Categories
мэдээ улс-төр

Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хойшлууллаа

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Улаан хийсэн юм. Гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал гаргав.
Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүн С.Баярцогт 2015-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийг Өрийн удирдлагын тухай хуультай хамтад нь хэлэлцэх ёстой гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжсэн учраас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.

Categories
мэдээ улс-төр

МАН Төрийн байгуулалтын байнгын хороонд шаардлага хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Номтойбаяр нар үдээс хойш мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс төсвийн тодотголын төсөлд тусгасан төсвийн зардал хэмнэхэд төрийн албаны данхайсан бүтцийг багасгах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа хэлсэн юм. Өнөөдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороонд төрийн албаны данхайсан бүтцийг цөөлөх ёстой хэмээн шаардлага хүргүүлжээ. Засгийн газар төрийн захиргааны бүтцийг данхайлгаж, төрийн албан хаагчдын тоог үлэмж нэмсэнд шүүмжлэлтэй хандаж, эдийн засгийн хямралын үндсэн шалтгааны нэг нь засаглалын хямралаас үүдэлтэй гэдгийг онцолсон юм. 2012-2013 онуудад гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар, зөвхөн 2013 онд өмнөх оныхтой харьцуулахад 55 хувиар буурсан хэдий ч төсвийн зарлага талын санхүүжилт 20 хувиар нэмэгдсэн гол шалтгаан нь төрийн албан хаагчдын тоог хязгааргүйгээр нэмсэнтэй холбоотой гэдгийг Су.Батболд гишүүн байр сууриа илэрхийлэв. Өнөөдрийн байдлаар 181 мянга орчим төрийн албан хаагчдын зөвхөн шатахуунд жилд 40 гаруй тэрбум төгрөг, бичиг хэргийн зардалд 8-9 тэрбум, тавилга авахад 6-7 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа гэлээ. Тэрбээр “2011 оны төсвийн гүйцэтгэлээр 148 мянга 781 төрийн албан хаагч ажиллаж байсан бол 2012 он 162 мянга 383, 2013 онд 176 мянга 773, 2014 онд 180 мянга 151 төрийн албан хаагчтай болсныг Сангийн яамнаас гаргасан байна.  Энэ нь 2012-2014 онд Засгийн газар 30 орчим мянган албан хаагчаар орон тоогоо нэмэгдүүлсэн байна. Энэ бүх тоо баримт бол Сангийн яамнаас гаргасан мэдээлэл дээр үндэслэсэн” гэв.
Төрийн албаны бүтэц данхайсан шалтгаан нь яамдын тоог нэмэгдүүлсэнтэй холбоотой гээд өмнө нь 11 яаманд 978 төрийн алба хаагч ажиллаж байсан бол одоо 16 яаманд 1558 төрийн албан хаагч ажиллаж байгаа юм. Үүнээс харахад яамдын албан хаагчдын тоо 80 хувиар нэмэгдсэн, тэр дундаа төрийн захиргааны байгууллагын тоог 2013 онд 767-оор нэмэгдүүлжээ. Жишээлбэл, Байгаль, орчин ногоон хөгжлийн яам өмнө нь 78 албан хаагчтай байсан бол 133, Эрүүл мэндийн яам 2012 онд 66 байсан бол 132, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам өмнө нь 72 албан хаагчтай байсан бол одоо хоёр яам болж хуваагдсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам 88, Соёл, спорт, аялал жуулчлаын яам 72 хүнтэй болсон байна гэдгийг хэлсэн юм.
Төрийн захиргааны байгууллагын нэмэгдсэн орон тоо дотор газар, хэлтсийн дарга нар буюу “хурган дарга” нар олширсныг хэлсэн юмы. 2008-2012 онд Засгийн газрын яамдууд нийт 102 газар, хэлтэстэй байсан бол одоо 183 буюу 81 нэгжээр нэмэгдсэн. 2012-2013 онд төрийн албан хаагчдын сэлгээ хамгийн ихээр хийгдсэн бөгөөд 2012 онд 9.3, 2013 онд 11.3 буюу давхардсан тоогоор 30-32 мянган төрийн албан хаагч хөдөлгөөнд орсон. Төрийн албанаас сүүлийн хоёр жилийн хугацаанд 22 мянган хүн өөрийн хүсэлтээр, өөр ажилд томилогдсон бол Шинэчлэлийн Засгийн газар 30-40 мянган хүнийг шинээр ажилд авсан гэсэн тооцоо байгаа тухай хэлж байсан юм. 2013 онд нийслэлд 23, аймгуудад 112 улс төрийн албан хаагч, нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудад 702, аймгуудын төрийн захиргааны байгууллагуудад 750 орон тоогоор нэмэгдүүлсэн судалгаа байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн Су.Батболд “Төрийн бүтэц данхайснаас гадна төрийн жинхэнэ албанд шалтгалт өгч тэнцсэн, нөөцөд бүртгэгдсэн хүнээс авах ёстой. Гэтэл 2012 оны долдугаар сараас 2013 оны арванхоёрдугаар сарын байдлаар зөвхөн төрийн удирдах албан тушаалд 996 хүнийг томилсноос 493 албан хаагч түр нэрээр томилсон. Өнөөдрийн байдлаар 253 түр хэвээрээ ажиллаж байна.  Энэ нь Үндсэн хууль, төрийн албаны хууль зөрчсөн үйлдэл болж байна” гэдгийг нэмж хэлсэн юм. Төрийн албаны бүтэц, орон тоо нэмэгдсэнээр зардал төдий чинээ нэмэгдсэн тухай УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл өглөө. Тэрбээр “Төрийн албан хаагчийн нэг жилийн цалинг дунджаар зургаан сая төгрөгөөр тооцож болно. Үүнийг 30 мянган төрийн албан хаагчаар үржүүлбэл нийт жилд 180 тэрбум төгрөг болохоор байна. Гэтэл энэ мөнгөөр 150 ерөнхий болосвролын сургууль, 225 цэцэрлэг, 300 км автозам барих боломжтой. Тиймээс л МАН-ын зүгээс төрийн данхайсан бүтэцдээ өөрчлөлт оруулж, төсвийн зардлаа бодитойгоор хэмнэж Төсвийн тодотголд суулгахыг шаардаж байгаа юм” гэв.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Төсөвт тодотгол хийхийг дэмжлээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх байсан ч төсөл санаачлагч гишүүн С.Баярцогтын хүсэлтээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг түр хойшлуулав. Дараа нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн М.Энхболд хөрөнгө орууулалтын зардлын санхүүжилт, төсвийн орлого тасалдаж буйн шалтгааныг тодруулахад “Хөрөнгө оруулалтын санхүүжилт оны эхнээс тасарч байгаа нь дан ганц Сангийн яамнаас хамааралтай биш, бодитой ажил удаашралтай байгаа, “О” дүнтэй тусгагдсан төсөл арга хэмжээ эхлээгүй, тендер шалгаруулалт удааширсан зэрэг олон шалтгаантай. Төсвийн орлогын тасалдлыг багасгахад яам анхаарч байгаа, энэ оны дүнгээр төсвийн орлого 750 тэрбумаас багагүйгээр тасалдаж мэдэхээр байгаа” гэв.
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүн Б.Гарамгайбаатар, М.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Л.Цог, Сү.Батболд нар саналаа хэллээ. Энэ үеэр гишүүн М.Энхболд Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хойшлуулж жинхэнэ тодотголыг оруулж ирэх үед хамтад нь хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэнгүй. Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгаа эрчимжүүлж чадахгүй бол Засгийг хэрхэхээ шийднэ гэв

Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдааныхаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдаас мэдээлэл авч, эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тогтоолын төсөл, Төсвийн тодотгол гэсэн асуудлуудыг хэлэлцсэн байна. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийг эхлүүлсэн. Энэ хугацаанд Засгийн газар шахаж ажиллах ёстой. Хэрэв 100 хоногийн хугацаанд эдийн засгийг идэвхжүүлж, цаашлаад эерэг өөрчлөлт гарахгүй бол олонх өөрсдөө Засгийн газраа хэрхэхээ шийднэ. Үүнийг ард түмэн ч хүлээж байгаа” гэв. Хэрвээ эерэг дүн гарахгүй бол Засгийн газрыг огцруулах уу гэсэн асуултад “Огцруулах тийм чухал биш. Эдийн засгийг эрчимжүүлэх нь гол асуудал болохоос хэн нэгнээр оролдох нь чухал биш. Ажил нь үр дүнд хүрэхгүй байна гэдэг бүтэц болохгүй байна гэсэн үг. Хариуцлага хүлээхээ хүрвэл бид өөрсдөө хүлээлгээд явж чадна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга сайдын өргөдлийг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ

Энэ сарын 2-ны өдөр ҮХАА-н сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын гишүүн Х.Баттулга гаргасныг энэ долоо хоногоос хэлэлцэнэ.
Сайдын өргөдлийг өнгөрөгч долоо хоногт УИХ хэлэлцэнэ  гэсэн хүлээлт байсан ч  асуудлын дараалалд ороогүй тул энэ долоо хоног хүртэл хойшилсон. Харин энэ сарын 9-ний өдөр хуралдсан УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр лхагва гарагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Х.Баттулга сайдын асуудлыг хэлэлцэхээр товложээ. Тус байнгын хороогоор асуудлыг хэлэлцсэний дараа буюу маргааш нь УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд оруулах болжээ.
Х.Баттулга сайдын хувьд Засгийн газрын гишүүний албыг давхар хашихаас татгалзан, УИХ-ын гишүүний албаа дангаар хашихыг хүсч уг өргөдлийг гаргасан юм.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын удирдлагууд О.Баасанхүүг шахаанд оруулж эхэлжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах санал өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор МАХН-ын удирдлагын зүгээс түүнийг Х.Тэмүүжинг огцруулах саналаа маргааш оройн 17 цагаас өмнө татаж авахыг шаардсан талаар эх сурвалж мэдээлэв. Шинэчлэлийн Засгийн газарт багтан ажиллаж байгаа тус намын хувьд байр сууриа хадгалж үлдэхийн тулд О.Баасанхүүг ийнхүү шахаанд оруулж, огцруулах саналаа татаж авахгүй бол намаасаа хөөх сурагтай. Хэрэв намаасаа хөөгдвөл намын жагсаалтаар УИХ-д суусан учир УИХ-ын гишүүнээс нь мөн эргүүлэн татахад хүрнэ. Зарим хүн Х.Тэмүүжин Н.Энхбаяртай тохиролцсон гэж хэллээ. О.Баасанхүү гишүүний хувьд Х.Тэмүүжинг огцруулах санал өргөн барьснаас хойшхи сар гаруйн хугацаанд энэ мэтчилэн ил далд, сэтгэл зүйн дарамтад байнга өртөх болжээ.

Categories
мэдээ улс-төр

“Төсвийг улирлаар баталъя” санал гаргав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын  хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн мэдүүлэгдсэн энэхүү төсвийн тодотголд 150 гаруй обьектын хөрөнгө оруулалтын зардлыг шийдвэрлэхээр оруулж ирсэн юм. Үүнд УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандлаа. Учир нь, төсвийн хуульдаа төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын зардлыг 1384 төгрөгөөр тооцохоор оруулж ирчихээд 150 гаруй обьектын хөрөнгийг шийднэ гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй. Монголбанкны ам.долларын төгрөгтэй харилцах ханш 1800-д хүрчихсэн байхад төр нь валютын төгрөгтэй харилцах ханшийг 1384 төгрөгөөр тооцож буй нь бодлогоо алдсаны илрэл гэж шүүмжилж байгаа юм.

Мөн УИХ-ын гишүүн Л.Цог “Төсөв тогтвортой байх ёстой. Энэ ч утгаар нь УИХ төсвийг жилээр баталдаг. Гэтэл Засгийн газар дахиад ч төсвийн тодотгол оруулж ирнэ гэж байна. Төсвөө дотор нь хэд, хэд ангилчихсан. Өргөн тодотгол, жинхэнэ тодотгол, явцуу тодотгол гэх мэтээр. Ингэж байхаар төсвийг жилээр биш улирлаар баталдаг болъё. Эцсийн дүндээ энэ байдал чинь Засгийн газрыг хариуцлагагүй, сахилгагүй байдал руу түлхэж байна” гэлээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Одоогийн байдлаар төсвийн орлого 400 тэрбум төгрөгөөр тасарсан нь оны эцэст 1 их наядаар тасрахын дохио. Төсвийн орлого ийм хэмжээгээр тасрах нь эргээд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудыг гацаах эрсдэлтэй. Эдийн засгийн нөхцөл байдал ингэж хүндэрсэн нь зөвхөн энэ Засгийн газрын алдаа байгаад зогсохгүй өмнөх Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй” гэж шүүмжилсэн юм.
Сангийн сайд Ч.Улаан эл асуудалд “Засгийн газар ажил хийхэд амаргүй байна. УИХ-аас гаргаж байгаа бодлого, шийдвэрүүд хоорондоо авцалддаггүй. Шийдвэрийг нь хүлээж аваагүй байхад УИХ хэрэгжилт шаарддаг. Тухайлбал, УИХ-аас баталсан 30 дугаар тогтоолд төсвийн урсгал зардлыг 10-30 хүртэл хувиар бууруул гэсэн. Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлд урсгал зардлыг 20 хувиар бууруулахыг үүрэг болгосон. Уг тогтоолыг УИХ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт баталсан. Тогтоолыг гар дээрээ аваагүй байгаа ч төсвийн тодотголыг Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөлтэй уяж өгсөнгүй гэж УИХ-ын гишүүд нь шүүмжилдэг. Сангийн яамны хувьд аль болох тогтоол шийдвэрүүдээ хооронд нь уялдаатай болгохын төлөө ажиллаж байна” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр хөндөгдсөн асуудал нь төрийн алба данхайсан тухай байлаа. Тухайлбал, 2011 онд төрийн албанд ажиллагсдын тоо 148 мянгад хүрч байсан бол 2014 онд 181150 болжээ. Төрийн алба ийн томроход УИХ-аас гаргаж байгаад шийдвэрүүд нөлөөлж буйг Сангийн сайд сануулж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Ерөнхийлөгчийн зарилгаар томилогддог Авлигатай тэмцэх газрын дэргэд Олон нийтийн зөвлөлийн гишүүдийн хугацаа нь дуусгавар болж зарим гишүүдийг нь чөлөөлсөн байна. Тодруулбал, “Сонгогчдын боловсрол төв”-ийн тэргүүн Р.Бурмаа, Иргэний хөдөлгөөний Ж.Батзандан, “Нээлттэй нийгэм форум”-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, “Нирум фильм” студийн захирал Р.Батсайхан, “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын Г.Даваахүү, “Зориг сан”-гаас Б.Гэрэлмаа, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ж.Мөнх-Эрдэнэ, МУИС-ийн НШУС-ийн багш Д.Сүхбаатар, “Нээлттэй нийгэм форум”-ын зөвлөх Г.Баярцэцэг, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ш.Цогтоо, “25 дугаар суваг” телевизийн А.Баатархуяг, МХАҮТ-ын Ц.Энхцэнгэл, “Эрх зүйн шинэтгэлийг дэмжих төв”-ийн тэргүүн М.Ичинноров, “Нэг ардчилал клуб”-ын Т.Хасбаатар, “Ардчилал сан”-гийн Г.Байгальмаа нарыг  Ерөнхийлөгч 2009 онд томилсон байна. Гэтэл Ерөнхийлөгчийн томилсон хяналт тавих гишүүд өнгөрсөн хугацаанд ихэнх нь улс төрийн болон төрийн жинхэнэ албанд томилогдож, зарим гишүүдийн хугацаа нь дуусгавар болсон байна. Тиймээс УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Ж.Батзандан, Барилга хот байгуулалтын сайд Г.Байгальмаа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Энхцэнгэл тэргүүтэй АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголыг халтуурдсан гэв

Засгийн газар алдаатай төсвийн тодотголоо татаж авах ёстой гэж МАН-ын бүлгээс өчигдөр мэдэгдлээ. Сөрөг хүчний бүлэг өчигдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэхдээ ийм дүгнэлтэд хүрсэн байна.  Тус бүлэг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, 2014 оны Төсвийн тодотголын төсөл болон бусад асуудлаар хуралджээ.
“Өнөөдөр нэг ам.доллар 1820 төгрөгт хүрчихлээ. Гэтэл төсвийн хуулинд 1384  байхаар тооцож суулгасан байгаа. Тиймээс бодит байдалтай нийцүүлж үнэн зөв тооцоон дээр үндэслэн улсынхаа төсвийн орлого зарлагыг тооцож яваач гэсэн шаардлагыг МАН-ын бүлэг тавьсан. Гэтэл энэ шаардлагуудын аль нь ч төсвийн тодотголоор орж ирсэнгүй. Мөн Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны өрийг төсвийн тодотголд суулгасангүй. 30 хувийн алдаатай төсөв тодотголоор орж ирсэн. Тиймээс ханшаа зөв тооц, царцаасан 273 обьектуудын санхүүжилтийг ил тод болго, урсгал зардлаа бодитой бууруул” гэж бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд сүүлийн дөрвөн жилийн турш хориг тавьж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгох санаачилгыг Засгийн газар гаргаад байгаа. Уг асуудлыг МАН-ын бүлэг ил тод, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэх ёстой гэв. Мөн тус бүлэг Ашигт малтмалын тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг торгох замаар аливаа асуудлыг шийдвэрлэх гэж байгааг шүүмжлэв. Уг хуулийн төслийн талаар тодорхой шаардлагыг МАН-ын бүлгээс Засгийн газарт өгөхөөр тогтжээ.

М.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Шүүгчид зарлиг гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 8, 24 дүгээр тушаалаар давж заалдах шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу сонгон шалгаруулалт явуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 53, 54 дүгээр зарлигаар давж заалдах шатны шүүхийн 11 шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн 61 Ерөнхий шүүгчийг тус тус томилсон билээ.

Эдгээр шүүгчдээс Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, анхан шатны Ерөнхий шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон 20 шүүгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Зарлиг гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, Улсын дээд шүүхийн шүүгч Т.Уранцэцэг, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Б.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны үндсэн болон бүтцийн нэгжийн дарга нар, ажлын албаны ажилтнууд оролцлоо.