Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

УДБЭТ “Аида” дууриар нээлтээ хийхээр төлөвлөжээ

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр (УДБЭТ) “Covid-19”-ийн үед халдвар хамгааллын дэглэм хэрхэн баримталж байгаа талаар тус театрын маркетингийн ахлах менежер “Үйл ажиллагаа маань аравдугаар сард нээлтээ хийж, зургадугаар сард дуусдаг онцлогтой.

Энэ жил УОК соёл урлагийн үйл ажиллагааг нээлттэй болгох шийдвэр гаргавал аравдугаар сарын эхээр “Аида” дуурь, эсвэл гала концерт гэсэн хоёр сонголттойгоор нээлтээ хийх төлөвлөгөөтэй байна.

УОК-ын зааврын дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж байна. Нийт 200 гаруй уран бүтээлч, албан хаагчтай учраас цаг цагаар цуглуулж, нэг цугларалтад 10-20 хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэлээ хийн, зөрөн ажиллаж, улавч өмсөж, халдвар ариутгалын дэглэмийг сайн сахиж байна” гэжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Р.Янжиндулам: Эмэгтэй хүний сэтгэл санаанд уран сайхны хэтрүүлгээс ч илүү зүйлүүд болдог шүү дээ

Төв аймгийнМонгол туургатантеатрын жүжигчин Р.Янжиндуламтай ярилцлаа. Тэрбээр зургадугаар сард Соёлын яамны ивээл доор цахим орчинд болсонЯлагчдын цуваа Улаанбаатар 2021″ олон улсын нэг хүний жүжгийн фестивальд түрүүлж, Гран при шагнал, 1000 ам.долларын эзэн болсон билээ.


No description available.Таны уралдаанд оролцсонБи хэн бэ?” жүжгийг сонирхож үзсэн. Цахимаар явсан болохоор олон хүнд хүрсэн болов уу. Монголын моно жүжгийн төвийн тэргүүн Ц.БаясгаланМонгол жүжигчид маань олон улсын шүүгчдээс өндөр үнэлгээ авдаг цаг бас ирдэг л юм байнагэсэн байна лээ.

-Би нэлээд эртнээс моно жүжгийн төрлийг сонирхож, Монголын моно жүжгийн төвөөс явуулсан сургалтад сууж байсан л даа. Моно жүжгийн зохиол их хайсан. СУИС хамт төгссөн, зохиолч, найруулагч Б.Батдэлгэр найздаа зохиол бичих санал тавьсан юм. Б.Батдэлгэр сайхан зохиол бичиж, найруулж өгсөн. Ингээд хамтарч уран бүтээл гаргасан л даа. Эхлээд Монголын театрууд дунд Моно жүжгийн улсын уралдаан болсон. Монголоос хоёр жүжиг шалгарч, олон улсын уралдаанд улсаа төлөөлж орох эрх авсан юм. Улсын уралдаанд найман театр өрсөлдсөн санагдаж байна. Зарим нь хоёр ч бүтээлээр оролцсон. Улсаа төлөөлж оролцох болоод бас л зургаа, долоон орны маш туршлагатай уран бүтээлчидтэй өрсөлдлөө. Миний хувьд анх удаа моно жүжигт тоглож, олон улсын уралдаанд оролцох боломж гарсан юм.

-“Би хэн бэ?” моно жүжгийн сэдэв сонирхолтой санагдсан. Амаржсаны дараах хямрал, сэтгэл гутралын талаар өгүүлдэг шүү дээ. Жирэмсэн байхад, төрсний дараа ч олигтой тэнхэрч чадаагүй үед гоё ганган бүсгүйчүүдийг харахад огт өөр ертөнцөд амьдраад байгаа юм шиг санагддаг?

-Сүүлийн үед сошиалын хэрэглээ нэмэгдсэн. Сошиал дахь ганган дэгжин бүсгүйчүүдийн зураг, бичлэг жирэмсэн, амаржсаны дараах хямралтай байгаа бүсгүйчүүдэд бүр ч илүү дарамт болж байна л даа. Амаржаад удаагүй Сувд бүсгүй жирэмсэн байхдаа ихээр жин нэмсэн. Интернэтэд байгаа гоё хүүхнүүдийн зураг, бичлэгтэй өөрийгөө харьцуулж, өөртөө итгэх итгэлээ алдсан нэгэн. Гэртээ хүүхдээ хардаг тэрбээр нөхрийгөө бусад бүсгүйчүүдтэй холбож, муугаар төсөөлж хардана. Энэ ганцаардал нь нойргүйдэл, ухаан санаа самуурах зэрэг хүндрэлээр илэрч байгаа тухай өгүүлдэг уран бүтээл л дээ.

Өөрийн чинь тоглосон жүжигт бараг солиорлын гэмээр хэсэг байдаг. Үнэхээр тийм юм болдог уу, эсвэл уран сайхны хэтрүүлэг юм болов уу?

-Ер нь эмэгтэй хүний сэтгэл санаанд уран сайхны хэтрүүлгээс ч илүү зүйлүүд болдог шүү дээ (инээв). Монголд төдийгүй дэлхий нийтээр амаржсаны дараах сэтгэл гутрал гэдэг асуудал хөндөгдөх болсон. Сошиал ертөнц хөгжих давуу талтай ч бас эмэгтэйчүүдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх, дарамтад оруулах нь ч бий. Энэ талаар хөндөж харуулахыг хичээсэн.

Энэ дүрийг бүтээхийн тулд их судалсан уу, ингэхэд өөрөө ээж болсон уу?

-Хүүхэдтэй. Өөрөө бас биеэрээ мэдэрч үзсэн. Бараг арван жилийн өмнө хүүхэд төрүүлсэн. Гэхдээ тэр үед амаржсаны дараах хямрал өнөөгийнх шиг анхаарал татах хэмжээнд байгаагүй. Сошиалын нөлөө ч одоогийнх шиг байгаагүй л дээ. Нэг их хямралд өртөж байгаагүй.

Ер нь нэлээд судалгаа хийсэн. Дэргэд бага насны хүүхэдтэй дүү нар маань байна. Тэдэнтэй ярилцсан. Зохиолч маань эрэгтэй мөртлөө эмэгтэй хүний сэтгэл зүйг маш нарийн гаргаж чадсан. Манай зохиолч таван хүүхэдтэй. Бараг л надаас илүү туршлагатай л даа (инээв). “Чиний оронд өөрийгөө тавьж үзээд бичиж байгаа шүү дээ” гээд инээж байсан. Улсын уралдаанд оролцоход жүжиг маань арай өөр хэлбэртэй байсан. Олон улсын уралдаанд орохдоо бас нэлээд шинэчлэгдсэн.

Тайз, шийдэл сонирхолтой санагдсан?

-Тайз монгол гэр ч юм шиг харагдаж байгаа биз. Унийг төлөөлж утсуудаар шийдсэн. Хүний сэтгэлийн утас ч юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Эмэгтэй хүний сэтгэлийн утас савлахад гэр бүлийн амьдрал яаж ганхдаг гэдгийг харуулахын тулд тийм шийдэл, тайз зассан. Хувцасны хувьд олон улсын уралдаанд оролцож байгаа учраас монгол ахуй, эмээл, дээл, толгойн гоёл хэрэглэсэн. Эд хөрөнгө дарамт, ачаа болдог гэсэн санаа давхар харуулахыг хичээсэн.

Цахимаар болсон, ковидын үед тоглогдсон гэдгээрээ бас онцлог нөхцөлд ажилласан болов уу?

-Тайзан дээр ганцаараа харагдаж байгаа ч ард олон хүн тусалж дэмжсэн. “Монгол туургатан” театрынхан маань жүжиг эхлээд, дуусан дуустал хамт байсан. Театрын дарга Д.Мөнхбат улсын уралдаанд оролцох санааг гаргасан. Зохиол сонголт, төсөв санхүү бүх л зүйлд тусалсан. Аймаг орон нутгийнхан маань дэмжсэн. Дэмжиж тусалсан аймаг, орон нутгийнхандаа, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар ЗДТГ-ын хамт олон, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Н.Энхболд нарт талархал илэрхийлье.

Моно жүжигт тоглоход хэцүү юм уу?

– Уг нь тайзан дээр олуулаа нэг нэгэндээ дэм болоод, нэг жүжгийг хамтарч тоглоход түшиг тулгууртай байдаг шүү дээ. Тэгэхгүйгээр цаг шахам хугацаанд ганцаараа тайзан дээр жүжгийн эхлэл, өрнөл, төгсгөлийг авч гардаг нь хүнд санагдсан. Харин моно жүжгийн хувьд тайзаа ачаад явахад хялбар, олон хүмүүст хүргэх боломжтойгоороо давуу талтай.

Хэр удаан сургуулилт хийсэн бэ?

-Эхний жүжгээ бараг хоёр сар бэлтгэсэн. Олон улсын уралдаанд оролцож байгаа учраас Монголын моно жүжгийн төвийнхөн бас зөвлөж тусалсан л даа.

СУИС төгссөн юм билээ. Төгсөөд Төв аймгийн театрт ажиллаж эхэлсэн үү?

-2010 онд төгсөөд, театртаа ажиллаж байна. Надаас гадна Төв аймагт арван жүжигчин бий. Бид СУИС-д Төв аймгийн студийн захиалгаар суралцсан юм.

Орон нутгийн театрт ажиллахад бас онцлогтой байх?

-Өглөө хотоос гараад, аймагт очиж ажиллаад, орой буцаж ирдэг. Онцлог гэвэл бид зөвхөн жүжигт ажиллахгүй. Дуурь тавигдвал дуурьт оролцоно, бүжгэн жүжиг тоглогдвол тэнд тоглоно. Хөрвөх чадвартай байдгаараа онцлогтой юм болов уу. Төв аймаг хотод ойрхон болохоор үзэгчид өндөр шаардлагатай санагддаг. Сайн уран бүтээл хийхгүй бол шүүмжлэл дагуулдаг.

Ковидын үед орон нутгийн уран бүтээлчид яаж ажиллаж байгаа вэ?

-Өнөөдрийн хувьд манайхан амарсан байна. Шаардлагатай үед шинжилгээ өгөөд, театрын тайзан дээрээсээ лайв тоглолт хийнэ. Зарим үед гэрээсээ шууд холбогдох үе ч гарна. Бөөнөөрөө хамтарч, жүжгэн дээр ажиллаж чадахгүй юм гэхэд шүлэг, найраглал уншаад, тоглолтод оролцоод л явж байна. Манай жүжигчид хамтарч дэлгэцийн уран бүтээл дээр ажиллаж байгаа. Арван ангитай кино руу орохоор төлөвлөж байгаа. Саяхан би дуучин Н.Ундралын клипэнд тоглосон. Энэ зуны хувьд иймэрхүү л яваа.

Жүжигчний хувьд юу мөрөөддөг вэ?

-Би уран уншлага сонирхдог. Бага байхад өвөө маань ном их уншиж өгдөг. Том том романуудыг орой бүр хэсэг хэсгээр нь уншиж өгдөг байлаа. Олон ангит кино үзэж байгаа юм шиг л санагддаг байсан. Тийм болохоор уран зохиолд дуртай. Уран уншлагын төрлийг сонирхдог. Уран уншлагын цомог гаргахаар зохиолоо сонгоод, студитэйгээ яриад явж байгаа.

Манай Монгол олон сайхан түүхэн хатадтай. Түүхэн хатны дүр бүтээчих юмсан гэж хүсдэг.

Танай гэр бүлд урлагийн хүмүүс байдаг уу?

-Урлагийн хүн байдаггүй. Аав эмч, ээж багш. Би бас эмч болно гэж боддог байсан. Анагаахад орохоор конкурс өгч байлаа. Төв аймагт дунд сургууль төгсөх үедээ драмын дугуйланд явдаг байсан. Конкурсийн хариу гарахаас өмнө ур чадварын шалгалт өгч тэнцээд СУИС-д орсон доо.

Урлагийн хүн болохыг чинь бэлгэдээд Янжиндулам гэдэг нэр өгсөн үү?

-Багадаа их өвддөг хүүхэд байлаа. Тэгээд нэрээ солиулсан. Лам өгсөн нэр

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Л.Сөрөлт: Дархадаар “өвчлөөд” ирлээ

Дархадын хотгороор аялаад ирсэн байна. Түүний аяллын сонин хачныг сонирхлоо.


-Дархадын хотгороор 17 хоног аялаад ирсэн гэсэн. Аяллынхаа сонин хачнаас хуучлаач. Яагаад энэ аялалд хамрагдах болов?

-“Самгалдай” гээд төрийн бус байгууллага бий. Түүний тэргүүн Д.Батчулуун гэдэг залуу Дархадын хотгорт элэгтэй, хайртай, шүтэж дээдэлж явдаг. Энэ хотгорын аж амьдралыг олон түмэнд танилцуулах зорилготойгоор олон жил хөөцөлдсөний үр дүнд Швейцарийн хөгжлийн агентлагаас дэмжлэг авч, “Маанар” төслийг эхлүүлсэн юм. Би хотгор нутагт төрж, өссөн. Миний ээж, аав энэ хотгор хонхорыг хайрлаж, хамгаалж, судалж явсан юм. Би нутгийнхны хэл аялгыг ч мэддэг. Ахуй амьдралыг нь мэддэг. Тийм болохоор надад санал тавьсан юм билээ.

-Ээж, аав тань ямар судалгаа хийж байв?

-Ээж ургамал судлаач. Ургамал судлалын ухааны доктор Ж.Оюумаа гэж хүн байдаг. Наяад онд Хөвсгөл нуур хамгаалах ажлыг эхлүүлж байсан хүн. Хөвсгөлийн тайгаар орж үзээгүй уул, ус, жалга гуу гэж үгүй. Аав маань байгаль хамгаалагч Д.Лхагвацогт гэж хүн байсан. Одоо бурхан болсон. Манайх олон баньд нартай. Яагаад ч юм аав намайг л дагуулж явдаг. Бид хоёр зундаа халж, өвөлдөө хөрч, мориор явж байгаль хамгаалдаг байлаа. Аав маань байгаль хамгаалагч байхдаа Мөсний баярыг санаачилсан юм. Мөсний баярыг анх санаачилсан гэсэн дурсгалын зүйлс нь бий. Анх санаа оноогоо ярилцахаар далайн захын айлуудаар орж, уулзаж байхад нь би дэргэд нь морьтой жаахан хүү явдаг байлаа. Бид хоёр өвөлдөө шөлтэй хоолоо хонуулахаар тогоон дотроо овойгоод хөлдчихдөг, хагалаад иддэг байж билээ.

-Хөвсгөлийн аялал өөрийн чинь хувьд цоо шинэ биш юм байна шүү дээ?

-Биш биш. 1996 онд хамгийн анхны европ жуулчин ирэхэд аав маань газарчилж цаатан айлд хөл тавиулж байсан юм. Хатгалд эрэгтэй, эмэгтэй хоёр франц хүн ирээд хэл мэдэхгүй явж байхад нь ээж англиар ойлголцоод, гэртээ авч ирсэн. Тэд аавыг маань Цог гэж дууддаг болж, манайд хэд хонож байгаад, хатгалчуудаас морь түрээсэлж унаад, замд гарахад нь аав тэдэнд замчилсан юм. Аав нөгөө хоёртоо эрэгтэйд нь Арслан эмэгтэйд нь Цэцэг гэдэг нэр өгчихсөн. Тэр хэд ангайсан арслан шиг хад олж, Арслан хад гэж нэрлэсэн юм билээ. “Цог миний нэрээр энэ хадыг нэрлэчихлээ” гээд нөгөө гадаад нь бөөн баяр болжээ. Аавын маань 1996 онд давж байсан давааг нутгийнхан Арслан даваа гэдэг болсон байна. 25 жилийн дараа Дархадын хотгорыг олон улсад таниулах ажилд би оролцож явна. Аавынхаа босгосон тэр хадан дээр очоод, зургаа татуулаад, бөөн баяр боллоо.

No description available.

-Замд бороо, шороо ихтэй байв уу?

-Энэ жил хойд нутгаар бороо хур элбэгтэй байна. Шавар, ус балчиг намаг, үер, замын саад их байлаа. Машины сайнаар л явлаа. Морины сайнаар л том даваануудыг давлаа. Зарим үед машинтайгаа урслаа, шаварт суулаа. Манай жолооч нар ч мундаг юм. Олон машин явсан болохоор бие биенийгээ татаж, чирч явсаар аяллаа дуусгасан.

-Энэ удаагийн аяллын хамгийн гайхалтай санагдсан, шинээр нээсэн юм юу байв?

– Хотгор нутгийнхан машин тэрэгнээс хол. Хүн мал, байгальтайгаа яаж дасан зохицож амьдарч байгааг харуулах зорилготой явсан. Маанар төслийн хүрээнд 12 ангитай богино хэмжээний баримтат уран сайхны кино гарах юм. Үүний хөтөч хөтлөгчөөр нь ажилласан. Манай дархад түмэн байгалийг хайрлаж, өвдөг сөгдөж, гуйж амьдардаг улсууд. Өндөр өндөр даваагаар нүүдэл хийхдээ үр хүүхэд, хамгийн үнэтэй цайтай бурхан, шүтээнээ шарын нуруун дээр ачаад явдаг. Дархадын цагаан адуугаар хүнс хоолоо залгуулж байна. Шар, морь хоёр дархад түмний гол хөсөг. Хамгийн хайртай морь, шараа эцэслэхэд толгойг нь овоон дээрээ залдаг юм байна. Уул толгод болгон овоотой. Овоо болгон учиртай байна. Нүүгээчдийн овоо гэж байна. Хадлангийн овоо гэж байна. Рашааны овоо гэж байна. Рашааны овоон дээр лус аргадаж, ивээлдээ багтаахыг гуйж, хүссэн юмаа модоор сийлж, тавьдаг байх жишээтэй.

-Хөвсгөлчүүд бөө мөргөлтэй хүмүүс. Танай аяллын багт ч бас бөө удганууд багтсан байна лээ. Бөөгийн зан үйл судалсан уу?

-Бид 18-19 хүний бүрэлдэхүүнтэй, гурван машинтай гарсан. Удганууд явсан. Дархадын Агарын гурван хайрхан, Шаргын таван мод, Бүрэн хааны таван баатар, Далай ээжийн лус савдгуудыг аргадаж тахисан гайхалтай удгануудтай аяллаа. Дархан, Улаанбаатараас бөө, удганууд очлоо. Тэр улсууд уул, уснаасаа хүч гуйж байна. Тахиж шүтэх ёстой газруудаа тахих ажлаа тэд хийж, бид баримтат киногоо хийж, орой тогоон дээрээ нийлнэ, хоол ундаа иднэ. Уул усыг яаж дээдэлдгийг тэр хүмүүсээс олж харлаа.

-Дархадын хотгорт амьдрал ахуй ямархуу байх юм?

-Дархадын ард түмэн хөгжилтэй, наргианч шооч цагаахан улсууд. “Дархад хүн давхар санаатай” гэж яасан сүрхий худал үг болохыг сая мэдэрлээ. Хонхорынх нь нөгөө муу Л.Сөрөлт нь явж байхаар бүүр илүү сайхан хүлээж авсан. Алив дээшээ суу, майханд хононо гэж юу байдаг юм, гэрт ор, урцанд хоно гэдэг. Ковидоос болоод хил хаасантай холбоотой тэдний маань амьдрал сайнгүй байна. Аялал, жуулчлал байхгүй. Морь, малаа түрээслүүлдэг, цаатны отогт урц буудал барьдаг тэр бүх үйлчилгээ зогссон. Гэхдээ баянхангайн хишиг, эрдэнэт малынхаа буянд болж байна.

-Ковидын үед хот суурин газар шавааралдаж сууснаас өргөн уудам нутгийнхаа энгээр тархан суурших нь эрсдэл багатай тухай ярьдаг. Тайгад ковидын айдас хүйдэс болгоомжлол байна уу?

-Хоёр жил шахам “Гэртээ битгий хүн оруул, гадагшаа битгий гар” гээд байхаар хүний тархинд юм сууна аа даа. Гэхдээ тэдэнд нэг гоё итгэл байна. Өвчин, зовлон Дархадын нутагт ирлээ гэвэл хамгийн сүүлд ирнэ. Бараг ирэхгүй дээ гэсэн итгэл байна. Хотоос ирсэн улсаас дөлж зугтах юм алга. Гэхдээ мэдээж айхавтар улсууд болгоомж сэрэмж байгаа. Хэнтэй харьцах, яахаа мэднэ.

-Баруун тайгад очсон гэсэн. Бараг л үлгэр домгийн газар шиг санагддаг. Хүн цөөтэй юү?

-Хүмүүс бараг л уулын модонд хэдэн зэрлэг улсууд урц бариад гал түлээд, ан агнаад тойроод гүйж байдаг юм шиг бодоод байдаг. Урьд цагт тийм байсан. Миний аавыг явж байхад үнэхээр урцан дотроо ил гал түлдэг байсан. Одоо бол өөр. Цаадуул чинь амьжиргаатай улсууд, айхавтар хүмүүс. Цаагаа маллана. Адуутай байна. Цаатай, үхэр малтай айлууд нь үхэр, хонио Цагааннуур суманд зусуулна. Өвөл нь зөвхөн айлын эрчүүд цаагаа дагаж амьдарна. Эхнэр хүүхдүүд үхэр, хонь малтайгаа үлдэнэ. Мориор 100 хүрэхгүй км газарт бүтэн өдөржин явж очдог газар. Хад асгатай. Морь хазгай гишгэвэл эзэнтэйгээ доошоо нисч үхнэ. Одоо цаадуул чинь аккумлятортой, гэрэл тусгачихна. Урцан дотроо зуухтай байна. Наар засчихсан, ортой байна. Зарим нь сүлжээ барьдаг газраа Жи Мобайлын утастай байна. Голоо дагаад 20-30 айл байлаа гэхэд бүгд богино станцтай байна. Сая биднийг очих үеэр цаадуул чинь бүр айлын хаяанд орж ирээд байсан нэг чоныг авлаж байна лээ. Чоно, нохой элбэг байна. Цааг нь хүү татаж хаячих гээд байгаа юм билээ. Хонь, ямаа хариулж байгаа юм шиг цаагаа дагаж байна, манайхан. Тайга руу энэ жилдээ биднээс өөр хүн бараг л очоогүй гэсэн. Хоёр эмч, цааны тооллого хийж хэдэн хүн очсон байна лээ. Тийшээ хэрийн хүн очихгүй. Маш хүнд аялал.

-Дархад ардын дуу бас судалсан гэсэн үү?

-Дархад дуу тэр чигтээ том соёл. Миний хөгшин аав “Хар тарлан сарлаг” гэж дуу дуулаад, Бүх ард түмний урлагийн их наадамд түрүүлээд, мянган төгрөгөөр шагнуулж байсан. Ээж хэлдэг байсан. “Энэ өвгөнийг амьд байхад энэ дууг сураад аваач” гэхэд нь би “Ийм балай дуу сурна гэж юу байх вэ” гэж боддог байлаа. Одоо би харамсдаг. Гэхдээ би сурч амжсан. Яг л хип хоп дуу гэсэн үг. “Зуун шарын түлээг нь зусланд нь буулгаж өглөө, ….зуравгар улаан чавганц нь зугтаачихлаа…” гэсэн үгтэй, үгэлдэг хэсэгтэй. Энэ дууг хоёр эрэгтэй хүн хоршиж дуулдаг байхгүй юу. Баянзүрх суманд энэ дууг дуулдаг хүнтэй очиж уулзлаа. Дуулуулж бичлэг хийж авсан. Улаан-Уул суманд “Самгалдай” дуулдаг хүнтэй уулзаж, дууны үүх түүхийг яриуллаа. 1986 оноос хойш энэ дуугаа тасралтгүй дуулж яваа гэнэ. Орчин үеийн хамтлагууд энэ дууг дуулж байгаад баярлаж явдгаа хэлсэн. Бас зарим нь үгийг нь буруу дуулж байгаад эмзэглэж явдаг, залруулж хэлээрэй гэсэн. “Самгалдай“ гэдэг нь цаатангуудын шүтэж явдаг уулын нэр. Самгалдай уул нь Тува улсын нутагт байдаг. Хил хуваахад хилийн цаана үлдсэн юм билээ. Хөөрхий, тэндээ очиж чаддаггүй, ах дүүс нь тэнд байгаад байдаг. Энэ хайрхныг магтан дуулсан дуу юм. Олон хүн дуулуулсан, олон хүнтэй уулзлаа.

-Л.Сөрөлт дархад дуугаа дуулах уу?

-Дархад дуу дуулчихсаан. А.Түмэн-Өлзийтэй хамтраад “Болиоч хоё” дууг дуулсан. “Уулын оройгоор манантаад байна

Ямар л гээчийн өдөр вэ дээ,

Ууж л идэж маанайчаад

Ямар ч амраг гэхэв дээ” гэсэн үгтэй. Гурав, дөрвөн өдөр гадуур ууж явж байгаад гэртээ ирээд, эхнэртээ “базуулж” байгаа нөхрийн дуу байгаа юм. Архи, тамхиа болиоч дээ гэсэн утгатай.

-Маанар гэдэг нь бид нар гэсэн үг гэл үү?

-Маанар гэдэг нь дархадаар бид нар гэсэн үг. Бидний аж амьдрал, соёлыг харуулах гэсэн утгатай.

-Л.Сөрөлт ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа бол гэж хүмүүс сонирхох байх л даа?

-Энэ жил манай “Мөрөөдлийн театр”-ын арван жилийн ой тохиож байна. Тоглох жүжгээ сонгосон. Оюуны өмчийн эрх, зөвшөөрлийг нь авчихсан. Найруулагчтайгаа ярьж, тохирсон. Цаг нараа товлосон байлаа. Ковидоос болоод урлаг соёлынхон дотор ажил хийдэг хүн байхгүй боллоо. Тэгэхээр би одоо юугаа хийнэ гэж ярих вэ дээ. “Маанар” төслийнхөө баримтат киног амжилттай хийж дуусгах зорилготой сууж байна. А.Түмэн-Өлзийтэйгөө дуулах л байлгүй. Сая Дархадаар “өвчлөөд” ирсэн хүн чинь тэр талын юм барьж хийх бодолтой байж байна.

Би бас өөрөө нэг дууны үг зохиосон. Манай нутаг уул уурхай гэдэг юмнаас хол байгаасай. Нутаг орон руу маань битгий дайрч давшлаасай гэдэг үүднээс айсан ч юм шиг, айлгасан ч юм шиг шүлэг бичсэн. “Хөх цэнхэр хязгаар” гээд үг, ая нь бэлэн болсон дуу байгаа. Дахилтнаас нь хэлбэл “Хатгах гэвэл халхчууд нь хамгаална, ухах гэвэл урианхайчууд нь уурсана. Хороох гэвэл хотгойдууд нь босно, Дарлах гэвэл дархадууд нь бөөлнө” гэсэн үгтэй. Сая аялаж явахдаа клипний дүрс авлаа. Нэг сумаар хоёр туулай буудсан.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Гэнэтийн үер ус, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээлэлэр энэ амралтын өдрүүдэд буюу өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангах,

-Аялаж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Гол, ус гатлахдаа баталгаатай зам, гарцаар гарах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Э.Очирсайхан: Монголын дуучид байгалийн өгөгдлөөрөө л гадны дуучидтай эн тэнцүү өрсөлддөг

Соёлын тэргүүний ажилтан дуурийн дуучин Эрдэнээгийн Очирсайхантай ярилцлаа.

Тэрээр дэлхийн чансаа өндөр уралдаануудад Монголынхоо нэрийг чамгүй гаргаж буй залуу уран бүтээлч юм. Ингээд та бүхэнд залуу уран бүтээлч Э.Очирсайхантай ярилцсанаа хүргэе.


-Та олон улсын дуурийн дуучдын нэлээд нэр хүндтэй уралдааны финальд шалгараад байгаа. Энэхүү уралдааны талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Дэлхийн алдартай гурван тенор хоолойтой дуучны нэг болох Пласидо Домингогийн нэрэмжит уралдаанд материалаа явуулаад урьдчилсан шатанд тэнцэж финальд өрсөлдөх эрхтэй болсондоо баяртай байна. Мөн өнгөрсөн онд Литва улсын Вильнюс хотод зохиогдсон дуурийн дуулаачдын олон улсын Б зэрэглэлийн уралдаанд шилдэг долоон дуучинд шалгарсан боловч харамсалтай нь “Ковид-19” цар тахлын улмаас хил хаалттай төгсгөлийн шатанд оролцоогүй. Гэхдээ 2023 онд зохиогдох тус тэмцээнд сүүлийн шатнаас оролцох эрхтэй болсон.

-Энэ удаагийн уралдаанд хичнээн орноос хэдэн дуучин оролцсон бэ?

-Урьдчилсан шалгаруулалтад 700 гаруй дуурийн дуучид оролцсоноос 20 гаруй орны 34 дуучин тэнцсэн. Финалийн шалгаруулалт аравдугаар сард Москвад Большой театрын зааланд болж шилдгээ тодруулах юм.

-Бэлтгэлээ хэр хангаж байна. Ер нь дуурийн олон улсын томоохон тэмцээнд оролцохдоо бэлтгэлээ хангахдаа юуг анхаарах чухал байдаг вэ?

-Миний бэлтгэлийг МУГЖ Б.Эрдэнэтуяа багш голчилж зөвлөгөө өгч ажиллаж байна. Түүнчлэн дуурийн урлагийг төгөлдөр хуурчгүй төсөөлөхийн аргагүй. Энэ утгаараа төгөлдөр хуурчнаар УДБЭТ-ын төгөлдөр хуурч Намуун ажиллаж байгаа. Бид гурав хамтарсан бэлтгэлээ хийгээд арваад хонож байгаа. Өөрийн зүгээс анхаарах зүйл гэвэл аль болох бие физиологийн хувьд өвдөхгүй байх, хоолойгоо өвтгөхгүй байх, дархлаагаа дэмжих зэрэгт анхаарч байна. Манай салбарт 200 хувь бэлдэж байж тайзан дээр 100 хувь үзүүлбэрээ үзүүлнэ гэсэн үг бий. Тиймээс тайзан дээр маш сайн гүйцэтгэлтэй байхын тулд шаргуу бэлтгэл хийж байна.

-Өөрийнхөө төгөлдөр хуурчтай явах уу?

-Үгүй ээ. Энэ уралдаанд цаанаас төгөлдөр хуурч тавьж өгнө гэсэн. Уг нь би өөрийнхөө төгөлдөр хуурчтай явах сонирхолтой байсан.

-Олон улсын тэмцээнд оролцохдоо зардал мөнгөө хэрхэн шийддэг вэ?

– Ерөөсөө л 100 хувь өөрөө л гаргана. Энэ жилээс манай салбар яамтай болсон. Одоохондоо нүдэнд үзэгдэж гарт баригдтал урлагийнхнаа дэмжээд байгаа зүйл харагдахгүй л байна. 2014 оноос хойш гадагшаа томоохон уралдаануудад оролцож Гран при, тэргүүн дэд байр ч авч байсан. Тэр болгонд дандаа л өөрөө зардлаа зохицуулдаг. Мэдээж тэмцээн болгонд амжилттай оролцоно ч гэж юу байхав. Мултрах үе ч байна. Алдаа, оноотой явж л байна. Зөвхөн би ч гэлтгүй уран бүтээлчид хамаг юмаа шавхаад бүх зүйлээ дэнчин тавиад л явдаг даа.

-Дуурийн олон улсын наадмуудад аль улсын дуучид илүү байдаг вэ?

– МУГЖ Ариунбаатар, МУГЖ Э.Амартүвшин нарын дуучдыг ид гарч ирж байх үед Монголын баритон хоолой дэлхийд ноёрхож байсан. Сүүлийн үед БНСУ- ын баритон хоолойтой дуучид хүчтэй гарч ирж байна. Манайхыг бодвол хөрөнгө мөнгө урлагтаа хангалттай зарцуулдаг учраас Италийн чадалтай багш нарыг нутагтаа гэрээгээр урьж ажиллуулах болсон. Итали школыг нутагтаа сурна гэдэг маш том давуу тал. Тийм учраас маш сайн дуучид бэлтгэгдэж байна. Мөн Хятад, Гүрж болон баруун Европынхон хүчтэй өрсөлдөгчид байдаг даа. Харин монгол дуучдын тухайд гэвэл сонсохоор цаанаа нэг тос даасан өнгө бий. Түүгээрээ л илүү. Түүнээс техникээрээ бол багаасаа бэлтгэгдэж буй орныхон илүү байгаад байна. Манайхан бол арван жил төгсөөд оюутан болоод л төгөлдөр хуур гээч хөгжимтэй танилцаад л дуулаачийн мэргэжлээр сурч эхэлж байгаа байхгүй юу. Сүүлийн үед бага багаар өөрчлөгдөж л байна. Энэ хооронд асар ялгаа бий. Бидэнд ганц суурь болж байгаа зүйл бол монгол ардын уртын дуу байна. Дээр нь манай ард түмэн бүгд дуучин гэж болохоор байгалийн өгөгдөл нь их түлхэц болдог болов уу гэж боддог.

-Та нэг хэсэг Италид театрт дуулж байгаад ирсэн. Ер нь Монголдоо сонгодог урлагийг хөгжүүлэх тал дээр юу хийе бүтээе гэж боддог вэ?

-Хүн бүрийн хөгжмийн боловсролыг дээшлүүлж, театрынхаа үзэгчдийг илүү их болгохыг хүсдэг. Хүүхэд залуучуудыг багаас нь сонгодог урлагаар хичээллүүлж хайртай, дуртай болгохыг хүсдэг. Уран бүтээлч хүний хувьд дэлхийн бүх том тэмцээнүүдэд түрүүлэхийг мэдээж хүсдэг. Уралдааны хязгаарлах нас ч дөхөж байгаа.

– Хэдэн нас хүртлээ дуурийн дуучид олон улсын тэмцээнд оролцдог юм бэ?

– Эрэгтэй дуучдыг 33 насаар уралдааны насыг хязгаарладаг.

– Таны хувьд дахиад хэдэн жил тэмцээнд оролцох боломж байна?

-Би энэ жил 28 настай. Тэгэхээр дахиад таван жил байна. Тиймээс оролцож буй бүх тэмцээндээ л чадах чинээгээрээ оролцох болно. 33 наснаас хойш хувийн карьераа хөөгөөд театруудад дуулаад явдаг. Үүнээс өмнө уралдаануудад амжилттай оролцож өөрийнхөө туршлага, чадварыг нэмэгдүүлж нэр хүндтэй агентлагуудтай гэрээ хийх чухал байдаг. Харин манайд сургуулиа төгсөөд шууд театрт дуучнаар орох тохиолдол их. Миний хувьд арай өөр замналаар явсан. Би сургуулиа төгсөөд бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн. Улмаар Италид театрт хоёр ч удаа дуулсан. Ингээд эх орондоо ирээд “Очир” нэртэй продакшнаа нээгээд өөрөө уран бүтээл хийхээс гадна шинэ залуу дуучдаа дэмжих зорилгоор клип, аудио, бичлэгийг аль болох цогцоор нь хийх, чадах чинээгээрээ зөвлөж ажиллаж байна.

-“Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгээс эхлээд дэлхийн сонгодгуудын гол дүрүүдийг нэлээдгүй бүтээснийг уншигчид мэдэж байгаа байх. Харин бие даасан уран бүтээлээс тань онцолж асуумаар байна. Ялангуяа “Зандан шоо” дууг сэргээж дуулсан нь ард түмэнд их хүрсэн, танигдсан ч гэж хэлж болох болов уу. Энэ дууг дуулах сэдэл юунаас төрсөн юм бэ?

-Баярлалаа. Бие даасан уран бүтээлээ сургуульд суралцах үеэсээ л хийж эхэлсэн. Гэхдээ 2020 оноос бие даасан уран бүтээлээ илүү эрчимтэй хийж байна. “Зандан шоо” дууны хувьд МҮОНРТ-ийн “Сэтгэлд хоногшсон дуунууд” нэвтрүүлэгт зориулж дуулсан. Нэвтрүүлгийн гол зорилго нь 1960, 1970-аад оны дуунуудыг сэргээж дуулах. Миний зүгээс Г.Бирваа гуайн хөгжим, Ж.Бадраа гуайн шүлэг “Зандан шоо” дууг сэргээж дуулсан. Д.Мяасүрэнгийн хөгжим, Б.Цэдэндамбын шүлэг “Хангайн дуу”-г мөн сэргээж дуулсан. Үүнээс “Зандан шоо” дуу үзэгчдэд илүү хүрсэн юм болов уу.

-Энэхүү дууг дандаа эмэгтэй дуучид дуулж байгаад эрэгтэй хүн дуулахаар үзэгчдэд илүү хүрсэн санагддаг?

-Тийм байж магадгүй. Уг дуу бүтсэн түүх нь Г.Бирваа гуай залуу байхдаа нэг бүсгүйд дурлаад тэр бүсгүйтэйгээ Архангай аймаг руу очиж уулзахын тулд таван тугалтай үнээгээ зандан шоо мориор сольсон байдаг. Ингээд зандан шоо морин дээр давхиж явахдаа дууны ая орж ирсэн гэдэг юм билээ. Дууны утга нь хайртай хүн рүүгээ тэмүүлсэн эрэгтэй хүний өгүүлэмжтэй л дээ. Тиймээс надад их таалагдаж уг дууг сонгож дуулсан юм. Мөн найз А.Энхнарангийн ая СГЗ Д.Нямаа гуайн шүлэг “Чамайг хайрлах хайрандаа” дуу болон найз Ш.Сугарцэрэнгийн ая, С.Төрмөнхийн шүлэг “Үр минь” дуунууд маань ард түмэнд их сайхан хүрсэн санагддаг.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Б.Баяр-Отгон: “Нүдэнгоо” дууны шинэчилсэн хувилбарыг цацаж хандалт авъя гэж огт бодоогүй

Сүүлийн үед цахим хуудсаар “Нүдэнгоо” хэмээх дуу олны анхаарлыг татаад байгаа билээ. Тодруулбал, дууны дүрс бичлэг хэтэрхий задгай байна гэсэн шүүмжлэлийг дагуулаад байгаа. Энэ дууг анх 2013 онд дуучин Б.Баяр-Отгон дуулж, түүнээс хойш гурван ч удаа дүрс бичлэгийг нь шинэчлээд байгаа гэнэ. “Нүдэнгоо” дууны эзэн дуучин Б.Баяр-Отгонтой цөөн хором ярилцлаа.


-“Нүдэнгоо” дуу 2013 онд анх гарч байсан юм байна. Сүүлд шинэчилсэн дүрс бичлэг нь олны анхаарлыг татаад байгаа. Дүрс бичлэгээр ямар утга санааг илэрхийлэх гэсэн бэ?

-“Нүдэнгоо” дуугаа 2013 онд хийгээд тухайн үедээ Хөвсгөл далай явж дүрсжүүлсэн. Энэ сайхан дууны үгийг Г.Баяр ах маань бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохиосон. Тухайн үедээ хүмүүсийн анхаарлыг бага ч гэсэн татсан л даа. Ингээд 2015 онд илүү сайн клип хийе гээд фитнессийн багш “Төмөр хатагтай” Ш.Солонгыг дүрс бичлэгт нь тоглуулж байсан юм. Дахин клипжүүлчихээд мөн л бага зэрэг шүүмжлэлд өртөж байлаа. Дараагаар нь Богд хан уул руу үзэсгэлэнтэй газар зураг авъя гэтэл ер бүтэж өгөөгүй. Ингэж явсаар саяхан чанарыг нь сайжруулъя гэж зориглоод шинэ клип хийсэн. Харин дууны зохиолын утга санааны тухайд гэвэл хүмүүс “Нүдэнгоо” гэсэн нэртэй учраас нүдний тухай дуу гэж бодоод байна. Уг нь бол эмэгтэй хүний гоо зүй, гоо сайхныг л үзүүлэхийг хичээсэн шүү дээ. Нүд гэдэг чинь гоо сайхныг л таашаах учиртай эрхтэн биз дээ. Үүнийг манайхан сайн ойлгосонгүй.


-Та өмнө өгсөн ярилцлагадаа дүрс бичлэг алдагдсан гэж хэлсэн. Тэр үнэн үү?

-Тийм. Анх надад клип болчихлоо гээд үзүүлсэн. Тэр үед үзэхэд хүнд дүрсүүд их байсан. Айхавтар шалдан нүцгэн, үсээ чулуудаж байгаа, бөгсөн хэсэг гээд хүнд дүрснүүд байх ёсгүй, хасах хэрэгтэй гэж зөвшилцсөн. Ингээд зарим дүрсүүдийг нь хасаад өөрийн цахим хуудсандаа нэг сарын өмнө үзэгчдийн хүртээл болгочихсон байсан. Гэтэл намайг Өвөрхангай яваад ирэх зуур одоо сошиалаар яваад байгаа бичлэг нь цацагдсан. Студи руу залгаад асуухаар “Студийн өрөөгөөр маш олон хүн орж гарч байгаа, чухам хэн нь ингээд гаргаад цацчихсаныг бид мэдэхгүй” гэж хэлсэн.

-Эмэгтэй хүний гоо сайхныг нүцгэн байдлаар харуулах санааг тухайн студиэс гаргасан гэв үү?

-Тийм. Эмэгтэй хүний гоо сайхныг ийм байдлаар харуулъя гэхээр нь би “Арай л болохгүй байх аа” гэж хэлж байсан. Гэтэл “Чи XXI зуунд амьдарч байна. Энэ дуу эмэгтэй хүний гоо зүйг л харуулах ёстой гэж чи ярьдаг шүү дээ” гэж хэлж байсан л даа. Ингээд би фитнесс модель Б.Сугарсүрэнд клипэнд тоглох санал гаргасан. Маш мундаг тамирчин бүсгүй шүү дээ. Бичлэгэнд энэ хүний ажил мэргэжлийн онцлогийг л тодотгож харуулсан. Уран нугараачид өөрсдийн мэргэжлийн хувцсаа өмсөөд нугардаг шүү дээ, яг тэдэнтэй л адилхан.

-Фитнесс модель Б.Сугарсүрэн “Найруулгаас болж миний нэр хүндэд нөлөөлж байгаа бол шүүхдэнэ” гэсэн байна лээ?

-Үгүй ээ. Энэ худлаа мэдээлэл шүү. Нэгдүгээрт, Б.Сугарсүрэн огт тэгж хэлээгүй. Хоёрдугаарт, зарим сайтууд миний зургийг тавиад “Та нар миний дууг сонсвол сонс, байвал бай” гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Би огт ингэж яриагүй.

-Клипэнд тоглосон модель Б.Сугарсүрэнтэй сүүлд хэзээ ярилцав. Дүрс бичлэгийн талаар танд ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-Уулзаж амжаагүй, утсаар л ярилаа даа. Манай хүн шүүмжлэлд өртөөд хэцүү л байгаа юм байна лээ. Хүмүүст хандаж хэлэхэд эмэгтэй хүн рүү дайраад яахав, элдвээр хэлэхээр бол намайг л хэлчих. Би эрэгтэй хүн учраас сэтгэлийн хатаараа арай илүү байлгүй дээ…

-Гэхдээ энэ бичлэг зохиолын дууны бичлэгийн хэв маягийг эвдлээ шүү дээ. Дараа дараагийн дуу, дүрс бичлэгтээ хэвшмэл бус өөр шинэ санаа гаргах бодол бий юү?

-“Нүдэнгоо” гэдэг нэрийг сонсохоор хүмүүс том алаг нүдийг л төсөөлж боддог. Би шүүмжилж байгаа юм биш. Гэхдээ манай нийтийн дууны зохиолууд нүд гэхээр л нүд гаргах ёстой, хайр гэхээр л эр эм хоёр хөтлөлцөх ёстой гэсэн хэвшмэл болчихоод байна. Энэ байдлыг арай өөр болгочих юмсан гэж бодож байна. Миний дараагийн дуу бол хайрын дуу. Дуун дээрээ заавал залуу, бүсгүй хоёрыг хөтлөлцүүлээд байлгүй арай өөр өнцгөөр хийнэ гэж бодож байгаа.

-“Нүдэнгоо” дуу цахим хуудсаар шүүмжлэл дагуулахад танай гэрийнхэн, ойр дотныхон нь та юу гэж хэлэх юм?

-Ойр дотны хүмүүс “Энэ бол маш том зориг шүү” л гэж хэлж байна. Гэр бүлийнхэн, найз нөхөд буруу зүйл биш ээ гэдгийг надад хэлж тайтгаруулж байсан л даа.

-Та урын сандаа хэчнээн дуутай вэ?

-Миний урын санд 13 дуу бий.

-Одоо ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж байгаа юу?

-Өчигдөрхөн шүлгээ бичээд хөгжмийн зохиолчдоо өгчихсөн. Хайрын дуу юм л даа.

-Таны уран бүтээлд амжилт хүсье?

-Баярлалаа. Би ийм дүрс бичлэг цацаж хандалт огт авах гэсэнгүй. Монголын ард түмнийг бухимдуулъя гэж ерөөсөө бодсонгүй. Уран бүтээлээрээ дамжуулаад арай шинэлэг зүйл үзүүлчих юмсан гэж хичээж хийлээ. Тэр маань та бүгдэд таалагдаагүй бол намайг уучлаарай. Дараа дараагийн уран бүтээлдээ маш сайн хянуур ажиллаж чанартай уран бүтээл гаргана.

Categories
мэдээ соёл-урлаг

Каннын кино наадмын шилдгүүд


“Ковид-19” цар тахлын улмаас нэг жилийн хугацаагаар хойшлоод байсан 74 дэх удаагийн Каннын кино наадмыг энэ сарын 6-17-ны өдрүүдэд Франц Улсын Канн хотод зохион байгууллаа.

74 дэх удаагийн Каннын кино наадмын шилдгүүдийг тоймлон хүргэж байна.


АЛТАН НАВЧ: “Титане”

ГРАН ПРИ: “Баатар”, “Тасалгаа No6”

ШҮҮГЧДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ: “Ахедын өвдөг”, “Санах ой”

ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ГОЛ ДҮР: Ренат Рейнсве“Дэлхийн хамгийн муу хүн”

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮР: Калеб Жонес “Нитрам”

ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ: Леос Каракс – “Аннет”

ШИЛДЭГ ЗОХИОЛ: “Миний машиныг жолоод”

ШИЛДЭГ ЗУРАГЛААЧ: “Мурина”

АЛТАН НАВЧ /БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО/: Tian Sia Wu Ya

ШҮҮГЧДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ /БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО/: “Ceu de Agosto”

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Комедиан Б.Төгөлдөр: Хүмүүст инээмсэглэл бэлэглэх гоё мэдрэмж

Комедиан Б.Төгөлдөртэй ярилцлаа. Тэрбээр мөн телевизийн реклам хийдэг “Арри Монгол” компанийн гүйцэтгэх захирал ажилтай. Хүмүүс түүнийг Хар Төөгөө гэдгээр нь илүү мэддэг.


-Саяхан баруун аймгуудаар аялахдаа “Аялъя, хайрлая” гэж уриалж явсан, сайхан санагдсан шүү?

-Тэгсэн. Дуучин Наагийгийн санаачилсан аян юм.

-Одоо ковидоос болоод аялах хэцүү болсон. Яагаад аялахаар шийдэв, аян замын сонин сайхнаас яриач?

-Хөл хорионоос болоод гадагшаа аялах боломжгүй болсон. Үндсэндээ хоёр жил гэртээ суучихлаа шүү дээ. Манай хүн анх аялахаар сэдэж байхдаа дахиж айхавтар хүндэрнэ гэж төсөөлөөгүй байх л даа. Дотоодын аялал жуулчлалыг идэвхитэй болгоё. Залуус маань гадагшаа явахгүй ч дотооддоо аялаж, эх орон, байгалиа хайрлаж, дуугаа аялая, гэр бүлээ хайрлая гэсэн утга санаатай юм. Бид хэд сонгогдсон шалтгаан нь дандаа 3-11 насны гурван хүүхэдтэй гэр бүлүүд байсан. Сүүлийн хэдэн жил яг хоёулхнаа аялаагүй, хамаг цагаа хүүхдүүддээ зарцуулсан залуус сонгогдсон юм билээ. Би Түшиг, Эгшиг, Хишиг гээд хүүхдүүдийнхээ тухай ярьдаг болохоор манайд санал тавьсан. Аяллын зорилго таалагдаад, ер нь бол эхнэрүүдээ амраах зорилготой аяласан даа. Дуучин Наагий, хөтлөгч Ууганаа, ЕХА студийн Энхбат нар болон манай гэр бүл хамт аялаад ирлээ.

-Хүүхдүүдийг чинь хэн харсан бэ?

-Манайх зөндөө юм болсоон. Тараан байршуулсан. Томыг зуслан дээр би өөрийнхөө ээж, аав дээр үлдээгээд, бага хоёрыг ижлээр нь Дархан руу хадам аав, ээж хоёрт хүргэж өгөөд явах гэж бас зөндөө бэлтгэж, наашаа цаашаа гүйцгээсэн.

-Аяллын гоё зурагнууд сошиалаар явсан. Эхнэрүүд зөндөө баярласан байх?

-Тийм. Нөхрүүдийг харахаар дандаа л гэртээ үзэгддэггүй төрлийн ажилтай хүмүүс байгаа юм. Би жишээ нь хоёр ажил хийнэ. Өдөр нь рекламны студид, орой нь комеди тоглолт хийгээд, хурим найр, шинэ жил хөтлөөд явчихдаг байсан. Гэртээ байх нь ховор болохоор 24 цаг нөхөртэйгээ хамт байхаар их таалагдаж байх шиг байна лээ. Яг дэргэд нь машиндаа хамтдаа, майхандаа хамтдаа 16 хоноод ирсэн. Эхнэрүүд бол бөөн баяр.

-Дуучин Наагий лацдуулчихлаа гээд пост оруулсан байсан. Зарим аймаг, сумд хөл хориотой байж таарав уу?

-Бид хэд Архангайгаар дамжаад, Завхан, Увс, Баян-Өлгий гэсэн маршрутаар явсан юм. Архангай өнгөртөл зүгээр байсан. Манай аяллын бас нэг зорилго нь байгалийн үзэсгэлэнт газраас дуучин Наагийгийн лайв тоглолт гурван удаа хийсэн. Ууганаа бид хоёр хөтлөгчөөр ажилласан юм. Эхний лайв тоглолт маань Улаагчны хар нуур дээр болж, дараа нь Хяргас нуурт нэвтрүүлгийн зураг аваад цаашаа явж байсан чинь Завхан аймгийн Сонгино сум нэвтрүүлэхгүй гэсэн. Биднийг зам зуур явж байхад л ийм шийдвэр гарсан юм билээ. Бид хэд өглөө нь Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгчихөөд гарсан юм. Сонгино суманд бүгд хоёр тунгийн вакцины бичгээ үзүүлээд, аяллын зорилгоо танилцуулсан. Замын гуанзанд хоол идэх зөвшөөрөл авсан. Тэгээд цаашлах тусам халдвар тархсан гээд Ховд руу нэвтрүүлээгүй. Эхний пост дээр машины хаалган дээр лац наагаад, “Дараагийн пост хүртэл лацаа хөндөж болохгүй шүү” гэж сануулсан. Лацдахаасаа өмнө бие засуулсан л даа. Тэгээд дараагийн пост хүртэл шууд давхисан. Сонирхолтой бас. Яг тэгээд лацдангуут бие засмаар санагддаг юм билээ.

-Хүмүүс энэ талаар их сонирхож байсан л даа. Зарим нь яаж тэссэн юм бэ, памперстай явдаг юм уу гэж асуусан байна лээ?

-Бид хэд шороон замаар явна. Шахуу хуваарьтай, ажил ихтэй хүмүүс ажлаа зохицуулж явсан болохоор өдөртөө 500-гаад км яваад байсан юм. Тийм учраас бие засахаа зохицуулсан. Нэгдсэн маягаар бие засдаг. Тэр нь давуу тал болоод лацыг өнгөрсөн. Дахиад наана Өвөрхангайд лацдсан. Баянхонгороор дайраад гарахад бас лацдсан юм байна. Аялж яваа хүмүүс сум, орон нутгийнхны шаардлагыг биелүүлэхгүй бол болохгүй л дээ.

-Хүмүүс та нарыг хараад, аялахыг хүссэн байх л даа. Гэхдээ одоо орон нутгууд бүр хатуу хөл хорих магадлалтай болчихлоо. Юу зөвлөх вэ?

-Уг нь бидний зорилго зөв зохистой гоё аялаасай гэж хүссэн юм. Хувийн бодлоо хэлэхэд хүмүүс салхинд гарахаараа архидаад, амрах бус ядарч ирээд байгаа юм шиг санагддаг. Анзаарсан бол манай аяллын багийнхан маш олон юм түвэгшээхгүйгээр чирч явсан. Караокены машин, кино үзүүлдэг аппарат, асар майхан, түүнийгээ чимэглэх гэрлүүд, мотор гээд олон юм авч явсан. Байгалийн сайханд тав тухтайгаар аялж кайф авах зорилготой явсан. Залуусыг ч тэгж яваасай гэж уриалсан юм. Тэгсэн чинь халдвараас болоод ихэнхи аймгууд хилээ хаагаад эхэллээ. Гэсэн ч ойрхон зуур гоё аялаж болно шүү дээ. Аялаж болно, хог хаягдалгүй аялах хэрэгтэй. Энэ жил бороо, ус ихтэй байгаа болохоор ханиндаа явбал зүгээр юм билээ. Ганц, нэгээрээ яваа жижиг тэрэг шаварт суучихсан байхтай таарч байсан. Нялх нойтон хүүхэдтэй, хээр хонох хэрэг гарвал жаахан хүндрэлтэй. Бид бол бэлтгэлтэй явсан л даа. Уяа татлагатай явсан болохоор тийм машинуудыг татаж гаргаж өгсөн.

-Та наадам хийхийг эсэргүүцсэн пост хийсэн харагдсан?

– Манай Амраа энд нэлээд манлайлан оролцож яваа. Бид хэдийн жишээ гэвэл “Comedy Lab” клуб Монголд ковид илэрсэнээс хойш хаалгаа нээгээгүй. Манай арван комедиан, ард нь клубт ажилладаг хүмүүс нам зогссон. Ийм хүмүүс олон бий. Эдгээр хүмүүсийн тэвчээр алдарч байна л даа. Сагсчин П.Болортулга бичсэн байна лээ. “Бөх барилдаж болж байгаа юм бол сагсны тэмцээн явмаар байна” гээд. Хүмүүс зөвхөн баяр наадам, олуулаа цуглахыг эсэргүүцсэн биш, тэгш эрхийн төлөө бухимдсан болов уу. Олимпод оролцох тамирчин голд бэлтгэл хийж байхад 1024 бөх барилдана гэх мэт тэгш бус байдлаас болоод хүмүүс бухимдсан. Эмч, сувилагч нар маань ачаалалтай ажиллаж байхад, адаглаад бөхчүүдэд анхаарах хэрэгтэй болно. Тиймэрхүү зүйлээс болсон болов уу гэж ажигласан. Миний хувьд “No naadam” гэдэг талд нь байсан. Сүүлдээ төв талбайд наадмыг эсэргүүцсэн, дэмжсэн хүмүүс зэрэг жагсахад хүрлээ. Аливаа асуудлын гарцыг харж, шийдэл болгодог бол гоё л байх.

-Ажлаа хийж, орлого олъё гэж хүмүүс хүсч байна. Та бизнес эрхэлдэг хүний хувьд энэ өдрүүдийг хэрхэн даван туулж байна вэ?

-Дан ганц комедигоор явсан бол нам зогсоод, гурван хүүхдээ хоосон хонуулах хэмжээний нөхцөл байдал тулгарлаа, сая. Ноднингийн гурван сараас хойш клуб хаагдаж бид ямар ч орлогогүй болж байгаа юм. Би хоёр ажил амжуулдаг. Өдрийн цагаар телевизийн реклам хийдэг студид ажилладаг. Тэр маань ч дэгэн догон ажиллаж, чүү ай ажилчдынхаа цалинг тавих үе байсан. Нуулгүй хэлэхэд манай компани алдагдалтай ажилласан. Борлуулалт хийгдэхгүй, бүх юмыг нь хаачихаар компаниуд реклам сурталчилгаа хийлгэхээ больж байгаа юм. Дам дамаа бие биендээ нөлөөлж байгаа болохоор ер нь хүнд байсан. Би бас халамжийг эсэргүүцдэг, залуусыг улам залхуу болгодог санагддаг. “Одоо хэцүүдэхээр улсаас мөнгө өгчихнө дөө” гээд зөндөө олон найз нар яриад байгаа юм. Тийм учраас ажлаа хийе, баримтлах ёстой дэглэмийг нь баримталъя гэсэн юм. 50 хувийн дүүргэлттэй гэвэл манайх 200 хүний суудалтай бол 100 хүн суулгаад тоглолтоо хийе. Нөгөө талдаа үзэх гээд ирж байгаа хүмүүс нь ч халдвар хамгааллын дэглэмээ бариад, гараа ариутгаж, маскаа зүүгээд, дэм дэмэндээ амьдарвал бас зүгээр байх. Дахиад хэсэг хугацааны дараа бид эдийн засгийн уналт, цохилтыг мэдэрнэ шүү дээ.

-Өөрөө Б.Төгөлдөр гээд гоё нэртэй. Нэг хэсэг хөдөөгийн хүмүүс бие биеэ хочоор нь дууддаг байсан л даа. Зарим хүнийг хочоор нь дуудахаар эмзэглэдэг. Гэтэл өөрөө бүүр фэйсбүүк, инстаграмынхаа хаягийг Хар Төөгөө гэсэн байна лээ. Яагаад ийм нэртэй болчихов?

-Би Шарга морьтын зусланд өвөө, эмээ дээрээ өссөн юм. Манай эмээгийн уран бүтээл л дээ. Эмээ намайг жаахан байхад бүтэн биеэр айраг түрхээд зуслан дээгүүр гурван сар шалдан гүйлгэчихээр эргэж цайхааргүй утгаараа хар болчихсон юм. Тэрнээс хойш цайгаагүй. Энэ миний дунд сургуулийн хоч юм. Манай найз нар намайг Хар Төөгөө л гэдэг байсан. Их сургуульд ороод орчин солигдоод шинэ найз нөхөдтэй болсон. Тэгсэн ч автоматаар намайг Хараа гэдэг байсан. Хүний эрх өндөртэй барууны оронд бол арьс өнгөөр ялгаварласан болж харагдана. Манайд азаар тийм юм байхгүй. Намайг тэгж дууддагт нь дассан. Анх комеди хийж эхлэхэд Батаа “Чи тайзны нэртэй байх хэрэгтэй” гэсэн. Тэгвэл Хар Төөгөөгөө авчихъя гэсэн юм. Одоо анонс, элдэв зар дээр ч Хар Төөгөө л гэдэг. Б.Төгөлдөр гэхээр хүмүүс бараг мэдэхгүй талдаа байдаг шүү дээ.

-Таныг нягтлан бодогч, теллерээр ажиллаж байсан гэвэл зарим нь итгэхгүй байх. Гэтэл санхүүгийн салбарт арваннэгэн жил ажилласан байна лээ?

-Ээж нягтлан бодогч байсан. Яг 2002 онд мэргэжил сонгох үед санхүүч, хуульч мэргэжил од байсан юм. Хуульч гэхээр би угаасаа ягштал сууж хууль унших хүн биш. Ээж надад “Миний хүү, ямар ч цаг үед санхүү гэдэг юм байна. Амьдралд маш чухал мэргэжил, энийг сонго” гэсэн. Ээжийн зөвлөгөөгөөр Санхүү, эдийн засгийн дээд сургуульд орж, нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. Одоо ээждээ баярладаг. Компани толгойлоод явахад орлого, зарлагаа тооцож, яаж ашигтай ажиллуулах вэ гээд бүх юм эргээд надад хэрэг болдог. Надад том сургууль болсон газар “Чингис хаан” банк. Би энд 11 жил ажилласан. Ёстой мөнгө тоологчоос эхлээд, дилер хүртэл бүх албан тушаалаар дамжсан. Лавшруулаад Англид магистр хамгаалаад ирсэн. Сүүлд Анхаа найзтайгаа Гацуурхан 1,2 төсөл дээр ажиллаж, кино зохиолыг нь бичсэн. Тэндээс нэг юм анзаарсан. Хүн дуртай юмаа хийгээд, түүнээсээ кайф аваад, мөнгө олоод амьдрах нь супер аз жаргал юм байна гэж ойлгосон. Санхүүгийн салбарт хангалттай ажиллалаа. Одоо дуртай юмаа хийе гээд салбараа сольсон шүү дээ.

-Зарим уран бүтээлчид сошиалаар тоглолт хийж, хүмүүсийг баясгасан. Ер нь комеди нарт ингэж хүмүүсийг баясгах бодол байдаг уу?

-Хүмүүсийг баясгахыг боддог. Манай төрөл үзэгчидтэй амьд харилцаа үүсгэж байж амжилттай болдог. Үүнийг ноднин дөрөвдүгээр сарын 1-нд туршиж үзээд, яс махандаа шингэтэл ойлгосон. Хошин урлагийн ах, эгч нар ч үзэгчгүй тоглолт хийсэн шүү дээ. Бид хэд бас онлайн шууд тоглолт хийсэн. Тайзан дээр юм ярьж байхад цөөхөн ч болов хүн суугаад, миний хэлсэн юманд инээгээд, зөрүүлээд, түүнийг нь инээд болгоод, үргэлжилдэг урлагийн төрөл юм байна л даа. Яг үзэгчгүй тоглохоор амьгүй болоод байгаа юм. Хүмүүсийг үзэх юмтай байлгах гээд хуучин хадгалсан бичлэгүүдээ бага багаар тавиад л байна. Бас шинэ бичлэг хийх талаар бодсон юм бий.

-Таны “Амьдрал” тоглолтын TV сурталчилгаа их таалагдсан. Бид ч бас томчуудтай улс орны хөгжил яриад явж байснаа, гэртээ очоод ахуйн жижиг асуудал дээрээ буудаг улсууд л даа. Залуу хүн амьдрал ярихаар бас содон?

-Тухайн үедээ бодож сууж байгаад хоёр ажил хийж байна, гурван нялх хүүхэдтэй, амьдрал ид буцалж байна. Энэ үед тохиолдсон хөгжилтэй зүйлсийг энгийн харуулах нь эхний зорилго. Хоёр дахь зорилго нуулгүй хэлэхэд биднийг маш их хараалын үг хэлдэг гээд зөндөө хүмүүс шүүмжилдэг. Бидэнд зааж сургасан хүн байхгүй. Өөрсдөө л ийм юм байдаг юм байна гээд оруулж ирээд нутагшуулж байгаа залуус. Бид ч шүүмжлэлийг огт тоохгүй өнгөрдөггүй. Бас хүлээж авдаг. Миний тоглолтын бас нэг том зорилго нь цаг 30 минутын турш циркт 1500 хүнд тоглохдоо нэг ч хараалын үг хэлээгүй. Төөгөө бас ингэж ярьдаг шүү гэж харуулахыг хүссэн. Тэр зорилгодоо бас хүрсэн. Комедид хүмүүс шимтэн дурлаад байгаа нэг шалтгаан нь өөрийнх нь амьдралд байдаг зүйлийг инээдтэй маягаар хэлэхээр хүмүүст ойрхон санагдаад “Нээрээ ч тэгдэг шүү” гээд аз жаргал аваад байгаа юм. Тийм учраас “Амьдрал” гэж нэрлээд, амьдралд байдаг юм ярья гэж бодсон. Маш амжилттай болсон гэж дотроо баярладаг.

-Хэцүү үед ч комеди нар амьдралыг өөр нүдээр, эерэг өнцгөөс хардаг байх л даа?

-Хөл хорио эхлэхэд манай гурван хүүхэд, эхнэр маань их баярласан. Тийм учраас хөл хориог гэр бүлдээ цаг зарцуулах боломж гэж харсан. Нөгөө талаар эрчүүд бид чинь… эрчүүд юу байх вэ дээ. Би өөрийгөө л ярья. Бас олон хүн чирээд яах вэ. Би нэг их гараа угаадаггүй хүн байхгүй юу. Одоо бол аягүй ариун цэвэрч болсон. Бүр том эдийн засаг талаас нь харъя гэвэл гадагшаа урсдаг мөнгөний урсгал дотооддоо үлдэж байна. Асуудал бол түр зуурынх. Гаргалгаа байгаа. Бүгдээрээ бусдад түвэг болохгүйгээр, бусдадаа халдвар тараахгүй гэж хичээвэл сайхан цаг ойрхон байгаа гэж бодож байна.

-Хүмүүс өөрийг чинь хараад Төөгөө байна гэлцдэг байх. Хэзээнээс од гэдгээ мэдэрсэн бэ, хүмүүст танигдсан анхны сэтгэгдэл ямар байв?

-Анх Монгол HD-гийн “Ардын буйдан”-д манай Тулгаа, Батаа, Хану бид дөрөв орж байсан юм. Манай монголчууд шууд “Төөгөө явж байна, сайн уу” гэдэггүй шүү дээ. Хамаатнаа ч харсан юм шиг, хаа нэгтээ харсан ч юм шиг санагддаг юм уу мэндлэх гээд болих гээд байдаг. Анх намайг Имартад нэг ах загнаж байсан юм. “Чи нөгөө зурагтаар гардаг Төөгөө мөн үү” гэхээр би аймаар баярлаад “Тийм” гэсэн чинь “Оймс өмсөөч, зурагтаар хөл нүцгэн гараад байх юм” гэсэн. За намайг ямар ч байсан мэр сэр таньдаг болжээ гэж бодсон. Сая аяллын үед машин дотроо тасралтгүй хоёр цаг инээсэн явдал боллоо. Бид хэд Баян-Өлгий ороод, миний машинд жаахан эвдрэл гараад, түр саатсан юм. Баян-Өлгийн супермаркетын үүдэнд бид зогсч байлаа.

Сүүлийн үеийн залуус их нээлттэй юм билээ. “Өө Төөгөө ах, таны сториг үзсэн. Та ёстой гоё аялаж байгаа юм байна. Манай аймаг таалагдаж байна уу. Хоёулаа нэг зургаа авахуулчихъя” гээд намайг таниад яриад байхаар нь “Өө тэгье” гэсэн. Гэтэл Наагий ахад утсаа өгсөнөө “Та аваад өгчих” гэлээ. Би Наагий ахыг шүтдэг. Жааз дуулдаг мундаг хүнийг танихгүй намайг таниад байхаар хөгжилтэй санагдаад. Нөгөө хүүхдийг явсаны дараа Наагий ахыг цаашлуулаад, “Танаас илүү би Баян- Өлгийд од юм байна аа” гээд бөөн инээдэм болсон.

-Таны царайг хараад л хүмүүс инээдэг байх. Инээдтэй юм яриад өгөөч гэж их хүсдэг үү?

-”За нөгөөдөхөө нэг явчих” гээд зарим нь шууд хэлдэг. Түүнээс гадна хүмүүс намайг хараад инээмсэглэдэг шүү дээ. Хүмүүст инээмсэглэл бэлэглэх гоё мэдрэмж.

-Наадмын өдрүүдийг яаж өнгөрүүлдэг вэ?

-Зуслан дээрээ очно. Намайг өсгөсөн сайхан буурай байгаа. Наадмын өдрүүдийг эмээтэйгээ л өнгөрүүлдэг уламжлалтай. Наадмаар хонь гаргаад, гэдэс иднэ. Шөлөнд нь будаа хаяж иднэ. Дараа нь гэдэсний хуушуур хийнэ. Хорхог хийнэ. Наадмын өдрүүдийг боломжтой бол ойрхон агаар салхинд гараад, боломжоороо гэр орондоо, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлээрэй гэж хүсье.

Categories
мэдээ соёл-урлаг

“The HU” хамтлаг малчдыг дэмжих үйлсэд нэгдлээ

Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооныхон “The HU” хамтлагтай хамтран ажиллахаар боллоо.

Олон улсын хэмжээнд сая сая үзэгч, шүтэн бишрэгчидтэй “The HU” хамтлаг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монгол орны газар нутгийн 80 гаруй хувийг эзэлдэг тал хээр нутгийн экосистемийн тэнцвэрт байдал, унаган төлөв байдлын хадгалан хамгаалах, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлын үндэс суурь болсон бэлчээр нутгийг эрүүл байлгах, малчдын амьжиргааг дээшлүүлэх үйлсийг дэмжихээр боллоо.

Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт, малын эрүүл мэнд төслийн хүрээнд хөгжүүлсэн нүүдлийн мал ахуйн тогтвортой үйлдвэрлэлийн стандарт, түүний цахим мөшгих систем “Хариуцлагатай нүүдэлчин”-ийг онцгойлон дэмжихээ илэрхийлжээ.

Уг төслийн хүрээнд бэлчээр нутгаа сэлгэж амраан ашиглах уламжлалт арга ухаан, сайн туршлагууд нэн ялангуяа бэлчээрийг доройтож эхлэхээс өмнө урьдчилан сэргийлж нөхөн төлжих боломж олгосноор 20 сая га талхлагдсан бэлчээр унаган төлөв байдалдаа аажмаар эргэн шилжсэн байна. Малчид, орон нутгийн удирдлага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудтай хамтран бий болгосон “Хариуцлагатай нүүдэлчин” стандарт дэлхийн зах зээлд Монголын байгалийн эрүүл бэлчээр, нутгийн үүлдрийн малын гаралтай бүтээгдэхүүний бусдаас онцгойрох шинж чанаруудыг баталгаажуулах, гарал үүслийг аймаг, сум, баг, малчин өрхөөр ялган харуулах боломж олгож байгаа юм.

Эх сурвалж: Швейцарын хөгжлийн агентлаг

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Отгонбаяр: Анх биднийг урт үс, уранхай жинстэй тайзан дээр гарахад үзэгчид хөөж байлаа

“Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярын 2013 онд “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагын хэсгээс сонирхуулж байна. Тухайн жил “Хурд” хамтлагийн 20 жилийн ой тохиож байсан билээ. Өдгөө гитарчин Д.Отгонбаяр “The Voice” шоуны эрхэм шүүгч төдийгүй рок попынхны ертөнцөд өнгийг тод бичиж олон ч залуучуудыг дасгалжуулж урлагт хөл тавихад нь чиглүүлж байгаа билээ.

-Юуны өмнө 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ жил ойгоо тохиолдуулж олон ч тоглолт хийлээ шүү?

-Баярлалаа. Монголын урлагийн 20 жилийн түүхийг “Хурд” хамтлаг тасралтгүй бүтээлцэж, өөрсдийн түүхийг мөн бичиж иржээ. Тиймээс энэ 20 жилийн ойг нэг өдөр тэмдэглээд өнгөрөөх бус 2013 оныг дуустал төсөл боловсруулж, үүнийхээ дагуу ажиллалаа. Өнгөрсөн гуравдугаар сард эмэгтэйчүүддээ зориулж “Март-8”, цэргийн баяраар эрчүүддээ зориулж “Цэргийн бодол” зэрэг олон тоглолт хийлээ. Энэхүү тоглолтуудаа биднийг сонсдог, сонс­соор ирсэн үнэнч фенүүд­дээ зориулж үнэ төлбөргүйгээр тоглосон. Мөн саяхан Өвөр Монгол, Эрдэнэт, Дархан зэрэг хотуудад аялан тоглолтоо хийж орон нутгийн фенүүдтэйгээ уулзаад ирлээ. Харин энэ удаагийн тоглолт бол жинхэнэ тэсрэлт байх болно.

-Яг ямар тэсрэлт байх бол. Уншигчдад сонирхуулаач?

-Монголын ард түмэн мэдэх байх. Манай хамтлагийнхан их даруухан. Хийх ёстой уран бүтээлээ л хийхээс биш тэглээ, ингэлээ гээд шуугиан тариад, гайхуулаад байсан юмгүй. 10, 15 жилийн ойн тоглолтоо ч тэр даруухан хийж байсан. Харин 20 жил гэдэг бол багагүй хугацаа. 20 жилийн өмнө дөнгөж 18, 19 настай байсан хөвгүүд өнөөдөр нас биед хүрцгээж, том боллоо шүү дээ. Үүнтэй адил уран бүтээлийн сан ч мөн арвижсан байна. Тиймээс энэ удаа тоглолтдоо яахын аргагүй хүч өгч, их хариуцлагатай хандаж байгаа.

-“Хурд” гэдэг хамтлаг 20 жилийн өмнө хэрхэн урлагт хөл тавьж байснаа дурсахгүй юу. Одоогийн өндөрлөгөөс эргээд харахад бас л сонин байдаг болов уу?

-Тэгэлгүй яахав. Эргээд бодоход их сайхан мэдрэмж төрдөг. Урлагийн тайзаа орхил­гүй, банзан гитараа гараасаа салгалгүй явсаар нэг л мэдэхэд 20 жилийг ардаа орхисон байна.”Хурд” хамтлаг тэртээх 1993 оноос эхлэн өнөөг хүртэл тасралтгүй, ухралтгүйгээр уран бүтээлээ туурвиж ирсэн байна. Анх манай хамтлагийнхныг уранхай жинстэй, урт үстэй, бөөн гинж, төмөр зүүчихсэн тайзан дээр гитар бариад гарахад үзэгчид мэл гайхаж бүр “Тайзнаас зайл” гэж хөөж байлаа. Аргагүй ш дээ хүзүү, хоолойн­доо бөөн төмөр зүүгээд өөрс­дийгөө рокууд гээд нэрлэчихсэн хүмүүсийг тухайн үеийн нийгэм хүлээж авахад хүнд байлгүй яахав. Бид нар тайзан дээр гараад өөдөөс янз бүрийн хог шидэж байхад л “Дөрвөн хөлтэй болж төрсөн хөх чоно миний буруу юу…” гээд л дуугаа дуулж байсан. Залуу хүмүүс их зоригтой байж. “Хурд” гэдэг хамтлагийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, хэдэн мянган фентэй болгох болно гэж өдөр шөнөгүй зүтгэдэг байсан. Үнэхээр тэр хүсэл мөрөөдөлдөө бид хүрч чадсандаа баяртайбайна. Одоо “Хурд” хамтлаг өөрийн гэсэн орон зай, үнэнч фентэй болсон байгааг харах, мэдрэх сайхан санагддаг шүү.

-Мэдээж өнгөрсөн хугацаанд хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг болохын тулд амаргүй байсан байх. Нийгмийн өөрчлөлтөөс авахуулаад л?

-Тухайн үед “Хөх чоно” дууг дуулаад гарчирэхэд жаахан урлаг ойлгодог, урлагийн мэдрэмжтэй нэг хэсэг нь үнэхээр энэ хамтлаг өөрчлөлт, шинэчлэл авчирч байна гэж хардаг байсан. Харин үлдсэн хэсэг нь хийх юм аа олж ядсан орцны хэдэн гитарчид гэдэг нүдээр хардаг байлаа. Яагаад гэхээр 1990-өөд онд хөлтэй болгон Эрээнээс бараа зөөж, Орос руу гаргаж, тарваганы арьс хил давуулж байсан цаг. Урлагийн томчууд хүртэл амьдралын эрхээр ганзагын наймаанд орж байсан байхгүй юу. Яг энэ үед манай хамтлагийнхан хэн нь ч ганзагын наймаа хийж, компанийн захирал болно гэж явалгүй банзан гитартаа үнэнч үлдэж чадсан юм. Бид өнөөгийн ирээдүйгээ үнэхээр харж чадсан хэрэг. Шантрах үе байсан хэдий ч хэзээ ч тайзаа орхиж, гитараа зарж иднэ гэсэн бодол төрж байгаагүй юм шүү.