нд манай улсад айлчлан тоглоно. Бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн найруулагч Игорь Моисеевийн үүсгэн байгуулсан Оросын Ардын бүжгийн эрдмийн чуулга Финланд, Хятад, Их Британи, Ливан, Египет, Сири, АНУ, Энэтхэг болон Өмнөд Америк зэрэг дэлхийн 60 гаруй орноор аялан тоглосон бөгөөд 1965 онд “Бүжигт хүрэх зам” хөтөлбөрөөрөө Улсы Эрдмийн чуулга болж, 1987 онд “Ард түмний найрамдлын одон” хүртжээ. И.А.Моисеев 70 гаруй жилийн хугацаанд 300 орчим тоглолт найруулсан бөгөөд түүнийг нас барсных нь дараа уг чуулгыг И.А.Моисеевийн нэрэмжит болгосон аж.

Мөн Халх голын ялалтын ойн хүрээнд А.В.Александровын нэрэмжит Оросын армийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид наймдугаар сарын 26-нд манай улсад хүрэлцэн ирэх юм. Тус чуулгын тоглолт наймдугаар сарын 28-нд Сүхбаатарын талбайд болох аж.

Categories
мэдээ соёл-урлаг

”Хуур хөгжмийн наадам” энэ сарын 23,24-нд болно

Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх зорилготой Хуур хөгжмийн наадам (ХМF) гурав дахь жилдээ 2019 оны 8-р сарын 23, 24-ний өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулагдах гэж байна.

Монголын хамгийн том цар хүрээтэй хөгжмийн энэхүү наадам нь залуу уран бүтээлчдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлэх, дотоод, гадаадын шилдэг хамтлаг, дуучдыг нэг тайзнаа гаргах, нийгэм рүү урлаг соёлоор дамжуулан эерэг үйл ажиллагаанд уриалах, сонсогчдод дэлхийн жишиг бүхий хөгжмийн соёлыг түгээх зорилготой.

Түүнчлэн Хуур хөгжмийн наадам (ХМF) зохион байгуулагч мэргэжлийн баг бүрэлдэхүүн өндөр чанартай, дуу, дүрсний дэвшил болсон хамгийн өргөн, мэргэжлийн тайзыг засна гэдгээрээ онцлогтой. ОУ-ын хөгжмийн фестивалийн жишгээр зохион байгуулагддаг энэхүү наадмаар дамжуулан жил бүр чанар чансаа нь өссөн хамтлаг дуучид, электро хөгжмийн шилдгүүдийн уран бүтээлээс хүргэдэг уламжлалтай.

Энэ жилийн тухайд 8-р сарын 23-нд ХИП ХОП,
8-р сарын 24-нд ЭЛЕКТРОНИК хөгжмөөр оролцох
нийт уран бүтээлчдийн нэрс тодорхой болжээ

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар ВRВ компани, хамтран зохион байгуулагчаар Монгол Телевиз, Shoppy.mn, ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк оролцож байна. Энэ жилийн тухайд #LetTheMusicSpeak уриатайгаар сонсогчдоо Хуур хөгжмийн наадам (ХМF) хүлээн авахад бэлэн болжээ.

Маш олон XMF-чдынхаа хүсэлтийг хүндэтгэж 8-р сарын 13-ны өдөр 00:00 цагаас 23:59 цаг хүртэл “SPECIAL” багцыг сунгах гэж байна!

– Хэрхэн худалдан авах вэ?
1. Гар утаснаасаа SocialPay-ээр худалдан авах
https://digital.golomtbank.com/product/

2. Shoppy.mn-ээс онлайнаар худалдан авах
https://shoppy.mn/products/xmf-2019-shoppy

3. XMF Ticket office дээр ирж худалдан авах

Холбоо барих утас: 8301 7777
Fасеbоок хуудас: https://www.facebook.com/xyypmusicfestival/

Categories
мэдээ соёл-урлаг

Төрийн шагналт, АУЗ Б.Лхагвасүрэн: Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам

Categories
мэдээ соёл-урлаг

Ц.Нацагдорж: Хөгжим өөрчлөгдөж байгаа учраас Playtime ч гэсэн өөрчлөгдөх ёстой

Амьд хөгжим, залуучууд, бүтээлч сэтгэлгээ, инноваци, ногоон хөгжил – Монголын ирээдүйн төлөө! уриатай “PLAYTIME-2019” олон улсын хөгжмийн наадам өнгөрсөн амралтынг өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ жилийн хөгжмийн наадам 3 хоногийн турш Гачууртад байрлах “Монгол Шилтгээн”-д долдугаар сарын 5,6,7-ны өдөр болсон юм. Наадмыг таван тайз, гурван асарт олон төрлийн сэдвийн хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

-Playtime Stage

Энэхүү тайзан дээр амьд хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогч дотоодын болон гадаадын хамтлагууд тоглодог хамгийн том тайз юм. Энэ жилийн хувьд энэхүү тайзан дээр The Colors, Magnolian, Ice top, Nisvanis, Loigang, Rec On, Sunset Rollercoaster /Taiwan/, Dabda /Korea/, The Wedding Present /UK/, OmniSight /Japan/, Yo La Tengo /USA/ гэх мэт хамтлагууд тоглолоо.

  • Waldotent буюу “Тайвшралын хөндий” асар

“Тайвшралын Хөндий” сэдвийн хүрээнд дуу чимээнээс түр холдож, амарч, алжаалаа тайлах боломжийг энэхүү асар олгосон юм. Асарт Sofar Sounds амьд хөгжмийн цуврал тоглолт, Ulaanbaatar Passport-оос зохион байгуулдаг “Чимээгүй үдэшлэг”, “Түргэн болзоо”, Иога, чихэвчтэй бясалгал зэрэг сонирхолтой үйл ажиллагаанууд боллоо.

Мөн “Тайвшралын хөндий”-д “Хувцас дахин засварлах” байгаль орчинд ээлтэй төслийн хамт олон хүрэлцэн ирсэн ба тэдэнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

Энэ үеэр Re-Designed Төрийн Бус Байгууллагын үүсгэн байгуулагч Ц.Оюунаас сэтгэгдлийг нь сонсов.

-Яагаад Playtime фестивалд нэгдэх болсон бэ?

Амьд хөгжим, залуучууд, бүтээлч сэтгэлгээ, инноваци, ногоон хөгжил – Монголын ирээдүйн төлөө! бол Playtimeхөгжмийн наадмын уриа. Дэлхийн цэвэр усыг хамгийн ихээр бохирдуулж буй салбаруудын гуравдагч нь загварын салбар юм. Тэр утгаараа дахин хувцас худалдан авах биш дахин засварлах нь байгальд ээлтэй юм. Бидний хийж буй ажил, энэ хөгжмийн наадмын уриа хоорондоо уялдаж байгаа учраас энэхүү наадамд нэгдсэн.

-Шинээр хувцас худалдан авах биш дахин сэргээж, засварлаж өмссөнөөр ямар давуу талтай вэ?

-2050 он гэхэд дэлхийн цэвэр усны нөөц эрс багасна гэж эрдэмтэд таамаглаж байна.Одооноос бид үйлдэл хийж эхлэхгүй бол болохгүй. Загварын салбар их ус хэрэглэдэг.Тэр дундаа улирал болгон коллекц гаргах, түүнийгээ маш хурдан зардаг, олон тоогоор үйлдвэрлэх гэх мэт нь байгальд маш хортой. Дэлхийн цэвэр усны нөөцөөс их хэрэглэж байна гэсэн үг. Бид өөрсдийнхөө өмсөх дуртай хувцаснуудыг өмсмөөр байдаг гэтэл хуучирчихсан ч юм уу, жаахан тиймэрхүү болчихсон байвал түүндээ өөрийнхөө мэдрэмжийг буулгаад дахин засварлаж болно. Ингэснээр эдийн засагт маш их хэмнэлттэй. Илүү гарсан мөнгөө өөрийнхөө сурч боловсроход зарцуулах боломжтой. Байгаль дэлхийд ч ээлтэй. Залуучууд жаахан ч гэсэн эерэг үйлдэл хийгээд, өөрсдийнхөө төлөө хөдлөөсэй гэдэг үүднээс бид ажиллаж байна.

Re-Designed Төрийн Бус Байгууллагын үүсгэн байгуулагч И.Урангоо “Дан ганц хувцас гэхээс илүү бид хөвөн даавуун материалыг маш олон зүйлд ашигладаг. Зөвхөн хувцас л гэж хараад байдаг. Жишээ нь хуучирсан цамцыг эвдээд тор хийгээд тэрийгээ дахиад 2-3 жил ашиглаж болно. Байнга нэг удаагийн уут, тор авч мөнгөө үрэхгүй. Заавал загварыг нь өөрчлөх гэхээсээ илүү хувцсаа харж байгаад юу дахиж хийж болохоор байна, өөр ямар шийдэл байна гэдгийг анзаарах хэрэгтэй.Монгол улсын иргэн бүрт тренд дагаж биш өөрийнхөө мөн чанарт тохирсон, өөрийнхөөрөө байж хувцаслах тал дээр бид туслах зорилготой.

-Наадамтай холбоотой сэтгэгдлээ хуваалцана уу?

Мэдээж залуучууд маань хөгжилдөж, цэнгэж баяртай сайхан байгаа нь харагдаж байна. Гэхдээ сэтгэл эмзэглэж байгаа ганц зүйл нь өглөө бостол талбай дүүрэн пластик савнууд байсан. Хаях ёстой юм шиг тэр чигээр нь хаячихсан. Хуванцар сав байгальд ямар хор хөнөөлтэйг хүмүүс маш сайн мэднэ. Магадгүй дараа жил Playtime-д ирэхдээ өөрсдийнхөө аягыг авч ирээд шар айргаа уудаг ч юм уу ямар нэгэн байдлаар иймэрхүү зүйл рүү шилжихгүй бол жаахан асуудалтай байна. Дараа жил ийм уриалга гаргасан ч болно шүү дээ.

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье!

  • Fire and Naaglihats stage

Энэхүү 2 тайзанд бүжиглэж стрессээ тайлах, электро хөгжмийг мэдэрч болно. Энэ жил энэхүү тайзнууд дээр Anu Dol, Txako /Japan/, Bilguudei, Blazej Malinowski /Poland/ Bodikhuu, Onra /France/, Tolouse Low Trax /Germany/ монголын болон гадаадын шилдэг DJ нар хүрэлцэн ирсэн юм.

  • La Vieen Rose асар

Тус асарт “Өөрчлөлтийн төлөө бүтээлч яриа” сэдвийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм. Ингэснээр Playtime наадам нь зөвхөн шилдэг уран бүтээлчдийн амьд тоглолтыг танилцуулаад зогсохгүй бүтээлч залуусыг дэмжиж хөтөлбөрийн дагуу “La Vie En Rose” асарт “Ногоон амьдралын хэв маяг”, “Бүтээлч Сэтгэлгээ ба Инноваци”, “Монголын ирээдүйн хөгжлийн дүр зураг” гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, ярилцлага өрнөсөн юм.

  • Асрын онцлох зочиноор уригдсан Playtime хөгжмийн фестивалын үүсгэн байгуулагч, захирал Ц.Нацагдоржийн яриаг хүргэж байна.

Тэрээр “Хүн аягүй их зүйлийг хуваалцах хэрэгтэй. Би өөрөө хөгжмийг бусадтай хуваалцах дуртай. Тамираагийн микс гээд нэвтрүүлгийг 20 жил хийж байна. Гэхдээ HiFi радио гэж эхлээд дараа нь Тамираагийн микс болон өөрчлөгдсөн. 20 жилийн турш залуучуудыг гоё хөгжим сонсох тал дээр ажиллаж байна. Тэр ч утгаараа Playtime-ийг хийдэг. Шинэ залуу монгол хамтлагуудыг хүмүүст хүргэх, гадаадын гоё гоё хамтлагуудыг хүргэхийг хичээдэг. Ихэнх Монгол хамтлагууд 2000-аад оноос хойшхи хамтлагууд бүгдээрээ Playtime-аар дамжиж гарч ирсэн. Би бүгдэнд нь ямар ч ялгаагүй ах шиг ханддаг. Хамгийн их таалагдсан хамтлаг бол The Lemons, A sound 2 байсан. Ямар нэгэн зүйл сэтгэлээр байх ёстой. Би хамтлагийн гишүүдээ хүчлэхийг хүсдэггүй. Нэг гэрээ хийсэн ч гэсэн гэрээ чинь тэгж байна ингэж байна гэж шаардахгүй. Тэр хүн явмаар байвал явж, ирмээр байвал ирж болно. Яагаад Playtime ийм амжилттай болж байгаа вэ гэхээр үндсэндээ цаана нь ямар нэгэн бизнес мөнгөний тооцоо байхгүй. Энэ зүгээр л сэтгэл, хөгжим. Суурь нь өөрөө гоё.

Playtime нь амьд хөгжмийн наадам гэдгээрээ алдартай. Энэ жил ирж буй хамтлагуудыг харахад Ice top, Ginjin and Loigang гэх мэт hip hop хамтлагууд иржээ. Яагаад энэ хамтлагуудыг урих болсон бэ?

-Анх Pop хөгжмийг доош нь хийгээд л зөвхөн рок гээд л. Дараа нь цаг хугацаа өнгөрөх тусам хөгжмийг ямар нэгэн жанраар нь ялгаварлаж болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл тэр хөгжмийн урсгалын түүх чиний хувь хүний түүхээс хамаагүй илүү баялаг. Зохиолын дуу ч ялгаагүй. Тэрийг сонсдог, сонсдоггүй тухайн хүний л сонголт. Сонсдоггүй хүн нь тухайн урсгалыг сонсдог, тухайн урсгалаар уран бүтээлээ туурвидаг хүмүүсийг хүндлэх хэрэгтэй. Hip Hop бол маш том урсгал. Цаг хугацаа өөрчлөгдөж байна. Бид 2019 онд амьдарч байна. Рок гэдэг хөгжим 1990-ээд он биш болсон. Billie Eilish 16 настай охин Billboard-ийг тэргүүлж байна. Тэр хүүхдийн илэрхийлж байгаа хөгжим нь бүх юмны нэгдэл. Харахад металаас хүнд юм шиг хөгжим нь болохоор электро, поп орчихсон байх жишээтэй. Өөрөөр хэлбэл шинэ үеийн хүүхдүүд шал өөр учраас цаг нь тэрийгээ дагуулаад явж байгаа. Хөгжим өөрчлөгдөж байгаа учраас Playtime ч гэсэн өөрчлөгдөх ёстой. Гэхдээ ганцхан шалгуур байна. Тэр нь сайн хөгжим байх ёстой. Урсгал хамаагүй. Icetop-ийн илэрхийлэл жинхэнэ хип хоп. Тэд 40 хүрч байгаа залуучууд. Тэдний хип хоп гэсэн сэтгэл, монголоо гэсэн сэтгэлийг би үнэлдэг. Монголчууд үнэлэх ёстой.

  • New wave stage буюу Шинэ давалгаа тайз
  • Энэхүү тайзан дээр монголын амьд хөгжмийн талбарт шинээр мэндэлж буй хамтлагууд гардгаараа онцлогтой. Энэ жилийн хувьд 8 хамтлаг гарсан нь Хараацай, Andromedia, Uudee’s band, The Shom, ApamTatt, The Vintage, Karmantic, B.L.M.D байлаа.
  • Lendmn Loves music асар

Playtime наадмын стратегийн түншээр ажиллаж буй “Lendmn” санхүүгийн байгууллагын хамт олон “Lendmn Loves Music” нэртэй асар заслаа. Тэдний асарт авьяаслаг DJ нарын гайхалтай сетийг сонсож, домогт Камертон хамтлагийн тоглолтыг үзэж, пянз цуглуулагчидтай уулзалт хийж, цагийг зугаатай өнгөрүүлсэн юм.


Н.Саруулдөл

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

СТА, жүжигчин Д.Дэлгэрсайхан: Үзэгчдийг инээлгэхэд ухаан хэрэгтэй

Ижийтэйгээ үзсэн наадам л хамгийн сайхан наадам байдаг. Таны ээжтэйгээ үзсэн наадмуудаас хамгийн нандин дурсамжтай наадам нь хэзээнийх байв?

Манай ээж Говь-Алтай аймгийн харьяат хүн. Намайг сургуульд ордог жил Партизаны сангийн аж ахуйд ирээд би 1999 он хүртэл ээжийнхээ хажууд байсан. Хүн болгоны л ээж сайхан даа. Ээж маань надад шинэ саарал костьюм авч өгөөд, би тэрийгээ өмсчихөөд Яармагийн дэнж дээр хамт үзсэн наадам л хамгийн сайхан нь даа. Тэр үед Яармагийн дэнж дээр морь уралддаг байсан.

Сүүлийн жилүүдэд хэрхэн наадаж байна вэ?

Наадмаар шагайн асарт очиж шагай харвадаг. Шагайн харваа дуусахаар гэртээ ирж зурагтаар бөх, морио үзчихээд, найз нөхөдтэйгөө салхинд гардаг даа. Би шагайн харваагаар 4, 5 жил хичээллэж байна. Ажлын шаардлагаас болоод уралдаан тэмцээнд нээх оролцож амждаггүй. Гэхдээ шагайн харваагаар хичээллэж эхэлсэн цагаасаа эхлээд жил алгасалгүй улсын наадамд оролцож байгаа. Шагайн харваа бол монгол ёс заншил төдийгүй ахас ихсээ хүндлэх өв уламжлалын том соёлыг түгээж байдаг.

Бага байхдаа хэр авьяастай хүүхэд байв?

Би Партизаны сангийн аж ахуйд 10 жилээ төгссөн. Сургуулийнхаа уран уншигч болж байлаа. Шүлэг уншдаг л хүүхэд байсан даа.

Танд урлагаас өөр ямар нэгэн авьяас бий юү?

Манай ээж бариач хүн. Надад энэ эрдмээ өвлүүлж өгсөн. Би нээх олон хүн бариад байдаггүй л дээ. Гэхдээ таньдаг болон төрөл садангийн маань хүмүүсийн тархи хөдлөх, мөр мултрахад нь барьж өгдөг.

Та гэр бүлээ танилцуулаач?

Манай эхнэрийг Ө.Түмэнсарнай гэдэг. Телевизийн найруулагч мэргэжилтэй. Манайх хоёр хүүхэдтэй.

Та амьдралдаа ямар зарчмыг баримталдаг вэ?

Хүнд худлаа хэлэхгүй байхыг эрхэмлэдэг. Хүнтэй уран бүтээл, ажил төрөл яриад тэрнээсээ ухарчихгүй байх юм сан гэж хичээдэг дээ.

Image may contain: 2 people

Таныг анх уран бүтээлч болоход багш тань юуг эрхэмлэн захиж байв?

Би КУДС-д 1999 онд 25 настай байхдаа ороод 2003 онд төгсөж байлаа. Манай багш Ардын жүжигчин Д.Мэндбаяр, П.Цэрэндагва нар маань “Тухайн дүрдээ жүжиглэх биш амьдрах хэрэгтэй шүү” гэж зааж өгсөн. Одоо дүр бүтээхдээ “Хэрвээ би ийм хүн байсан бол яаж амьдрах вэ” гэж л бодож тоглодог.

Тайз болон дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээхийн ялгаа нь юундаа байдаг вэ?

Тайзны уран бүтээл гэдэг өнөөдөр жаахан дулимагхан хийчихвэл маргааш тэрийгээ сайжруулаад, үзэгчдэдээ улам хүртээмжтэй болгоод хийчихэж болдог. Үзэгчид яг урдаас хараад сууж байдаг учраас алдлаа гэхэд сандраад байж болохгүй. Алдаа гаргасан ч алдаагүй юм шиг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй байдаг. Харин дэлгэцийн уран бүтээл гэдэг тэр үедээ тоглоод монтажлагдаад гарчихвал буцааж засаж, сайжруулж болдоггүй. Зарим нэг тоглосон кинонуудаа харахад “Ээ энэ дээр нь ингэчихдэг байж” гэсэн харууслууд байдаг шүү.

Холбоотой Зураг

Сүүлийн үед кино, жүжгийн зохиол сайн бичдэг хүн ховордсон гэх болжээ?

Кино зохиолуудыг сүүлийн үеийн залуучууд маш сайн бичиж байна. Гурав, дөрвүүлээ нийлж суугаад зохиолоо ярилцаж, гурав дөрвөн хүний санаагаар бүтэж байгаа учраас кино зохиолууд сайн болж байгаа. Харин тайзны уран бүтээлийн зохиол бичдэг хүн ховор болсон. Ялангуяа хошин зохиол бичдэг хүн байхгүй. Би ганц, хоёр зохиол бичдэг. Хэрвээ боломж олдвол зохиолоороо кино хийнэ дээ.

Таны бодлоор сайн уран бүтээлч гэж ямар хүнийг хэлэх вэ?

Бүтээж буй дүрдээ амьдарч, үзэгчдийн сэтгэлд хүрсэн уран бүтээл хийсэн хүнийг л сайн уран бүтээлч гэх байх. Тайз, дэлгэцийн уран бүтээлд зайлшгүй багаар ажиллах ёстой байдаг. Уран бүтээлчид нэгэн цул болж байж сайн уран бүтээл төрнө.

Сайн уран бүтээлч байхын тулд сайн хүн байх ёстой гэдэг шүү дээ. Та өөрийгөө хэр сайн хүн гэж боддог вэ?

Би өөрийгөө муу хүн гэж боддоггүй ээ.

“Маск” продакшн таны амьдралд томоохон байр суурийг эзэлдэг байх?

Би “Маск” продакшыг анх байгуулагдахад л орж байлаа. Өдийг хүртэл “Маск” продакшнтайгаа хамт уран бүтээл хийгээд явж байгаа. Бид нэг нэгнийгээ сайн ойлгодог бас бүгд л уран бүтээлдээ санаа зовдог. Заримдаа шинэ тоглолтын сургуулилт хийж байх үед номер маань сайн болохгүй байвал бүгдээрээ дуугаа хураачихдаг. “Маск” продакшн маань шинэ орсон уран бүтээлчдээ жүжигчин болгохоос гадна хувь хүн болгож төлөвшүүлдэг дээ.

Хошин урлагийг хүмүүсийнх нь боловсрол муу нийгэмд л хөгждөг урлаг гэх хандлага бий болжээ?

Хошин урлаг үеийн үед байсан. Цэцэглэн хөгжиж байхад ч, бууран доройтож байхад ч дэлхийн соёлт хүмүүс дунд хошин урлаг байнга оршиж байсан түүхтэй. Бид нийгэмд болохгүй байгаа зүйлсийг шүүмжилдэг. Шүүмжлэхдээ бид талбайд жагсаж байгаад шүүмжилдэггүй. Харин хошин хэлбэрээр хүмүүсийг инээлгэж шүүмжилдэг.

“Маск” продакшны тоглолтууд нийгмийн болохгүй байгаа асуудлуудыг шүүмжлэхээс гадна нийгмийг сайн сайханд уриалдаг шүү дээ?

“Маск” продакшны тоглолт болгон нэрнээсээ эхлээд бусдыг уриалан дууддаг. “Монгол хүн та инээмсэглэ”, “Монгол төгрөг мандтугай”, “Хот аймаар гоё” гэх мэт тоглолт, үзүүлбэлийн бүх л нэр маань нийгэмд хандсан, нийгмийг давалгаалуулсан учраас нийгэмд нөлөөлдөг л гэж боддог доо.

Тайзан дээр тоглосныхоо дараа хүмүүст хүргэх гэж зорьсон далд санааг тань үзэгчид хөнгөнөөр хүлээгээд авчихсан байх вий гэж санаа зовдог байх?

Хошин урлагт тоглож буй уран бүтээлч болгон аливаа уран бүтээлийнхээ цаад утгыг нь хүмүүст илүү ойлгуулах юм сан гэж хичээдэг. Залуучууд арай хөнгөн хүлээж авдаг юм уу даа. Тэд голцуу инээдтэй зүйлсийг нь л ярьдаг.

Танай хамтлагийн хамт олон дүрээ хэрхэн хуваарилдаг бэ?

Бүгдээрээ тойрч суугаад л дүрээ хуваарилдаг. Дүр авахдаа хоорондоо өрсөлдөөд байдаггүй. Харин бүгд өөрийн тохирсон дүрээ л авдаг.

Та хувь хүнийхээ хувьд хэр хөгжилтэй хүн бэ?

Би нэг их хөгжилтэй хүн биш ээ.

Залуу уран бүтээлчид юун дээр ихэвчлэн алддаг вэ?

Залуучууд уран бүтээл хийх эрмүүн их хүсэлтэй ажилладаг. Хамгийн гол нь зориг л жаахан дутаад байдаг даа. Тайзан дээр тоглохдоо хамт тоглож буй жүжигчдээсээ бэргэх хандлагатай байдаг юм.

Та тайзан дээр гарахдаа хэр их сандардаг вэ?

Шинэ тоглолтын нээлт болгонд бүх хүн сандардаг. Би тоглож буй уран бүтээлдээ чин сэтгэлээсээ бүх зүйлийг зориулдаг. Сэтгэл хөдлөл, уур бухимдал гээд бүгдийг нь чин сэтгэлээсээ гаргадаг. Хааяадаа уран бүтээлээс болж зарим нэг хүмүүстэй ам муруйх, санал зөрөлдөх үеүүд зөндөө байдаг.

“Маск” продакшн яагаад эрэгтэй хүмүүсийг эмэгтэй дүрд тоглуулаад байдаг юм бэ?

Ямар нэгэн шүүмжлэлтэй харагдуулах үг хэллэг, үйл хөдлөлүүдийг үзүүлэхэд эмэгтэй жүжигчин эмэгтэй хүний дүрд тогловол жаахан эвгүй харагдана. Харин эрэгтэй жүжигчин эмэгтэй хүн болоод янз янзын үг хэллэг, үйл хөдлөл гаргахад үзэгчдэд арай зөөлөн хүрдэг. Үүгээр дамжуулж нийгэмд болохгүй байгаа үзэгдлүүдийг шүүмжлэх хандлагуудыг гаргадаг даа.

Үзэгчид ямархуу уран бүтээлийг илүү тааламжтайгаар хүлээж авдаг вэ?

Үзэгчдийг инээлгэхэд ухаан хэрэгтэй. Монгол хүний сэтгэхүйд ойрхон уран бүтээл хийж гэмээнэ л үзэгчид хүлээж авна. Улс орон оршин тогтнохын үндэс нь ёс заншил, хэл, түүх соёл байдаг. манай хамтлаг тоглолт болгондоо заавал монгол ахуй шингээсэн нэг номер багтаадаг юм. Мэндлэх, хүндлэхээс эхлээд дээл хувцсаа өмсөх, хуримлах ёс заншил гэх мэт зүйлсийг тэрхүү номертоо тусгаж оруулдаг. Гэхдээ орчин үед Монгол маань хот гэдэг ахин нэг том соёлтой болсон.

Жүжигчин хүний хамгийн сайхан агшин гэвэл?

Жүжигчин хүний хамгийн сайхан зүйл нь найруулагчаас дүрийн санал авах байдаг даа.

Ярилцсанд баярлалаа. Цэц тань мэргэн байх болтугай. Сайхан наадаарай.

Хотол олноороо дэлгэр сайхан наадаарай. Бүх хүн аз жаргалтай, санасан бүхэндээ хүрч эрүүл энх, саруул сайхан байгаасай гэж хүсье.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ соёл-урлаг

“The Hu” хамтлаг “Ханьгард” одонгоор шагнууллаа

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зарим хүнийг Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг шинэ түвшинд гаргаж ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод бүтээлийг туурвиж үнэлж баршгүй гавьяа байгуулсан хоёр эрхэмд одон, медаль гардууллаа. Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Харин THE HU хамтлагийг “Ханьгард” одонгоор шагналаа.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“Pop Opera Live Concert” тоглогдоно

Монголын сонгодог урлаг тэр дундаа поп опера төрлийн урлагийн тод төлөөлөл болсон хамтлагууд болон сонгодог урлагийн сор болсон дуучдын хамтарсан “Pop Opera Live Concert” долдугаар сарын 13-ны өдрийн 19:00 цагт ДБЭТ-ын тайзнаа болно.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, соёл, санхүү, аялал жуулчлалын төв” болгох зорилтыг дэвшүүлэн дотоод, гадаадын иргэд, жуулчдад зориулсан олон талт арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү зорилтын хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг томоохон үйл ажиллагаануудын нэг нь “Best Of Classics” буюу сонгодог урлагийн тоглолт юм. Энэ жилийн хувьд тус тоглолтыг поп опера хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд Нюанс, Увертюра, Консонанс хамтлагууд болон сонгодог урлагийн сор болсон дуучин МУГЖ Ө.Уянга, МУСТА Т.Энхбат, МУСТА Б.Батжаргал, МУСТА Э.Анхбаяр, Э.Адъяасүрэн, Г.Энхнаран нар оролцох юм.

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулан зохион байгуулж буй тус тоглолтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан УДБЭТ, “Удиртгал хөгжим” ТББ, Анир студи, “D Lights” ХХК-тай хамтран зохион байгуулна.

Энд дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Сонгодог урлаг III” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагаас санаачилга гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Best Of Classics” буюу сонгодог урлагийн тоглолтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Урлагийн амьдрал” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ

Монгол, Франц улсын ардын зураач, МУЭ-ийн шагналт Б.Чогсом, Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт Д.Болд нарын хамтран толилуулж буй “Урлагийн амьдрал” уран бүтээлийн үзэсгэлэн өчигдөр “Монгол Арт Галерей”-д нээлтээ хийлээ. Үзэсгэлэн хүрээнд энэ сарын нэгнээс 28-ны өдрүүдэд “Монгол Арт Галерей”-н бүх танхимд 200-аад бүтээлийг дэлгэх юм байна.

“Урлагийн амьдрал” үзэсгэлэнд Монгол, Франц улсын ардын зураач, МУЭ-ийн шагналт Б.Чогсомын дэлгэж буй 1958-1982 оны судалбарууд, “Монгол Арт” галерейн сан хөмрөг дэх уран бүтээлүүд нь тухайн цаг үед улс оронд өрнөж байсан бүтээн босголтын үйл явцаас баримтжуулснаараа өндөр ач холбогдолтой, үнэ цэнэтэй болж байна.

Б.Чогсом “Хавтан булш” 2019 он

Б.Чогсом “Хорго” 2017 он

Мөн үзэсгэлэнд Монгол улсын Ардын зураач, Төрийн шагналт Д.Болд 2017-2018 онд бүтээсэн абстракт зургуудаа түлхүү дэлгэсэн нь сүүлийн үед түүний амьдралд гарсан өөрчлөлтүүдээс үүдсэн сэтгэл санааны байдлаа үзэгч түмэнтэйгээ хуваалцаж байгаа ажээ.

Д.Болд “Наран цэцэгсийн дунд” 2019 он

Д.Болд “Зохиомж-1” 2007 он

М.Саруулдөл

Categories
мэдээ соёл-урлаг

Оросын уран бүтээлч бүсгүй “The Hu” хамтлагт зориулж хүүхэлдэй урлажээ

Монголын “The Hu” хамтлаг рок сонирхогчдын анхаарлыг татаж дэлхийд нэр нь цуурайтах боллоо. Харин Оросын уран бүтээлч Оксана Панченко тэдэнд зориулж хүүхэлдэй урлажээ. Одоогийн байдлаар хоёр хүүхэлдэй хийсэн бөгөөд энэ нь “Чингис хааны үр сад” төслийн үргэлжлэл болж байгааг онцолжээ. Оксана Панченко төслийнхөө талаар “Энэ бол “The Hu” хамтлагийн дууг сонсоод урам зориг орсон бяцхан хөгжимчид юм. Удахгүй хамтлагийн бусад гишүүдийг хийж дуусгахаар тэд РОК-ын жинхэнэ од болцгооно. Би Москвагийн ойролцоо төрсөн. 1987-1991 онд Улаанбаатарт амьдарч байсан. Тэр үеэс Монголын сайхан оронд хайртай болсон” гэж ярьжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

​“Бүтээлч ази” сэдэвт олон улсын хувцас дизайнерүүдийн хамтарсан үзэсгэлэн болж байна

СУИС-ийн ДДУС Монголын дизайнерүүд болон үндэсний үйлдвэрлэлийг олон улсад сурталчлах, гадаад улс оронтой хувцас загвар, маркетингийн судалгаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, загварын шүүмж судлалын судалгааны чиглэлийг үүсгэн хөгжүүлэх зэрэг үйл явцыг дэмжих зорилгоор бүс нутгийн хувцас загварын үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч БНСУ-д төвтэй Солонгос, Хятадын хамтарсан хувцас загвар судлал, үйлдвэрлэлийн академи, Солонгос улсын хувцас загварын бизнесийн холбоотой хамтран энэ сарын 25-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл олон улсын хувцас загвар судлалын эрдэмтэн судлаачид, дизайнерүүдийн уулзалт, эрдэм шинжилгээний хурал, үзэсгэлэн, загварын шүүмж судлалыг зохион байгууллаа.

Энэ удаагийн үйл ажиллагаа “The Creative Asia” сэдвийн дор явагдах бөгөөд Монгол Улс, БНСУ, БНХАУ, ОХУ, Узбекистан, Хонг-Конг, Вьетнам, Тайвань, Пакистан зэрэг есөн орны хувцас загвар судлал, загварын бизнес, маркетингийн эрдэмтэн судлаачид, нийт 101 уран бүтээлч дизайнерууд бүтээлээ туурвин оролцож байгаа аж.

ДДУС-ийн дизайн урлагийн профессор Б. Мөнхцэцэг тус арга хэмжээний талаар “Бид 2008 онд анх Монголд ийм арга хэмжээ зохион байгуулж байсан. Тэр үед харьцангуй цөөн улс орнууд оролцсон. Үйл ажиллагааны маань гол зорилго нь азийн бүс нутгийн томоохон хувцас загварын байгууллагуудтай монголын дизайнерүүдийг холбож, цаашид хамтран ажиллах боломж бололцоог хангах юм. Энэ удаад бид загварын шүүмж судлалыг эхлүүлэн зохион байгуулж байгаа нь дизайнерүүдэд үр өгөөжтэй мөн илүү хөгжих боломжийг нь нээж өгнө гэж үзэж байна” гэв.




Н.ЭНХЖИН