Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

А.Бөртэ-Үжин: Дэлхийн миссийн титмийг эх орондоо авчрах, сайн үйлсийн элч төлөөлөгч болох нь миний зорилго

70 дахь жилдэээ зохион байгуулагдаж буй “Дэлхийн мисс-2021” АНУ-д арванхоёрдугаар сард болно. Латин Америкийн “Пуэрто-Рико” арал дээр арваннэгдүгээр сарын 21-нээс эхний үйл ажиллагаа эхэлж, арванхоёрдугаар сарын 16-ныг хүртэл шилдгүүдээ тодруулна. Энэхүү тэмцээнд 123 орны мисс өрсөлдөх юм. Зохион байгуулалтын хувьд сүүлийн таван жил усны хувцасны төрлийг хассан байсан бол энэ жилээс тус төрлийг нэмж байгаа юм. Учир нь халуун арал дээр болж байгаа болохоор эргүүлэн нэмжээ. “Дэлхийн мисс-2021” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох уран нугараач А.Бөртэ-Үжинтэй ярилцлаа.


-“Дэлхийн мисс-2021” тэмцээнд улсаа төлөөлөн оролцох болсонд баяр хүргэе. Таны биеийн харьцаа, өндөр хэд вэ?

-Би СУИС-ийг бүжгийн багш мэргэжлээр төгссөн, уран нугараач мэргэжилтэй. Миний биеийн харьцаа 93*57*90, өндөр 175 см.

-Та үндэсний ялагчаар хэрхэн шалгарав. Ямар шалгууруудыг давав?

-Сүүлийн хоёр жил дэлхий дахинд ковид цар тахал гарсан учир Монгол Улс хохирол багатай давахын тулд аливаа тэмцээн уралдаан, үзвэр үйлчилгээг энэ оныг дуустал зохион байгуулахыг хориглосон. Тэгээд ч энэ удаад “Miss World Mongo­lia” тэмцээнийг зохион байгуулаагүй байх аа. Өмнө нь зохиогдсон “Miss World Mongolia” тэмцээнд орж “First Runner Up” болсон учраас сонгогдсон.

-Гадаад хэлийг яаж сурсан юм бэ. Арга барилаа олохгүй олон хүн байдаг. Та юу гэж зөвлөх вэ?

-Миний хувьд гадаад хэлийг найман настай байхаасаа эхлэн уран нугаралтаар олон орноор аялан тоглолт хийж явж байх үедээ бусад орны жүжигчидтэй ярилцаж, эргэн тойрон дахь орчноосоо суралцсан. Арга барилаа олохгүй байгаа хүмүүст хадмал орчуулгатай кино үзэх, ном унших нь илүү сайн болов уу гэж боддог.

-Та багаасаа уран нугарч эхэлсэн юм билээ. Уран нугаралт биеэ авч явах, зөв сайхан бие галбиртай байхад тусалдаг уу?

-Найман настайгаасаа хойш өнөөдрийг хүртэл уран нугаралтаар хичээллэж байна. Уран нугаралтын дасгалууд нь хүний биеийг өв тэгш, хөгжүүлдэг. Намайг зөв бие галбиртай байхад, булчинг зөв хөгжүүлэхэд нугаралт хамгийн их нөлөөлдөг. Мөн уран нугаралт, сунгалтын дасгалаар хөлний гажиг, биеийн буруу хөгжлийг засах боломжтой.


-“Дэлхийн мисс-2021” тэмцээний бэлтгэл хэр явагдаж байна?

-“Дэлхийн мисс-2021” тэмцээний бэлтгэл маш чанартай, сайн явагдаж байгаа. Одоогийн байдлаар маш шахуу цагийн хуваарьтай, тэмцээний бүх төрлүүдэд бэлтгэлээ хийгээд явж байна. Мэдээж дэлхийн тайзан дээр эх орон, улсаа төлөөлж гарах гэж байгаа учраас энэ бол маш том үүрэг хариуцлага. Тийм болохоор бэлтгэлээ маш чанартай хийхийг хичээж байгаа.

-Дэлхийн тайзан дээр улсаа ямар талаас нь сурталчилъя гэж бодож байна вэ?

-Монгол Улс бол гайхалтай өв соёлтой, үндэсний урлагтай. Тэр дундаа уран нугаралт гэдэг онцгой төрлийг хөгжүүлсээр ирсэн. Мөн маш гайхалтай үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй, ухаалаг олон эмэгтэйчүүдийн төлөөлөл болж явж байгаа. Дэлхийн тайзан дээр монгол эмэгтэй хүн гэж ямар байдгийг харуулахыг зорьж байна. Улсаа сурталчлахаас гадна 122 орны миссүүдээс маш их зүйлсийг сураад эх орондоо ирнэ гэж бодож байгаа.

-Та залуу үеийн төлөөлөл. Өнөөдрийн Монгол Улс таны нүдэнд ямар харагдаж байна. Ямар талаар илүү хөгжөөсэй гэж хүсдэг вэ. Залуучууд юуг эрэлхийлж байна вэ?

-Өнөөдрийн Монгол Улс, тэр дундаа нийслэл хотын маань хөгжил цэцэглэж байгаа гэж би хардаг. Миний үеийн залуучууд маш соёлтой, боловсролтой, нэг нэгнийгээ хүндэтгэдэг болоосой гэж боддог. Тэрхүү залуучуудаасаа мөн үлгэр дуурайлал авч явдаг.

-Ирээдүйн зорилго тань юу вэ?

-Эх орныхоо, Монгол Улсынхаа энэ сайхан үндэсний урлаг болох уран нугаралтыг дэлхийд таниулах, Дэлхийн миссийн титмийг эх орондоо авчрах, сайн үйлсийн элч төлөөлөгч болж дэлхийн ард түмэнд туслах, хэрэгтэй байгаа хүмүүсийн дуу хоолой болох нь миний зорилго.

Ц.УЯНГА

Categories
мэдээ соёл-урлаг

“Шивээ хиагт” үндэсний дуурь өнөөдөр тоглогдоно

Харийн түрэмгийлэгчидтэй эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө жирийн малчин ардууд хэрхэн тэмцэж буй халуун эх оронч үйл явдлыг гол дүрүүдээрээ үзүүлсэн, залуу үеийнхэнд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой “Шивээ хиагт” үндэсний дуурийг Дуурь бүжгийн Эрдмийн театрын хамт олон шинэчлэн найруулж үзэгчдэд толилуулахаар болжээ.

Дуурь өнөөдөр буюу 11 сарын 26-ны 17.00 цагт Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тоглогдоно.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Н.Баярмаа “Алтан гадас” одон хүртлээ

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаад өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон гардууллаа.

Жүжигчин Н.Баярмаа 2004-2008 онд СУИС-ийг С.Сугарын удирдлагад жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд 2008-2011 онд SBN телевизэд орчуулгын киноны дуу оруулагч, 2012 онд УДЭТ-ын дэргэдэх театр студид элсэн орж, 2014 оноос одоог хүртэл тус театрын жүжигчнээр ажиллаж байна.

Бүтээсэн дүрүүд:

  • 2012 онд “Бардам туулай” жүжгийн Үнэг
  • 2013 онд “Эцсийн зогсоол зөвхөн чи “жүжгийн Женя Вилкомон
  • 2013 онд“Кихот ноён” жүжгийн Мореторнес
  • 2013 онд “Нора” жүжгийн Нора
  • 2014 онд “Хэрээт төгөл” жүжгийн Виктория
  • 2015 онд “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадулам
  • 2017 онд “Ромео, Жульетта хоёр” жүжгийн Хатагтай Капулетте
  • 2017 онд “Царцаа намжил” жүжгийн Согоо
  • 2018 онд “Би эндээс явахгүй” жүжгийн Дулмаа
  • 2018 онд “Оддын өвчин” жүжгийн Мария
  • 2019 онд “Тэнгэрийн хүү” жүжгийн Шагэ гүнж
  • 2020 онд “Анна Каренина” жүжгийн Анна Каренинагийн дүрийг тус тус бүтээсэн.

Тэрээр 2017 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2018 онд “Гэгээн Муза XIV” наадмаас Шилдэг залуу уран бүтээлч шагналуудыг тус тус хүртсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

МУСТА Г.Амгаланбаатар “Монгол Улсын Гавьяат жүжигчин” цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монголын тайз, дэлгэцийн авьяаслаг уран бүтээлч МУСТА, УДЭТ-ын жүжигчинГ.Амгаланбаатарт “Монгол Улсын Гавьяат жүжигчин” цол хүртлээ. Тэрбээр саяхан үзэгчдийн хүртээл болсон “Хаадын Хаан” жүжгийн гол дүрийг бүтээсэн билээ.

Тэрбээр 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996-1999 онд СУИС-д АЖ Ж.Лхамхүүгийн удирдлагад суралцаж төгсөн, 2018 онд СУИС-д доктор, дэд профессор Д.Батсайханы удирдлагад Магистрын зэрэг хамгаалсан.

2000 оноос одоог хүртэл УДЭТ-т жүжигчнээр, 2019 оноос өнөөг хүртэл СУИС-д жүжиглэх ур чадварын багшаар ажиллаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

МУГЖ Д.Гүрсэд “Монгол Улсын Ардын жүжигчин” цол тэмдгээр энгэрээ мялаалаа

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр жүжигчин Д.Гүрсэдэд Ардын жүжигчин цол хүртээлээ.

Ардын жүжигчин Д.Гүрсэд “Өнөөдөр төр засаг маань намайг өндөр дээд шагналаар шагнасанд баярлаж байна. Монголын урлаг, түүх соёлын нэгэн үеийг бүтээж явдаг энэ салбарт өөрийн ухамсарт амьдралаа зориулж өнөөдрийг хүрч, төр засгаараа үнсүүлж байгаад ахмад уран бүтээлч би баяртай байна.

Хүүхдүүд та бүхний минь цаашдын ажил үйлс бүх юм өрнөн дэлгэр, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өвгөн уран бүтээлч өргөн дэвшүүлж байна. Би 60 гаран кинонд тоглосон. Тэдгээр дунд туслах дүр, гол дүр бий, гаднын улс орнуудтай хамтарсан уран бүтээл ч бий” хэмээв.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Ардын жүжигчин Н.Сувд “Хөдөлмөрийн баатар” цолоор энгэрээ мялаалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль, цол тэмдэг гардууллаа.

Хөдөлмөрийн баатар Н.Сувд “Өнөөдөр би хамгийн түрүүнд шинэ Монгол Улсад орчин үеийн мэргэжлийн театрыг үүсгэн байгуулах гэж итгэл зүтгэл, оюун санаа, авьяас билгээ дайчилсан ахмадууддаа баярлалаа гэж хэлмээр байна.

Тэдний зүтгэл, тэдний хүсэл бидэнд өнөөдөр шагнал болон бууж байна. Мөн үзэгчгүйгээр театр оршин тогтнохгүй. Тийм учраас үзэгчид та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний хүчээр Монголын театр өдий хүрсэн юм шүү” хэмээлээ.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Ардын жүжигчин П.Цэрэндагва “Хөдөлмөрийн баатар” цол хүртлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль, цол тэмдэг гардуулж байна.


Ардын жүжигчин П.Цэрэндагва Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаав. Тэрбээр “Бүтэн нэртэй бүлээн сэтгэлтэй яваа хүний ард сайн хань байдаг юм.

Ханьдаа их баярлаж байна. Аливаа амжилтын ард хань байдгийг та бүхэн ухаарч, мэдэх билээ. Бүтэн нэртэй, бүлээн сэтгэлтэй яваа хүний ард хань байдаг юм шүү” гэлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Хошин урлагийн нэгдсэн тоглолт энэ сарын 26-нд болно

“Мөрөөдлийн театр”-ын 10 жилийн ойд зориулсан хошин урлагийн нэгдсэн тоглолт арваннэгдүгээр сарын 26-нд болно.

Энэ талаар уран бүтээлчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.


Мөрөөдлийн театрын жүжигчин, СТА Г.Алтаншагай “Мөрөөдлийн театрынхан 2011 оны арваннэгдүгээр сарын 17-нд “Миний нууц хүү” жүжгийг Соёлын төв өргөөний тайзнаа тоглож, нээлтээ хийж байсан түүхтэй. Нийт үзэгчдэдээ бас ойн мэнд хүргэе. Бид ойн хүрээнд хийх олон ажлуудыг төлөвлөсөн. Шинэ жилээр арван жилийн ойд зориулсан богино хэмжээний кино хийгдэж байна. Арван жилийн ойд зориулсан жүжгийг он гараад хийхээр төлөвлөсөн. Хэдхэн хоногийн дараа хошин урлагийнхны нэгдсэн тоглолт болох гэж байгаад баяртай байна” гэлээ.

Мөрөөдлийн театрын менежер, продюсер Н.Хаш-Эрдэнэ: Цар тахлын нөхцөл байдлаас улбаалан хоёр жил орчим хугацаанд тоглолт болоогүй. Арван жилийн ойн тоглолтоо бид жилийн өмнө төлөвлөсөн. Ярилцсаны үндсэн дээр заалны 50 хувийн дүүргэлттэйгээр хошин урлагийнхны нэгдсэн тоглолтыг энэ сарын 26-нд хийхээр болсон. Тоглолтын тасалбар бүрэн борлуулагдаж дууссан. Хошин урлагийн продакшнууд маань өөрсдийн үзүүлбэрүүдийг бэлдсэн” гэв.

“Шинэ үе” продакшны захирал МУГЖ Н.Ариунболд “Мөрөөдлийн театрын” 10 жилийн ойд зориулж хошин урлагийн нийт уран бүтээлчид нэгэн тайзан дор уран бүтээлээ хүргэхэд бэлэн болсон. “UB palace”-д тоглох энэ удаагийн тоглолт их сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Үзэгчдээ, тайзаа санасан сэтгэлээр бид бүхэн хичээнгүйлэн бэлдсэн. Өнөөдөр би энгэртээ хоёр тэмдэг зүүж ирсэн. Нэг нь МУГЖ хэмээх эрхэм цол, энэ хүндтэй цолыг дааж явах гэж зүтгэж, уран бүтээлээ хийж явна. Нөгөө нь Монголын Ахмадын холбооны тэргүүн дээд тэмдэг. Энэхүү тэмдгийг хоёр жил гаруйн өмнө намайг Соёлын төв өргөөнд дуудаад, 1,200 ээж эмээгийн дүрд олон тоглосон гээд гардуулсан юм. Үр хүүхдүүддээ хэлье гэж бодсон, хэлж амжаагүй үгсийг уран бүтээлээрээ дамжуулан хэлсэнд баярлалаа гээд Монголын ахмадын холбооны ээж нар надад гардуулж байв. Би үүнийг Монгол Улсын хамгийн үнэтэй тэмдэг гэж дотроо бодож явдаг. Тийм учраас Мөрөөдлийн театрынхаа арван жилийн ойн тоглолтод ээжийгээ санатал, ээжийгээ бодтол, инээлгэж уйлуулан тоглоно” хэмээв.

Categories
мэдээ соёл-урлаг

Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар, Б.Жаргалсайханд Ардын жүжигчин цол олгоно

Улс тунхагласны баярыг тохиолдуулан урлаг соёлын зарим эрхэмд шагнал гардуулах ёслол өнөөдөр болно.

Тодруулбал, Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд нарт Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ.

Мөн гавьяат жүжигчин Б.Жаргалсайханд ардын жүжигчин, жүжигчин Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан нарт гавьяат жүжигчин, УБХ-ийн дарга, найруулагч Ч.Түвшин, ерөнхий зураач Т.Ганхуяг нарт урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээх юм.

Мөн УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, жүжигчин Ж.Пүрэвдорж нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнана.

Шагналыг 14:00 цагаас Төрийн ордонд гардуулах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Уртын дуучин Г.Эрдэнэчимэг “Нэг голын ус” цомгийн баяраа тэмдэглэнэ

Уртын дуучин, соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэчимэгийн “Нэг голын ус” цомгийн баярын тоглолт энэ баасан гарагт “Хүн” театрт болно. Түүний хувьд 2007 онд Соёл урлагийн их сургуулийн оюутан байхдаа уртын болон ардын дууны “Тунгалаг тамир” цомгийг гаргаснаас хойш цомог гаргаагүй бөгөөд “Нэг голын ус” 14 жилийн дараа гарч буй цомог юм. Шинэ цомогт ардын уртын болон богино язгуур дуунуудыг амьд хөгжимтэй хослуулан, этник хэв маягаар дуулсан бүтээлүүд багтжээ. Улс тунхагласны өдөр болох энэхүү тоглолтдоо үзэгчдийг үндэсний дээл хувцастайгаа ирэхийг уриалж байгаа юм. Заалны дүүргэлтээс шалтгаалан 150 хүнд тоглолтоо хүргэх бөгөөд тасалбарын үнэ 108 мянган төгрөг юм байна.

Цомгоо нэрлэсэн “Нэг голын ус” дууны шүлгийг яруу найрагч Х.Соёмбо тэрлэж, М.Болд аялгууг зохиожээ. Дуу төрсөн түүхийн талаар яруу найрагч Х.Соёмбо “Долоон жилийн өмнө Өвөрмонголын Хөх хотод ажлаар аялж яваад хэсэг өвөрмонголчуудтай танилцаж, оройжин элдвийг ярьж суух завшаан тохиосон юм. Тэр үед тэдний яриан дунд, “Энд (Хятадад) биднийг Монголчууд гэж харна. Тэнд (Монголд) биднийг Хятадууд гэж үзнэ. Бид тэгээд хаачих юм бол доо” гэж хэлээд уртаа санаа алдаж байсан нь бодогдож явсаар энэ шүлгийг бичсэн юм” хэмээжээ.