Categories
мэдээ соёл-урлаг

Охидын “Honeymoon” хамтлагийн гишүүд шинэчлэгджээ

Монголын рок поп урлагийн охидын цөөхөн хэдэн хамтлагуудын нэг “Honeymoon” хамтлагийн зарим гишүүд шинэчлэгдэн цусаа сэлбэжээ. Тодруулбал тус хамтлагийн хоёр гишүүн нь амьдрал зохион хамтлагаасаа гарсан байна. Иймд авьяаслаг, царайлаг, гоолиг охидтой гэдгээрээ олонд танигдсан “Honeymoon” хамтлаг СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн Э.Хонгорзул болон хүнсний технологич мэргэжилтэй Е.Ботожаны хэмээх авьяаслаг, царайлаг охидоор шинэхэн багаа бүрдүүлжээ. Ийнхүү хамтлагийн ахлагч Б.Солонго болон Н.Чинчулуун нар шинэхэн охидтойгоо хамтран шинэ уран бүтээлүүддээ оржээ.

Дашрамд сонирхуулахад хамтлагийн ахлагч Б.Солонго нь Монголын хошин урлагийн шилдэг хамтлагуудын нэг Маск продакшны жүжигчнээр ажилладаг бөгөөд жүжигчин мэргэжилтэй Э.Хонгорзул хамтлагийн бүрэлдэхүүнд орсоноор тус хамтлаг хоёр жүжигчинтэй болж байгаа юм.

Шинэчлэгдсэн багаар шижигнэсэн эрч хүчтэйгээр уран бүтээлдээ ороод буй “Honeymoon” хамтлагийнхан анхны цомогтоо орсон Ц.Байдрагийн “Чи хэн юм бэ” хэмээх дуугаа клипжүүлэн сонсогч фенүүддээ хүргэхээр хэдийнээ ажилдаа оржээ. Ингээд шинэчлэгдсэн “Honeymoon” хамтлагийг шинэ уран бүтээлүүдээрээ тэсрэлт хийхийг тэсэн ядан хүлээцгээе дээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хөөмийг дэлхийн дээд амжилтын “Гиннесийн ном”-д бүртгүүллээ

Ховд нутгийн зон олон соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх “Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагааг 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр Ховд аймагт хамгийн олон буюу 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, монгол хөөмийг дэлхийн дээд амжилтын “Гиннесийн ном”-д бүртгүүлэн батламжаа гардан авав.

Categories
мэдээ соёл-урлаг

“Сэгс цагаан богд” найраглалд зориулан гэрэлт хөшөө босгожээ

Шинэжинст сум сурталчлах аяны хүрээнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн “Сэгс цагаан богд” найраглалын 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

Мөн тус найраглалд зориулан босгосон гэрэлт хөшөөг нээж, “Сэгс цагаан богд найраглалыг хэн сайн унших вэ” уран уншлагын уралдаан, яруу найргийн наадмыг зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаанд “Болор цом”-ын эзэн яруу найрагч Дамбын Төрбат, Монголын Зохиолчдын эвлэлийн тэргүүлэгч, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга, “Дэндэвийн Пүрэвдорж сан”-гийн тэргүүн хатагтай н.Нямцэцэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан, их найрагчийн охин П.Халиунаа болон яруу найрагч, уран бүтээлчид, нутгийн иргэд оролцсон байна.

Уран уншлагын хүүхдийн уралдааны бага насны ангилалд 10 настай Э.Шүрэнчимэг түрүүлж, 10 настай Ө.Бадмаараг, таван настай Б.Эрхэмбаяр нар удаалсан бол дунд насны ангилалд 13 настай А.Баясгалан бусдыгаа хошуучилж, 15 настай О.Баасанбат, 15 настай М.Өсөхжаргал, 16 настай М.Нарандэлгэрмаа, 14 настай С.Чинболд нар удаалсан байна. Уран уншлагын насанд хүрэгчдийн ангилалд Ц.Бямбадорж тэргүүлж, Б.Пүрэвсүрэн, А.Дэнсмаа, Б.Мөнхтогтох, Х.Тунгалаг нар тус тус шалгарчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл” тодорчээ

Оны шилдэг бүтээлээр А. Очирболд “Ухамсар” хөшөө шалгарчээ

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл”-ээр уран барималч А. Очирболд “Ухамсар” хөшөө шалгарчээ. Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах “Оны шилдэг бүтээл-2019” арга хэмжээ энэ сарын 18-нд болж өндөрлөсөн юм. Үзэсгэлэнг аравдугаар сарыг дуустал Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд дэлгэж байгаа ажээ.

“Оны шилдэг бүтээл 2019” оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлүүдээр:

  1. Уран барималч А. Очирболд “Ухамсар” хөшөө
  2. Зураач, барималч Г.Эрдэнэбилэг “МУЗА” уран зургийн бүтээл
  3. И.Е.Репиний нэрэмжит Уран зургийн академийн багш, зураач Б.Отгонтүвдэн “АВГА АХ” уран зургийн бүтээл
  4. Монголын урчуудын эвлэлийн шагналт, уран барималчЛ.Гантөмөр “ЧОНОН ТУУЛЬ” уран баримал
  5. Б.Содномдаржаа “ТАВГАН ДЭЭРХ СОЁЛ” бүтээл тус тус энэ оны шилдгээр шалгарсан бол “Монголын уран зургийн нэрэмжит цом”-ын эзнээр Б.Нямхүү шалгарлаа. Эдгээр бүтээлүүдээс шилдгийн шилдэг таван бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдаж авахаар болсон байна.
Categories
мэдээ соёл-урлаг

“Франц, Италийн романтик бүсгүйчүүд” тоглолт болно

МУСТА, дуучин Б.Мягмарсүрэн Францын дуурийн дуучин Лирисса Токсанеллитэй хамтран “Франц, Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтоо энэ сарын 30-нд УДБЭТ-т үзэгчдэд толилуулна. Монголд анх удаа Франц Улсаас мэргэжлийн дуурийн дуучин ирж буйгаараа энэхүү тоглолт онцлогтой. Тоглолтод УДБЭТ-ын симфони оркестр, найрал дуучид оролцох бол удирдаачаар МУУГЗ Н.Туулайхүү ажиллах юм. Тоглолт хоёр хэсэгтэй бөгөөд нэгдүгээр хэсэгт Францын, хоёрдугаар хэсэгт Италийн хөгжмийн зохиолчдын сонгодог бүтээлээс дуулна. Тоглолт Франц, Италийн сонгодог урлаг, тэр дундаа дуурийн алдартай ари болон хоршлоос бүрдэж байгаа учраас “Франц, Италийн романтик бүсгүйчүүд” хэмээн нэрлэсэн гэдгийг дуучид тодотгов.

Францын дуучин Лирисса Токсанелли сопрано хоолойтой, итали гаралтай францын иргэн, дуурийн дуучин, төгөлдөр хуурч юм. Одоо тэрбээр Франц болон гадаадад тогтмол “Мастер класс”-ын хичээл заадаг уран бүтээлч юм. Тэрбээр хэлэхдээ, “Монголд өчигдөр ирлээ. Онгоцноос буухад цэлгэр тал угтсан нь маш сайхан санагдсан. Нарлаг сайхан цаг агаартай, хүмүүс нь их тайван алхаатай, найрсаг юм. Дараа ирэхдээ улам их зүйл үзэж, танилцана. Ануу маань /дуучин Б.Мягмарсүрэн/ Парист манай сургуульд дуулаачийн чиглэлээр сурч байхад бид хоёр багш, шавийн харилцаатай болсон. Тэр үед Ануу сонгодог тоглолтоо Монголд хийх санал тавьсан. Бидний олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн төсөл ийнхүү биеллээ олж байна. Францад дууриар суралцах гэж Азиас олон хүн ирдэг ч шавь нар дунд маань Ануутай дүйцэхүйц хүн одоогоор байхгүй. Ануу маань хичээнгүй, дайчин, хөдөлмөрч, авьяастай сурагч, дуучин. Ийм сайхан шавьтайгаа эх оронд нь тоглох гэж байгаадаа баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Энэ үеэр дуучин Б.Мягмарсүрэн цаашид хоёр жил тутам гадаадаас сонгодог урлагийн дуучид урьж, Монголынхоо үзэгчдэд уран бүтээлийг нь хүргэхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм.Тоглолтын ивээн тэтгэгчээр БСШУСЯ-ны Соёл урлагийг дэмжих сан, БНФУ-ын ЭСЯ, МИАТ, “Эм импекс концерн”, “Хөвсгөл лэйк” компани ивээн тэтгэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Харанга” 30 жилийн ойгоороо “Замд гаръя” бүрэн хэмжээний тоглолт хийнэ

Image may contain: 10 people, people smiling, people playing musical instruments, people standing and text

“Харанга” 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ

“Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ жил тохиож байгаа. Хамтлагийн ойд зориулсан олон үйл ажиллагаа болох бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн бүрэн бүрэлдэхүүнээрээ 30 жил уран бүтээл туурвиж байгаа гэдгээрээ дэлхийд ховорт тооцогдох тус хамтлагийн түүхийг өгүүлсэн баримтат, реалити нэвтрүүлэг хүргэх аж. Мөн “Volume-1” пянз гаргахаар зэхэж байгаа юм байна. Тэд 1997 онд гаргасан “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 онд гаргасан “Бодлын тэнгис”, 2003 онд гаргасан “Ертөнцийн өнгө” цомгоо дахин хэвлүүлэхээр болжээ.

Ойдоо зориулсан нэгэн томоохон арга хэмжээ хийх нь “Замд гаръя” тоглолт. Тоглолт ирэх сарын 19-нд 15.00 цагт “Буянт-Ухаа” ордонд болно. Тоглолтод “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The limons”, “A sound”, “Rec on”, Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив Х.Отгончимэг, “Киви”-гийн Д.Уламбаяр нар оролцох ажээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“The Hu” хамтлагийн шинэ цомог iTunes чартын хоёрдугаарт бичигдэж байна

Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ оны есдүгээр сарын 13-нд нээлтээ хийсэн. Тус хамтлаг цомгийн нээлттэйгээ зэрэгцүүлэн АНУ-дахь аялан тоглолтоо эхлүүлээд буй. “Youtube” орчнооc “The Hu”-хамтлагийн дууг сонсохоор өдөр бүр ханддаг олон сая сонсогчид нь маш идэвхтэйгээр тэдний шинэ цомгийг худалдан авч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар “Gerege” цомог “iTunes Chart”-д хоёрдугаар байранд жагсч байна. Тэдний ард дуучин Yanny-гийн “Ultimate Yanni” хэмээх цомог оржээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“37-р ТОЧКА” ОАУСК-г ирэх сард нээнэ

“Зүрхний хилэн”,” Маш нууц”, “Байтаг богд”, “Миний ах атаман”, “Аз жаргалын шок” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдээс өндөр үнэлгээ авсан Фантастик продакшн 10 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын кино урлаг шинэ өнгө нэмж буй тэд ойн баяртаа зориулж “37-р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны киногоо бүтээжээ. Энэхүү олон ангит киноныхоо талаар өнөөдөр Фантастик продакшны уран бүтээлчид мэдээлэл хийлээ.

“37-р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны кино нь агуулгаар нь хуваасан 2 бүлэг, 20 ангитайгаар бүтээжээ. Тус киноны нэг анги нь гэхэд бүрэн хэмжээний киноны дайтай зураг авалт, дуу, дүрслэлтэйгээр хийгдсэн гэдгийг Фантастик продакшны уран бүтээлч залуус онцолж байлаа.

Мөн Монголын олон ангит киноны түүхэн дэх хамгийн их үзэгдэлтэй буюу нийт 180 терабайт дүрсийг авсан нь тухайн киноны чансааг тодорхойлох нэгэн босго болжээ.

Кино 1970, 1980-аад оныг хамрах бөгөөд нөхөрлөл, түүний үнэ цэнэ, урвалт, үнэнч байдал гээд хүний амьдралын түүхийг найруулагчийн сэтгэлгээ, төсөөллөөр бүтсэн дүрүүд үзэгч олонд нэгийг бодогдуулж , хоёрыг ухааруулна гэдгийг кино багынхан дуулгасан юм.

“37-р ТОЧКА” телевизийн олон ангит уран сайхны кино нь ирэх сарын 21-ээс эхлэн СТАР ТВ болон NTV телевизээр үзэгчдийн хүртээл болно. Харин үүнээс өмнө энэхүү олон ангит уран бүтээл ирэх сарын 9-нд СКАЙМЕДИА IPTV болоy SkyGo-д орох юм. Үзэгчдэд долоо долоо хоногийн зайтайгаар дэлгэцнээ гарах киноны дараагийн ангийг хүлээлгүйгээр SkyGo апликэйшн, Скаймедиагийн видео сангаас үзэх боломжтой гэдгийг кино багийнхан дуулгаж байлаа.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

ВИДЕО: “The HU” хамтлаг шинэ клипээ цацлаа

Өнөөдөр 12:00 цагт “The Hu” хамтлаг юүтүб сувгаараа шинэ клипээ цацлаа. Энэ удаа тэд “The Great Chinggis Khaan” нэртэй дуугаа дүрсжүүлэхдээ “Үхэж үл болно – Чингис хаан” киноны хэсгээс авсан бөгөөд хамтлагийнхан бөө шүтлэгийн уур амьсгал илэрхийлэхүйц хувцас хэрэглэлтэй байв. Хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлаг нь АНУ-ын E7Music компанитай хамтран ажиллаж, уг компанийн албан ёсны хуудсаар шинэ клипээ цацлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нарын аялан тоглолт баруун аймгуудаас эхэлнэ

Поп дива, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг, Соёлын тэргүүний ажилтан дуучин С.Сэрчмаа нар “Altaa & Sally-21” нэртэй аялан тоглолт хийхээр бэлтгэлдээ ороод байна.

Хүчтэй хоолой, байгалиас заяасан авьяас, мэргэжлийн ур чадвар зэргээрээ бусдаас эрс ялгардаг МУГЖ дуучин Ж.Алтанцэцэг, гоо үзэсгэлэн, уянгалаг дуу хоолойгоороо залуучуудын анхаарлыг байнга татаж байдаг дуучин С.Сэрчмаа нар ирэх есдүгээр сарын 20-ноос аялан тоглолтоо Монгол орны баруун хязгаар Увс, Ховд, Баян-Өлгий аймгаас эхлэх юм байна.

Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч дуунд дуртай ард түмэндээ зориулан тоглолт хийхээр бэлтгэж байгаа хоёр поп дива хатагтай өөрсдийнхөө шилдэг уран бүтээлээс дээжлэн хүргэх бөгөөд тоглолтын үеэр үзэгч олонд зориулсан олон сюрприз барихаар шийджээ. “Altaa & Sally-21” аялан тоглолтын Мэдээллийн ивээн тэтгэгчээр энэ жил 10 жилийнхээ ойтой золгож байгаа Монголын сайтын холбоо ажиллах юм байна.