Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Утгын чимэг” наадам энэ сарын 22-нд болно

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам энэ сарын 22-нд УДЭТ-т болно.

Энэ жил Монгол Улсын төрийн шагналт, зохиолч Сономын Удвалын 100 жилийн ойд зориулан зохион байгуулах гэж байна.

МЗЭ нь 1990 онд богино хэмжээний өгүүллэгийн “Шувуун саарал” наадмыг анх зохион байгуулсан бол 1993 оноос “Утгын чимэг” хэмээн нэрлэж, өдгөө 28 дахь жилтэйгээ золгож байна.

Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм. Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг билээ.

Categories
мэдээ утга-зоxиол

Б.Ринчений “Монгол бөө мөргөлийн судлалын материал” хэмээх гурван боть номын тухай

Солонгод Л.Хурцбаатар[1]

Товч агуулга: Тус өгүүлэлд Б.Ринчен гуайн “Монгол бөө мөргөлийн судлалын материал” хэмээх Ордос, Халх, Буриад ардын аман зохиол, угсаатан зүйн эх сурвалж бүтээлийг нарийн танилцуулан өгүүлжээ. Даруй зохиогч тус бүтээлтэй эхэлж танилцсан, судлалдаа эшлэж ашигласан зэргээ тодорхойлж, тус бүтээлийн эмхэтгэн найруулсан арга барил, үнэ цэнийг гүнзгий задлахдаа “аман зохиолын”, “хэл шинжлэлийн”, “угсаатан зүйн”, “тайлга тахилгын”, “дом шившлэгийн” хийгээд хээрийн шинжлэлийн арга барил” –ын үнэ цэнийг үнэлэн шүүмжилжээ.

Зангилаа үгс: Б.Ринчен, В.Хейссиг, бөө мөргөл, аман зохиол, үнэ цэнэ, арга барил, дуудлага, даатгал, даллага, тамлага, тахилга, сан, сацал, шившлэг, сэржим, залбирал, хурайлга, өчиг.


2020 оны зун би корона вирус өвчний нөлөөгөөр Кёльн хот дахь гэртээ хөл хорионд хэдэн номынхоо хэвлэлийн эх бэлтгэлийг хийсээр л байлаа. Эмэгтэй зохиолч ордосын В.Сарангуа, Б.Ринчен гуайн “Монгол бөө мөргөлийн судлалын материал” хэмээх гурван боть номыг галиг үсгээс худам монгол бичигт хөрвүүлж дуусгаад, нэг, гуравдугаар ботийн өмнөх Б.Ринчен гуайн францаар бичсэн “оршил”-ыг орчуулан өгөхийг хүсэв. Би түүний герман хэлээр хэвлүүлсэн өгүүлэл зохиол, номуудыг нь уншиж, олонхийг нь хадгалж байгаа боловч, энэ аугаа их билгүүн эрдэмтэн Бямбын Ринчен багшийн бүтээлийг тийм амархан орчуулж чадахгүйгээ мэдэж, монгол франц хэлтэй хоёр монгол залууг олж орчуулахыг найдав. Гэтэл нөгөө хоёр дүү маань хоёр гараг барьж оролдож үзээд чадахгүй хэмээн буцааж өгөв. Тэгээд би парис дахь францын зүүн азийн хэл шинжилгээний судлалын төвийн гишүүн Ч.Сайнзаяа гуайтай холбоо тогтоож орчуулгын ажлыг түүнд хүчээр даатган найдав. Орчин цагийн харьцуулал хэл судлалаар мэргэшсэн Ч.Сайнзаяа гуай хэдийгээр тус оршил нь нилээд эртний хэл хэллэгтэй бөгөөд маш урт өгүүлбэртэй богино өгүүлэл боловч маш баялаг агуулгыг багтаасан бүтээлийг орчуулж өгөхдөө “угсаатан зүй, бөө мөргөлийн олон тусгай хэл хэллэг, даатгал дуудлага зэргийг бүрэн зөв ойлгуулан орчуулж чадаагүй байж магад” гээд үндсэн агуулгыг орчуулж өгөв. Ингэж би гучин жилийн өмнө судалж байсан хуучин сэдвээ дахин авч уг эх бичиг зэрэг хамаа бүхий бичиг материалтай харгуулан найруулж хэвлэлд бэлтгэв.


Нэг. Б.Ринчен гуайн “Монгол бөө мөргөлийн судлалын материал” –ыг анх ашигласан нь

No description available.

Миний бие “Хатгин арван гурван атаа тэнгэрийн тайлга”[2] хэмээх номоо туурвиж байх үедээ В.Хейссиг багшийн “Монголын шашин суртахуун”[3] гэдэг номоос дам ашиглаж байжээ. Жишээлбэл:

“Атаа тэнгэр хаан минь

Аянгын дууны нүргээн чинь

Асга хадны хавцал дор цуурайтана

Аливаа монголчуудын сэрэлд нэгдэнэ…

Энх жаргалан, аливаа баялгийг бидэнд хамгаалан соёрхогч

No description available.

Эцэг дээд хан мөнх атаа тэнгэр минь …[4] гэж “Ринчений нэгдүгээр номерт материал, Хейссигийн “Монголын шашин суртахуун” –аас дам авав”[5] гэж 1984 онд би Б.Ринчений энэ номыг судлалдааа анх ашигласан өвөрмонголын хамгийн анхны хүн болно. 1986 оны 9 сарын 14 –нд Хөххотод В.Хейссиг багш миний гэрт анх удаа айлчлахдаа “Хан атаа хан сод эрхт хурмаст тэнгэр нарын судар”[6] хийгээд “Атаа тэнгэрийн сан оршив”[7] хэмээх миний судалгаатай холбоотой хоёр гар бичмэлийн хуулбарыг өгөхдөө Б.Ринчений номыг дараа жилийн хуралд ирэхдээ өгье гэжээ.

No description available.

1987 онд өвөрмонголд анх удаа зохион байгуулагдсан тав дахь удаагийн олон улсын монгол судлалын эрдэм шинжилгээний хурлаар В.Хейссиг багш хоёр дахь удаагаа миний богино гэрийг маань гэрэлтүүлсэн боловч, Б.Ринчений номыг авч ирсэнгүй харин миний герман явах тухай ярилцав. Атаа тэнгэрийн тайлга хийгээд Б.Ринчений номын тухай би Чой.Лувсанжав багштай захидлаар харилцаж байсан болохоор тэрбээр бөө мөргөл судлаач бөгөөд тэр үед дундад улсын Бээжин дэх суугаа монгол улсын элчин сайдын албатай Ч.Далай багшаар надад дамжуулан ирүүлжээ[8]. Би Чой.Лувсанжав багштай найз шиг сайхан туслалцаж явсан сонин сайхан түүхтэй боловч, 1987 оны хурлаар анх нүүр тулан уулзсан юм. Бидний хоорондох олон сониноос нэгэн учрыг зоог зугаа болгон ярья.

No description available.

1982-89 он болтол өвөрмонголд Мөнхбат гэдэг эрдэмтний уриалгаар хүн болгон “Монголчуудын гүн ухааны үзэл санаа” –г судлах халууралтай болж байв. Би ч цаг хөгөөс хоцролгүй энэ ажилд шуурхайлж, мөн Ч.Далай гуайгаас олсон Ч.Жүгдэр гуайн “15-18 дугаар зууны монголын нийгэм –улс төр, гүн ухааны сэтгэлгээний хөгжлийн тойм”[9] хэмээх бүтээлийг кирилл бичгээс монгол бичигт буулгасан юм. Миний бодохоор бараг 1987 оны 9 сарын сүүлчээр нэг үдшийн 8 цагийн орчим Хөххотын гал тэрэгний өртөөнд тухайн үеийн Жинин-ээс монгол улсын галт тэрэг хүрч ирэв. Олонх өвөрмонголчууд хувь өөрийн танил найзаа тосож, танилцаж, баясаж, зарим нь бас нулимс асгаруулж л байв. Лувсанбалдан (махлаг шиг түлхүүр тэргэнд сууж байсан, би нэрийг нь мартаж, Лувсанвандан биш байгаа) зэрэг том эрдэмтэн бие тааруухан шиг болохоор зарим залуухан У.Наранбат мэтийн эрдэмтэд нилээд орой галт тэрэгний зогсоолоос үүрч гарч ирж байв. Би аль хэдийн Ч.Жүгдэр хийгээд Чой.Лувсанжав хоёр багшийг олж, хүлээлгийн танхимд суудалд суулгаж байв. Лувсанбалдан зэрэг сүүлийн томчууд гарч ирэхэд би нөгөө хоёр багшаа бид одоо машиндаа сууя олонх зочид бараг ирсэн байдалтай байна гэжээ. Гэтэл Чой.Лувсанжав багш харин тэргэнд гардаггүй. “Би Л.Хурцбаатар гуайг хүлээж байна” гээд явдаггүй, би яаруу сандруу “Би чинь Л.Хурцбаатар мөн шүү дээ” гэсэнд цаадах нь бас итгэхгүй, “Үгүй, би нөгөө өвгөн Хурцбаатарыг хүлээж байна” гээд бас болдоггүй, тэр бас дахиад “Та, нөгөө “Арван гурван атаа тэнгэрийн тайлга” –ыг бичдэг Хурцбаатар багш мөн үү?” гэж дахин лавлахад, би “мөн, мөн” гэв. Тэр харин гэнэт эргэж намайг шууд ширтэхэд багшийн нэг нүд нь хөдөлдөггүй, би бараг ямар сонин нүдтэй хүн бэ гэж цочиж айв, хөөрхий тэр багшийн минь нэг нүд нь шаазан нүдтэй байсныг сүүлээр нь мэдэв. Тэр бас “Та чинь хүүхэд байх шиг, Далайгаар явуулсан миний номуудыг олсон уу?” гэж асуухад, би “олжээ, олжээ багшид талархаж байна” гэж номын цагаан буянаар өвгөн биш залуу Хурцбаатар ингэж ийм олон буурал эрдэмтэдтэй танилцаж, буян хайрыг нь хүртэж явахдаа би ч буянтай байжээ гэж боддог юм. Гэтэл би Хейссиг багшийн минь “Хурцбаатар дор сайн ном бичих болтугай” хэмээх гэрээс бичээсийг нь бодохтой зэрэг нэг л их хүнд үүрэг хариуцлагатай яваа шиг хэзээд бодогддог юм.

Ингэж би Б.Ринчен багшийн “Монгол бөө мөргөлийн судлалын материал” –ыг Чой.Лувсанжав багшаас, В.Хейссиг багшаас “Атаа тэнгэрийн сан” зэргийг олсон боловч, “Хатгин арван гурван атаа тэнгэрийн тайлга” хэмээх бүтээлдээ шууд ашиглаж чадаагүй юм, учир нь би эх бичгээ 1985 онд Хайлаарын соёлын хэвлэлийн хороонд нэгэнт тушаасан байлаа. Харин Б.Ринчен гуайн нэгдүгээр ботийн эх материалаас “Бууны мялаалга”[10] зэрэг монгол бөө мөргөлийн дуудлага сангуудыг “Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын соёл” хэмээх бүтээлдээ 1987 оноос ашиглаж эхэлсэн төдийгүй нэгдүгээр ботийг нь кирилл бичгээс монгол бичигт буулгасан юмNo description available.

Хоёр. Б.Ринчен гуайн “Монгол бөө мөргөлийн судлалын материал” эмхэтгэсэн арга барил

Б.Ринчен гэдэг нэрийг олонх монголчууд сонсмогц монгол хэл, монгол уран зохиолын алдарт билгүүн эрдэмтэн, монголын ууган доктор, цаашилбал монголын дархан орчуулагч зэрэг авьяас билгийг нь санан боддог байна. Харин түүний угсаатан зүйн тухай эрдэм мэдлэг болон зохиол бүтээлүүдийг нь мэддэг хүмүүс тун цөөхөн билээ. Үнэнийг нь хэлбэл, Б.Ринчен бол европын угсаатан зүй судлалын арга барилыг хамгийн анх монголд биеэрээ үлгэр дуурайл болон сурч, судлан практикжуулсан эрдэмтэн болно. Тэрээр энд хэвлүүлж байгаа номынхоо гуравдугаар ботийн оршилд: “Би Доржи Банзаровын өнгөрсөн хагас зуунд эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхийг хүсэж л байна” гэж бичсэнээр барахгүй монгол бөө мөргөлийн судлалын үйлсэд 1927-1963 он хүртэл 20 гаруй жил цуглуулга эмхэтгэлийн үндсэн суурь ажлаа хийсэн байна. Угсаатан зүйн судлалд онол, арга гэж хоёр том сурч судлах зүйл байхаас гадна их сургуулийн хоёрдугаар оноос эхлүүлэн “хээрийн шинжилгээ” –ний тухай хичээл заадаг бөгөөд энэхүү хээрийн шинжилгээний хичээл онолыг сурсаны дараа заавал 3-6 сарын хээрийн шинжилгээ хийж онол үйл ажиллагаагаа уялдуулдаг байна. Гэхдээ хээрийн шинжилгээ хийх үндсэн арга онолоор “хэн, хэзээ, хэнийг, юуг, хаана, яаж” хийснээ маш дэлгэрэнгүй тодорхойлон тэмдэглэж үлдээдэг юм. Энэхүү угсаатан зүйн хамгийн үндсэн бөгөөд хамгийн чухал арга онолыг баримтлан Б.Ринчен гуай бараг 30 жил зарцуулан энд хэвлэгдэж байгаа гурван номоо монгол биш харин германд хэвлүүлсэн байна. Энэ гурван номд хамрагдсан монгол бөө мөргөлийн ардын аман зохиол хэвлэгдэн нийтлэгдвэл, судлаачид ашиглахад хялбар гарын авлага материал болох нь эргэлзээгүй. Энэ нь Б.Ринчен багшийн хэдэн арван жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн болно. Тэрбээр 1957 оны зун ордосын Чингис хааны цомцог ордонд очиж тахилга мөргөл өргөж, даатгал залбирал хийж, дархад Аюураас “Тэнгэрийн хэлний дуу” –г хэрхэн тэмдэглэснээ “Монгол дахь Чингис хааны тахилга –тайлгын дуу”[12] хэмээх маш чухал герман хэлээр бичсэн судалгааны өгүүллээс доорх мэтийг товчлон орчуулъя.

No description available.

Бид одоо болтол ерөөс танил бус хүмүүст тэнгэрийн хэлний дууг дуулж өгсөнгүй билээ. Та бол бид таны өчгийг өчдөг боржгин овгийн алтан ургийнхан болно. Иймээс та бол танил бус хүн биш юм. Та бол шинжлэх ухааны судлалын зорилгоор энд ирсэн тул бид богдоос танд өршөөл соёрхол хайрлана гэдэгт итгэлтэй байна гэж Аюур настан миний хүсэлтэд хариулт өгч байлаа…

Дараа өдрийн өглөө настан Аюур намайг онгоны өмнө хүлээн авлаа. Юуны өмнө тэрээр цомцгийн өмнө нэг зул асааж мөргөв. Даруй намайг сууж болох зөвшөөрлийг гуйчилж байх нь энэ билээ. Тэр өөрөө нэг талд нь зогсож энэхүү эртний дууг дуулж эхлэв. Би шингээлтийн машин/дуу хураагч/-аа авч ирээгүйдээ маш их харамсаж билээ. Дууны үг нь маш хүчиртэй ойлгомжгүй мөртөө би түргэн даагж бичиж амжихгүй байлаа. Зарим үгсийг нь бичиж амжихгүй хоосон зай орхиод настнаар ахин дахин давтуулан дуулууллаа. Сайн анхаараагүйгээс болж, хоосон орхисон зайд нь дахин нөхвөр хийсэн үгс нь багтахгүй байлаа. Настан Аюур гуай ядарсан харагдлаа. Иймээс би хэдийгээр заримыг нь бичиж дуусгаагүй боловч бичихээ зогсоосон юм. Настан гуай тэнгэрийн хэлний хамгийн сүүлийн нэг дууг дуулж дуусахад нэгэнт үдийн хойнын гурван цаг болж байлаа. Дараа нь тэр урсам сайхан монгол шүлэг найрууллын хэлээр энэхүү дууны үргэлжлэлийг эхлүүллээ. Настан гуай тун урт цаг зогсож, тасралтгүйгээр надад тус дууг дуулж өгсөн тул тэрээр маш их ядарсан байлаа. Би хамгийн сүүлийн монгол хэлээр дуулсан дууны зөвхөн нэг л бадгийг бичиж амжаад бусдыг нь дахин надад уншин дуулж өгөх болов уу гэж хүсэхээсээ ч ихэд зүрхшээв … салах үед би настан Аюурт маш ихээр талархаж, би дахин ирвэл шингээлтийн машинаа авч ирье гэж хэлэхэд, хэрэв богд эзнээс соёрхол айлтгавал, та дахин ирэхэд би дуртайяа танд дахин удаа өчин дуулж өгнөө гэж настан хэлж байлаа. Энэхүү дуу бол зөвхөн нэг үеэс нэг үеийн хүнд тус дууг уламжилж болох зөвшөөрлийг олсон нэг л хүнд уламжлан заадаг билээ. Энэхүү дууг миний авга Насанбат (Ц.Жамсрано 1910 онд нэг сар суусан айл , Л.Ху) –аас сурсан билээ. Би тус дууг хөвгүүндээ зааж эхэлсэн боловч түүнийг богд эзэн миний залгамж болохыг зөвшөөрсөнгүй насан таалал болсон билээ. Дараа нь би тус дууг миний ач (Гүржав-Л.Ху) хөвгүүнд зааж эхэлсэн юм. Хоёр сард тэр зөвхөн найман дууг л сурч билээ. Гэтэл миний чээжилж байсныг та хагас өдөрт бүхнийг бичиж авсан байна[13]. Энэ бол Б.Ринчен гуайн энд хэвлүүлж байгаа нэгдүгээр ботийн 53 дугаар “Их монгол хэмээх дуу” –аас 66 дугаар “Их буянт” хэмээх дууг цуглуулан эмхэтгэж авсан бодитой явц болно. Энэ тухай Б.Ринчен герман хэлээр бичсэн 20 гаруй хуудастай өгүүлэлдээ маш нарийн бөгөөд гүнзгий судалгаа хийж задлалт хийсэн юм. Тус өгүүлэл бол энэ “Тэнгэрийн хэлний дуу” –г судалсан хамгийн анхны өгүүлэл бөгөөд бүх дэлхийд анх танилцуулахдаа тус дууг дуулахад дэлддэг “царги” хөгжим хийгээд “Алтан бичиг” –ийн гэрэл зургийг Б.Ринчен гуай бас хамт нийтэлсэн юм. Энэ тухай миний докторын өгүүлэл “Чингис хаан тайлга”[14] (герман хэлээр) хийгээд Огонос Цогтын хамт хэвлүүлсэн “Чингис хааны Алтан бичиг”[15]-т нарийн танилцуулан судалжээ.

Үүнээс гадна Хөвсгөл болон Булган аймгийн хоёр том бөө зайраны онгод буулгасныг тэмдэглэж авсан явц[16] хийгээд Чис байгалийн буриадын бардам Жаматкиновын өөрөөр хүүрнэсэн зүйлийг тэмдэглэж авсан зэрэг сонирхолтой түүх байдаг юм. Тэр хэдэн зуун жилийн монгол бөөгийн аман уламжлалт бичмэлүүдийг маш урт хугацаагаар уншин судалж, хэдэн зуун бөө нарын онгод оршуулах зэрэг байдлыг нүдээрээ үзэж, чихээрээ сонсож, гараараа бичиж тэмдэглэн цуглуулсан монголын алдарт ууган угсаатан зүйч болно.

No description available.

Гурав. Б.Ринчен гуайн “Монгол бөө мөргөлийн судлалын материал” –ын үнэ цэнэ

Тус гурван номн агуулга бол монголын уламжлалт аман зохиол, цаашилбал бичгийн эх сурвалж (материал хэмээх өрнөдахины хэлнүүдийн үгийг би монголоор “эх бичмэл” буюу эх сурвалж” гэж хэрэглэхийг хүсдэг юм) –ийг бүх талаар хамарсан аман уламжлалын “Бүрэн толь” гэж би гучин жилийн өмнөөс үзсээр ирсэн бөгөөд одоо ч Б.Ринчен багшийн энэхүү судлалын үзэл онол, арга барилыг мөрдсөөр байна. Энд даяар олны таашаал болгож байгаа тус бүтээлээс бид монгол ардын “аман зохиолын үнэ цэнэ”, “хэл шинжлэлийн үнэ цэнэ”, “угсаатан зүйн үнэ цэнэ”, “тайлга тахилгын үнэ цэнэ”, “эм домын уламжлалт засал” хийгээд “хээрийн шинжилгээний арга барил” зэрэг олон талын агуулгыг нарийн ойлгож, гүнзгийрүүлэн судалж болох юм.

1. Аман зохиолын үнэ цэнэ

Монгол ардын аман зохиолын эх бичмэлийн тухай ярихтай зэрэг бид юуны өмнө Ц.Дамдинсүрэн гуайн хэвлүүлсэн “Монгол уран зохиолын дээж зуун билэг оршив” хийгээд “Монгол уран зохиолын тойм” зэрэг номуудыг санаж олдог байна. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн хоёр монгол уран зохиолын түүхэнд давтагдашгүй хоёр том билгүүн эрдэмтэн болохыг бид санал нэгтэй үздэг билээ. Ц.Дамдинсүрэн гуай бичгийн, ялангуяа төвөд монгол, орос бичгийн уран зохиолын судлалд илүү анхаарлаа хандуулж байсан бол Б.Ринчен гуай бичгийн уран зохиолоос гадна эртний түрэг монгол ардын аман зохиол, үг хэл үсэг бичиг хийгээд европын уран зохиол жич угсаатан зүй судлалд илүү сонирхолтой байжээ. Б.Ринчен гуай “Гэсэр”, “Жангар” –ын уламжлалт аман зохиолын бичмэлүүдийг хэвлүүлснээс[17] гадна түүний зарим аман зохиолын цуглуулга нь “Монгол уран зохиолын дээж зуун билэг оршив”[18]-д бас хэвлэгдсэн байна. Гэтэл Б.Ринчен гуай 1927 оноос монголын эл нутгаас аман уламжлалт эх бичмэлүүдлийг цуглуулан эмхэтгэсэн боловч, яагаад монгол улс, Улаанбаатарт хэвлүүлсэнгүй германд миний багш В.Хейссигийн тусламжаар хэвлүүлснийг бас судлууштай асуудал хэмээн бодож байна. Аман зохиол, ялангуяа угсаатан зүйн хээрийн шинжилгээнд танилцуулан судалж байгаа эх бичмэлийн үүсэл гарлыг заавал тодорхойлох хэрэгтэй юм. Б.Ринчен гуай тус номууддаа энэхүү судлах арга зурмалыг маш чанга баримталж, монголын олон нутгаас цуглуулан олсон эх бичмэлүүдээ маш нарийн тайлбарласан байна. Тус номуудад монгол аман уламжлалт уран зохиолын хүрээ хэмжээнд харьяалагдах доорх элементүүдийг тодорхой эмхэтгэн хэвлүүлжээ. Тухайлбал: “дуудлага”, “даатгал”, “даллага”, “тамлага”, “тахилга”, “сан”, “сацал”, “шившлэг”, “сэржим”, “залбирал”, “хурайлга”, “өчиг” зэрэг монгол бөө мөргөлийн аман уламжлалт эх бичмэлүүдийг адилгүй нутаг орон хийгээд худам монгол үсэг, тод монгол үсэг, буриад хэл, ордос хэл гэх мэтээр хуваарилан эмхэтгэн найруулжээ. Одоогоос 70-80 жилийн өмнө Б.Ринчен гуайн баримталж байсан хатуу, нямбай, чанга хариуцлагатай эрдэм шинжилгээний үзэл баримтлал нь одоо ч бидний заавал сурч баримтлах зүйл болно. Иймээс тус ном бол монгол ардын аман зохиол хийгээд монгол уран зохиолын түүхийг судлах заавал ашиглах хэрэгтэй өндөр үнэ цэнэтэй бүтээл болно.

No description available.

2. Хэл шинжлэлийн үнэ цэнэ

Б.Ринчен гуай бол 1956 онд унгар улсын алдарт монголч эрдэмтэн Л.Лиггети-ээс доктор цол хамгаалсан монгол улсын ууган доктор болно. Түүний “Монгол хэлний зүй”[19] хэмээх монгол, соёмбо, эвхмэл, пагва дөрвөлжин үсгээр өгүүллийн гарчигаа бичсэн маш том хоёр гар бичмэлийг унгар улсын академийн хүрээлэнд хүрч олон удаа уншин сонирхож, уг эхийг нь хэвлүүлэхээр ярилцаж байсан түүхтэй билээ. Тус өгүүлэлд бүх монгол орон хийгээд дэлхий даяарт монголоор ярьдаг эл нутгийн аялгуу буюу төрөл монгол хэлний түгэн дэлгэрсэн монгол хэлний тархацын газрын зураг, бас маш сонирхолтой баримт хүснэгт гэрэл зураг зэрэг байдаг юм. Би Б.Ринчен гуайн докторын өгүүллийн уг эхийг хэвлүүлнэ гээд нилээд хичээсэн боловч хэвлэл нийтлэлийн эрх өмчлөлөөс болоод хэвлүүлж чадсангүй, өгүүллийнх нь тухай миний “холбоо сүлжээ” дээрх хувийн блог http://www.holvoo.net/imofifдээр 2013 онд заримыг танилцуулсан боловч бас нарийн судалгааны өгүүллээ бичиж амжаагүй байсаар байна[20]. Энд хэвлэгдэж байгаа Б.Ринчен гуайн 1927 оноос эхлэн бүх монгол орны нутгийн аялгуу буюу монгол төрөл хэлний эх бичмэлүүдийг цуглуулан эмхэтгэж байсныг дахин уншаад, тэрбээр 1956 оны докторын өгүүлэлдээ тийм их элбэг баян материалыг ашиглаж чадсаны үнэн учрыг сая мэдлээ. Тус гурван номын бэлтгэл ажил бол мөн ч түүний “Монгол хэлний зүй” хийгээд сүүлийн үед туурвисан “Монгол бичгийн хэлний зүй” хэмээх том бүтээлүүдийнх нь үндсэн суурь ажил байсныг мэдэрч, эрдэмтэн багшийн “Нэг сумаар олон туулай харвадаг” маш тунгалаг ухааныг нь бас сэрж нэн илүү биширнэм. Иймээс тус ном бол өвөрмонголын нутгийн аялгуу, ялангуяа ордосын Чингис хааны онгон тахилгын “Тэнгэрийн хэл”, халх, буриад, ойрад, халимаг нутгийн хэл хэллэг хийгээд нутгийн аялгууг судлахад маш чухал үндэс баримттай одоогоос 70 гаруй жилийн өмнө цуглуулсан судалгааны өндөр үнэ цэнэтэй эх сурвалж болно.

3. Угсаатан зүйн үнэ цэнэ

Энэ тухай би үндсэндээ бичжээ. Б.Ринчен гуай угсаатан зүйн хээрийн шинжилгээнд “хэн, хэзээ, хэнийг, юуг, хаана, яаж” зэрэг асуултанд заавал хариулт өгдөг арга барилыг тус 20 гаруй жилийн цуглуулан эмхэтгэсэн гурван боть бүтээлдээ бүрэн зөв хэрэглэж чанга баримталжээ. Энэ нь одоогийн манай зарим хүмүүсийн судалгаандаа эх баримтын үүсэл гарлыг тодорхой тушаадаггүй “хулгайч зантай” хүмүүст зөв талын сайхан сургаал хайрлаж байгаа юм. Түүний угсаатан зүйн талын өгүүлэл бүтээл нь дээр дурдсан ордосын Чингис хааны онгон тахилгын “Тэнгэрийн хэлний тахилгын дуу” –аас гадна “Ламын цам”[21] хэмээх бүтээлээ герман хэлээр хэвлүүлснээс гадна бас монгол баатарлаг туульсын нилээд хэдэн бүтээлээ “Ази судлал”[22] –ын цуврал бичгээр хэвлүүлсэн юм. Б.Ринчен гуайн 60 насны ойд монгол улс биш харин миний багш В.Хейссиг дэлхийн олон улсын эрдэмтдийн хурлыг зохион байгуулж тусгай ном хэвлүүлэхдээ: “Монголын утга зохиолын их эрдэмтэн багш бөгөөд монголын аман зохиолыг хүчлэн зүтгэж цуглуулан судлагч Еншөөбү Ринчен дор бид нар энэхүү дэвтрийг түүний 60 насны ой дор тохиолдуулан өргөв”[23] гэж В.Хейссиг багшаас монгол герман хэлээр бичиж үнэлсэн байдаг юм.

4. Тайлга тахилгын үнэ цэнэ

Юуны өмнө “Монгол бөө мөргөл” хийгээд “Монголын бөө мөргөл” гэдэг хоёр ухагдахууны тухай товч ярья. Хүн төрөлхтний эртний буюу баларлаг шүтлэг бишрэлд угсаатан зүйчид “байгаллаг шүтлэг”, “тотем шүтлэг”, “бөө мөргөл” эсвэл “ардын шашин” гэж шүтлэг, мөргөл, шашин хэмээн адил бусын шинжлэх ухааны үүднээс адил бусаар үздэг байна[24]. Германы Кёльн их сургуулийн миний аспирантын удирдагч багш, германы “Нэвтэрхий бүрэн толь”-д “бөө мөргөл” хэмээх ухагдахууныг бичсэн европын алдарт угсаатан зүйч бөө мөргөл судлаач профессор Улла Ёхонсан Ulla Johansan –ий үзэхээр “бөө мөргөл”[25] –ийг үндсэндээ нэг зүйлийн ардын шүтлэг Volsreligion гэж үздэг байна. Харин харьцуулал шашин судлаач, миний докторын өгүүллийн удирдагч “Ардын шашны нэвтэрхий толь”[26]-ийг бичсэн германы Түбинген их сургуулийн профессор Günter Kehrer Гүнтер Кехрер –ээс шашны буюу нийгмийн үзэгдэл religöses phänomen гэж үзсэн байна. Энэ бол миний 1989 оноос 1999 он хүртэл германд 10 жил сурсан багш нарын маань онол үзэл болно. Гэтэл би 1986 онд Б.Ринчен гуайн энд хэвлүүлж байгаа номтой танилцахдаа дээрх багш нарын үзэл онолыг бүр ч мэдэхгүй байсан билээ, гэтэл намайг тэнгэрийн нарыг үзэхээс өмнө европын угсаатан зүйн онол үзэл, судлалын арга барилыг бүрэн эзэмшсэн Б.Ринчений энэ номоос би 30 жилийн өмнө эдгээр ухаан санааг нь дам олж сурсанаа одоо энд нуулгүй ярихдаа их таатай байна.

Б.Ринчен гуай “Монгол бөө мөргөл” гэдэг ухагдахууныг дээр дурдсан миний докторын өгүүллийн удирдагч багш Гүнтер Кехрер-тэй адил шашны буюу нийгмийн үзэгдлээр үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Б.Ринчен гуай бөө мөргөлийг ардын шашин гэж үзсэнгүй хүн ардын шүтлэг бишрэлтэй холбоотой нийгмийн үзэгдэл гэж нэг ухагдахуунаар үзсэнээс “монгол”-ыг бөө мөргөлийн тодотголоор хэрэглэсэнгүй, харин “монгол бөө мөргөл” гэж нэг ухагдахуунаар үзжээ. Иймээс тэр монгол бөө мөргөл, буриад бөө мөргөл, хорчин бөө мөргөл, дархад бөө мөргөл гэж нийтэд нь нэг ухагдахуунаар үзэж, миний дээр нэгэнт дурдсан аман зохиолын эл элемент дуудлага, өчгийг тодотгож, монгол бөө мөргөлийн дуудлага, өчиг гэх мэтээр үзсэн байна. Тухайлбал, тэрээр ардын аман үлгэр, зүйр цэцэн үг жич бөөгийн дуудлагын хэл хэллэгийнх нь уран сайхан болон баялагийг нь ихэд гайхан биширдэг юм, монгол бөө мөргөл нь хэзээ ч “үсэг ч үгүй ном, судар ч үгүй ном” гэдгийг дэлхийн аман зохиол судлаачид болон монголч эрдэмтдэд үзүүлж байгаа юм гэж монгол бөө мөргөл нь “үсэг ч үгүй ном, судар ч үгүй ном” болно хэмээх маш гайхалтай дүгнэснээс түүний үзлийг бид ойлгож болно. Өөрөөр хэлбэл, монгол бөө мөргөл гэдэг үгийг Б.Ринчен гуай энд ардын уламжлал хэмээх утгаар хэрэглэжээ. Би түүний үзлийг яг ингэж ойлгоод, 1987 онд В.Хейссиг багштай хоёр дахь удаагаа Хөххотод уулзаад, “Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын соёл” хэмээх гарчигаар хоёр дахь номынхоо эх нооргийг 1987-88 онд бичиж дуусгаад, яг сайхан Б.Ринчен гуайн энд танилцуулж байгаа гурван номын агуулгаар өөрийнхөө номын агуулгыг байршуулснаа одоо нуулгүй шууд хэлэхэд таатай байна. Би номынхоо агуулгыг “гал тахих ёсон”, “туг сүлдний тахилга”, “өвгөдийн тахилга”, “ангийн манхан тэнгэрийн тахилга”, “малын үрс гаргах сацал тахилга”, “нар сар оддын шүтлэг”, “уул усны тахилга”, “овооны тахилга”, “онгон модны тахилга”, “үтрэмийн тахилга”, “бусад тахилга”, “дом шившлэг”, “төлөг шинжилгээ” хэмээн 12 бүлэг хуваан эмхэтгэн найруулсан бүх агуулгыг нь Б.Ринчений гурван номд бүрэн бүтэн хамрагдсан юм. Энд онцгойлон тодорхойлох зүйл гэвэл, би Б.Ринчен гуайн эмхэтгэсэн материалыг харин шууд хуулан буулгаж хэвлүүлсэн юм биш, өөрийнхөө 1983-85 онд хийсэн хээрийн шинжилгээний материалд тулгуурлаж[27] дэлхийн олон газар хадгалагдаж байгаа эх бичмэлүүдийг ашиглаж байгаад бичсэн[28] -ийг маань та бүхэн миний бүтээлийн бүрэн агуулгаас ойлгох болно. Би В.Хейссиг багшийн удирдлагаар 1989 онд тус эх нооргоо дахин засаж өвөрмонголын соёлын хэвлэлийн хороонд тушаасан юм. Харамсалтай нь хэвлэлийн хорооноос гуравны нэг хувийн тайлбар зүүлтийг хасаж хаясан байв. Сүүлээр нь би “Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын судлал”[29] хэмээх дөрвөн боть номынхоо гуравдугаар ботид уг орхигдсон тайлбар зүүлтээс зарим хэсгийг дахин нөхөж хэвлүүлсэн юм. Иймээс Б.Ринчен гуайн тус гурван ном бол монголын уламжлалт тайлга тахилгын соёлыг судлахад заавал ашиглах гарын авлага чухал эх сурвалж болно гэдгийг би өөрийн өчүүхэн бүтээлээр нуулгүй үнэн цагаанаар жишээ болгож энд тайлбарлалаа. Түүний энэ гурван ном бол миний бүтээлийн үндсэн суурь тавиур болно. Би яг сайхан түүний санаа оноог дагаж судлагдахууны эх материалаа цуглуулан эмхэтгэж гэрэл зураг, тахилгын нарийн явц жич тахилга тайлгын ёс дүрэм зэргийг асар байшин барих мэт алхам дэс дараатай мөрдөж, үзэл онолоо хамаа бүхий баримтаар баталж туурвисан номыг минь уншин судлагчид ойлгон мэдэж чадах болно.

No description available.

5. Эм домын уламжлалт засал

Ихэнх улсын угсаатан зүйчид, эхэн үедээ “бөө”-г ардын эмч хэмээн нэрийдэн судалж байжээ[30]. Дэлхийн эл мэргэжлийн эрдэмтэн “бөө”-г эртний ардын уламжлалт эмчилгээний ажил үүргийг гүйцэтгэж байсныг бараг санал нэгтэй зөвшөөрдөг байна. Эртний монголын нийгмийн байгуулалд монгол бөө нь иймэрхүү эмчилгээний ажлыг бас зохих хэмжээгээр гүйцэтгэж байжээ. Гэтэл зөвхөн бөө нар биш харин бөөгөөс гадна энгийн нүүдэлчин малчин ард нийгэм байгалийн урт удаан хугацааны хөгжлийн явцад өөрийнхөө туршлага үйлдлээр дамжин хүн малыг эмчлэх хувь өөрийн арга засалтай болсон юм. Үүнийг монголын уламжлалт засал эмчилгээнд “дом шившлэг” хэмээн угсаатан зүйчид судлахаар барахгүй энэ нь мөн ч монголын уламжлалт анагаах ухааны анхны хэлбэр болж байжээ. Энэ бүхнийг Б.Ринчен гуай тус гурван номдоо мөн монгол бөө хэмээх тодотгол нэрийн доор уламжлалт аман зохиолд багтаан нийтэлжээ. Жишээлбэл, “баавгайн сүнснээ хэлэх үг”, “ганзагын шившлэг”, “тэмээний даллага судар оршив” зэрэг буй.

Сүүлийн 20 жилд монголчуудын дунд сүсэг бишрэлийн хямралын цаг болж, бөө удган нар “талын мөөг шиг олширч, бүжиглэх шиг бөөлж байна”[31] гэж би 10 жилийн өмнө шүүмжилж бичсэн юм. Ямар ч нийгэмд хүн ардын сүсэг бишрэл хийгээд нийгэм байгалийн гай гамшиг зэргийг ашиглаж хуурмаг бөө удган гарч ард иргэдийг мунхруулан мэхлэх үзэгдэл өнөө үед ч биш бүр эртний Чингис хааны үед ч байжээ. Жишээлбэл, “Тэв тэнгэр” хэмээх бөө Чингис хааны ах дүүгийн хооронд зөрчил мөргөлдөөн үүсгэж амь насаа алдаж байсан түүхийг Монголын Нууц Товчоонд[32] тодорхой тэмдэглэсэн байдаг. Б.Ринчен тус бүтээлийнхээ оршилдоо: “Энэ мэтчилэн тэдний сэтгэхүйн мэдлэггүйгээр монголчуудын аж амьдралыг эзэмшиж байсан үзэл санааг нь мэдэхгүйгээр бидний өвөг дээдсийн түүхийн сонирхолтой олон арвин явдлуудыг ойлгох ба тайлбарлахад заримдаа маш хэцүү байдаг юм” гэж монгол бөөгийн гүн ухаан болон ёс суртахууны сэтгэхүйг ойлгохын тулд шөнө болтол номын ард суудаг байлаа[33] хэмээн өөрийн үзэл бодлоо маш тодорхой тэмдэглэсэн байна.

6. Хээрийн шинжилгээний арга барил

Энэ тухай би өмнө нэгэнт олон удаа дурджээ. Б.Ринчен гуай одоогоос 70-80 жилийн өмнө шинжлэх ухаанч, чанга хатуу баримтлалаар эх бичмэлийн илэрсэн нутаг орон, аман уламжлалыг ханган өгсөн буюу хангасан хүний нэр яс овог удам угсааг хүртэл нарийн тодорхой тусгайлан тэмдэглэсэн байна. Тэрбээр ямар ямар багшаас сурч, судлах арга онолыг сурсанаа бас тодорхойлсноор барахгүй багш нартаа талархал хүндэтгэлээ илэрхийлсэн байдаг. Мөн судлаачид эрж хайхад хялбар болгохын төлөө боть бүрийн төгсгөлд “нэрийн хэлхээс” –ийг нарийн хадсан байна. Энэ бүхэн нь өнөө үеийн эрдэмтдийн заавал сурч ашиглах эрдэм шинжилгээний арга барил төдийгүй мөн эрдэмтдийн чанар чансаа, судлаачдын үзэл баримтлалын асуудал болно. Энэ бүхэн нь бидний өнөө үеэр биш үеийн үеэс үрийн үрд суралцах зүйл болно.

Б.Ринчен гуайг би маш шүтэж, их эрдэмтний эрдэм шинжилгээний санаа оноог өөрийн сурлага судалгаандаа шингээн авч, эрдэм шинжилгээний талаар “гар минь ганзаганд, хөл минь дөрөөнд” хүрч явсан юм. Иймээс би 2018 оноос энэхүү монгол оронд давтагдашгүй билгүүн багшийн гэгээн сүнсэнд залбиран даатгаж, гэгээрэл ухааныг нь сурч явахдаа, “Дэлхийн монгол туургатны аугаа эрдэмтэн Еншөөбү овогт Бямбын Ринчений мэндэлсэн 113 жилийн ойд” зориулан “Монголчуудын уугал бичгийн соёлын үүсэл буюу Хөх түрэг бичиг”[34] хэмээх бүтээлээ хэвлүүлэн дурсгасан юм. Энэ жил түүний мэндэлсэн 115 жилийн ойд зориулан бас кирилл үсэг[35] худам монгол бичгээр хоёр номоо хэвлүүлэн дурсгасан юм[36].

No description available.

Билгүүн эрдэмтэн Б.Ринчений гэгээн сүнсэнд залбирнам !

Бичиг эрдмийн үнэн ухаан санаанд нь талархнам !

Номын цагаан буян дэлгэрэх болтугай !


[1] Зохиогч бол угсаатан зүйч, монголын эртний үг хэл үсэг бичиг, язгуур соёл судлаач, германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэгийн хэрэг эрхлэгч.

[2] Л.Хурцбаатар: “Хатгин арван гурван атаа тэнгэрийн тайлга” (Атаа тэнгэр гэж товчилно), Өвөрмонголын соёлын хэвлэлийн хороо, Хайлаар, 1987 он

[3] 海西希[德]蒙古宗教。蒙古史研究参考资料,总第57.58辑。内蒙古大学蒙古史研究所编,1984年4月

[4] Л.Хурцбаатар: “Атаа тэнгэр”, нүүр 74-75

[5] Л.Хурцбаатар: “Атаа тэнгэр”, нүүр 82

[6] Солонгод Л.Хурцбаатар, Солонгод Х.Соёнаа: “Солонгод Л.Хурцбаатарын хэсэг цуглуулга хийгээд судалгаа” (Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын судлалын 3 дугаар боть) германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэг, 2012 он, нүүр 23-24

[7] Солонгод Л.Хурцбаатар, Солонгод Х.Соёнаа: “Солонгод Л.Хурцбаатарын хэсэг цуглуулга хийгээд судалгаа” (Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын судлалын 3 дугаар боть) германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэг, 2012 он, нүүр 35-42

[8] 1986 оны өвөл шиг санагдаж байна. Би энэ удаа тус өгүүллийг бичнэ гэж хуучин ном судраас хайж байгаад 35 жилийн өмнө буулгасан энэхүү гарчигийн гар бичмэлээ олж авав. А3 –ийн цаасан дээр буулгасан 11 хуудас байна. Эхний хуудсанд 呼市宾馆2006, 3016 өрөө гэж хятадаар бичсэн байна. Гэтэл он сараа тэмдэглээгүй байна. Нэгдүгээр дэвтрийн гарчиг 68 зүйл гэж зөв буулгасан байна. Гуравдугаар дэвтрийн гарчигт 137 зүйлийг дугаарласан нь 45 дугаараас шууд 56 гэж буруу дугаарласнаас 137 зүйл болсон байна. Одоо нарийн салгаж үзэхээр бас буруу буулгасан зүйл байна. Жишээ нь: “Гай өвчний нуруу даатгал”-ыг “Хаан өвдсөний нуруу даатгал” гэж буруу буулгасан байна.

[9] Тус номыг би өвөрмонголын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн Мөнхбат багшийн даалгавраар кириллээс буулгаж дуусгасан боловч, 1989 онд герман явахдаа эх бичгээ өвөрмонголын намын сургуулийн өөрийн албан өрөөнд дүүрэн номтойгоо орхиод гарч явсан юм. Сүүлээр миний өрөөний бүх ном судар зэрэг ховор юмс бүрэн үгүй болсон ба бодоход одоо ч сүрхий харамсдаг юм. Тус номыг сүүлээр нь 1992 онд Алмаз гэдэг хүн буулгаж, өвөрмонголын хэвлэлийн хорооноос хэвлүүлсэн байна.

[10] Солонгод Л.Хурцбаатар, Солонгод Ч.Үзмээ: “Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын соёл”, Өвөрмонголын соёлын хэвлэлийн хороо, Хайлаар, 1991 он, нүүр 172

[11] Дээрх тайлбарт 8-д дурдсан номуудтай хамт үгүй болов. Миний зарим гар бичмэлүүдээс эдүгээ ч олдож байна. Жишээ нь: “Хишигбатын <эрт ба эдүгээгийн эрдэнийн товч>”-ийн миний гарын үсэгтэй хуулбарыг Мөнхдалай гэдэг хүн хятад хуучин бичиг судрын дундаас олсон гэдэг.

[12] Rintchen: Zum Kult Tschinggis-Khans bei den Mongolen. Opferlieder tayilγ-a-yin daun. in: Opuscula Ethnologica Memoriae Ludovici Biró Sacra.1959. Budapest.S. 9-22

[13] Rintchen: Zum Kult Tschinggis-Khans bei den Mongolen. Opferlieder tayilγ-a-yin daun. in: Opuscula Ethnologica Memoriae Ludovici Biró Sacra.1959. Budapest.S. 19

Ц.Жамсрано1910 онд Чингис хааны “Алтан бичиг”-ийг хуулж авахаас өмнө богд эзэнд тахилга өргөж, зөвшөөрөл гуйсантай адилаар Б.Ринчен гуай ч тахил мөргөл хийж даатгасан зэрэг нарийн явцыг бичиж байна. Уг нь энэ өгүүллийг монгол хэлэнд орчуулах ёстой юм.Би судлалдаа олон дахин ашигласан боловч одоо болтол орчуулах цаггүй байсаар байна.

[14] Солонгод Л.Хурцбаатар: “Чингис хааны тайлга-Чингисийн хараа ихт дөрвөн хөлт хар сүлдний тахилга хийгээд ордос монголчуудын найман цагаан цомцог ордны тайлга тахилгын тухай судлал” (Тус миний докторын өгүүлэл ном нь герман хэлээр 1999 онд японы Осакад хэвлүүлжээ. Маш олон гэрэл зураг зэрэг ховор эх сурвалжтай, нийт 330 гаруй нүүртэй).

[15] Солонгод Л.Хурцбаатар, Огонос Цогт: “Чингис хааны алтан бичиг”, Өвөрмонголын соёлын хэвлэлийн хороо, Хайлаар, 2001 он

[16] Энд дурдагдаж байгаа Хөвсгөл болон Булган аймгийн хоёр том бөө зайраны онгод буулгасан нарийн байдлыг Б.Ринчен гуай яаж тэмдэглэж авсан тухай, 2013 онд би Бөхийн Бааст настныг сурвалжилахад тэрбээр гарт баригдаж нүдэнд харагдтал нарийн сайхан ярьж өгснийг би дүрс бичлэг хийж үлдээжээ.

[17] “Замлин Шенчиний намтар оршив”, “Цэвээн Гэсэрийн тууж”, “Номч хатны Гэсэрийн тууж”, “Заяийн Гэсэнрийн тууж”, “Эрт эдүгээгийн гайхамшигт сайхан үзэгдэл хэмээх судар” зэрэг уламжлалт аман зохиолын бичмэлийг эмхэтгэн энд хэвлүүлж байгаа номтой адил Б.Ринчен гуай оршил тайлбар бичиж, 1959-60 оны хооронд Улаанбаатарт хэвлүүлсэн юм.

[18] Ц.Дамдинсүрэн: “Монголын уран зохиолын дээж зуун билэг оршив”, Өвөрмонголын ардын хэвлэлийн хороо, Хөххот, 1979 он, нүүр 243-295. Тус “Чингис хааны их өчиг” нэрээр хэвлүүлсэн эхийн тайлбарт “Өвөрмонголын ордос нутаг дахь Чингисийн онгон сүлдний ордонд байгаа алтан дэвтрээс 1956 онд хуулж авсан бичгээ хэрэглэв” гэж тодорхойлсон байдаг. Бас “Бэрийн ерөөл оршив”, “Гүү сүүний сацлын судар оршив”, “Манхан тэнгэрийг тахих ёсон” зэрэг нь хэвлэгдсэн байна.

[19] Тус өгүүллийн эх гар бичмэлийг өнгөт гэрэл зургаар хэвлүүлэх нь маш чухал, эрдэм шинжилгээний өндөр үнэ цэнэтэй юм. Гэтэл хэвлэлийн эрхийг олоход багахан төвөгтэй шиг байсан.

[20] Л.Хурцбаатар: [041] “Б.Ринчений гар бичмэлийг хэн зөв уншсан бэ?”, [042] “Б.Ринчений гар бичмэлийг зөв уншсан эрдэмтэд”, [054] “Б.Ринчений тамга ба уйгуржин монгол гар бичмэл” зэргийг доорх холбоо сүлжээнээс унших боломжтой. http://www.holvoo.net/article/articleView.do?id=c9d5731d- d63b-4392-9032-7a3d6406011d

[21] Bym. Rintche. Lamaistische Tanzmasken.Koehler&Amelang, Lpz., 1967.

[22] Nikolaus Poppe: Mongolische Epen I. Übersetuzng der Sammlung. B.Rintcgen.Folklore Mongol. Livre deuxième. Wiesbaden, 1975

[23] Walther Heissig: Collectanea Mongolica Festschrift für Professor Dr. Rintchen zum 60.Geburtstag (Ардын аман зохиолын цуглуулга, профессор доктор Б.Ринчений 60 насны ойд зориулав) in Asiatische Forschungen Band 17. Wiesbaden, 1966

[24]Ágnes Birtalan. Wörterbuch der Mythologie. Die Mythologie der mongolischen Volksreligion (домгийн толь, монгол ардын шашны домог зүй) Klett-Cotta. 2001.

[25] Susanne Knödel , Ulla Johansen. Symbolik der tibetischen Religionen und des Schamanismus: Tafelband (Symbolik der Religionen)

[26] Walter Kerber. Personenkult und Heiligenverehrung. Kindt Verlag. 1997.

[27] Миний 20 хэдэн насандаа хийсэн хээрийн шинжилгээний зарим тэмдэглэл “1983 онд Ордос Үүшин хошуунд хүрч Хишигбатын тухай анх сурвалжилсан” хэмээх тэмдэглэлийн дэвтрээс тухайн үеийн сурвалжилсан нутгийн буурлууд хийгээд ямар гар бичмэлийг хэнээс олсон зэргийг нарийн тэмдэглэсэн билээ. Солонгод Л.Хурцбаатар Солонгод Л.Хасбаатар: “Хаадын гэрийн арван гурван атаа тэнгэрийн тайлга хийгээд хатгинчууд” (Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын судлал)-ын нэгдүгээр боть, германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэг, 2012 он, нүүр 185-341

[28] Би 1989 оны сүүлээр Дани улсын Копенгагены хааны ордны номын санд хүрч “Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын судлал” –д ашигласан гар бичмэлүүдийн эх бичмэлийг харгуулан уншсан маш сонирхолтой бөгөөд хатуужилтай явцаа аль нэг номдоо бичсэн юм. Эдүгээ бичсэн газраа эрж олохгүй байна.

[29] Солонгод Л.Хурцбаатар, Солонгод Ч.Үзмээ: “Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын соёл” (Монголын бөө мөргөлийн тайлга тахилгын судлал)-ын гуравдугаар боть, германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэг, 2012 он

[30] Л.Хурцбаатарын уншигчдад өгсөн ил хариулт [Nr.003] http://www.holvoo.net/article/articleView.do?id=62…

[31] Hans Findeisen, Heino Gehrts. Die Schamanen. Eugen Diederichs Verlag. 1983

[32] Элдэндэй Ардажав: “Монголын Нууц Товчоон-сийрүүлэл тайлбар”, Өвөрмонголын сурган хүмүүжлийн хороо, Хөххот, 1988 он, 246 зүйл

[33] Энд хэвлэгдэж байгаа Б.Ринчений гуравдугаар ботийн “оршил” -оос

[34] Солонгод Л.Хурцбаатар, Өөлд Д.Баатар: “Монголчуудын уугал бичгийн соёлын үүсэл-Хөх түрэг бичиг” германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэг, 2018 он

[35] Бухатын Базылхан, Базылханы Напил, Солонгод Л.Хурцбаатар: “Эртний түрэг бичээсний хэлний үгийн бүтцийн толь” (кирилл үсгийн хэвлэл), германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэг, 2020 он

[36] Бухатын Базылхан, Базылханы Напил, Солонгод Л.Хурцбаатар: “Эртний түрэг бичээсний хэлний үгийн бүтцийн толь” (кирилл үсгээс худам монгол бичигт В.Сарангуа хөрвүүлэв), германы Elias Verlag IMoFiF e.V. хэвлэлийн нийгэмлэг, 2020 он

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-шинэ-оцлох утга-зоxиол

“Утгын чимэг” наадмын бүртгэл өнөөдөр дуусна

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл өнөөдөр дуусна.

Уг наадмыг 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохион байгуулж, оны богино хэмжээний шилдэг хүүрнэл зохиолыг шалгаруулж эхэлсэн бөгөөд 1993 оноос “Утгын чимэг” гэж нэрээ өөрчилжээ. Уг наадмыг 2001-2004, 2007-2008 онд түр завсарласнаас хойш жил бүр тогтмол зохион байгуулж байна. Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм.

Categories
мэдээ утга-зоxиол

С.Батжаргал: Монгол хаад, хатдын түүхийг монгол хүн л үнэн зөвөөр бичнэ. “Огул Хаймыш хатан” романыг бичсэн шалтгаан минь энэ

Зохиолч Санжаагийн Батжаргалтай ярилцлаа.


-“Огул Хаймыш хатан” гэх шинэ романаа уншигчдын гарт хүргэсэнд баяр хүргэе!

-Баярлалаа. Эрхэм уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе.

-Таны хэд дэх роман болов. “Намрын шөнийн зүүд”, “Их хайрын түүх”, “Хайду хаан”, “Ишүүжин”, “Аргасуу баатар” зэрэг романуудыг тань мэдэх юм байна?

-Их Монгол Улсын гурав дахь хаан Гүюгийн хатан Монгол төрийн жолоог гурван жил залсан Огул Хаймыш хатны тухай энэ роман маань миний долоо дахь роман юм. 2012 онд “Намрын шөнийн зүүд” романаа бичиж хэвлүүлснээс хойш “Хайду хаан”, “Ишүүжин”, “Аргасуу баатар”, “Харийн тэнгэр” гэж цуврал романууд, Их Могол Улсын тав дахь хаан, ертөнцийн долоон гайхамшиг болох Таж Махалыг бүтээсэн монгол угсааны Шах Жахан хааны тухай “Их Хайрын түүх” роман бичиж уншигчдын хүртээл болгосон доо.

-Бас өгүүллэг, туужийн номнууд бий шүү дээ, танд?

-Тийм ээ. 2015 онд “Анхны хайр”, 2018 онд “Хар нүдэн хөвгүүн” гээд өсвөр насныханд зориулсан тууж, өгүүллэгийн түүвэр, 2020 онд “Хөх илдний нууц” өгүүллэгийн түүвэр, мөн “Өвгөдийн ярьсан хууч яриа” эмхэтгэл, “Дотогшоо анирдахуй” дурсамжийн номоо хэвлүүлсэн.

-Та бас хүүхдийн зохиол бичдэг?

-Хүний амьдралын хамгийн адармаатай үе бол шилжилтийн нас байдаг. Урьд нь 14-18 насыг шилжилтийн нас гэж ярьдаг байсан бол одоо бол миний ажигласнаар хөгжлөө дагаад, бас хоол хүнснээс шалтгаалаад ч тэр үү, шилжилтийн нас арай л эрт буюу 13 наснаас эхлээд байх шиг байдаг юм. Хүүхдийн зохиол бичдэг болоод ч тэр үү, ер нь их ажигладаг л даа. Яг энэ насныханд зориулсан уран бүтээл ер нь ховор байгаа. Энэ үед хүүхэд өөрийн бие махбод, сэтгэл санааны хувьд мэдэхгүй олон зүйлтэй учирдаг. Тэр хэрээр зөвлөх туслах хүн хэрэгтэй болдог. Гэтэл манайд гадны орчуулгын хэдэн номноос өөр бариад уншчих ном ховор. Цаг үеэ дагаад бидний хүүхэд наснаас одоо цагийн хүүхдүүдийн ахуй амьдрал, орчин гээд олон зүйл өөр болжээ. Жишээлэхэд найз нөхдийн холбоо хүүхдийн амьдралд илүү түлхүү нөлөөлөх болсон байна. Гэтэл зөвлөдөг, тусалдаг найз нь өөрөө амьдралын ямар ч туршлагагүй адилхан хүүхэд л байдаг. Ийм үед уран зохиолын нөлөө илүү түлхүү байх ёстой. Миний хувьд өсвөр насныханд зориулсан, тэдэнд дэм болчихоор, сургамж болчихоор өгүүллэгүүд бичиж хоёр ном болгож хэвлүүлсэн. Одоо худалдаанд “Хар нүдэн хөвгүүн” л бий. “Анхны хайр” дууссан. Дахиж хэвлүүлж амжаагүй л байна. “Дотогшоо анирдахуй” дурсамжийн номоо ч өсвөр насныхан мэргэжлээ сонгох, өөрийгөө танин мэдэхэд хэрэгтэй болов уу гэсэндээ бичиж хэвлүүлсэн дээ.

-Таныг уг нь инженер мэргэжилтэй гэж дуулсан шүү?

-Би Булган аймгийн уугуул. Техникийн Их Сургуулийг 1991 онд “Хүнсний үйлдвэрийн технологич инженер” мэргэжлээр, Удирдлагын академийг 2001 онд “Бизнес удирдлагын менежер” мэргэжлээр төгссөн. Хүнс судлалын ухааны магистр.

-Өгэдэй хааны ач хөвгүүн Хашины Хайдугийн тухай таны романаас л уншиж “Ийм түүхэн хүн байжээ” гэж бодсон л доо. Түүхэн зохиолын ач холбогдол энэ мэт олон талын өгөөжтэй юм даа?

-Монголчууд бид бахархан дуурайх агуу түүхтэй ард түмэн. “Аливаа үндэстний мөн чанар хэзээ ч арилдаггүй” гэж нэг агуу хүн хэлсэн байдаг юм. Бид агуу дээдсийн үр удам болохоор тэр хүмүүсийн генийг хадгалж яваа агуу ард түмэн шүү дээ. Өөр хэн ч, ямар ч үндэстэн чадаагүй, чадах ч үгүй түүхийг бидний өвөг дээдэс бүтээсэн. Тэд морин дэл дээр давхиж дэлхийн дайдыг эзэлсэн. Энэ бол зөвхөн бие махбодийн сайнаар давсан хэрэг биш. Тэд агуу сэтгэгч, агуу ухаалаг хүмүүс байсан. Бид ийм агуу өвөг дээдсээрээ бахархаж, тэднээс суралцах ёстой гэж боддог юм.

-Таны түүхэн зохиол бичих болсон шалтгаан?

-Өнөөгийн бидний гишгэж яваа газар шороо агуу өвгөдийн минь тэмцлийн үр дүнд өдий хүртэл хадгалагдаж үлдсэн. Түүхэн зохиол бичиж байгаа гол шалтгаан, гол зорилго минь түүхэнд мартагдах ёсгүй хүмүүс гэж бий. Тэдний тухай, чухам юуны төлөө тэмцэж явсныг нь хойч үеийнхэндээ таниулах юм даа. Хайду хаан бол Монголоо Монголоор нь үлдээх гэж, Хубилай хааныг өмнөд газарт нийслэлээ шилжүүлэн, үзэсгэлэнт Хархорум хотоо эзгүйдүүлж, их гүрнээ Юань гэж нэрлэснийг эсэргүүцэн, мөн зорилго нэгт алтан ургийн ноёдын тэмцлийг оройлон зангидаж явсан агуу хаан байжээ. Үүнийг бид мартах учиргүй юм. Гэтэл энэ тухай аль ч сургуулийн түүхийн хичээлд заадаггүй.

-2012 онд анхны романаа бичсэнээс хойш есөн жилийн дотор долоон роман бичжээ. Нэг түүхэн роман бичихэд ямар хугацаа зарцуулдаг вэ. Жишээ нь та “Аргасуу баатар” романаа хэдий хугацаанд бичиж дуусгасан бэ. Судалгаа, баримт цуглуулах гээд зузаан зузаан судар, номон дунд суудаг байх даа гэж бодож байна шүү?

-Түүхэн зохиол бичихийн тулд юуны өмнө тухайн үеийн түүхийг маш сайн судалсан байх ёстой. Би өөрөө түүхийн мэргэжлийн хүн биш болохоор алдаа мадаг гаргачихгүйн тулд их хичээнгүйлэн судалдаг. Бичих гэж байгаа хүнийхээ түүхийг судлахаас гадна эцэг эх, ах дүүс, эмээ өвөө, анд нөхөд гээд тухайн дүрийнхээ бие хүн болон төлөвшихөд нөлөөлсөн байж болохуйц хүмүүс, мөн тэр үед болсон онцлох үйл явдлууд гээд түүхэн хүнээ тойруулан судлахад их цаг зарцуулдаг даа.

Ер нь түүхэн зохиол бичихэд цаг хугацааны хувьд дөрөвний гурав орчим хувийг судалгаанд зарцуулдаг. Ийнхүү сайн судлаад ирэхэд тухайн бие хүн маань аяндаа төсөөлөгдөөд, дүр амилаад ирдэг. Үүний дараа тухайн үйл явдал болсон газар орны газарзүйн онцлог, уул ус, байгаль цаг уур, ан амьтныг хүртэл судалж сэтгэлдээ нэгэнт бий болгосны дараа үйл явдал аяндаа өрнөж ирдэг дээ.

-Түүхэн роман бичдэг эмэгтэй зохиолч олноор гарч ирсэн нь манай утга, зохиолын хөгжлийн бас нэг явц л даа. Хожмоо энэ үеийг түүхэн зохиолын үе ч гэх юм бил үү. Тийм ээ?

-Магадгүй юм. Ажиглаад байхад түүхэн зохиол бичиж байгаа эмэгтэй зохиолчид түүхэн үнэнээс нэг их гажилгүй бичдэг нь анзаарагддаг. Ихэнх уншигчид түүхэн зохиолуудаас түүхээ мэдэж авдаг болохоор бодит үнэнээс гажуудуулж бичиж болохгүй л дээ.

-Ер нь яагаад түүхэн роман манай уран зохиолын салбарт хүч түрэн орж ирсэн гэж боддог вэ. Хуучнаа санагалзах, уламжлалаа мэдэх, түүхээ мартахгүй байх ёстой гэдэг ч бас цаагуур сүнслэг түвшний сэргэлт гэхээр ч юм байна уу даа гэж ч ярилцдаг?

-Дээр хэлсэнчлэн манайх аугаа түүхтэй ард түмэн шүү дээ. Өнөө цагт манай түүхийг булаацалдагчид гарч ирж байна. Тэд түүхийг гуйвуулан өөрсдийн өвөг дээдэс мэтээр зохиохоос гадна түүхэн үнэнээс гажуудуулсан ном, кино хийж дэлхий нийтэд тарааж байна. Ийм шударга бус явдлаас бид түүхээ хамгаалах ёстой. Гадныхан манай түүхийг санаатай болоод санамсаргүй гуйвуулж байна. Монгол хаад хатдын түүхийг монгол хүн л үнэн зөвөөр бичнэ гэж боддог. “Огул Хаймыш хатан” роман бичсэн гол шалтгаан маань энэ юм. Огул Хаймыш хатны тухай гадны орны түүхэн судалгааны болоод уран сайхны бүтээлүүдэд үнэнээс хол, гажуудуулсан бүтээл нэлээд байгаа тул их Монгол Улсын төрийн гурван жил гаруй барьсан энэ хатны үнэн түүхийг хойч үедээ заавал үнэнээр нь бичиж үлдээх ёстой хэмээн бодож энэ зохиолыг анх барьж авсан даа. Сүнслэг түвшний сэргэлт гэдэг сонирхолтой асуулт байна. Аливаа юм цаг хугацаатай гэдэг. Яг бидний амьдран буй энэ үед үзэл суртлын хүлээснээс ангижирсан түүхчид, орчуулагчид маань судалгааны бүтээлүүд олныг гаргаж, бид илүү олон эх сурвалжийг харьцуулж унших боломжтой болж байна. Мөн их хаад маань эх түүхээ сэргээн туурвихыг дээд тэнгэрээс таалсан байж ч мэдэх юм.

-Өөрийнхөөрөө, өөрийнхөө ертөнцөд даруухан оршиж, уран бүтээлээ чимээгүй туурвиад явдаг зохиолч олон л доо. Та ч бас тэдний нэг?

-Ер нь унших судлах, бичихээс бусад зүйлд цаг зав зарцуулах нь ховор доо. Үнэнийг хэлэхэд ном зохиолоо сурталчилж, рекламдах талдаа ч тааруухан. Ер нь уншигчид маань өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа болохоор зориуд рекламдах шаардлагагүй санагддаг. Бүтээлүүд маань миний өмнөөс ярьчихдаг болохоор гэх үү дээ.

-Сүүлийн хоёр жил цар тахлаас болоод нийгмийн харилцаа хумигдсан ч хүмүүст дотогшоогоо өнгийх боломжийг олгосон болов уу гэж харсан. Ялангуяа энэ урт, урт хөл хорио юм бичдэг, юм боддог хүмүүст шинэ уран бүтээл хийх, төвлөрөх боломжийг олголоо. Магадгүй та энэ хугацаанд “Огул Хаймыш хатан” романаа ч бичсэн байх?

-Тийм ээ, яг хөл хорионы үеэр судалгааныхаа ажлыг хийж таарсан. Анх зохиол эхэлж бичиж байснаа бодоход түүхэн судалгааны номнууд хангалттай цуглуулсан. Тэдэн дундаа л “сэлж” байна.

-Таны үр хүүхэд, ач зээ нараас тань таны авьяасыг өвлөж юм бичиж байгаа сураг дуулдсан шүү. Зээ охин Г.Сүндэрмаа тань “Миний үлгэрүүд” гэж цуврал гаргаж байгаа гэл үү?

-Ууган охин С.Буяндэлгэр маань Радио Телевизийн дээд сургуулийг найруулагч-жүжигчний мэргэжлээр төгсөөд ажиллаж байна. Мэргэжлийнхээ дагуу нэлээд хэдэн хүүхдийн кино бичиж, заримыг нь найруулж дэлгэцэнд гаргасан бий. Түүн дунд ноднин жил миний зохиолоор “Гийнгоо” нэртэй уран сайхны кино хийсэн нь Юнивишн, Скаймедиагийн кино санд бий. Охин бол бичихийн хувьд надаас илүү бичнэ. Ялангуяа зохиолынх нь харилцан яриа маш сайн болсон байдаг. Гадна дотны зарим зохиолыг уншиж байхад цөөхөн тохиолдолд яг сүрхий онож хэлсэн үг хэллэг уншихад “хамаг биений шар үс босох” шиг болдог доо. Охины бичсэн зохиолыг уншиж байхад заримдаа яг тийм мэдрэмж төрдөг. Харин албан ажилтай болохоор зохиол бичих цаг завны хувьд хомс байх шиг байдаг юм. Яг суугаад бичвэл надаас илүү зохиолч болно. Зээ охины хувьд бас л сайн бичдэг. Хүүхдийн зохиолыг хүүхдийн нүдээр харж бичих их сонирхолтой байдаг юм билээ. Яг л өөрсдийнх нь насан дээр тохиолдож байгаа үйл явдлуудыг хөөрхөн гаргалгаатай бичсэн нь анзаарагддаг. 2019 онд “Шидэт номын найзууд” хүүхдийн богино өгүүллэгийн уралдаанд оролцоод гуравдугаар байр эзэлчихсэн шүү. Насанд хүрсэн том зохиолчид уралддаг наадам шүү дээ. “Миний үлгэрүүд” номыг 2018 онд хэвлүүлээд, ээжийнх нь нэг номын хамт гуравдугаар сарын 7-ны өдөр “Ээж, эмээ, би” гээд гурван номын нээлт хийсэн. Одоо дахиад хэдэн өгүүллэг биччихсэн байгаа. Хэвлүүлж амжихгүй л байна. Хүүхдийн ном хэвлүүлэхэд зураг хөрөгнөөс өгсүүлээд багагүй ажилтай байдаг болохоор өртөг нь бас өндөр.

-2000 он хүртэлх түүхэн зохиол, түүхэн романуудын гол дүр ихэвчлэн хаад байсан. Ганц гаргаж тавьдаг байсан эмэгтэй дүр нь Мандухай цэцэн хатан л байлаа. Харин сүүлийн жилүүдэд манай эмэгтэй зохиолчид Монголын түүхэнд онцгой хувь нэмэр оруулсан хатдын тухай зоригтой гаргаж ирж байгаа нь жендерийн талаасаа зөв ч юм шиг ээ?

-Монголын түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн эмэгтэйчүүд бусад үндэстнийг бодоход харьцангуй олон байдаг. Ороо бусгаа түүхийн нугацаанд хатан ухаанаар төрийг залж явсан болоод ч тэр үү. Эзэн Чингис хаанаас өгсүүлээд бүх хаадын дэргэд ухаант хатад нь, эх нь найдвартай туслагч, үнэнч зөвлөгч нь байсан. Ер нь Монголчууд ээжийгээ маш их хүндэлдэг хайрладаг, насан туршид нь холбоотой байж сургаал, зөвлөгөөг нь сонсож явдаг өвөрмөц уламжлалтай ард түмэн. Эмэгтэй зохиолчид хатдын тухай бичихдээ адилхан бүсгүй хүн болохоор дотоод сэтгэлд нь нэвтэрч, мэдрэх нь илүү байдаг юм болов уу даа.

-Хатдынхаа тухай романыг эмэгтэйчүүд голдуу уншиж байгаа харагддаг. Хатдаас суралцаж, хатдын ухаан, эр зоригийг өөртөө шингээж ч байгаа юм. Гүюгийн хатан Огул Хаймышийн тухай та бичсэнээр тэр түүхэн эмэгтэй энэ үед эргэн ирж, хожмоо ч дурсагдаж “амьд” байж, судлагдсаар, мартагдахгүй байх юм даа?

-Огул Хаймыш хатны тухай академич Чулууны Далай “Огул Хаймыш хатан бол Монгол Улсын эв нэгдлийг эрхэмлэгч хатан байсан” гэж товчхон дүгнэсэн байдаг. Огул Хаймыш хатан хоёр хүүтэй байсан. Их хаан эцгээсээ хойш сууринд нь сууж улс гүрнээ хэн нь ч аваад явчихаар ухаалаг эрэмгий хөвгүүд. Гэвч Огул Хаймыш хатан өөрийн хөвгүүдэд хаан ширээг залгамжлуулахыг хүссэнгүй. Учир нь Өгэдэй хаан өөрийн ач хүү Ширэмүнийг их ор суулгахыг гэрээсэлсний дагуу түүнийг хаан ширээнд суулгахаар зорьж, тэр хөвгүүнийг дэргэдээ авч, нэрийнх нь өмнөөс зарлиг гаргаж, тухайн үеийн алтан ургийн хамгийн хүчирхэг хүн болох Бат хаан, мөн Сорхугтани хатан нарт Ширэмүнийг хаан ширээнд залах их хуралдай зарлахыг хүсч ятгасан захидлууд удаа дараа илгээж байсан авч дэмжлэг авч чадалгүй хүчин мөхөсдөж, өөрөө Ширэмүний эх Хадагачи хатантай хамт цаазаар авхуулсан байдаг. Хаант төрийнхөө эв нэгдлийг өөрийн төрсөн хөвгүүдийн хувь заяанаас дээгүүр тавьж чадсан агуу хатан байсан юм билээ.

Categories
мэдээ утга-зоxиол

“Цэнхэр дэлгэц” наадамд “Хувь тавилан цэцэн” бүтээлээр багаараа Гран При хүртжээ

МҮОНРТ -ийн уран бүтээлчдийн дунд уламжлал болгон зохиогддог “Цэнхэр дэлгэц” наадам боллоо.

Тус тэмцээнд яруу найрагч Н.Минжинсайхан “Хувь тавилан цэцэн” бүтээлээр багаараа Гран При хүртжээ.

Мөн Болор цомын эзэн О.Цэнд-Аюушдаа Радио, Телевизийн төрөлд хоёуланд нь дэд байр эзэлсэн байна.

2 хүн гэх мэтийн зураг байж болно

3 хүн гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ утга-зоxиол

Ирэх сарын 7-нд “Poetry night” болно

“Корпорэйт конвеншн центер”-т 2021 оны арваннэгдүгээр сарын 07-ны 17:00 цагаас “Special 300 guest” буюу яруу найргийн үдэш болох гэж байна.
Уг яруу найргийн үдэш МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, “Болор цом” наадмын шагналт, Хайрын шүлгийн “Цагаан уул-2010” наадмын тэргүүн шагналт яруу найрагч С.Начин, МЗЭ-ийн болон Б.Явуухулангийн нэрэмжит шагналт,“Болор цом”-ын эзэн, яруу найрагч О.Цэнд-аюуш, “Болор цом” наадмын гурван удаагийн шагналт, Хайрын шүлгийн “Цагаан уул” /2009/наадмын тэргүүн шагналт, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ч.Ууганбаяр, Алтан өд” шагналт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Д.Дамдинжав нар оролцох гэж буй юм.
Categories
мэдээ утга-зоxиол

МУГЖ Х.Цэрэнчимэдийн нэрэмжит Язгуур урлагийн улсын уралдааныг цахимаар зохион байгуулна

Дундговь аймгийн Засаг даргын ивээл дор төв Ази, олон улсын өргөмжлөлт Монгол Улсын туульч, ерөөлч, магтаалч МУГЖ Халтарын Цэрэнчимэдийн нэрэмжит язгуур урлагийн улсын уралдааныг цахимаар зохион байгуулахаар боллоо.

Уралдааныг нийслэл болон 21 аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн хүүхдүүд, МСҮТ-ийн сурагчид мөн гадаад оронд суралцаж байгаа сурагчдын дунд зохион байгуулах юм.

Categories
мэдээ утга-зоxиол

Эх оронч үзэл санааг иргэний үзэл бодлоор яруу найрагчлах цагаан шүлэглэлийн дохио

/Vers libre- interpretation/

Энэ цаг үеийн бичгийн их хүмүүн Дамдинсүрэнгийн Урианхай абугай Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулж зарласан утга зохиолын уралдааны яруу найргийн төрөлд ХАШААНД МИНЬ БУУСАН ЖУНГААНУУДАД… хэмээх гарчигтай, өөрийнх нь тодорхойлсноор “verslibre” буюу “цагаан шүлэг”-ээрээ оролцож тэргүүн байр эзэлснийг миний бие зүрхлэн тайлал хийхээр зориглолоо.

Философийн хэлбэрдэлт, өвөрмөц метафор/зүйрлэл/ ашигласан эл шүлэг гарчигнаасаа эхлээд сонирхол татна. “Хашаанд минь буусан жунгаануудад” гэж харь нутгаасзочлон ирсэн урилгагүй гийчдийг зүйрлэн хэлсэн бөгөөд жунгаа гэх үгээр альхан гүрний иргэдийг төлөөлүүлж байгаа нь нэн тодорхой ойлгогдож байна.Гэхдээ жунгаа биш жунгаануудад гэж олон тоон дээр илэрхийлснийг анхаарахгүй орхиж болохгүй. Учир нь манай улсын хүн амын 2 хувь буюу түүнээс дээш тооны гадаадын иргэд Монгол улсад суурьшвал энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх тухай үзэл баримтлал бий. Жунгаанууд хэт олширч болохгүй.

Ингээд яаран толгой холбох гэх мэт чамирхаагүй, уран гоё бичихийг хөөцөлдөлгүй, утгын гүнзгийг чухалчилсан, үг бүр нь дотоод хэлэмжтэй 33 мөр чөлөөт шүлгийн утгын товчийг хамтдаа тайлсу.

ХАШААНД МИНЬ БУУСАН ЖУНГААНУУДАД…

Д.Урианхай

(Verslibre)

Хэдэн жунгаа хашаанд минь буугаад

Хээвнэг, хээвнэг алхлан,

Сахлаг ургасан өвс, ногооноос нь

Сандралгүй, юухан нэгийг эрнэ.

Эрсээр, эрсээр олно, хурдан хурдан тоншино,

Эцэлгүй, нисэлгүй, намайг ч тоолгүй,

Их удаан тухлана..

Инээдтэй, ихэмсэг жунгаа шувууд аа. .

Эзэмшил хашаанд нь буугаад,

Эзнийг нь танихгүй байх чинь яах вэ,

Мэнд мэдэхгүй байх чинь ч яахав,

Мэнз, Кунз, Лаозы, Маркс

Чингис хаан, Урианхай найрагч гэж,

Чиний мэдэхгүй чинь буруугүй ээ..

Таалж буусан газар шороо чинь

Тагдаганаж алхалж олз олсон

Сахлаг, онгон өвс ногоо чинь, харин

Их Монгол Улсын эзэмшил,-

Миний хайртай хөрс шороо

Мөнхийн үржилт өвс, ногоо шүү,

Тэнгэрт нисэхдээ ч, газарт буухдаа ч,

Бүү мартаарай..

Үргэлж ирж, хашаанд минь бууж байгаарай,

Үр тариаг маань л битгий сүйтгээрэй..

Монгол бид харамын сэтгэлгүй, айлтгүй ээ,

Мориор давхиж дэлхийг айлгасан ч

Шувууд хэзээ ч айлгахгүй,

Хайртай бүгддээ л гагцхүү амиа тавьж,

Хамгаалан тулалдах цаг тулвал,

Баатар зориг, хүчээ

Батлан алалддаг юм шүү,

Дэлхий дээгүүр нисэхдээ

Бусад жигүүртэддээ захиарай..

2021.08.1-2 Шаддүвлин “Богд хад

НЭГ. ЭДИЙГ ШҮТЭХ ҮЗЛЭЭС УХАМСРЫН ГОО ЗҮЙД ТЭМҮҮЛЭХ ТУХАЙ ӨНГӨРСӨН ЦАГ

Хэдэн жунгаа хашаанд минь буугаад

Хээв нэг, хээв нэг алхлан,

Сахлаг ургасан өвс ногооноос нь

Сандралгүй юухан нэгийг эрнэ.

Тэргүүн мөрөнд харийн этгээдүүд урилгагүй зочлон ирснийг өгүүлэх ба “хашаанд минь” гэдэг нь зохиогч Монгол эх орноо өөртөө улам ойртуулан хамаатуулж хашаа хэмээн багасгал зүйрлэл хэрэглэсэн байна. “Хээв нэг, хээв нэг алхлан” огт ажиг сэжиггүй, өөрийн эх оронд байгаа мэт дураараа байх гийчид бээр сахлаг ургасан өвс ногооноос маань сандралгүй юухан нэгийг доншуучлан эрж эх орны минь элбэг баян эрдэнэс, үнэт ашигт малтмал, атар онгоноороо тогтоцтойүзэсгэлэнт байгалийн нөөцөд шунахайран хүйтэн сэтгэлээр онгичин сүйрүүлж буйг шууд хэлжээ.

Эрсээр, эрсээр олно, хурдан хурдан тоншино,

Эцэлгүй, нисэлгүй, намайг ч тоолгүй,

Их удаан тухална.

Үнэрлэн шогшиж олсон эрдэнэс баялгаа маш хурдан өмчилж өвөр түрийгээ сагуулан, уугуул оршин суугчдад нь ч өчүүхнийг эс хүртээн өөрийн болгож, уул талыг амирлуулалгүй, эцэж цуцалгүй цөлмөн зөөвөрлөж, эргэж харьж буцахыг үл огоорон алтан ургийнхны хөнжлийг сөхөж эхнэр хүүхэд хүртэл эндээс авч цайгаа аягалуулж, цамцаа угаалган, эд хөрөнгөөр бялхан эздэд нь хүндлэлгүй хандаж, үл тоомсорлон ихэмсэглэн баярхаж байгааг:

Инээдтэй ихэмсэг жунгаа шувууд аа..

Эзэмшил хашаанд минь буугаад,

Эзнийг нь танихгүй байх чинь яахав,

Мэнд мэдэхгүй байх чинь яахав,

Мэнз, Кунз, Лаозы, Маркс

Чингэс хаан, Урианхай найрагч гэж

Чиний мэдэхгүй чинь буруугүй ээ… хэмээн хүлцэнгүйгээр өрөвдөн уучилж. Мэнз, Кунз, Лаозы, Маркс нарыг мэдэхгүй байна гэдэг нь ерөөсөө мэдлэгийн гоо зүй, шинжлэх ухааны ёс суртахуун, соёл, хүмүүнлэг үзэл гэдгийг та нар мэдэхгүй, өөрсдийнхөө ч өмнөх эртний түүхэн сэтгэгчдийн гүн ухаантай танилцаагүй,зөвхөн тоншигч, идэгч, шунагч харанхуй этгээдүүд бөгөөд ердөө л эд зүйл, материаллаг хогшлыг голчлон шүтдэг, Чингэс хааны хүч чадлын жинхэнэ уг үндэс, сүр хүчний зорилго, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг-үнэ цэнийг ойлгодоггүй, мэдэрдэггүй өчүүхэн сул дортой этгээдүүд та нар Урианхайн цээжний нөмөр хийгээд энэрэнгүй оюун санааны уужим аглагийн хаана ч хүрч чадахгүйг бардам өгүүлсэн буй.

Энэ нь дан ганц жунгаануудад хамаатай биш шинэ цаг үеийн зарим залуус, эрх тушаалд хүрсэн элдэв сэтэртэнгүүд эд мөнгийг шүтэх үзэлд хэт автаж байгаа бөгөөд байгалийн нөөцөд түшиглэсэн эдийн засгийн үйлдвэрлэлийн бүтээмжийн гол зорилгыг орхигдуулан нэг хүн, нэг бүлэглэлийн, эсхүл харь этгээдийн захиалга дор ажиллагч халх Монголын зарим хүмүүс хээрийн чонотой нийлсэн хотны ноход адил өөрийн буянт сүргийг өрөөлтэй хавсран дайрч багалзуурдан өл залгаж, өнгөлзөгчдөд хоол зуучилж буйг шүүмжлэн, даруй зөв чигт эгээрэн үүнийгээ засамжлан залруулж гэгээрүүштэйг сануулаад энэ бүх алдаа өнгөрсөн цагийн хөлд хоцорч буйг өгүүлжээ.

ХОЁР. УЛАМЖЛАГДАЖ ИРСЭН МОНГОЛЫН БАЯЛАГ

МОНГОЛ ХҮНИЙ ӨВ БАЙХ ТУХАЙ ОДОО ЦАГ

Таалж буусан газар шороо чинь

Тагдагнаж алхалж олз олсон

Сахлаг, онгон өвс ногоо чинь, харин

Их Монгол улсын эзэмшил,

Миний хайртай хөрс шороо

Мөнхийн үржилт өвс ногоо шүү

Тагдагнаж алхалж – Хэнийг хэлээд байгаа нь илэрхий нүдэнд харагдаж байна бус уу. Тэдгээр “жунгаанууд” улс төрчид, ухвар мөчид хүмүүсийг мөнгөөр урхидаж, мэхэлж, арга заль ов зохиож, авлигадаж орхиод лиценц, газар нутгийг минь өмчилж, эзэмшин өөрийн зоргоор захиран зарцуулж байгааг харж эмзэглээд: “таалж буусан газар шороо чинь/Монгол/, тагдагнаж олсон олз”, Сахлаг онгон өвс ногоо/Монголын арвин их онгон байгалийн нөөцийг хэлж буй бөлгөө/. – “Энэ бүхэн Их Монгол улсын эзэмшил юм шүү” хэмээн эзэн хүний ёсоор өмчөө харамлаж хамгаалсан нь хэнд ч ойлгомжтой. Мөнхийн үржил шимтэй, өсөн дэлгэрэх энэ их байгалийн нөөц зөвхөн Монгол хүн, түүний үр хүүхэд, хойч үед бүрэн бүтнээрээ өвлөгдөх ёстой.Өргөн утгаараа бол Байгаль нуурын хойд эргээс өмнөх Цагаан хэрэм хүртэлх өргөн уудам нутаг тэр чигтээ Монгол угсаатны түүхэн өмчлөл байсан, цаашдаа ч Монгол хүний сэтгэлийн эрхшээмжид хамаарах заяатай гэдгийг хэлрүүн.

Тэнгэрт нисэхдээ ч, газарт буухдаа ч,

Битгий мартаарай… хэмээн тэдэнд эрс шулуухан сануулаад:

Үргэлж ирж хашаанд минь бууж байгаарай хэмээн нүүдэлчин түмний “өлссөнийг цатгаж, ангасныг ундаалдаг” заншлаар зочлоод, бодь сэтгэл, эв хамтач ёс, дэлхийч зан төрхөөр дайлаад, Үндэсний өвөрмөц соёл, зан заншлыг минь хүндэтгэн судалж, атар онгон байгалийг минь мэлмийгээрээ хүртэн таашаал авах эрхийг бэлэглээд цааш нь:

Үр тариаг минь л битгий сүйтгээрэй… хэмээн үндсэрхэж, анхааруулан захисан нь хөрс шороо хийгээд үр удам ариун байх ёстойг, цус холилдож бохирдох ёсгүйг адилтгал ашиглан шүлэглэжээ. Нангиадуудын аль эртнээс баримталж ирсэн: “Монголын хөрсөнд нь тариа, хүйсэнд нь үр цацах” бодлогыг хориглож Манж чин улсын хуульд нангиад иргэдийг Монгол хүнтэй гэр бүл болохыг хориглосон хатуу заалт мөрдөгдөж ирсэн гэдэг. “Охид ариун бол төр ариун” хэмээн эцэг өвгөд сургамжилж үр үндсээ харийн цустай хольж удмын голомтоо сэвтээж, ургийн залгамжлагчаа сааралтуулахгүй байх талаар сэрэмжилж,Хотгойдын Шадар ван Чингүнжав “Төр үр хоёр минь мөнх оршиг” хэмээн чин хүслийн ерөөлөө зарлигласан зэрэг олон олон номлолуудыг найрагч бээр огтлолцуулан нэгэн мөрөнд оршоож багтаасан нь газар шороо болоод Монгол хүний удмын сангийн аль алинд нь санаа зовниж харийн зочид гийчид та нартай худ ураг барилдахгүй ээ гэдэг үндэсний үзэл, удмын ёсоо дээрх мөрөөр гэрээслэжээ.

Монгол бид хармын сэтгэлгүй, айлтгүй ээ

Мориор давхиж дэлхийг айлгасан ч

Шувууд/-ыг/ хэзээ ч айлгахгүй, хэмээн “юу байна түүгээрээ дайлдаг”, эрлийн хүний эцсэн унааг юүлж аргамгаараа сольдог” өгөөмөр нүүдэлчин соёл уламжлал, сэтгэлгээний үнэт зүйлээ идэрхийлээд, “морин туурай, Хар сүлдний доор дэлхийн дайдыг бөхийлгөсөн”Богд дээдсийн агуу түүхээрээ омогшоод, “шувуудыг хэзээ ч айлгахгүй” хэмээн энхтайванч найрамдалч үзлээ зарлаад, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусыг санаж, их дэлхийг ямагт хайрладаг байгаль шүтсэн тэнгэр шүтлэгээрээ наминчилжээ.

ГУРАВ. ИРЭЭДҮЙ ЦАГ АЮУТУГАЙ, БИШИРТҮГЭЙ,

СОНСТУГАЙ

Хайртай бүгддээ гагцхүү амиа тавьж,

Хамгаалан тулалдах цаг ирвэл,

Баатар зориг, хүчээ

Батлан алалддаг юм шүү,

Дэлхий дээгүүр нисэхдээ

Бусад жигүүртэддээ захиарай…

Монгол хүний хайртай зүйл бол өөрийн амь нас, гэр бүлээсээ илүү хайрладаг эх нутаг, газар шороо. Хүн гүрний хаан Модун Шаньюй өмнөдүүдэдийн шахалтанд орж хайртай хүлэг морь, хайртай үзэсгэлэнт хатнаа өгдөг, харин дараа нь тэд улам давраад “нэг уул өг” гэхэд “эх нутгийн минь дөрвөн зүг, найман зовхисоос эрхий дарам газрыг ч бурхан гуйсан ч бүү өг” хэмээгээд Дорнод Ху нарыг уулгалдаг. Энэ түүхийг дээрх байдлаар шүлгийн хэлбэрт оруулаад “дэлхий дээгүүр нисэхдээ бусад жигүүртэддээ захиарай” хэмээн анхааруулсан нь “Мөнх тэнгэрийн доор Их Монгол улсын далай хааны зарлиг ил болбоос аюутугай, биширтүгэй, сонстугай” хэмээн засагласантай агаар нэг сонордуулан зарлиглажээ.

Найрагч бээр Монгол орны өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн өмнөөс сэтгэж, “билгүүнийг шүтэн биширсэн” философилог чанар, агшны сэрэл мэдрэмжийг илэрхийлэн ээлжит “БИШҮБИ – vers libre” – ээ бүтээсэн байна. Уг бүтээл нь иргэний эх оронч үзэл хийгээд хүний элдэв араншинг илэрхийлэхдээ чөлөөт арга барилаар яруу найрагчилсан хэлбэр юм.

Энэ шүлгийг уншихад үг бүр нь утгатай, мөр бүр нь өгүүлэмжтэй, бадаг бүр нь сургамжтай агаад элдэв зочид гийчидтэй зэрэгцэн амьдарч буй бид зарим нэгэн зүйлийг санаж сэрэхэд дуудсан ухаарууштай, улмаар жигшмээр, тэгснээ босож тэмцмээр иргэний зориг өөд уриалан дуудаж байна. Энэ шүлгийн утга санаа бүхэлдээ эх орон, газар шороогоо харамлаж, өмөөрөх, өмгөөлөн хамгаалах үзэл санааг аядуу зөөлөн, хүлээцтэй атлаа агуулга гүнзгий, чөлөөтэй, хүчтэйгээр илэрхийлсэн ажгуу. 1921 онд ардын хувьсгал ялснаас хойш сүүлийн 100 жилийн турш оюун санааны тусгаар тогтнолын манаанд зогссон эх орончдод тэрбээр “дохио” дамжуулж энэ бүтээлээ туурвижээ.

Утга зохиолыг шүүмжлэхээ больсон. Яагаад гэвэл энэ бол сэтгэлгээний бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг ардчилсан нийгэм билээ. Ертөнц үзэл суртлын 2 туйлд хуваагдсан өмнөх цаг үед социалист ертөнцийн улс орнууд уран зохиолыг улс төрийн үзэл суртлын зэвсэг хэрэгсэл болгож, нийгмийн тархийг угааж залах, муйхраар итгэн үнэмшүүлэх, үзэн ядуулах зэрэгт ашигладаг байх үед зарим уран бүтээл болоод уран бүтээлчийг хорьж, цензурдаж, шүүж буруутгадаг байсан.

Утга зохиол, уран зохиол хоёр өөр гэсэн үзэл баримтлал ч бий. Энэ бүтээл бол утга зохиол мөн. Утга зохиолыг судалдаг, шинжилдэг ба мөн тайлал зүйн кодоор тайлдаг, түүнээс шүүдэггүй, шүүмжилдэггүй, буруутгаж хорьж болохгүй. Д.Урианхай найрагч бол сэтгэл дэх хорын үндэс нь тасарч, үзгэндээ гэгээрсэн, эрч хүчтэй сэтгэн туурвигч болох нь “Би нүүдлийн цахилгаан станц, “Бид-дотоод шаталын хөдөлгүүр” гэх зэрэг энгийн метафор адилтгалуудаас нь харагддаг. Хаалттай ертөнцийн үед уран бүтээлийнхээ үзэл санаанаас болж хавчигдаж шахагдаж, ганцаарчилсан хөдөлгөөн өрнүүлж ирсэн уран бүтээлч гэдэг ба түүнээсээ болж “нууц код”-оор туурвих арга барилтай болсон нь мэдээж. Тэрхүү нууц код нь хувь сэтгэгчийн уран бүтээлээ утга төгөлдөр туурвих хэв заншил, өвөрмөц арга барил болж “гүн ухааны дохио” дамжуулах хэрэгсэл нь болон хөгжжээ.

ХАШААНД МИНЬ БУУСАН ЖУНГААДАД…

Энэ шүлэг эдүгээ бидний амьдарч буй нийгэмд “дохио” өгч байгааг та нар анзаарсан биз ээ?

Эл тайлал зүйн найрууллыг бичихдээ утга зохиол судлаач Я.Баяраагийн “ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ: ҮЙЛ ГҮЙЦЭЛДЭХҮЙ ХИЙГЭЭД ЯРУУ НАЙРАГЧ” нийтлэлээс зарим нэр томьёог иш татсанаа дурьдах нь зүйтэй.

Ц.ЧОЙЖАМЦ

Хэнтий аймаг, Баян-Адарга сум, Дуурлиг.

Categories
мэдээ утга-зоxиол

Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким шилдэг орчуулгын “Билэгт гүүш” шагнал хүртлээ

“Гэндэндарам сан”, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран “Билэгт гүүш” орчуулгын уралдаан зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилээс уг шагналыг МЗЭ-ийн Орчуулгын үндэсний төвийн шагнал болгохоор тогтсон юм. Уралдаанд 2019 оны долдугаар сараас энэ оны аравдугаар сарын хооронд хэвлүүлсэн уран зохиол орчуулгын ном хүлээж авчээ.

Уралдааны шилдэгүүд өчигдөр тодорч тэргүүн шагналыг Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким хүртлээ. Харин удаах байрын шагналыг орчуулагч Л.Алтангэрэл, М.Батбаяр нарын бүтээл эзэлжээ.

Categories
мэдээ утга-зоxиол

​Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд номын сангуудад бүтээлийн дээжээсээ өгөв


Монгол Улсад шинжлэх ухааны ууган байгууллага “Судар бичгийн хүрээлэн” үүсэн байгуулагдсны түүхт 100 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс өнөөдөр “Номын хишиг-100” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд эрдэмтэн судлаачдын ном бүтээлийг олон нийтэд түгээн хүртээхэд гол дэмжлэг үзүүлдэг Монгол Улсын Үндэсний Номын Сан болон хотын номын сангууд, их, дээд сургуулийн номын сан, монгол судлалын төвүүдийн номын сан, нэрт эрдэмтдийн нэрэмжит зарим дунд сургуулийн номын сан зэрэг нийт 25 байгууллагад өөрсдийн эрдэм судлалын бүтээлийн дээжийг хандивлалаа.

Тодруулбал, дээрх номын сангуудад тус бүр 70 ширхэг ном бүтээлийн дээжийг хандивлаж байгаа юм.

Энэхүү арга хэмжээ нь өнөөдрийг хүртэл монголын хэл бичиг судлалын голомтыг сахиж ирсэн 100 жилийн түүхт ууган хүрээлэнгийнхээ үйл ажиллагаа, монгол хэл бичгийн судалгааны өнөөгийн байдлыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, эрдэм судлалын ажлуудыг нь эрдэмтэн судлаач, оюутан сурагчид, уншигч түмэндээ хүргэх зорилготой буянтай сайхан ажил гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Тус хүрээлэн нь 100 жилийн түүхэнд 2,000 шахам ном бүтээл туурвижээ. Энэ удаагийн өгч буй ном бүтээлийн хандив нь сүүлийн 10 жилийн хугацаанд хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын бүтээн туурвисан ном бүтээл юм байна.

Ташрамд дурдахад ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн бол 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн ДУУН УХААНЫ ТАСАГ хэмээн байгуулагдсан шинжлэх ухааны ууган байгууллагын гал голомтыг түшиж байгаа газрын нэг юм гэж ШУА-аас мэдээлэв.