Categories
мэдээ улс-төр

Манай улсын сонгуулийн шинэчлэлийг өндрөөр үнэлжээ

Бүгд Найрамдах Киргиз Улсын Тэргүүн шадар сайд Т.Д.Сарпашев өчигдөр манай улсын Сонгуулийн Ерөнхий хороонд зочилж, дарга  Ч.Содномцэрэнтэй уулзжээ. Тэрбээр энэ үеэр Монгол Улсын сонгуулийн шинэчлэл өндөр үнэлэхүйц, сонгуулиуд нь загвар  болохуйц  болсныг онцлон тэмдэглэсэн байна.

 Мөн Сонгуульд итгэх иргэд, сонгогчдын итгэлийг бий болгосон нь Монголын сонгуулийн байгууллагын  гол үр дүн юм. Та бүхний  хуримтлуулсан өвөрмөц  туршлагыг  ихэд сонирхож байна. Тиймээс шинжээчдийн түвшинд тогтмол харилцах  хүсэлтийг хүлээн авна гэдгээ илэрхийлжээ.

 Ноён Т.Д.Сарпашев Киргиз Улсын Тэргүүн шадар сайдын  хувьд сонгуулийн байгууллага  түүний дотор 2015 онд болох парламентын сонгуульд сонгуулийн шинэ техник, технологи нэвтрүүлэх асуудлыг  хариуцаж байгаа аж. Манай улсын сонгуулийн шинэчлэлийн явц, үр дүн, сонгууль зохион байгуулж буй арга туршлага, ялангуяа сонгуульд дэвшилттэй техник, технологийг хэрхэн сонгож, богино хугацаанд амжилттай нэвтрүүлсэн байдал зэрэг түүний сонирхолыг татжээ.

 Киргиз Улсын Тэргүүн шадар сайдыг тус улсын Сонгууль, бүх нийтийн санал асуулгын Ерөнхий хорооны гишүүн, Засгийн газрын дэргэдэх Улсын бүртгэлийн албаны төлөөлөл дагалдаж манай улсаас туршлага судалсан байна. Бүгд Найрамдах Киргиз Улсад 2015 онд парламентын, 2016 онд орон нутгийн, 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль тус тус болох юм.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр таван байнгын хороо хуралдана

1.Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.4.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэх чиглэлээр, анхны хэлэлцүүлэг/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

“Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай, хэлэлцэх эсэх/;

“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.5.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал.

3.Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол хэлний тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, А.Бакей, Г.Батхүү, Л.Гантөмөр, Н.Энхболд нар 2014.5.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн 2014.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, далай аварга цолыг хасах тухай, анхны хэлэлцүүлэг/.

5.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан хамтарсан хуралдааны дараа “Б” танхимд үргэлжилнэ:

Хэлэлцэх асуудал:

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тайлан сонсох;

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын удирдах ажилтны зөвлөгөөн болно

МАН-ын Удирдах ажилтны зөвлөгөөн маргааш, нөгөөдөр хоёр өдөр Тусгаар тогтнолын ордноо болно.  Зөвлөгөөний нээлт маргааш 09.40 цагт эхлэх бөгөөд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нээж үг хэлэх ба МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн, МАН-ын УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт нар тайлан илтгэл тавих юм байна. Тус намын XXVII Их хурлаас гаргасан шинэчлэлийн бодлогыг эрчимжүүлэх, эв нэгдлийг эрхэмлэж, гишүүд дэмжигчид, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэдний итгэл дэмжлэгийг нэмэгдүүлэн, ард түмэнтэйгээ хамтарч ажиллах чиг үүргийн чухалчилсаны дагуу намын удирдах ажилтны зөвлөгөөнийг хийх шаардлагатай байгаа гэлээ.

Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, намын дэргэдэх төрийн бус байгууллагуудын удирдлагуудаас гадна  21 аймаг, есөн дүүргийн нийт 500 гаруй намын удирдах ажилтан оролцоно.  Намын удирдах ажилтны улсын зөвлөгөөн өнгөрсөн жил Дархан-Уул аймагт болсон бөгөөд энэ жил “Нэг зорилго, нэг баг” уриан дор зохиогдох аж. Зөвлөгөөнөөр шинэчлэлийн бодлого, эв нэгдлийг эрчимжүүлэхэд түлхүү чиглэнэ гэж зохион байгуулагчид онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

Татварын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.06.09 / өргөн барилаа.

“Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх 100 хоног”-ийн хүрээнд Монголын Банкуудын холбооноос тодорхой саналууд ирүүлжээ. Үүнд арилжааны банкууд гадаадын хөрөнгийн зах зээлээс зээлийн эх үүсвэр татахад хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчийн зүгээс хүүгийн орлогодоо ямар нэг татварыг Монгол улсад суутгуулахгүй байхаар хатуу шаарддаг. Үүнээс үүдэн банкууд өөрийн зардлыг нэмэгдүүлэн тооцож, хуулийн дагуу татварыг улсын төсөвт төлж өртөг нэмэгддэг. Цаашлаад банкууд тухайн эх үүсвэрийн өртөгт нэмэгдсэн татварыг зээл авч буй бизнес эрхлэгчдийн зээлийн хүүд тодорхой хувиар шингээн хүүг тогтоож буй нь бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа тул Монгол улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондын хүү болон арилжааны банкны гадаадын банк санхүүгийн байгууллагаас авсан урт хугацаатай зээлийн хүүгийн орлогод 0 хувиар, Монгол Улсад оршин суугч бус иргэний Монгол улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондын хүү болон арилжааны банкны гадаадын банк санхүүгийн байгууллагаас авсан урт хугацаатай зээлийн хүүгийн орлогыг тус тус чөлөөлөх саналыг ирүүлсэн байна. Саналыг судлан үзсэний дагуу зээлийн хүүгийн орлогыг татвараас чөлөөлөх нь “нимгэн капиталжуулалт”-ыг бий болгож, ашгаа зээлийн хүү нэрээр татваргүйгээр гадагш шилжүүлэх эрсдэл бий болохоор байна. Иймд банкны салбарын хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор гадаад, дотоод гэж ялгалгүй хөрөнгийн биржид гаргасан бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах нь татварын тэгш шударга байх зарчмыг хангаж байна. Харин Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар оршин суугч болон оршин суугч бус этгээд нь зээлийн хүүгийн орлогод 10 хувиар албан татвар ногдуулж байх тул хуульд өөрчлөлт оруулах шаардлагүй юм хэмээн хууль санаачлагч үзэж байгаагаа дуулгасан.

Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17.2-т “Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 10 хувиар татвар ногдуулах” гэснийг нэмэх өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Мөн барьцаа хөрөнгөө өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд бүртгэн авсанаар эдгээрийг татвар ногдох зүйлд тооцон нийт 37.5-47 хувийн урамшуулал, татварын зардал гарч байх тул өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татваараас чөлөөлөх, улмаар зээлийн эрсдэлээс хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардалд хамруулахаар санал ирүүлсэн байна. Саналыг судлан үзвэл банк, банк бус санхүүгийн байгууллага зээл төлүүлэх зорилгоор түр эзэмшиж, худалдсан үл хөдлөх эд хөрөнгийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх асуудлыг дэмжих боломжтой гэж үзэж байгаа юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Олон улсын хөгжлийн хуулийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Олон Улсын Хөгжлийн Хуулийн Байгууллага /IDLO/-ын тусгай элч доктор В.Патон, байгууллагын Монгол дахь төлөөлөгч К.Р.Эскудеро нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн шүүхийн шинэтгэлийн асуудлаар ярилцаж, тулгарч буй сорилт, шүүгчид болон хуульчдын давтан сургалтын чиглэлээр туслалцаа үзүүлэх талаар санал солилцов.

Тус байгууллагын тусгай элч доктор В.Патон Монгол Улсын хувьд Олон Улсын Хөгжлийн Хуулийн Байгууллагын гишүүн болох боломж нээлттэй байгааг уламжиллаа.

Олон улсын хөгжлийн хуулийн байгууллага нь Монгол Улсад 2012 оноос Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банктай хамтран Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл, 2013 оноос Эвлэрүүлэн зуучлалын төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

“Өглөөний цай” клубынхэн Ашигт малтмалын талаар ярилцжээ

УИХ-ын зарим гишүүд нэгдэн “Өглөөний цай” клуб байгуулсан билээ. Тэд товолсон ёсоороо өнөөдөр өглөөний цайгаа хамт уулаа. “Өглөөний цай”  уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар, О.Баасанхүү, Д.Батцогт, Г.Уянга, Р.Бурмаа, Х.Болорчулуун, Л.Цог, Ц.Даваасүрэн нар ирсэн юм. Клубын гишүүд Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр санал солилцсон бөгөөд УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Одоогийн хэрэгжиж байгаа Ашигт малтмалын тухай хуулинд  стратегийн орд буюу үндэсний бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэхүйц томоохон баялагтай ордууд дээр төрийн эзэмшлийн хэмжээ 34-50 хувь гэж байгаа. Энийг эзэмшинэ гэдэг нь төр өөрөө хөрөнгө гаргаж тухайн компанидаа мөнгө төлж байж худалдаж авах гэсэн хуулийн төсөл явж байгаа. Агуулгаар нь харвал баялаг нь Монголынх. Энийг бид худалдаж аваад 50 хувийг эзэмшинэ гэдэг ойлголт байж болохгүй. Энэ баялаг өөрөө үнэтэй, энийг стратегийн ордууд дээр тодорхой оруулж ирэх ёстой” гэсэн аж.

Categories
мэдээ улс-төр

Д.Эрдэнэбат: Намын өмчийн асуудал нэлээд маргаантай байна


Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр УИХ дахь АН

-ын бүлгийн дарга  Д.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа.

-Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилох асуудалд намын бүлгийн байр суурь хэвээрээ байгаа юу?

-Үйлдвэр хөдөө, аж ахуйн сайдын суудалд Ардчилсан намын байр суурь хэвээрээ байгаа. Хуваарийн дагуу энэ долоо хоногт асуудал хэлэлцэгдээд явна.

-Зургаан аймгийг хатуу хучилттай авто замаар холбохоос хоёрынх нь төсвийг танасан гэх мэдээлэл байна. Эсвэл бүгдийг нь ингэж танаж байгаа юм уу?

-Аймгуудыг авто замаар холбож дуусах Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэвээрээ хэрэгжиж байгаа. Концессийн тендерийн үйл ажиллагаа долоодугаар сарын 1-нд дуусна. Замын ажил цаашид хэвийн үргэлжлээд явна.

-Сонгуулийн хуулийг энэ долоо хоногоос идэвхижүүлнэ гэлээ. Ямар, ямар асуудал дээр тогтож ярих вэ?

-Сонгуулийн хуульд бидний баримталж байгаа бодлого яг хэвээрээ байгаа. Өөрөөр хэлбэл, бид холимог системээ цаашид хадгалж явах нь зүйтэй гэсэн байр суурин дээр байгаа. Пропорцианаль нь 50 хувь, можаратор нь 50 хувь байх ёстой гэсэн зарчмын байр сууриа Ардчилсан нам илэрхийлсэн. Энэ байр суурь дээрээ өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа.

-Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах судлах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Баярцогт ахалж байгаа. Ажлын явц ямар байгаа вэ?

-Намын тухай хуульд ганц зүйл дээр тохиролцохгүй байх шиг байна. Тэр нь намын өмчийн асуудал нэлээд маргаан дагуулж байгаа юм байна. Гишүүнчлэлтэй байх, байхгүй тухай асуудал мөн маргаан дагуулж байгаа юм байна. Тийм учраас маргаантай байгаа асуудлыг УИХ-д татаж оруулах нь ямар байх бол гэсэн эргэлзээ байгаа. Үүнийг нэг тийш нь болгож чадвал энэ асуудал УИХ-д яригдана.

-Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг Засгийн газар боловсруулсан байгаа юу. Цензурийг нь хэрхэн тавих вэ?

-Эдийн засгийн ил, тод байдлын тухай хууль гэж нэрлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж өнөөдрөөс эхлээд өөрийнхөө байгаа санхүү болон хөрөнгөө ил тод мэдээлээд цаашид бүх зүйлээ тунгалаг болгох ёстой гэсэн хууль юм. Хүнийг гэмт хэрэг талаасаа илүү эдийн засгийн зөв либералчлал иргэн хүн өөрийнхөө өмч хөрөнгийг нээлттэй мэдээлж цаашаа авч явах боломжийг нээх гарааны хууль гэж ойлгож байгаа. Ямарваа нэгэн эрүүгийн хуультай холбоотой асуудлаар ямар, ямар заалт орж ирэх талаар өргөн баригдсаны дараа Хууль зүйн яам тодорхой тайлбарыг хийх байх.

Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаярыг МАН-ын бүлгийн дэд даргад нэр дэвшүүллээ

МАН-ын удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанаар тус намын УИХ-дахь бүлгийн дэд даргад Н.Номтойбаярыг дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тус намын бүлгийн дарга С.Бямбацогт өмнө нь дэд даргын ажлыг хашиж байсан бөгөөд түүнийг албан тушаал дэвшснээс хойш Д.Оюунхорол гишүүн ганцаараа энэ албыг хашиж байсан юм. МАН-ын удирдах зөвлөл хуралдаж Н.Номтойбаярыг МАН-ын бүлгийн дэд даргаар томилох болсноор тус бүлэг хуучнаараа хоёр дэд ахлагчтай ажиллах болж байна. Өнөөдөр үдээс хойш хуралдах МАН-ын бүлгийн хуралд удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулж санал хураалт явуулах бөгөөд энэ үеэр бусад гишүүдээс бүлгийн дэд даргын өрсөлдөөнд саналаараа өрсөлдөж нэр дэвшиж болох ажээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн өргөн барьсан хуулийг хэлэлцдэггүй

Долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар ард түмний эрх ашигт нийцсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн батлахын тулд УИХ дахь бусад нам эвслийн бүлгүүдтэй уулзаж тохиролцох ёстой гэсэн саналд байр сууриа нэгтгэжээ. Парламентийн цөөнх болсон МАН-ын бүлгийн зүгээс санаачлан өргөн барьсан олон хуулийн төслүүдийг УИХ-д хүлээж авдаггүй, хүлээж авсан ч хуулийн төслүүдийг хэлэлцэлгүй уддаг зэрэг олон шалтгааныг хэлж байлаа. Тухайлбал, 2011 онд өргөн барьсан Бүсийн нэмэгдлийн тухай хууль, мөн 2011 онд өргөн барьсан Хувь хүний орлогын албан татварын тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, түүнчлэн хамгийн сүүлд өргөн баригдсан Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж жил бүр нэмэгдүүлэх, Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх зэрэг хуулийн төслүүд одоог хүртэл хэлэлцэхгүй хүлээгдэж байгаа нь олонхийн бүлгийн нөлөөлөл гэж үзэж байгаа ажээ.

Түүнчлэн МАН-ын бүлгээс Засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн төслүүд нь УИХ-ын босго давахааргүй дутуу боловсруулагдсан хуулиуд байдаг гэсэн юм. Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн төсөл, Газрын тухай хуулийн төсөл зэргийг нэрлэлээ. Гэсэн хэдий ч намын бүлгүүд харилцан ойлголцож чадвал Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг аль болох дэмжиж ажиллана гэдгээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, УИХ дахь нам, эвслийн бүлгүүд харилцан ойлголцож чадвал УИХ-ын үйл ажиллагаа цаашид хэвийн явах боломжтой гэлээ.

Харин Газрын тухай хуульд МАН-ын бүлгийн зүгээс бэлчээрийн газрын асуудлыг тухайлан хөндсөн бөгөөд бэлчээрийн газрыг хувьчлах боломжгүй гэдгийг хэлсэн юм. Тиймээс малчдын дунд ихээхэн гардаг бэлчээрийн маргааны асуудлыг зохицуулахын тулд Бэлчээрийн тухай бие даасан хууль гаргах хэрэгтэй гэдгийг Д.Оюунхорол гишүүн хэллээ.

МАН-ын бүлэг цаашид үргэлжлүүлэн хуралдаж дотоод асуудлаа хэлэлцэх ажээ.

Categories
мэдээ улс-төр

А.Гансүх сайд ажлаа тайлагнана

Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газраас “Бүтээн байгуулалтын цаг” мэдээллийг сэтгүүлчдэд өгдөг. Уламжлалт энэхүү мэдээллийн цаг өнөөдөр 15.00 цагт Төрийн ордны “А” танхимд зарлагдсан бөгөөд Зам тээврийн сайд А.Гансүх оролцохоор болжээ.

Засгийн газраас энэ жил зургаан аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбох ажлыг компаниудаар гүйцэтгүүлэхээ мэдэгдээд байгаа. Өнгөрсөн жил мөн зургаан аймгийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбохоор төлөвлөсөн ч хоёр аймгийн ажил удааширч энэ жил үргэлжлэхээр болсон юм. Тэгвэл дээрх ажлууд энэ жил ямар шатанд яваа, мөн төмөр зам барих ажил хэрхэн урагшилж байна вэ зэрэг цаг үеийн мэдээллийг авах боломжтой юм.