Categories
мэдээ соёл-урлаг

Винни-Пух хүүхэлдэйн киног хүүхдэд үзүүлэхийг хоригложээ

Польшийн Тушин хэмээх жижиг хотын зөвлөл хүүхэд багачуудын хамгийн дуртай хүүхэлдэйн киноны нэг Винни-Пух киног хүүхдэд үзүүлэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Тэр бүү хэл киноны баавгай баатруудын дүрсийг энд тэнд зурахыг ч хориглосон байна.

Учир нь энэ киноны баатар баавгай нь ямар хүйстэй нь мэдэгдэхгүй, тэгээд ч өмдгүй явдаг учраас хүүхдэд зөв үлгэр дууриал болохгүй гэж үзжээ. Ийм шийдвэр гаргасан хүмүүс эцэст нь Винни-Пух бол манин гэсэн шийдэлд хүрч хориглохоор шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Алтан сарнай наадам болно

Он солигдох торгон мөчид салбар бүр оны шилдэг, онцлох хүмүүсээ тодруулж олон нийтэд танилцуулдаг. Хамрах цар хүрээ, нэр хүндээрээ шилдэгт тооцогддог “Алтан сарнай-2014” оны тэргүүн наадам энэ сарын 31-нд болох аж. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос 14 дэх жилдээ зохион байгуулах тус наадам жил бүр өөрийн гэсэн өнгө төрх, өвөрмөц онцлогоороо ялгардаг. Харин энэ жилийн наадмыг үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “Бид нэг монгол” уриан дор зохион байгуулна гэж УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны ерөнхийлөгч Н.Номтойбаяр, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнчимэг нар мэдээллээ.

Монгол хүний үнэ цэнийг өргөж, шинэ цагийн Монгол Улсын шилдэг төлөөлөл болж, салбартаа тэргүүлэгч оны онцлох хүнийг олон нийтийн нээлттэй санал асуулгаар шалгаруулан урамшуулж, ажил үйлсийг нь нийтэд сурталчлах нь “Алтан сарнай” наадмын зорилго юм. Энэ жил www.altansarnai.mn сайтаар дамжуулан долоон салбарын шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулах аж. Тухайлбал:

1. Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн

2. Соёл урлагийн салбарын оны онцлох хүн

3. Спортын салбарын оны онцлох хүн

4. Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн

5. Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн

6. Бизнесийн салбарын оны онцлох хүн

7. Дэлхийн монгол хүн

Тиймээс оны онцлох хүнээр тодруулах хүнийхээ дэлгэрэнгүй мэдээллийг www.altansarnai.mn сайтад байршуулж, дэмжиж буй хүнийхээ төлөө саналаа өгөхийг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос олон нийтэд уриаллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ болно

Эрдмийн театрын уран бүтээлчид ирэх сарын 10-ны өдөр “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагаагаа зохион байгуулах гэж байна.

Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон театрынхаа алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийн алдарыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлан үлдээх зорилгоор СУИС-тай хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд жил бүр театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, дурсамж ярилцлага, “Гэрэл зургийн үзэсгэлэн”, хүндэтгэлийн тоглолтын арга хэмжээг зохион байгуулдаг юм.

Мөн Ардын жүжигчин А.Очирбатын зохиол СТА Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж нээлтийн гурван удаагийн тоглолт үзэгчдийн халуун алга ташилт, уухайн дуугаар дүүрэн болж өндөрлөсөн билээ. Энэхүү жүжиг нь Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхлэсэн бэсрэг долоон жүжгийн зургаа дахь жүжиг бөгөөд “Буруугүй буруутан” жүжгийн найруулагч Э.Ёндоншарав жүжгийнхээ нээлтээр Монгол Улсын СТА цолоор шагнуулж театрт урлагт хайртай үзэгчиддээ давхар давхар бэлэг барьсан билээ. Тэгвэл энэхүү жүжиг маань ирэх 05, 06-нд тоглогдох гэж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Чингисийн чулууны бичиг 790 нас хүрлээ

Өнгөрсөн түүх он цагийн ой санамж дотор нойрсож, түүхэн дэх ганц үгийг сэрээхэд үй түмэн мэдээллийг хойчдоо дамжуулдаг ажаам.

“Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан, эдүгээ Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй гэрэлт хөшөөг 1224 онд сийлжээ. Бараг хоёр зуун жилийн өмнө Сибирь судлаач Спасский манай хилийн гадна орших Өргөнө мөрний цутгалан болох Хархираа голын хавиас дорно зүгийн бичигтэй хөшөө олсон тухайгаа анх мэдээлж, 1932 онд Петербургт аваачсан байдаг. 1833 онд монголч эрдэмтэн Шмилдт, арваад жилийн хойно буриадын эрдэмтэн Банзарын Дорж, залгаад Японы эрдэмтэн С.Маруяама, мөн Оросын эрдэмтэн Г.Н.Румянцев нар тавиад он хүртэл тайлан унших оролдлого хийж, судалгааны үгүүллүүд бичсэн байдаг. Харин 1960 онд Монголын түүхч Х.Пэрлээ Эрмитаж дахь гэрэлт хөшөөг нүдээр үзэж, гараар имэрч үзсэнийхээ дараа жил “Чингисийн чулууны бичээс” хэмээх томоохон үгүүлэл бичиж, үг бүрийг нягтлан тайлбарлаж, үнэн зөвөөр тайлан уншсан болой.

Ийнхүү Монголын түүхийн нэгэн хуудас чулуун дээр арваадхан үгээр улбаалан олон учигаа тайлжээ. Учир юун гэвэл: Чингис хаан Хорезмаас буцахдаа Бух сочигай хэмээх газарт 1224 оны өвөл их хуралдай хийлгэж, тэр үеэр болсон наадамд Хавт Хасарын хүү Есүнхэ ноён 335 алд хол байсан байг оносон түүхэн амжилтыг тэмдэглэсэн бичээс болох нв тодорхой болжээ. Мөн Рашид-аддины “Сударын чуулган” дахь мэдээтэй яв цав таарч байгаа юм. “Сударын чуулган”-д Хаан Бух Сочигайд бууж, их алтан орд барьж, хурилдай хурж, их хурим хийх зарлиг буулгасан тухай дурдсан буй. Дайлаас буцаж яваа их цэргийг Монгол эх нутгаас алтан ургийн ноёд тосож очсон бөгөөд угтагсадын дотор Тулуйн 2-р хүү ирээдүйн их хаан 10 настай Хубилай цуг явсан тухай нэгэн түүхэн сурвалжаас уншиж байсан минь тод санагдаж байна.

Миний бие 1990 оны өвөл Мигжид Жанрайсиг их бурханы эрлийг мухарлахаар Санкт-Петербург хотноо байх ялдар тэр үеийн оюутан, эдүгээн нэрт эрдэмтэн С.Бадралын хамт Эрмитажид очиж Чингисийн чулууны бичигт шингэж үлдсэн түүхэн мэдрэмжүүдтэй шүргэлцсэн минь үлэмж их хувь хэмээн дурсдаг билээ. Тэгэхэд “засвартай тул үйлчлэхгүй” хэмээн хаалттай байсан Монголын танхимд С.Бадрал дүүгийн сүүхэй гаргаснаар эрдэм шинжилгээний ажилтан настай авгайгаар цоожыг онгойлгуулж, эзэд нь юм шиг хэдэн мөч өөрийн үзмэрүүдийн дэргэд баясан саатсан сан.

Чулуун бичээсийн тэргүүн дээдэд Чингис хааны нэрийг мөр тэтгэн залж, Есүнхэгийн нэрийг их эзний нэрнээс доогуур, гэхдээ бусад бичээсээс дээш илүү гаргаж бичсэн нь монгол төрт ёсны бэлгэдэл хүндлэлийн илэрхийлэл төдийгүй, монгол бичиг соёлын уламжлалын чухал ул мөр юм даа хэмээн бодож зогссон бөлгөө.

“Чингисийн чулууны бичиг” бол мянга хол илүү жилийн түүхтэй монгол бичиг үсгийн олон дурсгалуудаас гал усны бэрхийг туулж бидний үед хүрч ирсэн хамгийн ууган нь болохын хувьд ч, манай түүхийн төрт ёсны нэгэн томоохон бодит гэрч мөний тухайд ч “ХОСГҮЙ” хэмээх тодотголтой бичигдэх соёлын өв билээ. Бас нэгэн сонирхолтой тохиолдлыг дурдахад Чингисийн чулууны бичиг бүтээгдсэн 1224 оноос яг 400 жилийн дараа Цогт хун тайжийн шүлгийг 1624 онд Дуутын хар чулуунд Дайчин хиа, Гүен баатар хоёр сийлсэн байдаг. Түүнээс яг 300 жилийн хойно Жамьян гүн, Наянт ван хоёр “Монгол Данжуурын гэрээ бичиг”-ийг бас чулуунаа гэрэлтүүлэн сийлсэн нь Үндэсний номын санд буй.

Өнөө жил дээрх үйл явдлуудын тэгш ой тохиож байгаа юм. Монгол бичгийн, тэр тусмаа түүхэн агшиныг чулуунд мөнхлөн сийлэх соёлын гурван үйл явдал зэрэгцэх тэгш ойг Монгол төр ядаж 10 жил тутамд дуртган санаж, сэрээн дуудаж, бахархан тэмдэглэж байваас зохиолтойсон. Өнөө жил ч эдийн засгийн хүндрэл гэх мэт элдэв шалтаг тоочин, дээрээ ч төвхнөж өгөхгүй, юу болохыг хүлээн дээш өлийж, мөнгөний хомсдол хэмээн доош толгой гудайн өнгөрөх шиг боллоо. Арван жилийн дараа Чингисийн чулууны бичиг 800, Цогтын чулууны бичээс 400, Данжуурын гэрэлт хөшөө 100 нас хүрнэ. Арван оны дараа бичиг соёлын томоохон хуралдай хийж дурсах шиг дурсах цагийг хүлээхээс дээ? Тэр цагт монгол бичиг соёлдоо зориулж мянган жилийн салхи шуурганд ч баларахааргүй нэг томохон гэрэлт хөшөөг сийлж мөнхжүүлэхийн ерөөлөөр болзоо талбису.

Зохиолч Г.Мэнд-Ооёо

2014.11.23

Дөрвөн уулын дунд

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй” балетийг өвөл цагийн нээлтэд зориулж тоглоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн дэмжлэгтэйгээр, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж “Монголын балетийн хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетийг Улаанбаатар хотноо тоглох гэж байна.

Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар 12 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглоно.

Тус тоглолтын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас худалдан авч, цоо шинэ найруулгаар нийслэлийн үзэгчдэд анх удаа хүргэх гэж байгаагаараа онцлогтой юм.

Алдарт “Цөмөөхэй” балетад тоглох бяцхан бүжигчдээр Монгол хүүхдүүдийг шалгаруулж авсан бөгөөд МУГЖ Д.Алтанхуяг АНУ-аас эх орондоо ирж, тоглолтын бэлтгэлдээ орсон байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол Улсын филармоний гоцлол дуучин Л.Насанбуян өөрийн анхны бие даасан “БИ…” тоглолтоо үзэгчиддээ хүргэлээ.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ соёл-урлаг

Мисс Т.Батцэцэг шилдэг 20 багтаж байна

Английн нийслэл Лондон хотноо болж буй “Дэлхийн мисс-2014″ тэмцээнд Азийн топ модель Т.Батцэцэг эх орноо төлөөлж оролцож байгаа билээ. Тэмцээн эхэлснээс хойш өдгөө мисс Т.Батцэцэг тун ч амжилттай оролцож байгаа. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 131 орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж байгаа юм. Тэдгээр бүсгүйчүүдийн танилцуулга, зургийг www.ranker.com сайтад байршуулж дэмжигчид нь саналаа өгч байгаа аж. Өнөөдрийн байдлаар Монголын мисс Т.Батцэцэг эхний 20д шалгарсан амжилттай оролцож байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Гоёл” наадмын шилдгүүд ирэх сарын 3-нд тодорно

26 дахь жилдээ зохион байгуулагдах “Гоёл” наадам өнөөдөр албан ёсоор 14.00 цагт нээлтээ хийх гэж байна. “Гоёл-2015” наадмын салхийг хагалан “Blue Sky”-ын “Crystal” танхимд “Монголын загварын долоо хоног” эхлэх юм байна. Монголын Дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадамд энэ жил Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 22 хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинациудад бүтээлээ өрсөлдүүлэх юм. Загварын агентлагуудын 50 шилдэг модель тэдний бүтээлийг тайзнаа амилуулах нь. Харин “Гоёл-2015” наадмын шилдгүүд ирэх арванхоёрдугаар сарын 3-нд Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.

Categories
мэдээ соёл-урлаг

Гоёлын даашинзны загварын шоу ирэх сарын 5-нд болно

Дэлхийн загварын нийслэл Нью-Йорк хотноо бослон “Couture fashion week Fall 2014” загварын долоо хоногт манай дизайнер Д.Отгонжаргал “Otgoo Couture collection” цувралаараа оролцож, дэлхийд монгол загварын ур хийц, чамин тансаг өвөрмөц хэв маягийг гайхуулжээ. Урлах эрдэм дээд сургуулийг багш, дизайнер мэргэжлээр дүүргэн, зэгварын салбарт 10 гаруй жил ажиллахадаа хамтарсан 1200 гаруй, бие даасан 650 гаруй загваруудаа гаргаж, 2004-2009 онд нийт зургаан удаа өөрийн бие даасан загварын шоугаа хийсэн байна.

Тэрээр оюутан ахуйдаа буюу “Гоёл” наадмын гран при шагналын эзэн болж байжээ. Өнгөрөгч онд телевизийн “Модарт” загварын шоуны ялагч болж дэлхийн загварын нийслэлд өөрийн коллекцоо гайхуулсан юм.

Дизайнер Отгоо өөрийн загварын шоугаа хийх товоо зарлажээ. 2014 оны “Хамгийн сүүлчийн, хамгийн том гоёлын даашинзны шоу” хэмээн тодорхойлогдож буй “O COUTURE Fashion Show Fall 2015” шоу ирэх сарын 5-нд Худалдаа аж үйлдвэрийн танхимд болно. Энэхүү шоуныхаа тухай дизайнер бүсгүй “Миний урланд яг одоо шинэ бүтээлүүд маань мэндэлж байна. Энэ оны трэнд болохоор 52 ширхэг дахин давтагдашгүй гоёлын даашинзууд төрж, тэр үдэш ирсэн бүсгүйчүүдийн нүдийг хужирлах болно” гэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

”Гоёл 2015” наадам үргэлжилж байна

Монголын загварын чиг хандлагыг тодорхойлдог “Гоёл” наадам энэ өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадам энэ жил шилдэг загвар өмсөгч, шилдэг гоо засалч, шилдэг үсчин, топ моделийг шалгаруулна. Наадмын үйл ажиллагаа загварын долоо хоногоор эхлэх бөгөөд тус арга хэмжээний үеэр Монголын шилдэг дизайнерууд өөрсдийн урласан бүтээлүүдээ нийтийн хүртээл болгох юм байна. Харин шилдэгүүдийг тодруулах гала тоглолт нь арванхоёрдугаар сарын 3 –нд Соёлын төв өргөөнд болох ажээ.