Categories
мэдээ соёл-урлаг

ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын 15 соёлын биет бус өв

“Соёлын биет бус өв гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий багаж зэмсэг, эд зүйл, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ.

Үеэс үед уламжлагдах соёлын биет бус өвийг хамт олон, бүлэг хүмүүс нь тэдгээрийг хүрээлэн буй орчин, байгаль, түүхийн харилцан шүтэлцээнээс шалтгаалан байнга шинэчилдэг бөгөөд тухайн өв нь тэдгээрт оршин тогтнох болон залгамж чанарын мэдрэмж төрүүлж, соёлын төрөл зүйл, хүний туурвилыг хүндэтгэхэд дэмжлэг үзүүлдэг. Энэхүү конвенцын зорилгод олон улсын хүний эрхийн зөвхөн одоо мөрдөж буй баримт бичиг болон хамт олон, бүлэг, хувь хүмүүсийн хоорондын харилцан хүндэтгэл, мөн тогтвортой хөгжлийн шаардлагуудад нийцсэн соёлын биет бус өвийг авч үзнэ” гэж ЮНЕСКО-гоос 2003 онд баталсан Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцид тодорхойлжээ.

ЮНЕСКО-д үндэснийхээ биет бус өвийг бүртгүүлж баталгаажуулна гэдэг нь тухайн улс үндэстний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага. Соёлын биет бус өв нь байнга хувьсан өөрчлөгдөж, үргэлжилж байдаг аж.

Манай улс 2008 оноос хойш Соёлын биет бус өвийн конвенцийн Яаралтай хамгаалах шаардлагатай болон Төлөөллийн жагсаалтад:

  1. Морин хуурын хөгжмийн уламжлалт урлаг (2008)
  2. Монгол ардын уртын дуу(2008)
  3. Монгол ардын бүжиг – Бий биелгээ(2009)
  4. Монгол тууль(2009)
  5. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг(2009)
  6. Хөөмэйн уламжлалт урлаг(2010)
  7. Бүргэдийн баяр буюу шувуучлахуй (Ази, Европ, Арабын 18 улстай хамтран) (2010)
  8. Монгол үндэстний баяр – наадам(2010)
  9. Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил – битүү амьсгаа(2011)
  10. Монгол уран бичлэг(2013)
  11. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл(2013)
  12. Монгол шагайн харваа (2014)
  13. Ингэнд ботго авахуулах уламжлалт зан үйл (2015)
  14. Уул овоо тахих Монгол зан үйл (2017)
  15. Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2019)

гэх нийт 15 өвийг бүртгүүлсэн юм.

ЮНЕСКО анх байгуулагдсан цагаасаа эхлэн ард түмнүүдийн уламжлалт соёл, дуу хөгжим, аман зохиол, язгуур урлаг, ёс заншил, хөгжмийн зэмсгийг хамгаалахад ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирсэн байна.

Эх сурвалж: unesco.mn/mn

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Веном 2” киноны нээлтийн тов хойшилжээ

Жүжигчин Том Харди дүр бүтээж, “Хүн Аалз 3” киноны дүрээс сэдэвлэсэн хорон санаат баатар Веном 2018 онд гарсан даруйдаа үзэгчдийн таашаалыг хүртсэн билээ. Тэгвэл киноны хоёрдугаар анги “Веном: Аллага болох болтугай” нэртэйгээр ирэх зургадугаар сарын 25-нд нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч ирэх есдүгээр сарын 17-нд болж хойшилжээ. Мөн уг ангид Хүн Аалз киноны дүрээр жүжигчин Том Холланд тоглосон нь олны хүлээлтийг үүсгээд буй.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Б.Цогнэмэх: “Тэнгэрийн хүү” кино маань монголчуудын шинэ идеалыг бий болгоно

МЗЭ, МСНЭ-ийн болон нэрт найруулагч Г.Доржсамбуугийн нэрэмжит шагналт, Олон улсын театрын “Гэгээн Муза” академийн алтан цомын эзэн, МЗЭ-ийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын хошой шагналт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Битогтохын Цогнэмэхтэй ярилцлаа.


-Юуны өмнө МЗЭ-ийн оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын эзнээр хоёр дахь удаагаа тодорсонд баяр хүргэе?

-Баярлалаа. Ам цагаан хулгана жил маань мөнгөн сүүлээрээ илбэлээ. 2021 оны уран бүтээлээ “алт”-аар өнгөлөн эхэлж буйдаа бэлгэшээж байна.

-Та “Алтан-Өд”-ийн хошой шагналаа жүжгийн төрлөөр хүртлээ. Тайзны бүтээлээр дагнан туурвиад байна уу?

-Хан Хөхүйн их соён гэгээрүүлэгч, XIX-XX зууны үеийн нэрт улстөрч, яруу найрагч Лу жанжин гүнийхээ тухай бичсэн “Бурхан жанжин ноён” түүхэн дуулалт жүжгээ сойн цоллуулсандаа ихэд огшино. Өмнө нь би “Цагаан морины домог” номоороо баримтат уран зохиолын төрөлд шалгарч байсан юм.

Лу жанжин гүнд зориулсан Цагаан суварга барих үеэр. 1991.06.09.

-Тийм ээ, санаж байна..

-Эдүгээ манайд, ялангуяа хилийн чинадад ч баримтат уран зохиол л уншууртай, сонирхолтой, хүмүүний оюуны цэцгийг дохилзуулан буй нь мэдэгдэнэ. Энэ төрлөөр бичсэн цөөнгүй бүтээл цүнхний ёроолд бий. Харин жүжгийн тухайд би түүхэн туульсын төрлөөр бичсэн нь олонтаа. Энэ жилийн хувьд УДЭТ-ын 90, Ардын хувьсгалын 100 жилийн зэрэг түүхт ойнууддаа их эзэн Чингис хааны тухай “Хаадын хаан” үндэсний сонгодог түүхэн жүжгээ өргөн барих гэж байгаа.

-Энэ талаар удахгүй дэлгэрүүлнэ. Гэхдээ таны өгүүллэгүүд, туужаас бүрдсэн ном “Алтан-Өд”-д их чамбай байсан шүү. Миний ажигласнаар сүүлийн үед нэлээд өгүүллэг бичлээ. Энэ талаар өгүүлэх үү?

-Тийм ээ. Өнгөрсөн оны намар өвс шарлахаас өмнөхөн хэдэн өгүүллэгээ “Сарны гэрэл” хэмээх ном болгон баринтагласан юм. “Хорин бугатын будан” зөн сэрэхүйн тууж маань ч багтсан. Дунд сургуулийн ахлах ангид байхаасаа хийж байсан уран зохиолын эрэл хайгуул, сэтгэлгээний айгаа ойллого, сэтгэмж дүрслэл, баримтат эссэ, чөдөрлөгө, өртөө үг, цалигчлал, чөлөөт өгүүллэг гэх мэт савд хуваан дээрх номдоо оруулсан. Сүүлийн жилүүдэд хааяадаа бичсэн богино өгүүллэгүүд ч бий. Гэвч би жүжигтээ улайраад хүүрнэл төрлөөр хэтийдэн ороогүй байдлаа нөхөж эхэлж байна. Яруу найргаа ч яаран орхихгүй.

-Тэгэхээр роман руу орох нь ээ?

-Өмнө нь хүүхдийн роман бичсэн л дээ. Лу.Гантөмөр сайдын үед яамнаас хүүхдийн уран зохиолын монгол баатрын дүр бий болгох, хүүхдийг багаас нь номтой сундалдуулах хаврын урь шиг сайхан үйлс соёолоод хагдрах шив. Тийм сэдлээр зарласан улсын уралдаанд “Модуны анд Улаадай” хэмээх цаг хугацааны зэрэгцэн оршихуйтай, релятив хэв шинжтэй түүхэн роман маань тэргүүлж байсан шүү. Хүүхэд хойчсыг, үндэстнийхээ залуу үеийг Монголын түүхээрээ, язгуур соёлоороо зөв залуурдвал “Хүн болох багаасаа”, нөгөө яамны “Зөв монгол хүн” хөтөлбөрийн хариулт сайхан үндэслэнэ.

-Дэлхийн түүхийг ярья гэвэл Монголын түүхийг ярих болдог гэдэг дээ. Та жүжиг төдийгүй үргэлжилсэн үгээ ч түүхэн сэдэвт тулгуурлаж бүтээх нь ээ?

-Их эзэн Чингис хааны ноцоосон дэлхийг тохинуулах, энх амгаланг тогтоох, тэнгэрийн зарлигаар муу хаадыг гэсгээж “Хүн нь хүнээ, гөрөөс нь гөрөөсөө идэх” болсон гамшигт хүчирхийллийг үгүй хийх гэсэн хөлгөн аян дайн, нүүдлийн соёл иргэншлийн түрэлт дэлхийг сэрээсэн юм. Өрнө дорныг холбосноороо глобализмыг үндэслэсэн. Их эзний байлдан дагуулал хүртэл дэлхийн ард түмэнд нэгэн түүх гэж байсангүй. Тэр дэлхийн түүхийг Монголчууд бичихэд хүргэв. Өөрөөр хэлбэл, тухайн үед Газар дундын тэнгис орчмыг өгүүлсэн дэлхийн түүхийн эцэг гэгддэг Геродотын түүх бичлэг байлаа. Хожуувтар дорно дахины түүхийн эцэг гэгддэг Хятадын Сыма Цяны түүх бичлэг гарч ирсэн. Эд нарын бичсэн түүх нь салангид, бүс нутгийн шинжтэй. Хоёуланд нь, тухайлбал, Геродотын бичлэгт Хүн гүрнээс өмнөх төрт улстай байсан бидний өвөг буган сүлдтэний улсыг скиф нэрээр оноон өгүүлсэн нь бий. Сонирхолтой нь эх нутгаасаа баруунш нүүдэл, аян дайн хийсэн буган сүлдэт төрт улсын эзэд маань Хар тэнгисийн хөвөөнд агт морьдоо амрааж, Бага Ази дахь Амазоны домогт дайчин бүсгүйчүүдээс бүрдсэн улс аймгийг ч хурааж, Персүүдийг ч бут цохиж явсан. Хэдэн жилийн өмнө Амазон дайчдын генийн ул мөрийг Монголын говиос илрүүлсэн шүү дээ.

-Тэр талаар тодруулбал?

-Амазон гэдэг нь өрөөсөн хөхт гэсэн утгатай үг юм гэнэ лээ. Тэд нум сум харвахад саад болохгүйн үүднээс охидынхоо баруун хөхийг төөнөж хатаадаг байж л дээ. Тэдний эртний булшнаас олдсон ДНК-г Германы генетикчид, түүхчид, төв телевизийн баг эрж хайсаар Өмнөговь аймгийн малчин өрхийн охиныхтой харьцуулснаар Амазон хатан хааны ДНК-тай 99 хувь тохирсон гэсэн сонирхолтой судалгаа гарсан. Өмнөх яриандаа оръё. Харин Сыма Цяны “Түүхэн тэмдэглэл”-д монголчууд бидний өвөг Хүнчүүдийн тухай тусгай бүлэг бий. XIII зуунд өрнө дорныг сүлж, энх амгаланг тогтоосноор монголчууд дэлхийн түүхийг ялагдсан орны эрдэмтэн мэргэдээр анх бичүүлэхэд хүргэсэн юм даа. Түүхэн роман бичнэ гэдэг Б.Номинчимэд зохиолчийн хэлдгээр нэг бол тэнэг мунхаг хүний ажил, эсвэл зиндаагаа мэдэрсэн зохиолчийн даялал юм. Одоо ч олон зохиолч Монголын түүхийг нэгжин орцгоожээ. Олны хөөрөгддөгөөр бестселлер болгох гэж, хүний сониучийг хөдөлгөх гэж түүхэн үйл явдлыг жагсааснаараа бус роман хэмээх хөлгөн далайн бүтэц, зиндаанд нийцүүлэн мөн чанараар нь түүхэн романыг бичвэл догь болох биз.

-Та энэ төрлөөр бичиж эхлээ юү?

-Түүхэн жүжиг чамгүй бичсэн. Түүхэн роман руу биеэ шавхуурдан орно. Оюун сэтгэлээ ч элээж бүтээнэ. Хойтон нэг “юм” гаргана аа. (инээв).

-Таны хувьд их сэтгэгч Д.Урианхайн гарын цөөхөн шавь нарын нэг. Багш шавийн барилдлага тогтоосон тухайгаа өгүүлнэ үү?

-Гүрү багшдаа би шавилаад хүмүүний хоёр үеэс илүү хугацааг туулжээ. Анх 1990-1991 оны өвөл Пү ах маань (зураач, яруу найрагч Б.Пүрэвсүрэнг хэлж байна) хот орж гойд сонинтой ирэв. Эдүгээ Дарханд буй “Зүс бүгэг андууд”-ын нэг болох Ц.Цэнд ахын авсан багшийн маань зургийг надад дурсгаад “Энэ хүн ирээдүйд чиний багш болно” гэж билээ. Ерөөлөөр ч болсон. 1991 онд “Найргийн даага”-д орохдоо багшаасаа анх адис авч байлаа. Хожим 1996 оны хавар Пү ах бид хоёр Улаанбаатарт орж ирээд, төв Гандангаас хадаг, аяга, сүү тэргүүтнийг бэлтгэн гэрт нь бараалхаж, “албан ёс”-оор багш шавийн барилдлага тогтоосон юм. Гүрү багш маань хамгийн анх надад айлдсан сургаал бол “Эхлээд хүн бол. Хүний амьдрал гэдэг хүн болохын төлөөх тэмцэл. Оршихуйн гүнд бядаж, сэтгэлийн дотоод чинадаа сэрж мэдэр” гэхчлэн олон амь цогийг өгүүлж байжээ. Саяхан Цагаан сарын дараа багшдаа золгохдоо Пү ахын дурсгасан өөрийнх нь зургийг үзүүлсэн чинь “Хөө, хөө. Би чинь “зэрлэг” амьтан байжээ. Энэ зургийг удахгүй гаргах яруу найргийн номдоо оруулъя. Огт үзээгүй зураг байна” гэж олзуурхсан даа. “Цагаан морины домог” ном доторх “Бурхан” эссэдээ би багшийнхаа тухай сэтгэлийн өргөлөө оруулсан байдаг юм. Ирэх жил гаргах бүтээл маань багшийн маань надад өгсөн том үүрэг даалгаврын нэг тул ихэд зүрхшээн өөрийгөө сойж байна.

-Та сая өгүүлсэн зураач, яруу найрагч Б.Пүрэвсүрэн хэмээх сайхан хүний тухай “Хөхүй хааны дияанч” ном бичсэн. Тэр тухайгаа сонирхуулахгүй юу?

-Тэнгэрт дэвшсэн тэр их хүмүүн миний ах ч, найз ч, багш ч байсан. Хөдөөгийн буйд сумын сурагч надад хот орны өөрчлөлт, Д.Урианхай, Б.Лхагвасүрэн, О.Дашбалбар нарын аваргуудын тухай, Францад үзэсгэлэн гаргасан зэргээ сонирхуулан ярьж, үзэл бодлоо хуваалцаж, өөхөн дэнгийн гэрэлд ноорхой дэвтэр дээрх шүлгийг минь задлан ярилцаж байсан сан. Оюутан болоод ирсэн хойноо бид хоёр хатуу дарсыг ханзлан, Хөхүйн оройд манан будан дунд ч алхаж.. Дэлгэр овоо хэмээх аглагт даяан хийж ахуйд нь огторгуйд маанийн үсэг байрлуулан бясалгацгааж, басхүү намайг хот руу хөөж туух “шийдвэрт” хүрсэн тухайгаа надад тулган хайрлаж явсан он жилүүд хойно улирчээ. Надаас түүх шалгаан, өөрийн сэцээр шавхуурдан, оршихуйн үндсийг цугтаа тэмтэрцгээж байлаа. Энэ бүхэн дээр өгүүлсэн номд цөм багтсан. Түүний Хан Хөхүй нутагтаа Лу жанжин гүнд зориулж суварга бүтээж, Чингисийн цагаан сүлдийг тахиж, Гандандаржаалин хийд юүгээн сэргээн байгуулж, баруун аймгууд хийгээд Гандантэгчэнлин, Амарбаясгалант хийдэд шашин соёлын олон үйлсийг цогцлоон бүтээснийг эдүгээ олон хүн хүндэтгэн дурсдаг. Тэр хувилгаан төрхтэй, бодь сэтгэлтэй, өвсөөр хад зором үнэнч нөхөрлөлтэй Засагт ханы хөх харчуулын нэг, Чингисийн цагаан сүлдэт Хан Хөхүйн Элжигэн эр байсан юм..

-Та “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжгийнхээ тухай хэвлэлд олонтаа ярилцлага өгсөн. Бас л асуумаар санагдлаа?

-“Тэнгэрийн хүү” жүжиг минь миний нэрийн хуудас. Хүмүүс, зэргийн нөхөд маань “Тэнгэрийн хүү”-гийн Цогнэмэх гэж дууддаг. Овог минь болчихсон хүндтэй бүтээл. Нөгөөтэйгүүр зөвхөн Чингисийн Монгол гэж 800 гаруй жилээр эх түүхээ тоймлодог байсныг бид хоёр гурван мянган жилийн түүхтэй ард түмэн гэдгийг тайзнаа тунхагласан амин бүтээл. Нүүдэлчдийн сонгодог төрт ёсыг үндэслэсэн догшин Модуныг их эзэн Чингис хааны адил дээд тэнгэрийн заяагаар, олон монгол хүний захиалгаар заларсан их хүн төдийгүй уярдаг, уйлдаг, энэрдэг ч, цаазалдаг ч, өөрийгөө ч, өрөөлийг ч золиослон байж төр улсаа төвхнүүлсэн нэгэн гэдгээр харуулсан. “Газар бол улсын үндэс” гэсэн алдарт үг нь уг жүжгийн үндсэн шугам юм. Өнөөгийн төрд үүрлэсэн авлига, хээл хахууль, урвалт, өшрөл, эх орноо худалдаж буй жигшүүрт үйл явдлыг ч тусгаж, “Монголчууд аа, сэрэмжлээрэй. Гараан алдлах газар нутаг, хөлөөн амраах эх оронгүй бол бид өт хорхойноос дор болъюу” гэдгийг сануулахаас гадна төрийн хүн, удирдагч байхыг “Хаан хүн гэдэг ард түмнийхээ зарц нь байхын нэр, харь дайсныхаа зүрхэнд нь хөвсөн мөс билээ” зэрэг Модуны үгүүдээр илэрхийлж, төрт ёс ямар байх ёстойг тусгасан. Та бүгд мэдэж байгаа шүү дээ. Өнөөдөр бидэнд Модун Шаньюй, их эзэн Чингис хаан хэрэгтэй байна. Энэ бурхад маань хуулийн дор бүгд шударга л байвал амар амгалан, аз жаргалтай байж болох нөхцөлийг, монгол хүн монгол хүнээ дээдэлдэг ертөнцийг бий болгосон юм. Энэ бүхэн “Тэнгэрийн хүү”-д нэвт шингэсэн.

-Та бол сүүлийн хэдэн жилийн наадмын хөтөлбөрийг бичиж, шинэхэн гавьяат, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчтай гар нийлж ажилласан уран бүтээлч. Энэ тухай мөн асууя?

-Паараа маань надад санал болгосны дагуу би “Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол”-ын ерөнхий зохиолчоор 2016 онд ажиллаж эхэлсэн. Үүнээс хойш 2017, 2018 онд ч гар, сэтгэл нийлж зүтгэсэн. 2019 онд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл маань наадмын ёслолыг найруулах болж урьсны дагуу багт нь орсон. Бас 2018, 2019 оны “Төрийн их концерт”-ын зохиолчоор ч ажилласан. Их ч зүйл сурсан, судалгаа ч хийсэн. Туршлага ч хуримтлуулсан. Энэ бүхний эцэст би Монгол төрийн, Монгол хүний, Монгол үндэстний мөн чанар юу болохыг, элэг нэгтнүүддээ, харийн гийчдэд өв соёлынхоо аль гайхамшгийг толилуулбал зохистойг язгуураасаа мэдэрсэн шүү. Паараа бид хоёр нас чацуутнууд. Ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээ, оюуны таалал, газар шороогоо эрхэмлэх нэг агаартай. Уран бүтээлийн эрэл хайгуулын мэтгэлцээн ихтэй хоёр. Бид “Тэнгэрийн хүү”-гээ уран сайхны кино болгох гээд цөөнгүй жил зүтгэж байна. Төр засагтаа ч хандсан. Дэмжлэг үзүүлнэ гэх хариу ч авсан. “Цогт тайж”, “Мандухай цэцэн хатан”-ы адил монголчуудын зүрх сэтгэлийг сэрээсэн, уран бүтээлийн чансааны хувьд дээд эрэмбийн зиндаатай бүтээл болно. XXI зууны монголчуудын шинэ идеалыг бий болгоно. Үүнд итгэж болно. Харин төр засгаас биднийг, манай туршлагатай уран бүтээлийн багийг хөрөнгө санхүү, бодлогын хувьд тууштай дэмжмээр байна. Өнө эртний түүхийг минь гадныхан өмчлөх уралдаанд орчихсон үед ийм дэлгэцийн бүтээл тун хэрэгтэй. Үр хойчсоо үндэсний үзлээр “өвчлүүлж”, өв соёл, эх түүхээр өлгийдөхгүй бол бид ирээдүйгүй. Үүнд Паараа бид хоёр гар атгалцан зүтгэж байна. Зарим хүний өнгөрсөн баларсан түүхээр юу хийх вэ. Ирээдүйгээ харъя гэж хоосон сүржигнэн сурталдахыг би ойлгодоггүй юм. Бахархалт түүх, өвөг дээдсээ эрхэмлэж, судалж, өв соёлоо залгамжилж байж гэрэлт ирээдүйгээ зурдаг юм шүү дээ. Бид хоёр энэ жил “Хаадын хаан” үндэсний сонгодог түүхэн жүжгээр их ойнууддаа өргөл болгон зориулж, үзэгчдэдээ бэлэг барих гэж байна.

-Та сэтгүүл зүйн бүтээлүүд, мөн жүжиг, өгүүллэг зэрэг үргэлжилсэн үгийн төрлөөр тэгш туурвиж байгаа. Нэгээс нөгөөд шилжин бичихэд ямар байх юм бэ?

-Уран бүтээлийн мөн чанар, оршихуйн чинадыг тэмтэрсэн минь нэг гялбаатай болохоор онцын бэрхшээлгүй. Гүрү багш Д.Урианхай бурхан маань анх шавиар ороход л “Нэг хэвээр бүү урс. Олон нүхээр шахагд. Уран зохиолын бүх төрлөөр бичиж өөрийгөө тэл. Сурч мэдсэнээ сайтар хувирган тээрэмд” гэсэн ёсоор явж байна. Би нийтлэл, ярилцлага, судалгааны өгүүллээс бүрдэх сэтгүүл зүйн хоёроос гурван боть ном гаргах бодолтой. Завдаж амжихгүй байна. Уран зохиол дотроо хэт “шатаад”, сэтгүүл зүйгээсээ хөндийрсөн тал байгаа. Гэхдээ нийгэм, улс төр, эргэн тойронд болж буй үйл явдал, гадны таагүй түрэлт, хүрээлэл намайг үзгээ шүүрэн авахад хүргэх нь бий. Сэтгүүл зүйн бүтээл бол түүхийн судалгааны үнэт эх сурвалж, баримт болон үлддэг. Тавин жилийн дараахь судлаачид эдүгээгийн бидний бичсэнийг харьцуулаад анализ хийж, тухайн үеийнхээ, дараагийн тавин жилийн ирээдүйгээ төсөөлөн зураглана. Сэтгүүлч гэдэг бол нийгмийн эрүүл мэндийн чагнуур мөн. Хувь хүний хэтэвч, хөшиг рүү хамаагүй өнгийх нь сэтгүүлч хүний ёс зүйд байж болохгүй гэж манай хэвлэлийн магнат, миний эрхлэгч Б.Ганболдын сургасан замаар өдийг хүрчээ. Одоо санах нь ээ, сонины зай талбайнаас хамааран нягт нямбай, богино бичиж, мэдээллийг боловсруулах, үйл явдлыг түгээх сэтгүүл зүйн ажлууд маань уран зохиол бичихэд маань их суурь болоод байдаг шүү. Өгөөж их ээ, сэтгүүлчийн амьдрал. Олон хүнтэй танилцана, оюун санааг тэлж өгнө. Өдөр тутмын сонины гал тогоонд гайгүйхэн чанагдвал нийгэм, түүхийг үзэх субьектив хандлагаас зайлсхийдэг болдог гэх үнэт чанаруудыг эзэмшдэг л дээ.

-Одоо утга зохиолд хэн хэнтэй ойр явж байна вэ?

-Та нарын шижгэр залуусаас эхлээд “Зүс бүгэг андууд”-ын ах нарын зэрэг олон уран бүтээлчтэй ойр явж байна. Ер нь найрагч, зохиолч заяанд өөрийгөө тушаасан бүхэн надтай ойр шүү дээ. Хөх тэнгэрийн дээвэр дор, бор газрын буйран дээр Монголоо гэсэн туурвигчид бүгд сэтгэлийн нэг тоонотой, оюун ухааны нэг бүслүүртэй, эх түүх, өв соёл гэсэн хос баганатай байж гэмээнэ Монголын хэмээх уран зохиолын их өргөөний ханыг шийрлэж, унийг өлгөлцөнө. Харин бид бие биенээ уншдаггүй, хамтардаггүй, бие биенээсээ суралцдаггүй. Хаа хүрэх нь манан будантай харагдана. Дэм дэмэндээ дэлхий рүү гарцгаах сан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ц.Түмэнжаргал: Алдарт Норовбанзад гуайгаас халуун сэтгэлийн үгтэй номыг нь гардаж явлаа

Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргалтай ярилцлаа.


Танайх чинь сүүлд ҮУИТ болсон. Миний хувьд ҮДБЭЧ гэж байхаас таны дууг сонсох дуртай, ардын дууны аялгуунд нь сэтгэл татагдан иржээ. Төрийн олон концерт, баяр наадмын нээлтэд дуулахыг тань хараад бахаддаг юм?

-Их баярлалаа, миний бие бүр Улсын ардын дуу бүжгийн чуулга байхаас нь энэ сайхан театрын босгыг алхсан хүн. Намайг чуулгад ороод удаагүй байхад, 2002 онд ҮДБЭЧ болсон юм. Ардын жүжигчин А.Нэргүй, гавьяат Д.Баттөмөр, Ш.Даваахүү, сүүлд ардын болдог Түвшинжаргал, за тэгээд Б.Сийлэгмаа, Н.Амгалан гээд уртын болоод ардын дууны үе үеийн аваргууд тайзан дээр нь байхад би чуулгадаа орсон. Төрийн хүндэтгэлийн тоглолтод гурван ч жил дараалан гоцлол дуучнаар оролцсон, мөн 2016, 2017 оны Улсын их баяр наадмын нээлтэд энэ цагийн шилдэг дуучидтай хамт дуулснаа бодоход сайхан санагддаг.

Ер нь миний хувьд бол бүр багаасаа дуучин болох мөрөөдөлтэй ийм л хүүхэд байсан. Ямар сайндаа л багадаа “Ардын дуучин Түмэнжаргал дуулна” гэж өөрөө өөрийгөө зарлаж тоглодог байхав дээ. Ер нь олон сайхан хүний яриа хөөрөөг сонсож байх нь ээ, бага балчиртаа ирээдүйнхээ мэргэжлийг зөгнөсөн бэлгэшээсэн байдаг юм билээ. Гүррагчаа баатрын ээж “Миний хүү дөрөв, таван настай байхдаа мод бариад ээж ээ, би тэр одыг хатгавал хүрэх болов уу гэж асуудаг байлаа” хэмээн дурссан байдаг. Түүн шиг аливаа хүн өөрийнхөө зам мөрийг зөн совингоороо гэх үү, хувь заяагаараа гэх үү сонгочихдог юм уу даа. Сургуульд ороход ангийн маань багш “Дуулдаг хүүхэд байна уу” гэж асуухад, би дуулъя гээд самбарын өмнө гараад ирсэн юм. Тэгээд л “Бөмбөр бөмбөр модондоо бүргэд шувуу бөөрнө, бөөрөнхий биеийг минь төрүүлсэн ээжийнхээ ачийг яанам бэ хө” гээд л дуулж гарсан. Миний сурагч болоод хамгийн анх дуулсан дуу энэ. Би чинь олон хүүхэдтэй айлын охин. Миний ижий алдарт эхийн 1, 2 дугаар одон авсан. Одоо эргээд бодох нь ээ, ээж минь одон авч, манайх одонгийн найр хийж том гэгч ширээ засчихсан, ээжийн ажлын газрынхан, аавын ажлын газрынхан ирчихсэн мөн ч гоё найр болж билээ. Би зургаа билүү, долоон настай байлаа. Ээж аавын ажлынхан болох тухайн үеийн түүхий эдийн бааз, бараа бааз, гал командын ажилчид ирж найрлаад, дандаа л 60, 70-аад оны өнөө алтан үеийн сайхан дуунуудыг, мөн ардын дуу дуулаад л. Манай ээж чинь ардын дуу их сайхан дуулна, тиймдээ ч миний бие ээжийгээ дагаж дуулан “Хөөрхөн борлог мориороо хөндийг туулах сайхан сан” гэж дуулж сурсан юм. Уг дууны үг ая ямар гоё гэж санана. Бид бүхнийг өсгөж хүмүүжүүлсэн ачит ижийгийн минь хайр, халуун сэтгэл тухайн дуунд шингэсэн юм шиг санагдаад, ээжийгээ ажилдаа явсан хойгуур дахин дахин дуулж, ээжийгээ хайрлан санаж уйлдаг байлаа. Энэ дууны үг аялгуунд эхийн сэтгэл нэвчтэл шингэж, ид шид ухаарал нь оршдог байх. “Хөгшин буурал ээжийгээ хүндлэх асрах сайхан” гээд дуулахаар одоо ч би уйлдаг.

Ээжүүдийн баяр дөхсөн энэ үед бүр ч гоё байна. Ээжийгээ дагаж анх сурсан дуу тань хүртэл утга учиртай санагдлаа. Одоо хоёулаа оюутан болсон үеэ цухасхан дурсах уу. Алдарт Норовбанзад, “Алтан гургалдайЗагдсүрэн гээд жинхэнэ сонгодгууд багшилж байх үед та СУИСийн босго алхсан даа?

-Үнэхээр тийм юм шүү. Арваа төгсөөд СУИС-ийн дуулаачийн ангид орлоо. Ардын дуучин болно гэж очсон хүн чинь Загдсүрэн багш дээр дуурийн дуулаачийн ангид явж таарлаа. Их инээдтэй, өглөө нь Загдсүрэн багш дээрээ дуурийн дуулаачийн сургалт хийж дуурийн таримал хоолой тавиулаад, үдээс хойш Дэлгэр багш дээр уртын дуучны хичээлд сууж, уухай дасгал уншаад хэсэгтээ манаргасан. Ингээд аргагүйн эрхэнд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар уртын дууны ангид Дэлгэр багшийнхаа гарт ирсэн. “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд тоглодог алдарт дуучин Жамъянжав гуай намайг ангиа солиход жаахан дургүй байсан. “Ийм өндөр сайхан охин чинь урт даашинз өмсөөд олон гоё дуурийн гол дүрд тоглоно, дуурийн театрын алтан тайзан дээр мандана гээд боддоо” гээд л амихандаа Загдсүрэн багшид үлдээчих санаатай ятгаж хүртэл үзсэн, гэвч сэтгэл хэдийнэ уртын дуу руу явчихсан байсан. Ц.Дэлгэр гэж ямар агуу уртын дууч, ямар гайхалтай багш байсныг мэдэх хүмүүс нь мэднэ. Тэр сайхан хүний шавь болж, тэр хүний ач буянаар уртын дуу гэдэг их далайн завинд сууснаараа би бахархдаг. Хүн гэдэг чинь сүүлд нь л хүнийг мэдрэх юм даа. Багшийгаа өнө урт наслах юм шиг бодож, тэгж байгаад юм асууна гээд хойш тавиад л байсан. Тэгтэл хайрт багш минь өнгөрсөн намар бие нь муудаад хоёр сар шахам эмнэлэгт хэвтээд бурхны орондоо явсан. Багштайгаа уулзаад байгаагүй л дээ, гэхдээ сар шинээр байнга очиж золгоно, гэртээ байхгүй үед нь заавал сургууль дээр очиж золгоно. Бусад үед тоглолт энэ тэр болоход заавал ч үгүй урилга өгдөг байсан. Ийм ачит багшаа алдсан даа. Ном дор мөргөмү, багш дор мөргөмү гэж залбиръя. Алдарт Норовбанзад гуайгаар хичээл заалгасан би бас азтай хүн. Дэлгэр багш Солонгос руу нэг сарын хугацаатай тоглолтоор явах болоод уртын дуучдад багш хэрэгтэй гэх үүднээс Норовоо багшаар хичээл заалгах хувь тохиосон юм, тухайн үед СУИС-ийн зөвлөх багш байсан. Бидэнд хэд хэдэн удаа хичээл орсон. “Та нар ийм өнгө авч чадахгүй байна” гэж өөрөө үзүүлээд биднийг ангайлгаж байгаа юм чинь. Норовоо багшийг мэргэжлийн хичээл орсны дараа би гэр рүү нь хоёр ч удаа хүргэж өгсөн. Нээх гоё кракул шуба өмсчихсөн, жижиг гоё цүнх барьчихсан жигтэйхэн ганган. Их дэлгүүрийн урд талын гурван давхар байранд хүргэж өгч, гэрт нь бүр оруулж өгөөд, цай уугаад, чихэр идээд гарч байлаа.

Мөн ч сайхан хувь заяа шүү?

-Тэр жилийн өвөл цагаан сараар очиж хүндэтгэл үзүүлж золгож байсан. Тухайн үед 5000-тын дэвсгэрт шинээр анх гарч байлаа. Оюутан хүүхдэд тэр их мөнгө хаанаас байхав. Ээж ааваасаа таван мянган төгрөг аваад, тийм мундаг хүшн дээр чинь яаж хоосон орохов гээд очиж золгосон. Их л баярлаж байсан. Тэгэхэд надад “Дуулим хорвоод дуулах гэж төрсөн минь” номон дээрээ “Хайрт шавь Түмэнжаргалдаа дурсгав” хэмээн гарын үсгээ зураад өгсөн нь миний хамгийн үнэт бэлэг. Тэгж л би Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дэлхийн алдарт дуучнаас гарынх нь үсэгтэй, халуун сэтгэлийн үгтэй номыг нь гардсан. Мэргэжлийн багш минь биш ч гэсэн Норовооо багшийг Дэлгэр багшийн минь багш гэдгээр ихэд дээдлэн хүндэтгэдэг. Дорждагва гуай, Сүглэгмаа гуай, Лхамжав гуай гээд тэр үеийн алдартай сайхан дуучид, мөн уртын дууны тухай ямар мундаг судалгаа хийж ном бүтээл туурвисан Жамцын Бадраа гуай гээд алдартай хүмүүсийн ач буянаар уртын дуу гэх барагдашгүй өв соёл бидэнд уламжлагдаж, өвлөгдөж иржээ гэж бахархдаг, биширдэг.

Чуулгад анх ороход төрийн наадмыгТүмэн эх”-ээрээ нээдэг Баттөмөр, “Алсын газрын зэрэглээ”-гийн Нэргүй гээд аваргууд байлаа гэж ярианыхаа эхэнд хэлсэн. Тэднийхээ тухай жаахан лавшруулаад ярихгүй юу?

-Баттөмөр ах маань байлаа, эрэгтэй дуучдад юм хум хэлж өгөөд л, түүнийг нь холоос ажиж харах хүртэл сайхан. Ардын жүжигчин А.Нэргүй СУИС-д багшилдаг, олон шавь төрүүлсэн. Уртын дуунд өөрийн бие сэтгэлээ зориулсан гэдгээр нь тэр хүнийг хүндэтгэдэг. Жил бүр сар шинээр очиж амар мэндийг нь айлтгадаг хүндэтгэлт дотны маань хүн. Сийлэгээ, Амгаа хоёр гавьяат бол миний хамгийн дотны эгч нар. 20 жил тасралтгүй бараг өдөр бүхэн уулзалдаж, хүний амьдралын жаргал зовлон баяр гунигаа хуваалцаж явна. Ер нь залуу дуучид, уран бүтээлчдэд зааж зөвлөж, бүр нэг чин сэтгэлээсээ ханддаг сайхан хүмүүс. Сийлэгмаа, Амгалан гэдэг чинь нэг ард түмний ямар л хайртай дуучид билээ. Амьдрал дээр маш энгийн сайхан хүмүүс. Залгуулаад манай Цогоо эгч (Цогтсайхан гавьяат), Батмэнд, Ширмээ (Ширмэнтуяа гавьяат) гээд байна. Насаар надаас ах эгч л дээ, заримыг нь чи би гээд сурчихсан, харин Цогоо эгчийг яалт ч үгүй та гэдэг юм. Манай Батмэнд чинь Норовоо багшийн отгон шавь, ёстой гарынх нь шавь байх. С.Цогтсайхан Б.Батмэнд хоёр, Д.Ширмэнтуяа Д.Амаржаргал хоёр гээд хосоороо дуулдаг байсныг манайхан мэднэ дээ. 2000-аад оны эхээр нийтийн дуу руу дуучид олноороо хошуурч орж байсан. Миний хувьд ч гэсэн нийтийн дууны талбарт хэсэг хугацаанд хүч сорьж ая зохиогч Н.Баасандоржтой “Тэр л хэвээрээ”, “Хосын хорвоо” гээд дуунуудыг хамтарч дуулсан. Ард түмний сонсох дуртай дуу болж байсан.

Саяхан таныЭнх мэндийн аялгуудууны нэвтрүүлгийг үндэсний телевизээр үзээд бас л сэтгэл цэлмэсэн. “Есөн эрдэнийн орон”-г, “Дөрвөн цагийн тал”-ыг өөрийнхөө арга барилаар маш сайхан дуулсан байна лээ. Урлаг судлаач биш учир би сайн хэлж мэдэхгүй юм?

-Уртын дуу, ардын дуугаараа кино концерт хийчихсэн юмсан гэх бодол надад олон жилийн өмнөөс байсан. Төрийн шагналт зохиолч Далхаагийн Норов гуай үндэсний телевизийн өв соёлын редакцид байхдаа “Чиний кино концертыг хийнэ. Чи хэдэн дуу бичүүлээд бэлдэж байгаарай” гэж бүр 5, 6 жилийн өмнөөс захиж байсан. Кино концертыг зуны дэлгэр цагт байгалийн үзэсгэлэн бүрдсэн тэр газар зураг хөргийг нь авч таарна. Тэгээд явъя гэхээр наад зах нь долоо хоног болно. Гэтэл яг тэр үед манай театрын тоглолтын ид завгүй үе, жуулчдад тоглолтоо үзүүлэх, мөн дээрээс нь баяр наадмын тоглолтын бэлтгэлд гарна. Ингээд ерөөсөө амждаггүй байсан. Харин өнгөрсөн зун хорио цээрийн дэглэм арай сулрах үед одоо л амжуулъя гээд “Үлэмж энтертайнмэнт”-ийн Отгонтуул, Золоо хоёртойгоо Архангай, Өвөрхангай, Дундговийн байгалийн сайханд зургуудаа авсан. “Есөн эрдэнийн орон”-г морины гэгддэг Нансалмаа гавьяат ардын хөгжмийн хамтлагтай анх дуулсан байдаг. Миний хувьд Нансалмаа дуучны ажиллаж байсан үндэсний театрын гал тогоонд яваа уран бүтээлч гэдгээрээ, тэр сайхан дуучны дууг өөрийнхөө дуулъя гэж шийдсэн юм. Шүлгийг нь бичсэн Пунцагийн Бадарч найрагч, хөгжмийг нь зохиосон Дашдаваагийн Баттөмөр гавьяат нарт хүндэтгэл үзүүлж, Бадарч гуайгаа дууны дүрс бичлэгт оруулсан. “Дөрвөн цагийн тал” бол Норовоо багшийн нэрийн хуудас болсоны дууны нэг. Тэр алдартай дуучны дуулсныг дуурайх биш өөрийнхөө барилаар, дуулалт болоод хөгжмийн тал дээр нь өөрчлөлт хийж дуулсан. Хоолойгоо арай зөөллөж дуулсан, хөгжмийн хувьд төгөлдөр хуур, морин хууртай дуулсан. Норовоо багш ардын хөгжмийн хамтлагтай дуулсан байдаг юм.

Сүүлд ганцхан юм асууя. Гүрбазарын шүлэг, Балхжавын хөгжимМиний Монгол наадамгэж сайхан дуу төрсөн. Уг дуу таны уртын дууны шуранхайгаар эхэлдэг?

-Тийм ээ, энэ цагийн Монголын бүх л алдартай дуучид оролцсон монгол хүн бүхний зүрх сэтгэлийг огшоосон тэр сайхан бүтээлийн эхэнд уртын дууныхаа шуранхайг хадаасандаа би баярладаг. Дууны клипийг харахаар гоё санагддаг.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Ч.Болдыг “Алтангадас” одонгоор шагналаа

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ч.Болдыг өчигдөр “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Тэрээр “Бодлын хулгайч”, “Богд хаан”, “Боолын гэрээ” зэрэг кинонд дүр бүтээсэн юм. Ч.Болд “Алтан гадас одонгоор төрдөө үнсүүлсэндээ баяртай байна. Миний бие 20 жил кино салбарт гурван багшийнхаа заавар зөвлөгөөгөөр зүтгэлээ. Тун удахгүй буюу энэ сарын 20-нд та бүхэндээ “Монголын сүүлчийн хаан” киногоор бэлэг барих болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“Цэцэгсийн дуулал” үзэсгэлэн нээлтээ хийжээ

Хөвсгөл аймгийн Зураач урчуудын холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Цэцэгсийн дуулал” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн Хөгжимт драмын театрын Арт галерейд гарч эхэллээ.

Тус үзэсгэлэнд 33 уран бүтэлчийн 55 бүтээлийг дэлгэн үзүүлсэн байна. Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан уран бүтээлчид цэцэгсийн тухай зурсан бүтээлээ нэг дор олны хүртээл болгож буйгаараа онцлог юм. Мөн хайртай ээж, бүсгүйчүүддээ уран бүтээлийг худалдан авч бэлэглэх боломжтой аж. Хөвсгөл аймгийн хэмжээнд 50 гаруй зураач, уран бүтээлчид байдаг бөгөөд цаашид тэд тогтмол үзэсгэлэнгээ гаргаж, уран бүтээлээ олон нийтэд хүргэх, худалдан борлуулах ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

​“Шат” богино хэмжээний кино Cinequest film festival-д шалгарлаа


Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Шат” богино хэмжээний киног МУЗ нь “Бид чадна – Бид авъяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд 2019 онд бүтээсэн билээ. Тус кино нь XII “Улаанбаатар” олон улсын кино наадам, Ази номхон далайн бүсийн дэлгэцийн форумд (Asia Pacific Screen Awards 2020) сонгогдон танилцуулагдсан бөгөөд энэ удаа Оскарын наадмын өнгийг тодорхойлдог Америкийн Синекүэст кино наадамд шалгарлаа. Тус кино 2021 оны гуравдугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд онлайнаар танилцуулагдана.
Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний Номын сангийн 100 жилийн ой энэ жил болно

Үндэсний Номын сангийн 100 жилийн ой энэ жил болно.

1921 оны 11 сард Судар бичгийн хүрээлэнг байгуулж, анхны Номын санг тус хүрээлэнгийн дэргэд байгуулахад Хүрээлэнгийн захирал С.Жамьян, хичээнгүй сайд Б.Цэрэндорж, профессор Ж.Цэвээн, түүхч манжич Ч.Бат-Очир нар хувийнхаа номын сангаас хувь нийлүүлсэн, бүгд 2,000 номтой болжээ.

Номын сан 1924 оны эцэст 30 мянган лан мөнгөний үнэ бүхий 5,000 шахам боть номтой болжээ. Номын санг бүрдүүлэхэд тус орны ард иргэд, ялангуяа Чингисийн Алтан ургийн зарим ноёд / түшээт ханы Пунцагцэрэн, Сайн ноён ханы Далайчонхор/ болон сэхээтнүүд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Богд хааныг таалал төгссөний дараа хааны ордны номын санд хадгалагдаж байсан монгол, төвд, манж, хятад зэрэг хэл дээрх олон мянган ном, судар тус номын санд шилжин иржээ.

1940 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн удирдлагын зөвлөгөөн дээр номын сангийн дүрмийг баталж тус номын санг “Улс нийтийн номын сан” гэж нэрлэж байх, түүний орон тоо, төсөв зардлыг нэмэгдүүлжээ. Улсын ард аж ахуй, соёлыг хөгжүүлэх анхдугаар таван жилийн /1948-1953 он/ эхний ажилд улсын төв номын сангийн 3 давхар барилгад 4 сая 560 мянган төгрөгийн төсвийг баталж дараа дараагийн жилд мөн төсөвт тусгагдаж, улмаар 1951 онд одоогийн 3 давхар барилга ашиглалтад орсон түүхтэй.

2008 оноос Монгол Улсын Үндэсний Номын Сан гэж нэрлэгдэх болжээ.

Эх сурвалж: Соёлын яам

Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх өнөөдөр Төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнууллаа.

33 дахь жилдээ соёл урлагийн салбарт зүтгэж буй жүжигчин О.Гэрэлсүх Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангаас жүжигчин болох гараагаа эхэлж, С.Жаргалсайханы “Хаан түүх” жүжиг, У.Шекспирийн “Ромео Жульетта”, О.Нилийн “Тамын дурлал” болон “Энхтуул” хошин жүжиг, Дариа Фогийн “Чөлөөт хос” жүжиг, Э.Оюуны “Би эндээс явахгүй” жүжиг зэрэг 20 гаруй тайзны бүтээлийн гол ба туслах дүр, “Замын хүн” жүжгийн найруулагчаар ажиллаж, “Ларьдма”, “ТюТю”, “Амьдралын нахиа”, “Модон могой” уран сайхны кино, “Мамма Миа” музыкл кино гэх мэт 40 гаран дэлгэцийн уран бүтээлийн гол ба туслах дүр бүтээсэн.

УДЭТ-ын жүжигчин О.Гэрэлсүх Алтан гадас одонгоор шагнагдлаа – Өглөө.мн

Categories
мэдээ соёл-урлаг

С.Удвалын 100 жилийн ой өнөөдөр тохиож байна

XX зууны нэрд гарсан төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, төрийн соёрхолт зохиолч эмэгтэй Сономын Удвал 1921 оны хоёрдугаар сарын 23-нд одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төржээ.

Тэрээр

  • 1946 онд намын шинэ хүчний сургуулийг,
  • 1957-1960 онд Зөвлөлтийн Коммунист намын дээд сургуулийг тус тус төгссөн байна.

Эдгээр сургуульд суралцах хооронд

  • Намын төв хэвлэлүүдийн эрхлэгч (1947-1949),
  • 1949-1954 онуудад Намын Төв хорооны Эмэгтэйчүүдийн хэлтсийн эрхлэгчээр буюу одоогийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны эрхлэгч,
  • Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга (1954-1957),
  • Монголын Зохиолчдын Хорооны даргаар (1961-1973),
  • 1962 оноос Монголын Эмэгтэйчүүдийн Хорооны буюу өдгөөгийн Монголын эмэгтэйчүүдийн холбооны даргаар хавсран ажиллаж байв.

С.Удвал тэр үеийн нам, төр, олон нийтийн томоохон байгууллагуудад сонгууль хүлээж хамгийн өндөр албан тушаалд хүрсэн эмэгтэй байсны зэрэгцээ утга зохиолын бүх хэлбэрээр чадамгай бичдэг зохиолч хүн байсан. Ардын хувьсгалын жилүүдэд өсөж өндийн, мэдлэг боловсрол эзэмших, хийж бүтээх агуу тэмүүлэлтэй эгэл жирийн боловч, “Ховор” хүмүүс, эмэгтэйчүүдийн хэв шинжит олон дүр бүтээсэн өгүүллэг, тууж, шүлэг, жүжиг, кино олныг бичсэн билээ.

Монголынхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь бие хайргүй тэмцсэн бодит Хатанбаатар Магсаржав буюу Баатар Вангийн дүрийг харуулсан роман “Их хувь заяа” зэргээрээ 1978 онд БНМАУ-ын Төрийн шагнал, 1965 онд Дэлхий дахины энх тайвны Жолио Кюрийн нэрэмжит Алтан медаль, 1973 онд Ази-Африкийн зохиолчдын “Лотос” сэтгүүлийн шагнал, 1978 онд ЗХУ-ын “Ард Түмний Найрамдал” одон, 1978 онд БНМАУ-ын төрийн шагнал, 1946, 1966 онуудад “Алтан гадас, 1956 онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонодонгоор хоёр удаа, 1971 онд Сүхбаатарын одон хүртжээ.

Эх сурвалж: Соёлын яам