Categories
мэдээ улс-төр

Анхан шатны гишүүдээ чадавхижуулна

Ардчилсан намаас сар бүрийн хоёр дахь долоо хоногт уламжлал болгон зохион байгуулдаг видео хурал өчигдөр болжээ. Хуралд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон Нарийн бичгийн дарга Э.Батсуурь, О.Чулуунбилэг, Т.Мягмарсүрэн, Д.Анхбаяр нар оролцож, орон нутаг дахь намын удирдлагуудтай яриа өрнүүлсэн байна.
Энэ удаагийн видео хурлаар Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлгийн талаар аймгийнхаа удирдлагуудад удирдамж, чиглэл өгчээ. Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газраас  2014 оныг “Дотоод сургалтын жил” болгон зарлаж энэ онд 331 сумаар сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Намын байгууллагуудаас гаргасан саналын дагуу “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлэгт Ардчилсан намын анхан шатны намын бүх гишүүд, сум орон нутгийн иргэд хөдөлмөрчид, сонгуулийн насны сонгогч бүр оролцох бөгөөд сум бүрээс дэмжигч гишүүд хамрагдах юм.
Тус сургалт хэлэлцүүлэг нь Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн сумдаас эхлэх бөгөөд орон нутгийн намын гишүүдийг идэвхжүүлэх, сургалтанд хамруулах, чадавхжуулах, анхан шатны намуудын эв нэгдлийг сайжруулж уялдаа холбоог бэхжүүлэхээс гадна туршлага солилцуулах ач холбогдолтой юм.  Мөн Засгийн газар болон УИХ-ын хийсэн ажлыг авч хэлэлцэх бөгөөд цаашид хэрхэн ажиллах талаар гишүүд, анхан болон дунд шатны намын удирдлагын санаа бодлыг тусгах, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хэргэжилтийг авч хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгөх, мэдээлэл солилцох зорилготой аж.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаа болон УИХ дахь олонхийн бүлгийн үйл ажиллагаа бодлого чиглэлийг гишүүд дэмжигчидэд тайлбарлах, орон нутагт сурталчилах, намын эв нэгдлийг хангах зорилготой талаар дурьдаад энэхүү үйл ажиллагаанд намын гишүүдийг идэвхитэй оролцохыг уриалав.

Categories
мэдээ улс-төр

Сангийн сайд Ч.Улаан 11-11 төвд ажиллалаа

Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа. Тэрээр Улсын Их Хурлын даргад “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл, “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслүүд өргөн барьснаа хэлээд эдгээр хуулиуд батлагдснаар бизнес эрхлэгчдэд ямар нааштай нөлөө үзүүлэх талаар тайлбарлалаа.        

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэрийн компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах нь зүйтэй гэлээ. Дээрх хоёр хуулийн төсөл батлагдсанаар аливаа бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэвшил гарч, өрсөлдөх чадвар нэмэгдэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлд өсөлт гарах ач холбогдолтой гэж  Сангийн сайд үзэж байна.

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэмэгдсэн өртөгийн албан татварын босго нь 10 сая төгрөг байгааг 50 сая болгох, борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүдийн төлсөн НӨАТ-ын орлогын 90 хувийг буцааж олгохоор  хуулийн төсөлд тусгасан гэдгийг хэллээ. Сангийн сайдын эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хийх ажлаа танилцуулсан цахим ярилцлагыг 3700 орчим хүн үзэж, мэдээлэл авлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй   харилцах албанаас мэдээллээ.  

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга чөлөөлөгдөх шалтгаанаа тайлбарлав

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх асуудлаарх УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуй /ҮХАА/-н сайд Х.Баттулгыг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Хамтарсан байнгын хорооны хуралдаан 30 гишүүнтэйгээр үргэлжилж байгаа бөгөөд хуралдааны эхэнд Засгийн газрын шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэлээ. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт, тодруулга авч эхлээд байна. Тухайлбал, Ж.Энхбаяр гишүүн Х.Баттулга сайдыг ямар шалтгаанаар сайдын ажлаасаа чөлөөлөгдөж байгааг тодруулахад ҮХАА-н сайд Х.Баттулга “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж, унагасан. Миний бие энэ төслийг батлах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Гэвч хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тиймээс би өгсөн саналынхаа дагуу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжлээ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2014.05.14/ үдээс өмнө хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

 Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан нар тус салбарын сайдуудын төсвийн багцын өөрчлөлтийн талаар товч танилцуулсан юм.

 Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны төсвийн нийт багц 74 тэрбум 939,7 сая төгрөгөөр батлагдсан бөгөөд үүнээс 62 тэрбум 591 сая төгрөг нь урсгал зардал, 12 тэрбум 348,7 сая төгрөг нь хөрөнгийн зардал байна. 2014 оны төсвийн хуульд тодотгол хийх болсонтой холбогдуулан Засгийн газраас урсгал зардлыг 10-30 хувиар багасгах чиглэл өгсний дагуу сайдын 2014 оны төсвийн урсгал зардлаас 938,9 сая төгрөг тодотголоор хасагдахаар болж байна. Энэ хасагдаж буй мөнгөн дүнд бичиг хэрэг, тээвэр шатахуун, мэдээлэл сурталчилгааны зардал, нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал, гадаад болон дотоод томилолт, төвлөрсөн арга хэмжээ зэрэг 16 зардлын ангиллаас хасагдаж, зардлын ангилал бүрээс 2,0-20,7 хүртэл хувиар буюу 2,6 саяас 451,1 сая төгрөгөөр багасах тооцоо гарчээ.

 Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар Үйлдвэр, хөдөө аж ахуйн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал зардлыг 128,1 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардлыг 57,7 тэрбум төгрөг нийт 185,8 тэрбум төгрөгөөр баталсан байна. Төсвийн тодотгол хийхтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар урсгал зардлыг 100,0 хүртэл тэрбум төгрөгөөр бууруулахаар хэлэлцэж, урсгал зардлыг 6,0 тэрбум төгрөгөөр бууруулахаар болсон байна.

Хэлэлцүүлгийн шатанд хийгдсэн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байсангүй. Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үүний дараа Ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан танилцуулга хийв.

Мэдээлэлд дурдагдсанаар, “Ноос, ноолуур боловсруулах салбар Монгол Улсын боловсруулах аж үйлдвэрийн голлох салбарын нэг бөгөөд 2013 оны байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 19 хувийг эзэлж байгаа бөгөөд ноолуур боловсруулах 130 гаруй үйлдвэрт 8000 гаруй хүн ажиллаж байна. Ноос, ноолуурын салбарын үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд 2011-2012 онуудад ноос, ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгч 65 компанид 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Засгийн газрын бонд арилжаалсан хөрөнгөнөөс санхүүжүүлэн 5 жилийн хугацаатайгаар олгосон. Үр дүнд нь 2012 онд үндэсний үйлдвэрүүд 2168 тн ноолуур худалдан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30 хувиар өссөн. Мөн Чингис бондоос 68,0 сая ам.долларын зээл олгох асуудал шийдэгдэж, өнөөдрийн байдлаар нийтдээ 65 төсөл дэмжигдэж банкинд шилжүүлснээс 34 төсөлд 58,1 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарч 32,1 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 280 тэрбум төгрөгийн зээлийг Монгол банкны санхүүжилтээр олгох шийдвэр гарч, 22 үйлдвэрийн хүсэлтийг арилжааны банкуудад хүргүүлээд байна. Ноолуур барьцаалан зээл олгох ажил эхлэлтийн байдалтай байгаа” гэсэн юм. Түүнчлэн тус салбарын хүндрэлтэй асуудлуудын талаар мэдээлэлд дурдагдсан. Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй зээлийг удаа дараалан олгох шийдвэр гарч байгаа хэдий ч барьцаа хөрөнгөгүйгээс арилжааны банкны шалгуурыг хангаж чадахгүй зээлээ цаг хугацаанд нь авч чадахгүй байгаа. Иймд нийт ноолуурыг 100 хувь худалдан авахад 360-400 тэрбум төгрөг шаардлагатай гэлээ. Мөн 2012 оны байдлаар ноос, ноолуур угаах суурилагдсан хүчин чадал түүхий эдийн нөөцөөсөө 1,5 дахин их байгаа бол ээрэх, нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадал нөөцөөсөө 2 дахин бага байгаа. Ингэснээр түүхий эдийн нөөц, боловсруулах хүчин чадлын зохистой харьцаа алдагдаж, ноолуурын 30 орчим хувийг гүн боловсруулах хүчин чадал суурилагдсан тул ээрэх, нэхэх, сүлжих хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Чингис бондоос зээл олгож байгаа боловч худалдан авч байгаа тоног төхөөрөмжийг барьцаалах боломжгүйгээс зээлийн хэмжээ бага, салбарын хэмжээнд хүчин чадлыг шаардагдах хэмжээнд нэмэгдүүлэх боломжгүй байдалд байгаа гэв.

Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан нар асуулт асууж санал хэлсэн.

 Тухайлбал, Б.Гарамгайбаатар гишүүн, хавтгайруулсан зээл өгч байгаа нь дэмжлэг биш. Зөвхөн зээл олгосноор бодлого хэрэгжихгүй. Хамгийн гол нь яамнаас ямар бодлого хэрэгжүүлж байгаа болон өмнөх яамны үйл ажиллагаатай харьцуулахад ямар дэвшилд хүрэв гэдгийг тайлагнах хэрэгтэй гэлээ. Г.Баярсайхан гишүүн хэлэхдээ, ноос ноолуурын салбар чухал салбар. Үе үеийн засгийн газар энэ салбарт асар их анхаарал тавьж ирсэн. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам энэ салбарыг шинэ шатанд гаргах талаар санаачилга гарган ажиллаж байгаа ч цаашид Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бодлогын хувьд шинэчилж эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байна гэв.

Ингээд хуралдаанаар ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулах саналыг гишүүдийн олонхи дэмжиж Ажлын хэсгийн ахлагчаар тус Байнгын хорооны дарга Г.Баярсайханыг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Х.Баттулгыг чөлөөлөхөөр болов

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр орой Засгийн газраас УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна. Тодруулбал, өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг сайдаас нь чөлөөлөх эсэх талаар Засгийн газар саналаа хүргүүлжээ.

Засгийн газраас ирүүлсэн тогтоолын төсөлд, “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэжээ. Ингэхдээ Х.Баттулга сайдыг Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлсүгэй гэсэн тогтоолыг хавсаргажээ. Засгийн газраас энэхүү хүсэлтээ Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр, УИХ-д хэлэлцүүлэхээр хүргүүлснийг тодотгож байна. Засгийн газрын тогтоолыг доор хавсаргав.

Categories
мэдээ улс-төр

МАН -ынхан Ерөнхий шүүгчид хандана

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д  холбогдох хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн  хянан хэлэлцсэн. Дээд шүүхээс Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилга нь төрийн өмч болохыг тогтоож, МАН-ын эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан.  Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ шийдэл хүч түрсэн, дээрэнгүй байдлаар асуудалд хандсан. УДШ-ийн шийд гарсан ч бид Ерөнхий шүүгчид хандана. Эрх барьж байгаа хүчин дээрэнгүйгээр булааж авдаг асуудал үүслээ.  Шинэ нөхцөл байдал үүслээ гэдэг үндэслэлээр хувьчлагдсан объектыг буцаан авч байгаад харамсаж байна” гэлээ

Categories
мэдээ улс-төр

Сангийн сайд Ч.Улаан оролцоно

Засгийн газрын 11 11 төвд лхагва гариг бүр Засгийн газрын гишүүд орж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Сангийн сайд Ч.Улаан оролцож иргэдийн асуултад хариулах юм байна. Түүнээс асуух асуултаа онлайнаар болон 11 11 шууд утсанд хэлж болох аж.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга сайдын хүсэлтийг Байнгын хороо хэлэлцэнэ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга өөрийн хүсэлтээр сайдаас чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа билээ. Түүний өргөдлийг өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ асуудлыг  Засгийн газар хэлэлцсэний дараа УИХ-аар хэлэлцэх ёстой хэмээж байсан ч УИХ-ын дэгийн дагуу харьяалагдах байнгын хорооны хуралдаанаар эхэлж хэлэлцэнэ гэсний дагуу өнөөдөр ийн хуралдаанд оруулахаар болсон юм.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд өргөн барив. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэрийн компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах нь зүйтэй байгааг төсөл санаачлагч тайлбарлав.

Дээрх хоёр хуулийн төсөл батлагдсанаар аливаа бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэвшил гарч, өрсөлдөх чадвар нэмэгдэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлд өсөлт гарах ач холбогдолтой гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын даргад танилцууллаа. Мөн Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлжээ. 

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Газрын тосны экс дарга хориход нас барлаа

Газрын тосны газрын экс дарга Д.Амарсайхан өнөөдөр 17 цагийн орчимд хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд нас баржээ. Тэрээр эргэлтээр ирсэн өмгөөлөгчтэйгөө уулзаж байгаад гэнэт татаж унасан байна. Сүүлийн үед тэрбээр тархиар хатгуулах зовиуртай байсныг эх сурвалжууд хэлжээ. Хорих ангийн эмнэлгийн ажилтнууд түүнд анхны тусламжийг шуурхай үзүүлсэн  ч тэрээр сэхэл аваагүй ажээ.
Д.Амарсайхан нь “Петрочайна Дачин тамсаг” компанийнхан хуйвалдан мөнгө угаасан хэрэгт байж болзошгүй гэх хэрэгт шалгагдаж байсан юм.