Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа нар анхны хамтарсан уран бүтээлээ гаргана

Монголын рок попын ертөнцийг гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа хоёргүйгээр төсөөлөхийн аргагүй. Үнэнч фэнүүд нь тэднийг цаг ямагт өрсөлдүүлсээр ирсэн гэж болно. Тэдний хувьд хоёрхон насны зөрүүтэй ч 30 гаруй жил урлагийн тайзыг эзэгнэж яваа уран бүтээлчид.

Тэд олон жилийн дараа уран бүтээлээрээ хамтран, сонсогч фенүүддээ бэлэг барихаар болжээ. Энэ талаар дуучин Т.Ариунаа өөрийн цахим хуудастаа “Дуучин Т.Ариунаа миний санаачилгаар Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав аялгууг нь бүтээж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар яруу найргийг нь урлаж, “Үлэмж төгөлдөр” шинэхэн дуу төрлөө. Домогт Зууны манлай дуучин Б.Сарантуяатай хамтран анх удаа өөрсдийн соло чиглэлийн дуугаа та бүхэндээ тун удахгүй хүргэх гэж байна” гэжээ.

Дуучин Т.Ариунаагийн хувьд саяхан нөхрийн хамт шударга бус хууль, шүүхийн байгууллагын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Харин дуучин Б.Сарантуяагийн хувьд өөрийн уран бүтээлийн 23 дахь цомог болох 10 дуунаас бүрдсэн “Хайрын бурхан” өнгөт пянзныхаа баярыг аравдугаар сарын 2-нд хийхээр төлөвлөөд буй юм. Түүний шинэ пянз цуврал хэлбэрээр гарах аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Моцартын хөгжим унаж татах өвчтэй хүмүүст хэрхэн нөлөөлдгийг судалжээ


Суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Төгөлдөр хуурын хоёр сонат”-ыг сонсох үед унаж татах өвчний шинж тэмдэг дарангуйлагддаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Энэхүү бүтээл нь хөгжмийг хүлээж авах сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины урд хэсгүүдийг өдөөдөг гэнэ.

Эрдэмтдийн судалгааны талаар шинжлэх ухааны “Scientific Reports” сэтгүүлд нийтэлжээ.

АНУ-ын Гайселейн нэрэмжит Анагаах ухааны коллежийн профессор Барбара Жобстоор ахлуулсан мэдрэлийн өвчний судлаачид мэргэжил нэгтнүүдийнхээ ажлыг үргэлжлүүлж, чухам Моцартын хөгжим унаж татах өвчтэй хүмүүст хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Бусад эрдэмтдийн өмнө нь хийсэн судалгаа Моцартын хөгжмийг сонссоны ачаар хүнд хэлбэрийн таталтын тохиолдлын давтамж гуравны нэг орчим хэмжээгээр буурч байгааг харуулжээ. Сонирхолтой нь Жозеф Хайдны хөгжмөөс ийм нөлөө ажиглагдаагүй байна.

Эрдэмтдийн судалгаанд 16 хүн сайн дураараа оролцжээ. Таталт өгдөг голомтыг олохын тулд тэдний тархинд электрод түр суулгасан байна. Эдгээр хүмүүст Моцартын төгөлдөр хуурын хоёр сонат болон бусад сонгодог бүтээлээс богино хэсгийг сонсгожээ. Хөгжмийг сонсгох үедээ эрдэмтэд өвчтөнүүдийн тархины идэвхжил хэрхэн өөрчлөгдөж байгааг ажигласан байна. Ингэхэд сонгодог хөгжмийг ердөө гучхан секунд сонсгоход эерэгээр нөлөөлж, тархины янз бүрийн хэсэгт хүнд хэлбэрийн таталт өгөх давтамж 66 хувиар буурч байжээ. Ялангуяа өвчтөнүүд “Төгөлдөр хуурын хоёр сонат” –ын ноотны дараалал нь давтагдсан хэсгүүдийг сонсоход ихээхэн үр дүн үзүүлсэн байна.

Тархины үйл ажиллагаанд хийсэн дараагийн дүн шинжилгээгээр Моцартын бүтээлүүдийг сонсох үед тархины урд хэсгийн хальс, баруун ба зүүн тархины идэвхжил, мөн тархины идэвхжлийн янз бүрийн түвшин болон ухамсрын түвшинг харуулдаг тархины үелзлүүдийн нэг болох тета долгионы эрч хүч нэмэгдэж байгаа нь харагджээ.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, Моцартын төгөлдөр хуурын хоёр сонат болон бусад бүтээлүүд нь гол төлөв тархины урд хэсгийн хальс болон хөгжмийг хүлээж авах сэтгэл хөдлөлийг хариуцдаг хэсгүүдэд нөлөөлдөг аж. Тархины энэ хэсгийн Моцартын хөгжимд үзүүлэх хариу үйлдлийг цаашид судалснаар эдгээр хөгжим нь унаж татах өвчнийг хэрхэн дарангуйлж байгааг ойлгоход тус дөхөм болно гэж эрдэмтэд дүгнэсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Цаашид соёл урлагийн арга хэмжээг нээлттэй болгоно” гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээтэй танилцлаа. Энэ үеэр олон нийтийн шүүмжлэл дагуулсан “Digital Nation-2021” үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг дэмжиж байгаа. Тийм учраас ААН, хувийн хэвшлүүдээ дэмжиж оролцсон. Тэд томоохон хэмжээний дэвшлүүдээ иргэд, залуучуудад ойлгуулах гэсэн оролдлого байсныг буруутгаж огт болохгүй гэж бодож байна. Хамтарч ажилласан ААН-үүд алдаа гаргасан, олон хүн цуглахыг дутуу тооцсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ гадаах арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрсөн.

Монгол Улсын эдийн засаг 1992 онд хасах баланс руу орсон. Энэ оны дөрөв, тавдугаар сард дахин нэг удаа хасах руу орлоо. Улсын төсөв 23 хувиар тасалдсан зэрэг амаргүй нөхцөл байдалд ажиллаж байна. Тийм учраас цаашид эдийн засгаа нээх бодлого барина” гэлээ.

Мөн тэрээр “Засгийн газар цар тахлын амаргүй үед ажиллаж байна. Ер бусын цаг хугацаа учраас эдийн засагт ч ер бусын шинж тэмдэг илэрч байна. Зөвхөн Монголд бус дэлхий даяар ийм байна.

Засгийн газар дөрөвдүгээр сараас эхлээд аль болох нээлттэй байх бодлогыг барилаа. Амьдрал энгийн хэмнэлдээ орж эхэлж байна. Засгийн газраас гадаа талбайд зохион байгуулагдах арга хэмжээг дэмжинэ. Бид цаашдаа соёл урлагийн арга хэмжээг нээлттэй болгоно” гэсэн тайлбар өглөө.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Отгонбаяр: Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан


“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч МУГЖ Дамбын Отгонбаяртай ярилцлаа.


-Таны өсөж төрсөн нутаг, бага насны дурсамжаар ярилцлагаа эхэлье. Та аль нутгийн уугуул билээ?

-Аав, ээж маань баруун аймгийн улс. Аав минь Баянхонгор, ээж минь Завхан аймгийнх. Тэртээх 1950-иад оны эхээр илгээлтийн эзэд гэдэг шиг төмөр замын бүтээн байгуулалтад нутаг нутгаас залуучууд цугларч байжээ. Тэр үед Улаанбаатар төмөр замын точка дээр аав, ээж хоёр минь танилцаж, 1957 оноос ижий аав хоёр минь гэр бүл болсон. Дамбынх хэмээх арван хүү, нэг охинтой өнөр бүлийн ес дэх хүү нь болж Д.Отгонбаяр миний бие Улаанбаатар төмөр замын төрөхөд 1973 онд мэндэлсэн юм. Улсын хөгжлийн ган судас нь болсон энэ л төмөр замыг дагаж миний амьдрал өрнөсөн юм даа. Монгол Улсад төмөр замаар дамжин орж ирсэн чихэр, боорцгийг идээгүй, хувцсыг өмсөөгүй хүн гэж цөөн байх.

-Хүүхэд ахуй наснаасаа л урлагийн хүн болох зорилго, мөрөөдөлтэй байв уу?

-Хүүхэд бүр гэгээлэг мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Би яг л тэдний адил байсан. Мэдээ орсон цагаасаа л ах нарынхаа гитар тоглож, пянз, хөгжим хангинуулж байгааг сонсож хөгжимтэй их ойр өссөн. 1981 онд Төмөр замын 38 дугаар бага сургуульд элсэн орж урлагийн наадмаар “Сансрын нисгэгч ахаа Сайн яваад ирэв үү” гээд банзан гитартай дуулж байлаа. Тэр үеэс миний хөгжмийн мэдрэмж илүү хөгжиж, дотоод сэтгэлийн их хүчээ асаахын тулд хөгжимтэй ойртсон болов уу. Тэгээд дөрөвдүгээр ангиас эхлэн 20 дугаар сургуулийн “Ганзам” чуулгын дуу хөгжмийн Чүлтэмдорж багш намайг сонгон авсан. Багш маань над руу хараад чи Дамбын шар уу гэж асуухад нь би толгой дохин нүдээ бүлтгэнүүлээд л хөгжмийн өрөө рүү багшийгаа даган орж байлаа. Тэр өрөөнд бөмбөр, гитар, цахилгаан гээд л бүх хөгжмүүдтэй танилцаж, эндээс миний нөгөө л дотоод сэтгэлийн мэдрэмж бүр их асаж, дурлаж, сургуульдаа улам хайртай болсон. Тэгээд л тэр өдрөөс эхлэн хөгжмийн өрөөндөө амьдардаг болсон доо. Чүлтэмдорж багш маань олон зүйлийг зааж сургаж, намайг бүр гурван хоног өрөөндөө түгжчихээд явчихдаг байсан. Тухайн үед гомдоод зугтаж болох л байсан. Гэхдээ хэзээ ч зугтаж байгаагүй ээ. Найзууддаа системийн гуурсаар ус дөхүүлээрэй гэж хэлчихээд л өрөөндөө хөгжмөө сурдаг байлаа. Хэсэг хугацааны дараа багш орж ирээд л шалгана шүү дээ. Багш маань “Чи өөрөө сур, чи үүнийг чадна, чиний дотор байгаа” гэж их хэлнэ. Сүүлдээ пянз тоглуулагчийг нүдээ аниад сонсоход тоглож байгаа хүний гар нүдэнд харагддаг болж билээ. Тийм их бясалгаж хөгжмийн гараагаа эхэлсэн юм. Багш минь тэгж л намайг хөгжмөөр дамжуулан дотоод сэтгэлийн их хүчтэй болгосон. Багшдаа одоог хүртэл маш их талархаж, хайрлаж, хүндэлж явдаг. Нас ахих тусам улам л их хайрлаж, хүндэтгэж байна. Миний сэтгэлийг бадрааж, чангалж, уйлуулж, дуулуулж, энэ хөгжимтэй холбосон хүн бол яалт ч үгүй багш минь. Мэдээж гэр бүлийнхний минь нөлөө байлгүй яахав. Ах нар маань банз хөрөөдөж зүлгүүрдээд, өсгөгчний ар талыг задалж дуу дамжуулагчийг зэсээр ороогоод л цахилгаан гитар хийчихдэг байсан.

– Амьдралын тань хамгийн үнэ цэнэтэй дүрэм журам, зарчим юу вэ?

– Ах нартайгаа дотуур байранд амьдардаг байлаа. Аав, ээж минь ажилтай учир хичээлд нь шамдуулах гээд тэр. 21, эсвэл 45 хоноод гэртээ харьж ирнэ. Дотуур байрны хүүхдүүд их догь шүү дээ. Багаасаа хувцсаа угаагаад, гэрээ цэвэрлээд, ер нь их биеэ даачихдаг. Дамбын гэр бүл үргэлж тэргүүний тасаг болдог байлаа. Цагаан хөвөнгөөр цонх арчихад л тоос гардаггүй байсан. Ээжийн минь айхавтар хүмүүжил юм даа. Үргэлж цэвэрч, орой эрт унтаад өглөө эрт бос. Хамгийн гол нь өөрөө бүх юмаа хий, арчаатай бай. Эр хүн хүнээр юмаа хийлгэх хамгийн муу шүү гээд л. Хэдий гэр бүлтэй болсон ч одоог хүртэл өөрийнхөө бүх зүйлийг өөрөө цэвэрлэдэг, цэгцэлдэг. Тиймээс монгол гэр бүлийн, ах захтай байх, ижий аавыгаа, найз нөхдөө хүндэл, цэвэрч нямбай бай хэмээн сургадаг хүмүүжил үнэхээр чухал. Нийгэм солигдсоноос хойш энэ хүмүүжил бага багаар алдагдаж байна. Гэр бүлийн хүмүүжил алдагдаж эхэлснээс хойш өнөөдрийн бидний байгаа байдал энэ. Хүмүүсийн сэтгэлийн тэвчээргүй, ажилгүй байгаа бүгд үүнтэй холбоотой. Тийм л учраас монгол хүмүүжлийн арга ухаан гэдэг асар чухал. Амьдралд ижий, ааваас өгсөн хүмүүжил бол ямар ч дээд боловсролоос илүү байна. Миний хувьд сая л нэг СУИС- иа төгсөж авлаа. Тухайн үед боломж ч байсангүй. Ижий, аав хоёрын минь цалин бидний оймс, гутал, сурлагын дэвтэр болоод л дуусдаг байсан. Хоёр замчны цалин хүрэлцэхгүй шүү дээ. Тэгэхээр эрүүл саруул, бүрэн бүтэн төрүүлж өсгөж өгөхөөс илүү ижий аавын хайр энэрэл гэж байхгүй. Одоо бид ачийг нь хариулахын тулд зөв сэтгэж, зөв явах хэрэгтэй. Үр хүүхэд минь эрүүл саруул, зөв хүмүүжилтэй л бол боллоо. Тэртэй тэргүй өөрсдийн гэсэн ертөнцтэй, өөрсдийгөө аваад л явна. Би ийм л зарчимтай.

-Цар тахлын үед таны ажил, амьдрал хэрхэн өрнөж байна?

-Дэлхий нийт болоод Монголыг шалгаж буй нэг шалгуур болов уу. Үүнийг бид хамтын хайрын сэтгэлээр, хүндэтгэлийн сэтгэлээр давах ёстой. Гарцаагүй давна. Давахын тулд бид ямар нэгэн байдлаар хүч хэрэглэх биш шүү. Төр засаг тодорхой арга хэмжээгээ авч л байна. Гэсэн хэдий ч ковид бол хувь хүний сахилга бат, амьдралын дадал, ёс зүй, өөр ийгөө хамгаалах чадварыг шалгаж байна. Хүн төрөлхтөн үүссэн цагаас л өвчин зовлонтой тэмцсээр ирсэн. Бидний эргэн тойронд ковид байтугай л өвчин байгаа шүү дээ. Энэ бол юу ч биш. Хэн арчаатай, зохион байгуулалттай байна, тэр л нийгмээрээ даван туулж чадсан нь амьд үлдэнэ. Тиймээс бид зүгээр л маскаа зүү, зайгаа барь, гараа сайн угаа, үр хүүхдийнхээ найз шиг нь бай, гэртээ хайр түгээ. Ингээд л болоо. Ковидын дараа өөр нэг өвчин гарвал бүгд сөхрөөд унах уу, үгүй шүү дээ. Бүх зүйл гэр бүл бүрийн хариуцлагатай шууд холбоотой боллоо. Харин миний хувьд нэг талаараа ковид их боломж олголоо. Дуулалт, бүх хөгжимдөлтөө дуусгалаа. Дуусгаж амжихгүй байсан “Хурд” хамтлагийн “Долоон тэрбум” гээд шинэ альбом, пянзыг Германд хэвлүүллээ. Энэ сарын дундуур Германаас улаан, шар, ногоон гэсэн гурван өнгийн “Долоон тэрбум” гэдэг пянз ирэх гэж байна. Энэ бол хамтлагийнхаа 30 жилийн ойг угтаж бүтээсэн пянз.

– Хоёр жилийн дараа “ Хурд” хамтлагийн 30 жилийн ой болно.

-Тийм, хамгийн анх “Хурд” 1987 онд Төмөр замын Вагон депогийн дэргэдэх ажилчин залуусын хамтлаг байсан. Тус бүрэлдэхүүнээс Д.Ганбаяр ах маань тасарч 1993 онд Д.Төмөрцог (Цогоо) цэргээс халагдаж ирээд “Хурд” хамтлаг үүссэн. 1993 оноос хойш өдийг хүртэл нэг жил, нэг сар, нэг хоног, нэг цаг, нэг минут ч энэ тайз энэ хөгжмөөс холдолгүй 30 жил үргэлжилсэн байна. Эргээд харахад цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрчээ. Гэхдээ одоо л би яг утга учраа ойлгож, залуу болж, бүх зүйл эхэлж байгаа юм шиг санагдаж байна.

-Эдгээр он жилүүдэд “Хурд” яг л анх мэндэлж байсан шигээ гал шиг дүрэлзэж, од шиг гялалзаж байдгийн нууц нь юу юм бэ?

-Урлагийн хүн сэтгэлээрээ их өнгөлөг байх ёстой. Урлагийн хүн шүү дээ, Хурд ч гэлтгүй. Бусдад үргэлж тусалж, ивээж, хүндэтгэж, дандаа хайр байх ёстой. Хурдын нэг нууц нь гэр бүлийн агуу их хайр байсан юм болов уу даа гэж эргэн дүгнэж байна. Ижий, аавын минь хайр, бас хүмүүжил “Хурд”-ыг гучин жил оршин тогтнуулж чадсан. Маш их буян заяаг бидний дээрээс асгаж байна. Магадгүй гурван том ах минь цэл залуугаараа бурхны оронд мордсоны учиг үлдсэн буянаа дүү нар дээрээ асгасан юм болов уу л гэж… Би сэтгэлдээ бодож, хайрлаж, шүтэж, биширч явдаг юм. Надад нууц хүч гэж байхгүй ээ. Юм бүхэн барилдлагатай. “Хурд”-ын бүх цаг үед гаргасан дуу бүр хит болдгийн учир ч үүнтэй салшгүй холбоотой. Бид өөрсдийнхөө хэмжээнд монгол ахуй амьдралыг, монгол аав, ээжийг дуулж түүнийгээ хүний зүрх сэтгэл рүү сум мэт зоож чаддагаараа өнөөдөр оршин тогтнож байгаа юм. Ард түмний хайр хүндлэл бол маш хэмжээлшгүй их буян заяа.

– Т а н ы ш и н э у р а н бүтээлийн тухайд?

-Сүүлийн үед уран бүтээл маш их хийж байна. “Монгол бичиг минь” гэдэг дуу хийсэн, цоо шинэ. Монгол бичгийн цаана бидний өв соёл, маш их юм бий. Энийг одоо л ярьж эхэлж байна. Монгол бичиг гэдэг бол дэлхийд ганцхан тэнгэрээс газарт буудаг бичиг. Үүнийг хайрлах цаг болсон. Бид юутай үлдэх юм бэ, Монгол гэдэг нэр, нэрний цаана өв соёлтойгоо л байвал хамгийн хүчтэй. 500, 1000 жилийн өмнөх АНУ гэж сонссон уу, үгүй шүү дээ. Харин 500 жилийн өмнө бидний Монгол Улс байсан юм шүү. Бид өв соёлтойгоо байна гэдэг дархлаатай байна гэсэн үг. Дархлаатай байна гэдэг нь алсдаа маш том гүрэн болж чадна аа гэсэн үг. Дэлхий дээр хэн их өв соёл, өөрсдийн гэсэн ёс заншил, газар нутагтай байна тэр л баян. “Монгол бичиг минь” дуу соён гэгээрлийн маш том төлөөлөл болно, “Эх орон” дуу шиг минь дахин нэг тамгалах байх гэж найдаж байгаа.

-“Хурд”-ын дараагийн хүсэл, зорилго юу вэ?

-Хийх ажлууд маш их байна. Уран сайхны кино, 30 хит дуугаа эх орныхоо 30 үзэсгэлэнт газарт очиж дуулмаар байна гээд л хийх ажил дуусдаггүй шүү дээ, ер нь дуусах ч үгүй байх. Алтай Таван богд, Шилийн богд, Буйр нуур, Хөвсгөл нуур гэх мэт хангай дэлхийдээ дуулж өгмөөр байна шүү дээ /инээв/. Уул ус савдагууд минь баярлаг. Намайг энэ ертөнцөөс явахад миний болоод бидний хийсэн бүтээснийг илүү баяжуулан дараагийн залуучууд хийж бүтээхэд ер нь хязгаар үгүй ээ. Хурд лаг, гоё доо биш, энэ Монголын өв соёл, Монголын рок попын түүхэнд зөв үлгэр дуурайлал болмоор байна шүү дээ. Гучин жил болсон хамтлаг юу хийсэн байх ёстойг би үзүүлмээр байна. Өнөөдөр төрж байгаа хүүхэд хөгжимчин болвол 30 жилийн дараа юуг бүтээгээд явж байх ёстойг үлгэрлэмээр байна. Ингэж байж миний Монгол үеийн үед өнө мөнх оршино.

-Яагаад хамтлагаа “Хурд” гэж нэрлэсэн юм бэ?

– Тухайн үед хамгийн хурдан нь галт тэрэг байлаа. Хэмнэлтэй, гоё нэр өгмөөр байна гээд л. Галт тэрэгний хурдаа бодож “Хурд” гэж нэрлэсэн. “Хурд” гэдэг нэр дархлагдаад гучаад жил боллоо. Харин одоо бодоход хурд гэдэг үг их олон утга агуулсан юм шиг санагддаг. Амьдралын хурд, зөөлөн хүчинд ч хурд байдаг, тэртээх XIII зууны үед Чингис хаан их л хурдан дэлхийг эзэлсэн юм байна шүү дээ гэх мэт ургаад л байна. Хурд гэдэг нэрэндээ дэндүү их хайртай даа.

-Та “The Voice of Mon­golia” шоуны шүүгчээр ажиллаж байсан шүү дээ. Шоу дахин үргэлжлэх үү, энэ талаар яриач?

-Тийм ээ, гурав дахь “The voice of Mongolia” шоу он гараад цацагдаж эхэлнэ. Монгол түмний минь үзэх дуртай шоу болсон. Монголчуудад их тохиромжтой контент гэж боддог. Бид чинь их гэр бүлсэг, элэгсэг хүмүүс шүү дээ. Энэ телевизийн шоугаар дамжуулж бүх монгол гэр бүлийг халуун дулаан уур амьсгал, хайр энэрэл, баяр баясгалан, аз жаргалаар бялхуулах, умбуулахыг хүсдэг. Хүн ер нь идэхийн нэр биш, сэтгэл амар, баяр баясгалантай, эрүүл энх байх шиг сайхан юм үгүй гэдгийг л ойлгуулаад байгаа юм шиг санагддаг. Шүүгчийн хувьд шинэ үеийн ирж яваа залуустай танилцах, ажиллах нь маш сайхан. Өөрийгөө цэнэглэх, шинэчлэх боломж юм уу даа.

-Хамгийн хайртай уран бүтээлийнхээ тухай?

-Дуу төрөх маш гоё. Яг л хүүхэдтэй болсон юм шиг. Уран бүтээл болгон минь өөрсдийн түүхтэй. Би бүх дуундаа хайртай, бүгд амьтай байдаг. Тэр дуучин Цогоотой маань ч холбоотой. Анх гэр бүлтэй болоод эхнэртээ зориулан “Чи минь байгаа болохоор” дуугаа зохиож байлаа. Тэрэндээ л хамгийн их хайртай байх даа. Газар дээр ганц эхнэртэй, түүндээ ганц дуу зориулж зохиосон юм /инээв/. Гадуур явж байхад, хажуугийн машинд миний дуу явж л байдаг. Би маш их баярладаг. Магадгүй надаар дамжуулан өвөг дээдсийн маань бодол, ухаарал дуу болон гардаг байх.

-Цогоо гэснээс Цогоо ах ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Анх гаргаж байсан дуунуудаа залуучуудтай хамтран дуулахад хүмүүст маш их хүрж байна. Орчин цагийн хүүхдүүд “Хурд” гэж нэрийг нь л сонссон болохоос ямар дуу гаргадаг, ямар хүмүүс байдгийг нь мэдэхгүй байж болно. Тийм учраас “The voice of Mongo­lia” шоуны шилдэг оролцогч Э.Дашнямтай “Бүсгүй” дууг дуулсан. Мөн шоуны шилдэг оролцогч Б.Оюутай “Буцааж нэхэхгүй хайр” дууг гаргахаар бэлтгэж байна. Шинээр миний зохиож байгаа, “Хурд”-ын хийж байгаа дуунуудыг мэдээж Цогоо дуулна. Ер нь л бүгдээрээ 30 жилийн ойдоо бэлтгэж байна даа.

-“Хурд” яагаад эх орон, ээж, аавын тухай дуулдаг юм бэ?

-“Хурд” дуулахгүй бол хэн дуулах юм. 2000 онд “Эх орон” дуу гараагүй байсан бол гээд төсөөл дөө. Би лав харамсана аа. “Хурд Монгол газар шороон дээр монгол ижий ааваас мэндэлсэн болохоор Монгол эх орноо, ээж, аавыгаа, бүсгүйчүүдээ магтан дуулдаг юм.

-Ярилцсанд баярлалаа, эрүүл энхийг хүсье.

-Баярлалаа, ажлын амжилт хүсье.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ардын жүжигчин Н.Сувд: Жүжигчний мэргэжил сурч болдог сургаж болдоггүй

Улсын драмын эрдмийн театрын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойтой холбоотойгоор Монгол Улсын Ардын жүжигчин Н.Сувдтай цөөн хором ярилцсанаа хүргэж байна.


-Энэ жил театрын 90 жилий ой тохиож байна. Таны хувьд театр амьдралын тань салшгүй нэг хэсэг. Анх театрт орж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Манай Улсын драмын эрдмийн театр Монголын орчин үеийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамгийн ахмад байгууллага. Ууган театрт тооцогддог. 1931 оны арваннэгдүгээр сарын 12-нд “Үнэн” жүжгээр хөшгөө нээж байсан түүхтэй театр. Бид ахмадуудынхаа байгуулж байсан театрт 90 дэх жилдээ уран бүтээлээ хийж буй уран бүтээлчид. Анх байгуулагдсаныхаа дараа 1963 он хүртэл драм, дуурь, балет, хүүхдийн театрууд нэг театртай байлаа. Үүнээс хойш театрууд мэргэжлээрээ салж, өөрийн байртай болж тусгаарлан өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Манай театр 1981 онд Эрдмийн буюу академик цолоо авсан. Энэ бол манай ажлын онцлогтой дүйцдэг гэж би боддог. Яагаад гэхээр нэг жүжиг тайзан дээр тавихын тулд маш их судалгаа шинжилгээ хийдэг. Ер нь театрт уран бүтээл тавина, жүжигчид дүр бүтээнэ гэдэг бол эрдэм шинжилгээ, судалгааны үндсэн дээр ажилладаг. Одоо манай театрт үндсэндээ дээд мэргэжлийн жүжигчид, боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Найруулагчид, жүжигчид, зураачид дээд боловсролтой, залуу боловсон хүчин ажиллаж байна. Энэ жил 90 жилийн ойгоо угтаад зохиолч Б.Цогнэмэхийн “Хаадын хаан” жүжгийг үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна. Зөвхөн уран бүтээлчдийн хэлтэс гэлтгүй захиргаа, үйлдвэрлэлийн зэрэг бусад хэлтэс албадуудад ажиллаж байгаа хүмүүс, мөн мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан. Цаашдаа туслах мэргэжлийн ажилчдаар бүрэн хангах шаардлага театрт байгаа. Гэрлийн инженер, дууны инженер, нүүр будагч, оёдолчин зэрэг бүгд нэгдэж байж театр гэж байгууллага бий болдог. Тиймээс бүх төрлийн туслах мэргэжлийн боловсон хүчнийг бэлдэх зорилгыг театр тавьж ажиллаж байна. Би 1973 онд театрт ажиллаж эхэлсэн.

1970-1973 онд Кино үйлдвэрт ажиллаж байгаад Н.Островскийн “Инжгүй хүүхэн” (Безприданница) жүжгийг тавихад театрт Ларисагийн дүрд ирж ажилласан. Тэр жүжгийг тайзнаа тавьсны дараа орон тоогоор шилжиж ирж байлаа. Ийм л түүхтэй. Залуучуудтайгаа хамтраад одоог хүртэл ажиллаж байна.

-Тухайн үед таныг театрт ирэхэд алтан үеийнхнээс хэн хэн ажиллаж байв. Алтан үеийн уран бүтээлчидтэй ажиллана гэдэг их сургууль төгссөний дайны мэдлэг, чадвар хуримтлуулдаг гэж ярьдаг шүү дээ?

-Байлгүй яахав. Долгорсүрэн, Лхадолгор, Хандсүрэн, Цэвээнжав, Цэрэндулам гуай гэх мэтчилэн манай алтан үеийн ахмад уран бүтээлчид ажиллаж байсан. Алтан үеийнхэнтэй хамт ажиллах аз завшаан надад тохиолдсон. Тэднээс их юм сурсан. Ер нь манай жүжигчний мэргэжил гэдэг сургууль төгссөнөөр ч жүжигчин болчихгүй. Бүх амьдралынхаа туршид л сурч, судалж мэдэж байж л энэ ажлыг хийдэг болохоор залуучуудтайгаа, ахмадуудтайгаа хамт ажиллаад явж байна.

-Театрт ажилд ороод тухайн үедээ үе тэнгийн ямар уран бүтээлчидтэй дотно найз нөхөд байв?

-Бидний үеийнхэн гэвэл Ардын жүжигчин Ж.Лхамхүү, Д.Мэндбаяр, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран гээд олон сайхан уран бүтээлчид бий. Манай үеийнхэн 1980-аад онд театрын бас нэг гол хүч, тулгуур багана болж явсан. Яг л одоо үеийн залуучууд шиг бүх ачааллыг нуруун дээрээ үүрч явсан үе бий. Одоо бол залуучууд маань бидний халааг аваад ажиллаж байна. Үе үеийнхэн энэ театрт хамт ажилладаг уламжлал юм даа.

-Театрын уран бүтээлийн төлөвлөгөө жилээр гардаг байсан гэдэг. Төлөвлөгөө биелүүлнэ гэдэг амаргүй ажил байв уу?

-Тэр үед улсаас тавих жүжгийг төлөвлөөд, гарах зардлын төсвийг гаргаад өгчихдөг байсан. Тэрнийхээ хариуд “орлого тэдэн төгрөг ол” гээд төлөвлөгөө тавьчихдаг. Би 1973 оноос хойш өнөөг хүртэл ажиллахдаа манай театр төлөвлөгөөг давуулан биелүүлнэ үү гэхээс тасалж байсан түүх бол мэдэхгүй. Уран бүтээлийг яг цаг тухайд хийдэг. Орлогын төлөвлөгөөг ихэвчлэн давуулж биелүүлдэг. Бүх ард түмний социалист уралдаанд манай театр эхний гурван байраас ухарч байсан удаагүй шүү.

-Төлөвлөгөөт энэ их ажлын хажуугаар дэлгэцийн томоохон бүтээлд ажиллана гэдэг бас л амаргүй ажил санагдаж байна. Хатуу салхилга баттай үед хувийн уран бүтээлийн ажлыг хэрхэн зохицуулдаг байв?

-Бүх юм төлөвлөгөөтэй, бодлоготой. Театрын уран бүтээлийн хажуугаар кино уран бүтээлд тоглох бололцоотой бол чөлөөлж өгдөг. Бололцоогүй бол чөлөө өгдөггүй байсан. Тийм хууль театрт одоо ч бий. Тийм учраас театрынхаа ажлыг амжуулахын хажуугаар бололцоо гарвал кино уран бүтээлд ажилладаг байсан. Хамгийн урт хугацаагаар (хоёр жил) ажлаас чөлөөлөгдөж явсан дэлгэцийн уран бүтээл бол “Мандухай сэцэн хатан” кино байсан.

-Та “Мандухай сэцэн хатан” кинонд 41 настай байхдаа тоглож байсан гэдэг. Бүтэн хоёр жил ажлаас чөлөөлөгдсөн гэхээр асар өргөн хүрээтэй баг ажиллажээ?

-Тийм 40 настай л байсан байх. Нэг жил бэлтгэл, нэг жил яг кино зураг авалтаа хийсэн байдаг.

“Мандухай сэцэн хатан” киног одоо ч Монголын ард түмэн огшиж үздэг. Одоо үзээд сууж байхад ямар сэтгэгдэл төрдөг вэ. Тухайн үед залуу уран бүтээлч хүний хувьд алдах онох зүйл бишгүй л байсан болов уу?

-“Мандухай сэцэн хатан” киноны талаар элэгдтэл хуучиртал зөндөө л ярьсан. Кино гэдэг чинь тамгалагдаад л гарчихдаг. Араас нь засах аргагүй байдаг. Театрын онцлог нь засаж болно, нэмж болно, шинээр юм олж болно. Киног тэгэх арга байхгүй. Ямар болсон түүгээр нь хүлээж авахаас өөр боломжгүй. Одоо “Мандухай сэцэн хатан” киног үзээд нэг их тэгдэг байж, ингэдэг байж гэдэггүй. Сэтгэлд хүрэхгүй байгаа хэсэг байлгүй л яахав. Нэгэнтээ чиний чадал тэр, хийсэн чинь тэр. Тэрийг байгаагаар нь хүлээж авах аргагүй ш дээ, тийм ээ. Тэрнээс би тэр хэсэгт ингээд хийх байсан юм, тэгээд болоогүй юм гээд зарлаад гүйгээд байх зүйлгүй.

-Та залуу уран бүтээлчдэдээ хандаж юу зөвлөж, хэлдэг вэ?

-Тийм юм хийх гэсэн юм хэлээд, зөвлөөд өгөөч гэвэл мэдээж чадах чинээгээрээ туслахыг бодно. Би нэг их ийм шавьтай гэж ярих дургүй. Жүжигчний мэргэжил сурч болдог, сургаж болдоггүй. Хүн өөрөө хэнээс ч хараад сураад өөрийгөө баяжуулаад боловсруулаад л байвал жүжигчин болно. Ямар ч алт шиг багш байгаад тэрнээс өөрөө л юм авч чадахгүй бол тухайн багш чиний сэтгэл зүрх, оюун ухааныг орлоод ажиллахгүй учраас өөр арга чарга байдаггүй. Зүгээр өөрийнхөө мэдэх, чадах зүйлийг хэлдэг, тусалдаг. Тэрийг багш гэж үнэлэх нь тухайн хүний л асуудал. Тэр хүн л миний шавь гэж бодоод багшаа гэж үнэлж байвал тэгээд л боллоо. Надаас дөрөв, таван жил юм сураагүй бол би хичнээн багш гэж бархираад яахав дээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатар чуулга” театр болон өргөжнө

2006 оны тавдугаар сард НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Нийслэлийн Улаанбаатар чуулгыг анхлан байгуулж байжээ. Тус чуулга өнөөдөр нийтдээ 62 албан хаагчтай, тэдний 44 нь уран бүтээлчид /дуучид, хөгжимчид, бүжигчид/ аж.

Улаанбаатар чуулга нь тайзны болон захиалгат урлагийн тоглолтын үйлчилгээг олон нийтэд үзүүлдэг, олон нийтэд танигдсан томоохон урлагийн байгууллага юм. Бүрэн хэмжээний тайзны хоёр бүтээл, дууны 250, хөгжмийн 310, бүжгийн 96, нийт 678 бүтээлийг бүрэн хэмжээнд тавьжээ.

Тус чуулга нь статусаа өөрчилж, нэршлийн хувьд театр болсноор олон давуу тал бий болно гэж чуулгын дарга Р.Мөнхсайхан танилцууллаа. Чуулга одоогийн бүрэлдэхүүнээрээ бүтэц орон тоогоо нэмэхгүйгээр ажиллах юм байна. Театр болж өөрчлөгдсөнөөр гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж, уран бүтээлийн төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан, чансаа сайжрахын дээр санхүүжилтийн эх үүсвэр нэмэгдэж, олон улсын театрын төсөлд хамрагдах эрх нээгдэнэ хэмээн театрын дарга танилцуулсан юм. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд Улаанбаатар чуулгыг театр болгон өргөжүүлэхэд татгалзах зүйлгүйг тодотгоод, НИТХ-д өргөн барихаар болов.

Categories
мэдээ соёл-урлаг

Г.Ариунбаатар Мариинский театраас мэндчиллээ

Цар тахлаас шалтгаалан нам жим байсан урлагийн салбар хөдөлгөөнд орж эхэллээ. Хэдийгээр коронавирусийн халдварын тархалт намжихгүй байгаа ч тэд шинэ улирлын нээлтээ хийхээр хэдийнэ ажилдаа оржээ. Манай улсын урлагийн байгууллагуудын хувьд ч эртнээс төлөвлөсөн уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр зэхэж байна. Цар тахлын үед урлагийн байгууллагууд хэсэг хугацаанд үүдээ хааж, зарим нь цахим хэлбэрээр уран бүтээлээ хүргэсээр байсан юм. Монголоос дэлхийн сонгодог урлагийн тавцанд цойлон гарсан баритонууд шинэ уран бүтээлийн мэдээ дуулгаж байна. Тэдний зарим нь аль хэдийнэ тайзнаа гарчээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын хувьд алдарт Мариинский театраас мэндчиллээ.

Түүхэн театрын 239 дэх улирлын нээлтэд тэрбээр бэлтгэж буйгаа дуулгасан юм. Шинэ улирлын тоглолтоо Ж.Вердийн “Аида” дууриар нээсэн байна. Харин энэхүү дуурийн Амонасро-н дүрийг “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар бүтээх нь.

Тэрбээр мөн энэ сарын 18-нд Ж.Вердийн “Бал Маскарад” дуурьт Ренато-ын дүрийг театртаа анх удаа бүтээхээр бэлтгэлээ хийж, сэтгэл догдлон хүлээж байгаагаа дурдсан байлаа. 150 жилийн өмнө анх үзэгчдийн хүртээл болсон “Аида” дуурь монголчуудын хувьд шинэ танил биш. Учир нь, энэхүү бүтээлийг өдгөөгөөс 10 жилийн өмнө Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа олны хүртээл болгосон юм. Энэхүү дуурийг театрын тавилтын стилиэрээ сүрлэг тайз засалт, цог жавхлантай жагсаал, хүчирхэг ансамблиудаас бүрдсэн. Гял цал сэтгэгдэл төрүүлэх сүрлэг чимэглэл бус, харин том хэмжээний гол цөмийн нэгдэл бүхий дуурийн стиль бөгөөд утга уянгын сэтгэцтэй үзэгдлүүдээс хөгжмийн гүн гүнзгий илэрхийллийн биеллийг шингээсэн бүтээл хэмээн тодорхойлдог юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Eegii Cosmetics”-ийн Б.Энхчимэг нүүр будалтын Дэлхийн аваргын цомоо гардан авчээ

Eegii Cosmetics”-ийн үүсгэн байгуулагч Б.Энхчимэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цом, медалиаа гардан авчээ.

Тэрбээр 2020 онд “OMC Hairworld Online Championship” тэмцээнд тайзны, хуримын, смоки будалт зэрэг гурван төрөлд оролцож, “Bridal make up” төрлөөрөө алтан медаль авсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас түүний амжилтыг урамшуулж, жуух бичгээр шагнажээ.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Жонон” хамтлагийн “The Grace of the Khaans” пянз худалдаанд гарна

Үндэсний өв соёлыг шингээсэн уламжлалт хөг аялгууг орчин цагийн хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг “Жонон” хамтлагийн шинэ пянз удахгүй сонсогчдын гарт хүрэхэд бэлэн болжээ.

Уг цомгийг “Жонон” хамтлагийн 15 жилийн ойд зориулан 2016 онд “The Grace of the Khaans” нэртэйгээр худалдаанд гаргаж байсан ба ийнхүү пянз хэлбэрээр сонсогчдын хүртээл болох гэж байна.

Цөөн тоогоор хэвлэгдэж байгаа учир пянзны урьдчилсан захиалгыг авч эхэлжээ. Пянзны урьдчилсан захиалгын үнэ 160 мянган төгрөг байна.

Categories
мэдээ соёл-урлаг

УДЭТ-ын уран бүтээлчид, арын албаныхан шагнуулав

Монголд орчин цагийн мэргэжлийн театр үүсч хөгжсөний 90 жилийн ой болон Монгол улсын соёл урлагийн ажилтны 28 дахь өдрийг тохиолдуулан УДЭТеатрын уран бүтээлчдээс салбартаа тэргүүлсэн шилдэг тэргүүний уран бүтээлчид хийгээд арын албаныхан өнөөдөр тодорлоо.

Тухайлбал, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр: туслах найруулагч О.Итгэл, жүжигчин Ц.Төгсбилэгт, менежер Ш.Чандмань, эмэгтэй хувцасны эрхлэгч Н.Нямдарь, жижиг хэрэглэлийн эрхлэгч А.Оюунчимэг, мужаан Г.Алтангэрэл нар шагнагдсан бол Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр жижүүр Ж.Оюунцэцэг, үйлчлэгч Б.Мягмардорж, үйлчлэгч Л.Энхтөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүндэт жуух бичигээр жижүүр Л.Нарангэрэл, Соёлын яамны Жуух бичиг нүүр будаг парикийн эрхлэгч М.Энхтүвшин, Тайз засагч А.Ууганбаяр нар шагналаа гардан авч баяр дээр баяр нэмж хамт олноо баярлуулсан байна.