Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд ОХУ-д айлчилна

Ерөнхий сайд Н.Алтанхуяг удахгүй энэ сард багтаан ОХУ-д айлчлах гэж байгаа юм байна. Тус улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар олон улсын эдийн засгийн форум болох гэнэ. Энэ уулзалтад Оросын талаас манайхыг урьжээ. Чуулганы үеэр Ерөнхий сайд Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж магадгүй гэнэ. Орос, Хятадын хооронд тавих таван шугамын асуудлыг Монголоор дайруулах талаар болон хоёр орны харилцааны талаар санал солилцох бололтой.

М.Ундрам

Categories
мэдээ улс-төр

Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд захирлыг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей  Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын  дэд захирал Дийпак Элмерийг өнөөдөр /2014.05.19/  хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ноён Дийпак Элмер Байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд,  хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой  тохиож буй энэ үед  Хөгжлийн хамтын ажиллагаа эхлүүлсний 10 жилийн ой энэ долоо хоногт  давхцаж буйг дуулгасан юм. Мөн тэрээр, Швейцарийн Хөгжлийн агентлаг болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар  тодруулж, санал солилцлоо.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, “Нутгийн удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлэх”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” зэрэг төслүүд  амжилттай хэрэгжиж буйг онцолсон.  Тэрээр,  төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд олон талт арга хэмжээ зохион явуулж байгааг дуулгаад, тухайлбал, Улсын Их Хурлын хаврын чуулганы завсарлагаанаар Орхон аймагт Хангайн бүсийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгчдийг  оролцуулсан эрдэм шинжилгээний бага хурал, мөн Төв аймгийн Зуун мод суманд “Хяналтын тухай” хуулийн хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан гэлээ.


Мөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хяналтын тухай” хуулийн төслийг төсөл санаачлагчид нь  буцаасан ч дахин өргөн баригдана гэдгийг  УИХ-ын гишүүн А.Бакей онцлон тэмдэглэж,  энэ хуулийн төслөөс гадна “Төрийн албаны тухай” хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгараад байгааг хэлсэн юм.
Ноён Дийпак Элмер Баян-өлгий аймагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар санал бодлоо хуваалцаж,  Швейцарийн Хөгжлийн агентлагийн Зүүн Ази хариуцсан газрын дарга ноён Денис Лүтитэй хийх уулзалтын үеэр тус аймагт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд түлхүү анхаарал хандуулахыг   Байнгын хорооны даргаас хүсэв.

Categories
мэдээ улс-төр

Ц.Элбэгдорж маргааш В.Путинтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-21-нд БНХАУ-ын Шанхай хотноо эхлэх Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал /АХАИББХ/-ын IV дээд хэмжээний уулзалтад оролцох юм байна. Хурлын  үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хөрш орны төрийн тэргүүнүүдтэй уулзах аж. БНХАУ-ын дарга Си Жинпинтэй өнөөдөр уулзах нь. Харин  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй маргааш уулзана.
АХАИББХ хуралдуулах санаачилгыг Казахстан улсын Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр анх дэвшүүлж байсан юм. Азийн 24 улс гишүүнээр нь  ажиллаж байна. АХАИББХ-ын Нарийн бичгийн дарга нарын газар нь Казахстаны Алматы хотод байрладаг аж. Манай улс уг бага хурлын анхны уулзалтаас эхлэн оролцож байна. 2001 оны зургадугаар сард гишүүнээр нэгдэн орж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Уул уурхайн сайд баялаг бүтээгчдэд талархал илэрхийлэв

Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг таниулан сурталчлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээний талаар иргэд, олон түмнийхээ санал хүсэлтийг сонсох, хүлээн авах, Уул уур яамнаас зарласан “Баялаг бүтээгчидээ дэмжих жил”- ийн ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэө.
Уул уурхайн салбар эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Энэ ч нөхцөл байдлыг харгалзан 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрын бүтцэд Уул уурхайн яамыг биө даалган байгуулсан билээ.
Уул уурхайн яам, Засгийн газар гөологи, уул уурхай, газрын тосны салбарын эрх зүйн орчинг улам боловсронгуй болгож, урт хугацаанд тогтвортой байхад чиглэсэн нилээдгүй ажлыг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирлээ.

Тодруулбал:
– “Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлого”-ыг  Улсын Их Хурлаар батлууллаа. Ингэснээр салбарын бодлого 2025 он хүртлэх урт хугацаанд ойлгомжтой, тогтвортой байх боломжтой боллоо.
– Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдуулэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ баталлаа. Хүн төрөлхтөн, аливаа улс эх орондоо олборлосон “Алт” хэмээх эрдэнэсийг улсын төсвийн орлого бүрдүүлэх зорилтоос илүү, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж валютын ханшны тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн чадавх, баталгааг сайжруулахад илүү их анхаардаг  болсноос хойш олон зуун жил өнгөрсөн юм. Төр, засгийн зүгээс Алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох шийдвэрийг гаргаад байгааг тэмдэглэхэд таатай байна. Эдгээр арга хэмжээг аж ахуйн нэгжууд ашиглаж ажилласнаар улсын маань  алтны нөөц нэмэгдэх улмаар гадаад валютын сан арвижиж, валютын ханш тогтворжиход нэгэн чухал үүргийг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.
-Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ баталлаа. Энэ ашигт малтмал буюу элс хайрганы зөвшөөрлийг орон нутгийн удирдлагаас олгодог нь олон улсын жишиг юм. Ингэснээр идэвхтэй өрнөж буй бүтээн байгуулалтын ажил улам хурдацтай урагшилна гэж үзэж байна.
– Газрын тосны бүтээгдхүүний нөөц, хангамж нийлүүлэлтийг  зах зээлийн зарчимд үндэслэн нэгдсэн бодлогоор зохицуулах, уг бодлогыг хэрэгжүүлэхэд амжилт гаргалаа. Ингэснээр Монгол улсад бөнзинийг холбогдох биржийн түүхий тосны үнээс тооцох, үнэ, чанарын сайн нөцхлөөр нийлүүлэх өрсөлдөөнийг бүрдүүлж  чадлаа. Мөн Монгол банктай  хамтран стратөгийн бүтээгдэхүүн болох бөнзиний худалдаа эрхлэгч Аж ахуйн нэгжуудэд хөнгөлөлттэй санхүүжилтийг олгох, валютын ханшны огцом өөрчлөлтөөс хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь чухал ур дунг өгч байна. Өмнөх үөтэй харьцуулахад бөнзиний нөөц 2.5 дахин нэмэгдлээ. Өнгөрсөн хугацаанд Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлсний ур дүнд  хэдийгээр валютын ханш 30 орчим хувиар өссөн ч, импортын бүтээгдэхүүн болох бөнзиний жижиглэнгийн үнийг тогтвортой байлгаж чадлаа. Энэ үйлсэд гол үүрэг гүйцэтгэсэн “Баялаг  бүтээгчдээ” талархал илэрхийльө. Ингэснээр өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ амьжиргааны өртөг, зардлыг ойролцоогоор 500-600 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхгуй байх арга, хэмжээг хэрэгжүүлсэн байна.
-Шатахуун, эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгохоор УИХ,Засгийн газраас бодитой арга хэмжээг авч байна. Газрын тос боловсруулах уйлдвэр байгуулах, нүүрсийг гүн боловсруулах замаар  шатдаг ситөтик хий, шингэн түлш гарган авах холбогдох төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
-Гөологи, хайгуул, туунчлэн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах өрсөлдөх чадвартай, урт хугацаанд тогтвортой байх эрх зуйн орчныг бурдуулэх,улсын баялагийн нөөцийг нэмэгдуулэх, байгаль орчныг хамгаалах болон орон нутгийг хөгжуулэхэд чиглэсэн хариуцлагатай уул уурхайг хөгжуулэх, төрөөс зөвшөөрсөн газар нутагт хайгуул хийх боломжийг нээх зорилго бухий Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,Газрын тосны тухай,Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт тухай зэрэг хуулийн төслуудийг УИХ- д өргөн бариад байна. Эдгээр тус салбарын бутээмж болон өрсөлдөх чадвар дээшилж, улсын эдийн засаг,нийгмийн хөгжилд оруулах хувь, нэмэр улам нэмэгдэж, эдийн засаг урт, дунд хугацаанд тогтвортой өсөх нөхцөл бүрдэж, иргэдийн амьжиргааны түвшин тогтвортой дээшилнэ гэж узэж байна.
Эрхэм Нөхдөө,
Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд зарим манлайлагч улстөрчдөөс гаргасан “Ойрын ирээдүйд Монгол улсын хөгжлийн тулгуур салбар болох Уул уурхайн салбарыг улстөржүүлэхгуй байя гэсэн санал, санаачлагыг” парламөнтад суудалтай намуудад дэмжиж ажил хэрэг болгохыг уриалахад хамтарч ажиллахыг хүсэх байна.
Монгол Улсын экспортын гол зарим нэр төрлийн бүтээгдэхүүний зах зээл тийм ч таатай бус байгааг Та, бид бүгд мэдэрч байна. Хэдий тийм ч Засгийн газраас уул уурхайн салбарт нэгэнт байгуулагдсан гэрээ, хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийг  цаашид улам тогтвортойгоор, хөрөнгө оруулагч талтай харилцан ашигтай  ажиллахыг байнгын зорилт болгон ажиллаж байна. Энэ хүрээнд хийж гүйцэтгэж байгаа ажлаа зөвөөр сурталчлах, иргэд олон нийт, орон нутагт уул уурхайн салбарын талаар эөрэг ойлголт бий болгоход энэхүү нээлттэй өдөрлөгийн арга хэмжээ чухал ач холбогдолтой гэж тооцож байна.
Энэ салбарын аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, төрийн байгууллагууд иргэд Та бүхнээр  ажил үйлс, алдаа, оноогоо цэгнүүлэх гэж, санаа оноог Тань сонсох гэж энэ өдөр нээлттэйгээр, Засгийн газраас шийдвэрлэсний дагуу  үйл ажиллагаагаа сурталчилж байна.
Та бүхэндээ зуны  сайхан өдрийн мэндийг дахин дэвшүүльө. Хүмүүн давуу болон сайн талаа хөгжүүлснээр төлөвшин хөгждөгийн адилаар, улс орон, нийгэм гэрэл гэгээтэй талаа сайтар суртачлан ойлголцсоноор  дэлгэрэн хөгждөг билээ.
Та бид, энэ сайхан эх орныхоо хөгжилд энэ салбар улам жинтэй хувь нэмрийг оруулна гэдэгт итгэл, сэтгэлээр дүүрэн байгаа…,
Та бүхэнд бүгдэд нь эрүүл энх хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөө.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН
УУЛ УУРХАЙН САЙД Д.ГАНХУЯГ

Categories
мэдээ улс-төр

О.Магнай торгуулжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг “торгодог” гэдгээр нь андахгүй. Тэгвэл мань нөхөр энэ сарын 8-нд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжаар гурван сарын хугацаанд цалингийн 20 хувиар торгуулахаар болжээ. Түүнийг төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.2-ийг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр ийн шийтгэсэн байна.
Энэхүү заалт нь “Агентлагийн даргыг гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагад туршлага судлах, мэргэжлийн сургалтад явах, хурал, зөвлөлгөөнд оролцохыг Монгол Улсын сайд шийдвэрлэнэ” гэсэн агуулгатай аж. Өөрөөр хэлбэл, О.Магнай нь Ерөнхий сайдаасаа зөвшөөрөл авалгүйгээр хэд хэдэн удаа гадаад явсан болж таарах нь. Торгодог дарга өөрөө торгуулиа хүлээн зөвшөөрөх л байлгүй дээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд мэдээлэл хийлээ

УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанд 42 гишүүн хүрэлцэн ирснээр 14.40 цагт эхлэв. Уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх ажлын талаар мэдээлэл хийлээ.
УИХ-аас өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Түүнийг дотор нь задалснаар Засгийн газар 100 хоногийн хугацаанд 70 гаруй ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, импортыг орлохуйц бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүэтэгдэхүүнийг худалдаж авах, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах.  Монголын Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг эрчимжүүлэх. Энэ хүрээнд Лондонгийн хөрөнгийн бирж, Монголын хөрөнгийн бирж хооронд хамтран ажилласан, зөвлөх үйлчилгээ авч ажилласны төлбөрийг хийх. Төгрөг юанын своп хэлцлийг нэмэгдүүлэх.
Чанартай, авто зам, барилга бариулахын тулд Тендэрийн хуульдаа өөрчлөлт оруулна. Эдийн засгийн хөгжлийн яам хуулийн төслийг боловсруулсан бөгөөд түүнд хамгийн бага үнийн санал ирүүлдгийг шалгаруулдаг өнөөгийн тогтолцоог өөрчилсөн, төдийгүй тендэр зарласан хугацааг багасгасан байна. Мөн иргэдийн худалдан авалтыг урамшуулах зорилгоор НӨАТ-ын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс НӨАТ төлдөг, тэгвэл түүнийхээ 2 хувийг оны эцэст буцаан авахаар төсөлд тусгасан байна. Мөн НӨАТ-ын босго 10 сая байгааг 50 саяд хүргэхээр хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлсэн тул яаралтай баталж өгөхийг Ерөнхий сайд онцлов.
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд хийх ажлын нэг нь төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг эзэнтэй болгох гэнэ. Түүнчлэн төрийн шаардлагагүй хяналт шалгалтыг зогсооно. Тэр хооронд хяналтын байгууллага нь бизенс эрхлэгчид зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллах юм байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд орхигдсон асуудал нь хувийн өмчийг хамгаалах тухай аж. Тиймээс Өмчлөх эрхийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ, мөн үл хөдлөх хөрөнгөтэй иргэдэд зээл авах өргөн боломжийг бүрдүүлнэ.
Арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулах чиглэлээр дунд хугацааны хөтөлбөр боловсруулна. Засгийн газрын хувьд зөвхөн орон сууцны зээлийн хүүг бууруулах бодлого хэрэгжүүлсэн. Бусад зээлийн хүү буурахгүй байгаа, энэ ажлыг хийхэд нэг, хоёр жил хүрэлцэхгүй. Урт хугацаанд алгуур хийх ажил гэж үзэж байгаа аж. Мөн Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх юм байна.
Оюутолгой төслийн далд уурхайн ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана. Эрдэс баялгийн бодлогын зөвлөл байгуулж, ажиллана.
Дутуу баригдсан үйлдвэрийг ашиглалтад оруулахад онцгой анхаарна.  Энэ ажлыг 1 их наяд төгрөгөөсөө дэмжих гэнэ. Энэ мэтчлэн 70 ажил хийхээр төлөвлөснөө Ерөнхий сайд танилцууллаа.
Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс дүгнэлт танилцуулаад байна. Дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хийж байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-аас Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв

МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар сая Ерөнхий сайдтай уулзаж, шаардлага өгчээ. Шаардлагадаа “Сүүлийн үед эрх баригч нам, эвслийн хоорондын дотоод зөрчлийн улмаас төрийн үйл ажиллагааны хэвийн явагдах нөхцөл алдагдаж байгаад УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг харамсаж байна.

Засгийн газрын зарим гишүүн улс төрийн хариуцлагаас зугтах, сайд нарт хариуцлага тооцох санал гарган Улсын Их Хурлаар удтал хэлэлцсэний эцэст саналаа буцаан татах, Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслүүд амьдралын хэрэгцээ шаардлага хангахгүй, боловсруулалт дутуу байгаа зэрэг олон шалтгааны улмаас хууль тогтоох байгууллагын цагийг үрсэн үйл явц байнга өрнөх боллоо.

Энэ хугацаанд Таны тэргүүлсэн Засгийн газрын бодлогын алдааны хор уршиг улам гүнзгийрч, улс орны эдийн засгийн байдал хурдтайгаар унаж, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зогсолтгүй нэмэгдэж, валютын ханш 1820 орчим төгрөгт хүрч ажилгүйдэл, ядуурал хүрээгээ тэлж хяналтаас гарлаа.

Төрийн сайд нарын алдаа завхрал, хариуцлагагүй байдал нь бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд халдварлаж, удирдлагын хомсдол нийгэмд бодитойгоор нүүрлэлээ. Энэ бүхний эцэст иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож, улмаар нийгмийн сөрөг үзэгдэл гэмт хэрэг, зөрчил газар авч онц ноцтой, жигшүүрт хэргүүд өдөр алгасахгүй шахам гарч, ард иргэдийг айдас хүйдэстэй амьдархад хүргэж байна.

Хууль хүчний байгууллагуудыг хуулиар хүлээсэн үүрэгт ажлаас нь хөндийрүүлж, улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө намнах гар хөлийн үзүүрт ашиглах явдал хэвийн үзэгдэл мэт болж, эцэст нь Засгийн газрын тохируулагч агентлаг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүний амь үрэгдэхэд хүрлээ.

Шударга хуулийн засаглалыг сэргээн тогтоохыг Ерөнхий сайд Танаас дахин нэхэж, хүний амь үнэгүйдэх, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдах, эдийн засаг уруудах, ард түмний амьдрал доройтох байдалд хүргэсэн албан тушаалтнуудтайгаа 10 хоногийн дотор улс төрийн хариуцлага тооцохыг хатуу шаардаж байна” гэжээ. 

Categories
мэдээ улс-төр

Л.Болд сайд АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзав

   

 Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Гадаад хэргийн хорооны Ази, Номхон далайн дэд хорооны дарга Стив Шабот, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Стивен Линч нарыг 5 дугаар сарын 15-нд Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд АНУ-ын Конгресс, ард түмэн Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь дэмжиж ирснийг талархан цохон тэмдэглээд хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлов.
Конгрессын гишүүд Азийн орноор хийж буй айлчлалынхаа хүрээнд бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болсон Монгол Улсад зочилж буйдаа сэтгэл өндөр буйгаа илэрхийлээд дэлхий нийтэд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг түгээн дэлгэрүүлж, бэхжүүлэхэд Монгол Улсын гүйцэтгэж буй үүргийг АНУ болон америкийн ард иргэд өндрөөр үнэлж ирснийг тэмдэглэв.

Categories
мэдээ улс-төр

Хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.05.15/ үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д. Тэрбишдагва танилцууллаа.
Төрийн байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавьж байгаа бүх төрлийн хяналтыг нэг стандартад оруулах, мэргэжлийн хяналтуудыг тодорхой шалгуурын дагуу шүүж, шаардлагагүй хяналтыг зогсоох, хяналтыг үр дүнтэй болгох, эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг шинээр боловсруулжээ. Хуулийн төсөлд ТББ, мэргэжлийн холбоодыг хяналтын үйл ажиллагаанд оролцуулах чиглэлээр зарим өөрчлөлтийг оруулжээ. Тухайлбал, хяналтын байгууллага эрсдлийг тодорхойлох, эрсдлийн дүн шинжилгээ хийх, эрсдлийг бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхдээ мэргэжлийн ТББ, шинжээч, мэргэжилтнийг оролцуулахаар тусгасан байна. Улсын байцаагчийн сахилга, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх, шалгуулагч этгээдийн эрхийг хамгаалах хүрээнд тодорхой заалтуудыг оруулсан аж. Шалгуулагч этгээдийн зардлаар аялах, жуулчлах зэрэг аливаа хэлбэрээр шан харамж авах, шалгуулагч этгээдтэй үгсэн хуйвалдах, ая тал засах, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, нотлох баримтыг нуун дарагдуулах, дутагдлыг хаацайлах, нотлох баримтаар тогтоогдоогүй байхад ашиг хонжоо олох, хувийн өш хонзон авах зорилгоор шалгуулагч этгээдийг буруутгах, дарам шахалт үзүүлэх, бусдад давуу байдал олгох, бодит байдалд нийцээгүй дүгнэлт гаргахыг улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглохоор тусгажээ.


Хуулийн төсөлд төрөөс хэрэгжүүлэх хяналтын чиглэлүүдийг нэрлэн тусгаж, салбарын хуулиар шинэ хяналтын чиглэл бий болгодог байдлыг зогсоохоор тусгажээ. Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдалтай холбогдсон хяналтуудыг нэгдсэн хяналтын байгууллага хэрэгжүүлэх, бусад хяналтыг холбогдох яам, агентлаг хэрэгжүүлэхээр мөн оруулсан байна. Хяналтын давхардлыг бууруулах, аж ахуйн үйл ажиллагаанд учруулах дарамтыг багасгах, хяналтыг хяналттай хэрэгжүүлэх зорилгоор нэг жилд тухайн аж ахуйн нэгжид төрийн аливаа байгууллагаас хийх хяналтын үргэлжлэх хугацааг тогтоожээ. Ингэснээр аж ахуйн нэгжид төрийн аливаа байгууллагаас олон чиглэлийн хяналтыг давхардаж болон дараалан хийх, хяналтын нэг байгууллагаас тухайн аж ахуйн нэгжид олон хоногоор үргэлжилсэн, сунжирсан шалгалт хийхийг хязгаарлаж, хяналтыг үр ашигтай, эрсдэлд суурилан төлөвлөх шаардлага хяналтын байгууллагад тавигдана хэмээн Шадар сайд танилцуулгадаа дурдсан.
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Р.Бурмаа танилцуулсан юм. Хуулийн төслийн болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн учир төслийг санаачлагчид нь буцаалаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-аас мэдэгдэл гаргав

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хаврын чуулган эхэлснээс хойш “давхар дээл” тайлах төслийг хэлэлцсэн ч олонхийн бүлэг унагасан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцруулах өргөдөл өгснийг УИХ сар гаруйн хугацаанд  хэлэлцээд төсөл санаачлагч нь өөрөө хуулиа эргүүлэн татсан нь Монгол төрөөр тоглосон явдал гэж үзэж байна. Монгол Улсын иргэн төрийн хамгаалалтад байж байгаад амиа алдсан явдал гарсан. Тиймээс шударга хуулийн засаглалыг сэргээн тогтоохыг эрх баригчдаас нэхэж, хүний амь үнэгүйдэж, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдаж уруудах, ард түмний амьдрал доройтох байдалд хүргэсэн албан тушалтнуудтай хариуцлага тооцохыг шаардаж мэдэгдэл гаргаж байна” гэлээ. Энэхүү мэдэгдлийг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргаж байгааг тэд онцолсон юм.
Мэдэгдэлд, “Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг Үндсэн хуулиараа бүрэн баталгаажуулж, иргэдээ алагчлалгүй, эрүүдэн шүүдэггүй, хэнийг ч хуулиас гадуур үзэл бодол, итгэл үнэмшилээр нь ялгаварлалгүй эрх тэгш хандах зарчимыг ард түмний  үнэт зүйл байх ёстой гэж Монгол Ардын Нам хатуу баримталсаар ирсэн. Харамсалтай нь өнөөгийн эрх баригчид шударга хуулийн засаглалыг уландаа гишгэж, хариуцлагын тогтолцоог устгалаа. Бас хүний эрх, эрх чөлөөг үгүйсгэж, хагарал талцал айдас хүйдэсээр нийгмийг дүүргэж байгаа нь сүүлийн үед болсон үйл явдалууд харуулж байна. Төрийн сайд нарын алдаа завхрал хариуцлагагүй байдал нь бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд халдварлаж төрийн хямрал бодитойгоор нүүрлэлээ. Энэ бүхний эцэст хүний амь сэмэрхий хадагны үнэгүй болж хариуцлага ярих чадваргүй төртэй, үгсэн хуйвалддаг удирдагчидтай өрөнд баригдсан орон боллоо.Эрх баригч намуудын хоорондын зөрчил тэмцэл, яам, салбар бүрт өрнөж эцэс сүүлдээ Улсын Их Хурлын үйл ажиллагааг 2 сар орчим хугацаанд үр дүнгүй зүйл хэлэлцэхэд хүргэсэн эрх баригч Ардчилсан нам, МАХН-ыг төрөөр тоглох үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна. Түүнчлэн хууль хүчний байгууллагуудыг хуулиар хүлээсэн үүрэгт ажлаас нь хөндийрүүлж,  улс төрийн ашиг хонжоо олох, өрсөлдөгчөө намнах гар хөлийн үзүүр болгон “нохойд барьдаг мод” мэт  ашиглах хандлага хэрээс хэтэрч эцэс төгсгөлд нь  цагдаагийн урьдчилан хорих төвд хүний амь эрсдлээ. Шударга хуулийн засаглалыг сэргээн тогтоохыг эрх баригчдаас дахин нэхэж, хүний амь үнэгүйдэж, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдаж уруудах, ард түмний амьдрал доройтох байдалд хүргэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг хатуу шаардаж байна” гэжээ.