Categories
мэдээ утга-зоxиол

Утга уран зохиол хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? DNN.mn

Уран зохиол нь сэтгэл хөдлөл давамгайлсан аливаа урлагийн бүтээл, бичгийн илэрхийлэл бөгөөд өөрийн гэсэн хэрэгсэлгүй гэдгээрээ бусад урлагаас ялгаатай юм.

“Уран зохиолын бэрхшээл нь бичихдээ биш, хэлэх гэж байгаа зүйлээ хэрхэн илэрхийлэхэд оршдог.” Роберт Луис Стивенсон

Түүнчлэн бидний харж, хүлээж авдаг зүйлсээс илүү өргөн хүрээтэй байдаг ба хил хязгаар нь бидний амьдрал, уламжлал, соёл, нийгмийн харилцаа, үндэсний эв нэгдэл гэх мэт олон зүйлийг давж гардаг. Энэ нь бидний хувьд бодит байдлын тусгал, урлагийн бүтээгдэхүүн, үзэл суртлын цонх болдог. Яруу найраг ч бай, утга зохиол ч бай, уран зохиол нь түүнийг бүхэлд нь эзэмшсэн хүнд ухаарал, мэдлэг, мэргэн ухаан, сэтгэл хөдлөлийг өгдөг.

Уншихын ашиг тус нь маш өргөн хүрээтэй бөгөөд уран зохиолын ач холбогдлыг хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжихээс эхлээд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, ерөнхий мэдлэгийг сайжруулдаг учраас уран зохиол хүний амьдралд маш чухал байдаг. Номоор дамжуулан хүн өөр ертөнцөд очиж болно.

Ингэснээр та ном уншиж байх хугацаандаа өөрийн бодит байдлаас бүрэн холдож сэтгэл санаагаараа өөр газар очиж чадна. Уран зохиол нь таныг хаана ч аваачих боломжтой бөгөөд таны төсөөлөл цорын ганц хязгаар нь юм.

“Маш бага хэмжээний уран зохиолыг бичихийн тулд асар их түүх хэрэгтэй.” Хенри Жеймс

Ном уншсанаар стрессийг бууруулах, тайвшруулах батлагдсан арга бөгөөд оюун ухаан, бие махбодод эерэг нөлөө үзүүлдэг нь олон тооны судалгаагаар батлагдсан. Таны сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэхээс гадна цусны даралтыг бууруулж, зүрхний цохилтыг тогтворжуулахад тусладаг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Хөдөлмөрийн баатар Т.Галсан: Б.Ринчен, С.Удвал багшид минь очих шагнал шавьд нь ирлээ DNN.mn

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Эрхэм зохиолчийг баатрынхаа тэмдгийг гялалзуулан Монголын зохиолчдын эвлэлдээ ирж хүндэтгэл үзүүлэх хооронд нь цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм дээд хүндэтгэлт цол хүртсэнд баяр хүргэе?

-Надад Соёлын гавьяатын тэмдгийг Н.Багабанди гуай өгсөн юм. Хоёр жилийн дараа Ардын уран зохиолч цолны тэмдгийг мөн Багабанди гуай сүүлийнхээ зарлигаар олгож байлаа. Түүнээс хойш 20 жилийн дараа Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Энэ бол Монголын их утга зохиолыг шагнасан шагнал юм. Намайг хүмүүс ямар намын гишүүн бэ гэдэг. Би хариуд нь “Монголын зохиолчдын эвлэл хэмээх намын гишүүн” гэдэг. Яагаад гэхээр үзэл бодлоороо, итгэл үнэмшлээрээ, үйл хэргээрээ нэгдсэн, тэр үйл хэргийн төлөө тэмцэж явах тийм хамт олныг нам гэдэг байхгүй юу. Би Зохиолчдын эвлэл хэмээх намын гишүүн болох гэж таван удаа өргөдөл өгөөд бүтээгүй. Тэгээд бүр сүүлд Галсан Зохиолчдын эвлэлд элсүүлэх тухай хэлэлцлээ. Тэгтэл Д.Наваансүрэн дарга “ Энэ удаа Галсанг больё. Учир нь Галсангийн тодорхойлолтыг нарийн бичгийн дарга нар өөрсдөө гаргасан байна. Манай Зохиолчдын эвлэлийн дүрэмд нарийн бичгийн дарга нар гаргах ёсгүй, зохиолч гаргах ёстой гэж заасан” гэдэг юм. Намайг батлан даасан хүн нь Б.Явуухулан, С.Дашдооров хоёр. Тэгтэл Явуухулан “Галсан чи ямар арчаагүй нөхөр вэ. Гар л даа, гадаа үүдэнд улаан Дулмаа дууны үг батлуулах гээд сууж байгаа. Миний өгсөн цохолтыг тэр Дулмаагаар хуулуулаад аваад ир” гэж билээ. Тэгж л би сая гишүүн болж, Зохиолчдын эвлэл хэмээх их айлын өндөр босгыг алхсан. Зохиолчдын ордны барилгыг мэдээж барилгачид барьсан. Гэхдээ барилгын суурь босгох хүрмэн чулууг нь “хар” Зана бид хэд үүрч явсан удаатай. Биднийг хараад Явуу, Пүрэвдорж энэ хэд маань янжуурын утаа суунаглуулан тас тасхийн инээж зогсож байсан сан. Би тэгэхээр Зохиолчдын хорооны байшин босоход тулгын чулууг нь үүрч явсан хүн юм. Эх хэлээ, бичиг соёлоо хамгаалдаг, эх орныхоо төлөө, мөнхүү бусдын харанхуй цээж рүү ганц шүдэнзний дайтай гэрэлтэй үг хэлэхсэн гэж бодож явдгийн хувьд Монголын зохиолчид бурхад байдаг юм шүү.

-Та бол 1957 онд МЗЭ-ийн хоёрдугаар хуралд оролцож байсан түүхэн хүмүүсийн нэг. Энэ тухай дурсахгүй юу?

-Би Монголын зохиолчдын хоёрдугаар их хуралд оролцож байсан хүн юм. Хоёрдугаар их хурал Монголын үйлдвэрчний эвлэлийн танхимд болсон. Тухайн үеийн хамгийн том танхим нь тэр. Төрийн ордны баруун талын байр шүү дээ. Улс төрийн товчоо бүрэлдэхүүнээрээ, мөн Оросоос, Хятадаас зохиолчид ирж оролцож байсан. Тэнд Өмнөд Монголоос ирсэн Малчинхүү гэдэг зохиолчоос Ринчен багш “Та зохиолоо ямар хэлээр бичдэг вэ” гэж асуутал “Хятад хэлээр” гэж хариулав. Ринчен багш “Та тэгвэл Малчинхүү биш ногоочинхүү байх нь ээ” гэж хэлж байв. Тэр хуралд МУИС-иас аугаа их Бямбын Ринчен багш минь, мөн НҮБ-ын төв индэр дээрээс Монгол Улсаа төлөөлж үг хэлсэн Дондогийн Цэвэгмид багш, мөн бидэнд эртний уран зохиолын хичээл орж байсан Цэндийн Дамдинсүрэн багш, уран зохиолын онол замналыг минь хөтөлсөн Шанжмятавын Гаадамба багш нар оролцож байсан. Манай Их сургуулийн Утга зохиолын дугуйлангийн эрхлэгч Сугарын Цэдэв гэж мундаг хүн ирлээ. Багшийн сургуулийн багш Дашдорж гээд хүмүүс таслах эрхтэй төлөөлөгчөөр оролцсон. Мань мэтийн юмнууд бол их сүрэг бараадаж явдаг, ойртохоор азарга хасаад оруулдаггүй үрээ шиг хэдэн хүүхдүүд хурлын танхим дүүргэх хэрэгтэй гээд орж байгаа нь тэр. Миний хувьд 1962 оноос буюу одоогоос нэгэн жарны өмнөөс зохиолчдын гуравдугаар их хурал жинхэнэ гишүүнээр оролцсон. Тэр хурлын үеэр аймаг аймгаас ирсэн зохиолчид яаж бүгдээрээ том зохиолч болох уу гэдэг асуудал хэлэлцлээ. Архангайгаас О.Цэнд, халзан Базаррагчаа, Завханаас Ванчаарай гээд ирлээ. Бид ярилцаад “Энэ томчууд гэдэг чинь нэг л роман бичсэн юм байна. Хоёр гурван роман бичээд л урд нь гарч болох юм байна” гэж андуурч байлаа. Тэр цагаас аугаа их зохиолчидтой лонхны бөглөө, сэтгэлийн таглаа нээх үүд нээгдсэн юм. Л.Ванган гуайгаас “Бидний сул тал юу байна” гэж асуухад, та нар жаахан ерөнхий бичих юм даа. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэлд мөр гарахааргүй бамбалзаад өнгөрчихөөд байна. Уг нь сэтгэл дээр хүүхнээр бол өндөр өсгийтийнх нь мөр гарах нь ээ дээ гэв. Тэгтэл өнөө О.Цэнд чинь Ванганы өөдөөс “Таны яриа ч гэсэн ерөнхий л байна ш дээ” гэдэг юм. “За тэгвэл би тодорхой ярья” гээд Ванган, жишээ нь хөдөлгөөний дүрмийг биелүүлье гэж ярьдаг бичдэгээс болоод хүмүүс осолд ороод байгаа юм. Энэ бол дэндүү ерөнхий. Үүний оронд замын голд ортлоо зөвхөн баруун гар талаа харж яв, зүүн тийшээ битгий хар. Замын голоос цаашаа баруун тийшээ битгий хар, зөвхөн зүүн талаа хар, тэгээд л чи амьд байна гэж тов тодорхой хэлж билээ.

Лодойдамба гэдэг тэр аваргаас бидэнд зөвлөх юм юу байна гэхэд, их унш хүүхдүүд ээ. Бусдын зохиолыг төдийгүй өөрийнхөө зохиолыг олон дахин уншиж бай. Гайгүй онож бичсэн юм аа мэддэг юм, мөн даан ч яав даа гэдэг алдаагаа залруулдаг юм. Дээрээс нь бусад хүнд зохиолоо уншиж өгч бай. Хүн чиний зохиолыг нүдээрээ чагнаад байгаа бол тэр зохиол болж байгаагийн шинж. Чихээрээ сонсож байгаа бол шал дэмий юм болжээ гэж бод гэв. Бид яагаад гэж лавлатал “Нэг чихээр орж байгаа юм нөгөө чихээр гардаг. Харин нүдээр орж байгаа юм тархи руу ороод тэгээд зүрх рүү ордог” гэв. Аваргууд маань ингэж сургаж зөвлөдөг байлаа. Дөрөвдүгээр их хуралд явах болтол нөгөө эсэргүү илрээд тагнуулд танигдаад намын даалгавраар үзэг нэгт нөхдийнхөө өмнөөс ганцхан хүн цөллөгөнд явсан, би юм шүү. Зохиол бичсэний төлөө. Миний өмнөөс хөдөлмөрийн баатар Бат-Очир гэдэг хүн зохиолчдын их хуралд явсан. Зохиолч биш хүн яахаараа зохиолчдын хуралд төлөөлөгчөөр ирдэг юм гэж Нямбуугийн Нямдорж “муу Галсанг минь яагаад ирүүлсэнгүй вэ” гэх утгаар асуутал “Та нарын бичих зохиолын чинь баатар би байна” гэсэн гэдэг.

Хөдөлмөрийн баатар Т.Галсан, СГЗ Б.Ичинхорлоо

-Тэгж явахдаа юм уу даа, Та хожмын төрийн шагналт нэрт зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийд очсон онигоо маягийн яриа байдаг?

-Пүрэвсүрэн “Надад хоёр чухал зүйл надад зааж өгсөн хүн” гээд сайхан аашаа хүрэхээрээ намайг багшаа гэх нь холгүй байдаг. Тэр хоёр зүйл нь юу вэ гэвэл эхнийх нь хоол зальдахыг зааж өгчээ, би. Тэр нь хоолоо идчихээд гүйж гараад элсээр нүүрээ угаагаад дахиад зогсохоор хоол идээгүй байна гээд өгдөг байхгүй юу. Үүнийг зааж өгсөн. Мөн уран зохиолын дугуйлан гэж байдгийг зааж өгсөн байдаг. Тэр хурлын үеэр эсэргүү нэртэй өнөө муу Галсан Пүрэвсүрэнгийндээ очлоо. Манай Пүрэвсүрэнгийн хадам аав чинь Хятадад элчин байсан, Аюулаас хамгаалахын сайд байсан Чулуунбаатар гэж хүн. Хадмуудынхаа тухай Пүрэвсүрэн шүлэг бичсэнээ надад уншлаа.

“Айдаа хүний нэрийг мөн

Айхтар онож өгөх юм

Чулуунбаатар нэртэй

Чулуу шиг зүрхтэй хүн байх юм

Ай даа хүний нэрийг мөн

Айхтар алдаж онож өгөх юм

Буянзаяа нэртэй

Буянгүй чавганц байх юм” гэж уншлаа. Пүрэвсүрэнгийндээ элчингээс ирсэн гал охь(спирт)-ийг хүүхдийн зохиолч Р.Ядмаа, миний шавь Загдын Түмэнжаргал бид хүртлээ. Зарим нөхдөд 80-100 граммаар найруулж өгдөг өнөөх гал охио бид гуравт болохоор 150 граммаар найруулж өглөө. “Зохиолчдын хуралд би суумаар байна. Надад нэг урилга олоод өгөөч, чамд бол олдоно доо” гэж Пүрэвсүрэндээ хэллээ. Тэгтэл “Чи намайг хэдэн удаа хөөдөх гээд байгаа юм бэ” гээд тасхийтэл алгаддаг юм.

-Яаж байгаа нь тэр юм бол?

-Пүрэвсүрэнгийн намайг тэгж алгадах нь аргагүй юм. Миний “Тэмүүлэл” гэдэг найраглалыг “Залуучууд” сонинд хэвлэснээрээ Пүрэвсүрэн буруудсан. Тэр найраглалын хэсэг хэвлэгдсэний төлөө Сугарын Цэдэв эрхлэгч намааасаа хөөгдсөн, ажлаасаа хөөгдөөд, Зохиолчдын эвлэлээс хөөгдөөд гудманд хаягдаж байсан. Тэр үед сонины утга зохиолын ажилтны хувьд гарын үсгээ зурснаараа Пүрэвсүрэн намаас, ажлаасаа хөөгдөх хатуу сануулга авсан нь тэр. Тэгээд намайг алгадлаа. Хүүхдийн зохиолч Раднаагийн Ядмаа Пүрэвсүрэнгийн ангийн багш байсан учир “Чи яахаараа миний найзыг алгаддаг юм” гээд Пүрэвсүрэнг алгадлаа. Загдын Түмэнжаргал чи яасан их хүн алгаддаг хүн бэ гээд Ядмааг алгадлаа. Тэгэхээр нь “Чи миний найзыг яахаараа алгаддаг юм” гээд би Түмээгээ алгадлаа. Ийм л юм болсон юм. Өнөөдөр тэгээд зохиолчийн хувьд олон оймс элээсэн, аман дээрээ адсагатай, уруул дээрээ унгастай, эрүүн дороо эсгийтэй ахмадын хувьд би баярлаж байна. Аугаа их Бямбын Ринчен багшаас минь эхлээд надад эртний уран зохиол зааж байсан Цэндийн Дамдинсүрэн багш, мөн Сономын Удвал гэж бүсгүй хүн гараа угааж байхдаа бадмаараг шигтгээтэй шижир бөгжөө угаадасны нүх рүү алдчихаад буцааж гаргуулж авч байгаатай адилхан их утга зохиолд намайг гаргаж ирсэн ачтан, ийм л буянт багш нар минь “Миний шавь овоо доо, утга зохиолд хүн болж яваа юм байна” гэж баярлаж байгаа байх. Ринчен, Удвал багшид минь очих шагнал шавьд нь ирлээ. Би Хөдөлмөрийн баатар аваад зогсож байхад Х.Цэвлээ гэдэг сэтгүүлч бас баатар болж байх юм. Тэр хүний 10 дугаар ангийн багш нь би юм шүү дээ. Ангийн багш Т.Галсан гэж бичигддэг. Ийм л ерөөлтэй юм боллоо. Ардын цолны миний булган сүүл Ардынх гэхэд Дөнгөтийн Цоодол, Шагдарын Дулмаа юм. Одоогийн надад ирсэн Хөдөлмөрийн баатар гэдэг цол над шиг хөдөлмөрлөсөн зохиолч дүү нарт минь хишгээ хайрлах болтугай. Хэрхэн хөдөлмөрлөж өдий хүрснээ би авга эгчийнхээ үгээр хэлье. Авга эгч маань манайд ирээд нутагтаа очоод намайг “муулсан” байдаг. Галсангийндаа очоод би бол жаргалаа. Харин муу дүү маань бол тамын амьтан юм байна даа, зайлуул. Шөнө орой унтахад харандаа үзэг барьчихаад хамар нь ширээгээ бүрхчихээд сууж байх юм. Шөнө сэрээд давсаг суллах гээд босоход сууж л байх юм. Үүрээр сэрээд харахад бас л сууж байх юм. Мөн ч үйл лайтай хүн юм гэсэн байдаг. Би тэгж л 100 гаруйхан ном бичсэн хүн юм шүү дээ. “Өдрийн сонин”-ы уншигч түмэнд 90 жил наадам үзэж яваа энэ өвгөний насыг, дээрээс нь түмэн олонд нэгэнд танигдаад, төр засагт үнэлэгдээд, түүхэнд үлдэх бүтээлтэй байхын өлзийт ерөөлийг дэвшүүлье. Монгол утга зохиол мандтугай. Монгол түмэн минь, хүн төрөлтнөөс хүзүү өндөр, орчлонгийн түмнээс оюун төгөлдөр явах болтугай.

Categories
мэдээ утга-зоxиол

ЯРУУ НАЙРАГ: Д.Дамдинжавын “Бүсгүй” шүлэг DNN.mn

СЭТГҮҮЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ ДАМДИНСҮРЭНГИЙН ДАМДИНЖАВ “БҮСГҮЙ ХҮН” ШҮЛГИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.

Дэлгэрэх навчтай модны бүлээн хэвлий бэлхүүс тань байдаг

Дэлбээлэх цэцэгсийн эмзэг нь бүсгүй тантай адилхан байдаг

Дэндүү тансаг солонгын өнгө нь үзэмж тань байдаг

Дэлхий од гариг бүхлээрээ эх хүн байдаг аа.

Уй гунигийг ороолон баяр хөөр цогиж явах тэр сэтгэл тань байдаг

Учралын тэнгэр эсгэн хагацлын зүг урвах нь хүртэл сайхан байдаг

Эр хүн уйлахын ганцхан шалтаг эхчүүд минь байдаг

Эргэн эргэн төрөхийн гарцаагүй шалтгаан эмэгтэй хүн байдаг аа.

Цахилж зөрөх гөрөөсний нүдэнд үзэгдсэн хорвоо таны гэнэн дурлал байдаг

Цагийн манан дундаас гэнэт цойлсон марал таны гэгээн бодол байдаг

Нүдэн нуураа хашиж дэвсэн шувуудын жигүүр хөмсөг тань байдаг

Нөмгөн орчлонг бүсэлж үүрсэн ухааны тэнхээ бүсгүй таных байдаг аа.

Яргуй дуулалдсан хаврын зөөлөн урь энхрийлэл тань байдаг

Яаж ч хичээгээд зурж чадаагүй уран бүтээл инээмсэглэл тань байдаг

Гунхаж яваа дүр тань миний сэрүүн цагийн зүүд байдаг

Гунигаа мартаж хөнтрөх мянган балга дарс харц тань байдаг аа.

Сансраас над руу нумарч татсан цагаан заадас эхийн сүүн цацал байдаг

Саранд асаж, наранд шатаж харагдах тэр гэрэл бүсгүйн гоо үзэсгэлэн байдаг

Залуугийн сайхнаа магтаалын салхинд үрж элээх нь мөхөл биш, бахдал байдаг

Санааны минь чанадад бүрэлдэх нь төрсөн бус, зурсан ертөнц байдаг аа.

Ирлэсэн мэс шиг зүрх сийчих охидын дурлал жаргал минь байдаг

Иссэн дарс мэт нулимсаа энгэрт асгах нь ихийн их хайр байдаг

Ижийдээ хэлж амжаагүй шад шүлгийн минь утга таны л тухай байдаг

Ирж буцахын хооронд энэ ертөнцдөө та нар бурхан нь байдаг аа.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” оюутны яруу найргийн наадам шилдэг бүтээлээ шалгарууллаа DNN.mn

“Чөлөөт сэтгэлгээний дуулал-2022” яруу найргийн наадам өчигдөр боллоо. Энэ жилийн наадамд МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, ДХИС, Этүгэн зэрэг их, дээд сургуулийн нийт 35 орчим оюутан бүтээлээ ирүүлсэн байна. МУИС-ийн II түвшний оюутан Э.Доржсүрэн тэргүүн байрт, МУБИС-ийн оюутан IV түвшний оюутан Э.Цогзолмаа, МУИС-ийн III түвшний оюутан Р.Өсөхбаяр нар удаах байрт шалгарчээ.

“Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадамд тэргүүн байр эзэлсэн Э.Доржсүрэнгийн шүлгийг хүргэж байна.

Дэргэд минь үнэндээ хэн ч тогтохгүй юм шиг санагддаг
Дуу чимээ, эмх цэгц, амгалан оршихуйдаа хориг
Дэндүү эмзэг бас зожиг хүн л дээ би

Ганцаардмал ийм зожиг гэхдээ
Өдөржин гагнуур хийнэм
Гарцаагүй шийтгэл шиг мэдрэгднэм
Зарим нь хүрүүт л наалдаж
Зарим нь хүчлээд ч үл нийлэх нь
Бидний өнгөрсөн шиг бас өнөөдөр шиг санагднам

Өдөржин гагнуур хийнэм даанч сурч гийгсэнгүй
Ганцхан ийм шүлэгтэй гэртээ ирнэм

Categories
мэдээ утга-зоxиол

Бямба гариг бүр уншсан номынхоо тухай хэлэлцүүлэг зохион байгуулж хэвшжээ DNN.mn

Үндэсний бичиг үсгийн баярыг Дорнод аймагт тэмдэглэн өнгөрүүллээ. Өглөө эртлэн Тусгаар тогтнолын талбайд номд шимтэгсэд цугларч, 31 дэх удаагийн номын баярыг ёслол төгөлдөр эхлүүлсэн юм. Номын баярт, ЕБС, цэцэрлэгүүд, аймгийн Төв номын сан, хувийн номын дэлгүүр, клубүүд оролцсон.

“Шинэ хөгжил” цогцолбор сургууль эсгий урлалаар бага насны хүүхдүүдийн танин мэдэхүйн төрөл бүрийн ном урласнаа дэлгэн тавьсан бол үүдээ нээгээд нэг жилийг үдэж байгаа “Ундрах билэг” номын дэлгүүр Монголын болон дэлхийн уран зохиол, бэст сэллэр номууд, хүний хөгжлийн номууд зэрэг дөрвөн мянга орчим номдоо 15-20 хувийн хямдрал үзүүлж, хичээлийн хэрэгсэл худалдан борлуулж байсан. Үйлчлүүлэгчдээ хүйтэн шүүс, кофегоор дайлж, сонирхсон номоо гарчиглах орчин нөхцөлийг ч бүрдүүлсэн байв.

“Оюуны түлхүүр” номын клуб энэхүү номын баярт оролцож, клубээ танилцуулан сурталчлах материал тараахаас гадна хүүхдийн санхүүгийн боловсролд зориулсан номоор багачууддаа үйлчиллээ. Номд дуртай хэсэг залуус нэгдэн энэхүү онлайн номын клубийг байгуулж, бямба гараг бүрт уншсан номынхоо тухай хэлэлцүүлэг зохион байгуулж хэвшжээ.

Аймгийн Соёл урлагийн газраас ЕБС-иуд болон Төв номын сантай хамтран хүүхэд багачуудыг номд дуртай болгох чиглэлээр нэлээд ажил төлөвлөж байгаагаа энэ үеэр онцолж байлаа. Харин уншигчдын хувьд Монголын сор болсон зохиолчдыг ном бүтээлтэй нь аймагтаа урих зэргээр ирэх жилүүдэд номын баярыг илүү өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

​ Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна DNN.mn

31 дэх удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээ буюу Номын баяр нь УИХ-ын даргын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар Сүхбаатарын талбайд өчигдөр/2022.05.20/ нээлтээ хийсэн. Энэхүү арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд Сүхбаатарын талбайд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэн, энэхүү арга хэмжээнд оролцож байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулж буй “Номын баяр” тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд төв талбайд үргэлжлэх юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Дэндэвийн Пүрэвдорж найрагчийг эргэн дурсахуй DNN.mn

Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад, Ардын жүжигчин П.Хаянхярваа нар


“Хөх үндэсний гал” найргийн наадам

Хоёр мянга арван гурван оны өвлийн цагаан будан татсан гэрэлт өдөр Өвөрхангай аймгийн театрт Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж гуайн нэрэмжит “Болор цом” наадмыг жулдрайхан би эхлүүлж байлаа. Үндсэндээ түрүү жилийн эзэн дараа жилийнхээ цомыг нээдэг тэрхүү уламжлалын дагуу 30 жилийнх нь тэгш ойд түрүүлсний хувьд Пүрэвдорж гуайнхаа наадмыг “Өвгөд минь өндрийн салхи болохуйд” шүлгээрээ нээж байсан. Тэрхүү хувь заяагаа би дандаа сүслэн боддог. Пүрэвдорж гуай өөрөө санаачилж эхлүүлсэн, анхны түрүүг нь хүртсэн авшигтай эл наадмыг 80 насных нь их ойгоор өөрийнх нь нэрэмжит болон хүмүүн биеийг олсон халуун голомт Өврийн хангай нутагт нь болоход нээнэ гэдэг хувь заяа гэхээс өөр яалтай. Шүлгээ дуудчихаад, шүлгээ уншихаар гараанаас эргэх гэж буй морьд шиг тогтож ядан байгаа найрагчдынхаа дунд орж ирэхэд омог төгөлдөр байсан даа. Эрдэнэ-Очир ах минь, Хөөдөө ах минь, дархад Мийгаа ах минь, Лхамсүрэнжавын Ганзул ах минь бүгд шүлгээ унших гээд ирийтэл зогсож байсан сан. Мөн ч алтанхан сайхан он жил байж шүү. Наадмын урьд өдөр “Уран үгсийн чуулган”-д Монголын яруу найргийн их оргилууд Бавуугийн Лхагвасүрэн, Тангадын Галсан, Пунцагийн Бадарч нарын тоосон дунд орж цомын эзэн хэмээн Ичинхорлоо найрагчаар зарлуулж байснаа одоо эргээд бодох нь ээ, айх ч шиг. Их найргийн бурхдын сүрд дарагдсан бахдал дүүрэн он цаг минь.

Хоёр мянга арван долоон оны аравдугаар сарын цас будагнасан намрын орой. Их найрагчийн “Хөх үндэсний гал” яруу найргийн наадмыг зорьж яваа бидний нөхөд Шартын давааны хөтөл дээр дуу шуутайхан гарч ирэхэд зөөлөн цагаан цас бударч байлаа. Эндээс бид тэнгэрлиг найрагчийнхаа онгод билгийнх нь оргил шүтээн Эрээн уулыг харан баясаж, бүгд л сэтгэл зүрхэндээ залбирч байлаа. Хайрт хүүгийнх нь халуун зүрхний дуулал болсон “Хавар намрын цасан сархиат харлаг тахь шиг” уул нь яг л дүрээрээ угтсан сан. Алдарт Шарлингийн голыг гаталж Их Монгол уулын хаяа, Монгол Улсын минь төв цэг алтан хүйс нь болсон Бүрдийн төвд их найрагчаа дурсан суусан тэр үдшийн сайхныг би лав үгээр илэрхийлж чадахгүй нь. Төрбат ах “Нарны хорвоод аргагүй амраг, насны хань чамдаа би хайртай” хэмээх Чанцалдаа зориулсан дууг нь аньсага дүүрэн нулимстай зүрхнээсээ дуулж байсан нь чихэнд минь сонсогдсоор л байна. Санжийн Пүрэв баавай үе үе сэтгэлд гэгээ таттал зөөлнөөр инээмсэглэн, тамхины цэнхэр утаа суунаглуулан нургилтал гоё ярьж, их гүүш Цэрэнпилийн Гомбосүрэн Пүдо-тойгоо дөрөө харшуулж явсан дурсамжаасаа хуваалцан хайр бахархлын инээд татуулж эрхэмсэг сууна.

Цэцтэй найрагчийн одод тэнгэрийн дор цээж огшин, Их Монгол элсний алтан шаргал нурлагыг чимээлэн шөнийн аниргүйд хэсэгхэн алхаад өрөөнд орж иртэл өөдөөс “Мөнхийн үсэг”-ийн Ганбат ах “Эрхэм дүүгээ ирснийг Ичинхорлоо найзаасаа сонслоо. Дүүтэйгээ нутгийнхаа тэнгэр дор уулзахгүй ах нь яаж явах билээ” гээд угтдаг юм байна. Монголын хэвлэлийн зах зээлд түүчээ нь болж чухамхүү алтан үсгээр бичигдэх гавьяаны эзэд бол “Мөнхийн үсэг”-ийнхэн юм. Хишиг-Өндөрийн арван жилийн сурагч ахуйдаа тухайн үеийн “Дархан сэргэлэн” компанийн захирал Гэлэгжамцын Батмөнх гэж эрхэм хүмүүний нэрийг зурагтаар зохиолчдын амнаас олонтаа сонсч байсан. “Болор цом”-ын эздийн Эрдэнэт, Дарханаар явсан гэлт тэрэгний аялал, Дарханд болсон Төрийн шагналт зохиолчдын уулзалт, мөн Д.Нацагдоржийн шагналт зохиолчдын уулзалт эл бүхний ард “Дархан сэргэлэн”-гийн гэх тодотголт Баянхонгор нутгийн хүмүүн Батмөнх гуай байжээ. Чимиддорж ахын “Мөнхийн үсэг” шүлгэнд тодорхой бий дээ. Батмөнх гэж номын шүншигтэй хүмүүний охин нь эдүгээ Гадаад харилцааны сайд хатагтай Батцэцэг юм. Эрхэм сайдын хань нь тэртээ 2004 оны Монгол төрийн их баяр наадамд Дашдоржийн Цэрэнтогтох аваргаар улсын цолны босго алхсан Довдонгийн Ганбат начин билээ. Батцэцэг эгч, Ганбат ах хоёр намайг дөнгөж дээд сургуулийн ширээнээс салаад анхны номоо гаргачих санаатай хэдэн навтарган хуудас сугавчилж явахад халуун дотно хүлээн авч “Дотоод орон зайн урсгал” номыг минь хямдхаан үнээр хэвлүүлж өгсний ач буяныг би мартдаггүй. Ганбат ахтай, ангийнхан нь болох хэл уран зохиолын багш бүсгүйчүүдтэй яриа өрнүүлж, Пүрэвдорж гуайнхаа “Урт намар” тэргүүтэй олон шүлгийг би цээжээр уншин сэтгэл бадарч суусан.

Маргааш нь 10 дугаар сарын 15-ны өдөр. Дэндэвийн Пүрэвдорж найрагчийн төрсөн өдөр. Нутгийн зон олондоо омог бардам шүлгээ дуудаж байсан Бүрдийн Соёлын төвийн ерөөлт тайзнаа “Хөх үндэсний гал” бадамлан аслаа. Тангадын Галсан гуай минь “морин толгой” найзынхаа тухай нулимс гармаар олон сайхан дурсамж өгүүллээ. Дамбын Төрбат шавь нь “Сүү” шүлгээ нүднээсээ нулимс асгаруулан зүрхнээсээ сүү асгаруулан уншиж багшдаа ерөөлийн дээж өргөлөө. Тэр наадмын шүүгчээр “Азын цэнхэр уул” Санжийн Пүрэв баавай суусан гээд бод доо. “Азын цэнхэр уул”-ын сэтгэлийн нөмөрт шүлгээ уншсан азтай л хүүхдүүд дээ, бид.

“Эх хэлээ эрхэмлэн шүтэж

Хөрст дэлхийд Монголоо дархалсанд

Эзэн Чингисийнхээ сүлдийг тахиж

Хөх үндэсний галаа манасанд

Дэндэвийн Пүрэвдоржийн алтан тоонотоос

Дээж найргийг тань алдаршуулан хүндэтгэв” гэх бичээс бүхий өргөмжлөлийг Их найрагчийн халуун голомт Хажуу булгийн буурал хонд, Эрээн уулнаас миний бие гэрийнхээ хойморт залсан юм. Бүрд сумын 2 дугаар багийн малчин Тойвын Жамбалдорж гэж хүний ивээн тэтгэж өгсөн 1 сая төгрөгнөөс бусдадаа хишиг хүртээж үлдсэнийг нь тоо ёсоор нь гэргийдээ авчирч өгсөн юм. Жамбалдорж ах “Миний ивээн тэтгэсэн шагналыг дүү хүү хүртсэнд…” гээд сэтгэл нь ихэд хөдөлж байгаа бололтой цагаан портерынхоо кабинд гэргий хүүхдээ суулгачихсан ирж билээ. Миний бие ном бүтээлээ зөрүүлж барьсаан. Сааль ханхалсан гэргийд нь үнсүүлэхэд нэг л гоё санагдаж, намрын хонгор цагаар Хөшөөтийнхөө голд очсон юм шиг гэгээн бодол төрж байсан. Найргийн наадмыг хүндэтгэн зорьж ирсэн Наранхүүгийн Пүрэв, Жунайн Даваасүрэн гээд Өвөрхангайн гэгээн сайхан ах нараар үдүүлж аян замын туршид их найрагчийн шавь Заяатын Ядмаа, Нацагийн Даваадаш нартай багшийг нь дурсаж инээд наргиан дунд буцсан даа.

Тэгвэл дараа жил нь буюу 2018 оны 10 дугаар сарын 15-нд Их найрагчийн 85 насны ойн “Хөх үндэсний гал” наадам Улаанбаатар хотноо Улсын дуурийн театрын тайзнаа болж билээ. Энэхүү эрхэмсэг тайзнаа 2004 онд багш шавь хоёр (Пүрэвдорж, Төрбат) Монголын уран зохиолын дээжис 108 ботийн ном нээх хүндэтгэлийн ёслолыг соёрхон хийж их найрагч ёстой л араагаа гартал тас тас инээн, амандаа гал зуусан бүргэд шиг лундаатай байж билээ. 108 ботийн хүндэтгэлээс дөрвөн жилийн дараа 2008 оны өвөл Дөнгөтийн Цоодолын “Миний муусайн найз нарын анхдугаар чуулган” мөн л энэ тайзнаа болоход их найрагч нэг их гоё улаан зангиа гялалзуулаад Цоодолынхоо үдэшлэгийг нээж байсан. Эл бүгдийг миний бие нүдээр үзэж, дэргэдээс нь бахдан биширч явсны хувьд Дуурийн театрын тайз Пүрэвдорж гуайн цог жавхааг эрхгүй санагдуулж байсан. Монголын дуурийн алтан гургалдай Аюушийн Загдсүрэнгийн хоолойд зориулж, агуу их Ламзавын Ванганы захиалгаар бичсэн “Алтан намар” дуу нь энэ театрын тайзыг 70 жил эзэгнэн байна гэж бодохоор сайхан.

Тэрээр урлагийн энэ сүм рүү үзэгчдийн хаалгаар бус амьдрал өрнөж байсан тэр талаас нь шууд орчихсоноо дурсаж, Халхын цоохор Цогт, Арслан тайж, Хулан хатан, Гүенбаатар, Улаан малгайт дүрээрээ зогсож байхад би сүрдэхгүй хайчих юм гэж хэлж байсан. Тэгэхээр энэхүү театр нэрт найрагчийн шүншиг оршсон, идэр залуугийнх нь сүлд хийморь оршсон ариун сүм юм. Энэ л ариун сүмд 85 насных нь “Хөх үндэсний гал”-ын дөлөнд ёстой л гал бутартал шүлгээ уншиж аман хүзүүдэн алтан тайзан дээр нь бас л мялаалгах нь тэр ээ. Тайзнаас буухуйд их найрагчийг өөрийнх нь өчсөнөөр “Бээжинд жасаалсан хохь тайж” байхад нь Элчин сайдаар тохоогдож, хадаг сүүтэй угтуулсан аварга Дагвын Цахилгаан баяр хөөр дүүрэн тэвэрснийг санаж байна. Ингэж молхи би Монголын яруу найргийн хөх сүмбэр оргил Пүрэвдорж гуайнхаа Хөх үндэсний гал”-ын дөлөнд хоёр жилийн намар төрсөн өдрөөр нь онгод цоргисон авшиг авч, дараа нь жил Сэгс цагаан Богд найраглалын гэрэлт хөшөөнийх нь алтан туузыг хайчилсан ерөөл билгээ бодож гурван намар Пүрэвдорж гуайдаа үнсүүлснээ зүрх долгилон сананам.

Пүрэвдорж гуайн дурсамжууд

Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдорж бол яах аргагүй их урлагийн алтан үеийн бурхдын дунд явсан сод хүмүүн. Өнөөдөр домог мэт яригддаг хоёр Цэгмид, Гончигсумлаа, Билэгийн Дамдинсүрэн, Мөрдорж, Намхайцэрэн, Гомбосүрэн гээд урлагийн бурхдын эгэл нандин дурсамжуудыг Пүрэвдорж гуай л ярина. Үндсэндээ тийм л зиндааны ховор хүн байж дээ. Ингээд Пүрэвдорж гуайнхаа дурсамжаас хүргэе. Эхлээд төрийн шагналт, ардын жүжигчин, Хорьдугаар зууны манлай жүжигчин Цагааны Цэгмид гуайн тухай дурсамжийг нь сөхье. “Цагааны Цэгмид гуай үргэсэн мэт дав дэвхийсэн огцом хөдөлгөөнтэй гялалзуур хүн. “Сүхбаатар” кинон дээр Сью Шү Жаны зул үлээдэг тэрхэн хоромд жүжигчний олсон дүрийн гайхалтай нээлт хувь хүний төрхтэй авцалдаж хэтний цахил мэт гялсхийдгийг үзэгчид андахгүй. Намайг театрт байхад “Сэрэлт” киног бүтээсэн юм. Уг киноны лам ах руугаа хилэнгийн дөлд ноцон орж байгаа хэсэгт Цэгмид гуайн огцом хөдөлгөөн дүрийн туйлын өрнөлийг харж болно. Дашрамд өгүүлэхэд, орос эмчид тоглосон Доржпалам хэмээх орос царайтай гозгор охиныг анх би тэр үед харсан юм. Харин яагаад ч юм бэ З.Баттулга (“Хөх тэнгэр” романы зохиогч Зо Па Жингийн Баттулга) гуай түүнийг манай охин гэдэг байлаа. Баттулга ч яахав дээ, Янжинжав(Сэрэлт киноны Сүрэнд тоглодог)-ыг бас манай охин гэж байгаад Эрдэнээгээр түлээ хагалуулчихдаг хүн л дээ. Би чухам яагаад Баттулгын тийн хэлдэг байсныг учрыг өөрөөс нь ч, Чимид гуайгаас ч асуугаагүй. Тэр бүсгүйг хожмын ардчилсан хувьсгалч Зоригийн эх болж зовлон үзнэ гэдгийг яахин төсөөлөх билээ. Миний найз Гомбосүрэн мөрдөн байцаах газрын даргаар ажиллаж байхдаа намар оройхон салхинд гарч айраг ууя, ганц нэг хулгар шар ч юуны магад гэлээ. Би гэдэг тогоо буудахаас өөрийг чаддаггүй болохоор Ц.Цэгмид гуай, боорцог хэмээх Лувсан гуай хоёрыг хань татаж хамт явлаа. Тэр хоёр хөвөнтэй өмд цамцтай, Цэгмид гуай дугуй хар малгайтай явсан сан. Цэгмид гуай замд гараад л Далай хятад болчихов.

-Далай гуай таныг Алтан гадсаар шагнажээ. -Ай яа, хэдэн лан…-Далай гуай таныг хөдөлмөрийн баатар болгох гэнэ. -Чи юу ялисаан. Хуучин цаг өмд баатар хэлсэн. Одоо бас ямар баатар хэлнээ. -Далай гуай та монгол дуу сурсан биз дээ. -Дуулж бол ч чадаагүй. Үг бол ч мэднээ. -Нэг дуулахгүй юу. –“Нэг нуур байсан ваа, тэр мөс болсоон. Загас үхчихлээ хөөрхий” энэ ямар дуу байсаан. Ёстой үнэн шүү. Бас нэг дуу байнаа. Нэг жаахан шар морь явсаан. Бас нэг лам хүн байсаан. Тэр ламуны нэг юм газар ойчсон ваа. Тэр юу ойчсоон, манай мэдэхгүй… гэхчлэн инээд барж хоосон дош харж явсаар орой тийш Хүй долоон худагт нутаглаж байсан жолоочийн аав ээжийнд очлоо. Зэврүүхэн байсан тул дотроо халааж байгаад хүйтэн айраг ууж шөнө орой болтол наргиж суухад Цэгмид гуай Далай хэвээрээ л байлаа. Түүнийг морь харахаар гарахад гэрийн эзэн эзэгтэй хоёр “Дотор хүн гэхэд айхавтар монголжжээ. Айраг сайн ууж байна шүү” гэхэд бид ч амыг нь дагуулж багадаа ирсэн юм гэнэлээ гээд тайлж өгсөнгүй. Цэгмид гуай “мал байнаа ам тос байна. Мал байхгүй тос байхгүй. Монгол газар ёстой сайхан. Мах иднээ манай дотор газар бол ногоо идсэн шүү. Манай Дулмаа мах дуртай” гэв. Тэгэхээр нь “Танай Дулмаа хорины даргатай ходий гэх чинь билээ” гэхэд -Хорин даргаа янчаан байхгүй, ядуу, дандаа мөнгө гуйна. Би яахав, танай бас өгнөө хөөрхий, архи их дуртай золиг оо. -Одоо ч танай Дулмаатай жаргаж байгаа даа. -Муу золиг, би явлаа, явуваа гэж огло үсрэн босоход гэрийн эзэд хоорондоо хартай бололтой гэж ирмэлцэнэ. Бид худлаа худлаа Далай гуай. -Тийм байхаа, би үхье санасан шүү гэж тайвшран сууна. Энэ мэтээр наргиж хоноод маргааш нь үнэн учрыг хэлэхэд, тийм байх аа. Даанч их айраг уусан юм гэж бөөн хөхрөлдөөн болж билээ.

Цэгмид гуай эл аяг энгийн наадам наргиа мэт боловч түүний дүрд хувилж чаддаг гаргуудын авьяасын өчүүхэн жишээ мөн. Түүнийг “Цогийн идэр нас” жүжигт гурван ч туслах дүрд хувилж чадахад театрын би танихгүй байсан гээд боддоо. Нэг өвөл Сэнгээ багш хэсэг зохиолчдын хамт хэдэн сангийн аж ахуйгаар ороход Цэгмид гуай явсан юм. Орхонтуул суманд бид уулзалт хийв. Тэдний клуб гэж цагаан баавгайнаас өөр амьд амьтан тэсэх аргагүй мөсний хөндий. Бид үстэй дээлтэй эсгий гуталтай. Гэтэл Цэгмид гуай хувцсаа сольж судалтай хар костюм, лаакан шаахайтай гялалзан орж ирээд жүжгийн хэсгээс тоглож бас “Төмөр тэргийг унаад гарваа Түшээд вангийн хошуугаар дайрч гарваа…” гэж дуулчихаад тэвхэлзэн гарч билээ. Үзэгчдээ хүндлэх жүжигчин хүний сэтгэлийн эрчим цог хийморь гэдгийг тэгэхэд би гайхан биширсэн юм” гэсэн байдаг.

Тэгвэл “Богд хаан”-ы дүрээр ард түмний сэтгэлд хоногшсон Ардын жүжигчин Нямын Цэгмид гуайн тухай ийн өгүүлсэн байдаг юм. “Нямын Цэгмид гуай бол түшигтэй нуруутай, гүндүүгүй гайхамшигт монгол хүн. Элдэв ов мэх, бултаа зайлаа байхгүй, түс тас хэлчихнэ. Харин нэг “үгүй” гээд гэдийчих юм бол дөргүй бух шиг зүтгэнэ. Бичиг цаасны ажилд дургүйгээс гадна чадах ч үгүй тул гарын үзүүрт намайг зарна. Нэг удаа өрөөнд нь сууж байтал утас нь хангинав. Цэгмид, -Аан Болод дарга сайн уу. Концертоо, ямар ч бололцоогүй, чадахгүй…чадахгүй…чадахгүй гээд утсаа тавьснаа “Шинэ уран бүтээл өгөх гэж байхад концерт бэлтгэж тоглуул гэнэ. Энэ дарга нарын дураараа гэдэг нь…” гэж байна. Цэгмид гуай гарч тайз гэрэл тохируулж байсан хүмүүс дээр очоод зааж зураад л би халаасанд хараад зогсож байтал нөгөө Болод дарга нь ороод ирлээ. -Тэр Цэгмидийн дууд гэж зандрангуй хэлэхэд нь би очиж дуулгавал -Байз би ажлаа хийж байна. Тэр яасан завтай дарга вэ гээд хөдөлдөггүй. Болод гуайн уур нь хүрч байгаа бололтой түүний шарангуй царай улайчихсан харагдана. Хэд хэдэн хүнээр хэлүүлсэн боловч Цэгмид гуай тайз гэрэл, жижиг хэрэглэл шалгаж зааварлаад л яваад байв. Нэлээд удсан хойно Болод гуай дагаад явлаа. Маргааш нь юу болсныг сониучилбал Цэгмид гуай -Өрөөндөө ороод ирэхээр нь хаалгаа цоожилж түлхүүрээ хармаалчихаад ширээний ард суугаад “Би дээд даргатайгаа гудамжинд ярьдаг хүн биш. Та ярих юмаа энд ярь” гэлээ. Болод ч шатаж байна. “Биеэ тоосон их зантай, удирдлагаа хүндэлдэггүй, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй гээд бууж гарлаа. Би дуугай л суугаад байлаа. Асуултад ч хариулсангүй. Хүн аль болгон ганцаараа ярих вэ дээ. Хад өшиглөж байгаа юм шиг болоо биз. Дуу нь зөөлөрсөөр дуугай болохтой нь зэрэг би -Та ярьж гүйцсэн бол би ярья гэж байгаад хамаг зовлонгоо тоочлоо. Орон тоо, төсөв гээд надад нэхэх юм зөндөө байлгүй яахав. Мань эр сүүлдээ залхав бололтой. -Энэ асуудлыг жич ярья, би явлаа гэдэг байгаа. -Үгүй шүү даргаа. Нэгтэй л ам нээснээс дотроо уудалж шавхаж байж л салъя даа гээд шалаад суучихлаа. -Больж үз Цэгмид минь хаалга онгойлго. Миний ажил сүйд боллоо гээд байхаар нь гаргасан. Тэгэхдээ ч бас хэдэн юм нааштай ам ангайлгаж авсан. Манай Болод улаан халз үзсэн хүнд сайн хүн юм шүү дээ гээд хүд хүд инээж билээ.

Тайзны машинист Осор хойшоо дадлагаа явах тул тодорхойлолт бичиж суулаа. Би ч магтаж бичээд л. Ер нь сайхан хүн юм чинь. Тэгтэл гэр бүлийн байдал гэдэг асуулттай тулгарав. Тэрбээр эхнэрээ солиод удаагүй байсан болохоор би “Гэр бүлийн талаар” гэтэл Цэгмид гуай –Тэр чинь нээрээ нэг золигтоод байгаа гэлүү. Гэр бүлийн талаар маапаантай гэж бич гэж байна. Тэгж бичилтэй нь биш дээ. Гэр бүлийн асуудал нь суралцахад зөрчилдөх зүйлгүй гэсэн ухааны юм бичиж дарга ч зөвшөөрлөө. Илтгэл айлтгал тодорхойлолт иймэрхүү ажил тасрахгүй. Нэг удаа би уран сайхны зөвлөлийн хурал дээр “Би ер нь утга зохиолын эрхлэгч юм уу, Нямын Цэгмидийн нарийн бичиг юм уу” гээд тавьчихсан чинь “Чи утга зохиолын эрхлэгч мөн. Нямын Цэгмидийн нарийн бичиг мөн” гээд л таг. Цэгмид гуай удирдах хэсгийнхнийг ёстой улаан нүдэлтэл хуралдана. Коллективээр шийднэ гээд суучихаараа өөрөө ч гарахгүй, биднийг ч гаргахгүй.

“…Манай театрын зорилго болвол

Маарштал хуралдахад байдаггүй юм

Төв театрын зорилго болвол

Төгсгөлгүй хуралдахад байдаггүй юм” гэж би ямар сайндаа хуучин дууны аянд үг тааруулж суух вэ дээ. Тэр үед ямар нэгэн дарга нь хойшоо явсан уу, эсхүл нөгөө Бал нь “Правда” сониноо улаан хөх харандаагаар зурсан уу, “хамтын удирдлагын зарчим” гэж нэг юм гаргаад бидэнд тэр нь гай болж дарга, уран сайхны удирдагч шийдчих юмыг хурал тэмдэглэл тогтоол болгодог байлаа. Цэгмид гуай зузаан илтгэлд дуртай. Ванган бид хоёр арга сүйхээллээ. Бичгийн цаасыг голоор нь хуваагаад томоор цөөхөн мөр бичих арга олов. Ванган гол санааг хэлж би найруулан бичих үүрэгтэй. Цэгмид гуай хааяа -Ололт явж байна уу…тэрийг сайн бич гэхэд Ванган тэр чинь сая тоглолт тасалсан гэвэл -Тийм үү…тэгвэл муу гэж бич гэнэ. Харин хойшид тавих зорилтын хэсэгт хогийн шүүр, шалны алчуур гэхчлэн баахан юм бичүүлнэ. -Хэдэн хуудас болж байна вэ. -Зуу гарчихлаа. -Болж байна, сүүлд нь нэг сайхан зоригжуулсан, уриалж дуудсан үг бич гэнэ. Улирлын тайлан бусад хурлын хэрэг иймэрхүү маягаар бүтэх бөгөөд тоглолт тарсны хойно эхэлдэг болохоор үүр цайлгах үе ч тохиолдоно. Гэвч бидний зуу гаруй хуудас илтгэл машинаар цохиход арваад хуудас л болдог байсан юм.

Цэгмид гуайн тухай явган шог мундахгүй. Танихгүй шахам Банзрагч гуайг нэг удаа хүргэж өгөөд “Би чамтай сууна шүү” гэсэн. Хуучин их дэлгүүрийн баруун модон гүүрэн дээгүүр гарч явтал үжирсэн банз цөмөрч л дээ. Авгай нь эргэж хараад “Юугаа хийгээд байгаа юм бэ, явъя” гэхэд “байз, би хөлөө авч байж явна” гэсэн. “Сүхбаатар кино хийж байхад Ташкентад трамвайгаар явж байхдаа “Миний өвөрт нэг гар яваад л байна” гэж байснаа хэдэн буудал өнгөрсөн хойно “энгэрийн цаг алгаа” гэсэн… ч гэх шиг. Цэгмид гуай ер нь амгалан, аажуу хөдөлгөөнтэй уцаарлахаас уурладаггүй бодь хүн байсан даа. Намайг Бээжинд байхад Цэгмид гуай минь таалал болсон. Сураг сонсоход алдаг оног аяга сүүтэй цайтай байсан гэнэ лээ. Энд бас л нөгөө төрийн хатуу сэтгэл. Үндэсний соёлд ойж гарсан од гэдэг одоогийн сонин дээр гардаг шиг гэрэлт цох биш ээ” хэмээн дурссан байдаг. Энэ мэт Пүрэвдорж гуайнхаа дурсамжийг бичвэл их урлагийн бурхдын минь гэгээн он цаг ургаад ирнэ. “Алтан үеийнхний зарц” гэж их найрагч өөрийгөө хэлсэн байдаг. Энэ бол цаагуураа “Би алтан үеийнхний нэг юм шүү” гэсэн даруухан өчил байжээ.

“Хөвсгөл нуурын мандал тэнгэрийн хаяанд хөвхөрлин уусахыг, Мэнэнгийн тал дундаас нар хайлмагтан ургахыг, Алтай таван Богдын цаст оргил үүл сүлбэн алдрахыг харсан. Увс нуур баримтаг тайлж аварга мөсөн цөн мөргөлдөн цоройхыг, Эг, Тарвагатайн бэлчирт тул загас улаан сүүл даллахыг, Гурван нуурын толинд их эзэн Чингисийн дүр сэтгэлд ургахыг үзсээн. Хатан Сэврэйн Толь хаданд Ноён уул болрын талст гялбалзуулан эрхлэхийг, Ногоон цавын хоолой зэрэглээнд хошмоглохыг, Орхоны улаан цутгалан нүргэлж буухыг, Найман нуур уулсын тахил мэт мэлтрэхийг биширч суусан. Аяа миний Монгол юутай түмэн үзэсгэлэн” гэж Пүрэвдорж гуай минь дуу алдсан нь бий. Миний бие энэ л сайхан уул усанд яруу найргийн буян, “Өдрийн сонин”-ыхоо буянд очиж тэр бүрийд их найрагчийн сүр сүлдийг сэтгэлдээ дууддаг. Тийм ээ, Агуу их Пүрэвдорж гуайн минь суу билэг цагийн цагт орших болтугай.

Categories
мэдээ утга-зоxиол

С.Дашдооровын “Өндөр эжий” туужийг дахин хэвлэжээ DNN.mn

Ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч С.Дашдооровын “Өндөр эжий” туужийг “Итгэл марал” хэвлэлийн газраас дахин хэвлэжээ.

Тодруулбал, “Итгэл марал” хэвлэлийн газар “Сүүлийн үеийн зарим уран зохиолын боть номд багтсан “Өндөр эжий” туужийг 1973 онд хэвлэгдсэн “Айлын хүүхэн Алигэрмаа” номд орсон хувилбартай харьцуулахад, зөрүүтэй хэсгүүд байсан байна. Үүний улмаас “Айлын хүүхэн Алигэрмаа” номд орсон хувилбарыг засварласнаар ийнхүү хэвлэлээ. Ингэхдээ мөн зохиолчийн гараар зассан засварыг оруулсан байна. Цөөн хэдэн газар гараар зассан байсан ч Догоо авгайг тодотгох нэгэн хэсэг өөрчлөгдсөн. Мөн тус номд “Өндөр эжий” туужийн санааг яаж олж, хэрхэн бичсэн тухайгаа зохиолчийн тэмдэглэж үлдээсэн зохиол бүтсэн түүхийг нь хамтад нь багтаалаа” гэж цахим хуудастаа нийтэлсэн байна.

Categories
мэдээ утга-зоxиол

До.Цэнджав: Монгол хүн монгол хүндээ хамгийн увайгүй, балмад, зэрлэгээр ханддаг болсон нь ёс суртахууны сүйрэл юм DNN.mn

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджавтай ярилцлаа.


-Монголчууд хоорондоо дайсагналцдаг, нэгнийгээ үзэн яддаг, монгол хүн монгол хүндээ хайргүй болжээ. Улс үндэстэн нэгнээ хайрлах, монгол хүн монгол хүнээ хайрлах ур ухааныг та юу гэж хардаг вэ?

-Монгол орон гэдэг нь үндэстэн хоорондын зөрчил байхгүй, хамгийн эв нэгдэлтэй байх ёстой улс. Ер нь бага орны ард түмэн гэдэг биенээ хайрлах, хүндэтгэх, бусдынхаа үгийг сонсох, бурууг бусдаас эрэхээс өмнө өөрөөсөө эрж хайх, нэгэнтэйгээ эелдгээр харилцах зэрэг харилцааны урлаг монгол хүнд туйлын дутагдалтай болжээ.

Харилцаа гэдэг хүн төрөлхтний хамгийн чухал зүйлийн нэг. Хүн хооронд үг ярианы харилцаа, сэтгэл зүрхний харилцаа явагддаг. Сүүлийн үед монгол хүний зан харилцаа хувирч, маш догшин болсон. Бүтэн үг сонсох байтугай үгний үзүүрт л уурсаж гомдох, эрх чөлөөнд халддаг, заналхийлдэг байдал бий болсон байна. Айл өрх, саахалтын харилцаа гэхэд л тун эвгүй байдалд хүрлээ. Энэ бол ёс суртахууны сүйрэл. Нийгмийн оюун санаа болсон нийгмийн харилцаа гэдэг ёс суртахууны хэм хэмжээн дээр байх ёстой. Энэ харилцаа сахигдахаа байж, насны ялгаа үгүй болж, хүмүүс хоорондын ялгаа ч арилчихаж. Залуус нь ахмадаа хүндэтгэхгүй, үр хүүхэд нь аав ээжээ үл тоодог болсон. Ийм болоод ирэхээр нийгмийн харилцаа тэр чигээр дампуурлын байдалд орно. Энэ бол туйлын аюултай үзэгдэл.

-Хөгжил цэцэглэлт, нийгмийн өөрчлөлт бидний нэгнээ хайрлах, энэрэх сэтгэлийг үгүй хийж байна уу даа?

-Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс хоорондын зан харилцаа төгсрөх болов уу гэтэл улам дордлоо. Гудамжны сэтгэлгээтэй, хэрүүлийн сэтгэлгээтэй, бие биенээ жадлан эсэргүүцэх сэтгэлгээтэй, атаа хорслын сэтгэлгээтэй хүйтэн харьцаа ноёлж байх шиг санагдаж байна.

Хуучин цагт монголчууд хоорондоо ихэд сайхан харилцдаг байлаа шүү дээ. Биенээ хүндлэх уламжлал монголчуудад байсан хамгийн үнэт зүйл. Нэгэнтэйгээ жигтэйхэн сайхан харилцдаг, ярилцдаг. Нэг гэр бүл гэдэг тэр чигээрээ хүний сургууль байв. Аав нь аав шиг, ээж нь ээж шиг, ах нь ах шиг. Тэдний үгнээс багачууд гарна гэж үгүй. Хүмүүжил гэж тусгай үг хэллэг ярихгүйгээр, аяндаа мах цусандаа шингэсэн харилцаа тэр байлаа. Нутгийн өвгөд гэж ёстой л жинхэнэ алт шиг хүмүүс байв шүү дээ. Ерөөсөө л тэд чинь тэр чигээрээ ёс суртахууны зарчим байсан. Нутгийнхан тэдний үгийг маш сайхнаар хүлээж авдаг. Биднийг бага байхад нутгийн өвгөчүүлээс хамгийн их айдаг. Тэдэнд хүний хүүхэд гэж байхгүй. Бүхий л айлын хүүхэд тэдний л хүүхэд. Хүүхдүүдийг зэмлэнэ. Тэгэхэд аав, ээж нь учиргүй их баярлана. Харин ч “Энэ мууд үг хэлээд өгөөрэй” гэдэг. Хүүхдээ өмөөрнө гэж байхгүй, тийм л сайхан байсан.

-Монгол хүн нэгнээ үзэн ядах, өөрөөсөө дээш гаргахгүй гэх аминч үзэл ихэд дэлгэрч байна гэж шүүмжлэх хүмүүс их бий. Бас л энэ цаг үед ярих, хөндөх ёстой асуудал мөн биз, багш аа?

-Үгний эхэнд сайхныг хэл гэсэн өвгөдийн сургаал байдаг. Яриа хөөрөөг сайхан зүйлээр эхэл гэсэн санаа. Сайхан үгийг түрүүнд хэлнэ гэдэг харилцааны дээд уран хэлбэр. Энэ бол нялуун нялцгай асуудал биш. Энэ чинь монгол хүнд байсан мяндсан ухаан шүү дээ. Монголын зүйр цэцэн үг гэдэг гадаадын философиос дутахгүй их зүйлийг агуулдаг. Тэнд монгол ухаан ч бий, монгол хүн ч бий. Харамсалтай нь өнөө цагт монгол хүнийг эрээд олоход хэцүү болсон. Бүгд америк, солонгос, япон хүн болчихсон. Даяарчлал гэдэг олон сайхан талтай ч хүний зан суртахуун, үндэсний уламжлалд асар их их нөлөөлдөг юм байна.

Монголчууд эх орноо хайрлаж байгаа юмуу даа. Эх орныхоо эсрэг юм хэлдэг, нэгнээ дээд зэргээр гутаан доромжилдог болж шүү дээ. Харийнхантай үг, санаа нийлж Монгол орноо, монгол хүнийг гутааж байна. Монгол хүн шиг бүдүүлгүүд байхгүй, дээрэмчин, хулгайч, ална, хядна, буудна, цаазал гэх зэргээр хүний амнаас гарахааргүй үгийг ердийн үг шиг хэлдэг болчихсон.

-Ингэж гажуудаж, буруудаж байна гээд хэлээд өгөх, чиглүүлэх сэхээтэн нь ч алга болж шүү?

-Засч залруулаад хэлээд өгдөг хүн байхгүй байна. Ийм үед ардын багш нарын үүрэг асар их. Хүнийг хүн болгох тухай ярьж байгаа бол өлгийтэй байхаас нь хичээх ёстой. Тодорхой цагт хөхүүлдэг, тоглуулдог, хайрладаг, зөөлөн харьцдаг. Ингэхээр аяндаа мах цусанд нь шингэдэг. Дайн гэдэг энэ цаг үед ганц зэвсэг биш, харилцааны дайн хийдэг болсон.

Олон нийтийн сүлжээ гэдэг садар бузар үгийн, гүтгэлгийн, өшөө хорсол, атаархлын хогийн сав болчихсон. Хуучин цагт матаас гэж ярьдаг байсан. Одоо бол тэр матаас сэтгэлийн жаргал эдлүүлдэг болчихсон юм биш үү. Сайхан хүнээс дуурайл авч сэтгэлийн жаргал эдэлдэг гэдэг бол одоо муу муухай үг авч түүндээ баясан цэнгэж жаргадаг болжээ.

-Түүхийн хуудас сөхөхөөр аль ч цаг үед монголчууд дундаа хагаралтай, нэгнээ л зэмлэдэг, цөлмөдөг, хөнөөдөг байсан юм шиг. Эсвэл энэ зөвхөн монголчууд биш хүн төрөлхтний нийтлэг төрх юм уу?

-Ер нь манай монгол үндэстний яс цусанд нь нэг зүйл бий. Тэр бол атаархуу, өөнтөгч байдал. Тэгэхдээ монголчууд жигтэйхэн сайхан харьцаатай үндэстэн гэдгийг гадаадын жуулчид онцлог тэмдэглэсэн байдаг шүү. Би жуулчдын тэмдэглэлийг ихээр уншдаг. Монголд ирээд буцсан жуулчдын ихэнх нь монгол хүний ариун сайхан шуналгүй сэтгэлийг гайхан биширсэн байдаг.

Нэг жуулчны тэмдэглэлээс дурдъя л даа. Нүүдэл суудлын явцад авдарнаас нь баахан алт цуваад дуусаж. Дараа нь холоос ирсэн нэгнээсээ асууж байна гэнэ. Тэгэхэд өөдөөс нь “Алт юм уу мэдэхгүй, баахан шар юм цувж хэвтэнэ лээ” гэж юу ч болоогүй дэргэдүүр нь өнгөрөөд явчихсаныг жуулчин ихэд бахархалтай тэмдэглэж үлдээсэн байдаг. Монголын нэг булангаас нөгөө булан хүртэл туулахад нэг ч муу хүнтэй таарахгүй. Дандаа тусалдаг, гэнэн цайлган, халуун сэтгэлтэй гэж. Үнэхээр монгол хүнд тийм халуун дотно сэтгэл бий. Гэвч маш амархан эвдэрч байна. Ийм цаг үед хэрсүү, үг дуулах чанар тун хэрэгтэй.

-Хэрсүү монгол олон болох тухай бид ч их хөндөж бичдэг шүү?

-Тийм болох ёстой. Үг өнгөрөөж сур гэж аав, ээжүүд ярьдаг. Одоо бол шууд тосч аваад дайран давшилж, хамгийн муухай үгээр хариулдаг. Тэртэй тэргүй түүхээс үзэхэд Их Монгол Улсын үед монгол үндэстэн нэгдэж дэлхийг эзэлсэн түүхтэй. Дараа нь бага хаадын үе бутарч сарнин, баахан олон монголчууд тарсан. Монгол бол нэг үндэстэн гэдгийг үргэлж бодож нэгнээ хайрлах хэрэгтэй. Баруун монгол, бага ястан гэж ярьж болохгүй, амнаасаа ч унагаж болохгүй.

-Монголчууд дотроо нэгнээ хэмлээд зогсохгүй хилийн чанадад байгаа мах цусны тасархайнуудаа ч чичилж харагддаг. Өмнөд монголчуудыг хужаа гэж ирээд л. Оросын буриадууд ч монголчуудад ихээхэн дургүй гэлцдэг?

-Би нэг удаа өмнөд монгол шавь нараа дагуулаад Хэнтийн Дадал, Биндэрээр явсан. Сумын төв дээр баахан согтуу залуус. Ааш аяг гэж араатан болчихсон. Нөгөө муу хэдэн шавийг маань “Муусайн хужаа нар монгол нутаг дээр шээх ч эрхгүй” гэж ирээд орилж чарлаад. Шавь нар “Бид монголчуудыг ямар их хайрладаг билээ, яаж ирсэн билээ” гэж уйлаад буцацгаасан. Би ч тайтгаруулж дийлээгүй.

Япончууд нэгэндээ тийм ч хайртай ард түмэн биш. Гэхдээ нэгнийгээ хэзээ ч муулдаггүй. Япон хүний ёс суртахуун, сахилга бат дэлхийд яаж гайхагдаж байна?

-Япон гэдэг үндэстэн нэг амь юм шиг л хөгждөг гэж боддог. Бидэнд тэр чанар дутагдаж байна уу?

-Би олон газрыг удирдаж явсан хүн. Хамт олон дотор хов жив яригддаг. Түүнд барих хариулт нэг л байх ёстой. Энгийн. Хов жив гарлаа. Хариуд нь “Би өөрөөр боддог юм шүү дээ, аа тэр тэгж байна уу. Арай тэгэх хүн биш дээ” гэхэд нөгөө хүн нь “Нээрээ тийм байх аа” л гэдэг. Эсрэгээр нь тосч аваад уриалгахан сонсоод яриад унавал сайн үр дүн гарахгүй.

Гэтэл бид юу эсийг үзэж байна даа. Улстөрчдөд улс төрийн соёл гэж алга, ард түмнийхээ нүдэн дээр гахай нохой шиг л аашилцгааж байна. Телевизийн хоймор гэдэг ариун зүйл гэж үздэг байлаа. Гэтэл шууд ярилцлага хийж байхдаа л олны өмнө зодолдоод унаж байна.

-Үндэстнээрээ амь нэг байх, нэгэндээ хайртай байх асуудалд үг гэдэг чухал бололтой?

-Муусайн Оросын шаарууд, өмхий хужаа нар гэж ярьдаг хэсэг бидний дунд байна шүү дээ. Энэ чинь л хамгийн аюултай. Энэ улс орныг хөршгүй, нөхөргүй болгож байна. Төрийн хар хайрцагны, монгол хүний дотоод сэтгэлийн хар хайрцагны бодлого гэж байх ёстой. Нэг муухай үг байна. Хардах эрхтэй гэдэг үг. Энэ чинь хамгийн бузар булай үгний эхлэл. Сэтгүүлч хардах эрхтэй, хүн хардах эрхтэй гээд л ярьдаг болсон. Хардана гэдэг шууд дайсагнана гэсэн үг. Хардсанаас болж салж сарниж, нэгнийгээ алж хядаж байна. Энэ үгний оронд эргэлзэх, тээнэглэзэх, лавлах гээд ярьж болно оо доо.

Эр хүн мөртлөө хов жив ярьдаг хачин завсрын хүмүүс бий болчихлоо. Тэднийг зэмлээд гарах хүн байна уу. Лодонгийн Түдэв багш маань ухаанаараа зоддог байлаа шүү дээ. Ганц үг хэлэхэд л орой руу ороод явчихдаг. Одоо ч тийм хүн байхгүй болсон. Бямбын Ренчин гуай, Цэндийн Дамдинсүрэн гуай нэг үг хэлэхэд л ханардаг байлаа. Тэгэхээр үг гэдэг чухал. Хүрлийн муу газар эвддэг, хүний муу хүнийг эвддэг. Зөөлөн модыг тоншуул иддэг, зөөлөн хүнийг хүн иддэг гэдэг. Энэ нийгэмд зөөлөн, мөрөөрөө явсан хүн хэлмэгдэх шинжтэй. Гэтэл хамгийн балмад, ёс зүйгүй, дээрэм хийх шинжтэй, хамгийн харгис хүйтэн мөсөн сэтгэлтэй нь оройд гарлаа. Араб ардын мундаг үг бий. Эрдэмтэн хүмүүс нь илжиг хөтөлж, тэнэгүүд нь илжигээ унаад явдаг болжээ гэдэг. Манайхаар бол гайгүй хэсэг нь илжгээ хөтөлчихсөн, хамгийн увайгүй, балмад, зэрлэг харгис хүмүүс нь илжиг дээрээ суучихсан явж байна.

-Монголчууд нэгэндээ яавал хайртай, энэрэх сэтгэлтэй болох вэ?

-Би 2000-аад оны эхээр “Монгол тэмүүлэл” гээд олон нийтийн байгууллагыг санаачлаад маш сайхан авч явж байсан нэг үе бий. Америкт ч “Америк тэмүүлэл” гэдгийг гаргаж ирээд америк хүмүүсийг хүмүүжүүлж байсан. Японд ч адилхан. Одоо “Хятад тэмүүлэл” гэж ярьдаг болоод байна. Бид тухайн үед “Сайхан монгол хүн, сайхан Монгол орон” гэдэг уриа дэвшүүлж байсан. Одоо ч энэ уриа монголчуудад хэрэгтэй.

Ер нь хатуу хүтүү үгийг болгоомжтой гаргаж байя. Сайхан үг хэлж байя. Нүүр номыг харж байхад л өглөөний мэнд бусдадаа дэвшүүлдэг дээ. Гэхдээ их хялбараар л хэлээд өнгөрдөг болж. Угтаа бол ухаарлын, утга учиртай үгийг нэгэндээ дэвшүүлж байвал зохилтой.

Түүнээс гадна эх хүн, эмэгтэй хүний мяндсан ухаан гэж бий. Аав маань гэхэд дуугүйхэн хүн байлаа. Ээжийн минь амнаас гарсан үг бүр алт байв. Ээжийн ухаан, эмэгтэй хүний ухаан гэж их торгон ухаан байдаг. Ийм нийгмийг зөөлрүүлье, монгол хүн монгол хүнээ энэрье, хайрлая гэвэл эмэгтэй хүнйи үүрэг асар их бий. Гэвч одоо бас л увайгүй болж дээ. Эмэгтэй хүний ичимхий зан чанар ёс суртахууны дээд хэмжээ байжээ. Цэвэр ичимтгий ааш гэж жигтэйхэн гоё байсан шүү дээ. Дунд сургуулийн хичээлийн сургалтад ёс зүйн харилцааны урлаг хичээлийг оруулмаар байгаа юм. Хүүхдүүдийг багаас нь сайн байна уу, баярлалаа, гялайлаа гэж мөр цэх, мэлмий өөд хэлдэг араншинд сургах нь чухал.

Categories
мэдээ утга-зоxиол

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Д.ГАЛСАНСҮХ DNN.mn

Хавтас дээрээ Д.Галсансүх гэж бичсэн болохоор номных нь нэр байх гэж таамаглалаа. “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.Галсансүхийг монголчууд таних учир энэ удаад түүнийг биш, түүний сүүлд хэвлүүлсэн “Д.Галсансүх” нэртэй улаан, хар хавтастай хоёр номноос харыг нь онцолж хэдэн мөр түүлээ. Энэ хоёр номыг номын сандаа нэмье, бүтнээр нь уншъя гэвэл номын дэлгүүрүүдэд байгаа байх.

Хар хавтастай номондоо шинэ шүлгүүдээ багтаажээ.

…Орчлонгийн сайхан үнэрт минь

Орхиж намайгаа мартаагүй л байгаа даа

…Гэгээн хүмүүс гунигтай амьдралыг

Гэрэлтүүлдэг гэдэгт би итгэдэг

…Хожуулан дээр царцсан нарны туяаг

Хоёулаа гэртээ зөөж оруулъя даа

…Харсаар байтал чинь хаалт торыг нэвтрээд

Хайртдаа очоод ирлээ шүү дээ сэтгэл минь

…Эрх чөлөө гэдэг хичнээн сайхныг

Энэ хойд энгэрт бэлчих хэдэн адуу мал

Эрхлэн наадах хоёр гурван хүүхдийг

Энэ төмөр сараалжин цонхоор хараад ойлгоостой

…Сайхан ааштыг хайрлах

Сайн өвчин тусаад эдгэсэнгүй

…Санаж байгааг тань мэднэм

Санаж байгааг тань мэдэрнэм

…Уулан дээр ч унтаж усны захад уйллаа

Угаасаа бүгдийг нь гүйцээлээ, ханалаа, явлаа

…Хоол бол диваажин мөн гээд голионы авгалдай сорох

Хайруулын таваг шигээ хуучирсан хөгцөрсөн хан үндэстэн

…Шөнийн харанхуй огторгуйд түг түмэн од жирав жирав хийж

Шөнийн ойд захын модны орой зөөлөн салхинд найгасхийн

…Цагаан хэрэм бариулсныг нь ч

Цаашдаа мартуулах ёстой

Цагаан хэрэм барьсан учрыг ч

Цаашдаа бүгд мартах хэрэгтэй…хэмээн шүлэг бүрээс нь ингэж “сугалмаар” мөр олон аж.

Харин “Монгол хүн бүхэнд сонсгох шүлэг”-ийг нь бүтнээр сийрүүлбэл,

Бүгдээрээ тэнд очихоос хойш эндээ

Борооны үнэр, цасны амтыг мэдэрье

Манан буусан ойн зүг ширтэж

Мөнх цаст уулыг харж догдолъё

Ухааны далай өвөг дээдсээ, ээж ааваа бодъё

Уурлаж бухимдахыг тэвчье, үзэн ядахаа больё

Алаг үрсийнхээ инээж хөөрөхийг харж, ач зээгээ үзье

Алдаа эндлийг уучилж ахиж алдахгүй итгэлийг өгье

Бүгдээрээ тэнд очихоос хойш эндээ

Болжморын жиргээ, шулганаа бүх шувууны дууг сонсъё

Салхины сэвшээ, исгэрээ, сэрчигнээг мэдэрье

Сайхан тал хээр, говь нутгаа харж догдолъё

Дэлхийд ховор ёс заншлаа дээдэлж түүхээрээ бахархъя

Даяаршлагдах дэлхийтэй хөлөө нийлүүлж ирээдүйгээ бүтээе.