Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Өнөөдөр “Олон улсын эх хэлний өдөр” тохиож байна

ЮНЕСКО 1999 онд жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын эх хэлний өдөр” хэмээн зарлан дэлхийн олон улс орон энэ өдрийг тэмдэглэх болжээ. Бангладеш улсын иргэд 1952 онд өөрсдийн эх хэл Бангла (Бэнгали хэл гэж ч нэрлэгддэг) хэлээ авч үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлсэн байна. Бангладеш улсад улмаар 2 сарын 21-ний өдрийг Эх хэлний өдөр болгосон аж. Түүнээс улбаалан олон улсын эх хэлний өдөр үүсэлтэй гэж үздэг юм байна.

Эх хэлний олон улсын өдөр нь соёлын ялгаа, дэлхий дээрх бүх эх хэлийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх өргөн хүрээний зорилт дэвшүүлжээ. Нэг үндэстний эх хэлний төлөөх тэмцлээс гаралтай энэ өдөр эх Монгол хэлнийхээ талаар бид авч үзэх хэрэгтэй бололтой.

Монгол улсын хувьд эх хэл (Монгол хэл)-ний өдөртэй. Монгол улсын Ерөнхийлөгч 2017 онд ийм өдөртэй болох зарлиг гаргасан ( 8 дугаар сарын 25-ны өдөр Дугаар25)байдаг.Тус зарлигт:

1.Жил бүрийн 9 дүгээр сарын 01-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон зарласугай.

2.Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бүх шатны сургалтын байгууллагууд “Эх хэлний өдөр”-ийг жил бүрийн энэ өдөр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлсүгэй гэжээ. Харин хамрах хүрээг нь “Бүх нийтээр монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх, төрийн болон захиргааны албан бичиг хэрэг хөтлөлтийг монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын монгол хэлний хэм хэмжээнд нийцүүлэх, монгол хэл бичиг, кирилл үсгийн дүрмээ сурч судлах, өвлөх, өвлүүлэх, эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх талаар санаачилга гарган ажиллах” хэмээн тодорхойлж өгсөн байна.

Иймд жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд бол Монгол улсын эх хэлний өдөр. Харин жил бүрийн 2 дугаар сарын 21 нь дээр хэлсэнчлэн олон улсын эх хэлний өдөр болж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

А.Цэгмэд: “Нийслэл хүүхэн”-ий Ажаагаас хойш тав, зургаан дүрд тоглолоо

“Нийслэл хүүхэн” киноны Ажаагийн дүрд тоглосон жүжигчин А.Цэгмэдтэй ярилцлаа.


-Сүүлийн үеийн хэд хэдэн кинонд таныг харлаа?

-Баярлалаа, урлагийн буян.

-“Нийслэл хүүхэн” киноны Ажаа гэж хүн бүр дууддаг хөөрхөн эмээгийн дүрээр од болж байна даа?

-Ажаагаас хойш тав, зургаан ажил орж ирсэн. Ддиш, Look TV, Юнивишн багцаар л яваад байгаа юм гэсэн. “Карантины хүүхдүүд” л гэнэ. “Амар байна уу, Ким” л гэнэ. Бас нэг удганы тухай кино бий. Заримынх нь нэрийг тогтоогоогүй ээ.

-Ойр ойрхон эмээгийн дүр бүтээхээр нэгийг нь нөгөөгөөс нь ялгаруулах хэцүү юү?

-Яалаа гэж. Сурсан эрдмийнхээ оройд нь хүрээгүй ч зах зухаас нь чаргууцалдаад зуураад, базаад авсан юм болохоор “Нийслэл хүүхэн” киноны эмгэний дараа Ким солонгос охины хадам ээж боллоо. Хүлээж авахад бас өөр байх талаас нь өөрийгөө элээж, ирлэж, хуурайдна шүү дээ. “Нийслэл хүүхэн”-ий эмгэн бол жавхалзсан, тачигнасан, хүнээр хүн хийх гэж хичээж байхад тэр Кимийн ээжийн дүр хоорондоо 15-20 хоногийн зайтай л орж ирж байгаа ажил шүү дээ. Хэрвээ хэлийг нь мэдэхгүй солонгос бэр ороод ирвэл хүүгийнхээ төлөө бүхнээ л зориулна. Тийм маягтай байх жишээтэй. Дараа нь Лүн суманд очиж зураг авсан, бас нэг хөдөөгийн эмгэний дүр. Сайхан зээ охин нь удганы угтай болж, ухаан алдаж унаад болдоггүй. Эмгэн рүүгээ хайч хүртэл шиднэ. Тэрийг аргалахын тулд бас яах вэ. Ингээд огт өөр өөр байхын тулд хувь хүнээс зөндөө зүтгэл шаардана даа.

-Ажаа эмээ хөөрхөн дүр л дээ. Гэхдээ бэрээ бол харцаараа удирдах шахдаг хатуухан хадам ээж юм шиг ээ. Бодит амьдрал дээр та ямархуу хадам ээж вэ?

-Амьдрал дээр би Ажаагаас огт өөр хадам ээж. Миний бага хүүгийн эхнэр ихрийн өрөөсөн байгаа юм. Дархан бэр шүү дээ. Тэр бэр маань найзууддаа “Хүүгээсээ илүү намайг өмөөрдөг” гэж ярьсан гэсэн. Бэр, худтайгаа дотно, сайхан харилцаатай. Бэрдээ сайн байвал амьдрал сайхан болно. Бэр маань ч намайг сайн сонсдог, хүлээн зөвшөөрдөг.

-“Нийслэл хүүхэн” кинонд таны тамирчин байсан чадварыг ашигласан хөөрхөн хэсэг байдаг даа. Толгой дээрээ бол ядах юмгүй л тогтож байна лээ. Та одоо ч дасгал хөдөлгөөн хийдэг үү?

-Өглөөний дасгал байнга хийнэ. Одоо энэ коронагийн үед гэртээ л пижигнээд байна шүү дээ. Гадаа гарах арга байхгүй. Гэртээ цаг минутаа харж байгаад дороо зөөлөн гүйнэ. Амьсгаадаад хөлрөөд эхлэхээр нь өөртөө таарсан дасгал хийнэ. Дал гарсан хүн чинь залуудаа хийж байсан дасгалаа нэг их хийхгүй. Таарсан юмнуудаа хийгээд байхаар хар багадаа хийж байсан сунгалтын дасгалууд, энээ тэрээ юмнууд чинь хэвээрээ хадгалагдаж үлддэг юм билээ. “Нийслэл хүүхэн” кинон дээр дасгал хөдөлгөөн оруулсан нь миний санаа биш. Зохиолд энэ тухай бичигдээгүй. Нэг өглөө үүрээр найруулагчийн группийнхэн намайг дуудахаар нь нойрмогдуу очсон чинь “Та илүү гэрийнхээ гадаа тэрлэгээ дэвс, энэ дээрээ дасгал хийнэ дээ” гэсэн. “Ямар юмаа хийх вэ” гэсэн чинь “Та драмын театрт 70 насныхаа ойг тэмдэглүүлж байхдаа толгой дээрээ хөлөө өргөөд шуугиулсан байна лээ, тэрийгээ хий” гэсэн. “Аан за, тэрийг хийх юм уу” гээд хийлээ. “За болчихлоо” гэсэн. Сүүлд киногоо үзсэн чинь төө тэнд байгаа хоёр нөхөр гэрээсээ гарч ирээд “Хүүе, тэнд нэг хүн гацчихсан байна” гэсэн чинь Б.Баатархүү “Ажаа л дасгалаа хийж байна шүү дээ” гэх байдлаар оруулсан юм билээ. Найруулагч, Ааяа, Б.Баатархүү гурав нийлж байгаад Ажаа гэдэг хүний дүрийг тодотгоход онцлог нь ийм байна шүү. Залуудаа энэ хүн олби оготно шиг спорт хөөгөөд гүйж байсан гэдгийг тодотгоё гээд ингэж оруулсан юм билээ.

-”Мартагдсан дууль” кинон дээр та гурван найз эмэгтэйн нэгний дүрд тоглодог шүү дээ. “Алив нэг татчихъя” гээд нөхрөөсөө эмээсэн, хойшоо яарсан эмэгтэйн дүрийг сайн гаргадаг?

-Гучин хэдтэй л байсан даа. Уг нь намайг агсам тавьдаг эмэгтэйн дүрд тоглуулах гэхээр нь би дүрээ солиулсан юм. Социализмын үед найруулагчийн оноосон дүрийг “Би үүнд тоглохгүй ээ” гэж хэлдэг зоригтой хүн байгаагүй. Тухайн үедээ би зоригтойдоо биш, амьдралын байдлаас шалтгаалаад “Би нөхөртэй эмэгтэйн дүрд тогломоор байна. Гадаад дотоодын хүнтэй явалддаг эмэгтэйн дүрд тогломооргүй байна” гээд аминдаа дүрээ голсон чинь Ж.Сэлэнгэсүрэн найруулагч “Чи тэгвэл Улаанбаатар яв, дүрээ голдог жүжигчинг бид авахгүй” гэлээ. Дарханд зураг авсан юм. “За за би явъя” гэсэн чинь найруулагч “Энэ ер нь явах нь байна шүү” гэж бодсон шиг байгаа юм “За, чи тэгвэл даруу Дэжидэд нь тогло” гэж зөвшөөрсөн юм. Даруу Дэжид нь нөхөргүй хоёр найздаа хань болж, “Өвгөн чинь юм хэлэхгүй биз дээ. Юунд нь дав дув гээд байгаа юм бэ” гэхэд нь “Яахав, дараа гарахаа бодъё” гэдэг шүү дээ.

-Та “Өөрийгөө тоодоггүй хүн” кинонд өвгөн нь гэнэт муудахад сандраад гүйж байгаа эзэгтэйн дүрийг бас их сайхан гаргасан даа. Та туслах дүр мөртлөө сэтгэлд үлдсэн дүрүүд бүтээдэг. Дүр дээрээ их ажилладаг уу?

-Баярлалаа. Туслах дүр дээр ажиллахын тулд тэр дүрийн намтрыг би өөрөө бичдэг юм. Туслах дүр ч бодит хүн шүү дээ. Намтар гараад ирэхээр энэ хүнтэй төстэй амьдралтай ямар хүн байна гэж хайхаар нэг хүн гараад ирнэ. Түүнийгээ хараад судлаад байхаар нэг онцлог ажиглагдана. Жишээлбэл, Янжмааг хараад байхаар инээдэг юм уу эсвэл “Буруу хойшоо” гээд цочдог ч юм уу байх жишээтэй. Тэгэнгүүт түүнийг нь бариад авдаг. Туслах дүр жижигддэггүй юм даа. Жижиг дүр ч уран бүтээл.

-Тийм болохоор та “Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртсэн байх л даа?

-Үртэй хүн жаргалтай гэдэг. Үр хүүхэд төрүүлж үзээгүй өрөвдмөөр эмэгтэйн зовлонг гаргахын тулд бас судалгаа явсаан. Яалт ч үгүй зүрхэндээ нулимстай дүр. Тэгээд л шагнал авсан байж магадгүй ээ, хөөрхий.

-Та Польшид 15 жил амьдарсан гэсэн үү?

-Тэгсэн. Амьдрал судалсан. Гурван дээд сургууль төгсөхийн дайтай болсон. Тэнд миний өсгөсөн хүүхэд түрүүч нь 33 хүрчихсэн явж байна. Намайг “Марка Поло” кинонд тоглож, Унгарт хоёр сар хагас зураг авалттай байхад Варшаваас аав ээжтэйгээ ирсэн. Тэр хүү Америкт сурдаг мөртлөө зуныхаа амралтаар ээж, аав хоёртойгоо над дээр очсон. Миний хамгийн анх өсгөсөн польш хүүхэд байгаа юм. Түүнээс хойш хоёр ихэр хүүхэд, бас нэг хүүхэд нийтдээ долоон хүүхэд өсгөсөн юм. Заримыг нь өлгийтэй байхаас нь арван сар хүргэнэ. Заримыг нь тав зургаан сартай байхаас нь ой өнгөртөл нь харна. Тэгээд л дараагийн айлд шилжинэ. Айлууд нь “Энд нэг хулгай хийдэггүй, худлаа хэлдэггүй монгол эмгэн байна, жүжигчин юм гэнэ ээ, найдвартай хүн шүү, танайх авах уу” гээд бие биедээ дамжуулчихна. (инээв) Ийм маягаар хүүхэд асардаг ажил хийхийн хажуугаар бас зүгээр суухгүй шүү дээ. Шинэ барилгын цонх угаана. Баян айлын гэр цэвэрлэнэ. Польш эмэгтэйчүүд юм индүүдэх дургүй. Индүүний халуун уур хүний эрүүл мэндэд тааламжгүй гэж үздэг. Би сард хоёр удаа нэг том профессорынд очиж, 54 цамц индүүддэг байлаа.

-Ямар ч олон цамцтай юм бэ дээ. Та ч мэргэжлийн өндөр түвшинд индүүдэх нь ээ?

-Өдөрт гурван цамц өмсдөг юм гэнэ билээ,тэр том профессор. Найруулагч, гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн “Буруу өрөг” гэдэг кинонд тоглосон юм. О.Бат-Өлзий намайг “Үүнийг А.Цэгмэд эгч л хийж чадна. Гэрийн үйлчлэгчийг бүр супер, европ стандартаар хийж байсан” гээд сонгосон шүү дээ.(инээв)

-Та удаан хугацаагаар завсарлаж байгаад үзэгчдэдээ буцаж ирлээ. Хүн бүрийн гялалзах хугацаа өөр. Магадгүй та 70 насандаа шуугиулах ёстой юм байлгүй дээ?

-Тийм. Бурхнаас өгсөн цаг хугацаа байх аа. Зах зээл эхлэхэд театр нь тарж, ажилгүй болсон. Тэр дунд болох ёстой юм болдгоороо болоход энэ нэг хүн орон зайгаа яаж олох нь вэ гэж бурхан намайг сорьсон байх. “Олвол аз чинь олохгүй бол хохь чинь” гэсэн юм байлгүй. Юунд баярладаг гэхээр урлагийн сайхан эхлэл байвч төгс гүйцээж чаддаггүй тийм сайхан мэргэжил надад заяасан болохоор нэг их гандаж, зэвэрчихгүй хоцрогдчихгүй байхыг хичээсэн. Польшид 15 жилийг өнгөрүүлсэн туршлага намайг улам хурцалж, юм бодуулсан байх. Байнга урлагийнхаа төлөө оюун санаа, бие бялдрын хувьд бэлэн бай гэж бурхны зарлиг шиг цаанаасаа тушаасан байх гэж баярладаг юм.

-Эргээд кинонд тоглоход төсөөрсөн юм шиг санагдсан уу?

-Би чинь театрын жүжигчин хүн тэр тусмаа эрэгтэй, эмэгтэй хүүхдийн дүрд голдуу тоглож байсан болохоор “Ану” хатан киноны түүхэн дүрд тоглох их л том хариуцлага юм билээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгт маш их баярладаг. “Би Дарабалжи хатнаа олчихлоо. Кино проб хийх хэрэггүй. Би хүүхэд байхдаа үзэж байсан “Нэр төр” жүжгийн Пагмын дүрд тоглосон эгчийг олчихлоо” гэж хэлж байсан. Өмнөд Монголд багшилж байхад намайг дуудаж авчирч тоглуулсан юм. Эхэндээ камерын өмнө сандарч байна лээ. Яагаад гэвэл “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Гал хам”, “Их замын тоос”, “Анхны яргуй”-гаас хойш завсарлаж байгаад, дахин кинонд зураг авахуулсан юм. Би театрын жүжигчин байсан учраас ерөнхий зураглаач Д.Ангараг, Ардын жүжигчин Г.Равдан нар их түшиг болсон. Театрын тайзан дээр тоглох, кинонд тоглох өөр гэдгийг тэд надад хэлэхгүйгээр мэдрүүлсэн. Хэрвээ би театрт хүүхдийн дүрд тоглож байсан бол 650 үзэгчид хүргэхийн тулд ёстой хэтрүүлээд өгнө шүү дээ. Харин камерын өмнө хэтрүүлэх л юм бол худлаа болно гэдгийг тэгэхэд мэдэрсэн учраас “Ану” хатан кино бол өнөөдөр эрэлт хэрэгцээтэй байгаагийн маань эх суурь нь болсон. Тийм учиртай.

-Одоо таны нэг өдөр ямархуу өнгөрч байна вэ. Өдрийн дэглэм барьдаг уу?

-Өглөө босоод дасгалаа хийнэ. Өглөөний цайгаа ууна. Хүний өдөрт иддэг хоол ундны хэмжээ гарын таван хуруутай адил. Өглөөний цай чигчий хуруу шиг жаахан бага. 11 цагийн үед түүнээс арай ахиу. Өдөр бол сайхан амттай хоол, хүссэнээрээ иднэ. Дараа нь бага шиг юм иднэ. Орой бол эрхий хуруу шиг багахан хэмжээтэй иднэ. Гарын таван хурууны хэмжээгээр өдөртөө хооллох хэрэгтэй гэж боддог доо. Ойрд би Соёрхын Пүрэвсүрэнгийн номуудыг их уншиж байна. Сая энэ хүн “Хавт Хасар” зохиолоороо “Алтан Өд” хүртсэн. “Хайр нандин” богино өгүүллэгийн түүвэрт оюутнууддаа хэлж өгөх гоё санаанууд байдаг юм. Би “Зохиомж” дээд сургуульд багшилдаг л даа. Удаан телевиз ширтэх, утас маажихаас зугтах маягтай. Гэхдээ утас маань байнга нээлттэй байдаг юм. Киноныхон залгавал хаагаад хаячихаж болохгүй.

-Та сошиалд идэвхтэй байх юм аа?

-Заримдаа хамаагүй шүүмжилж байж буруудна аа. Тэгээд постоо устгана шүү дээ. “Эхиймаа” киноны дараа бужигнуулсан. Жаахан шүүмжилсэн пост оруулсан чинь зарим нь ч “Зөв, ингэж зоригтой дуугарахгүй бол хэн дуугарах вэ” гээд. Зарим нь та Ц.Алдармаагийн анхны уран бүтээлийг харлуулах гэж байгаа юм шиг пост хийлээ гэсэн. Би тэгээд постоо хоёр хонуулаад татсаан.

-Хичээж хийсэн уран бүтээл нь хасагдаж, танагдахаар ямар ч уран бүтээлчийн хувьд сэтгэлд юм хуралдана, хэлж яримаар санагдах үе байдаг даа?

-Харин тийм. “Зоорь-2” гээд аймшгийн кино бас телевизээр гараад байна лээ. Хүүхдүүд бас их сонин, аймшгийн кинонд дуртай юм билээ. Гудамжаар явж байсан чинь “Хөөе, нөгөө муу хөөрхий хэлмэгдсэн эмээ энд явж байна” гэж байсан. Түүн дээр миний тоглосон дүрийг таазнаас дүүжилж байгаад хана савдаг, зомбидуулна гэж ярьдаг шүү дээ, тийм хэсэг гардаг юм. Тэгэхэд шатнаас унаж байгаа хэсэгт орлон тоглогч авна гэхээр нь би “Үгүй, би өөрөө хийнэ” гэсэн юм. Тэр чинь 2018 оны кино. “Таныг гэмтчихвэл хэн хариуцах юм бэ” гэхээр нь “Би гэмтэхгүй ээ, спортын хүн чинь яаж унахаа мэднэ” гэсээр байгаад тоглосон.

-Та ер нь ирсэн урилгыг хүлээж аваад тоглоод л байна уу?

-Үгүй гэдэггүй юм. Заримдаа миний оюутнууд клип хийлгэнэ гэдэг. Зарим нь “Анхныхаа киног хийнэ” гэдэг. Тэдэндээ бол үгүй гэж хэлж чаддаггүй. Хөөрхий минь, багш нь дэмжихгүй бол хэн дэмжих вэ. “Тэдэн төгрөгөөр тоглоно” гээд гэдийчихвэл миний шавь гомдоно шүү дээ. Тэгж бодоод үгтэй ч бай үггүй ч бай бага ч бай, гол дүр биш ч бай яваад л байгаа.

-Та Цагаан сараар хуулиа л дагав уу, яав?

-Өө, хууль дүрэм нэг жаахан зөрчигдчих шиг болно лээ. Яг л сайхан гэртээ байсан чинь телевизийн нэвтрүүлэгт оролцооч гэлээ. Гэхдээ арваад хоногийн өмнөөс над руу ярьсан юм. “Монгол ёс заншилтай холбоотой Цагаан сарын нэвтрүүлэгт хүүхэд насны чинь Цагаан сарын тухай яриулах гэсэн юм” гэсэн. “Таны яриа их таалагдаж байна” гээд нэлээд яриулж авсан юм. Шинийн нэгэнд цаг нь багтаагүй зайлуул, нөгөө коронагийн мэдээ орж ирээд, саяхан гаргах шиг болно лээ. Гэртээ байсан чинь унаагаар сапп гэж аваад, буцаагаад авчирсан.

-Цагаан сарын өмнөхөн баахан хүмүүс шагнал авав даа. Таныг гавьяат болчихлоо гээд зарим нь андуураад байх шиг байсан?

-Зарим нь андуураад, зарим нь энэ хүн болчихоосой гээд зөндөө л юм бичсэн байсан. Ард түмэн сэтгэлээрээ энэ шагналыг өгөөд байгаа юм байна даа гэж ойлгоод урамтай гоё байсан.

-Төрийн түмэн нүд харах байх аа. Үзэгчийн хувьд удахгүй сайхан мэдээ дуулдана гэж найдаж байна?

-Би л настай хүн гээд насаараа түрээ бариад гавьяа шагнал авах гээд байвал намбагүй л юм болно. Нас бол яах вэ. Бүтээлээр авах учиртай. Итгэлт баяны дайтай дүр бүтээчихээд бардам явж байхад яах вэ. Тэгээгүй байж наана нь горьдоод хэрэггүй. Маршал Х.Чойбалсанг улс удирдаж байх үеэс эхлээд, хичнээн ч төрийн нүүр үзэв. Олон нийгэм үзэж байгаадаа баяртай байдаг. Улс хувьсгалын 40 жилийн ойгоор гимнастик хийгээд явж байсан хүн одоо ч гимнастикаа хаяагүй байгаадаа гимнастикийн Г.Норов багшдаа баярлаж явдаг даа. Спортын мастер байлаа шүү дээ. Миний үеийн жүжигчид дотор спортын мастер бөгөөд жүжигчин хоёрхон л байсан юм. Нэг нь циркийн Д.Дамдин гуай. 40 жилийн ойг нь үзэж байсан хүн одоо 100 жилийн ойг нь үзэх гэж байна. Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Би чинь хэдэн ч алтан аяганаас ус уухын дайтай явна даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Батсүх: Монголын сайхан ард түмэнтэйгээ энэ орчлонгийн вирусийг арилтал сайхан дуулмаар санагдаж байна даа


“Завханы” хэмээн овоглогддог дуучин, гавьяат жүжигчин С.Батсүх Сар шинийн босгон дээр Ардын жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Эрхэм алдрыг хүртсэн түүнтэй ярилцлаа.


-Нутгаараа овоглогддог С.Батсүх гавьяат Ардаараа овоглох боллоо, баяр хүргэе. Энэ эрхэм алдрыг хүртэх болсон тухайгаа сонсоод яаж хүлээж авсан бэ?

-Баярлах, айх хоёр зэрэгцдэг юм байна шүү дээ. Би чинь 1993 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээд, тухайн үедээ их цочирдож, банкнаас 100 сая төгрөг аваад, дампуурсан юм шиг болсон шүү дээ. Бүх булчирхайнууд ажилладаг, ер нь би яах ёстой вэ гэж бодогддог юм билээ. Жижиг тэмдэг шиг хэрнээ олон түмний сэтгэл хайр, илч энерги шингэсэн байдаг юм байна.

Өчигдөр над руу Ерөнхийлөгчийн Тамгын газраас яриад “Ардын жүжигчин боллоо” гэсэн. Баяр хүргэж байгаа энэ олон хүний сэтгэгдлийг хараад их баярлаж сууна. Хүн эрийн сайндаа сайн явдаггүй юм байна, олон түмнийхээ хүчээр явдаг юм байна. Би бол гайхамшигтай том дуучин биш шүү дээ. Зүгээр л чин сэтгэлээсээ дуулахыг хичээдэг, өөрөөрөө байхыг хүсдэг. Одоо нэг их гайхамшигтай юм надаас гарна гэж юу байв гэж дээ. Гэхдээ чин сэтгэлээсээ Монголын сайхан ард түмэнтэйгээ энэ орчлонгийн вирусийг арилтал сайхан дуулмаар санагдаж байна даа. Анх П.Очирбат Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртсэн бол өнөөдөр Х.Баттулга Ерөнхийлөгчийнхөө зарлигаар Ардын жүжигчин гэдэг энэ сайхан цол авч байгаадаа бэлгэшээж байна.


-Цахимаар, утсаар мөн ч олон хүн танд баяр хүргэж байна даа. Та энэ сайхан мэдээг аваад хэнтэйгээ хамгийн түрүүн хуваалцахыг хүссэн бэ?

-Хамгийн түрүүнд ханьдаа хэлсэн. Манай хүн баярын нулимс дуслуулсан. Хүүхдүүд маань ярьсан. Хамгийн том эгчдээ хэллээ. Ойр тойрны найз нөхөд маань олноороо холбогдож байна. Сайхан байна. Олон түмнийхээ алга ташилтан дунд урамшин, хөглөгдөж олон жил дууллаа. Би өөрийгөө маш их азтай хүн юм байна гэж боддог. Би нэг ч төгрөгний бизнес хийгээгүй хүн. Зөвхөн энэ хэдэн дуугаа л сэтгэлээсээ дуулж ирлээ. Миний сургийг сонсоод үзэгчид маань ирж үздэг. Улаанбаатарт анх бие даасан тоглолтоо хийхэд тэр их цасан шуурган дундуур С.Батсүхийнхээ билетийг авах гээд ирж байгаа хүмүүсийг хараад миний нулимс гарч байсан. Ийм л сайхан ард түмэн дээ. Хойшдоо ч чин сэтгэлээсээ дуулж явна аа. Надаас хувь илүү атлаа энэ мундаг цолыг авч чадаагүй сайхан хүмүүс олон бий. Би бол яахав, өөрийгөө жаахан голонгуй явдаг хүн. Гэхдээ энэ булчирхайнууд их ажиллаж байна. Их баярлаж байна даа.

-Та энэ өдрүүдэд аав, ээжийгээ дурссан байх. Тэднийхээ тухай яриач?

-Миний ээж хүүхэд рүүгээ ширүүн ч хардаггүй зөөлөн хүн байлаа. Аав маань ширүүндүү, хатуу шаардлагатай хүн байсан даа. Аав, ээжийнхээ зургийн өмнө би бүх зүйлээ авчирч тавьж байсан. Шинэ цомог гарсан ч хамгийн түрүүнд авчирч тавина. Гавьяат аваад тэмдгээ бурхдын өмнө аав ээжийнхээ зургийн өмнө хадгалсан. Дээрээс харж байдаг байх гэж боддог. Хүн хэн байсан бэ, хаанаас ирсэн бэ гэдгээ санаж явах учиртай. Аав маань орос хэлтэй, боловсролтой хүн байсан. “Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Чи өөрөө зүтгээд үз” гээд надад зам зурж өгч байсан. Чиний гараа энэ. Замд чинь шавар шалбааг, чөтгөр шулам, даваа гүвээ, зөндөө юм тохиолдоно. Олдсон боломжийг барьж аваад өөрөө зүтгээд яваарай гэж хэлж байсан. Гурван бадаг дуу барьж аваад, явсаар байгаад өнөөдөр олон түмний хайр хишгийг хүртлээ дээ.

-Энэ өдөр анх тайзан дээр дуулж байсан үеэ дурсахад сонин байх болов уу?

-Анх Завханы театрын тайзан дээр хормойгоо чичрээд, уруул ам эвлэхгүй хөөрхөн юм дуулаад явдаг байсан даа. (инээв) Жаахан байхад маань Дэндэр гээд хараагүй хүн үлгэр ярьдаг байсан юм. Тэр хүний үлгэр дуусдаггүй. Төрөлхийн хараагүй мөртлөө сэтгэлдээ хараатай хүн байсан юм билээ. Түүний ярьдаг үлгэрийн баатар шиг болох гээд шөнө орондоо орчихоод уйлдаг, мөрөөддөг байж билээ. Мөрөөдөмтгий сэтгэлгээтэй болсон маань түүний нөлөө. Сэтгэл доторх жаахан цогийг тэр хүн асааж өгсөн гэж боддог юм. Хожим “Дэндэрийн үлгэр” нэрээр кино концерт хийсэн. Тоглолт хийсэн. Дараа нь над дээр хараагүй хүүхдүүд зорьж ирсэн юм. Юм учиртай байдаг юм болов уу даа. Э.Бат-Энгүүн хүү ч байна. Нүдний зурагтай бөгж хийлгэж байсан удаатай. Тэгээд энэ хөөрхөн хүү ирээд одоо хараатай болсон байх жишээтэй. Цаанаасаа бурхны зараалаар хүүхдүүд над дээр ирдэг юм болов уу гэж боддог. Өглөө босоод аав, ээжийгээ бодно. Бага насаа дурсан санана. Хэн байсан гэдгээ хүн бодож явах ёстой юм билээ. Муу хүн гэж байдаггүй юм байна. Муу хүн байлаа гэхэд түүнд ч бас сайн тал байдаг. Түүн дээр нь сайхан сэтгэл нэмж амьдрах хэрэгтэй. Олон түмний сэтгэлийн эрчим хүч энерги гэдэг хүчтэй юм байна гэж мэдэрсэн. Одоо бол урт наслах хэрэгтэй байна. Эрүүл саруул байх ёстой. Би 33 кг хассан шүү дээ. Студи дээрээ “Өөртэйгөө тэмц, өрөөлийг дэмж” гээд уриа хадсан байгаа. Овоо жин хассан байсан чинь гэр бүлийн хүн маань “Мах ид” гэж загнасаар байгаад эргээд бараг арваад кг нэмсэн байна даа. Шинийн 8-наас эхлээд цагаан хоол, янз бүрийн юмнуудаа хэрэглээд, жингээ хасаад, урт наслахыг хичээнэ дээ. Тэгж байж олон түмэндээ зөв мессэж өгч чадна шүү дээ.

-Та олон шинэ дуучин дэмжсэн. Б.Бат-Энэрэл хүү танд баяр хүргэв үү?

-Хамгийн түрүүнд тэднийхэн надтай холбогдож байна лээ. Б.Бат-Энэрэл маань утсаар надад үг хэлж байна лээ. “Хурдан том болоод, хүүхэдтэй болохоор маань та миний хүүхдийг харж өгөөрэй” гэсэн. Ээж, эмээ хоёр нь дахин дахин залгаад, баяр хүргэсэн. Тэд яг манай гэр бүлийнхэн шиг байдаг. Би ч хамаагүй загнах үедээ загнадаг. Юу ч хэлсэн тоохоо байсан шүү дээ, тэд маань. “Хамгийн сайн хүмүүстээ хаврын тэнгэр, бусдад нь бол бурхан” гээд намайг биччихсэн байсан.

-Та шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Би 2019 онд “Очирвааний хүлгүүд” дуугаа хийсэн. Дараа нь “Сэтгэл минь чиний анд” гээд Ц.Бавуудоржийн шүлгээр хийсэн дуу бий. “Ухаарал” гээд дуу хийлээ. Сая цол авахын өмнөхөн Б.Бат-Эрдэнийн (АРАНЗА) “Хотын хүүхнүүд” дуунд клип хийгээд цацаж эхэллээ. Миний зорилго бол нутаг ус руугаа хандсан, монголчууд руугаа хандсан ухаарлын сэдэв рүү орж эхэлж байна. Одоо бол жаахан цагаан гунигтай дууг сонсохоо байж эхэлж байна. Ерэн хэдэн онд цагаан гунигтай дуу сонсож байсан, 2000 оноос оргилсон баярласан бахархсан, бардсан дуунуудыг сонсдог байсан бол одоо ухаарал сонсож эхэлж байна. Монголын нийгэмд үүр хаяарах цаг ирж байна даа гэж би бэлгэшээдэг. Дээхнэ үед гоё дуучны хоолой сонсож, сайхан дуучны дүрс харж алга ташдаг байсан бол одоо нэгнийхээ сэтгэл рүү өнгийж, хүний сэтгэл сонсдог болж. С.Батсүх энэ дуугаараа яг юу хэлээд байна гэж сонсдог болжээ. “Аашаар засардаггүй орчлонг аргадах л гэж дуулдаг юм, би. Дулаахан сэтгэлийг минь мөнхийн анд гэж итгээрэй”гэх мэтчилэн үгтэй дуунуудыг дуулж сая бичүүлж, клип хийлгэсэн байгаа. Дэлхийгээр тархсан монголчууддаа зориулж сайхан дуу хийх сэн гэж хүсдэг. Нийтийн дуу бол ардын дууны үргэлжлэл гэж боддог.

-Цагаан сар дөхөж байна. Хөл хориогүй байсан бол олон хүн гэрээр тань ирж баяр хүргэх байсан даа. Энэ Цагаан сарыг та яаж тэмдэглэх вэ?

– Ноднингийн Цагаан сарыг ч гэртээ ах дүү нартайгаа цахимаар золгож, сайхан таваг идээгээ засаад, тэмдэглэсэн. Энэ жил ч ялгаагүй. Өнөөдөр дэлхий нийтээр вирустэй байгаа үед гэр гэртээ байж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй байна. Өөрийгөө хамгаална гэдэг өрөөлийг хамгаалж байгаа гэсэн үг. Уг нь Цагаан сараар залуу дуучид өдөржингөө манайхаар орж ирдэг шүү дээ. Гоё л байдаг. Нэг сайхан нартай өдөр бүх юм сайхан болно. Тэгэхэд өөд өөдөөсөө хараад, бие биентэйгээ гар барих цаг ирнэ. Үзэгчид маань даган дуулж, алга ташихыг харан дуулах өдөр ирнэ.

-Ингэхэд хамгийн дурсамжтай Цагаан сар хэзээ байв?

-Хүүхэд байхдаа аавтайгаа хамт өглөө нартай золгоод, манай өвөлжөөний хажуугийн овоон дээр очиж, тойрч явдаг байлаа. Хамгийн гоё мориныхоо дэлийг нь засаад, уяж сойж бэлтгэдэгсэн. Өндөр настай сайхан улсуудад золгох сайхан л даа. Цагаан сар гэдэг цагаахан хайрын баяр гэж хэлж болно. Өвгөд хөгшдийнхөө тохойг түшээд золгодог, нялх балчруудынхаа алгыг тэнийлгэдэг. Шинэ хувцас өмсдөг, юм болгоныг шинээр эхэллээ гэж бэлгэшээдэг. Хөдөөнийхөн чинь хаваржингаа шахуу золгодог шүү дээ. Хоёр аманд байж, “Зун сайхан уулзана даа” гэдэг юм чинь одоо бол энэ вирустэй үед хавар, зун сайхан золгож уулзах бололцоо гарна гэж бодож байгаа.

-Нутгийнхан тань их баярласан байх аа. Завханчууддаа, хайртай хүмүүстээ сэтгэлийн үгээ хэлж болно шүү. Өдрийн сонин чинь хөдөө хотгүй мянга мянгаараа тардаг юм шүү дээ. Отгонтэнгэр хайрхан тань нутгийн хүүгээ цаашдаа ч ивээх байх аа?

– Сүүлийн жар гаруй жил Ардын жүжигчин, арслан цолыг завханчууд аваагүй. Одоо нэг том үүд хаалга нээгдэж байна даа. Цаашдаа олон сайхан хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлж, арслан цолтон төрөх байх гэж найдаж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамьян, Урлагийн гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Н.Лутбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудорж, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан нартаа ханцуйдаа залбирч явдаг шүү. Тэднийгээ төрөөрөө үнэлүүлж байгаад нь сэтгэл өег байдаг. Гавьяатын тэмдгээ айхавтар зүүдэггүй яваад, Н.Лутбаярыгаа Урлагийн гавьяат зүтгэлтэн болоход зүүдэг болсон доо. Завханчууддаа, монголчууддаа танай сониноор дамжуулан баярлалаа гэдгээ уламжилъя.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

О.Баяржаргал: “Хүүхнүүд ээ гэж” дууны клип гарах гэж хоёр жил болсон доо

“Энэ хүүхнүүд үү” киноны хөгжим дууны аялгуу болно гэж хэн санах билээ. Уг аялгуунд донжтой нь аргагүй дуулсан “Испани дууны” хэмээх тодотголтой дуучин О.Баяржаргалтай ярилцлаа.


-Таны шинэхэн уран бүтээл “Хүүхнүүд ээ гэж” клипийг саяхан сонссон. Шинэ уран бүтээл мөртлөө танил сонсогдоод байгаа нь хуучны сайхан киноны аялгуутай холбоотой болов уу. Энэ клипийг хэр удаан хийсэн бэ, яагаад “Энэ хүүхнүүд үү”-гийн аялгууг сонгож авсан юм бол?

– Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч С.Соронзонболдтой багш, шавь хэрнээ найзууд л даа. Багш маань надад “Л.Мөрдорж багшийн энэ хөгжим Монголын үндэсний джаз байхгүй юу” гэж хэлсэн юм. Би түүнийг нь соргогоор хүлээж аваад, “Үүн дээр дуу хийж болох юм уу” гэсэн чинь “Чи үнэхээр сайн хийж чадна гэвэл асуудалгүй” гэлээ. Оюуны өмчийг нь судлаад үзэхэд 50 жил илүү гарчихсан ард түмний өмч болсон байв. Яруу найрагч Ч.Алтантүлхүүр, Завханы С.Батсүх гавьяат гурвуулаа сууж байгаад яруу найраг биш, этгээд үгтэй байвал зүгээр гэж ярилцсан. Энэ уран бүтээл дээр удаан ажилласан. Сонсоход бэлэн болгох гэж жил болсон. Клип нь гарах гэж хоёр жил болсон доо.

-Сайн ажилласан болохоор хүмүүст хүрч байгаа болов уу, өөрөө ч маш донжтой дуулсан байна лээ. Эхний сонсогчид яаж хүлээж авсан бэ?

-Насны онцлогоос болоод хандлага нь өөр байсан. Үг нь жаахан этгээд байсан болохоор залуу хүмүүсийг татсан болов уу гэж бодсон. Тэд “Хөөх” гээд хүлээж авсан. Манай аав, ээжийн насныхан болохоор “Энэ чинь нэг л танил юу билээ” гэх жишээтэй. Сонсохоор танил, тэгсэн хэрнээ шинэ байх юм гэсэн л дээ.

-Сонсоход гоё хэрнээ дагаж дуулах гэвэл хэцүү үгтэй юм шиг ээ?

-Дуулах гэж үзвэл хэцүү. Дээрээс нь Л.Мөрдорж гэдэг хүн Монголын хөгжмийн түүхийн анхдагч гэдэг утгаараа энэ дууг Монголын анхны джаз дуу гэж хэлчихэд болно доо. Хөгжмийн хувьд зохиогчийнх нь хэв маягийг эвдээгүй. Найруулгаараа орчин үеийнх байлгах гэж зорьсон. Киногоо бүтэн үзээд, хөгжмийн элементүүд, зарим хэсгээс авах санаануудаа сайн бодож байгаад, залуу дуучин Э.Гэрэлсайхантай харьцаж дуулсан юм.

-Ингэхэд таны хувьд хүүхнүүд гэж хэн бэ?

-Амьдралыг эмэгтэй хүн авч явдаг гэдэгтэй би санал нийлдэг. Хүүхнүүд гэж хэн бэ гэвэл хүчирхэг эр хүн бүхний баттай ар тал нь юм даа. Бүсгүй хүний ухаан дээр үндэстэн оршин тогтдог шүү дээ.

-Таныг ямар ч төрлөөр дуулдаг гэдэг юм билээ. Сайнаар хэлбэл та олон талын авьяастай байж таарах нь. муу талаас нь харвал өөрийгөө олоогүй байж магадгүй шинжтэй. Аль нь танд илүү тохирох вэ?

– СУИС төгсөөд, өөрийгөө хайж их явсан. Одоо бол яг өөрийгөө олсон гэж хэлж болно. Бүх төрлийн дуу дуулж чаддаг гэдгийг бол хөрвөх чадвартай гэж дүгнэж болно. Би хөдөө орон нутгаар явж олон тоглолтод оролцдог л доо. Сонсогчдоо мэдрэх чухал санагддаг. Хөшиг яраад харахад хөгшид олон байвал Улаанбаатарынхны сонсдог дууг хүлээж авахгүй дээ. Зрительдээ тохируулаад эхний дуугаа сонгодог. Тэр сайхан хөгшдийг хүндэтгээд, ардын дуу дуулаад, дараа нь эстрадын дуу дуулж болно шүү дээ. Би СУИС-ийн дуурийн дуулаачийн анги төгссөн л дөө. Хөдөө өссөн, Дундговьд мал хариулаад явж байсан хүүхэд. СУИС төгсөөд болсон болоогүй карьер хөөгөөд явъя гэж бодоогүй. Нийтийн дуу дуулах гэж үзсэн, болоогүй л дээ. “Өөртөө таалагдаж байж, өрөөлд таалагдана шүү” гэж миний багш хэлдэг байсан. Бусдаас өөр байх, давтагдахгүй байх гэдэг эрэл хайгуул их хийсэн юм болов уу гэж боддог.

-Та яагаад дуурийн дуулаачийн ангийг сонгосон бэ, уртын болон ардын дуу ойрхон санагдаагүй юу?

-СУИС-д конкурс өгөөд орж байхад С.Жавхлан, Т.Баясгаланг шүтэж хошуурч байсан үе л дээ. Уртын дууны ангид оръё гэсэн бодолтой очсон боловч мэргэжлийн багш маань “Эндээ зохимжтой юм байна” гэсэн. Тухайн үедээ би юу ч мэдэхгүй “түүхий” хүн очсон болохоор мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагасан. Тэр маань ч зөвдсөн гэж одоо боддог. Би уртын дуу дуулж чадна шүү дээ. “Ар хөвчийн унага”, “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага” дуулах дуртай. Монгол ардын богино дуу ч дуулахыг хичээдэг. Үндэсний цөөхүүл хөгжимтэй дуулах гоё байдаг. Ардын дуу баялаг. Өөрөө студитэй болохоор ардын дууг джаз болгож болж байна, ямар л бол ямар болгож болж байна.

-Дуурийн дуу дуулъя гэж боддог уу?

-Сургууль төгссөнөөс хойш дуурьт дуулаагүй. Гэхдээ шинэ жилийн үеэр бол “Хундаганы дуу” байнга л дуулна л даа. Төгсөх үедээ хүн чигээ олдог. Би мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж үзсэн. Цэргийн дуу бүжгийн чуулга, Улаанбаатар чуулгад дуучин байж үзсэн. Хайрцагт баригдахгүй, цагт баригдахгүй ажиллах дуртай гэдгээ ойлгосон л доо.

-Та “Амирлахуйн чимээ” гээд тоглолт хийж байсан гэсэн үү?

-2016 онд Улаанбаатар чуулгад хийж байсан. Анхны тоглолт. Тухайн үед сэтгэл хөдлөлөөр юманд ханддаг байж. Чаддаг юмаа мэдэрч амжаагүй байхдаа юм юм руу тэмүүлж, тоглолт хийнэ, болчихно гэж боддог байсан. Одоо бодоход дутуу дулимаг болсон санагддаг юм.

-Таны “Хүүхнүүдээ гэж” хүмүүст таалагдсан байх. Үүний дараа шинэ уран бүтээлийн урилга, хамтарч ажиллах санал ирэв үү?

-Шинэ уран бүтээлийн санал ирж байгаа. Хоёр ч нот хүлээж аваад сууж байна.

-Таныг хамгийн их хөгөлдөг зүйлс юу вэ?

-Миний ажилладаг орчин байна. Байнга хөгжим сонсож ажилладаг болохоор тэр л намайг хөгөлдөг болов уу.

-Та Дундговь аймгийн Адаацаг сумынх гэсэн. Нутагтаа хэр их очдог вэ?

-Нутагтаа очдог. Ээж маань хөдөө малтай. Би дунд сургуульд сурч байхын л хот, хөдөөг хослуулж өссөн. Намар хичээл орохоор хотод ирээд хичээл тарахаар хөдөө очдог байлаа.

-Таны амьдралд хэрэг болсон зөвлөгөө байсан уу?

-Юу ч мэддэггүй байхад ах нар сургаал айлддаггүй, үзэж туулсан гашуун нясуунаасаа ярьдаггүй байсанд жаахан харамсдаг. Хоёрдугаар курст байхдаа сургалтын төлбөрөөс болоод жилийн чөлөө авах дээрээ тулаад, анги хариуцсан багш маань “Одоо цагт зовлон тоочсон хүнтэй найзалдаггүй, золбоотой хийморьтой яваатай нь очиж наалддаг цаг” гэж байсан юм. Тэр үг надад их юм бодогдуулсан.

Би бас хэвлэлээс мундаг хүмүүсийн яриан дундаас юм олж авдаг.

-Танд зөвлөж тусалдаг уран бүтээлийн хамтрагч нарынхаа тухай яриач?

-”Инээмсэглэл” хамтлагийн даралтат хөгжимчин, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдорж ах маань байна. “Гэрлэж амжаагүй явна” кинон дээр “Насны хувьд зөрүүтэй ч бид найзууд” гэдэг шиг бид хоёр бас их найзууд. Г.Пүрэвдорж ахын “Тэргүүн сар” гээд Цагаан сарын тухай дууг нь би дуулаад, дүрсжүүлсэн, youtube-д бий. Г.Пүрэвдорж ах маань миний уран бүтээлийг дэмжиж, зөвлөдөг. С.Соронзонболд багш маань байна. Багш маань их залуу сэтгэлгээтэй. Надтай хамт дуулсан Э.Гэрэлсайхан дүү маань байна. Бидний дараагийн хамтын уран бүтээл хийгдэж байгаа. Би эрэл хайгуулдаа хөтлөгдөөд испани дууг монгол ардын хөгжимтэй найруулсан, удахгүй дуулах гээд хөгжмийн найруулга нь хийгдсэн. Ятга, шанз, ёочин бишгүүр хөгжимтэй дуулна.

-Та яагаад испани дуунд дурлах болсон юм бэ?

-Үеэл эгч маань Америкт байдаг. СУИС төгсөөд “Дүү нь Монголын урлагийг гаднаас нь хармаар байна” гэхэд тэр эгч маань зааж зөвлөдөг байсан. Баруунд ийм байна, дэлхий нийтээр иймэрхүү байна гэдэг. “Ийм нэг сонин юмнууд яваад байх юм“ гэдэг. Латин Америкийн домог болсон алдартай хамтлагуудын дууг илгээдэг байсан. Энэ дуунуудыг сонсоод сураад дуулж яваад, Moon dance хамтлагийн дэлхийн аваргад оролцсон “Марина” гээд хөгжмийн найруулгад дуулагддаг дууг дуулсан. 2015 оноос хойш испаниар дуулж болох юм байна гэсэн бодол төрсөн юм. Эгчээсээ цахимаар испани хэлний дасгал хичээлүүдийг авсан. Миний урын санд арваад испани дуу бий. Нэг тоглолт дээр Б.Сарантуяа эгчтэй таарсан чинь “Наадахын чинь өмнө гарахгүй бол бужигнуулж хаячихаад гараад явдаг юм байна лээ шүү” гэсэн түүх бий. (инээв)

-Таныг испани дууны О.Баяржаргал гэх юм билээ. Ингэхэд испаничууд таны дууг хэр хүлээж авдаг вэ?

-Би испаничуудын өмнө гараад дуулж үзсэн. Нэг жуулчны баазад дуулсан чинь ихэнх нь америкчууд байсан. 17-18 испани хүн байсан. Монголын тал нутагт явж байхдаа ийм дуу сонссон чинь гоё байна гэсэн. Жаахан онгирч хэлэхэд, Монголд байгаа олон германууд миний дууг сонсох дуртай. “Монгол Германы гүүр” гэж төрийн бус байгууллага бий. Тэднийх жил болгон Монголд байгаа германуудыг, Германд боловсрол эзэмшсэн монголчуудыг цуглуулж арга хэмжээ зохиодог. Надаас уйдна гэж байхгүй, байнга урина. Тэнд цугладаг хүмүүс намайг андахгүй.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

2020 оны соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар ихэлч, бийч Ж.Хумбаа тодорлоо

Соёлын сайдын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн А/18 тоот тушаалаар Монгол Улсын соёлын биет бус өвийн шилдгийн шилдэг 3 дахь өвлөн уламжлагчийг тодруулан, алдаршуулж, “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагнал болох 30 000 000 /гучин сая/ төгрөгөөр шагнан урамшуулахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Журам шинэчлэн батлах тухай” 354 дүгээр тогтоолоор “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ыг баталсан. Соёлын өвийн үндэсний төвд 21 аймаг, нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор 28 өвлөн уламжлагчийн баримт, материалыг хүлээн авч, журмын дагуу сонгон шалгаруулалтыг Соёлын дэд сайдын дэргэдэх Соёлын биет бус өвийн мэргэжлийн зөвлөл зохион байгуулж ажилласан бөгөөд үр дүнд нь Увс аймгийн Малчин сумын харьяат, ихэлч, бийч Жутаагийн Хумбаа “2020 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагч”-аар шалгарлаа.

Жутаагийн Хумбаа нь 1943 онд төрсөн, 78 настай. Баяд бий биелгээ, ихэлийн татлагыг 10 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурч, эдүгээ 70 шахам жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байгаа юм. Ж.Хумбаа нь 1959 оноос эхлэн сум орон нутагтаа нэгдлийн малчин, сургуулийн тогооч, эмнэлгийн асрагч, зочид буудлын үйлчлэгч зэрэг ажил хийж улс орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарсан.

Тэрбээр Улаанбаатар хотноо зохиогдсон “Алтан тулга” ардын урлагийн их наадам /1980, 1981/, Ардын язгуур урлагийн улсын 1, 2-р үзлэг /1983, 1988/, Олон улсын кино наадам /1989/, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Ардын урлагийн их наадам /2001/, ЮНЕСКО-гийн Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хамгаалах наадам /2007/, язгуур урлагийн “Ойрад түмэн” наадам /2016/, “Нүүдэлчин Монгол-2018” соёлын наадам зэрэг улсын болон олон улсын чанартай наадамд тус тус оролцож, алтан тулга, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Язгуур урлагийн уламжлалт арга барил, дэг сургууль, намба төрхийг төгс эзэмшсэн “Өвлөн уламжлагч”, Монгол Улсын шилдэг “Өв тээгч” медаль, ЮНЕСКО-гийн “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнагдаж байжээ. 1990 онд БНХАУ, 2002 онд ОХУ-ын Тува улсад аялан тоглолт хийсэн.

Ж.Хумбаа нь баяд биелгээ, ихэлийн татлагаа хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулж гэрээр шавь сургалт явуулахын зэрэгцээ Улаангом сумын Парчин төв, Баруун Монголын язгуур урлагийн “Уран манлай” төв, Хяргас, Малчин сумын соёлын төвтэй хамтран баяд бий биелгээ, ихэл хөгжмийн дугуйлан хичээллүүлж, 500 гаруй шавь төрүүлээд байна. Мөн 20 гаруй удаа телевизийн нэвтрүүлэгт оролцож, “Цацал”, “Ихэл хуурын эгшиг”, Монгол, Францын хамтарсан “Морин хуур”, “Баядын хуримлах ёс” зэрэг баримтат кинонд шавь нарын хамт тоглосон бөгөөд “Ихэл хуурын эгшиг” баримтат кино нь Оскарын шагналд нэр дэвшиж байв.

Монгол түмний үндэсний уламжлалт өв соёл-бий биелгээ, ихэл хөгжмийн урлагийг өвлөж, түгээн дэлгэрүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх үйлст түүний оруулсан хөдөлмөр, зүтгэл, гавьяаг үнэлж Ж.Хумбааг 2012 онд “Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын Билэг авьяастнуудын улсын жагсаалт”-д бүртгэж “Батламж” олгожээ. Мөн түүний хөдөлмөрийг үнэлж 2007 онд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан тэмдэг, 2008 онд Төрийн дээд шагнал Алтан гадас одон, 2009 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль зэрэг шагналаар шагнаж байжээ.

Ж.Хумбаа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтад бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.

Дашрамд дурдахад 2018 оны соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар олноо Дөмөн Дулмаа хэмээн алдаршсан Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат уртын дуучин Доржийн Дулам, 2019 оны шилдэг өвлөн уламжлагчаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат, туульч Авирмэдийн Балдандорж нар шалгарч, “Хүндэт өргөмжлөл”, мөнгөн шагналыг гардан авсан юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

DNN-Lifestyle: Хуучин загвартай хувцсаар гангардаг “Vintage” шинэ урсгал залуусын дунд ихээхэн дэлгэрч байна

Хүмүүс бид хоорондоо яг адилхан боловч өмссөн хувцсаараа л ондоошиж дээр, доор хэмээн ялгагддаг. Гэвч шинээр нэг даавуун подволк үйлдвэрлэхэд 2700 литр ус зарцуулдаг. Хувцас үйлдвэрлэл дангаараа дэлхийн нийт агаарын бохирдлын 10 хувийг үүсгэж,жилд 20 тэрбум тонн хувцасны хаягдал гарч байгаль орчныг бохирдуулдаг. Шинээр хувцас худалдаж авах сайхан ч байгаль дэлхийд үлэмж хор хөнөөлтэй байх нь. Тиймээс орчин цагт хуучин хувцсыг төрөл бүрийн загвартай хослуулан дахин өмсч, гангардаг “vintage” хэмээх загварын шинэ урсгал залуусын дунд ихээхэн дэлгэрч, энэ чиглэлийн зах зээл хүчээ авах болсон.

Монголд ч бас ийм дэлгүүр байдгийг та мэдэх үү? 70, 80, 90-ээд оны хуучны цор ганц хувцаснуудыг оруулж ирэн,хувцас загварын шинэ соёлыг монгол залууст түгээж буй “Tako vintage clothing” дэлгүүрийн талаар сурвалжиллаа.

Энэ төрлийн хуучин хувцас нь хямд үнэтэй “комиссын бараа” гэдэг ойлголтоос ялгаатай бөгөөд байгаль орчноо хамгаалж буй ухаалаг сонголт болдог гэдэгт гол агуулга нь оршдог гэнэ.

“Tako vintage clothing” дэлгүүр нь 2019 оны наймдугаар сард хуучны хувцсыг борлуулах чиглэлээр Монголд анх удаа үүд хаалгаа нээжээ. Тус дэлгүүрт бүх төрлийн хувцас, бөгж, ном, пянз тоглуулагч гэх мэт ховор нандин бараанууд цөм онлайнаар худалдаалагддаг. Үнэ ханшийн хувьд барааны нэр төрлөөс хамаарч 30 мянгаас 350 мянган төгрөгийн үнэтэй. Тэр тусмаа 70, 80-аад оны тренд хувцаснуудыг одоо үед аль ч зах, дэлгүүрээс олохгүй.Тиймээс ч хамгийн үнэтэй хувцас 350 мянган төгрөгөөр үнэлэгдэж байжээ. Нээгдээд удаагүй ч тогтмол худалдан авалт хийдэг байнгын үйлчлүүлэгчидтэй болж амжсан гэлээ.

Энэ талаар тус дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Цэлмэнтэй ярилцлаа.


-Хуучны хувцаснуудыг борлуулдаг “thrift shop” бол гадны орнуудад түгээмэл боловч Монголд харьцангуй шинэ ойлголт. Яагаад энэ дэлгүүрийг нээх болов?

-Анх Playtime наадамд оролцоод өвөрмөц, донжтой хувцасласан олон залуусыг харсан. Нөгөөтэйгүүр тухайн хувцасныхаа соёл, үнэ цэнийг нь мэдэхгүй зөвхөн яавал бусдад гоё харагдах вэ гэж боддог юм шиг санагдсан. Монголд хуучин хувцас гэхээр комисс буюу хямдхан хувцас гадаадаас оруулж ирээд амьдралын түвшин доогуур хүмүүс авдаг зүйл гэж ойлгодог. Гэтэл “thrift shop” бол коммисын дэлгүүрээс агуулгаараа арай өөр. Би хуучин хувцсанд хүний муу энерги шингэдэг гэж огтхон ч боддоггүй. Монголд л ийм ойлголт, мухар сүсгийн шинжтэй зүйл яваад байдаг. Англи, Америк, Японд гэтэл хуучин хувцасны зах зээл загварын салбарынх нь том хэсэг болчихсон. Тиймээс авсан хувцсаа хайрлаж хэрэглэдэг, байгальдаа ээлтэй сонголт хийдэг энэ зүйлийг монгол залуучууддаа таниулъя гэж зорьж, хоёр найзтайгаа хамтраад эхлүүлсэн.

-“Vintage хувцасны соёл бол коммисын хувцаснуудаас агуулгаараа ялгаатай гэлээ. “Vintage гэдэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ. Энэ талаар тайлбарлавал?

-Thrift shop анх Америкт хандивын хувцаснаас үүсэлтэй. 1990 оноос бизнес болон загварын урсгалд хүч түрэн орж ирсэн байдаг. Vintage гэдэг үг сонгодог гэж орчуулагддаг боловч урсгалынх нь хувьд аваад үзвэл “хуучны загварын мөртлөө хуучин хувцас” гэж ойлгож болно. 1960 оны загвар дахиад давтагдахгүй. Өөрийн гэсэн үнэ цэнэтэй, 1960 оноос хойш өдийг хүртэл цэвэрхэн хадгалагдаад ирсэн тэдгээр хувцаснууд бидний мэдэхгүй тухайн цаг үеэ өгүүлдэг. Түүнчлэн дахин шинээр хувцас авах сонголтыг нэгээр ч болов багасгаж байгаа гэдэг үүднээс нэмж хог хаягдал үүсгэхгүй байгальд ээлтэй гэсэн үг. Товчоор хэлэхэд “хувцасны үнэ цэнийг хүмүүст ойлгуулах салбар” гэж тодорхойлмоор байна.

-Бараануудаа хаанаас, яаж татдаг вэ?

-Миний хувьд Япон улсад долоон жил амьдарсан. Тиймээс энэ төрлийн Япон дэлгүүрүүдээс сардаа 30-50 бараа татаж авдаг. Монголд шинэлэг зүйл болохоор хэт үнэтэй биш, загварын хувьд монгол залуусын сонирхолд нийцсэн, шинэвтэр хэрэглэсэн зүйлсийг оруулж ирэхийг хичээдэг.

-Залуус хэрхэн хүлээж авч байна?

-Мэдээж шинэ болохоор хүмүүс эхэндээ ойлгохгүй хуучин хувцас юм уу гээд буцааж байсан тохиолдлууд бий. Гэсэн ч залуус маань эерэгээр хүлээж авч, байнга юм авдаг хүүхдүүд ч бий. Зүгээр гаднаас хувцас оруулж ирээд зарж байгаа гэхээс илүү ач холбогдлыг нь нийгэмдээ таниулахыг зорьж ажилладаг. Борлуулалт их хийх гэхээсээ илүү эхлээд таниулах нь чухал юм байна гэдгийг ойлгосон.

-Хувцасны загвараа сонгоно гэдэг мэдрэмж шаардсан ажил. Таны хувьд тэгэхээр урлагтай ойрхон ажилладаг хүн бололтой?

-Манай аав, ээж хоёр хувцасны чанар, загварт анхаардаг угаас хувцасны мэдрэмж өндөртэй хүмүүс бий. Миний хувьд Япон улсад архитектурийн чиглэлээр суралцаж төгссөн. Одоо бол контент үйлдвэрлэлийн “Vadda” компанид дэлгүүрийнхээ хажуугаар ажиллаж байна. Түүнчлэн дэлхийн улсуудын өглөөний цайг туршиж үзүүлэнгээ тухайн орныхоо талаар мэдээллийг өгдөг “Өглөөний цай” нэртэй контентыг найз охиныхоо хамт хийдэг. Өглөөний цайгаа ууж хэвшье гэдэг уриатай. Монгол залуустаа шинэ соёлыг түгээе гэж гадаадад суралцах хугацаандаа тээж явсан зорилгынхоо дагуу төлөвлөсөн ажлуудаа цэвэр өөрийн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөөд л хийж явна даа.

Ч.БИНДЭРЪЯА

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Ховд аймгийн Алтай суманд очсон иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Улаанбаатар хотод коронавирусийн халдвараар оношлогдсон иргэн С-тэй ойр харилцсан иргэд Ховд аймгийн Алтай суманд ирсэн. Үүнтэй холбогдуулан энэ оны нэгдүгээр сарын 02-05-ны өдөр хүртэлх хугацаанд Алтай суманд хязгаарлалтын дэглэм тогтоосон юм.

Улмаар тэдгээр иргэдийг тусгаарлах, PCR шинжилгээнд хамруулах ажлыг Алтай сумын Онцгой комиссоос шуурхай зохион байгуулжээ.

Ингээд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Алтай суманд ирсэн Б, Т гэх хоёр иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Эдгээр иргэд одоогоор тус сумын Эрүүл мэндийн төвд эмчийн хяналтад байна. Биеийн байдал хэвийн байгаа бөгөөд долоо хоногийн дараа дахин шинжилгээнд хамрагдах юм.

Мөн өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос Ховд аймгийн Алтай суманд ирсэн хоёр иргэний ойрын хавьтагч 69 хүн байгааг тогтоож, асуумж судалгаа авсан гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Алтай сумын Засаг даргын захирамжийн дагуу сумын төвөөс орох, гарах нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, аж ахуйн нэгж, байгууллага, үйлчилгээний төв, дэлгүүрийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох тухай шийдвэр энэ сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөгдөх аж.

Одоогоор Алтай суманд зургаан хяналтын цэг байна. Мөн хоёр хөдөлгөөнт эргүүл ажиллаж буй.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

С.Наран: 2021 онд зориулсан цоо шинэ бизнесийн төлөвлөгөө гаргаад л сууж байна

Поп дива, дуучин С.Нарантай ярилцлаа.


-Энэ шинэ жилийг яаж угтахаар төлөвлөж байна вэ?

-2021 онд зориулсан цоо шинэ бизнесийн төлөвлөгөө гаргаад л сууж байна. Яагаад гэвэл бидний амьдралын хэв маяг нэлээд өөрчлөгдлөө. Хэн ч амьдралдаа ийм нөхцөлд орно гэж төсөөлж байгаагүй. Хүн болгон эхэндээ цочирдож байсан. Яваандаа бид дасан зохицож чаддаг болж байна л даа. Тийм болохоор ирээдүйд юу хийвэл зүгээр вэ гээд Америкаас ирэхдээ хүртэл тооцоолж байсан. Онгоцоор Америк, Японоор дамжаад хоёр орны байдлыг хараад, нэлээд их бодож эргэцүүлсэн. Тэгээд 2021 онд би яг юу хийхээ төлөвлөөд сууж байна.

-Нууц биш бол та төлөвлөгөөнөөсөө зарим нэгийг нь хэлж болох уу?

-Урьд нь зориулалтын газар очиж дасгал хийдэг байлаа. Гэтэл одоо миний очдог бүжгээ бэлтгэдэг, дасгалын газрууд маань хаагдчихсан. Би түлхүүрээ хийгээд онгойлгоод ордог өөрийн дасгалын газартай болъё гэдэг зорилго тавьсан. Төлөвлөгөөнийхөө эхний шатан дээрээ гишгээд, дараагийн шат руугаа ахиж байна. Би нэлээд том танхимд дасгал хийдэг хүн шүү дээ. Гэртээ хийхэд зай талбай хангалттай биш, миний авдаг энерги… гэрийн нөхцөлд болохгүй байгаа учраас өөрийн дасгал хийдэг газартай болохоор шийдсэн л дээ. Хөршүүддээ саад болохгүйн тулд дуу намсгагчтай газартай болох гэж байна. Ядаж өөрийн дураар орилж хашгирдаг байх хэрэгтэй. Миний мэргэжлийн онцлогоос шалтгаалаад, амьдралын хэв маяг маань өөрчлөгдөж байна.

-Хүмүүс таны дуунаас маш их эрч хүч мэдэрдэг. Та эрч хүчээ дасгалаас авдаг байх нь. Өөр юу танд эрч хүч өгдөг вэ?

-Бас кафе байдаг. Жижиг кафед орох дуртай. Япон, Англи, Италид аялж явахдаа хамгийн их төвлөрч, гоё мэдрэмж авдаг газар бол гоё дизайнтай, жижигхэн кафенууд байдаг.

-Үсчин ажиллахгүй болохоор хэцүү байна гээд эрчүүд гомдоллоод байна. Та ч бас үсэндээ анхаарал тавьдаг хүн. Яаж аргалж байна?

-Өө, үс бол угаагаад байгалиараа ургах хэрэгтэй шүү дээ. Өөрөө маскаа тавина. Эрчүүдийн хувьд урт үстэй эр хүнд угаасаа дуртай. Мөр давсан урт үстэй эрэгтэй хүн бол хаашдаа л гоё харагддаг шүү дээ.

-Хүмүүс хөл хорионд гэр бүлдээ илүү цаг гаргаж байна. Гэр бүлийн үнэ цэнийг илүү мэдэрлээ гэлцээд байна. Таны хувьд энэ талаар юу хэлэх вэ?

-Гэр бүл хамгийн чухал шүү дээ. Би бол аавтайгаа байн байн очиж уулздаг хүн харин жаахан холдчихоод байна. Тийм болохоор аавыгаа илүү их санаж байна шүү дээ. Ах, эгч нарыгаа ч хайрлаж байна.

-Та Японд хөл хорионы өмнөхөн тоглолтоо хийсэн гэсэн. Одоо япон хэл дээр цомог гаргахаар ажиллаж байгаа гэсэн үү. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр төвлөрч байгаа вэ?

-Яг л япон цомог дээрээ ажиллаж байгаа. Одоо дөрвөн дуу үлдсэн. Үгэн дээр нь ажиллаж байна. Бичүүлж дуусаад Япон руу илгээнэ дээ. Бидний ажил мөнхийн үргэлжилдэг. Тархиар дүүрэн шинэ дууны бодлууд байна.

-Хөл хорионы үед ихэнх хүмүүсийн хувьд ашиг орлого хаагдсан. Дуучин хүний хувьд ямархуу саад бэрхшээл учирч байна, бас ямар боломжийг олж харж байна вэ?

-Дуучид яах вэ, энд тэнд мэндчилгээ өгөх, сурталчилгаанд оролцох энэ бүгд тодорхой хэмжээгээр ажлаа хийж байна л гэсэн үг. Энэ дээр би нэг их айдаггүй юм аа. Олон жил дуулсан. Миний ганц баримталдаг зүйл бол хүн өөрийн гэсэн хадгаламжтай байх ёстой. Орлогынхоо 10-20 хувийг үргэлж цаашаа хадгалж байх ёстой. Ийм зарчим баримталдаг болохоор хэцүү үед ч нэг их айхавтар хямрахгүй л дээ.

-Шинэ жилийн сайхан дурсамж юу байдаг вэ?

-Шинэ жил болгон өөр өөрийн өнгө аястай, үлгэрийн юм шиг мэдрэмж өгдөг гоё баяр л даа. Мөрөөдлийг маань өвлийн өвгөн аав биелүүлчих юм шиг итгэл найдвараар цөмөөрөө шинэ оноо угтдаг шүү дээ. Хайртай хүмүүстэйгээ тэмдэглэж байсан тэр шинэ жилүүд маань ямар гоё байсан юм бэ гэж бодогддог. Он жил өнгөрөх тусам хэн нэгнийгээ алдах нь харамсалтай. Хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлсэн тэр шинэ жил хамгийн гоё байдаг даа. Коронагийн үед шинэ жил ямар гайхалтай баяр гэдгийг хүн бүр мэдэрч байгаа байх. Хамт байж, бие биеэ тэврэх гайхалтай.

-Энэ шинэ жилийг хэнтэй хамт угтахыг хүсч байна вэ?

-Би бол аавтайгаа л угтана шүү дээ.

-Амьдралын хэв маяг их өөрчлөгдсөн гэсэн шүү дээ. Таны нэг өдөр ямаршуу өнгөрч байна вэ?

-Би бол байнга судалгаа хийж байдаг. Бүжгийн студи, дасгалын өрөө ямар байх талаар судалж байна. Дизайн, өрөөний хуваарилалт дээр сууж байна. Хоолны хувьд би харин турж байгаа. 2,5 кг турсан байна. Яагаад гэхээр би дасгалдаа явчихаад гараад л кафе, ресторанаар хооллодог байлаа. Насаараа л гадуур хооллосон. Гэртээ бараг хоол хийж иддэггүй. Одоо өдөртөө ганц хоол идэж байна, гадуур явж амттан их иддэг байсан бол тэр маань хасагдсан. Надад бол их ашигтай болоод байна.

-Өөртөө цаг гаргах, бясалгах, би хэн бэ гэдгээ бодож эргэцүүлэх цаг гардаг боллоо. Таны хувьд бясалгаж байгаа юу?

-Энэ бол хамгийн чухал зүйл байдаг юм шүү дээ. Би бол насаараа ганцаараа явж байгаа хүн шүү дээ. Хамт олон, үзэгчдээр хүрээлүүлж байдаг. Гэртээ ганцаараа байх боломж олддог. Гадаадад аялах, энд тэнд дуулж явахдаа ганцаараа байх үедээ бясалгаж боддог. Энэ тархи оюунд үйлдвэр явагдаж байна гэсэн үг. Олон янзын санаа, олон өнгийн бодол бүгдийг боловсруулж өөрийн гэсэн зөв онош тогтоох нь жинхэнэ оюуны үйлдвэрлэл байдаг. Энэ ухамсарт үйлдвэрийг сайн ажиллуулж сурах ёстой. Нэг өнгө орж ирэнгүүт автаад, нөгөө өнгө орж ирэхээр сарниад байж болохгүй.

-Та ирээдүйн Наранг ямархуу байдлаар төсөөлдөг вэ, тэр тухай бодож байв уу?

-Мөнхийн бодно шүү дээ. Ирээдүйг өнөөдөртөй заавал хамт авч явж байх ёстой. Өнөөдөр бол чиний өнгөрсний үр дүн. Арван жилийн өмнө төлөвлөж байсан Наран л одоогийн би. Би буруу төлөвлөөгүй гэж боддог. Дараагийн арван жилийн Наранг би төлөвлөөд миний бие ийм байх ёстой. Би ийм уран бүтээл дээр ажиллана, ийм цомог гаргана, энд би тоглоно гэсэн төлөвлөгөө бий. Гэхдээ өнөөдрийн амьдралдаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Хэтэрхий ирээдүйг хараад өнөөдрийн амьдралыг орхиж болохгүй.

-Өөрийгөө дуучнаас өөрөөр төсөөлдөг үү?

-Үгүй. Тайзны урлаг хэзээ ч надаас салахгүй. Хүмүүс хөгширчихлөө гэж ойлгодог, үгүй байхгүй юу. Хүн бие, оюун ухаанаа үргэлж дасгалжуулах учиртай. Тэгсэн цагт та хэдэн ч насандаа чадвартай, цог золбоотой байна. Манайхан хөгширсөн гээд бие биенээ жагсаалтаас гаргах үзлийг дэвэргэж болохгүй. Америкийн Ерөнхийлөгчийг хар л даа. 78-тай Ерөнхийлөгч ямар гоё байна. Гүйгээд л гараад ирж байна. Ийм л байх ёстой. Бусад орны улстөрчдийг хар. Гүзээ энэ тэр байхгүй, жимбийсэн сайхан байгаа биз дээ.

-Японд хөл хорионы дараа цомгийнхоо нээлтийг хийнэ гэсэн. Өөр ямар оронд тоглохыг хүсч байгаа вэ?

-Италид тоглохыг хүсч байгаа.

-Хөл хорионы үед шинэ оноо угтаж байгаа хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Бид тэвчээртэй байж сурах хэрэгтэй гэж боддог. Алсын зайнаас хүнийг танихад амаргүй шүү дээ. Өмнө нь хэн ч хөл хорионы ийм хүнд үед ажиллаж үзээгүй шүү дээ. Ийм нөхцөлд ажлаа хийж байгаа хүмүүсийг яаран бүү шүүмжлээсэй гэж хүсдэг. Би дөрөвдүгээр сард гадаадаас ирж таарсан. 21 хоног карантинд байсан, гэрээс гарахгүй бас 14 хоног байсан учраас эмч, сувилагч, онцгой, цагдаа, тогооч энэ бүх ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүмүүсийг хайрлаж байсан. Би ганц масктай үйлээ үзэж байхад битүү хувцастай өдөржин ажиллаж байгаа хүмүүст үнэхээр амаргүй. Хөл хорионы үед ажиллаж, монголчуудынхаа эрүүл энхийн манаанд зогсч байгаа бүх хүнд хайртай шүү, баярлалаа гэж хэлье. Вирустэй тэмцэх дайны талбарт зүрх зоригтой тулалдаж байгаа дайчид та бүхэндээ талархаж байгаа шүү. Мэдээж бүх хүмүүст эрүүл энхийг хүснэ. Эрүүл байхад л бусад зүйл бүтнэ.

-Саяхан Ц.Оюунгэрэлтэй хамтарч хийсэн уран бүтээлийнхээ талаар лайв хийхийг харсан. Ер нь танд лайв хийх бодол байгаа юу?

-Бодолтой байгаа. Яах аргагүй гэр гэртээ байгаа хүмүүсийг ойртуулж байгаа зүйл учраас хүмүүс сошиалд их орж байна. Энэ амьдрал руу орохоос өөр аргагүй. Миний үзэж туулсан, явж үзсэн газрууд, сэтгэлд буусан бүх зүйл надад тодорхой хэмжээний мэдрэмж, туршлага болж үлдсэн. Миний хийх лайв зарим хүнд хэрэгтэй, сонирхолтой байж магадгүй. Гэхдээ арай болоогүй ээ. Ковидын нөхцөл байдлаас болоод олон хүний сэтгэл санаа тиймэрхүү байгаа болов уу. Энэ хүнд үе жаахан өнгөрөг. Тэгээд би сошиалд лайв идэвхтэй хийнэ ээ.

-“Хамтдаа дуулъя” дуугаа Никитоны Бачкатай хамтарч бэлтгэл хийж байгаа бичлэг фэйсбүүкт тавигдсан байна лээ. Би бол Том Жагаатай хамт дуулсан хувилбарт нь илүү дуртай л даа. Энэ дуугаа шинэ хамтрагчтай дуулж байгаа юм уу?

-Никитоны 25 жилийн ойн стадионы тоглолтод зориулж Бачка бид хоёр дуулсан юм. “Бид хоёр хамт дуулчихъя” гээд Бачка Жагаа ахаас зөвшөөрөл аваад бид хоёр дуулсан л даа.

-Саяхан таныг шинэ жилийн нэвтрүүлэгт оролцож байхыг харсан. Шинэ жилийн урилга хэр ирж байгаа вэ?

-Ингээд өгөөч, тэгээд өгөөч гэсэн зөндөө урилга байна аа. Гоё дарс, шампанск хүлээж аваад сайхан байна. (инээв)

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг цаг-үе

Х.Болор-Эрдэнэ: Монгол бас нохой гол дүр нь учраас “Хишигт” тууж маань францчуудын сонирхлыг татсан

Үргэлжилсэн үгийн зохиол, шинэ роман, кино, дууны шүлэг, хүүхдийн ном, жүжиг, сэтгэлгээний өгүүллэгүүдийн түүвэр гээд олон төрлөөр бичсэн цөөхөн эмэгтэй зохиолчийн нэг Х.Болор-Эрдэнэ. Францад амьдарч, бичиж,бүтээж байгаа түүнтэй цахимаар ярилцлаа.


-Таны “Хишигт” тууж франц хэлээр хэвлэгджээ. Монгол зохиолчийн ном юугаараа францчуудын сонирхлыг татсан юм бол?

-Нэгдүгээрт, Монгол гэдгээрээ. “Монгол моодонд орж байна” гэж хэдэн жилийн өмнө би бичиж байсан даа.Хоёрдугаарт, нохой гол дүр нь учраас. Энд нохойгүй айл гэж бараг л байхгүй. Гудамжинд эзэнгүй ганц ч нохой байдаггүй. Нохойнууд бүгд яг хүн шиг гэрчилгээтэй, бичиг баримттай, тусгай эмнэлэг, хүнсний газруудтай. Алга болбол байршил тогтоодог чиптэй. Тийм учраас “Хишигт” тууж үнэ хүндтэй байх нь аргагүй. Гуравт, монгол нохой гадаа уяатай чигээр өвлийн хасах 30 хэмд амьдардаг гэхээр бүгд эрүү нь мултрах шахдаг. Дөрөвдүгээрт, энэ номд социализмын он жилүүд гардаг. Энэ сэдэв европчуудын хувьд үргэлж сонирхлыг нь татдаг. Тэгээд хамгийн гол зүйл нь бодит түүх, жинхэнэ эзэн нь би өөрөө учраас.

-Америк, Европын зах зээлд гарахыг хүсч байгаа монгол зохиолчид юуг онцолж зөвлөх вэ?

-Наадах чинь надад ахадсан асуулт байна. Гадаадын хэлнүүд рүү сайн орчуулагчдыг төр бодлогоор бэлдэх зайлшгүй шаардлагатай гэдгийг алхам тутамдаа ойлгож байна. Багагүй хөрөнгө мөнгө шаардагдах ажил учраас төр гэж яриад байгаа юм л даа. Маш олон хэлнээс монголчууд эх хэл рүүгээ хөрвүүлж чадаж байна. Харин гадны хэл рүү монгол уран зохиолыг орчуулах асуудал үнэндээ таг байна. Тэрнээс бид тэгтлээ оюун санааны хувьд дорд орсон уран зохиолтой орон биш. Орчуулж л чадвал манайд жинхэнэ гайхамшгууд нуугдаж байна. Гадагшаа монгол уран зохиолыг орчуулж чаддаг орчуулагчдын тоо маш цөөн, бараг л байхгүй гэхэд болно. Гадаадад ажиллаж амьдардаг ганц, хоёрхон л хүн оролдож байна. Харин тэдний мэддэггүй хэлээр хэн ч орчуулж чадахгүй байна. Харин үүнийг шийдэх ганц гарц бол энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүсийг хөрөнгө, хүч, цаг хугацаа зарж бодлогоор бэлдэх хэрэгтэй байна.

-Оюуны зах зээл дээр ажиллаж, бичиж байгаа хүний хувьд нүүр тулж байдаг гол саад бэрхшээл юу байна?

-Гадаад зах зээл рүү тэмүүлж байгаа монгол зохиолч бүрт, ерөөсөө энэ талбарт бизнес хийж байгаа монгол хүн бүрт төр болон харьяалах төрийн бус байгууллагаас нь тодорхой бодитой дэмжлэг хэрэгтэй байна. Хувь хүн бор зүрхээрээ зүтгээд нэг юм гэлдрээд байна л даа. Гэвч далайц муутай.Эдийн засгийн өсөлтөө дагаад Хятадын уран зохиол, зохиолчид нэг хэсэг дэлхийд маш хүчтэй түрэн гарч ирсэн. Тэд зүгээр нэг тохиолдлоор санамсаргүй гараад ирлээ гэж үү?Би тэгж бодохгүй байна. Тэд бол араасаа санхүүгийн болоод бодлогын асар том дэмжлэгтэйгээр энэ том далайд хөл тавьсан. Монгол бол газарзүйн хувьд далайд гарцгүй орон. Гэтэл бид бас оюуны далайд ч гарцгүй байна шүү дээ. Монголын нөгөө тэрбум тэрбумаар нь хөрөнгө цацаад байгаа “зөөлөн хүч”-ний бодлого хаана байна? Дээр нь бидний эв нэгдэлгүй байдал. Ерөөсөө “Би л болчихвол бусад нь хамаагүй” гэдэг жалгын үзэл бидний гадаад гарцыг шууд хааж байна. Дэмжлэг гэдэг дээр нэг жишээ хэлье. Энэ бол мөнгө санхүүгээс тусдаа бидний моралийн асуудал. Гадаадад ажиллаж уран бүтээлээ хийж байгаа цөөн хэдхэн монгол хүн бий. Зохиолч, кино найруулагч, зураач, “Нарны цирк” зэргийн“А” зэрэглэлийн үзүүлбэрийн уран нугараачид гээд дуусч байна. Ер нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүний нэг хөл нь эх орондоо зоолттой зогсож байдаг.

“Эх орон” гэдэг харагдаж үзэгдэхгүй хэрнээ тэр их хүч араас нь цаг үргэлж тулж түшиж байдаг юм. Харин нөгөө хөл нь тухайн зах зээл болсон улс орон дээр гишгээтэй зүтгэж байдаг. Тийм хүмүүсээ араас нь урамшуулан тэтгэж дэмжихийн оронд нөгөө эх орондоо зоолттой байгаа ганц хөлийг нь нутаг нэгтнүүд нь дэгээдэж унагах гээд л дайраад байдаг. Хойно байгаа миний өрөөсөн хөлөөр оролдвол тэнцвэрээ алдсан би гарцаагүй унаж л таарна. Унахдаа хоёр хөлөө зэрэг алдаж, нөгөө салбараа давхраар нь дараад унах л байхгүй юу. Тэгэхээр үүнийг их бодмоор байна аа. Хэрэгтэй үед хэлсэн ганц сайхан үг мянган сургаалаас илүү хүч өгдөг. Ялангуяа гадаадад байгаа хүмүүс тэр л урмаар сэхэж сэргэж “амьд” явдаг. Сүр сүр юм ярьж айлгамааргүй байна. Зөвхөн урлаг ч биш том зах зээлд орсон хэнд ч амжилт олно гэдэг зөөлөн боорцог биш ээ. Тиймээс тэдгээр хүмүүсээ ойлгож дэмждэггүй юм гэхэд хойд хөлийг нь араас нь битгий татаж чангаагаарай л гэж хэлье дээ. Сая нэг монгол залуу Америкт гүйгээд чухам ямар их хэл аманд оров оо. Чинагийн Галсан гэж том зохиолчийн тухай яагаад зөвхөн Монголд л хамгийн бага мэддэг юм бэ?

Одоо хэдүүлээ хамтдаа сайн бодъё. Хэн нь хол явах бололцоотой вэ? Хэнд боломж, хүч, амжилт хамгийн ойр байна гэдгийг нь эхлээд харж сурмаар байна. Тэгээд дэмжсэн шиг дэмжье. Түүнээс “Бурхан минь ээ. Намайг амжилтад хүргэдэггүй юм гэхэд ядаж тэр муугийн боломжийг үгүй хийгээд өгөөч дээ” гээд залбираад суугаа цагт дэлхий манай уран зохиолыг уншиж чадахгүй.

-“Хэзээ ч, хэн ч чамайг над шиг хайрлахгүй” гэж таны бичсэн дууны үг байдаг. “Үл таних эмэгтэй” киноны дуу. Ингэхэд хайр гэж юу юм бэ?

-Гавьяат Ө.Уянгын дуулдаг “Буруугүй буруутан” жүжгийн дууны үгийг хэдэн онд бичсэн юм бэ дээ. Түүнд ”Үнэн худлыг чинь би хамтад нь хайрлажээ” гэсэн үг бий. Худлыг нь хүртэл хайрлаж чадах тэр сэтгэлийг л хайр гэх байх даа. Эх үр, эцэг хүү, дурлалт хосуудын гэхчлэн хайр ер дуусч дундардаггүй, элж барагддаггүй мөнхийн ус шиг ид шидтэй зүйл. Бараг бүх зохиол, бүх урлагт хайр дурлал гардаг. Шашнууд хүртэл бүгд л хайрыг номлодог. Хэдий нохойн тухай өгүүлдэг ч “Хишигт” бол бас л нэг хайрын түүх. Нээрэн, би одоо энэ асуултаас эргээд санахад хайрын тухай үнэхээр их бичсэн юм байна. “Би чамд хайртай-2” киноны зохиол ч хайрын тухай. “Хувьсал”-ын “Хайр” жүжгийн дуунд бас л өнөөх хайр. “Дуулаад дуусаагүй дуу минь чи билээ” гээд л… “Нүцгэн шөнө”, ”Зүрхэнд үйлдвэрлэв”, ”Диваажингийн хоригдлууд”, “Би, бид, хоёр”. За тэгээд, ”МИ-15”, “Болор туужууд”, “Болор өгүүллэгүүд”, “Муу залуу” тууж маань байна. Бүгдэд нь л ямар нэг хэмжээгээр хайрын түүхүүд бий. “Нарны өнгө” гэж кино хүртэл явсаар байгаад л өнөөх хайр дээр очно. “Нарыг хайрла” гэж дуулаад төгсдөг. Нээрээ тийм байна. Бас үнэхээр сайхан санагдаж байна. Хайргүй ганц ч зохиол байхгүй юм байна.

-Та хүүхдүүдээ Францад өсгөж байгаа. Францчуудын хүүхэд хүмүүжүүлэх арга нь манайхнаас өөр юм шиг байна лээ. Франц ээжүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх аргуудаас хуваалцаач?

-Юуны өмнө би бол монгол ээж. Францчуудыг бодвол монгол ээжийн хүмүүжлийн арга барил их өөр. Монгол ээжийн хүүхдүүд гэр бүлдээ тусалдаг, эцэг, эхээ хүндэлдэг, монгол хэл, соёлоо сонирхдог, ахмад хүнийг хүндэлж мэддэг. Хайрлуулж өссөн монгол хүүхдүүд нас өндөр болсон эх, эцгээ асрамжийн газарт орхихгүй. Харин өрнийхний ихэнхэд нь энэ бол энгийн л үзэгдэл. Гэхдээ бас эндхийн хүмүүжлийн арга барилаас авах зүйл их бий. Хүүхдүүдэд худлаа ярьж болохгүйг маш багаас нь зааж сургадаг. Мэндлэх, хүндлэх гэх мэт харилцааны соёлын зайлшгүй чухал хандлагыг хүн бүрт эзэмшүүлэх, хооллох соёл, бусдад төвөг болохгүй зэрэгцэн орших, хогоо зохих газарт нь хаях, хүний нас хүйс, сонирхол болон ажил мэргэжлийг ялгаварлан гадуурхахгүй байх гээд соёлт хүнд байх шаардлагатай бүхнийг ухаан орох цагаас нь ягштал суулгаж байна. Багш нар хүүхэд ялгаварлаж, дур мэдэн эцэг эхчүүдээс мөнгө татаж, бэлэг авахыг хатуу цээрлэдэг. Үүнийгээ зүй ёсоор ажлаа хийж байгаа хэрэг л гэж үзнэ. Хэн нэг нь худлаа хэлбэл бөөн юм болно. Хүүхдүүд нэгэндээ бүдүүлэг үг хэлбэл том асуудалд орно. Тэгэхээр худалч хүн их цөөн байдаг гэсэн үг. Энэ нь надад их таатай санагддаг. Алхам тутамдаа ч үүнийг мэдэрдэг.

-Хөл хорионы үеэр өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ, юунд илүү цагаа зарцуулж байгаа вэ?

-Бичиж л байна. Гэхдээ бас зүгээргүй ээ. Хөл хорионд сууж байгаа монголчууддаа зориулаад өөрийн гэсэн хамаг л бүтээлээ маш хямдхан үнэтэй болгоод “Mplus” аппликэйшнд оруулаад авлаа. Үүнийгээ бид хүмүүсийн оюуны дархлааг дэмжсэн нэг чухал ажил гэж үзэж байна. Жишээ нь, хаалттай номын дэлгүүрээс хайгаад ч авч чадахгүй байгаа “Гүйж яваа эмэгтэй”-г маш хямдаар цахимаар шууд л уншчихна гэдэг чинь боломж шүү дээ. Энэ хөл хориог дагаад Америк, Европын эрдэмтдийн судалгаагаар депрессээс үүдэлтэй сэтгэцийн өвчтөний тоо асар их хэмжээгээр нэмэгдсэн. Монголчууд ч гэсэн хүн л юм хойно судлаад гаргаагүй ч гэсэн ийм асуудалд өртөж л байгаа. Манайхан нэрэлхүү учраас ил хэлдэггүй, эсвэл юу болоод байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй л явцгааж байгаа байх. Тиймээс тэр бүхэнд дусал ч болсон тус дэм болох гэж арга сүвэгчилж л байна.

-Таны “Гүйж яваа эмэгтэй” их амжилт олсон. Энэ номын дараагийн дэвтэр гарах болов уу гэж уншигчид их сонирхох юм аа?

-Дараагийн дэвтэр гэдэг зүйл байхгүй. Энэ бол сериал кино биш ээ. Гэхдээ хүсэн хүлээж байгаа уншигчдадаа маш их баярлаж сууна. Мэдээж би дахиад өөр номнууд гаргана. Тэдгээр номд ч бас өөр өөр гүйж яваа эмэгтэйчүүд байж болох юм. Эрчүүд ч байж болох юм.

-Та өөрийнхөө амьдарч байгаа хотын цар тахлын нөхцөл байдал, хөл хорионы үеийн нөхцөл байдлын талаар ярьж өгөөч.

-Өнгөрсөн гуравдугаар сараас эхлээд Франц орон даяар хатуу хөл хорио зарлаад, зургадугаар сарын сүүлээр хөл хориогоо цуцалсан. Хүмүүс зуны турш юу ч тохиолдоогүй мэт аялж зугаалж, холилдож хутгалдаад бас л хайнга хандаж байлаа. Ингээд аравдугаар сард дахин хатуу хөл хориог Франц даяар тогтоов. Зарим хүмүүс бүр маск зүүхийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнүүлж, сүмд оруулах боломжоор мөргөлчдийг хангаж өгөхийг шаардсан эсэргүүцлийн цуглаан ч хийцгээж байлаа. Гэвч тахал тэдний хариуг сайн өгсөн. Франц халдвар авсан иргэдийнх нь тоо нэг сая давсныг зарлав. Нас барагсдын тоо өнгөрсөн хаврынхаас хавьгүй илүү өссөн. Ингээд бүгд чимээгүй болж, төрийнхөө зааврыг дагахаас өөр гарцгүй болцгоосон. Гэхдээ энэ улс тахлаар далайлгаад иргэдээ заналхийлээд байгаа зүйл бол алга. Тахал аюултайг одоо бүгд мэддэг боллоо. Хэн ч цагдаагийн оролцоогүй 1-2 метрийн зайгаа барьж байна. Хүүхдүүд масктай хичээлдээ сууцгааж байна. Дэлгүүр хоршоо хэвийн ажиллаж байна. Банкууд бүгд энгийн ажиллагааны нормтойгоо байна. Хүмүүс орж гарахдаа зөвшөөрлийн бичгээ үйлдээд, эсвэл утсандаа аппликэйшн суулгаад цаг, нараа бичээд явчихдаг болж сурсан байна. Уулзахдаа бас салахдаа 2-4 удаа үнсэлцдэг уламжлалтай францууд гараа даллан мэндэлж, инээмсэглэн толгой дохиж сурч байна даа.

-Одоо хөл хорио суларсан уу. Хүмүүс маск зүүж, зай барихыг хэрхэн үзэж байна?

-Тийм ээ, хатуу хөл хориог сулласан. Гэхдээ хорио бүрэн дуусаагүй. Гурав дахь давлагаа гуравдугаар сард дахин ирнэ гэдгийг Европ даяар анхааруулж байна. Англи улс лав ирэх долоо хоногт эмзэг бүлгийнхэн болон настай хүмүүсээ эхэлж вакцинд хамруулахаар зарлачихлаа. Франц ч бас эмзэг бүлгийн иргэд, өндөр настнууддаа хамгийн түрүүнд вакцин хийхээр боллоо. Гуравдугаар сараас өмнө амжаад ихэнх иргэдээ вакцинжуулна гэсэн зорилготой байх шиг байна.Ер нь иргэдийнх нь ухамсар, аливаа хууль журмыг хүндлэн үздэг онцлогтой орнууд бол коронавирусийг ялж эхэлж байна. Иргэд зай барих, маск зүүх ёстой гэдгийг хатуу ойлгож байна. Маск бол энэ тахлаас хамгийн түрүүнд хамгаалах вакцин юм байна гэдгийг хамгийн балчир хүүхэд хүртэл ойлгочихлоо. Би эмч, доктор хүн биш учраас ердөө л хэрэгтэй гэсэн мэдээллүүдээ уншиж ойлголт аваад явж байна.

Монголд одоо л цар тахал гарч байна. Энэ бол цаг хугацааны л асуудал байсан. Харин ч удаан тогтоож барьсан. Одоо бусад улс орнуудын бэлээхэн харуулж, бий болгож байгаа зохион байгуулалтыг хуулаад ч болсон ажиллах хэрэгтэй л санагдаж байна. “Нэг метрийн зай барь, амны хаалт зүү” гэдгийг хэлээд ойлгохгүй байгаа хүмүүст “Нэг хонины, эсвэл нэг морины зайтай зогс оо” гээд ойлгох хэлээр нь сайтар мэдүүлээд л өгмөөр байгаа юм. Жижиг сажиг үйлчилгээний хүндрэлүүдээ одоо больчихмоор юм даа. Хүн хүндрүүлэх бүх л арга чаргыг бодоод сууж байдаг хүмүүс төрд ажиллаад байна уу гэмээр л харагдах юм. Одоо эрүүл ахуйн дэглэмээ сайтар бариад, хяналтаа чангатгаад ажлын байрнууд, үйлчилгээнийхээ газруудыг нээхгүй бол дараа нь үүсэх эдийн засгийн том цохилтноос манай улс босож ирэхгүй шүү. Ингэхэд би Онцгой комиссын ажилтан биш байж яг юу яриад байгаа юм бол?

-Тийм ээ, нээрээ сэдвээ өөрчилье. Та роман, тууж, кино зохиол, жүжиг, өгүүллэг гээд олон төрлөөр бичдэг. Гэтэл бас олон сайхан хит дууны үг бичсэн шүү дээ?

-Анх бол би ихэнхдээ хөгжмийн зохиолчдын өгсөн аян дээр үг зохиож өгдөг байсан. Тэр л их туршлага болсон байх. “Бэлэн аян дээр үг тааруулж бичдэг хүн их ховор. Загдын Түмэнжаргал ах байхдаа л тэгж бичдэг байсан. Одоо чи л байна” гэж МУГЖ Т.Ариунаа нэг удаа хэлж байсан юм. Угаасаа аян дээр дууны үг бичих саналыг анх дуучин Т.Ариунаа л надад тавьж байлаа. Тэрнээс хойш МУУГЗ Л.Балхжав, МУУГЗ Т.Сэр-Од, МУСГЗ Г.Пүрэвдорж, МУУГЗ Г.Бямбабаяр гээд манай мундаг хөгжмийн зохиолчдын өгсөн аянууд дээр үг бичсэн.Бүгд л амжилттай сайхан дуулагдсан. Дуучдын маань хөдөлмөрч чанар, дууныхаа араас уйгагүй гүйдэг, цэцэг усалж байгаа мэт уран бүтээлээ үргэлж шинэчилж, түгээж байдагтай л дуу хит болох асуудал холбоотой гэж бодож байна. Тэгэхээр тэдгээр мундаг хүмүүсийн авьяас чадлаар л дуунууд маань амжилттай болоод байгаа хэрэг. Тэгээд л нэг мэдэхэд өөрийн үгнүүд дээр маань бүтээсэн дуунууд ч бас бий болж эхэлсэн. Хамгийн сүүлд “Харанга” хамтлагийн МУУГЗ Ц.Чулуунбат, “Никитон” хамтлагийн, дуучин МУУГЗ Батчулуун гээд хүмүүстэй дуучин СТА Б.Баярцэцэгийн дуулсан “Наашаа суу”, “Намайг зур” гээд дуунууд бүтээлээ. Аль аль нь амжилттай сайхан л явж байна.

-Ингэхэд хичнээн кинотой билээ. Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?

-Би дэлгэцэнд гаргасан дөрвөн кинотой. Дэлгэцэнд гараагүй хэд хэдэн кино зохиол бий. Өнгөрсөн жил Швейцарийн нэг студийн хүсэлтээр бичсэн киноны ажил маань хөл хорио, цар тахал гээд бүтэн жилээр хойшилсон байгаа. 2021 оны төлөвлөгөөнд орсон гэсэн. Яг одоо МУУГЗ зохиолч Санжийн Пүрэв баавайгийнхаа нэгэн сайхан туужийг кино зохиол болгох ажилтай сууж байна. Кино зохиол бичнэ гэдэг төвөгтэй ажил. Харилцан яриа нь нэг л буруудчихвал эхнээс нь дахиад хөөж засах хэрэгтэй болдог. Тиймээс амаргүй ч бас сонирхолтой ажилтай л сууж байна.

Б.ЭГШИГЛЭН

Categories
мэдээ соёл-урлаг

“Uvertura” хамтлагийн онлайн тоглолт ням гаригт болно

Монгол поп опера “Uvertura” хамтлагийн “Uvertura 2020” онлайн тоглолт арваннэгдүгээр сарын 29-ний 19 цагт болох гэж байна. Цар тахлын улмаас тус тоглолтыг Unilive, DDISH, Looktv-ээр шууд дамжуулах аж. Энэхүү тоглолтыг дуу бичлэгийн “Анир” студи зохион байгуулна.

Хамтлагийн хит дуунууд болон шинэхэн уран бүтээл дуулагдах энэхүү тоглолтод МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Д.Үүрийнтуяа, Хөсөгтөн хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, ЦДБЭЧ-ын эстрад симфони хөгжимчид, ДБЭТ-ын утсан хөгжимчид урилгаар оролцох юм.