Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ш.Түвдэндорж сайд боллоо

УИХ-ын үдээс хойшхи чуулганд 40 гишүүн оролцож, 34 нь зөвшөөрч, 6 нь татгалзаж, 85 хувийн саналаар Ш.Түвдэндорж давхар дээлтэй боллоо. 

Уг нь УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашихгүй байх гэсэн нийгмийн санаа бодолд Ерөнхий сайд Н.Алтанхуяг тун ч ширэн нүүртэй, дүлий чихтэй хандаж байгаа талаар МАН-ынхан өдөржингөө шүүмжилсэн юм. УИХ энэ өдөр 12 асуудлаар хуралдах ёстой байсан ч зөвхөн Засгийн газрын гишүүнийг томилох асуудлаар хуралдсаар өдрийг өнгөрөөсөн. Товчхондоо бол Ш.Түвдэндоржийг томилох эсэх асуудлыг өдөржин хэлэлцэхдээ УИХ дахь МАН-ын гишүүд давхар эрх мэдлийг дан болгох Ерөнхийлөгчийн саналаар бамбай барьж, Ерөнхий сайд  Н.Алтанхуяг Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байхыг хориглоогүй гэдгийг олонтаа  давтав. Н.Алтанхуяг “Хэн нэгнийг буруутгаад яах юм. Раман дотроо яажигнаад асуудлаа шийдье. Ш.Түвдэндоржийг томилоод өгчих л дөө. Энэ хаваржингаа ярьсан юмыг одоо яриад яах юм” гэж хэлж байлаа. Ө.Энхтүвшин гишүүн 2000 гаруй хүний дунд явуулсан судалгаагаар 87  хувь нь давхар эрх мэдлийг дэмжихгүй байгааг дуулгасан. Гэсэн ч Ерөнхий сайд УИХ социологийн судалгааны дүн ярихгүй гэсэн нь сөрөг хүчнийхнийг ихэд бухимдуулав. Сонгуулийн үеэр олон нийтийн санал хамаагүй гэдэг үгээ хэлээрэй хэмээн сүрдүүлсэн дуу хоолой ч сонсогдсон.  Ц.Нямдорж “Сөрөг хүчнээ сонсох тухай ярихаа байг гэхэд та нар өөрсдийгөө ч сонсохоо байсан. Эрүүл дуу хоолойтой гишүүдээ ч сонсохоо байсан. Ерөнхийлөгчөө ч сонсохоо байлаа. Давхар дээлээ тайлахыг дэмжсэн интернетийн санал асуулгын дүнг ч тоохгүй байна. Ш.Түвдэндоржийг томилогдвол Ерөнхийлөгч хориг тавих болов уу гэж найдаж байна. Ингэж та нар Ц.Элбэгдоржийг хүнд байдалд оруулж яах юм” гэсэн юм.  Юутай ч 16,37 цагийн үед Засгийн газрын гишүүнийг томилох асуудал шийдэгдлээ.    

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг Латвийн төрийн тэргүүнд бараалхав

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншид Ерөнхий сайд Н.Алтанхуяг бараалхав. Бараалхах үеэр Ерөнхий сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Латви Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж байгааг дурдаад энэ айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.  

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид эдийн засгийн салбарт тэр дундаа тээвэр ложистикийн салбарт хамтарч ажиллах боломж өргөн байна гэлээ. Бүгд Найрамдах Латви Улс нь далайн боомтууддаа түшиглэн дамжин өнгөрүүлэх транзит тээврийг түлхүү хөгжүүлж байна. Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүнийг Европ руу чиглэсэн өргөн төмөр замаар тээвэрлэн, Латвийн далайн боомтуудаар Европын аль орон руу гаргах боломжтой гэдгээ илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж “Ш.Түвдэндорж уг нь нэрээ бодсон бол дээр байсан юм даа” гэв

Давхар дээлтэй болох гэсэн биш Ш.Түвдэндорж мөн ч их юм дууллаа.   Ц.Нямдорж гишүүн ээлжит хатуу үгээ түүнд хаяглав.  “Нэр хугарахаар яс хугар гэдэг. Ерөнхийлөгч ийм бодолтой. Өмнөх сайд нь тийм байдлаар ажлаа өгсөн байхад Ш.Түвдэндорж уг нь  нэрээ бодоод татгалзах хэрэгтэй байсан юм даа. Мөн ч их дуртай юм даа. Хариуцлагагүйн жагсаалт гаргах юм бол Ш.Түвдэндорж нэгдүгээрт бичигдэх хүн.  Жагсаалтаар орж ирээд, УИХ-д хоёр жил суулаа. Нэг жил харагдаагүй. Х.Баттулга хариуцлагагүй хүн. Ш.Түвдэндорж Х.Баттулгаас долоон дор хариуцлагагүй хүн. АН энэ яаманд яагаад мэргэжлийн хүн тавьж болдоггүй юм бэ. УИХ-аас гадуур энэ яамыг толгойлчих мэргэжлийн хүн Монголд зөндөө л байгаа шүү дээ. Гэтэл мал мэдэхгүй, хөдөө мэдэхгүй, газар тариалан мэдэхгүй хүн оруулж ирэх юм. Монголын өмчийг нэг гэр бүлийн мэдэлд шилжүүлэх нь.  Хотын өмчийн газрыг Ш.Түвдэндоржийн дүү удирддаг. Одоо ҮХАА-ны өмчийг энэ хүнд өгөх нь л дээ. Энэ луйврыг чинь эсэргүүцэхийн дээдээр эсэргүүцэж байна гэж тэр хэлсэн юм. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан гишүүдийн асуулт хариултаар өндөрлөв. Үдээс хойшхи хуралдаан 14:00 цагт эхлэнэ.        

Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуяг итгэл үнэмшлээ илэрхийлэв

УИХ-ын гишүүн  Ш.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар
томилогдох эсэхийг яг одоо УИХ-аар хэлэлцэж байна. УИХ, Засгийн газрын гишүүний
албыг давхардуулан хашихыг болиулах асуудлаар маш их хэлэлцүүлэг дээр доргүй
өрнөсөн. Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийгэмд яваа эсэргүүцэл шүүмжлэлийг үл
хайхран давхар дээлтэй сайд төрүүлэх болсон шалтгаанаа “Миний итгэл үнэмшил”  гэдгээр тайлбарлав.  “УИХ-ийн гишүүнээр бүтэн дөрвөн жил суусан хүн
сайд суувал сайн болно” гэж Н.Алтанхуяг бодож явдаг гэнэ.  Ш.Түвдэндорж сайд байж үзсэн, УИХ-ийн гишүүн
байсан, одоо байгаа учраас Ерөнхий сайдын дээрх энгийн шалгуурыг торохгүй давж
байгаа бололтой. “Давхар эрх мэдлийг дан болгох асуудлыг харин 2016 онд хэн гардаг
юм. Тэр нь анхаарах байлгүй” гэсэн утгатай юм Ерөнхий сайд ярьж байна даа. “Өнөөдрийн
байгаа хуулийн хүрээнд бүгдээрээ байж болох учраас нээлттэй явж байна” гэж
Н.Алтанхуяг ярьсан болохоор УИХ-ын гишүүдэд уг нь бүгдэд нь боломж бий
бололтой.

“Бүх нам эвслийн бүлгүүд давхар дээлийг 
буруу гээд хүлээн зөвшөөрсөн. Тэгсэн мөртлөө буруугаа одоо засахгүй.
2016 оноос засна гээд байгааг ойлгохгүй байгаа”-гаа Ё.Отгонбаяр гишүүн сануулж
байна лээ. Тэрбээр уг нь эр зориг гаргаад давхар дээлнээс татгалзаж чадах уу
гэж нэр дэвшигчээс асуух гэж байсан ч тийм бодолгүй байгаад нь урам хугарчээ.     

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш Монголд айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлалаа эхэлж байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзиншийг угтах ёслол Чингэсийн талбайд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.

Дараа нь  хоёр орны Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээр болон ганцаарчилсан уулзалт хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Андрис Берзинш нар албан ёсны хэлэлцээ хийнэ.

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслол болно.

Өнөөдөр 14.30 цагаас    Латви-Монголын Бизнес форум болно.

Латвийн Ерөнхийлөгч мөн   Занабазарын нэрэмжит  Дүрслэх урлагийн музейд Бүгд Найрамдах Латви Улсын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг нээх ёслолд оролцоно.

Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзинш, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй дугуй ширээний ярилцлага хийнэ.

Мөн “Гандантэгчинлэн” хийдэд зочилохоор төлөвлөсөн аж. 

Categories
мэдээ улс-төр

Ш.Сүхбаатар БНХАУ-ын Гуандун мужид ажиллажээ

Макаотай байгуулсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай Засгийн газар хоорондын  хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх асуудлаар Макаогийн Аюулгүй байдлын газрын удирдлагуудтай тодорхой тохиролцоонд хүрсэн ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар энэ сарын 10-нд БНХАУ-ын Гуандун мужийн Ардын засгийн ордны Гадаад харилцааны газрын дэд дарга Ху Вэйтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

Гуандун муж нь манай өмнөд хөршийн эдийн засгийн гол төв бөгөөд Хятадын эдийн засгийн дөрөвний нэг, төсвийн орлогын долооны нэгийг дангаараа бүрдүүлдэг, 100 сая хүн амтай хүчирхэг муж юм. Энэ мужийн төв Гуанжоу хотод гадаадын 49 орны консулын газрууд ажиллаж байна. Монгол Улс харилцан өсөн нэмэгдэж байгаа худалдаа, эдийн засгийн харилцаа, зорчигчдын урсгалыг харгалзан Гуанжоу хотод консулын төлөөлөл нээх боломжийг судалж байгаа бөгөөд энэ хүрээнд Ш.Сүхбаатар захирал Дэд дарга Ху Вэйтэй тодорхой асуудлуудаар санал солилцлоо.

Консулын газрын захирал Гуандун мужид ажиллах үеэрээ тус мужийн эмэгтэйчүүдийн төв хорих болон БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн Стэнли хорих газарт ял эдэлж байгаа иргэдтэйгээ уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна.

Categories
мэдээ улс-төр

Шуудангийн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлнө гэв

Боомтын захиргааны дарга Л.Гүндалай, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат нар өнөөдөр “11-11” төвд ажиллаж, иргэдийн асуултад хариуллаа. Энэ үеэр шууд утас болон цахимаар 2500 иргэн холбогджээ. 

Хилийн боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах, байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, ерөнхий зохицуулалтаар хангах үүрэг бүхий Боомтын нэгдсэн захиргааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулснаас хойш хоёр сар болж байна. Монгол Улс  42 хилийн боомттой бөгөөд гааль, мэргэжлийн хяналт, хилийн цэргийн үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, боомтоор нэвтэрч буй иргэдэд дэлхийн түвшинд хүрэхүйц  үйлчилгээг үзүүлж, цаашдаа эдийн засгийн чөлөөт бүс болгоход үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана гэж тус захиргааны дарга Л.Гүндалай хэллээ.

Гадаадад амьдарч буй иргэд гэрийнхэндээ шуудангаар илгээмж илгээхэд гаалийн татвараас хөнгөлөх асуудлыг хуулийн төсөл боловсруулж ирэх намрын чуулганаар УИХ-д оруулахаар бэлдэж байгаа гэнэ.

Гааль нь улсын хилээр орж гарч байгаа ачаа бараанд гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт тавьдаг байгууллага.

Гаалийн хуулиуд шинэчлэгдэж байгаа. Энэхүү шинэчлэлийн үзэл баримтлал нь дэлхийн гаалийн байгууллагын бусад конвенц, үзэл санаа, “21 дүгээр зууны гааль” гэх  олон улсын хуультай нийцэж гарах нь ээ. Уг хуулиар хууль ёсны худалдааг дэмжихээс илүү хөнгөвчлөх, аль болох биет үзлэгээс ангид цахимжуулсан, эрсдлийн удирдлагын гол хэрэгсэл болсон рентген аппарат, эрэлч нохойн үзлэгийг хөгжүүлэх замаар  шуурхай, аюулгүй үйл ажиллагаа явуулахад анхаарах ажээ. Бид “Төрийн итгэлийг иргэддээ өгнө. Итгэл эвдсэн бол өндөр хариуцлага хүлээх ёстой” гэдэг зарчмаар ажиллаж байна гэж ГЕГ-ын дарга хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Сайд А.Гансүхийг твиттерээр гүтгэсэн нь тогтоогджээ

Цахим ертөнцөд хэн нэгэн нөгөөгөө гүтгэн доромжлох нь хэвийн үзэгдэл болоод байна. Өнгөрөгч оны 10 дугаар сарын 23-нд Зам, тээврийн сайд А.Гансүхийг иргэн Л.Даваапил “Самсунг” компанитай Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, 3.6 тэрбум төгрөг завшсан гэх утга бүхий мэдээллийг твиттер хуудсаар дамжуулан тараасан билээ. Энэхүү гүтгэлгийн хариуд Зам, тээврийн сайд А.Гансүх ямар нэгэн луйвар хийгээгүй гэдгээ мэдэгдэж, АТГ-т өөрийгөө шалгуулахаар хандаад байсан юм. АТГ-аас хэргийг шалгаж, “БНСУ-ын “Самсунг” компанитай Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа А.Гансүхийг албан тушаал, эрх мэдлээ ашиглаагүй, хөрөнгө мөнгө завшсан гэх үндэслэл тогтоогдоогүй” болохыг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. 

А.Гансүх өөрийг нь гүтгэсэн Л.Даваапилийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад прокурорт шилжүүлж, прокуророос 2014 оны 04 дүгээр сард яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн юм.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дээрх эрүүгийн хэргийг хэлэлцээд 650 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Даваапилийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан гэмт хэрэг үйлдсэн буруутай болохыг тогтоосон байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчдийг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх  заалтыг тус тус үндэслэн зарлиг буулгаж, дараах хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо.

Уг зарлигт, Жамсранжавын Эрдэнэчимэгийг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Буянтогтохын Сугиржавыг Захиргааны хэргийн анхан шатны 9 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Гончигсумын Сарантуяаг Сум дундын 22 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Лхүндэвийн Наранбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Пандийн Долгормааг Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Бадамдоржийн Ариунбаярыг Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Буурайн Баттөрийг Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Пунцагийн Золзаяаг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Нодын Болормааг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Тогооборын Бямбажавыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Лувсаншаравын Даваасүрэнг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд; Бямбаагийн Мөнхтуяаг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус томилов.

Ерөнхий шүүгчдийг томилон, үнэмлэх гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Шүүгчээр ажиллаж буй хүний хамгийн эрхэм үүрэг бол хүний эрх, эрх чөлөөг ханган хамгаалах баталгаа байх ёстой, хуулийн дагуу, хараат бусаар, ёс зүйтэй шударга шийдвэр гаргах нь хүний эрхийг хамгаалах гол зарчим юм” хэмээв.

Categories
мэдээ улс-төр

Галт зэвсгийн хуулийн төслийг долоо хоногийн дараа хэлэлцэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдав. Уг хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг долоо хоногоор хойшлуулах шийдвэр гаргалаа.

Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаснаар автомат болон хагас автомат бууг ангийн зориулалтаар ашиглахыг бүрмөсөн хориглож байгаа юм байна. Ийм заалт оруулсан нь энэ төрлийн буугаар ан хийх нь ан биш хядлага болж хувирч буйтай холбоотой гэнэ. Нөгөө талдаа бууны зохицуулалтыг нарийвчлах шаардлага үүсч байгаа ажээ.

Холбогдох газраас гаргасан судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 46 мянга гаруй буу бүртгэлтэй байдгаас 5000 орчим нь автомат болон хагас автомат бууны төрөлд хамаардаг аж.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар “Ан хийх зориулалтаар худалдан авсан галт зэвсгийг ашиглахыг хориглох нь нэг талдаа хүний хувийн өмчид халдсан үйлдэл болж хувирах гээд байна. Нэгэнтээ хэрэглээг нь хязгаарлаж байгаа бол төрөөс нөхөн төлбөр олгодог ч юм уу, тэр талын зохицуулалт шаардлагатай” гэв.

Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Төсөв хүндрэлтэй байгаа үед татвар төлөгчдийн мөнгөөр буунд нөхөн төлбөр олгох нь зохисгүй. Түүний оронд татварыг нь нэмж, зохицуулах арга байна гэлээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат “Татвар нэмж иргэдээ дарамталж болохгүй. Нэгэнтээ судалгаагаар 5000 орчим автомат болон хагас автомат буу байгаа нь тодорхой болсон тул энэ төрлийн бууг импортоор оруулж ирэхийг хориглох хэрэгтэй” гэсэн.

Эцэст нь Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажлын хэсэг дахин ажиллаж, шийдлийг олон Хууль зүйн байнгын хороо эл асуудлыг дахиж хэлэлцэхээр болсон юм. Хэлэлцүүлгийн хугацааг долоо хоногоор хойшлуулаад байна. Энэ хооронд УИХ-ын гишүүд дунд галт зэвсгийн талаарх мэдээллийг өгөх шаардлага бас үүсч байна гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэллээ.