Categories
мэдээ соёл-урлаг

А.Бөртэ-Үжин Монгол Улсаа төлөөлөн “Дэлхийн Мисс”-т оролцоно

“Дэлхийн Мисс-2021” тэмцээнд өрсөлдөх үндэсний ялагч А.Бөртэ-Үжин оролцохоор болжээ. Энэ жилийн Дэлхий Мисс тэмцээн нь АНУ-н Пуэрто Рико арлын нийслэл Сан Хуан-д José Miguel Agrelot Coliseum цэнгэлдэх хүрээлэнд 2021 оны 12-р сарын 16-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд нийт 123 улсын мисс өрсөлдөнө.

Монгол Улсаас Ану овогтой Бөртэ-Үжин тус тэмцээнд оролцохоор тодорсон. Тэрээр Соёл Урлагийн их сургуулийн “Бүжгийн урлагийн сургууль”-г Бүжгийн багш найруулагч мэргэжлээр төгссөн бөгөөд Англи, Япон, Герман, Хятад хэлний мэдлэгтэй. А.Бөртэ-Үжин нь мэргэжлийн уран нугараач бөгөөд олон улсад уран нугаралтын аялан тоглолтуудыг хийж байсан юм.

\

Дэлхийн Мисс тэмцээн нь 1951 оноос хойш 70 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйг нэрлэсэн олон улсын арга хэмжээ юм. Тус тэмцээний зорилго нь олон улсын хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжихэд оршдог бөгөөд оролцогч миссүүдийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн төслүүд нь тухайн нийгмийн тулгамдсан асуудлуудад гарц, шийдэл, дэмжлэг болж байдаг. Дэлхийн миссийн финалийн тэмцээн нь телевизээр шууд дамжуулагддаг бөгөөд 2 тэрбум гаруй хүн үздэг.

Монгол улс 2005 оноос албан ёсоор Дэлхийн Мисс тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд жил бүр үндэсний ялагчаа шалгаруулж Дэлхийн мисс тэмцээнд оролцуулан эх орныхоо нэрийг гаргасаар ирсэн. Миссүүдийн гаргасан амжилтуудаас дурдвал Мисс А.Сарнай шилдэг 25 мисс, Мисс А.Баярцэцэг шилдэг 11 мисс, Мисс Ц.Энхжин шилдэг 15 миссийн нэгээр тодорсон бол 2018 оны Мисс Э.Энхриймаа шилдэг 10 бүжигчний нэгээр шалгарч дэлхийн тайзан дээр соёлоо сурталчилсан бөгөөд түүний Сүрьеэгийн эсрэг төслийг Хятадын тэргүүн хатагтай дэмжиж 100 мянган юанийн хандив өргөсөн юм.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Дэлхийн банкны санхүүжилтээр УГТЭ-т 2.9 сая ам.долларын тоног төхөөрөмж гардуулав

“Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилт, дэмжлэгтэй нийлүүлсэн тоног төхөөрөмжийг Дэлхийн банк болон ЭМЯ-ны төлөөлөл УГТЭ-т өнөөдөр гардууллаа.

ЭМЯ-наас Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж буй энэхүү төсөлд нийт 2.9 сая ам.доллар /8 тэрбум 380 сая төгрөг/-ийн өртөг бүхий 30 гаруй нэр төрлийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасгийн тоног төхөөрөмжийн иж бүрдэл, оношилгооны дурангийн иж бүрдэл, уушги орлуулах ЭКМО, зөөврийн рентген аппарат зэрэг тоног төхөөрөмж багтаж байна.

Энэ үеэр “Энэ хөрөнгө оруулалт бол хүний алтан амийг өдөр бүр аварч байгаа үнэ цэнтэй санхүүжилт юм” гэж тус эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал С. Наранцэцэг онцоллоо.

Тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр эмнэлгийн оношилгооны дурангийн хүчин чадал хоёр дахин, яаралтай тусламж болон Сэхээн амьдруулах тасгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чанар хүртээмж нэмэгдэх юм.

Тус хөрөнгө оруулалтаас гадна одоогийн байдлаар төслийн хүрээнд ХӨСҮТ-д Вакцин Биобэлдмэлийн үндэсний төв агуулах, ХӨСҮТ, Өвөрхангай болон Өмнөговь БОЭТ-д хүчилтөрөгчийн бичил үйлдвэр тохижуулж эмнэлгүүдийн “КОВИД-19” зэрэг амьсгалын замын хүнд, хурц хэлбэрийн халдвар, уушгины хатгалгааны үеийн оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах зорилгоор 14 сая гаруй ам.долларын тоног төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулжээ. Энэ хүрээнд уушги орлуулах ЭКМО аппарат, 205 амьсгалын аппарат, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлэгт эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж, Япон-Монголын эмнэлгийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, мэргэжилтнүүдийг сургасан байна.

Мөн 2.6 сая ам.долларын хувийн хамгаалах хэрэгсэл, N95 амны хаалт, нүүрний хамгаалалт, нүдний шил, комбинзон, үзлэгийн бээлий зэргийг цар тахалтай тэмцэж буй эмнэлгийн мэргэжилтнүүдэд хүргүүлжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Реппер Lil Thug E-ийн эмчилгээний зардлын 42 хувь нь бүрджээ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байгаа билээ.

Түүний дотнын нөхөд, уран бүтээлчид болон Монгол түмэн нь хандивын аян эхлүүлээд байгаа юм. Эмчилгээний нийт зардал болох 650 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд Монголчууд уг аянд идэвхтэй нэгдэж байна.

Тэгвэл одоогийн байдлаар уг мөнгөн дүнгийн 42 хувь буюу 272 сая төгрөг бүрджээ. Lil Thug E-ийн хандивын аянд оролцохыг элэг нэгт Монголчууддаа уриалж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Камертон” хамтлаг энэ сарын 15-нд тоглолт хийнэ

Монголын урлагийн салбарт одоо ч гялалзан, орон зай нь томоос том хэвээр байгаа хамтлагуудын нэг нь “Камертон”. Тус хамтлагийн 26 жилийн ой энэ онд тохиож буй.

“Камертон” хамтлагийнхан хойшлуулаад байсан тоглолтоо энэ сарын 15-нд “Zaisan event hall”-д хийхээр товложээ.

Тоглолтын энгийн тасалбар нь 25 ам.доллар буюу 71000, VIP тасалбар 100 ам.доллар буюу 285.000 төгрөгийн үнэтэй.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Перу улстай харилцан визгүй зорчих хэлэлцээр энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр боллоо

“Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу улс хоорондын хэлэлцээр нь энэ сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

Энэхүү хэлэлцээрийн дагуу хоёр улсын хүчин төгөлдөр энгийн паспорт эзэмшигч иргэд аялал жуулчлалын зорилгоор нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэх, зорчих, дамжин өнгөрөх, гарахдаа анх нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн дотор 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчих боломж бүрдэв.

Ингэснээр Монгол Улсын энгийн паспорт эзэмшигч иргэд 25 улс, үүнээс Латин Америкийн 7 улсад визгүй зорчих боломжтой болж байна.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

“Алтан судал” кино Германы Кино академиас шагнал хүртжээ

Найруулагч Б.Бямбасүрэнгийн бүтээл “Алтан Судал” уран сайхны кино өчигдөр /2021.10.01/ Германы Кино академиас зохион байгуулдаг олон улсын кино наадмын “Алтан Лола” цом хүртжээ. Тэрбээр 15 жилийн өмнө 2006 онд “Шар нохойн там” киногоороо энэхүү шагналыг хүртэж байсан тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлжээ.

“Алтан судал” кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.

Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон юм.

“Алтан судал” уран сайхны кино нь 2021 оны дөрөвдүгээр сард Канадын “Reel 2 Real” наадмын шилдэг зураглалын шагнал хүртсэн. Мөн гуравдугаар сард Швейцарийн Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас /FIFDH/ “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг тус тус хүртэж байсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Сайхан бүсгүй шалгаруулах “Miss Asia in USA” тэмцээнд П.Шүүдэрцэцэг оролцоно

Арваннэгдүгээр сарын 20 нд АНУ Лос-Анжелес хотод болох 33 дах удаагийн сайхан бүсгүй шалгаруулах “Miss Asia in USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлж жүжигчин П.Шүүдэрцэцэг оролцохоор болжээ.

Харин дуучин С.Сэрчмаа Монгол Улсаасаа анх удаа уг тэмцээнд ая дуугаа өргөхөөр болсон байна. Тэрбээр АНУ-д тойрох тоглолтоо хийж буй билээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Иргэн бүрт “Digital ID” үүслээ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 1-ний өдөр олон нийтэд танилцуулагдаж, нэг жилийн хугацаанд 1.9 сая хэрэглэгчтэй, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн.

Тэгвэл тус систем нь нэг жилийн ой дээрээ шинэчлэгдсэн хувилбараа иргэд, олон нийтийн хэрэглээнд өнөөдөр /2021.10.01/ нэвтрүүллээ.

“e-Mongolia” шинэчлэгдсэн хувилбарт иргэн бүрт “Digital ID” үүснэ. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх цахим хэлбэрт шилжив. Ингэснээр жолооч “e-mongolia” гар утасны аппликейшн руугаа ороод цахим жолооны үнэмлэхээ цагдаад шалгуулан, замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Энэ тохиолдолд замын цагдаа таныг бичиг баримтаа биедээ авч яваагүй гэх үндэслэлээр торгохгүй.

Харин цахим иргэний үнэмлэхийн хувьд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тухайн цахим иргэний үнэмлэхийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг дотоод журмаараа зохицуулсан байдаг.

Мөн шинэчлэгдэж буй “e-Mongolia” -с иргэн та өөрийн зээлийн мэдээлэл, үнэт цаас/ хувьцаа болон нийгмийн даатгалын мэдээллээ ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр шууд харах боломжтой.

Үүний зэрэгцээ, тухайн иргэний нэр дээр бүртгэлтэй байдаг хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгө зэрэг төрд буй таны мэдээлэл “e-Mongolia” -ийн шинэчилсэн хувилбарт оржээ.

Цахим бичиг баримттай болох түүнийг хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах механизмыг сайжруулах нь төрийн байгууллагууд, хувийн хэвшил мэдээж иргэн таны оролцоо хамгийн чухал юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Д.Болд “Action figure” цуглуулгаараа үзэсгэлэн гаргана

Монгол Улсын төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, продюсер, дуучин Д.Болд “Action figure” цуглуулах дуртай гэнэ.

Тэрбээр “Нэг авсан байхад үнэ цэн нь улам өсөж, ашигтай хөрөнгө оруулалт болдог нь том давуу тал. Яваандаа өөрийн цуглуулгаар үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа” гэсэн юм. Үүнийгээ ч тэрбээр “Миний үнэт өвийн нэг” хэмээсэн бөгөөд хийж бүтээсэн бүхнээ үр хүүхэддээ нүүр бардам өвлүүлж, тэр бүхэн минь эргээд үнэт өв болох хэмжээнд очоосой гэх сэтгэлээр ажилладаг. Хувь хүний хувьд урлагийн гэр бүлийн үргэлжлэл болж, салбартаа хувь нэмэр оруулж буйдаа баяртай байдаг. Аав минь Эрдэнэт хотын төлөвлөлтийг анхлан гаргалцсан барилгын архитектор, эрдэмтэн, профессор хүн байсан учраас “B” продакшныхаа бүтээн байгуулалтын ажлыг хийхэд сэтгэлд их өег санагдаж байсан. Цаашид уран бүтээлчээр ажиллах хугацаанд гарсан бүх л хүндрэл бэрхшээлийг залуу хойч үедээ дахин мэдрүүлэхгүйн тулд урлагийн салбарыг бизнесийн эргэлттэй болгох системийг бүтээхээр ажиллаж байна. Энэ бүхэн миний хувьд эерэг болон хэцүү бэрхшээлтэй хоёр талыг аль алиныг нь агуулж буй чухал ажил” гэв.

Categories
мэдээ соёл-урлаг

Реппер “Lil Thug-E”-ийн цусны хорт хавдрын эмчилгээнд зориулж, хандивын аян өрнүүлж байна

Монголын орчин үеийн хөгжмийн урсгалд өөрийн өнгө, стилл имижээрээ олноо танигдсан реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр (Lil Thug-E) саяхан цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдож, уран бүтээлчид хандивын аян өрнүүлж байгаа билээ.

Тэрбээр Монголдоо эмчлэгдэх боломжгүй учраас маш яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай бөгөөд эмчилгээний төлбөр нь эхний байдлаар нийт 650,000,000 төгрөг байгаа юм.

Иймд Монголын ард түмнээсээ цуглуулах #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

OFFICIAL FACEBOOK PAGE: Big Life for Lil Thug-E

OFFICIAL INSTAGRAM: @biglifeforlilthuge

ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК- 5163496119 /Л.ГАНЧИМЭГ/