Categories
мэдээ улс-төр

Ш.Түвдэндоржийг томилуулах саналыг УИХ-ын даргад өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Шаравдоржийн Түвдэндоржийг томилуулах саналыг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр  өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд ийнхүү өргөн мэдүүлж байна.

Ш.Түвдэндорж нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд нийслэлийн 5-р дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг радио холбооны инженер мэргэжлээр, 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг хуульч өмгөөлөгч мэргэжлээр, 2000 онд Удирдлагын академийг төрийн захиргааны менежер мэргэжлээр тус тус төгссөн байна. Хуульч, улс төрч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор.

Тэрбээр 1984-1990 онд Ардын армийн 124-р ангийн салааны захирагчаар ажиллаж байгаад 1992-1996 онд МҮАН-ын дүүргийн дарга, 1996-1999 онд МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажилласан байна.

Ш.Түвдэндорж 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХ-ын сайд, 2003-2008 онд МОАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МОАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Нийслэлийн Ардчилсан намын даргын албыг тус тус хашиж байгаад 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар  Хуульзүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байна.

  Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Алтан Гадас одон,  АН-ын дээд шагнал-Чингис Хааны одонгоор тус тус шагнагджээ.  

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд 50 тэрбум төгрөгөөр юу юу хийснээ танилцуулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн зарцуулалт, ажлын гүйцэтгэлийнхээ талаар мэдээлэл хийв.

Замын цагдаагийн торгуулийг тасалбарын системд шилжүүлж нийслэлийн 350  цагдаад гар компьютер,  хэвлэгч машин авснаар цагдаа, жолооч хоорондын маргаан шуурхай шийдэгдэж, мэдээлэл сайжирсан. Энэ ажилд 1.795 сая төгрөг зарцуулсан бол төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй шуурхай болгохоор GPS төхөөрөмжтэй 8 автомашин чингэлгийн хамт авахад, гэр хорооллыг ухаалаг шуудангийн хайрцгаар хангахад 1.929 сая төгрөг зарцуулжээ. Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад битүү зах, худалдааны төв барихад 9.768 сая төгрөг зарцуулснаар 1800 орчим худалдаачид  дулаан тохитой орчинд ажиллаж орон нутгийн иргэд тав тухтай үйлчлүүлэх болсон байна. Харин Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт цогцолбор, дугуйн зам барихад 5.335 сая, Залуучуудын соёлын төвийг сэргээн засварлахад 1.762 сая төгрөг зарцуулжээ. Түүнчлэн жирэмсэн эхчүүд болон ураг, нярайд яаралтай тусламж үзүүлэх, эрүүл мэндийн шуурхай үйлчилгээг нэг цэгээс авдаг болох зорилгоор  Улаанбаатар хотод эх, ураг, нярайн тусламж үйлчилгээний төв байгуулахад 2.220 сая, 11 аймагт  эрүүл мэндийн оношилгооны төв бий болгоход 23.696 сая төгрөгийн төсөвт ажлуудыг тус тус дуусган хүлээлгэж өгчээ.

Нийт 50.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 34 төсөл арга хэмжээнээс 32 төсөл буюу  45.9 сая төгрөгийн гэрээт ажлыг хүлээлгэн өгсөн аж. Төслийн ажлыг Худалдан авах ажиллагааны газар болон дээрх төслүүдэд холбогдох Замын цагдаагийн газар, Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх Д.Батмөнх хариуцан ажилласан юм байна. 

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад албан тоот хүргүүлжээ

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, С.Ганбаатар нар “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх санал тавих тухай“ албан тоотыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт өчигдөр хүргүүлсэн байна. Уг албан тоотод, “ УИХ-ын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний чиглэл”-д Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт, тодотгол оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэхдээ төсвийн урсгал зардлыг 20 хувиар бууруулж, хэмнэлтийн горимд шилжүүлэх зарчим баримтлахыг Засгийн газарт чиглэл болгосон.

Энэ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 2013-2014 оны гурван талт хэлэлцээрээр нэгэнт тохирсон Төрийн албан хаагчдын цалин, ахмад настан, эх үрс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 2014 онд нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлж, энэ арга хэмжээнд зориулж нэмэгдэл санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэх боломж олгож буйг Ерөнхий сайд танд сануулж байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр хэрэглээний бараа үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 2014 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 1.0 хувь, оны эхнээс 4.6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 12.3 хувиар өсчээ. Нөгөө талаар 2012 оны 3 дугаар улирлаас 2014 оны 2 дугаар улирлын хооронд хэрэглээний үнийн индекс 37 хувиар өссөн нь төрийн албаны ажилтан түүний дотор төрийн болон үйлчилгээний бага тушаалын ажилтнууд, тэтгэврийн ахмадуудын худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж тэдний амьжиргааны түвшин улам бүр доройтоход хүрч байна.

Иймд энэ нэмэлт эх үүсвэрийг зөвхөн төрийн албан хаагчийн цалингийн сүлжээний бага ангилал, зэрэглэлд хамаарах ажилтны цалин, бага тэтгэвэр тогтоогдсон өндөр настнуудын тэтгэврийн хэмжээг нэн яаралтай нэмэгдүүлэхэд зориулах нь зүйтэй гэсэн дээрх саналыг хүргүүлж байна. Асуудлыг нэн даруй шийдвэрлэж, хариу ирүүлнэ үү” гэжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр чуулганы хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэнэ

1.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн импортолж байгаа тоног төхөөрөмжийн татварыг 2 жил хүртэл хугацаагаар сунгах тухай, эцсийн хэлэлцүүлэг/:

– Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.

2.Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.5.13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016.12.31-ний өдөр хүртэл сунгах тухай, эцсийн хэлэлцүүлэг/:

– Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ХАЯНХЯРВАА танилцуулна.

3. Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/:

– Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

4.Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн 2014.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, далай аварга цолыг хасах тухай, хэлэлцэх эсэх/:

– Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн  Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна;

– Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.

5.Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.4.01-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

– Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.УЛААН танилцуулна;

– Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.

6.Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

– Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд Д.ТЭРБИШДАГВА танилцуулна;

– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН танилцуулна.

7.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

– Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;

– Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их  Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна.

14.00 цагаас:

Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “2013 оны Улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад хуваарилагдсан 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлийн талаар”.

Автомашингүй өдөр”-өөр нийтийн тээврийн зарим чиглэл өөрчлөгдөнө

Энэ ням гаригийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.  Зургадугаар сарын 7-ны өдөр болох “Автомашингүй өдөр”, “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр 08-17 цагт Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын туннель дотогш автомашингүй бүс болгож, замын хөдөлгөөнийг хаана. Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн чиглэлийн 37, хот орчмын 6 чиглэлд өөрчлөлт орж байгаа юм. Нийтийн тээврийн үйлчилгээ амралтын өдрийн хуваарийн дагуу үйлчлэх бөгөөд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Нарны зам, Их тойруугаар тойрч явахаар маршрут гаргасан байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит бус хурал үргэлжилж байна

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн үүрэг амлалт аваад буй Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх асуудлаар ээлжит бус хуралдааныг ойр ойрхон зарлаж хийх болсон. Энэ удаагийн хурлаараа дараах асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

ЗАСГИЙН ГАЗРЫН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ №26

Хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

 

Хэлэлцэх
асуудал

Засгийн
газрын гишүүн

1.   
 

Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт
оруулах тухай хуулийн төсөл*

Д.ТЭРБИШДАГВА

2.   
 

Монгол, Оросын дунд хугацааны
хөтөлбөрийн тухай

Л.БОЛД

3.   
 

Аж ахуйн нэгжийн орлогын албан
татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналын тухай

Ч.УЛААН

4.   
 

“Дэмжлэг үзүүлэх захидал”-ыг
гаргахыг зөвшөөрөх тухай*

Ч.УЛААН

5.   
 

Эрдэнэт-Арц суурь боомтын чиглэлд
төмөр замын шинэ шугамын тухай

А.ГАНСҮХ

6.   
 

Тогтоол, тогтоолын хавсралтад
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай * (Төмрийн хүдэр)

       
Д.ГАНХУЯГ

7.   
 

Таван толгойн ордын талаар авах
зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл*

Д.ГАНХУЯГ
Н.БАТБАЯР

8.   
 

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай Засгийн газрын тогтоолын төсөл (Арьс шир)

Д.ГАНХУЯГ

9.   
 

Зээлийн шугам нээх тухай

Д.ГАНХУЯГ

10. 

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн
тухай хуулийн төслийн тухай*

Н.БАТБАЯР

11. 

Чөлөөт бүсийн тухай хуулийн
шинэчилсэн найруулгын төслийн тухай*

Н.БАТБАЯР

12. 

“Экспортыг дэмжих хөтөлбөр”-ийг
хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл*

Н.БАТБАЯР

13. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй
холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн
найруулгын төслийн үзэл баримтлалын төслийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

14. 

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус
хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

15. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачлан боловсруулсан Шилэн дансны тухай хуулийн төсөлд  Засгийн
газраас өгөх санал, дүгнэлтийн тухай*

Х.ТЭМҮҮЖИН

16. 

“Засгийн газарт чиглэл өгөх тухай”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газраас өгөх санал,
дүгнэлтийн тухай*

 Д.БАТ-ЭРДЭНЭ

 

Танилцуулах
асуудал

 

17. 

Авто зам, барилгын ажлын явцын
тухай

А.ГАНСҮХ

18. 

Авто замын засвар, арчлалтын явцын
тухай

А.ГАНСҮХ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНЭУ-ын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/-ын Гадаад хэргийн сайд Шейх Абдулла Бин Зайд Аль Нахъяныг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад айлчлан ирсэнд нь АНЭУ-ын Гадаад хэргийн сайдад талархал илэрхийлж тавтай морилохыг хүслээ. Уулзалтын үеэр Монгол Улс, АНЭУ-ын хооронд сүүлийн жилүүдэд харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч нар 2001, 2007 онд АНЭУ-д айлчилж байсан, мөн Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүн тус улсад айлчилсан бол АНЭУ-ын зүгээс ч сайд нар Монгол Улсад айлчлан ирж байсан нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр үзүүлснийг онцоллоо.

Монгол Улс, АНЭУ-ын хооронд худалдаа, эдийн засгийн харилцаа цаашид өргөжин хөгжих боломжтой талаар уулзалтын үеэр ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнх нь чин сэтгэлийн халуун мэндчилгээг Эрхэм дээд Эмир Шейх Халифа Бин Зайд Аль Нахъянд уламжлахыг уулзалтын төгсгөлд АНЭУ-ын Гадаад хэргийн сайдаас хүсэв.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарыг няцаав

Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлын үеэр “888 төсөлд шалгарсан төслийг зарна” гэсэн зар ор үндэсгүй гэж хэлээд “Орон нутгийн иргэдэд анхааруулах нь зүйтэй” хэмээн санууллаа. Засгийн газар 2014 оныг “Монголдоо бүтээцгээе” уриан дор үйлдвэрлэлийг дэмжих жилээр зарласан. Энэ хүрээнд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн төслийн уралдаан зарлахад 1150 төсөл ирсэн. Зорилгод нийцээгүй төслүүдийг хасч, 888 төсөл үлдсэн байна. 

“7,8 саяас 2 тэрбум төгрөг хүртлэх зээл хүссэн 579 төсөл бий. Эдгээр төслүүдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэж, аймаг, дүүргийн  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд Чингис бондоос тус бүр 1 тэрбум төгрөг шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэрлэлийн төслүүдээ санхүүжүүлэх учиртай” гэж Ерөнхий сайд хэллээ.

 Нийслэл, аймгуудад “Гудамж” төслийг хэрэгжүүлэх, 9 аймагт дулааны станц байгуулах, 16 суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлэх, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгийн төвийг хатуу хучилттай автозамаар Улаанбаатар хоттой холбох, аймгийн төвүүдэд 1000 айлын орон сууц барих зэрэг ажлуудыг Ерөнхий сайд нэрлээд, эдгээрт онцгой анхаарал тавьж ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгожээ. Энэ үеэр мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Аль болох үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдан авах, шаардлагагүй зарим импортын хэрэглээг багасгах”-ыг зөвлөлөө.

Categories
мэдээ улс-төр

Наадам хүртэл махны нөөц хангалттай гэв

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал 11-11 төвд ажиллалаа.

“Энэ жил улсын хэмжээнд 286.6 мянган га талбайд үр тариа, 10.0 мянган га талбайд төмс, 5.5 мянган га талбайд хүнсний ногоо, 65.0 мянган га талбайд тосны ургамал тариалжээ. 16.1 сая мал төллөснөөс 16 сая төл бойжиж байна” гэж тэр хэллээ.   

Өнгөрсөн намар 14.546 мянган тонн мах нөөцөлснөөс 9200 тонныг борлуулжээ. Наадам хүртэл махны нөөц хангалттай гэлээ.

Уламжлалт мал аж ахуйн салбараас гадна мах, сүү, ноосны чиглэлийн үүлдэр угсааны малын эрчимжсэн аж ахуйг түлхүү дэмжих бодлого баримталж байгаа. Газар тариалангийн салбарт ногоочдын үйл ажиллагааг механикжуулах, хүнсний ногооны зоорь барих зэрэг төслийг дэмжинэ. Хөнгөн үйлдвэрийн салбарт ноос, ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүн, ферм, хүлэмжийн аж ахуйд зориулж 270 тэрбум төгрөг, арьс ширний үйлдвэрлэлд 140 тэрбум төгрөг батлагдсаныг олгож эхлээд байна гэлээ.    

Малчдыг эдийн засгийн мэдлэгтэй болгоход анхаарч, түүхий эдээ Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан борлуулдаг болгож байна. Малчдын бүх гүйлгээ  тухайн хүний “Малчин данс”-аар дамжин хийгдэх бөгөөд ингэснээр бүх төрлийн зээл, хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болох юм гэж төрийн нарийн бичгийн дарга ярьсан юм. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалыг Засгийн газрын 11-11 төвд ажиллах үеэр 3000 орчим хүн холбогдож мэдээлэл авчээ.  

Categories
мэдээ улс-төр

Ногоон хөгжлийн үндсийг тавина

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  хуралдаанаар Ногоон хөгжлийн бодлогод анхаарал хандуулав. 

 “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан төслийг товч танилцуулсан.

Дэлхий нийтэд тулгараад байгаа уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна. Иймд манай улсын хувьд ногоон хөгжлийн бодлогыг тодорхойлох зайлшгүй шаардлага тулгарч байгаа гэдгийг Байнгын хорооны дарга онцолсон юм.

Хэлэлцүүлгийн шатанд Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар Байнгын хороонд оруулж буй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд “Ногоон хөгжлийн үзэл баримтлал” болон “Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр” гэсэн нэр томьёог нэгтгэн “Ногоон хөгжлийн бодлого” болгон өөрчлөх саналыг гишүүдийн олонх дэмжлээ. “Ногоон хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд стратегийн зургаан зорилтыг тодорхойлсон байна.

Бодлогын зорилго нь ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийн оролцоог хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлж, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болоход оршиж байгаа аж.

“Ногоон хөгжлийн бодлого”-ыг хоёр үндсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан байна. Нэгдүгээр үе шат нь Ногоон хөгжлийн үндсийг тавих үе буюу 2014-2020 он, хоёрдугаар үе шат Ногоон хөгжилд шилжих үе буюу 2021-2030 он хүртэлх хугацааг хамрах юм. Ингэснээр нэгдүгээр шатанд, өөрийн орны нөхцөлд тохирсон ногоон хөгжлийн загвар, хэм хэмжээг эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт бий болгож, ногоон хөгжлийг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлж, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй өрнүүлнэ. Мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлж, бүс нутагтаа өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хөгжиж, мэдлэгт суурилсан эдийн засаг төлөвшиж, ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн механизмаар байгальд ээлтэй, үр ашиг өндөртэй ногоон дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цэвэр үйлдвэрлэлийн технологийг хөгжүүлж, нэгж бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Хоёрдугаар шатанд, хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалж, экосистемийн үйлчилгээний үр өгөөжийг ухаалгаар хүртэж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, өндөр үр ашигтай ногоон эдийн засаг, нийгмийн тэгш хүртээмжтэй тогтолцоо төлөвшсөн байна. Эдийн засгийн бүтцэд өндөр технологи, инноваци шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгайлж, ногоон эдийн засагт шилжих зорилт тавьжээ.

Хуралдаанаар тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй санал болон найруулгын шинжтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж дууссаны дараа төслийг бүхэлд нь дэмжих саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл танилцуулахаар болов. Тус байнгын хорооны хуралдаанаар мөн  “Малын индексжүүлсэн даатгал”-ын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.  

Categories
мэдээ улс-төр

Ш.Түвдэндоржийг Засгийн газраас УИХ-д өргөн бариагүй байна

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг томилох асуудлыг Засгийн газраас УИХ-д өргөн бариагүй хэмээх шалтгаанаар   УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэнгүй. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлэхээр шийдвэр гарсан ч албан ёсоор УИХ-д өргөн бариагүй учраас ийнхүү сайд томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж байгаа аж.

УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хамтарсан байнгын хорооны хуралдаан  ирц хүрээгүй улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Ашигт  малтмалын тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын томилох асуудлыг хэлэлцэх байсан юм.