Categories
мэдээ утга-зоxиол

МУСГЗ, Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарчийн хилчдэд зориулсан 30 гаруй бүтээлд “Сүлдэт багана” шагнал гардууллаа

Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага болон бие бүрэлдэхүүн МУСГЗ, Ардын уран зохиолч, яруу найрагч Пунцагийн Бадарчийг хүндэтгэн хүлээн авлаа. Түүний хил, хилчдэд зориулан туурвисан 30 гаруй бүтээлд нь Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг гардуулан өглөө.

Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарчийн хувьд 1971-1975 онуудад хилийн 0166 дугаар ангид соёлын төвийн даргаар бага дэслэгч цолтойгоор ажиллаж, хилчдэд урлаг, уран сайхнаар үйлчлэх үүргийг гүйцэтгэж байсан юм. Түүний “Нулимст борхон болжмор”, “Эх орны хилээс”, “Есөн эрдэнийн орон”, “Халх голын өглөө”, “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа”, “Дайны жилийн сувилагч” зэрэг эх орон, хил, хилчдийн тухай 30 гаруй шүлэг, найраглалыг ард түмэн андахгүй мэднэ.

Ийнхүү иргэдэд эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, хилчдийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж ХХБ-ын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг гардуулан өглөө. Энэ үеэр Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагын зүгээс хилийн цэргийн формын хувцсыг дэслэгч цолны хамт өгсөн юм. П.Бадарчийн хувьд тухайн цаг үеийн бага дэслэгч цолтой байсан. Өдгөө энэ цол хэрэглэгдэхээ больсон тул дэслэгч цолыг олгож байгаа юм байна.

Хилчдийн хувьд ардын уран зохиолч П.Бадарчтай халуун дотно яриа, дуу хуур, инээд наргиантай нэгэн сайхан өдрийг хамтдаа өнгөрүүллээ. Хилчдэдээ зориулан хил дээр төрсөн шүлэг найраглалаасаа уншиж, хилчин явсан дурсамжаасаа хуваалцсан юм.

Categories
мэдээ утга-зоxиол

Үндэсний УЗ-ын шилдэг бүтээлийн уралдаанд Д.Урианхай тэргүүлжээ

Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг Соёл урлагийн газар болон “Соёлын яам” МЗЭ хамтран Ардын хувьсгалын 100-н жилийн ойг тохиолдуулан зохиолч яруу найрагчдын дунд зарласан.

Үндэсний утга уран зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдааны тэргүүн байрын шагналыг Азийн шилдэг яруу найрагч Монгол түмний бахархалт зохиолч Дамдинсүрэнгийн Урианхай хүртжээ. Дэд байрын шагналыг яруу найрагч С.Начин хүртсэн байна.

Categories
мэдээ утга-зоxиол

“Монголын нууц товчоо”-г гадаадын 30 гаруй хэлээр орчуулсан бүтээлийн үзэсгэлэн болов

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Чингис хааны өв, соёл” боть I, II, III цуврал бүтээлийн нээлт, “Монголын нууц товчоон” ном хэвлэлийн үзэсгэлэн Bluemon “Norphei art” үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийлээ.

Чингис хааны өв, соёлын хүрээлэн нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаар тогтоолоор байгуулагдан Соёлын яамны харьяанд ажиллаж байна.

Тус хүрээлэн нь Чингис хаан судлалыг Монгол судлалын нэгэн чиглэл болгон хөгжүүлэх, Чингис хаан түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол болон дэлхийн түүхэнд Чингис хааны гүйцэтгэсэн үүргийг алдаршуулах, Чингис хааны өв, соёлын баримт мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, Монголын Эзэнт гүрний өв, соёлыг гадаадын орнуудад түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад чиглэсэн нэгдсэн бодлого хөтөлбөр боловсруулах, Чингис хаантай холбоотой ёслол, хүндэтгэл, нэр нэршлийг нийгмийн харилцаанд хэрэглэх хэм хэмжээ тогтоох, эрх зүйн орчныг бүрдүүлэх суурь судалгаа хийх зорилготой.

Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн судлаачид бие даасан болон хамтарсан арав орчим судалгааны бүтээл эрхлэн хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгоод байна. Монголын Үндэсний номын сан болон Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Чингис хаан болон Монголын Эзэнт Гүрний үед хамаарах ховор нандин түүхийн сурвалжийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор “Чингис хааны өв, соёл” I, II, III ботийг эрхлэн хэвлүүлж, өнөөдөр нээлтээ хийж байгаа юм. Цаашид энэхүү судалгааны ажлыг улам гүнзгийрүүлж, цуврал бүтээл үргэлжлэн хэвлэгдэнэ.

Мөн өнөөдөр Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн зөвлөх, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэх эрдэм шинжилгээний ажилтан, доктор, Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн Э.Пүрэвжавтай хамтран өдгөө Монголын нууц товчоог гадаадын 30 гаруй хэлээр орчуулан хэвлүүлснийг эл үзэсгэлэнгээр олон нийтэд дэлгэн үзүүлж байна.

Categories
мэдээ утга-зоxиол

“Үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлье” уриатай үйл ажиллагаа болно

Жил бүрийн есдүгээр сарын 1-нийг Эх хэлний өдөр болгон тэмдэглэж ирсэн. “Эх хэлээ аваръя”, “Эс Эм Эл” ТББ-аас есдүгээр сарын нэгний өглөө “Монгол соёлын өглөө, үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлье” уриатай үйл ажиллагааг Өглөөний гудамжинд зохион байгуулна.

“Та 2025 ондоо бэлэн үү?” Монгол соёлын үйл ажиллагааны хөтөлбөр
• 07:30-07:40 Нээлт: Морин хуур, Хөөмий, Каллиграфи үзүүлбэр
• 07:40-07:50 “Монгол бичиг мину“ Шүлэг
• 07:50-08:00 Үг хэлэх: Л.Пүрэвдорж МУСГЗ зохиолч, Эх хэлээ аваръя! хөдөлгөөний тэргүүн
• 08:00-08:10 Үг хэлэх: Академич Доктор (Ph.D) А.Алимаа ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч
• 08:10-08:20 “Огторгуйн биелгээ” үзүүлбэр
• 08:20-08:30 Каллиграфи үзүүлбэр
• 08:40-08:50 Загварын үзүүлбэр \Үндэсний бренд\
• 08:50-09:00 OPEN MIC-сэтгэгдлээ хэлэх хүмүүст нээлттэй
• 09:00-09:10 Зураг авахуулах,

Хамтран ажиллах байгууллагууд:
• “Хүн наран” Монгол бичгийн цогц сургалтын төв
• Аравт продакшн
• Хаан бичиг номын дэлгүүр
• Бусад: Каллиграфчид, зохиолчид

Өртөөгөөр болох үйл ажиллагаа:
• Уран бичлэг, каллиграфиар нэрс бичих
• ТББ-ууд, байгууллагуудын танилцуулга, Монгол бичгээ сурах уриалгууд тараах
• Хамтран ажиллагчдын үйл ажиллагаа, номын худалдаа гэх мэт
• Зураг авахуулах

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

П.Бадрал: “Агнистын гэгээ” бол олон үеийн монгол сэхээтний мөрөөдөл

Агнистын гэгээцувралын дуун хөрвүүлэгч П.Бадралтай ярилцлаа.


Таныг ярилцлагынхаа лидэнд нийтлэлч, шашин судлаач, лам гэж тодотгохгүйгээр зүгээрАгнистын гэгээцувралын дуун хөрвүүлэгч гэчихэж болох уу?

-Өөрөө л мэд. Дуун хөрвүүлэгч хүнддэхгүй бол их мундаг үг л дээ. Ном ёс гэж хэлдэг үнэний утга чанар өнгөрсөн, ирээдүйд үргэлж хэвээрээ. Түүнийг илэрхийлдэг дуун буюу үг дохио орон, цаг, нөхцөл байдалдаа тохирч үргэлж хувьсаж ирсэн. Түүнийг мэдэрч хэлмэрч болохыг л дуун хөрвүүлэгч гэдэг.

Буддын ном, судруудын ихэнх нь төвөд хэл дээр, монгол хэлнээ орчуулсан бүтээлүүд нь найруулгын хувьд энгийн хүмүүсээс хол учраас энэ их ухааны жинхэнэ мөн чанар жирийн олонд хүрэхгүй байх шиг санагддаг. Харин буддын сод оюунтнуудын сургаал номыг багтаасанАгнистын гэгээтэс өөр, хэн ч уншсан зүрхэнд ойр буухаар энгүүн сайхан уншигддаг. Тийм болохоор таныг ингэж тодотгомоор санагдсан юм аа. Ийм том ухааны ном судруудыг хэн ч ойлгох хэлбэрээр хүн төрөлхтөнд хүргэсэн Ошо гэдэг хүн таны хувьд хэн бэ?

-Ер нь аливааг онолоор ойлгох нэг хэрэг. Мэдэрч таних тэс өөр зүйл. Миний хувьд Ошо гэдэг хүн амьд Будда. Би Шашны дээд сургууль төгсчихөөд нирваан гэж юу болохыг мэдрээгүй явсан хүн л дээ. Энэ хүн надад нирваан гэж юу болохыг мэдрүүлсэн. Наад захын жишээ гэхэд л би Ошо багштай учраад Мялын дууллыг, Ноён хутагтынхаа “Үлэмжийн чанар”-ыг ойлгож мэдэрсэн. Тэр хүчээр л “Агнистын гэгээ” монгол хэлнээ бууж байгаа. “Агнистын гэгээ”-г уншсан хүмүүс хүн төрөлхтний түүхэнд үеийн үед Будда нар байсан гэдгийг мэдрэх байх. Өөрөө ч түүний үргэлжлэл болохоо ойлгох биз ээ. Тэгэхгүй бол үлгэр домог шиг юм болчихоод байсан.

Бурхад, гэгээнтнүүд гэхээр л санаанд буумгүй хол ертөнцөд төсөөлөгдөж, буддизм гэхээр амьдралаас хөндий ямар нэг юм гэж хараад байдаг л даа, бидний олонх. “Агнистын гэгээ”-д хуучин судрын үгээр байгаль гэдэг үгийг оршихуй хэмээн хөрвүүлсэн гэж ярьж байсан. Яагаад, ямар учраас оршихуй гэж хөрвүүлсэн юм бол?

-Байгаль гэдэг үгийг мянга таван зуун жилийн өмнө Нирун гүрний үед л ном судрын үг болгож хэрэглэж байсан. Өнөө үед өөрөөр ойлгогдох болсон учраас би дээдсээсээ уучлал эрээд оршихуй гэж орчуулсан юм, “Агнистын гэгээ”-д. Байгаль гэдэг маань уг чанартаа байхуй. Хаанаас ирээд хаашаа буцахыг л хэлээд байгаа хэрэг. “Гал” гэсэн дагавар уг язгуур чанарыг тодруулж байгаа юм. Нууц тарнийн их шидтэнүүд нирваан гэдэг үгийн оронд байгаль оршихуй гэсэн үгийг орлуулж тавьсан. Хоосон чанарыг гэгээн гэрэл, үлэмжийн чанар гэдэг үгээр орлуулсан шигээ. Цаанаа их учиртай.

Хаанаас ирээд хаашаа буцах гэснээс буддизмд үхэл бол амьдралын төгсгөл биш гэж үздэг. Сүүлд физикийн шинжлэх ухааны доктор Г.Лхагваа багштай ярилцаж суухад энэ үзлийг Энергийн хуультай холбож тайлбарлаж байсан л даа…?

-Амьдрал үргэлжилдэг гэдгийг монголчууд ямар ч эргэлзээ, ямар ч измгүйгээр мэдэрч ирсэн үндэстэн. Буддизмээс өмнө ч тийм байсан. Наад захын жишээ гэхэд л өөд болсон хүнийхээ биед тэмдэг тавьдгийг та мэдэх байх. Амьдрал үргэлжилдэг, үхэл гэдэг дээл солихын төдий зүйл гэдгийг ухаарч мэдэрсэн хүмүүс зоригтой болчихдог. Мянган жилээр үргэлжилсэн дундад зууны харанхуйг ярсан хүмүүс нь монголчууд байсан нь цаанаа ийм учиртай. Зүгээр нэг цээжээ дэлдэж омгорхох яах вэ. Дээдсийнхээ совин мэдрэмжийг л ухаарах хэрэгтэй. Амьдралын мөн чанарыг таньсан үндэстний дайтах нь ч, мөргөх нь ч утгатай. Социализмын үеийг шударга, сайхан байжээ гэж дурсах хүн олон таардаг. Социализм сайхандаа биш, монгол хүний уг язгуур ухаан арилаагүй байсан үе. Алтай хангай шиг хөгшид байлаа, тэр цагт. Харамсалтай нь өнөөдөр тэр хөгшид маань алга. Сүүлийн хэдхэн жилийн дотор алга болчихлоо. Байлаа гэхэд өдрийн од шиг ховор. Бужаагаа оршуулснаас хойш нутгаадаа явах сэтгэл нэг л төрдөггүй. Цаадах шалтгаан нь энэ л дээ.

Долоохон настай жаахан хүү Бужаагийндаа бурханы ном заалгая гээд дэгдээд очсон гэж ярьж байсан чинь санаанд орлоо. Бүр жаахнаасаа бурханы ном үзэх чин хүсэлтэй хүү явжээ…?

-Аав, ээжийгээ ажилдаа явсан хойгуур…(инээв). Яваад ортол Бужаа босоогүй байсан юм. Над руу нэг их гайхаж харснаа “Яах гэж ирээв хүү минь” гэхээр нь “Ном сурахаар ирлээ” гээд авчихлаа. Тэгээд л Бужаагаасаа ном дуулж эхэлсэн дээ. Ер нь хар багын л бурханы номд дурлаж тэмүүлсэн мэдрэмж хүчтэй байсан шиг санагддаг. Намайг Шашны дээдэд ороход Бужаа “Чамаас “Чойрын ном хөөх үү, орчуулга хөөх үү?” гэж асуувал орчуулгаа хөөе гэж хэлээрэй. Чойрын ном хөөвөл миний хүү ганцаардана шүү” гэж захиж билээ. Бужаагийн хоёр ах нь гавж, нэг нь буудуулж, нөгөө нь баригдахаа мэдээд найр хийчихээд алга болчихсон гэдэг. Өвөг дээдсээ бодвол “Манайх чинь чойрын номтой гавж нарынхан, хүү минь залгаж яваарай” гэж ирээд захиж болно доо. Хожим эргээд ухах нь ээ явах зам мөрийг минь зөнгөөрөө мэдэрч адислаж байжээ гэж боддог. Одоо Энэтхэг, Төвөдөд олон жил сураад байдаг ном чинь чойрын ном шүү дээ. Буддын философи л гэсэн үг. Надад тийм боломж байсан ч хаашаа ч яваагүй. Зүгээр л явмааргүй санагдаад байдаг юм.

Шашны дээд сургуульд орсон түүх чинь сонирхолтой санагдсан. Есдүгээр ангидаа аравдугаар ангийнхаа хичээлийг хамтатгаж үзэж, арваа онц төгсчихөөд Шашны дээдэд элсэж байсан гэл үү?

-Тэгсэн түүх бий. Би чинь Ховдын Дарвийнх. Тэр үед Шашны дээд сургууль гурван жилд нэг удаа элсэлт авдаг байсан юм. Намайг хотод ирээд есдүгээр ангид суралцаж байхад элсэлт авах жил нь таараад хоёр ангийнхаа хичээлийг зэрэг үзсэн хэрэг. Шашны сургуульд сурах бөөн хүслэн болсон нөхөрт тэгж хичээх асуудал байгаагүй. Гэхдээ хамгийн сонин нь шалгалт өгсний дараа миний өнөө хамаг чадлаараа хичээж судалсан бүх хичээл тархинаас алга болчихсон. Тэр үед

Тогосны чамин өд нугасны дэгдээхэйд хэрэггүй шиг

Толгой тархи гашилгасан томьёо дүрмийн оронд

Ялгуусны гэгээн судраас ганц шадынх нь ч болов

Яруу утгын рашааныг шимж суух минь жаргал сангэж бичиж байлаа (инээв).

Түрүүн та нэг сэдэв хөндсөн дөө, оршихуйн хуулийг мэдэрдэг байсан монголчуудын тухай. Тэр яриагаа үргэлжлүүлэх үү, хоёулаа?

-Өндөр гэгээн бясалгалаас гарч ирэх үед тодорч үзэгдсэн үсгэндээ Соёмбо буюу “Өөрөө тодрох гэгээ” гэсэн нэр өгсөн гэдэг. Бид үнэнийг танина гэж байхгүй. Тэр өөрөө тодорч бидэнд танигдана. Бид гол нь өөрийгөө суллаж, хаалт бөглөөгөө арилгах хэрэгтэй. Шинжлэх ухаанч, юмыг мэдчих нэг хэрэг. Мэдрэх бол тэс өөр зүйл. Хуйлах нэг өөр, хуйлрах өөр. Тавих нэг хэрэг, тавирах бас ондоо. Мэдрэх дээр жинхэнэ соёл иргэншил цэцэглэх боломжтой. Монголд дээхнэ үед элдэв гэмт хэрэг, хулгай дээрэм тэр бүү хэл шорон гэх ойлголт байгаагүй, шилийн сайн эр гэж байсан ч тэр нь огт өөр утгаар ойлгогдож явсан. Үүнийг л соёл иргэншил гэдэг. Зуухан жилийн өмнө Америкт хар, цагаан арьстан тусдаа суудал дээр суудаг байсан бол монголчуудад арьс өнгөөр ялгаварлах ойлголт байгаагүй. Шашин шүтлэгээр ч ялгаварладаггүй байсан. Чингис хаан Чанчун бумбаас ном сонсох гээд яадаг билээ, гурван удаа захиа илгээгээд ирэхгүй болохоор нь “Биеэ угааж мацаг бариад таныг хүлээе” гэдэг. Оюун санааг тэгж хүндэлж байсан. Ийм соёл гагц Их Монголын үеэс ч биш Хүннү, Сүннүгээс улбаатай. Хархориноос Өгөөдэй хааны 64 баганат ордон олдоогүй. Харин буддын хийд олдсон. Хүн төрөлхтний их хаад өөрсдөдөө зориулж бунхан, пирамид, хөшөө босгож байхад Чингис хааны онгон өнөөг хүртэл олдоогүй. Бусад 38 хаадынх ч олдоогүй. Би үгүй гэдэг чинь тэр шүү дээ.

Буддын би үгүй гэх үзлийг эртний хаад мэдэрч ухаарсан учраас онгон шүтээн, булш бунхан нь үлдээгүй гэж үү?

-Яг тийм. Хар хоринд эзэнт гүрний нийслэлээ босгоод буддын сүм бүтээсэн нь харин үнэн. Чуу мэргэний “Ном ёсыг үеийн үед хамгаалах болно” гэсэн алдартай үг бий. Алдартай үг гэснээс уг язгуур, үндэс угсаагаа мэдрэлгүйгээр тэр хаан тэгж хэлсэн, энэ ноён ингэж хэлсэн гэх мэт зохиомол үгс цөөнгүй дуулддаг.

Жишээ нь ямар үг?

-“Эх нутгийн минь газар шорооноос эрхий дарам газрыг бурхан гуйсан ч бүү өг” гэдэг үгийг хүн бүр мэдэх байх. Бидний өвөг дээдэс тийм байгаагүй. Хоосон ирээд хоосон буцах хорвоогоо мэдэрч таньсан улс юу гэж ийм дэмий галзуу үг хэлэх вэ дээ. Байгаль эхээ мэдрэх хайрлах, минийх гэж дөвчигнөх хоёр ялгаатай. Тэгэхээр хүн ер нь мэдрэмжтэй л байх хэрэгтэй. Монгол хүмүүс яагаад мэдрэмжтэй байсан бэ гэдэг асуултын хариу нь их энгийн. Байгаль дэлхийтэйгээ нэгдэж чаддаг, оршихуйн хил хязгааргүйг мэдэрч байсан. Тэгэхээр энэ үгийг хэлсэн хүн өөрийнхөө нэрийг тавих хэрэгтэй.

Сүүлийн үед гэгээнтнүүд их тодорч байна. Бараг л аймаг сум болгоноос гэгээнтэн төрөх нь холгүй энэ үзэгдлийг шүүмжлэх хүн олон байна л даа. Бас Монгол дахь буддизм Төвөдөөс хэт хамаарсан гэсэн шүүмжлэл ч давтамжтай дуулддаг…?

-Жинхэнэ гэгээнтэн олон тодорвол сайн л биз. Гэхдээ нэг үнэн юм нь Будда, Нагаржуна, Шантидэва, наян дөрвөн шидтэн өөрсдөө л бясалгаж гэгээрч тодорч үйлс бүтээлээ туурвиж явсан. Хэн нэгнээс шагнал, жуух шиг цол авч яваагүй. Манайд зөндөө л бясалгагч гэгээнтнүүд тэр замаар яваа гэж боддог. Төвөдөөс хамаарч байгаа нь нэг л дэг сургууль. Ном ёсыг бүгдийг төлөөлөхгүй. Наян дөрвөн мянган номын ёс гэж хэлдэг. Хязгааргүй гэсэн үг. “Агнистын гэгээ”-д гарч байгаа олон сургаал ном, жишээ нь Сарахагийн дуулал, Адиша Богдын билгүүн шастир, Диловагийн Махамутар, ловон Бадамжунайн Зогчин сургаал тэргүүтэн олон үед дарагдаж байсан нууц номууд. Цаг нь болоод дэлгэрч байгаа хэрэг. Шарын шашнаас ондоо нь ч үнэн. Би “Бодь мөрийн зэрэг”-ийн гуравдугаар ботийг орчуулахдаа үүнийг илүү тод ойлгосон. Богд Зонхова тэр замаараа гэгээрсэн байж болно. Бодол бодлоо үгүйсгэсээр хоосонд тулах зам л даа. Тултал нь явахгүй бол бүүр ягшмал загварт орно. Гэхдээ тэр нь зөвхөн Богд Зонхова шиг төлөвийн хүнд тохирсон зам байх. Гэтэл монголчууд ямар үндэстэн билээ. Дуулж, найрлаж, цэнгэж суугаад гэгээрдэг. Энэ чинь улаан малгайтын ёс. Би сая ярьсан даа, Өндөр гэгээн соёмбо үсгээ “Өөрөө тодрох гэгээ” гэж тодотгосон тухай. Үүний цаана хүчилж таних гэсэн ойлголт үгүй байгаа биз. Өөрөө тодрох билгийн гэгээ, үлэмжийн чанар гэж энэ. Тийм учраас Өндөр гэгээн Очирдар амьд шүтээнийхээ зүрхэнд ловон Бадамжунайн атга элсийг нуусан байдаг юм.

Та сошиал хуудсандааМиний зэн сүм…” гэж бичсэн байсан. Зэн сүм гэдэг нь…?

-Гэрээ хэлж байгаа юм (инээв). Ороо, тавиураа өөрийн гараар модоор хийхдээ, тэр бурханаа залахдаа ийм бодлоор бүтээсэн.

Таны залсан бурхан Шагжамүни юу?

-Гаутам Будда номын хувцастай байдаг, харин миний залсан бурхан футболкатай байгаа биз. Энэ бол Амитаба. Амитабаг гал улаан өнгөөр нь таньдаг. Эрлэг Номун хааныг үйлийн үрийн хуулийг сахиулагч гэж бэлгэддэг дээ. Үйлийн үрийг ялах өөр хүч бас бий. Тэр нь Амитаба. Үйлийн үрийн хуулийг дарсан толгой. Бужаагаасаа анх сурсан ном бол Ерөөлийн хаан судар. Хэзээ нэгэн цагт утгыг нь тайлна даа гэж боддог байлаа, тэр үед. Тэнд “Хэн нэгэн ингэж ерөөж мэдэрсэн даруйд хорвоогийн хамгийн хүнд нүглийг үйлдсэн ч бай цаглашгүй гэрэлт Амитабаг харна” гэсэн мөр бий.

Д.Нямсүрэн найрагчийнАмитаба”-г унших дуртай, сайхан шүлэг

-Д.Нямсүрэн найрагч эртний монгол өвгөдийн л үргэлжлэл. Би түрүүн Алтай хангай шиг сайхан хөгшчүүл алга болчихлоо гэсэн гутранги өнгөтэй зүйл ярьсан даа. Гэхдээ эртний монгол өвгөдийн ухаан тасрахгүй гэдэгт эргэлздэггүй. Би ч гэсэн тэднийхээ үргэлжлэл нь. Амитабагийн гал улаан өнгө бол хүсэл тачаалын бэлгэ тэмдэг. Хүсэл тачаал гэж нэрлээд байгааг билиг билгүүнд урвуулдаг язгуур нь Амитаба. Сараха тэргүүтэн наян дөрвөн шидтэн ийм замаар гэгээрсэн. Балчгаас ургасан бадам гэдэг дээ. Хорвоо балчиг шавар юм бол тэндээсээ л цэцэглэнэ гэсэн үг.

Та манай шашинд Төвөдийн нөлөө хэт их байгаа гэсэн хариу шууд хэлээгүй ч толгой дохилоо гэж ойлголоо…?

– Олон зуун жил үргэлжилж байгаа явдал. Төвөдүүд Энэтхэгээс, бид Төвөдөөс бурханы номыг авсан. Тухайн цаг үед тэгэхээс аргагүй байсан. Одоо цаг өөр болсон. Хүн төрөлхтөн хөгжиж байна. Бид бурханы номыг заавал Төвөдөөс авах шаардлагагүй. Тийм шаардлагагүй болсон учраас “Агнистын гэгээ” бүтэж байна. Өмнө нь төвөд хэлгүй л бол бурханы ном үзэхэд хэцүү байсан. Харин одоо бол “Агнистын гэгээ”-гээс эртний дээдсийн бүх бүтээлийг харчих боломжтой. Ц.Дамдинсүрэн багшийн “Хар авдарт ном бий Хазгар өвгөнд эрдэм бий Хахир говьд эрдэнэ бий Хамаагүй басаж болохгүй шүү” гэсэн үг бий. “Агнистын гэгээ” тэр их үүцийг л задлаад байгаа юм. Түүнээс биш шинэ юм байхгүй. Эхний боть дээр нь би “Мартагдсан хуучныг шинэ гэдэг” гэж онцолсон нь ийм учиртай. Товчхондоо эртний дорнын соёлыг үлдээхийн тулд “Агнистын гэгээ”-г бүтээж байгаа юм. Энэ бол олон үеийн монгол сэхээтний мөрөөдөл. “Агнистын гэгээ”-г бүтээчихлээ, одоо энэ бүтээлийн ард ганц том асуулт бий. Ном ёсыг яаж хүлээж авах вэ гэсэн соёлын асуудал.

Ном ёсыг хүлээж авах соёлын асуудал гэдгээ энгийнээр тайлбарлавал…?

-Энгийнээр хэлбэл, хувь хүний асуудал болоод үлдэж байна л даа. Авахыг нь аваад хаяхыг нь хаяад гэсэн зорилгоор энэ номыг уншвал юу ч авахгүй. Энд чинь тухайлбал амь биеэрээ тахил өргөж байж Наро хутагтын сонссон Махамутар, есөн жил хана ширтсэн Бодидарма багшдаа гараа тайрч өргөөд сонссон ном байна шүү дээ. Тийм нандин нууц номыг задалж байгаагаараа би ч пянгаа даахад хэцүү. Хэрвээ та энэ ном сургаалын сав болж уншиж чадвал миний алдас арай нимгэрэх байх. Хамгийн гол утга нь энэ. Хүн “Би яах гэж амьдраад байна вэ” гэж өөрөөсөө асуудаг даа. Ингэж асуудаг хэрнээ энэ асуултдаа чин үнэн хариу эрдэггүй. Бусдыг, өөрийгөө хуураад яваад байдаг. Гэхдээ хүний амьдралд яг энэ асуултыг өөрөө өөрөөсөө чин үнэнээр асуух мөч тохиодог. Чухам тэр үед л энэ ном бүрэн утгаараа нээгдэнэ. Өөртөө ийм асуулт тавихдаа хэнд ч ялархах хэрэггүй. Маш шударгаар асуулт тавьсан цагт хариулт нь шударга ирдэг.

ТаныАлсын оддын амьсгал өвсөнд лугшихыг мэдрээд…” гэж ирээд эхэлдэг шүлэг их гоё. Шүлгээ бичиж байгаа юу?

-Би их цөөхөн шүлэгтэй ч өөрийгөө найрагч гэж боддог (инээв).

Тэгэлгүй яахав, ганц часхийсэн шүлэг ч найрагч гэдгийн том баталгаа…?

-Магадгүй. Шүлэг гэснээс би чамд нэг онигоогоо ярьж өгье. Би “Намайг ойлгодог ганц хүн байвал Нарт орчлонг би диваажин гэж дуулъя” гэж бичиж байлаа, тээр жил хүүхэд байхдаа. Ерээд онд шиг санагдаж байна. Гэтэл өнөөдөр сошиал орчинд тэр шүлэг маань яг тэр янзаараа явахаар ичээд болохгүй юм (жуумалзав).

Одоо тэр шүлгээ засаад хэлчихэж болно шүү дээ?

-“Намайг ойлгох хэн ч байхгүй бай Нарт орчлон диваажин хэвээрээ” гээд засчихъя (инээв).

Диваажин гээд налайхад хэцүү л амьдрал эргэн тойрон өрнөөд байх шиг?

-Хүний ходоодонд баян, ядуугийн ялгаа байхгүй. Ямар ч хүн өдөрт 5000 төгрөгөөр л амьдарчихна. Хоёр ширхэг өндөг, нэг талх, сайхан шөл, илүү юм хэрэггүй. Өдөрт 5000 төгрөгөөр хоол идлээ гэхэд сарын хүнсний өртөг 150 мянган төгрөг. Амьдрал ийм амархан. Гэтэл зарим хүмүүс “Амьдрал чинь алаан байхгүй юу” гээд амьдралаа там болгоод байдаг. Зүгээр тийм хоббитой байж болно. Миний хобби бол аль болох хялбар дээр нь тавих. Гэхдээ нийгэм хэцүү л дээ. Одоо энэ сургууль боловсрол байна. Хүүхдүүдийг хар багаас нь тамлаж байна. Өдөр шөнөгүй хичээл даалгавар гээд. Бидний үед өдөр өнгөрч өгөхгүй гэрийн ажлаа хийж усаа зөөж, модоо хагалчихаад дуртай номоо уншаад, ядарч цуцталаа тоглоод явдаг байсан. Сургууль багш нарыг ч үзэн ядалтай биш. Нэг л хэцүү, ёстой “Амьдрал алаан байхгүй юу” гэдэг ой тойнд буумгүй галзуу тоглоомоор хүүхдүүдийг залхааж байна. Ноён хутагтын “Хүний нас хэмжээтэй, сурах юм хэмжээгүй. Утгатай амин шимийг л хүртэж жаргаж яваарай” гэсэн сургаал бий. Өнөөдрийн хувьд, яг энэ асуудлын тухайд хувь хүн өөрөө л ухаарч сэрэхээс өөр зам алга даа. Зиндааны анд, Баасаа ламынхаа дуулдаг шиг “Хайрлаарай” л гэмээр байна.

Хайрын тухай таны бодлоор ярилцлагаа өндөрлөе гэж бодлоо?

-Хайрыг хүмүүс янз бүрээр ангилж, нэрлэж ялгаж салгадаг. Гэхдээ байгаль чанартаа нэг л байх. Би зовж ганцаардах үедээ хайраар дутсан даа гэж эндүүрч явснаа анзаардаг. Хайраар дутсандаа биш эргэн тойрон, бүр дотор гүний гүнд буй хайрын далайгаа мэдрэхгүй үедээ л тэгдэг байх нь гэж ойлгоод байна. Мэдэрч сурах, тэрэндээ оршиж сурах хэцүүхэн л юм. Гэхдээ яваад л бай, яваад л бай гэдэг багш бурхадын үг улам тодрох шиг санагддаг.

Categories
мэдээ утга-зоxиол

Т.Цэрэнлхам: “Баян хүн бүр хулгайч, луйварчин биш. Тэд чамаас илүү хөдөлмөрлөсөн” гэдэг санаа өгөхийг зорьж үлгэрээ бичдэг

Утга зохиолын ажилтан, үлгэрч Т.Цэрэнлхамтай ярилцлаа.


-Одоо үед зохиолч, яруу найрагчид ихэвчлэн роман, өгүүллэг, тууж, яруу найргийн төрлөөр уран бүтээл туурвиж байна. Харин та үлгэр бичдэг?

-Би багаасаа үлгэр бичих сонирхолтой байсан. Харин хэрхэн, яаж бичих билээ гэдгээ сайн мэддэггүй байлаа. Энэ мөрөөдөл маань намайг утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлийг сонгоход онцгой нөлөөлсөн шүү. Нэг үеэ бодоход хүүхдийн уран зохиол шинэ шатанд гарах төлөвтэй. Шинэ мянганы эхэн үед хүүхдийн уран зохиолын дутагдалд орчихсон байсан юм болов уу гэж боддог юм. Тэр дундаа үлгэр. “Үүлэн бор”, “Монгол ардын үлгэрүүд” гээд хэдхэн үлгэрээр үлгэрийн ертөнцийг төсөөлдөг байлаа. Иймээс л үлгэр бичихээр сэтгэл шулуудсан.

-Үлгэр бол ардын аман зохиол. Амнаас ам дамжигдсаар ирдэг уран зохиолын төрөл зүйл. Үлгэр баяжиж, үлгэрийн сан арвиждаг нэг үндэс нь үлгэрч, үлгэрийн зохиолчид байдаг болов уу?

-Тийм шүү. Бидний өвөө, эмээ лаагаа бариад галаа тойруулж хэдэн хүүхдүүдээ суулгаад л үлгэр домог ярьдаг байлаа. Тэр нь орчин үеийн подкаст юм уу даа. Ам дамжин яригдаж ирсэн үлгэр домог байхаас гадна өөрсдөө сонссон дуулснаа эвлүүлж хачирлаж ярьдаг байсан нь баяжигдаж явсаар үлгэр болдог. Тэгэхээр үлгэр бол хязгааргүй арвин сэдэвтэй дундаршгүй далай. Тэр далайг байнга сэлбэж байх цутгалан бас хэрэгтэй. Тэр ч утгаараа нэг хэсэг нь байхыг хүссэн юм.

-Тэгэхээр таныг үлгэр, өвөө, эмээ тань үлгэрч болох замыг тавьж өгчээ?

-Би хүүхэд байхдаа зуныхаа амралтаар хөдөө явдаг байлаа. Хонь малаа хотлуулчихаад нэг гэртээ цуглаад өөхөн тосон дэнлүүгээ бариад л үлгэр ярьдаг байлаа. Манай том авга ахын гэргий Бундуу буурай бол үлгэрийг гайхалтай ярина. Ярьсан бүхэн нь нүдэнд харагдаж сэтгэлд хоногшино. Тэр өдрөө л төсөөлөлдөө кино үзчихсэн мэт болдог байлаа. Тэр үлгэртэй үдшүүд намайг үлгэр бичихэд маш ихээр нөлөөлсөн.

-Үлгэр сонсох нь хүүхдийн хүмүүжилд ямар ач холбогдолтой вэ?

-Сүүлийн үед би хүүхдийн хүмүүжилд их санаа зовдог юм. Хүүхдээ хүмүүжүүлж чадсан улс хөгждөг байх гэж би боддог. Үлгэр бол хүүхдийн хүмүүжилд маш чухал нөлөө үзүүлдэг. Хүүхэд төвлөрч, сууж, тууштай байж сурна. Эцэг эхийн хэлж ярьж чадахгүй байгаа санааг хүүхэд үлгэрээс олно. Мэдэхгүй байгаа асуултдаа хариулт авна. Оюун ухаан тэлнэ. Маш олон талын чухал ач холбогдолтой.

-Та одоогоор хичнээн үлгэр зохиогоод байна. Үлгэрүүдийн тань нэрийг сонирхож болох уу?

-Би гурван маамаатай. Нэг хэсэг үлгэрээ бичээгүй. Одоогоор надад 20 орчим үлгэр байна. Нэрний хувьд Монгол нэрээ илүү өгөхийг хичээдэг. “Өрөмхөн гүнж”, “Дагина сахиус”, “Ухаарал”, “Ариун үйлст хүүгийн үлгэр”, “Алимны мод”, “Хамгийн гайхамшигтай бэлэг” гээд хэд хэдэн үлгэр бий.

-Таны үлгэрт ажил хөдөлмөр, чин сэтгэл, сайхан сэтгэлийн тухай гардаг юм билээ?

-Тийм ээ. Сүүлийн үеийн хүүхдүүд залуучууд их залхуу болсон юм шиг санагддаг. Гэхдээ хичээнгүй мундаг залуучууд олон бий л дээ. Миний үлгэрт сайхан сэтгэл, ажилсаг зан, хичээнгүй байдал, тууштай чанараа өнгөлж зүлгэж яваарай гэсэн санаа байдаг. Ихэнх үлгэрүүд ажилсаг байхыг сургасан.

-Таны үлгэр Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдсон “Чингисийн билиг” сургаалт үлгэрийн уралдаанд шалгарч, Төрийн ордонд шагнал гардаж авч байсныг тань санаж байна?

-Би 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Чингисийн билиг” сургаалт үлгэрийн уралдаанд “Ариун үйлст хүүгийн үлгэр”-ээр оролцож шалгараад төрийн ордонд шагнал авч байлаа.

-Социализмын үед үзэл суртлын хар сүүдэр туссан нэг зүйл бол Монгол ардын үлгэр. Бүх үлгэрт шунахай ноён, сувдаг баяны тухай өгүүлдэг. Ядуу, дорой хүү тэднийг ялан дийлж буйгаар төгсдөг. Үлгэрийн энэ нөлөөгөөр одоо монголчууд өөрөөсөө илүү, өөрөөс баян, чинээлэг хүнийг үзэн яддаг, ядуу ардын хүүхэд тэднээс илүү гэж явцуурдаг хандлага билээ л дээ. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?

-Энэ санаа ямар ч үлгэр, зохиол бүтээлд байж л байдаг. Тэр нь уншигч, үзэгчдэд их таалагддаг. Түүнээс гадна нийгмийн хандлага ерөөсөө баян хүнийг үзэн ядах, сэтгэлгээ хүүхэд байхаас нь суучихсан. Яагаад гэвэл тэр санаа үлгэрээр зогсохгүй зохиол бүтээлд нийтлэг болчихсон. Миний үлгэрт баян ядуу хамаагүй, хэн хөдөлмөрлөнө, тэр үр шимийг нь хүртэнэ гэсэн санаа зонхилно. Баян хүн бүр хулгайч луйварчин биш. Тэд чамаас илүү хөдөлмөрлөсөн байна гэдэг санааг л өгөхийг зорьж үлгэрээ бичдэг дээ.

-Мөн сүүлийн үеийн сурах бичигт орж буй үлгэрүүдэд ээж нь аавыг нь алж буй, хүмүүсийг гэртэй нь шатааж байгаа тухай хээвнэг өгүүлсэн байдаг. Үлгэрт хүртэл ёс зүй байдаг шүү дээ?

-Би саяхан хамгийн харгис монгол ардын үлгэрүүд гээд нийтлэл уншлаа. Аавынхаа толгойг хагалаад алчихдаг, архи уудаг, хүн зоддог гээд бүхий л болохгүй бүтэхгүй зүйл гарч байх юм. Нөгөө хүүхэд хүмүүжүүлэх философи байхгүй.

Харин ч тэгж болно гэсэн маягтай. Нөгөө талаар мэргэжлийн биш хүмүүс мөнгө олох зорилгоор өөрсдийнхөө хар ярианы үг хэллэгээр ном бичээд, өнгө будагтай зургаар халхлаад ном гаргадаг болсон нь урлаг, уран зохиол хийгээд хүүхдийн уран зохиолыг булшлаад байгаа нь эмгэнэлтэй санагддаг. Гэсэн ч чансаатай зохиолууд ч мөн төрөн гарч байгаа нь бахархууштай.

-Таны үлгэрийг нөхөр тань хүүхдэдээ уншиж буй бичлэгийг сошиалаас харлаа. Танайх үлгэрч гэр бүл бололтой?

-Хүүхдүүддээ үлгэр уншиж өгөхийг их хичээдэг. Манай гурван хүүхэд миний үлгэрүүдийн анхны уншигч. “Тэр нь надад гоё санагдлаа, тэр хэсэг нь их аймаар байна” гэх зэргээр шүүмж хэлдэг. Хүүхдүүдийнхээ санааг тусгасны дараа үндсэн үлгэр маань гарч ирдэг. Манай хүүхдүүд миний “Ухаарал” гэдэг үлгэрийн улаан шүтэн бишрэгчид.

-Үлгэр бичихдээ баримталдаг зарчим тань юу вэ?

-Хүүхдүүд миний үлгэрийг уншаад нэг ч гэсэн сайхан санаа өөртөө тусгаж аваасай. Зөв хүмүүжилтэй болоосой. Ажилсаг, хичээнгүй иргэн болоосой гэж хүсдэг. Тиймдээ ч ажил хөдөлмөрийн үр шим ямар үнэтэй вэ гэдэг санааг ерөнхийдөө агуулдаг. Үлгэрээ бичихийн хувьд ямар нэгэн зарчим дүрэмд баригдахгүй бичдэг. Есөн үлгэртэй ном эмхэтгээд бэлэн болгочихсон. Хэвлэлтийн зардлаас шалтгаалаад гаргаж чадахгүй хүлээлтийн байдалд байна.

-Та МУБИС-ийн Монгол судлалын сургуулийг дүүргэжээ. Танай сургуульд ардын аман зохиол, хүүхдийн уран зохиолоор дагнасан нэртэй багш нар хичээл заадаг. Мэдээж танд нөлөөлсөн, үлгэрт хөтөлсөн багш нараа дурдах нь зөв болов уу?

-Би МУБИС-ийн Монгол судлалын сургуулийг Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр дүүргэсэн. Багш нараараа их бахархдаг. Оюунбадрах багш маань хүүхдийн уран зохиол, эртний уран зохиол заадаг байлаа. Чүлтэмсүрэн багш маань ардын аман зохиол, Хөвсгөл, Сүхбаатар гээд олон сайхан багш нараа дурдахгүй өнгөрч болохгүй. Миний уран бүтээл туурвих, үлгэр бичих эхлэлийг багш нар маань тавьж өгсөн.

-Таны санаанаас гардаггүй ямар үлгэр байдаг вэ?

-“Наран хатан”, “Эрийн сайн Хан харангуй”, “Үүлэн бор”, Г.К.Андерсений “Шүдэнз зардаг охин” гээд үлгэрүүд бий дээ.

-Багадаа Орос ардын үлгэр хэр уншдаг байв. Тэнэг Иван, пийшин, эмгэн шулам, Василиса бол та бидний хувьд танил дүр, ахуй шүү?

-“Үүлэн бор” номыг дахин дахин уншдаг байлаа. Одоо ч хүүхдүүддээ санал болгодог.

-Гэхдээ таныг Монгол ардын үлгэрт илүү дуртай байсан болов уу гэж бодож байна?

-Тийм шүү. Би Монгол ардын үлгэр гэхээсээ илүү баатарлаг тууль их уншдаг байсан. Эмээгийнд маань нэг зузаан ном яваад л байдаг байлаа. Заримдаа эмээ урд хойноос нь аваад л гал асаачихна. Гэсэн ч зузаан хэвээрээ. Нэг өдөр юун ном юм бол гэж сонирхоод л шууд дурлаж эхэлсэн. Хамгийн хайртай ном минь болж билээ. Тэр нь баатарлаг туульсын эмхэтгэл байсан.

-Хүмүүс таныг үлгэр бичдэг гэхээр хэрхэн хүлээж авдаг вэ. Ер нь үлгэр бичдэг хүмүүс ховор байдаг?

-Зарим хүмүүс үлгэр бичдэг гэхээр гайхдаг шүү. “Яагаад заавал үлгэр гэж” гээд л хачирхдаг. Зарим нь “Ямар гоё юм бэ, үлгэр бичдэг хүн байдаг юм уу” гээд л янз янзаар хүлээж авдаг даа.

-Таны “Алимны мод” номыг уншсан. Гэтэл та энэ номныхоо дараа хашаандаа алимны мод тарьсан гэсэн байх аа?

-2018 онд “Алимны мод” нэртэй анхны үлгэрийн номоо хэвлүүлсэн. Тэгээд л гэнэт алимны мод тарих санаа төрсөн дөө. Алимны мод бол үр хүүхдэдээ өвлүүлдэг хөрөнгө болохоор надад болмоор санагдсан. Ингээд л үлгэрээ бодит болгосон доо.


УХААРАЛ

(Үлгэр Т.Цэрэнлхам)

Төрөхийн цагт хайрлан өргө

Торнихын цагт үлгэрлэн асар

Өсөхийн цагт сургамжлан хүмүүжүүл

Өөрийнх нь цагт хөдөлмөрт даатга.

Эрт урьд цагт нэгэн залхуу хүү байж. Хүү ажил хийх, алхах гишгэх дургүй бөгөөд унтаж хэвтэх, ууж идэх дуртай нэгэн. Аав ээж нь түүнд ихэд санаа чилэх тул хэрхэн ажилсаг шударга нэгэн болгох вэ хэмээн өдө,р шөнөгүй бодол болно. Ингээд аргаа барсан эцэг, эх нэгэн өдөр бурхандаа идээ будааны дээжээ өргөж, зул хүжээ асаан хүүгээ сайн хүн болгож өгөхийг гуйн залбирчээ. Маргааш өглөө нь хүү унтаж унтаж үд болохын хэрд босч ирээд хоол нэхэх гэтэл орных нь өмнө ширээн дээр элдэв зүйлийн амттан, идээ будаа, хоол цай өрөөтэй байх юм. Хүү бага зэрэг гайхсан боловч амттанаас гэдсээ хагартал идэж аваад буцаад унтаад өгчээ. Энэ байдлаар хэдэн хоног өнгөрөв. Аав, ээж хоёр нь ч ажил хий, амьдралаа бод гэж ч үглэхээ байж. Тансаглал, залхуурлын дээдийг үзүүлэв. Жил өнгөрлөө. Хүү залхуурч хэвтсээр л байв. Түүний бие нь мантуу шиг хөөн таргалжээ. Тарганаасаа болоод босч ч чадахаа болив. Өдөр өнгөрөх тусам толгой нь өвдөж, сүүлдээ хөл, гар, дотор эрхтэн нь өвддөг болов. Ингээд бүх бие нь өвдөж шархирахын цагт түүнийг авахаар залхуурлын хаан хажууд нь иржээ.

Залхуурлын хаан: Залхуу, тарган гахай минь бос, явах цаг боллоо гэхэд хүү айж сандран – Хаашаа явах гэж байгаа юм бэ? Түүний оронд та намайг энэ их өвчин зовлонгоос салгаж өгөөч, би таны хэлсэн бүгдийг хийе гэж гэнэ. Залхуурлын хаан: Чи өөрөө л өвдөж зовохыг сонгосон. Одоо өнгөрсөн. Залхуурч хэвтэх, зай завсаргүй идэхийг чинь хараад бурхад уйлж, чөтгөр инээж байсан шүү дээ. Энэ өдрийг их удаан хүлээлээ. Одоо аав, ээжийг чинь оруулж ирээд чамайг аваад явна. Түүний өмнө чи аав, ээжийгээ нэг сайн хараад ав. Дараа нь өөрийгөө хар. Тэгээд хамт явна аа гэж гэнэ. Хүү битгий авч яваач гэж балмагдан бархирч байтал аав, ээж хоёр нь орж ирлээ. Ээж нь түүний хажууд ирээд миний хүү одоо яв даа. Хүний орчлонд чи ихэд жаргалаа. Гомдол байхгүй гэж гэнэ. Хүү аав, ээж хоёрыгоо харвал тэд өнгөлөг жавхаалаг залуугийн гоо сайхнаа огтхон ч алдаагүй байжээ. Ингээд өөрийгөө толинд харвал гахайнаас тарган хаван, хавдар нүүртэй, арьс нь сул унжсан аймшгийн муухай хөгшин өвгөн болон хувирсан байв. Хүү уйлан та хоёр ийм залуу сайхан байхад би яагаад ийм муухай өвгөн болчихоо вэ гэвэл залхуурлын хаан -Аргагүй шүү дээ. Аав ээж хоёр чинь чамайг тэжээх гэж өдөр шөнөгүй ажилласан, харин чи зөвхөн идэж ууж, унтаж хэвтсэн, одоо хоёулаа явъя хэмээн хүнд ташуураараа хүүг ороолготол хүү бархиран орилж орь дуу тавин босон харайлаа. Хүү зүүдэлсэн байжээ. Ухасхийн боссон даруйдаа сэрээд харвал амттан шимттэн өрөөтэй тансаг ширээ өмнө нь байв. Хүү гүйж гараад аав, ээжийгээ дуудан оруулж ирээд хамт цайгаа уугаад тариа ногооны ажил, талх боовны үйлдвэртээ цаг наргүй ажиллаж, хэдэн жилийн дараа өөрийн эзэнт улсыг бүтээсэн мундаг залуу болж амар сайхандаа жаргажээ.

Categories
мэдээ спорт утга-зоxиол

Токиогийн олимпоос БНХАУ-ын баг 30 алтан медаль хүртээд байна

“Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 12 дахь өдрийн 16 цагийн /Улаанбаатарын цаг/ байдлаар 81 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медальтай, медалийн тоогоор Протугал улстай хамт 61 дугаар байрт бичигдэж байна.

Токиогийн олимпын медалийн тоогоор БНХАУ-ын баг 30 алт, 19 мөнгө, 16 хүрэл /нийт 65 медаль/-тэй медалийн чанараар 206 орныг тэргүүлж явна.

АНУ-ын баг 22 алт, 27 мөнгө, 17 хүрэл /нийт 66 медаль/-тэй, медалийн тоогоор тэргүүлж, чанараар 2 дугаарт эрэмбэлэгджээ. Харин эзэн орон Япон улсын баг 18 алт, 6 мөнгө, 10 хүрэл /нийт 34 медаль/-тэй медалийн чанараар 3 дугаарт эрэмбэлэгдэж, медалийн тоогоор 5-д орж байна.

Австралийн шигшээ баг 14 алт, 4 мөнгө, 15 хүрэл, нийт 33 медальтай медалийн тоогоор 4 дүгээрт, харин медалийн чанараар 6 дугаарт жагсчээ. Харин медалийн чанараар Их Британи 13 алт, 13 мөнгө, 13 хүрэлтэй 5 дугаарт, харин медалийн тоогоор 4 дүгээрт бичигдэж байна.

Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 12 алт, 21 мөнгө, 17 хүрэл, нийт 50 медальтай медалийн тоогоор 3 дугаарт, медалийн чанараар 6 дугаар жагсаад байна.

Categories
мэдээ утга-зоxиол

Өнмөл Монголын зохиолч Ч.Улаанд МЗЭ-ийн Утга зохиолын төлөө шагнал олгожээ

Монгол туургатны болон дэлхийн уран зохиолын сан хөмрөгт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж БНХАУ-ын Өмнөд Монголын зохиолч Ч.Улаанд МЗЭ-ийн Утга зохиолын төлөө шагналыг олгожээ. МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, яруу найрагч М.Саруулдалай, зохиолч, яруу найрагч Д.Урианхай нар шагналыг долдугаар сарын 21-нд гардуулан өгсөн байна.

Зохиолч Ч.Улаан нь 1966 онд Хөх хотод төрж, бага насаа Өмнөд Монголын зүүн хэсгийн хөдөө нутагт өнгөрөөхдөө малчин ардын амьдрал ахуй, соёлтой танилцаж, тэр нутгийн амьдрал, нутгийн монгол хүмүүсийн зан ааль, үзэл бодол, хүсэл мөрөөдлийг сайн мэддэг болжээ. Тиймээс тэрбээр өөрийн бичдэг зохиол бүтээлдээ тал нутгийн хүмүүсийн амьдрал, зан заншил, хүсэл мөрөөдөл, сэтгэл зүйн хандлагыг шинэ өнцгөөр гүн гүнзгий тусгахын зэрэгцээ байгаль экологийн байдал, хувирал өөрчлөлтийн явцыг тод томруунаар бичиж, Хятадын болон дэлхийн уран зохиолын сан хөмрөгийг баяжуулж иржээ.

Түүний бичсэн “Эрхэмсэг тансаг он жилүүд”, “Атрын чоно”, “Гахай жил, улаан гүйлс”, “Хар зүст үнэгний жалга”, “Миний аавын эгэл боргил амьдралын зам”, “Манигар аймгийнхан”, “Алсад байгаа Амуха гол” өгүүллэг, тууж ба “Янгир”, “Цагаан мөрний хууч”, “Биларын эгшиг” зэрэг роман голлох бүтээлүүдэд энэ талаар бичсэн байдаг юм.

Ч.Улаан нь багааасаа зохиолчийн гэрт хүмүүжиж, бичиг номын дунд амьдарсан, хятадын болон гадаадын олон зохиолчдын бүтээлийг уншиж суралцсан хүн бөгөөд улмаар 20 наснаасаа уран бүтээлийн замд орж, өгүүллэг тууж, роман туурвиж иржээ. Тэрбээр 2002, 2006 онд Тал нутгийн утга зохиолын шагнал, 2009 онд ӨМӨЗО-ы “Солонго” утга зохиолын шагналыг тус тус хүртэж байсан байна.

МЗЭ-ийн Утга зохиолын төлөө шагналыг өмнө нь Өвөрмонголын нэрт зохиолч, яруу найрагч Аянга, Алтай, Р.Хадаа зэрэг монгол туургатны уран бүтээлчид хүртэж байжээ.

Categories
мэдээ утга-зоxиол

Монгол зохиолчийн бүтээл “Амазон” сайтын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлжээ

Монгол зохиолчийн бтүээл “Амазон” сайтын шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлсэн байна.

Залуу зохиолч Э.Рэнцэнхандын “Stigmatized” нэртэй өөрийн амьдралаар намтарчилсан ном нь түүний анхны бүтээл юм байна.

Анхны бүтээлээ ийм амжилттай эхлүүлсэн тэрээр олон улсад монгол зохиолчдын бүтээл тэргүүлэх боломжтой хэмээн дурджээ.

Categories
мэдээ утга-зоxиол

И.Кант: Зориг зүрх гаргаж өөрт заяагдсан оюун ухаандаа эзэн болооч

Германы сонгодог философийг үндэслэгч нь яалт ч үгүй Иммануэл Кант билээ. Тэрээр 1724 онд Пруссийн Кёнигсберг хотод төрж, тэндээ насан эцэслэх хүртлээ буюу 1804 он хүртэл амьдарчээ. Тэрээр соён гэгээрэл, романтизмын завсрын үед, Европ тив феодалын ёсноос салж байсан түүхэн чухал цаг үед амьдарч байсан нь философийн үзэл санаанд нь дориун нөлөө үзүүлсэн биз ээ. Эцгийгээ нас барсны дараа сургуулиа орхин гэрийн багш хийж байхдаа “Түгээмэл ёсны түүх-тэнгэрийн онол” хэмээх номыг бичжээ. Тэрээр уг бүтээлээ туурвихдаа гуч дөнгөж гарсан залуу байлаа. Уг нь түүний сурч байсан Кёнигсбургийн их сургууль нь тун нэр хүнд сайтай, нөлөө бүхий сургууль. Гэсэн ч аргагүй байдлын улмаас сургуулиа орхижээ. “Түгээмэл ёсны түүх-тэнгэрийн онол” ном нь анхдагч хэт аварга мананцраас үүссэн нарны системийн үүслийн тухай таамаглал дэвшүүлсэн нь тухайн үедээ нэн дэвшилтэт үзэл байсан юм. Кант мөн амьтны ертөнцийн гарал үүслийн талаар ангилал буюу зүйл бүрийн амьтдыг гарал үүслийн боломжит байдлаар нь ангилж үзэх гэж оролдсон нь агуу Дарвины хувьслын онолд ихээхэн дөхөж очсон хэрэг юм. Хэдийгээр төрөлх хотоосоо насан туршдаа холдож үзээгүй ч түүний ертөнцийг үзэх үзэл үнэхээр супер байсан гэдэгтэй маргах аргагүй. Ёстой л “цаанаасаа цоорхой” гэдэг шиг оюун ухаан нь айхтар задгай сэтгэхэд зориулагдсан гэлтэй. И.Кант бичиж туурвихын зэрэгцээгээр төрөлх Кёнигсбургийн их сургуульдаа л багшилсан бөгөөд бүх л амьдралынхаа туршид өөр ямар нэгэн ажил хийгээгүй билээ. Тэр зуун хувь философийн ертөнцөд ажиллах өөрийн зорилгыг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Нэн тэргүүнд “Би юу мэдэж чадах вэ”, “Би юу хийх ёстой вэ”, “Би юунд итгэх вэ”, “Хүн гэж юу вэ” гэсэн асуудлууд байлаа. И.Кант бүхий л ухамсартай амьдралаа зөвхөн эдгээр асуултад хариулах гэж амьдарчээ гэхэд болно. Болно ч юу байхав, ерөөсөө энэ асуултад хариулах гэж л амьдарсан ажгуу. Мэдээж тэр амьдралаа хий дэмий өнгөрөөсөнгүй. Тавьсан асуултдаа хариулж чадсан. 1781 онд бичсэн “Цэвэр оюун ухааны шүүмжлэл”, 1788 онд бичсэн “Практик оюун ухааны шүүмжлэл”, 1790 онд туурвисан “Эргэцүүлэх чадварын шүүмжлэл” гэсэн суут бүтээлүүдээ хойч үедээ үлдээсэн юм. Бүхэл бүтэн амьдралынхаа туршид бодож бясалгасан зүйлсээ, дотоод ахуйгаа есөн жилийн хугацаанд гарган бичсэн, ийн бичсэн нь түүнийг хүн төрөлхтний агуу суут сэтгэгч, даян дэлхийн философийн сэтгэлгээний дээд оргил болгож чадсан билээ. Гүн гүнзгий бодож тунгаах талаасаа Марианы хотгор мэт гүн, агуу цар хүрээтэй сэтгэлгээ талаасаа гэвэл Гималайн оргил хэмээн тодорхойлж болох ажээ.

Тэрбээр герман хүмүүс ч гайхан шагшихаар хатуу дэглэмээр өөрийгөө шахан ажилладаг байв. Тэр бүү хэл Кантыг гудамжаар явахад хотын хүмүүс цагаа тааруулдаг ёс хүртэл тогтсон гэдэг. Нэг ёсондоо тэрээр хэт аскетик буюу амьдралын тав тухыг үл тоогч, эгэл амьдралыг шүтэгч, өөрийгөө хэт хатамжлагч ч байсан гэхэд болохоор. Түүхэн сурвалжуудад түүнийг бие бялдрын талаасаа чийрэг нэгэн биш авч чанд хатуу дэглэмийнхээ ачаар элдэв өвчин зовлонгоос ангид байж чадсан хэмээн өгүүлсэн нь бий. Кант “Sapere aude! буюу өөрийн оюун ухааныг ашиглах эр зоригтой бай” гэдэг соён гэгээрлийн гайхамшигт уриатай байлаа. Хүн бүр ийм уриагаар ажилладаг бол гэж ч бодохоор. И.Кант ёс зүйн сургаалдаа хүн гэгчийг “Хүн бол үзэгдэл юм. Хүн бол өөртөө байгаа юм” гэж авч үздэг. Яг эндээс хөөж үзвээс “Шашин бол өөрийн агуулгаар ёс суртахуунаас юугаараа ч ялгагдахгүй“ гэж дүгнэсэн байдаг. Эндээс үргэлжлүүлэн “Хичнээн ч бай хамаагүй, юуны тухай ч бай хамаагүй эргэцүүл, харин захирагд” гэх сонирхолтой гаргалгааг хийсэн байдаг.

И.Кант улс төрийн байр суурь талаасаа соён гэгээрэхүйн дээд уламжлалын либерал үзэлтэн байсан бол шашны үзэл талаасаа протестант байр суурьтай байсан гэж ном сударт үлджээ. Тэрээр Францын хувьсгалыг дэмжин, Бүгд найрамдах үзлийг дэмжиж байж. Философийн суут бүтээлүүдээрээ алдар хүндийн оргилд хүрсэн бол хэзээ ч эд баялагт шунан дурлаагүй. Түүний бүтээлүүд ер нь маш их өргөн хүрээг хамардаг бөгөөд тэр болгоноороо тогтсон хугацаанд лекц уншдаг, хүмүүсийн хувьд шүүмжлэлт философи нь ихээхэн сонирхлыг нь татдаг байж.

Кантын философи нь нэг талаасаа эмпирицизмийн эрс байр суурь, нөгөө талаас Декартын рационализмын төрөлхийн зарчим хоёрын дунд тэнцвэр барьдаг гэж онолын хувьд үздэг юм байна. Ерөөсөө Кантын онол нэн хүнд, асуудлыг олон байдлаар гаргаж ирдэг бөгөөд туршлагыг мэдлэг болгон хэлбэржүүлэхийн тулд оюун санааны гаргаж ирсэн оюун ухааны ерөнхий ойлголтуудыг Аристотелийн нэр томьёог ашиглан категори хэмээн нэрлэжээ.

XIX зууны эхний хагаст Германы философид хоёр чиглэл онцгойрон ялгарч байсны нэг И.Кантын философи гэж үздэг. Тэрээр нэг талаараа XVIII зууны сочн гэгээрлийн философийг оргилд нь хүргэсэн. Нөгөө талаараа XIX зууны Германы сонгодог идеализмыг үндэслэсэн сэтгэгч хэмээгдэн эх сурвалжуудад өгүүлсэн байх юм. Харин нөгөө чиглэл нь тууштай идеалист философи юм. Ер нь Кантын философи дэвшүүлсэн асуудал, нэр томьёо аль аль нь ихээхэн хүнд ярвигтай, мэргэжлийн хүнд л ойлгогддог гэж мэргэжлийнхэн бичсэн нь байдаг. Тэрээр нийгмийн ухааны салбарт ч өөрийн хувь нэмрээ асар ихээр оруулсан юм. И.Кантын философи тухайн цаг үеийнхээ философи сэтгэлгээний хөгжилд хүчтэй нөлөөг үзүүлсэн төдийгүй өнөөдрийн хүн төрөлхтний оюуны санааны амьдралд чухал нөлөө үзүүлсээр байгаа билээ.

l Гэгээрэл бол юм мэддэггүй, аливааг ухаж ойлгох тэнхэлгүй, бусдын үгэнд автамхай, оюун санааны сул дорой байдлаас гарах боломж юм. Өөрийгөө жолоодох чадваргүй, бусдын мэдэлд орох явдал хүмүүний өөрийнх нь буруугаас эх үүдэлтэй, гэгээрч боловсроогүйн илрэл болой. Хүнд оюун ухаан дутсанаас бус, харин байх ёстой шийдмэг чанар, бэрхшээлийг даван туулах зориг тэвчээр дутсанаас тийнхүү өөрийн мэдэлгүй бусдаар удирдуулж, бусдад хөтлөгдөж явахад хүрдэг. Зориг зүрх гаргаж өөрт заяагдсан оюун ухаандаа эзэн болооч.

l Шинжлэх ухаан бол зохион байгуулалттай мэдлэг, мэргэн ухаан бол зохион байгуулалттай амьдрал юм.

l Агуулгагүй бодол хоосон, үзэл баримтлалгүй зөн совин сохор болгоно.

l Бүх сайн номнуудыг унших нь олон зууны шилдэг оюун ухаантай ярилцахтай адил юм.

l Амьтанд муу ханддаг хүн хүмүүстэй харьцахдаа мөн л бүдүүлэг ханддаг. Бид хүний зүрх сэтгэлийг амьтанд хэрхэн хандаж байгаагаар нь дүгнэх боломжтой.

l Төлөвшөөгүй байдал гэдэг нь оюун ухаанаа бусдын удирдлагагүйгээр ашиглах чадваргүй байдал юм.

l Гэгээрэл гэдэг нь хүнийг төлөвшсөн төлөвшлөөс ангижруулах явдал юм.

l Бодож зүрхэл!

l Хүн түүний ёс суртахууны дэвшлийн чадавх байхгүй бол бүх бодит байдал зүгээр л элсэн цөл, хий хоосон зүйл байх бөгөөд эцсийн зорилго үгүй болно.

l Инээд бол гэнэтийн өндөр хүлээлт юу ч биш болж хувирсны үр нөлөө юм.

l Эмэгтэй хүн эрэгтэй хүний өөрийгөө хянахыг хүсдэг.

l Гэгээрэл гэдэг нь хүний цөөнхөөс өөрөө гарах явдал юм.

l Эмэгтэйчүүд үнэ цэнэтэй, бусдаас ялгарах, чимэглэсэн бүх зүйлсийн талаар ямагт хүчтэй мэдрэмжтэй байдаг.

l Худал хуурмагийн улмаас эр хүн өөрийн нэр төрийг үгүй хийх боломжтой байдаг.

l Чадварлаг болох алхмыг хүн төрөлхтний ихэнх хэсэг нь туйлын аюултай гэж үздэг.

l Бидний бүх мэдлэг мэдрэхүйгээс эхэлж, тэгээд ойлголттой болж, оюун ухаанаар төгсдөг. Үндэслэлээс илүү өндөр зүйл гэж үгүй.

l Бидний бүх мэдлэг туршлагаас эхэлдэг гэдэгт огтхон эргэлзэхгүй байна.

l Аз жаргалын дүрмүүд: хийх зүйл, хайрлах, найдах зүйл.

l Хүн угаасаа түүхий, зэрлэг амьтан тул сахилга баттай байх ёстой.

l Байх нь хийх гэсэн үг юм.

l Таны үйлдэл бүр бүх нийтийн хууль болох гэж байгаа юм шиг амьдралаа өнгөрөө.

l Итгэл үнэмшилд зай гаргахын тулд би мэдлэгээсээ арилгах хэрэгтэй байв.