Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Болор цом-39” наадамд оролцох 25 яруу найрагч тодорлоо

Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн наадам 39 дэх удаагаа Улаанбаатар хотод болох гэж байна.
Наадмын эхний даваанд нийт 144 шүлэг ирсэн бөгөөд “Болор цом”-ын төлөө өрсөлдөх 25 яруу найрагч тодорлоо.

No description available.

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

​“БОЛОР ЦОМ-39” наадмын хэвлэлийн бага хурал энэ сарын 22-нд болно


Монголын Зохиолчдын Эвлэлээс зохион байгуулдаг Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом” яруу найргийн наадам 39 дэх удаагаа Улаанбаатар хотод болох гэж байна.
Наадмын эхний даваанд хот, хөдөөгөөс 144 шүлэг ирсэн бөгөөд тэндээс шалгарсан 25 яруу найрагч “Болор цом”-ын төлөө өрсөлдөнө.
Энэ жилийн яруу найргийн наадмыг уламжлал ёсоор МҮОНРТ хамтран зохион байгуулж байна. МҮОНРТ нь 1983 оноос хойш жил жилийн “Болор цом” наадмыг үзэгч түмэндээ хүргэж, түрүүлсэн найрагчийг Эгшиглэнт эхийн хөргөөр байлдаг юм.
“Болор цом 39” наадмын онцлог, хөтөлбөрийн талаар МЗЭ-ийн дарга Б.Ичинхорлоо, МҮОНРТ-ийн дарга А.Бүрэнбаатар нар 2021 оны 12 дугаар сарын 22-ны 12 цагт “Өдрийн сонин”-ы мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх тул хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг урьж байна!
Categories
мэдээ утга-зоxиол

Маршал Г.К.Жуковын мэндэлсний 125 жилийн ойн арга хэмжээ болов

ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковын мэндэлсний 125 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар дахь Русский домд болов.

ЗХУ-ын цэрэг, улс төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн гарамгай жанжин, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуков нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дорнод хязгаар нутагт өрнөсөн Японы түрэмгийлэгчдийн эсрэг Халхын голын байлдаанд Зөвлөлт-Монголын хамтарсан Армийн I бүлгийг командлан ялалт байгуулсан юм. Манай улсын тусгаар тогтнол, газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө байгуулсан гавьяаг нь өнө мөнхөд бахархан, залуу хойч үедээ таниулан сурталчилж, гүнээ хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ Улаанбаатар дахь Русский дом буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болж байна.

Уг арга хэмжээнд БХЯ-ны удирдлага, газрын дарга нар, БХЯ-ын харьяа байгууллагууд, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цэргийн аттеше, хэвлэлийн атташе, Бүгд Найрамдах Беларус Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Беларус Улсын Өргөмжит Консул, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын I нарийн бичгийн дарга, Соёлын яамны дэд сайд, ЕБС-ийн багш сурагчид /Орос хэлний төвийн/, музейн ажилтан алба хаагчид, “Монгол Хурандаа” нийгэмлэг, ахмад дайчдын төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцоно.

Өнөөдрөөс эхлэн ОШУСТ-ийн зочид ЗХУ-ын маршал Г.К.Жуковтой холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн, “Г.К.Жуков сонины хуудаснаа….”, “ЗХУ-ын маршал Г.К.Жуковын хувийн хэргийн баримт материалаас….” сэдэвт архивын хосгүй эх баримтаар дэглэгдсэн үзэсгэлэнг хүрэлцэн ирж үзэхийн сацуу “ЗХУ-ын маршал Г.К.Жуковт зориулсан хөшөө дурсгалууд”-тай бас танилцаад гарах боломжтой болно.

ОШУСТ-д болох тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслол “Зовох цагт нөхрийн чанар танигдана” хүүхдийн үлгэрийн номын танилцуулгаар үргэлжилж, маршал Г.К.Жуковын тухай ”Агуу Азийн ард түмний эсрэг түрэмгийлэгч аричууд” баримтат киногоор өндөрлөх юм.

Categories
мэдээ утга-зоxиол

“Хангайн цом” яруу найргийн наадамд М.Амархүү түрүүллээ

Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх Архангай аймгийн “Хантамир” утга зохиолын нэгдэл “Хангайн цом” яруу найргийн наадам боллоо.

Энэ жилийн яруу найргийн наадам халхын анхдугаар Зая бандида, билгүүн номч, соён гэгээрүүлэгч Сунтарын Лувсанпэрэнлэй хутагтын мэндэлсний 380 жилийн ойг угтан түүний нэрэмжит болж байгаагаараа онцлог болов.

“Хангайн цом” яруу найргийн наадам нь 1980-аад оноос үүдэлтэй бөгөөд зөвхөн аймгийнхаа хэмжээнд тэмдэглэдэг байсан бол 2018 оноос улсын хэмжээний болгон өргөжээ.

Энэ жилийн наадамд 21 аймгаас 86 бүтээл ирснээс шилдэг 15 найрагчийг шалгаруулж, МЗЭ-ийн болон Монголын Урчуудын эвлэлийн шагналт, зохиолч М.Амархүү тэргүүлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.

Наадмын шүүгчээр Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртээд удаагүй байгаа зохиолч яруу найрагч О.Содномпил, П.Батхуяг болон Архангай аймаг дахь утга зохиолын нэгдлийн дарга, яруу найрагч Ц.Мөнхбаяр, Болор цомын эзэн яруу найрагч О.Цэнд-Аюуш нар шүүн тунгаалаа.

Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом” наадмын бүртгэл эхэллээ

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл эхэллээ.

39 дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй эл наадамд “уралдах” шүлгийг энэ сарын 24 хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах аж.

Түүнчлэн бүртгэлийн хураамж гурван мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар хүлээж авахгүй хэмээн зохион байгуулагчид анхааруулав.

Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна.

“Болор цом-38” наадам Цагдаагийн “Сүлд” чуулгад болж, МҮОНР-ийн сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлсэн билээ.

Categories
мэдээ утга-зоxиол

Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав “Босоо жаран” романаараа тэргүүн байр эзлэв

Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн, МЗЭ хамтран “Утга зохиолын шилдэг бүтээл” уралдааныг зохион байгуулав. Үүнд хүүхдийн жүжиг, тууж, роман, утга зохиолын шүүмж судлал гэсэн төрөлд 200 гаруй бүтээл өрсөлджээ.

Уралдааны романы төрөлд Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав “Босоо жаран” романаараа тэргүүн байр эзэлж, Азийн шилдэг яруу найрагч, зохиолч Д.Урианхай дэд, утга зохиол судлаач Ш.Цэнд-Аюуг гуравдугаар байрт оров.

No description available.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Шивээ хиагт” дуурь шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болно

Ирээдүй хойч үеийнхэнд эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэхэд түүхэн ач холбогдолтой “Шивээ хиагт” дуурийг Улс тунхагласны баярын өдөр тайзнаа амилуулах гэж байна.

Уг дуурь анх 1971 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн найруулгаар тоглогдож байсан бөгөөд 50 жилийн дараа шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болох гэж байгаа юм.

1921 оны Ардын хувьсгалын түүхэн үйл явдлыг илэрхийлэн мөнхөлсөн хөгжмийн энэхүү томоохон бүтээл нь хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж нарын бүтээл юм.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Утгын чимэг – 2021” наадмын тэргүүн өгүүллэг

АГЬ НҮДЭЛЖ БАЙЛАА.

Сүмийн ганжирт өлгөөтэй хүрэл хонх олон жил салхинд жингэнэхээсээ уйддаг болов уу? Ерөөс салхийг үзэн яддаг байх гэсэн хачин бодолд ээрүүлсээр Сийлэн нэг юм сэрлээ. Орны хөлд өвгөн нь сууж байна. Царай зүс сайхан, бие тэнхлүүн харагдана. Залуугийн л хөмсөг зангидаж, нүд онийлгон хардгаараа түүнийг ширтэнэ. “ Би удаан унтав уу?” гэсэнд” хангалттай” гэж хэлээд инээмсэглэв. Хамаг зүйлс хуйлран эргэлдэх шиг болоод цээж нь давчдаж,унаад өгснөө там тумхан санана. Тэгээд л бодлын хачин урсгалд халтираад эсвэл хэн нэгэн түүнийг түлхээд оруулчихсан ажээ. Дахиад л нүдээ алгуурхан анив. Өтгөн ургасан өнжмөл шар өвстэй ч урин цагийн эрхээр үл мэдэгхэн ногоон туяа суусан тал үзэгдэнэ. Агь нүдлэж байна даа? гэж өөртөө шивнээд нүдээ нээв.
Эргэн тойрон нь өмнөхөөсөө арай илүү тодрон саруулсжээ. Түүний дэргэд хэдэн жилийн өмнө хэнхдэг дүүрэн харуусал орхиод жамын хаалга татаж одсон өвгөн нь биш том охин нь нимгэн цамцныхаа энгэрийг ширтээд толгой гудайлган сууж байлаа. “Аав нь хаачаа вэ?” гэсэнд охин нь ийш тийшээ нэгжин харснаа “аав…” гээд чимээгүй болов. Нэгэн хором хорвоо ертөнцийн хамаг бүхэн дуугаа татсан мэт нам гүм оргив. Сийлэн толгойгоо өндийлгөж, цонхоор тусах нарыг харах гэж хичээгээд тийм тамир тэнхээ үлдээгүйг ойлголоо. “Ямар ч байсан хэдэн муу хүүхдээ хөлдүү газар нүдүүлсэнгүй. Тээр жил багын найз нь дүн өвлөөр нүд аньж, газарт нь яваад осгохоо шахсан өвгөн нь оройхон орж ирээд халуунцай оочлон уухдаа ”за даа, хүний хэзээ үхэх товгүй ч өвөл л талиймааргүй юм байна. Үлдсэн хэддээ зовлон болох юм. Өдөржин нүдээд арайхийж нэг юм хонхойллоо” гэж хэлээд санаа алдаж суусныг санав. Гэнэт туулсан амьдралынх нь өдөр хоногуудын учрал тохиол сэргэн жигдэрч үсчний газрын цэлгэр цонх ширтээд ханиа хүлээж суудаг байсан залуу насаа ч санав. Сийлэн үсчин байжээ. Хэчнээн хүний үсийг засаж, хэчнээн ч олон толгой илбэсэн гэх вэ? Гэтэл тэр олон толгойны одоо хэд нь газар дор орж, хоосон ухархай, хохимой дүртэй хэвтээ бол гэж бодоход хүйтэн жихүүдэс хамаг биеийг хулдан хучих шиг л болжээ.
“Нээрээ аав нь байхгүй л дээ. Ухаан санаа орж гараад эвий муу охиноосоо элдэв дэмий юм асууж зовоосон байна. Гадаа ч ус гэсэж, урь орчихож дээ. Ээжийнх нь санаа амарлаа. Хорвоогийн жам хойно, одоо аавынх нь хойноос явж, муу хөгшнөө олж уулзах минь” хэмээгээд хамаг хэргээ бүтээсэн мэт хангалуунаар инээвхийлээд хошуу цорвойв. Охин нь “ус гэсэх…” гэж чангаар хэлээд чимээгүй болов. Мөн л эргэн тойрны хамаг бүхэн дуугаа хураасан мэт хэсэг хоосон хөндий, ажин түжин болов. “Ээж нь өвлийн хүйтнээр та хэдийг хөлдүү газар нүдүүлж.. гэх үед хаалга хяхтнан онгойх дуулдаж, бага хүргэн, том зээ хоёр нь ар араасаа цувралдан орж ирлээ.
-Ээ, ашгүй бурханы минь аврал. Ээж сэрчихээ юу? хэмээн гандан хийдийн муугүй номтой лам гэгддэг бага хүргэн нь дуу алдаад сүртэй гэгч нь алга хавсран залбирав. Сийлэн түүнийг паргиа бүдүүн хоолойгоор нь таньж ”Ганбаа хүү минь өнөөдөр чинь хаврын эхэн сарын хэдэн бэ?” хэмээн олон сар олигтой ч дуу гараагүй гэхэд итгэмээргүй хэрэндээ цовоодуугаар чанга асуув. Ганбаа юу юугүй хариулахаар амаа ангалзуулах үед том охин сая орж ирсэн хоёрыг дагуулсаар яаран өрөөнөөс гаржээ. Сийлэн өргөн орноос өөр хогшилгүй ханхай том өрөөнд ганцаар үлдсэнээ ойлгосонгүй, нүдээ алгуурхан аниад мөнхийн аниргүйд хүн хэрхэн живэн оддогийг санан бодсоор байлаа. “Аав минь яасан билээ. “Боллоо, боллоо” гээд амьсгал татсан, ээж болохоор хэнтэй ч юу ч яриагүй, шанааг нь дагаад л хоёр нүднээс нь нулимс бөмбөрөөд байсан. Хөгшин минь яалаа. “Надаас хойш чи минь…” гээд үгээ дуусгаж амжаагүй өөд болсон шүү дээ. Одоо миний ээлж иржээ. Өнөөдөр тэсэх ч маргааш барахгүй. Тэгээд ч надад хувь ерөөл, хэдэн хүүхдэд минь буян байжээ. Цагийн урь үзчихлээ. Би яах вэ, жамаас хаа мултрах”гэж боджээ.
Удалгүй өрөөнөөс гарсан гурав цувралдан орж ирлээ. Том охин нимгэн эрээнээ сольж, хүрэн өнгийн зузаан ноосон цамц өмсжээ. “Ээж та чинь юу л яриад байна даа. Юун ус гэсэх, гадаа жавар тачигнаж байхад” гэхэд хүргэн Ганбаа яаран залгаж” ээж минь өнөөдөр чинь өвлийн эхэн сарын шинийн арван шүү дээ” хэмээн сөөнгөдүүхэн унзад хоолойгоор хүнгэнүүлэв. Том зээ нь мөр хавчигнуулан “ өнөөдөр ёстой хүйтэн байна” гэж сулхан бувтнав. Сийлэн “ юу..” гээд чимээгүй болов. Эргэн тойрны хамаг юмс дуугаа барсан мэт чимээ аниргүй дүүрнэ.
“Үнэн үү?” хэмээн түүнийг цөхрөнгүй асуухад зэрэг зэрэг “өвлийн эхэн сар, өвлийн эхэн сар, гадаа хүйтэн, гадаа хүйтэн” гэж давтан давтан ханхай өрөөг цуурайтан бараг л хашгиралдав. Сийлэн “ сарьс болсон хөгшин толгой андуурчээ. Агь нүдэлж үзэгдсэн нь зүүд байжээ. Зүүд сэрүүнээ ч ялгахаа байсан зүүлэг амьтан” гэж өөрийгөө хараагаад “ тэгвэл ч “ гэж хэлээд нүдээ нээлээ. Охин нь аягатай бүлээн цайнаас халбагадан уулгахад Сийлэн гүдхийн залгив. Цээжийг зуран орох шингэн хоолойг нь тэсэхгүйеэ бэрх өвтгөсөн ч “өвөл өнгөртөл тэсэх, салхины үзүүр зөөлөртөл тэвчих” гэсэн бодол хамаг зовиурыг нь дарав.
Эхэндээ их л эргэлздэг байлаа. “Үгүй, анх муурч унахад өвөл шувтарч байсан даа. Байз, намар ч байл уу? Тэгэхээр хэчнээн олон хоног ухаангүй дугжирч, энэ хэдийгээ тарчлаасан амьтан бэ, би чинь. Ёстой үйлтэй толгой. Толгой гэснээс залуудаа амьтны үс толгойгоор их оролдохоор ийм болдог хэрэг. Тэр ажилдаа яасан дуртай байсан гээч. Ингэж тарчлахаа мэдэхгүй хайч ангалзуулаад л…” гээд хүчлэн байж цээжээ өндийлгөв. Өрөөнд бага охин нь өнгөрсөн жилийн өвлөөр худалдан авсан гэх хачин үнэтэй үслэг дээлийнхээ сорыг гялтгануулан орж ирлээ. “Ашгүй нэг юм хүйтэрч булган дээлээ өмслөө. Ээж бие нь яаж байна. Царай чинь сайхан харагдаж байна. Та одоо ийм хүйтэнд..” гэснээ өсгий өргөн цонхны салхивчийг хааснаа” даарахгүй байна уу, та. Энэ жилийн өвөл ч ер нь их хүйтэн байна” гэлээ. Сийлэн түүнийг янз муутай харснаа” булга гэж тохой хүрэхгүй амьтан байдаг юм. Чи ч мөн олон амьтны амь нөмөрч явна даа” гэсэнд “ээж бүр дориун, хэрүүл хийхтэй байна” гээд тас тас инээв. Эмгэний эргэлзээ бүрмөсөн тайлагджээ.
“Хүүхдүүдээ л зовоож болохгүй. Хөлдүү газар…Ямар ч байсан тэснэ” гэсээр цаг наашлах урин хаврыг хуруу даран тоолох болов. Хоног хоногоор бие тэнхэрч, хоол унд ч хоолойг нь давах болов. Хүүхдүүд нь ч баяртай байлаа. Хахир хүйтэн өвлийн жавар гадаа тачигнаж, өвчинтэйгээ биш өвөлтэй тэмцэлдэж байгаа Сийлэн эмгэний дотроос ямар их хүч булгийн эх шиг бургилан байгааг төсөөлөхийн аргагүй. Амьд явахын хүч гагцхүү бодолд бүрэлддэг ажээ.
Гэхдээ ирэх өдөр болзолгүй билээ. Саяхан сургуульд орсон түнжгэр толгойт хүү,ээждээ зовсон сэтгэл нь ялимгүй тайтгарсан эцэг эхийнхээ эзгүйд “эмээ, эмээ” гэж хашгирсаар өрөөнд нь орж ирэв. Хүүгийнхээ хөлстэй духыг үнэрлэсэн Сийлэн эмгэнд нэг л сэжиг төржээ. “Гаднаас орж ирэх шиг л болсон. Яасан халууцсан дамшиг вэ” гэж бодоод “өвлийн хүйтэнд яасан их хөлрөө вэ? гэсэнд хүү нүд эргэлдүүлэн” Юу вэ, эмээ. Өнөөдөр манай сургууль амарсан. Удахгүй зуны амралт болно” гээд нэгийг санав бололтой амаа барьсаар годхийн гарч одов. Эмгэн сая л бүгдийг ойлголоо. Зун, зун гэдэг үг хоолойг нь зүсэх шахуу ордог балга цай шиг залгиур дээр нь тээглэж орхив. Цээжний хөндийд хөгжмийн хялгасан утас тасрах шиг бүдэгхэн чимээ сонсогдоод нүдээ анилаа. Орны хөлд өвгөн нь хөмсөг зангидаж, нүд онийлгон түүнийг ширтэж сууна. “Явах уу даа” гэхийг нь сонсоод Сийлэн эмээ туйлаас баяртай толгой дохилоо.
Өнгөрсөн намрын өнжмөл шар өвсийг үмхэн дарсаар үл мэдэгхэн ногоон туяа суусан хаврын талд агь нүдэлж л байлаа.
Пүрэвхүүгийн БАТХУЯГ

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

“Утгын чимэг-2021” наадамд П.Батхуяг “Агь нүдэлж байлаа” бүтээлээрээ түрүүллээ

Монголын зохиолчдын эвлэл, Соёлын яам, МҮОНРТ хамтран шилдэг богино өгүүллэгийн “Утгын чимэг-2021” наадмыг өчигдөр Монголын хүүхэлдэйн театрт зохион байгууллаа.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Төрийн шагналт зохиолч Сономын Удвалын 100-н жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Утгын чимэг 2021” наадмын тэргүүн байранд П.Батхуяг “Агь нүдэлж байлаа”, дэд байранд Д.Цэнджав “Хийлч”, гутгаар байранд М.Эрдэнэбат “Зүүдэлсэнгүй явлаа”, дөтгөөр байранд Б.Цоожчулуунцэцэг “Ах”, тусгай байранд С.Пүрэвсүрэн “Шаазгай үр” бүтээлээрээ шалгарав.

Мөн Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар МЗЭ-ийн шагналт зохиолч О.Содномпил, Н.Сүхдорж, Р.Батжаргал нарыг шагнасныг “Утгын чимэг – 2021” наадмын үеэр Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг болон мэргэжилтэн О.Сундуй нар гардуулсан юм. Түүнчлэн “Сономын Удвал 100” түүхэн зургийн альбом, номын нээлт болж өнгөрлөө.

Categories
мэдээ утга-зоxиол

“Яруу үдэш-2021” шинэ шүлгийн уншлага энэ сарын 20-нд болно

Соёлын яамнаас зохион байгуулж буй “Соёлын бүтээлч сар”-ын аяны хүрээнд “Яруу үдэш-2021” шинэ шүлгийн уншлага 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 17:30 цагаас “Novotel”-ийн “Ballroom”-д болно.

Уран зохиолын боловсрол төвөөс санаачлан зохион байгуулж байгаа энэхүү шинэ шүлгийн уншлагад

Агуулга, хэлбэрийн шинэлэг эрэлхийлэл бүхий яруу найргийн бүтээлүүдийг сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх “Яруу үдэш-2021” шинэ шүлгийн уншлагаар олон нийтийн урлагийн боловсрол, тэр дундаа уран зохиолын боловсролын түвшинг дээшлүүлэх, урлаг хоорондын уялдаа холбоог сайжруулах, яруу найргийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн сацуу дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд хэцүү үед нийгмийн сэтгэл зүйг дэмжиж, иргэдийн урам зоригийг сэргээн хөгжүүлэх зорилготой юм байна.

Шинэ шүлгийн уншлагын оролцогч яруу найрагчдын уран бүтээлийн дээж болох шилмэл шүлгийн түүвэр хэвлэгдэж уншигчдын хүртээл болохоос гадна тэдний бүтээл туурвилыг гарын үсгийг нь бичүүлэн авах боломжтой аж.