Categories
мэдээ соёл-урлаг

“Бичиг соёл-2021” уран бичлэгийн шилдэг бүтээлүүд тодорлоо

“Бичиг соёл” уран бүтээлийн үзэсгэлэн энэ жил цахим хэлбэрээр зохион байгуулагдсан билээ. Олон нийтэд монгол бичгийг сурталчлан таниулж, монгол оюуны дархлаа, монгол оюуны ундаргыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй энэ үзэсгэлэн сүүлийн жилүүдэд олон улсынх болж өргөжин тэлж буй. Монгол уран бичлэгийн гайхамшигт биширсэн орос, буриад, халимаг, франц, хятад, өвөрмонгол уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнг хүлээн байж бүтээлээ ирүүлдэг болсон.Энэ жилийн үзэсгэлэнд дотоод, гадаадын уран бүтээлчдээс 50 гаруй бүтээл ирсэн юм.

ЗГХА Соёл урлагийн газар, Бичиг соёл төвөөс зохион байгуулсан уг үзэсгэлэнгийн шилдэг бүтээлүүдийг тодрууллаа. Энэ үеэр ЗГХА Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор “Монголчууд бид мянган жилийн баялаг түүх, дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншил, тусгаар тогтнолын өвөөрөө бахархаж ирсэн билээ. Энэ бүхнийг нэгтгэн зангидаж, илэрхийлэгч монгол бичиг соёлоо хүндэтгэх, өвлөн сурч, судлах нь өвөг дээдсийн залгамж үр хойч бидний эрхэм нандин үүрэг юм. Монгол туургатны мянганаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнай болсон Үндэсний бичиг үсгийн соёл гэдэг бол бид бүхний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа, өвөрмөц дүр төрхийн тодорхой илрэл, гурван цагийг холбосон ариун нандин холбоос билээ.

Зургийн тодорхойлолт алга байна.

2013 онд ЮНЕСКО-д Зайлшгүй авран хамгаалах биет бус өвийн нэг гэж бүртгэгдсэн монгол бичиг соёлын өвөрмөц сонгодог хэлбэрийг уран бүтээлчид залуу үедээ улмаар гадаад дотоодын олон үзэгчдийн мэлмийд толилуулах нь бидний эрхэм зорилго билээ.Манай агентлаг нь эх хэл, бичиг үсэг, түүх соёлын тухай мэдлэгийг гүнзгийрүүлж, танин мэдүүлэх, үндэсний түүх, өв соёлын онцлогийг агуулсан, мэдлэг, мэдээлэлд тулгуурласан шинэ контент, бүтээгдэхүүн бий болгох, иргэн бүрийг эх хэл, бичгээ бүрэн төгс эзэмших, монгол үндэсний соёлын мэдрэмж, мэдлэгтэй болгож, соён гэгээрүүлэх их үйлсийг хэрэгжүүлэх бодлого барьж, төрийн болон олон нийтийн байгууллага, хувь хүний оролцоог нэмэгдүүлэн ажилладаг.
Үндэсний дархлаа болсон соёлын өв, бичиг үсгээ эрхэмлэн дээдэлж, эрдэм мэдлэг, уран мэдрэмж, сэтгэл оюунаа зориулан бүтээлээ туурвиж, олон түмний оюуны мэлмийг баясгасан нийт уран бүтээлчид та бүхэнд талархал илэрхийлье. Өв их бичиг соёл улам түгэн дэлгэрэх болтугай” гээд уран бүтээлчдэд Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100
жилийн түүхэн ойн мэндийг дэвшүүлж, Төрийн дээд одон медаль, мөн шилдэг бүтээлийн шагналыг гардууллаа.
Монголын Хүүхдийн ордны уран зургийн багш, каллиграфийн мастер Д.Батбаяр, чөлөөт уран бүтээлч, каллиграфийн мастер Т.Жамъянсүрэн, чөлөөт уран бүтээлч Ш.Гэрэлсайхан Л.Сүхбаатар, Хүүхдийн урлан бүтээх төвийн багш Л.Атар,Б.Энхцэцэг,М.Энхбаяр, Голомт банкны дизайнер Ц.Тамир, “Содон чимээ” сургалтын төвийн багш Б.Алтантуяа нар Төрийн дээд одон медалиар шагнууллаа.
Уран бичлэгийн шилдэг бүтээлийн шагналыг “Монголын нууц товчоо” бүтээлээр Э.Одбаяр хүртсэн бол тусгай байрын шагналыг “Өндөр гэгээний соёмбо үсэг оршвой” бүтээлээр М.Эрдэмбилэг,тусгай байрын шагналыг “Түвшин шударга туйлын цэнгэл бүтээлээр ”Ц.Тамир нар хүртэв.

Зургийн тодорхойлолт алга байна.

12 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ соёл-урлаг

“Дээлтэй Монгол наадам”-ыг цахимаар зохион байгуулж эхэллээ

2006 онд анх Улаанбаатар хотноо “Дээлтэй Монгол наадам”-ыг “Монголын Аялал жуулчлалын холбоо”, “Монгол костюмс” ХХК-тай хамтран зохион байгуулсан.

Энэхүү наадам нь Монгол туургатны хэмжээнд зохион байгуулах, Монгол үндэсний хувцасны язгуур хэв шинжийг хадгалах, Үндэсний уламжлалт зан үйл, ёс заншил, дээл хувцас, эдлэл хэрэглэл, тоглоом наадгай, гар урлалыг цогц хэлбэрээр олон нийтэд таниулах зорилготой юм. Засгийн газрын 2019 оны 204 дүгээр жил бүрийн долдугаар сарын 9-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь “Dance chance” хамтлагтай хамтран хамтран Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан “Дээлтэй Монгол наадам”-ыг цахимаар зохион байгуулж эхэллээ.

Өөрөөр хэлбэл цахимаар үндэсний дээл хувцастай бүжгийн #ДээлтэйМонголChallenge #Dancechance уралдааныг эхлүүлж байна.

Уралдаанд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй бөгөөд 2021.07.09-2021.08.09 хүртэл сарын хугацаанд зохион байгуулагдах бөгөөд удирдамжид заасан шалгуур үзүүлэлтээр дүгнэн, 1, 2, 3 байр эзлүүлж шагнаж урамшуулна.

Эх сурвалж: Нийслэлийн аялал жуулчлалын газар

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Саянцэцэг: Би чинь хар, цагаан хүн шүү дээ

Монгол Улсын консерваторийн багш, гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч Сангидоржийн Саянцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр Москва, Софи, Мексик, Мадридын дуурийн театр болон сонгодог урлагийнхны мөрөөдлийн тавцан болсон алдарт Карнеги холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч юм. 2019 онд тэрбээр Монгол Улсын Соёлын элч болжээ.


Та зав чөлөө багатай явах юм аа. Ковидын үед шавь нартайгаа яаж хичээллэж байгаа вэ?

-Зав муутай байна. Хүүхдүүдтэйгээ зууралдаж суутал орой 21 цаг болчих юм байна шүү дээ. Зарим хүүхдүүдтэй зургаан цаг хичээллэдэг. Хөл хорионы үед онлайнаар хичээллэнэ. Өөрөө тоглож үзүүлнэ. Маскийг нь зүүлгээд, гарыг нь угаалгаад, гэр орноо ариутгаж, дэглэмээ сахиулж байгаад хичээллэдэг. Тэгэхгүй бол холын зайнаас хичээллэхээр бас болохгүй юм. Хөл хорио сулрахаар хавар, өвөл хийж чадаагүй ажлаа дуусгах гээд зүтгэж байна. Одоо бид бичлэг дээр ажиллаж байгаа. Цаг хэцүү байвал шинэ бичлэгээ олон улсын тэмцээнүүдэд явуулах гээд эрчимтэй ажиллаж байна.

Таны ээжийн яриаг сонссон л доо. Таны аав, хөгжмийн зохиолч Ч.Сангидорж балын харандаагаар нот бичдэг, нотоо бичихээрээ хөлс нь чийхардаг байсан гэсэн. Том хэмжээний хөгжмийн зохиол бичихээр нот бичихдээ ч сэтгэлдээ ургуулж, чихэндээ сонсоод, маш их хүч зарцуулдаг шиг байгаа юм. Танд бас ийм дурсамж байдаг уу?

-Испанид амьдардаг байхад маань ээж, аав хоёр манайд ирсэн юм. Энэ үеэр намайг Японд тоглохыг урьсан. Тэр тоглолтод бас морин хуур тоглодог япон хүүхэнтэй хамт тоглохыг гуйсан юм. Би тэгэхэд морин хууртай тоглож үзээгүй байсан. “Яана аа, би юу тоглох юм бэ” гэсэн чинь Таны аавын “Зулай цагаан Алтай”, япончуудын дуртай бас нэг зохиол байгаа гэсэн. Аавд “Таны Зулай цагаан Алтай”-г Японд тоглож өгөөч гэж байна, клавир нь байгаа юу гэсэн чинь аав “Юухэн байх вэ, аав нь нэг өдрийн дотор л охиндоо зориулаад бичээд өгнө” гэсэн юм. Орой нь аав “Май, миний хүү” гэсэн. Зохиолоо хэвлээд, и-мэйлээр явуулаад, нөгөө хүүхэнтэйгээ Японд тоглосон. Аав тэрийг бичиж байхдаа өөрөө дуулаад, охиноо тоглоход яаж эвтэйхэн байлгах вэ гэсэн хувилбаруудыг хийгээд байгаа юм. Намайг дуудаад “Ингээд бичвэл ямар байна, нэг тоглоодох доо” гэдэг. Төгөлдөр хуурын зохиолуудаа иймэрхүү л маягтай бичдэг байсан.

Ч.СангидоржийнМонгол далайгээд Хөвсгөл нуурын тухай дууг нь хүмүүс мэднэ. Энэ дууг Ц.Балдорж сэтгүүлчийнДалай ээж цаазын тавцанднийтлэлийг уншаад, эмзэглэж бичсэн гэдэг. Уран бүтээлч хүн өөрийн бүтээлээрээ дамжуулж тэмцэж, өөрийгөө илэрхийлдэг юм байна гэж бодогдсон?

-Тэр дууг бичиж байхад би Москвад сурч байсан. Аав маань их тэмцэгч хүн байсан. Хурц характертай. Аавыг мэддэг хүмүүс түүнд их хайртай. Их хүнлэг. Гомдоовол гомдол нь удаан тайлагддаг. Гэхдээ цайлган хүн байсан.

Та бас аав шигээ эмоцитой гэж ярьсан байна лээ. Та гунигласан, баярласан үедээ төгөлдөр хуураа л тоглодог уу?

-Аавын зан ааш надад явж байдаг гэдгийг сүүлд мэдэрсэн. Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Н.Халиуны хүүхэд миний хичээлд явдаг. Тэд намайг “Яг Сангиа багш” гэдэг юм. Ээж хүртэл “Эвий, миний охин хаалга нүдэж байгаа нь хүртэл яг аав” гэдэг. Том охин нь болоод ч тэр үү “Аавын шар охин” гэдэг нэртэй байсан. Ээж нар хүүдээ, аавууд охиддоо илүү байдаг шүү дээ. Аав маань охидоо их хайрладаг, санаа зовдог байсан.

Та ихэр охин дүүтэй. Ихэрцэцэг, Ижилцэцэг хоёрыг загвар өмсөгч гэдгээр нь хүмүүс мэддэг байсан. Ихрүүд одоо хаана явна вэ?

– Манай хоёр дүү нэг нь Америкт, нөгөө нь Испанид амьдарч байгаа.

Бүх л мэргэжлийн төгөлдөр хуурчид сонгодог зохиол тоглож байгаа. Яг адилхан зохиол тоглоход монгол төгөлдөр хуурчийн мэдрэмж бусдаас өөр сонсогдох болов уу?

-Хүн багшийгаа дуурайдаг гэж ярьдаг. Би багшийнхаа 90 насны ойд зориулж А.Скрябиныг тоглосон юм. Багш маань А.Скрябиныг тоглосон ЗХУ, дэлхийн анхны эмэгтэй байхгүй юу. 50 настайдаа А.Н.Скрябины бүх төгөлдөр хуурын зохиолыг тоглосон хүн байгаа юм. Би багшийгаа 64 настай байхад ангид нь ороод, 89 хүртэл нь багштайгаа хамт явсан. Тоглолтыг маань үзэгчид их гоё хүлээж авсан л даа. Оросууд багшийн тоглолтын манерыг хүртэл сайн мэддэг. Дараа нь олон хүн “Та багш шигээ тоглохгүй, Скрябиныг өөр маягаар тоглож байна” гэсэн юм. Скрябиныг би багш шигээ бус өөрийнхөө мэдрэмжээр, монгол хүний тархи, сэтгэхүйгээр тоглож байгаа юм. Хөгжимчид хоорондоо хэзээ ч адилхан тоглохгүй. Тэр байтугай нэг хүн нэг зохиолыг арав тоглоход огт өөр байдаг. Тэр өдрийн од гэж ярьдаг. Тэр өдрийн мэдрэмж нь өөр өөр явдаг.

Та өсвөр насандаа Москвад сурахаар явсан. Дараа нь Испанид олон жил амьдарсан. Таныг дэлхийн иргэн гэж болох байх?

-Тийм ээ, гэхдээ би дэлхийн иргэн биш, хөгжмийн иргэн л дээ. Эмч нар ч бас адилхан. Эмчийг монгол эмч, орос эмч гэж ялгадаггүй. Ерөөсөө л хүний эмч байхгүй юу. Би бол хөгжимчин л хүн. Дэлхийн хөгжимчин байж магадгүй. Бидний мэргэжил бол адилхан. Харин тоглолт бол өөр.

Олон жилийн дараа Монголдоо ирж амьдрахад дасан зохицоход хэцүү байв уу. Ялангуяа таны нөхөр испани хүн, Монголд дасахад амаргүй байсан болов уу?

-Хэцүү байлгүй яах вэ. Гадаад хүн байтугай олон жил гадаадад амьдарч байгаад ирсэн монголчуудад хүртэл амаргүй байдаг шүү дээ. Муу аав минь өөд болоод, 2012 онд ирээд буцаж чадаагүй. Яаж ээжийг ганцааранг нь үлдээх вэ гээд. Хэдэн жилдээ үлдье дээ. Ээжийнхээ нулимсыг хаттал байя гэж шийдсэн юм. Тэр үед Г.Эрдэнэбат захирал намайг дуудаад та сургуульд ажиллаач гэсэн юм. Эхэндээ би Улаанбаатарыг мэднэ гэж бодож байсан л даа. Яг цагаа тулахаар бас мартсан л байдаг юм билээ. Москвад арван жил сураад, цаашаа Испанид 23 жил амьдарсан. Гэхдээ завсар нь мэдээж эх орондоо ирдэг л байсан. Испанид өвөл болдоггүй. Хувцсаа тохируулахаас авахуулаад жаахан хүндрэлтэй байсан. Улаанбаатар аймаар хөгжсөн, би 1981 онд явсан. Тэр үеийн дэлгүүр байхгүй. Ганцхан Их дэлгүүр л үлдсэн. Тэр нь ч бас өөр болсон. Нэг удаа шөнө хичээл тараад, таксинаас буугаад гэрээ олохгүй төөрсөн. Хоёр талдаа зөндөө байшин барьчихсан. Нөгөө нэг нүхээ олдоггүй. Хаагуур нь ордог билээ гээд. Ээж рүү утасдаж, ээж гарч ирж намайг тосч авсан удаатай. Тиймэрхүү хөгтэй явдлууд бий. Манай нөхөр “Би Орост байсан, тамирчин, халуун цустай испани хүн” гэж хөөрөөд, өвлийн хүйтэнд өмд давхарлаж өмсөхгүй дан жийнстэй яваад байсан.

Дээр үед бид ноосон өмд давхарлаж өмсдөг байсан. Одоо бол гайгүй ш дээ гээд би бас нимгэн явсан чинь даараад, ээжид загнуулж, шавь нарын маань ээж, аав хүртэл “Багш аа, та ингэж явж болохгүй шүү дээ” гэсэн. Сүүлдээ хоёулаа дулаалж явдаг болсон. Гадаад найз нартаа энэ түүхээ бас ярьдаг шүү дээ. (инээв) Одоо бол дажгүй. Манай хүн Монголд их дуртай. Энэ зун монгол, испани найз нартайгаа дөрвүүлээ Баян-Өлгий явахаар төлөвлөсөн байсан. Ковидоос болоод байдал хэцүү болж байна. Ажлаа хийлгүй яах вэ, ковид гарсан гээд хамаг юмаа зогсоогоод, хаалга үүдээ цоожлоод байвал хэцүү. Амьдрал үргэлжилнэ. Дэглэм журмаа сайн бариад явбал даваад гарах юм шиг санагдаж байна.

Та ерээд оны эхээр Москвагийн Чайковскийн нэрэмжит консерватор төгссөн. Тэр үед Монголд амьдрал ороо бусгаа байсан. Эх орондоо ирэх талаар бодсон уу?

– Монголдоо ирж амьдаръя гэж бодож байсан. Москвад биднийг хариуцдаг байсан багш намайг нэг өдөр дуудаад, “Монголд СУИС байгуулж байна. Сургуулиа төгсөхөөр чинь энэ сургуульд чамайг хамгийн түрүүнд багшаар авна” гэсэн. Тэр үед ингээд би их сургуулийн багш болох нь гэж баярлаж байсан. Миний хувь заяа өөрөөр эргэсэн л дээ. Аав, ээжтэйгээ зөвлөлдсөн. Аав намайг зоригжуулсан юм. “Охин минь, эх орон бол хэзээ ч зугтахгүй. Төгөлдөр хуурч болчихоод, ийм сайхан формтой байгаа дээрээ Европоор тоглолт хий, дэлхийг тойр. Одоо Монголд маш хэцүү байна. Чиний тоглолтыг хэн ч сонсохгүй” гэсэн. Тэгээд би нөхрөө дагаад Испани руу явсан даа. Миний тоглолт үнэхээр тэндээс эхэлсэн. Аавын минь мөрөөдөл тэнд биелсэн юм. Испанид байхдаа сургууль нээсэн ч бага цагаар багшилж, илүү их тоглож байсан.

МонголчуудЦол дагаж бяр нэмнэгэж ярьдаг. Гавьяат жүжигчин болсны дараа танд өөр мэдрэмж төрсөн үү?

-Миний амьдралд өөрчлөлт гараагүй. Монголд ирээд гавьяат гэдэг цол чухал юм байна гэж ойлгосон. Би яагаад ч юм аавыгаа гавьяат л гэж боддог байсан, багшийгаа гавьяат л гэж боддог байсан. Намайг манай сургууль, бас СУИС, Урлагийн холбоо тодорхойлсон. Гавьяат цол авсандаа үнэхээр баяртай байгаа. Хийдэг ажлаа хийгээд урагшаа явна. Өөртэйгөө ч ажиллана, хүүхдүүдтэйгээ ч ажиллана. Аавынхаа нэрэмжит тэмцээнийг 2022 оны гурав, дөрөвдүгээр сард хийнэ.

Манай сургуулийн төлөвлөгөөнд орчихсон байгаа. “Монгол ардын дууг төгөлдөр хуур дээр хэн сайн тоглох вэ” хоёрдугаар тэмцээнээ хийнэ. Анх аавын 80 насны ойд зориулж зохион байгуулсан юм. Ээж маань их баярласан. Боловсролын яам дэмжсэн. Манай сургуулийн багш, хүүхдүүд идэвхтэй оролцож, сайхан болсон. Цаашдаа Монгол туургатны тэмцээн болгочих юмсан гэсэн мөрөөдөлтэй яваа.

Таныг мөрөөдөлдөө хүрсэн болов уу гэж бодож байна. Гэхдээ л нас насанд хүний мөрөөдөл өөрчлөгдөж байдаг даа?

-Яах вэ, залуу хүний мөрөөдөл өөр. Би чинь дунд зэргийн залуу хүн шүү дээ. (инээв) Одоо цаг сайхан болжээ. Хөгшин ээж маань миний насан дээр ямар хүн байлаа гэж бодохоор хөгжилтэй. Дараа дараагийн үе маань бүүр хөгширдөггүй хүмүүс байх болов уу. Одоо би уран бүтээлдээ анхаарч байгаа. Яагаад гэвэл маш олон цагийг сурган хүмүүжүүлэхэд зарцуулж байгаа. Хөгжимд хандах хандлагаар дамжуулаад, шавь нараа зөв хүн болгох тал дээр ажиллаж байгаа. Шинэ уран бүтээл хийж, мэргэжил дээшлүүлэх тухай бодож яваа. Өөртэйгөө байнга ажиллаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх нь эрүүл мэндэд маань ч тустай. Байнга тархиа ажиллуулж байвал эрт хөгшрөхгүй, зөнөхгүй. Тийм учраас би амралт гэдэг үгэнд дургүй. Улаанбаатарт “Саяа ба найзууд” тоглолтоо үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Ковидтой үед найзууд маань ирэхгүй. Шавь, багш нартайгаа л хамтрах байх. Сайхан цаг ирэхээр “Монголын төгөлдөр хуурч” гэдэг тодотголоо зүүгээд, гадаадад тоглолтоо үргэлжлүүлнэ. Надад ийм л мөрөөдөл байдаг юм.

Та бүсгүй хүний хувьд өөртөө хэр их цаг гаргадаг вэ. Гоё сайхнаараа тайзан дээрээ гялалзахын тулд хичээл зүтгэл гаргадаг биз?

-Би чинь хар, цагаан хүн шүү дээ. Завгүй үедээ өөрийгөө хаячихдаг. Юун толинд харах. Нэг мэдсэн чинь хоёр хоног нүүрэндээ тос түрхээгүй явж байдаг. Ажил дээрээ очих, найзуудтайгаа уулзахаараа “Нүүрээ угааж, нөгөө хувцсаа өмсөөд” гэнэт цэцэг шиг болоод явна. Зарим хүн бүр цочоод “Хөөх, чи чинь ямар гоё болдог юм бэ” гэдэг. “Харин тийм ээ” гээд л явна. Амьдрал тийм л алаг байдаг. Миний ийм занг ээж зэмлэдэг юм. Миний хувьд номер нэг юм ажил мэргэжил, дараа нь миний гэр бүл, үзэсгэлэнтэй байх нь дараагийн асуудал.

Хүүхдээ амжилтад хүргэхийн тулд урлагийн боловсролтой, хөгжим, уран зураг ойлгодог болгох нь чухал гэдэг. Ер нь хөгжим хүнд юу өгдөг вэ?

-Хөгжмөөр дамжуулж сахилга батад суралцдаг. Япон, Солонгос, Хятадыг хар даа. Ковидыг яаж сахилга баттай даван туулж байна вэ. Хятадад төгөлдөр хуураар хичээллэдэггүй хүүхэд гэж байдаггүй. Хятадад олон удаа уригдсан. Солонгост бас уригдаж байсан. Японд бас очиж хичээл зааж байхад маш сахилга баттай улсууд юм байна гэж бодогдсон. Үүнийг би төгөлдөр хууртай холбож тайлбарлана. Одоо олон улсын цахим тэмцээнд Азиуд л орж байна шүү дээ. Азиуд хамгийн өндөр сахилга баттай байна. Миний шавь нар ч үүнд багтаж байгаа. Зөв ажил хийж байна гэж ойлгож байгаа.

Ерөнхийлөгч шагнал гардуулж байхдааТанд баяр хүргэегэж хэлсэн нь танд их хөгтэй сонсогдсон гэсэн. Хөгжимчин болохоор хүний яриа, хоолойн өнгөнөөс ч хөг мэдэрдэг үү?

-Би баялаг үгээр биш ч тод ярьж байгаа биз. Би хүүхдүүддээ ч хэлдэг. “Тод, тодорхой тогло. Тэгвэл үзэгч чамайг ойлгоно” гэдэг. Х.Баттулга Ерөнхийлөгчийн үг надад хөгтэй сонсогдсон. Би сандраад, ганц тэр өгүүлбэрийг сонсоод хэл ч байхгүй, хөл ч байхгүй юм шиг болсон. Хөгжимчин хүний чих аймаар ажиллаж байгаа биз. Тайзан дээр ч бид бүх чимээг мэдэрч байдаг. Үзэгч шивгэнэж ярих нь сонсогдоно. Цүнхээ онгойлгох, чихэр идэх сонсогдоно. Хөлөө ачиж сууснаа солих нь мэдрэгдэнэ. Тэр байтугай өлмий дээрээ чимээгүй явж байгаа нь сонсогдоно. Аав, ээж хоёр тоглолт үзэж байхад нүдэнд аав, ээжийн дүр харагдаад байдаг. Таньдаг хүний царай харагдана. Тайзан дээр тэгж хүний бүх нерв онгойчихдог байхгүй юу. Хамгийн нервтэй үед анхаарал хамгийн их төвлөрдөг. Ийм үед туршлагагүй төгөлдөр хуурчид, хүүхдүүд сандарч алддаг. Жинхэнэ төгөлдөр хуурчид бол энэ бүхнийг тоохгүй, дүлий юм шиг болдог, энэ миний хэрэг биш гээд робот шиг болчихдог. Ийм ялгаатай.

Робот гэснээс та мэргэжлийн төгөлдөр хуурч болох гээд өчнөөн хөдөлмөрлөж, 12 цаг хичээллэх үе ч байсан гэсэн. Робот хөгжимчнийг орлож чадах болов уу. Сүүлийн үед мэс заслыг хүртэл роботууд хийгээд байгаа шүү дээ?

-Сүүлийн үед залуус робот шиг тоглодог болчихсон. Яг техникээ дагаж байгаа юм. Гэхдээ би өнөөгийн залуусын тоглолтыг нэг их сонсох дуртай биш. Эхний нотноос нь авахуулаад мэдэгддэг юм. Би бол 1950-1980-аад оны бичлэгүүдэд их дуртай. Тэнд гайхамшигтай уран тоглолтууд сонсогддог. Тэр бүхэн надад түлхэц болж өгдөг. Миний багшийн хэлээд байсан сургамж тэнд явдаг. Хааяа багшийнхаа тоглолтыг сонсдог. 1930-аад оны пянзны бичлэгүүд ч байдаг. Тэр үед гэрийн хөгжим дээр тоглож бичүүлдэг байсан шүү дээ.

Тэгэхэд тэгж мундаг тоглож байгаа юм. Гэхдээ жижиг сажиг алдаа байдаг. Яах вэ, уучилж болдог алдаанууд байдаг. Чиний гол тоглолт үзэгчдэд хүрсэн байвал дотор нь байгаа жижиг сажиг алдааг уучилж болдог. Өнөөгийн залуус яг робот шиг болсон, цэв цэвэрхэн, ямар ч толбогүй тоглодог. Зуун зуунаар яваад байгаа биз. Гэхдээ би XX зууны бүтээгдэхүүн л дээ. Би хүүхдүүдээ харин XXI зууныхаар хүмүүжүүлэх дуртай. Нийгмээ дагах ёстой.

Categories
мэдээ соёл-урлаг

“Dubai Expo” тэмцээний финалд 33 дугаар сургуулийн шатарчид өрсөлдөнө

“Дэлхийн экспо” болон Испани улсын соёлын нийгэмлэгээс өнгөрсөн оны 11 дүгээр сарын 12-ноос энэ сарын 10-ны өдрийн хооронд www.chess24.com онлайн платформоор Дэлхийн сургуулиудын аварга шалгаруулах онлайн шатрын тэмцээнийг рапид төрлөөр зохион байгуулжээ. Уг тэмцээн 2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын хооронд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн хэдий ч дэлхийн нийтийг цочроосон коронавирусын цар тахлын тархалтаас үүдэн Олимпын наадам, Дэлхийн экспо, Дэлхийн шатрын олимпиад гэх мэт олон том арга хэмжээ хойшилсонтой зэрэгцэн нэг жилээр хойшлоод байсан юм.

юм.

Ийн дэлхийн сургуулиудын онлайн шатрын тэмцээний финал буюу танхимаар тоглох шигшээ тоглолтод дараах шилдэг 10 баг хэсгээсээ шалгарч АНЭУ-ын Дубай хотноо тоглох эрхээ авчээ.

  1. Gujarat State Chess Association (Бүгд Найрамдах Энэтхэг улс)
  2. Gymnazium Petra Bezruce Frydek-Mistek (Бүгд Найрамдах Чех улс)
  3. Saco Oliveros (Бүгд Найрамдах Перу улс)
  4. Hopkins Junior High School (Америкийн Нэгдсэн улс)
  5. Velammal Nexus (Бүгд Найрамдах Энэтхэг улс)
  6. 33rd Secondary School (Монгол Улс)
  7. Matrix Chess Academy (Бүгд Найрамдах Энэтхэг улс)
  8. Ekpaideftiria Vassiliadi (Грек улс)
  9. Green Village School (Израиль улс)
  10. Csбnyi Alapнtvбny a Gyermekekйrt Kцzhasznъ Alapнtvбny (Унгар улс)

Уг тэмцээн 2021 оны 11 дүгээр сарын 20-нд эхлэх бөгөөд сүүлд шинэчилсэн удирдамжийн дагуу 10-12 баг шигшээд өрсөх аж. Тиймээс Монголын шатрын холбооноос Улсын тэргүүний I сургуулийн багийг тус тэмцээний шигшээ шатны хүлээлгэд оруулах хүсэлт зохион байгуулагчдад илгээхээр болжээ.

33-р сургуулийн баг, тамирчид: 33-р сургуулийн баг, тамирчид:
I сургуулийн баг, тамирчид:I сургуулийн баг, тамирчид:
Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Энэ жилийн цахим наадмыг Н.Наранбаатар найруулж, Б.Баатар зөвлөнө

Үндэсний их баяр наадмыг Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар найруулж Б.Баатар зөвлөх найруулагчаар ажиллана гэж наадмын зохион байгуулах комиссоос мэдээллээ.

Харин Ерөнхий продюсероор нь Г.Цоггэрэл ажиллах бөгөөд наадмыг зохион байгуулахад 3 тэрбум төгрөг төсөвлөсөн гэв.

Наадмыг зохион байгуулах найруулагчдын багийг 2021 оны зургаадугаар сарын 14-нд наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрээр томилсон байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Болд-Эрдэнэ: Сэтгэл зүй, оюун санааны хувьд ямар ч дүрд тоглоход үргэлж бэлэн байх ёстой

Монгол Улсын Гавьяат жүжигчин Сугарын БолдЭрдэнэтэй ярилцлаа.


та суис төгсөөд л Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болж байв уу. Одоо хэд дэх жилдээ театрын жүжигчнээр ажиллаж байна вэ?

-1995-1999 онд СУИС-д сурсан. Сургуулиа төгсөөд 2000 оноос өнөөг хүртэл УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байна.1999 онд сургуулиа төгсөөд анх УДЭТ-ын Ч.Түвшин найруулагч Уильям Шекспирийн “Зуны шөнийн зүүд” хэмээх алдартай жүжгийг тайзнаа тавьж байлаа. Тэрхүү жүжигт тоглож байсан. Гар урчууд гээд хэсэг нөхдүүд будлиад яваад байдаг. Тэдний нэг дүрд тоглосон. Уг жүжигт манай төгсөлтийнхнөөс Эби, Ялалт, Батболд зэрэг олон хүн тоглосон. Ер нь залуу бүрэлдэхүүнтэй жүжиг байсан. Манай ахмад жүжигчдээс Ардын жүжигчин П.Цэрэндагва ах байсан. Их сонирхолтой шийдэлтэй жүжиг болсон. Энэ бол сургуулиа төгсөөд тоглосон хамгийн анхны жүжиг.

Тэрнээс хойш 20 гаруй жил театрынхаа тайзан дээр үе үеийн олон сайхан уран бүтээлчидтэйгээ бүхий л уран бүтээлүүдэд оролцож тоглоод явж байна. Урлагт ажилласан энэ хөдөлмөрийг маань төр үнэлж “гавьяат” хэмээх эрхэм цол олголоо. Үүнийгээ дагаад давхар хариуцлага ирдэг юм байна. Цаашдаа уран бүтээлдээ илүү их анхаарах ёстой гэж бодож байна.

Өнгөрсөн хугацаанд тоглосон уран бүтээлээ тоолж байв уу?

-Драмын театрын болон гэрээт уран бүтээлүүд гээд нийтдээ 70 гаруй жүжигт гол болон туслах дүрүүдэд тоглосон болов уу. 30 орчим кино уран бүтээлд тоглосон байгаа. Мөн манай “Драмын дөрөв” гэж хүмүүс ярьдаг ш дээ. Бид, хоёр ч цомог гаргаж байсан. Ер нь дөнгөж сургуулиа төгсөөд удаагүй байхдаа юм юм л туршиж үзээд завгүй явсан. Үүний нэг нь хамтлаг болж дуулсан явдал. Орцны гэж яригддаг хөнгөн хэлбэрийн өнгө аястай хайрын тухай дуунуудыг нэгтгэж “Хайрын дурсамж”, “Бүсгүй чамд” гэсэн хоёр цомог гаргасан. Хоёр удаа “UB Place”-д тоглолт хийсэн гэж байгаа(инээв).

Ер нь хамтдаа дуулах санаа яаж төрсөн юм бэ. Одоодрамын дөрөвдахин дуулах талаар ярьж байгаа болов уу?

-Дуулж барья гэж бодохгүй байна. Хийх, туурвих уран бүтээлүүд ч их байна. Бүгд үндсэн ажилдаа анхаараад завгүй л явна. Анх Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс “Жүжигчид дуулж байна” уралдаан зарласан юм. 2004 оны үед байх. Тэр үед бид дөрөв нийлээд “Коммунист” нэртэй улс төрийн холбогдолтой дуунуудаас бүрдсэн попури дуулаад уралдаанд түрүүлж байсан. Тэгээд ер нь жаахан дуулаад үзье, жүжигчид юм чинь өөрсдийгөө давхар хөгжүүлье гээд дуулаад цомог хүртэл гаргасан байдаг юм. Хамтлагийн санаа ингэж л төрж байлаа шүү дээ.

Таны бүтээсэн, амилуулсан дүр бүр л үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлддэгээрээ хэр уран бүтээлч вэ гэдгийг тамгалах байх. Харин таны хувьд тэр олон дүрээсээ алийг нь илүү хайрладаг вэ?

-Жүжигчин хүн аливаа уран бүтээлд муу тоглоё гэж бодохгүй шүү дээ. Аль болох сайн тоглох юмсан, дүрээ зөв, сонирхолтой өнцгөөс гаргахын тулд л хичээдэг. Харин дүр таарсан таараагүй, өөрөө ажилласан ажиллаагүй яриа байж болно. Мэдээж жүжигчин хүн дүр бүртээ л хайртай. Яахав, арай илүү гэж онцолбол би Гамлетын дүрээ хэлнэ. Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил гэгддэг гурван жүжгийн нэг “Гамлет” жүжгийн Гамлетын дүрд тоглоно гэдэг бол чухал хувь заяа.

Мөн ноён оргилГётежүжгийн Фаустын дүрийг ч үзэгчид танаар л төсөөлдөг гэхэд бараг хэтийдэхгүй болов уу?

-Дэлхийн жүжгийн “Гамлет”, “Фауст”, “Дон Кихот” гээд гурван ноён оргил байна. Тэр утгаараа уран бүтээлчээс ч маш их хүч, хөдөлмөр, ур чадвар, ухаан шаарддаг. “Фауст” бол далан нас хүртлээ зөвхөн шинжлэх ухаанаар энэ хорвоог танин мэдэж, түүний төлөө бүхнээ зориулж умгар өрөөнөөсөө цааших амьдралыг үзээгүй тийм л хүн. Гэхдээ ганцхан шинжлэх ухаанаар эрдэм мэдлэгийн оройд гарсан ч аз жаргал биш болохыг мэдээд хүний гэх амьдралыг танин мэдэхийн тулд чөтгөртэй гэрээ хийдэг. Хүний амьдрал гэгчийг огт мэдэхгүй, өөрөөр хэлбэл, хүний хайр гэдгийг үзээгүй хүүхдээрээ үлдчихсэн байсан ч гэдэг юм уу тийм л дүр. Фауст хүн төрөлхтний үеийн үед эрж хайсан асуултыг л энэ цаг үед дахиад биднээс асууж л байна.

Сонгодог болон дэлгэцийн ч уран бүтээлд тоглохын тулд маш их судалгаа хийдэг байх. Ялангуяа сонгодог жүжигт ажиллахдаа дүрээ гаргахын тулд хэрхэн ажилладаг вэ?

-Аливаа уран бүтээлд тоглоно гэдэг тухайн жүжигчин нэг шат ахиж суралцана л гэсэн үг. Тэр тусмаа сонгодог уран бүтээлийн дүр дээр ажиллана гэдэг сургууль төгссөн дайны хэмжээнд хүн хөгждөг. Сонгодог уран бүтээлийг тавихын тулд судалгаанууд хийгдэнэ. Зохиолчийн үзэл санааг судлах хэрэгтэй болно. Тухайн зохиолчийн амьдарч байсан цаг үеийн онцлогийг судална. Дүрийн дотоод зөрчил, мөн чанарыг судална. Ер нь жүжигчний урлаг гэдэг өөрөө хүн судлал. Хүний дотоод зөрчлийг зөв олж илрүүлэх, гадаад дүр төрхийг дотроо төсөөлөх зэрэг олон судалгаа хийгдэнэ. Сонгодог жүжиг гэдэг бол тухайн дүрийг маш сонирхолтойгоор баялаг далай мэт дүрсэлж тавьсан байгаа. Тэрийг уран бүтээлч хүн өөр өөрийн өнцгөөс хардаг. Сонгодог зохиол гэдэг өөрөө он удаан жилийн туршид өгөөжтэй. Үе үеийн уран бүтээлчид шандасаа сорьсон өөр өөр өнцгөөс харж туурвидаг. Тэр бүхнийг уран бүтээлчид судалж үзэх хэрэгтэй. Түүнийхээ хэрээр уран бүтээлчдэд өгөөжөө өгдөг.

Дүрийнхээ дотоод зөрчлүүдийг судалж гаргана, ажиллана. Тухайн зохиолчтой холбогдолтой зохиолуудыг уншиж судална. Ингээд ирэхээр хүн хөгжихөөс аргагүй болно л доо.Хамгийн гол зүйл бол дүрээ графиклаж гаргах. Жүжгийн оргил хэсэг нь хаана байна, аль хэсэгт унаж байна, дүрийн зорилго нь аль юм, хүнтэй харьцахдаа хүртэл үгийн далд утга нь юу юм гээд бодож ажиллана. Хэдийгээр “Би чамд хайртай” гэж хэлж байгаа боловч үүний цаана хайрлаагүй байж болно. Энэ болгоныг уран бүтээлчид илрүүлж гаргадаг. Тиймээс энэ олон судалгааг нарийн хийдэг учраас уран бүтээлчид гарцаагүй хөгжиж байдаг. Сонгодог бүтээл маш нарийн мэдрэмж шаарддаг учраас энэ хэрээрээ өгөөжөө өгдөг. Сонгодог бүтээлд ажиллана гэдэг хөгжихийн үндэс.

Сонгодог жүжиг бэлтгэл их байх тусам дүрийн ажиллагаа улам чамбайрна биз?

-Эхлээд найруулагчийн толгойд хэдий хугацаанд явахав, үйл ажиллагаандаа ороод жүжигчид ажиллаад эхлэхээр дор хаяж 2-3 сар бэлтгэл хийж ажилладаг. Судалгаанууд хийгдэнэ. Хоорондоо мэдээллээ солилцоно. Нэг гар дор зангидагдана. Энэ шугамыг барьж, энэ зөрчлийг барьж, энэ үзэл санааг барьж жүжгийг гаргана гэдгээ ойлголцоно. Зохиол уншигдана, дүр хуваарилагдана, ширээний уншлагууд хийгдэнэ. Уншлага эхлээд нэгдсэн журмаар явна. Дараа нь дүр дүрээ уншина. Үүний дараа засварууд хийгдэнэ. Ингээд ширээний уншлага хэсэг явсны дараа хөдөлж эхлэнэ. Дүрийн зорилго, зан ааш, зөрчлийг илрүүлж бий болгоод босч уншлага хийж эхэлнэ. Дараа нь тайзны сургуулилтууд хийгдэнэ. Жүжгийн хувцсаа тааруулна, тайзны гэрлээ тааруулна гээд маш олон процессын дараа хөгжим орж ирнэ, тайзны шийдлүүд орж ирнэ. Тайзтайгаа харьцаж сурна. Уран сайхны зөвлөлд шалгуулаад хасах хэсгээ хасна. Шүүмжүүдээ аваад янзлаад дахиад дотоод хяналт, дараа нь гадаад хяналтаар орж байж тоглолт хийгддэг. Энэ урт процессыг давж байж жүжиг үзэгчдэд хүрнэ шүү дээ. Асар олон хүмүүсийн хамтын хүч хөдөлмөр шингэдэг. Жүжгийн бэлтгэлийн их хийх тусам л сайжирна. Жүжиг нээлтэд их ач холбогдол өгдөг. Нээлтэд бүх хүчээ гаргаж, дээд цэгтээ хүртэл ажиллаж асар өндөр мэдрэмжээ гаргадаг. Бэлтгэл хэр сайн хийгдэнэ, тэр чинээгээр тоглолт гоё болдог. Түүнчлэн тоглолт бүрийн явцад дахиад дүр дээрээ ажиллаад сайжруулаад явна.

Нэг дүрээс дараагийн дүрд шилжихдээ оюун санаа, сэтгэл зүйн хувьд хэрхэн өөрийгөө бэлддэг вэ?

-Жүжигчин хүн элдсэн гурил шиг байх ёстой гэдэг. Тэр гурилаар юу ч хийж болно. Балетчин, барилгачин гээд хэнийг ч хийж болно. Тийм хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой. Жүжигчин хүн форумтай байх хэрэгтэй. Ялангуяа сонгодог жүжигт алхаа гишгээ, үг яриа, харц, бие хаа бэлэн байх ёстой. Дүрийн судалгаагаа хийхээс гадна, биеэ бэлэн байлгах нь хамгийн чухал. Сэтгэл санаа тайван байх, гэмтэж бэртэхгүй байх, эрүүл саруул байх. Санамсаргүй байдлаар халтирч унаж ч болохгүй. Дуу хоолойгоо хэвийн хэмжээнд байлгахын тулд нойр бүтэн, ядраагүй, хоол ундаа зохицуулах, таргалахгүй байх гээд бүхий л талаараа бэлэн байх ёстой. Жүжигчин хүн сайхан элдүүр нь ханасан гурил шиг л байнгын бэлэн байдалд байх ёстой гэж боддог.

Таныг найруулагчидБолдЭрдэнэ шинэ уран бүтээл дээр ажиллахдаа цагаан цаас шиг байдаг. Тэр цагаан цаасан дээр юу ч бичихэд бэлэнгэж ярьдаг юм билээ. Бэлэн байдлаас гадна таны төрмөл авьяастай холбоотой байх. Ер нь цагаан цаас шиг болохын тулд та бэлтгэлээс гадна их уншиж судалдаг санагддаг?

-Уншдаг хүмүүсийн хажууд бага уншина. Тодорхой хэмжээнд ном зохиол уншдаг. Ялангуяа уран зохиолын ном унших их дуртай. Ер нь ямар ч жүжиг, ямар ч дүр ирж болзошгүй учраас аль ч талаараа бэлтгэлтэй байх ёстой л гэж боддог. Энэ чинь миний ажил. Тиймээс дуртай байх хэрэгтэй. Дуртай байна гэдэг чинь аз жаргалыг өгч чадна. Сэтгэл санаа, оюун санааны хувьд ямар ч дүрд тоглох бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүний тулд өөрийгөө хөгжүүлэх л хэрэгтэй.

Найруулагчтай хамтарч ажиллахад бэлэн. Найруулагч биднийг урдаас харж байгаа учраас бидний толь болж зөвлөгөөгөө өгнө, бид дотроо боловсруулна. Үүнийгэээ гаргана, харилцан тохирлцоно, ярилцана. Жүжигчин хүн ч гэсэн тактиктай байна. Дотроо тактикаа боловсруулна. Дүрийнхээ оргил цэгийг олно. Энэ дээр хүчтэй тэсрэлт, энэ дээр зөөлөн явна гэдгээ бэлтгэлийн үеэр найруулагчдаа харуулна гээд ажиллах бодох зүйл их л дээ.

-“Хоёр амь”, “Солонго үүл”, “Орхидосзэрэг таны тоглосон дэлгэцийн бүтээлүүдээс ч хараад байхад найруулагчид танд яриа багатай харцаараа, биеийн хэлэмжээрээ үзэгчидтэй харьцах дүрийг өгдөг юм шиг?

-Жүжигчид тоглох юмтай дүр гэж ярьдаг л даа. Тоглох юмтай байна гэдэг чинь зохиол сайн бичигдсэн гэсэн үг. Тоглолт багатай “цагаан” дүрүүд байдаг. Юу тоглох нь мэдэгдэхгүй хэцүү. Аятайхан зохиолтой дүрүүдэд тоглохыг бодож сонголтоо хийдэг. Дүр их гоё бичигдсэн. Дээр нь би энэ хэсэгт ингэж тогловол яахав гэж санаагаа илэрхийлэх, найруулагчидтайгаа ярилцах хэмжээний задлах юмтай, сонирхолтой, ажиллахад урамтай дүрийг бодолцож л сонголтоо хийдэг дээ.

Аль хэдийнэ үзэгчдэд хүрчихсэн хэрнээ таны оюун бодлоос гардаггүй дүр гэж байх уу?

-Байна. Жишээлбэл, Гамлетын дүрд тоглосон нэг алдартай жүжигчин 60 нас хүрээд хэлсэн байдаг. “Одоо л Гамлетад нэг тогловол болох юм шиг байна даа” гэж. Гамлетад маш олон уран бүтээлчид янз бүрээр тоглож илэрхийлэхийг зорьсон байдаг.“Гамлет” жүжиг бол их том эрдэнэсийн сан байхгүй юу.Ялангуяа Гамлетын дүрийг яаж ч илэрхийлж болох, ямар ч байдлаар тоглож болно. Энэ дүрд олон уран бүтээлч тоглож мандаж, олон уран бүтээлч унаж байсан. Тэгж байж өөрсдийгөө хөгжүүлдэг дүр. Тэгэхээр дээрх жүжигчин ч гэсэн маш удаан хугацаанд бодож боловсруулж туршлагатай болсныхоо дараа дахиад өөрөөр харж байна. Гамлетыг дахиад өөр янзаар хийж болох, өөр өнцгөөс илэрхийлж болох шижир алт лугаа дүр. Фаустын дүр ч мөн адилхан. Сонгодог гэдэг нь үүндээ л байгаа юм. Энэ утгаараа жаахан ингэх байж, тэгэх байж гэж бодогдож л явдаг. Сэтгэлгээний хувьд онцлогтой учраас энэ талаар бодно л доо.

ТэгэхээрГамлетжүжгийг өөр найруулагч өөр өнцгөөс тавихаар болбол таны хувьд дахин Гамлетад тоглоход бэлэн гэж ойлгож болох нь ээ?

-Болох л байх. Хэн ч ямар ч уран бүтээл хийхэд чөлөөтэй шүү дээ. Тиймээс магадгүй хэн нэгэн найруулагч таны хэлдгээр хүсэлт тавибал тоглох байх л даа. Тэр бол найруулагчийн л сонголт.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Л.Дэмидбаатар таалал төгсчээ

СУИС-ийн Тайз дэлгэцийн урлагийн сургуулийн найруулагч, жүжигчний уран чадварын тэнхимийн багш, МУГЖ Лхагвын Дэмидбаатар цаг бусаар хорвоог орхижээ.

Тэрээр 1992 онд СУИС-ийн анхны ангийг төгсөж, төгссөн цагаасаа эхлэн соёл урлагийн салбарт тасралтгүй 30 орчим жил ажиллахдаа “Ромео, Жульетта, “Отелло”,“Амьгүй албат” зэрэг дэлхийн сонгодгуудаас эхлээд “Харанхуй хад” зэрэг монголынхоо сонгодог тайз дэлгэцийн хэдэн зуун бүтээлд дүрээ мөнхөлжээ.
Л.Дэмидбаатарын таван жилийн өмнөх ярилцлагадаа дурдсанаар тэрээр 80 гаруй жүжигт тоглосны арав гаруй нь сонгодог бүтээл. 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тоглож, монгол түмнийхээ сэтгэлд үүрд хоногшин үлджээ.
Жүжигчин Л.Дэмжидбаатар УДЭТ-аас эхлээд хошин урлагийн “Эмоци”, “Мөрөөдлийн театр” хамтлагт жүжигчнээр ажиллахдаа утга уянгын, тайз, дэлгэцийн, хошин шогийн, инээдмийн аль ч дүрд хувирч чаддаг авьяаслаг жүжигчин, найруулагч, багш, соён гэгээрүүлэгч байв.
Эрхэм Л.Дэмидбаатарын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол бөө мөргөлийн бүжиг” олон улсын хурал цахимаар болов

“Монгол бөө мөргөлийн бүжиг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 5-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Тус хурлыг ЮНЕСКО-гийн Олон Улсын Бүжгийн Зөвлөл (ОУБЗ), Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ, СУИС-ийн Бүжгийн Урлагийн Сургууль хамтран зохион байгуулав. Хуралд Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд, ЮНЕСКО-гийн байнгын төлөөлөгч А.Баттөр, Соёлын элч Ц.Гэрлээ, ЮНЕСКО-гийн ОУБЗ-ийн ерөнхийлөгч ноён Алкис Рафтис, ЮНЕСКО-гийн Олон нийтийн холбооны дэд ерөнхийлөгч ноён Рао Жак, ЮНЕСКО-гийн ОУБЗ-ийн гүйцэтгэх хорооны гишүүн, Др Константин, СУИС-ийн захирал Э.Сонинтогос нар мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү хуралд СУИС-ийн БУС-ийн Ардын урлаг, бүжиг судлалын профессорын багийн Тэргүүлэх профессор С.Дулам, СУИС-ийн БУС-ийн дэд профессор Ж.Эрдэнэхорлоо, Соёлын элч Ц.Гэрлээ нар Монголын бөө мөргөл, Монгол бүжиг дэх бөө мөргөлийн илэрхийлэл, Монгол орны соёл түүхийн тухай сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

Хуралд Монгол, Франц, Герман, Испани, Швед, Канад, Энэтхэг, Бразил, Австрали, Сири, Грек, Ливан, Украин, Аргентин зэрэг орноос төлөөлөгчд оролцож олон сонирхолтой асуулт асууж, өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монголын бөө мөргөл, Монгол бүжиг цаашилбал Монгол Улсаа сурталчилсан ач холбогдолтой хурал болсныг зохион байгуулагчид тодотгов. Түүнчлэн монгол бүжгийн сэдвээр анхны олон улсад хийсэн хурал гэдгээрээ онцлог байв

Categories
их-уншсан мэдээ нийгэм соёл-урлаг туслах-ангилал

МУГЖ О.Ичинхорлоо Монгол Улсын Ардын Багш цол хүртлээ

Соёл урлагийн их сургуулийн дэд профессор, Монгол Улсын Гавьяат Жүжигчин О.Ичинхорлоо Монгол Улсын Ардын Багш цол хүртлээ.

Сонгодог урлагийн тайзнаа мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, сурган хүмүүжүүлэх ухааныг хөгжүүлэх үйл хэрэгт гарамгай гавьяа байгуулсан нэгэн билээ.
Тэрээр их урлагт 60 жил, сурган хүмүүжүүлэхэд 40 гаруй жил чин шударгаар хөдөлмөрлөсөн. Түүний 100 гаруй шавь нараас өдгөө дэлхийн тайзнаа олныг гайхшруулж буй уран бүтээлчид олон бий.

4 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

13 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Жүжигчин Б.Отгонтуяа “Эхийн алдар” хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалаа

Өнөөдөр буюу тавдугаар сарын 29-ний өдөр Монгол улсын ерөнхийлөгч эхчүүдэд Алдарт эхийн одон медаль гардууллаа.

Энэ үеэр жүжигчин СТА Б. Отгонтуяа “Эхийн алдар” хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалаа.

5 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно