Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Достоевскийгоос олох ухаарал


Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал

Дэлхий даяар л Фёдор Михайлович Достоевскийн (1821-1881) мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэж байна. Достоевскийн амьдрал уран бүтээлд залуусын анхаарал хандуулах, хүсэл сонирхлыг төрүүлэх үүднээс амьдрал, бүтээлээс нь сэтгэлд хоногшин үлдсэн зарим нэгэн санаа бодлоо хуваалцъя.

Би атеист буюу шашингүйн үзэлтэн. Миний хувьд бурхантай харилцах нь хаа нэг маанийн зургаан үсэг хэлэх, Цагаан сараар ном уншуулахаас хэтэрдэггүй. Миний ертөнцийг үзэх үзэл төлөвшиж байх үед шашин шүтлэг хаалттай, “шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи”, Монгол даяар 800 гаруй сүм хийдэд жинхэнэ бүтээж, зүтгэж байх ёстой эрчүүдийг шавилан суулгаж, үйлдвэрлэх хүчний талаас илүүг нь номхруулан доройтуулсан гэсэн төр засгийн албан ёсны байр суурь, түүнийг хэрэгжүүлэх ухуулга, үзэл суртлын компани ноёрхож байсан юм.

Хэдий Ерөнхий боловсролын сургуульд Достоевскийн зохиолыг заадаг, эх зохиолыг нь уншдаг байсан ч хөрөнгөтний нийгэм ямар бузар булай, хүнийг өөрийн эрхгүй муу муухайд хөтөлдөг талаас нь унших ёстойгоор “чиглүүлдэг” байж. Тиймээс ч би Достоевскийн зохиолын үндсэн нэг сэдэв болох Бурхан, шашин шүтлэг, цаашилбал итгэл үнэмшлийн асуудлыг нэлээн хожуу сонирхож эхэлсэн хүн. Миний хувьд немецийн их гүн ухаантан Ф.Нитцшег нэлээн сонирхдог, ялангуяа түүний “Заратустра” дахь “Бурхан үхсэн” гэдгийн тайлбарыг ухаж ойлгох гэж оролддог. Ф.Нитцше Достоевскийд ихэд хүндэтгэлтэй ханддаг, үнэлдэг, зохиол бүтээлийг нь өөрт нь нөлөөлсөн гэж үздэг байсан хүн л дээ.

Бурхан гэж байх ёстой, түүнд итгэж шүтэж бай, эс бөгөөс ямар нэгэн ёс суртахууны хязгаар, ах зах, айж ичихийн хэм хэмжээ үгүй болж, хөл толгой нь олдохгүй дураар дургиж, дээдэс нь суудлаа, доодос нь гүйдлээ олохоо байж, дэг журам, жудаг алдагдаж хорвоо ертөнц дэх бидний амьдрал хөмрөгдөж, цөвүүн цаг бүрмөсөн ноёрхоно гэж Достоевский үзэж байсан юм. Яг энэ өнцгөөсөө сүсэг бишрэлийн ач тусыг (хувь хүнд ч тэр, нийгэмд ч тэр) илэрхийлсэн нэгэн. Энэ санаа нь “Ах дүү Карамазовынхон” зохиолд нь их тод илэрдэг. “Бурхан үхсэн”-одоо чамайг барьж хязгаарлах зүйл үгүй болсон тул тун болгоомжтой байхгүй бол аюултайг Ф.Нитцше зарлан тунхаглахаас өмнө Достоевский сануулж байсан. Тэр энэ зохиолдоо ч бурхан буй эсэхийг маш хүчтэй хөндсөн байдаг. Хэрвээ бурхан буйг хүлээн зөвшөөрөхийн тулд гэмгүй, нялх үр хүүхэд, багачууд “доголон нулимстай” зовох ёстой бол “бурхан үгүй” юм байна гэхээс өөр аргагүй. Аливаа дааж давагдахын аргагүй зовлонгоос ангижран бурхны ивээлд багтахын тулд үр хүүхдийг “доголон нулимстай” үлдээх сонголттой нүүр тулсан нөхцөлд чи хэн бэ гэдэг нь илрэх юм шүү.

Энэ зохиолд гарч буй Алешагийн дүр тун сонирхолтой. Өмнөх үеэ үгүйсгэж, өвөг дээдсээ нулимж, хөгшчүүлээ хөөж тууж, ямар ч үүрэг, хариуцлага хүлээхгүй хөнгөн амьдрахыг илүүд үзсэн залуу үеийнхэн ба энэрэл хайр түгээж, сэтгэлийн асар их тэнхээ гаргаж, эр зоригтой аж төрж, өдөр тутмын чимхлүүр үүргээ сүржигнэхгүй, дуулиан шуугиангүй гүйцэтгэж яваа залуусын дүр төрхөөс хэн нь чиний сэтгэл зүрх, үнэт зүйлсэд ойрхон байгааг эргэцүүлж бодоорой.

Достоевский итгэл үнэмшилдээ үнэнч байх, эрх чөлөөг эрхэмлэх нь санаж бодсоноос тийм ч амархан зүйл биш гэдгийг хөндөж, дотоод зөрчил, тэмцэл шаардсан сонголтын өмнө биднийг аваачдаг. Жишээ нь, дээрх зохиолд гардаг “Их инквизитор” домогт сүм хийдийг хамгийн хүмүүнлэг институт хэмээгээд “Энд л хүн сэтгэл уужран тайвширч, амьдралын турш үүрч явдаг эрх чөлөөний (байнга сонголт хийх) хүнд ачаанаас сална” гэж тодотгодог. Ингэж төсөөлөхийн зэрэгцээ эргээд амилсан Христийг баривчлан хорих нь хүртэл сүм хийдийн хувьд хүнлэг, хүмүүнлэг үйл гэж өргөмжилсөн нь эрхгүй анхаарал татна.

Яагаад ч юм “Революция, как бог Сатурн пожирает своих детей” гэсэн үг санаанд тод байдаг. Францын агуу их хувьсгалын үеэр гарсан үг л дээ. Пьер Верньо-гийн хэлсэн бас нэг үг бий. “Бид өвдөг сөгдсөн учраас агуу хүмүүс агуу санагдаад байгаа юм” гэсэн утгатай. Бид өөрсдөө л Бурхан бүтээгээд байгаа шүү дээ. Христийг даган бишир гэдэг нь оюун санааны адал явдал бүхий уртын урт аянд дуудсан урилга. Толгойгоо гашилгахаа хэн нэгэнд (энэ нөхцөлд Христос) даатгаад өөрөө оюун санааны хувьд дэмийрээд гиюүрэхийг Достоевский хэлээгүй юм шүү.

Достоевскийн зохиолд өршөөл, энэрэл, хайрын сэдэв онцгой байр суурь эзэлдэг. Сайн муу нийлж сав дүүрдэг. Гэгээрэлд хүрэх хүсэл мөрөөдлийн зэрэгцээ хамгийн адгийн зан чанар ч хүнд агуулагдаж байдаг. Рационал биш сэтгэлгээ, үйлдэл, донтолт (Достоевский мөрийтэй тоглоомд донтсон нэгэн байсан), өөрийгөө болон өрөөл бусдыг шаналган зовоох, харгис хэрцгий зан гаргах, хүчирхийлэл үйлдэх, уур хилэндээ хөтлөгдөх зэрэг муу, хав харанхуй, мунхаг тал нь хүний мөн чанарт байж л байгаа. Тиймээс ч тэр “Би өвчтэй хүн… Би хорон муу хүн” гэж хэлсэн болов уу.

Тэрхүү “өвчтэй … хорон муу хүнийг” яах ёстой вэ? Достоевскийн өгч буй нэг хариулт нь өрөвдөн хайрлах. Өрөвдөн хайрлахаас өөр аргагүй үе байдаг. “Ах дүү Карамазовынхон” зохиол дотор “Их инквизитор”-ын тухай домог гардаг юм. Зовж зүдэрч шаналсан ахдаа үнсүүлэхээр хацраа тавьж өгч буй Алешагийн дүр Христосын үйлдлийг сануулдаг. Хайртай эрхэм хүндээ алдаж буйг нь ойлгуулахын төлөө, асуудлын учир начрыг тайлбарлахын тулд үйл хөдлөлийг нь өөрчлөх гэж хичээж буй бидний яриа, ятгалгаа, тайлбарлан учирлах, гуйж гувших нь заримдаа огт үр дүнгүй, юу ч хэлээд яриад хэрэггүй, ёстой нөгөө илжигний чихэнд элдэв юм хийсэн ч ялгаагүй мэт үе ирдэг. Энэ нөхцөлд хайртай, эрхэм хүнийхээ сайн, зөв, гэгээлэг бүхнийг бодон дурсаж ойр, хамт байх ч юм уу эсвэл “хацраа үнсүүлэх гэж тавьж өгөөд” тэднээс татгалзахаас өөр аргагүй. Энэ нөхцөлд хэн нь илүү их сэтгэлийн тэнхээ эр зориг гаргаж байгаа вэ? Өршөөж байгаа нь уу, өршөөлгөж байгаа нь уу? Энэ сэдвийг тойрсон түмэн зангилаа асуудал байгаа, уран зохиолын хувьд шавхагдашгүй сэдэв л дээ.

Чин сүсэглэж итгэж байсандаа эргэлзэх, итгэл алдрах цаг ирдэг ч айх зүйл биш ээ. Тиймээс сүсэглэн бишрэх, итгэлтэй явах нь таны оюун ухаан, сэтгэн бодохыг боож хязгаарлаж байгаа хэрэг огт биш. Достоевский “Би нялх хүүхэд шиг Христэд итгэн мухраар сүсэглэн дагадаг нэгэн биш ээ. Эргэлзэж шаналахын зовлонг бүрэн туулж өдий зэрэгт хүрсэн хүн” гэсэн байдаг юм. Тиймээс амьдралаас урган гарч буй хүнд хэцүү, төвөгтэй асуудлаас сүсэгтэн нэгэн айж эмээх ёсгүй, харин ч тийм асуудал, хүнд хэцүү сонголтууд таныг хурцлан, сүсэг бишрэл итгэл үнэмшлийг чинь илүү ихээр бататгаж өгнө.

Тамд хүрэх зам хамгийн ариун сайхан, сайн санаагаар хучигдсан байдаг. Ариун үйл, шүтэн барилдлага, үзэсгэлэнт зохицолдоон, эв эе, хөгжил дэвшлийн бэлгэдэл бүхий “Зааны ясан” орд харшийг хэн нэг нь байгуулдаг юм бол атаат нэгний гар хөл болсон үгээгүй хоосон, гуйлгачин доодос “энэ юу юм бэ, юу ч биш” гэж үл тоомсорлож, “Муусайн баячууд гайхуулан цамнаж, биднийг дээрэлхэж байна” хэмээн дургүйцэн эсэргүүцэж, улмаар солиорон улангасан дайрч давшилна. Бүтээсэн түүнийг мөшгөн муулж, хорлон, алхам тутамд нь гай тарьж эцсийн эцэст “Зааны ясан ордон”- г нурааж байж л санаа нь амарна.

“Зааны ясан ордон тус болохоосоо ус болох нь их, өөрөөр хэлбэл таны сайн санаж эхлүүлсэн үүсгэл санаачлага, Прометей мэт авчирч өгсөн “гал”-ыг арчлаад цааш нь аваад явж чадахгүй хүмүүст “саванд нь тохируулан дүүргэж байх” ёстойг Будда ч анхааруулсан байдаг даа. Прометейн авчирсан гал нь аугаа их technological trans­fer юм шүү гэдгийг ухаарсан хүмүүс нийгмийг авч явдаг. Ерэн оны хувьсгалаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, нам засгаас айж, бусдаас ичилгүй шашин шүтлэгээ дээдлэх, мэдлэг чадвартай зөв хүмүүсээ сонгож улс орноо удирдуулах, өмч хөрөнгөтэй байх, түүнийгээ өсгөн үржүүлэх бүрэн эрхийг авчраад өгчихсөн байхад цааш нь төгөлдөржүүлээд хөгжүүлээд аваад явж чадахгүй байгаа, боолын сэтгэлгээ, айдас хүйдсээ үзэн ядалт, ангилан ялгаварлах, аймаглан устгах популизмаар өнгөлөн далдалсан хүмүүсийг эрх чөлөөт тусгаар улсын бүрэн эрхт иргэн болгон төлөвшүүлэх амаргүй арга замыг Ф.Достоевскийн зохиолоос хайж болно.

Ф.Нитцше-гийн “Бурхан үхсэн” нь үнэн юм бол хөгжлийн цоо шинэ парадигмд тулгуурласан нийгэм байгуулах, цоо шинэ хүн буюу “советский человек”-ийг бүрдүүлэх төрөл бүрийн оролдлого, туршилт хийгдсэн байдаг л даа, олон улс оронд. Бүгд л бүтэлгүйтсэн. Буруу аргаар сайн юм бүтээх эсэх олон зуун жилийн мэтгэлцээн одоо ч дуусаагүй байна. Гэрэлт ирээдүйг цуст гараар бүтээх үү, ёс суртахууны хэм хэмжээг уландаа гишгэн байж шинэ хүн бүрэлдүүлэх үү? Бохир бузар аргаар төрийн эрхийг авч, авсан хойноо “Одоо л зөв шударга, зарчимтайгаар улс орноо удирдана даа” гэсэн хаад ноёд улс ардаа яаж сүйтгэж байлаа даа.

Раскольников өөрийгөө супер хүн гэж ойлгон мораль, ёс суртахууны нийгэмд тогтсон хэм хэмжээг үгүйсгэн, “Хууль надад үйлчлэх ёсгүй. Учир нь би бусдаас онцгой хүн. Бусдын хувь заяаг шийдэх эрх надад заяагдсан. Гэтэл би хоосон тарчиг амьдарч байна. Энэ бүхэнд бусад л (ростовщик эмгэн) буруутай” гэж байгаад хүн алсан. Зохиолын баатар сэтгэл санааны гүнзгий хямралд орж эцсийн эцэст өөрийгөө илчлэн шоронд хоригддог. Гэтэл гэмээ ухаарахгүй, эрлэгийн хаантай учирдаг нь хэд билээ?

Достоевский там бий хэмээн бичсэн ч шууд биет утгаар нь хэлээгүй. “Бусдыг хайрлах чадваргүй нэгний шаналан тамлагдахыг” л там гэсэн байдаг. Чи энэ насандаа яаж ч өвчигнөсөн тамд очно, эсвэл энэ насандаа тарьсан үйлийн үрээ дараа амьдралдаа эдэлнэ гээд хойш тавих уу? Достоевскийнхоор бол там гэдэг энэ насандаа сэтгэл санаа, сэтгэл мэдрэлийн хувьд эдлэх зовлон тарчлаанаар эхэлдэг. Бүр тодруулж хэлбэл, оюун санааны шийтгэл юм.

Зосима санваартан хайр сэтгэлийг “амьдрал дээр тун ч аймаар, хахир хатуу юм шүү” гэж хэлдэг. Амьдрал хайр дээр тогтдог бол тэр хайр гэдэг нь өөрөө туйлын эмзэг, ихэнх тохиолдолд хэсэг хугацааны дараа унтран бөхдөг, харгис хэрцгий үйлдлээр дамжин илэрдэг, хоромхон зуур үзэн ядалт болон хувирдаг хачин үзэгдэл юм. Ийм хачин юман дээр тогтдог амьдрал гэж юу байх вэ дээ. Тийм бол яаж амьдрах ёстой юм бэ? Хариулахад амаргүй ийм асуултуудыг Достоевский байнга тавьдаг. Тэгэхээр энэ бүхний нэг шийдэл нь хорвоогийн жаргал зовлонг тоо ёсоор нь эдэл, хариуцлагаас мултрах гэж бүү оролд гэсэн санаа байж болох юм.

Зосима бас ингэж хэлдэг. “Бусдын нүглийг чи үүрээд үз… бусдын өмнөөс болон бусдын төлөө бүх нүглийг чи үүрэх ёстой. Учир нь чи л буруутай. Залхуу арчаагүй, хэнэггүй байснаараа чи чөтгөрийн боол зарц болсон түүний талд бурхны эсрэг үйлчилж байгаа шүү дээ” гэж хэлдэг. Хэрвээ буяны талд биш л бол нүглийн талд, хэрвээ гэрэл гэгээрлийн талд биш бол харанхуй мунхаг, сүүдрийн талд үйлчилж байгаа гэсэн санаа л даа. “Эргэн тойронд болохгүй бүтэхгүй байгаа түмэн юмны учир шалтгаан нь би биш байгаа” гэж бодсон удаа танд бий юү. Бурууд хатуу байж чадахгүй эвлэрч, дуу чимээгүй, биеэ оторлон аж төрж, бурууг дандаа бусдаас хайдаг арчаагүй байсны минь үр дүнд нийгэм ийм бохир болчихжээ гэж ухаарч сэхээрч яваа нь бидний дунд хэд бол.

Ингээд бодохоор зүсэн зүйлийн хамаг амьтны тусын тулд амьдармаар. Хэдхэн мянган жилийн өмнө амьтны ертөнц дотор та бид өчүүхэн нэгэн байсан. “Бутанд нуугдсан туулай” шиг юм бүхнээс айж нуугдаж амь зууж байсан билээ. Тэр үед амьтай бүхэн бүгд л байгалын, хувьслын хатуу хуулинд захирагдсан “Ахан дүүс” байсан. Харин өнөөдөр Хүн гэдэг амьтан төрөл арилжиж, зүсэн зүйлийн хамаг амьтан танихын аргагүй байгаль дэлхий, тэр ч байтугай сансрын уудмыг эзэгнэсэн нэгэн болж. АНТРОПОЦЕН үе эхэлжээ. Гэсэн хэдий ч бид “Ахан дүүсээсээ” хэр холдсон юм бэ дээ? Бодит үнэн гэвэл нэг их холдоогүй. Бид (хүн гэдэг амьтан) биеэ тоож, онгирч “өчүүхэн амжилтандаа сагсуурч, “ахан дүүс”-ээ үл тоомсорлоод яваад байж болно гэж ойлгож аж төрсөөр ирсэн. Харамсалтай нь энэ бүхэн маань эндүүрэл байжээ. Тиймээс хүрээлэн буй орчиндоо, зүсэн зүйлийн хамаг амьтны аймгаа хүндлэн хандаж, сав шим ертөнцдөө зохицон амьдрах ёстойг Достоевский Зосимагаар дамжуулан бидэнд захисан гэж би ойлгодог.

Гэхдээ энэ бүхнийг тунгаан бодох, ухааран ойлгох нь хэд билээ? Цаг уурын өөрчлөлтийн талаар гарамгай шийдвэр гаргах гээд СОР 26-д цугласан хэд чухам юу шийдэв? Достоевскийн үзэж буйгаар “Суут ухаан, халуун зүрх сэтгэлтэй хүн хамгийн их шаналж зовдог”. Будда, Христос зэрэг аугаа хүмүүс бусдын гаргаж буй шударга бус үйлдэл, харилцаа, үйлдэж буй нүгэл бүхнийг өөрийн биеэр мэдэрч, зовж шаналж, зөв замд оруулах гэж үлгэрлэн уриалж ирсэн. Ер нь аливаа нийгмийн хамгийн агуу хүмүүс хамгийн их зовлон үүрдэг. Бусдыг зовлонгоос гэтэлгэх арга замыг өөр өөрийнхөөрөө цаг үед нь тохируулан санал болгож учирлан тайлбарласаар ирсэн. Достоевский ч мөн өөрийнхөө шийдлийг “Солиот” зохиолдоо “Красота спасет мир” буюу гоо сайхан хорвоог аварна гэсэн томьёоллоор илэрхийлсэн юм. Энэ томьёолол ихийг бодогдуулах учиртай. Үнэндээ өнөөгийн нийгэмд чухам хэн нь үнэн зөвийг хэлээд байгаа, аль нь дагах ёстой шийдэл бодлого болохыг таних, ухааран ойлгох тун ч амаргүй. Энэ нөхцөлд хэн ч хараад хүлээн зөвшөөрч, даган баясах зүйл нь хорвоогийн гоо сайхан буюу таны сэтгэл, дотоод ертөнцөд буй тэр зүйл билээ. Гоо сайхан ч гэсэн харьцангуй ойлголт гэж хэлэх нэгэн бий. Яг энэ агшинд Д.Нямсүрэн найрагчийн нэг шүлэг санаанд орж байна.

Үе үе бороо амсхийх сайхан

Өлгөсөн цувнаас ус дусах нь сайхан

Үүлэн чөлөөнөөс нар гарах нь сайхан

Үүдээр болжморууд нисэн өнгөрөх сайхан -ыг мэдэрсэн хүн

Эх нутаг минь шүлэг шиг сайхан

Эх орон минь дуу шиг сайхан

Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан

Эрээнцавд бороо орох сайхан гэж хэлэхээс өөр яахав дээ.

Хаана гоо сайхан оршино, тэнд л чин үнэн, сайн зүйлс дэлгэрч байгаа. Сониуч зан, өчүүхэн жижиг ч гэсэн аливаа юмнаас таашаал хүртэж, сэтгэлийн ханамж авах чадвар хэн бүхэнд заяагдмал гэж би боддог. Харин тэр чадвараа илрүүлэн бүрэн дүүрэн ашиглаж сурах л хэцүү. Хэцүү хэдий ч зайлшгүй санаж бодож, хүсэж байх учиртай.

Д.Рамсфельд ухаант хүний шинжийг “мэдэхгүйгээ мэдэж байх, мэдэхгүйгээ мэдэхгүй байгаагаа мэдэж байх” гэж хэлсэн байдаг. Энэ үгийн энгийн тайлбарыг Достоевский бичээд үлдээчихсэн байдаг. “Өөрийн тэнэгийг сард нэг удаа ч гэсэн хэлдэг, хүлээн зөвшөөрдөг нэгэн л хамгийн ухаантай” гээд. Учир нь, бүх асуултын хариултыг мэддэг юм шиг загнаж, өөрийгөө бусдаас ухаантай мэтээр ойлгож ихэрхэж явсан нэгэн унадаг. Эгэл даруухан оршиж, бусдыг хүндлэн үгийг нь сонсох чадварын тухай, үхэл хол биш, байнга чамайг дагасаар явдаг талаар, энэ хорвоод хэдхэн арван жилээр “уригдан ирсэн” хэрнээ мөнх мэтээр аашилж, өгөөмөр сэтгэл гарган амьдарч чаддаггүй гашуун үнэний тухай, амьдралын цаг мөч бүр ямар их үнэ цэнэтэй тухай, ийм үнэ цэнэтэй цаг хугацаагаа дэмий үрэхгүй байх учир утгын тухай Достоевский цаазлуулах гээд (цаазын ял уншаад дараа нь өршөөгдөж цөлөгдсөн) хүлээж байхдаа ухаарсан юм. Энэ тухай “Солиот” зохиолдоо их тод илэрхийлсэн.

“Хүний биеийг олж төрөх, амьд явах, утга учиртай амьд явах хичнээн үнэ цэнэтэй болохыг дэндүү хожуу ухаардаг хорвоо гэж үү? Хүн гэж чухам юу вэ? энэ нууцыг тайлж чадвал би өөрөө хүн болно” гэж 18 настай Федор Достоевский ахдаа бичиж байжээ. Түүний уран бүтээлийн “Улаан шугам нь” ердөө л энэ. Хүний мөн чанар, түүнд агуулагдсан сайн муу, эр зориг ба үхээнц дорой, аймхай хулчгар байдал, нээлттэй өгөөмөр хайр сэтгэл ба хорон муу санаа, атаархал хорслын зөрчилдөөн, эсрэг тэсрэгийн тэмцлийг илэрхийлсэн зохиолууд нь түүний уран бүтээлийн жанжин шугам юм. Хүний дотоод ертөнц рүү хичнээн их өндийсөн ч гэсэн хүн гэдэг амьтны нууцыг одоог хүртэл нээж чадаагүй л байна. Тиймээс залуус минь агуу их зохиолч Ф.Достоевскийн хөндсөн асуудал, сэдэв болгоныг тунгаан, түүний мөрөөдөл болох хүний “нууцыг” тайлах гэсэн их аянд мордоцгоогоорой.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэм зэм” постдрамын жүжгийн нээлтийн тоглолт энэ сарын 25, 26-нд болно

Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Монголын театрын тайзнаа анхлан амилуулах тус зохиолыг яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн бөгөөд “Фауст” постдрамыг найруулсан, ГИТИС-ийн төгсөгч М.Батболд найруулахаар болсон билээ. Тус жүжгийн гол дүр Раскольниковт соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва, Дуня буюу Авдотья Романовна Раскольниковагийн дүрд жүжигчин Х.Баярмаа, Семен Захарович Мармеладовын дүрд гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Алена Ивановнад гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, Аркадий Иванович Свидригайловын дүрд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар тоглох юм.

Түүнчлэн Монголын Эмнести интернэшнл “Орфей” театр болон “Гэм зэм” постдрамын жүжгийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд худалдан авсан тасалбар бүрийн 1 хувийг хүний эрхийн төлөөх үйл хэрэгт зориулах юм байна.

Ташрамд дурдахад, .

Categories
мэдээ соёл-урлаг

Унгар улсын уран бүтээлчид Монголд кино зураг авалтаа хийнэ

Соёлын сайд Ч.Номин Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушанскитай уулзах үеэрээ Монгол Улсад кино зураг авалт хийх асуудлаар ярилцлаа.

Уулзалтад Элчин сайд өөрийн улсын “Mozgo Mozi” компанийн продюсер Корнел Сипоштой хамт ирсэн юм. Монгол Улсад Кино урлагийг дэмжих тухай хууль баталснаар гадаадын кино уран бүтээлчид хөнгөлөлттэй виз мэдүүлэх, Монгол Улсад зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан авах боломжтой болсон бөгөөд 2020 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэх юм.

Тухайлбал, Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээж буй, Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг онцлон харуулсан, монгол уран бүтээлчдийг оролцуулсан, соёл өв уламжлалыг олон улсад эерэгээр сурталчлан таниулсан бол кино бүтээгчдэд зардлын тодорхой хувийг буцаан олгох юм.

Иймд Унгар улсын тал манай улсад кино зураг авалтынхаа зарим хэсгийг хийх саналтай байгаа бөгөөд Унгарын Үндэсний кино урлагийн хүрээлэн Унгар-Англи-Монгол гэсэн гурван талт кино төсөлд 3.3 сая орчим ам.долларын санхүүжилтийг хэдийнэ шийдвэрлэсэн байна.

Энэ кино төсөл нийт 7.5 сая ам.долларын төсөвтэйгээс Унгарын тал 4.5 сая ам.доллартай тэнцэх санхүүжилтийг гаргаж байгаа юм. Энэ нь манай хоёр улсын соёлын салбарын хамгийн том хамтын ажиллагаа болно.

Унгарын кино баг ирэх оны хавар Монголын нутаг дэвсгэрт кино зураг авалтаа хийхээр төлөвлөснөөс хоёр сая орчим ам.доллар нь 100 хувь Монгол Улсад зарцуулах тооцоо гарчээ.

Уулзалтын үеэр дээрх кино төслөөс гадна Монгол Улсын Соёлын яам Унгар Улсын Хүний хөгжлийн яам хоорондын кино студи, кино сургалт, кино хамтран бүтээх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байгаа асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“Манан” кино энэ сарын 26-нд нээлтээ хийнэ

Guys” хамтлагийн дуучин, жүжигчин, найруулагч А.Төгсбаяр дэлгэцийн ээлжит бүтээлээ “Манан” нэртэйгээр бүтээжээ. Тус киноны гол дүрд УДЭТ-ын жүжигчин Т.Сэргэлэн, О.Самданпүрэв, жүжигчин О.Энхбаяр, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ, Б.Баярмаа, бусад дүрд УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Гэрэлсүх болон Э.Тэмүүжин нарын уран бүтээлч тоглосон байна.

Ташрамд дурдахад, найруулагч А.Төгсбаяр 2001 онд “Бидний найзын дурлал”, 2010 онд “Ах дүүс”, 2017 онд “Эцсийн хүсэл”, “Хүн мод” зэрэг инээдмийн, адал явдалт, уянгын төрлийн киног найруулан үзэгчдэд хүргэж байв.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Морин хуурын чуулга Марийнский театрт тоглолтоо хийлээ

Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн Морин хуурын чуулга Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд энэ сарын 11-13-ны хооронд ОХУ-ын Эрмитаж музейн “Капелла” болон Марийнский театрт тоглолоо.

Аялан тоглолтын багт Дуурь бүжгийн эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид багтсан бөгөөд Монголын ахмад, дунд, залуу үеийн шилдэг хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүд эгшиглэсэн юм.

хөгжим тоглож буй болон дотор гэх мэтийн зураг байж болно

Морин хуурын чуулгынхан байгуулагдсан цагаасаа хойш эх орондоо болон дэлхийн олон улс орнуудын томоохон театруудын алдартай тайзнаа амжилттай тоглолт хийж байсан бөгөөд Санкт-Петрбург, Эрмитаж музейн “Капелла” концертын танхимд хоёр дахь удаагаа, Марийнский театрын концертын танхимд анх удаа тоглолт зохион байгуулсан юм.
Categories
мэдээ соёл-урлаг

УДБЭТ 59 дэх улирлын нээлтээ “Учиртай гурван толгой”-гоор эхлүүллээ

Өнөөдөр УДБЭТ-ын 59 дэх улирлын нээлт болно.

Шинэ улирлын нээлтээ Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дууриар эхлүүлэхээр болсон бөгөөд өнөөдөр, маргааш 17:00 цагаас үзэгчдийн хүртээл болно. Энэ удаагийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд Э.Бумхүү, Нансалмаад Ш.Наранчимэг, Хоролмаад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Балганд О.Хүрэлбаатар, худалдаачин Э.Отгонбат нар дуулах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Бурхан Халдун ууланд виртуал аялал хийх боломжтой

“Соёлын бүтээлч сар” аянд Дэлхийн өв Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа нэгдэж байна.

Соёлын бүтээлч үйлдвэрийн үр шимийг таниулах, сурталчлах, урлаг, уран бүтээлчдийн хөгжлийг дэмжих зорилготой уг аяны хүрээнд

Үзэсгэлэнд “Бурхан Халдун аппликейшн” танилцуулга, “Бурхан Халдун VR” аялал, “Гэрэл зургийн үзэсгэлэн” багтсан гэж Соёлын яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Жангар тууль театрын тайзнаа амилна

Дан ганц монголчуудын бус хүн төрөлхтний нэн яаралтай хамгаалах соёлын өв, нэн эртнээс, бөөгийн шашинтай бараг л зэрэгцэж, тэнгэр шүтлэгтэй хамт буй болсон аман зохиолын нэг төрөл бол тууль юм.

Ард түмний дунд ам дамжин баяжигдаж явдаг аман зохиолын нэгэн хэлбэр болсон үнэт өв бидний амьдарч байгаа энэ цаг үед тууль хайлах орчингүй, сонсогчгүй болж, мартагдах устахын аюулд хүрээд буй нууц биш.

Тэгвэл УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олон ЖАНГАР туулийг театрын тайзнаа хүүхдийн жүжиг болгон туурвиж, эх орныхоо гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудад хүргэхээр ажиллаж байна.

ЖАНГАР туулийг ийнхүү хүүхдийн жүжиг болон туурвиж, театрын тайзнаас хүүхэд багачуудын оюун санаанд амилуулснаар өөрсдийн өвөг дээдэс, соёл уламжлалаар бахархах, соёлын биет болоод биет бус өвийн утга, бэлэгдэл, хэрэглээнд суралцаж түүнийг өвлөн авч хадгалан хамгаалж түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтойг ухамсарлан эрхэм зорилгоо болгон ажиллаж буй Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрын хамт олонд талархал илэрхийлж, уран бүтээлийн өндөр их амжилтыг хүсэн ерөөе.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

“Дэлхийн нэг өдөр” бүтээлийн дижитал хувилбарыг 350 сая төгрөгөөр борлууллаа

“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд өчигдөр Уран зургийн галлерейд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” уран зургийн NFT буюу дижитал арт хувилбарыг танилцууллаа.

Энэхүү бүтээлийг зураач Н.Сэргэлэн тэргүүтэй С.Ганзам, Ш.Сайнзул, Н.Хосбаяр нар бүтээсэн бөгөөд 21 метр урт, 2.5 метр өргөн, нийт 52.5 ам.дөрвөлжин метр талбайн хэмжээтэй цардмал даавуун дэвсгэр дээр монгол зургийн аргаар гуаш болон усан будгаар зурсан монголын анхны том хэмжээтэй бүтээл юм.

Зураачид зургийн судалгааны ажилд 10 орчим жил зарцуулж, мөн 10 гаруй жилийн турш зурж дуусгасан бөгөөд зурагт дэлхийн улс орнуудыг тив, тивээр нь ахуй амьдралын өнгө төрх, амьтан ургамал болон байгалийн тогтоц, улс үндэстний зан заншил, соёл, үнэт зүйлс, улс орныг нь тодотгодог бүтээн байгуулалт зэргийг онцлон 193 улсыг нэг хавтгайд багтаан зурсан юм. Зурагт нийт 5000 гаруй дүр дүрслэл багтсан нь монгол зургийн нарийн арга ажиллагаагаар зурагдсан, “монгол зураг” гэх өвөрмөц хэв шинжийг бүхэлдээ агуулжээ.

Соёлын яам соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа бөгөөд энэ хүрээнд зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийг NFT буюу дижитал арт хувилбарт шилжүүлэхийг дэмжиж, зургийг “Монгол NFT” компани дижитал хэлбэрт оруулсан юм.

Улмаар өчигдөр монголын анхны том хэмжээний бүтээлийн дижитал хувилбарыг олон нийтэд танилцуулж, дижитал зургийн тодорхой хэсгийг 350 орчим сая төгрөгөөр борлууллаа. Тухайлбал, зураг 193 улсаас бүрдэж буйгаас өчигдөр Сингапур, Англи, Унгар болон Австрали тив, Нью-Йорк хот гэсэн 5 хэсгийн дижитал зургийг 350 орчим сая төгрөгөөр борлуулсан юм.

“Дэлхийн нэг өдөр” зургийн тодорхой хэсгийг амжилттай борлуулснаар бусад бүтээлийг олон улсын зах зээлд NFT технологиор дамжуулан борлуулах, аливаа бүтээлийн эх хувь нь Монгол Улсдаа үлдэж, дахин давдагдашгүй хуулбарыг үнэд хүргэх, энэ замаар уран бүтээлчдээ дэмжих технологийн боломж буй нь харагдаж байгаа юм.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:

“Бидний амьдралын хэв маяг маш хурдтай өөрчлөгдөж байна. Фэйсбүүк гэхэд олон хэмжээст ертөнц рүү хурдацтай шилжиж байгаа гэдгээ дэлхий дахинаа зарлалаа. Энэ өөрчлөлтийг дагаад соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан эдийн засгийн шинэ боломжууд бий болж байгаа юм. 2019 оны судалгаагаар зөвхөн Англи улс гэхэд 160 тэрбум ам.долларын виртуал эдийн засагтай болсон байна.

Бид өнөөдөр энэ виртуал эдийн засгийн харилцаанд орж, байгалийн баялгаа экспортлохоос илүүтэй шавхагдашгүй соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ технологитой хослуулан экспортолж, эдийн засгийн харилцаанд оролцох боломжтой гэдгийг нотлон харууллаа.

Та бүхэн сүүлийн үед NFT буюу цор ганц, давтагдашгүй зүйлийн дижитал хувилбар гэдгийг олон сонссон байх. Харин өнөөдөр бид Монголын уран зургийн сор болсон бүтээлүүдийн нэгийг амжилттай дижитал хувилбарт шилжүүлж, зах зээлийн үнээс өндөрөөр борлуулж, энэ чиглэлээр уран бүтээлчдээ дэмжих бүрэн боломж байгаа гэдгийг харлаа. Дашрамд дурдахад эх бүтээл нь эх орондоо, уран бүтээлчдээ өөрт нь үлдэж байгааг дуулгах байна.

Цаашид Монголынхоо уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд гаргах, үнэ цэнийг нь нэмэгдүүлэх, таниулах шинэ алхам нээгдлээ.

Энэхүү виртуал гүүр тавигдсанаар Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засагт оруулах өгөөж хэд дахин өсөх боломжтой” хэмээн хэллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Б.Сарантуяа Германд тоглолтоо хийнэ

Зууны манлай дуучин Б.Сарантуяа Герман улсад тоглолтоо хийнэ. Тэрбээр энэ сарын 12, 14-ны өдрүүдэд Берлин, Дюсселдорф хотноо тоглолтоо хийхээр төлөвлөжээ.


Тэрбээр сүүлд фенүүдтэйгээ “Хайрын бурхан” пянзны баяраа хийсэн билээ. Түүний анхны пянз нь 12 инчийн 140 грамм, өнгөт, LP буюу удаан тоглогддог бөгөөд 10 дуутай.