Categories
мэдээ утга-зоxиол

Эрдэнийн очироор батад гагнагдсан “Эгшиглэнт охин тэнгэр…”

Яруу найрагч С.Эрдэнэбатын тухай сэтгүүлч Л.Оюунчимэгийн бичвэрийг хүргэе.


“Ай охин тэнгэр минь

Арван сарын алтан бороо мэт шивэрч

Салхины түмэн үнсэлттэй цуг сормуусыг чинь норгох сон…

Хун галуудын дуу мэт эгшиг урламуй

Хус мод мэт Тэргүүнээ өргөж

Хулсан лимбэ мэт уруулд чинь хавчуулагдах сан…

Ай охин тэнгэр минь

Гоо үзэсгэлэн чинь халгай мэт сэтгэл түлмүй

Галын бурхан байтлаа, би шатмуй…”

гэж гал цогтойгоор өөрийгөө тунхаглан гарч ирсэн Хэнтий аймгийн Батноров сумын харьяат санхүүч, сувилахуйн мэргэжилтэй Сандагдоржийн Эрдэнэбат нь 1984 оноос шүлэг зохиол оролдож эхэлжээ. 2018 онд МЗЭ-д гишүүнээр элссэн Тэрээр “Ижий совин”, “Сэтгэлийн хайлан”, “Санахын аястай гуниг” зэрэг яруу найргийн номууд хэвлүүлжээ. 2018 оны хоёрдугаар сард “Гэрэл сүүдэр” яруу найргийн наадамд тэргүүн байр, 2019 онд “Хөх сүм” яруу найргийн наадамд тусгай байр, “Монгол бахархал” яруу найргийн наадмын дэд, “Ээжээ дуулъя” дууны шүлгийн уралдаанд хоёрдугаарт, “Хаан зүгийн нутаг” дууны шүлгийн уралдаанд гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.

Урын сандаа 20 гаруй дуутай бөгөөд АЖ А. Энхтайван аялгууг нь зохиосон “Зосын хүлэг”, “Зосын гол”, “Эх орон”, “Талын түмэн адуу”, хөгжмийн зохиолч Л. Эрдэнэцогттой хамтран “Ээжээ дуулъя”, СТА Б. Бадралын аялгуу “Санасан сэтгэл”, СТА Чинбаяр “Жаргая хоёулаа” зэрэг дуутай ажээ.

Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Оюуны жимс” яруу найргийн наадам болон Монгол тулгатны “Боржигдой цэцэн” яруу найргийн наадамд амжилттай оролцсон Тэрээр сэтгэлгээний шүлгийн шандсыг илтгэсэн уран бүтээлээрээ аргагүй тод ялгардаг.Өөрийн гэх хувь тавилантай түүний шүлгүүд сэтгэлийн гэгээн уулга учирлалтай, торгомсог мэдрэмж, сэрэхүйн гижиг асаасан тод ялдамхан сонстож буйд олзуурхнам.

Зорго, зориг хоёрыг ихэрлүүлэн шүлэг бичиж эхэлсэн Энэ бүсгүйн үг бүр нь амьдралаас олж авсан туршлага нь гоо тэнүүний орчлонд адарсан, аргадсан сэтгэлийн “гуйлга” байж мэдэх юм. Хорин хэдхэн насандаа шүлгээ тэрлэж явсан Түүнийг хувь заяагаа дэнсэлж бичсэн шүлгүүдээ лааны дөлөнд шатааж л суусан гэж бодохоор халаглан харуусмаар… Алдаанаас оноог олж харах нь найрагчийн ухаарлын сэжим сэрхийлгэх цаг нарны орчил юм. Найрагчийн сэтгэлийн долгисол шүлгээрээ амилдаг. Бэхийг бэхэлж, бэрхийг туулах эрхэм замын эхэнд ирсэн уран бүтээлч бүсгүйдээ сэтгэлгээний чанадад орон зайгаа олсон мэдрэмж голлосон үгээр орчлонтой эвлэж, тэрлэж үнэн мөнийг олох гэсэн, гоо анир сонсогдох мэт шүлгүүдээрээ цахиур хагалж буйд бахархнам. Тийм ээ! “Таалагдах л гэж үгс урладаг юм уу, эсвэл төлөөлөл болгож тэнгэрийн “Хэл”-ийг шивнэдэг юм уу. Тааж мэдэмгүй.”

Тэрээр өдөр шөнөгүй цахилж одох үгсээ хаших гэж цаг хугацаатай уралдан явнам. “Харснаа л үнэн гэж бодох төөрөгдлийн манангаас хэзээ салж, хоосон хийгээд бодит чанарын ялгааг яаж таних билээ”, “…Болно доо хэмээн зүрхээ амраасан ч, Босго давах ухаан минь энд алга…” хэмээн эргэцүүлнэ. Түүнийхээр төөрөг заяаны харгуйд танилцаад явж буй хүмүүний хувь тохиолд гэрэл мэт болсоор явбал сайхан буюу. Амар амгалангийн чуулганаа наран мэт гэрэлтэж он цагийг элээвээс хичнээн сайхан, хэрхэн явсныг хүмүүн бүхэн өөр өөрийн тааллаар сонгоно буй за.

2021 онд Монгол тулгатны 221 найрагч оролцсон “Ярууслын чуулган” яруу найргийн наадмын “Шилдэг 9”-д шалгарсан ганц эмэгтэй найрагч хэмээх хүндэтгэлийг авчирч өгсөн түүний шүлгүүд ”Ассан гал шиг илчтэй, Аагсан ган шиг иртэй”.

Ертөнцийн гоо сайхныг анирлаж мэдрэх нь яруу найрагч бүрийн араншин бөлгөө.

“… Шаргал наран яаран шувуудын жигүүрт гэрлээ зүүгээд

Шангуухь ертөнцийн зүг Янжинлхам бурхны дэргэд залруулав, ай хүмүүний үрийг ээ

Тунгалаг тэнгэрийнхээ дор сэтгэлийн мөрөнг цалгиагаад

Тунгаамал орчлонг мөнхлөөд одов, ай хүмүүний үр ээ…” хэмээх мяндсан утас шиг шүлгийн мөрүүдээр нь өндөрлөхийн өмнө яруу найрагчийн шүүгч нь зүрх сэтгэл, яруу сэтгэлгээний боловсролыг цаг хугацаагаар хэмждэгийг бодолцвол оломгүй далайн оёоргүй ёзоорт оюун билгээрээ хүртүгэй хэмээн ерөөмүй.

Эцэст нь морь, бөх хоёр нарийн уялдаа холбоотой байдгийн адил, улс төр яруу найраг хоёр сүнслэг шижим барилдлагатайг бодолцвол Хэнтий аймгийн Бэрх тосгоны авьяаслаг энэ найрагч бүсгүйд “оюун сэтгэлгээний бүтээн байгуулалт”-ын он жилүүд өмнө нь дурайж байх мэт ээ. Миний төрсөн нутаг Говь-Алтай аймагт хэдхэн жилийн өмнө “Болор цом” зохиогдоход Билэгсайханыг биш, хаа байсан Ховдынхон хоёр дахь “Болор цом”-ын эзнээ төрүүлнэ… хэмээгээд Хөөдэйн Эрдэнэбаатарын дараа М. Отгонбаярыг “шовс хийтэл” татсан явдал болсон л юмдаг.

Хувилгаан шинжтэй, хутагтын хувьтай нэрт яруу найрагчийн

“…Амьдрал мөнхийн зүүд минь, Тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь…” хэмээх гайхам мөрүүдээр хөрөг нийтлэлээ өндөрлөнөм.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Албан татвар төлөгч иргэн Хувь хүний орлогын албан татварын тайланг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор цахимаар харьяа татварын албандаа хүргүүлээрэй.

Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах албан татвар төлөгч албан татварын тайлан гаргах үүрэгтэй бөгөөд уг тайлан нь түүнийг албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримт болно.

НЭГ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “хувь хүн”-ээс худалдан авсан бол эхний жилд дараах материал шаардлагатай:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  4. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” /төлбөрийн даалгаварын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. “Худалдах худалдан авах гэрээ”
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

ХОЁР. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууцыг “барилгын компани”-аас худалдан авсан бол эхний жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  4. “Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх” дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулна.

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Худалдах худалдан авах гэрээ
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

ГУРАВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  2. “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДӨРӨВ. Анх удаа амьдран суух зориулалтын орон сууц барьсан эсвэл худалдан авсны хөнгөлөлт, чөлөөлөлт үргэлжлүүлэн эдлэх бол дараах материалыг бүрдүүлнэ:

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. Үл хөдлөх эд хөрөнгийн серийн дугаар /Ү-дугаар цахим/ автомат

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Тайлант оны дундуур худалдсан борлуулсан тохиолдолд өмчилж байсан хугацаанд төлсөн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

  1. “худалдах, худалдан авах гэрээ”
  2. “Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн татвар төлсөн баримт” ТУНС-аас авах
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ТАВ. Дотоодын сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар
  5. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

Шаардлагатай ториолдолд

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлот /файлаар/
  2. Орлого нотлох баримт

ЗУРГАА. Гадаадад сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт” /файлаар хавсаргах/
  4. “Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/

Шаардлагатай ториолдолд

  1. Дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэдтэй бол засаг даргын тодорхойлот /файлаар/
  2. Орлого нотлох баримт

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
  2. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  3. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна

ДОЛОО. Суралцаж байх хугацаандаа татвар төлсөн бол сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт

Цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдана.

  1. “Татвар төлөгчийн иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  2. “НД-ийн лавлагаа” ХУР системээс автомат
  3. “Сургуулийн тодорхойлолт” /автомаар эсвэл файлаар хавсаргах/
  4. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт /төлбөр төлсөн цахим төлбөрийн баримтын дугаар/

Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.
Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

Гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргажээ

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дугаар сарын 03-09-ний өдрүүдэд гал түймрийн 30, аврах ажиллагааны 5, нийт 35 удаагийн дуудлагаар НОБГ-т ирсэн. Дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрээс 970 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалж, гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж ажилласан байна.

Мөн хугацаанд гал түймэрт өртөж 4 иргэн түлэгдэж гэмтсэн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом-39” наадмын тавдугаар байрын шагналт Н.Мөнхбаярын шүлэг

Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам өчигдөр Соёлын төв өргөөнд болж, яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн билээ.

Аман хүзүүнд яруу найрагч Т.Бямбасүрэн, гуравдугаар байрт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, дөрөв, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, яруу найрагч Н.Мөнхбаяр нар шалгарав.

Энэ жил тус наадамд хот, орон нутгаас нийлсэн 144 бүтээл бүртгэгдсэнээс 25-ийг нь хоёрдугаар шатанд тэнцүүлж, тайзнаас шүлгийг нь дуудуулсан юм.

Энэ жилийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулав. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр байлдаг билээ.

Ийнхүү “Болор цом”-ын тавдугаар байрын шагналт, яруу найрагч Н.Мөнхбаярын шүлгийг уншигч танаа хүргэе.

1.

Өндөр Өлзийтийн овоон дээрээс эргэн тойрноо хараалахуй

Өнө мөнхийн орой дээрээс түр зуурын юмсыг харах шиг

Өргөн бэлээс нь цааш л мөнх бусын хорвоо үргэлжлэх шиг нүсэр харагдана

Он цагийн хувьсал ээлжийг хормой бэлдээ зааглан үлдээж

Орчлонгийн мөнх бус дундаас арал шиг тусгаар харагдана

Хар багаас харж өссөн өндөр Өлзийт хайрхан

Хагдарсангүй, шинэдсэнгүй, хаваршсангүй, намаршсангүй

Үүрд эрхэмсэг дүр нь хувирсангүй

Өнөд нэг л янзанд нь цаг хугацаа холдсонгүй ээ

Өөр бусдын хугацааг хэмжихийн тулд

Өнөх орших үүрэг хүлээсэн мэт

Уулсын цуурайнд тэнгэр дүлий

Шувууд эзгүй

Униарт алсад нь үүлс дагшин

Сэр зэлүүд

Ульж цоройсон оргилууд нь тэрс

Жавар исгэлэн

Умрын салхинаас өрсөж хөндөлссөн

Хангай Хан

Уулсынхаа сүрээс ургаж боссон онго овооноо

Удаж, удаж насны орой ирлээ

Удам судрын минь мөр, амьд анхилга

Урдаас шившиж намайг ариулан байна

Олонхид автаж бас нөхдийн сэтгэлийг бодож

Огт худлаа ярианд ч толгой дохиж явааг минь

Олз ашиг болоод гарз түйтгэр алинд ч

Оргил шиг буюу огторгуй шиг байгаагүйг минь өршөө

Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом-39” наадмын дэд байрын эзэн Т.Бямбасүрэнгийн шүлэг

Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах 39 дэх удаагийн “Болор цом” яруу найргийн наадам өчигдөр Соёлын төв өргөөнд болж, яруу найрагч Б.Болорцэрэн түрүүлсэн билээ.

Аман хүзүүнд яруу найрагч Т.Бямбасүрэн, гуравдугаар байрт “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц, дөрөв, тавдугаар байрт “Болор цом”-ын эзэн Д.Галсансүх, яруу найрагч Н.Мөнхбаяр нар шалгарав.

Энэ жил тус наадамд хот, орон нутгаас нийлсэн 144 бүтээл бүртгэгдсэнээс 25-ийг нь хоёрдугаар шатанд тэнцүүлж, тайзнаас шүлгийг нь дуудуулсан юм.

Энэ жилийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулав. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр байлдаг билээ.

Ийнхүү “Болор цом”-ын дэд байрын шагналт, яруу найрагч Т.Бямбасүрэнгийн шүлгийг уншигч танаа хүргэе.

Сэдэв болох энэ түүхийг би

Сэхээн амьдруулахын хүндэт эмчээс сонссон юм

Ажлаа л хийж жаргадаг залуухан эмч байж

Амь тэнссэн хүсүүсийг авардаг байж

Эмнэлэгтээ л байхдаа цовоо сэргэг, цог галтай

Эргэн тойрондоо эрчим нь мэдрэгддэг хүү байж

Ганцхан ээжтэйгээ галаа тойрч аж төрдөг тэр

Гардаж эдгээсэн бүхнээ ам бүл минь гэдэг байж

Улиас навчаа гөвөөд л хатаж бутрахын чийхарсан дуутай

Урт намрын үдэш амьдрал үхлийг зааг дээрх

Амьсгал, зүрх нь зогссон хөөрхий эмэгтэй ирж

Амьдруулах гэж өчнөөн эмч, сувилагч тэмцэж

Залуу хүний гар шалмаг

Залгаа залгаа шаардлагатай бүхнийг хийж гэнэ

Цаг илүү оролдоод авралгүйтэй эвлэрч

Царай төрх бүхэнд гуниг мэлтэлзэж

Анхи шанааг нь дагаад хөлс урссан сувилагч охин

Ар гэрийнхэнд нь одоо мэдэгдэх үү гэж

Эмч залуу өөдөөс нь ч харалгүй толгой дохих

Энэ төрх урьдынхаасаа нэг л хөндий санагдаж

Хүүхэд бүрийн хайрыг татдаг буурал асрагч

Хүн ирээгүй бололтой гээд үүдэнд зогсож байж

Аниргүй эгшин лунл өнөөх эмч талийгч руу тонгойсноо

Амьдралын будантай зулайг нь өмөлзөн үнсэж

Хүүгээ уучлаарай ээжээ … гэж шивнээд л

Хүний элэг эмтрэн уйлсан гэдэг

Асрагч эмгэн л хамгаас түрүүлж ухаараад

Аяархнаар хаалгаа хаах хүртэл бусад нь ойлгоогүй гэнэ ээ

Categories
мэдээ утга-зоxиол

Яруу найрагч Б.Болорцэрэнгийн “Болор цом-39” наадамд өргөсөн шүлэг

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 24-ны орой Яруу найрагч Б.Болорцэрэн “Болор цом-39 наадмын цомыг өргөсөн. Шүлгийг хүргье.

Шүлэг бичихгүй л бол…

Шүлэг бичихгүй удвал хар дарна

Шүд уналаа гэж

Шүлэг бодохгүй өнжвөл хар санана

Зүүд хэллээ гэж

Шүлэг уншихгүй удвал зүс алдана

Шүлэг сонсохгүй өнжвөл зул шандуурна

Шүлэг бодохгүй гэвэл чадахгүй мэт

Шүлэг бичихгүй гэвэл нүгэл мэт

Ээжээс ч их бодогдоод ирэх

Ханиас ч илүү санагдаад үлдэх

Энэ шүлгийг хэн илгээнэ вэ

Ээж минь л байх…ээж л байх

Ургахаа умартдаггүй наран шиг

Урсахаа мартдаггүй мөрөн шиг

Шүлэг бодоогүй өдрийг санахгүй

Шүлэг хүсээгүй үдшийг мэдэхгүй

Ээж болсон өдөр минь шүлэг

Ээжгүй болсон өдөр минь шүлэг

Ааваа баярлуулах ганц зам

Амьд яваа минь шүлэг мэт

Шүлэг бичихгүй л бол

Эхийн ачийг санахгүй би

Шүлэг бичихгүй л бол

Элдэв өвчнөөс салахгүй би

Номын сангаа эмийн сангаар солино

Номын мөрөө ховын үгээр хөөнө

Ой санамж, үнэр амтаа алдана

Охин үр, үндэс угсаагаа ч мартана

Хүнээ больсон ч хүйсээ сольсон ч

Хөөрхий шүлэг минь гэвч намайг орхихгүй

Эр буруулавч нэр хөөдөвч

Эвий шүлэг минь гэвч надаас ичихгүй

Ийм болоод л

Өглөөг нүүр бардам угтана

Өчигдөр би хэнийг ч гомдоогоогүй

Өнгөрсөнөөс харамсал үл олно

Өдөр бүхий гараар шүлэг бичих минь учиртай

Наран жаргаад хаачдагийг мэдэх үү

Надад шүлэг авчрахаар явдаг юм

Найрагч охинтой гэж гүн итгэсэн

Ээжээс бэлэг аваад ирдэг юм

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

Яруу найрагч Б.Болорцэрэн “Болор цом-39” наадмын цомын эзэн боллоо

“Болор цом-39 яруу найргийн наадам боллоо.

Яруу найргийн наадмын эхний даваанд 144 шүлэг ирснээс 25 нь тунаж үлдсэн билээ.

Харин сүүлийн шатанд

  • Б.Болорцэрэн,
  • Н.Мөнхбаяр,
  • Л.Моломжамц,
  • Т.Бямбасүрэн,
  • Д.Галсансүх нар үлдээд байсан юм.

Тус наадамд Б.Болорцэрэн Т.Бямбасүрэн нар оноо тэнцэж дахин нэг шүлэг уншлаа. Онооны илүүгээр яруу найрагч Б.Боролцэрэн тодорч “Болор цом-39″ наадмын цомыг өргөлөө.

No description available.


No description available.

Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом” яруу найргийн наадмын шилдэг тав шалгарлаа

Өнөөдөр “Болор цом-39″ яруу найргийн наадам болж байна.

Эхний даваанд 144 шүлэг ирснээс 25 нь тунаж үлдсэн. Харин одоогийн байдлаар шилдэг 5 яруу найрагч шалгараад байгаа юм.

Үүнд:

  • Б.Болорцэрэн,
  • Н.Мөнхбаяр,
  • Л.Моломжамц,
  • Т.Бямбасүрэн,
  • Д.Галсансүх

Өнгөрөгч оны “Болор цом” наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлсэн. Харин энэ жилийн шүүлтийг ардчилсан зарчмаар явуулна гэж Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо наадам эхлэхээс өмнө мэдээлсэн

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

Өнөөдөр “Болор цом”-ын эзэн тодорно

39 дэх “Болор цом” яруу найргийн наадам Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Эхний даваанд 144 шүлэг ирснээс 25 нь тунаж үлдээд буй. Харин өнөөдөр эл наадмын шалгаруулалт Соёлын төв өргөөнд 17 цагаас болох юм.

Хоёрдугаар шатад шалгарсан 25 найрагчийн мэдээлэл:

  1. Б.Алтанхуяг
  2. М.Амархүү
  3. Б.Батсайхан
  4. М.Баттөмөр
  5. Б.Баттулга
  6. Т.Баянсан
  7. Б.Болорцэрэн
  8. Тө.Бямбасүрэн
  9. Д.Галсансүх
  10. Д.Гансаруул
  11. Э.Гантулга
  12. Б.Жамбалдорж
  13. Н.Минжинсайхан
  14. Л.Моломжамц
  15. Д.Мөнхбат
  16. Н.Мөнхбаяр
  17. Ц.Намуундарь
  18. С.Начин
  19. В.Нэргүй
  20. Д.Одгэрэл
  21. М.Отгонбаяр
  22. С.Ууганбаяр
  23. М.Уянсүх
  24. Б.Чулуунцэцэг
  25. Б.Эрдэнэ-Очир

Өнгөрөгч оны “Болор цом” наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлсэн. Харин энэ жилийн шүүлтийг ардчилсан зарчмаар явуулна гэж Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо мэдээллээ.

Тэрбээр “25 найрагчийн зургаа нь “Болор цом”-ын эзэн болж байсан хүмүүс. Наадмыг МЗЭ-ийн Их чуулганаас шинээр байгуулагдсан Удирдах зөвлөлийн гишүүд нээлттэй, ардчилсан, шударга зарчмаар шүүнэ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом-39” яруу найргийн наадам энэ сарын 24-нд Улаанбаатар хотод болно

Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг “Болор цом 39” яруу найргийн наадмыг энэ сарын 24-нд хийхээр товлосон талаар зохион байгуулагчид нь өнөөдөр мэдээллээ.

Наадам энэ удаад Улаанбаатар хотод болох бөгөөд эхний шатанд хот, хөдөөгөөс нийт 144 шүлэг ирсэн. Эдгээрээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын тайзан дээр шүлгээ уншиж өрсөлдөх юм.

МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, яруу найрагч Б.Ичинхорлоо “Болор цом яруу найргийн наадмаар нэгэн жилд бүтээсэн шилдэг шүлгүүдээ уншигчдадаа зориулан уншдаг. Мөн тухайн жилийн онцлог, нийгэм, улс төрийн амьдралыг уран бүтээлээрээ дуурсгадаг, уран бүтээлч, уншигчдын гүүр болдог амьд наадам. Яруу найрагчдын онгод хийморь нь ямар ч хэцүү хүнд нөхцөлд Монголынхоо төлөө дуулсан эгшиг яруу сэтгэл нь хэзээ ч зогсдоггүй гэдгийг энэ наадам маань харуулдаг” гэлээ.

“Болор цом 39” наадмын онцлог:

  • Оролцохоор шалгарсан 25 найрагчийн зургаа нь “Болор цом”-ын эзэн байна.
  • Наадмыг 2021 оны арваннэгдүгээр сарын 12-нд болсон МЗЭ-ийн Их чуулганаас шинээр байгуулагдсан Удирдах зөвлөлийн гишүүд нээлттэй, ардчилсан, шударга зарчмаар шүүнэ.
  • Цар тахлын онцгой үед тохиож байгаа тул МЗЭ энэ удаагийн наадмаа ахмад гишүүд, үнэнч үзэгчдэдээ урилгаар үзүүлэхээр шийдээд байна. Гэхдээ УОК-оос тавьж байгаа шаардлагын дагуу халдвар, хамгааллын дэглэмийг баримталж, үзэгчийн тоог хязгаарлана.
  • “Болор цом 39” наадамд уншсан бүх шүлгийг “Mon nom” аппликэйшнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс үнэ төлбөргүй байршуулах тул хүссэн хүн бүхэн сонсох боломжтой.
“Болор цом” наадмын тэргүүн найрагчид Монголын Зохиолчдын эвлэлийн болор цом, мөнгөн шагнал болон наадмыг хамтран зохион байгуулагч МҮОНРТ Эгшиглэнт эх Янжинлхам бурхныг гардуулдаг уламжлалтай.

МҮОНРТ нь 1983 оноос хойш жил бүрийн “Болор цом” наадмын бичлэгийг хийж, Монголын үзэгч, сонсогчдодоо бүрэн эхээр нь хүргэж ирсэн. Энэ жилийн хувьд МҮОНТ “Болор цом 39” наадмыг Шинэ жилээр үзүүлэхээр төлөвлөжээ.

“БОЛОР ЦОМ-39” наадамд шалгарсан найрагчид:

  1. Б.Алтанхуяг
  2. М.Амархүү
  3. Б.Батсайхан
  4. М.Баттөмөр
  5. Б.Баттулга
  6. Т.Баянсан
  7. Б.Болорцэрэн
  8. Тө.Бямбасүрэн
  9. Д.Галсансүх
  10. Д.Гансаруул
  11. Э.Гантулга
  12. Б.Жамбалдорж
  13. Н.Минжинсайхан
  14. Л.Моломжамц
  15. Д.Мөнхбат
  16. Н.Мөнхбаяр
  17. Ц.Намуундарь
  18. С.Начин
  19. В.Нэргүй
  20. Д.Одгэрэл
  21. М.Отгонбаяр
  22. С.Ууганбаяр
  23. М.Уянсүх
  24. Б.Чулуунцэцэг
  25. Б.Эрдэнэ-Очир