Categories
мэдээ улс-төр

Латви улсын Ерөнхийлөгч манайд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш энэ сарын 11-13-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Латви улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш нар албан ёсны хэлэлцээ хийх аж. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг Латви улсын Ерөнхийлөгч Андрис Берзинштэй уулзах юм байна. Энэ айлчлалын үеэр Монгол, Латвийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт болон хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны тухай дугуй ширээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Газрын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байсан.

Харин хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар Газрын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан юм. Учир нь хуулийн төслүүдийн талаар МАН-ын бүлгээс тодорхой саналуудыг өнөөг хүртэл ирүүлээгүй байгаа аж.

Үүний дараа “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, төслийн найруулгын шинжтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй даатгагч нь малчдад малын даатгалын нэмэлт бүтээгдэхүүн санал болгох үүрэгтэй бөгөөд уг харилцааг даатгалын хуулиар зохицуулна. Энэ хуулийн хүрээнд төрөөс үзүүлж буй дэмжлэг нэмэлт бүтээгдэхүүнд хамаарахгүй” гэсэн саналыг гаргасан юм.

Уг саналаар санал хураалгах эсэх асуудлаар чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.1-д заасны дагуу санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувь нь дахин санал хураалгах шаардлагагүй гэж үзлээ.

Ингээд Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей танилцуулахаар болов.

Categories
мэдээ улс-төр

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана.

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

 “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/;

Малын индексжүүлсэн даатгалын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/;

Газрын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

Мөн энэ өдөр ажлын хэсгүүдийн хуралдаан болно.

1. “Монголын кино урлагийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00-12.00 цагт “Б” танхимд;

2.  Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

3.  “Оюу толгой” ХХК-ийн Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтэй танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

4.  Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;

5.  Хотыг дахин хөгжүүлэх тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;

6.  Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

7. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд тус тус болно.

Categories
мэдээ улс-төр

Газрын тухай хуулийг дэмжихгүй гэв

Газрын тухай шинэчилсэн багц хууль нь Монгол улсын тусгаар тогтнол, ард түмний амьдралын арга барил, иргэний эрх ашгийг зөрчиж байгаагийн улмаас энэ хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ Монголын газрын мэргэжилтнүүд, иргэд нэгдэж мэдэгдлээ. Мөн уг хуулийг Их Хурлын хэлэлцүүлгээс буцаан татахыг шаардсан цуглааныг өнөөдөр 17:00 цагт Чингэсийн талбайд зохион байгуулах юм байна. Зохион байгуулагчаар нь “Дэлхийн Монгол” эх оронч залуусын нэгдэл ажиллах гэнэ. 2013 оны мэдээгээр 2008 оноос хойш Монгол Улсын иргэнд 0,07 га газрыг үнэгүй олгох явцад гэр бүлийн хэрэгцээний шаардлагад нийцэх, тохирсон газар хүрэлцээгүйн улмаас ердөө 255 мянган иргэд газар өмчилж авсан байна. Газрын тухай хууль Монголын газар шороог зарж, арилжаалж, барьцаалж болж байгаа ч эцсийн үр дүндээ Монгол улсын нэгдмэл газар нутгийн байдал алдагдах, баялаг ихтэй хэсэг нь хуваагдах аюултай байгаа аж. Хуулийн шинэчилсэн найрууллагад иргэдэд ашигтай талаас нь бичсэн ч газар хүрэлцэхгүй байсаар байгаа гэнэ. Мөн уг асуудлаар “Дэлхийн Монгол” эх оронч залуусын нэгдэл долоон хоног болгон мэдээлэл гаргаж эх орноо хамгаалахын тулд ард түмнээ уриалах болсноо мэдэгдлээ.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо

МАХН-ын Удирдах ажилтны зөвлөлгөөн Төрийн ордон болон МАХН-ын төв байранд хоёр өдөр үргэлжиллээ. Уг зөвлөлгөөнд МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын дэд дарга Л.Цог, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон болон сайд, УИХ-ын гишүүд оролцлоо. Мөн 21 аймаг, 9 дүүргийн МАХН-ын удирдлагууд  ирсэн юм.
Зөвлөлгөөний үеэр  Засгийн газрын гишүүдийнхээ ажлын тайланг сонсч, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, намын дотоод амьдрал, санхүүжилт, боловсон хүчний нөөц бололцоо, бусад нам эвслүүдтэй хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцжээ. Мөн  аймаг орон нутагт хэрхэн ажиллах, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн сайжруулах, ямар арга замаар ажиллах тухай орон нутгаас ирсэн төлөөлөгчидтэй ярилцаж нэгдсэн шийдвэрт хүрсэн байна. Эдийн засгийн хямралтай, ард иргэд ядуу амьдарч байгаа өнөөгийн цаг үед улс төрөөр хөөцөлдөхөөсөө илүүтэй ард иргэдэд, орон нутаг, дүүрэгт чиглэсэн олон ажил зохион байгуулах талаар орон нутгаас ирсэн төлөөлөгчид нь сануулжээ. Зөвлөлгөөнд ирсэн аймаг орон нутгийн төлөөлөлөгчид сайд дарга нарыг нэг дор цугласанд олзуурхаж болж бүтэхгүй байгаа ажлыг нь шүүмжилж, цаашид хэрхэн ажиллах талаар саналаа хэлэлцжээ.
Зөвлөлгөөний гишүүн элсүүлэх, гишүүнчлэл сэргээв. Тус намд өнөөдөр МАН-ын Баянгол дүүргийн зарим нэг ИТХ-ын тэргүүлэгч гишүүнчлэлээ сэргээж шинэ гишүүд элсэн оржээ.

Л.ГҮНДСАМБУУ

Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Д.Ганхуяг Бразилд айлчилж байна

 Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад хийж буй айлчлал 2014 оны 6 дугаар сарын 9-нд Бразилийн Гадаад харилцааны сайд Луиз А. Фигуэйрэдотой уулзсанаар эхэллээ.

Дэд сайд Д.Ганхуяг уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Л.Болдын мэндчилгээг уламжлаад Монгол, Бразилийн харилцаанд монголын тал чухал ач холбогдол өгдгийг нотлон хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан санал солилцов. Сайд Л.Фигуэйрэдо хоёр орны харилцааг өргөжүүлэх өргөн бололцоо буйг онцлоод Монгол Улс Бразилд ЭСЯ-аа нээж буй нь харилцаанд шинэ хуудсыг эхлүүллээ хэмээн мэдэгдэв. Талууд 2007 оноос хойш зохион байгуулж ирсэн ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт нь үр дүнтэй механизм болж чадсан гэж дүгнээд улс төрийн яриа хэлэлцээг дээд, өндөр түвшинд ч явуулж байх боломжийг эрэлхийлж ажиллахаар ярилцав.

Үүний дараа Д.Ганхуяг айлчлалын хөтөлбөрийн дагуу Гадаад харилцааны дэд сайд Хосэ А. Г. Лиматай хамтран ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтыг удирдан хийв. Монголын талаас Монгол Улсаас НҮБ-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч, Америк, Африкийн газрын захирал Б.Чулуунхүү нарын ГХЯ-ны төлөөлөгчид, бразилийн талаас тус улсын ГХЯ болон Геологи, уул уурхай, эрдэс боловсруулалтын яам, Спортын яам, Боловсролын яам, Хөдөө аж ахуйн яам, Эрчим хүчний яам, худалдааны байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцсон уг уулзалтаар харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшний ололт амжилтыг дүгнэн цаашид өргөжүүлэн хөгжүүлэх салбар, чиглэл, арга замын талаар санал солилцов.  

Талууд хоёр орны Засгийн газар хооронд байгуулахаар тохирсон спорт, боловсролын салбарт тус тус хамтран ажиллах тухай, хоёр орны бүх төрлийн паспорттай иргэд тодорхой хугацаанд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрүүдийн ач холбогдлыг онцлон ярилцаад Бразилийн хууль, журмын дагуу гарын үсэг зурах эрхийн асуудал шийдэгдмэгц ойрын хугацаанд байгуулахаар тохиров.    

Мөн уул уурхай, хөдөө аж ахуй, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэх үүднээс холбогдох яамд хоорондын хэлхээ холбоог дэмжих, харилцан айлчлал хэрэгжүүлэн туршлага солилцоход бэлэн буйгаа талууд цохон тэмдэглэв. Түүнчлэн олон улсын байгууллагын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалаа улам бататган хамтарч ажиллахаа илэрхийлэв.

Дэд сайдын айлчлал 6 дугаар сарын 10-нд Бразилийн Конгресс дахь Бразил, Монголын бүлгийн удирдлага, гишүүдтэй уулзах, тус улсын Хөдөө аж ахуйн яамны дэргэдэх судалгааны корпорацид зочлох зэргээр үргэлжилнэ. 

Categories
мэдээ улс-төр

С.Ганбаатар Монгол банкны Ерөнхийлөгчийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана

С.Ганбаатар нарын УИХ-ын бие даагч гишүүд УИХ-ын даргад хандаж Монгол
банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг ажилдаа хариуцлаггүй хандсан, мөнгөний
бодлогыг алдаатай хэрэгжүүлсэн учраас огцруулах ёстой гэсэн шаардлагыг
хүргүүлсэн билээ. Харин үүнд УИХ-ын тамгын газраас хууль зүйн тайлбар
хүргүүлжээ. Тодруулбал УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга
Б.Болдбаатарын хүсэлтийн дагуу УИХ-ын хууль эрх зүйн экспертийн
албанаас дүгнэлт гаргаж “Монгол банкны Ерөнхийлөгчийг хуульд заасны
дагуу зөвхөн УИХ-ын дарга чөлөөлөх санал гаргаснаар асуудлыг хэлэлцэх
боломжтой” гэсэн хариуг хүргүүлсэн байна. Ингэснээр Монгол банкны
Ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар
хэлэлцэхгүй болж байгаа юм. Харин С.Ганбаатар гишүүн үүнийг Үндсэн хууль
зөрчсөн гэж үзэж байгаа тул Монгол банкны ерөнхийлөгчтэй холбоотой
асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Шилэн дансны тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан  Шилэн дансны тухай хуулийн төслийг дахин боловсруулсанаа өргөн барилаа.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр /2013-2017/-ийн 2.11-д “Төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн байдлын ил тод “Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлнэ”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 176-р зарлигаар батлагдсан “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг”-т уг хуулийн төслийг боловсруулах зорилтыг дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс Ухаалаг төр лүү” санаачилгыг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 52/32 дугаар зөвлөмжид үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ. Өнөөгийн төсвийн удирдлагын тогтолцоо нь Засгийн газраас шууд хамаардаг, хэт төвлөрсөн шинжтэй бөгөөд орон нутаг дахь засаг, төрийн төлөөлөгч болсон Засаг даргын эрх хэмжээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх хэмжээнээс давж хурлын зүгээс хуульд заасны дагуу хяналт тавих боломж үндсэндээ алдагдсан байна. Иймд хяналтын сул орон зайг нөхөж, иргэний нийгмийн үндсэн нэгж болсон иргэдийн хяналтын тогтолцоог хөхиүлэн дэмжих замаар татвар төлөгч төсвийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн тогтолцоог иж бүрэн бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан байна. Энэхүү хуулийн төслөөр төсвийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх шилэн дансны тогтолцоог бүрдүүлж мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод, иргэдэд ойлгомжтой, шуурхай мэдээлэх замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд цаг тухайд нь олон нийтийн хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөл батлагдсанаар улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарцуулалт, тайлагналт болон өр, зээл, батлан даалт, өмч, хөрөнгийн зарцуулалттай холбоотой шийдвэр, үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ олон нийтэд нээлттэй, ил тод болсноор иргэний хяналтын тогтолцоо бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах төсвийн удирдлагын тогтолцоо бүрдэхэд томоохон нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзэж буйгаа дуулгасан хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар юу хэлэлцэв

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндсэн чиглэлийн төслийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь макро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого, засаглал, эрх зүйн орчин, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 91 бодлогын арга хэмжээтэй бөгөөд эдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, үр дүн, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, бусад хөтөлбөр, бодлогын баримт бичгийн уялдаа болон зорилт, арга хэмжээг хариуцах яам, байгууллагыг мөн тусгажээ. Үндсэн чиглэлийн төсөлтэй холбогдуулан гишүүн санал хэлээгүй учраас санал хураалт явуулж, байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учраас чуулганы хуралдаанд шилжүүллээ.

Үүний даа Уагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хэсэг Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулан тухай УИХ-ын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны 27-р тогтоолын 1 дүгээр хавсралтын 10-т заасан “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж ажлын хэсэг санал оруулсныг УИХ-ын Д.Ганбат танилцуулсан юм.  Ажлын хэсгийн санал буюу Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн саналаар санал хурааж, байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжлээ. Ингэснээр Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн саналтайгаар УИХ-ын чуулганы хуралдаанд төслийг шилжүүллээ. Мөн төслийн нэрийг Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай гэж өөрчлөхийг гишүүд мөн дэмжсэн юм.  

Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хороо Ш.Түвдэндоржийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо хамртран хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилох тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, Засгийн газраас ҮХАА-н сайдад УИХ-ын гишүүн  Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлснийг хамтарсан Байнгын хорооны хуралдааны 22 гишүүнээс 19 нь зөвшөөрч дэвжсэн байна. Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдад нэр дэвшүүлснийг Байнгын хороо дэмжсэн учраас энэ пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар түүнийг томилох асуудлыг хэлэлцэх юм.