Categories
мэдээ соёл-урлаг

“Аргил цагаан өвгөн” туулийг хайллаа

“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Аргил цагаан өвгөн” тууль хайлах, “Эрийн сайн Хан Харангуй”, “Хилин галзуу баатар”, “Наран хан хөвүүн” туульсыг Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд залах ёслол боллоо.

Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, туульсыг залсны дараа МУСГЗ Баян-Алтайн удмын дөрөв дэх үеийн туульч Эрдэнийн Баатаржав, МУСГЗ Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч Авирмэдийн Балдандорж нар “Алтайн магтаал”-ыг аялгуулан хайллаа.

Үүний дараа 3800 орчим мөр шүлэгтэй “Аргил цагаан өвгөн” туулийг хайлж эхлэв. “Аргил цагаан өвгөн” тууль нь сайн сайхан бүхийг дэлгэрүүлж, муу муухай бүхнийг дарж байх бэлгэдэлтэй цагаан тууль юм. “Аргил цагаан өвгөн” туулийг өглөөний 11:40 минутад хайлж эхлэн 18:30 минутад жаргаана.

Ёслолын үеэр Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Д.Бум-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш С.Дулам, Ажлын албаны дарга Н.Нарангэрэл, судлаач Др. Ж.Энэбиш, Ж.Төгсжаргал зэрэг судлаачдын төлөөлөл байлцав.

No description available.

Categories
мэдээ соёл-урлаг

Реппер Lil Thug E-ийн эмчилгээний зардлын 78 хувь нь бүрджээ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байгаа билээ.

Түүний дотнын нөхөд, салбарынх нь уран бүтээлчид болон Монгол түмэн нь хандивын аян эхлүүлээд буй билээ. Эмчилгээний нийт зардал болох 650 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд монголчууд уг аянд идэвхтэй нэгдэж байна.

Тэгвэл одоогийн байдлаар уг мөнгөн дүнгийн 78 хувь буюу 501.5 сая төгрөг бүрджээ. Lil Thug E-ийн хандивын аянд оролцохыг элэг нэгт монголчууддаа уриалж байна.

ХАНДИВЫН ДАНС:

  • ХААН БАНК – 5163496119, Л.Ганчимэг
Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

“Хиртээгүй сарнай” кино энэ сарын 19-нд нээлтээ хийнэ

“Хас фильм” студийнхэн дэлгэцийн ээлжит уран бүтээлээ “Хиртээгүй сарнай” нэртэйгээр бүтээжээ.

Найруулагч Ц.Хүсэлбаатарын найруулсан эл киноны гол дүрийг Х.Баярмаа, О.Амгаланбаатар нар бүтээсэн бол туслах дүрүүдэд Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, Г.Золбоот, С.Өлзийхүү, Б.Эрдэнэцэцэг, жүжигчин Ч.Болд, Э.Пүрэвжаргал, Х.Сумъяадорж, дуучин Jason буюу Б.Баяржавхлан, дуучин Tempo буюу Б.Болдбаатар нар тогложээ.
Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Урлаг судлаач Д.Мягмарсүрэн: “Ургацын далай”, “Нас тогтох сайхан” гээд олон дууны эзэн Төмөрийн Чимиддорж гуайн ач буяныг энэхэн насандаа мартахгүй

“Торгон хилийн зүг”, “Нас тогтох сайхан”, “Том болж дээ, миний хүү”, “Ургацын далай” гээд олон сайхан дуугаараа Монголын хөгжмийн урлагийн алтан сан хөмрөгийг баяжуулсан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Төмөрийн Чимиддоржийн 100 жилийн ой өнөө жил тохиож буй. Уг ойг тохиолдуулан нэрт хөгжмийн зохиолчийн тухай урлаг судлаач профессор Дэмчигдоржийн Мягмарсүрэнтэй ярилцсанаа хүргэе.


-Төмөрийн Чимиддорж гуайн 100 жилийн их ой тохиож байна. Намрын намарт энэ хүний “Ургацын далай” дуу долгилдог. “Нас тогтох сайхан” гээд дандаа том дуу бүтээсэн хүн. Харин 100 жил нь нэг л чимээ аниргүй байх шиг. Нэрт хөгжмийн зохиолчтой хэрхэн танилцсанаа эхлээд дурсах уу?

-Миний бие хар багаасаа л урлаг соёлын ертөнц рүү тэмүүлдэг байлаа. Сургуульд ороогүй байхдаа гармони гэх хоёр эгнээ товчлууртай Оросын ардын хөгжмөөр тоглож сурсан сан. Дөрөв, тавдугаар ангиасаа эхлээд сургуулийн концерт бүрт байнга идэхтэй оролцдог бяцхан хөгжичин болж хувирсан. Жараад оноос Пионерийн ордны хөгжмийн дугуйланд явдаг болж,тэнд ноот заалгаж, баян хуур хөгжмөөр хөгжимдөж сурч билээ. Улмаар Монголын хүүхдийн анхны дуурь, хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын “Аз жаргалын эрэлчин” бүтээлд оролцож, хөгжмийн яаманд нь баян хуур хөгжмөө бариад сууж л байлаа. Ингээд аравдугаар ангиа төгсөөд ямар нэг урлагийн сургуульд орж чадсангүй. Улсын Багшийн дээд сургуулийн орос хэл, уран зохиолын тэнхимийн оюутан болох нь тэр. Гэхдээ нөгөө баян хуур хөгжмөөсөө салсангүй, оюутны концерт, урлагийн янз бүрийн арга хэмжээнд оролцсон хэвээрээ. В.Моцартын “Турк марш”, Ф.Шубертын “Серенада” гэх сонгодог энэ хоёр бүтээл миний концертын маань хөтөлбөрт байнга багтаж, тэдгээрийгээ л баян хуурдана. Багшийн сургууль төгслөө, хөдөө хотын аль нэгэн сургуульд орос хэл утга зохиолын багшаар л очих байхдаа гэж бодож явтал харин санаандгүй юм болох нь тэр. Намайг тухайн үеийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо буюу Монголын радиогийн хөгжмийн редакцид томилсон байлаа. Сураг дуулахад төгсөх жилийн маань хавраас эхлээд манай сургууль дээгүүр радиогийн хөгжмийн редакцийн хариуцлагатай редактор, хөгжмийн зохиолч Т.Чимиддорж гуай үе үе ирж, сургуулийн удирдлагуудтай уулзаж, намайг судалж явсан юм билээ. Энэ тухай би хожим мэдсэн. Тухайн үед их дээд сургуулиудийн нэгдсэн концерт болдог уламжлал байсан юм. Тэр концертод УБДС-ийнхаа өмнөөс баян хуур хөгжимтэйгөө би оролцоно. Тэгэхэд л оюутнуудын шилдэг номерыг шалгаруулах комиссын гишүүн байсан хөгжмийн зохиолч Т.Чимидорж гуай намайг анх харсан юмсанж. Энэ үеэс л намайг сонирхож, УБДС-ыг төгсмөгц радиогийн хөгжмийн редактороор авахаар яам тамгын газраар хөөцөлдөж явж байжээ. Гайхалтай нь өөрийнхөө хариуцдаг төрийн ажлын эрх ашгийн төлөө үл таних намайг авах гэж ингэж цаг заваа зарцуулан явсныг бодоход тухайн үеийн удирдах хүмүүс боловсон хүчнээ судлахад үнэнхүү сэтгэл гаргадаг байж дээ. Энэ хугацаанд надтай Т.Чимиддорж гуай биечлэн ирж уулзаж байсангүй, харин томилолт гарсны дараа л намайг албан ёсоор хүлээн авч бид танилцсан юм. “За хүү минь, бид чамайг судалж байж авлаа. Нэгдүгээрт, чи хөгжимд дур сонирхолтой, хоёрдугаарт, орос хэлний мэдлэгтэй. Манайд ийм хүн хэрэгтэй байсан юм. Одоо гадаад хөгжмийн сурталчилгааг өөрөө хариуцах болно. Ах дүү орнуудын радиогоос бэлтгэн ирүүлдэг дуу хөгжим,нэвтрүүлгийг орчуулах, тайлбар бичих, Монголын радиогийн фондыг гадаад хөгжмөөр баяжуулах ажлыг хариуцна гэсэн үг. Нөгөө талаас, нийт сонсогчдын хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн нэвтрүүлэг бэлтгэнэ.Үүнд дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын амьдрал, уран бүтээлийн замнал,тэдний зохиол бүтээлийн утга учрыг ойлгуулахад чиглэсэн нэвтрүүлгүүдийг хийнэ шүү дээ” гэж миний ажлын үүрэг, зорилгыг товч тодорхой тайлбарлаж өгөөд “За дүүдээ амжилт хүсье” гэж билээ. Дөлгөөн, зөөлөн сайхан зантай энэ хүний дүр төрх эдүгээ хүртэл сэтгэлээс гардаггүй юм. Хувь төөрөг гэдэг сонин шүү. Хөгжмийн редактор гэдэг албыг тухайн үедээ “Арав дахь хавраа үдье” гэдэг ялангуяа охид хөвгүүдийн дуулах дуртай дуугаараа ихэд нэрд гарсан хөгжмийн зохиолч Ш.Эрдэнэбатаас хүлээж авч билээ. Ш.Эрдэнэбат гуай Монгол телевизийн хөгжмийн шинэ албанд шилжих болоод надад ажлаа хүлээлгэж өгч байсан юм. Хамгийн сонирхолтой нь царайг нь хараагүй ч сэтгэлдээ балчир багаасаа хүндэлж явсан нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуайн өөдөөс харсан ширээн дээр сууж билээ. Тэгэхэд энэ эрхэм хүн маань Монголын Хөгжмийн холбооны даргын сонгуульт алба хашихын зэрэгцээ хөгжмийн редакцийн зөвлөх, фонд хариуцсан редактороор давхар ажиллаж байв. Ингэж л Чимиддорж гуайн буянаар Монголын хөгжмийн аваргуудтай хамт ажилласан түүхтэй.

-Гончигсумлаа, Чимэддорж гуай гээд тэр аваргуудын бүтээл хэрхэн төрөхийг та харж л байсан нь мэдээж?

-Гончигсумлаа гуай маань элэн далангүй яриа хөөрөөтэй, тун энгийн сайхан хүн. Намайг нэрээр минь хэлнэ гэж үгүй. Ямагт “Дүүдэй” гэж дуудна. Эгэл энэ үг нь миний сэтгэлийг уужруулж, хийж бүтээхийн урам өгсөн. Хөгжмийн албаны дарга Т.Чимддорж гуай бол уриалгахан, хэнтэй ч дотно сайхан харилцдаг, зөөлөн сэтгэлтэй, гэхдээ маш ажил хэрэгч, уйгагүй хөдөлмөрч. Ер нь хөгжмийн зохиолчийн хувьд өвөрмөц аялгуу эгшиг уянгалаг дуу хөгжмөөрөө ард нийтийн дунд нэрд гарсан хүн шүү дээ. “Зам дээр гээгдсэн цэцэг”, “Бүсгүй”, “Ахан дүүсийн дуу”, “Ургацын далай” гээд олон сайхан дууг нь түмэн олон андахгүй ээ. Дуугаа зохиох гэж маш их бүтээлчээр ханддаг. ”Торгон хилийн зүг”, “Том болж дээ, миний хүү”, “Нас тогтох сайхан” гээд олон сайхан дуугаа зохиох гэж яаж хөдөлмөрлөж, сэтгэл санаагаа зориулж бүтээж байсныг би мэдэх юм. Дууны шүлгээ уншаад шуудхан л аялгуугаа зохиодоггүй байсан. Гол нь дууны шүлгийн агуулгын утга санааг аялгуундаа яаж шингээж илэрхийлэх вэ гэдэг дээр их бодно. Ажил тарсан хойно, оройхон радиогийн хөгжмийн их танхимд төгөлдөр хуурын ард ганцаараа л ноотоо хараад бодлогоширонгуй сууж байдаг сан. Намайг шагайхад “Хүүе ороод ир, дүү хүү. Үүнийг нэг сонс доо”. Д.Наваансүрэн гуайн шүлэг “Том болж дээ,миний хүү” гэдэг дуугаа зохиож байсан мөч. Өөрөө аялангаа төгөлдөр хуурдана, тэгснээ “Энэ аялгуундаа дөнгөж газар гишгэн хөлд орж буй бяцхан нялх үрээ хараад аав ээж, эмээ өвөө нарын өхөөрдөх, баярлах сэтгэлийг л шингээх гэж олон хоног оюунаа чилээлээ. Хамгийн гол нь тэр нялх амьтны хөл дээрээ тогтон ядан яваа хөөрхөн дүр төрх хэний ч сэтгэлд бууж, хайр, өхөөрдлийг нь төрүүлэхээр уянгалаг атлаа цоглог аялгуу баймаар санагдана” гэж билээ. Мөрөөрөө хоёр тийшээ найганхан хөдөлж ирээд л нүдээрээ инээмсэглэн хөгжимдөх нь тэр нялх хөөрхөн үрийг сэтгэлдээ харан өөрөө баясах нь илт. “За ямар байна, болж байна уу, хүүхээ” гэнэ. Үнэхээр ч сайхан дуу шүү “Товор, товор алхаад том болж дээ миний хүү” гэх ер бусын өвөрмөц аялгуутай энэ дууг манай эцэг эхчүүд андахгүй дээ. Уг дууг Цэцгээ гэж оюутан бүсгүй анх дуулж, олны сонорт хүргэсэн. Монголын радио гэдэг маань хэвлэл,мэдээллийн байгууллага гэхээсээ илүүтэй, өвөрмөц урлаг юм. Радио урлагийн амин сүнс нь үг, хөгжим, дуу чимээндээ оршдог. Энэ гурван эрдэнийг эвлүүлж, найруулснаар радиогийн бүтээл амилдаг. Үүнийг гүйцэтгэгч нь сэтгүүлч, нэвтрүүлэгч, хөгжмийн зохиолч, эвлүүлэгч, найруулагч. Ийм олон уран бүтээлчдийн хөдөлмөр шингэж сая радиогийн уран бүтээл сонсогчдын хүртээл болдог. Харин бусад урлагаас ялгарах онцлог нь ямар нэгэн тайз, дэлгэц гэх юмгүй шууд л хүний сэтгэл рүү хандана. Т.Чимиддорж гуай радио урлагийн энэ онцлогийг гайхалтай мэдэрсэн хөгжмийн зохиолч байлаа.

-“Ургацын далай” дууг нь ярихгүйгээр Чимиддорж гуайг дурсах боломжгүй дээ?

-Ээ яриад юү гэхэв. “Ургацын далай” дуу радиогоор эгшиглэхэд өөрийн эрхгүй л монгол нутгийн маань налгар намрын өнгө төрх, шаргалтан харагдах уул тал, халиуран найгах тариан талбай сэтгэлд бууж, эх оронд минь намар цаг иржээ гэх бодол хэний ч оюун санаанд юуны түрүүн төрдөг бус уу. Т.Чимиддорж гуайн уран сэтгэмж гэж гайхалтай л даа. Сонсогчдынхоо сэтгэхүй, насны онцлогийг мэдэрч, дотоод сэтгэлд нь яаж хүрэх вэ гэдэг дээр олон хувилбараар уран сэтгэж, эрэл хайгуул хийж байж хөгжмөө туурвидгийн жишээ “Ургацын далай” дуу нь юм. Монголын Радиогийн дэргэд Цахилгаан хөгжмийн хамтлагийг Т.Чимиддорж гуай санаачлан байгуулж билээ. Энэ хамтлагийнхаа хөгжимчин хэдэн залуусынхаа авьяас, ур чадвар, ажил, амьдралыг төлөвшүүлэх гэж ёстой нэг төрсөн аав шиг нь санаа тавьж, тэдний өмнөөс хөлөө хаа хүрэх газар хүртэл явж байсныг би сайн мэдэх юм. Т.Чимиддорж гуайн идэвх зүтгэлээр эдгээр залуус 1968 онд Польш улс руу зорьж Варшавын Радиогийн дэргэдэх хөгжмийн чуулгад дадлага хийж, юм үзэж нүд тайлж ирсэн билээ. Энэ чуулгаа авьяаслаг залуусаар бүрдүүлэх гэж ямар хүч хөдөлмөр гаргаж, энэ тэрүүгээр гүйж, олон байгууллагын хаалга татаж явсныг сайн санадаг. Хаа холын Ховдоос арван жилийн сурагч Л.Оюунчимэгийг, Дундговиос Өлзий-Орших хоёрыг татаж, чуулгынхаа дуучин болгож байсан сан. Ер нь Монголд эстрад, поп хөгжим үүсэн хөгжих үйлсэд Т.Чимиддорж гуай идэр залуугаасаа л зүтгэсэн хүн. Арав гаруйхан настайдаа Цэргийн хөгжимд бүрээ үлээж, бөмбөр цохиж явсан тэрбээр дөчөөд онд хорь гаруй насандаа улсын циркийн хөгжмийн хамтлагт аккордеон, кларнет хөгжимчнөөр ажиллаж байлаа. Хөгжмийн энэ цомхон хамтлагт С.Гончигсумлаа, Т.Чимиддорж гуай хоёр маань аккордеон, Ж.Чулуун гуай хийл, Л.Цогзолмаа гуай саксфон бариад зогсож буй тухайн үеийн гэрэл зургаа надад үзүүлэх дуртай сан. Энэ үед хөгжмийн их зохиолч, төрийн шагналт С.Гончигсумлаа, нэрт удирдаач, хөгжмийн зохиолч, төрийн шагналт Ж.Чулуун, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогцолмаа гуай нар маань бүгд ид залуугаараа байж дээ. Уг гэрэл зургаас харахад чухамдаа Улсын циркийн хөгжмийн энэ л хамтлаг Монголд жааз хөнгөн хөгжим, өнөөгийн поп, рок гээд орчин үеийн янз бүрийн урсгал цаашид дэлгэрэн хөгжих салхийг хагалсан Монголын эстрад урлагийн анхдагч болов уу гэсэн бодол төрдөг. Тэрээр яахын аргагүй Монголын хөгжмийн ертөнцөд жааз эстрад, хөнгөн хөгжмийн тулгын чулууг тавьсан хүн юм. Түүний гавьяа зүтгэлээр бий болсон Монголын радиогийн дэргэдэх цахилгаан хөгжмийн хамтлаг өнөөгийн “Баян Монгол” чуулгын эх үндэс нь болсон шүү. Түүгээр ч зогсохгүй 1980 аад оноос залуусын сэтгэлийг байлдан дагуулсан “Инээмсэглэл” хамтлаг мөн л Монголын Радиогийн хөгжмийн редакцтай хүйн холбоотой. Энэ хамтлаг төлөвшиж олон нийтэд танигдах, урын сан нь баяжих хөрс суурь нь Монголын Радиогийн уран бүтээлчид юм. Тэр дундаа Т.Чимиддорж гуайн дэмжлэг, ялангуяа радиогийн хөгжмийн редактор, хөгжмийн зохиолч Раднаабазарын Энхбазар, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн зохиосон дуунууд тус хамтлагийн урын санг баяжуулж, сонсогчдын дунд “Инээмсэглэл”-ийн нэр алдар түгж байлаа.

-“Дэлхий ээж тандаа хайртай болохоор, дэлхий ээж та мөнх настай” гээд л “Инээмсэглэл”-ийн гол бүтээлийн нэг мөн?

-Тийм ээ, ер нь Чимиддорж гуай залуусын чадварыг нээх, улмаар өөрсдийнхөө зам мөрөө олоход нь чин зүрхнээсээ тусладаг өгөөмөр сэтгэлтэй хүн сэн. Нэгэнт авьяасыг мэдэрч таньсан залуусыгаа радиод татаж авах гэж уйгагүй араас нь хөөцөлдөнө. Үүнийхээ үр дүнд Цахилгаан хөгжмийн хамтлагтаа авчирсан залуусын нэг бол УИС-ийн оюутан Самбуугийн Баатарсүх билээ. Тэрбээр оюутны ширээнээс ийнхүү хөгжимчин болж,улмаар нэрд гарсан гитарчин,хөгжмийн зохиолч болсон юм даг. Баатарсүрх залуусын дуртай олон дуу зохиосон төдийгүй түүний бүтээл “Цэнхэр залаа” хэмээх гитарын гоцлол аялгуу нь ард түмний зүрх сэтгэлд хүрсэн юм. Энэ аялгуу эгшиглэхэд Монголын радио,телевизийн цаг агаарын мэдээллийн цаг эхэлснийг хот хөдөөгүй хүмүүс андахаа больж, эх орон даяар дуурьсах гайхалтай энэ яруу хөгжмийг чих тавин сонсдог сон. Т.Чимиддорж гуай дээр хөгжимчин, дуучин, олон хүн ирнэ. Олон ч сайхан дуучин, хөгжимчин түүний шавь болсон доо. Миний бие ч гэсэн Төмөрийн Чимиддорж гуайнхаа буяныг хүртсэн. Монголын Радиогийн хөгжмийн редакцид гурван жил ажиллаад 1970 онд Ленинградын театр, хөгжим, киноны дээд сургуульд суралцахаар алсыг зорьж билээ. Ийнхүү хоёр дахь дээд сургуульд илгээх, урлаг судлаач болох миний ирээдүйн зам мөрийг мөн л Т.Чимиддорж гуай маань зассан ачтан. Харин миний бие сургуулиа төгсөж ирээд хөгжмийн редакцидаа Чимиддорж гуайтайгаа нэг жил гаруй мөр зэрэгцэн ажилласан. Дараа нь хариуцлагатай редактор буюу албаны даргаар томилогдоход халуун дулаан үг чин зүрхнээсээ хэлж “Эр хүний замын хүзүү урт гэж энэ дээ” хэмээн баяр хүргэсэн сэн. Миний хүлээж авсан шинэ редакцид Монголын ард түмний танил “бүдүүн дуут” хэмээх яруу найрагч Базарын Цэдэндамба, “Их аяныхан” романаараа нэрд гарсан зохиолч Жигжидийн Бямба, нэрт сэтгүүлч Б.Шаравнямбуу, Лхагвасүрэн гээд гайхалтай уран бүтээлчид байлаа. Чимиддорж гуайнхаа буянаар Л.Бетховен, В.Моцарт, Ф.Лист, А.Вивальди, П.Чайковский, М.Глинк гээд дэлхийн сонгодгуудын бүтээлд умбаж Монголынхоо хөгжмийн нэрд гарсан зохиолч С.Гончигсумлаа, Л.Мөрдорж Б.Дамдинсүрэн, Э.Чойдог, Ц.Намсрайжав, Г.Бирваа, Д.Лувсаншарав, Г.Дарамзагд, хөгжим судлаач СГЗ Ж.Бадраа гуай нартай нүүр учран дотносож явсан маань энэ насны маань мартагдашгүй зол заяа байлаа.

Categories
гадаад мэдээ соёл-урлаг

Дуэйн Жонсон зураг авалтад жинхэнэ буу ашиглахаас татгалзжээ

Холливудын тулаант киноны од Дуэйн Жонсон цаашид кинондоо жинхэнэ буу хэрэглэхгүй гэж мэдэгдлээ. Netflix-тэй хамтарсан шинэ бүтээл болох “Red Notice” киноны дэлхийн нээлтэд оролцохоор Лос-Анжелес хотод ирэхдээ Жонсон ийнхүү амалжээ. Жонсоны эзэмшлийн “Seven Buck Productions-ий бүтээх кинонууд хойшид хэзээ ч жинхэнэ буу хэрэглэхгүй аж.

Жонсон нээлтийн үеэр Variety-д ярилцлага өгөхдөө “Rust киноны зураг авалтын үеэр болсон хэрэг явдлыг сонсоод миний зүрх шархалсан. Амиа алдсан Галина Хатчинсын гэр бүл болон зураг авалтад оролцож байсан бүх хүмүүст эмгэнэл илэрхийлье. Би Алек Болдиунийг маш удаан хугацаанд мэддэг байсан” гэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Реппер Lil Thug E-ийн эмчилгээний зардалд 501 сая төгрөг цугларчээ

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байгаа билээ.

Түүний дотнын нөхөд, салбарынх нь уран бүтээлчид болон Монгол түмэн нь хандивын аян эхлүүлээд буй билээ. Эмчилгээний нийт зардал болох 650 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд монголчууд уг аянд идэвхтэй нэгдэж байна.

Тэгвэл одоогийн байдлаар уг мөнгөн дүнгийн 78 хувь буюу 501 сая төгрөг бүрджээ. Lil Thug E-ийн хандивын аянд оролцохыг элэг нэгт монголчууддаа уриалж байна.

ХАНДИВЫН ДАНС:

  • ХААН БАНК – 5163496119, Л.Ганчимэг
Categories
мэдээ соёл-урлаг

Морин хуурын чуулга алдарт Мариинский театрт тоглоно

Морин хуурын чуулга ОХУ-ын Санкт Петербург хотноо хоёр удаагийн тоглолт хийх гэж байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 11-нд Эрмитажийн концертийн их танхимд, 13-нд Мариинский театрт тоглохоор болжээ.

Тоглолтын бүрэлдэхүүнд ардын жүжигчин, дуучин А.Нэргүй, Монгол Улсын филармони, Морин хуур чуулгын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Монголхүү, Б.Энхнаран, Морин хуур чуулгын уран бүтээлчид, Үндэсний их театрын дөрвөн бүжигчин гээд нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй баг явахаар болжээ.

Тоглолтын хөтөлбөрт Монголын сор болсон хөгжмийн зохиолчид болох Э.Чойдог, Н.Жанцанноров, Б.Шарав, Б.Бямбабаяр болон шинэ цагийн шилдэг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Х.Алтангэрэл, Т.Пүрэвсүх нарын бүтээлүүд багтжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Э.Амартүвшин Венийн дуурийн театрын тайзнаа анх удаа дууллаа

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дэлхийн хамгийн алдартай театруудын нэг Венийн дуурийн театр (Wiener Staatsoper)-ын тайзнаа анх удаа дууллаа.

Тэрбээр энэ талаараа “Энэ удаад хүн төрөлхтний агуу их театруудын нэг болох “WIENER STAATSOPER”-т анх удаагаа дууллаа. Гайхалтай мэдрэмж байлаа” хэмээсэн юм. Түүний хувьд “Набукко” дуурьд дуулсан бөгөөд энэ сарын 6, 9-нд дахин дуулна. Э.Амартүвшин гавьяат саяхан дуурийн урлагийн Оскар буюу “Opera star” наадмаас “Шилдэг баритон дуучин” шагнал хүртсэн. Тэгвэл энэхүү наадам нь НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл буюу ЮНЕСКО-гоос Дэлхийн соёлын өвд бүртгэсэн дуурийн урлагийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд чиглэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Загасчилж яваад Туул голд осолдсон хоёр иргэнийг хайж байна

Төв аймгийн төвөөс баруун хойд зүгт 266 км-т Заамар сумын Доргонот гэдэг газар нэр бүхий компанийн таван ажилтан загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар Туул голыг гатлах явцад автомашин нь голын усанд суужээ. Улмаар хоёр хүн голын усанд осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 10.05-ны өдрийн 22:21 цагт онцгой байдлын албаныханд өгчээ.

Арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэн хоёр бүлэгт хуваагдан эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

1 дүгээр бүлэг Хайлааст багийн “Дүүжин гүүр” гэдэг газраас “Тул харайдаг” гэдэг газар хүртэл 30 км-т завиар, 2 дугаар бүлэг /Үндэсний аврах бригад/ “Орхонтуул” гэдэг газраас “Орхонтуул”-ын бэлчир гэдэг газар хүртэл 40 км-т завиар, голын эрэг дагуу 60 км-т автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:00 цагт ОБЕГ-ын даргын шийдвэрээр зогсоожээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Монголхүү Олон улсын дуурийн дуулаачдын тэмцээнийг өнгөлжээ

Испани улсын Барселон хотноо Дэлхийн нэрт сопрано “MONTSERRAT CABALLE” нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XVI тэмцээн болжээ. Олон улсын тэмцээнд 58 орны 117 дуучин гурван үе шаттай өрсөлдсөн бөгөөд Монгол Улсыг төлөөлөн дөрвөн дуучин амжилттай оролцжээ.

Тэмцээний финалд 13 дуучин шалгарч Б.Монголхүү финалист болж Дэлхийн алдартай театр “Liceu opera house”-н тайзнаа дуулсандаа баяртай байгаагаа цахим хуудастаа бичжээ. Дуурийн залуу дуучин Б.Монголхүү нь 2007-2009 онд Соёл урлагийн их сургуулийг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав багшийн удирдлага дор Дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж төгсчээ.

Тэрбээр 2014 онд ОХУ-ын Москва хотын Соёл урлагийн их сургуулийг профессор Л.О.Зимненкогийн удирдлага дор төгссөн. 2016 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Консерваторийг профессор А.С.Ворошилогийн удирдлага дор тус тус суралцаж төгссөн байна.