Categories
мэдээ улс-төр

МАН өрийн дээд хязгаарыг өсгөхийг дэмжихгүй гэлээ


УИХ дахь МАН-ын бүлэг улс оронд үүссэн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, хүний амь үнэгүйдэх, төрийн дархлаа алдагдах, улс орон өрөнд баригдах, эдийн засаг уруудах, ард түмний амьдралыг доройтуулах байдалд хүргэсэн албан тушаалтнуудад 10 хоногийн хугацаанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан билээ. Уг шаардлагын хариуг нэхэж өнөөдөр албан бичиг явуулсан бөгөөд бүлэг маргааш ээлжит бусаар хуралдаж, хариуцлага тооцох асуудлыг энэ долоо хоногт албан ёсоор тавина гэж бүлгийн дэд дарга Д.Оюунхорол мэдээллээ.
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа энэ долоо хоногт байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэлээ. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн юм. Мөн Гэмт хэргийн тухай болон холбогдох хуулийн төслүүдийн талаар мэргэжилтнүүдийн санал, байр суурийг сонслоо.
Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн дотор өмнөх 22 жилд бий болсон 2,2 тэрбум ам.доллараас давсан өр зээлийг үүсгэсэн нь анхаарал татахуйц хэмжээнд хүрээд байна. Манай улс өрийг тусгайлан зохицуулсан нэгдмэл хуульгүй өнөөг хүрсэн. Энэ ч үүднээс Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг буруу гэж үзэхгүй байна. Харин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн дээд хязгаарыг 90 хувь болгон нэмэгдүүлэх Засгийн газрын саналыг дэмжихгүй гэдгээ дахин албан ёсоор мэдэгдэж байна. 

 Түүнчлэн МАН-ын бүлэг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг эхний ээлжинд хэлэлцсэний дараа Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Categories
мэдээ улс-төр

Сайд тендергүйгээр шууд гэрээ байгуулахыг дэмжихгүй

Бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөлд салбарын сайд тендергүйгээр шууд гэрээ байгуулж төсвийг зарцуулахаар тусгасныг МАН-ын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна. Учир нь энэхүү зохицуулалт нь тендер шалгаруулалтын ил тод, хариуцлагатай байх үндсэн зарчмыг үгүйсгэсэн, нэг хүний ашиг сонирхлоос шууд хамааралтай, шударга өрсөлдөөнийг боомилсон, дотоодын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн чадавхийг бэхжүүлэх боломжийг хязгаарласан, зөвхөн цөөн тооны томоохон аж ахуйн нэгжийг дэмжиж, зах зээлд олигополийг төрүүлэхэд чиглэжээ. Сайд салбарын бодлого тодорхойлох чиг үүргээсээ илүү тендерийн үйл ажиллагаанд түлхүү оролцох нь салбарын яамны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. Түүнчлэн энэ хуулийн төсөл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Худалдан авах ажиллагааны хууль, эрх зүйн орчныг дордуулж, олон улсын туршлагаас ухарчээ. Худалдан авах ажиллагааны нээлттэй тендер шалгаруулалтын журмыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагууд, дэлхий нийт өөр өөрийн онцлогт тохируулан хэрэглэж байна. Манай улсад худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага бий болсноор Худалдан авах ажиллагааны газар тендер шалгаруулалтыг 100 хувь, аймаг, нийслэл 20 хүртэлх хувийг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Нөгөө талаар шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан “Тендерийн будлиан, авлига, хээл хахуулийг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор явуулах” зорилттой зөрчилдсөн, Засгийн газар дэвшүүлсэн бодлого, зорилтоосоо ухарсан хуулийн төсөл болсон гэж үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

АН бүлэг Өрийн удирдлага, НӨАТ-ын хуулийг дэмжинэ

УИХ дахь АН-ын бүлэг даваа гаригт хуралдаж хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тус намын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл, УИХ-ын даргын мэдээлэл, Чингэс бондоос санхүүжүүлэх зарим төсөл болон энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонсч, байр сууриа нэгтгэсэн тухай тэрбээр ярианыхаа эхэнд онцолсон юм. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар айлчлал хийгээд ирсэн. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон “Роснефть” компанийн Ерөнхийлөгч болон бусад албаны хүмүүстэй уулзсан. Энэ удаагийн айлчлал үр дүнтэй болсон гэдгийг Ерөнхий сайд АН-ын бүлэгт танилцуулсан бөгөөд хамтарсан төмөр замын асуудал болон хийн хоолойг Монголоор дамжуулах, “Роснефть” компаниас импортын шатахуун авах талаар гэрээ хийсэн гээд олон чухал ач холбогдолтой айлчлал болсон гэжээ. Түүнчлэн “Чингэс” бондын мөнгөнөөс Жижиг, дунд үйлдвэрийн санд 100 сая ам.доллар олгохыг дэмжсэн байна. Ингэснээр 579 жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихээр санхүүжилтийг “Чингэс” бондоос гаргаж байгааш бүлэг дэмжжээ. Мөн цементийн дотоодын хэрэгцээг хангах зорилгоор “МАК”, “Монполимент” хамтран Баян-Өлгийн аймагт байгуулж буй компанид “Чингэс” бондын мөнгөнөөс хөнгөлөлттэй зээл олгохоор болсныг АН-ын бүлэг дэмжсэн аж. Үүнээс гадна тус бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, Өрийн удирдлагын тухай хууль, НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга, Бараа, ажил үйлчилгээний хууль буюу тендерийн тухай хуулийн төслүүдийг дэмжсэн байна. Үүний дараа бүлгийн дэд дарга С.Одонтуяа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Хийн хоолойг Монгол Улсаар дамжуулахыг ОХУ-ын талаас ямар байр суурьтай хүлээж авсан бэ?
-Энэ талаар Ерөнхий сайд мэдээлэхдээ, Монголын талаас хууль тогтоомж гарган бүх талын дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ хэлсэн гэсэн. ОХУ-ын талаас ч нааштай хариу хэлсэн гэдэг мэдээлэл өгсөн.
-Үйлдвэр,  хөдөө аж ахуйн яам болон Уул уурхайн яам хоёулаа ачаалал ихтэй салбар. Энэ хоёр салбарыг нэг сайд хариуцаад явж байгаа. Энэ байдал хэр удаан үргэлжлэх юм бэ. АН-ын бүлэг энэ асуудал ямар байр суурьтай хандаж байгаа вэ?
-Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны сайдын асуудлыг бүлгийн  хуралдаанаар хэлэлцээгүй. Гэхдээ энэ салбарын сайдын асуудлыг яаралтай оруулж ирж, томилох нь зүйтэй гэдэгт АН-ын бүлгийн гишүүд санал нэгтэй байгаа.
-Дараагийн сайд “давхар дээл”-тэй байх уу эсвэл дан дээлтэй байх уу. АН-ын бүлэг ямар суурьтай байна вэ?
-Энэ талаар мэдээлэл алга байна. Бүлгийн зүгээс энэ талаар ярилцсан зүйл алга. Хувь хүний хувьд нэгэнт “давхар дээл”-ийн асуудлаас болж ийм байдал үүссэн учраас гаднаас сайдаа томилох нь зүйтэй гэж бодож байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санал солилцов


 УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд  Уул уурхайн яам болон Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци, зарим уул уурхайн компанийн төлөөлөлтэй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо. Уулзалтанд УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Ганбат, Ц.Цолмон, Г.Уянга, Д.Зоригт, С.Дэмбэрэл  нар оролцлоо. Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Д.Дамба “Монгол Улсад эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр Төрөөс эрдэс баялгийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг 2014 оны эхээр баталсан. Үүнтэй уялдуулаад Ашигт малтмалын тухай хуулинд тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж буй. Энэ салбарынхны хувьд ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөөд байх нь тийм ч таатай биш байдаг. УИХ-ын гишүүд Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон энэ салбарт ач холбогдол өгч байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэж баталж өгөхийг хүсэв”. “Эрдэс групп” ХХК-ийн захирал Л.Чинбат “Бид уул уурхайн алтан үеэ алдсан. Гадныхан хөрөнгө оруулалтаа татчихсан, тэднийг дуудахад олон жилийн ажил шаардана. Энэ хуулийг хэлэлцүүлэх явцад ажил олгогчдоо бага дарамтлах үүднээс торгуулийн болон төлбөрийн хэмжээгээ багаар тогтоох хэрэгтэй” гэв. Харин “Алтан Дорнод Монгол” компанийн ТУЗ-ын дарга Т.Ганболд “Хуулийг дахин өөрчилнө гэдэг нь гадаад зах зээлд сайн дохио болохгүй. Амьдрал дээр Уул уурхайн компаниуд татвар төлөгч байдаг. Гэтэл орон нутгийнхан хандив гэдэг нэрийн дор компаниудаас мөнгө нэхдэг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай бүх уул уурхайн компаниудад тулгамдаж буй асуудал. Нэг үгээр хэлбэл уул уурхайн компаниуд давхар татвар төлөөд байна. Энэ зохицуулалтыг хуулинд тодорхой зааж өгмөөр байгаа” гэж хэлсэн юм.
Уул уурхайн яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогт, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг танилцууллаа. Тэрээр “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зэрэг холбогдох хуулиуд батлагдсан. Үүнээс үүдэж эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох шаардлагатай болсон” гэдгийг онцлов. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын геологи, уул уурхайн салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар нэмэгдэж, хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг. Энэ салбарын эрх зүйн орчин урт хугацаанд тогтвортой байх нөхцөл бүрэлдэж, хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж, улмаар энэ салбараас улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах хувь, нэмэр өсч, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлт хадгалагдах боломж бүрдэнэ” гэж тэр танилцуулгадаа дурдав. Уулзалтын төгсгөлд Уул уурхайн компаниудын төлөөллүүд Уул уурхайн сайдаас асуулт асууж, Ашигт малтмалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцсон юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Туркын ГХЯ-дын консулын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын ГХЯ-дын консулын II зөвлөлдөх уулзалт 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

Тус уулзалтыг монголын талаас ГХЯ-ны консулын газрын захирал Ш.Сүхбаатар, туркийн талаас Турк Улсын ГХЯ-ны консулын газрын захирал М.Самсар нар тус тус тэргүүлж, хоёр талын иргэдийн харилцан зорчих нөхцлийг сайжруулах, хууль ёсны эрх ашгийг хамгаалах болон консулын харилцаа, хамтын ажиллагааны тодорхой асуудлуудаар санал солилцов. Консулын зөвлөлдөх уулзалтад Монгол Улсаас БНТурк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг оролцов.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2013 онд БНТурк Улсад хийсэн айлчлалын үеэр “Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь хоёр орны иргэд хоорондын харилцааг улам бэхжүүлэхэд чухал түлхэц болсныг талууд онцлоод, цаашид хоёр талд хөдөлмөр эрхэлж буй иргэдийг нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн даатгалд хамруулах чиглэлээр хэлэлцээр байгууллахаар тохиролцож, Турк Улсад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгуулах, туркийн авиакомпаний тээвэрлэх зорчигчийн хязгаарыг нэмэгдүүлэх, жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх,   Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй, урт хугацааны визтэй турк иргэдийг визийн хүчинтэй хугацаанд гарах-орох визээс чөлөөлөх талаар хамтран ажиллахаар болов.  

Мөн хоёр талын иргэний бүртгэлийн байгууллагуудын хооронд хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах болон Турк Улсын хаягийн бүртгэлийн систем, нийгмийн хамгаалал, цахим визийн талаар туршлага судлахаар монголын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид Турк Улсад ажлын айлчлал хийхээр тохиролцов.

Энэ өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Турк Улсын Гадаад харилцааны яамны консулын газрын ерөнхий захирал М.Самсар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Монгол, Туркийн “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид энэхүү харилцааны түвшинг ахиулах, хоёр талын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон болно. 

Categories
мэдээ улс-төр

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр УИХ-ын даргад Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай, Ашигт малтмалын зарим ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод нэмж хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус өргөн барилаа. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уг нь УИХ-д бараг íýã жилийн өмне өргөн барьсан. Ийм хуультай болохоор бараг 8-9 жил ярьж байгаа. Хуулийн төсөл дээр өнгөрсөн хугацаанд УИХ- ын ажлын хэсэг ажиллаж, УИХ-ын  эцсийн хэлэлцүүлэг хийсэн ч зарим асуудлаар гишүүдийн байр суурины зөрүүтэй  байдлаас хамааран санал хуваагдаж олонхийн санал  авалгүй санал тэнцэн унасан юм. Иймд Засгийн газар маргаантай асуудлыг судалгаанд ундэслэн боловсруулж УИХ-д өргөн барьлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ “Газрын тосны хууль батлагдсанаар өөрийн улсад олборлож байгаа газрын тосыг дотоодод баригдах газрын тос боловсруулах үйлдвэртээ  зах зээлийн унээр, тэргүүн ээлжинд нийлүүлэх боломж бүрдэнэ. Мөн олон улсын хэмжээнд шинэвтэр салбар  буюу уламжлалт бус газрын тос болох нүүрсний давхарыг метан хий, битум, шатдаг занарын төрлийн ашигт малтмалыг эрх, хайх, ашиглах эрх зүйн орчин тодорхой болно” гэдгийг онцолж байлаа. Ингэснээр энэ салбарт хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж, хулээгдэж буй төслүүд хөдөлж эхлэнэ гэж үзэж байна.
Мөн Цагаан суваргын зэс молибдений ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг  Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх тогтоолын төслийг өргөн  барилаа. Энэхүү ордын тухайд бүтээн байгуулалт нь хийгдэж ашиглахад бэлэн болсон аж.
Өнгөрсөн жилийн òàâäóãààð сарын 31-нд долоон ордыг стратегийн ордод нэмж хамруулах тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байсан. Гэвч  УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэн энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар  хэлэлцүүлэхээр болж тогтоолын төслийг эргүүлэн татсан.
Засгийн газраас энэ удаад хөрөнгө оруулагч нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах хүсэлт ирүүлсэн Цайдамнуурын нүүрсний орд, Гацууртын алтны ордыг хамруулах тогтоолын төслийг өргөн барилаа.
Газрын ховор элементийн Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын ордуудын хувьд тус ордууд нь бүрэн судлагдаж дуусаагүй, мөн баяжуулах, боловсруулах технологийн шийдэл тодорхойгүйгээс, техник-эдийн засгийн үндэслэл боловсрогдож дуусаагуй байгаа зэргийг харгалзан энэ удаагийн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулахыг хойшлуулах, Хөшөөтийн нүүрсний ордын хувьд олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хөрөнгө оруулагчид нь уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тал дээр санал нэгдээгүй, орон нутгийн зүгээс хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тохиролцоонд хүрснээр уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулахгүйгээр гэрээ байгуулан ажиллах саналыг ирүүлсэн тул тогтоолын төслөөс хасах үндэслэл болсон байна.

Categories
мэдээ улс-төр

2014 оны төсвийн тодотголыг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, дуусган гишүүдийн 84.6 хувийн саналаар баталлаа. Мөн төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлэгдсэн 2014 оны Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Эдгээр хуулиуд нь өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна.

УИХ-аас 2014 оны төсвийн тодотголыг баталснаар сайдууд дараах хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй боллоо. Үүнд

Ерөнхий сайд 106.1 тэрбум төгрөг

Шадар сайд 120.1 тэрбум

ЗГХЭГ-ын дарга  22.9 тэрбум

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 75.4 тэрбум

Гадаад харилцааны сайд 53.8 тэрбум

Сангийн сайд 1.8 их наяд

Хууль зүйн сайд  371.8 тэрбум

Барилга хот байгуулалтын сайд 223.2 тэрбум

Батлан хамгаалахын сайд  207.2 тэрбум

Боловсрол, шинжлэх ухааны сайд 1.2 их наяд

Зам тээврийн сайд 303.8 тэрбум

Соёл спорт, аялал жуулчлалын сайд  147.3 тэрбум

Уул уурхайн сайд 24.6 тэрбум

Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд 183.7 тэрбум

Хөдөлмөрийн сайд 237.2 тэрбум

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд  441.9 тэрбум

Эдийн засгийн хөгжлийн сайд 57.2 тэрбум төгрөг

Эрүүл мэндийн сайд  584.4 тэрбум

Эрчим хүчний сайд 199.5 тэрбум төгрөгөөр тус бүр баталлаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг В.И.Якунинтай уулзлаа

ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр өглөө “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинтай уулзлаа.
Өмнө  нь Монгол Улсад ирэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж байсан тэрээр энэ удаа төрөлх хотдоо дахин уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд Санкт-Петербургт тавтай зочлохыг хүслээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг УБТЗ-ын ашиг орлогыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцож байгаадаа баяртай буйгаа онцлоод цаашдын хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг хүслээ.
Харин “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин “Дэлхийн хоёрдугаар дайнд Монголын ард түмэн чин сэтгэлээсээ тусалсан. Бид эртний найрсаг харилцаатай ард түмэн. Өдгөө дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндхэн нөхцөлд байна. Энэ байдлаас гарахад манай улсад зохион байгуулагдаж байгаа форум чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна”гэлээ.
Засгийн газрын тэргүүний дараагийн хийх уулзалт нь “Ростех” корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезов юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Улаан: “Чингис” бондын зээлийн хүүд жилд 114 тэрбум төгрөг төлж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Төсвийн тодотголын талаарх хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын шууд мэдэлд байдаг төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулж хэмнэсэн мөнгөөр нь “Чингис” бондын эргэн төлөгдөх хөрөнгөнд нэмэрлэнэ гэсэн зарчмын санал оруулж ирсэн нь Төсвийн байнгын хороон дээр дэмжигдээгүй аж. Энэ санал дээр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Гишүүд төсвийн урсгал зардлыг бууруулж, бондын мөнгийг төлөлцөх нь зөв ч гэсэн зарим байгууллагын урсгал зардал нэмэгдсэн тул яаж тэнцүүлж бууруулах вэ гэдэг асуулт тавьж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн “Чингис” бондын зээлийн хүүнд жилд дунджаар хэдэн төгрөг төлдөг тухай тодруулав. Сангийн сайд Ч.Улааны хэлснээр манай улс “Чингис” бондын зээлийн хүүнд жилд 114 тэрбум төгрөг төлдөг байна. Түүнчлэн 2016 болон 2017 онуудад жил бүр нэг их наяд орчим төгрөг төлөх Хөгжлийн банкны зээлийн өр байгааг ч хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч ирж Ерөнхий сайд айлчлалаар явлаа

БНХАУ-ын Шанхай хотноо  болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA)  бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалтад оролцсон  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эх орондоо ирсэн. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнтэй зөрөн ОХУ-г зориад байгаа юм.
Орос, Хятадын хамтын ажиллагаа идэвхижиж буй энэ үед Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх, түүнтэй холбоотой асуудлууд яригдаж эхэлсэн учраас ийн гэнэтийн айлчлалууд ар араасаа төлөвлөгджээ.