Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин А.Цэгмэд Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнууллаа

Ерөнхийлөгчийн зарлигаар жүжигчин А.Цэгмэдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олголоо.

Жүжигчин А.Цэгмэд нь Монголын кино урлагийн салбарын алтан үеийн төлөөлөл болсон уран бүтээлчдийн нэг юм.

Тэрбээр, “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй”, “Их замын тоос”, “Нийслэл хүүхэн” зэрэг олон уран сайхны кинонууд болон “Ану хатан”, “Улаан дөрвөлжин’, “Хунгийн сүүлчийн дуу” гэх мэт хэдэн арван тайз, дэлгэцийн дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ.

Хүүхэд, залуучуудын театрын тайзнаа залуу насаа мөнхөлж, бяцхан үзэгчдийн алга ташилт дунд дүүлж явсан тэрбээр үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон дүрийг бүтээсэн. Тухайлбал Марко Поло, Улаан дөрвөлжин, Хүдэн зэрэг дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүр бүтээж “Хүдэн” киноны Аажаагийн дүрээр “Академи авардс” наадмаас “Шилдэг туслах дүр” шагнал хүртсэн.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Сэвжидийн Сүхбаатар​т Хөдөлмөрийн баатар цол олгоно

Монголын Улсын Ерөнхийлөгч маргааш /2021.05.26/ төрийн дээд цол, одон медаль гардуулна. Энэ үеэр МУ-ын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч, бүжиг дэглээч Сэвжидийн Сүхбаатарт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Жүжигчин А.Цэгмэд МУГЖ цолоор энгэрээ мялаана

Монголын Улсын Ерөнхийлөгч маргааш буюу тавдугаар сарын 26-нд төрийн дээд цол, одон медаль гардуулна. Энэ үеэр МУСТА, жүжигчин А.Цэгмэд МУГЖ цолоор энгэрээ мялаахаар болжээ.

Жүжигчин А.Цэгмэд нь “Өндөр ээж”, “Мартагдсан дууль”, “Анхны яргуй” “Ану хатан”, “Улаан дөрвөлжин’, “Оюутны нууц амраг’, “Хунгийн сүүлчийн дуу” ,”Эхиймаа” , “Нийслэл хүүхэн” зэрэг олон тайз дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч билээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Жүжигчин С.Болд-Эрдэнэд МУГЖ цол олгохоор болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч маргааш буюу 26-нд төрийн дээд цол, одон медаль гардуулах юм. Энэ үеэр Монголын тайз, дэлгэцийн шилдэг жүжигчдийн нэг УДЭТ-ын жүжигчин Соёлын тэргүүний ажилчин С.Болд-Эрдэнэ нь Монгол Улсын Гавъяат цолоор энгэрээ мялаахаар болжээ.

Жүжигчин С.Болд-Эрдэнэ нь 1995-1999 онд СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцан төгссөн юм. 2013 онд доктор, профессор С.Сугарын удирдлагад магистрын зэрэг хамгаалсан. 2000 оноос УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаад 2019 оноос одоог хүртэл Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажиллаж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Намсрайноров: Аливаа зүйлд авьяас чадвараас илүү хичээл зүтгэл, бэлтгэл хоёрын нийлбэр чухал гэдгийг биеэрээ мэдэрлээ

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Намсрайноровтой ярилцлаа.


ТаОдодтой бүжиглэешоунд оролцож дуулахаасаа дутахааргүй олон түмний сэтгэлийг хөдөлгөж чадлаа. Ер нь шоуны оролцогчдыг шалгаруулж авсан уу, саналыг хэрхэн тавьсан бэ?

-“Mongol HD” телевизээс зохион байгуулсан дэлхийн хэмжээний контент “Ододтой бүжиглэе” шоунд оролцох урилга анх аваад яг үнэндээ өөртөө итгэл төрөөгүй. Би тайзан дээр гараад гараа алдлахыг эс тооцвол өөр ямар нэг хөдөлгөөнгүй зогсоод дуулдаг хүн. Дээр нь бие галбирын хувьд барилдана уу гэхээс бүжиглэх төрлийн хүн биш .Тэгээд ч нас маань 40 өнгийж явна.Тиймээс бие маань бэлтгэл сургуулилт дийлэхгүй алжаах байх. Карантин гээд гэртээ суугаад жин нэмчихсэн, магадгүй миний барах даваа биш байх гэж бодоод саналаас татгалзсан. Харин Продакшны зүгээс “Та сонирхоод үзээч ээ, нэг уулзаад үзье” гэсэн. Ингээд уулзахад энэ хүнд хэцүү цар тахлын үед ард түмнийхээ сэтгэл санааг дэмжих зорилго бүхий эерэг сайхан контент болох юм байна, тиймээс шинэ зүйл сурч, өөрийгөө сориод үзье гэж шийдээд шоунд оролцсон. Анх шоунд орохдоо “За хамгийн түрүүнд хасагдах салхийг нь хагалаад арилаад өгөхгүй юм шүү” гэж бодсон. Тэгсэн салхи хагалах байтугай шоуны дунд хүртэл оролцлоо. Энэ бол миний хувьд чамлахааргүй амжилт. Шүүгчид оролцогчдоос бүр нарийн мэргэжлийн чадварыг харсан л байх. Гэхдээ үүнээс гадна тухайн хүний хичээл зүтгэл, ахиц дэвшлийг их харсан болов уу, ялангуяа над дээр (инээв).

Таныг харахад нэлээд жин хассан харагдсан. Өдөрт хичнээн цаг бэлтгэл хийдэг байв?

-Үндсэндээ гурван сар гаруй хугацааг тууллаа. Энэ хугацаанд овоо ч хөлс урслаа. Жин ч хаяж 10 кг орхилоо. Бие галбиржлаа. Шоунд цаг хугацаа бие махбод, зүрх сэтгэлээ бүрэн зориулж хүмүүсийг гэртээ хөл хорионд байх хугацаанд инээд хөөр, эерэг зүйл бэлэглэж, дархлааг нь дэмжиж амжилттай сайхан оролцсондоо баяртай байна. Аливаа зүйлд авьяас чадвараас илүү хичээл зүтгэл, бэлтгэл хоёрын нийлбэр чухал гэдгийг биеэрээ мэдэрлээ. Хичээл зүтгэл байгаад бэлтгэл сайн бол боломжгүй зүйл ч байхгүй юм байна. Нийтдээ есөн бүжгийн ард гарсан. Эхний дугааруудад зүгширээгүй байсан болохоор хоёр гурван дугаар дээр нэлээд ачаалал авсан. Бэлтгэлүүд ч шахуу.Өглөөний 09:00-18:00 цаг хүртэл уртын бэлтгэл хийдэг байсан. Сүүлдээ биедээ хэт ачаалал өгөхгүйгээр чухал цагтаа сайн бэлтгэл хийгээд амралтаа зохицуулдаг болсон. Миний хувьд бэлтгэлээс гадна онцгой зохицуулалт хийсэн. Манай бүжгийн хамтрагч их чамбай, чадвартай, сэтгэлтэй охин таарсан. Би жин ихтэй, гэдэстэй байсан учраас хамтрагч маань намайг зөвхөн бүжгийн техник, дасгал бэлдүүлэхээс гадна галбиржуулах дасгал маш их хийлгэсэн. Дээр нь зөв хооллох тал дээр их анхаарч, зөвлөж ажилласан нь сэтгэл санаанаас гадна бие махбодод маш их өөрчлөлт гарсан. Хэдийгээр шоу өндөрлөсөн ч би зөв хооллохыг хичээж, долоо хоногтоо нэг удаа бүжгийн бэлтгэл хийе гэсэн бодолтой байна. Учир нь хүн миний төлөө тийм их хичээл зүтгэл сэтгэл гаргасан шүү дээ. Ер нь зөв хооллолт, хөдөлгөөн гэдэг маш чухал юм байна.

Энэ шоунд оролцсоноор таны амьдралын хэмнэл өөрчлөгдсөн гэлээ. Үзэл бодлын хувьд ч чамгүй өөрчлөлт гарсан уу?

-Зөвхөн бие махбод гэлтгүй оюун санааны хувьд аливаа зүйлийг өөр өнцгөөс харах болсон. Уран бүтээлийн хувьд ч салхи оруулсан, өөр мэдрэмжийг эрэлхийлсэн явдал боллоо. Найз нөхөд ч ярьж байна. Бүжгийн спортыг сонирхож байна. Ер нь хүн болгон л туръя, туръя л гэж ярьдаг болж. Би болохоор галбиржъя гээд гоёор хэлээд байгаа. Би өмнө фитнесс хийж үзсэн л дээ. Нэг л бие эсэргүүцээд дархлаа унаад таарамжгүй байсан. Харин бүжиг бол хөдөлгөөнөөс гадна зөв галбиржилттай болдог урлаг юм байна. Манай найз нөхдөөс “Би энэ шоунд орсон бол бүтэхгүй ээ” гэдэг. Үгүй, ерөөсөө л хичээх юм бол бүтэхгүй зүйл гэж үгүй. Дээр нь бэлтгэл бас дахин бэлтгэл чухал юм байна. Миний хувьд хүүхэд байхдаа бага сага бүжиг сонирхдог. Сумын төвийн бүжигт ордог байлаа. Сумын бүжиг гэдэг чинь маш гоё ш дээ, хүмүүс хөгжим зогстол баруун зүүнгүй эргээд л. Одоо бодоход тэр чинь ардын бүжиг л юм байна л даа. Мэдээж мэргэжлийн бүжиг ардын бүжгээс өөр гэдгийг сая шоунд оролцож мэдэрлээ(инээв).

Одоо та тоглолт хийвэл их өргөн хийх нь ээ. Дуулаад, бүжиглээд л…?

-Уран бүтээлийн тоглолт хийлээ гэхэд бүжгийн номертой байх уу гэдэг асуулт их ирж байна. Найз нөхөд утсаар ярихдаа ч энэ талаар асууж, ярьж байна. Яг одоо тийм урам бүтээл хийнэ гэж амлахгүй ч төлөвлөсөн, бодсон зүйл их байна.

Уран бүтээлийн шинэ цомог бэлэн болсон гэсэн. Цомгийнхоо ажлаас сонирхуулаач?

-Би өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод арваад тоглолт, 21 аймагт дөрвөн удаагийн аялан тоглолт, 333 сум бүрт гээд 500 орчим тоглолтыг үзэгч дүүрэн халуун алга ташилт урмын үг дор туулж өнөөдрийг хүрсэн байна. Үзэгч түмэндээ л их баярлаж явдаг. Тиймээс үргэлж шинэ уран бүтээлээрээ учран золгохыг хичээдэг. Одоо тав дахь цомгоо гаргахаар бэлдэж байна. Бүгд шинэ уран бүтээлүүд. Миний уран бүтээлүүдийг харахад дандаа л хайр сэтгэлийн гэгээлэг өнгө аястай дуунууд бий. Тиймээс одоо шинэ цомогт багтсан дуунууд ухаарал хайрласан, нутаг ус, аав ээжийн тухай гээд арай өргөн агуулгатай байна. Гэхдээ өөрийнхөө имиджийг илэрхийлэх ганц нэг хайрын тухай хөнгөн ритмтэй дуу оруулж өгсөн байгаа. Дуунуудаа эхнээс нь дүрсжүүлж байна.

Дуучид шинэ дуу гаргаад дараа нь дүрсжүүлдэг. Шинэ дууг шууд цацах, дүрсжүүлээд цацахын аль нь илүү хүнд хүрдэг вэ. Эхлээд нийтэд хэр хүрч байгаагаас нь шалтгаалж дүрсжүүлдэг юм шиг санагддаг?

-Тухайн дуунаасаа шалтгаална л даа. Цаг үеэ олох, эзнээ олох, тохироо бүрдэнэ гэж ярьдаг. Миний “Дурлан дурлан хайрламаар” хүмүүсийн ярьж заншсанаар Гэзэгний үзүүр…дуу бол гарсан өдрөө яг үнэндээ нийтийн дуун дундаа түймэр асаасан байдаг. Цагийн дотор FM, радио дамжаад, дүрсгүй ч гэсэн ард түмэнд нэвт хүрсэн. Долоо хоногийн дараа баруун хязгаар Баян-Өлгий аймгийн Сагсай суманд мотоцикльтой хөдөөний залуучууд дуулчихсан явж байна гээд над руу утсаар ярьж билээ. Тэгэхээр цаг хугацааны хувьд янз бүр юм билээ. Миний хувьд дуугаа FM, радиогоор цацаад магадгүй сарын хугацаанд энэ хэлбэрээр явуулж байгаад клип буюу дүрсжүүлээд явдаг. Гэхдээ өнөөдөр бол цаг бас арай өөр болсон байна. Сошиал орчинд ямар ч байдлаар цацаж болж байна. Зарим залуус эхлээд клиптэй нь ч цацаж харагддаг. Өөр өөрсдийн өнгөөр л явж байна л даа.

Таны дуулсан хайрын тухай дуунууд дүрсгүй ч хүнд маш хурдан хүрч, амны аялга болоход дууны үг чухал байгаад байх шиг. Дууныхаа үг дээр хэрхэн ажилладаг вэ?

-Би өөрөө шүлэг зохиож чадахгүй. Шүлгийг агуулгаар нь хараад ганц нэг үг засах, санаа нэмэх байдлаар оролцдог. Магадгүй эхний ээлжинд хүнд шууд хүргэхийн тулд ухаарал хайрласнаас илүү гэгээлэг, хөнгөн, хүмүүст ойр үгийн сонголт чухал юм шиг санагддаг. Зөвхөн үг ч гэлтгүй ая, хөгжмийн найруулга гээд бүгд л сайхан зохицох ёстой. Бүгд сайхан зохицсон байхад дуучин сэтгэл зүрхнээсээ дуулж чадахгүй, жаахан дутуу дуулсан бол бас л хүнд хүрч чадахгүй хайран. Тиймээс дууны үгийг бодож, судалж, цаг үеэ мэдэрч хийхийг хичээдэг дээ.

Таныг СУИСд үеийнхнээсээ нэлээд сүүлд орсон ч оюутан байхдаа олны танил болсон дуучин гэдэг. Малчны хотноос урлагийн тайзан дээр ирсэн энэ түүхээсээ хуваалцахгүй юу?

-Миний үеийнхэн их сургуулиа төгсөж байхад би дөнгөж орж байсан. Дуурь, уртын, страдын дуулаач гэсэн ангитай байсан. Одоо ардын дууны анги нэмэгдсэн байна лээ. СУИС-д ороод дуучин болж төгсчихөөд нийтийн дуучин болно гээд С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа гээд л нийтийн дуучдын яг араас замаар нь явсан. Гуравдугаар курсийн оюутан байхдаа “Хонгор чамдаа” дуугаа гаргасан нь олон түмэнд их сайхан хүрсэн. Ингэж л дуучны гараагаа эхэлсэн байдаг. Уг нь би дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Гэхдээ миний хоолойны зохицлын хувьд ардын маягтай, нийтийн дуу илүү тохиромжтой байсан. Ингэж л нийтийн дуу руу эргэлзэлгүй орсон доо. Харин дуучин болсон түүх нь гэвэл их сонин. 2002 онд хөдөө байхад унага тамганы найранд аавын найзууд ирээд миний дуулахыг сонсоод “Энд ингэж адууны бэлчир дээр дуулж байхаар ард түмний өмнө тайзан дээр дуулах хүн байна” гээд дуучин болохыг зөвлөсөн. Ингээд дуучин болохоор шийдэж тухайн үеийн Улсын ардын чуулгад анх ирж МУГЖ Дуламын Баасанжав багшийнхаа удирдлага дор хоолойн дасгал уншиж эхэлсэн. Гэвч халшираад хөдөө явсан. Гэхдээ өнөөх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд дараа жил нь дахиад ирж 2003 онд СУИС-ийн ачит багш нартайгаа золгосон доо. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл олон сайхан хүмүүс чиглүүлж байна. Нэр дурдахаар орхигдуулснаас болоод зарим нь гомддог. Айхавтар шүү. Тиймээс нэр цохсонгүй.

Монголчууд дуулах, барилдах удмынх гэж ярьдаг түмэн. Таны авьяас ч гэсэн ээжтэй тань холбоотой гэсэн байх аа?

-Тийм ээ. Ээж маань найранд дуутай сайхан хоолойтой Ч.Цэцэгмаа гэж хүн бий. Төв аймгийн Лүн сумын харьяат. Аав минь Ч.Доржгочоо Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат хүн. Хөдөө сайхан шүү дээ. Хүмүүсийн сэтгэл тайван налгар, малын зоо тэнэгэр, өвс ургамал найгасан мөн ч гоё үе байж дээ. Биднийг хүүхэд байхад цаг ч сайхан байж унага тамганы найр, хүүхдийн сэвлэг үргээх найр хэдэн өдрөөр үргэлжилнэ. Аав, ээжийнхээ дуулж хуурдахыг харж, өөрсдөө ч сайхан найранд орж дуулж явлаа. Манай аав, ээж Улсын аварга тууварчин, малчин хүмүүс. Олон ч жил тууварт явсан малчид.

Тууварт явсан хүүхэд насны дурсамж их биз?

-Аав, ээж маань хавар мал бэлтгэлээс 1850 толгой төлөг аваад яг тоогоор нь намар маханд тушаадаг. Тэр хооронд жин нэмэгдүүлэхийн тулд зуны хүйтэн аадар бороо, хангайн сүртэй нэртэй сүүлтэй, сүүлгүй амьтнаас хамгаална гээд зөндөө бэрхшээлийг давж хавар авснаасаа хэдэн мянган тонн мах давуулж тушаана. Үүнийг нь үнэлж Улсын аварга тууварчин гэх энэ сайхан шагналыг өгсөн болов уу гэж би боддог. Хүүхэд байхад аав, ээж хоёр малаа туугаад явдаг. Намар тушаагаад ирдэг. Хавар ахиад л малаа аваад гардаг байсан. Би хамгийн сүүлийн мал туулт буюу 1993 онд 13 настай байхдаа хамт явсан. Тэр их хөгтэй ч юм болсон. Айхавтар усархаг, аадар бороотой үеэр 22-ын товчоо Сонгинохайрханы шил дээр ирээд бороонд яарч морио дутуу уяж гэртээ орсноос болж хамгийн хайртай морио алдсан. Миний мал туусан түүх иймэрхүү хөгтэй дууссан.

Морио хулгайд алдчихсан хэрэг үү?

-Тэгсэн. Дутуу уяад алдсанаас болж алдаад, хулгайн замаар л орсон байх. Хүүхэд болсон хойно болчимгүй үйлдлээсээ болж морио алдчихаад аав, ээжээсээ айж, гэмшиж нэлээн явсан шүү. Ер нь бусад үед бид өвөөтэйгөө л үлддэг байсан.

Өвөөтэй өнгөрүүлсэн дурсамж, өвөөгөөс сурсан хүмүүжил их болов уу?

-Би айлын дээрээсээ хоёр дахь. Гурван дүүтэй. Биднийг аавын аав буюу өвөө маань хардаг байсан. Өвөө маань эрдэм номтой хүн байсан. Сумын сургуульд сурахдаа ч хөдөө амралтаараа малд явахдаа ч өвөөтэйгөө л хамт явдаг байсан. Өвөөгөөсөө их зүйлийг сурсан байдаг.

Одоо та өөрөө сайхан хань ижилтэй, өнөр өтгөн гэр бүлтэй болж. Үр хүүхдүүдээ ямар зарчмаар хэрхэн хүмүүжүүлж, чиглүүлдэг вэ?

-Манайх дөрвөн хүүхэдтэй. Миний хань Цэрэнбатын Баярчимэг гээд Олон улсын эрх зүйч мэргэжилтэй бүсгүй бий. Үнэндээ том охиноо төрүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 13, 14 жил мэргэжлээр нь ажиллуулж чадсангүй. Хүнээр хүн хийж хүний дайтай болгоно гэдэг их том ажил. Уран бүтээл гээд хүүхэд өсгөх талдаа би гэдэг хүн их тааруухан оролцсон байдаг. Энэ их ажилд бие сэтгэлээ зориулсан ханиараа бахархаж, бас баярлаж явдаг. Эхнэр бид хоёрын хувьд өөрсдийн эцэг, эхээс, өвөө, эмээгээс өвлөж ирсэн итгэл үнэмшлээр үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхийг боддог. Хүнд худлаа ярьж болохгүй, хэлсэндээ хүрдэг байх, цаг барьдаг, хүнд муу санадаггүй. Ширхэг чулуу хүртэл амьтай байдаг учраас аливаа зүйлийг хайрлаж байхыг ойлгуулдаг. Миний л хувьд шүү, хүүхдээ үнэтэй хувийн сургуульд сургаад л үнэтэй гэснийг авч өгч өгөөд “Чи сайн хүн болж аав ээжийгээ тэжээх ёстой”, “Сайн хүн болж их орлоготой байх ёстой” гээд шахаж нүдээд байхыг хүсдэггүй. Энгийн улсын сургуульд аясаар нь сургаад явуулахыг боддог. Өөрсдийнх нь сонирхсон мэргэжлээр нь боловсрол эзэмшүүлж, хамгийн гол бусдыг хайрладаг, зөөлөн энэрэнгүй хүн болоосой гэж өдөр болгон л ярилцдаг. Сая шоунд байх хугацаанд ээжтэйгээ үлдэж аавыгаа дэмжсэн.

Нэг удаа “Маона” хүүхэлдэйн кино таараад Маогийн дүрийг бүтээхийг хичээсэн. Тэр дүрийг гаргахын тулд би хүүхдүүдтэйгээ хамт суугаад хүүхэлдэйн киног үзсэн. Ингэхдээ тэр агшнаас их зүйлийг харсан, бас сурсан. Хүүхэд гэдэг чинь хачин хөөрхөн, сонин ертөнц юм шүү дээ. Тэгсэн том охин маань “Аав аа, та энэ дугаарт хасагдаж болохгүй шүү” гэж хэлсэн. Охиныхоо захиасаар тэр дугаарт хасагдалгүй харин ч сайн оролцсондоо баяртай явдаг шүү. Шоунаас хойш нэг дугаарыг хүүхдүүдтэйгээ хамт сууж үзлээ. Тэгсэн бас тэнд аав нь байхгүй болохоор үгүйлэгдээд байх шиг ажиглагдсан. Эцэг эх хүн чинь хүүхдүүддээ зааж сургахаас гадна их зүйлийг тэднээсээ сурдаг юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Залуучуудын Хөгжлийн Зөвлөл байгуулагдлаа

Монгол Улсын Соёлын сайдын А/85 тоот тушаалаар соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөл байгуулагдаж, анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа. Тус хуралдаанд соёлын сайдын зөвлөх Н.Бямбадорж тушаалын төслийг танилцуулсан бол Залуучуудын Хөгжлийн Үндэсний Зөвлөлийн Нарийн бичгийн дарга, ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж соёлын салбарын залуучуудын хөгжлийн төв зөвлөлийг бүртгэсэн батламжийг гардуулжээ. Түүнчлэн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, яамны дэргэдэх зөвлөлийн дүрмийн төслийг хэлэлцсэн байна.

Соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөлийн даргаар Соёлын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын шинжээч Э.Цэнд-Аюуш томилогдсон бол дэд даргаар Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Гантулга, Соёлын яамны дэргэдэх зөвлөлүүд хариуцсан дэд даргаар Соёлын өвийн газрын мэргэжилтэн Ч.Цэцэгбаатар, Соёл, гэгээрлийн газрын мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, Урлаг, уран бүтээлийн газрын мэргэжилтэн Г.Ариунзаяа, Нарийн бичгийн даргаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Сувд-Эрдэнэ, гишүүдээр Соёлын сайдын туслах О.Цэрэндулам, Соёл, гэгээрлийн газрын ахлах мэргэжилтэн Ө.Уянга, Соёлын өвийн газрын ахлах мэргэжилтэн П.Алдармөнх, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Г.Эрдэнэсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын Жендер, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Жаргалмаа, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Э.Чинзориг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн С.Хэрлэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Баясгалан, Соёлын үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн мэргэжилтэн Э.Болортунгалаг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Төрийн сангийн төлбөр тооцооны ерөнхий баталгаажуулалт, газрын дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Ууганбаяр, Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн ажилтан Х.Даваадамба, Төрийн захиргааны удирдлагын газрын оператор техникч Ж.Баярмагнай нар томилогджээ.

Соёлын яамны Залуучуудын Хөгжлийн Зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, үндэсний хөтөлбөр, тэдгээртэй холбогдох хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон ажиллах бөгөөд Соёлын салбарын залуучуудад ажиллах, амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэхэд салбар дундын уялдааг хангах, төрөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд залуучуудын оролцоог бий болгох, залуучуудын үзэл бодол, санал санаачилгыг дэмжих замаар бүтээн туурвих боломжийг бүрдүүлж, салбарын залуучуудын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Их хааны нутгаар” үзэсгэлэнг маргааш нээнэ

“Монгол Арт галерей” маргаашаас шинэ үзэсгэлэнгээ дэлгэн толилуулахаар болжээ.

Шинэ үзэсгэлэн нь “Их хааны нутгаар” судалбар, аяллын үзэсгэлэн байх нь.

Тодруулбал, тус галерей санаачлан “Монгол Арт роад” төсөл хэрэгжүүлж зураач уран бүтээлчид болон түүх судлаачдын багийг Хэнтий аймгийн нутгаар 2500 км аялуулжээ. Аяллын дүнд төрсөн уран бүтээлийн судалбар “Их хааны нутгаар” хамтарсан үзэсгэлэнг гаргахад хүргэжээ.

Мөн “COVID-19” цар тахлаас үүдэлтэй хөл хорионы хугацаанд зураач, уран бүтээлчид олон шинэ уран бүтээл туурвисны нэгийг маргааш бас толилуулна. Энэ нь МУЭ-ийн гишүүн зураач Т.Өлзийжаргал, А.Өлзийжавхлан нарын “Огторгуйн нүүдэл” үзэсгэлэн бөгөөд “Монгол Арт галерей”-н 2 давхарт дэлгэх гэж байна.

Уг үзэсгэлэнд нүүдэлчдийн соёл, монголчуудын язгуур аж төрөхүйг тусган илэрхийлжээ. Дээр дурдсан хоёр үзэсгэлэн “Монгол Арт галерей”-д энэ сарын 27 хүртэл гарна.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Гадаадын зах зээлд гаргах бүх контентыг Засгийн газар дэмжинэ” гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.05.18/ соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтой уулзлаа.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинжлэх ухааныг мөнгөөр харах хэрэгтэй байна. Ном, зохиол олон зүйл хийж байгаа, тэр нь зөв. Гэхдээ уламжлалт байдлаа зах зээлтэйгээ уях ёстой байна. Гадаад зах зээлд гарах бүх контентыг Засгийн газар дэмжинэ. Үүнийг бид эдийн засаг гэж харна. Жишээ нь, манай кино урлагийн салбарынхан кино хийгээд олон улсын зах зээлд гаргахыг хүсэж байгаа бол Засгийн газар дэмжинэ. Хамгийн том наадамд та бүхнийгээ аваад очье.

Шаардлагатай бол Ерөнхий сайдын айлчлал хийе, хамт очно. Магадгүй гадаадынхан ирж Монголд кино хийх гэж байгаа бол татварыг нь хөнгөлж болж байна. Монголд ирэх нь амархан гэдэг ойлголтыг дэлхийд түгээе” хэмээн онцоллоо.

Түүнчлэн “Манай урлагийн салбарынхан бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй байдалтай байдаг. Тэгсэн хэр нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүн цөөхөн. Засгийн газрын хувьд ч шүүмжлэлтэй ханддаг олон зүйл бий. Гэхдээ Ерөнхий сайдын хувьд энэ салбарт эс үйлдэл хийхгүй. Энэ албан тушаалыг зүгээр өнгөрүүлэхгүй, та бүхнийг нэг алхах аваас би хоёр алхахыг хичээнэ. Уул уурхайн салбартай дүйцэхүйц орлого оруулдаг, хүлээн зөвшөөрдөг соёлын бүтээлч салбарыг хамтдаа бүтээхийн төлөө хамтарч ажиллахыг хүсэж байна” гэж ярилаа.

Categories
мэдээ соёл-урлаг

Ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмын найруулагч өнөөдөр тодорно

Энэ жил Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй билээ.

Хэдий цар тахалтай ч баяр наадмаас өмнө тархалтыг нь намдааж, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэнэ гэж албаныхан мэдээлсэн.

Улмаар Үндэсний баяр наадмын концертын найруулагчийг өнөөдөр тодруулах аж. Наадмын нээлт, хаалтыг найруулах найруулагчийг Үндэсний их баяр наадмын комиссоос сонгон шалгаруулдаг.

Энэ жилийн хувьд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нарын нэр дэвшсэн гэх таамаг олон нийтийн дунд өрнөөд буй юм.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан бол Г.Цоггэрэл найруулагч 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажиллаж байсан. Харин “Херо” энтертайнмент студийн захирал Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол уртын дуу лимбэдэх” уламжлалт аргыг өвлүүлэх төсөл хэрэгжиж байна

Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, “Монголын Лимбэчдийн Холбоо” ТББ хамтран “Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулж, тогтворжуулах нь” төслийг ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн сангийн дэмжлэгтэйгээр 2019-2021 онд хэрэгжүүлж байна.

ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2011 онд бүртгэгдсэн “Монгол Лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа” өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх нь төслийн гол зорилго аж.

Төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн Газар, БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв болон шат шатны төрийн болон төрийн бус байгууллагуудын гаргасан хүчин чармайлтыг бэхжүүлэх, судалгааны ажлыг эрчимжүүлэх, өвлөн уламжлагчдыг алдаршуулах, залуу хойч үед өвлүүлэн уламжлуулах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байна хэмээн Соёлын яамнаас мэдээлэв.