Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ц.Чинтөгс: Өдөрт багадаа дөрөв, ихдээ 12 цаг шууд дамжуулалт хийдэг


Сошиалаар стрийм хийдэг Streamer “CTS” буюу Ц.Чинтөгстэй ярилцлаа.


-“Стрийм” гэж яг юуг хэлж байна вэ, энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Шууд дамжуулалтыг л стрийм гэж байгаа юм. Миний хувьд тоглоом тоглож түүнийгээ шууд дамжуулдаг. Үзэгчидтэйгээ шууд харилцаатайгаар сэтгэл хөдлөл, үзэл бодлоо илэрхийлж байгаа хэлбэр.

-Хэзээнээс стрийм хийж эхэлсэн бэ?

-Яг гурван жил нэг сар болж байна. 2018 оны зул сарын баярын өдөр анхны стриймээ хийсэн. Анх тэмцээний шууд дамжуулалт хийж тайлбарладаг байсан. Хэдэн сарын дараагаас өөрөө тоглож, стрийм хийж эхэлсэн.

-Яагаад стрийм хийх болов?

-Гаднын стриймийг зургаа, долоон жил үзэж байна. Эхэндээ гаднынхан л хийдэг, гоё юм гэж боддог байсан. Тэмцээний тайлбарлагч хийгээд би өөрөө хийж болох юм байна гэсэн сэдэл авсан. Багаасаа компьютер тоглоомонд дуртай хүүхэд байсан л даа. Миний хувьд энэ бол шинэ зүйл биш, үздэг байсан зүйлээ л хийж эхэлсэн. Тоглоомоо хийдэг хүн болно гэж боддог байсан ч яг үнэндээ тоглодог л хүн байсан юм билээ. Сүүлд олж мэдсэн (инээв).

-Ямар тоглоомууд тоглодог вэ?

-Би утсан дээр огт тоглоом тоглодоггүй. Байж болох бүх компьютерийн тоглоомуудыг тоглосон. Би барууны тоглоом, мэдээллийг үзэх дуртай. Тийм болохоор үздэг юмаа л тоглодог. Манай улсын айл бүр компьютертой байх боломжгүй учраас утасны тоглоом их байдаг. Хэрвээ “PubG Mobile” тоглоомоор стрийм хийсэн бол илүү амжилттай явах байсан байх. Гэхдээ сонирхдоггүй ээ.

-Таны бодлоор Монголын хамгийн сайн “Streamer” хэн бэ?

-Би.

-Стрийм хийж эхэлснээс хойш таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарав?

-Би уг нь хичээлдээ сайн, дүүрэг, олон улсын медальтай, Засгийн газрын тэтгэлгээр гадаадад сурч байсан. Польш улсад сурч байгаад сэтгэлээр унаад буцаад ирсэн юм. Тухайн үед сайн охинтойгоо үерхэх, гадаадад сурах гэсэн хоёр том мөрөөдөлтэй байсан. Хоёуланг нь биелүүлээд, алдсан. Сэтгэлийн хямралд орж Монголдоо ирэхэд дуу цөөнтэй, өдөрт 100 үг л хэлдэг байсан байх. Ээждээ Монголд үргэлжлүүлж сурч байгаа гэж худлаа яриад стрийм хийж эхэлсэн. Үүнийг хийснээр хүмүүст тоглоомоо тайлбарлаж, ярьж байхдаа би яг л сэтгэл зүйчтэй уулзаж байгаа юм шиг мэдрэмж авдаг болсон. Яваандаа өөрийгөө илэрхийлж, үзэгчид маань надад дуртай болж би ч тайвширч эхэлсэн. Урьд нь өөртөө дургүй байсан. Сэтгэл дотор бугласан зүйлсээ бага багаар гаргаад, амьдрах, илүү сайжрах хүсэлтэй болсон.

-Гэр бүлийнхэн нь яаж хүлээж авсан бэ?

-Огт дэмждэггүй, тоглоомоо боль хичээлээ хий гэдэг байсан. Эхний удаа тэтгэлэгт хоёрдугаар шатандаа унасан юм. Тэр үед ээж “Чи долоо хоногийн тоглоом тоглодог нэг өдрөө хичээлээ хийсэн бол тэнцэх байсан” гэж хэлдэг байсан. Тухайн үед би долоо хоногийн зургаан өдөр 12-13 цаг хичээлээ хийж, нэг өдөр нь амардаг байлаа. Ээжийн хувьд байж болох хамгийн муу, муухай зүйл бол тоглоом байсан. Ээж жил орчмын өмнөөс энэ бол миний ажил гэдгийг хүлээн зөвшөөрсөн, ээжээсээ илүү орлоготой болж тусдаа гарсан.

-Нууц биш бол сарын орлого хэд вэ?

-Ойролцоогоор гурван сая гаруй төгрөг.

-Таны стриймийг өдөрт дунджаар хэдэн хүн үздэг вэ?

– Зарим үед 1000-1500 хүн, дунджаар 500-600 хүн үздэг.

-Ажилдаа өдөрт хэдэн цагийг зарцуулдаг вэ?

-Стрийм хийж эхэлж байхдаа орлогогүй, сургуульгүй гэрийн ажлаа хийж дүүгээ хооллож, сургуульд нь хүргээд бусад бүх цагийг стриймдээ зарцуулдаг байсан. Хоёр жил гаруй маш их хичээсний үр дүнд одооноос арай багасч байна. Одоогоор өдөрт 8-10 цагийг л зарцуулж байгаа.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач…

-Юу ч болж байсан өмнөх ажлаа л хамгийн сайнаараа хийе гэж боддог. Стриймер болох хүсэлтэй хүүхдүүдэд зориулж ямар нэг ажил хийнэ. Хэзээ гэдгийг нь сайн мэдэхгүй л байна. Эхлээд өөрийгөө илүү сайжруулахыг хичээж байна.

-“100-ийн хайр”-д тоглож байсан гэсэн. Реклам, кинонд тоглох санал ирж байна уу?

-“100-ийн хайр”-д богино хэсэгт орсон. Рекламанд тоглох санал ирдэг. Нэг удаа кинонд тоглох санал ирсэн, би айдаг гэх юм уу. Постер зургаа ч хийж чадахгүй кино олон байна, тийм киноны хэсэг болохыг хүсдэггүй. Гэхдээ жүжигчин нь жүжигчнээ хийж, стриймер нь стриймерээ хийсэн нь дээр гэж боддог.

-2020 онд сондгой тоотой саруудад стриймээрээ хандив цуглуулж байсан. Одоо үргэлжилж байгаа юу?

-Хамгийн сүүлд өнгөрсөн зургадугаар сард “Шамбала 2056” төсөлд 142 модны таван жилийн усалгаа, арчилгаанд таван сая төгрөг хандивласан. Одоогоор хандивын ажлаа 10 сая болгоод түр зогсоосон байгаа. Үргэлжлүүлбэл илүү томоор, өргөн цар хүрээтэй хийх байх. Компьютер тоглоом гэхээр харанхуй нүхэнд pc-нд донтчихсон хүмүүс гэдэг ойлголт түгээмэл байдаг. Хүмүүсийн буруу ойлголтыг өөрчлөхийн тулд хандив цуглуулахыг санаачилсан. Стрийм хийснээр хүн орлоготой болж, сайн үйлсэд нэгнийгээ уриалж чаддаг гэдгийг харуулах гэж эхэлсэн. 2020, 2021 онд “Ид шидийн орон”-д төрсөн өдрөөрөө 24 цагийн турш стрийм хийж 640 мянган төгрөг хандивлаж байсан. Мөн “Азтай савар амьтанд хайртай залуус”-ын нэгдэл, “Эрдэм” сайн дурын байгууллага, Цусны төв зэрэг газарт зургаан удаагийн нийт 2.5 сая орчим төгрөг хандивласан. Хамгийн гол нь их мөнгө хандивлахдаа биш, хандивын аян, тусалж болохоор газрууд байдаг гэдэг мэдээллийг хүмүүст өгөх нь чухал шүү дээ.

-Таны ютүб суваг 140 мянган захиалагч, фэйсбүүк хуудас 247 мянган дагагчтай. Ихэнх стриймерүүдийн ютуб суваг орхигддог нь ажиглагдсан. Өдөрт хэдэн цагийг сувгуудаа хөгжүүлэхэд зарцуулдаг вэ?

-Миний ажил зөвхөн стрийм хийх биш. Өдөрт багадаа дөрөв, ихдээ 12 цаг шууд дамжуулна. Дуусаад 3-4 цаг бичлэгээ монтажлаад ютубдээ байршуулдаг.

Үргэлжлүүлээд үзэгчдийн илгээсэн зургийг сошиал хуудаснаа оруулна гээд стрийм хийж дууссанаас хойш 3-5 цаг зарцуулдаг. Ямар нэг нууц жор байхгүй, зүгээр л өнөөдрийг хүртэл бүх ажлаа өөрөө тогтмол хийсний үр дүн. Одооноос л хүн цалинжуулах хэмжээнд хүрч байна. Зарим ажлыг хүнд даатгахгүй бол их ядарч байна.

-Стриймер болох хүсэлтэй залууст юу гэж зөвлөх вэ?

-Чи чадна л гэж бодож байвал чадна. Эхний хэдэн жил их ажиллана, гэхдээ гоё л доо. Стриймерүүдийг ажиглахад зүгээр тоглох л дуртай юм шиг санагддаг. Бичлэгээ монтажлах, стриймээ сайжруулахын тулд судалгаа хийх хэрэгтэй.


Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Сайзанмаа: Ардын дуунуудыг дуулах тусам шимтмээр, судалмаар, суралцмаар байдаг

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын дуучин доржсүрэнгийн Сайзанмаатай ярилцлаа.


-Анх СУИС-ийн босгоор алхаж байсан үеэс ярилцлагаа эхэлье?

-2016 онд СУИС-д шалгалт өгөхөөр очиход ардын дуучны анги нээгдэж байсан юм. Тэр ангид тэнцэж МУГЖ, дэд профессор Л.Чулуунчимэг багшийн удирдлаган дор таван жил суралцаж төгссөн анхны 14 оюутны нэг нь би юм л даа. Сайн багшийн шавь болсон минь их хувь заяа гэж боддог. Багшийнхаа хэлсэн үг, үйлдэл бүрийг дагаж, чиг болгоод явж байна.

-Оюутан насны хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач…

-Хамгийн түрүүнд хоолойн дасгал гамм уншаад толгой их эргэдэг байсан л санаанд орж байна (инээв). Байсхийгээд л ухаан алдах гэж байгаа юм шиг болж, толгой эргэнэ. Амьсгаагаа буруу авдаг байсан байх л даа. Дуучин хүнд амьсгаагаа зөв авч сурах нь хамгийн чухал. Багш маань чихэр өгөөд “Өө алив суу, суу” гээд л суулгачихдаг байж билээ.

-Яагаад урлагийн хүн болохоор шийдсэн юм бэ?

-Мэргэжлээ сонгоход ээж маань их нөлөөлсөн. Бараг л ээж сонгосон доо (инээв). Манай эгч дүүс бүгд өөр салбарт ажилладаг. Тэдэн дундаас хамгийн азтай нь ч гэмээр юм уу, би урлагийн замыг сонгосон. Тэр тусмаа ардын дуучин гэх мэргэжлийг сонгосондоо их баярлаж явдаг. Ардын дуунуудыг дуулах тусам шимтмээр, судалмаар, суралцмаар шүү.

-Таны удамд урлагийн хүн байдаг уу, аав, ээж нь аль нутгийн хүмүүс вэ?

-Би Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Аав, ээж маань нутагтаа ажиллаж амьдардаг. Хоёулаа сайхан дуулж, хуурддаг хүмүүс байдаг. Аав минь сумынхаа соёлын төвд насаараа ажилласан, сайхан цангинасан хоолойтой хүн бий.

-Та ангийнхаа анхны МУСТА гэсэн үү, хамт олныхоо тухай яриач?

-Өнгөрсөн есдүгээр сард энэ хүндтэй шагналыг хүртсэн. Залуу уран бүтээлчийн хувьд цаашид илүү ихийг амжуулж, хөдөлмөрлөөрэй гэж урамшуулж байгаа хэрэг болов уу. Үндэсний урлагийн их театрын гайхалтай хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж, туршлага хуримтлуулж байгаа минь их азтай хэрэг. Энэ их айлаас хүндтэй шагнал хүртсэндээ туйлын их баяртай байна.

-Анхны хамгийн том тоглолтынхоо тухай…

-2014 онд оюутан байхдаа Үндэсний Урлагийн их театрт Үлэмжийн чанар дуулалт жүжигт олны хэсэгт оролцож байсан. Тухайн үед багш маань чуулгад ажилладаг байсан учраас биднийг оруулсан юм. Тэр үеэс л энэ театрын уран бүтээл, уран бүтээлчдийн авьяас чадварыг биширсэн. Мэргэжлийн байгууллага гэж ийм байдаг юм байна, уран бүтээл дээр ингэж ажилладаг юм байна, уран бүтээлч ийм байх ёстой юм байна гэдгийг тэр үеэс мэдэрч эхэлсэн.

-Таны анхны уран бүтээл хэрхэн бүтэж байв, сандарч байсан уу?

-“Ардын богино дуу дуулаачдын улсын уралдаан” гэж дөрвөн жилд нэг удаа болдог нэр хүндтэй уралдаан бий. Энэ уралдаанд 2014 онд хоёрдугаар курсын оюутан байхдаа “Алсын газрын зэрэглээ” дууг өөр хувилбараар дуулж “Мартагдсан дууг сэргээн дуулсан” дуучнаар шалгарч байсан. Энэ дуугаа хамгийн анх хоолой бичүүлж дүрсжүүлж байлаа.

-Уран бүтээлүүдээсээ нэрлэхгүй юү?

-2019 онд ардын дуунуудаас бүрдсэн “Алсын газрын зэрэглээ” нэртэй киноконцерт хийсэн. Уг бүтээл ихэвчлэн мартагдсан дуунуудаас бүтсэн. “Алсын газрын зэрэглээ”, “Шандань голын дэгдээхэй”, “Эрээн жүүртэй эрвээхэй”, “Цэнхэрлэн харагдаад байна”, “Сүнжидмаа” зэрэг дуунуудаас бүтсэн. Үүнээс гадна дан шанзтай, ятгатай, хуучир хөгжимтэй зэрэг ганц ганц хөгжимтэй дуулсан ардын дуунууд урын санд байна аа. Мөн ангийн хэсэг нөхөд болон багштайгаа хамтарч хөл хорионы үеэр ардын хөгжмийн хамсраатай дан ардын намбат дуунаас бүрдсэн “Хүрээ аялгуу” цомогтой номоо гаргалаа.

-Уран бүтээл дээр ажиллахдаа юунд хамгийн их анхаардаг вэ?

-Ардын арга барилыг нь алдагдуулалгүй дуулахыг хичээдэг. Үг, аян дээр ажиллахаас гадна дууны утга санааг илүү илэрхийлэхийг эрмэлздэг. Уйтгар гунигтай дууг инээмсэглээд дуулаад байж болохгүй шүү дээ.

-Хамгийн хайртай уран бүтээлийнхээ талаар…

-Өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулсан бүх уран бүтээлдээ хайртай. Уран бүтээл бүрт маш их хөдөлмөр, туршлага, дурсамж шингэдэг.

-Ажлын гараагаа Үндэсний Урлагийн их театртаас эхэлсэн үү?

-Тийм ээ, 2016 онд их сургуулиа төгсөөд л Үндэсний Урлагийн их театртаа ажиллаж эхэлсэн. Тэр үед театрт нээлттэй шалгалт болж байгааг сонсоод шалгалт өгч тэнцсэн. Манайх чинь бас байнга нээлттэй шалгаад байдаггүй л дээ. Тухайн үед би ч сургуулиа төгсөх, нээлттэй шалгалт явагдах хоёр яг таарсан.

-Та Соёл урлагийн их сургуулийн магистр шүү дээ. Ямар сэдвээр дипломоо хамгаалсан бэ?

-2020 онд СУИС-д “Уул усны нэртэй ардын зарим дуунд хийсэн судалгаа” нэртэйгээр магистрын зэргээ амжилттай хамгаалсан. Одоогоор түвшингээ ахиулж докторт суралцаж байгаа. Сурах судлах, мэдэх зүйл их байна. Дуулахаас гадна дуугаа судлах их сонирхолтой санагддаг.

-Хамгийн сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ. Саяхан ээж болсон гэж сонссон, баяр хүргэе. Ээж болоод уран бүтээлээсээ түр хөндийрсөн үү?

-Баярлалаа. Ээж болно гэдэг шинэ мэдрэмж бас том даваа байлаа. Амаржаад удаагүй байгаа. Гэхдээ нэг их удалгүй ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна. Сүүлд ажлын бүсгүйчүүдтэйгээ нийлж уран бүтээл дээр ажилласан. Ажил хувийн шалтгаанаар түр зогсоод байна.

-Гэр бүлийн хүнээ танилцуулаач, урлагийн хүн үү?

-Миний ханийг Ганболдын Тэмүүлэн гэдэг. Урлагийн салбарын хүн биш ч урлагт маш их хайртай, урлагийн өндөр мэдрэмжтэй залуу байдаг. Ажлыг маань маш сайн ойлгож, арын албыг найдвартай даадаг. Мөн уран бүтээл дээр санал, сонсогчийн байр сууринаас зөвлөмж, санаануудыг их өгдөг.

-Нөхөртэйгөө хэрхэн танилцаж байв?

-Орчин үеийн танилцах хэлбэр юм уу даа. Фэйсбүүкээр найз байсан. Нэг өдөр мессэнжерээр танилцах чат ирээд л анх танилцаж байлаа (инээв).

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Хүүхэд насандаа цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?

-Хөдөө гэртээ аав, ээжтэйгээ өргөн дэлгэр сайхан тэмдэглэдэг. Миний хувьд их чухал баяруудын нэг. Ээж шинийн нэгний өглөө үүрээр сэрээгээд л “Энэ жилийн өнгө шүү, эртхэн босоорой” гээд л эхэлнэ дээ. Бүх зүйл шинэ, бүгдээр бялхаж цалгисан гоё мэдрэмж авдаг баяруудын нэг. Хувцас өмсгөлөөс эхлээд идээ шүүс бэлтгэх, мөр гаргах, наадгай зэрэг бидний заавал мэдэж байх шаардлагатай уламжлалуудыг шингээсэн чухал баяр учир их ач холбогдол өгдөг.

-Энэ жил яаж тэмдэглэх гэж байна?

-Энэ жил хөдөө явж чадахгүй, хотод ёслоод л өнгөрөх байх даа. Цаг үеийн нөхцөл байдал ч ингэж таарч байна. Ер нь театрт орсноос хойш хөдөө явж тэмдэглэх нь багассан. Битүүний өдөр бөхийн барилдаан дээр ажлаа хийгээд явж байх жишээтэй (инээв). Ер нь бидэнд баяр ёслолоор тэмдэглэх цаг хомс байдаг.

-Таны энэ жилийн хамгийн том зорилго юу вэ?

-Уран бүтээлийн, судалгааны, хувь хүний гээд төлөвлөсөн ажил олон байна аа. Биеэ жаахан тэнхрүүлж байгаад эхэлнэ дээ.


Categories
мэдээ соёл-урлаг

2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар хөхүүр урлаач Д.Гүндэгмаа шалгарлаа

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг.

2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа шалгарлаа.

Шагналыг Соёлын сайд Ч.Номин гардуулж, талархал илэрхийллээ.

Соёлын сайд Ч.Номин “Нүүдэлчин монголчуудын ертөнцийг үзэх үзэл, ахуй амьдрал, зан заншил, шүтлэг бишрэл, байгаль хүн хоорондын харилцаа, уламжлалт идээ ундааны соёлын тод илэрхийлэл болсон соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл болох хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өөрийн өвөө, аав, ээжээс язгуур хэв намбаар нь өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж, залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулж буй Дашзэвэгийн Гүндэгмаа танд талархал дэвшүүлье.

2021 онд шилдгээр шалгаруулахаар нэр дэвшүүлсэн 19 өвлөн уламжлагчийн дундаас Хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэх, шавь сургалтаар дамжуулан өвлүүлэн уламжлуулахад онцгой хувь нэмэр оруулж буй таны хөдөлмөр, зүтгэл шалгарч, Монгол Улсын Соёлын биет бус өвийн 2021 оны шилдэг өвлөн уламжлагчаар шаргарлаа.

ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалт”-д 2019 онд бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг залуу хойч үед уламжлалт хэв шинжээр нь өвлүүлэн уламжлуулж, өвлөн уламжлагчдын тоог нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд таны үүрэг, оролцоо үнэлж баршгүй их юм.

Дашзэвэгийн Гүндэгмаа танд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Соёлын биет бус өвийн 2021 оны “Шилдэг өвлөн уламжлагч” хүндэт өргөмжлөлийг гардуулж, өндрөөс өндөр амжилтыг хүсэхийн зэрэгцээ эрүүл, энх урт удаан наслан, үр хойч бидэндээ үнэт өвийн их сангаа өвлүүлэн уламжлуулж, түмэн олон шавь нарын хамт соёлын өвийг түгээн дэлгэрүүлж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

Д.Гүндэгмаа нь 1957 онд төрсөн, 65 настай. Монголын ард түмний уламжлалт идээ ундаа, арьс ширэн урлалын илэрхийлэл болох хөхүүр урлах, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өөрийн өвөө Ж.Цэвэгдоржоос сурч, эдүгээ 49 жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байна. Гүндэгмаа нь хонины ноосоор эсгий боловсруулж төрөл бүрийн эсгийг гар аргаар ширж урлах, ямааны арьсаар дах дэгтий хийх, үхрийн шир, ямааны арьсаар борви, сур, хөхүүр урлах, адууны хялгасаар дээс, монгол гэрийн тоноглол хийхээс гадна хөхүүрийн айраг исгэх арга барил, айрагны амт чанараар нутаг орондоо төдийгүй Монгол орон даяар онцгойрон шалгарч, 2008 онд “Монгол Улсын брэнд айраг”-ны эзнээр тодорсон өвлөн уламжлагч юм.

Д.Гүндэгмаа нь бага балчир наснаас мал маллах арга ухааныг сурч, эзэмшсэн бөгөөд түүнийг Өвөрхангай аймгийн “Залуу аварга малчин” (1981), Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны “Тэргүүний малчин залуу” (1981) алтан медаль, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Аварга малчин” (1981-1983), “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг (2011), “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” цол, тэмдэг (2014), “Алтан гадас” одон (2014) “Сайн малчин”, “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Мянгат малчин” (2017), “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Сайн малчин” (2018), “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн наадмын “Шилдэг оролцогч”, “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” (2018), “Өвөрхангай аймгийн Шилдэг өвлөн уламжлагч” цол (2019), Өвөрхангай аймгийн “Аварга малчин” (2020), “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” (2021)-оор тус тус шагнагдсан.

Өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.

Ташрамд дурдахад, тус журмын дагуу 2018 онд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо Дөмөн хэмээн алдаршсан уртын дуучин Д.Дулмаа, 2019 онд нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж, 2020 онд Увс аймгийн Малчин сумын иргэн, Баяд бийч, ихэлч Ж.Хумбаа нар шилдэг өвлөн уламжлагчаар шалгарч, мөнгөн шагналаар шагнагдсан билээ.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Б.Ангирмаад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгоно

Хөгжмийн зохиолч, продюсер, дуучин Б.Ангирмаад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгохоор болжээ. Монголын рок попын “төмөр хатагтай” гэж нэрлэгддэг тэрбээр 14 настайгаасаа аялгуу зохиож эхэлсэн. Рок попын ертөнцөд өөрийн гэсэн 100 гаруй уран бүтээлийг бүтээж, түүний дууг дуулаагүй одод байдаггүй.

Мөн орчин цагийн залуусыг байлдан дагуулсан “Киви” хамтлагийг үүсгэн байгуулж продессерээр нь ажиллаж, үүнээс гадна дуучин олон шинэ залуу уран бүтээлчийг төрөн гаргасан. Түүний хувьд 1998 онд “68”, 1999 онд “My Love Songs” болон 2000 онд “Angel” гэсэн цомгуудаа гаргаснаас хойш удтал завсарлаж 2017 онд “Өнгө аяс”, “Удахгүй” зэрэг цомгуудаа гаргасан. 1994 онд “Намайг Ангирмаа гэдэг”, 1995 онд поп дива нартай хамтарсан “Вавилон мөрний эрэг дээр”, 2000 онд “Ах, дүү ая зохиогч”, 2018 онд “Сэтгэл догдлуулсан орой” тоглолтоо хүргэж байсан билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Э.Пүрэвжаргал СТА цол тэмдгээр шагнагдлаа

“37-р точка”, “Бүтэн амьдрал”, “Аdmin Z”, “Сүүлчийн шөнө”, “Ороолон”, “Богд хаан”, “Харанхуй хад”, “Хөхөөний үүр”, “Тусгай 7-р тасаг”, “Хилгүй жим” “30 өдөр 30 секс” зэрэг олон кинонд дүр бүтээж үзэгчин олны талархалыг хүлээсэн эмэгтэй жүжигчин бол Э.Пүрэвжаргал юм. Эмэгтэй жүжигчид дундаа хамгийн нээлттэй, “Эршүүд” гэгддэг ч ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй юм. Оролцсон нэвтрүүлэг, тоглосон уран бүтээл бүрдээ өөрийгөө шингээж, сорьж явдаг тэрбээр “Сүүдрээр гэтэгч” нэртэй шинэхэн уран бүтээлд тоглоод байгаа юм. Тэрээр авъяас чадвар, хөдөлмөрөө үнэлүүлж өнөөдөрСТА цол тэмдгээр энгэрээ мялаажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

С.Жавхлан: Энэ сарын 17-нд “Жавхлан” нэртэй тоглолтоо зохион байгуулна

МУГЖ, дуучин С.Жавхлан хэрэгжүүлж буй шинэ төслөө өнөөдөр танилцууллаа.

МУГЖ С.Жавхлан “Миний бие өнгөрсөн жил тааруу байлаа. Бие маань дээрдэж, тэнхэрсэн. 2022 оны бар жилийн хувьд билэгтэй он жил гарч байгаа. Энэ ч хүрээнд түмэн олондоо “Самандын Жавхлан” нэртэй тоглолтоо энэ сарын 17-28-ны хооронд 11 хоног тоглохоор товлосон ч цаг үеийн байдлаас үүдэн 2022 оны нэгдүгээр сарын 17-нд зөвхөн нэг өдөр Бөхийн өргөөнд хийхээр боллоо. Цаашид хөдөө орон нутаг болон бусад улсад тоглолтоо хийнэ. Цаашид “Хамаг Монгол” төсөл үргэлжлэх болно” гэв.

National Treasure Coin-ий үүсгэн байгуулагч “https://www.tengri.co.uk/ дээр дуучин С.Жавхлангийн дуу нь NFT болж худалдаанд гарна. Зохиогчийн эрхийн асуудлыг шийдэж өгсөн юм. Хамаг Монгол 2 төслийн хүрээнд дэлхий даяар тархсан Монголчуудын уран бүтээлийг дэлхий дахинд гаргахаар зорьж байна” гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Д.Түвшинбаяр: Үг хэлэх эрх гэдэг хэн нэгнийг доромжилж элдвээр хэлэх эрх биш байлтай

СУИСийн Хөгжмийн урлагийн сургуулийн морин хуурын багш, СТА Д.Түвшинбаяртай ярилцлаа.


-Та морин хуурч болсон дурсамжаасаа хуваалцаач?

-Би Өмнөговь аймгийн Баяндалай суманд төрсөн. Эхээс 11-үүлээ. Аав маань маш олон талын авьяастай. Манайх Баяндалай сумандаа гэр бүлийн концерт тоглодог байсан. Аймаг руу хүртэл уригдаж тоглодог. Аав морин хуур сайхан тоглочихдог, ээж уртын дуу дуулчихдаг, ах нар ч бас дуулдаг, хөгжим тоглодог байсан. Урлагийн гэр бүлд хүмүүжсэн. Аав минь намайг морин хуурч болоорой гэж захисан учраас энэ мэргэжлийг сонгож эзэмшсэн юм. Наймдугаар ангиа төгсөөд Улаанбаатарт Багшийн сургуулийн соёлын ангид элсэн орсон. Монгол Улсын алдартай морин хуурч, МУСТА Борын Цэдэн гэж сайхан хүнээр морин хуур заалгаж байлаа. 1976 онд Өмнөговь аймгийн Соёлын ордноос ажлын гараагаа эхэлж, Монголын үндэсний Соёл амралтын хүрээлэнд соёлын арга зүйч, Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын морин хуурчаар хорь гаруй жил ажилласан. Одоо СУИС-ийн оюутнууддаа морин хуурын хичээл зааж байна. Морин хуурынхаа энэ сайхан аялгуунд хөглөгдсөөр өдий зэрэгтэй ажиллаж, амьдарч явна. Би нутгаасаа гараад 54 жил болжээ.

-Та “Түмэн-Эх” чуулгад амьдралынхаа багагүй хугацааг зарцуулсан юм аа даа…

-Тийм ээ, чуулгын хамт олонтойгоо олон ч газар аялан тоглолт хийж явсан. Би Үндэсний соёл амралтын хүрээлэнд дуу хөгжийн “Ундраа” чуулгын багшаар ажиллаж байлаа. 1989 онд тэр үеийн захирал С.Лунаа, эрдэмтэн зохиолч, ардын билигзүйч соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Бадраа, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Цоодол агсан болон миний биеийн санаачилга зүтгэлээр тус чуулгын үндэс суурийг нь тавьж байсан юм.

Тэр үед дуулдаг, хөгжимддөг хүн тун ховор. Чуулгадаа 20 жил ажиллаад, Өмнөд Монголд дөрвөн жил ажиллаад, 2011 оноос хойш өдийг хүртэл Соёл урлагийн их сургуульд морин хуурын багшаар ажиллаж байна. Мөн 2011 оноос 2019 он хүртэл Гэрлэх ёслолын ордны ерөөлчөөр ажилласан.

-Урлагийн салбарт 50-аад жил ажиллахад урлагийн буян их биз?

-Урлагийн бурхандаа их талархаж явдаг. Урлагтай амьдралаа холбож, үүнийхээ хүчинд сайхан амьдарч байна. Би урлагийнхаа буянаар 20 гаруй орноор айлчилж тоглолт хийсэн. Төр засгаас 1994 онд Соёлын тэргүүний ажилтан, “Есөн-Эрдэнэ” одон, “Хөдөлмөрийн аварга”, 2000 онд Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон зэрэг олон шагналаар үнэлүүлсэн.

-Гадныхан морин хуурын аяыг яаж хүлээж авдаг вэ?

-Хоёрхон утаснаас ийм сайхан ая гарч байгаа юм уу гээд их гайхаж, сонирхож хүлээж авдаг. Тэр хоёр утсаа морины сүүлээр хийдэг гэхээр бүүр ч их гайхдаг (инээв).

-Хуурын чавхдасыг адууны сүүлээр хийнэ биз дээ?

-Дээр үед адууны сүүлийг татаж авч угаагаад л хийдэг байсан. Сүүлийн үед Хятад мяндсан утсаар хийдэг болсон. Мяндсан утас маш нарийн ширхэгтэй, дуугаралт нь ч ялгаагүй. Харин нумын чавхдасыг заавал адууны сүүлээр хийдэг.

-Та олон шавьтай юу?

-2011 оноос Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн язгуур урлагийн ангийн хөөмийчдөд морин хуур зааж байна. Багшийн сургуулийн шавь нартайгаа нийлээд 500 гаруй шавь төрүүлжээ.

-Хөөмийн ангид олон оюутан сурдаг уу?

-Хөөмийн анги жилд хамгийн цөөндөө тав, зургаан оюутан элсэх ёстой байдаг. Сүүлийн жилүүдэд арав гаруй хүүхэд элсэж байна.

-Та хаанаас мэдээлэл авдаг вэ?

-Телевиз, сошиалаас мэдээлэл авдаг. Утас гэж байхгүйд радио сонсож, сонин уншдаг байлаа.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэртэйгээ өсвөр наснаасаа үерхэж гэр бүл болоод хоёр хүүтэй болсон. Миний ханийг Оюунчимэг гэдэг. Монгол хэл, уран зохиолын багш хүн бий. “Найм дахь гариг” хамтлагийн дуучин Т.Оюунбаяр, Т.Оюунболд хоёр миний хүү байгаа юм. Тухайн үед хамтлагаараа олон сайхан дуу төрүүлж байжээ. Одоо хоёулаа урлагийн замналаа орхиж өөрсдийн мэргэжлээрээ ажиллаж байна.

-Та социалист нийгэм, ардчилсан нийгмийг хэрхэн харьцуулж хардаг вэ?

-Ардчилал гараад 30 жил болж байна. Би ардчиллыг монголчууд хайрлаж, хамгаалах хэрэгтэй гэж боддог. Ардчилал монголчуудад асар их боломж авчирсан. Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг ардчилал бидэнд олгосон. Социализмын үед яах вэ, үнэгүй эмчлүүлээд, үнэгүй сурч л байлаа.

Магадгүй тэр нь бэлэнчлэх сэтгэлгээг бий болгож байсныг үгүйсгэхгүй. Харин ардчиллын ололттой талуудыг би байнга дэмжиж явдаг юм.

-Өнөөгийн улс төрийн өнгө аясыг та хэрхэн харж байна?

-Намчирхсан байдал нь эргээд улс эх орон, ард түмнийг ихээхэн хохироож байна гэж хардаг. Хэн ч ийм ардчиллыг хүсээгүй л юм. Төрийн гурван өндөрлөгт нэг нам сууж байгаагийн хувьд илүү сайхан ирээдүйг, илүү боломж бололцоог, сайхан нийгмийг цогцлоох боломж бүрдсэн гэж бодож байна.

-Энэ нийгмээс юуг харж хүлээдэг вэ?

-Иргэдийн цалин өндөр, амьдрал ахуйд нь хүрэлцэхээр хэмжээний байгаасай гэж боддог. Иргэнээ боддог сайн сайхан нийгмийг бий болгоосой гэж хүсдэг дээ. Ажилгүй хүмүүс их байна. Угтаа хийвэл ажил их байна шүү дээ. Сүүлийн үед сошиал гэж зүйл гарч ирлээ. Тэндээс монголчууд нэг нэгнээ ямар муухайгаар хэлж доромжилдог болчихсон юм бэ гэж гайхаж сууна. Нас биед хүрсэн хүмүүс ялгаж ойлголоо гэхэд цаана нь хүүхдүүд бас харж байгаа шүү дээ. Би ч хүүхдүүддээ тэр муу муухай зүйлсийг битгий харж, уншиж байгаарай гэж хэлдэг юм. Үг хэлэх эрх гэдэг хэн нэгнийг доромжилж элдвээр хэлэх эрх биш байлтай.

-Хоёр хөршөөс хамааралтай бидний хувьд Хятад улс хилээ хааснаар юмны үнэ тэнгэрт хадлаа. Амьдралд нөлөөлж байгаа зүйл байна уу?

-Юмны үнэ өсчээ. Гэхдээ энэ бүхэн цар тахлаас шалтгаалж байгаа гэж харж байна. Шинэ жилийг хүмүүс зах замбараагүй тэмдэглэснээс болж ковидын өдөрт илрэх тохиолдлын тоо улам нэмэгдэж байгаа биз дээ. Тиймээс бид Цагаан сарыг цомхон тэмдэглэх хэрэгтэй. Өвчин зовлон дуустал хаана хаанаа хариуцлагатай байх шаардлагатай байна.

-Та ковидын эсрэг вакцин хийлгэсэн үү?

-Гурван тунтай. Одоо дөрөв дэх тунд хамрагдахыг уриалсан байна лээ. Дөрөв дэх тунгаа хийлгэнэ дээ. Вакцинаа хийлгэхгүй байгаа хүмүүс л бусдыг илүү аюулд өртүүлээд байна гэж харж байна.

-Та халамж авдаг уу?

-Тэтгэвэр л авдаг.

-Халамжийн бодлого хавтгайрч байна гэж ярих болоод удаж байна даа…

-Цар тахлын үед төр засгийн дэмжлэг байх ёстой болов уу гэж харж байна. Харин байнга халамжийн бодлого явуулаад байх нь буруу. Үүний оронд хүн бүрийг ажилтай болгоход төр засаг анхаарч ажиллах шаардлагатай болов уу.

-Манай улс Соёлын яамтай боллоо. Соёлын яамтай болсноор ямар давуу тал үүснэ гэж харж байна?

-Соёлын яам гэдэг бол урлагийнханд хамгийн чухал. Бие даасан яам байгуулагдаад удаагүй байна. Гэхдээ ямар түвшинд, яаж ажиллах нь тодорхой харагдахгүй л юм. Хуучин Соёлын яам их хүчтэй байсан.

Оюутнуудыг гадагш сургуульд явуулдаг, орон нутгуудын соёлын төвийг хөгжмийн зэмсэг, боловсон хүчнээр хангадаг, байнгын шалгалт явуулдаг байлаа. Тэр хэмжээгээр нийгэмд соёлыг түгээдэг байв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Guys” хамтлагийн 20 дууг залуу уран бүтээлчид дуулна

Тухайлбал, дуучин Хишигдалай, Зоригт “Цас”, “Gangbay” хамтлаг “Манан”, реппэр Don Dior, дуучин Өрлөг “Чамдаа” зориулъя дууг дуулжээ.

Тэгвэл дараагийн удаад “Чи миний”, “Бороо”, “Зүрх уучил”, “Дурлал яг үлгэр шиг бас…”, “Навч”, “Дурлалын тухай ярилцъя”, “НАБХЗ”, “70 baby”, “Дурсамж”, “Анжело”, “Хайрлая амлая”, “Чамдаа би хайртай”, “Янаг жаргал”, “Амьдрал ба дурлал”, “Хөөрхөн охин”, “Цаг”, “Goodluck” дууг шинэ залуу уран бүтээлчдээр дуулуулах юм байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Эх орондоо л очихсон” баримтат кино нээлтээ хийлээ

“Зөвийг шүгэлдэгчид” ТББ-ын санаачилгаар бүтсэн “Эх орондоо л очихсон” бүрэн хэмжээний баримтат кино нээлтээ хийлээ. Энэхүү баримтат киног тус ТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул продюсерлэж, найруулагч Г.Золжаргалын “Zoljargal and Son” продакшны хамт олон бүтээжээ.

Уг кинонд цар тахлын үед гадаадад гацсан, эрх нь зөрчигдсөн, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амссан монгол хүмүүсийн бодит түүх, мөн ээж, аавтайгаа уулзаж чадалгүй үүрд хагацсан, өвдсөн, ялгаварлан гадуурхагдсан гээд олон тохиолдлын эздээс гадна хүний нутагт бие биенээ дэмжиж тусалсан монголчуудын түүх багтжээ.

Уг бүтээлийг олон нийтэд ганцхан удаа үзүүлсэн бөгөөд цаашид сошиал болон IPTV зэрэг сувгаас үзэх боломжгүй аж. Учир нь хүний эрхийн асуудлыг хөндсөн бүтээл болохын хувьд олон улсын кино наадмуудад өрсөлдүүлэх зорилготой юм байна.

271443954_1235864206906648_7878879941480324438_n “Эх орондоо л очихсон” баримтат кино өнөөдөр нээлтээ хийлээ

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Түвшинбаяр, О.Пүрэвдулам нар Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаажээ

“Positive Mongolians” төслийн санаачлагч, “Гэм Зэм” жүжигт Разумихины дүрийг бүтээсэн Д.Түвшинбаяр, загвар өмсөгч О.Пүрэвдулам нар Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаажээ.

“Д.Түвшинбаярыг өмнө нь хоёр удаа Соёлын тэргүүний ажилтанд тодорхойлж байсан ч тэрээр өөрийгөө голж, шагналаас татгалзаж байсан ба энэ удаад талархалтайгаар хүлээн авлаа. 36 насандаа хийж бүтээснээ үнэлүүлсэнд гэр бүлийнх нь зүгээс маш их бахархаж байна” хэмээн түүний гэргий Э.Дөлгөөн цахим хуудаснаа нийтэлжээ.