Categories
мэдээ соёл-урлаг

Оскар 2021: Клое Зао шилдэг найруулагчаар тодорлоо

Оскарын наадмын шилдэг найруулагчаар Клое Зао тодорлоо. Ингэснээр тэрбээр энэ төрөлд ялагч болсон анхны ази гаралтай эмэгтэй уран бүтээлч болж, түүхэнд бичигдэж байгаа юм.

Өмнө нь Оскарын наадмын шилдэг найруулагч төрөлд ердөө таван эмэгтэй уран бүтээлч нэр дэвшиж байснаас, нэг нь л шилдгээр шалгарч байв.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Оскар 2021: 73 настай жүжигчин Юн Ё Жон “Оскар”-ын шагнал хүртлээ

Өмнөд Солонгосын 73 настай жүжигчин Юн Ё Жон “Оскар”-ын “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийн эзнээр тодорлоо.

Юн Ё Жон “Минари” кинонд АНУ-д цагаачилсан охиныхоо гэрбүлийг дэмжихээр БНСУ-аас ирсэн эмээгийн дүрийг бүтээсэн аж.

Тэрээр Оскар авсандаа ихэд гайхсан ч үг хэлэхдээ нэрийг нь хэрхэн зөв хэлэхийг америкчуудад заагаад “Өрсөлдөгч нартаа хэлэхэд өнөөдөр би та нараас илүү азтай байлаа. Энэ кинонд би сайн тоглосон гэхээсээ илүү магадгүй америкчууд та нар солонгос зочиддоо найрсаг хандсан, эелдэг зангаараа надад шагнал өгчихсөн юм биш биз” гэж хошигносон юм.

Юн 1975 онд дуучин Жо Ён Намтай гэрлээд замналынхаа ид үед киногоо орхиж байсан. Мөн АНУ-д цагаачилж байв. Харин нөхрөөсөө салаад 1984 онд БНСУ-д эргэн ирж, кинонд дахин тоглож эхэлсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Т.Энхбат ОХУ-д дуурийн дуучдын тэмцээнд оролцоно

Оросын холбооны улсын Москва хотноо явагдаж байгаа дуурийн дуучдын “Хосе Каррерас Гран-При” олон улсын тэмцээний гуравдугаар шатанд шалгарсан дуучдын нэгээр Т.Энхбат тодорсон байна.

Тус тэмцээний гуравдугаар шат энэ сарын 26-нд болох аж.

Тэмцээн сопрано, меццо-сопрано, тенор, баритон, базз гэсэн үндсэн төрлөөр явагдаж байгаа бөгөөд төрөл бүрийн аваргууд 500 мянган рублийн шагналтай юм байна. Харин Гран При шагналын эзэн 700 мянган рублийн шагнал хүртэнэ. Финалын шатанд багтсан дуучид:

Сопрано:

  • Лилит Давтян (Армени),
  • Инна Деменкова (ОХУ),
  • Эльмира Караханова (ОХУ),

Меццо-сопрано:

  • Дара Савинова (Эстони),
  • Эльза Ру Шаму (Франц), Дарья Хозиева (ОХУ),
  • Баритон: Навасард Акопян (Армени),
  • Энрике Алькантара (Аргентин), Алексей Зеленков (ОХУ),

Пермийн театрын гоцлол дуучин Т.Энхбат (Монгол) нар тус тус шалгарчээ. Т.Энхбат Пермийн театр ажиллахаас өмнө Марийнскийн театрт ажиллаж байсан бөгөөд 2017 онд Санкт Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторийг төгссөн байна. Уртын дуучин, Ардын жүжигчин Д.Түвшинжаргалын хүү, дуучин Т.Баясгалангийн дүү тэрбээр олон улсын дуурийн дуулаачдыг томоохон тэмцээнүүдэд өмнө нь мөн оролцож байсан туршлагатай.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Шинэ зуун гарсаар Монголын урлаг соёлд тулхтай сайн бүтээл төрсөнгүй!

14 хоногийн хатуу хөл хорионы үед телевизийн суваг бүхнээр ард иргэдэд бодлогоор хүргэж буй “Карантин 14” шоуг үзээд “Монголын соёл урлагийн өнөөгийн нүүр царай энэ үү дээ” гэх харамсал гутрал төрлөө. Уг шоу нэвтрүүлгийг Соёлын яам хөрөнгө мөнгийг нь гаргаж амихандаа манай соёл урлаг энэ юм шүү хэмээн иргэддээ тайлагнаж байгаа бололтой. Төр засгаас, салбар яамных нь бодлогын түвшинд Монголынхоо ард түмэнд хүргэсэн урлаг соёл гээч нь юу вэ гэвэл ерөөсөө хошин шогийн маазарсан хэдэн нөхдүүд байх жишээний. Мэдээж тэдэн дээр зохиолын дуучид, үндсэндээ дуулсан, хуурдсан, бүжиглэсэн манайхны хэлдгээр хошин шогчид нэмэгдэж байгаа. Тийм ээ, энэ бол Монголын агуу их урлаг гээч нь. “Карантин 14” гэдэг шоу шинэ зууны урлагийн үнэн нүүр царайг гэрчлээд өглөө. Урлаг соёлоо үнэлж, хэмжиж буй төр засгийн хэмжүүр бодит үнэлэмжийг хэлээд өгөв бололтой. Мөн сүүлийн хоёр жилийн карантины үед гэртээ сууж байгаа ард түмэн үүнийг сайн мэдэрсэн байх. Ганц сэтгэлд хүрсэн кино байхгүй, хуучин соц үеийн киногоо үзэхээс өөр арга байхгүй нь энэ бүхнийг гэрчилнэ.

Шинэ зуун буюу 21 дүгээр зуун гарсаар Монголын соёл урлагт дэлхийн хэмжээний сонгодог бүтээл бараг гараагүйг, тийм хэмжээний бүтээл төрсөн байлаа ч төр засаг нь огтоос тоолгүй харалган өнгөрснийг судлаачид хэлдэг. Шинэ зуун гэдэг бол 2000 оноос хойших асуудал. Хамгийн түрүүнд кино урлагийг аваад үзье. Г.Аюурзана, С.Бямбаа нарын “Хэвтрийн хүн” гэдэг юм уу, шинийг эрэлхийлсэн ганц нэг бүтээлийг эс тооцвол кино урлаг жинхэнэ утгаараа сөнөсөн. Зүгээр л арилжааны мөнгөний кинонууд, урлагийн хэмжүүрт хүрэх нь байтугай дундаас доош түвшний кинонуудын үер болсон. Алаан хядаан, хүчирхийлэл, цус нөж, өшөө авалт, садар самуун ийм л юм үзүүлсэн “бүтээл”-үүд жилд хэдэн зуу, мянгаараа гарсан. Үзэл санаа, үнэт зүйл, уран бүтээл гээч киноны жанжин шугам нь байхгүй. Амин сүнсгүй болсон. Ардын жүжигчин кино найруулагч Г.Жигжидсүрэн “Би киног урлаг байхад нь хүчин зүтгэж байснаараа өөрийгөө азтайд тооцдог. Одоогийн киног урлаг гэж хэлэхэд хэцүү. Арилжааны кинонуудын давлагаанд кино урлаг хөл алдан живлээ” гэж харамсалтайгаар мэдэгдсэн. Сүүлд “Явуулын хүн” киног үзсэн хүмүүс “ядахдаа алаан хядаан, орилоон хашгираангүй нь сайхан юм” гэж байхав. Ингэж кино урлаг маань дахин сэхэл авахааргүй болчихов уу даа, янз нь. Тэгвэл драмын урлагт ямар шинэчлэл ирснийг үзье.

Б.Лхагвасүрэнгийн зохиол их эзэн Чингис хааны тухай “Атга нөж” түүхэн жүжгээс өөр шинэ зуунд гарсан дорвитой тулхтай бүтээл байхгүйг мөн л мэргэжлийн судлаачид нь хэлж байна. “Атга нөж”-ийн хувьд 2006 онд Их Монгол Улсын 800 жилийн ойгоор бүх найруулагчдын дунд уралдаан зарлаж Б.Баатар шалгарч драмын тайзнаа тавьж байсан. Ер нь найруулагч Баатарын тухайд гэвэл шинийг эрэлхийлсэн хуучинсаг сэтгэлгээ шударга бус зүйлийг үл тэвчдэг, жинхэнэ сонгодог найруулагч байсан. Д.Урианхайн “Хүн бүгд-би”, Б.Батрэгзэдмаагийн “Хаалганы өмнө” зэрэг орчин үеийн жүжгүүдийг тэрээр ерээд оны сүүл үед олонд хүргэсэн. Гэвч академик театрын уран сайхны бодлого мэргэжлийн бус массын хэмжээний байж, тийм хэмжээний жүжиг тавьж орлогоо боддогийг зарим нэг нь айхавтар шүүмжилдэг. Үндсэндээ орлогоо бодоод мэргэжлийн театр нь зүгээр нэг сайн дурын продакшнуудтай адил хэмжээний жүжгүүд тавиад, нийт массыг хошууруулаад, уг жүжгийг найруулсан найруулагч болоод уран бүтээлчдээ мундаг гэж магтаад байгаа нь өөрөө маш том ухралт. Цөөхөн хэмжээний үзэгчтэй байсан ч гэсэн үндэсний мэргэжлийн театр сонгодог бүтээлийг жил бүр эр зориг гаргаж заавал тавих ёстой. Жар, далаад онд яагаад Монголд балетын урлагийг, дуурийн сонгодог урлагийг бодлогоор бий болгосон юм бэ. Хэрвээ үзэгчээ бодсон бол, орлогоо бодсон бол тухайн үед өнөө л зохиолын дуунуудаа дуулуулж хуучин уламжлалтайгаа ноцолдсоор байх байсан. Гэвч төрөөс, Соёлын яамнаас бодлого (тухайн үеийн соёлын бодлогыг алсын хараатай хүмүүс гаргадаг байж)барьж орчин үеийн сонгодог урлагийг бий болгосноороо өнөөдөр дэлхийд балетын Д.Алтанхуяг, мэргэжлийн дуурийн сонгодог театрууд булаацалдаж байгаа Э.Амартүвшин нар төрөхгүй байсан нь гарцаагүй үнэн юм. Тэгэхээр Монголд байгаа хоёр академик театр буюу Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр урын сангийн бодлогодоо өөрчлөлт шинэчлэлт оруулах ёстой. Драмын театр “Атга нөж”-өөс гадна сүүлд хүннү гүрний ойгоор “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг тавьсан нь ололт байсан. Дуурийн театрын тухайд Л.Эрдэнэбулган найруулагч мөн ч их ярьсан даа.

Энэ театрын бодлого алдагдлаа, сонгодгуудыг тавихаа больсон, ерөнхий удирдаач гэдэг хүн нь зүгээр л нийтийн дуучдын удирдаач боллоо, хуучин Жамсранжавын үед ийм байгаагүй, өнөө балетын бүжгэн жүжиг хаачив гээд бөөн бухимдал, гуниг харуусал байсныг мэднэ. Утга зохиолын тухайд Д.Урианхай, Г.Аюурзана гээд дэлхий нийт хүлээн зөвшөөрч буй том зохиолчид гарсан. Парист төвтэй “Дэлхийн нэг шүлгийн ном” гэдэгт Урианхайн шүлэг багтсан, мөн тэрээр Азийн тэргүүн найрагч болж Нобелийн шагналд албан ёсоор нэр дэвшсэн, Аюурзаны романууд дэлхийн олон орны хэлээр орчуулагдаж хэвлэгдсэн гээд утга зохиолын салбарт амжилтууд бий. Хөгжмийн урлагт алтан үеийнхнийг больё гэхэд Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” киноны хөгжим шиг, морин хуурт зориулсан бүтээлүүд болоод “Цагаан суварга” шиг, Б.Шаравын “Сэрсэн тал”, “Гэгээн алсад одох юмсан”, З.Хангалын “Салхич шувуу” симфони, Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс”, Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурь болон Ц.Чинзориг, Г.Алтанхуяг нарын мэргэжлийн бүтээлүүд үгүйлэгдэж орон зай хоосорсон гэхэд хилсдэхгүй. 2000-аад оны эхээр бичигдсэн Б.Шаравын “Чингис хаан” дуурь, Ц.Нацагдоржийн “Тавдугаар симфони”-ийг эс тооцвол шинэ зуунд хөгжмийн мэргэжлийн томоохон бүтээл олон гараагүйг судлаачид хэлдэг, хөгжмийн зохиолчдын яриа хөөрөөнд ч дурдагддаг.

Шинэ зуун гарсаар яагаад ийм тулхтай бүтээлүүд төрөхгүй, Монголын урлаг гудманд гарчихав гэхээр явж явж үзүүр гогцоо нь төр засагтай, урлагийн боловсрол нимгэн, их урлагийг ерөөсөө хошин шог, зохиолын дуугаар хэмждэг улстөрчидтэй холбоотой. Өнөөдөр хамгийн их алдаршиж, хамгийн их нэртэй төртэй, орой бүр зурагтаар гардаг, Монголын урлагийн нүүр царай нь хошин шогийн хэдэн жүжигчин зохиолын дуучид л байна. Дуугаа дуулаад, маазарсан яриагаа яриад, амьтан хүн инээлгээд явж байгаа нь тэдний буруу биш. Тэд бол хийх ёстой ажлаа хийж байгаа уран бүтээлчид.

Хамгийн гунигтай нь хошин урлагийнхан, нийтийн дуучид болоод рок попын гэх энэ нөхдүүдийг “Монголын супер одууд” гэж зарлан тунхаглаж, юм бүхний оройд залж, гавьяат болоод төрийн шагнал ардын цолоороо шагнаж дээд зэргээр өргөмжлөн, нийтийн дунд улам хөөсрүүлж байгаа төр засгийн харалган бодлогын гай юм. Хэдэн жилийн өмнө нэг хамтлагийн дуучинд Монголын төр, төрийн соёрхлоо гардуулсан нь жинхэнэ уран бүтээл хийдэг хүмүүст аймшигтай доромж мэт санагдсан. Төрийн соёрхол гэдэг бол жинхэнэ язгуур бүтээгч нь өөрөө авдаг ийм шагнал. Тухайлбал, “Цогт тайж” кино зохиол бичсэн Б.Ринчен, Төрийн дууллыг зохиосон Ц.Дамдинсүрэн, “Тунгалаг Тамир”-ыг бичсэн Ч.Лодойдамба ч юм уу, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн, Ц.Намсрайжав, Н.Жанцанноров, Б.Шарав, З.Хангал гээд хөгжмийн зохиолчид, Ү.Ядамсүрэн, Н.Цүлтэм гээд зураачид оюуны охь болсон шилдэг бүтээл туурвиж Монголын урлагийн сан хөмрөгийг баяжуулснаараа авдаг дээд шагналыг зүгээр нэг хамтлагийн дуучинд өгчихөөр юу болох билээ.

Мөн өнөөдөр сонгодог урлагийн төлөө явж буй жүжигчдэд шагнал өгөхгүй хэрнээ ганц нэг хошин шогийн дүрд гарч маазарсан нөхдүүд гавьяат авч байгаа нь Монголын соёл урлагийн бодлого гээч нь урвуугаараа эргэсний тод илрэл.

Хошин шогийн жүжигчид, дуучин хуурчин, рок поп, хип хопын хурган банди нар яагаад мандаад байна вэ гэхээр ердөө л ганцхан юм байгаа. Улстөрчид тэднийг мундаг гэж бодоод байгаадаа ч биш. Харин тэднийг нэр алдартай болгож, нийт масс энэ нөхдийг л үзэж байгаа юм байна гэдгийг сайтар ойлгосон учир тэднээр хөтлөгчөө, нүүр царайгаа хийж хөдөөгийнхний, хотын гэр хорооллынхны саналыг авч, төрийн түшээ болох ийм л амин хувийн хөгийн сэтгэлгээ Монголын их урлагийг боомилж байгаа юм. Үүний эцсийн үр дүнд Монгол Улс дэлхийн хэмжээнд үнэлэгдэх бүтээлгүй, мэргэжлийн академик театртай хэрнээ нийтийн урлагийг шүтсэн, бүгд инээсэн, маазарсан, тулга тойрсон хов жив ярьсан, түүндээ баяссан ийм үхээнц боловсрол мэдлэггүй хөөрхийлөлтэй хүмүүс боллоо. Соёл урлагт мөнгө төсөвлөдөг ч түүнийг нь Их хурлын гишүүд хувь хувьдаа, танил тал, ах дүү найз нөхдөдөө өгөөд хуваагаад идчихдэг ийм байхад яаж “Мандухай цэцэн хатан” шиг үндэсний оюун санааг баяжуулсан сонгодог бүтээл гарах билээ. Монгол төр хэдий болтол гудамжны урлагийг оройдоо залж хөлөөрөө толгой, толгойгоороо хөлөө хийх юм бэ. Үндэсний сонгодог урлаг, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний уран бүтээлчдээ одоо харж хандаж, тэдэнд эдийн засгийн эрх чөлөөг нь олгож, шинэ зуунд үнэлэгдэх хэмжэний бүтээл хийхийг бодлогоор шаардаж, их урлагтаа эргэлт авчирч, наад хэдэн хошин шогийн нөхөд, нийтийн дуучдаасаа илүү үзэх цаг болсон.

Categories
мэдээ соёл-урлаг

“Моушин Монголиа” орчин үеийн бүжгийн наадам зохион байгуулагдана

Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан (МУЗ), Монголын балетын хөтөлбөртэй хамтран орчин үеийн бүжгийн урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, мэргэжлийн бүжигчдийн чадавхыг дээшлүүлэх, бүжгийн урлагийн салбарын олон улсын түншлэлийг өргөжүүлэх зорилготой 2 дахь удаагийн “Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмыг “Хотын хэмнэл” сэдвийн хүрээнд 2021 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 2-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Мөн https://www.facebook.com/motionmongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан цахимаар хүргэнэ.

Хотын хэмнэлийг юу тодорхойлдог вэ. Өнгөрсөн үеийн түүх, дурсгал, хөгжил цэцэглэлт, харилцаа холбоо, иргэний сэтгэл оюун тухайн үеийн хэмнэлийг бий болгох ба энэ нь нөхцөл байдлаас үүдэн тогтмол хувьсан өөрчлөгдөнө. Түчигнэн, шаагилдана, чихцэлдэнэ тэгээд гэнэт зогсоно. Яг л бүжиг мэт… Өнөөгийн хотынхоо хэмнэлийг бүжгээр илэрхийлэхийг зорино.

“Хотын хэмнэл” бүжгийн наадам нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

“Хотын хэмнэл” нээлтийн тоглолт

“Хотын хэмнэл” бүжиг, Монголын Балетын Хөтөлбөр, дэглээч МУСТА Ё.Дамчаабадгарын цахим найруулгаар хүрнэ.

“Хотын хэмнэл” олон улсын бүжгийн хөтөлбөр

МУЗ нь олон улсын мэргэжлийн бүжгийн байгууллага, хамтлаг, уран бүтээлчдийн дунд 2021 оны нэгдүгээр сард хотын хэмнэлийг илэрхийлсэн богино хэмжээний видео бичлэгийн уралдаан зарласан.

Олон улсын бүжгийн богино хэмжээний видео бүтээлийг “Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмын хуудсаар хүргэнэ. Тус хөтөлбөрийн шилдэг бүжгийн тоглолт нь “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ын эзэн болно.

Тусгай хөтөлбөр

Солонгосын “Libre Joven” хамтлаг болон Монголын уран бүтээлчдийн хамтарсан “A Meeting Hands” цахим тоглолтыг “Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмын албан ёсны https://www.facebook.com/motionmongolia фэйсбүүк хуудсаар наадмын үзэгчдэд цахимаар хүргэнэ.

“Хотын хэмнэл” Монгол бүжигчдийн уралдаант хэсэг

Тус уралдаан нь Монголын мэргэжлийн бүжгийн байгууллага, чуулга, хамтлагийн дунд 2021 оны 1-р сард зарлагдсан.

Богино хэмжээний видео бүтээлүүдийг “Моушин Монголиа” Олон Улсын Орчин Үеийн Бүжгийн Наадмын албан ёсны https://www.facebook.com/motionmongolia фэйсбүүк хуудсаар наадмын үзэгчдэд цахимаар хүргэнэ. Мөн эдгээр бүтээлүүдээс наадмын шүүгчдийн бүрэлдэхүүн ”Шилдэг бүжиг дэглээч”, “Шилдэг эрэгтэй гоцлол”, “Шилдэг эмэгтэй гоцлол”-ийг тус тус шалгаруулна.

Сургалт, мастер класс

Олон улсын хэмжээнд контемпорари бүжгийн чиглэлээр өөрийн нэрийн хөдөлгөөнүүдээ бүтээж олон улсын наадмуудад уригдан бүжгийн салбарт тэргүүлж буй шилдэг сургагч багш Жо Алегадо, Английн нэрт Акрам Хан контемпорари бүжгийн компанийн дэглээч багш Еэн Чин Лин, Германы Ричард Сийгалын бүжгийн компаниас жазз, мюзиклын багш нар Монголын бүжигчдэд өөрсдийн мэдлэгээсээ хуваалцана.

Бидний энэхүү наадам нь цахимаар явагдах тул гадаадын бүжигчдээс Монгол бүжиг сонирхох, мөн дотоодын орчин үеийн өөр төрлийн бүжигчдэд боломжийг нээх үүднээс бие биелгээ болон монгол үндэсний бүжигт орчин үеийн бүжгийн хэв маяг оруулсан сонирхолтой хоёр хичээлийг санал болгож байна. Эдгээрийг СУИС-ийн ахлах судлаач багш, дэглээч М.Мөнгөнцэцэг, уламжлалт өв соёлын “Түмэн эх” чуулгын” бүжигчин, бүжгийн багш Т.Содгэрэл нар мэргэжлийн бүжигчид болон сонирхогчдод мастер класс өгөх болно. Мөн, наадмын хүрээнд хотын залуучууддаа зориулж Hip Hop бүжгийн мастер классыг 116 Студийн дэглээч, бүжигчин Баттуул хүргэнэ.

Кино үзвэр

Бүжгийн сэдэвт Кино үзвэрийг Гёте-Институт болон АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулна.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Олон улсын жазз хөгжимчдийн уралдаанд монгол бүсгүйн бүтээл шалгарчээ

Европын эмэгтэй жазз уран бүтээлчдийн шилдэг бүтээл шалгаруулдаг “Women In Jazz” олон улсын 16 дахь удаагийн уралдаанд монгол бүсгүйн бүтээл шалгарчээ.

Тодруулбал, Герман улсад төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч мэргэжлээр суралцдаг Э.Шүтээний уран бүтээл уг тэмцээний шилдэг 25-д сонгогдсон байна. Тэмцээний эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 13-ныг дуустал үзэгчдийн цахим санал хураалтаар явагдах аж.

Тэрбээр “Элбэрэл”, “Гэргий” зэрэг олон сайхан дуугаараа овоглогддог, хөгжмийн зохиолч, Дуурь, бүжгийн эрдмийн театрын найруулагч Г. Эрдэнэбаатарын охин юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийн шүүх хурал хойшлов

Дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэр Т.Анандатай маргалдаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжсэн.

Тэгвэл энэ хэргийн шүүх хурал өнөөдөр /2021.04.12/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд боллоо.

Түүний зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул зөрчлийн шүүх хуралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 14:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон/, мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар /Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн/, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар /Мансуурсан/ тус тус шийтгэл оногдуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Америкийн алдарт рэппер DMX 50 насандаа таалал төгсчээ

Америкийн алдарт рэппер DMX 50 насандаа таалал төгсжээ. DMX нэрээрээ дэлхий дахинд алдаршсан рэппер, жүжигчин Эрл Симмонс зүрхний шигдээсээр нас барсан байна.

Түүний гэр бүлийнхэн мэдэгдэлдээ “Эцсээ хүртэл тулалдсан дайчин байсан” хэмээгээд “түүний хөгжим дэлхийн өнцөг булан бүрт суугаа тоо томшгүй олон шүтэн бишрэгчдэд нь урам зориг хайрласан” гэжээ.

DMX буюу Dark Man X нь JAY-Z, Ja Rule, LL Cool J зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажилладаг байв. Түүний бүтээлүүдээс дэлхийд хамгийн ихээр алдаршсан Party Up (Up in Here), X Gon ‘Give It To Ya зэрэг дуунууд чартуудад тэргүүлж байлаа.

Categories
мэдээ соёл-урлаг

“​Альтернатив” Отгоо “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаажээ

“Альтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан дуучин Х.Отгончимэг өнөөдөр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Монголын рок попын ертөнцөд өөрийн өвөрмөц стиль имиж, дүр төрх, дуу хоолойгоороо орон зайгаа бий болгож чадсан түүний “Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар” зэрэг олон бүтээл нь залуусын дуулах дуртай дууны нэг болсон.

Авьяаслаг дуучин бүсгүйн хувьд 30 насныхаа босгонд гэр бүлийн амьдрал зохиож байсан бол одоо дөрвөн хүүхдийн ээж болсон. Тэрбээр өнгөрөгч 2019 оноос уран бүтээлдээ ханцуй шамлан орсон. Энэ үеэр цоо шинэхэн пянзаа гаргаад амжсан юм.

Тэрбээр News агентлагт өгсөн ярилцлагадаа “Хамгийн сүүлд 2008 онд өөрийн бие даасан тоглолтоо хийснээсээ хойш гэр бүлийн амьдралдаа анхаарч, чимээгүй байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ганц нэг дуугаа дуулж, 2014 онд өөрийн гурав дахь “Chillout” цомгоо гаргасан. Гэр бүлийнхэндээ илүү цаг зарцуулахын хажуугаар уран бүтээлээ хийж байсан учраас мэдэх хүмүүст маань л хүрсэн болов уу. Харин энэ удаа уран бүтээлийнхээ ажилд илүү шаргуу орж байна” гэдгээ хэлж байв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Галбаяр: Хоёр аав нь гол дүрд тоглоод л, хүүхдүүд нь найзууд дундаа гол дүр болдог гоё үе байлаа

Найруулагч, зохиолч, жүжигчин Дашхүүгийн Галбаяртай ярилцлаа.


Дөрөвдүгээр сарын 1. Энэ өдөр таны хувьд онцгой өдөр байдаг уу?

-Аавыг маань амьд сэрүүн байхад, намайг хүүхэд байхад маш онцгой өдөр байсан. Хүүхэд, залуучуудын театрт аав, Жаяа ах хоёрын “Элдэв зураг” инээдмийн хөтөлбөр яваад л, хамгийн аз жаргалтай, сэтгэл догдлуулсан гоё өдөр байдаг байлаа. Одоогийнх шиг сар, улирал болгон хошин урлагийнхан тоглодог байгаагүй л дээ. Жилд ганц л удаа инээдмийн хөтөлбөр явдаг. Тийм болохоор үзэгчид ч бүтэн жил хүлээдэг, билет нь олдохгүй хэдэн өдөр оочерлодог. Тэр үед Г.Дашхүү, Л.Жанчивдорж хоёрын хүүхдүүд даам байлаа шүү дээ. Хоёр аав нь тэнд гол дүрд тоглоод л, хүүхдүүд нь найзууд дундаа гол дүрд тоглоод, пээдийгээд л явдаг байлаа.

Тэр үеийнЭлдэв зурагодоогийн тоглолтуудаас огт өөр, хошин шогчид нь цөөн байсан даа.

-Үнэн үнэн.

Г.Дашхүү, Л.Жанчивдорж гээд байнга хамт хэлэгддэг жүжигчин андууд байсан. Ж.Сэнгэдорж, Д.Галбаяр гээд үр хүүхдүүд нь ч нэг байранд хамт өссөн, найруулагчид. Ийм сайхан харилцаатай хоёр гэр бүл дундаас хос төрж гарсан уу, ямар нэгэн ураг төрлийн хэлхээ холбоо үүссэн болов уу?

-Гэр бүл болсон тохиолдол бол байхгүй. Тэднийх хоёр хүүтэй, манайх таван хүүхэдтэй. Хоёр аав нь үй зайгүй найзууд, уран бүтээлээ хамт хийдэг, салшгүй хоёр хүн байсан болохоор хүүхдүүд нь мэдээж хоорондоо найзална. Гэхдээ тэр дундаасаа Ж.Сэнгэдорж бид хоёр илүү дотно. Нэг хэсэг бүх зүйлээ хуваагаад явдаг байсан. Ж.Сэнгэдорж надаас дөрөв ах л даа. Мань эр “Бэрс” кино урлагийн дээд сургуулийн найруулагчийн ангид элсэж оюутан болоод, би арван жилийн хүүхэд болоод хоцорсон. Сүүлд СУИС төгсөөд, эргэж уулзаад, өнөөдрийг хүртэл сайхан нөхөрлөж яваа. 2006 онд бид “Элдэв зургийн эзэд” гээд хоёр аавдаа зориулаад, хүндэтгэлийн тоглолт хийсэн юм. Бид хоёр чинь их сонин. Ж.Сэнгэдорж маань эмгэнэлт төрлөөр уран бүтээл хийдэг, би болохоор ихэвчлэн инээдмийн төрлөөр уран бүтээл хийдэг. “Хоёулаа уулын хоёр талаас мацаж байна аа” гэж бид ярьдаг юм.

Аавыг тань мэддэг хүмүүс таныг хараад л аавтайгаа адилхан юм байна гэдэг. Таны хувьд аавтайгаа адилхан юм байна гэдгээ дотроосоо мэдрэх үе байсан уу?

-Тэгэлгүй яах вэ. Жүжигчин И.Одончимэг эгч нэг удаа хэлж байсан. Бид “Х Түц”-ийнхэнтэй “Өвлийн инээмсэглэл” хийж байгаад юу ч боллоо доо, угаасаа би байнга инээж байдаг юм даа, тас тасхийтэл инээсэн чинь Одноо эгч гэнэт уйлчихсан. “Яасан бэ, Одноо эгч ээ” гэсэн чинь “Яг Г.Дашхүү ах инээж байгаа юм шиг санагдлаа. Чи ямар адилхан инээдэг юм бэ, Галаа” гэсэн. Дараа нь инээж байгаа бичлэгээ хараад аавтай адилхан инээдэг юм байна даа гэсэн бодол төрж байсан. Адилхан зүйлүүд байдаг.

ОдооЭлдэв зураг”-ийн бичлэг үлдсэн болов уу. Саяхан би нэг хайж үзэхэдҮдшийн хэмнэл”-д хоёулаа уригдаад, онигоо ярьж байгаа бичлэг нь лав байна лээ?

-Байгаа байгаа. Манай ах хэдэн жилийн өмнө аавдаа зориулаад dashkhuu.blog­spot.com гээд блог нээсэн юм. Тэр блог дээр аав, Жаяа ах (Л.Жанчивдорж) хоёрын бичлэгүүд тавигдсан байсан. Ах бол тэр тал дээр нэлээд архив үүсгэсэн. Монгол телевизэд хальс нь байдаг юм билээ. Тэр үед “Элдэв зураг”-ийг зурагтаар дамжуулдаг байсан шүү дээ. Тэр архивыг ухъя гэж бодоод л байдаг. Зав гарахгүй л яваад байна.

Та аавын амины хүүхэд байсан гэл үү?

-Би аавын хүүхэд байлаа. Аавыгаа хаана л явна хормойдож дагана. Аав ажилдаа явахдаа надаас нуугдаж явна. Гэсэн хэдий ч нөхөр Галаа хэдийнэ олоод мэдчихсэн хойноос нь чаргууцалддаг байж. Соц нийгмийн үед урлагийнхан соён гэгээрүүлэх ажлаар хөдөө орон нутгаар явна. Театрынхан уртын бригад гээд л 45 хоногоор явахад би гэж хүн аавыгаа санаад өвдчихдөг байсан гэдэг. Үнэндээ аав аав гэж гүйсээр хөөрхий ээжийгээ нэг их тоодоггүй байж дээ гэдгээ хэзээ хойно аавыгаа бурхан болсон хойно ухаарч билээ.


Хүмүүс аавыг чинь мэддэг. Ээж тань ямар хүн байдаг вэ?

-Ээж маань Монгол кино үйлдвэрт монтажин дээр 25 жил ажиллаад, тэтгэвэртээ гарсан хүн. Ээж маань эвлүүлэгч. Хортой нөхцөлд ажилладаг гээд ерээд онд эрт тэтгэвэрт гарсан. Намайг кино хийхэд хамгийн том шүүмжлэгч, зөвлөгч маань миний Хулангаагаас гадна миний ээж. Ээж хараад л “Өмнөх киногоо гүйцсэнгүй дээ” гээд шууд үнэнийг хэлдэг.

ТаБурхантай ч маазарнагээд нүүр номдоо тунхагласан байдаг. Харин аав тань гэртээ маазардаг байв уу?

-Тунчиг мааз хүн байж билээ. Хааяа өөрийнх нь тоглосон юмнууд зурагтаар гарахаар нэлээн нухацтай харж байснаа “Гайхалтай тоглох юм аа” гэнгүүтээ л тас тас хөхөрдөгсөн. Өөрийгөө хөгжөөж байгаа нь тэр.

ИнгэхэдКиносутрадээр та өөрийнхөө амьдралыг харуулсан юм уу?

-Биш биш. Тэр бол цэвэр зохиомж шүү. Д.Галбаярын амьдрал гэхээсээ кинон дээр тохиолддог асуудлууд гардаг. Би 2004 онд СУИС төгсөөд, кино урлагт бараг 17 жил явж байна. Киноны тогоон дотор чанагдаж яваа хүний хувьд ерээд оноос хойших Монголын кино урлаг, уран бүтээлчдийн зовлон жаргалыг дэндүү сайн мэднэ дээ. “Киносутра” яагаад бодит санагдаж байна гэхээр уран бүтээлчдийн яриа, зовлон жаргалаас ургаж гарсан учраас тэр.

-“Киносутрадээр эхнэрээнайрдагхэсэг байдаг шүү дээ. “Кинонд тоглуулнагээд танилцдаг. Бодит амьдрал дээр Т.Хулантай яаж танилцсан бэ?

-Бид хоёр чинь СУИС-ийн нэг ангийн оюутан юм чинь кинонд тоглуулна гэх боломж байхгүй шүү дээ. Эхний хоёр жилдээ би кино найруулагчаар сурч байгаад Т.Хулан, Т.Бархүү хоёрын ангид ороод, жүжигчнээр төгссөн байхгүй юу. СУИС-д анх элсэж орох үедээ Т.Хуланг харж байсан. Хайрын романс үүссэн үе нь бүүр сүүлд, СУИС төгссөнийхөө дараа юм.

Танаас хамаагүй дүү юм шиг харагддаг шүү дээ?

-Ер нь овор багатай л даа.

Та сүүлийн үедХаламцуу яриахөтлөөд байгаа. Маш хандалт өндөртэй харагдана лээ. Найруулагч, жүжигчин хүний давуу талуудыг ашиглаж чаддаг юм билээ. Зураглаач, найруулагч гээд олон хүний хөдөлмөр орсон харагддаг. Зардлаа нөхөж чаддаг болов уу?

-”Халамцуу яриа” нэвтрүүлгийг ерөнхийдөө өөрийнхөө YouTube сувагт зориулж хийсэн юм. Эхлээд зүгээр л сонирхолтой контент гээд YouTube-д тавьсан чинь маш олон хандалт аваад, хүмүүс нэвтрүүлгийн чанар шаардаад эхэлсэн. Нэвтрүүлгийн үнэр нь хүмүүст дажгүй санагдаад, илүү чанаржуулаад, өнгө төрхийг нь гоё болгооч гэдэг санал ирэхээр нь ардаас нь би “Бааст” гэдэг продакшнтай хамтарч, энэ нэвтрүүлгийг бэлтгэж хүргэж байгаа. Гурван камер, дууны найруулагч, гэрэлтүүлэгч гээд яг л кинон дээр ажилладаг шиг баг ажиллаж байгаа. “Халамцуу яриа”-н дээр дахиад шат ахиулах үүднээс тайз засч, бүр шоу хэлбэрээр явдаг болно. Илүү сонирхолтой байлгах үүднээс бодоод байгаа юм.

-“Халамцуу яриа”-ны үеэр таны туслах найруулагчаа загнаж байгаа хэсгийн бичлэг сошиалаар тарсан. Зарим нь хүнийг ямар муухай загнадаг юм бэ гээд л нэг хэсэг нь найруулагчид ингэж л уурладаг шүү дээ, уурлахаас ч аргагүй дээ гэх маягаар сэтгэгдэл хөврөөд байсан. Таныг бичлэгээ алдсан юм байх гэсэн чинь харин бичлэг задалсан юм биш үү?

-Тэгсэн. Зориуд тавьсан юм. Туслах найруулагчаар ажиллаж байгаа Хүлгээ гээд залуу надаас 15-16 дүү хүүхэд. Яг ийм олон залуус өнөөдөр уран бүтээлийн талбарт ажиллаж байгаа. Би тэдэнд зориулж л үг хэлсэн. Найруулагчид нэг ийм арга байдаг. “Нэг дээр дөрөөлж, нийтээр нь загна” гэж. Ний нуугүй хэлэхэд “Халамцуу яриа”-ны эхний хоёр, гурван дугаар фокус байхгүй, дууны чанар хангахгүй явсан байхгүй юу. Би тэдэнд зориулж үгээ хэлж байгаа юм л даа. Би өөрөө хөтлөөд, камерын өмнө сууж байхад найруулагчийн үүднээс хянах боломж байхгүй. Тэгээд гэнэт тэсэрч, уурласан нь тэр л дээ. Тэр бол яах вэ. Зураг авалтын талбар дээр тэр байтугай л уурладаг шүү дээ. Мэдэхгүй хүмүүс бол мэдэхгүй л дээ. Заавал мэдэх ч албагүй.

Амсангуутаа тасардаг, эсвэл архинд дуртай зочинтой бол амаргүй л байх янзтай юм билээ?

-Архи ууж байгаа гэдэг өнгөн, хэлбэр тал нь. Хамгийн гол агуулга нь болохоор хүн тэр зүйлийг хүртэхээрээ дотоод мөн чанараа уудалж гаргаж ирдэг. Үнэнээ ярьж эхэлдэг. Архи уулгах нь сонин биш, тэр хүний философи нь сонин.

Та таэквондогийн тамирчин, улсын олон удаагийн аварга болж байсан гэсэн. Одоо ч хүн амьтантай нударга зөрүүлвэл дор нь буулгаж авна биз?

-Үгүй ээ, одоо тийм юм байхгүй шүү дээ. Зодолдож чаддаг гэдэг бол нэг талаараа давуу тал мөртлөө нөгөө талаараа маш том сул тал байхгүй юу. Биеэ хянаж чадахгүй бол сул тал болно.

Та дуучин С.Жавхлантай зодолдож танилцсан гэсэн. Багадаа овоо зодоонч нөхөр байжээ?

-Тийм ээ, тийм. Угаасаа тийм л байсан. Гэхдээ одоо бол зодолдоогүй маш удаж байна. Том ах маань надаас тав ах л даа. Ах арван настай, би таван настай байсан. Нэг удаа ах олимпийн аварга болсон юм шиг орилоод ороод ирсэн гэсэн. Ээж гайхаад яасан бэ гэсэн чинь “Галаа зодсон” гээд байж. Юу болов гэсэн чинь “Цагдаагийн хүүхдийг Галаа зодчихсон” гэж л дээ. Ах өөрөө айгаад байдаг хүүхдийг таван настай би хусаад хаячихсан гэсэн. Намайг хөдөлгөөнтэй болохоор тэр спорт руу аав маань чиглүүлсэн. Би Москвагийн олимпийн бамбар асч байхад төрсөн байхгүй юу. Тэгээд аав маань надад Галбаяр гэдэг нэр өгсөн. Олимпоор төрсөн болохоор спортын хүн болж магадгүй гээд спортоор явуулах дуртай байсан.

Таныг жүжигчин болвол зүгээр гэж хэлж байгаагүй юу?

-Аав тэгж хэлж байсан. “Тамирчны амжилт залуу насных. Нэг өдөр бэртвэл заалны мухар сахисан хүн л болно шүү дээ. Урлагийн тал руугаа явбал ямар вэ” гэсэн. Мань эр сонин хэвлэлд ярилцлага өгөхөд “Таны мэргэжлийг хүүхдүүдээс чинь хэн нь өвлөж авах вэ” гэхээр дандаа “Дунд хүү” гэж хариулдаг байсан. Тэр нь намайг урлагийн хүн болоход нөлөөлсөн гэж боддог.

Т.Хулан та хоёр “21000” шоунд оролцож байгаа гэсэн үү?

-Яг одоо “21000” шоуны зураг авалттай явж байна. “Positive Mongolians” онлайн төслийн санаачлагч Д.Түвшинбаярын гэр бүлтэй манай гэр бүл өрсөлдөж байгаа юм. Одоо дөрөв дэх хоног дээрээ явж байна. Та яг одоо өлөн хүнтэй л яриад байна шүү дээ (инээв).