Categories
мэдээ утга-зоxиол

“Утгын чимэг” наадам өнөөдөр болно

Өнөөдөр МЗЭ-ийн түүхт 91 жилийн ойн өдөр тохиож байна. Эл бэлэг дэмбэрэлтэй өдөр “Утгын чимэг” наадмын шилдэгүүд тодорно. Наадмын үйл ажиллагаа болон шагнал гардуулах ёслол орой 18.00 цагт Монголын хүүхэлдэйн театрт болох юм. Энэ жилийн “Утгын чимэг” наадмыг МУСГЗ, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Дамбадаржаагийн Намсрайн нэрэмжит болгон зохион байгуулж буй. Д.Намсрай нь 1949 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн.  Тэрээр1987 онд Москва хотод А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн юм. 1971 оноос уран бүтээлээ эхэлж “Гандирсын хотын Хандармаа минь” 1981, “Зуны тэргүүн сар” 1983, “Тооройн төгөл” 1986, “Жамухын өчил” 1986, “Талд ургасан бодол” 1987. “Цэнхэр Сэлэнгэ” роман 1997 зэрэг ном бүтээжээ. 

                                                                                                                                                                                                   У.Чинзориг

Categories
мэдээ утга-зоxиол

Бугат Л.Алтангэрэл бичээчийн орчуулсан Банзрагч судар хэвлэгдлээ

Банзрагч буюу “Таван сахъяа” бол тарнийн 5судрыг эмхэтгэсэн түүвэр юм. Уламжлалт монгол орчуулга нь 1) Их хөлгөний их мянган ертөнцийг магад дарахуй нэрт судар (Mahāsāhasrapramardanī), 2) Арвисын эрхтэй их Тогос (Mahāmāyūrīvidyārājñī), 3) Хутагт арвисын их эрхтэй өөр өөрт дагахуй нэрт тарни (Mahāpratisāravidyārājñī), 4) Их сэрүүн Түн судар (Mahāśītavana), 5) Их нууц тарнийг даган баригч судар (Mahāmantrānudhāraṇi) гэсэн дараалалтай сударчлагдсан байна.

Монгол Ганжуурын 14 дүгээр ботид 1) Их мянганыг машид дарагч нэрт судар, 2) Их тогос – ухааны тарнисын хатан, 3) Хутагт өөр өөрт дагагч их ухааны тарнисын хатан, 4) Их сэрүүн ой нэрт судар, 5) Их нууц тарнийг даган баригч судар гэж оржээ.

Банзрагчийг анх Хайсан Хөлөг Хааны үед (1308-1311) их гүүш Чойжи-Одсэр, дараа нь Юань Улсын Тогоо Төмөр Хааны үед (1333-1367) Сахъяагийн лам Шаравсэнгэ монголчилсоныг 1587 онд Аюуш гүүш дахин засаж орчуулсан гэдэг. Чойжи-Одсэр, Шаравсэнгэ нарын 200 гаруй жилийн өмнөх орчуулга эртний үг хэллэг ихтэй, ойлгомж муутай байсан болохоор Аюуш гүүш өөрийн цаг үеийн монгол хэлээр дахин орчуулсан байж болох юм, бас тарнийг нь өөрийн зохиосон галиг үсгээр анх буулгасан гэдэг билээ. Банзрагчийн монгол орчуулга үнэхээр эртний үг хэллэг ихтэй, тухайлбал “их сэрүүн түн” гэснийг сүүлд нь Ганжуурт “их сэрүүн ой” гэж зассан байна. Мөн эртний монгол хэлний хүйс заасан үг байна, “арвисын эрхтэй их тогос” гэсэн нь “эм тогос” гэсэн үг. Данжуурт “хутагт” гэвэл эрэгтэй, “хутагтай” гэвэл заавал охин тэнгэр гэсэн утгатай байдаг гэж Б.Ринчингуай өгүүлээд Хутагт Петр, Хутагтай Елена гэсэн жишээ татсан байдаг. Дээрх судрын нэрийг одоогийн хэлээр, хэдийгээр эм тогос гэдэг нь харагдахгүй боловч “арвисын эрхэт их тогос” гэхээс өөр аргагүй. Мөн “арвисын эрхтэй тарни” гэдгийг Ганжуурт хүйсийг нь харуулахын тулд “их ухааны тарнисын хатан” хэмээн засчээ. Ганжуурыг орчуулж байх үед “эрхт” гэвэл эр, “эрхтэй” гэвэл эм гэдэг нь шууд харагддаггүй байсан бололтой.

Банзрагчийг хүмүүс их сонирхдог боловч хуучин үг хэллэгтэй учир ойлгоход хэцүү, дээр нь тарни ихтэй болохоор санскрит хэл мэдэхгүй бол монгол бичгээр байтугай түвдээр нь уншихад бэрх байдаг. Түвд хэл мэддэг хүн тарни унших аргад тусгайлан суралцахгүй бол зөв уншиж чаддаггүй. Учир нь тарни санскрит хэл дээр байдаг болохоор дуудах ёс нь түвдээс өөр, дээр нь түвд хэлэнд огт байдаггүй зарим үсэг хэрэглэдэг, мөн үсгүүдийг олноор нь дээр дээрээс нь давхарладаг зэрэг онцлог бий. Санскрит хэлэнд “т” үсэг гэхэд л 4 янз, ялгаж тэмдэглэхгүй бол буруу уншигдана. Энэ зовлонг Аюуш гүүш сайн мэдэрсэн бололтой, Банзрагчийг орчуулж байхдаа галиг үсэг зохиоё гэж шийдсэн ч байж магадгүй юм. Пагва ламын дөрвөлжин үсэг, Өндөр Гэгээний соёмбо үсэг зэрэг шинээр зохиосон бичиг үсгүүд бүгд монгол гэхээсээ түвд, санскрит үгсийг нарийн тэмдэглэхэд илүү сайн зохицсон байдаг билээ. Бидний хувьд олон улсын латин галиг байгаа болохоор тийм зовлон байхгүй, ер нь ч тарнийг зөв дуудахын тулд цаашдаа IAST галигаар бичдэг байх нь зүйтэй гэж үзсэн тул бүх тарнийг энэ үсгээр бичлээ. Яваандаа IAST дээр тулгуурласан кирилжин галиг бүтээх хэрэгтэй байж магадгүй, олон улсын латжин галигийг нь шууд хуулбарлах учраас энэ бол гар хурууны ажил билээ.

Банзрагч нь Жадамба судар шиг гүн ухааны ганц сэдэвт бүтээл биш, тарнийн зан үйлийг тайлбарласан сургааль болохоор эртний зарим үг хэллэг, өгүүлбэрийн өвөрмөц бүтцийнх нь учрыг олчихвол ойлгоход хэцүү биш, харин үй олон тэнгэр, лус, ягчис, рагчис, гандирас, киннара, кумбанда зэрэг хүмүүн бусчууд, уул ус, газар орны санскрит нэр, тарнийг үгсийг нь уншихад хүндрэлтэй байдаг. Энэтхэг европын хэлний аймагт багтдаг санскрит хэлний үгсийг монгол бичигт буулгах нь орос хэл дээр бичсэн номыг монгол бичгээр галиглахтай адил, түүнийг нь орос хэл мэдэхгүй, зөвхөн монгол бичигтэй хүн уншаад үзэхээр ямархуу холион бантан болох нь ойлгомжтой билээ. Уул нь Аюуш гүүшийн галиг санскрит авиаг нарийн тэмдэглэдэг боловч түүнийг уншихын тулд дахиад л санскрит, түвд үсгийг мэддэг байх хэрэгтэй болно. Тэгэхээр Банзрагч бол ойлгоход түвэгтэй биш, харин уншихад хэцүү ном юм, үүний шийдэл нь санскрит хэлний олон улсын галиг байж болох юм.

Орчин үеийн философийн херменевтик ёсыг үндэслэгч Ханс-Георг Гадамер “Үнэн хийгээд Арга” (Wahrheit und Methode) хэмээх бүтээлдээ “аливаа бичвэрийг тухай бүрд нь ямагт өөр өнцгөөр, өөрөөр харж байж ойлгодог” гэжээ. Түүнийхээр бол орчуулагч хүний үүрэг бичвэрийг өөр хэлэнд хөрвүүлэх биш, харин өөрийнхөө цаг үеийн нөхцөлд тохируулан буулгах явдал болно. Гадамер өгүүлсэнээр бүх цаг үеийн шалгуурыг даван гардаг төгс орчуулга гэж байдаггүй, орчуулагчийн мэдлэгийн хязгаар, бичвэрийг ойлгох хэмжээнээс үүдэн зайлшгүй гардаг алдаанаас сэргийлж чадлаа ч гэсэн орчуулга нэг цаг үе, нэг соёлын хүрээнд бүтээгдсэн бичвэрийг нөгөө цаг үе, нөгөө соёлын хүрээнд зөөж буулгасан байх ёстой аж.

Бурханы судар номын гэлтгүй, ер нь эртний бичвэрийг орчуулж байгаа хүн үг хэллэгийг нь өөрийнхөө цаг үед тохируулан буулгахгүй бол утгыг нь бусад хүмүүс төдийгүй, өөрөө ч буруу ойлгох аюул үргэлж дагалдаж байдаг. Банзрагчийн 14-р зууны Чойжи-Одсэр, Шаравсэнгэ нарын орчуулга 200 жилийн дараа үг хэллэг нь ойлгогдохгүй болсон учраас 16-р зуунд Аюуш гүүш дахин орчуулсан байж таараа. Тэгвэл 17-р зууны Ганжуур, Данжуурын орчуулгыг 400 жилийн дараа бид тэр үеийн хүмүүсийн хэмжээнд ухаж ойлгож чадахгүй. Эдгээр орчуулга тухайн үедээ нийгмийн хэрэгцээг хангаж, гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэсэн байж таарна, гэвч тэр үеийн хуучин хэл найруулга бидний үед буруугаар ойлгогдох хэмжээнд хүртэл хувирч өөрчлөгджээ. Тийм болохоор би бурханы ном судрыг шинэ цагийн хэлээр дахин орчуулах хэрэгтэй гэж боддог юм. Бидний хойч ирээдүйд ч дахин ийм хэрэгцээ гарч, тэд огт өөрөөр харж, шинээр орчуулах нь дамжиггүй, яагаад гэвэл хэлний хөгжлийн зүй тогтол нь цаг үеэ даган хувирч өөрчлөгддөг ёс ажгуу.

Банзрагчийг шинээр орчуулахдаа түвд орчуулгыг нь нэг их хайхарсангүй, нэр ус, тарнийн бичвэр дээр гол анхаарлаа хандуулсан болохоор санскрит эхийг нь баримтлав, харин тарнийн үгсийг түвдээр хэрхэн галиглаж бичдэгийг харуулах үүднээс Литан Ганжуурт орсон түвд бичвэрийг нь хавсаргалаа.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

Ард нийтийн санал асуулгыг явуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх хүсэлтийг хүргүүлэв

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулахыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүллээ. Тус хүсэлтэнд:

-“Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан санал хураалтыг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар яаралтай оруулах саналыг хүргүүлж байна. Иймд чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэжээ.

image

image

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

“Өдрийн сонин”-ы найрагчид

Өнөөдөр дэлхийн яруу найргийн өдөр. Энэ өдөрт зориулан “Өдрийн сонин”-ы хамт олон өөрсдийн сэтгүүлч, яруу найрагчдын дээжээс та бүхэнд хүргэж байна.

ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРТ

Монгол Улсын төрийн шагналт, яруу найрагч, нэрт нийтлэлч Бямбажавын Цэнддоо

Хайр

Чамд би хайртай гэж хэлэхгүй

Чиний төлөө үхэхгүй

Чин хайрын төлөө үг ч багадна

Чиний төлөө үхэх ч багадна

Гагцхүү би чамд

Гарцаагүй надад олдсон

Ганцхан хувь тавилангаа л өгнө

Тэгээд

Тэнхлэг бүхнээрээ хайраа тулж

Тэнгэрийг өргөн, нарыг аргамжиж

Чиний төлөө амьд явна.

Эрхчөлөө

Нэгэн навч мөчрөөсөө тасран хийсэх нь

Нисч үзэж байгаа нь тэр

Нэгэнт амилсан мөрөөдөл биелж байгаа нь тэр

Нэг л мөчирт уясан

Нэрмэж, мөрөөдлийг нь бас аргамжсан

Хүлээс алдуурч байгаа нь тэр

…Эрх чөлөө

l l l

Өвөг дээдсийнхээ гээж орхисон зүүг

Өнөө би өвсөн дундаас эрж явнам

Үзэгдэхгүй мөртлөө

Үгүй болохгүй өргөс

Нүцгэн хөлийг минь шивэхэд

Нүгэлтэй ихээр өвдөнө

l l l

Амьд насан туршдаа чамайг би хайрлана

Амьд насан туршдаа чамайг би…

Амьд насан туршдаа…

Амьд нас…

Амь…

Чингис хааны хээр талд

Чимээгээ барсан мэт дүнсийх

Чингис хааны хээр талд

Өчүүхэн навчин дээр

Өчүүхэн хорхой суужээ.

Үйрүүлээд хаясан ч үгүйлэгдэхгүй

Үржиж өслөө ч илүүдэхгүй

Навч хорхой хоёрыг

Намрын хөгшин нар

Яг л Чингис хааныг гийгүүлснээсээ

Ялгал үгүй гийгүүлнээ…

l l l

Гэргий өвдөхөд

Гэр өвдөнө

Авдар сав шаналж

Аяга ааш гаргана.

Гэрийн сүүдэр, зайлуул.

Гэмтэй юм шиг хулгаж

Гэрэлд ч хамаагүй гараад

Гэнэтхэн арилахаас ч сийхгүй.

Айсан салхи гадуур

Аяархан мөлхөж өнгөрөөд

Араас хангинах вий гэх шиг

Атирч мярааж холдоно.

Гүжирт унахаас мэгдсэн

Гүйдэл, албин, юмс

Гүйцээгүй ажлаа хаяад

Гүй газартаа одно.

Гэргий минь өвдөхөд…

l l l

Яах ч үгүй суух яасан сайхан юм бэ!

Ялаа хүртэл амсхийж, өвс хүртэл сэгхийж

Яг л энэ агшинд цаг хугацааг зогсоож

Яаран урвах орчлонд мөнхийн хутгийг олгох мэт

Зүв зүгээр суух зүйтэй сайхан юм бэ!

Зөрөх байсан учрал зөнгөөрөө зогсож эргээд

Зөрөг замын салаанууд зөвдөө нийтгэгдээд тосоод

Зөв буруу хоёрт зөрөө үгүй нь танигдах мэт.

Аль хэдийнээс хөөцөлдсөн ч бараа сураггүй нэгэн

Араас гүйцэхгүй явсныг анзаарч сая л харна.

Аз жаргал заавал, чамтай уулзъя гэхдээ

Амдаж тосох албагүйг анх удаагаа л үзнэ

Яах ч үгүй суухад

Зүв зүгээр суухад

Явах байснууд болино

Яваандаа тэгээд болно

МЗЭ-ийн болон “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Норовын ГАНТУЛГА


Тархин доторх орон зай хагарна

Нарны сэрвээн дээрээс цахлай нисэж, салхины орон зайд хамаарна

Намрын өдрүүд үүл шиг хөвж, саруул тал чулуу шиг шидэгдэнэ

Тавилангийн цаана улилдсан чоно сэтгэл рүү минь шуурч орон

Тархин доторх орон зайд бэлтрэг гийнаж босно

Согооноос үргэсэн хөх үдэш цээжин дотор хуйларч

Солонголог чимээнд уусах төдий эргэж задарна

Ягаан долгис доторх орон зайд уран шувуу ер бусаар жиргэж

Янаг хайртын минь хөмсөг тэнгэрийн эрхшээлт навчисын сэрчигнээ болно

Зүрхэн чинаддаа голын чулуу дэрлэн чимээгүй уйлах агшин

Зуун жилийн өмнө жаал хүү үхрээ тууж явсан нуга байсан

Газрын зэрлэг урсгалаар гэгээрлийг олсон хөндүүр хором минь

Галав юүлсний дараа огторгуйг базаж, эр хүн хүүхэд төрүүлэх мөч болно

Өвөрт унтсан бүсгүйнхээ зүүдийг шөнөөр дагуулан гарч

Өндөр тэнгэрийн цагаан бороонд норгохыг хүснэ

Гэнэт цагийн зүү хурдаа аван эрчлэхэд бүх зүйл өөрөөр урсаж

Гэзгээ самнаж суусан ижий минь алга болон багын нөхөр минь буурал сахалтай ирнэ

Дэлхийд гэрэлтэхийн хязгаараас оч үсэргэн туулай дэгдэж

Дэмийрэл мэт санагдах омголон эрх чөлөөг минь бүргэд тасчиж хаяна

Цэнхэр өнгөнд ууссан аялгуугаар зоримог салхин дэл хийсгэж

Чиний зүгт нисгэсэн хүлэг болгон эмзэглэлийн цагаан саранд минь янцгааж хүрнэ

Цас хаялах гэнэтийн агшин улаан шугамны цаана будраана гэмшивч

Цахилгаан үүсгүүрт тархины уурхай тэнгэрийг соронздон татаж надад уусгана

Гол мөрөн цочирдон урсаж ангир шувууд нь үлгэрийн бороо болон мянган жилийн цаана зүсрэх

Гоо сайхны мөнхийн зогсоол оюун санааны хавар болохыг анзаарч тэнд би шувуу шиг газардана

Тархин доторх орон зай хагарна

Бор цонжийн говийн хүн чулуу

Холын замд улдаж, эцэж туйлдсан хүлэг морь шиг хүн чулуу минь

Хорвоогийн бүх л өнгийг өөртөө шингээж гоо үзэсгэлэнгээ гайхуулах бүсгүй шиг хүн чулуу минь

Дотоод ахуйдаа уусч, мянган жил дүрээ харуулаагүй нууцлаг ертөнц хүн чулуу минь

Доголон нулимсаа хэнээс ч нуулгүй арчиж, талын салхинд зүлгэгдэн уулсаа түших хүн чулуу минь

Цээжин цаана чинь намуухан уянгалах аялгууг сонсох гэж зорьж ирлээ чамайг

Цэх шулуун бус сэтгэлгээг таталцах хүч олдоогүйд арга барахдаа зорьж ирлээ чамайг

Эмзэг сэтгэлийн минь үл сонстох эгшиг яруу найрагчийн дотоод шаналал юм гэдгийг

Эмзэг сэтгэлийн чинь хүчит давалгаа яруу найргийн зуун жилийн тэсрэлт юм гэдгийг надад хэн хэллээ, хүн чулуу минь

Ганцаардлын дээд хэмнэлээр туурвисан гэрэл гэгээний нандин судрыг чинь дэлгэн уншмаар байна

Газар дээр өнө мөнхөд оршиж чадах юунд ч ялагдашгүй эр зоригийг чинь бахдан дуулмаар байна

Мянган жил өөрийг чинь хулдсан нарны энергийг

Мянган жил өөрийг чинь зүлгэсэн салхины эрчим хүчийг надад одоо л хайрла, хүн чулуу минь

Морины уруулаас орон зай тасран, ертөнцийн бүх уулс шувуу шиг нисч

Монголын их хээр тал үлгэр домгийн удиртгал болон номын хуудас адил сэрчигнэх тэр цагт

Бор цонжийн говийн хүн чулуу чи төгс гэгээрсэн Будда болно

Бодол оюунаа чамд шингээсэн хөх тэнгэр төгөлдөр ариун ертөнц болно

МЗЭ-ийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл


Ертөнцийн тухай бодол

Хувь заяа минь гагц ариун тэнгэрийн эрхшээл

Цэв цэнхэрхэн бороо нь миний л эгч дүүс ээ!

Хундага дарснаас үнэгүй энэхэн амьдралаа бодохоор

Хувхай мөчир дээр жиргэх өнчин болжмор шиг хөөрхий еэ.

Цэцгийн сүрчиг анхилуулсан хаврын цэнхэр салхи

Цээжний амрагийг эзгүйчилж санчиг илбэн эрхлэхэд

Элдвийн ялдам аалинд нь сэтгэл хөлчүү суув чиг

Илбийн хоосон чамайгаа үнсэж чадашгүй минь хөөрхий дөө.

Нууцхан амрагийн зовлонт бүсгүй цэнхэр салхи минь

Нулимсан бөгжөө хүү чинь навчсан хуруунд чинь зүүе дээ.

Живаа живаа жилийн ариун гунигийг минь мэдрээд

Диваажин цэцэгсийн шүүдэрт намиранхан мансуурснаа мартнаа, чи.

Уйлж үзээгүй хүн нулимсны амтыг мэддэггүй

Уяхан цэнхэр эгчийн минь нууцхан шивнээг сонсдоггүй.

“Усан хүйтэн бороо” л гэж чулуун хүмүүс жихүүцдэг

Уйсхан хүний хорвоо ганцхан балга дарс аа!

l l l

Бүсгүй! таны цаг яваад эхэлчихсэн

Бүх чөтгөрүүд чиний эсрэг хуйвалдсан

Та жаахан ухаалаг төрсөн сөн бол

Тамын энэ амьдрал диваажин болчих байлаа

Бүсэлхийн чинь туяхан найгах гэрэл

Бүрэнхий үдшийн ялдам солиорлыг өдөөж

Бүжиглэх шиг уяхан намуун айзамд

Бүхий л орчлон хорвоог мартлаа, би

Тачаал дурлалын бэлэг тэмдэг барьчихаад

Тантай танилцахдаа л адын хүсэл төрсөн

Таалагдаж, сэтгэлийг минь ховсдсон увдисаараа

Та, одоо, шуламын гүнж боллоо.

Чөтгөрийн гүнж дэндүү үзэсгэлэн төгөлдрийг

Бурхдын сургаалд бишрэн сүслэхдээ би ойлгоогүй

Зүрхийг минь гартаа шимшрүүлэн атгах чинь

Зүйрлэшгүй гайхам дурсамж төрүүлэхийг мэдрээгүй.

Гэвч, таны цаг нэгэнт яваад эхэлчихсэн.

Гэрэлт сайхан царайг чинь эмгэн эмгэнэл бүрхэнэ.

Алтан элс алган завсраар урссаар л байгаа энэхэн мөчид

Аз жаргалын дарсыг амжиж уруулаас минь хүрт дээ!

Лев Толстойн “Сэхээрэлт”-ийг уншаад…

Таалал төгсөх өнчин лааны

Хайлан урсах нулимс царцаж

Уншсан номын хуудас бүхэнд

Улаан амиа хавчуулж одов.

Мөр даран гэтэх араатан шиг

Мөхлийн харанхуй орчлонг нөмрөхөд

Сэтгэлийн ариун сүмдээн залбирч

Сэрүүн гэгээ цацруулж хэвтэв, би.

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Давхардаваагийн Гансаруул


l l l

Цуврал алуурчин баригдаж

Цуутай биеэ үнэлэгч

Ор сураггүй болж

Модод нүцгэрч

Цөөрөм зайрмагтаж

Оргодлууд банк дээрэмдэж

Онгоц сүйрсэн мэдээ

Оройн мэдээгээр гарч

Цонх цантаж

Өрөө сэрүүсч

Данх шүгэлдэж

Хонх жингэнэж

Харилцуур хангинаж

Цорго чимээлж

Цонх савчиж

Хөшиг хийснэ.

Үдшийн мэдээгээр

Тахал дэгдэж

Уурхай дэлбэрч

Улстөрч хорлогдож

Төв талбайд жагсч

Тээврийн хэрэгсэл зогсч

Эмийн сангууд хаагдаж

Эмх замбараагүй байгааг

Эрэгтэй нэвтрүүлэгч ярьж

Араас нь

Цаг агаарын мэдээ уншиж

Нарлаг өдрүүд айсуй гэв.

Маргааш төрөлх тосгон руугаа

Төрж өссөн гэртээ очиж

Алимны хоёр модноосоо

Дүүжин ор уяад

Аргалын май дунд

Ааруул идэж хэвтье байз.

Хөршийн эмгэчүүл ирээд

Хотын сонин асууж

Хоргоож шалаад суучихвал

Хэлгүй болж жүжиглээд

Хэвтээд л байя.

Одоо унтъя даа

Ондоо юм бодолгүй

Өглөө эртийн галт тэргээр

Төрсөн гэрээ зорьё!

2018.08.22-24

l l l

Явуулын циркчид

Ятгатай дуучид

Гудамжны жүжигчид

Хэрмэл болгон

Энд ирнэ.

Буурчийн газар

Шар айрагны мухлаг

Шарсан махны саравч

Янжуурын дэлгүүр

Ямбууны худалдаачин

Бүгд тэднийг угтана.

Тосгоны эрчүүд

Тоосон дунд суугаад

Гараараа саравчлаад

Тоглолт юуг нь үзэхдээ

Гудасныхаа доор нуусан

Гуч, дөчин зоосоо үл хайрлана.

Гутал ч үгүй

Цамц ч үгүй байж

Гуяа гаргасан

Гунхсан бүжигчдийг харж

Гунигаа үргээнэ.

Шанааг нь дагасан хөлсөн дээр нь

Ялаа эргэлдэнэ

Шарваар өмдний дороос

Шаахайгүй эвэршсэн хөл нь цухуйна.

Жүжиг дуусахад

Хэрмэл бүхэн

Ачаагаа баглаад

Морин тэргэндээ сууна.

Түрүүхэн л инээмсэглэн бүжиж байсан

Сайхан бүсгүйчүүд

Хөмсгөө зангидан

Дараагийн тосгон руу

Яаран тэмүүлнэ.

Тосгоны хэдэн тоостой эрчүүд

Толгойгоо гудайлгаад

Гунигаа үүрсээр харина.

Тор авч гарснаа

Зах орж төмс авах байснаа

Сая л санацгаана.

2018.08.24

Categories
мэдээ утга-зоxиол

Зохиолч Д.Урианхайн нэрийг Шведийн Нобелийн хороонд бүртгүүлжээ

Энэ оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Азийн тэргүүн найрагч, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэхээр болсон. Тэгвэл Нобелийн шагналд зохиолч нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлж, академи холбогдох хурлаараа нэр дэвшигчийн талаар хэлэлцээд, Д.Урианхайг сонгохоор санал нэгдсэн байна. Нэгтгэсэн санал буюу нэр дэвшигчийн мэдүүлгийг нэгдүгээр сарын 31-ний дотор Шведийн Нобелийн хороонд хүргүүлэх ёстой бөгөөд энэ дагуу Монголын зохиолчдын эвлэл түүний нэрийг албан ёсоор дэвшүүлж, мэдүүлгийг илгээжээ. Ийнхүү 2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монгол Улсаас Д.Урианхай албан ёсоор нэр дэвшихээр боллоо.

Categories
мэдээ утга-зоxиол

МУСГЗ Г.Гонгоржав “Есөн эрдмийн мэргэд” номоо шинэчлэн хэвлүүлжээ

Өнгөрсөн сарын эрчим хүчний нийт хэрэглээ түгээлтээр 601 сая кВт.ц болжээ. Ингэснээр хэрэглээ төлөвлөгөөнөөсөө 12.92 сая кВт.цагаар өссөн байна. Үүнийхээ 664.9 сая кВт.цагийг нь дотоодын боловсруулалтаар үйлдвэрлэсэн аж. Экспортын эрчим хүчний тухайд ОХУ-аас 23.96 сая кВт.ц цахилгаан эрчим авсан байна. Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс 13.24 сая кВт.цагаар бага дүн гэдгийг “Диспетчерийн үндэсний төв”-өөс онцоллоо. Өнгөрсөн сарын эрчим хүчний дээд ачаалал 1117 МВт, бага ачаалал 703 МВт байгаа юм байна. Эдгээр нь өнгөрсөн оны мөн үеэс их ачаалал нь 101 МВт, бага ачаалал нь 45 МВт-аар өссөн дүн аж. Ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэглээнээс шалтгаалаад манай улсын эрчим хүчний ачаалал жил бүр 5-8 хувиар нэмэгдэж байгаа. Энэ цаг үед дотоодын суурилагдсан хүчин чадлаа үе шаттайгаар нэмэхээр ажиллаж байгаа билээ. Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1200 МВт. Үүнд дээр өнгөрсөн онд 100 орчим МВт-н хүчин чадлаар нэмэгдсэн юм.

Categories
мэдээ утга-зоxиол

“Утгын чимэг” наадмын тэргүүн өгүүллэг

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам болж өнгөрлөө. МЗЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан уг наадамд яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж “Гурван хэмжээс” өгүүллэгээрээ тэргүүлсэн байна. Дэд байрт МЗЭ-ийн шагналт зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ “Олон болоорой” өгүүллэгээрээ, гуравдугаар байрт зохиолч Б.Цоожчулуунцэцэг “Булангийн зогсоол” өгүүллэгээрээ тус тус шалгарчээ. Харин тусгай шагналыг МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүхийн “Алтан хундага”, зохиолч Ц.Ганболдын “Араатан”, МЗЭ-ийн шагналт зохиолч Г.Даваасүрэнгийн ”Байлдааны морьд”, Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Байхгүйн зовлон”, МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуягийн “Сүүлчийн зүсэлт”, СГЗ С.Оюуны “Тэнгэрийн хүү”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбатын “Эх оронгүй хүн” өгүүллэгүүдэд тус тус хүртээжээ.

Тус наадмын тэргүүн байрын шагналыг хүртсэн яруу найрагч Сольтогтохын Дамдиндорж “Гурван хэмжээс” өгүүллэгийн толилуулж байна.

ГУРВАН ХЭМЖЭЭСТ

Дорнын тооллоор зул сар барагдах шөнө Загар хачин их гэрэл туяатай зүүдлэв. Тэнгэр нь гүн цэнхэр, моносны цагаан цэцэгс малгайлсан цас бударсан мэт цагаан, үнэр бал бурам шиг анхилам. Ганганд шургасан харанхуй ширэнгийн хөвд мөчрийг санагдуулам үзэсгэлэнт хавцлын ирмэгт Загар шав шар дээлтэй сууж байх аж. Хачирхалтай нь өмссөн тэр гоёмсог шар дээл бол түүний тэрслэгч анд Сугарынх байх юм гэнэ. Хажуугийн булагийн эх довцог дээр саяхан идшэнд нядалсан хоёр жилийн сувай хар халзан үнээ нь сарлагийн боодой шиг цасан цагаан тугал хөхүүлэн зогсож байв. Хурц тод зүүднээс салж чадахгүй гайхах баясах зэрэгцэн, Загар сэрж гар чийдэн тэмтрэн ханын том цаг руу тусгавал дөрвөн цаг дөчин хормыг зааж байв. Энэ цагт үнэгэн харахуйд сэрдэг болоод уджээ. Тэгээд ёс юм шиг жимсний шилэнд давсагаа суллаад орчлонг эргэцүүлэн хэвтдэг заншил тогтжээ. Яг үүр цайхын алдад эргээд нойр хүрэх авч морь малын ажил монгол хүнийг ямар унтуулж хэвтүүлэх биш. Сайхан зүүд хэмээн билэгшээх сацуу, “Энэ муу Сугар зүүдэнд орохоос ч бас хоцрохгүй шүү” гэж унтууцав.

Загар нэг удаа малын эрлээр Сугарынд хонохдоо нохой унталтаар унтаж, эхнэртэйгээ яах нь вэ? гэж саваагүйтэн чагнаж байгаад нам унтаж, харин Сугар өглөө эртлэн босоод алдуул хэдэн адууг нь хөөгөөд ирсэн байж билээ. Сугарт хордсондоо “Надад олдохгүй байсан мал Сугарт олддог нь ч юув” гэж адгуус малд уур нь хүрч байжээ. Энэ мэтийг нэхэн санахдаа “Үргэлж нэг алхмын урд яваад байж шүү” гэсэн бодол гялсхийн орж ирэв. Тэр бодол даамжирч, Сугараас болж хорссон анхны хайрын зурвас зөрөг руу хөтлөн аваачив.

Жүрхин овгийн Зүсэм гэгч алаг нүдэн охин амьсгал зүрхнээс салахаа байж алтан бумба мэт ариунаар мөрөөдсөн гэрэлт үедээ зүрхэндээ гүн шарх авсан юм. Нэгэн насны шарх авсан тэр өглөө Зүсэмын гадаа Сугарын морь уяатай хоносон байж, Загарын үйлийн лайтай хоёр нүд түүнийг өөрөө олж үзсэн юм. Сугар, Зүсэм дээр хоноод үүрээр мордохыг, хацар нэвт туяарсан Зүсэм хйарын нүдээр энхрийлэн үдэхийг Загар цээжээ хорсгон харсаар хоцорч билээ.

Цас ороод хоножээ. Эхнэр нь өрх татах үед хэсэг цас шархийн зуухан дээр унав. Загар “Энэ амьтныг би шөнө бүхэн тэвэрч, шүр болтол ханилж дээ. Эмс эхнэрүүд анхныхаа эрийг мартдаггүй юм гэсэн. Боддог л байлгүй” гэж эхнэрийнхээ тухай олиггүй юм бодно. Загарын дотор хорсон, Зүсэм бүсгүйн аньсага буулган хар цагаан дуугүй ширтдэг алаг нүдийг санахаараа ингэж шалтгаангүйгээр эхнэртээ хорсдог байлаа. Өөрийгөө бодсон ч, эхнэрээ харсан ч Сугарт дургуй нь хүрч, “Сугар анхнаасаа л миний өмнө явж ирж” гэсэн дүгнэлт өөрийн эрхгүй орж ирсээр.

Сугарыг мэргэн түргэн гэлцдэг байлаа. Загарын аазгай нь хөдөлж өөрийн эрхгүй ярвайна. Сэтгэлийн мухарын чулуу мэт хатуу хорслоо тайлж болох мэргэн арга бодож олжээ. Загарын үгнээс зөрдөггүй, сэмхэн Сугараар мал хуйгаа мэргэлүүлдэг дорой ноомой залуу бий. Түүнд урьдаас бэлдэж хадгалсан хоёр чулууг өгч,

-За чи Сугар дээр очоод энэ хоёр чулууг үзүүл. Та энэ хоёр чулууг үзээд аль нутаг нь надад өлзий буянаа өгөх вэ, хэлж өгөөч ? гэж гуй. Тохиролцох нэг юм байна. Би одоо мордоод тэднийд сууж байя. Чи миний араас удалгүй очиж миний дэргэд асууна шүү.

-Ямар учиртай чулуу юм бэ?

-Хариулт нь надад сонин байна.

Тэр хоёр чулууны нууц гэвэл нэг нь Дунд булагийн эхээр давдаг давааны оройн овооны чулуу. Нөгөө нь гэвэл Дэрстийн худаг ухахад ёроолоос нь гарсан чулуу байжээ. Залуу үүнийг сонсоод бас л догдлон дотор нь загатнажээ. Загар “Үүнийг тааж мэднэ гэж юу байхав, барьц алдан тагжирч суухад чинь бахаа ханатал даапаалах юм шүү” гэж бодож байлаа.

Хар бага насны анд Сугар, Загар хоёр тамхилангаа нутаг усны сонин сайхныг хуучилж суутал, Загарын захиастай залуу орж ирэв. Мэнд ус мэдэлцээд, даалингаа ухан хоёр чулуу гаргаж, чин сүжиг илэрсэн нүүрний хувиралгүй харцаар Сугарын өөдөөс чулууг барьж асуув. Загар ханцуйдаа инээж байв. Сугар сэрдхийн, Загарыг нэг, чулууг нэг харлаа. Нэг нэгээр нь эргүүлж тойруулан сонжиж дуусаад бах нь ханасан янзтай инээвхийлэн хамрын тамхиа овоолоход Загарын бие зарс гээд явчихав. Сугар торох ч үгүй,

-За залуу минь тогтвол энэ нь зүгээр юм гэж овооны чулууг имрээд өгөв. Харин багтвал энэ нь ч зүгээр юм гэж худагийн чулууг буцааж барив. Загар балмагдахдаа хамаг шар үс нь бослоо.. Ам руугаа алгадуулсан залуу год үсрэн гарч одов. Өөрийг нь хүндлэн бишрэх сэтгэл төрж эхэлсэн Загарт, Сугар аминчхан яриа дэлгэж

-Зүүн баруунгүй хатгуулж өвдөхөөр, хааяа би хоёр зүрхтэй юм биш байгаа гэж дэмий юм бодох юм. Ямар балдуушийн хоёр зүрх байхав дээ. Титэм судасны нарийсал гэнэ дээ хө. Ханат гэр нь холдож хадан гэр нь ойртож байгаа юм даг уу даа гэв.

Эрүүл саруул Сугарыг өвчин ярьсанд урамшив уу. Ямар ч байсан Сугар өөрөөс нь нэг алхмын өмнө явж ирсэн. Бас өөрөөс нь нэг алхмын өмнө үхэж магадгүйм байна гэж бодсон уу. Хоёр чулуунд гартуулж чадаагүй ч, үл мэдэгдэх ялалт байгуулсан шиг санагдаад явчихжээ. Эсвэл хүлгийн нуруунд гарвал санаа нь амардаг морьтны халуун цустайн шинж юм уу. Ямар ч байсан Загарын сэтгэлийн мухар дахь хар хорын бодол салхинд хийсэх мэт цэлмэж, магнай тэнийтэл бах нь ханаад шувуу мэт давхин оджээ.

Орон зай гурван хэмжээстэй байхад цаг хугацаа яагаад ганцхан хэмжээстэй байдаг юм бол доо, хөөрхий ..

Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом 36” наадмын тэргүүн шүлэг

Өчигдөр Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн тэгш ойтой давхцан “Болор цом-36” наадам болж өнгөрлөө. Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын байранд болсон энэ удаагийн уралдаанд “Талархлын шүлэг” бүтээлээрээ яруу найрагч Б.Баттулга тодорлоо. Тэрээр Болор цом наадамд өмнө нь найман удаа тусгай байрын шагнал хүртжээ. “Болор цом-36” наадмын эхний таван байрын хоёрдугаарт яруу найрагч И.Баярсайхан, гуравдугаар байранд яруу найрагч О.Цэнд-Аюуш, дөрөвдүгээр байранд яруу найрагч Д.Одгэрэл, айргийн тавд Б.Жамбалдорж оржээ.

“Болор цом 36” наадмын тэргүүн байр эзэлсэн шүлгийг толилуулъя.

Гүн ухааны сүлжээ бодролууд

ОРШИЛ

Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансарын тоолол юм

Морин хийл уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх

Нандин тийм цэцэрлэгээс бурханы амьсгал эгшиглэнэ

Хувь заяаг минь зурсан бийрч бурхан талархъя

Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя

Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя

Ирэх шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Ирмэх нүдний нулимс минь торгон өвсний шүүдэр юм

I

Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Будрах цасны ширхэг энэ л шувуудын гунигтай

Хул хамбан үдшээр болорхон хундаганаа сөгнөх

Цэл залуу гуниг хоолойд торсон нулимстай

Сэтгэлийнхээ гэрлийг би нүднээс чинь олж түүв

Сэмбэрүү цэцэг чинь тэгэхээр газрын гоёмсог нүд юмсан уу

Гэрлийн хүрээлэлд дунирах намар цагийг чинь

Гэзэгний чинь сүлжээнд зангидаж хадгалж үлдэхсэн

Ийм найдвартай хадгаламжийг ертөнцөд үзэшгүйеэ

Эрдэнийн алтан хайрцаг гэдэг чинь дурдатгалыг хэлдэг юм

Эрвэгэр алаг нүд чинь намрын нуурыг зохиожилвоос

Эргэн эргэх шувууг сэтгэл гэдэг юм аа

Буурал морины минь алхаанд он цаг шигшрэхэд

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм

II

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм

Бугуйн цаг минь урсаад мөнгөн горхийг дүрлэх юм

Цас будрахыг харах нас урсахыг мэдрэхтэй адил

Чиний ирэхийг анирдах ингэ ботголохыг хүлээхтэй адил

Мөнгөн амтай хээр нь мөндөр шилгээн товолзоно

Мөнх бусын орчлонг эрвэлзэсхийгээд туулна

Ганган хатиртай хээр нь газар товчлон дөмөлзөнө

Ганц олдохгүй замбууг гайхуулсхийгээд туулна

Намар болоод өвлийн заагийг товлоод хэрэггүй еэ

Цагаан өнгөнөөс би бүх өнгийг олоод

Цас үнэрлээд би орчлонг хураангуйлж чадна

Модны чөлөөт үндэс хэвлий дотроо сунайтал

Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь

III

Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм

Монголын талд гөрөөс янзгалах нь шүлэг шиг совин юм

Ихээ дээр эргэлдэх бүргэд өөр ертөнцийн элч юм

Ийм тансаг орчлонд амьдрах минь алтанхан тавилан юм

Могой зүүдлэхэд хүүтэй болохоо яаж мэдээд

Моносны цэцэг дэлгэртэл бүсгүй хүн баярлана вэ?

Адуу эвшээхэд аз тохиохоо яаж мэдээд

Алтан ятга уянгалтал эр хүн баярлана вэ?

Унага тамгалсан найран дээр чинь гэрэлтэнхэн суумаар аа

Уянга тамгалсан хайраар чинь гийнхэн дэлгэрмээр ээ

Совинт буурал хорвоод зоргоор зөнгөөр урсаад

Соёмбоны гал шиг дүрэлзсэн яруу найрагч билээ, би

Молзог зүрхэнд тэнгэрийн шэрэл зааж мишээх

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

IV

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Нууц тарнийн хураангуй нууц байхдаа л сайхан юм

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Нарны шулга хонх шулганаж байхдаа л сайхан юм

Усны цэврүү хагарангуут л доторхоос нь туулай дэгдэж

Уран торгон цэцэгсийн мандал дотор бүрэлзэнэ

Салхины дотор талаас хэнз унага гүйж

Сарны зүүдийг сарнитал дотно халуунаар үүрсэнэ

Ийм тунгалаг орчлонд амьдарч явах сайхан юм

Ихээ сайтар тунгаавал амьдраагүй байсан ч сайхан

Морь буусан шагай шиг босоо хийморьтой эр хүн

Монголынхоо буян заяаг дааж явах учиртай юм

Мөрөөдөн мөрөөдөн дууллаа чиг мөр нь үлдэх хорвоогийн

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

V

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

Мөөмөө санасан хүүгийн зүүд шиг орчлон доо

Үүрд бусын ховст хүрээлэн сэтгэлд дэлгэрнэ

Үрээ хүлээсэн ээжийн гэрэлт зөн шиг хорвоо доо

Магнайд чинь тодрох мэлмийнээс маанийн үсэг тодоръюу

Мянган бурхан залрах сайн цагийн дэлхий дээ

Зүрхнээс чинь дэлгэрэх хайраас тарнийн үсэг нисэлдюү

Зүйлийн бурхад морилох зүмбэр сүмбэр хорвоо доо

Гангарч хатирах хээр минь нэгэн цагт тэнгэрт нэгдьюү

Галын заль шиг хийморийг ямагт дэгдээж амьдаръюу

Мөн ч дотно халуунаар залбиран хүлээсэн юмсан

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

VI

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

Мөргөлийн жимээр шувууд ирэх нь хайрын дохио ёо

Үргэлж чамайг бодох хайрын шидэт дохиурыг

Өргөж зогсоо сахиусан тэнгэрийг үзэсгэлэнт Венера л гэдэг дээ

Нүдэн нуур долгилоход дагаж долгилох сэтгэл минь

Нөмгөн мананд жингэнэх тарнийн цэцэг мэт ээ

Гангар гунгар дуунд нь тэнгэрийн шилтгээн үзэгдэх

Галуу болоод ангир жигүүртэй хөгжим мэт ээ

Гэрэл сүүдэр урссан торгон огтлолцолт хорвоо дээр

Гэнэт шийдээд хүн болж төрсөндөө баярлавч баршгүй

Тиймийн учир би бурхны зүүдэнд амьдарч

Тэлмэн хонгор аялгуу болсондоо догдловч баршгүй

Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх сэн

VII

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх

Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан

Түг түмэн жил хязгааргүйд гэрлээ түгээж

Төгөлдөр орчлонг гийгүүлэх монгол аялгуутай од байхсан

Уулсын царамд цэцгийн үр тэтгэдэг

Усны гүнд чулууны судал өнгөлдөг

Голын аминд хөх заль бадраанам

Categories
мэдээ утга-зоxиол яруу-найраг

“Болор цом-36” наадамд тэргүүлсэн “Гүн ухааны сүлжээ бодролууд” шүлгийг хүргэж байна

“Болор цом” наадамд тэргүүн байр эзэлсэн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулгын сүүлийн даваанд уншсан шүлгийг хүргэж байна.

“Болор цом-36” наадмын тэргүүн шүлэг

Гүн ухааны сүлжээ бодролууд

(Яруу найрагч Б.Баттулга)

ОРШИЛ

Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансарын тоолол юм

Морин хийл уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх

Нандин тийм цэцэрлэгээс бурханы амьсгал эгшиглэнэ

Хувь заяаг минь зурсан бийрч бурхан талархъя

Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя

Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя

Ирэх шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Ирмэх нүдний нулимс минь торгон өвсний шүүдэр юм

I


Буцах шувуудын ганганаа санчигны мөнгөн сор минь юм

Будрах цасны ширхэг энэ л шувуудын гунигтай

Хул хамбан үдшээр болорхон хундаганаа сөгнөх

Цэл залуу гуниг хоолойд торсон нулимстай

Сэтгэлийнхээ гэрлийг би нүднээс чинь олж түүв

Сэмбэрүү цэцэг чинь тэгэхээр газрын гоёмсог нүд юмсан уу

Гэрлийн хүрээлэлд дунирах намар цагийг чинь

Гэзэгний чинь сүлжээнд зангидаж хадгалж үлдэхсэн

Ийм найдвартай хадгаламжийг ертөнцөд үзэшгүйеэ

Эрдэнийн алтан хайрцаг гэдэг чинь дурдатгалыг хэлдэг юм

Эрвэгэр алаг нүд чинь намрын нуурыг зохиожилвоос

Эргэн эргэх шувууг сэтгэл гэдэг юм аа

Буурал морины минь алхаанд он цаг шигшрэхэд

Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм

II


Булгилах зүрхний цохилт минь огторгуй сансрын тоолол юм

Бугуйн цаг минь урсаад мөнгөн горхийг дүрлэх юм

Цас будрахыг харах нас урсахыг мэдрэхтэй адил

Чиний ирэхийг анирдах ингэ ботголохыг хүлээхтэй адил

Мөнгөн амтай хээр нь мөндөр шилгээн товолзоно

Мөнх бусын орчлонг эрвэлзэсхийгээд туулна

Ганган хатиртай хээр нь газар товчлон дөмөлзөнө

Ганц олдохгүй замбууг гайхуулсхийгээд туулна

Намар болоод өвлийн заагийг товлоод хэрэггүй еэ

Цагаан өнгөнөөс би бүх өнгийг олоод

Цас үнэрлээд би орчлонг хураангуйлж чадна

Модны чөлөөт үндэс хэвлий дотроо сунайтал

Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь

III


Морин хийлийн уянгалах нь эр хонгор сэтгэл минь юм

Монголын талд гөрөөс янзгалах нь шүлэг шиг совин юм

Ихээ дээр эргэлдэх бүргэд өөр ертөнцийн элч юм

Ийм тансаг орчлонд амьдрах минь алтанхан тавилан юм

Могой зүүдлэхэд хүүтэй болохоо яаж мэдээд

Моносны цэцэг дэлгэртэл бүсгүй хүн баярлана вэ?

Адуу эвшээхэд аз тохиохоо яаж мэдээд

Алтан ятга уянгалтал эр хүн баярлана вэ?

Унага тамгалсан найран дээр чинь гэрэлтэнхэн суумаар аа

Уянга тамгалсан хайраар чинь гийнхэн дэлгэрмээр ээ

Совинт буурал хорвоод зоргоор зөнгөөр урсаад

Соёмбоны гал шиг дүрэлзсэн яруу найрагч билээ, би

Молзог зүрхэнд тэнгэрийн шэрэл зааж мишээх

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

IV


Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Нууц тарнийн хураангуй нууц байхдаа л сайхан юм

Мойл нүдэт амраг минь нууц тарнийн хураангуй юм

Нарны шулга хонх шулганаж байхдаа л сайхан юм

Усны цэврүү хагарангуут л доторхоос нь туулай дэгдэж

Уран торгон цэцэгсийн мандал дотор бүрэлзэнэ

Салхины дотор талаас хэнз унага гүйж

Сарны зүүдийг сарнитал дотно халуунаар үүрсэнэ

Ийм тунгалаг орчлонд амьдарч явах сайхан юм

Ихээ сайтар тунгаавал амьдраагүй байсан ч сайхан м

Морь буусан шагай шиг босоо хийморьтой эр хүн

Монголынхоо буян заяаг дааж явах учиртай юм

Мөрөөдөн мөрөөдөн дууллаа чиг мөр нь үлдэх хорвоогийн

Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

V


Мөнх бусын шидэт цэцэрлэг зүрхэнд минь гэрэлтэнэ

Мөөмөө санасан хүүгийн зүүд шиг орчлон доо

Үүрд бусын ховст хүрээлэн сэтгэлд дэлгэрнэ

Үрээ хүлээсэн ээжийн гэрэлт зөн шиг хорвоо доо

Магнайд чинь тодрох мэлмийнээс маанийн үсэг тодоръюу

Мянган бурхан залрах сайн цагийн дэлхий дээ

Зүрхнээс чинь дэлгэрэх хайраас тарнийн үсэг нисэлдюү

Зүйлийн бурхад морилох зүмбэр сүмбэр хорвоо доо

Гангарч хатирах хээр минь нэгэн цагт тэнгэрт нэгдьюү

Галын заль шиг хийморийг ямагт дэгдээж амьдаръюу

Мөн ч дотно халуунаар залбиран хүлээсэн юмсан

Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

VI


Мөр замд минь жамын алтан гөрөөс хатирна

Мөргөлийн жимээр шувууд ирэх нь хайрын дохио ёо

Үргэлж чамайг бодох хайрын шидэт дохиурыг

Өргөж зогсоо сахиусан тэнгэрийг үзэсгэлэнт Венера л гэдэг дээ

Нүдэн нуур долгилоход дагаж долгилох сэтгэл минь

Нөмгөн мананд жингэнэх тарнийн цэцэг мэт ээ

Гангар гунгар дуунд нь тэнгэрийн шилтгээн үзэгдэх

Галуу болоод ангир жигүүртэй хөгжим мэт ээ

Гэрэл сүүдэр урссан торгон огтлолцолт хорвоо дээр

Гэнэт шийдээд хүн болж төрсөндөө баярлавч баршгүй

Тиймийн учир би бурхны зүүдэнд амьдарч

Тэлмэн хонгор аялгуу болсондоо догдловч баршгүй

Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан

Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх сэн

VII


Наран сарны солбицох зайд гэрэлтэн үзэгдэх

Намирч асгарах зөнтэй морин шарга од байх сан

Түг түмэн жил хязгааргүйд гэрлээ түгээж

Төгөлдөх орчлонг гийгүүлэх монгол аялгуутай од байхсан

Уулсын царамд цэцгийн үр тэтгэдэг

Усны гүнд чулууны судал өнгөлдөг

Голын аминд хөх заль бадраадаг

Намирч асгарсан зөнтэй морин шарга од байхсан

Наашаа цаашаа л урсаж байх сан

Бодолд чинь гэрэлтэхдээ тэнгэрийг шивнэж

Болор хундагатай дарсанд чинь жингэнэж байх сан

Нархажид, Үржинхандын заллагатай

Нандин тийм цэцэрлэгээс бурхны амьсгал эгшиглэнэ

VIII


Нандин тийм цэцэрлэгээс бурхны амьсгал эгшиглэнэ

Намраас хаврын симфони сонсох уу, хоёулаа

Навчис бясалгаж дүүрээд шаргалтсаныг тэндээс ойлгож

Нарны гэрэл гэгээрэлд хөтөлдгийг нотлох уу, хоёулаа

Хагдарч хийсэх нь урган төлжихийг зөгнөөд

Хачин тунгалаг борооноор урсгал нийлэх үү, хоёулаа

Харанхуйн хэвлийд гэрлийн хөврөл үргэлжлэхэд

Хайртай бүхнийхээ төлөө амиа золих уу, хоёулаа

Сарны зөнч үлгэрийг туулайн чуулганаар хэлэлцэхэд

Самрын үр дотор амьдарч үзэх үү, хоёулаа

Хулсны исгэрэх аялгууг лимбэдэж дуулаад

Хувь заяаг минь зурсан бийрч бурханд талархъя

IX


Хувь заяаг минь зурсан бийрч бурханд талархъя

Хундага дарсанд болор од жингэнэхэд талархъя

Хул шаргал аялгуунаас буга урамдахад талархъя

Хурын мянган дуслаас тэнгэр гэрэлтэхэд талархъя

Намайг хүн болгосон дорнын эгшиглэнд талархъя

Чамайг надтай учруулсан долоон бурханд талархъя

Хязгааргүйгээс онгод хөлөглөсөн сахиус тэнгэрт талархъя

Харанхуйгаас гэрэлт тэмүүлсэн сарнай цэцгэнд талархъя

Сөхөрч гуниглавч тэжээн тэтгэх далдын хүчинд талархъя

Цөхөрч гомдовч инээж угтах холын зөнд талархъя

Ятга хөглөх бүсгүйн дүрэлзэх үзэсгэлэнд талархъя

Хутга барих дээрэмчний хувирах санаанд талархъя

Хуучир лимбэ болох хулс зэгсэнд талархъя

Хумхын тоос болох орчлон дэлхийд талархъя

X


Хумхын тоос болох орчлон дэлхийд талархъя

Хуур хөглөх агшнаа гүү унагалахад талархъя

Хурд хувааж төрсөн босоо унаганд талархъя

Хувьтай Монголын цэлгэр тал нутагт талархъя

Талархаад байгаа сэтгэлийг хүлээж авсанд талархъя

Тавилан заяаг минь хөглөсөн тэнгэрийн хөгжимд талархъя

Манан дунд дохих намуу цэцгэнд талархъя

Маргааш болох лусын амьтдын чуулганд талархъя

Мөлхдөг хөлхдөг, нисдэг сэлдэг бүхэнд талархъя

Мөөмний сүүн дуслаас орчлон бүрдэхэд талархъя

Мөндөрлөг шүүдэрлэдэг ургадаг хагдардаг бүхэнд талархъя

Мөнхийн ганц үнэнд цөмөөрөө цугларахад талархъя

Галт бөмбөрцөг, мөсөн уул, сансар мандалд талархъя

Гарыг минь ганзганд хүргэсэн ижий, аавдаа талархъя

XI


Гарыг минь ганзганд хүргэсэн ижий аавдаа талархъя

Гал уурагнаа бүрэлдэх ертөнцийн эхлэлд талархъя

Ганган хул эгшиглэх эртний ерөөлд талархъя

Галавт олохуяа бэрх хүмүүн заяанд талархъя

Галуун цуваа ганганан зэллэх тэнгэрт талархъя

Халуун хайр ундран оргилох та бүхэнд талархъя

Газрын мянган судас төрсөн нутагтаа талархъя

Ганц дотор мянгыг багтаах нууцад талархъя

Гансрал зовлонг ч гоо үзэсгэлэнд хувиргахад талархъя

Гай түйтгэрийг ч холдуулж чадах сүр хүчинд талархъя

Галбарваас модноо галбингаа донгодоход талархъя

Ганлингийн эгшгээр ч хорвоог уярахад талархъя

Гавал аяганаас дарс хүртэх учир тохиолд талархъя

Гайхамшгийг бүтээх хүслээс хөтөлсөн цагийн зүүдэнд талархъя

Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом”-ын эзнээр яруу найрагч Б.Баттулга тодорлоо

Говьсүмбэр аймгийн Чойр хотын “Боржигон” чуулгад 36 дахь удаагийн “Болор цом” наадам өнөөдөр ёслол төгөлдөр эхэлж шилгүүдээ тодрууллаа. Энэ жилийн “Болор цом”-ын эзнээр яруу найрагч Б.Баттулга тодорлоо.

Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах “Болор цом-36”-д нийт 140 уран бүтээлч шүлгээ ирүүлснээс 27 найрагчийн нэрс тодорсон билээ. Үүнээс гуравдугаар шатанд шилдэг 18 яруу найрагч шалгарсан. Шилдэг 18 найрагчаас дөрөвдүгээр шатанд есөн найрагч тайзнаа шалгарч үлдсэн юм. Эдгээрээс айргийн таван найрагчийг тодруулсан:

  • Тэргүүн байр: “Болор цом”-ын эзнээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга
  • Дэд байр: Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Би.Баярсайхан
  • Гуравдугаар байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш
  • Дөрөвдүгээр байр: “Алтан өд” шагналт яруу найрагч Д.Одгэрэл
  • Тавдугаар байр: Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Д.Жамбалдорж

Утга зохиолын хүрээнийхний дунд “Гэгээн хэсүүлчин” гэгдэх МЗЭ-ийн шагналт яруу найрагч Базарсадын Баттулгын шүлгийн дээжээс та бүхэндээ хүргэж байна. Удахгүй “Болор цом”-ын тэргүүн шүлгийг хүргэх болно.

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна…

Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Гүйцэд болоогүй мойл жимсний тухай,
Мойлын төгөлд адуу эрж саатсан тухай,
Тэр адуу нутаг тэмцэж явсан тухай,
Тэмүүлж яваа нутаг нь орчлонгийн захад байдаг тухай
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Мойл жимс гүйцэд болоод унасан тухай,
Морин тэр л цагт хачин тунгалаг нулимс унагасан тухай,
Хачин тунгалаг нулимс нь гэгээхэн дэлхий мэт эргэлдсэн тухай,
Харшинга тэр адуу нутгаа гүйсэн тухай
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Орчлонгийн захад уулсын хормой адууны нүдэнд үзэгдсэн тухай,
Онхид мартагдсан хонгорзулын үнэр ирсэн тухай,
Хөөрхий тэр адуу урд хоёр хөл дээрээ сөхөрсөн тухай,
Хөх мах нь чичрэхэд ангир үймэлдсэн тухай
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Бүх юм сайн сайхан руу тэмүүлдэг тухай,
Бүр эртний учрал Хагацал байсан тухай,
Сайн сайхан руу тэмүүлээд сөнөдөг тухай,
Сац бас тэр сөнөлт сайн сайхан байдаг тухай,
Сая сая жилээр хөдөлгөөн дунд оршдог тухай,
Салхин хөдөлгөөн дунд үхэж, бас өндийж байдаг тухай
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Үхэж, бас өндийх хөдөлгөөн мөнхөд үргэлжилдэг тухай,
Өнө мөнхийн энэ үргэлжлэлд орчлон тогтдог тухай,
Орчлон өөрөө бас сөнөдөг тухай,
Онхид мартагдсан хуучныг шинэ гэдэг тухай,
Одоо яг бороо орж байгаа тухай
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
… Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.
Өндөг бүсгүй хүн хоёр адилхан тухай,
Өндөр нам хоёр ялгаагүй тухай,
Тогтоол ус, нуур хоёрын аль нь гүн тухай,
Тогоруу цам харайхдаа юу болдог тухай,
Харанхуй гэрэл хоёрын мөн чанарын тухай,
Хагацаж чаддаг нөхөр үнэнч байдаг тухай,
Хамгийн эхний болоод эцсийн тухай
Гүн ухаантан ширээ түшин бодлогоширч байна.

Золбин жингэрийн дууль

Жирийн л эх-заяанд төрсөн
Жингэр гэдэг ад үзэгдсэн амьтан
Жихүүн салхитай зэвэргэн тэр үдэш
Зэндмэнэ сарны дор гөлөглөжээ
Шорвог нулимстай орчлон өрөвдсөн ч юм шиг
Шоовдор заяаг нь тэгшлэх ч гэсэн юм шиг
Сортоотой эр гөлөг ганцыг заяажээ
Содноос содон шаргалхан зүстэй ажээ
Нүгэл мэдэхгүй тэр хөөрхөн амьтныг
Нүдээ нээгээгүй байхад нь хүн авчээ
Ганцаардан үлдсэн хөөрхий муу жингэр
Гаслан цөхөрсөн ч тэнэмэл тавилангаа яахсан
Нумартал татаад тавьсан хөвч шиг
Нохдыг үлдээн жавхайтал ганцаараа сугарсан
Идэр насыг нь хулгайлж энэрэлгүй хорвоо
Эрүүний хувхай ясан дунд сэгсэрч орхижээ
Гэмгүй хөөрхөн гөлөг нь суга өсч
Гинжиндээ агсарч бусад руу дайрдаг болжээ
Гэсгээл өршөөл зэрэгцсэн хорвоо тэр юм шиг
Гинжтэйгээ эвлэрч бусдаас хоол горилжээ.
Саруул саруул мөртлөө нүдгүй орчлонгийн
Санаандгүй тохиолоор нэгэн жингэртэй л таарчээ
Гинжний догшин авир нь гэнэт хөдөлжээ
Гунхирсан хөөрхий түүний хоолойд
Уудам уудам мөртлөө давчуу хорвоод
Учрал хагцалын од зэрэг тохиожээ
Амьдын орчлонд тээж төрүүлсэн эхийнхээ
Ачийг хариулсан нь тэр байлаа
Шаргалхан үр нь тугдайн хэвтэх шиг
Сарнаас эцсийн удаа аврал эрэн
Золбин жингэр аяархан гийнаад
Зовлон үр хоёроосоо салжээ

Ирж буй цаг

Шувууны мөр харц шиг мэлтэгнэж үлдэхийг анзаарчээ суунам
Сүүмэгтэй өвс тэрүүхэнд гэрэлтэх нь этүгэн эхийн ариусал шиг бодогдном
Хаа нэгтээ, гол дотор л мөнгөн бийр унах шиг соньхон мэдрэмж цалгихуйд
Хараан сунган тэнгэрийг нэгжвэл Үржинлхамын орон үзэгднэм
Тэнд морь зүүрмэглэх шиг нам гүмийн дотор дээлтэй хүмүүн шүлэг бичнэм
Тэрлэгээ засахад нь нэг их шаргал гэрэл цацарч, ахиад ажин түжин залганам
Тэмээний нулимс далай болоод өлмийд нь хүрч аяархан замхрахад
Тийм нэг жижигхэн шувуу Эрээнцавыг зүглээд Тарь нууранд лянхуа болном
Хорьдын саран асаасан лаа шиг гэрэлтэхийг одоо хэн мэдрэх бол
Холхи Эрээнцавын дөрвөн цагт өнчин зорголын зүүдтэй дээ
Тунгалаг шүүдэр найрагчийн нулимс шиг сувдрахыг одоо хэн имрэх бол
Туулайн хурал янзаганы наадамтай дорнын тал гунигласхийнэ дээ
Манан дунд суль өвс дохих нь Амитабагийн өлмийн хүндлэл болохуйяа
Мяралзах Улзын татуурга дээр мандал ширтэн удаан суув би
Үзэсгэлэнт бүсгүйчүүд бүжиглэж бүжиглэж буцсан мэт нил содон үнэр сэвэлзэхүйеэ
Өнөөх алтан харгана өнчирснийг бодоод хөндлөн тэвнэ гялалзах шиг санаа алднам
Дэргэд нь дуу аялахад пор пор буцалдаг Оргихын булаг шиг хүмүүн
Дэндүү чиг гэгээхэн шүлгээ сарны саруулд уншиж л явсан юм
Дөнгөж сая босоод явсан бололтой гөрөөсний халуун хэвтэр савсахуйд
Дээшээ харж хэвтээд тэрбээр өвс зуун санааширсан юм
Баруун сарны шүлэгч шиг шүлэгч ахиад төрөхгүй
Баруун саран шиг саран ч ургах болов уу яах бол
Гэгэлгэн гэгэлгэн олныгоо уйлуулаад л буцчихсан таныгаа бодохоор
Гэр дээр минь зүсрэх бороо усан гөрөөс шаглана
Дээд мандлаас дэлхийн бөмбөрцгийг харахуйяа
Дэнгийн гэрэлд дээлтэй хүмүүс шүлэг бичих шиг нумарна

Мөнгөн шөнөөр

Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна
Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдоно
Тэнгэрийн гэрэлт хаалгыг аяархан татахаар зорино
Тэрлэгээ тайлах шиг тавиланг аргадаж тайтгаруулсаар одно
Надтай зөрж ирэх нялх энхрийхэн бүхэнд
Нарны галтай бийрээр хайр тэрлэж үлдээнэ
Эхлэл нь замхравч төгсгөл нь эхэлдэг орчлон юм
Ээж нь охиндоо эргэж төрдөг хорвоо юм
Дуу нь намдавч цуурай нь шуранхайлдаг ертөнц юм
Дурдатгалын шидэт гүүрээр ирээдүйд зорчих тавилан юм
Охины минь нууцлаг инээмсэглэл болор одны дохио мөнийг
Оньсого таах хүү минь өндөр заяаны оньсого мөнийг
Одож байхдаа мэдрэх ямархан бол гэж санахаар
Онцын сонин тэр аялал зүрхэн дотор нүргэлнэ
Зүсэрч буй бороон дундуур одоохондоо би зүсэрч л явна
Зөнгийн бүрээ хангинан дуурсахаар аялалын цаг дохиолсныг мэдэрнэ
Бударч буй цасан дундуур одоохондоо би бударч л явна
Бурханы мэлмий ирмээд гэрэлтэхээр жингийн сүйх ирчихсэнийг ойлгоно
Өөрийн биеийг тэрлэг шигээ тайлж орхиод
Өнгө бүхнийг багтаасан цагаан зурвасыг дагаад
Холын хол аялалд одохын тэр цагт минь
Хорвоо дээр нэг л оньсого нууц хэвээрээ үлдэнэ дээ
Алтан ишийг нь ороогоод хортой могой ургачихсан ч
Арааны шүлс асгармаар амтат тошлой ургаж байна
Амьд явна аа гэдэг юутай нандин агуулга мөнийг
Амжиж мэдрэхээр би одоохондоо алхаж л явна
Нүднээсээ дотогш харах гээд лааны гэрэлд сүүмийж суулаа
Нүцгэрч буй модны дотор цагариг эргүүлээд жиндэж суулаа
Хайртай гээд хэлж зүрхлэлгүй харамласхийгээд ганхаж суулаа
Халуун бодлынхоо цөмд өөрийгөө аргамжаад бөртийж суулаа
Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна
Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар чиг бодогдоно доо